Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Зарим бараа, бүтээгдэхүүний татвар төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж үзэж байна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.18) Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дээр үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, амны хаалт, ариутгах бодис, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчдэд төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Хүнсний бүтээгдэхүүний хувьд хангамж харьцангуй тогтвортой, үнийн өсөлт бага байгааг өнгөрөгч амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд хийсэн Үндэсний статистикийн газар болон холбогдох бусад байгууллагуудын судалгаа харуулж байна. Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор махны үнэ бага зэрэг өссөн байна. Супермаркетууд болон зарим үйлдвэр, ханган нийлүүлэгчид үнийн өсөлт гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин эмийн сангуудад амны хаалт хангалтгүй, түүхий эдийн нөөц дутмаг байгаа учраас амны хаалтны зориулалтын бараа, материалыг оруулж ирэх талаар ажиллаж байна. Манай үйлдвэрлэгчид БНХАУ-аас, тэр дундаа Ухань мужаас голчлон түүхий эдээ татдаг байсан. Одоо тэндээс авах боломжгүй болсон тул БНСУ, БНСВУ зэрэг орноос авч байгаа юм байна. Турк улстай яриа хэлэлцээ хийж байгаа.

УИХ дээр бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн хангамжийг хэвийн байлгах асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Цаашид гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьчилан сэргийлэх баталгаатай нөөц бүрдүүлэх шаардлагатай. Маргааш (2020.02.19) УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Та бүхний санал санаачилгыг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт санал хүргүүлнэ” хэмээн танилцуулав. Дэлхийн зах зээл дээр амны хаалтны түүхий эд болон өргөн хэрэглээний гурил, элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ нь хүнсний хангамжийн 90 гаруй хувь нь импортоос шууд хамаардаг манай улсын хувьд хүндрэл учруулж магадгүй. Тиймээс валютын ханшийг тогтвортой байлгах талаар анхаарах шаардлагатай гэсэн асуудлыг үйлдвэрлэл эрхлэгчид хөндөж байв.

Тэд стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний гаалийн болон бусад төрлийн татвар төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргах шаардлага байгааг УИХ-ын даргад уламжилсан юм. Ингэснээр бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орохгүйн дээр нөөц бүрдүүлэх боломжтой болно гэлээ.

“Мөнхийн тун” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Батхишиг:

-Манайх амны хаалт хийх түүхий эдээ БНСУ-аас авах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Түүхий эдийн үнэ болон тээврийн зардал өсөж байна. Анх 3 ам.доллар байсан даавуу өнөөдөр 16 ам.доллар болтлоо өссөн. Амны хаалтны үнийг нэг түвшинд буюу 300 төгрөгт барих шаардлагыг төрөөс тавьж байгаа. Нэг удаагийн амны хаалтыг хоёр ээлжээр тасралтгүй үйлдвэрлэж байна. Тээвэрлэлтэд хүндрэл үүсэж байгаа учраас амны хаалтны түүхий эдээ онгоцоор авчирч байна. Амны хаалтыг татвараас чөлөөлсөн хэрнээ түүхий эдийг чөлөөлөөгүй. Тиймээс амаргүй хүнд байдалд ажиллаж байна. Үнийг аль болох нэмэхгүй байхад анхаарч байгаа ч хүндрэл их гарч байна.

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл:

-Үүссэн нөхцөл байдлыг хамтдаа даван гарах гарц шийдлийг олохоор үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, саналыг нь сонсож байгаад баяртай байна. Хүнсний хангамж хамгийн чухал асуудал. Манай үйлдвэрийн хувьд нэг сарын нөөц бий. Түүнээс цааш хүндрэл гарах магадлалтай. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа. Бидний зүгээс ашиг хонжоо хайж, бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй. Түүхий эд, материалаа гаднаас авч байгаа үед валютын ханшаа барих хэрэгтэй байна. Валютын ханш өсөхгүй бол бид үнийг тогтвортой барьж чадна.

“Улаанбаатар гурил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Доржханд:

-Манай улс жилд нийт 240 мянган тонн гурил хэрэглэдэг. Сард 20 мянга орчим тонн гэсэн үг. Үүнийг үйлдвэрлэхийн тулд 360 орчим мянган тонн улаан буудай хэрэглэдэг.

Хоёрдугаар сарын 10-ны байдлаар манай улсын хэмжээнд 12 мянган тонн гурил, 45 мянган тонн буудайн нөөц байна. Үүнээс үзвэл гуравдугаар сараас цааш нөөцгүй болох магадлалтай. Салбарын яамнаас гурил үйлдвэрлэгчдэд 60 мянган тонн улаан буудай импортлох квот олгосон ч татвартай холбоотойгоор татан авалтаа хийж чадахгүй байна. 2019 оны намар буудайны дундаж үнэ 580 мянган төгрөг байсан. Өнөөдөр ОХУ-аас татваргүйгээр 700 мянган төгрөгийн үнэтэй буудай авч байна. Үүн дээр татвар нэмэгдвэл 800 мянга орчим болно. Аливаа бүтээгдэхүүний үнэ өртөг дээр суурилж гардаг. Буудайг ийм өндөр үнээр авчихвал гурилаа хэдэн төгрөгөөр зарах вэ гэдэг асуудал гарч байна. Тиймээс төр засгаас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх, чөлөөлөх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ бол хэсэг үйлдвэрлэгчийн асуудал биш. Улсын хэмжээнд хамгийн багадаа 3-4 сарын нөөц байх шаардлагатай.

МҮХАҮТ-аас үйлдвэрлэл эрхлэгчидтэй өмнө нь хоёр ч удаагийн уулзалтыг хийжээ. Тэндээс гарсан саналуудаа нэгтгэн УИХ-ын даргад албан ёсоор гардуулан өгсөн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтаас гарсан саналуудыг судалж, түргэн шуурхай шийдвэрлэхээ илэрхийлсэн бөгөөд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн импортлогч, амны хаалт үйлдвэрлэгчдийн гаалийн татварын төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шийдэх боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Image result for Хүйтний эрч чангарна

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

Энэ сарын 20-24-ний цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21,23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Categories
мэдээ нийгэм

“COVID-19”-ын эсрэг хэрэгцээтэй зүйлээр дэмжин туслахаа илэрхийлэв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзах үеэр, АНУ-ын талаас коронавирусний халдварын эсрэг хэрэгцээ шаардлагатай зүйлээр дэмжиж туслахаа илэрхийллээ.

Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, дэлхийн олон улсад тархаад байгаа коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэхэд салбар яам хэрхэн ажиллаж байгаа талаар санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон томуугийн өвчлөлийн талаар танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ, хоёр улсын байгуулж байсан гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажил хийсэн байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний эрт илрүүлэг, томуугийн вакцин зэрэг олон чиглэлд хамтран ажиллаж, үр дүнгээ өгч байгааг онцолсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Туульч А.Балдандоржид Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагч батламж, мөнгөн шагналыг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх туульч Авирмэдийн Балдандоржид Соёлын биет бус өвийн 2019 оны Шилдэг өвлөн уламжлагчийн батламж, дагалдах 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу нийслэл болон 21 аймгийн нийт өвлөн уламжлагчдын дунд шалгаруулалт явуулж туульч А.Балдандоржийг ийнхүү шилдэгээр тодруулжээ.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр ихээхэн анхаарч, түүний соён гэгээрүүлэх үүргийг нэмэгдүүлэх хүрээнд өв соёл, үүх түүхээ хойч үедээ уламжлан үлдээхийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж буй уран бүтээлчдийг урамшуулж буй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх туульч А.Балдандоржид уран бүтээлийн амжилт ерөөж, монгол түмний ёс заншил, эрдэм мэдлэгийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үйлсээ улам илүү чамбайруулан үргэлжүүлэхийг хүслээ.

А.Балдандорж нь Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү бөгөөд ааваасаа тууль хайлах өнгө аяс, айзам хэмнэл, хөг аялгууг өвлөн авчээ. Алтайн магтаал, Урианхайн туульс зэрэг үнэлж баршгүй Соёлын биет бус өвийг үе уламжлан түгээн дэлгэрүүлж буй удам дамжсан туульч юм. Мөн Засгийн газраас Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан шилдгийн шилдэг 102 өвлөн уламжлагчийг тодруулсан “Үндэсний жагсаалт”-д багтсан байдаг аж.

Монгол Улс монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг “Монгол тууль”-аа 2009 онд “ЮНЕСКО”-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн билээ. Цаашид жил бүр Соёлын биет бус өвийн оны шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, батламж, мөнгөн шагналаар шагнаж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Байнгын ажиллагаатай хяналтыг цэгийг байгууллаа

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн “Байнгын ажиллагаатай хяналт цэг”-ийг 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гүнтийн даваанд байгууллаа.

Тус хяналтын цэгийг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид байрлах камержуулалт, мэдээ мэдээллээр хангах удирдлагын функц бүхий тусгай зориулалтын өрөө, тасалгаагаар тохижуулсан бөгөөд ирэх хавраас тээврийн хэрэгсэл ариутгах терминал, тусгаарлах журмын хашаа, ногоон байгууламжаар тохижуулах юм.

Мөн аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүднээс Гүнтийн даваа хүртэл зуслангийн замд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг бүрэн хийсэн байна.

Ингэснээр нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт шалгалт хийх, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, албадын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэж, хамтын ажиллагаа сайжрах юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д үлдсэн 336 иргэнээ ойрын хугацаанд татан авна

Засгийн газрын хуралдаанаар улсын хилийг бүрэн хааж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хил хааснаас хойшхи хугацаанд Гадаад харилцааны яам, Консулын газраас тодорхой хугацаа өгч БНХАУ-д байгаа монгол иргэдээ татан авчрахаар ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Ингэснээр 106 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасны дагуу татан авах ажлыг зохион байгуулсан аж.

Гэвч өнөөдрийн байдлаар Шанхай хотод 10, Бээжин хотод 56, Эрээн хотод 100 монгол иргэн үлдсэн байгаа бөгөөд мөн Хөххотод байгаа цөөнгүй иргэнээс эх орондоо буцах хүсэлтийг тавьжээ. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг ойрын хугацаанд татан авна” гэдгийг хэллээ.

Хоёрдугаар сарын 18-ны мягмар гаригийн өглөө өгсөн мэдээллээр, Хятадад халдварын улмаас нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 98-аар нэмэгдэж 1868 болсон бол 72,4 мянган хүн халдвар авчээ. Харин 12 мянган хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Товчоодод эрүүл мэндийн хяналт хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт коронавируст “Ковид-19” халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах үүрэг бүхий эрүүл мэндийн хяналтыг авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” А/07 тушаал гарч, 2020 оны 02 дугаар сарын 07–ны өдрөөс эхлэн харьяа эрүүл мэндийн байгууллагуудыг хуваарийн дагуу эхлэн ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод НЭМГ-аас НОБГ, НЦУГ, НМХГ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас доорх хуваарийн дагуу ахлан ажиллаж байна.

1. Хэрлэнгийн гүүр – Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /4/

2. Багахангай – Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг

3. Налайх – Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /4/

4. Эмээлт – Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /23/, Наркологийн эмнэлэг

5. Баруун туруун – Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /32/, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /20/

6. Морингийн даваа – Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /27/, Энэрэл эмнэлэг

7. Гүнтийн даваа – Чингэлтэй дүүрэг, ӨЭМТ /16/

8. Өлзийт – Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ 15/–ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн томилогдон ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шуурхай штаб байгуулагдаж, энэ дагуу НЭМГ-аас томилогдсон албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн Зам тээвэр, хөгжлийн яамнаас болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос цаг үеийн мэдээлэл авч нэгтгэн, Нийслэлийн Онцгой комиссын удирдлагад тогтмол хүргэн ажиллаж байна.

2020 оны 02 дугаар сарын 07-ноос 18-ны өдрийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх дээрх товчоодоор 57.259 тээврийн хэрэгсэл, 173.527 зорчигч нэвтэрсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Түүнчлэн дээрхи хугацаанд 150 галт тэргээр 41.469 зорчигч, нисэх онгоцоор 229 нислэг үйлдэж, 19.585 зорчигч, автотээврийн үндэсний төвөөр 2156 тээврийн хэрэгслээр 40.149 хүн тус тус зорчиж төмөр замаар 1, нисэх онгоцоор 6 сэжигтэй тохиодол илрүүлэн тусгаарласан байна.

Categories
мэдээ нийгэм

“Түмэн тэмээний баяр-2020” арга хэмжээг цуцалжээ

Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн тэмээний баярыг албан ёсоор цуцалжээ. Албаныхан “Түмэн тэмээний баяр-2020” арга хэмжээг ирэх сарын 6-наас 7-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд шинэ коронавирусийн тахалтай холбоотойгоор цуцалж байгаа аж. Өмнөговь аймгийн Булган сумын нутагт болдог тэмээний баяр нь олон улсад танигдсан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байсан үйл ажиллагаа аж.

Categories
мэдээ нийгэм

Л.Амармөрөн: Дроноор хянана гэх мэдээлэл худал болохыг албан ёсоор хэлье

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар: “Сүүлийн өдрүүдэд Цагаан сараар айл хэсэх иргэдийг дроноор хянана, уламжлалт баярын золголтыг дроноор зогсооно, тэтгэвэртээ суусан ахмадуудыг эргүүлд гаргана гэх мэтчилэн худал мэдээллүүд цахим орчинд гарч иргэдийг төөрөгдүүлж байна.

Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд онцгой шаардлагатай үед зарим төрийн албан хаагчдыг хуваарилж ажиллуулах талаар яригдсан.

Амны хаалтгүй иргэдийг торгоно, Цагаан сар тэмдэглэж айл хэссэн иргэдийг дроноор хянана, сайжруулсан түлшний барьцалдуулагчийг гурилаар орлуулсан гэх зэрэг олон нийтийн сүлжээгээр явж байгаа баримт нотолгоогүй мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн:Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс өндөрлөг цэгүүдээс дрон нисгэдэг. Цагаан сараар айл хэсэж буй иргэдийг дроноор хянана гэдэг мэдээлэл худал гэдгийг албан ёсоор хэлье. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжид нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай бие зассан 169 зөрчил, нус шүлсээ хаясан 85 зөрчлийг бүртгээд байна. Зөрчил гаргасан иргэдийг ойролцоох гудамж талбай дахь аж ахуйн нэгж байгууллагуудын хяналтын камераар илрүүлж байгаа” хэмээв.

МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай: “Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ойр орчмын газраа бохирдуулсан, ил задгай хог хаясан таван аж ахуйн нэгж, гурван иргэнд нэг сая 800 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагааг албадан зогсоож байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Гүнт, Налайх, Өлзийт, Морингийн даваа зэрэг 7 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 24 цагийн турш нийслэл рүү нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байгаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй байхыг уриалж байна” гэлээ.

Цахим орчинд эх сурвалжгүй худал мэдээллийг олон нийтэд түгээж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгуулагууд баттай эх сурвалжтай мэдээ мэдээлэл бэлтгэн түгээхийг албаныхан энэ үеэр уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад зорчсон иргэд сайн дураараа үзлэгт хамрагдаж байна

БНХАУ-д өнөөдөр өглөөний байдлаар “COVID-19” халдварын 73 331 тохиолдол илэрч, 1 872 хүн нас баржээ. Тус улсаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 хүн нас барсан нь бүртгэгдээд байна. Тиймээс гадаад руу аялсан иргэд ХӨСҮТ-д хандан зөвлөгөө авч байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр онцоллоо.

Тэрбээр, “ХӨСҮТ-д 3, Говьсүмбэр аймагт 2 иргэнийг өчигдөр тусгаарлан шинжилгээ авч, эмчийн үзлэг хийж байна. Энэ сарын 16-нд тусгаарласан нэг иргэнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Гадаадад аялаад ирсэн иргэд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй ч ХӨСҮТ-д хандаж байна. Үзлэгээр тусгаарлах, зөвлөгөө өгөх эсэхийг шийдэж байгаа” гэсэн юм.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ГССҮТ-ийн эмч, ажилтнууд “Нэг дэлхий-Нэг хүч” уриан дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нарт нэг өдрийн цалингаа хандивлан, сэтгэл санаагаар дэмжихээр болсон. Мөн ЭМЯ-наас иргэдийг шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутагт зорчихгүй байхыг зөвлөсөөр байна.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Шинэ коронавируст халдварын тохиолдолд хийсэн судалгаагаар 86.6 хувь нь 30-79 хүртэлх насны хүмүүс илэрсэн. Эмнэлгийн 1 716 ажилтан халдвар авснаас 5 хүн нас барсан. Хэдийгээр 1 000 ортой эмнэлэг барьж, эрүүл мэндийн, цэргийн ажилтнуудыг дайчилж эрчимтэй арга хэмжээ авсан ч шинэ коронавирус тархсан хэвээр байна. Маш хүнд гэж оношлогдсон өвчтөнүүдийн нас баралт 49 хувьтай байна. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа.

ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал: Шинэ коронавируст халдварын эсрэг эм, тариа гаргаж авсан гэсэн мэдээлэл одоогоор байхгүй. Тус вирусний улмаас нас барсан тохиолдлыг бууруулахын тулд эмнэлзүйн туршилт хийсээр байна. БНХАУ-д 80 гаруй судалгаа хийж, 15 нь нэлээн үр дүнтэй байгааг мэдээлсэн. Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусний эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийснийг өчигдөр танилцуулсан.