– САЙДЫН ЗҮГЭЭС УХАНЬ ДАХЬ ОЮУТНУУДЫГ НИЙТЭД ИЛ ТОД БИШ, ЧИМЭЭГҮЙХЭН АВЧРАХЫГ ҮҮРЭГДЭЖ БАЙВ –
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.
-Коронавирусийн голомтоос иргэдээ эх оронд нь авчирсан улс орнуудын нэн тэргүүнд манайх орж байгаа юм билээ. Энэ ажлыг зохион байгуулах үйл явц анх хэрхэн эхэлсэн юм бэ?
-Коронавирус хүнээс хүнд халддаг болох нь нэгдүгээр сарын 2-ны үед тодорхой болсон. Иймд бид нэн даруй БНХАУ-д байгаа монголчууддаа мэдээлэл өгөх, илүү өндөржүүлсэн бэлтгэлтэй ажиллах чиглэлийг өгсөн. Засгийн газар нэгдүгээр сарын 26-ны өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, Гадаад харилцааны яаманд хоёр чухал чиглэл өгсөн. Нэгдүгээрт, Уханиас буюу коронавирусийн голомтоос монголчуудаа авчрах, хоёрдугаарт, хилийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх, энэ тухай гадны улсуудад дипломат шугамаар мэдэгдэж шийдвэрлэх үүрэг өгсөн юм. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн Засгийн газрын хуралдаан дээр ярьсан юм биш. Нэгдүгээр сарын 23-наас Уханьд хөл хорио тогтоож, гадагш хөдөлгөөн хориглосон юм. Үүнтэй холбоотойгоор манай Бээжин дэх Элчин сайдын яам тэнд байх бүх монгол оюутнуудыг бүртгэлжүүлж, нарийн тоог нь авч, эх орондоо буцах хүсэлтэй байгаа эсэхийг нь судалж, аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа, цаашид хэрхэн сэргийлэх талаар заавар зөвлөгөөг өгч ажиллаж байв. Засгийн газрын хуралдаанд оролцохоос өмнө бид Монголын авиа компаниудад хандаж Ухань руу нислэг үйлдэхэд гарах зардал, үүнтэй холбоотой бэлтгэл ажлуудын талаар анхан шатны мэдээллийг аваад эхэлсэн. Засгийн газрын хуралдаанд бэлтгэлтэй, мэдээлэлтэй оролцсон гэсэн үг .
-Засгийн газрын шийд гарсан даруйд иргэдээ авах асуудлаар БНХАУ-ын талтай холбогдсон уу?
-Тийм. Нэгдүгээр сарын 26-нд буюу ням гаригт шийдвэр албажсан даруйд бид Хятадын талд иргэдээ авах хүсэлтэй байгаагаа дипломат шугамынхаа нот бичгээр мэдэгдсэн. Тухайн үед нөхцөл байдал амаргүй, хөл хориотой холбоотойгоор Япон, Солонгосоос иргэдээ авах тухай ч яригдаж байв. Мөн Уханьд байх оюутнуудын ар гэрээс бидэнд маш их хүсэлт тавьж байсан. Бид нэгдүгээр сарын 27-нд иргэдээ авах хүсэлтийг тавьж, БНХАУ-ын Гадаад яамтай тасралтгүй ажилласан. Нарийн тоо нь гараагүй ч иргэдээ авах хүсэлт илгээсэн олон орон байсан л даа. “Олон орон хүсэлт илгээсэн байгаа. Хөл хориотой нөхцөл байдал үүссэн учир амаргүй байгаа шүү, ойлгоорой. Гэхдээ танай оюутнуудад туслахыг хичээх болно” гэдгийг Хятадын тал хэлж байлаа.
Ерөнхий сайдын зүгээс нислэгийг МИАТ компанийг хариуцахыг үүрэгдсэн юм. Бид энэ нэгдүгээр сарын 27-ноос эхлээд нислэгийн хэд хэдэн хувилбарыг гаргаж, Хятадын талд хүргүүлсэн. Зөвшөөрөл гарлаа л бол явах баг, бүрэлдэхүүнийг бэлэн байлгахад анхаарч байсан хэрэг.
-Нислэгийн бүрэлдэхүүнийг хэрхэн шилж сонгосон бол?
-МИАТ компани нислэгээ хариуцаж байгаа боловч тэрхүү хөл хорио тогтоосон газар дээр онгоцны багтай хамтраад оюутнуудыг онгоцонд суулгах үүссэн асуудлуудыг зохицуулах баг томилох шаардлагатай болсон. Иймд даваа гаригт Гадаад харилцааны яаманд шуурхай ажлын хэсэг байгуулагдаж явах багийн хүмүүсээ тодорхой болгосон. Яамнаас Консулийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Бат-Орших хэмээх хятад хэлтэй залуугаар ахлуулсан гурван хүнтэй багийг томилсон. Дээрээс нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй холбогдон багийн бүрэлдэхүүнд хоёр эмчийг оролцуулж нисэх багаас гадна нийт таван хүнтэй тусгай баг бүрдүүлсэн. Бид бүх бэлтгэлийг бүрэн хангасан.
Онцолж хэлэхэд, Ухань хот маань өөрөө хөл хориотой байсан учраас оюутнуудыг онгоцны буудал руу яаж хүргэх, тэр хугацаанд өвчнөөс хэрхэн сэргийлэх гэх мэт олон амаргүй асуудлууд үүсч байсан. Энэ үед Бээжин дэх Элчин сайдын яам, Консулын хэлтэс, нийт баг бүрэлдэхүүн цаг наргүй ажилласан. Ухань дахь Хятадын Ардын засгийн ордны Гадаад харилцааны албаар дамжуулан тэнд байгаа автобусны түрээсийн компанитай холбогдож, зардал мөнгийг нь шийдэн хөлсөлсөн юм. Тэнд нийт 250 гаруй монгол оюутан суралцдагаас Хятадын Цагаан сарын амралт таарч 33 хүн л үлдсэн байв. Бид бүгдээс нь “Та эх орондоо буцах хүсэлтэй байна уу” гэдгийг бичгээр асууж, хүсэлтийг баталгаажуулсан юм.
-Гадаад харилцааны сайд БНХАУ-ын Гадаад харилцааны сайдад захидал илгээсэн. Захидалд юун тухай өгүүлсэн бэ?
-Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Норвеги улсад ажлын айлчлалтай, эзгүй байсан. Гэсэн ч яамнаас хүсэлт тавьчихсан байсны дагуу Д.Цогтбаатар сайд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-д захидал илгээсэн. “Энэ хэцүү үед Хятадын ард түмэн, Хятадын Засгийн газрын зүгээс гаргаж байгаа хүчин чармайлтыг үнэхээр ойлгож, хүндэтгэж байна. Хятадын ард түмэн энэ хүнд өвчнийг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай иргэдийн ар гэрийнх нь хүсэлтийг хүндэтгээд бидний иргэдээ авахыг хүсэлтийг шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэдгийг захидалдаа дурдсан. Магадгүй энэ захидал тун чухал үүрэг гүйцэтгэсэн болов уу. Бид энэ бүгдийг олон нийтэд мэдээлээгүй. Учир нь дипломат алба гэдэг төрийн тусгай алба. Бидний хийж буй ажлаас ярих боломжтой нь байдаг ч огт ярьж болохгүй зүйлс ч олон бий. Тэр утгаараа бид Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлж, өндөржүүлсэн бэлтгэлтэй ажилласан.
-Хятадын талаас хэдийд иргэдээ авах боломжтой болсон гэдгийг хэлсэн юм бэ?
-Нэгдүгээр сарын 31-ны өдөр буюу баасан гаригт Хятадын Гадаад харилцааны яамнаас холбогдож “Та бүхэн маргааш нислэг хийх боломжтой юу” гэж асуусан. Бид тэр даруй бэлтгэл хангаж байтал “Боломжтой бол өнөө шөнөдөө ирээд иргэдээ авч болно” гэсэн. Бидэнд нэгэнт ийм хугацаа өгсөн учир явах багийн бүрэлдэхүүнийг бэлэн болгож, тэр шөнөдөө ниссэн. Энд зөвхөн Ухань явах нислэг, тусгай багтай холбоотой зохицуулалтуудыг ярьж байна. Онц, ноцтой гоц халдварт өвчний голомтоос иргэдийг авчирч байгаа гэдэг утгаараа үүнд төрийн бүхий л байгууллагууд оролцсон.
-БНХАУ бол бидний мөнхийн хөрш. Энэ хүнд үед найрсаг харилцаандаа сэв суулгахгүйгээр иргэдээ авч чадсан нь Монголын дипломат бодлогын эв дүй, чадавхыг харуулсан үйл явдал боллоо гэж харж байна. Тухайн үед Хятадын талаас “Бид чадна. Та бүхэн бидэнд итгэ” гэж байсан гэдэг нь үнэн үү?
-Хятадын Гадаад яамнаас Бээжинд суугаа гадны бүхий л Элчин сайдын яамны төлөөллийг урьж, хуралдсан. Хятадын Засгийн газрын зүгээс коронавирусийн тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдээ голомтоос авъя гэсэн орнуудад хандаж “Тэвчээртэй байгаарай. Бидэнд итгэж болно. Хэрвээ үнэхээр иргэдээ авна гэвэл бид боломжоороо тусална” гэдгээ илэрхийлж байв. Гэхдээ бид цаашид нөхцөл байдал яаж ч эргэхийг мэдэхгүй байсан учир ар гэрийнх нь хүсэлтийн дагуу оюутнуудыг авчрах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн.
Таны хэлсэнчлэн бид мөнхийн хөрш, 4700 гаруй км-ийн хуурай замын хилтэй. БНХАУ нийтдээ 14 улстай хиллэдэг. Тэр дотроос манай улсын хил хамгийн урт нь. Тэгэхээр бид иж бүрэн стратегийн түвшинд харилцдаг хөрш улстайгаа аль болох ойлголцож, зовох цаг нь тусалж, дэмжиж хандах нь маш чухал. Үүн дээр Гадаад харилцааны яам маш ухаалгаар, бүхий л нөхцөл, хүчин зүйлийг олон талаас нь харж, олон нийтийн айсан, эмээсэн сэтгэл зүйг давж ажилласан.
-Уханиас оюутнуудыг авчрах үйл явц нийгэмд ил тод өрнөсөн. Гэхдээ энэ асуудлыг нууцлах ёстой байсан гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Нууцлах ёстой шаардлага нь юу байв?
-Гадаад харилцааны сайдын зүгээс Ухань хотоос оюутнуудаа авч ирэх үйл ажиллагааг аль болох олон нийтэд ил тод биш, чимээгүйхэн хэрэгжүүлэхийг үүрэгдэж, анхааруулж байсан. Учир нь энэ нь дэлхий нийтийг хамарсан онц ноцтой нөхцөл байдал. Оюутнууд маань ч суралцдаг газраа улсаараа түрий барьж, сүр дуулиан болж, Хятадын талдаа, бусад орны оюутнуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх вий гэдэг талаас нь бодсон. Тиймдээ ч энэ үйл ажиллагааг аль болох олон нийтэд мэдээлэхгүйгээр, чимээгүйхэн хийх үүргийг сайд өгсөн. Тухайн үед манай яамны зүгээс тодорхой процессийн талаар л хэвлэлийн мэдээ гаргаж байв.
-Дээр дурдсан оюутнуудыг түрээсийн автобусаар онгоцны буудал дээр авчирсан уу?
-Түрээсийн автобус хөлсөлж зургаан их, дээд сургуульд тархсан байсан оюутнуудыг хуваарь гаргаж, зохион байгуулалттайгаар онгоцны буудалд авч ирсэн. Эндээс онгоц нисэхэд л тэнд эхний оюутнуудыг авч эхэлсэн юм. Бүх оюутнууд онгоцны буудалд ирснээс авахуулаад хилээр гарсны дараа хүртэл эрүүл мэндийг үзлэгт орсон. Оюутнуудыг авчрах тухай ярихад иргэд дургүйлхэж байсан. Угтаа оюутнууд сургууль дээрээ өдөр бүр үзлэгт хамрагдаж байсан. Оюутнуудыг авчрах тухай аль болох олон нийтэд мэдээлэхгүй байх зорилгын цаана эдгээр 33 иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал байсан юм. Тэдгээр оюутнуудын нэр, ус, хувийн мэдээллийг задалбал янз бүрийн нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзсэн хэрэг. Учир нь тэднийг авчрахын өмнөхөн Хятадын хил нээгдэхэд орж ирсэн монголчуудыг Чойр хотод авчрахад янз бүрийн асуудал үүссэн тохиолдол гарсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Анзаарсан бол 33 иргэнийг авчрахдаа аль болох царайг нь тод харуулахгүйг хичээж, аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн мэдээллүүдийг нь нууцалсан.
Энэ үйл явдал нь манай улсын гадны оронд онц ноцтой нөхцөл байдал үүссэн үед өөрийн иргэдээ эх орондоо нүүлгэн шилжүүлсэн анхны тохиолдол. Тэр утгаараа энэ нь бидэнд туршлага, гарын авлага болж үлдэнэ гэж бодож байна.
-ОХУ манайхаас долоо хоногийн дараа иргэдээ авсан юм билээ. Тэд хэрхэн иргэдээ авчирсан талаар асууж лавласан зүйл бий юү?
-Манай улсаас өмнө Япон, Австрали, АНУ гэх мэт улсууд иргэдээ авсан. Энэ бол уралдаан биш ч манай улс иргэдээ авсан эхний 10 улсын тоонд орсон. МИАТ-ийн онгоц Ухань хотын онгоцны буудал дээр буухад олон улсын онгоц цөөнгүй буучихсан, иргэдээ авахаар ирсэн байв. Энгийн бус хөл хориотой үе, дээрээс нь олон орны иргэд байсан учир бүртгэл хийгдэхэд багагүй хугацаа орж, Улаанбаатарт буух төлөвлөсөн цагаасаа дөрвөн цагаар хоцорч ирсэн. Бид онгоц газардсанаас нисэх хүртэл бүхий л хугацаан дахь мэдээллийг авч байлаа. Иргэдээ гадны иргэдээс аль болох тусдаа байлгаж, болзошгүй эрсдэлээс хамгаалж ажилласан. Арай ахмад оюутнаараа ахлуулж, үүрэгжүүлж, бүх мэдээллийг өгч, зохион байгуулалттай ажилласан юм. Ний нуугүй хэлэхэд, манайхыг иргэдээ авчирсны дараа зарим орноос манай Бээжин дэх Элчин сайдын яаманд хандаж, “Та бүхэн энэ ажлыг яаж хурдан шуурхай зохион байгуулж чадав” гэх зэргээр туршлага судалсан зүйл бий.
-Хятадын хил нээгдсэнээс хойш манай улсын хичнээн иргэд эх орондоо ирсэн бэ?
-Нэгдүгээр сарын 28-нд Хятадын Цагаан сар дуусч, хил нээсний дараагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн хуурай замаар буюу Хятадтай хиллэдэг боомтуудаар 6000 монгол иргэн орж ирсэн. Үүнээс 3900 орчим иргэнийг Эрээн дэх Консулын газар, Хөх хот дахь консулын газар маань ХХЕГ, Онцгой комисс, салбар комиссуудтай хамтран газар дээр нь шийдвэрлэж, эх орондоо буцахад нь дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн энэ үеэр Консулын газруудад Хятадад олон жил хууль бусаар амьдарсан, хөдөлмөрлөсөн, визний хугацаа хэтрүүлсэн маш олон тооны иргэд хандсан юм. Бид онцгой нөхцөл байдлыг харгалзаад эдгээр иргэдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьж ажилласан. Энэ хүрээнд 50 гаруй иргэнийг 520 мянга гаруй юанийн торгуулиас чөлөөлүүлж чадсан. Үүнийг монгол төгрөгөөр илэрхийлбэл 200 гаруй сая төгрөг шүү дээ. Энэ хэмжээний төлбөр хураамжийг чөлөөлүүлж чадсанаар иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлсөн гэж бодож байна. Бид энэ бүхэнд Хятадын талд талархал илэрхийлсэн.
-Бүжинлхам гэх охиныг Уханиас БНСУ-руу зугтсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Олон нийтийн сүлжээгээр л тарж буй үндэслэлгүй, ташаа мэдээлэл шүү. Энэ талаар Сөүл дэх Элчин сайдын яамнаас ч тодруулга авсан. Эрээнээр вирусийн халдвартай 37 иргэн гарсан байна гэх ташаа мэдээлэл ч гарсан. Бид өөрсдөө энэ тал дээр их болгоомжтой хандах ёстой. Коронавирус туссан цөөнгүй иргэд Эрээнээс орж ирэх нь гэх худал мэдээлэл ч гарсан. Эрээнд коронавирусийн нэг л тохиолдол гарсан. Тэрээр Бээжингээс Москвагийн чиглэлд Монгол Улсаар дамжин өнгөрөхөөр төлөвлөж байсан хятад иргэн юм. Түүнийг Эрээнээс Замын-Үүд рүү гарахаас нь өмнө Хятадын тал илрүүлж тусгаарласан. Тэрээр 14 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд бүрэн эдгэрээд гарсан. Хятадын тал энэ халдварыг гадны улс оронд тараахгүй байх үүргийг ДЭМБ-ын өмнө хүлээсэн. Энэ үүргээ маш сайн хэрэгжүүлсэн онцгой чухал жишээ нь энэ юм. Гэтэл манайхан олон нийтийн хэрэгслээр ташаа мэдээлэл түгээж, эргээд хоёр улсын найрсаг харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэж байна. Ор үндэслэлгүй мэдээллийг тарааж, ард иргэдийг Хятадын эсрэг турхирч байгаа нь өөрөө хортой үр дагавартай гэдгийг ойлгох хэрэгтэй. Манайх руу хятад иргэд ихээр орж ирж байна гэдэг ч худал мэдээлэл. Энэ хугацаанд хятад иргэд манай хилээр орсон нь гарснаасаа бага байна.