Categories
мэдээ нийгэм

Иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин түшээдэд дахин сонгогдох нүүр үлдсэн үү

Монгол Улс үйлдвэрлэлд суурилж хөгжинө гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас жижиг, дунд үйлдвэрлэлд олгох зээлийн санхүүжилт олон бизнес эрхлэгчийн хувьд “амь тариа”-тай дүйцэхүйц үнэ цэнэтэй байдаг. Уг санхүүжилтийг авч чадаагүйгээс болж үйл ажиллагаа нь зогсож, мөрөөдөл нь замхран алга болсон тохиолдол тоймгүй. Ийм шалтгаанаар олон иргэн үйлдвэрлэл эрхэлж бизнесээ тэлэх мөрөөдлөө орхиход хүрсэн юм. Энэ УИХ-ын өнгөнд төрийн түшээд нь иргэдийнхээ энэ боломжийг сийх ч үгүй хулгайлж байсан нь илрээд байна. Төрийн хөрөнгийг төрийн түшээд өөрсдийн бизнесээ “угжихад” зориулсанд иргэд өнөөг хүртэл бухимдаж буй. Уг үйлдлээр нь тэд чухам ард түмний сайн сайхны төлөө зүтгэх гэж улс төрд орсон уу, эсвэл халаасаа түнтийлгэж, бусдын боломжийг хулгайлах гэж энэ төрийг гишгүүрээ болгож байна уу гэсэн асуултад үнэлэлт дүгнэлт өгөхөд ядах юм алга. Ард түмний боломжийг хулгайлчихаад шударга ёс, хөгжил, үйлдвэрлэлийн тухай ичих ч үгүй яриад суугаа ЖДҮ-чин гишүүдэд олон нийт итгэхээ болиод удаж байна. Иргэдийнхээ боломжийг хулгайлж, ЖДҮДС-гаас зээл хүртсэн түшээ нарын нэг бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан. Дарханаас сонгогдсон гэдгээр нь олон нийт энэ эрхмийг андахгүй. Үнэн хэрэгтээ энэ мэт хүмүүст төрийн түшээ хэмээх үг гоёдоно.

Анх эрх баригч намын голдуу төрийн түшээд, албан тушаалтнууд, намын ажилтнууд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой байсан зээлийн хөрөнгийг өөрсдөдөө авцгаасан гэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэл 2018 оны зун Авлигатай тэмцэх газарт ирж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн билээ. Улмаар тус оны арваннэгдүгээр сард олон нийтэд ил болж байв. Уг хэргийг шалгах явцад хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр холбогдсон ч АТГ, прокурорын байгууллагаас бараг 30 гаруй гишүүний асуудлыг нягталж шалгаад “…гэмт хэргийн шинжгүй” хэмээн хаасан. Уг нь зөвхөн ёс суртахууны ноцтой зөрчил гаргасныхаа төлөө ЖДҮ-чин “түшээд” улс төрөөс сайн дураар холдох учиртай. Гэтэл удахгүй болох УИХ-ын сонгуульд өнөөх ЖДҮ-чин гишүүд дахин нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад эхэлчихэж. Бас юу ч болоогүй юм шиг, бараг л ард түмэн андуурч эндүүрч ойлгон тэднийг хэлмэгдүүлсэн мэтээр ааш үзүүлэх болсонд олон нийт дургүйцэж байна.

Хоёр, гурав хоноод нэг шуугианыг магтдаг сэтгэл зүй сошиалд давамгайлсан энэ үед иргэдийнхээ боломжийг хулгайлж, улсынхаа хөгжихөд саад болсон ЖДҮ-чин гишүүдийн хэрэг явдлыг нэхэн сануулахад буруудах зүйл байхгүй. ЖДҮ-гийн хэрэг анх мандахад нэр холбогдсон гишүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэлгэсэн мэдээллийг илтэд үгүйсгэж байлаа. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Жавхлан юм. Дарханы олон мянган иргэний төлөөлөл болж сонгогдсон эрхэм “түшээ” маань “Примеринвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-иар 800 сая төгрөг тус тус авсан гэх мэдээлэл байсан юм. Харин тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд “…Өчигдрөөс эхлэн твиттер, фэйсбүүк, хэдэн сайтаар зохион байгуулалттайгаар надтай холбоотой мэдээлэл явууллаа. Харамсалтай юм болж байна. Миний нэр холбогдоод байгаа “Примеринвестмент групп” компанид хүсэлт тавьж, өчигдөр уулзлаа. Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. Төрөөс явуулж буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан. Ингэхдээ “Долоон болдог” ХХК-ийн 25 хувийн оролцоотой байжээ. Харин жилийн дараа “Долоон болдог” ХХК-иас хамааралгүй болсон юм байна. Миний хувьд 2010-2015 онуудад “Долоон болдог” ХХК-ийн бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа “Примеринвестмент групп” компанитай холбоогүй” гэж байв. Тухайн үед тэрбээр “Жеттемайнинг” ХХК-ийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан ХХААХҮ-ийн сайд, ЖДҮХС-гийн захирал нарт нөлөө үзүүлж дээрх хоёр компанид хүссэн мөнгийг нь “зээлж” өгсөн нь үнэн гэдэг нь сүүлд тодорхой болсон байдаг. Тэрбээр “Примеринвестмент групп” ХХК, “Жеттемайнинг” ХХК-иудад зээл олгуулахын тулд Б.Батзориг сайдаар дамжуулж болон өөрөө шууд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж хэлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед онцлон мэдээлж байсан билээ. ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг болон Б.Жавхлан нар эртний танилууд гэдгийг ч ойр тойрных нь хүмүүс хэлдэг. Тодруулбал, С.Төгсбилэг нь 2002 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн дээд сургуулийг төгсөж, төрийн байгууллагад ажиллаж байгаад 2005-2007 онд АНУ-ын Калифорни мужийн Олон улсын их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мастерт суралцаж төгссөн байна. Энэ үеэр Б.Жавхлан гишүүнтэй танилцжээ. Б.Жавхлан 2007-2010 онд АНУ-д байж Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, Индианагийн их сургууль төгссөн гэнэ. Ийн харилцаа холбоотой явсаар Б.Жавхлан гишүүн С.Төгсбилэгийг ЖДҮХС-гийн захирлаар “шургуулж” чадсан гэх мэдээллийг хэвлэлийн хуудаснаас харж болно.

С.НАРАНБИЛЭГ

Categories
мэдээ нийгэм

U-Money картын урамшуулалт хөтөлбөрөөс нийт 26 азтан тодорчээ

“Улаанбаатар смарт карт” компани таван жилийнхээ ойн хүрээнд “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийг зарласан билээ. Сар бүр ухаалаг картаараа төлбөрөө төлж, нийтийн тээврээр 10 ба түүнээс удаа зорчсон иргэд оролцох боломжтой энэхүү хөтөлбөрийн эхний азтнууд өчигдөр тодорсон байна.

Энэ удаагийн тохирлоор

  • 2 сая төгрөгийн 1 азтан
  • 500,000 төгрөгийн 6 азтан
  • Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын 19 азтан тус тус тодорчээ.

Азтан болсон эсэхээ мэдэхийн тулд uramshuulal.u-money.mn сайтаас картын дугаараа шалгах боломжтой.

Сануулахад, азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм.

Урамшуулалт хөтөлбөрийн азтнууд 7015-1289, 9969-3440 утсаар холбогдох болон Улаанбаатар смарт карт компанийн төв байранд иргэний үнэмлэх, u-money картын хамт очих хэрэгтэйг “Улаанбаатар смарт карт” ХХК-аас мэдээллээ.

Түүнчлэн u-money.mn сайт болон u-money аппликейшн татан хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх шаардлагатайг онцлов.

“Ёндоотой карт” хөтөлбөрийн дараагийн тохирол гуравдугаар сарын 11-ний өдөр “UBS” телевиз болон Фэйсбүүкийн “Улаанбаатар Смарт Карт” хуудсаар 18:50 минутаас ШУУД дамжуулагдана.

Categories
гадаад мэдээ

Эрдоган, Путин нар утсаар холбогдов

Туркийн талын санаачилгаар Орос, Туркийн удирдагчид утсаар холбогджээ. В.Путин, Режеп Тайип Эрдоган нар Сирийн хямралыг зохицуулах, Идлиб дэх хурцадмал байдлыг намжаах асуудлаар санал бодлоо солилцсон байна. Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган энэ үеэр Сирийн төрийн тэргүүн Б.Асадад шахалт үзүүлэх хүсэлтийг В.Путинд тавьсан гэнэ. Сирийн Идлиб мужид саяхан болсон буудалцааны үеэр турк цэргүүд амиа алдсан бөгөөд уг асуудлыг ч талууд хөнджээ. Хоёр орны удирдагчид мөн Украины зүүн хязгаар болох Донбасс дахь нөхцөл байдлын талаар ярилцах үедээ Минскийн гэрээний хэрэгжилтийг хөндсөн аж.

Categories
мэдээ нийгэм

Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй автобус компаниудад хариуцлага тооцно

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Тэгвэл ажлын хэсэг өчигдөр “Тэнүүн Огоо” ХХК-ийн автобус баазад очиж ээлжнээсээ буусан автобусуудын цэвэрлэгээ үйлчилгээний явцыг шалгалаа.

Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Тэнүүн Огоо” ХХК-аас нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй аютобусуудаа мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн компаниар шат дараатай ариутгалыг хийлгэж, олон жилийн хир тортог үүссэн хэсгүүдийг иж бүрэн цэвэрлэгээнд оруулах ажлуудыг хийж байна. Мэргэжлийн ариутгалын компани нь “Эко Жэт” аппаратаар нэг автобусыг 40 секундэд бүрэн ариутгаж, халдваргүйжүүлж байна. Ажлын хэсгээс суудлын бүрээсүүдийг тогтмол угаалгах, шаардлага хангахгүй бүрээсүүдийг солиулах чиглэлийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.

Шалгалтын үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийтийн тээвэр бол маш том дэд бүтцийн салбар юм. Энгийн үед өдөртөө 600 гаруй мянган зорчигчийг давтагдсан тоогоор тээвэрлэдэг байсан бол карантины үед 358 мянган зорчигчдод тогтмол үйлчилж байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр бол нэг дор олон хүнийг тээвэрлэдэг халдвар тархах магадлалтай хамгийн эрсдэлтэй тээврийн хэрэгсэл, оройн зай. Тиймээс бид анхаарал сэрэмжээ алдалгүй тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах тал дээр тогтмол үүрэг, чиглэл өгч хяналтаа тавьж ажиллаж байна.

Нийтийн тээврүүдэд халдвараас урьдчила сэргийлэх зөвлөмжүүд тавигдаж эхэлсэн. Нийтийн тээврээр зорчиж буй бүх иргэд амны хаалт тогтмол хэрэглэх, бусдадаа шаардлага тавьдаг болсон байна. Нийслэлээс ажлын хэсэг автобус компаниудын эх авалтууд дээр нь очиж ариутгал, цэвэрлэгээг шалгах, өдрийн цагаар тогтмол явцын хяналтуудыг хийж байна. Ийм онц дэглэм тогтоосон үед бид нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдэд зүй ёсны шаардлагуудаа тогтмол тавина. Хэрэв хэрэгжилт хангалтгүй, иргэдээс холбогдох гомдол санал ирсэн тохиолдолд тухайн байгууллагад хариуцлага тооцох болно” гэлээ.

Өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 13-аас эхлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлж байна. Тиймээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэн, тогтмол зөвлөмж өгч ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НТҮГ, НМХГ, ЗАА –д үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах худалдан, борлуулах цэгүүдэд хяналт, шалгалт явуулж байна

Нөөцийн мах худалдан, борлуулах цэгүүдэд хяналт, шалгалт явуулж байна

Сүхбаатар дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулах дэлгүүрүүдийн бэлтгэл ажлыг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Энэ нь хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, махны үнийг тогтворжуулах иргэдийн энэ хаврын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг худалдан борлуулах бэлтгэл ажил юм.

Дүүргийн хэмжээнд 38 цэгээр нөөцийн махыг борлуулахаар аж ахуйн, нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Мөн энэ үеэр халдварт өвчнөөс урьдчилэн сэргийлэх, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх, ажилтнуудад амны хаалт зүүж, гараа тогтмол ариутгаж ажиллах талаар зөвлөгөө өглөө.

Categories
гадаад мэдээ

Шинэ төрлийн титэм вирусийг COVID-2019 гэж нэрлэнэ

Хятад улсад анх дэгдэж, одоо олон орныг хамраад буй шинэ төрлийн титэм вирусийг COVID-2019 хэмээн нэрлэх болсноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсоор зарлажээ.

Тухайлбал, CO гэдэг нь корона буюу титэм, VI- вирус, D нь өвчин гэсэн үгний товчлол юм байна. Тус байгууллагын онцолсноор уг вирусийн эсрэг вакциныг гаргахад 18 сарын хугацаа шаардлагатай гэнэ. Энэ талаар ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Вирус нь ямар ч террорист халдлагаас илүү улс төр, нийгэм, эдийн засагт хохирол учруулах хүчтэй зүйл юм.

Энэ бол хүмүүсийн төсөөлж чадах хамгийн аюултай дайсан юм” гэж онцолжээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр шинэ төрлийн титэм вирусийн халдвараар 1112 хүн амиа алдаад байна. Мөн уг халдварын 44794 тохиолдол бүртгэгдсэн бол 4657 өвчтөн эдгэрчээ. Хятад судлаачид вирусийн тархалтын оргил үе нь хоёрдугаар сарын сүүл, харин дөрөвдүгээр сар гэхэд өвчин аюулгүй болно гэсэн тооцоог гаргаад буй. Үүнтэй зэрэгцэн титэм вирусийн тархалттай холбогдуулан АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” компани Хятад улс руу хийх бүх нислэгээ дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл цуцлахаа мэдэгдлээ. Тус компани Хонконг, Бээжин, Шанхай хот руу тогтмол нислэг үйлддэг аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд нэг удаагийн амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж эхэллээ

Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн зургаад аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалтын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгчээ.

Энэ дагуу Дархан-Уул аймгийн хүн амын урсгал ихтэй газруудаар үйлчлүүлж байгаа амны хаалтгүй иргэдэд үнэ төлбөргүй нэг удаагийн маскийг тараасан байна. Тус ажил 10 хоног үргэлжлэх бөгөөд өдөрт 1000 ширхэг амны хаалтыг хүн амын төвлөрөл ихтэй газруудад тараах ажээ. Нийтдээ 10 хоногийн хугацаанд 10 мянган ширхэг амны хаалтыг тараана.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар болзошгүй гамшгийн үед түр цугларах, газрын байршлын тоог нэмж 193 болгосон. Энд зөвхөн дадлага сургуулилт хийгдэх болно гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй тайлбарласан юм.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад 175 кг түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илэрүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил мэдээллээ. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Шинэ коронавирус өвчлөлд сүүлийн 24 цагийн дотор шинэ тохиолдол бүртгэгдсэн улс орон алга. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг албан ёсоор мэдэгдье. Гадаад улс орноор дамжин орж ирсэн иргэдийн ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт судалгаа хийж байгаа. Шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа иргэдийн биеийн байдал хэвийн” хэмээн хэллээ.
Цахим орчинд худал мэдээлэл тарааж нийгэмд эмх замбараагүй үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалжтай, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа.

Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс нууцаар хуралдсан гэх асуудлаар сэтгүүлчид хандаж байна. Хуралдааны талаар нийслэлийн мэдээ пэйж хуудсаар шууд мэдээлсэн та бүхэн үзэж болно. Цаашид худал мэдээ мэдээлэл тарааж, нийгэмд зориуд эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдэд Зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээ авахыг сануулж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх мэдээллийг нээлттэй өгнө” гэлээ.

Түүнчлэн шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг албаныхан уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

ЕТГ-ын дарга З.Энхболд: Сонгуулийн ажилд ямар нэг байдлаар оролцоно

ЕТГ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ЕТГ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгч байгаа аж. “Янз бүрийн цуурхал гарч байна. Сонгууль гурван сарын дараа болно. Кампанит ажилдаа орно. С.Эрдэнэ даргын ахлах зөвлөх болсон. Сонгуулийн ажилд ямар нэг байдлаар оролцоно. Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа хэмээн мэдээллийнхээ эхэнд дурдаад сэтгүүлчдийн асуултад харилав.

-НДС-гийн мөнгийг байршуулж байсан Капитал банк дампуурч, үүнтэй холбоотой зарим эрхмүүдийг шалгаж байгаа. Энэ талаар?

-НДС-гийн мөнгө хэний үед алга болсноор нь шалгах хэрэгтэй. Капитал банкинд өмнө нь байршуулсан мөнгө өсч байсан. НДЕГ-ын дарга байсан н.Уртнасан, ХНХ-ын сайд байсан Н.Номтойбаяр нарын үед Капитал банк доголдоогүй. Харин 2019 онд ХНХ-ын сайд С.Чинзоригийн үед энэ банк дампуурч, НДС-гийн мөнгө алга боллоо. 2016 онд, 2018 онд энэ банкны үйл ажиллагаа хэвийн байсан. Тиймээс ХНХ-ын сайд С.Чинзоригтой асуудлыг ярих хэрэгтэй хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж

БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ коронавирусын (“2019-nCoV) халдвар дэлхийн олон оронд бүртгэгдэж, ДЭМБ-аас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэнийг зарлан сэрэмжлүүлсэн.

Шинэ коронавирусын халдвар, уушгины хатгалгаа өвчин нь хурдацтай тархаж байгаа бөгөөд манай оронд уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч тус улстай хил залгаа орны хувьд халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй байна.

Иймд иргэн, гэр бүлд зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Нийт ард, иргэдэд өгөх зөвлөмж:

  • Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх.
  • Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/.
  • Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх.
  • Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх. Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай.
  • Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх.
  • Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх.
  • Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах.
  • Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна.
  • Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх.
  • Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах.
  • Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух.
  • Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах.
  • Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх.
  • Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих, халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх.
  • Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх.
  • Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах.
  • Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах.
  • Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх.
  • Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх.
  • Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.