Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс жолооч нараар драгер үлээлгэхгүй оронд нь хэмжих нэгжээр согтуурлыг тогтооно

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд жолоочийн согтуурлын түвшинг тогтоогч багажийг солих үүрэг өгчээ.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж байгаа энэ үед жолооч нар тус багажийг үлээхэд халдвар авах магадлалтай гэж эсэргүүцэж байсан. Тэгвэл согтуурлыг хэмжигч үлээдэг багажийг хэрэглэхгүй байх шийдвэр гарсан байна. Ам хүргэж үлээх биш хол зайнаас үлээлгэн согтуурлын түвшинг тогтоох багажийг хэрэглэх болжээ. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллага ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн согтуурлын түвшинг тогтоогч хэмжих хэрэгслийг ашиглах юм байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

БНХАУ-ын их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацааг хойшлуулжээ

БНХАУ-ын Боловсролын яам шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор урьдчилан сэргийлэх, тархалтыг сааруулах зорилгоор Хятад даяар хичээлийн шинэ улирал эхлэх хугацааг түр буюу хоёрдугаар сарыг дуустал хойшлуулах, хот, муж, өөртөө засах орон, засаг захиргааны онцгой бүсүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх вирусийн тархалтын нөхцөл байдлыг харгалзан сургууль цуглах хугацааг шийдвэрлэж байх эрхийг олгожээ.

Одоогийн байдлаар Шанхай хот, Жянсү, Жянши, Жөжян, Фүжянь, Аньхуй мужууд, ӨМӨЗО-ны хот, мужуудын эрх бүхий боловсролын байгууллагууд 2020 оны хоёрдугаар сарыг дуустал сурагчдын амралтын хугацааг сунгасан бөгөөд халдварт өвчний нөхцөл байдлаас хамаарч цаашид сунгах эсэх талаар шийдвэр гаргах ажээ.

Иймд гадаадын оюутнууд өөрсдийн суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан албатай байнга холбоотой байхыг зөвлөсөн байна гэж Монгол Улсын Консулын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүрээ амт” зайрмагны үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04:06 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрчний гудамж Орос гэрэл ХХК-ийн “Хүрээ амт” зайрмагны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги нийт 4 ангийн 38 алба хаагч гал түймэр унтраах зориулалтын 10 автомашинтайгаар ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.

Тус гал түймэрт хүний амь нас эрсдээгүй бөгөөд гал түймэрт өртсөн барилгатай залгаа баригдсан 18х18 метр хэмжээтэй оффисын барилга, 4 автомашиныг авран хамгаалж ажилласан байна.

Дээрх гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын жижүүрийн байцаагч, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Короновирусээр 1523 хүн нас бараад байна

БНХАУ-д шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 66400 давж, 1523 хүн нас барсан бол 8096 хүн эдгэрсэн хэмээн Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн хорооноос нь мэдээлжээ.

Коронавирусээр халдварласан тохиолдол Хубэй мужид хамгийн их буюу 54.4 мянган тохиолдол байна. Үүнээс 1457 хүн нас барсан бол 4774 хүн эдгэрчээ.

Баасан гарагийн байдлаар нийслэл Бээжин хотод халдвартай хүний тоо 372 байснаас 80 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш НӨАТ-ын сугалааны азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол маргааш буюу ням гараргийн 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.

2020 оны нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сангийн яам НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөөд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Ухань хотоос ирсэн оюутнууд өнөөдөр эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-д тусгаарлагдан хяналтад ороод байсан 31 оюутан, нэг хүүхэд өнөөдөр эмнэлгээс гарлаа.

Шинэ коронавирус илрээд буй БНХАУ-ын Ухань хотод суралцаж байсан Монголын 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод агаарын тээврээр авчирч ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлан, хяналтад аваад байсан билээ. Тэднийг хоёр удаагийн лабораторийн шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарсан байдаг. Ямар нэг зовуурь илрээгүй учир өнөөдөр эмнэлгээс гаргаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Завханд долоон настай хүүхэд тусгаарлагдаад байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн
захирал Д.Нямхүү
“Уханиас ирсэн 31 оюутны давтан шинжилгээ сөрөг гарсан тул оюутнуудыг өнөөдөр эмнэлгээс гаргаж байна. Оюутнууд нэгдүгээр сарын 23-наас Уханьд тусгаарлагдсан. Ингээд хоёрдугаар сарын 1-нээс ХӨСҮТ-д тусгаарлагдаж нийт 21 хоног тусгаарлагдсан байна. Энэ хугацаанд эмч нарын хяналтад байхад ямар нэгэн зовуурь илрээгүй. ХӨСҮТ-д энэ сарын 13-нд найман хүн, Архангайд тусгаарлагдсан нэг зэрэг нийт есөн хүний шинжилгээ сөрөг буюу коронавирусгүй гэж гарсан. Хоёрдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурав, Завхан нэг, Дорнодод нэг, Налайхад нэг зэрэг нийт зургаан хүн хяналтад байна” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн
Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
“Завхан аймагт тусгаарласан сэжигтэй тохиолдлын сорьц өчигдөр орой ирсэн. Одоо шинжилгээ хийж байна. Завханд тусгаарласан тохиолдол нь долоон настай хүүхэд. Хүүгийн ээж, аавыг ч тусгаарласан. Эрээн хотод амьдардаг, аав нь Хятад, ээж нь монгол, хүүхэд нь долоон настай ийм гэр бүл. Энэ гэр бүл Улаанбаатарт ирэхдээ очсон айлын хүмүүсийг ч ажиглалтад оруулсан. Шинжилгээний хариу гартал ажиглалтад байлгана” гэлээ.

Түүнчлэн мэргэжилтнүүд нэг метрийн зайнаас нэгэнтэйгээ харьцахыг зөвлөж байсан бол одоо хоёр метрийн зайнаас харьцахыг зөвлөж байна. Шинэ коронавирус нь 40-өөс дээш хэмийн халуунд тэсвэргүй аж. Тиймээс байнга ариутгал халдваргүйтгэлийг сайн хийх, амны хаалтаа тогтмол хэрэглэх хэрэгтэйг зөвлөлөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Бүх зүйл новш”

“Нью Иорк таймс” сонины бестселлэр “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг”-ийн зохиогч Марк Мэнсоны “Бүх зүйл новш” ном хувь хүний хөгжилдөө анхаарсан хэний ч сөхөж харахаар бүтээлд тооцогдож байна. Энэ номын тухай Колумбын их сургуулийн сэтгэл судлалын профессор Скот Барри Кауфман “Марк Мэнсон хүний аз жаргалтай сайн сайхан амьдралын тухай асуултуудыг бүтээлч санаанд оромгүй байдлаар тасралтгүй нарийвчлан судалсаар. Үр дүнд нь манай ертөнц хааш зорьж буй, түүнчлэн бид тэрхүү газарт хүртлээ өөрсдөдөө болон бусдад хэрхэн илүү санаа тавих талаарх зарим гүн гүнзгий асуултуудад анхаарал хандуулсан, гайхалтай, ойлгоход хялбар ном болжээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан харагдсан.

Хүний ертөнц материаллаг талаасаа өөлөх зүйлгүй төгс болохын хэрээр ганцаардал, шаналал газар авдгийн шалтгаан, сэтгэл хангалуун бус байдлаас гарах арга, хиймэл оюун ухааны хөгжлөөс болж цаашид ч танигдах аргагүй өөрчлөгдөх дэлхийд өөрийгөө алдахгүй аз жаргалтай амьдрах урлагийг Марк номондоо багтаажээ. 132 оронд явуулсан судалгааны дүнгээс харахад тухайн улс орон хэдий чинээ баяжина, хүн ам нь амьдралын утга учир зорилгын талаар төдий чинээ бодож шаналдаг гэнэ. Чинээлэг хөгжингүй ертөнцөд гутранги үзэл өргөн тархсаны гол шалтгаан нь энэ аж. Олон нийтийн санаа бодлын талаар мэдээлэл цуглуулдаг Yougov компани 2015 онд дэлхийн 17 оронд явуулсан судалгаагаараа дэлхийн байдал сайжирч байна уу, муудаж байна уу, эсвэл хэвэндээ байгаа юу гэсэн асуултад хариу авахад хамгийн чинээлэг орнуудын иргэдийн 10-аас цөөн хувь нь байдал сайжирч байгаа гэж хариулжээ. Харин АНУ-ын судалгаанд хамрагдсан иргэдийн зургаан хувь нь сайжирч байгаа гэсэн бол Австрали, Францад энэ үзүүлэлт ердөө гурван хувь байж. Номын тайлбар хэсэгт энэ мэт судалгаануудын линк, холбоосуудыг хийж өгсөн нь илүү их мэдээлэл хайсан хүмүүст зүг чиг болохоор санагдсан.

Алдартай философичдийн түүх, үзлийг эшилсэн хэсэг энэ номонд элбэг таарна. Хөгжих хэрээр аз жаргалгүйчүүдийн тоо өсч яваагийн шалтгааныг гэхэд л философичдын үзэл номтой холбочихсон байх жишээний. Зохиогч Платоныг гэхэд л “Хуурамч эрх чөлөөний аюул заналхийлэхийг, зугаа цэнгэл цэцэглэн хөгжихийг, ийнхүү цэцэглэн хөгжих нь хүмүүсийн үнэт зүйлсэд гамшигт нөлөө үзүүлэхийг, хэтэрхий их баяр жаргал хүн бүрийг балчир хүүхдэрхүү, амиа хичээсэн, ямбатай, ердөө өөрийгөө л хайрладаг болгохыг Бернейсээс өмнө нэг хүн олж харжээ. Тэр бол улс төрийн философийн жинхэнэ гангстер. “Сэтгэлийн загалмайлсан эцэг”-ийг ч (Зигмунд Фройд) март. Энэ эр сэтгэл гээчийн санааг анх олж нээсэн шүү. Тэр хэдэн мянганы турш үргэлжилсэн энэ бүх гай гамшгийг хэн хүнээс ч өмнө олж харжээ. Хүний санаанд орж болох бүх сэдвээр санаагаа илэрхийлсэн анхны агуу сэтгэгч Платон л болов уу. Боддог, мэдэрдэг тархи угаасаа салангид гэдгийг тэр анх таамагласан. Хүн хүсэл эрмэлзлээ өөгшүүлэх замаар биш, харин өөрийгөө үгүйсгэх янз бүрийн хэлбэрээр зан төлвийг бий болгох ёстой гэж хамгийн анх тэр л нотолсон. Платон үнэхээр мундаг хүн байжээ” хэмээн дуу алдан бахадсан байна лээ. Ер нь агуу философичид хүн төрөлхтөнд юу үлдээснийг “Бүх зүйл новш” номноос багцаалдаад харчихаар юм билээ.

Шинжлэх ухаанч тайлбар, философич гаргалгаа, судалгаан дээр суурилсан үнэлэлт, дүгнэлтүүд ихтэй энэ номонд хүний тархины тухай сонирхолтой хэсгүүд байсхийгээд таарна. Тархи яаж ажилладаг талаарх шинжлэх ухааны нотолгооноос эхлээд бясалгал тархинд хэрхэн нөлөөлдөг тухай ултай судалж харсан дүгнэлтүүд нь олзуурхууштай санагдсан шүү. Марк Мэнсоны номноос “Орчин үеийн барууныхан бясалгалыг тайвшруулах арга гэж ойлгодог. Харин жинхэнэ буддын шашны бясалгал нь утасны сонирхолтой программудыг ашиглан стрессээ тайлахаас хамаагүй илүү эрч хүч шаардсан ажил. Хатуу бясалгал нь чимээгүй сууж өөрийгөө хайр найргүй ажиглахыг шаарддаг. Хүн удаан хугацаагаар бясалгал хийвэл хамгийн шившигтэй зүйлс нь ил гарч эхэлдэг. Хачин жигтэй хий бодлууд, хэдэн арван жилийн өмнөх харуусал, бэлгийн гаж дур хүсэл, тэсвэрлэшгүй уйтгар гуниг, ганцаардал, тусгаарлагдсан мэдрэмж урган гарна. Эдгээрийг зүгээр л ажиглаж, хүлээн зөвшөөрч, дараа нь чөлөөлж байх хэрэгтэй. Бясалгал бол үндсэндээ эмзэг, сул дорой байдлын эсрэг дасгал юм” гэсэн хэсгийг онцолмоор байна. Бясалгалыг гүнзгий судалсан хүний л хийх дүгнэлт.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Лхагвабаяр: Машины толь хулгайлахад л баривчлах ялаар шийтгүүлнэ

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяртай ярилцлаа.


-Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-2019 онд улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 8968 бүртгэгдсэн. Энэ нь 3360-аар буюу 23 орчим хувиар буурсан үзүүлэлт. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан зөрчил 2670 бүртгэгдсэн байна.

-Сая малын хулгайн гэмт хэргийн ялыг чангалж өглөө. Өнчин ишиг хулгайлахад л хорих ялаар шийтгэдэг болсон тухай мэдээлэл нийтэд цацагдчихлаа. Үр дүнд нь малын хулгайн гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан байна лээ. Ахуйн хулгайн гэмт хэргийн зүйл заалт ямар байдаг юм бэ?

-Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байгаа. Энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдвэл ял шийтгэл нь хүндэрдэг. Жишээлбэл орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, эсхүл түүх соёл, техник шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож байгаа тусгайлж хамгаалсан зүйлсийг хулгайлж үйлдсэн, эсхүл учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн зэргээс хамаарч хүндрүүлэн үздэг байгаа.

-Ямар тохиолдолд зөрчил гэж үздэг вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хүч хэрэглэхгүйгээр авсан нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй, мөн дээр дурдсан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хулгайлах зөрчлөөр шийдэгдэж байгаа.

-Энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг вэ?

-Зөрчлийн тухай хуульд зааснаар хулгайлах зөрчилд оногдуулж байгаа шийтгэл нь албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэж байгаа.

-Өвлийн улиралд машины хучлага хулгайлах төрлийн зөрчил их гардаг. Ер нь өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?

-Өнгөрсөн онд энэ төрлийн хэрэгт 871 хүнийг илрүүлж баривчлах шийтгэл оногдуулсан. Дээрх этгээдүүд маань хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд зүйлсийг хулгайлж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулсан гэсэн үг.

-Машины толь сугалаад аваад явахад л баривчлах ялаар шийтгүүлнэ гэж ойлгож болох уу?

-Тийм. Ерөнхийдөө бусдын өмчлөлд байгаа ямарваа нэгэн зүйлийг хулгайлсан тохиолдолд жижиг гэлтгүй л хариуцлага тооцогдно гэж ойлгох хэрэгтэй.

-Илрүүлэлтийн тухайд ямар үр дүнтэй байдаг вэ. Нэг үеэ бодоход булан камержуулалттай болчихлоо?

-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 28 хувьтай байна. 2018 оныхтой харьцуулахад найман хувиар өссөн дүн мэдээтэй байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдол ажиглагддаг. Энэ маань хулгайч нарыг өөгшүүлж байгаа үйлдэл.

-Хулгайн гэмт хэрэг гол төлөв хэдийд үйлдэгдэж байна вэ. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа шалтгаан нь юу байна?

-Орон байрны хулгайн гэмт хэрэг гол төлөв өдрийн цагаар үйлдэгддэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр иргэд ажилдаа яваад орон гэр нь эзэнгүй үлдэж байгаатай холбоотой. Тэгэхээр энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хөршийн холбоог сайжруулах, боломжтой бол орон гэрээ эзэнгүй үлдээхгүй байх, хаалгандаа аль болох далд цоож зүүж эзэнгүй гэдгээ мэдэгдүүлэхгүй байх, цонхондоо хамгаалалтын төмөр зүүх зэргээр урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

-Удахгүй Сар шинийн баяр болно. Энэ үеэр хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал нэмэгдэх гээд байдаг. Иргэдэд юуг анхааруулах вэ?

-Сар шинийн баяраар иргэд томоохон худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн хөлд дарагддаг. Энэ үед халааснаасаа бэлэн мөнгө, үнэт эдлэлээ алдах өндөр эрсдэлтэй байдаг. Өөрийнхөө эд хөрөнгөнд эзэн болж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нэг талаараа өмч хөрөнгөө хамгаалах нь та бидний үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх олон төрлийн ажил, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсны дүнд 2019 онд хулгайн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан.

Categories
мэдээ нийгэм

Завханы Сонгино сумаас коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ

Завханы Сонгино суманд шинэ коронавирусний сэжигтэй тохиолдол байж болзошгүй дуудлага ирсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өчигдөр хуралджээ.

Сонгино суманд долоон настай хүүхэд өндөр халуурсан гэсэн дуудлага 02-р сарын 14-ний 12.18 цагт аймгийн Эрүүл мэндийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/02 тоот “Халдварт өвчний голомтод ажиллах багийн бүрэлдэхүүн томилох тухай” тушаал гарч зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг 13.30 цагт Сонгино сум руу хөдөлж шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ.

Нэгдүгээр хавьтлын 11 иргэнийг шинжилгээнд хамруулахад биеийн байдал хэвийн байна. Одоогоор 15 иргэнийг тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д рүү хүргүүлэхээр явуулжээ.

Шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд Сонгино сумын иргэдийг тусгаарлах, суманд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан байна. Тус сумаар дайран өнгөрдөг Увс, Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус болон, хөдөлгөөнд оролцож буй автомашинуудыг түр зогсолт хийлгэхгү байхаар хөдөлгөөнийг хязгаарласан аж.