Categories
мэдээ нийгэм

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10,000 амны хаалт оёж, үнэ төлбөргүй тараана

Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байгаа юм. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо эхний ээлжинд 10,000 амны хаалт оёж, эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байна.

Энэхүү маск нь элдэв харшил өгөхгүй, цэвэр даавуун материалаар хийсэн /хүүхдийн өлгийний даавуу/, амьсгалахад хүндрэл учруулахгүй, олон удаа угааж, индүүдэн хэрэглэх боломжтой юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл нийгмийн төлөө сайн дураараа амны хаалт оёх иргэд МЭХ-той холбогдоно уу.

Жич: Гэрээрээ оёж болно.

Хайртай хүмүүсийнхээ төлөө гараа сайн савандаж угааж, амны хаалтаа тогтмол зүүхийг МЭХ-ноос уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг БНСУ-ын Чангвон хотын Чангшин их сургууль болон Галын газарт энэ сарын 16-17-ны өдрүүдэд айлчлаад ирлээ.

Энэ үеэр Гамшгаас хамгаалах салбарт хоёр улсын хооронд гурван талт харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд гал болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн магистр, докторын сургалтад оюутан солилцох, сургалт, семинар, мэргэжилтнүүдийн уулзалтын талаар харилцан мэдээлэл солилцох, боловсролын үйл ажиллагаа, сургалтыг сайжруулах чиглэлээр сургагч багш, суралцагч, техникийн мэргэжилтнүүд мэдээлэл солилцох, харилцан айлчлал зохион байгуулах, техник, технологи, багаж хэрэгсэл нийлүүлэхэд хамтран ажиллах юм.

Мөн Чангвон хотын захирагч Хо Сонг Моотой уулзаж найрсаг, хамтын ажиллагагаа бэхжүүлэн хөгжүүлэх, гал түймэртэй тэмцэх салбарт олон улсын туршлага солилцох, гал түймэр унтраах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн техник, технологи, багаж хэрэгсэл нийлүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр БНСУ-ын Чангвон хотын захиргаанаас ОБЕГ-т дөрвөн ширхэг гал унтраах үндсэн албаны автомашиныг дагалдах техник хэрэгслийг хамт хандивлаж, гал унтраах технологи, ажиллагааны чиглэлээр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Түүнчлэн Онцгой байдлын удирдлагын салбарт хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газар болон БНСУ-ын Чангвон хотын хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана

Дэлхийн хамгийн чинээлэг эр Жэф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Амазон компанийн үүсгэн байгуулагч тэрээр “Bezos Earth Fund” гэх нэртэй сан байгуулаад буй.

Хандивын мөнгөө ирэх зунаас эхлэн тус сан руу шилжүүлэх гэнэ. Блүүмбэргийн мэдээлснээр түүний нийт хөрөнгө 130 тэрбум ам.доллар агаад хөрөнгийнхөө 7.7 хувийг буяны үйлсэд зарцуулдаг байна. Ж.Безос “Уур амьсгалын өөрчлөлт бол манай гаригийн хамгийн том аюул юм. Бид бүгдийн амьдардаг дэлхийг энэ аюулаас аврахын тулд одоо мэдэгдэж байгаа арга замуудыг сайжруулах, шинэ арга замыг хайж олох хоёр чиглэлд би бусад хүмүүсийн нэгэн адил ажиллах хүсэлтэй байна” гэжээ. Дашрамд хэлэхэд, Амазон компанийн 350 гаруй ажилтан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү их анхаарал тавихыг удирдлагуудаасаа шаардаж байв. Тус компани 2030 он гэхэд хүлэмжийн хий огт үйлдвэрлэдэггүй байгууллага болох зорилт тавиад байгаа юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ

Коронавирусийн халдварын нас баралтын түвшин хоёр хувьтай байна

Өнгөрсөн даваа гаригт Швейцарийн Женев хотноо ДЭМБ-ын тэргүүн Т.Гебреем сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр “Шинэ төрлийн коронавирусийн халдварын нас баралтын түвшин амьсгалын замын цочмог халтай хам шинж (SARS), Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинжийн (MERS) ижил үзүүлэлтээс харьцангуй бага байна. Хятадад бүртгэгдсэн коронавирусийн халдварын 44 мянга гаруй тохиолдлыг судалж үзэхэд нас баралтын түвшин нь хоёр хувь байна. Мөн шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүмүүсийн 80 гаруй хувьд хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд эдгэрэх боломжтой” гэжээ.

Сануулахад, Азийн орнуудад 2003 онд тархсан өөр төрлийн коронавирусээр үүсгэгддэг “SARS”-ын уг үзүүлэлт 9.6 хувь байжээ.

Categories
гадаад мэдээ

Иранд тагнуулын хэргээр найман хүнд ял оноов

Ираны эрх баригчид АНУ-ын талд тагнуул хийсэн гэх хэргээр найман хүнд ял оноожээ. Тус улсын Дээд шүүхийн албан ёсны төлөөлөгч Голям Хосейн Исмаил сэтгүүлчдэд хандан мэдэгдэхдээ “Манай улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзэж байгаа тул бид эдгээр хүмүүст зургаан жилээс арван жил хүртэлх хорих ял ногдуулсан. Энэ нь давж заалдах шатны шүүхийн тул эцсийнх юм” гэжээ.

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолсноор ял авсан этгээдүүдийг хоёр жилийн өмнө саатуулжээ. Тэдгээрийн дунд хоёр улсын иргэншилтэй иргэд ч байгаа гэнэ. Сүүлийн үед АНУ, Ираны харилцаа хурцдах болсон. Үүний дагуу Ираны тал нутагт нь буй гадаадын тагнуулчдыг илрүүлэх ажлыг идэвхжүүлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын талд тагнуул хийсэн гэх хэрэгт нэгэн эрийг буруутган түүнд цаазын ял оноож байв.

Мөн хоёрдугаар сарын 4-нд цөмийн хөтөлбөрийн салбарт Вашингтоны талд тагнуул хийсэн гэх өөр нэг этгээдэд цаазын ял ногдуулсан удаатай.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн хорооны ээлжит бус чуулганыг цуцалж, хугацааг хойшлууллаа

Монгол улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр хуралдаж, шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд сунгасан билээ.

Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 2020 оны гуравдугаар сарын 6-нд зохион байгуулагдахаар төлөвлөөд байсан Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны Гишүүдийн ээлжит бус чуулганыг цуцалж, хугацааг хойшлуулсныг мэдэгджээ.

Тус хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах ажээ. МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгууль явуулах гэж байгаа юм. Сул орон тоонд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгууль багтаж байна.

Categories
гадаад мэдээ

ЮКОС-ын хувьцаа эзэмшигчдэд 50 тэрбум ам.доллар төлөхийг шаардав

Цагтаа Оросын газрын тосны зах зээлд тэргүүлж байсан ЮКОС компанийг 2007 онд
хүчээр дампууруулсан гэдэг. 2003 онд тус байгууллагын удирдлагуудыг татвараас зайлсхийсэн
гэх хэрэгт буруутган, эздийг нь шоронд хорьсон. Харин ЮКОС компанийн хөрөнгө оруулагчид
Оросын эрх баригчдын дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь “Энэ нь Эрчим
хүчний Хартийн протокол”гэгчийг зөрчсөн хэрэг гэж үзсэнийх. Тус протоколд зааснаар
бол талууд маргааныг гурван сарын хугацаанд энхийн замаар шийдвэрлэх ёстой. Тиймээс
тэд Гааг дахь олон улсын шүүхэд гомдол гаргаж, Оросын талаас 114 тэрбум ам.долларыг
нэхэмжилсэн юм. Уг асуудал нэлээд сунжирсны эцэст өчигдөр эцэслэн шийдвэрлэсэн бололтой.
Гааг дахь давж заалдах шатны шүүх хурлаар ЮКОС-ын хувьцаа эзэмшигчдэд 50 тэрбум
ам.доллар төлүүлэх шийдвэр гаргажээ. Уг хуралд Оросын талыг төлөөлж хүний эрхийг
хамгаалах Олон улсын төвийн тэргүүн Андрей Кондаков оролцсон бөгөөд энэ талаар мэдэгдсэн
байна. Харин ОХУ-ын төрийн тэргүүн В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Энэ талаар
бидэнд хараахан мэдээлэл ирээгүй байна. Тиймээс энэ тухай тайлбар хийх боломжгүй
”хэмээн тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм

IELTS-ийн шалгалтуудыг цуцалжээ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг III сарын 30-ныг хүртэл түр зогсоох шийдвэр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад IELTS-ийн шалгалтыг албан ёсоор зохион байгуулдаг ESP төв гуравдугаар сарын 5, 7, 14, болон 21-ний шалгалтуудыг цуцалж байгаагаа аж. Тухайн шалгалтуудад бүртгүүлсэн хүмүүс “ESP” төвд хандан шалгалтын өдрөө нэмэлт төлбөргүйгээр шилжүүлэх болон төлбөрөө бүрэн буцаан авах хүсэлт гаргах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ коронавирусийн эрсдлээс сэргийлэхээр хийж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: “БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар дэлхийн олон орон бүртгэгдэж ДЭМБаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарласан.

2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Улсын хилийн боомтуудад хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зорчигсдын эрүүл мэндэд хяналт тавьж сэжигтэй тохиолдлуудыг илрүүлж эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 138 сэжигтэй тохиолдол илрүүлж, Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж тусгаарлах арга хэмжээ авхуулсан. Мөн бусад байгууллагатай хамтран нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээг таван удаа хийсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд 21 аймагт улсын хэмжээнд хяналт шалгалт хийж байна. Улсын онцгой комиссоос гаргасан шийдэрийн дагуу хоёрдугаар сарын 12-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал, тусгай горимоор системийн хэмжээнд шилжин ажиллаж эхэлсэн.

Энэхүү арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд 2,200 мэргэжлийн хяналтын алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Түүнчлэн халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн үед хилийн боомт болон шаардлагатай газруудад дайчлан ажиллуулах улсын байцаагчдын нэрийг гарган, МХЕГын даргын тушаалаар үүрэгжүүлсэн. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг үүссэн тохиолдолд 1,465 улсын байцаагчийг дайчлан ажиллуулахаар бэлэн байдлыг хангаад байна” гэлээ.

Мөн тэрбээр “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хот хоорондын 569 автобусанд цэвэрлэгээ халдваргүйтэл хийсэн. Мөн 229 шашны байгууллагад хурал зохион байгуулахгүй байх мэдэгдэл хүргэсэн. Цагаан сарын үеэр шашны байгууллагын хурал номд оролцохгүй байх, Ерөнхийлөгчийн зарлигийг дагахыг зөвлөж байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулахаар үзлэг шалгалтыг хийхэд бэлэн байдал хангагдаагүй 24 эмнэлэгт албан шаардлага хүргэн ажиллалаа. Түүнээс гадна 1,735 үйлчилгээний газарт хяналт хийхэд 54 хувь нь үйлчлүүлэгчдээ бие засах болон гар угаах нөхцөлийг бүрдүүлжээ. Үлдсэн 46 хувьд зөрчлөө арилгах зөвлөмж өгсөн. Хэдийгээр одоогийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон ч энэ хугацаанд олон хоног үйл ажиллагаа явуулахгүй бол эрүүл ахуйн нөхцөл шаардлага хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрсдэл үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын байгууллагуудад зөвлөмж өгөөд байна.

Цагаан сарын үеэр дулаан цахилгаан, ариутгалын системийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дэд бүтцийн хяналт хийгдэж байна” гэдгийг нэмж хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Зургаан аймаг автозамын хөдөлгөөнийг хориглоод байна

Image result for Орон нутгийн автозамын хөдөлгөөн

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулан сар шинээр орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг шийдвэрлэнэ хэмээн ОБЕГ-аас мэдэгдэгдсэн. Одоогийн байдлаар зургаан аймгийн Онцгой комисс хуралдаж, Засаг дарга нар захирамж гарган сар шинийн өдрүүдээр тухайн аймаг, сумд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдээд байна. Увс, Архангай, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын 21-27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг дуустал хязгаарлахаар шийдвэрлэжээ. Харин нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг Улсын онцгой комисс хэлэлцэн шийдвэрлэнэ.