Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт машин дотор хүн нас барсан хэрэг гарчээ

Говь-Алтай аймагт өнгөрсөн шөнө хүн амины хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Өнөөдөр өглөө үүрийн 04 цаг 20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, мөн ахлах мөрдөгч нарын ахалсан бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллалаа.

Хэргийн газарт 30 настай эмэгтэй Б нас барсан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад нэр бүхий хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор Шүүх эмнэлэгт задлан шинжилгээг томилон шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Коронавирусийн халдварын сэжигтэй таван тохиолдлын хариу сөрөг гарсан

Коронавирусийн халдварын сэжигтэй таван тохиолдлын хариу нь сөрөг гарсан гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд таван хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан. Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдэгүй. Өнөөдрийн байдлаар тусгаарласан сэжигтэй тохиолдол байхгүй” гэлээ.

Мөн лаборатори, оношлуурын талаар ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа “ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай байдаг.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лаборатори болохынхоо хувьд Японы халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан.

Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. Энэ оношлуурыг ДЭМБ-ын лавлагаа таван лабораторийн нэг болох Токиогийн лавлагаа лабораториос хүлээн авч, шинжилгээний дүнгээ Япон руу илгээн баталгаажуулж байна. ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Их тойруу 25382 авто зогсоолтой болно

Түгжрэл хөдөлгөөний ачааллыг шийдэх чиглэлээр ойрын хугацаанд хийгдэж байгаа ажлуудын тоймыг хүргэе.

1.Хоёрдугаар улиралд багтаан авто зогсоолын шинэ шийдлүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ингэхдээ бид авто зогсоолыг илүү олон болгож, төлбөрийн системийг цахимаар буюу апп-аар, мессежээр, тасалбараар гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа эхлүүлээд байна.

Ингэхдээ их тойруугийн дотор 25 382 авто машин зогсох зогсоолыг бий болгох юм. Мөн авто зогсоолын журамд өөрчлөлт оруулж төлбөрийг хотын 1,2,3 р бүсэд харилцан өөр өөр байхаар төлөвлөж байгаа бас авто зогсоолд дагаж мөрдөх шинэ стандартыг боловсруулаад байна

2.Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн RFID технологид суурилсан хяналт удирдлагын системийг нэвтрүүлэх, video management system – ийн бүртгэл удирдлагын системийг хөгжүүлэх зэргээр татвар, оношилгоо, бүртгэл, зөрчлийн хяналтыг цахимжуулж Улаанбаатар хотын зарим нэг авто замыг тодорхой хэмжээнд төлбөртэй болгох замаар тээврийн хэрэгсэл нэг бүрийг хяналттай болгох ажлыг 2 р улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

3.Эдгээр ажлуудын хажуугаар одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтыг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтыг шинээр батлагдсан стандартын дагуу “Бүс” тэмдгээр албажуулж мөрдүүлэх юм. Цаашдаа авто зогсоолын шийдэл, тээврийн ухаалаг системийн үйл ажиллагаа жигдрэх үеэс дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах төлөвлөгөөтэй байна.

4.Замын хөдөлгөөнийг илүү таатай, илүү эрчимтэй болгох зорилгоор хоёрдугаар улирлаас эхлэх замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг өөрчлөн зохион байгуулна. Өөрөөр хэлбэл замын тэмдэглэлд дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд: Уулзварт орохоос өмнө эргэх үйлдлийг гүйцэтгэх боломжийг, хориглосон гэрлээр уулзварт орж нэвтрэх зогсох шугамыг, уулзвар дотор дагаж мөрдөх шугамыг, явганы гарц дээр явганы хөдөлгөөний урсгалыг тодорхой болгох зэрэг ажлууд ба замын цагаан шугамыг тод байлгах үүднээс байнгын угаалга цэвэрлэгээ хийлгэх, замын будгийн стандартыг хатуу дагаж мөрдүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

5.Замын тэмдгийг хөдөлгөөнд оролцогч нарт илүү ойлгомжтой, тод харагдуулах, мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын дагуу зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна.

Жишээ нь: Өнгө нь гандаж муудсан тэмдгүүдийг бүрэн солих, нэг шон дээр тухайн орчны 3 хүртэлх тэмдгийг нэгтгэж байрлуулах.

Стандарт журамд нийцээгүй тэмдгүүдийг сайжруулж солих, зүүн гарын эргэлтийг уулзвар бүр дээр мөрдүүлэх гэх мэт.

6.Үүнээс гадна 2020 онд нийслэлд нийтийн тээврийн олон төрлүүдийг нэвтрүүлэх, сургуулийн автобусны тоог нэмэх гэх олон ажлууд төлөвлөгдөөд байна.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна

“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь “Буянт-Ухаа” дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран тус нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдоор “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудас бөглүүлэн тандалт судалгааг хийж, сэжигтэй зорчигчдыг тусгаарлах, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх зэрэг хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Мөн олон улсын болон орон нутгийн нислэгийн зорчигчдын хяналтыг чангатгаж термокамераар халууныг хэмжин давхар ажиглалт хийн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь дууссан эм хадгалсан “Сайн хөрш” мэс заслын эмнэлэгт шийтгэл ногдууллаа

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02-15/04 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны Авзага оффисын байрны 4 давхарт байрлах Гүүднейбер ХХК-ийн “Сайн хөрш” мэс заслын эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн, хадгалах хугацаа дууссан эм хадгалсан зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9, 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх заалтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2009000244 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгуулийн шийтгэл оногдуулан, эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулах биелэлтийг хангуулж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан 24 настай эрэгтэйг аварчээ

“Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 720 дугаар байрны 8 давхарт тагтнаас хүн үсрэх гэж байна” гэсэн дуудлага 2020.02.19-ний өдрийн 05:14 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 05:29 цагт очиж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн А /24 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 75 мянгад хүрчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирус буюу COVID-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусний халдвараар 2007 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 75040-д хүрсэн бол 14215 хүн эдгэрчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Шорон сэлгэж хүнийг эрүүдэн шүүдэг системийг таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Монгол Улсын өнөөдрийн хуулийн салбарт аливаа нэг хэрэгт хүнийг сэжиглэн шалгах явц тухайн хүнийхээ эрх, эрх чөлөөг хэтэрхий зөрчдөг байдал харагддаг боллоо. Хамгийн түрүүнд цагдан хорьдог болж. Энэ нь хэр зөв зарчим бэ?

-Манай хуучны социализмаас угшилтай арга барил. Гэмт хэргийг илрүүлж, үйлдлийг шүүхэд нотолж, ял зэмийг нь шударгаар оногдуулна гэхээс илүүтэйгээр гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнийг барьж, хорьдог, өөрөөр нь хэргийг нотлуулах гэж оролддог. Гэм буруу нь тогтоогдохоос өмнө нийгмээрээ жигшин цээрлүүлдэг. Манжийн үед есөн эрүү гэж юм байв даа. Хэрэг хүлээлгэхийн тулд есөн эрүү тулгадаг. Хэргийг тогтоосны дараа шийтгэж байгаа бус өмнө нь махчилж, биеийн зовлон амсуулж, өөрөөр нь “Би гэмт хэрэгтэн” гэж хэлүүлэх гэж байгаа арга.

Социализмын үед Вешинскийн арга гэгдэж, социалист хуулийн нотолгооны онол шахуу болсон арга барил. Хэрэгт шалгагдаж байгаа хүний амнаас хэргээ хүлээх үгийг сонсчихвол, өөрөөр нь хэргийг хүлээлгэчихвэл үнэн олдож, социалист шударга ёс тогтлоо гэж үздэг байсан. Энэ аргаа хэрэгжүүлэхийн тулд тэр хүнээ хамгийн хүнд хэцүү байдалд оруулах ёстой. Барьж хорих, айлган сүрдүүлэх, шахалт дарамтад оруулах ёстой. Хорьсон газраа өөр гэмт хэрэгтнээр зодуулж, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх, ар гэрээр нь оролдох гэхчлэн ямар нэгэн аргаар амнаас нь “Миний буруу, би тэгсэн юм аа” гэж хүчээр ч болов хэлүүлчихвэл гэмт хэргийг нотолчихлоо гэж үздэг арга барил. Тэр арга барил одоо ч гэсэн бугшаад явж л байна.

Энэ арга барил дээр нэмэгдээд сүүлийн үед газар авч байгаа бас нэг аюултай муу туршлага бол хүнийг барьж хорьж мөрдөхөөс гадна ард нь хэвлэлээр гүжирдэн харлуулж, бусдаар шившиглэн, муу үгийн хараал, олны амны зугаа болгож, тэр олны сэтгэгдлээр буцаагаад яллах гэж оролддог явдал. Энэ хүн шиг муухай хүн байхгүй гэдэг сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж байж дараа нь үйлдийг нь нотлоогүй ч ийм муу хүн ийм гэмт хэрэг хийсэн байж л таараа гээд шоронд явуулчихаж болно гэх хандлага. Мэргэжлийн хуульч, мөрдөгчдийн ажил гэхээс илүүтэй хэвлэл мэдээллээр хүнийг гоочилж муучилдаг арга барилаар хууль, шүүхийн ажлыг хийх гээд оролдоод байгаа энэ байдал сүүлийн 20 гаруй жил гаарлаа. Дээрээс нь хамгийн аюултай нь энэ үйл явдлыг өөгшүүлэгч, дэвэргэгч нар нь эрх мэдэлтнүүд, улс төрийн явцуу бүлэглэлүүд болчихлоо. Хуулиасаа давсан даргын заавар, чиглэл, тушаал хүнийг ялладаг, шүүдэг болоод зуршил, уламжлал болох шатандаа явна. Хууль, зарчим ярьсан хүнийг урвагч, том ахдаа үнэнч байсангүй гэж адлах, гадуурхах, шийтгэх янзтай. Дарга л “Тэг” гэсэн бол яаж ийгээд гүйцэтгэх ёстой, тэгж чадвал би ажилтай, албан тушаалтайгаа үлдэнэ, цол нэмж, дээш ахина гэсэн хуулийн байгууллагад байж боломгүй зарчим хуулийг орлох түвшинд оччихлоо. Үүнээс болоод Үндсэн хуульд байгаа шударга шүүхээр шүүлгэх эрх иргэдэд байна уу, шүүн таслах үйл ажиллагаа процессынхоо шударга ёсыг хангаж байна уу гэх асуултуудад хариу хэлж чадахгүйд хүрч байна. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэний ч эрх, эрх чөлөөг хязгаарлаж, мөрдөн мөшгөх, өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэх, шүүхээс гадуур яллаж болохгүй гэсэн Үндсэн хуульд заагдсан маш тодорхой зарчим байсаар байтал хуулиас гадуур буруутган шүүсээр байна. Үндэслэлгүйгээр, хэн нэгний аман зааварчилгаагаар хүний эрх, эрх чөлөө рүү халдсаар. Ингэхээр Монгол Улсад хууль гэхээс илүү хувь хүний засаглал тогтож байгаагийн шинж. Манайхны ярьдгаар шударга бусын хонгил улам бүр төгсөрч байгаагийн шинж.

-Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яг ямар тохиолдолд авч байна вэ?

-Практик дээр хоёр үндэслэлийг хамгийн их хэрэглэж байгаа харагддаг. Оргон зайлж болзошгүй, эсвэл дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх.

-Үнэндээ өнөөдрийн бодит байдал дээр гэмт хэрэгт сэжиглэгдсэн хэн нэгнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьдог. Тэндээ бүр “мартаж” залхаан цээрлүүлдэг жишиг манай хууль сахиулах байгууллагуудад бий. Таныг Хууль зүйн сайд байхад хуулийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн. Тэр дундаа хамгийн их маргаантай, хэл ам дагуулсан шинэчлэл бол гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиуд байсан. Тэр шинэчлэл дотор яг энэ цагдан хорихтой холбоотой асуудлыг хөндсөн хуулийн төсөл боловсруулагдаж байсныг санаж байна?

-ХЭҮК-ын олон удаагийн илтгэл дотор, НҮБ-ын хүний эрхийн шинжээч Монголд ирээд нөхцөл байдлыг үнэлээд хэлсэн зөвлөмж дотор ч бас адил. Мөн энэ чиглэлийн манай судлаач, мэргэжилтнүүдийн үг, өгүүлэл дотор явдаг нэг зүйл бол хорьж мөрддөг, цагдан хорих байранд эрүү шүүлт тулгадаг гэх асуудал. Монголын хувьд цагдан хорьж байгаа нөхцөл, зорилго нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс хамгаалах гэхээс илүүтэйгээр олон нийт, гэр бүлээс нь тусгаарлаж тодорхой хэмжээний айдас, хүйдэст автуулдаг. Дээр нь гүйцэтгэх ажил нэрийн дор янз бүрийн хүчирхийлэл үйлдэж, эрүү шүүлт хэрэглэдэг. Товчхондоо Монгол Улсад цагдан хорих гэдэг бол залхаалт, эрүү шүүлтийн сонгодог хэлбэр болчихож гэдэг шүүмжлэл байсан. Үнэхээр нөхцөл байдлыг харахаар тийм байсан. Сайндаа хориод байгаа юм биш. Үүнийг хорьчихвол хэрэг нь хурдан илэрнэ. Хэргийг хурдан илрүүлэхийн тулд гудамжинд биш Цагдан хорих төвдөө аваачаад бусад гэмт хэрэгтнээр айлган сүрдүүлж болно. Гүйцэтгэх ажил нэрийн дор өдөж, хоргоож байгаад өөрөөр нь дэл, сул юм яриулж болно. Бүр өмгөөлөгчөөр нь дамжуулаад гүйцэтгэх ажилдаа ашиглаад өөр бусдыг гүтгүүлчихэж болно гэхчлэн бий.

Би санаж байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд жиргээнд яг энэ тухай, үүнийг хуулиар хэрхэн шийдвэрлэж, өөрчилж болох тухай бичиж байж. Мөн тэр үед Хууль сахиулах ажиллагааны тухай хууль болон Эрүүгийн процессын болон Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулиудын төслийг УИХ-д өргөн барьж байж. Хамгийн хоржоонтой нь Монгол Улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 1999 оны хууль нь “Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль гээд хуулийнх нь нэр, зорилго нь хүртэл дан ганц хүнийг барьж хорих, хорьж мөрдөхөд зориулагдсан байх жишээтэй. Ерөөсөө л хорих гэдэг ганцхан арга хэмжээтэй, түүндээ дулдуйдсан мөрдөн шалгах арга барилтай болчихсон байна. Уул нь таслан сэргийлэх арга хэмжээ гээд олон арга, хяналтын төрлүүд байгаа. Гэтэл хорих гэдэг ганцхан арга хэмжээндээ зориулаад хууль баталчихсан улс. Тэрнээсээ болоод улсаараа эрүүдэн шүүх донтой болчихсон. 2014 оны арваннэгдүгээр сарын 24-нд нэгэн эмгэнэлтэй явдал болсон доо. АТГ-ын шалгаж байсан Газрын тосны газрын дарга С.Амарсайхан гэдэг хүн цагдан хоригдож байхдаа нас барсан.

-Үнэхээр эмгэнэлтэй явдал болсон шүү…

-Миний харьяалж байгаа салбарт болсон үйл явдал учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын удирдлагуудыг дуудаад “Яагаад танай хамгаалалтад байх ёстой, хариуцсан байр, байгууламжид чинь хүн нас барчихав аа” гэхэд “Манай эмч, холбогдох хүмүүс эмнэлэгт хэвтүүлье, гаргая” гэдэг хүсэлтээ хэд, хэдэн удаа тавьсан ч АТГ зөвшөөрдөггүй юм гэсэн. “Юу гэсэн үг вэ. Амь насыг нь хариуцаад хараа хяналтдаа байлгаж байгаа юм бол шаардлагатай арга хэмжээ авах үүрэг нь хуулиараа та хэдэд байгаа. Танай дотоод үйл ажиллагаанд яахаараа гадны байгууллага оролцож, асуудал үүсгэж байгаа юм. Эцэст нь хариуцлагыг тэд биш та нар үүрнэ” гэхэд “Манай байгууллага дотор биднээс илүү тэд ажилладаг, эрх мэдэлтэй байдаг, тэд зөвшөөрдөггүй” гэж билээ. “Та нар тусдаа хуультай. Тэд тусдаа хуультай. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэхэд хариуцлагыг та нар л хүлээнэ. Үүнээс хойш цагдан хорих байгууллага дотор гадны байгууллага хуулиас гадуур, дураар үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулахгүй” гээд их урдаас үйлчилж ирсэн журамд өөрчлөлт оруулж, цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон шийдвэр гаргасан.

Тэнд гүйцэтгэх ажил явуулж байгаа учраас эрүүдэн шүүх болон хорьж мөрддөг бүх практик амь орж, хүний эрхийн ноцтой зөрчил угширчихаад байгаа юм. Сайдын эрх хэмжээний хүрээнд хийсэн эхний алхам тэр. Түүнээс хойш 10 хоноогүй байсан байх. Тухайн үеийн Ерөнхийлөгч намайг дуудсан. Нөгөө хуулийн байгууллагууд гомдол гаргасан бололтой. Яваад очиход “Чи яахаар гэмт хэрэгтнүүдийн талд ордог юм бэ. Яагаад гэмт хэрэгтэй тэмцэж байгаа байгууллагын ажилд саад болдог юм” гэсэн. Тэгэхэд нь би “Гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болоогүй. Гэмт хэрэгтнүүдийн талд ч ороогүй. Дэвшилтэт үзэл санааны хувьд хүнийг хорьж мөрддөг, хорьж тусгаарлачихаад дээр нь гүйцэтгэх ажил нэрийн дор тамлаж зовоодог, эрүүдэн шүүдэг, хууран мэхлэх замаар өөрөөр нь гэмт хэргийг нотлуулах гэж оролддог явдлыг засах ёстой. Ганц Хууль зүйн сайдын эрх хүрээнд журмыг өөрчлөх биш, үүнийг бүр хууль болгож бичих ёстой” гэж хэлээд гарсан. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилалагааны тухай хууль болон Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуульд бичсэн. Тэгээд 2014 онд тэр хуулиудыг УИХ-д өргөн барьсан. 2014 оны намартаа манай Засгийн газар огцорч, шинэ Хууль зүйн сайд гарч ирээд өргөн барьсан бүх хуулиудыг буцааж татсан даа. Би тэр үед УИХ-ын гишүүн байсан болохоор араас нь хөөцөлдөж, нэхэл дагал болж байж 2015 оны сүүлээр зарим нэг хуулийг нь буцааж өргөн бариулж чадсан. Хуулиудыг 2016 онд баталсан ч ёсчилж амжаагүй байхад МАН гарч ирээд хүчингүй болгочихсон. Та санаж байвал тэр хуулиудыг эсэргүүцээд Тагнуул, Цагдаа, АТГ-ын удирдлагууд Ерөнхий сайдыг шантаажилж, шахалт дарамт хүртэл үзүүлж байв шүү дээ. Үйлийн үр юм даа. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон 2014 оны шийдвэрийг цааш нь мөрдүүлээд хэрэгжүүлчихсэн бол яг жилийн дараа 2015 оны намар С.Зориг агсны амь насыг хороосон гэх хэрэгт шалгагдаж байсан хүмүүс эрүүдэн шүүгдсэн гэх үйл явдал болохгүй байв. Тэр хуулиудыг эцэслээд хуулийн байгууллагуудыг дэгэнд нь оруулчихсан бол өнөөдөр хонгилоо яриад хэрэлдээд суухгүй байж мэдэх л байв.

-Өнгөрсөн онд бас 461 дүгээр Цагдан хорих ангид гавьяат шүүгч амиа хорлосон хэрэг гарсан. Тэр явдал бас л эрүүдэн шүүлтээс үүдсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл байдаг. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулдаг системийн үр дүн үргэлжилсээр байна уу?

-Угширсан хуучин арга барилаасаа салах, хайрцагнаасаа гарч сэтгэх, хуучин явж байсан замаасаа гадуур шинэ замаар явна гэхээр манайхан айдаг юм шиг билээ. Чадахгүй байх, хэрэг илрүүлэхэд түвэгтэй болчих байх, шинэ хүмүүст орон зай, эрх мэдлээ алдчих байх гэх мэтчилэн айдастай, тэрнийгээ нууж өөрийгөө зөвтгөх арга нь хуулийн салбарын уламжлалыг эвдэж, самарлаа гэх үгтэй. Том шинэтгэл л хэрэгтэй, энэ салбарт.

Энгийн жишээ хэлье л дээ. Зөвхөн хууль сахиулагч гэдэг үгийг энэ салбарт оруулж ирэх гэж ямар их хугацаа оров. Манайхан бүгд хууль хүчний байгууллага гээд яриад сурчихсан. Хүчний гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Хуулийн байгууллагынхан өөрсдөө тийм итгэл үнэмшилтэй, дотоод соёлтой байхаар хууль тайлбарлаж, таниулж, нөлөөлж асуудлыг иргэнтэй хамтарч шийдэхээс илүүтэй юуны духанд хүрэлгүй хүчээр шийдэх гэж оролдоно. Тэр хүчээ, дээрээс тушаал заавар өгч байгаа дарга, эрх мэдэлтнүүдэд гаргахгүй. Эсрэгээрээ жирийн иргэдэд л гаргана. Нэршил нь хүртэл буруу соёл, арга барилыг өдөөдгийг харж болно. Боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулийг нь Хууль сахиулахын их сургууль гэж нэрлэсэн. Гэтэл буцаагаад Дотоод хэргийн сургууль болгочихсон. Нөгөө социализмаа санагалзсан, айлган сүрдүүлэлт хүчирхийллээр ард иргэдээ хянаж ноомой байлгана гэж боддог, иргэдийн шүүмжлэл, дуу хоолойг боож хаадаг, өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалж хоохойлдог хүмүүс хуулийн байгууллага, төрийн толгойд гараад ирэхээр буцаагаад тэр хандлага, арга барилаа маш хурдан сэргээн тогтоож байх жишээтэй.

-Цагдан хорихтой холбоотой практикт байдаг нэг үзэгдэл нь сэжигтнийг эхлээд Цагдан хорих 461 дүгээр ангид хорьдог. Хэргээ хүлээхгүй бол Төв аймаг руу шилжүүлдэг. Бүр үр дүнгүй байвал дахиад өөр аймаг руу сэлгэдэг жишиг байдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Намайг Хууль зүйн сайд байхад яг л ийм процесс байсан. Түүнийг таслан зогсоох гэж оролдсон. Харамсалтай нь хуулиуд нь буцаад уначихсан болохоор шийдэгдсэнгүй. Тухайлбал, Нүүрсний гэх хэрэгтэй Л.Гансүхийн хэрэг дээр ийм зүйл болж байсан. Харьяалсан шүүх нь Улаанбаатарт. Яллаж байгаа болон мөрдөн шалгаж байгаа байгууллагууд нь ч хотод. Хэрэг гарсан газар нутгийн харьяаллаараа ч Улаанбаатарт байдаг. Гэтэл тэр хүнийг Төв аймагт аваачаад хорьчихсон. Төв аймагт байхад нь бөөн дуулиантайгаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг очоод уулздагийг санаж байгаа байх. Юу болсон бэ гэхээр АТГ-ын мөрдөгч, прокурор, шүүгч нь Л.Гансүхтэй Н.Алтанхуягийг уулзуулахгүй” гэдэг. Гэсэн ч Н.Алтанхуяг нь Төв аймагт яваад оччихсон. Төв аймгийн Цагдан хорих төвийн харьяалал нь Төв аймгийн прокурор, шүүхэд байгаа. Хяналт тавьж байгаа прокурор нь шууд хэлсэн. “Уучлаарай, Улаанбаатарт байгаа прокурор, шүүгч нар юу ярих нь надад сонин биш байна. Хуулиараа энэ миний харьяалал. Миний хариуцаж байгаа нутаг дэвсгэр дэх Цагдан хорих байр. Энд болсон асуудалд би хариуцлага хүлээхээс хотод байгаа тэд хариуцлага хүлээхгүй. Тийм учраас хууль зүйн хувьд уулзуулахгүй гэж хэлэх боломж байхгүй. Та уулзаж болно” гэж хэлж байсан.

Эрүүгийн хуулинд гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа бол тухайн газар нутаг дээрээ хууль, шүүхийн харьяалалтай байх гэдэг зарчмыг манай хуулийн байгууллага зөрчөөд хүмүүсийг сэлгүүлчихдэг. Дээрээсээ шүүгч нь хэргийн харьяаллаараа өөр бусад газрын нутаг дэвсгэр дээр орж шийдвэр гаргаж болдоггүй. Тэгэхэд болгоод яваад байна гэдэг бол хуулийнхаа суурь зарчмыг эвдээд байна гэсэн үг. Энэ мэт олон асуудал дээр хууль зүйн маргаан гардаг. Гэтэл албан тушаалтны зааварчилгаагаар “Тэр хууль ямар хамаатай юм, тэрийг тийш нь аваач, үүнийг ийш нь аваач. Жаахан айлгаад өг, дарамтлаад өг” гэдэг. Яагаад Төв аймаг, Зүүнхараа руу хүнийг аваачиж байна гэхээр тэр газар нь чанга дэглэмтэй хорих ангиудтай. Тиймээс шорон дотроо гэмт хэрэг хийгээд ял нэмүүлэхээр ирж байгаа хүнд гэмт хэрэгтнүүд цуг хоригдож болдог газар. Тэдгээр догшин ааштай, гэмт хэргийнхээ ертөнцөд нэр нөлөөтэй хүмүүсээр айлгаж ичээж байж хүмүүсийн хэргийг нь хүлээлгэх гэж оролддог.

Хамгийн тод жишээ нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг гэмт хэрэгтнээр зодуулж байгаа явдал шүү дээ. Энэ чинь өөрөө социалист үеийн хуучин догширсон арга. Гэмт хэрэгтнээр гэмт хэрэгтнийг хашраах гэж оролддог. Хуульчлагдсан хулгайч гэдэг социалист үг чинь үүнээс гаралтай. Хууль бус боловч албан ёсных юм шиг болчихсон, төрөөс дэмжлэгтэй гэмт хэргийн зохион байгуулалт дотор гэмт хэрэг хийгээд явж байна. Шоронд ял эдэлж байгаа хүнийг авч ирж эрх бүхий албан тушаалтнуудын зааварчилгаа, зөвшөөрлийн хүрээнд хүн зодуулж байна гэдэг төр өөрөө гэмт хэргийг өөгшүүлж, гэмт хэргийн туслалцаатайгаар өөр нэг гэмт хэргийг илрүүлнэ гэсэн горьдлоготойгоор ажиллаж байна гэсэн үг. Энэ бол маш муу жишиг, муу арга.

-Таныг Хууль зүйн сайд байхад Хууль зүйн салбарт хийсэн шинэчлэлүүдэд шүүмжлэлтэй ханддаг хэсэг байсан. Хууль зүйн салбарыг самарлаа гэж нэр бүхий албан тушаалтнаас эхлээд хурандаа нар хүртэл хэлдэг. Та үүн дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Монгол Улсын хууль тогтоомж, хууль зүйн бодлого тавхан асуултад хариулахад үнэн дүр төрх нь харагдана. Нэгд, энэ хуулиуд иргэнээ хамгаалж чадаж байна уу, эсвэл эрх ямбатай дарга нарыг хамгаалж байна уу. Хоёрт, энэ хуулиуд иргэн, хүнийг аюул ослоос сэргийлдэг тогтолцоог бүрдүүлж байна уу, эсвэл хий хоосон тогтолцоо, тогтолцоогоор халхавчилсан хэсэг бүлэг хүмүүсийн өөрсөддөө аюултай гэж үзэж байгаа зүйлийг хүчээр нухчин дарахад тусалж байна уу. Гуравт, энэ хуулиуд хүн бүрийн хууль шүүхийн өмнө тэгш байх боломжийг үгүй хийж, шударга бус ялгаварлалыг бий болгодог авлига гэдэг үзэгдэлтэй тэмцэж байгаа юм уу, эсвэл авлигачдаа хамгаалаад байгаа юм уу. Дөрөвт нь, энэ хууль чинь хариуцлагынхаа хувьд хүн бүрт жигд очиж чадаж байна уу, эсвэл ялгамжтайгаар алагчилж жирийн иргэдэд өнчин ишиг хулгайлсан ч өндөр ялтай, албан тушаалтнууд тэрбум тэрбумаар нь идсэн ч толгойг нь илээд өнгөрөх төдий байна уу. Тавд нь, энэ хууль чинь хувь хүн, жирийн бизнес эрхлэгч, жирийн дундаж монгол хүн хөгжиж, дэвжихэд дэм тус болж байна уу, эсвэл тэр хүмүүсийг шимэгчилж амьдарч байгаа хүмүүсийн хуулийн нэр барьж тонуул дээрмээ хийдэг хэрэгсэл нь болоод байгаа юм уу. Хэдхэн асуулт асуугаад өнгө төрхийг нь харахаар ямар байна. Цагдааг яагаад иргэнжүүлэх ёстой гэж. Яагаад Тахарын албыг бий болгосон гэж. 30 жил энэ улс оронд хэн илүү хохирч, хэн нь илүү хожсон бол. Ямартаа ч мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай дарга анги нэг их хохироогүй бололтой. Харин жирийн иргэд, дундаж монголчууд илүү хохирсон харагдана. Хохирсон иргэдээ хамгаалж чадахгүй төр хохироосон хүмүүсээ хамгаалж гүйгээд байх нь шударга уу. Гэрчээс хэн айдаг вэ. Яахаар авлигачид дуртай үедээ гэрчийг айлгаж, худалдаж авч, үгийг өөрчилж, амыг нь барьж, дуугүй болгож болно гэдэг ааш аягтай байдаг юм. Гэрч, хохирогч хамгаалах тогтолцоог тэд яагаад ингэтлээ үзэн ядаж, хамгийн түрүүнд устгадаг юм. Тахарын албыг татан буулгачихаад 60 тэрбумынхны үйл явдлыг гэрчилсэн Доржзодов гэдэг хүнийг хэн хамгаалав. Арга ядаад айлд хамгаалж байсан.

Самарна гэж яг юу юм. Хуулийг иргэнд ээлтэй болгох, иргэнээ хамгаалдаг болгох, хүчний байгууллагыг хууль сахиулдаг, иргэндээ үйлчилдэг болгохыг гэж ярьж байгаа бол ингэж самрах чинь зөв. Эсрэгээрээ эд нар самарсан зүйлийг засаад юу хийсэн юм. Цагдаагийн даргыг генерал болгосон байх. Иргэнд хүрч үйлчилдэг, хамгаалдаг хэсгээ гар мухарласан байх. Эсэргээр нь өөрсдийгөө хамгаалдаг, хариуцлагаас бултуулдаг хэсгээ хүчирхэг болгосон байх. Ардчилсан нам, энэ Тэмүүжин хийсэн учраас хуулийг өөрчлөх ёстой гэчихээд дандаа өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах юмаа хийж ирсэн. Дэвшилттэй сайн болгосон юм юу байгаа юм бэ. Х.Нямбаатарын Зөрчлийн хуулийг хар. Жижиг гэмт хэргийн хууль болгож бичээд иргэдийг ямар аймшигтай дарамталдаг хэрэгсэл болгоод хувиргачихав. Уг нь 240 хуулийн ард байгаа хариуцлагыг ил болгож тавиад иргэдээ дарамталдаг, шийтгэдэг ухаалаг биш энэ балай юмнуудаа зас гэж байхад татвар, гааль, мэргэжлийн хяналт гэх мэт байгууллагуудынхаа амбицад дийлдээд, тэдний ажлыг хөнгөвчлөх гээд эсрэгээрээ иргэдээ дарамталдаг, амьдралаар нь торгодог, аж ахуйг нь хоосолдог юм болгочихлоо. Хандлагын зөрүү ердөө л энэ. Иргэнд ээлтэй болгох зүйлийг тэд самардаг гэж хардаг. Өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалдаг, иргэд рүүгээ хүчирхийлдэг юмаа хууль сайхан болж байна гэж хардаг энэ хүмүүсийг солихгүйгээр энэ хуулийн тогтолцоо зөв болохгүй.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн хохирол, хэрэгцээний шуурхай үнэлгээ хийж, мэдээллийн сан бүрдүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үндсэн 5 маягт, дэлгэрэнгүй бүртгэлийн 1 маягт, 4 нэгтгэл маягт, заавар, аргачлал төсөл”-ийг боловсруулж, Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөл, аргазүйн зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүллээ.

Энэхүү маягт, заавар, аргачлал батлагдсанаар Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, 2018 оны 327 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн зэрэглэл тогтоох журам”, 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам” болон бусад холбогдох журам, дүрэм, зааврыг хэрэгжүүлэх юм.

Мөн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шуурхай удирдах, гамшгийн статистик мэдээг боловсруулах, гамшгийн хохирол, хэрэгцээний шуурхай үнэлгээ хийх, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг хэмжих, бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбогдох боломж бүрдэнэ.