Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зургаан өрхийн 19 иргэн ​угаарын хийд хорджээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл хийлжээ. Амралтын өдрүүдэд угаарын хийд хордсон гэх шалтгаанаар Хордлогын яаралтай тусламжийн төвд 6 өрхийн 19 иргэн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авчээ. Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.НэргүйШинэ коронавирусийн халдвар, шувууны томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Цагаан сарыг нийтээр тэмдэглэхгүй байхтай холбоотойгоор халдваргүйжлийн ажлыг эрчимжүүлэх үүднээс хотын эргүүлийг хотын төв болон, гэр хорооллын гудамжид нийслэлийн дүүрэг, агентлагийн алба хаагчид, чөлөөнд гарсан ахмадуудыг дайчлан ажиллуулахаар НОСК-оос хуваарь гарсан. Хуваарийн дагуу хотын төвийн болон нийслэлийн гэр хорооллын гудмаар явган эргүүл ажиллаж, олон хүн зорчдог хэсэгт анхааруулга, зөвлөмжийг өгч, маскаа тогтмол зүүх, нус цэрээ хаяхгүй байх зөвлөмж өгнө.

Өнгөрсөн долоо хоногт гудамжид нус цэрээ хаясан үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар 10 мянган нэгжээр торгох заалтын дагуу 200 иргэнийг торгосон” гэлээ.

Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Барьцалдуулагч бодис тасалдсан гэсэн мэдээлэл цацагдсан. Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч тогтмол урдаас орж ирж байгаа. Тэгэхээр барьцалдуулагч бодис тасалдана гэсэн ойлголт байхгүй. Иргэдэд зургаан шуудайгаар өгч байгаа. Үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа. Өдөрт 3000 гаруй тонн, борлуулалт нь 3000-3500 тонн түлшийг өгч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өдөр бүр хоёр хяналтын улсын байцаагч ажиллаж байна.

Онцгой байдал, цагдаа хөдөлгөөнт эргүүл бүх борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж байгаа. Борлуулалтын цэгүүдэд түлш дутагдсан асуудал гарвал “Тавантолгой” түлш компанитай холбогдож, хяналт шалгалт хийж байгаа байцаагч нар шахмал түлшийг татан авалтын ажлыг тухай бүрт нь хийж байгаа. Зургаан шуудайгаас бага өгч байгаа гэсэн асуудлыг бид цааш нь тодруулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр замуудыг хаана

Image result for Т.Бадрал

ЭМЯ-наас шинэ коронавирусийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга Т.Бадрал, “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Яг шаардлагатай бол орон нутгийн автозамуудыг хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Шийдвэр хараахан гараагүй. Аймгийн түвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын түвшинд сул байна. Малчин иргэд цагаан сар тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холдбогдуулан суман дээрх шийдвэрийг гаргаад явах байх. Ерөнхийдөө урагшаа чигийн замыг аймаг, орон нутгийн шийдвэрээр хаачихсан. Харамсалтай нь өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл өглөө орж ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр замуудыг хаана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гудамжинд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэдийг торгож байна

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын даргын тушаалаар явган эргүүлүүд ажиллахаар болсон бөгөөд хотын төв, гэр хорооллын гудамжууд гээд бүхий л газарт иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллах юм байна. Ингэхдээ торгохгүй маск зүүх, шүлс, нус цэрээ ил задгай хаяхгүй байхыг сануулж, зөвлөгөө өгнө гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй хэллээ.

Мөн нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу Зөрчлийн тухай хуулийн дагуу гудамжинд нус, цэр, тамхины ишээ хаясан иргэдийг торгож буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийт 200 иргэнийг торгоод байгаа аж.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээллээр манай улсад коронавирусний халдвар бүртгэгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Дорнодод 1, Замын-Үүдэд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээж байна гэв.

Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч импортоор орж ирж буй бөгөөд сайжруулсан түлшний нийлүүлэлт хэвийн иргэдэд өдөрт олговол зохих хэмжээгээр нь олгож байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ зохиомлоор нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ

Үндэсний сүлжээ “Оргил”, “Номин”, “Сансар”, “Миний” дэлгүүрүүд хамтран албан ёсоор мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Монгол Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй бөгөөд Сүлжээ дэлгүүрүүдийн барааны эргэлт хэвийн, нөөц хангалттай байгаа ба Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллааг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ С.Даваасүрэн: Төр “Чи энэ ажлыг хий” гэж даалгасан бол тэр хүндээ ажиллах боломжийг олгох ёстой

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр оны өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хамтаар ажлаа хүлээлгэн өгсөн юм.


-Олон нийт, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхаарлын төвд байгаа нэг асуудал бол Монгол Улс саарал жагсаалтад орсон тухай юм. Шалтгааныг нь янз бүрээр тайлбарлаж ирлээ. Үүнийг үнэн зөвөөр тайлбарлах хүмүүсийн нэг та болов уу?

-Монгол Улс саарал жагсаалтад хоёр дахь удаагаа 2019 оны аравдугаар сард орсон.

ФАТФ буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас 40 зөвлөмж, 11 шууд хэрэгжилтийн үзүүлэлтийг гаргадаг. Энэ хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж чадаагүй улс орныг нөхцөл байдлаас нь шалтгаалан жагсаалтад оруулдаг. Цаад талын фонн сааралтаж байгаа учраас саарал жагсаалт гэж нэрлэдэг.

Газар дээр нь хяналт, шалгалт хийж тайлангаа 2017 онд гаргаж ирүүлснийхээ дараа энэ үзүүлэлтийг хэрхэн ямар түвшинд хангах вэ гэдэг асуудал тавьсан байдаг. Өнгөрсөн 2017, 2018, 2019 оны хувьд Санхүүгийн зохицуулах хороо шаардлагыг биелүүлэх чиглэлээр хангалттай сайн ажилласан. Эндээс нэг зүйлийг онцолж хэлмээр байна.

Саарал жагсаалтад орсон явдал нь хэн нэгэн хүмүүсийг ажлаас нь чөлөөлөөд шийдэгдчих асуудал биш. Энэ бол олон жилийн хугацаанд ужгирсан асуудал юм.

Манайх үүнтэй холбоотой тоонд биш чанарт ажлаа хандуулаасай. Саарал жагсаалтаар улбаатай өнгөрсөн олон арван жил хийж чадаагүй, алдаа оноотой хийж байсан зүйлсээ залруулж аваасай гэж хүсэж байна. Учир нь саарал жагсаалтын тухай ойлголт нь олон нийтийн дунд, шийдвэр гаргагчдын дунд ч төдийлөн сайн биш, тааруу байгааг хэлэх ёстой.

Санхүүгийн зохицуулах хороонд cааpал жагсаалттай холбоотойгоор урьд нь Монгол Улсад хаана ч зохицуулалтгүй байсан салбарын зохицуулалтыг шинээр хариуцуулах болсон.

Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес, алт үнэт металл, үнэт чулууны бизнесийг хянадаг зохицуулдаг байгууллага байх хэрэгтэй. Учир нь энэ нь мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой байна.Үүнийг зохицуулдаг байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо гэж өнгөрсөн аравдугаар сард хуулинд өөрчлөлт оруулж даалгасан. Энэ бол ФАТФ-аас зохицуулалт шаардлагатай гэж өгсөн зөвлөмжийн нэг байсан.

Үүнээс гадна ФАТФ манайхыг хяналт шалгалтын тогтолцоогоо илүү боловсронгуй болгох, санхүүгийн байгууллагууд нь энэ талаар ойлголттой болох, хянаж шалгаж байгаа хүмүүс ч үйл ажиллагаагаа чамбайруулах, олон нийт ч энэ талын мэдлэг мэдээлэлтэй болох тухай асуудал байгаа.

-Саарал жагсаалтад орсон манай улсын хувьд нөхцөл байдал одоо ямар байгааг та шинжилж байна уу?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авсан мэдээллээр бол өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын ажлын хэсэг тайлангаа очиж хамгаалсан. Түүн дээр хэрэгжүүлэх ёстой алхмуудынхаа 50 хувийг хэрэгжүүлчихлээ.

Үлдсэн 50 хувийн тухай асуудал байна гэсэн мэдээлэл сонссон. Үүнийг өнгөц хэлбэрээр харах биш, олон жилийн ужгирсан асуудал байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Ялангуяа хууль хяналтын системийг илүү боловсронгуй болгох, зарласан хэргүүдээ мөрдөж шалгадаг, шүүн тогтоодог ажиллагаанд ахиц дэвшил гаргах ёстой.

Мөнгө угаах, санхүүтэй холбоотой олон хэрэг зарлаад байдаг боловч шүүхээр шийдэгдвэл нэг ч хэрэг байхгүй байсныг ФАТФ ихээхэн онцолж байсан. Энэ бол бас нэг том шалтгаан. Хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгон, нэгэнт гаргасан хуулиа дагаж мөрдөж ажиллах гээд хэн нэгэн хүн албан тушаалтнаас хамаарахгүйгээр хийх ажлууд байгаа юм.

Ер нь саарал жагсаалтын асуудал зөвхөн Монгол Улсын банк санхүүгийн салбартай холбоотой биш, Монгол Улсыг бүхэлд нь хамарсан макро түвшний асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Санхүүгийн зах зээлийн өнгө, төрх хөгжлийг хэрхэн харж байна вэ. Улс орны эдийн засгийн гол салбар гэдэг утгаараа маш их шүүмжлэлтэй салбар шүү дээ?

-Намайг 2016 онд ажлаа авахад банкнаас бусад санхүүгийн салбар нь санхүүгийн салбарын активын тав орчим хувь нь гэж үздэг байсан. 2019 оны хоёрдугаар улиралд энэ салбарын ДНБ-д эзэлж байгаа хувийн жин 16 хувьд хүрсэн.

Ямар томоохон ахиц дэвшил гарсныг үүнээс харж болох байх. Өнгөрсөн 30 жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй, олон нийтийн анхаарлын төвөөс гадна байсан. Тэгэхээр энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөх, томруулах, олон нийтэд таниулах стратеги хэрэгжүүлэх ёстой юм байна гэж ажилласан.

Үүний үр дүнд 30 жил гараагүй гэрэл гэгээ санхүүгийн зах зээлд гарсан. 2016 оны хоёрдугаар улирлын тоон мэдээг 2019 оныхтой харьцуулахад банкнаас бусад санхүүгийн салбар 200 хувь өссөн байдаг. Гурван жилд 200 хувь өссөн нэг ч салбар Монгол Улсад байхгүй. Энэ бол маш өндөр өсөлт.

Хөрөнгийн зах зээлийг авч үзье. 2016 онд Хөрөнгийн зах зээл дээр зах зээлийн арилжааны 90 орчим хувийг зөвхөн Засгийн газрын бонд эзэлж байлаа.

2019 оны хоёрдугаар улирал гэхэд нээлттэй хувьцаат компаниудын хувьцаа нь зах зээлийн 85 хувьд нь арилждаг болж өөрчлөгдсөн. Энэ бол чанарын маш том өөрчлөлт. Дээр нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн хувьцааны арилжаа 6.3 дахин өссөн. Нийтдээ 11 IPO шинээр гарлаа.

Хөрөнгийн зах зээлийг зах зээлийн үнэлгээгээр хэмждэг. Энэ үнэлгээ хөрөнгийн зах зээлийн түүхэндээ байгаагүй хэмжээгээр өсөж 2.5 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр энэ зах зээлд ямар нэгэн байдлаар гэрэл гэгээ ассан гэж би хардаг. Харин энэ гэрэл гэгээг хэрхэн яаж тогтвортой, тод асааж барьж явах нь дараагийн чухал асуудал.

-Хөрөнгийн зах зээлээс гадна зохицуулдаг өөр олон салбар бий. Банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбар гээд л…

-Энэ зах зээлийн хувьд бас л ялгаагүй, намайг ажлаа авахад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 300 орчим хадгаламж зээлийн хоршоо байсан. Би тоог нь ерөөс өөрчлөөгүй. Харин тэдгээр байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн гурван жилд 2.1 дахин өссөн.

Өөрөөр хэлбэл, санхүүгийн байгууллагууд улам бүр чадавхтай, бас мэргэжлийн болж, дээр нь энэ хугацаанд зээлийн хүү нэг функтээр буурсан байдаг. Энэ хэмжээгээр хүртээмж сайжирч байна гэсэн үг.

Ер нь банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд арилжааны банкуудтай өрсөлдөхүйц, технологи дээр суурилсан шинэ, шинэ бүтээгдэхүүнийг тэр үеэс гаргаж эхэлсэн. Энэ бол нэг төрлийн томоохон дэвшил. Хэрэв томоохон бодлогын шийдвэр гаргаагүй бол улам бүр ломбард хэлбэртэй болчих эрсдэлтэй байсан.

Даатгалын салбарын хувьд ч үүнийгээ дагаад ахиц дэвшил гарсан. Даатгалын салбарын хэд, хэдэн компани нээлттэй хувьцаат компани болсон. Шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд гарсан.

Товчхондоо хэлэхэд өнгөрсөн 30 орчим жил байгаагүй гэрэл гэгээ банкнаас бусад санхүүгийн салбарт гарсан гэж хэлнэ.

-Ер нь өнөөгийн манай санхүүгийн зах зээлийн орчин нөхцөлийг та хэрхэн харж байна вэ?

-Товч хэлье. Тооцоотой, судалгаатай шийдвэр маш чухал. Сайн судалж гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлэх ёстой. Аливаа нэг бизнес, нэг бизнес эрхлэгчдэд зориулсан, тэдний хүсэл сонирхолд нийцсэн бус, харин зах зээлдээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, шийдвэр гаргах ёстой. Ингэж чадвал зах зээл хөгжинө. Эс бөгөөс өнгөрсөн 30 жил ямар байсан тийм л байдлаараа үлдэх эрсдэл байгаа.

-ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлсний нэг болох хууль бус мөнгө эргэлдэж байж болзошгүй гэх үнэт металлын салбарын зохицуулалт гэж та дээр дурдлаа. Анхааралдаа авч эхэлсэн энэ салбар ер нь манайд ямар түвшинд байх юм?

-Дэлхийн олон оронд Монгол Улсын санхүүгийн зохицуулах хороо шиг байгууллага үнэт металл, үнэт чулууны бизнес, үл хөдлөх хөрөнгө зуучлалыг хариуцдаггүй. Гэтэл манайд үүнийг зохицуулж хянах шаардлагатай юм байна. Дөхүү байгууллага нь хэн байна гэхээр Санхүүгийн зохицуулах хороо болж таарсан. Үүнийг хуулиндаа тусгаж өгсөн.

Санхүүгийн зохицуулах хороо улсын бүртгэлийн газар, статистикийн байгууллагуудтай хамтраад ямар ямар аж ахуйн нэгжүүд байгааг тогтоож, хяналт шалгалт хийх, дүрэм журмыг боловсруулах чиглэлийн үүрэг өгсөн.

Миний ойлгож байгаагаар асуудлаа судалж, шинжлэх түвшинд явж байгаа болов уу. Хуулийн өөрчлөлт 2019 оны аравдугаар сарын дундуур гарсан шүү дээ.

-Санхүүгийн зах зээлийн нэг том салбар болох хөрөнгийн зах зээлийн хөгжил их удаан байна гэж шүүмжилдэг. Тэр дундаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ноцтой зөрчигддөг гэх. Гол бай нь Санхүүгийн зохицуулах хороо болох нь бий. Үнэхээр зохицуулахад хүнд салбар уу?

-Санхүүгийн зохицуулах хороо 20 орчим хуулиар санхүүгийн зах зээлийг зохицуулдаг. Зохицуулдаг 3,000 гаруй байгууллага байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээл дээрх тогтвортой байдлыг хангах нь Хорооны ажлын маш чухал хэсэг.

1990-ээд оны дунд үед бий болсон төрийн өмчийг хувьд шилжүүлэх ажлын хүрээнд улсын 475 улсын үйлдвэрийн газрыг хувьд шилжүүлсний үр дүнд олон хувьцаат компаниуд бий болсон. Түүний нэг нь “Улсын их дэлгүүр” хувьцаат компани. Энэ компанийн хувьцааны 20 гаруй хувийг 45,000 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг.

Дөчин тав орчим мянган хувьцаа эзэмшигч нэг компанийн хувьцааны 20 гаруйхан хувийг эзэмшинэ гэдэг нь өөрөө асуудал. Энэ бол хувьчлалтай холбоотой бий болсон нэгэн төрлийн гажуудал, бас хүндрэл. Дээр нь энэ компанийн асуудалд олон жилийн турш хяналт шалгалт султай явж ирсэн.

Өмнө нь 2015 оны наймдугаар сард Санхүүгийн зохицуулах хороо Улсын их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг төлөөлж шүүхэд хандсан байдаг.

Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хандсан ч нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр буцаад анхан шатны шүүх рүү очсон байдаг.

Энэ үед би Санхүүгийн зохицуулах хорооны даргаар дөнгөж томилогдоод байсан. Ажлын хэсгийн хүмүүс манайх ялах магадлал муу байна гэж танилцуулж байсан. Тиймээс бидний зүгээс энэ асуудал дээр нэлээд хугацаа зарцуулж ажилласан юм.

Улсын их дэлгүүрийн үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр ажилласан ч амлалтандаа хүрч ажиллаж чадаагүй. Иймээс дахин өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж ажиллуулсны эцэст шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ үнийн дүнтэй, түрээслэгчтэй холбоотой, ханшийн зөрүүтэй холбоотой нийтдээ тав орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна гэдгийг шүүхэд хандан тавьсан.

Гэтэл энэ асуудалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга буруутай, том хувьцаа эзэмшигч нартай хуйвалдсан гэх мэт буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Бүр АТГ-т хүртэл миний эсрэг зарим нэг хүн гомдол гаргасан байдаг.

АТГ-аас тус асуудлыг шалгаад намайг холбоогүй болохыг тогтоосон. Би бол төрийн шийдвэр ултай үндэслэлтэй, шүүхийн байгууллагад хандахдаа ч итгэл үнэмшилтэй, хувьцаа эзэмшигчдийг хамгаалах чиглэлээр бүхий л арга ажиллагааг хийсэн байх хэрэгтэй гэдэг зарчмыг үндэс болгон ажилласан.

-Одоогоос хоёр сарын өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан та хоёрыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үндэслэл нь Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбоотой гэж байсан. Харин та чуулган шийдвэр гаргахаас өмнө өөрөө өргөдлөө өгчихсөн. Ид ажлын дундуур яагаад ийм санал гаргахад хүрэв?

-Санхүүгийн зохицуулах хорооны даргын асуудал сүүлийн хэдэн сарын асуудал биш. Томилогдсон цагаас эхлээд яригдаж байсан. Мэдээж төрийн албыг авсан хүн өгч сурах ёстой гэж би боддог. Гэхдээ “Чи энэ ажлыг хий” гэж даалгасан бол төр тэр хүндээ боломж олгох ёстой.

Төрийн албан хаагчаа хамгаалдаг байх ёстой. Түүнээс биш элдэв байдлаар гутаах, хов живийн чанартай зүйл ярих байдлаар төрийн албыг эрхэлж болохгүй. Миний хувьд хариуцсан салбарынхаа нөхцөл байдлыг дээр хэллээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажиллахдаа хариуцсан салбараа хоёр дахин өсгөсөн. Ийм өсөлт өөр хаана ч, ямар ч салбарт гараагүй. Нэгэнт намайг хуулийн дагуу санал болгож ажилд томилдог УИХ-ын дарга энэ ажлаа өг гэж хэлж байгаа бол тэнд ажиллаад байх утгагүй.

-Гэхдээ тэр шийдвэрт олон хүн эргэлзсэн. Чадварлаг боловсон хүчнүүдийн ажлын үр дүнг үзэхгүйгээр шийдэж байгаа нь улс төрийн нөлөөтэй гэж хэлэх хүмүүс байсан?

-Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны удирдлага аль, аль нь УИХ-аас томилогддог. УИХ-ын дарга ажлаа өг гэж хэлж байгаа бол ажиллах боломжгүй гэсэн үг.

-Таныг МАН-ын дарга М.Энхболдын фракцын хүн. Энэ хүнийг дарахын тулд чадварлаг хүмүүсээр туг тахилаа гэсэн яриа гарсан. Яагаад ч юм мэдлэг чадвартай хүмүүс улс төрийн тоглоомын хохирогч болчихсон юм шиг харагддаг?

-Би цаана нь чухам ямар асуудал өрнөж байсныг хэлж мэдэхгүй юм. Хэвлэл мэдээллээр янз бүрийн мэдээлэл гарч л байсан. Хувь хүнийхээ хувьд манайд өнгөрсөн 30 жилд эдийн засгийн шилжилт явагдсан ч улс төрийн орчинд ямар нэг дорвитой өөрчлөлт, шинэчлэлт гарсангүй гэж боддог.

1990-ээд оны эхэн үед улс төрийн намын эхний том давалгаа нь төрийн өмч хувьчлалаар эхэлсэн бол өмч хувьчлал дууссаны дараагийн жилүүдэд төрийн худалдан авах үйл ажиллагаанд мэргэшиж, тэр чиглэлээр шимэгчилж амьдарч эхэлсэн. Дараагийн том давалгаа нь 2000 оны эхний жилүүдэд уул уурхайн салбараар өргөжин хөрөнгөжсөн.

Улс төрийн намаар дамжин төрийн эрхийг барьж, төрийг засагладаг. Тиймээс улс төрийн орчин эрүүлжих, улс төрийн намын шинэчлэлгүйгээр эдийн засаг болон нийгмийн бусад хүрээний шинэчлэлийг үр дүнтэй сайн хийх боломжгүйг бидний өнгөрсөн 30 жилийн түүх бэлхнээ нотолж байна. Эдийн засаг улстөржсөн үед том бизнес аль нэг тодорхой намд уягдалгүй бүх нөлөө бүхий намуудтай ижил найрсаг харьцаатай байхыг илүүд үзнэ.

Иймээс Засгийн газар ойр ойрхон солигдох, халаа сэлгээ хийх нь утгагүй зүйл биш, харин ч зарим бизнесмэнүүд, улстөрчдөд хэрэгтэй хувилбар гэж ойлгогдож байна.

Гагцхүү олон нийтэд маш ашиггүй, нийгэмд хор хохиролтой гэдэг нь тодорхой. Ингэж нийгэмд шударга бус байдал, авлига даамжрахын хэрээр гомдол мэдүүлэхийн үнэгүйдэл бий болж, үр дүн тэгтэй тэнцүү болохоор нийгэм залхаж, шударга бус байдал, авлигатай тэмцэх сонирхолгүй болдог. Ингэснээр хэргүүд шийдэгдэхгүй, орхигдсон төдийгүй иргэд нийгэм, төрд итгэлээ алдаж эхэлсэн.

Маш олон хэргийн шүүхээр шийдвэрлэх явц хэт сунжирч, хэргийн уялдаа холбоо алдагдаж, мартагдаж эхэлдэг. Эхний сэдэв рүүгээ ороход манай улс саарал жагсаалтад орох болсон шалтгааны нэг нь энэ гэдгийг хэлмээр байна.

Үүнийг өөрчлөх, нийгэмд шинэчлэлийг авчрах үе удахгүй ирэх гэж байна. Тэр бол сонгууль. Тиймээс иргэн хүний хувьд юу бодож байна вэ гэхээр иргэд маань оролцоотой байгаасай. Өөрсдөө бодолдоо богшоож, тархиндаа ширгээсэн шийдвэрийг гаргаасай.

Сонгуулийн үйл явц бүхэлдээ шударга байгаасай. Ингэж чадах юм бол бид нар 30 жилийн хугацаанд олигтой өөрчлөлт гараагүй, салхивчаа нээж агаар оруулаагүй зүйлийг өөрчлөх боломж байгаа гэж итгэдэг. Ийм боломж байх ёстой, цаг нь ирсэн гэж бодож байна.

-Та эдийн засагч хүн. Өмнөд хөршид дэлгэрсэн халдварт өвчлөлөөс үүссэн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Ялангуяа манай улсын хувьд?

-Манай эдийн засаг улирлын шинж чанартай. Хоёрт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өөрчлөгдөх нь манай эдийн засгийг маш их савлуулдаг. Дээр нь одоо бий болж байгаа халдварт өвчний тахлын голомт өмнөд хөрштэй, өөрөөр хэлбэл манай улсын худалдаа эдийн засгийн том түнш улстай холбоотой байгаа.

Энэ үйл явц хэр зэрэг удаан үргэлжлэх, хор хохирол ямар хэмжээнд хүрэхийг одоо таамаглаж хэлэхэд хэцүү. Гэхдээ бидэнд тулгараад байгаа бодит эрсдэлээ үнэлээд, цаг алдалгүй шуурхай хариу үйлдэл үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ёстой.

Тоон мэдээнээс экспортын орлогын биелэлт л гэхэд энэ нөхцөл байдлаас эргэлзээтэй болж байна. Нүүрсний экспорт зарим газарт зогсчихлоо. Энэ бүгдээс эхний хагас жил хүнд болох шинжтэй, дээр нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн том цикл энэ жил тохиож байна.

Засгийн газар үүсэн бий болоод байгаа онцгой нөхцөлд ажиллах төлөвлөгөө боловсруулж байгаа гэж бодож байна. Урьд хожид байгаагүй зардлаа танах стратеги хэрэгжүүлэх шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

НОК: Айл хэсэхгүй байж, аав ээжээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Л.Төмөрбаатар “Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдээгүй. Нийслэлийн Засаг Даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхий нийтэд коронавирусын 64161 тохиолдол бүртгэгдэж,1485 хүн нас барсан, 6891 хүн эдгэрсэн дүн мэдээтэй байна. БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудаас авсан давтан шинжилгээний дүн сөрөг гарсан. Нийслэлийн харьяа Эрүүл мэндийн байгууллага иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс 24 цагаар зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна” гэв.


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Монгол Улсын Ерөнхийлөгчийн аравдугаар зарлигийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.Харин арга хэмжээ авах багийг НМХГ-т байгуулаад явж байна. НМХГ-аас нийт байцаагчдын 60 хувьд нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээр хангаад байна.НМХГ-аас 380 хүнд сургалт зохион байгуулж, нийт байцаагч нарт зааварчилгааг ХӨСҮТ-өөс хүргүүлсэн. Шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 7950 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Нийслэлийн Засаг Даргын 168 дугаар захирамжийн хүрээнд сүм хийдийн удирдлагуудад хурал цуглаан зохион байгуулахгүй байх мэдэгдлийг хүргүүллээ. 889 аж ахуй нэгжийн баар, караоке зэрэгт хяналт хийж зөрчил тухай бүрт хариуцлага тооцон ажиллалаа.Нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа бүрэн зогссон гэж” мэдэгдлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр үргэлжлүүлэн нийслэлд хийгдэж байгаа ариутгал халдавргүйтгэлийн ажлын явцын талаар мэдээлэл өглөө.“Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ,хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв гээд нийт 394 мянган метр квадрат талбайд ариутгалыг хийлээ. Холбогдох журмын дагуу 37 тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд ариутгалыг хийж байна. Мэргэжлийн байгууллагаас ариутгалын бодисыг шинжилсэн. Мөн нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий цэгүүдээс 58 мянган тонн хур хогийг төвлөрсөн хогийн цэгрүү зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.Мөн төмөр хайс хашлага тэмдэг тэмдэглэгээг угаах ажлыг зохион байна”гэв.

Ийнхүү урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Онцгой Комиссын Дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө. “Өнөөдрийн байдлаар Монгол улсад энэхүү вирус илрээгүй байгаа ч бид санаа амарч болохгүй. Өглөө болгон нас баралт нэмэгдэж байна. Нийслэлд гарч байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх тал дээр Дүүргүүдийн онцгой комиссын дарга нар онцгой анхаарах шаардлагатай байна.Төр засгаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмж гаргасан ч үүнд хяналт тавих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Хүн олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажиллана. Урьдчилан сэргийлэх тал дээр нийтийн тээврийг хүртэл зохицуулалт хийх ажил явагдана. Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн бүх шатанд эрсдэлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор захирамж гарч ажиллаж байна. Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас бид сонор сэрэмжтэй байж иргэдээ хамгаалах,хүнд нөхцөл байдлыг даван туулна.Энэ хүнд нөхцөл байдалд нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт амны хаалт зүүгээгүй бол үйлчлэхгүй байхаар болсон. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед элдэв төрлийн нян, бактери нэмэгдэх эрсдэлтэй тиймээс ариутгал халдваргүйтгэлийг шуурхай хийж бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг даалгаврыг НОК-ын гишүүдэд өглөө.Мөн хуралдааны төгсгөл Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.


Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 71 269-д хүрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 17-ний 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусний халдвараар 1773 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 71 269-д хүрсэн бол 10 773 хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт 27,838 иргэн азтан боллоо

Өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 02 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,974,634 баримт хамрагдсанаас:

5 сая төгрөгийн 1

3 сая төгрөгийн 21

1 сая төгрөгийн 232

100 мянган төгрөгийн 2500

30 мянган төгрөгийн 25084 баримт тохиролд таарч, нийт 27,838 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 31449394.

Супер азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 32333518.

Categories
мэдээ нийгэм

Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгуулав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Завхан аймгийн Тэс суманд ажиллалаа.

Энэ үеэр Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Тус аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Тэс сумд Улаанбааатраас 1100 гаруй, аймгийн төвөөс 300 гаруй км алслагдсан. Нийт 15 багийн 2647 өрхийн 8500 гаруй хүн амтай. 1247 өрхийн 472,700 гаруй толгой мал өвөлжиж байна.

Нийт нутгаар цасны зузаан 10-35 см, хунгарласан газартаа 40-60 см, гуу жалгандаа 70-120 см зузаан цастай.

Аравдугаар сараас хойш орсон цас хатуурч, хөрөлсөн, мөстдсөн зэрэг нь өвс, тэжээлийн хомсдол үүсэх, малын хөл халзрах, мал зүй бусаар хорогдох эрсдэлийг дагуулж байна. Баянхайрхан сумын Төөнөтийн даваа, Баянтэс сумыг Зайгал, Тэс сумын Баян-Уулын архос, өвөрхос, Тээрэнгийн даваа цасанд хаагдсан байсныг нээсэн.

Аймгийн аюулгүй нөөцөөс 40 тн өвс, 40 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгосон. Харин шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Угтах-Зөвлөгөө” үйлчилгээ гаргаж, хилийн боомт, нийтийн тээврийн хэрэгслээр орж, гарч байгаа иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Сумдын эрүүл мэндийн байгууллагууд гэрээр үзлэг хийж байгаа. 308 хүнийг үзлэгт хамруулснаас 41 буюу 13,8 хувь нь томуутай байсан бол 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 86 хүний 6 буюу 6,9 хувь нь томуутай гарч, өвчлөл буурсан үзүүлэлттэй байгааг мэдээллээ.

“Шуурхай бүлэг”-т малчдад шаардлагатай байгаа 260 тн өвс, 245 тн тэжээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох, эрүүл мэндийн газруудын автомашинуудыг засварлахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, Тэс сумын Цагдаагийн хэлтсийг автомшинтай болгох, тусгаарлах байрыг бэлтгэхэд эм, эмнэлгийн болон багаж, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.15-2020.02.16-ны өдрүүдэд нийт 460 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 347-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал 2020.02.16-ны өдрийн 01:18 цагийн орчимд СХД-ийн 18 дугаар хороо Толгойтын зам “Залуус” хотхоны урд уулзварт ЗИЛ-130 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч овог, нэр гэрийн хаяг тодорхойгүй /30 орчим насны эмэгтэй/-г мөргөж амь насыг хохироосон хэргийг шалгаж байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.