Categories
мэдээ нийгэм

Олон улсын стандартуудыг нэвтрүүлнэ

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартыг тус тус нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд хамтран ажиллаж байгаа “Mon sertf” ХХК-ийн тэргүүлэх болон ахлах, зөвлөх аудиторууд хэлтсийн бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Олон улсын стандартыг нэвтрүүлснээр байгуулллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын суурь бий болгох, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Даваадалай: 2020 онд бодлогын зөв алхам хийж чадахгүй бол ирэх дөрвөн жилд эдийн засаг эргээд хүндрэх эрсдэлтэй

Дэлхийн банкнаас “Монгол Улсын эдийн засгийн тойм тайлан”-г гаргаад байна. Уг тайлан болон бидний өмнө тулгамдаж буй бусад сорилтын талаар Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа.


-Манай улсын эдийн засгийн тойм тайлан гарчээ. Уг тайлангийн голлох дүн мэдээллээс дэлгэрүүлэхгүй юү?

-Дэлхийн банкнаас жилд хоёр удаа тайлан гаргадаг. Энэ удаагийнх өнгөрсөн оны эцсийн тоон дээр үндэслэж гарсан тайлан юм. Хэвлэмэл хувилбар нь өнөө маргаашгүй бэлэн болно. Энэ удаагийн тайланд оны эцсийн зарим үзүүлэлтүүдийн гүйцэтгэл, үүнд үндэслээд төсөөлөл, тооцоог агуулсан болно. Хоёр дахь хэсэг нь банкны секторын зээлийн талаар хураангуй судалгаа хийсэн. 2016 оны сүүлээс Монголын эдийн засагт сайн үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Тухайлбал, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарч байсан бол 2018 онд 7.2 хувь болж нэмэгдсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарсан эерэг үзүүлэлтүүдийн тухайд манай гол нэрийн экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй сайн байлаа. Хоёрдугаарт, дотооддоо бодлогын шинжтэй реформуудыг хийлээ. Ялангуяа, төсөв дээр нэлээн эерэг үзүүлэлтүүд гарсан. Мөнгөний бодлогын хувьд ч гэсэн валютын нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Олон улсын байгууллагуудтай хамтраад эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг ЗГ-аас хэрэгжүүлж ирлээ. Мөн бодлого боловсруулагч байгууллагуудын уялдаа холбоо өмнөхөөс бага зэрэг сайжирсан зэрэг эерэг өөрчлөлтүүд байсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж харж байна.

Харин Үндэсний статистикийн хорооноос зарласан гүйцэтгэлээс харахад 2019 онд эдийн засаг 5.1 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд эдийн засгийн өсөлт бага зэрэг саарчээ. Гол шалтгаан нь уул уурхайн салбараас ихээхэн хамаарсан байна.

Гэхдээ 5.1 хувь нь өмнөх хоёр жилээс буурсан үзүүлэлт боловч ер нь бага өсөлт биш юм. Бусад ижил төстэй, бүс нутгийн орнуудтай харьцуулахад энэ хэмжээний өсөлт өндөрт тооцогдоно. Саарсан шалтгааны тухайд уул уурхай, тэр дундаа алт, зэсийн үйлдвэрлэл бага зэрэг буурсан. Дээрээс нь өнгөрсөн оны сүүлийн 11, 12 дугаар сард нүүрсний экспорт нэлээд буурсан. Шалтгаан нь манай дотоод хүчин зүйл гэхээс илүү Хятадын талаас татан авалт саарсантай холбоотой. Энэ байдал 2018 оны сүүлчээр ч мөн ажиглагдаж байсан. Хятадын талаас эхний 10 сард хангалттай хэмжээний нөөц бүрдүүлсэн учир нэмэлт импорт авах шаардлага буурсан гэсэн тайлбар өгдөг. Түүнчлэн, дээр дурдсанчлан зэсийн үйлдвэрлэл бага зэрэг буурсан. Үүнд зэсийн үнэ өнгөрсөн оны дундаас нэлээн буурч эхэлсэн нь нөлөөлсөн болов уу. Хоёрдугаарт, “Оюу толгой”-н зэсийн баяжмалд агуулагдах алтны агууламж сүүлийн улирлаас эхлэн буурсан. Мөн алтны үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад бага байлаа. Алт тушаалт ч гэсэн бага байв. Дотоодын зарим шинжээчийн алтны роялтийг өнгөрсөн гуравдугаар сард нэмсэн нь үйлдвэрлэл буурахад голлон нөлөөллөө гэж байсан.Харин уул уурхайгаас бусад салбарыг аваад үзэхээр өсөлт харьцангуй сайн байсан бөгөөд6.7 хувиар өссөн дүнтэй байна.

-Ирэх жилүүдийн эдийн засгийн төлөвийг тодруулахгүй юу. Өсөлтөө энэ хэмжээнд барьж явах, цаашлаад нэмэгдүүлэх боломж харагдсан уу?

-Ирэх хоёр жилийн төлөвийг 2019 оны эцсийн зарим сарын үзүүлэлтүүдийг ашиглан тооцоон дээрээс харахад эдийн засаг дунджаар 5.6 хувиар өсөх боломж байгааг харуулсан.

Гэхдээ томоохон эрсдэлүүд бий. Нэгдүгээрт, сонгуулийн жил тохиолоо. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, төв банк, бусад бодлого боловсруулагчдаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн шинэчлэлийн шинжтэй алхамуудаа тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тал дээр эрсдэл үүсч болзошгүй. Тэгэхээр үүн дээр илүү анхаарах шаардлагатай байна. Тууштай хэрэгжүүлж, үр дүнгээ үзэх нь хамгийн чухал. Хөрөнгө оруулагчид болон эдийн засгийн харилцаанд оролцож байгаа талуудын гол сонирхож байгаа асуудал нь энэ байх гэж бодож байна. Дараагийн нэг асуудал гэвэл гадаад талдаа түүхий эдийн үнэ алгуур буурах хандлагатай болсон. Үүн дээр коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор зэсийн үнэ буурах төлөв ажиглагдаж байна. Нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байна. Гэхдээ буурах эрсдэл ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр түүхий эдийн үнийн бууралтаас шалтгаалж анх төсөөлж байсан эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тодорхой эрсдэл үүсч болзошгүй.

Үүнээс гадна Америк, Хятадын худалдааны маргаан хоёр жил гаруйн хугацаанд явлаа. Сая нэгдүгээр сарын дундуур хоёр тал зарим тохиролцоонд хүрсэн. Гэхдээ энэ хоёр орон сүүлийн тохиролцоогоо тууштай баримталж, амжилттай хэрэгжүүлээд нөхцөл байдлыг сайжруулна гэдэгт бүрэн итгэхэд төвөгтэй байна. Энд онцолж хэлбэл, сүүлийн тохиролцооны хүрээнд АНУ нь Хятадыг Америкаас авдаг эрчим хүчний салбарын бараа, үйлчилгээний импортыг нэмэгдүүлэхийг хүссэн. Хэрэв Хятад уг хүсэлтийг хүлээн авч, импортоо нэмэгдүүлэх юм бол бусад орноос авдаг дээрх салбарын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний импорт буурах эрсдэлтэй. Тухайлбал, манай нүүрс байна. Ихэнх нь гангийн үйлдвэрлэлд зориулж экспортолдог боловч эрчим хүчний салбарт гаргадаг бараа бүтээгдэхүүнд дарамт үүсч болзошгүй. Үүнийг нарийн харах нь зүйтэй байх.

-Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор нөхцөл байдал тааварлахад төвөгтэйгөөр хурдацтай өөрчлөгдөж байна. Тайлангийн дүн мэдээнд одоогийн нөхцөл байдлыг тусгаагүй байх?

-Короанвирустэй холбоотой үйл явдал маш хурдацтай өрнөж байгаа учир бүх сувгийг нарийн тооцож, нөлөөллийг нь бүрэн дүүрэн тодорхойлоход эрт байна. Бидний тооцоонд коронавирусийн нөлөөллийг тусгаагүй. Яагаад гэвэл 2019 оны 12 дугаар сарын эцсийн тооцоон дээр үндэслэсэн тайлан юм. Дээрээс нь Засгийн газраас өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ихэвчлэн өнгөрсөн сарын сүүлээр хийгдлээ шүү дээ. Нэгдүгээр сарын тоог аваад үзэхээр нүүрсэн дээр нөлөө нь орж ирээгүй байна. Тус сард нүүрсний экспорт жилийн өмнөх үетэй харьцуулахад өсөлттэй харагдсан. Харин зэсийн үйлдвэрлэл бага зэрэг буурчээ. Энэ нь үнэ буурсантай холбоотойгоор бий болсон үр дүн болов уу. Мөн Оюу толгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж буурсан хэвэээр байгааг анхаарах хэрэгтэй.Хил дээр тавьсан нүүрсний хориг хоёрдугаар сард гарсан. Ер нь ихэнх эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортод үзүүлэх нөлөө 2, 3 дугаар сард гарах болов уу гэж харж байна. Тухайн үед гарсан тоонуудыг авч үзэж байж нөлөөлөл нь ямар цар хүрээтэй байх вэ гэдэг нь нарийн тодорхойлогдох байх. Гэхдээ коронавирусийн халдварын тархалтыг Хятадын талаас хэр хурдан хугацаанд намжааж чадах вэ гэдгээс хамаарч эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ямар байх нь шалтгаална. Үүнээс хамаарч Засгийн газар, төв банкнаас ямар арга хэмжээ авах нь тодорхойлогдох байх. Одоо шууд төсвийг тодотгох, бусад мөнгөний бодлогод ямар тохиргоо хийх эсэхийг хэлэх нь арай эртдэх болов уу. Яагаад гэвэл тодорхойгүй зүйлс маш их байна.

Ер нь коронавирустэй холбоотой асуудал юуг илэрхийлж байна гэвэл, хэдий 2-3 жилд эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарсан ч эдийн засгийн суурь нь эмзэг хэвээр байгааг харуулж байна. Гаднаас нэг л сөрөг нөлөөлөл орж ирэхэд орлого нь тасардаг, цөөн хэдэн бүтээгдэхүүн экспортолдог, эдийн засаг нь төрөлжөөгүй, валютын нөөц хангалтгүй гэх зэргээр эмзэг байдал байсаар байна. Тиймээс сүүлийн хэдэн жил хэрэгжүүлж байгаа эдийн засгийн реформын шинжтэй хөтөлбөрүүдээ тууштай авч явах нь чухал. Ойрын 2-3 жилдээ хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж байж нарийн үр дүнг хүлээнэ үү гэхээс биш сүүлд гарсан өөрчлөлтүүдэд сэтгэл амарч, тайвшраад хөтөлбөрүүдээсээ ухарч болохгүй. Ялангуяа, ирэх онуудаас том төлбөрүүд хийгдээд эхэлнэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн их харж байгаа зүйл бол Монгол Улс ямар санхүүгийн чадавхтай вэ, авсан өр зээлээ эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдээрээ хэрхэн барагдуулж чадах, хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж бий болгож, валютын нөөцөө хэрхэн өсгөн нэмэгдүүлж байна гэдэг асуудал. Эндээс бүх зүйл хамаарна. Иймд одоо хэрэгжүүлж байгаа шинэчлэлээ тууштай авч явах хэрэгтэй. 2020 он маш чухал жил. Үүн дээр л бодлогын зөв алхам хийж чадахгүй бол ирэх дөрвөн жилд эдийн засаг эргээд хүндрэлд орох эрсдэл ч үүсч болзошгүй.

-Хамгийн чухал анхаарах шаардлагатай асуудлыг эрэмбэлж хэлбэл?

-Төсвийн орон зай, төсвийн боломжоо улам сайн бэхжүүлэх хэрэгтэй. Орлогоо нэмэгдүүлэх тал дээр тууштай ажиллах шаардлагатай. Төсвийн алдагдлаа бууруулах хэрэгтэй. Засгийн газрын өр сүүлийн гурван жил буурч байгаа ч гэсэн ижил төстэй орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байна. Тэгэхээр цаашид бууруулж, зохистой түвшинд аваачих шаардлага хэвээр байна. Хоёрдугаарт, валютын нөөцөө зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн оны эцэст 4.3 тэрбум ам.долларын нөөц байгаа ч эдийн засгийн эмзэг байдлаа харахаар энэ нь хангалтгүй түвшин байхаар байна. Энэ хоёр чиглэл бол бодлогын нэн тэргүүний зорилтууд хэвээр байх шаардлагатай.

-2021 оноос эрдэс бүтээгдэхүүний үнэ буурна гэсэн ерөнхий төлөв яригдаж байсан. Уг хандлага 2019 оны сүүлчээр ажиглагдаж эхэлсэн үү. Мөн Хятадад үүссэн огт таамаглаагүй нөхцөл байдал биднийг барьц алдуулах уу?

-Дэлхийн эдийн засаг бага зэрэг саарч байсан. Үүн дээр коронавирусээс болоод Хятадын эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ гэсэн асуудал нэмэгдлээ. Гол нь Монголын эдийн засгийг тэтгэх хэмжээнд байгаасай гэж хүсч байна. Хятадын засгийн газар, төв банкнаас нь эдийн засгийг тэтгэх бодлогууд зарлаж байна шүү дээ. Их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулж байна. Хятадын Засгийн газраас нь хувийн хэвшлүүдийг хамгаалах төрөл бүрийн арга хэмжээ авах болсон. Иймд Хятадын эдийн засаг саарах ч огцом буурахгүй болов уу гэж харж байна. Мэдээж өвчин хэр удаан үргэлжлэх үү гэдгээс бүх зүйл хамаарна. Өвчин намдсаны дараа эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн төлөө эрчимтэй ажиллах байх. Тэр тохиолдолд манай түүхий эдийн үнэ өсөх, эдийн засагт бусад эерэг нөлөөллүүд авчрахыг үгүйсгэхгүй. Тиймээс нөхцөл байдлыг ажиглаж байна. Ер нь өнгөрсөн оны сүүлээс дэлхийн эдийн засаг бага зэрэг саарч байгаа учир түүхий эдийн үнийг 2020 онд бууралтай байна гэж харж байсан. Гэхдээ нэлээд зүйл Хятадын эдийн засгаас хамаарахаар болчихлоо. Одоогийн байдлаар Хятадын эдийн засаг сөрөг нөлөөллүүдийг аваад эхэлсэн. Түүхий эдийн үнэ буурч байна. Тэгэхээр Монголын эдийн засагт эрсдэл нэмэгдээд байна гэсэн үг.Гэхдээ 2, 3 дугаар сарын нөхцөл байдлыг харж байж дүгнэлт хийх шаардлагатай.

-2, 3 дугаар сарын нөхцөл байдлыг харж байж ямар алхам хэрэгжүүлэх эсэхээ тодорхойлно гэсэн үг үү. Тухайлбал, нүүрснээс олох орлого хумигдах нь тодорхой болсон. Энэ мэт нөхцөл байдалтай уялдаад төсвийн зардлаа бууруулах, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтуудыг дахин эрэмбэлж, заримыг нь ирэх жил болгож хойшлуулах зэргээр одооноос алхам хийх хэрэгтэй биш үү?

-Мэдээж Засгийн газрыг энэ талаар ажиллаж байгаа гэж ойлгож байна. Миний хэлсэн санаа бол төсөвт шууд тодотгол хийгээч гэх зэргээр томоохон өөрчлөлтийг санал болгоход эрт байна. Харин орлогоо зөв үнэлээд зардлаа эрэмбэлэх зэргээр ажиллах нь одоохондоо чухал болов уу. Нэгдүгээрт, ард түмний эрүүл мэнд хамгийн чухал. Иймд эрүүл мэндийг нь амжилттай хамгаалах хэрэгтэй. Нөгөө талд бусад төлөвлөсөн хөрөнгө оруулалт, ажлуудаа цаг алдалгүй яаж хэрэгжүүлэх үү, эдгээрийг төсвийг хэрхэн эргэж харж тохиргоо хийх үү гэдэг дээр анхаарах шаардлагатай. Үүнийг Засгийн газраас хийгээд явж байгаа тогтмол ажил нь гэж ойлгож байна.

-Банкны секторт хийсэн дүн мэдээг тодруулахгүй юу. Чанаргүй зээл нэлээн өндөр дүнтэй байна. Үүнээс үүдэлтэй эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

-Тайлангийн хоёрдугаар хэсэгт банкны зээлийн өсөлт сүүлийн 10 гаруй жилд ямар байдалтай байгааг товч авч үзсэн. Ер нь Монгол Улсын банкны секторын нийт зээлийг аваад үзэхээр зээлийн өсөлт өнгөрсөн хугацаанд огцом өссөн, зарим үед огцом буурсан нөхцөл харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байна. Тэгэхээр зээлийн өсөлтийг эрүүл, зөв өсөлттэй байлгах нь маш чухал юм. Ялангуяа, төв банкны зүгээс зээлийн өсөлтийг тогтвортой байлгах, макро бодлогын зохистой арга хэмжээгээ хэрэгжүүлснээр эерэг эхнээсээ үр дүн өгч байна. Өнгөрсөн оноос макро зохистой бодлого гэдгийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд маш их өсч байсан иргэдийн зээлийг хумихыг оролдож байна. Оны эцэст иргэдийн зээл 4 орчим хувиар буураад иржээ. 2018 онд энэ нь 35 хувийг даваад байсан шүү дээ. Тэгэхээр тодорхой үр дүнгээ өгч байна. Гэхдээ ингээд санаа амрахгүйгээр хувийн хэвшилд очиж байгаа зээл дээр ч анхаарлаа хандуулах нь зөв болов уу. Зээлийн өсөлтийг санхүүгийн салбарт эрсдэл үүсгэхгүй байх, эдийн засгийг тогтвортой өсөхөд дэм үзүүлэх зохистой түвшин рүү аваачих шаардлагатай.

Чанаргүй зээлийн тухайд оны эцээр 10 орчим хувь байна. Нийт зээлийн 10 хувь нь чанаргүй байна гэдэг өндөр үзүүлэлт. Чанаргүй зээлийг богино хугацаанд тодорхой хэмжээнд бууруулах тал дээр хурдтай, үр дүнтэй ажиллах нь чухал. Ихэвчлэн хувийн хэвшилд олгосон зээлүүд чанаргүй байх их байна. Иргэдийн зээлийн хувьд чанаргүй зээлийн хэмжээ харьцангуй бага.

Аж ахуйн нэгжүүдэд очиж байгаа зээлийн өсөлт 7 орчим хувьтай байгаа ч гэсэн чанаргүй зээл нь өндөр байна. Тэгэхээр иргэдийн зээл гэж хязгаарлахгүйгээр хувийн секторт очиж байгаа зээл дээр ч анхаарал тавих хэрэгтэй. Хувийн сектор дотроо уул уурхай, түүнтэй холбоотой тээвэр, худалдаа зэрэг салбаруудад олгосон зээл дийлэнх нь байна.

-Тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ нь стандарт бус, гэнэтийн шийдвэр байлаа. Та бүхэн ямар дүгнэлт өгч байна вэ?

-Тэтгэврийн зээлийн макро эдийн засгийн өнцгөөс нь зарим зүйлийг тайлан дээр богино шигтгээ байдлаар оруулсан. Нэгдүгээрт, тэтгэврийн зээлийг тэглэх үйл явцад батлагдсан хуулийг нь харахаар төв банк санхүүжилтийн механизмд оролцохоор юм шиг ойлгогдоод байгаа юм. 2018 онд төв банкны тухай хууль шинэчлэгдсэн. Уг хуулийн гол өөрчлөлт нь төв банк төсвийн шинжтэй өөрчлөлтөд оролцохгүй байхаар зохицуулсан. Яагаад гэвэл 2013-2016 онд нэлээд олон төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Үнэ тогтворжуулах, сайн хөтөлбөрүүд гээд бид мэднэ. Тэгэхээр ийм үйл ажиллагаанд төв банк оролцох нь зохисгүй гээд хуулиар хязгаарласан юм. Гэтэл тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хуулийг харахаар төв банкны төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй байх хуулийн заалтыг энэ тохиолдолд үйлчлэхгүй байхаар заасан байх шиг байсан. Энэ нь эргээд өмнө хийсэн шинэчлэлээсээ ухрах эрсдэлийг үүсгэж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнийг сайтар бодолцох ёстой. Хоёрдугаарт, Салхитын мөнгөний ордын орлогыг барьцаалаад бонд гаргана гэж байгаа. Гэтэл уул уурхайн салбар маш эмзэг, эрсдэл өндөртэй, дээр нь ирээдүйн орлого нь орж ирэх баталгаа бүрэн биш, үнэ нь байнга хэлбэлзэж байдаг. Энэ шалтгаануудаас хамаарч уул уурхайн ирээдүйн орлогыг барьцаалж зээллэг хийнэ гэдэг тийм ч түгээмэл биш туршлага. Мөн ямар нэг эрсдэл учраад бондыг мөнгөжүүлж чадахгүй болж, үнэлгээ нь унавал эцэстээ Засгийн газар дээр хамаг эрсдэл бууна. Яагаад гэвэл хэрэв Төв банк банкуудаас уг бондыг худалдан авч, тухайн хугацаанд бондын үнэлгээнээс болж алдагдал хүлээвэл Засгийн газраас Төв банкны алдагдлыг хаахаар заалт дээрх тэтгэврийн зээлтэй холбоотой хуулинд харагдсан. Энэ нь эцэстээ Засгийн газрын болзошгүй өр, төлбөрийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байж болох юм.

-Валютын нөөц бүрдүүлэх нь тун чухал байна. Гэхдээ нөгөө талд Төв банк интервенц хийхгүй байгаагаас болж валютын ханш өсөх, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх зэрэг эрсдэлүүдийг мартаж болохгүй. Энэ нөхцөл байдлыг зөөлрүүлэх ямар алхам хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Мэдээж валютын нөөцийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт. Гэхдээ аж ахуйн нэгж, иргэдэд очих валютын ханшийн дарамт гээд асуудал бий. Тиймээс аль болох зөв балансыг олж валютын бодлого явуулах нь зөв байх. Гол нь яаж энэ экспортын орлогыг нэмэгдүүлэх үү гэдэг дээр төвлөрч, хурдтай ажиллах шаардлагатай. Үүний тулд уул уурхайн дэд бүтцүүдээ хурдан явуулах хэрэгтэй байна. Валют олдог эх үүсвэрээ л нэмэх хэрэгтэй. Хоёрдугаарт, импортыг өдөөдөггүй арга хэрэгсэл рүү бодлогоо чиглүүлэх нь зүйтэй. Одоогийн нөхцөл байдлаар ханшийн дарамтын хувьд нааштай нэг алхам нь өвчинтэй холбоотойгоор Цагаан сарыг тэмдэглэхийг хориглосон нь импортын дарамтыг бууруулах боломжтой юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангаар Монгол Улс Цагаан сарын баяртай холбоотойгоор дунджаар 400 сая орчим ам.доллар зарцуулдаг. Үүний ихэнх нь импортын бүтээгдэхүүнд зориулагддаг. Тэгэхээр уг нөлөө энэ жил харьцангуй буурах юм шиг байна. Иймд ханшин дээр ирэх дарамт ойрын саруудад бага байх болов уу. Ерөөсөө л гадагшаа бид хэр хэмжээний юм зарж байна, эргүүлээд хэдий хэмжээний зүйл оруулж ирж байна гэдэг суурь үзүүлэлтээс ханш хамаарч байгаа. Ингээд худалдааны тэнцлээ харахаар манайх харьцангуй сайн явж байна. Хамгийн гол нь сүүлийн үед алдаад байгаа зүйл нь тээвэр, аялал жуулчлал гэх мэт үйлчилгээний импорт нэлээн өсөөд байгааг анхаарах хэрэгтэй. Дээрээс нь бусад төрлийн үйлчилгээний импорт, ялангуяа, уул уурхайн салбар дээр тээврийн төлбөрүүд их дүнтэй байна. Нүүрсэн дээр том тэргүүдийг ихэвчлэн хятадууд эзэмшдэг. Ингээд үйлчилгээн дээр валютаа алдаад байдаг нэг шалтгаан болдог. Иймд импортоо аль болох бага байлгах тал дээр анхаарах хэрэгтэй байх.

Ер нь бүр валютын ханшийн суурь үзүүлэлтийг харвал ханшин дээр ирэх дарамт харьцангуй бага байгаа. Манай худалдааны тэнцэл байнга ашигтай яваад байна. Өөрөөр хэлбэл, гадагшаа гаргаж байгаа валют, экспортоор олж байгаа валютаа харьцуулбал сүүлийнх нь их байна. Тэгэхээр ханш өсч буй шалтгаан нь ард иргэдийн хүлээлттэй холбоотой. 10 дугаар сараас хойш саарал жагсааалтад орсон гэх зэргээр ам дамжсан ярианаас болж иргэдэд хүлээлт үүссэнээр ханш сулрах үзэгдэл яваад байна. Түүнээс биш цэвэр тоон үзүүлэлтүүдийг харвал ханш огцом сулрах дарамт бага байна гэж харж байна. Харин ч нэгдүгээр сард ханш 6 хувиар буурсан (2018 оны мөн үетэй харьцуулбал) байна лээ. Цагаан сараа цомхон тэмдэглэвэл дарамт бага байна. Ер нь хүмүүсийн ханш суларна гэсэн хүлээлтийг удирдах талаас нь Төв банк олон нийттэй харилцах сувгаа улам сайжруулж, иргэдийг мэдээллээр тогтмол хангаж, хүлээлтэд нөлөөлөх нь зөв арга болов уу.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд итгэмлэх захидлаа гардууллаа

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд итгэмлэх захидлаа гардууллаа

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррест итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч, НҮБ-аас манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын мэндчилгээг уламжилж, манай улсад айлчлахыг хүссэн урилгыг дахин нотолсон.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Монгол Улс ардчилсан замаар тууштай явж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт тавин, НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг цохон дурдав.

В.Энхболд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух 16 дахь Байнгын төлөөлөгчөөр ажиллах юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Загджав: Эх орны эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн салбар онцгой хувь нэмэр оруулан ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай салбарын хүрээнд тулгамдсан, шийдвэрлэж буй асуудлуудын талаар ярилцлаа.


-Салбарт хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ болон хийгдэж буй ажлын талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын Засгийн газраас Уул уурхайн салбарын хэмжээнд хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, стратегийн ордын үнэ цэнийг өсгөх, дотоодын түүхий эдийн нөөцөд тулгуурлан газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг хангах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын зорилтуудыг тавьж ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхтэй холбогдсон харилцаа илүү ойлгомжтой, тодорхой болсноор ашигт малтмалын олборлолт, боловсруулалттай холбоотой бүх субьектүүд төлбөр төлөх эрх зүйн орчин маш сайн бүрдсэн. Олон улсын жишгийн дагуу өөрийн орны онцлогт тохирсон Үндэсний геологийн алба байгуулах асуудлыг УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Мөн “Үндэсний геомэдээллийн сан”, “Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулж, “Газрын ховор элемент”, “Жонш” хөтөлбөрийг боловсрууллаа. “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 53.4 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, 16.2 тонн алтыг Монголбанкинд тушаасан байна. Өнгөрсөн 2019 онд 191 уурхай, уулын үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хэлэлцэн шийдвэрлэж, 70 уурхай, уулын үйлдвэрийг байнгын ашиглалтад хүлээн авснаар орон нутагт шинээр ажлын байр бий болох, экспорт нэмэгдэх, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болсон гэх мэтээр дурдвал санаачилгатай ажиллаж олон шийдлийг олсон байна.

-Энэ 2020 оны бодлогын гол зорилт юу байх вэ?

-Юуны өмнө салбарын голлох хуулиудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, газрын хэвлийн судалгаа, ашиглалтын үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, холбогдох дүрэм, журам, стандартыг шинэчлэх, боловсронгуй болгох, стратегийн зарим ордын хувьцааны тодорхой хувийг олон улсад нээлттэй арилжаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандуулна.

Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 21 аймгийн Засаг даргатай жил бүр гэрээ байгуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. 21 аймгийн хэмжээнд 1113.4 га талбай бүхий 272 нэгж талбарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргаад байна.

АЙМАГ ОРОН НУТАГТ ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГЖ БАЙГУУЛЖ АЖЛЛАХЫГ ЦАГ ҮЕ ШААРДАЖ БАЙНА

Уг нэгжийг байгуулснаар салбарын хууль эрх зүйн орчин, салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг таниулах, орон нутгийн удирдлагыг мэргэжил арга зүйгээр хангах, орон нутгийн иргэдийн ойлголтын зөрүүг арилгах, аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг ойртуулах зэрэг ач холбогдолтой.

-Уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийн ажлын явц ямар байна вэ?

-Оюу толгойн ордыг түшиглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт барихаар төлөвлөсөн “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн төслийн хүрээнд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны ерөнхий үнэлгээг боловсруулж, холбогдох байгууллагын дүгнэлтийг гаргуулсан. Тус үйлдвэр жилд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулан 257 мян.тонн зэс, зургаан тонн алт, 57 тонн мөнгийг ялган авч, дагалдах байдлаар 988 мян.тонн хүхрийн хүчлийг үйлдвэрлэнэ. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болох Сайншанд чиглэлийн 27 км урт төмөр зам, 18.2 км урт 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 16.6 км урт хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Засгийн газраар үйлдвэрийн болон ахуйн хэрэгцээнд шаардлагатай усны асуудлыг шийдвэрлүүлсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүн авто бензин, дизель түлшний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импорт 1.0 тэрбум гаруй ам.доллараар буурч, мөн хэмжээгээр гадаад худалдааны орлого нэмэгдэнэ. “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж хүлээн авсан. Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, тухайлбал, цэвэр зэс үйлдвэрлэл 1.6 дахин, зэс утасны үйлдвэрлэл хоёр дахин өсч, нэмүү өртөг шингэсэн шинэ үйлдвэрүүд бий болж, эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлт гарна.Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, ган бөмбөлөг, ган туйван, ган утас зэрэг гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангана. Таван толгойн коксжих нүүрсний бүлэг ордыг холбогдох дэд бүтцийн хамт иж бүрнээр нь ашиглахаар ажиллаж байна.

ТАВАН ТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫН ЗҮҮН ЦАНХИЙН ХЭСГИЙГ ОЛОН УЛСЫН БИРЖИД ГАРГАЖ ХӨРӨНГӨ БОСГОЖ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Зүүнбаян-Гашуунсухайт, Таван толгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эхлүүлсэн.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэр их хамааралтай вэ. Өөрөөр хэлбэл, хэдэн хувийг одоогийн байдлаар эзэлж байна вэ?

-2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлж байна. 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 50.83 сая тонн нүүрс, 1.26 сая тонн зэсийн баяжмал, 16.25 тонн алт, 5.30 мян.тонн молибдений баяжмал, 156.15 мян.тонн хайлуур жоншны хүдэр гэх мэтээр баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 824.44 сая тн буюу 1.6 хувь, төмрийн хүдэр 2.35 сая.тонн буюу 37.7 хувь, хайлуур жоншны хүдэр 54.98 мян.тонн буюу 54.3 хувиар тус тус өссөн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн байна. Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж байна. 2019 оноос Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос 2019 оны төсвийн жилд 50 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн 100 хувь, 2020 оны төсвийн жилээс эхлэн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувь”-ийг тус тус Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхээр байна.

Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ хэрхэн экспортолж байна вэ. Eрьд нь Тяньжин боомтыг ашиглах нэг хувилбар яригдаж байсан талаар мэдээлэл байна. Одоо өөр хувилбар яригдаж байгаа юу.Тус төслийг хэрэгжүүлэхэд БНХАУын тавьж буй голлох нөхцөлүүд нь юу байв?

-Манай улс хойд талаараа ОХУ, өмнөд талаараа БНХАУ-тай хил залгаа оршдог. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт гол төлөв урд хөршдөө түшиглэн явагдаж байна.Гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход зайлшгүй хөрш хоёр орноороо дамжуулан тээвэрлэх шаардлага тулгарна. Иймд зам тээврийн дотоод эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна дамжуулан тээвэрлэх нөхцөлийн хөрш орнуудтайгаа ярьж тохиолцох шаардлагатай.Уул уурхайн салбарын хөгжилд гадаад болон дотоодын шууд хөрөнгө оруулалт маш чухал ач холбогдолтой гэж бид үздэг. Манай улс газрын хэвлий болон газрын хөрсөн дээр арвин нөөц баялагтай. Газрын хэвлийн хувьд улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд ашигт малтмалын 1950 орд, 8150 илрэл бүртгэгдээд байгаагаас 300 орчим орд газрыг ашиглан 50 мянга гаруй уурхайчид ажиллаж байна. Жишээ татахад зэс, нүүрс, жоншны нөөцийн хэмжээгээрээ Монгол Улс дэлхийн эхний аравт орохоор түвшинд байна.

-Уул уурхайн салбарт байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудлууд байдаг. Монгол Улсынхувьд энэхүндрэлтэй асуудлыг хэрхэн тэнцвэржүүлж эдийн засгийн өсөлттэй уялдуулж ажиллаж байна вэ?

-Хууль зүйн үндэслэлийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/88 дугаар тушаалаар “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ыг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлөөс бүрдүүлсэн. Ажлын хэсгээс “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын төслийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан. Журмын төслийг эцэслэн боловсруулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/181, А/458 дугаар хамтарсан тушаалаар батлуулж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4530 дугаарт бүртгүүлсэн.Нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг барьцаа болгож Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх тусгай дансанд байршуулдаг. Мөн жил бүрийн Байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам батлан, тайланг хүлээн авч нөхөн сэргээлтийн ажилтай холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг.

-Бүс ба зам хөтөлбөрийн талаар та өөрийн бодлоо хуваалцахгүй юу. Мөн Монгол Улс, тэр дундаа уулуурхай, дэд бүтцийн салбарт нөлөөлснөөр Төв Ази, Орос болон БНХАУ-тай шууд холбогдсоноор ямар нөлөө үзүүлэх хүлээлт байна вэ?

-БНХАУ-ын Бүс ба зам, Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, зэрэг хөгжлийн стратегийн хүрээнд бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид нэгдэж, бүс нутгийн орнуудтай илүү нягт хамтран ажиллах боломж бүрдүүлэхээр яриа, хэлцлийг өрнүүлж байна. Энэ хүрээнд ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх хийн хоолойн бүтээн байгуулалтыг Монгол Улсын газар нутгаар дайруулах, Монгол Улсын төмөр зам, авто замын төслүүдийг эрчимжүүлэх, дамжин өнгөрх тээврийн холбогдох хэлэлцээрүүдийг эрчимжүүлэх ажлуудын яриа хэлцлийг эхлүүлсэн. Тухайлбал, Улаанбаатар хотноо 2018 оны зургадугаар сард 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөх “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна.Мөн 2014 онд Монгол Улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурагдсанаар Монгол Улсын ашиглах нэр заасан далайн боомтын тоог нэмэгдүүлж, Хойд Хятад болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жиньжоу, Ингкоу, Цинь Хуангдао, Хуанг Хуа, Тяньжин зэрэг нийт долоон боомтыг ашиглахаар болсон. Үүнээс гадна УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын хүрээнд төмөр зам, авто зам, цахилгаан станц барих, усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэх болно. Тухайлбал, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой, Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх шийдвэрүүдийг Засгийн газраас гаргасан.

ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭСНЭЭР МАНАЙ УЛСЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ ӨРГӨЖИЖ, УЛМААР АШИГТ МАЛТМАЛЫН ОРДУУДЫН ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

-Газрын тосны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 орчим жилийн хугацаанд нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд газрын тосны геологийн судалгаа ажил хийгдсэн гэдэг. шинээр баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй ажиллах, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрийн түүхий эд газрын тосны бэлтгэгдсэн үү?

-УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр сайдын эрхлэх асуудлын хүрээнд өмнөх бүтцийн Ашигт малтмалын газар, Газрын тосны газар хоёр агентлагийг нэгтгэн зохион байгуулсан, “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”-ыг боловсруулан батлуулсан, геологийн судалгааны ажлын үр дүнгээр шинээр баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй ажиллах түүхий эдээр хангах газрын тосны нөөц бэлтгэгдсэн. Түүнчлэн Үндэсний геологийн алба байгуулах асуудал 1994 оноос яригдаж, салбарын хууль, бодлогын баримт бичгүүдэд 2014 онд тусгагдсан ч тодорхой ахиц муутай байсан. Энэхүү асуудал нь Засгийн газрын хуралдаанаар 2019 оны аравдугаар сард, УИХ-ын чуулганаар 2020 онд тус тус хэлэлцэгдэж, дэмжигдсэн. Геологийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх үйл явцыг Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай зэрэг олон хуульд салгаж тусгаснаас болж тэр нь хайгуулын ажлын эцсийн үр дүн болоод улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх хандлага бий болдог. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, төрийн бодлого төлөвлөлтөд шинжлэх ухааны суурь мэдээлэл бэлтгэх Үндэсний геологийн алба байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаан, УИХ-ын чуулганаар тус тус хэлэлцүүлсэн. Салбарын онцлог, мэргэжлийн үйл ажиллагаа, төрийн, төрийн бус байгууллага, салбарын хуулийн этгээд, мэргэжлийн боловсон хүчний эрх, үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн зохицуулалт бүхий геологи, уул уурхай, кадастр бүртгэл, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зэрэг багц хуультай болох замаар салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгож, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

-Оюу толгойн зэс алтны орд, Асгатын мөнгө, Гацууртын алт, Салхитын мөнгөний орд зэрэг ордуудыг ашиглах талаар олон нийт харилцан адилгүй ойлголттой, зарим нутгийн иргэд, иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн ашиглахыг эрс эсэргүүцдэг?

-Ашигт малтмалын ордыг нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах хүртэл зураглал, эрэл, хайгуул гэсэн геологийн үе шаталсан судалгааны ажилд 20-30 жилийн хугацаа, их хэмжээний хөрөнгө зарцуулж, салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсад ажилтай, цалин орлоготой байдаг. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр, техник эдийн засгийн тооцоо хийгдсэн ордуудыг ашиглан олборлож борлуулсан төлбөр зэрэг нь улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн дийлэнх хувийг эзэлдэг. Улсын төсөвт төвлөрүүлсэн орлогыг өндөр настны тэтгэвэр, нийгмийн эмзэг бүлгийн тэтгэмж, багш, эмч зэрэг төрийн албан хаагчдын цалин, улс орны бүтээн байгуулалтад зарцуулдаг ач холбогдолтой. Эгэл нэгэн геологич, уурхайчинд их хэмжээний мөнгө хөрөнгө байхгүй, улсын төсвөөс мөнгө хуваарилж өгдөггүй тул гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн мөнгөөр геологийн судалгааны ажил, уул уурхайн олборлолт, боловсруулалтын ажлыг гүйцэтгэж байна. Зарцуулсан хөрөнгө, тогтоогдсон нөөцийн зөрүүгээр цэвэр ашиг гарч байгаа эсэх нь ч эргэлзээтэй байдаг. Эдгээр асуудлуудад тооцоо судалгаа, дүн шинжилгээний үндсэн дээр хандах шаардлага байна.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны талаар мэдээлэл өгнө үү?

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Иргэддээ ногдол ашиг өгч эхлэх сайхан мэдээтэй байна.

-Та Оюу толгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж, үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Энэ юу болсон бэ?

-Өнөөдөр ч Оюу толгойн баялаг хорио цээрийн дэглэмийн энэ үед зогсолтгүй ачигдсаар байна. Харамсалтай нь харилцан ашигтай бус дан ганц талын ашиг сонирхолд чиглэгдсэн гадны менежмэнт үйлчилж байгаад ард түмэн ихэд дургүйцэн хүлээн авч байгаа. Эцэг өвгөдийнхөө үлдээсэн эх орон эд баялгаа бусдаар мэдүүлж тэдний үйлдэл үйл ажиллагааг харж байгаа монголчуудын тэвчээрт хязгаар бий. Монгол Улсын Засгийн газрын улс орны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж үр өгөөжийг нь нэмэгдүүлж хүн ардынхаа аз жаргалтай сайн сайхан амьдралын зорилтыг хангах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж харилцан эрх ашгийг хангах шаардлага байгаа юм. Гэтэл “Рио тинто” компани цааргалсаар удаж байна. Ийм нөхцөл байдалд бид тусгаар улсынхаа давуу талыг харуулж үйл ажиллагааг нь зогсоож байж хэлэлцээрийн ширээний ард суух боломж бүрдэнэ. ”Рио тинто” компанийн манай улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт, тэдний олон улсын зах зээл, уул уурхай тэр тусмаа гүний уурхайн бүтээн байгуулалт мэргэжилтэй ажилчдын арвин баялаг туршлагаас манайд суралцаж дадлагажих зүйл их бий. Ер нь харилцан ашигтай байдлаар хамтарч ажиллах боломж их энгийн. Нэгдүгээрт, тэд уурхайн менежмэнтийг манай талд шилжүүлж өөрсдийн хөрөнгө оруулалт техник тоног төхөөрөмж мэргэжилтэй боловсон хүчний давуу талаа түшиглэн оператор компанийн үүрэг гүйцэтгэн тодорхой хугацааны дараа өөрсдийн 66 хувьд ногдох ашиг гаргасан зардлаа олж авах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, манай талд 20 хувийн рояалти төлөхөөр тохирч өөрсдөө менежмэнтээ зохион байгуулж манай 34 хувийг авч болно.Энэ тохиолдолд уурхайн бүх зардал санхүүжилт бидэнд хамаагүй болж манай 34 хувьд ногдох өр тэглэгдсэн байх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Монголд CE, KZ, UZ, RU тэмдэглэгээтэй “Samsung” зурагт тохирдог

Сүүлийн үед “Samsung Electronics” компанийн ухаалаг зурагтын зарим үйлдэл ажиллахгүй байгаа талаар Орос болон Монголын хэрэглэгчид гомдол гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор “Самсунг Электроникс Цэнтрал Евразиа” буюу тус компанийн Евразийн бүсийн салбараас албан ёсны мэдэгдлээ Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэж байгаа. “Самсунг” зурагтын зарим үйлдэл гарахгүй байгаа гэх мэт ашиглалтын хүндрэлүүд нь уг зурагтыг Монголоос бусад улс, бүс нутагт зориулан үйлдвэрлэсэнтэй холбоотой гэнэ. Гадны орнуудад худалдаж байгаа зурагтууд лицензийн хязгаарлалтай бол авчирсан тохиолдолд ажиллахгүй байх магадлалтай ажээ. Харин Монголын хэрэглэгчдийн хувьд албан ёсны борлуулагчдаас нь Монголд, Монгол Улсын харьяалагддаг бүсэд зориулан үйлдвэрлэсэн зурагтыг худалдан авах ёстой юм байна. Тийм учраас “Зарим үйлдэл нь гарахгүй байна” гэх зурагтыг Монгол Улсад ашиглахаар үйлдвэрлэгдээгүй учраас үйлдвэрлэгчийн зүгээс зурагтын хэвийн ажиллагаанд баталгаа олгох, борлуулалтын дараахь үйлчилгээгээр хангах боломжгүй гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Мөн Монгол Улсад худалдагдах зөвшөөрөлтэй “Samsung”-ийн зурагтын загварын бүтэн нэр нь CE/KZ/UZ/RU гэсэн латин үсгээр төгссөн байдаг аж. Одоогоор тус компанийн албан ёсны зурагт борлуулагч нь “Нэкст Электроникс”, “Номин Трэйдинг”, “БСБ Сервис”, “Саммит Компьютер Технологи”, “Техно Зон” компани бөгөөд “Самсунг”-ийн техникийн тусламжийн 1800-2555 дугаарын утсанд холбогдохыг зөвлөсөн байна.

Зурагт засварын үйлчилгээг хувиараа эрхэлдэг хүмүүсээс “Samsung” зурагтын засварын талаар тодруулахад “Энэ брэндийн зурагт тийм ч амархан эвдэрдэггүй. Тогны хүчдэлээс үүдэлтэй гэмтлийн үед сэлбэг олдохдоо бэрх. Сэлбэг нь байдаг бол юухан байхав. Айлуудын хувьд дуудлага өгөхдөө “Зурагт гэнэт унтарчихлаа. Асахгүй байна” гэдэг. Тог тохируулга, тог баригч нь шатчихдаг. Ер нь аливаа цахилгаан хэрэгслийг шөнө унтахдаа, өглөө ажилд явахдаа унтрааж байх хэрэгтэй. Энэ нь тухайн хэрэгслийн эдэлгээг уртасгадаг. Байнга тогонд залгаад байвал эвдрэх нь тодорхой. Машинаа огт унтраахгүй байвал бензин тос нь дуусч, мотор нь шатна биз дээ. Түүнтэй адил. Гэхдээ дээр үед тогны хүчдэл тогтворгүй, унадаг, өсдөг асуудал их байсан. Одоо бол цахилгаан хэрэгслүүдэд тог тогтворжуулагчийг үйлдвэрээс нь суурилуулсан байдаг учир тогноос болоод эвдэрчихлээ гэж шууд хэлэх боломжгүй. Мөн зурагт эвдэлдэг нэг зүйл бол тоостой орчин, бас чийглэг газар. Харин зарим үйлдэл нь алга, ажиллахгүй байна гэдэг программын талын гэмтлийг бид засч чадахгүй” гэлээ.

Оросын хэрэглэгчид “Самсунг”-ийн зурагттай холбоотой гомдол мэдүүлсэн бөгөөд үүний хариуд тус компанийн зүгээс “Samsung брэндийн ухаалаг зурагтны зарим функцийг ОХУ-д ашиглах эрх аваагүй учраас үйлдлийг дэмжихгүй байгаа” гэж тайлбарлажээ. “Samsung” компани гадаад улсын зах зээлд зориулан, мөн тухайн нэг улсад зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой. Тиймээс ОХУ-ын зах зээлд зориулсан барааны тэмдэглэгээ нь латинаар RU гэсэн бичигтэй байдаг аж.

Ер нь зурагт худалдан авахдаа нэгдүгээрт, инч буюу хэмжээ. Хоёрдугаарт, аль улсынх, аль үйлдвэрийнх вэ гэдэг нь чухал. Гуравдугаарт, ухаалаг уу, энгийнх үү гэдгээ сонгох ёстой юм байна. Ингээд төгсгөлд нь борлуулалтын дараахь үйлчилгээ буюу баталгаат засварын хугацаатай эсэх нь чухал. Харин сүүлийн үед зурагт авахдаа хэдэн вольтоор ажилладаг вэ гэдгийг нь анхаарах шаардлагатай болжээ. Албан ёсны борлуулагчдын хувьд Монгол орны хүчдэлд тохирсон буюу 220V-оор ажилладаг “Sam­sung” зурагтыг оруулж ирдэг бол хувиараа зурагт оруулж ирж зардаг иргэдийн хувьд хүчдэлд тохирохгүй зурагт сонгодгоос “Телевизор гэнэт унтарчихлаа” гэдэг асуудал гардаг юм байна.

Та аль бүсээс “Samsung”-ийн зурагтаа авсан бэ, тэр газраасаа дараа нь сэлбэгээ авна гэсэн үг юм байна. Учир нь тухайн бүсэд борлуулсан зурагтын засвар үйлчилгээг зөвхөн тэр бүс нь хариуцаж хийдэг гэнэ. Ингэхээр сэлбэг нь олдохгүй байгаа “Самсунг”-ийн зурагтыг өөр бүсээс оруулж ирсэн болж таарч байгаа юм. Харин манайд “Самсунг”-ийн зурагтыг засдаг баталгаат засварын албан ёсны хоёрхон газар байна. “Maxmall” худалдааны төвийн дөрөвдүгээр давхарт, нөгөөх нь “Нэкст Электроникс”.

Хэрвээ 200V, 110V-ийн хүчдэлтэй орнуудаас “Samsung”-ийн зурагтыг хувиараа оруулж ирсэн тохиолдолд хүчдэл баригч, хүчдэл тогтворжуулагч гэх бичил төхөөрөмж нэмж суурилуулдаг юм байна. Хуучнаар Оросын зурагтыг асаахын өмнө стабилизатор гэдэг дөрвөлжин төхөөрөмжийг асаадаг байсан. Тэрэн шиг хүчдэлийг нь тогтворжуулдаг гэсэн үг. Гэхдээ ингэж задаргаа хийж, хүчдэлийг нь тохируулсан тохиолдолд эдэлгээ нь тийм ч урт байдаггүй аж.

Хэрэглэгчдийн хувьд энэ брэндийн зурагт худалдан авахдаа хайрцаг, шошго дээр нь CE/KZ/UZ/RU гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг нь шалгах ёстой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 21-нд болох үйл явдлууд

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Өмчийн ашиглалт удирдлагын газраас Урт цагааны барилгын асуудлаар мэдээлнэ. Утас: 99062872

11.40 цагт ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны байранд тус алба Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.Утас: 99025086

12.00 цагт ХНХЯ-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91915340

12.00 цагт “Монгол ньюм” мэдээллиын төвд Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны удирдлагууд өндөгний импортын татвар болон дотоодын хэрэглээний талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт Автомашинтай жагсагчид Төрийн байгууллагуудын автомашины худалдан авалтын зардлын талаар мэдээлнэ.

12.45 цагт “Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл” ТББ-аас “Төрийн алдаатай бодлого, эрх мэдэлтний хариуцлагагүй байдлаас болж, хүний амь сүйдсэнийг хэн хариуцах вэ?” сэдвээр мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөх морь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 21, Сугар гариг. Билгийн тооллын 28, хөх морь өдөр. Өдрийн наран 7:49 цагт мандан, 18:22 цагт жаргана. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас, гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ улс-төр

Хүнсний улаан буудай, хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхээр болов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, дараах шийдвэрийг гаргав.

Улс даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэл болгожээ. Энэ дагуу 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний бүтээгдэхүүнээс хоёр нэр төрлийн стратегийн бүтээгдэхүүн буюу улаан буудайг 100.0 мянган тонн, хуурай сүүг 2000 тонноор нэмж импортлох санал ирүүлснийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжиж баталлаа. Ингэснээр 2020 онд Монгол Улс нийт 160.000 тонн улаан буудай, 6000 тонн хуурай сүү импортлохоор боллоо.

Монгол Улсын хүн амын 2020 оны хэрэгцээнд 227.0 мянган тонн гурил буюу 302.0мянган тонн улаан буудай шаардлагатай байна. Монгол Улс 2019 онд 407.0 мянган тонн улаан буудай хураан авч хүн амын гурилын хэрэгцээний 81 хувийг дотоодын гурилаар хангах боломжтой тул гурилын хомсдол үүсэхгүй хэмээн мэргэжлийн байгууллагуудад тооцож байна. Гэсэн ч болзошгүй эрсдэл, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний зөвлөл дээрхи шийдвэрийг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Газар зохион байгуулалтын шинэтгэл явуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Ерөнхий сайдын ажлын албаны дарга Н.Хүрэлбаатар нарын хамт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллав.

Тус газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсч, архивын материал болон 2020 оны ажлын төлөвлөгөөтэй танилцав. 1954 оноос хойшхи архивийн материалын хадгалалт, хамгаалалт алдагдаж, зориулалтын байр, тоног төхөөрөмжгүйгээс онц чухал бичиг баримтууд устах аюулд хүрч, зарим материалыг Архивийн Ерөнхий газарт шилжүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын даалгавраар 21 аймгийн хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан байгуулах ажлыг 2018 оны 05 дугаар сард эхлүүлж үйл ажиллагааны бүтэц бий болгох, програм хангамж зохиох, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, суурь зургийн сан бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр вэбэд суурилсан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим сестим”-ийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсний үр дүнд “газрын шинэтгэл” хийх суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Газрын харилцаанд мэдээлэл технологийн тусламжтайгаар асуудал хариуцсан албан тушаалтнаас үл хамаарах тогтолцоо бүхий цахим удирдлагын системийг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлснээр:

·Газрын харилцааны чиглэлээрх төрийн байгууллагуудын уялдаа, үйл ажиллагаа сайжирч, иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх

·Мэдээллийн ил тод бэлэн байдал хангагдаж, иргэд, олон нийт газрын бодлого төлөвлөлт үйл явц, түүний хэрэгжилтэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран оролцох, хяналт тавих нөхцөл бүрдэх

·Иргэдийн цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө зардлыг хэмнэх

·Газрын салбар дахь шат дамжлага, хүндрэл, хүнд суртал, авилгал, чирэгдэл буурах

·Газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд төрийн зүгээс өгөх баталгаа, хамгаалалт сайжрах, цаашид газрын зөрчил, маргаан гарахгүй байх боломжийг бүрдүүлэх юм.

Иймд цаашид газрын харилцааны шинэтгэлийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ болгон өргөжүүлэх чиглэлээр “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем”-ийг цаг алдалгүй улсын хэмжээнд өдөр тутмын үйл ажиллаагандаа нэвтрүүлж, улам боловсронгуй болгон хөгжүүлэх чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болголоо.

Газрын харилцаа, геодези зурагзүйн газар нь 2019 онд 21 аймгийн төвийн сумдын инженерийн шугам сүлжээ бүрэн холбогдсон, олон нийтийн болон нийгмийн дэд бүтцийн 5824 барилга байгууламжийн мэдээллийг 76 үзүүлэлт бүхий маягтаар бүртгэх ажлыг орон нутгийн албадтайгаа хамтран зохион байгуулсан банйа. Мөн 4000 орчим барилга байгууламж, аймгийн төвүүдийн инженерийн дэд бүтцийн мэдээллийг цуглуулан бүртгэж нэгдсэн мэдээллийн санг үүсгэжээ. Одоо улсын хэмжээнд хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг байгуулах ажлыг эхлүүлжээ.

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүссэнээр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үндэс бий болох юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл цахимжиж хот байгуулалтын үйл ажиллагаанд иргэд хяналт тавих, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эрэмбэлэх, хууль бус газрын харилцаа, наймаа устах зэрэг олон давуу талтай болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банктай хамтран судалгааны ажил эхлүүллээ

УУХҮЯ, Дэлхийн банкны “2030 Усны Нөөцийн Бүлэг” хамтран “Өмнийн говьд хэрэгжих уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төслүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, боломжит хувилбаруудыг тодорхойлох судалгаа”-ны ажлыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн сарын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс олборлох, боловсруулах салбарын усны асуудалд онцгой анхаарч, Дэлхийн банкны “2030 Усны Нөөцийн Бүлэг”-ийн Монгол дахь суурин төлөөлөгчид хүсэлт тавьсан. Тус саналын хүрээнд талууд хамтарсан хэд хэдэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсны үндсэн дээр талууд ийнхүү харилцан тохиролцлоо.