Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д эрсдэлийн үнэлгээ хийлээ

Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Монгол Улсад шинэ коронавирус орж ирсэн үед тархах эрсдэлийн үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу ОБЕГ, ЗТХЯ, БСШУСЯ, Сангийн яам, ГХЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГЕГ, МХЕГ, ХӨССҮТ, ЗӨСҮТ, НЗДТГ, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг явуулсан юм.

Үнэлгээний дүн, тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Ойгон нуур”-т живсэн 143 үхрийн сэг зэмийг бүрэн гаргаж дууслаа

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон нуурт” өнгөрсөн 11 дүгээр сард живсэн үхрийн сэг зэмийг нуурааас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын иргэдтэй хамтран зохион байгууллаа.

Тодруулбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр “Ойгон нуур”-ын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж хорогдсон. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Тэгвэл энэ сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан “Ажлын хэсэг” нуурын 40-85 см мөсийг зүсэж, 97 цооног гарган 104 үхрийн сэг зэмийг 20 автомашин багаж хэрэгслийн тусламжтайгаар гаргаж, цэвэрлэлээ.


Categories
мэдээ нийгэм

Дөрвөн аймаг замын хөдөлгөөнөө хязгаарлаад байна

Корона вирусын дэгдэлттэй холбоотойгоор аймаг, сумдад хөл хорио тогтоож, нийслэлээс гарах замуудыг хаахаар болсон билээ. Дараахь дөрвөн аймаг хамгийн түрүүнд замын хөдөлгөөнөө хязгаарлажээ.

  • Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
  • Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
  • Архангай аймгийн Засаг дарга хоёрдугаар сарын 18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд, автомашины хөдөлгөөнийг2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гүжрийн өмнө үнэн хүчгүй буюу ХУУРАМЧ МЭДЭЭ

Орчин үед хуурамч мэдээ шиг элбэг юм байхаа болилоо. Хуурамч мэдээ буюу худлаа ярихын хор уршгийг хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш балгийг нь амсаж, “Энэ буруу юм байна” гэж үр хүүхэд, хойч үедээ сургасаар ирсэн.

Оросын сонгодог зохиолч, ёгт үлгэрч И.А.Крыловын “Чоно ирлээ” гэх үлгэрийг хүмүүс мэднэ дээ. Уг ёгт үлгэрт хонь хариулж явсан хүү “Чоно ирлээ” хэмээн тоглоом шоглоом болгож хашгиртал тосгоныхон нь санд мэнд гүйлдэж, сандралдсаар ирэхэд өөдөөс нь хөвгүүн элгээ хөштөл инээж баясдаг. Хоёр дахь удаагаа мөн л “Чоно ирлээ!” гэж хашгирахад эхний удаад хууртагдсан тосгоныхон айхавтар анхаараагүй ч нэлээд хэдэн хүн очдог. Тэгтэл мөн л худлаа дуудаж, тоглоом хийсэн байдаг. Гэтэл маргааш нь хүүг хонио хариулаад явж байтал чоно жинхэнээсээ хүрч ирж сүрэг нь рүү дайрч, хуйлруулахад хүү айж цочин уйлан хайлан “Чоно ирлээ” гэж хичнээн ч орилоод тосгоныхон ирдэггүй. Ингээд хүү хамаг хонио чононд бариулж буйгаар үлгэр төгсдөг. Энэ үлгэрийг дээхнэ үеийн сурах бичигт байсныг манайхан мэдэх билээ. Худлаа ярих ямар хор уршигтайг хүүхэд, багачуудад ийнхүү үлгэрээр дамжуулж сургаж байжээ.

Тэгтэл өнөөдөр хүн болгон шахуу тэр хоньчин хүү шиг л хуурамч мэдээ тараадаг болсон. Тийм боломжийг нь ч техник технологийн дэвшил нь олгоод өгчихлөө. Бүгд шахуу фэйсбүүк, твиттер хаягтай болчихсоныг хүн бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчихлоо гэж бас харж болно л доо. Хуурамч мэдээг бүгд машид ихээр үнэмшилтэй хүлээж авч олуулаа шаагьж, шуугиж орж ирээд цааш нь түгээж, тухайн мэдээ бичигчийг дагаж, дэмжиж эхэлцгээдэг. Араасаа олон хүн дагуулж байгаа хүн дээрх үлгэрт гардаг хүү шиг өөрийнх нь мэдээнд үнэмшээд өөрт нь анхаарал хандуулж, өөр дээр нь шавж байгаа хүмүүсийг хараад эго нь хөдөлдөг. Хуурамч мэдээ бичиж байгаа хүн өөрийг нь танихгүй олон хүн тоогоод, өөрт нь анхаарал хандуулаад ирэхээр тэрнээсээ таашаал авч, дахин дахин тэр “гоё” мэдрэмжийг авах гэж улайрдаг.

Орчин цагт хуурамч мэдээг “тунхагласан” нэг үг бий. “Худлыг мянга давтвал нэг үнэн болно” гэж. Энэ бол Адольф Гитлерийн хүн төрөлхтөнд хор хүргэсэн арван үгийнх нь нэг болох “Хэрвээ чи худлаа зүйлийг хангалттай олон удаа ярьж чадвал үнэн болно” гэсэн үгнээс гаралтай. Хуурамч мэдээг үнэнээс дээгүүр тавьсан “Суртал нэвтрүүлгийг чадварлаг хийснээр хүмүүс диваажинг там, адгийн амьдралыг ч аз жаргал болгож харна”, “Ялагчаас хэн ч үнэн ярьсан эсэхийг нь асуудаггүй”, “Аугаа худалчид бас аугаа шидтэнүүд байдаг” гэсэн түүний үгс бий. Ийм үгс гарч ирснээр худлааг үздэггүй хүн төрөлхтөн хуурамч мэдээ, худлаа ярихыг нэг их аюултай биш мэтээр үзэж хүн болгон л “Худлааг мянга давтвал үнэн болдог юм аа” гэж хэлцгээдэг болчихсон. Адольф Гитлер 1933-1945 онд Германыг удирдаж байсан. Төрийн толгойд арав гаруй жил суусан гэсэн үг. Худал үгсээр нийтийг турхирч, худлаа мэдээллээр ард түмнийхээ толгойг эргүүлж, дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээснээр 60 гаруй сая хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн ард иргэд байсан. Худлаа үг чангаар хашгирсаар байгаад төрийн эрхэнд гарч ирсэн ч эцэст нь үхлийн муугаар үхсэн. Ёстой нөгөө гүжрийн өмнө үнэн хүчгүй гэдгийг тэр эрх барьж байхдаа бодитоор нь харуулсан. Гэвч үнэн тээр хойно ч гэсэн сажилсаар л ирдэг гэдгийг ингэж баталсан.

Гэхдээ хүн төрөлхтний уг язгуурт байдаг худлаа үг, худлаа мэдээг таашаадаггүй, худалчийг жигшдэг байдал яг хэвээрээ байгаа л даа. Худлаа мэдээгээр улс орныг залуурдвал дээд тал нь арван жил болоод л түүхээс арчигддаг гэдэг нь ингэж батлагдсан. Бэлээхэн ийм түүх байсаар байтал орчин цагийн нийгэмд худал мэдээ эргээд дэлгэрч байна. Үүнийг нотлох хамгийн сүүлийн жишээ бол Монголд төдийгүй, дэлхий дахинаа коронавирустэй холбоотой элдэв цуу үг, худал мэдээ хөвөрч байна. Хүн төрөлхтөн яагаад ингээд худал мэдээнээс бүрмөсөн салж чаддаггүй, больдоггүй юм бэ?

Яагаад вэ гэвэл худал мэдээ тараагчид эгогоо мэдрэхийн тулд энэ бүхнийг хийдэг. Хуурамч мэдээ, эго хоёр шууд хамааралтай. Худлаа мэдээг сошиал сүлжээ хамгийн ихээр түгээж байгаа. Гэхдээ сошиалаар явж байгаа мэдээ болгоныг худлаа гэх бас адармаатай. Тэгэхээр сошиалаар хөвөрч байгаа мэдээнүүдээс уншигч бээр шүүж, тунгааж үнэнийг нь таних л хэрэгтэй. Уншигч хэрсүүжих хэрэгтэй болсон. Тиймээс сошиалаар явж байгаа мэдээ мэдээлэл бүгдийг хэрэггүй гэж бас туйлширч болохгүй. Болохгүй гэдгийг саяхан коронавирусийн халдвараар нас барсан Хятадын Ухань хотын эмч Ли Вэнлянь нотолсон. Аюултай вирус тархаж буйг, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг энэ залуу хамгийн эхэлж дэлхий нийтэд сануулж байсан ч түүний сануулгыг нутаг нэгтнүүд нь огтхон ч тоолгүй Цагаан сарын баяраа өргөнөөр тэмдэглэцгээсэн. Юманд дүгнэлт хийх чадвартай хүн бол түүний хийсэн бичлэгт итгэж болох үндэслэлүүд байв. Нэгдүгээрт, тэр залуу ард түмний дунд мэргэжлээрээ ажиллаж байсан эмч хүн. Хоёрдугаарт, яг тэр голомтод ажиллаж, амьдарч байсан иргэн хүн байсан. Ингэхээр тэр залуу үнэмшиж болохоор, ядаж бичлэгийг нь гүйлгэж харж болохоор эх сурвалж байсан юм.

Тэгвэл одоо бид ямар ч хамаагүй мэргэжилтэй, юу хийдэг нь тодорхойгүй, эх сурвалж болохооргүй этгээдийн тавьж байгаа мэдээг таньдаг ухамсартай болох шаардлага тулгарч байна. Сошиал сүлжээ баталгаа муутай. Баталгаатай байх ч албагүй л дээ. Тийм үүрэг ч байхгүй. Хувь хүн юугаа бодно уу, юугаа нийтэд харуулж тавина уу өөрийнх нь дурын асуудал. Тэгвэл үнэн мэдээг хаанаас авах юм бэ?

Үнэн мэдээллийг баталгаатай редакци, мэдээллийн мэргэжлийн байгууллагуудаас авах хэрэгтэй. Телевиз, сонин байна. Гэхдээ дижитал хувьсгал гарснаас хойш телевизэд зовлонтой юм их болсон тал бий. Арилгачихаж болдог, бичлэгийг засварлачихаж болдог. Хүний ярьж буй дүрсэн дээр яг өөрийнх нь юм шиг дуу хоолойгоор огт өөр юмыг ярьсан болгоод эвлүүлчихдэг тусгай программ хүртэл бий болчихсон. Ийм болсон болохоор туйлын үнэн гэж хэлэхэд хүндрэлтэй. Тэгэхээр одоо эцсийн үнэн бол өдөр тутмын сонин болсон. Сонин бол тэр чигээрээ архивын материал, түүхэн баримт бичиг болж, түүхийн өв соёлтой хамт үдэгдэж, хадгалагддаг.

Тиймээс сонин захиалах гэдэг ажлыг эргээд хийж хэвших хэрэгтэй боллоо. Иргэд “Сонин захиалах”, “Хэвлэл захиалах” гэдэг үгийг мартсанаас л сонин захиалахаа умартчихсан. Сонин өөрийн өртөгтэй болохоор үнэтэй. Орчин үеийн дижиталууд үнэгүй, үнэ багатай. Тийм ч болохоор тэр үү хүмүүс сониныг үнэтэй гэж бодоод захиалгаа багасгачихсан. Гэхдээ мэдээлэл бол өнөө цагт амин чухал хэрэгцээтэй. Өнөө цагт гэлтгүй хүн төрөлхтний түүхэнд үнэн мэдээ гэдэг бол хүний амьтай тэнцэхүйц чухал зүйл гэгдэж ирсэн байдаг.

“10 жилийн өмнө мөнгө төлж мэдээлэл авах нь хүмүүсийн ой тойнд буухааргүй зүйл байв. Харин сүүлийн хоёр жилд уншигчид олон эх сурвалж бүхий баталгаатай мэдээллийн төлөө мөнгө төлөхөөс гар татахаа больж байгаа нь анзаарагдаж байна” гэж өдөрт 200 мянган хувь хэвлэгддэг Австралийн “Aus­tralian Financial review” сонины уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч Петер Керр ярьжээ. Уламжлалт хэвлэл, сонинд хүмүүсийн итгэх хандлага эргээд сэргэж, мөнгө төлж мэдээлэл авдаг болж байгаа нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын “Хуурамч мэдээлэл”-ийн эсрэг хийж буй тэмцэлтэй холбоотой. Үй түмэн мэдээллийн урсгал дунд бүдчиж яваа нийгэмд төөрөхгүйн тулд мөнгө төлөөд ч болов бодит мэдээлэл авах үнэ цэнэтэй хандлагыг төлөвшүүлэхэд Д.Трампын уриалга баттай нөлөөлсөн гэдгийг Петер Керр дурджээ.

Дэлхий нийтээрээ ийм ороо бусгаа байгаа цагт үнэн мэдээ амины үнэтэй гэдгийг ингэж тайлбарлаж байна. Тийм болохоор сонины улирлын захиалгын хэдэн төгрөг бол таны амины үнийн хажууд бол юу ч биш шүү. Яагаад вэ гэвэл баллаж цохолж болдоггүй учраас сонин бол хамгийн баталгаатай мэдээллийн хэрэгсэл. Уншигч өөрөө хуурамч мэдээг таньж, шүүж тунгааж, хэрсүүжих ёстой болжээ. Мөн үнэн мэдээг уншъя гэвэл сонин захиалах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 19-нд болох үйл явдлууд

10.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавирусний эрсдэлээс сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 91989890, 99094993

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2019 оны IV улирлын дүнг танилцуулна.

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн иргэд банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох шаардлагын талаар мэдээлнэ.

12.00 цагт “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа

Image result for Сургуулийн сурагчид

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ.

“Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор III сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Мөн манай улсаас Хятадад аялж, зорчиж байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлаж ажиглалт хийсэн. Халдвар одоогоор илрээгүй байна. Гэхдээ нэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Улсын онцгой комиссын ажлын хэсгээс 43 төлөөлөл оролцсон судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээ хийхэд зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл мөн өндөр гарсан. Улсын онцгой комисс дээр хот хоорондын хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй байна. Цаашид Цагаан сарын баяр хүртэл хугацаа байгаа учраас тухай бүрт нь хэлэлцээд, шийдвэр гаргана” гэлээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН №11

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.

Төлөвлөгөө батлах тухай*

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

3.

Хөрөнгө гаргах тухай

Д.ЦОГТБААТАР

4.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

5.

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

6.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

7.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

8.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.НЯМДОРЖ

9.

Протокол батлах тухай

Ц.НЯМДОРЖ

10.

Тогтоол, журам шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

11.

“Амгалан дулааны станц” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай

Ц.ДАВААСҮРЭН

12.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

13.

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

14.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

15.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

16.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.ЦЭРЭНБАТ

17.

Эдийн засгийн төлөв байдлын талаар*

Ч.ХҮРЭЛБААТАР

18.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагаанд хийх зохицуулалт, арга хэмжээний талаар

Ё.БААТАРБИЛЭГ


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Хадгаламжийн хүүг өгөхгүйгээр, зээлийн хүүг тэглэж болно

– ЭРХ БАРИГЧДАД СОНГУУЛЬД ЯЛАХ НЬ Л ЧУХАЛ БАЙНА –

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүү, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй гэх санал гаргасан. Хуулийн хүрээнд энэ нь хэр боломжтой юм бэ?

-Монгол улсын иргэний хуульд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед гэрээний үүргийг хариуцахгүй байх боломжтой гэж тусгасан байдаг.

Энэ утгаараа хүмүүс ямар эрсдэл учирсан, яагаад зээл, зээлийн хүүгээ төлөх боломжгүй болсон гэдгээ нотолж, шүүхэд хандах боломж бий. Гэхдээ ийм байдлаар шүүхэд хүндрэл учруулах нь зохимжгүй. Угтаа зээл авагч болоод зээл өгөгч буруугүй. Гагцхүү энэ тохиолдолд төрийн зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна.

-Зээл, зээлийн хүүг зогсоосноор банкны салбарт хүндрэл үүсчих юм биш үү?

-Маш олон гарц байж болно. Жишээ нь, хадгаламжийн хүүг өгөхгүйгээр, тэрхүү 14 хувиараа зээлийн хүүг тэглэж болно. Хүний мөнгө авсан юм чинь зээлээ буцаалгүй л яахав. Гэхдээ ийм хүнд үед хүүгүй өгөх ёстой. Тухайн зээлийн гэрээ 10 сар үргэлжлэх байсныг 12 сар болгож, хугацааг нь шууд сунгачихаж ч болно. Зээлийн хугацааг дуусахад торгууль, хүү төлөхгүйгээр үндсэн зээлээ буцааж өгөх байдлаар шийдэж болно. Хадгаламж найдвартай хадгалагдах боловч энэ давагдашгүй нөхцөл байдлаас үүдэн хүүгүйгээр хадгалагдах нь гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн банк ашиг олох боломжгүй болчихож байгаа учир ингэж шийдэж байгаа хэрэг. Энэ бүхний эрсдэлтэй байх эсэх, зах зээлийг судалгааг хийх хэрэгтэй. Өнөөдөр яг аль салбар нь хүнд байгааг олж тогтоож, төлөвлөгөө боловсруулан шийдвэр гаргах шаардлагатай байна. Шулуухан хэлэхэд энэ улс орны төлөө ажил хийхгүй байна.

-Олон улс, тэр дундаа БНХАУ эдийн засгийн нөхцөл байдалдаа хэрхэн анхаарч байна вэ?

-АНУ, БНХАУ зэрэг томоохон орнууд үүссэн эдийн засгийн нөхцөл байдалд авах арга хэмжээ, хөтөлбөрөө боловсруулаад явж байна. Мэдээж нэг өдөр коронавирусийн дэгдэлт намжиж, сайхан цаг ирнэ. Тэр үед олон улсын шинжтэй валюттай орнууд эрсдэлээс гарахад амархан. Тэд мөнгө үйлдвэрлээд л явчихна гэсэн үг. Гэтэл Монгол төгрөгийг дэлхийн хаана ч авахгүй. Юань, ам.долларыг дэлхийн бүх улс авдаг. рубелийг ч олон оронд валют гэж ашигладаг. Монгол Улс валют үйлдвэрлэдэггүй орон учраас илүү хүнд нөхцөл байдалтай нүүр тулахуйц байгаа юм. Хил хаасантай холбоотойгоор валютын хомсдол үүсэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар дотоодын үйлдвэрлэгчдийн нөхцөл байдал хүндэрнэ.Тиймээс өнөөдөр попорлоо зогсоох шаардлагатай байна. Тодруулбал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёрыг попорлоо зогсоо гэж хэлмээр байна.

Угтаа би өнөөдөр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкуудын холбооны ерөнхийлөгчтэй уулзах ёсгүй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар бүгдийг нь дуудаж уулзаад, хуралдаж байх ёстой юм. Харамсалтай нь Төрийн ордны гурван давхарт Г.Занданшатар гуайг олж харахгүй байна. Баянхонгор аймгийн Баацагаан сум явсан сурагтай. Баацагаан сумынхан маань тааралдвал энэ хүнийг ажлаа хий гэж хэлэх хэрэгтэй байна. У.Хүрэлсүх ч тэр Ерөнхий сайд хүн. Гэтэл өнөөдөр Сангийн сайд нь твиттерээр валентины баярын мэнд хүргээд сууж байх жишээтэй. Яахав валентин залуучуудад гоё л сонсогдох байх. Энэ үед У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар хамт сууж байгаад эдийн засгийн хувьд цаашид яах гарц гаргалгаагаа ярьж байх ёстой юм. Л.Оюун-Эрдэнэ сайд ч тэр Төрийн албаны зөвлөлтэй уулзаад сууж баймаар байна. Гэтэл Ганхуяг гэх залуутай машин дотроосоо шууд бичлэг хийж, хошин шог яриад сууж байж болохгүй. Боловсролгүй хүмүүсийг толгой дээрээ гаргахын зовлон энэ. Энтертаймент үзэхээс өөр юм алга. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын хэмжээний асуудал бий болчихоод байна шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд эдийн засгийн аюулгүй байдлын талаар тусгасан байдаг. Энэ асуудлаар юу ч хийхгүй байгаа нь харамсалтай.

-Энэ чигтэй эдийн засгийн асуудалд анхаарч үзэхгүй байвал ямар хүндрэл үүсэх вэ?

-ДЭМБ бусад улс ор-нуудын томоохон мэдээллийн агентлагууд энэ өвчнийг тахал гэж нэрлээд байна. Хоёрдугаар сарын 13-нд гэхэд хамгийн өндөр тархалттай байлаа. Дөрөв, тавдугаар сард бүр ч аюултай хэмжээнд хүрч магадгүй гэж яриад байна. Тэгэхээр өвчин ороод ирсэн үед яах юм бэ гэдэг асуудаг яригдана. Хоёрдугаарт, өвчний тархалт намжсан дараагийн үед яах вэ. Энэ нь өөрөө хамгийн том асуудал болчихоод байна. Гэтэл улс орны төлөө юу ч хийхгүй байна. Хүмүүс намайг ярихаасаа илүү ажилла гэдэг юм. Ганцаараа, бие даагч шиг ажиллаж байгаа Баасанхүү энд ямар хамаатай юм. Өнөөдөр эрх баригчдад нь хэлээд, яриад, ажиллаа хийгээч гэж шаардаж байна. Гэтэл өнөөдөр алга. Сураг дуулах нь ээ Цагаан сараас өмнө шагналыг нь гардуулахаар яваа бололтой. Ингэж болохгүй. Миний санаа маш их зовж байна. Одоо улстөржих цаг биш. Улс төрийн эв нэгдлийн буюу хамтын хүчээр хүндрэлийг давах тухай ярих үе. Ний нуугүй ярихад Эрүүл мэндийн яам л ажил хийж байна.

-Эрх баригчид, өндөр албан тушаалтнуудыг улс төрөө тэргүүнд тавьж байна гэж харж байгаа хэрэг үү?

-Тэдэнд сонгуульд ялах нь л чухал байна. Сонгуульд ялагдвал шорон, гяндан хүлээж байгаа учраас тэр. Бүрэн эрхийнхээ бүхий л цаг хугацаанд хулгай хийчихлээ шүү дээ. Өнөөдөр ард түмэн ядуу, Ардын нам баян байна. Баян байгаа нь иргэдэд өгч буй бэлэг сэлт, хэвлэсэн ном, сэтгүүлээс л илт байна. Ядаж энэ хүнд үед ажлаа хийгээсэй л гэж хүсэх байна. Өнөөдөр онц дэглэм тогтоочихсон, цаашдаа юу болох нь ойлгомжгүй, хүн болгон айдастай байна. Монгол Улсын сүүлийн 60 жилийн түүхэнд болоогүй нөхцөл байдал үүслээ. Тодруулбал, бид Цагаан сараа тэмдэглэж чадахгүй байна. Энэ бүхнээс үүдэн сандарч байгаа хүмүүс нь жирийн ард түмэн л байгаа. Ард түмнийг ингэж хөсөр хаяхгүйгээр шуурхай алхам хийх шаардлагатай байна. Энэ хэдийгээ би мэддэг болохоор санаа зовоод байна л даа.

Categories
мэдээ цаг-үе

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийнд өнжлөө

Энэ удаа “Танайд өнжье” булангаа сангийн дэд сайд Х.Булгантуяагийнхаас бэлтгэхээр зорьсон юм. бид лхагва гаригийн өглөө 07:00 цагт түүний хичээллэдэг фитнесст уулзахаар цаг товлов. Болзсон цагтаа бид Novotel зочид буудалд байрлах фитнесст хүрч очлоо. дэд сайд х.булгантуяа гадаадад оюутан байх цагаасаа спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд одоо ч түүнийгээ орхидоггүй. Тэрээр долоо хоногт 2-3 өдөр, заримдаа өглөө эрт зургаан цагаас эсвэл орой ажлаа тараад фитнесс, усан сэлэлтээр хичээллэдэг. биднийг орох үед тэрээр дасгалуудаа хийгээд дуусах тийшээгээ хандаж байв. дасгал хийхгүй бол бие хөшөөд, стресстээд байдаг юм гэлээ.

Ингээд бид фитнессээс хөдөлж, дэд сайд өглөө 8:00-аас эхэлдэг Засгийн газрын ээлжит хурал руу хөдөллөө. Замаараа мөн ажлаараа орж бичиг цаасаа аваад, зарим нэг үүрэг даалгавар өгөөд гарлаа. Ойрд шинэ коронавирусийн нөхцөл байдал дэлхий даяар хүндэрч байгаа тул Засгийн газар нэлээд ачаалалтай ажиллаж байгаа. Хурал 2-3 цаг хүртэл үргэлжлэх байх. Гадны хүн оруулдаггүй тул дуусахад нь уулзахаар тохирлоо. Засгийн газрын хурал тарахад зарим яаралтай бичгийг нь ажлаас нь ордон дээр авчирч танилцуулав. Өнөөдөр Засгийн хурлаар Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг иргэддээ уриалж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн байна. Мөн Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон байна. Нүүрсний экспорт зогссон, экспортын гол түүхий эдийн үнэ мөн буурсантай холбоотойгоор Сангийн яаманд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж эдийн засаг, бизнес эрхлэгчид, иргэдэд учирч болох санхүүгийн хүндрэл, даван туулах арга замын талаар хэлэлцэн, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Импортоор орж ирдэг зарим хүнсний бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд онцгой анхаарахад ХХААХҮЯ, дэмжлэг үзүүлэн ажиллахад манай яаманд ч үүрэг болголоо хэмээн тэрээр ярив. Бид хоёр ийнхүү үдээс хойш гэрийнх нь зүг явлаа. Замдаа түүний урд хөршид болон дэлхийн залуучуудын мөрөөдлийн сургуулийн нэг болох Ейлийн их сургуульд сурч байсан талаар яриа өрнүүллээ. Тэрээр хятад, англи хэлээр монголчуудын хэлж ярьдгаар ус цас.

Түүний төгссөн сургууль урд хөршийн томоохон хотын нэг болох Уханьд байдаг. Тэр ч утгаараа бидний яриа цаг үеийн томоохон сэдэв болж буй Хятадад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар яриа өрнүүллээ.

Тэрээр “Ухань бол Хятадын инноваци, бизнес, боловсролын томоохон төв. 1700 орчим өндөр технологийн компани, мөн дэлхийн топ 500 компанийн 230 компанийн салбар, хөрөнгө оруулалт байдаг Хятадын цахиурын хөндий. Шинэ коронавирусээс үүдэн хүн ам, улс орны эдийн засаг нь их хүнд цохилт авч байгааг харахад харамсалтай байна. Өнгөрсөн даваа гаригт тус улсын сангийн яам банкуудаараа дамжуулж 50 тэрбум ам.долларыг бага хүүтэйгээр дамжуулан зээлдүүлж бизнес, эдийн засгаа дэмжих бодлого явуулж эхэллээ. Би саяхан Уханьд байгаа багш нар руугаа мессэж бичиж амар мэндийг нь асуусан төр засгаас маань шуурхай хариуцлагатай арга хэмжээ авсны үр дүнд их сайн контролдож байна. Вирусийг ялан дийлнэ гэж өөдрөгөөр хариулсан юм. Би SARS дэгдэх үед Хятадад сурч байсан. Хэсэгчилсэн хөл хорио тавиад л даваад гарч байсан. Ер нь маш өөдрөг, хүнд үед маш эх оронч зохион байгуулалттай ард түмэн” хэмээн хуучлав.

Түүний төгссөн сургуулийн талаар асуухад “Бидний үед Монголоос цөөхөн хүн Хятадад сурч байсан. МУИС-ийн Хэрэглээний математикийн ангид сурч байгаад Хятадын засгийн газрын тэтгэлэг аван Хятадад 1999 оноос суралцсан. Тухайн үед жилд 27, 28 хүүхдэд л олгодог, маш их өрсөлдөөнтэй байсан. Тэнд сурах үед магад Хятад улсын хамгийн хурдацтай хөгжил цэцэглэлтийн үеийн гэрч болсон. Хятад улсын тогтвортой өсөлтийн үр дүнд найман жил тутамд эдийн засаг нь хоёр дахин томорч, 2030 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болохоор байна. Мөн 2030 он гэхэд Хятадын нийт ажиллах хүчний 27 хувь нь дээд боловсролтой болохоор байгаа нь Германы түвшинд хүрнэ гэсэн үг. Хятадад сурч байхад оюутнууд бид бүгд л гадаадын том сургуульд сурах хүсэлтэй байлаа. Оюутан байхдаа хэрхэн топ сургуульд сурах вэ хэмээн судалж, TOEFL, GRE-н шалгалтад бэлдэж эхэлсэн. Дэлхийн топ сургуульд сурна гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн Японд жил гаруй сургуулийн бэлтгэл анги, хэлний сургалтын төвүүдэд англи хэлний багш хийж мөнгө цуглуулсан юм. Төгсөөд гэрлэж том хүүхдээ төрүүлээд сүүлдээ больдог ч юм бил үү гэж бодож эхэлсэн. Гэтэл нэг ах маань чи тэнцэнэ Булгаа, топ 10 сургуульд материалаа өг гэж надад урам зориг өгсөн юм. Өөрийгөө голон байж нэгт байсан Harvard авахгүй байх, хоёр дахь Yale University дөрөв дахь Duke University-д материалаа явуулаад үзье гэсэн хоёуланд нь тэнцсэн байж билээ. Дэлхийн топ сургуульд материалаа өгч буй бараг бүх оюутан шаардлагыг нь 100 хувь хангасан байдаг ч орох магадлал есөн хувь. Тийм хүнд шалгуураар орсон оюутнууд маш их өрсөлдөөнтэй, амбицтай, зохион байгуулалттай. Манай төгсөлтөд Английн ерөнхий сайд асан Тони Блейр ирж үг хэлэхдээ энэ сургуулийг төгссөн хүн өглөө бүр өөрийгөө бодож биш бусдын сайн сайхныг бодож байх ёстой гэж байсан нь одоо хүртэл надад тод санагддаг. Сургуулиас минь намайг ирж лекц унших урилга ирсэн тул удахгүй очих юмсан гэж бодож байгаа.

Бид замдаа ийн хуучилсаар гэрт нь хүрч очлоо. Сургууль, цэцэрлэг карентилсан учраас гэртээ байгаа хүүхдүүдээ өдөр цайны цагаар очиж эргэхгүй бол болохгүй байна. Жоохон хүүхэдтэй эцэг эхчүүд над шиг л байгаа байх гэв. Гэрийн эзэн өглөөгүүр хөдөөнөөс ирсэн гээд гэртээ өнжиж байгаатай нь таарав. Бидний яриа түүний бага нас, ижий аав, нутаг усных нь тухай дурсамжаар эхэллээ.

Дэд сайд Х.Булгантуяа эхээс гурвуулаа, хоёр эрэгтэй дүүтэй. Аав нь Завханы Алдархааны хүн бол ээж Архангай аймгийн Булган сумын уугуул аж. Түүний аав нисэхийн инженер мэргэжилтэй. Нисэхийн салбарт 30 гаруй жил ажилласан, харин ээж нь эдийн засагч мэргэжилтэй мөн мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан аж. Тэрээр ээжийнхээ хөгшчүүл дээр өсжээ. Хөдөөний охин сургуульд орох гэж Улаанбаатар хотод ирээд 77 дугаар сургуульд элсэж, дараа нь авьяастны 93 дугаар сургуульд сурч байгаад австралид гурван жил дунд сургуульд сурчээ.

Тэрээр энэ тухай өгүүлэхдээ “Картын барааны дараахан Австралид очиж дунд сургуульд сурсан. Тэнд амьдарч байсан анхны монголын гэр бүлүүдийн нэг болж байлаа. Тухайн үед одоогийн Н.Энхболд сайд, Ч.Хүрэлбаатар сайд, Д.Цогтбаатар сайд, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нар тэнд сурдаг байсан. Мундаг ажил хийдэг, мундаг сурдаг ах нарыг хараад ийм мундаг болно гэж хүсч мөрөөддөг байлаа. Ээж маань тэд нараар надад ээж аавынхаа үгэнд орохын ач холбогдол, онц сурах, хань ижлээ хүртэл зөв сонгохын талаар лекц уншуулдаг байлаа. Аав ээж маань намайг улс төрд орохыг дэмждэггүй байсан. Ямар сайндаа засаг солигдоход за ашгүй, одоо энэ сиймхийгээр больчих миний хүү гэж хэлж байсан” хэмээн инээлээ. Ейлийн Их сургуулийг төгсөөд олон улсын төслүүдийн шугамаар хөгжиж буй орнуудын сангийн яамдад зөвлөхөөр ажиллаж байхдаа Зүүн Тимор, Палестин, Этиоп зэрэг дайны хөлд нэрвэгдсэн, удаан хугацаанд ядууралд өртсөн улсуудыг хараад улс эх орноо хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулахгүй бол ийм болчих вий дээ гэж айж эмээж билээ хэмээн ярив.

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн гэр бүлийн хүнийг О.Батсүрэн гэдэг. Тэр хоёр анх Японд танилцаж 2006 онд гэр бүл болжээ. Гэрийн эзэгтэй Японд англи хэлний багшаар ажиллаж байхдаа нөхөртэйгөө танилцсан байна. Тухайн үед гэр бүлийн хүн нь Японд сурдаг байсан гэнэ. Тэрээр олон улсын харилцаа, олон улсын хуулийн чиглэлээр Япон, Австрали улсуудад мэргэжил эзэмшжээ. Гадаад хэргийн яам үйлдвэрийн худалдааны яаманд ажиллаж байжээ. Одоогоор хувийн хэвшилд ажиллаж байгаа аж.

Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь 13 настай. Дунд хүү нь долоон настай бол бага нь гурван настай гэнэ. Том охин нь ээжтэйгээ хамт тэсвэр хатуужлын спорт триатлоноор хичээллэдэг аж. Усанд сэлэх, дугуй унах, гүйх гээд гурван төрлөөр өрсөлддөг спорт эмэгтэй хүнд битгий хэл эрэгтэй хүнд чанга. Гэхдээ охин нь өсвөрийн Улсын аварга шалгаруулах мөнгөн медальтай гэнэ. Хүүхдүүдээ спортод дуртай амьдралын зөв хэв маягт дуртай байлгахыг хичээж өөрөө үлгэрлэхийг оролдоно. Энэ зун дунд хүүгээ тэмцээнд оролцуулах бодолтой байгаа ч карентин гээд сүүлийн үед огт бэлтгэл хийж чадахгүй хэцүү байна хэмээн ярилаа. Ордоны гадаа мээм идэж өссөн бага хүү нь одоо гурван нас хүрч гараас гарсан ч ах эгч хоёрыгоо теле-хичээлийг нь тайван үзүүлэхгүй эмээ өвөөгийнх рүү “томилолт“-той явсан гэнэ.

Бид удалгүй ажил руу нь явлаа. Ажил дээрээ албан бичигтэй танилцах, ирсэн и-мейлүүдэд хариу өгөх гэх мэт ажил их. 4:30-аас гадны байгууллагын төлөөлөлтэй уулзалтад орлоо. Залгаад Хятадад төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа. Мөн удахгүй оролцох гадны хурлынхаа тухай гадаад руу интернэтээр хурал хийлээ. Удахгүй гадагшаа уул уурхайн том хуралд оролцож илтгэл тавих ёстой тул түүнийгээ бэлтгэх гээд сууж хийх ажил их байгаа хэмээн бид ярилцаж түүний ажлыг зорилоо. Сангийн яам хамгийн ажлын ачаалал ихтэй яамдын нэг. Түүнийг дэд сайдын ажил гэргий ээжийн үүргээ хэрхэн гүйцэтгэдэг тухай асуухад “Манай ээж мундаг карьер эмэгтэй байсан. Намайг жоохон байхад бүгдийг нь яаж ийгээд л амжуулдаг. Бидний гэрийн даалгаврыг нэг бүрчлэн шалгадаг. Нэг л мэдэхэд очоод багштай уулзчихсан. Одоо хүртэл тэр зангаараа. Ээж маань сангийн яаманд газрын дарга байсан, олон улсын байгууллагуудад олон жил ажилласан. Ээж амжуулдаг байсан болохоор би амжуулах ёстой л гэж боддог. Бидний сурлага хүмүүжилд маш их анхаарна. Амралт эхлэхэд надад тоо, англи хэл, орос хэл тэр битгий хэл дууны багш хүртэл авч өгөөд үргэлж онц сурах ёстой гэж шахна. Төрийн ажил эмэгтэй эрэгтэй байлаа гээд ялгаа байхгүй. Шаардлага, шүүмжлэл яг л адилхан ирнэ.” гэв.

Орой долоон цаг өнгөрөөгөөд лагерьт бага хүүхэд дээрээ очиж хононо эрт гарахгүй болохгүй гээд хөдлөхөөр гарлаа. Ажил дээрээ суух зуур гэрийн даалгавраа ярьж хүүхэд нь залгана. Карентины үед теле-хичээлээ үзэж байгаад хоцорлоо гээд уйлаад залгана, зөв байна уу гээд охин нь хичээлийнхээ зургийг явуулах гээд эцэг эхчүүдэд бас ачаалалтай байх шиг байна хэмээн ярилаа.

Тэрбээр гадны хэд хэдэн сайт, сэтгүүл өдөрт уншиж мэдээлэл авах дуртай аж. http://www.chinadaily.com.cn/, www.asahi.com гээд япон, хятадын өдөр тутмын сонины сайт орж, хажуугаар нь Economist, Wall Street Journal-с юм уншихыг зорьдог гэлээ. Ялангуяа олон улсын сэтгүүлүүд өөрийн гэсэн аппликэйшнтэй болсон тул байнга шинэ мэдээллүүд өгч, бүр шууд аудиогоор уншиж өгдөг болсон. Өөрөө унших ч хэрэггүй сонсох цаг л гаргах ёстой. Заримдаа фитнесст, заримдаа машинд сэтгүүл, номоо сонсоод мэдээлэл авна гэдэг маш их цаг хэмнэдэг. Англи хэл сайтай байх нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдлэгийг түргэн шуурхай авах боломж өгдөг. Монгол Улсын гол яамны дэд сайд байж дэлхийд юу болж байгаагаас хоцрох ёсгүй гэж боддог хэмээлээ. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг вэ гэхэд “Монгол эмэгтэйчүүд дайчин, сэтгэлийн маш их хаттай, ажил амьдралыг хослуулж чаддаг. Гэхдээ эмэгтэйчүүд бид өрөөлд ч, өөрсдөдөө ч их өөнтөгч хүмүүс. Эрчүүд бол илүү өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлж чаддаг бол бид өөрсдийгөө доогуур үнэлж, бусад эмэгтэйчүүдийг ч их хатуу шалгуураар шүүдэг гэж би уншиж байсан. Уг нь өрсөлдөөн нэг эмэгтэй нөгөө эмэгтэйтэйгээ биш, энэ жижиг улс дотор нэг нь нөгөөгөө хойш татаж өөрөө урагш ахих биш дэлхийн бусад улс оронтой өрсөлдөж, хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлж явахгүй бол саяхан хөгжлийн олон индексээрээ ижил байсан улс орнууд манайхаас 2-3 дахин өссөнийг харахад өөрийн эрхгүй санаа зовж, шар хөдөлдөг. Цөөхөн Монголчууд бид бусдаас илүү хөдөлмөрлөж, хатуужилтай байж, бие биеэ дэмжиж байж л хөгжинө” хэмээснээр бидний халуун дулаан яриа өндөрлөлөө.

Categories
мэдээ цаг-үе

Г.Загдаад доромжлуулсан албан хаагч Н.Мандуул: Эцэг, эхчүүдийн хүүхэдтэйгээ амьдрах эрхийг Г.Загдаа боож байна



Өнгөрсөн долоо хоногт “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа төрийн албан хаагчийг хэл амаар доромжилж, ёс бус үг хэллэгээр дайрсан бичлэг нийгмийн сүлжээнд тарсан. Бид Г.Загдаад доромжлуулсан төрийн албан хаагч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуултай ярилцлаа.

-“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа танд ямар шаардлагыг тавьсан юм бэ?

-Би энд ажиллаж эхэлснээсээ хойш “Зөв амьдрах ухаан” ТББ-тай хамтран ажиллаж байна. Манай өмнөх удирдлагууд ч энэ хүнтэй хамтарч ажиллаж байсан. “Зөв амьдрах ухаан” ТББ-д архины хамааралтай насанд хүрсэн 65 хүн байгаа. Тэд нарыг архинаас нь хол байлгаж, ажилтай, орлоготой болгож амьдралыг нь сайжруулах тал дээр тус байгууллага ажиллаж байгаа. Сайн, муу ямар ч аргаар тэдэнд архи уулгахгүй байлгаад л байна. Манай байгууллага энэ ажлыг нь дэмжиж, холбогдох төслүүдийг удаа дараа хэрэгжүүлээд явж байгаа. Өнгөрсөн жил гэхэд “Зөв амьдрах ухаан” ТББ-тай хамтран хоёр төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ онд дахин нэг төслийг эхлүүлээд явж байна. Бид тухайн байгууллагыг дэмжиж, арга зүйгээр нь хангаж, төсөв мөнгийг нь гаргах байдлаар хамтран ажилладаг. Гэрээнийхээ дагуу тус байгууллага архины хамааралтай иргэдийг архинаас гаргах үүргийг хариуцна.

-Тус ТББ-д хэдэн хүүхэд байгаа вэ?

-“Зөв амьдрах ухаан” ТББ-д 62 хүүхэд бий. Энэ 62 хүүхдээс 55 нь тэнд амьдарч байгаа 65 хүний хүүхэд. Бид нар тэдгээр хүүхдүүдтэй холбоотой ямар нэг зүйлийг ярихгүй байгаа. Нэгэнт эцэг, эхтэйгээ байгаа хүүхэд хэний хашаанд байх нь хүний эрхийн асуудал. Бид нарын амьдрал тийм ч тэгш сайхан биш байгаа шүү дээ. Насанд хүрсэн хүн, Монгол Улсын үндсэн хуульд заасны дагуу хаана амьдрах нь тэр хүний эрхийн асуудал. Харин эцэг эх нь тэр төвд байхгүй долоон хүүхдийн асуудал бий. Тэдгээр хүүхдүүдийн асуудлыг хуулийн дагуу шийдэхээр бид ажиллаж байгаа. Энэ процесс дунд л Г.Загдаа гуай бид хоёрын дунд маргаан гарсан юм.

-Тэдгээр долоон хүүхэд яагаад “Зөв амьдрах ухаан” д байгаа юм бэ. Уг нь хуулиараа асрамжийн газар байх ёстой юм биш үү?

-Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 17 асрамжийн газар бий. Энэ 17 газарт 27 асрамж, халамжийн төв байдаг. Одоогоор асрамжийн газарт 867 хүүхэд амьдарч байна. “Зөв амьдрах ухаан” ТББ-д байгаа долоон хүүхдийн хоёр нь энэ 27 асрамж, халамжийн төвийн нэг нь болох Бадамлянхуа төвд байх ёстой юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө тухайн үеийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарч Бадамлянхуа төвд энэ хоёр хүүхдийг байлгахаар болсон. Гэтэл одоог хүртэл тэр төв нь хоёр хүүхдийг авч чадахгүй, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа гуай ч энэ хоёр хүүхдийг өгдөггүй, ийм адармаатай нөхцөл байдал үүссэн. Үлдсэн таван хүүхдийн гурав нь Чингэлтэй дүүргийн иргэн Сандагдоржийн хүүхдүүд. Тэр хүн найман жилийн хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ дээр хүүхдүүдтэйгээ цуг амьдарч байгаад 2018 онд тус төвөөс гарсан. Одоо нэг компанид хамгаалалтын ажилтнаар ажилладаг. Ажилтай, орлоготой болсон учраас Г.Загдаагаас гурван хүүхдээ авъя гэсэн. Өнөөдөр тэр хүний эцэг байх эрхийг нь шүүх хасаагүй, хязгаарлаагүй байна. Тиймээс тэр хүн гурван хүүхдийн аав нь мөн. Шүүх нь тэгж тогтоогоогүй байхад та бол архичин царайтай хүн байна, хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй гэж хэлэх эрх хуулийн дагуу байхгүй шүү дээ. Гэтэл Г.Загдаа гэдэг хүн өгөхгүй, гүрийгээд л байна даа. Ингэж эцэг, эхчүүдийн хүүхэдтэйгээ байх эрхийг боож болохгүй. Үлдсэн хоёр хүүхдийн нэг нь Халиунаа гэж эмэгтэйн хүүхэд. Халиун мөн л Г.Загдаа гуайн төвд байсан. Улмаар явсан. Хэсэг хугацааны дараа хүүхдээ ирж авъя гэдэг зүйл яригдахад юу болсныг олон нийтийн сүлжээгээр та бүхэн харсан байх. Одоог хүртэл авч чадахгүй байгаа. Дараагийн хүүхэд нь Чингэлтэй дүүргийн харьяат 10 настай хүүхэд бий. Энэ хүүхдийг Г.Загдаа гуай Чингэлтэй дүүргээс олж, ТББ дээрээ байлгаж байгаа. Ээжтэй нь бид нар холбогдсон. Ээж нь архины хамааралтай, эрүүл мэндийн асуудалтай байж байгаад одоо бие нь тэнхэрч байна. Бид ээж дээр нь ажиллаж байна. Та хүүхэдтэйгээ амьдрах уу, аль эсвэл асран хамгаалагчийг тогтоох, аль эсвэл асрамжийн төвд өгөх үү гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ бол тийм ч амархан процесс биш.

-Холбогдох хуулиараа хүүхдийг яах ёстой байдаг вэ. Хүмүүс гайхаж байгаа байх?

-Эцэг эхгүй, бүтэн өнчин, харгалзах хүнгүй, хаягдсан, гээгдсэн, хүчирхийллийн золиос болсон хүүхэд байлаа гэхэд иргэнээс 108 утсанд бидэнд дуудлага ирдэг. Ингээд тэр хүүхдэд бид нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Бага дунд гэсэн эрсдэлийн түвшин гарах юм бол ар гэртэй нь ажиллана. Өндөр эрсдэлийн зэрэг тогтоогдох юм бол тухайн хүүхдийг түр хамгаалах байранд байршуулна. Энэ хугацаанд тэр хүүхдэд эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг үзүүлдэг. Энэ үед хүүхдийг яах вэ гэдэг асуудлаар хүүхдийн байгууллагынхан ажиллаж байдаг. Тухайн хүүхдэд эцэг эх байгаа юм уу, байвал хаана байгаа юм. Асран хамгаалагчаар тогтоочих хүн бий юү. Тэр хүн нь хүүхдийг авъя гэж зөвшөөрөх үү, үгүй юү гэх мэт олон ажил явагдана. Аав, ээж нь байхгүй бол шууд асрамжийн төвд өгнө гэсэн үг биш л дээ. Магадгүй өвөө, эмээ, ах, эгч нь хүүхдийг өөр дээрээ авъя гэдэг санал тавих юм бол тэр хүн дээр нь ажиллаж, асран хамгаалагч болох боломж байна уу гэдгийг нь тогтооно. Боломжтой бол түр хамгаалах байрнаас хүүхдийг шилжүүлдэг. Асран хамгаалагч олдоогүй тохиолдолд харьяалах дүүргийн Засаг даргадаа хандаж, Засаг дарга нь аль нэг асрамж, халамжийн төв рүү явуулах захирамж гаргана. Энэ захирамжийг бариад манай харьяа дүүргийн хүүхдийн нийгмийн асуудал хариуцсан ажилтан нөгөө хүүхдээ асрамжийн газарт аваачиж өгдөг. Г.Загдаа гуайн төв дээр яг энэ процесс дунд нь гацсан, захирамжийнхаа дагуу очиж чадаагүй хоёр хүүхэд бий гэдгийг дээр дурдсан.

-Яагаад тэр хүнээс хүүхдүүдийг авч, хуулийн дагуу шийдэж чадахгүй байгаа юм бэ?

-Бид нар хүүхдийг тэндээс авъя гэж хэд хэдэн удаа очсон. Гэвч өгөөгүй. Тэр байтугай хүний эрх, хууль хяналтын байгууллагынхантай очоод ч авч чадаагүй.

-“Зөв амьдрах ухаан” ТББ ер нь хүүхэд асрах зөвшөөрөлтэй юм уу?

-Энэ ТББ бол хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл гэдэг зүйлийг авсан. Үүнийг манай дээд байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд залуучуудын газар олгосон байгаа.

-Энэ магадлан итгэмжлэл нь ямар эрх дархтай юм бэ?

-Хүүхэд хамгаалах чиглэлийн сургалт, нөлөөллийн ажиллагаа, бусад үйлчилгээг үзүүлэхэд энэ магадлан итгэмжлэл гэдэг зүйл хэрэглэгдэнэ. Энэ нь хүүхдэд үйлчилгээгээ үзүүлчихээд орой нь гэр рүү нь явуулах ёстой юм. Гэтэл “Зөв амьдрах ухаан” ТББ-д хүүхэд 24 цагаар байгаад байдаг. Хүүхдийг 24 цагаар байлгана гэдэг нь холбогдох хуулиараа асрамж, халамжийн газрын хийх ажил. Энэ ТББ-д асрамж, халамжийн газрын зөвшөөрөл байхгүй. Би Г.Загдаа гуайд хэд хэдэн удаа зөвшөөрлөө аваач ээ гэдэг шаардлага, зөвлөгөөг өгсөн. Энэ зөвшөөрлөө авчихвал ямар ч асуудалгүй болно. Гэхдээ зөвшөөрлөө аваагүй учраас хуулийн дагуу биш болчихож байгаа юм. Тиймээс би төрийн албан хаагчийн хувьд хуулийн дагуу бус ямар ч ажлыг боломжгүй гэдгийг хэлэх үүрэгтэй.

-“Зөв амьдрах ухаан” ТББ дээр та бүхэн очиж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгасан уу?

-Бид нар байнга очиж шалгадаг. Гэхдээ ганцаарчилсан уулзалт хийлгэдэггүй. Заавал хамт олны уулзалт хийж, өөрөө байнга байдаг. Энэ ТББ дотор хүнийг хорьдог, цагддаг зүйл байгаа эсэхийг бид нар мэдэхгүй.

-Бичлэг дээр Г.Загдаа гуай нэлээн бухимдаж, ёс бус үг хэллэгээр таныг доромжилж байсан. тэр хүний энэ үйлдлийг тэвчихэд ямар байв?

-Би зарчмын шаардлагаа л тавьсан. Хараа хяналтгүй хүүхдүүдээ бид нар авмаар байна гэдгээ ч хэлсэн. Хуулийн дагуу л бүх зүйл байх ёстой. Гэтэл тэр хүн уурласан. Төрийн албаны хууль, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу иргэнтэй харьцахад хувийн харилцаа гаргах эрх надад байхгүй. Тэр хүн шаардлагаа тавьж, би тайлбараа хийсэн. Тэгээд зөрүүлээд намайг шаардлагаа тавихад уурласан, намайг доромжилсон. Гэхдээ би тэр хүнд гомдож, гомдолтой байна гэж өргөдөл өгөөд явахгүй. Иргэн хүн шүү дээ. Бид нар төрийн албан хаагч байхгүй юу. Тиймээс бид иргэдийн үгийг сонсож, иргэддээ үйлчлэх ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Баабарын “Шодоргос” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Дэлхийн банкнаас гаргасан “Монгол Улсын эдийн засгийн тойм тайлан” болон бидний өмнө тулгамдаж буй бусад сорилтын талаар эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа. Нэг, 13 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Х.Тэмүүжин “Шорон сэлгэж хүнийг эрүүдэн шүүдэг системийг таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Баабарын “Шодоргос” нийтлэл хэвлэгдлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай салбарын хүрээнд тулгамдсан, шийдвэрлэж буй асуудлуудын талаар ярилцсаныг нэг болон тавдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Эрх баригчид Ц.Элбэгдоржийг Интерполын “Хөх булант”, Ч.Сайханбилэгийг “Улаан булант”-аар олон улсад эрэн сурвалжилж байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Монгол төрийн алдаанаас болж “нинжа” нар уурхай руу хутга, шөвгөөр зэвсэглэн дайрч байна” нийтлэл “Үйл явдал” нүүрт хэвлэгдлээ.

Сүүлийн үед “Samsung Electronics” компанийн ухаалаг зурагтын зарим үйлдэл Монголд ажиллахгүй байгаа талаар гомдол гараад байгаа. Учир нь уг зурагтыг Монголоос бусад улс, бүс нутагт зориулан үйлдвэрлэсэнтэй холбоотой гэнэ. Энэ талаар бэлтгэсэн нийтлэлийг “Цаг үе” нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ