Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Хувийн хэвшлээ дэмжвэл Монгол Улс 10 жилийн дотор дэлхийн дундаж орлоготой орон болж хөгжинө

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай ярилцлаа.


-Монгол хүний бодит орлогыг ирэх арван жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх буюу дундаж цалинг 1000 ам.долларт хүргэх, нэг хүнд оногдох ДНБ-ийг арван мянган ам.доллар, нийт эдийн засгийг буюу ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүргэх санаачилгыг таны байгуулсан “Монголоо шинэчилье” клубээс танилцуулж байсан. Энэ тухай ярилцлагаа эхэлье…

– Энэ санаачилгын зорилт шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа одоо ч хүчинтэй байгаа. 2016 онд НҮБ-ын дэмжлэгтэйгээр боловсруулж УИХ-аар баталсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, бусад орны туршлага зэрэгт үндэслэсэн учраас хэрэгжих боломжтой.

Өнөөг хүртэл долоон удаа намууд УИХ-ын сонгууль хийж, сонгууль бүрээр амлалт өгдөг. Тэр нь хэрэгжилт муутай, сүүлийн жилүүдэд бүр цайгаад эсрэгээрээ хэрэгждэг болоод байна. Энэ санаачилга, зорилтод намуудын мөрийн хөтөлбөрөөс ялгагдах хэд хэдэн зарчим бий. Анх удаа санаачилгын зорилтыг тоогоор гаргаж тавьсан. Мөн гол хэрэгжүүлэгчид нь хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид байж хэрэгжих боломж бүрдэх юм. Төр засаг аль болох шууд оролцохоос татгалзаж, энэ санаачилгын зорилтын хэрэгжилтийг зохион байгуулах дэмжих бүтцийг (нэмэлт орон тоо бий болгохгүйгээр) УИХ, Засгийн газрын түвшинд бий болгох, холбогдох зүйн орчныг бүрдүүлэх болон бусад холбогдох шийдвэрүүдийг хугацаа алдалгүй гаргах, санхүүжилт босгох, гадаадын улс орнууд, олон улсын байгууллага, салбаруудын томоохон хөрөнгө оруулагчийг татах зэрэгт хувийн хэвшилтэйгээ нягт хамтарч ажиллах юм. Түүнчлэн энэхүү санаачилгын зорилт хялбархан бэлэн мөнгө тараах амлалт биш, нийт ард түмнээ, бизнес эрхлэгчдээ энэ зорилтыг хэрэгжүүлэхэд уриалан тэднийгээ дэмжиж ажиллах явдал юм. Ийм учраас энэ санаачилгын эрхэм зорилгыг “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн”, уриаг “Бүтээлч монгол хүнээ дэмжье”, “Хичээсэн хүн сайхан амьдрах орчинтой итгэл төгс Монгол орноо хөгжүүлье” гэж томьёолсон. Өнөөдөр Монгол Улсад хөгжлийн олон зорилт, хөтөлбөр бий, ихэнх агуулга нь яриа өгүүлбэр, харин “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бол ганц тоон зорилттой. НҮБ-ын оролцоотой хийсэн үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг. Энэ бодлогыг УИХ-аар баталсан тул Засгийн газар хэрэгжилтийг нь гаргаж явах үүрэгтэй. Хууль ч ийм байгаа. Гэтэл чимээгүй байгаад байх юм.

-Энэ санаачилга хэрэгж-вэл ямар үр дүнд хүрэх вэ?

-Нэг хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар гэдэг нь олон улсын хэмжээнд дундаж орлоготой оронд ордог. Энэ санаачилга хэрэгжсэнээр монгол хүн дэлхийн дундаж орлоготой болох юм. Санаачилгыг төр, засаг зохион байгуулан дэмжвэл нийт дундаж орлоготой иргэд нийт иргэдийн дийлэнх олонх болсон чинээлэг иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндсэн зорилт хэрэгжих юм. Түүнчлэн монгол хүний амьжиргааны чанарыг олон улсын дундаж түвшинд хүргэх болно. Мөн монгол хүний сарын дундаж цалин 1000 ам.долларт буюу түүнээс дээш болсноор одоогийн байдлаар гадаадад ажиллаж амьдарч байгаа 200 мянга орчим залуус эх орондоо ирж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. Энд товчхон тайлбар шаардлагатай. Энэ санаачилгыг нийтэд танилцуулснаас хойш нэлээд хүнтэй уулзсан. 10 жилийн дараа цалин 1000 ам.доллар болно гээд хүлээгээд сууж байх уу, заавал ам.доллараар ярьдаг нь яаж байгаа юм, ам.доллар гэхээр сонирхоно гэж бодоо юу, монголчууд хэзээ ч дэлхийн дундаж орлоготой болж чадахгүй, тоогоор зорилт гаргаж тавьдаг нь зөв зэрэг шүүмжлэлүүд байсан. Шүүмжлэх нь зүйн хэрэг. 2019 онд нэг хүнд оногдох ДНБ-ийг 4178 ам.доллар байхаар УИХ төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Энэ нэг хүнд оногдох ДНБ-ийг ам.доллараар илэрхийлсний 10 орчим хувь буюу 350-420 ам.доллар нь төрийн захиргааны албан хаагч, багш, эмч, нарын цалин. Үүнийг улсын дундаж цалин гэдэг. Эндээс нэг хүнд оногдох ДНБ 10000 ам.доллар болсноор, үүний 10 хувь дундаж цалин гэвэл 1000 ам.доллар буюу түүнээс дээш болохоор байгаа биз. Гэхдээ өнөөдөр хувийн хэвшлийн боломжийн компанид ажиллаж байгаа дунд түвшнээс дээших менежерүүдийн цалин аль хэдийн 1000 ам.доллар буюу 2.8 сая төгрөгөөс давсан. Энэ бол сайн зүйл. Тэгээд дээрх энэ санаачилгын зорилтуудыг 10 жилийн дотор гэсэн нь анхаарал татах нь ч мэдээж юм. Төр, засаг, нийт иргэд улсаараа урагшаа харж иймэрхүү зорилтын төлөө хамтарч ажиллаж чадваас 5-6 жилийн дотор ч нэг хүнд оногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх боломжтой байх. Ерөнхийдөө нэг хүнд оногдох ДНБ-ийг одоогийн 4200 орчим ам.долларыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт юм. Япон, Герман зэрэг улсууд ийм зорилтуудыг гаргаж тавин хэрэгжүүлж байсан. Японы нэг ерөнхий сайд 1960-аад оны үед нэг хүнд оногдох ДНБ-ээ 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьж ард түмнээ манлайлан дагуулж чадсан учраас 10 жил биш, 7.3 жилийн дотор энэ зорилтоо хэрэгжүүлж байж. Ингэснээр Япон улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс бол хөгжсөн байдаг. УИХ-аар удахгүй 2019 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд энэ тоо тодорхой болно байх. 2019 оны ам.долларын энэ зорилт доогуур биелэлттэй гарах байх. Учир нь энэ засаг ам.долларын ханшны өсөлт, төгрөгийн ханшны уналтаа бараг тавиад туучихлаа. Товчхон хэлэхэд энэ дөрвөн жилд эрх баригчид томилолт, зардал өсгөдөг төрийн байгуулагуудын конторын барилгыг асар олноор барих, тансаг зэрэглэлийн шинэ машин хөлөглөх зэрэг тансаглалын зардлаа ерөөс танасангүй. Үүгээр зогсохгүй улсын төсвийг дөрвөн жилд нийт 9.5 их наяд төгрөгийн алдагдалтай баталж, үүнийгээ санхүүжүүлэхийн тулд 10 их наяд төгрөгийг хэвлэн зах зээл лүү нийлүүлсэн гэсэн мэдээлэл явж байна. Үнэний ортой байх. Ер нь манай улсын төсвийн эдийн засгийн үр, өгөөж Дэлхийн банкны судалгаагаар гишүүн орнуудын дотор хойноосоо 13 дугаар байрт явж байна. Энэ маш тааруу үзүүлэлт. Ийм үйл ажиллагаанаас болоод төгрөгийн ханш өндийхгүй унаад байх шиг байна. Уг нь өнгөрсөн хугацаанд гадаад худалдааны тэнцэл ашигтай, экспортын гол нэрийн нүүрс, зэс, алтны зах зээл сайн байсан. 2012-2016 оны хооронд АН болон Шудрага ёс эвсэл эрх барьж байхдаа дөрөв орчим их наяд төгрөгийг зах зээлд хэвлэж нийлүүлсэн гэдэг.

-Энэхүү санаачилгад нийцэх хууль эрх зүйн орчин өнөөдөр манайд бий юү. Өөр ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?

-Хангалттай эрх зүйн орчин бий. Баялагийн хуваарилалт, баялгийн дахин хуваарилалтын эрх зүйн орчныг тодорхой болгох. Эхнийх нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нээж илрүүлсэн стратегийн ордуудын үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлж, менежментийг олон жишгээр сайжруулж төрийн эзэмшлийн хувьд оногдох ногдол ашгийг нэмэгдүүлэх, энэ орлогыг үр ашигтай хүртээмжтэй хуваарилах. Нөгөөх нь татвар төлөгчдийн хөрөнгөөс бүрдэж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах. Гол нь энэ санаачилгыг хэрэгжүүлэхийг Засгийн газраас зохион байгуулах мөн Засгийн газар нэлээд олон шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргах шаардлагатай. Үүнээс гадна улстөрчид олон түмэнд таалагдах үг, үйлдлээ(популизм) зохистой хязгаарлаж, төр, засаг баялаг бүтээж байгаа бүтээлч хүмүүс, хувийн хэвшлээ дэмжих, гол нь тэдний ажиллаж амьдрах өрсөлдөх чадвартай орчныг бий болгох үндсэн ажилдаа онцгойлон анхаарах хэрэгтэй болжээ. Сүүлийн жилүүдэд төрийн эдийн засаг дахь оролцоо буюу ДНБ-д эзлэх төсвийн урсгал зардал хурдацтай тэллээ. Төрд ажиллаж байгаа албан хаагчид, төрийн өмчит ААН-д ажиллаж байгаа хүмүүсийн тоо их олноор нэмэгдлээ. Энэ эдийн засаг дэх төрийн оролцоо ийм байдлаар нэмэгдэхээр төрийн байгуулагын хүнд суртал гаарч, авлигын үзүүлэлт муудсаар байна. Мөн төрд алба хашиж байхдаа төр, түмний хөрөнгөөс хулгайлсан хүмүүсийг төрөөс бүрэн чөлөөлдөг болох хэрэгтэй. Мөн төр, олон нийтийн баялгийг шамшигдуулсан нь шүүхээр тогтоогдсон хүмүүсийг улс төрийн нам аливаа улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх үндсэн шалгуураа болгомоор байна. Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө түүний дотроос үзэл бодлоо илэрхийлэх улс төрийн эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрхийг төр засгийн зүгээс зөрчихгүй байх, хамгаалахад онцгой анхаарах хэрэгтэй. Тухайлбал, төрд алба хашиж байгаа хэн нэгэн иргэд, ААН-ийг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварласан нь тогтоогдвол шууд хуулийн хариуцлага тооцдог болохыг хуульчилж болно. Парламентад суудалтай намууд хамтраад урт хугацаанд хөрөнгө оруулалтын орчныг ойлгомжтой, тогтвортой, өрсөлдөх чадвартай байлгана гэдгээ зарламаар байгаа юм. Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийг үндэсний эн тэргүүний зорилт болгож, экспортын орлогод боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний орлогын эзлэх хэмжээг жил бүр нэмэгдүүлэх нь зүйтэй. Монгол Улсын бүх компани экспортлогч болохын төлөө хамтарч ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэн хөгжүүлэхдээ Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг Уул уурхайн олборлох үйлдвэр, Хөдөө аж ахуй, Боловсруулах үйлдвэр (Уул уурхай, ХАА, хөнгөн үйлдвэр), Эрчим хүч ба Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр, Аялал жуулчлал гэх зэргээр олон улсад зарладаг ч юм уу. Эдгээр салбарт бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дэвшилтэт технологи, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал шинэ эрин үеийн мэдээллийн технологи болон дижитал технологийг нэвтрүүлэх шаардлагатай.

-Та энэ санаачилгынхаа зорилтыг ам.доллараар гаргаж тавьдаг нь ямар шалтгаантай вэ. Өнөөдөр манайд ажлын байр хомс байгаа. Тэгэхээр цалинг тэрхүү хэмжээнд хүргэхэд ямар алхмууд хийх ёстой гэж үзэж байна?

-Эдийн засаг өсч байна, уруудаж байна гэж олон жил ярилаа. Бодит тохиолдолд яасан байна гэдгийг судалсан. 2011-2020 оны хооронд 10 жилийн хугацаанд төгрөгөөр илэрхийлсэн эдийн засгийн өсөлтийн голч 6.3 хувьтай байсан боловч ам.доллараар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ 4100 ам.долларын түвшинд сүүлийн 10 жилийн хугацаанд өгсөж уруудан хэлбэлзэж бодитой өсөлт гараагүйгээр зогсохгүй, ам.доллартай харьцуулсан төгрөгийн худалдан авах чадвар 2.2 дахин унаснаар өдөр тутмын өргөн өргөн хэрэглээндээ импортын барааны хэрэглээ өндөртэй монгол айл өрхүүдийн амьжиргаанд хүндээр тусч өнөөгийн байдлаар ядуурлын хамрах хүрээ 2014 онд 21 орчим хувь байсан бол 2018 онд 30 хувьд хүрч, гурван хүний нэг нь ядуурлын байдалтай байна. Цаашид эдийн засаг төгрөгөөр илэрхийлсэн дүнгээр өссөн ч Монгол Улс гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны уналтаа тогтворжуулж чадахгүй одоогийн энэ байдлаараа явбал нийт хүн амын 50 хувь, хоёр хүний нэг нь ядуурах эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн дөрвөн жилд төгрөгийн ханш 40 гаруй хувиар уначихаад байна. Энэ байдлаас харахад ажлын байр байхгүйдээ биш, ажил хийгээд авдаг цалин нь бага, авсан цалин үнийн өсөлтөөс амьжиргааны зардалд нь хүрдэггүй болохоорт хүмүүс, тэр тусмаа залуус эх орондоо ажиллах дургүй болчихоод байна. Ийм байхад л намууд, эрх баригчид сонгуульд дахин сонгогдохын тулд бэлэн мөнгө амлаад, хэвлэж тараагаад байх бололтой. Энэ бол хорлонтой үйл ажиллагаа.

-Цалинг энэ хэмжээнд хүргэхэд юу анхаарах ёстой юм. Улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн үйл ажиллагаа гээд бүхий л зүйлс нөлөөлж таарах байх…

-Холын зорилготой бол ойрын зовлон бага оршдог гэдэг. Хаана очихоо мэдэхгүй яваад байвал хаана ч очихгүйгээр үйл явдал дуусдаг гэдэг. Тиймээс Монгол Улсын төр засаг дунд (5 хүртэлх жил), урт хугацааны (5-с дээш жил) зорилттой болох. Тэр зорилтоо тууштай хэрэгжүүлэх. Тэрнээс сонгууль болгоны өмнө, хойно өөр юм яриад байж болохгүй. Төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэх, хуульчлах хэрэгтэй болно. Ер нь бол аль Оюу толгой төсөлтэй дөхүү 10 гаруй төслийг хурдан хэрэгжүүлэхэд л энэ зорилт хэрэгжих боломжтой. Засаглалын бүх түвшинд хууль дээдлэх эрх зүйт төрийн зарчмуудыг мөрдөж тэгш шударга байдлыг хэвшүүлэх. Төрд ажиллаж байгаа хэн ч хууль зөрчвөл өөрөө ажлаа өгдөг ёс зүйн жишигтэй болох. Хууль, хяналтын байгууллагад улс төрөөс хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Боловсролын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Төр, засгийн бодлогын шийдвэрийг зөвхөн судалгаанд үндэслэн тухайн харилцаанд оролцогч талуудын оролцоог хангаж бодлогыг өрсөлдүүлэх замаар гаргах тогтолцоонд шилжих зэрэг олон арга хэмжээ байх шаардлагатай.

-Төгрөгийн ханшийг зах зээлийн эдийн засгийн зарчмаар тогтвортой байлгана гэж байгаа. Энэ боломжтой юу. Өдрөөс өдөрт төгрөгийн ханш суларч байна шүү дээ.

-Гол нь гадаад валютын нөөц, Монголбанкны алтны нөөцийг нэмэгдүүлэх юм. Уг нь энэ боломжтой. Нөгөө талаас экспортын тогтвортой өсөлтийг хангах. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын байнга ярьж ирсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний боловсруулах аж үйлдвэр-лэлийг хувийн хэвшлээ дэмжих замаар хөгжүүлэх юм. Мөнгө дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Бэлэн мөнгөний амлалтаас татгалзаж, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт хүргэх юм. Улсын төсвийн үр өгөөжийг сайжруулж, алдагдалгүй батлах. Ирээдүйн өв сангийн хуулийг хэрэгжүүлэхдээ улс төр, төрөөс хараат бус болгож олон улсын туршлагаар менежмэнтийг явуулж хуримтлалаа асар ихээр нэмэгдүүлэх мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахын тулд нийт иргэддээ аль болох үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн ач холбогдлыг сурталчилан таниулах хэрэгтэй. Экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хувийн хэвшлийн ААН-үүдээ дэмжих, дэмжих хуулийг боловсронгуй болгож сэргээх зэрэг байж болно.

-Эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохих улс төрийн зөвшилцөл шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүд бий болгох хэрэгтэй гэж байсан. Жишээ нь, ямар төсөл байвал болох вэ?

-Энэ дээр 15 орчим төслийг гаргаж үзсэн. Бүгдийг нь доор жагсаалаа. Гол нь уул уурхайн бус салбарын томоохон төслийн хэрэгжилт их чухал байна. Шинэ нисэх онгоцны буудалд түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, банк санхүү, тээвэр ложистикийн чөлөөт бүс, Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж экспортлох, Байгалийн хий дамжуулах хоолой, Нүүрсний гүн боловсруулалт (нүүрс хийжүүлэх, нүүрснээс байгалийн нийлэг хий ялгаруулах), Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийг ажиллуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийг нефть-химийн аж үйлдвэрийн цогцолборын хамтаар ашиглалтад оруулах зэрэг төслүүд бий.

-ЖДҮ-ийн тухай хуулийг та өргөн барьж 2007 онд батлуулж байсан юм билээ. Таныг олон компанитай гэдэг. Энэ хуулийг батлуулаад тэр компаниуддаа ЖДҮ-ийн зээл аваад өгчихсөн биш биз. ЖДҮ-ээс гишүүд зээл авсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-ЖДҮ-ийн тухай хуулийг анх 2004 онд УИХ-ын гишүүн болчихоод 2005 онд Японы ГХЯ-ны урилгаар Б. Батбаяр( молекул), р.Буд гишүүнтэй хамт Япон явж тэдний Засгийн газрын хөгжиж байгаа орнуудад олгодог хоёр шаттай, урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг сонирхоход ЖДҮ-тэй холбогдсон эрх зүйн орчингоо бүрдүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд хуулийн төсөл дээр ажиллаад 2006 онд УИХ-аар хэлэлцүүлсэн болов унаад, дахиж сайн боловсруулаад 2007 онд батлуулж байсан. Өнгөрсөн хугацаанд Японы энэ хоёр шаттай зээлээс хоёр удаагийнх нийлээд 100 орчим сая.ам долларын зээлийг Монгол Улс авч, зохих эзэндээ хүрсэн болов уу гэж бодож байна. Миний хувь эзэмшдэг байсан ямар ч компани ЖДҮС-гаас зээл аваагүй өнөөг хүрсэн. Үүнд итгэлтэй байна. 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл арилжааны банк эцсийн шийдвэрийг гаргадаг. Зээлийн хэмжээ нь нэг иргэн, эсхүл ААН-д 200 орчим сая. төгрөг, зээлийн хүү нь ес орчим хувьтай байсан. Гэтэл зээлийн хэмжээг 10 дахин нэмэгдүүлж, хүүг нь гурав дахин бууруулаад улс төрийн шийдвэрээр олгодог болгоод, өөрсдөө болон хамааралтай ААН-дээ авчихсан байна гэж хэвлэлээс ойлгосон. Хэрэв ингэсэн бол арай дэндэнэ. Засгийн газар болон УИХ-ын гишүүн ийм шийдвэр гаргасан бол Үндсэн хууль болоод бусад холбогдох хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдоно. Монгол төрийн түүхэнд дахиж “хууль зөрчсөн ийм болчимгүй алдаа”давтагдах ёсгүй. Хөгжилтэй орнуудад бол ийм алдаа гаргасан бол өөрсдөө огцрох өргөдлөө өгчихсөн байгаа болов уу даа. Ингэхгүй болохоор л төр, засагт итгэх иргэдийн итгэл алдраад байгаа юм даа.

-Удахгүй 2019 оны шилдэг үг шалгаруулах үйл ажиллагаа болох юм билээ. Энэ тухайд?

-Халдварт өвчний эрсдэлтэй байгаа учир 2019 оны шилдэг үг шалгаруулах ёслолын арга хэмжээг бичлэг хийгээд олон нийтэд цацна гэсэн. Энэ арга хэмжээг Төв гандантэгчэнлин хийд, ШУТИС, Монголоо шинэчилье клуб хамтарч зохион байгуулж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл сошиалаар явж байгаа тул тайлбар хэрэггүй болов уу. Зарын дагуу олон хүн оролцож байна. Ёслолын арга хэмжээ энэ сарын 20-нд 11:40 цагт Гандан хийдэд болно. Олон түмэнд хэрэгтэй үг шалгарна гэдэгт найдаж байна. Сайныг бодож төлөвлөж байж сайн үйлс бүтдэг.

Categories
мэдээ цаг-үе

Б.Дөлгөөн: Зэс, нүүрсний экспорт зогсоход Монгол Улс 2, 3 дугаар сард 800 сая ам.долларын орлогоо алдахаар байна


Коронавирусийн халдварын тархалтын улмаас Монголын эдийн засагт үүсээд буй хүндрэлийн талаар эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Урд хөршид коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, манай улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн боловч эхний улиралд экспортын орлого тасрах нь тодорхой болоод байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хоёр орныг харахад Монгол Улсын худалдаанаас хамааралтай байдал маш өндөр хувьтай байгаа. Импорт, экспортын хэмжээ нь ДНБ-ээсээ даваад гарчихсан, харин Хятад улсад гадаад худалдаа нь ДНБ-ийхээ 34 хувьтай тэнцэж байна. Тиймээс манай улсын гадаад худалдаа 10 хувиар буурахад эдийн засагт учруулах нөлөө нь Хятадынхаас гурав дахин их гэсэн үг. Энэ үед манай бараа бүтээгдэхүүний экспорт зогсонги болж байгаа нь томоохон нөлөө үзүүлнэ. 2019 оны 2, 3 дугаар сард зэс, нүүрснийхээ экспортоос өдөрт 10 сая ам.долларын орлого олж байжээ. Үүнтэй дүйцүүлж тооцвол, зөвхөн зэс, нүүрсний бүтээгдэхүүний экспорт зогсоход Монгол Улс 2,3 дугаар сард бараг 800 сая ам.долларын валютын орлогоо алдахаар байна. Энэ бол маш том тоо. Манай эдийн засгийн 7-8 хувьтай дүйх хэмжээний дүн юм.

Хоёрдугаарт, өвчний тархалт, нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхээс хамаарч бидний авах арга хэмжээ ч мөн тэр хэмжээгээр өөрчлөгдөнө. Түүнчлэн, манай улсын экспортын орлого хумигдаж байгаагаас гадна дэлхий дахинд түүхий эдийн үнэ 10-аас илүү хувиар уначихлаа. Тэгэхээр экспортын хэмжээ буурахгүй байлаа ч үнийн уналтаас шалтгаалж валютын орлого буурна гэсэн үг. Ингээд бодохоор, манай эдийн засаг ганц улсаас хамаараад зогсохгүй нэг, хоёрхон бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай байна. Энэ нь өндөр эрсдэл дагуулахаас гадна эдийн засагт томоохон цохилт авчрах аюултай. Үүнийг төр засаг мэдэж байсан. Сүүлийн арван жилийн турш л нэг салбар болон нэг зах зээлээс хэт хамааралтай байдлыг хэрхэн бууруулах талаар ярилцлаа. Гэвч хэрэгжүүлсэн дорвитой ажил байсангүй.

-Одоогийн нөхцөл байдалд бид ямар арга зам эрэлхийлэх шаардлагатай вэ?

-Авах арга хэмжээг богино, дунд, урт хугацаанд ярья. Богино хугацаанд, экспорт буурч байгаа бол энэ хэмжээгээр бид импортоо багасгах хэрэгтэй. Нэн шаардлагатай биш зарим бүтээгдэхүүн дээр тарифыг нэмэх боломжтой. Дэлхийн худалдааны байгууллагад элсэн ороход гэрээндээ хамгийн дээд түвшний тарифыг бараа тус бүрээр зааж өгсөн байдаг. Тиймээс зарим нэр төрөл, тухайлбал автомашин дээр тарифыг зөвшөөрөгдсөн хэмжээнд тултал нь нэмэгдүүлж болно. Харин зарим нэн шаардлагатай бүтээгдэхүүний тухайд гаалийн таван хувь ч тавихгүй, НӨАТ-аас чөлөөлж өгөх хэрэгтэй. Уг шийдвэрийг УИХ гаргах бүрэн боломжтой. Тухайлбал, маск. Бүр нарийвчилж заагаад N95 төрлийн маск коронавирусийн халдвараас хамгаалах чадалтай учир энэ төрлийн маскийг татвараас чөлөөлөх боломжтой. Тэгж байж бид дотооддоо үүсээд байгаа маскны хомсдол, үнийн хөөрөгдлийг тогтоон барьж чадна. Өмнө нь 2000 төгрөг байсан маск 7000 төгрөг болсон жишээ бий. Үнэ нэмсэн газруудыг торгож байгаа ч эрэлт нийлүүлэлтийн харьцаанаас үүдэлтэй зах зээлийн механизм үйлчилж буй. Тэгэхээр торгоод хангалтгүй. Яг ингэж маск, эмнэлгийн хамгаалалтын хувцас, бээлий гэх зэргээр нарийвчилж тогтоох хэрэгтэй. Харин хаа хамаагүй ширээ сандал, бусад бараан дээр тарифын хөнгөлөлт үзүүлж болохгүй.

Хоёрдугаарт, экспорт буурсантай холбоотойгоор төсвийн орлого хумигдаж байна. Ялангуяа, АМНАТ-ийн орлого эхний улиралд маш хүнд байх нь ээ. Магадгүй хоёр дахин буурах хандлага ажиглагдаад эхэллээ. Иймээс наана нь шийдвэр гаргаж, орлого буурч байгаагийн хэрээр зарлагаа хэрхэн танах тухай бодох хэрэгтэй. Зарлагын байж болох хамгийн дээд хязгаар бол 5.1 хувь. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлага орлогоосоо 2 их наядаас дээш хэтэрч болохгүй гээд заачихсан. Иймээс хойшлуулж болох зардлуудаа эрэмбэлэх ёстой. Тухайлбал, олон соёлын төв, музей зэргийн санхүүжилтийг дараа жилүүдэд шилжүүлж болно.

-Төсөвт зайлшгүй тодотгол хийх нь ээ?

-Хийж таарна. Гуравдугаарт, эдийн засгийн олон механизм хоорондоо уялдаатай. Жишээ нь, худалдааны их хэмжээний алдагдал нь төсвийн өндөр алдагдалтай нийлээд ирэхээр эдийн засгийг маш хүнд байдалд оруулдаг. Үүнийг хос алдагдал гэдэг. Уг алдагдлыг бага ч гэсэн бууруулахын тулд Монголбанкнаас валютын зах зээл дээр интервенц хийхгүй байх нь зөв. Ингэхээр ханшийг зах зээлийнх нь жамаар тогтооно гэсэн үг. Ингэж валютын ханшаар дамжуулж импортын хэмжээг бууруулах боломжтой гэж харж байна. Ойрын хоёр сарын хугацаанд зах зээл дээр нь валютын ханшийг даатгаж өгөх нь зөв шийдвэр. Мэдээж энэ бол улс төрийн хувьд маргаантай сэдэв. Сонгууль дөхсөн тул ард түмэнд таалагдахын тулд Засгийн газарт энэ хувилбар таалагдахгүй байх. Гэхдээ бодит нөхцөл байдалтай нүүр тулбал энэ нь хамгийн зөв хувилбар.

-Дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх механизмын тухайд?

-Дунд, урт хугацаанд гэвэл нэг улсаас хэт хараат байдлыг арилгах ёстой. Экспортынхоо бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зэргээр өнгөрсөн хугацаанд олон удаа ярьсан ч хийж хэрэгжүүлээгүй бүхнийг системтэйгээр хийх учиртай.

-Коронавирусээс үүдэлтэйгээр богино хугацаанд эдийн засагт өмнө нь төлөвлөж, төсөөлөөгүй том өөрчлөлт бий боллоо. Үүнийг давж гарах нь чухал. Тэгвэл урт хугацаанд бидний шийдвэрлэхийг зорьж буй томоохон хүндрэлүүд дээр дахин нэмж ямар дарамт үүсгэх магадлалтай вэ. 2021 оноос бондын өр төлбөрүүд хүлээгдэж байна. Гэтэл валютын орлого буурч эхэллээ. Төв банкны дөрвөн тэрбум гаруй ам.долларын нөөц хаана ч хүрэхгүй шүү дээ?

-2020-2024 онд төлж барагдуулах бүх зээлийг төлөх ямар ч боломж байхгүй. 2016 оноос хойш Засгийн газар нэмээд 4.8 тэрбум ам.долларын зээл авчихсан. Нэг ёсондоо,Засгийн газрын хувьд 2016 оноосоо илүү өртэй байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэг байдлаар дахин санхүүжилт хийх нь тодорхой. Мөн хэдий хэмжээний өрийг өөрсдөө барагдуулах талаар өнөөдрөөс санаа зовниж, анхаарал хандуулж байж 10, эсвэл 20 хувь ч юм уу төлөх байх. Огт төлөхгүй байна гэж байхгүй. 100 хувь дахин санхүүжилт хийнэ гэвэл хүүгийн дарамт нь 2024 он хүртэл маш өндөр байна. Тодорхой хувийг төлсөн тохиолдолд арай боломжийн хүүгээр дахин санхүүжилт хийж болох байх гэж харж байна. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаас хамаарч 10-20 хувийг нь өөрсдөө төлнө гэсэн ч уг нөхцөл байдал улам бүрхэг болоод байна. Яагаад гэхээр ганц орлого олж байгаа компани нь ихэнх ашгаа төмөр зам, ногдол ашигт тараах зэрэгт зарцуулах төлөвтэй болчихлоо. Гэтэл ногдол ашиг тараахын оронд тэр мөнгөө хуримтлуулж байгаад өрөө дарахад хэрэглэж яагаад болоогүй юм.Ногдол ашиг тараасан явдал нь төр засаг өр төлбөрөө барагдуулах талаар юу ч хийхгүй байгааг тод томруун харуулж байна.

-Олон улсад энэ мэт хүндрэл тохиолдсоны дараа эдийн засгаа тэтгэж, учирч болох гамшгаас хамгаалах менежмэнт гэж бий юү?

-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга замыг хайх олон улсын аргачлал гэж бий. Төр засгаас юу хийвэл тухайн орны эдийн засгийн өсөлт нэмэгдэх вэ гэсэн аргачлал. Үүгээр аваад үзвэл өнөөдөр манайд хийх хэд хэдэн зайлшгүй шаардлагатай зүйлс байна. Нэгдүгээрт, газрын харилцааг тодорхойлох юм. Ямар газрыг бид экспортод чиглэсэн аж үйлдвэрлэлд зориулах вэ. Хоёрдугаарт, дэд бүтэц болох цахилгаан, дулаан, эрчим хүчний хангамж хангалттай биш байна. Гуравдугаарт, тээвэр ложистик дээр бусад төв Азийн улсуудтай харьцуулахад манайх хоёр дахин өртөгтэй байна. Энэ нөхцөлийг хангаж чадахгүй бол гадны хөрөнгө оруулалт аж үйлдвэр, үйлчилгээ рүү орж ирээд экспортыг солонгоруулна гэсэн мөрөөдлөө биелүүлж чадахгүй. Нэг жишээ ярья. Хятадын компани орж ирээд Монголд хуурай сүүний үйлдвэр байгуулахаар явсан. 100 сая ам.доллараас илүү хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Тэд Дархан хотод очсон. Цахилгаан, дулаан нь хангалтгүй гэсэн. Эрдэнэт мөн ийм байсан. Ингээд Улаанбаатарт ирээд судлахад үйлдвэрийнх нь хүчин чадлыг хангахаар хэмжээнд дулаан, эрчим хүчний хангамж байсан. Гэтэл Улаанбаатарт газар олдоогүй. Уг нь Монгол Улсад газраас их зүйл алга. Гэвч яг цахилгаан, дулаантай холбогдсон газар байхгүй. Байсан ч зөвхөн орон сууцны барилга барьж байж тухайн газрыг авдаг жишигтэй. Өөрөөр хэлбэл, арван хэдэн давхар орон сууц барьж нэг метр квадратыг нь 2 сая төгрөгөөр ч юм уу борлуулж байж орлогоосоо газрын төлбөрийг гаргаж ирж байна. Үйлдвэрийн барилга барихаар дулаан, эрчим хүчинд ойр газрын төлбөр дийлдэхгүй үнэтэй. Үүнээс болж газар олдоогүй тул хөрөнгө оруулалт хийгдээгүй. Гэтэл тэр үйлдвэр 100 хувь экспортынх байсан. Нэг ёсондоо Монголд хуурай сүү үйлдвэрлээд Хятад руу экспортлох байв. Үүнийг дагаж олон ажлын байр нэмэгдээд зогсохгүй төсвийн орлогод нэмэртэй байх байлаа.

Ер нь монголчууд эдийн засаг, экспортоо төрөлжүүлэх ажлыг бие дааж гүйцэтгэнэ гэвэл худлаа. Магадгүй энэ ажлын талыг бид, үлдсэнийг нь мэргэшсэн мэргэжилтнүүдээр хийлгэнэ. Тэгэхээр бид соёлын төв барьж, музейгээ нурааж мөнгө үрж байхаар дээрх чиглэл рүү хөрөнгө оруулалт хийх юм бол эдийн засаг илүү бат бөх болно. Мөн бүх дүүрэг, аймгийг зэрэг хөгжүүлнэ гэж байхгүй. Төсөв ч хүрэлцэхгүй. Иймд байгаа нөөц боломжид тулгуурлаж тодорхой хэсгийг түрүүлж хөгжүүлээд, бусад бүс нутгаа татаж авах зарчмаар явах хэрэгтэй.

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хил хаах зэргээр төрөөс зохих арга хэмжээнүүдийг авч байна. Эцсийн дүнд хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж чадвал болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах боломж бүрдэх болов уу?

-Тэгэлгүй яахав. Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, зарим зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хил хаах зэргээр төр засгийн гаргаж байгаа шийдвэр зөв. Мэдээж хил хааснаар эдийн засагт сөрөг нөлөө үүсч байгаа. Гэхдээ огт хаагаагүй байж байгаад коронавирусийн халдвар гарвал гарах үр дагавар нь асар их. Нэг үгээр хэлбэл, хил хаах болон хаахгүй байснаас үүдэх үр дагавруудыг дүйцүүлж үзвэл одоо авч байгаа арга хэмжээ тун зөв, хохирол маш багатай харагдаж байна. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нэн тэргүүнд байх хэрэгтэй. Үүнээс гадна вирусийн тархалт аюулын харанга дэлдэж байгаа боловч шахмал түлш хэрэглэж байгаа энгийн зуух, ханан пийшинтэй айлуудад угаарын хий өндөр байх эрсдэл их хэвээр байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, засаг төр зөвхөн коронавирус гэлтгүй бидний өмнө тулгамдсан цаг үеийн бусад бэрхшээлүүд рүү ч бодлогоо чиглүүлж ажиллаж байх учиртай. Коронавирус манайхаас холуур тойрч өнгөрсөн ч хүмүүс шахмал түлшнээс болж угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байвал бидний хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилго биелэгдэхгүй шүү дээ.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Лодойн Банзрагч: Гурвуулаа дуулахад дуу илүү амь ордог

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Лодойн Банзрагчтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан золголт хийхийг ард түмэнд уриаллаа. Та энэ уриалгыг дэмжиж буйгаа пэйж хуудсаараа илэрхийлжээ?

-Олон нийтийг хамарсан ийм цар тахлын үед Монгол Улс нэлээд хүч гаргаж ажиллаж байна. Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн яам, бүр Засгийн газрын хэмжээнд өргөн хүрээтэй, хүч хаясан, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тал дээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаад нь иргэн хүний хувьд талархалтай байна. Үүний хүчинд энэ айхавтар вирусийг оруулж ирэхгүй, өнөөдрийг хүртэл тогтоон барьж чадаж байна гэдэгт хүн бүхэн л талархаж байна. Өнөөдөр (өчигдөр) Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг дэмжиж өөрийнхөө пэйж болоод фэйсбүүк дээрээ шэйрлэлээ. Үүнийг хүмүүс ихэд таатай хүлээж авч байгаад баяртай байна. Яагаад вэ гэхээр, бид эрүүл энх, саруул сайхан байвал олон сайхан Цагаан сарыг тэмдэглэх боломж бүрдэнэ. Тиймээс нэг удаагийн Цагаан сарын тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэхгүйгээр зөвхөн цахимаар бие биедээ мэнд дамжуулаад золгочиход болохгүй зүйл байхгүй гэж хувьдаа бодож байгаа.

-Нийтийн дууны уран бүтээлчдийн дуу хуур, тоглолт бол Цагаан сарын уур амьсгал оруулдгаараа онцлогтой. Цагаан сарын үеэр та гурвын теле концерт гарна биз?

-Концертын хувьд бид гурав олон хүн ордог Цагаан сарын тусгай нэвтрүүлгүүдэд оролцсонгүй. Харин теле концерт гарах байх. Өнөө жилийн Цагаан сарын өмнө олон хүн оролцсон, олон хүнийг цуглуулсан тийм нэвтрүүлэг хийхийг хориглочихсон. Тийм учраас Цагаан сарын баяртай холбоотой нэвтрүүлгүүдийн бичлэгт оролцсонгүй. Өнгөрсөн жил арваннэгдүгээр сард хийсэн тоглолтын бичлэг гаргах байх. Зун хийсэн бас нэг тоглолтын бичлэг телевизүүдээр гарах байх гэж бодож байна.

-Таны хувьд фенүүдтэйгээ фэйсбүүкийн лайваараа золгочих юм байна?

-Тэгнэ, тэгнэ. Хөдөө, орон нутагт миний ах дүүс амьдран суудаг. Тэдэндээ ч би хэлж байгаа. Ганцхан удаагийн Цагаан сарын баяраар интернэт хөгжчихсөн, гар утас барьдаг болчихсон энэ үед нэг нэгэндээ утсаар мэнд дэвшүүлж золгоё гэж. Өргөн хэмжээнд биш, ингэж тэмдэглэе гэсэн чинь хөдөөний ах дүүс маань зөвшөөрцгөөсөн.

-Дуучин А.Мөнхбат, Д.Бурмаа та гурвын дуугүй баяр наадам гэж байдаггүй. Ард түмэн, сонсогчдодоо ингэж мэдрэгдэж уран бүтээлээ хийж явна гэдэг нэг бодлын их сайхан юм аа?

-Монголын уламжлалт урлаг соёлыг тээж яваа улсууд нийтийн дуучдын дунд нэлээд бий л дээ. Уламжлалт гэдэг нь, Монгол ардын уртын дуу, тэрнээс уламжлагдсан ардын богинын дуунууд, тэрэн дээр суурилсан нийтийн дуунууд гээд. Энэ дундаа, бас нэг хэв маягийг алдахгүйгээр барьж яваа нь бид гурав юм болов уу гэж боддог. Учир нь, Монголынхоо уламжлалт зан заншлыг илүү ихээр харуулсан тийм үг, аятай дуунуудыг дуулахыг хичээдэг. Үүнийгээ дагаад Монголынхоо үндэсний дээл, хувцсаа бид түлхүү өмсөж, хэлбэр, донж, хийцийг нь нэг их алдагдуулахгүйгээр үндэсний хэв маягийг нь хадгалсан хувцаснуудыг өмсдөг. Энэ утгаараа уламжлалаа илүү хадгалдаг, түүнийгээ дэмжсэн уран бүтээлчид гэж бид гурав өөрсдийгөө хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.


-Та бүхний уран бүтээл нийгэм рүү хандсан, эв эетэй байя, бүгдээрээ, хотлоороо хамтдаа амгалантай амьдарцгаая гэсэн ерөнхий утгыг агуулдаг шүү?

-Зөв анзаарсан байна. Нийтийн дууны урлаг, тэр тусмаа ардын хэв загварыг барьж байгаа ийм дуучдын хувьд нийгмийн энэ их бухимдалтай ийм үед амьдралыг дандаа гэрэл гэгээтэй, сайн сайхан талаас нь харуулах ёстой гэж боддог, амьдралын хэв маяг болоод урлагийн талаас нь. Тийм ч болохоор өөрсдийнхөө дуулж байгаа дуунууд, амьдарч байгаа хэв маягийг дандаа гэрэл гэгээтэй, өөдрөг талаас нь харуулсан дуунуудыг сонгодог. “Миний ардын сэтгэл цагаан” дуу бол ард түмнийхээ сэтгэлийн цагаан цайлганыг магтан дуулсан. “Заллага” дуунд,

…Айраг байна уугаарай

Аятай байна өнжөөрэй

Агсал байна эмээллээрэй

Ах дүү нараар минь ороорой гэж монголчуудын зочломтгой, цайлган цагаан зан чанар, тэр бүгдийгээ дагасан айргийн соёл, адууны соёлыг магтан дуулсан. “Амар төвшин” бол ачтайхан ээж, амрагхан хань, алаг үртэйгээ амар төвшин, өвчин зовлонгүй, эрүүл энх жаргая гэсэн дуу. Иймэрхүү дуунуудыг уриалж дуулдаг юм аа. Нөгөө талаар монголчууд амны билгээс ашдын билгэ гэж ярьдаг шүү дээ. Сайн сайхан зүйлд уриалан дуудаж, сайн сайхан зүйлийг ярилцаж байвал амьдрал аяндаа л сайн сайхан болно.

-Хэдэн онд анх хамтарч дуулсан бэ?

-Бид гурав 2010 оноос хамтарч дуулж эхэлсэн.

-Хамтарч дуулаад 10 жил болжээ?

-Тэглээ, 10 жилийн ой болж байна.

-Та гурвын хоолой харилцан шүтэлцээтэй. Үзэгчид та гурвыг гурвуулаа гарч ирэхэд тайз дүүрэх мэдрэмжийг мэдэрдэг байх?

-Хамтарч дуулах саналыг би энэ хоёр дуучиндаа тавьсан юм. Гурвуулаа ардын дууны маягийн өнгө, тембертэй дуучид учраас хоёулаа дуулах биш гурвуулаа дуулдаг байвал хүмүүст илүү хүрнэ. Яагаад гэвэл, гурвуулаа дуулахаар, гурван өөр сэтгэл, гурван өөр хоолойны өнгө нийлэхээр дуу илүү амь ордог. Энэ саналыг хоёр дуучиндаа тавиад, дуулах дууны сонголт, хөгжмийн найруулгаа яаж хийх вэ, клип нь ямар өнгө аястай байх вэ гэдэг тал дээр ажилласан. Нэг ёсондоо продюсерын үүргийг гүйцэтгэж байгаа юм уу даа. Иймэрхүү байдалтай өөрийнхөө санаа оноог илүү тусгаж, энэ хоёр маань ч миний санааг хүлээн авч арваад жил хамтарч дуулж байна. Ингэж л дуунууд минь амь орж, тоглолтууд маань амжилттай болж байна. Хөгжмийн найруулгаар дуу бас амь орно. “Анир” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг маань ч миний саналыг өөрийнхөө авьяас дээр тусгаж авч, их сайхан хөгжим найруулдаг. Ингэж л дуунууд минь амилдаг даа.

Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг. Энэ жилийн Цагаан сарыг тодорхой хэмжээнд хорьсон ч гэсэн бүгдээрээ эрүүл энх байж хулгана жилийг үзэж байна. Дараачийн хулгана жил гартал 12 жилийн хугацаа байна. Хүний амьдралд жаргал, зовлон олон зүйл ээлжилж байдаг учраас дараачийн хулгана жилийг бүгдээрээ эрүүл энх, саруул сайхан байж золгохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Ам цагаан хулгана жилдээ хүн бүхэн зорьсон зорилготой байж, зорилгынхоо үр шимийг хүртээрэй. Тийм он жилүүд олон олноор цааш цаашдаа үргэлжлэх болтугай. Эрүүл энх байгаарай, бүгдээрээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Бурхан ба үрэл” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Хотол төгс” хэмээгч хулгана жил гарах гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Нэгэн жарны эхлэл болсон хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна” гэлээ. Өдрийн сонины I-V нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Бурхан ба үрэл” хэмээн өгүүллээ.

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа. Цагаан сараар баян тарганаа гайхуулах монголчуудын дон нь хулгайч нарт өгөөш болж байна гэлээ.

Энэ удаагийг “Багш нүүрт” Монгол Улсын гавьяат багш, Физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн химийн ухааны доктор профессор, О.Болормаа болон “Монгол орны ундны усан дахь ураны судалгаа” сэдвээр саяхан физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан Норовын Тэгшбаяр нартай ярилцлаа. Ярилцлагыг XII нүүрнээс уншаарай.

Монголын нэрт нийтлэлч Жамбалын Гангаагийн “Цагаан сарын үеэр л юм даг” нийтлэл энэ өнөөдрийн дугаарт хэвлэгдлээ. Энэхүү бүтээлээрээ 2011 онд Монголын сэтгүүл зүйн дээд шагнал Балдорж шагналын Гран Приг хүртэж байсан түүхтэй.

“Коронавирусын тархалт эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?” Коронавирусийн тархалтын гадаад, дотоод эдийн засагт үзүүлж буй нөлөө, үр дагавар, ийм үед ямар арга хэмжээ авах ёстой талаар МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн удирдлагууд, компанийн төлөөлөл, эдийн засагчдын байр суурийг сонирхсоноо хүргэлээ.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат МУСТА, үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч А.Ганболдтой ярилцлаа. Өнөөдрийн дугаарын XIX нүүрнээс сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани болох “Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болгох шийдвэр гаргажээ.

Тус станц нь 3 үндсэн цех, 1 алба, 2 хэлтэс, 7 хэсэгтэй 180 гаруй ажилтантай. 2019-2020 онд 716.5 мян/Гкал дулааны эрчим хүч түгээж, 19.97 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна.

Уг станцыг төрийн өмчид шилжүүлснээр төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 50Мвт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Францаас нисдэг тэрэг, гал унтраах автомашин авна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олголоо.

Төслийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон төрлийн, тусгай зориулалтын 42 шинэ автомашин, агаараас эрэн хайх, аврах эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулж тоноглогдсон Airbus EC-145 загварын гурван нисдэг тэрэг, нисгэгчдийг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэнэ.

Мөн Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэж сургах ажлууд багтсан байна. Тус төслийг нийт 57,9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа

Нийслэлийн Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа.

Энэ хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн албад зэрэг бие бүрэлдэхүүнд албан үүргээ хариуцлагатай, сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллах талаар анхааруулж, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч, авах арга хэмжээнүүдийг шийдвэрлэлээ.

Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоонуудын үйл ажиллагаа, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.

1. Өлзийт товчооны байрыг сайжруулах ажлыг зохион байгуулах.

2. Баруун туруун товчооны байрны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд холбогдох байгууллагаас анхаарч, зохих арга хэмжээг авах.

3. Бүх товчоон дээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдвэрлэх.

4. Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.

5. Товчоон дээр ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангах, дархлааг дэмжих, витаминжуулах арга хэмжээг авах.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын анхааралд

2020 оны хоёрдугаар сарын 19-ний 09.00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусний халдварын тохиолдол нийт 46 болж огцом өсөөд байна. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусний халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна.

Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хот болон Инчон ОУНБ-аас илэрсэн. Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

– Гараа сайтар савандаж, тогтмол угаах

– Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

– Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх

– Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх

– Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

– Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх

– Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Их дээд сургууль, МСҮТ, ЕБС-ийн хичээлийг дахин дөрвөн долоо хоногийн хугацаагаар сунгасан. Иймд ЕБС-ийн гуравдугаар улирлын амралтын нэг долоо хоногийн амралтыг хасч хичээлийг нөхөхөөр боллоо. Мөн дөрөв, тавдугаар сард бүх шатны боловсролын байгууллагад суралцагчид амралтгүйгээр хичээллэнэ. Мөн энэ саруудын бүх бямба гарагт буюу найман бямба гарагт сурагчид хичээллэнэ. ЭЕШ-ыг зургадугаар сарын 8-наас 11-ны өдрүүдэд, их дээд сургуулын элсэлтийг зургадугаар сарын 15 гэхэд дуусгана. 2019-2020 оны хичээлийн жил хугацаандаа дуусна” гэлээ.

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд сар шинийн өдрүүдэд үндэсний ёс заншлын хичээлийг өдөр бүр телевизээр цацах аж. Дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор сургууль цугласан даруйд эхний долоо хоногт теле хичээлийг бататгах, давтах чиглэлээр багш нар ажиллах юм байна.