Categories
мэдээ нийгэм

Манай улсад шинэ коронавирусийн халдвар илэрвэл тархах өндөр эрсдэлтэй гэв

Эрүүл мэндийн яамнаас олон улсад тархсан шинэ коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн таатай мэдээгээр өнөөдрийн хурлаа эхлүүлж байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал, сэрэмжээ сулруулж болохгүй.

Эрдэмтэн судлаачдын зүгээс коронавирусийн халдвараас хамгаалахын тулд дархлаагаа дэмжих нь хамгийн үр дүнтэйг зөвлөсөөр байгаа. Дархлаа сайн байвал халдвар авсан хэдий ч хөнгөн өвчлөх боломжтойг мэдээлж байна.

БНХАУ-ын Ухань хотод халдварын тоо буурч байгаа хэдий ч бусад улс оронд халдварын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд хэрвээ манай улсад шинэ коронавирусийн халдвар илэрвэл тархах өндөр эрсдэлтэй байна гэж дүгнэсэн” гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар COVID-19 халдварын 75,292 тохиолдол бүртгэгдсэн.

БНХАУ-аас гадна дэлхийн бусад улс оронд 1,900 тохиолдол, 5 нас баралт гарсан байна.

Хятад улс сүүлийн дүн мэдээгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгтгэж ирүүлээгүй байна. Ойрын өдрүүдэд шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч энэ цаашид буурна гэж тооцоолоход эрт буюу тогтворгүй байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 2 хувь нь нас барж буй бөгөөд нас ахих тусам эрсдэл нэмэгдэж байна. Бага насны хүүхэд халдварлах нь цөөн байгаа бөгөөд үүний шалтгааныг тодруулах судалгаа хийгдэж байгаа.

Голомтод бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг харахад хүн олноор цугласан газарт халдвар тархаж байна” гэлээ.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс “Шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэх бодис, тоног төхөөрөмжийг бэлэн байлгахаар ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаа.

Эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажлыг ЭМЯ зохион байгуулж байгаагаас гадна ДЭМБ бусад олон улсын байгууллага, иргэд, ААН-үүд хандив, тусламж өгсөөр байна” гэдгийг мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил 4-5-р сард эхэлнэ

“Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн барилга угсралтын ажил эхлэх нөхцөл бүрдлээ.

EPC-1 буюу Технологийн бус байгууламжийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд иргэний барилга байгууламж, дэд бүтцийн чиглэлээр арвин туршлагатай БНЭУ-ын “Жей Эм Си”, “Кей И Си”, “Афконс” компаниуд оролцож, тендерийн материалаа хүлээлгэн өглөө.

Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй Зээлийн хэлэлцээрт уг төслийн ерөнхий гүйцэтгэгч нар зөвхөн Энэтхэгт бүртгэлтэй компани байхаар тусгагдсан юм. Тендерийн үнэлгээний ажлыг Энэтхэг болон Монголд зэрэг зохион байгуулах бөгөөд шалгарсан компанитай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК гэрээ байгуулж ирэх 4-5-р сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Энэ ажил эхэлснээр газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл төлөвлөлтийн үе шатнаас бүтээн байгуулалт руушилжих эхлэл тавигдах юм.

Монгол улс түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо авчрах цаг үе алхам алхмаар ойртсоор байна.

Categories
мэдээ нийгэм

Хяналт, шалгалтад 39 объектыг хамруулав

Нийслэлийн Онцгой байдлын газраас Төрийн тусгай хамгаалалттай объектууд болон Засгийн газрын байруудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт, шалгалтад нийт 39 объектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 310 зөрчлийг илрүүлж, 94 зөрчил буюу 30.3 хувийг газар дээр нь арилгуулсан юм.

Харин бусад 216 зөрчил буюу 69.7 хувийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 11, мэдэгдэл 8, танилцуулга 1, дүгнэлт 2-ийг тус тус бичиж, байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн Онцгой байдлын хэлтэс дүүргийн Прокурорын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Прокурорын газартай байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан харилцан санал солилцох, эрх тэгш байдлыг эрхэмлэх, нээлттэй, ил тод байх үр бүтээлтэй хамтран ажиллах зорилгоор “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөлүүлэлтийг сайжруулах, урьдчилан сэргийлэх хамтарсан шалгалтыг хийх, сургалт зохион байгуулах, төр захиргааны байгууллагад үйл ажиллагааг сурталчлах талаар идэвх санаачлагатай хамтран ажиллах юм.

Мөн талууд жилийн эцэст хамтран ажиллах санамж бичгийн биелэлт үр дүнгийн талаар уулзалт, ярилцлага зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож ажиллахаар боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Говь-Алтайн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга бүсгүй амиа алдсан хэргийн эргэн тойронд

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай Б гэх эмэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарлаа. Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг Б бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал олон нийтийн анхаарлын төвд байна.

ЦЕГ-аас хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээр бол “Хоёрдугаар сарын 19-ний өдрийн үүрийн 04:20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн аж. Тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нь нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.

Орон нутгийн эх сурвалжийн хэлж байгаагаар өнгөрсөн Лхагва гарагт аймгийн Онцгой комисс ЗДТГ-ын байранд цаг үеийн асуудлаар хуралджээ. Хурал 20:00 цагийн үед тарж, нэр бүхий хүмүүс үлдсэн байна. Тэдний дунд аймгийн Засаг дарга тэргүүтэй хүмүүс болон талийгаач байжээ.

Тэр өдөр Засаг даргын орлогчийн төрсөн өдөр таарч, Засаг даргын өрөөнд сууцгаасан. 00:25 цагийн үед талийгаачийг хоёр хүн түшин өрөөнөөс авч гарсан байдаг аж. Талийгаач өрөөнөөс гарахдаа хэлтсийнхээ нэг хүнээр хүргүүлэхээр дуудсан. Тэр хүн нь авч гараад гэрт нь хүргэхэд гэр нь цоожтой байснаас гадна нь машинд нь үлдээсэн.

Үүрээр 04:00 цагийн үед очиж эргэхэд нас барсан байсан талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн.

Харин орон нутгийн өөр эх сурвалжийн хэлснээр талийгаачийг автомашинтай нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынх нь үүдэнд аваачсан байсан гэнэ. Нас барсан шалтгааныг ч орон нутгийнхан хэд, хэдэн янзаар ярьж буй аж.

Автомашиндаа осгосон гэж нэг хэсэг нь ярьж байгаа бол зүрх нь хаагдсан гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийсэн тухай мэдээлэл ч гараад байгаа юм байна.

“ЗАСАГ ДАРГА ТАЛИЙГААЧИЙГ “ЧАМАЙГ АЖИЛГҮЙ БОЛГОНО” ГЭЖ ЗАНАЛХИЙЛДЭГ БАЙСАН ГЭСЭН”

Болсон явдлын талаар талийгаачийн ойрын эх сурвалж “Талийгаач аймгийн Засаг даргатайгаа үл ойлголцсон байдалтай байдаг байсан. Засаг даргын зүгээс талийгаачийг дарамталдаг. Түүнийгээ ч талийгаач гэр бүлийнхэн, найз нөхдөдөө хэлдэг байсан.

Коронавирус Хятадад гарсантай холбогдуулан өнгөрсөн нэгдүгээр сард талийгаач ажлын цагаа богиносгож, ажилтнуудаа үр хүүхдэдээ цаг гаргахад хувь нэмэр оруулсан шийдвэр гаргасан байдаг. Тэр нь маш олон зуун хүнд сэтгэгдэл төрүүлж, дэмжсэн. Гэтэл Засаг дарга нь дуудаж “Өөрөөс нь түрүүлж шийдвэр гаргасан” хэмээн ихэд бухимдаж хэл амаар доромжилсон гэнэ лээ.

Ер нь л “Чамайг ажилгүй болгоно доо” гэсэн заналхийлэл байнга байдаг байсныг сонссон. Арга ядахдаа талийгаач ажлаа өгөөд гадаад явах талаар нэг хэсэг ярьсан. Эсвэл сонгуулиар Засаг даргынхаа эсрэг өрсөлдөх талаар ч ярьдаг байсан. Тэр юу ч хийж чадах чадвартай эмэгтэй байсан. Энэ хэрэг яалт ч үгүй гадны нөлөөтэй” хэмээж байв.

Уг хэрэг явдал намын харьяаллаас үүдсэн байж болзошгүйг ч орон нутгийнхан ярьж байна. Талийгаач аймагтаа залуучуудад лекц сургалт хийхдээ ажлын байрны дарамт, намчирхлын тухай ихээхэн ярьдаг байж. Өөрийнхөө фэйсбүүк дээрээ ч энэ тухай байр сууриа илэрхийлдэг байжээ.

Тухайлбал, “Удирдана гэж юуг хэлдэг вэ гэвэл хянах, цагдах, хязгаарлах, хүчлэхийг хэлдэггүй. Хүмүүст боломж олгож, тэдэнд чадлынхаа хэрээр тусалж тэднийг чадваржиж, эрүүл байж аз жаргалтайгаар ажлаа хийх орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хэлдэг юм. Тэдний өмнө тулгарсан асуудлыг өөрийнхөө асуудлаас урьтал болгон дүрэм журмын хүрээнд шийдвэрлэж дэмжиж туслахыг хэлдэг. Би ингэж ойлгодог, ингэж ажиллахыг хичээдэг” хэмээн хэдхэн хоногийн өмнө бичсэн харагдана.

ТАЛИЙГААЧИЙН УДИРДСАН ХАМТ ОЛОН 2019 ОНД УЛСАД ХОЁРТ ОРЖ БАЙХАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗҮГЭЭС МУУ АЖИЛЛАСАН ХЭМЭЭН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙЖЭЭ

Талийгаачийн ажил хэргийн талаар маш олон хүмүүс ам сайтай байдаг аж. Энэ байдал нь ч өчигдрийн олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс харагдана.

Б нь зохион байгуулах чадвар сайтай, газрынх нь үйл ажиллагаа нь бусад аймаг, нийслэлийн газруудад жишиг болдог манлайлагч бүсгүй байсныг хамт ажилладаг хүмүүс нь онцолж байв.

Гэтэл Аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн гарын үсэг бүхий 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн огноотой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт илгээсэн саналд “Тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнг Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар нэг ч удаа хэлэлцүүлж тайлагнаагүй, төрийн байгууллагуудтай үйл ажиллагаа уялдуулах талаар идэвх санаачилгагүй, хамтарч ажилладаггүй, хурал зөвлөгөөнд өөрийн биеэр оролцдоггүй… удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байна.

Иймд С.Болормаад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж, шийдвэрээ ирүүлж хамтарч ажиллахыг хүсье” гэсэн санал хүргүүлж байж.

Харин 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Говь-Алтай аймгийн С.Болормаа даргатай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон 2019 оны ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд 97 хувийн А үнэлгээтэй дүгнэгдэж, хоёрдугаар байр эзэлснийг дуулган талархал илэрхийлсэн албан бичгийг аймгийн Засаг даргад хаяглан хүргүүлж байжээ.

ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: ЗАСАГ ДАРГА ДҮҮГ МААНЬ ӨРӨӨНДӨӨ ДУУДАХДАА АРХИТАЙ ИРЭЭРЭЙ ГЭСЭН БАЙДАГ

Хэрэг явдлын талаар тодруулахаар талийгаачийн эгч Ц-тэй холбогдоход “Маш харамсалтай явдал боллоо. Бидний хувьд үнэхээр хүнд байна. Засаг дарга дүүг маань тэр орой өрөөндөө дуудсан байдаг. Тэгэхдээ архитай гэж хэлсэн байсан.

Улаанбаатараас өнөөдөр /өчигдөр/ шүүх шинжээчийн бүрэлдэхүүн гарсан. Дүгнэлт гартал биднийг мэдээлэл өгөхийг хориглосон. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга” гэв.

Бид энэ талаар өөрийнх нь байр суурийг тодруулахаар аймгийн Засаг дарга В.Ренчиндоржтой холбогдохыг хүссэн ч тэрбээр хариу өгсөнгүй.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээхийг зөвшилцөхийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан.

АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал 8000 орчим монгол иргэн оршин суудаг Чикаго хотод консулын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай байна. АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын одоогоор 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 3 орон тоог нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийднэ гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Монгол Улс, АНУ-ын cтратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. Манай Улсын Их Хурал Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай асуудлаар 1998 онд тогтоол баталж байсан бөгөөд Монгол, Америкийн өнөөгийн харилцааны хөгжил, ололт амжилтыг харгалзан, 1998 оны тогтоолыг хоёр талын хамтын зорилт, цаашдын төлөвтэй уялдуулан шинэчлэх саналтай байна. Тогтоолыг УИХ-ын даргын айлчлалын өмнө батлах нь айлчлалд нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна Конгрессын зүгээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг батлахад чухал түлхэц болно гэж үзэж байна. Тогтоолыг шинэчилж, АНУ-тай тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг онцолж тусгах нь Монголын төр, засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болохын зэрэгцээ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Энхболд нар асуулт асууж, хариулт авсан тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Амралт, сувиллын газруудад зөвлөмж хүргүүллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Амралт, сувиллын үйл ажиллагаа эрхэлж буй 9 байгууллагад шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүллээ.

Зөвлөмжид маск болон хамгаалах хэрэгсэлгүй хүнд үйлчлэхгүй байх, үйлчлүүлэгчдийг халуун хэмжигч багажаар үзэж үйлчлэх, зочдын хоолны цагийн хуваарьт зохицуулалт хийж олноор нэг дор цуглуулахгүй байх, хүүхэдтэй хүмүүст үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх болон бусад шаардлагатай арга хэмжээг авч ажиллах талаар тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

​Дорнод аймагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дорнод аймгийн Матад суманд өчигдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, сумын төвөөс зүүн зүгт 80 км газарт Буян-Өндөр багийн “Царилтын хошуу” гэдэг газар хоёрдугаар сарын 19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энтертайнментаар эх орноо удирдагсад

Монголын улстөрчид Монгол Улсыг сүүлийн 30 жил зөвхөн энтертайнментаар удирдаж ирсэн. Үүнийг саяхан Монголын нийгэмд шуугиан тарьсан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бичлэг илчлээд өглөө. Түүний Манжуурт газрын тосны хятад дарга нартай уулзаж, уул уурхайн лиценцүүд хятадуудад зарах тухай яригдсан бичлэг ил болсон юм. Энэхүү бичлэгийн үеэр мань гишүүн “Улс төр нийгмийн амьдрал гэж энтертайнмент хийсээр байгаад аж ахуйн бизнес орхигдлоо” гэж ил цагаан хэлсэн. Харьцангуй нас залуу, дээрээс нь алдаа оноо нь бусдын нүдэнд ил байдаг Батзандан л ингэж хэлнэ байх. Яг ачир дээрээ ерэн оноос хойш монгол төрийг ээлж дараалан удирдаж ирсэн нөхөд Батзандангийн хэлсэнчлэн гагцхүү энтертайнментаар удирдаж, ард түмнийг амаар нь шороо үмхүүлсэн. Түүнээс өнгөрсөн 30 жилд улс орон хөгжиж дэвшвэл хөгжихөөр хангалттай хугацаа өнгөрсөн. Эрх баригчид жаахан л сэтгэл гаргасан бол ард түмний амьдрал дэвжиж бүх зүйл эмх цэгцэндээ орох байлаа. Гэвч цаг үргэлжид ард түмнийхээ тархийг угааж эх орон элгэн түмэндээ сайн хүн болох гэж жүжиглэж шоудсаны үр дүнд өнөөдөр ажилгүйдэл ядуурал ямар хэмжээнд хүрээд байгаа билээ. Монголд дундаж давхарга гэсэн ойлголт үгүй болж баян хоосны ялгаа эрс мэдрэгдэж, ядуурал гуйранчлал газар авсан. Энэ бол зөвхөн энтертайментаар улс орныг удирдаж ирсний бодит үр дүн юм.

Ингээд сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын улс төр нийгмийн хүрээнд болсон топ энтертайнмент жишээнүүдийг эргэж сөхье. Хамгийн түрүүнд алт дилерийн хэрэг яригдана. Монголбанкны хэдэн залуу банкны хамаг алтаар дилер гэгч банк хоорондын тоглоомыг тоглож байгаад алдсан. Банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу дилерийн үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын төв банк 100 сая ам.долларын алдагдал хүлээж улсын нөөцийн 4.4 тонн алтаар төлбөр хийсэн ийм хэрэг. Арбитражийн гүйлгээг алдагдалтай хийснийг тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Жаргалсайхан, Засгийн газрын эдийн засаг, мөнгө санхүү хариуцсан Шадар сайд Да.Ганболд хоёр мэдэж байсан ч арга хэмжээ аваагүй гэдэг. Уг асуудлаар 1991 оны аравдугаар сард Засгийн газар хаалттай хуралдаж “Бидэнд улс орныг удирдах ёс суртахууны эрх байхгүй. Тиймээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой” гэж үзээд Д.Бямбасүрэнгийн Засгийн газар огцрох болж байсан ч өнөөг хүртэл энэ хэрэгт хариуцлага хүлээсэн хүн гараагүй. Зүгээр л энтертайнмент хийж байсан болохоос алдсан алтаа авчирч эдийн засгийн эргэлтэд оруулж улс орноо авраагүй нь бодит үнэн. Дараагийн энтертайнмент жишээ бол Айбекс-Моламын хэрэг гээч юм. Ерэн таван онд Монгол Улсын байгалийн баялаг бүхий газар нутгийг Айбекс гэдэг группт 90 жилийн хугацаатай концессээр олгох мөн Малайзын Молам группт Монголын агаарын бүх орон зайг 60 жилийн хугацаатай олгох тухай гэрээнүүдийг тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай нарын зөвшөөрлөөр хийсэн байдаг. Уг гэрээ хэрэгжсэн бол Монголын тэнгэр тэр чигтээ Моламын мэдэлд очиж гадаадын онгоц дайран өнгөрөх, телевиз, радио, гар утасны шугам сүлжээг ашиглах бүх зөвшөөрөл Моламын гарт төвлөрөх байсан гээд шуугьдаг. Тухайн үед сөрөг хүчин болох соц декүүд ноцтой эсэргүүцэж хэвлэл мэдээллээр шуугиулан УИХ, Ерөнхийлөгч, ҮАБЗ-д хүртэл хандаж гэрээг цуцлуулсан. Энэ бол яг үнэндээ энтертайнмент ажиллагаа байсан.

Дараагийн маш том энтертайнмент нь мэдээж С.Зоригийн хэрэг. Одоогоос 22 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг аймшигтайгаар бүрэлгэсэн улс төрийн захиалгатай гэх дуулиант хэргийг үнэн чанартаа илрүүлчихье гэж өнгөрсөн хугацаанд эрх баригчдаас хэн нь ч бодоогүй. Харин Зоригийн хэрэг илрэхгүй байх нь, захиалагч нь тодрохгүй байх нь улс төрийн намуудад ашигтай байсан. Сонгууль бүхний өмнө улс төрийн намууд ялангуяа Ардын нам буюу хуучны “Ху” намын нөхөд Зоригийн үхлээр шоу хийдэг байсан. “Манай нам сонгуульд ялбал Зоригийн хэргийг илрүүлнэ, захиалагчийг нь олж зарлана” гэж Монголын ард түмэнд мэдэгддэг. Гэвч Зоригийн хэрэг өнөө хүртэл илэрсэнгүй. Сүүлд алуурчид нь тодорхой болоод Монголын шүүх бүх шатныхаа шүүхээр нэр бүхий гурван нөхөрт ял оноосон. Гэтэл Хууль зүйн сайд нь Зоригийг алсан гэх нөхдийн өмнөөс уучлал гуйгаад хэргийг бүр анхан шатны байдал руу нь оруулсан. Ингэж л эрх баригчид Зоригийн хэргээр энтертайнмент хийдэг. Хэрвээ энэ хэргийг анхнаас нь илрүүлье гэж бодсон бол олон улсын шинжээчдийн баг ажиллуулаад асуудлыг шуурхай шийдчихэж болох байсан. Зоригийн хэргээс гадна бас нэг энтертайнмент нь Казиногийн хэрэг байна. Казинотой холбоотой асуудлаар УИХ-ын гурван гишүүн түүн дотроо Хууль зүйн сайд нь хүртэл ял авч шоронгийн хаалга татсан. Хэрвээ тухайн үед Монголд казино байгуулагдсан бол эрүүгийн нөхцөл байдал одоогийнхоос дордох зүйл байхгүй байсан. Харин ч эдийн засагт бодит үр дүн гарах байсан. Хулгай, дээрэм, хүчирхийлэл, хар тамхи мансуурал хэрээс хэтэрнэ, биеэ үнэлэлт газар авна гээд ард түмний тархи угаалт явагдсан байдаг. Үнэндээ бол хууль зөрчдөг казино гэж байхгүй, бүх зүйл ном журмын дагуу явна. Солонгос, Япон, Сингапур гээд Азийн бүх хөгжингүй орнууд өнөөдөр казинотой байгаа, казино орж үзээгүй монгол хүн ч ховор байх шүү. Нэг үеэ бодоход дэлхийн хөгжлөөс нүд нь нээгдсэн монголчууд казино буруу зүйл байгаагүй гэдгийг мэдэж байгаа болов уу.

Хоёр мянгаад оноос авлига, албан тушаалын наймаа хавтгайрсан. Тэр бүхнээ нуухын тулд эрх баригчид маш олон энтертайнментүүд хийдэг байсан. Улс орныг уул уурхайгүй байлгах, үндсэндээ уул уурхайг нь үзэн ядуулж ард түмнээ өлөн зэлмэн байлгах бодлого явуулсан. Түүний уршиг одоо мөн явж байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь Оюу толгой. Гэвч Оюу толгойн орд дээр үе үеийн эрх баригч, улстөрчид энтертайнмент хийсэн. Монголын баялгийг гадныхан аваад хуваагаад залгих гэж байна гэж ард түмнээ турхирсаар үр дүнд Оюу толгойн далд уурхай хөдөлсөнгүй. Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирэхэд Монголын эдийн засаг түүхэндээ анх удаа 17 хувийн өсөлттэй гарч байсан. Харин Оюу толгойн орд руу улстөрчид хар савраа дүрж өрсөж идэх гээд булаалцалдан зогсооход Монголын эдийн засаг нам зогсож элгээрээ харуулдаж байсан. Оюу толгойн далд уурхайн ажлыг явуулахаар гэрээ байгуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй нөхдийг тархиа угаалгаж, энтертайментад илбэдүүлсэн ард түмэн шоронд хатаа гэж бархирч байна. Учир мэдэх эрхмүүд бол далд уурхайн гэрээ буюу Дубайн гэрээг хийж тухайн үед Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж, ард түмнээ хоолтой нь залгуулсан нөхдийг шоронд хорих нь бүү хэл шагнаж урамшуулах ёстой гэж хэлээд байгаа. Гэвч тэдний үгийг зөвөөр тунгааж хүлээж авах хүн өнөөдөр тун цөөн байна. Эрх баригчдын энтертайнмент ингэж айхавтар нөлөөлж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал байна. Бас л эрх баригчдын энтертайнментад илбэдүүлсэн нийгэм Эрдэнэтийн 49 хувийг хэсэг бүлэг нөхөд луйвардчихлаа, төрийн мөнгөөр, бидний татварын мөнгөөр авчихлаа гэж баталгаагүй зүйл ярьж байгаа. “Эрдэнэтийг төрийн мөнгөөр, та бүхний татварын мөнгөөр авчихлаа гэж хэлэхэд нийгэм босно гэдгийг энтертайнмент хийж буй нөхөд сайн мэднэ л дээ. Яг үнэн чанартаа бол “Монголын зэс корпораци” Эрдэнэтийн 49 хувийг олон улсын банк хоорондын ном журмын дагуу, дэлхийн зах зээлд мөнгө яаж босгодог уу, тэр жишгээр авсан. Хэрвээ Монголын энэ компани аваагүй бол Эрдэнэт үйлдвэрийг дэлхийн аль нэг компани авах л байсан. Оросын мэдэлд байсан 49 хувийг Монголд авчирч өөрийн болгосны ашгийг бид бодитойгоор мэдэрч байна. Сүүлийн жишээ гэхэд Эрдэнэт үйлдвэр нэг их наяд төгрөгийн орлого зөвхөн татвараар улсын төсөвт оруулсан гэж Ерөнхийлөгч өөрөө хэлсэн. Энэ чинь л Эрдэнэт Монголд орж ирсэний том гавьяа юм биш үү.

Хамгийн сүүлийн дотоодын том энтертайментүүдийн нэг бол яах аргагүй гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай Салхитын мөнгөний ордыг төр булааж авсан явдал. Тус ордыг эзэмшсэн хэдэн нөхөд хоорондоо маргалдах далимаар нь Монголын төр хурааж авсан. Хэрвээ эдийн засагчдын хэлээд байгаа шиг өндөр татвар тавиад ажиллуулсан бол илүү ашигтай байх байсан болов уу. Салхитын мөнгөний орд төрд очоод ямар ч ашиг өгөөжгүй байгаагийн гол баталгаа нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх үед мэдрэгдлээ. Салхитын мөнгөний ордоос олсон мөнгөөрөө ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж энтертайнмент хийж байсан ч арга мухардаад эцэстээ Таван толгойгоос мөнгө нь гарахаар болж байна. Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал олон хүнийг баярлуулсан гэдгээрээ сайн. Харин яг бодит хөрсөн дээр эдийн засгаа хорлосон урхагтай энтертайнмент болсон. Хүрэлсүх сайдын ард түмэндээ таалагдах гэж бэлдсэн гоё гоё энтертайнментүүд нь ард түмнээ хорлосоор байгаа. Монгол адууг амьдаар нь хилээр гаргахгүй, монгол малыг амьдаар нь гаргахгүй гээд дөвчигнөсөн, түүнийх нь горыг малчид амсаж байна. Мөн Улаан, Баделхан өөр хэн хэн ч билээ сайдуудынхаа толгойг авах тухай энтертаймент хийсэн. Гэвч Улаан сайд нь махны экспортын асуудал дээр “би толгойгоо өгөхгүй” гээд зарлачихна билээ, тэгэхээр одоо Ерөнхий сайд яадаг юм байгаа. Мөн энэ зуурт Н.Алтанхуягийн энтертайнментийг хэлэх нь зөв байх. Тэрээр өөрийн нутгийн гэх залуугийн “Аморе интернэшнл” компанид агаарын бохирдлыг бууруулна гэж Засгийн газраас 17 тэрбум төгрөг өгсөн. Гэвч тэр нь “будаа болсон”. Түүнээ нуухын тулд “Нүүрс” хөтөлбөр хэмээх энтертайнментийг бодож олоод ард түмнээ нүүрстэй нь хутгасан. Хэрвээ 17 тэрбум төгрөг эзнээ олж утаагүй түлш үйлдвэрлэсэн бол өнөөдрийнх шиг утаа 50 хувиар багассан үр дүн гарах байсныг эрх биш харж л суудаг байлгүй, хөөрхий минь.

Ингэж үе үеийн Засгийн тэргүүн, төрийн эрх баригч нөхөд цээжээ дэлдсэн хий хоосон энтертаймент хийж ирлээ. Одоо энэ бүхнээ зогсоох цаг болсон. Монголын ард түмний амьдралыг 30 жилийн туршид самарч гүйцлээ. Аливаа юманд хэмжээ гэж бий. Харахад зогсоо зайгүй ажиллаж байгаа юм шиг боловч үнэн чанартаа ганц үйлдвэр ч ашиглалтад оруулаагүй, зүгээр л яаж олон нийтэд гоё харагдах уу, яаж саналыг нь хуурч мэхэлж авах уу гэдэг энтертайнмент Монголын улс төрд тэр чигтээ нэвчжээ. Ард түмэн нэг үеэ бодоход хэрсүүжсэн. Тиймээс улстөрчдийн Монголыг сөнөөж гүйцсэн энэ балиар, муу муухай бүхний урхаг уршиг болсон энтертайментээс нэн даруй татгалзаж зүгээр л бодит ажил хийх, үүнийг хийж чадна гэж ам өчгөө өгсөн хүмүүст төрийн жолоог атгуулъя. Тэгж байж улс орон хөгжинө, ард түмний амьдрал дээшилнэ. Үгүй бол та манай нутагт чухал хэрэгцээтэй байгаа ийм ажил хийж чадах уу. Хийж чадна гэвэл таныг сонгоё гэсэн тулгалт хийж байж сонгодог болох хэрэгтэй. Эрүүгийн хуулийг ингэж өөрчил, албан тушаалтны хуулийг ЖДҮ авбал ингэж шийтгэдэг болно, хариуцлагыг ингэж ил тод зааж өгсөн хууль батална гэх зэрэг ам авч гэрээ байгуулж байж сонгодог болох хэрэгтэй. Ингэж хариуцлагажуулахгүй бол УИХ-ын гишүүн гэж зүгээр энтертайнмент хийж жүжиг тавьж өөрсдөө баяждаг албан тушаал болж хувираад удаж байна. Юун ард түмний төлөө зүтгэх.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр: ЭХЯ-нд тус яамнаас 2019 оны ажлын тайлангаа танилцуулна

08.00 цагт Ар Монгол Травелийн “U bean” кафед Шүүхийн тухай хуулийн төслийг танилцуулах хуульч, судлаачдын өглөөний уулзалт болно.

09.30 цагт НЗДТГ-т газраа орон сууцаар солих төсөлд хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулах ёслол болно. Утас: 88104671

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXXII хуралдаан болно. Утас: 70119921

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ НМХГ НЭМГ Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.00 цагт ЭХЯ-нд тус яамнаас 2019 оны ажлын тайлангаа танилцуулна. Утас: 99127866

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Батболд УИХ-ын гишүүдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д тээвэрчид нүүрсний экспорт зогссоны улмаас үүсч буй нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.30 цагт ХӨСҮТ-д “Монгол Кампус Крусейд Фор Крайст” байгууллагаас тус төвийн эмч, сувилагчдад хандив гардуулна. Утас: 99142782