Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ

Онцгой байдлын ерөнхий газраас Хил хамгаалахын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-аас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, ЗГХЭГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэтврүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж, ЦЕГ-ын Албаны дарга, хурандаа Ж.Амгалан, ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг нар оролцож, мэдээлэл өглөө.

Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ кронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээдүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар бөгөөд Улсын Онцгой комиссын даргын баталсан удирдамжийг танилцууллаа.

Удирдамжинд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох, Гамшгаас хамгаалах, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх, цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох, хүнс, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх, баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээ авах, амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл асарсан эх, эцэг, асран хамгаалагчид 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор тусгасан байна.

ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэтврүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж “Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр хилийн боомтуудаар Хятадын тал руу нүүрс тээвэрлэхийг зогсоосон. Зөвхөн Гашуунсухайт боомтоор зэсийн баяжмал нэвтэрч байна. Монгол Улсын иргэд Зам-Үүд төмөр замын боомтоор Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатарын гал тэргээр нэвтэрч байгаа. Хил хаасан, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийг бүрэн зогссон гэж ойлгож болохгүй. Төмөр замын ачаа эргэлт, тээвэрлэлт хэвийн явагдаж байна” гэлээ.

ЦЕГ-ын Албаны дарга, хурандаа Ж.Амгалан “Шинэ коронавирус Монголд ирж ирсэн гэсэн худлаа мэдээлэл, цуурхалд иргэдийг итгэхгүй байхыг анхааруулж байна. Ард түмнийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан, нийгмийг бухимдалд оруулж, худлаа мэдээлэл тарааж байгаа иргэдийг олж, илрүүлэн, Цагдаагийн байгууллага шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.7-д заасны дагуу мэдээллийг үнэн зөв өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс эх сурвалжтай мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй байна” хэмээлээ.

Засгийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдрөөс эхлээд цагаан сарын баярыг тэмдэглэхийг уриалсан реклам, зар сурталчилгааг зогсоосон. Хүнсний захуудыг хаагаагүй, орон нутгийн замыг хаах, хязгаарлах шийдвэр гараагүй байна. Тийм болохоор хүнсний хомсдол үүсэх, үнийн хөөрөгдлийг бий болгосон худал мэдээлэл итгэхгүй байх хэрэгтэй байна. Төр, засгаас цаг алдалгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс өөрийгөө болон бусдыг хамгаалах урьдчилан сэргйилэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалж байна” гэлээ.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Манай байгууллагаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бараа, бүтээгдэхүүнд зохиомол хомсдол үүсэхгүй байх, өөрсдөө худалдан борлуулах борлуулагч нар бүтээгдэхүүнээ зохиомлоор борлуулахыг хязгаарлах тал дээр хяналт тавьж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд зах, худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн худалдагч нартай уулзалт хийж, импортын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн хомсдолоос сэргийлж 1450 ширхэг амны хаалт оёжээ

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс дотоод нөөц бололцоогоо ашиглан нийт эмч, сувилагч, жолооч, эмнэлгийн ажилчдын амны хаалтны хэрэгцээг нэмэлтээр хангах, хомсдолоос урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах зорилгоор 1450 ширхэг амны хаалт оёжээ.

Нэг удаагийн амны хаалтыг бодвол, харьцангуй зузаавтар бөгөөд нимгэн марлиар доторлосон нь цан цохиж чийгтэхгүй давуу талтай аж. Мөн нарийн резинэн оосортой, ариутгал халдваргүйтгэл хийсэн уг амны хаалтыг угааж ариутган, дахин хэрэглэх боломжтой юм байна.

Материалын өртөг нь 426,900 төгрөг буюу нэг амны хаалт 295 төгрөгөөр хийгджээ. Уг үйл ажиллагаанд ажлын ачааллыг нь харгалзан үзэж эмийн санч, сувилагч зэрэг нийт 15 ажилтанг ажлын цагаар нэмэлтээр ажиллуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Байгаль орчинд ээлтэй бүрэн автоматчилагдсан шинэ технологи бүхий авто зогсоол байгуулах төслийн танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.

Төхөөрөмж бүхий автоматчилагдсан авто зогсоолын хамгийн том давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи бүхий хотын өнгө үзэмж, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй, ногоон орчин хосолсон шийдэл байх аж. Өнөөдрийн байдлаар нийслэлд төхөөрөмж бүхий автоматчилагдсан давхар авто зогсоолыг байгуулах шаардлагатай 84 байршил байна.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, авто зогсоол байгуулах төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлээд тооцоо, судалгаагаа илүү нягтлан дахин зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Дараа нь хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн 2020 оны сургалтын төлөвлөгөөний танилцуулгыг Сургалт, судалгааны төвийн захирал М.Одмаа хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг үе шаттай, системтэй сургах үйл ажиллагаа Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Азийн сан, нийслэлийн ЗДТГ-ын хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд 2017 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 5900 гаруй албан хаагчийг сургалтад хамруулаад байна. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд албан хаагчдын сургалтын хэрэгцээнд үндэслэн, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ амжилттай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой үндсэн болон чиглэлийн 18 төрлийн сургалтын агуулга, гарын авлагыг Удирдлагын академи, Монгол Улсын Боловсролын Их сургууль болон бусад сургалт, судалгааны байгууллагууд, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран боловсрууллаа” гэж танилцуулгадаа онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ сургалт, судалгааны төв Нийслэлийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд гол амин судас нь болсон газар байх ёстой. Хариуцсан албан хаагчид төвийн үйл ажиллагаагаа илүү чадавхжуулахад анхаарч ажилла. Бүтээлч, санаачлагатай мэргэжилтнийг бий болгохын тулд юуг анхаарах шаардлагатай гэдгийг сургалтандаа тусгах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, төлөвшлийг тусгасан сургалтууд орох нь зүйтэй” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

“Алсын хараа-2050”-ийг улс төрийн намуудын дарга нарт гардууллаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Шинэ нам, БНН зэрэг улс төрийн 10 гаруй намын дарга, удирдлагуудад өнөөдөр гардуулан өглөө.

“Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улстөрийн намуудын дарга нарт дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хамгийн гол нь өнгөрсөн 30 жилийн алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо ирэх 30 жилд бататгах нь чухал гэсэн юм. Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг, төсөл зэргүүд нь бодитой хэрэгжиж чадаагүй гол шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал, улс төрийн намууд нь ойлголцож улс орны хэмжээний бодлогын баримт бичгүүдээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой гэдгийг тэрбээр онцолсон. Тиймээс улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намчирхалгүйгээр хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болсныг тодотгоод энэхүү бодлогын баримт бичгийн төсөлд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй ирүүлж, хамтарч ажиллахыг уриаллаа.

АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ намын дарга Ж.Батзандан нар энэхүү бодлогын баримт бичгийн төслийг батлагдах хүртэл ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахаа илэрхийлж үг хэлсэн бөгөөд энэхүү урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулсан Засгийн газар, эрдэмтэн, судлаачид, ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал илэрхийлсэн юм.

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, ЗГ-ын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн найман сарын турш хамтран ажилласан юм.

Тус бодлогын баримт бичгийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт өнгөрсөн сард өргөн барьсан бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа юм. Харин үүнээс өмнө иргэдийн дунд болон улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүдээр төслийг хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгуулахаар ажиллаж буй.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн. “Алсын хараа-2050”-ийн бодлогын гол цөм нь “Монгол хүн” байж хөгжлийн бодлогын зорилго бүр нь Монгол хүний сайн, сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Сүүлийн 40-50 жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөн Япон, БНСУ, Сингапур, Тайвань зэрэг улс хөгжлийн тодорхой шатанд улс орныхоо хэмжээнд төрөөс маш сайн уялдуулан зохицуулсан төлөвлөлт хийж хөгжлийн бодлогоо 4-5, түүнээс дээш жилийн хугацаагаар төлөвлөн амжилттай хэрэгжүүлж чадсан нь богино хугацаанд эрс хурдтай хөгжилд хүргэх чухал хөшүүрэг болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Халууныг хэмжих, амны хаалт зүүхийг шаардахыг үүрэг болгожээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өнөөдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт үүрэг даалгавар өглөө.

Шүүхээр үйлчлүүлж буй иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шүүхийн байранд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, агааржуулалт цэвэрлэгээг тогтмол хийж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад амны хаалт зүүлгэж хэвшихийг даалгав.

Мөн шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг хэмжих, амны хаалт зүүхийг шаардахыг үүрэг болгожээ.

Categories
гадаад мэдээ

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал цуцлах, хойшлуулах эсэх нь тодорхой бус байгаа аж

Уламжлалт ёсоор жил бүрийн гуравдугаар сард Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болдог. Тус улсын нийслэл Бээжин хотноо давхарга бүрийн төлөөлөл болох 3000 депутат цуглардаг билээ. Харин энэ удаад коронаровирусийн дэгдэлттэй холбоотойгоор хурлыг цуцлах, хойшлуулах эсэх нь тодорхой бус байгаа аж. Тодруулбал, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр энэхүү хурлыг тавдугаар сар, эсвэл халдварын тархалт зогсох хүртэл хойшлуулж магадгүй гэжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл байгууллага, ААН-ийн “Эцэг эхийн зөвлөл”-д хүргэх зөвлөмж

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл байгууллага, ААН-ийн "Эцэг эхийн зөвлөл"-д хүргэх зөвлөмж

Шинэ төрлийн Коронавирус дэгдсэнтэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосонтой холбогдуулан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны гуравдугаар тогтоолын хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллага, аж ахуй нэгжийн “Эцэг эхийн зөвлөл”-үүддээ хандаж, байгууллагын албан хаагчдын гэр бүл, үр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахад үүрэг, хариуцлагаа хамтдаа биелүүлж, санаачилга гарган ажиллах чиглэлээр дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Бага насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг хүүхдээ харж, асрах боломжоор хангаж, цалинтай чөлөө, ажлын цагийг хорогдуулах, цахимаар ажлаа хийх зэрэг байгууллагын удирдлагын шийдвэр гаргаж, санаачилгыг хамт олноороо дэмжин, хэрэгжилтийг ханган ажиллах.
  2. Ажилтан, албан хаагчдын гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн дараах зөвлөмжийг тогтмол өгч, хэрэгжүүлэн ажиллах
  3. Хүүхэд халуурсан, өвчний шинж тэмдэг илэрвэл түргэн шуурхай эмнэлэгт хандах
  4. Гэртээ тогтмол халдваргүйжүүлэлт хийх
  5. Амин дэмээр баялаг хоол хүнсээр хангаж, хувийн ариун цэврийг сахих дадал хэвшилд суралцахад эцэг, эхчүүд өөрсдөө манлайлах.
  6. Хүүхдийн чөлөөт цагийг хамтдаа үр дүнтэй, бүтээлч байдлаар өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлж, нас сэтгэхүйн хөгжил, хувийн онцлогт тохирсон даалгавар өгөх, ном уншуулах, уламжлалт зан заншил, тоглоом наадгайгаар тоглох, дотно харилцах, ярилцах, асуудлыг хамтдаа шийдвэрлэх.
  7. Хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй, дааруулахгүй байх.
  8. Гэртээ хүүхдийг харж хандах хүнгүй орхихгүй байх
  9. Гэр орондоо цахилгааны болон дулааны шугам сүлжээний гэмтэл байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, шалгаж, ил газар байршуулахгүй байхад онцгой анхаарах.
  10. Ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх /ус нөөцлөх савыг таглах, цонх, салхивчийг түгжих, газ, чүдэнз, асаагуур, халуун тогоо, ус буцалгагч, индүү, халуун савтай цай, хутга, хайч зэрэг мэс, том жижиг батарей зэргийг бага насны хүүхдийн гар хүрэх газарт байрлуулахгүй байх, ил хадгалахгүй/
  11. Танихгүй хүнд хаалга тайлж өгөхгүй байх.
  12. Бага насны хүүхдээр морь, тэмээ унуулах, мал хариулгад явуулах зэрэг хүнд хөдөлмөр хийлгэхгүй байх
  13. Шаардлагатай тохиолдолд Хүүхдийн тусламжийн 108 утас, Онцгой байдлын 105 утсанд хандах талаар хүүхдэдээ зөвлөх.
  14. Дээрх үйл ажиллагаатай холбоотой хүүхдийн эрхийн зөрчлийг Хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлэх.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжсэн үед авах арга хэмжээ

Монгол Улсын Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу өнөөдрөөс эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Засгийн газраас шийдвэрийн дагуу улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн.

Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ кронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээдүүд дараах арга хэмжээг авч ажиллана.

  1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, шуурхай штаб байгуулах
  2. Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах
  3. Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох
  4. Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах
  5. Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх
  6. Цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох
  7. Хүнс, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох
  8. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих
  9. Тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх
  10. Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх
  11. Бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх
  12. Шашны байгууллагуудын шашин номын хурал цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээ авах
  13. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл асарсан эх, эцэг, асран хамгаалагчид 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ.

БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 45 хоногийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, онцгой байдлын комисс ажиллаж байна. Бид бүхэн БНХАУ-ын яам агентлагтай холбогдон мэдээ мэдээллийг байнга авч байгаа. Одоогоор манай улс хамгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шаардлагатай байсан юм.

Монгол Улсад энэ вирус бүртгэгдвэл гамшиг болно. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж буйг та бүхэн ойлгоорой. Бид сүүлийн арав гаруй жил гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байгаа. Ард түмэн энэ талаар харьцангуй ойлголттой гэж бодож байна. Зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх журмын дагуу бид ажиллана” гэв.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Galaxy 20”, “Galaxy Z Flip” шинэ загвараа танилцуулжээ

Samsung Electronics компани АНУ-ын Сан-Франциско хотноо болсон арга хэмжээний үеэр 6.9 инчийн ультра дэлгэцтэй, дөрвөн камертай “Galaxy 20” загварын шинэ ухаалаг гар утас болон эвхэгддэг “Galaxy Z Flip” шинэ загвараа танилцуулжээ. “Galaxy Z Flip” загвар нь 6.7 инчийн дэлгэцтэй, гаднах хүрээ нь 1.1 инч бөгөөд эвхэгдсэн үедээ 73.6 х 87.4 мм хэмжээтэй болох юм байна. “Samsung Electronics” шинэ загвараа энэ сарын 21-нээс зах зээлд худалдаалж эхлэх юм. “Galaxy S20” загварын гар утасны үнэ 999 ам.доллар, харин “Galaxy S20+” загвар нь 1200 ам.доллар бол “Galaxy Z Flip”-ийнх нь үнэ 1400 ам.доллар байх аж.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд саатуулагдсан галт тэргийг Улаанбаатар руу ирүүлнэ

86261817_1084599718546037_8895381954443083776_n

Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг энэ сарын 12-нд Замын-Үүдэд саатуулан, зорчигчдыг тусгаарлаад байсан. Тус галт тэргэнд шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй нэг зорчигч байсан тул тусгаарлах арга хэмжээг авсан юм. Дорноговь аймгийн Онцгой комисс яг одоо Замын-Үүдэд ажиллаж байгаа бөгөөд шинж тэмдэг илэрсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан тул тусгаарлагдсан 106 иргэнийг Улаанбаатар руу ирүүлэх шийдвэр гаргажээ. Тус галт тэргэнд нийт 106 зорчигч байгаагийн 14 нь хүүхэд юм байна.