Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн ойролцоох шинэ гүүрийг “Олимпын гүүр” гэж нэрлэлээ

Өнөөдөр болж буй НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийг “Олимпын гүүр” гэж нэрлэх шийдвэр гаргалаа.

Уг гүүрийн бүтээн байгуулалтыг Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” гүйцэтгэж, 100 жилийн баталгаа өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа байгууллагуудын ажлын явцтай танилцав

Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа байгууллагуудын ажлын явцтай танилцав

Шинэ коронавирусийн халдвар, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар 18-ны өдрийн А/63 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, орон сууцны дундах хогийн цэг, дугуй засварын газрууд, ус дүгээх байр зэрэг эрсдэл өндөртэй газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа тусгай зөвшөөрөл бүхий 9 байгууллагын төлөөлөлтөй уулзалт хийж, ариутгал халдваргүйжүүлэлтийн явцын талаарх мэдээллийг авч, санал солилцлоо.

Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс тусгай зөвшөөрөл бүхий дээрх аж ахуйн нэгж байгууллагуудын халдваргүйтгэлийн бодисын чанар, аюулгүй байдал болон үйлчилгээний байгууллагуудад хийсэн халдваргүйжүүлэлтийн явцад хяналт тавьж байна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Image result for В.Рэнцэндорж

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга машин дотроо нас барсан байдалтайгаар олдсон. Уг хүн амины хэрэгтэй холбоотойгоор Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Засаг даргын тамгын газарт архи, согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон. Энэ тухайгаа Засаг дарга В.Рэнцэндорж өөрөө мэдүүлсэн бөгөөд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Иймээс Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтайн Засаг даргын чөлөөлж байна. Харин хүн амины хэрэгтэй холбоотой асуудалд дор хаяж 14 хоногийн хугацаа орно гэдгийг Цагдаагийн байгууллагаас ЗГХЭГ-т мэдэгдсэн” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаач Болормаагийн аав Сүхээ: Орой хуралтай гээд гарсан хүүхдээ маргааш нь нас барсан байхад нь оллоо

Говь-Алтай аймагт ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа учир битүүлгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн Лхагва гарагт гарав.

Аймгийн Засаг даргын Тамгын газар дээр хуралтай хэмээн мягмар гаригийн үдээс хойш ажлаасаа гарсан бүсгүй маргааш нь үүрээр автомашиндаа нас барсан байдалтай олдоод байна.

Талийгаач тухайн өдрийн орой 21:00 цагийн орчимд аймгийн Засаг дарга В.Ренчиндоржийн албан өрөөнд орсон. Тэнд Засаг дарга тэргүүтэй нэр бүхий хүмүүс төрсөн өдөр, албаны баяр тэмдэглэж согтууруулах ундаа хэрэглэсэн. 00:20 цагийн орчимд талийгаачийг Засаг даргын өрөөнөөс нэг хүн үүрч, дэргэд нь нэг хүн дагалдан гарсан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлж буй. Тэд талийгаачийг автомашинд нь аваачиж үлдээгээд буцжээ.

Үүрээр 04:00 цагийн үед талийгаачийг машиндаа нас барсан байсныг олсон гэх мэдээлэл байгаа юм. Уг явдлын талаар Засаг дарга В.Ренчиндорж зарим хэвлэлд тайлбар өгөхдөө “Миний албан өрөөнд юу ч болоогүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага дотоод болон гадаад камерын бичлэгийг аваад явсан шалгаж байгаа. Намайг хариуцлага тооцсон гээд байгаа. Би өөрөө шууд энэ агентлагт нөлөөлөх аргагүй тул холбогдох байгууллагуудад мэдүүлэх хуудас явуулсан” гэжээ.

Тэгвэл тухайн өдөр аймгийн ЗДТГ-ын албан байранд жижүүрээр гарч байсан иргэн хэвлэлд ярихдаа “Засаг даргын өрөөнөөс нэг эмэгтэйг нэг залуу үүрээд гарч явсан. Түүнийг дагалдаж Засаг даргын нарийн бичгийн дарга ч явсан. Удалгүй нарийн бичгийн дарга ороод ирсэн.

Ямар учиртайг лавлаж асуухад “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүн байгаа юм. Согтчихсон учраас ажлынх нь хүнээр хүргүүлэхээр явуулчихлаа” гэсэн” хэмээсэн байна.

ЦЕГ-аас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн тайлбарыг өгсөн билээ.

Талийгаачийн эгч тухайн оройн нөхцөл байдлын талаар “Дүүг маань Засаг дарга өрөөндөө дуудсан байдаг. Ирэхдээ архитай ирээрэй гэсэн байсан” гэж байгаа юм. Үүнээс харахад аймгийн Засаг даргын өрөөнд архидан согтууралт болсон байх магадлалтай байна. Талийгаач С.Болормаагийн хувьд Засаг дарга В.Ренчиндоржтой үзэл бодол, ажил байдлын хувьд зөрчилддөг.

Засаг даргын зүгээс дарамт шахалт үзүүлдэг байсан тухай найз нөхөд болон хамт ажилладаг хүмүүс нь онцолж байгаа юм.

С.Болормаа 2016 оноос Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргаар томилогдон ажиллаж эхэлжээ. Тэрбээр орон нутагтаа гэр бүл, хүүхэд, залуусын хөгжилд чиглэсэн олон ажлыг үр бүтээлтэй зохион байгуулж аймаг орон нутаг, улсын хэмжээнд салбартаа танигдсан албан хаагч байсан байна. Тийм ч учраас Засгийн газрын агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны тайлангаар улсдаа хоёрдугаар байр эзэлсэн амжилтыг гаргаад байжээ.

Харин Засаг дарга В.Ренчиндоржийн зүгээс талийгаачийг төрийн албан хаагчийн үүргийг биелүүлдэггүй, ажилдаа идэвх санаачилгагүй, үр бүтээлгүй ажилладаг гэх үндэслэлээр шийтгэл оногдуулахыг хүссэн албан бичгийг 2019 оны 12 дугаар сарын 31 -нд Улаанбаатар дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж байжээ.

Талийгаач чухам юунаас болж амиа алдсан талаарх мэдээлэл одоогоор маш бүрхэг байна. Орон нутагт хоёр үндэслэл ард иргэдийн дунд яригдаж байгаа гэнэ. Эхнийх нь осгож нас барсан гэж байгаа бол зарим хэсэг нь зүрх нь хаагдсан байх магадлалтай гэж үзэж байгаа бололтой. Нийслэлээс Шүүх шинжээчдийн баг өчигдөр очиж, үхлийн шалтгааныг тодруулахаар талийгаачид задлан шинжилгээ хийсэн байна. Талийгаачийг өнөөдөр хөдөөлүүлэх аж.

Бид талийгаачийн аав н. Сүхээтэй холбогдож цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Юу болоод өнгөрчихөв. Та ярих боломжийнхоо хүрээнд мэдээлэл өгөөч?

-Үнэндээ бидэнд мэдэх зүйл алга аа. Маш хүнд явдал боллоо. Охин маань тэр орой хуралтай гэж байсан хүүхэд. Хурлаа тараад ирэх байх гэж хүлээгээд ч ирээгүй. Гэтэл маргааш өглөө нь 06:00 цагийн үед ийм харамсалтай мэдээ дууллаа.

-Талийгаачийн нас барсан шалтгааныг ар гэрийнхэн юу гэж үзэж байна вэ?

-Өнөөдөр задлан шинжилгээнд орсон. Одоо хүртэл охиныхоо барааг хараагүй байна. Цагдаа, шүүхийн шинжилгээний дүгнэлтийг л бид хүлээж байна. Түүнээс наана хэлэх ямар ч үндэслэл алга даа.

-Аймгийн удирдлагуудын зүгээс дарамталдаг байсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Танд энэ талаар талийгаач хэлдэг байв уу?

-Нэг удаа “Аав аа би ажлаасаа гардаг юм бил үү” гэж байсан. Нэлээд хэд хоногийн өмнө. Өөр зүйл мэдэхгүй юм.

-Талийгаачийн зүрх хаагдсан, осгож нас барсан гээд л янз бүрийн мэдээлэл гарч байна. Та бүхэнд ямар нэгэн сэжиг таамаг байгаа шүү дээ?

-Миний охин ямартаа ч нэг ч удаа бие нь өвдөж, эмнэлэгт хэвтэж байгаагүй. Гэтэл сошиал орчинд янз бүрийн мэдээлэл гарч байгаа бололтой. Бүр улс төртэй холбосон зүйл ч их байна гэнэ. Их л буруу, ташаа мэдээлэл яваад байгаа бололтой.

-Охин тань ажил мэргэжил, зан чанарын хувьд ямар хүн байв?

-Хэлээд яах вэ. Маш их ажилч, хөдөлмөрч хүүхэд байсан. Та бүхэн ч энэ тухай надаар хэлүүлэлтгүй харж байгаа болов уу. Одоо гол нь бид мэргэжлийн байгууллагын шийдвэр, дүгнэлтийг л хүлээж байна. Өөр мэдэх зүйл алга гэсэн юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Хоол хүнсээ гүйцэд болгож идэх, ханиаж байгаа болон амьсгалын замын өвчтэй хүмүүсээс хол байхыг зөвлөлөө

No photo description available.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар буурч байгаа ч Франц, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг Монгол Улсын иргэдийн хамгийн их зорчдог улсуудад халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. БНСУ-д 156 тохиолдолд дөрвөн хот, зургаан мужид бүртгэгдсэн аж. Иймээс тус улсын Эрүүл мэндийн яам иргэддээ аль болох олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй байх, явсан тохиолдолд амны хаалт хэрэглэх, хоол хүнсээ гүйцэд болгож идэх, ханиаж байгаа болон амьсгалын замын өвчтэй хүмүүсээс хол байх зөвлөгөөг өгч байна. Мөн хүн ам олноор цугласан газарт очих нь халдвар дамжих гол суваг болж байна гэдгийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​Баянхонгорт бага насны хоёр хүүхэд галд өртөж нас баржээ

Image result for гэр шатсан

Хоёрдугаар сарын 20-ны өдөр 15:11 цагт онцгой байдлын албанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 1 настай эмэгтэй, 4 настай эмэгтэй У нар өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мөн өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай өөр дөрвөн дуудлага онцгой байдлын албанд иржээ.

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 12:21 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

-Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжинд иргэн С-ийн 10×5 метрийн хэмжээтэй байшин шатаж гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:55 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 26 дугаар гудамжинд иргэн Н-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн 2.5×8 метрийн хэмжээтэй өргөтгөл шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:18 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

-Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн Бат-Уул хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 03:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 03:59 цагт очиж 25 минут ажиллаж унтрааж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

Categories
мэдээ нийгэм

Урт цагааны барилгын үйл ажиллагааг зогсоох Хотын даргын захирамж гарчээ

Image result for Урт цагаан

Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас Урт цагааны барилгын асуудлаар мэдээлэл хийлээ. Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир үйл ажиллагааг нь зогсоох Хотын даргын захирамж гарчээ. Энэ талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект болоод байна. Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна

Image result for Гадаад харилцааны яам

“Ковид-19”/коронавирус/ вирусийн халдварт хатгалгааны тархалтын улмаас БНХАУ-ын хот, муж, өөртөө засах орон болон засаг захиргааны онцгой бүсүүд нутаг дэвсгэр дэхь нөхцөл байдлаас шалтгаалан сургууль цуглах хугацааг албан ёсоор 2 дугаар сарын сүүл хүртэл хойшлуулсан.

Хятадын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар 2 дугаар сарын дунд, сүүл үед вирусийн тархалт оргил цэгтээ хүрч, 4 дүгээр сар гэхэд бүрэн намжина гэж байгаа бөгөөд одоогийн төлөв байдлаар сургуулиуд 3 дугаар сард эхлэх магадлал тун бага болж байна. БНХАУ-д 2,900 их, дээд сургуульд 30 сая оюутан суралцдаг ба энэ дундаас хот, муж алгасаж суралцдаг 8 сая 900 мянган оюутан байдаг ажээ.
Categories
мэдээ нийгэм

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ноён БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон ноён Чай Вэньруйг хүлээн авч уулзан баяр хүргэж, ажлын амжилт ерөөв.

Монгол улсыг мэддэг туршлагатай дипломатч хүн томилогдон ирсэнд баяртай байна гээд томилолтын хугацаанд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ байна. Хоёр талын хооронд шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудал, зөрчил байхгүй. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, ард иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэж байгааг тэмдэглэхийг хүсч байна гэв.

Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ агуулгаар баяжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан Комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны монголын хэсгийн даргын хувьд хоёр орны бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны үр өгөөжийг ард иргэдэд хүртээхийн төлөө хятадын талтай ойр ажиллаж, үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Шадар сайдын ажлын чиг үүрэгт Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудал ордог бөгөөд энэхүү төслийг бодит ажил болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ Шадар сайд онцлон тэмдэглэв.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын өвчлөл олон хүний амь насанд хүрч, нөхцөл байдал ноцтой хэвээр байна. Гэсэн хэдий ч Хятадын төр засаг, эрдэмтэн судлаачид уйгагүй ажилласны дүнд нааштай хандлагууд гарч байгаад баяртай байна. Энэхүү аюулт өвчин нь Хятад улс болоод дэлхийн нийтэд томоохон сорилт болж байна. БНХАУ-ын төр, засаг өвчний тархалтыг хяналтдаа авч энэ хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан Комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны монголын хэсгийн даргын хувьд хүлээн авч уулзаж байгаад талрахал илэрхийлэв. БНХАУ-д шинэ коронавирусын халдвар тархаж хүнд хэцүү цаг үед туулж байгаа энэ үед Монголын ард түмэн, Засгийн газар тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын ард түмэн талархан хүлээн авч байна. Монгол Улсын Засгийн газар таны тэргүүлдэг Улсын Онцгой комисс оновчтой шийдвэр гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч түргэн шуурхай ажиллаж байгааг харж байна. Монгол Улсын нэг ч иргэн халдвар авахгүй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. БНХАУ-ын Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шодоргос

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Шударга амьдрах сайхаан. Бид цөмөөрөө л шударгыг эрхэмлэдэг. Хүн бүгд өөрийгөө “шударга”-ын нэг үргэлжлэл, түүний салшгүй хэсэг гэж үзэх ажаам. Болж бүтэж байгаа бүхнээ “шударга”-тай холбож үзнэ. Сугалаанд хожил таарсан бол “шударга юм гэж байдаг юм байна” хэмээн ярилцлага өгнө. Түүгээр ч барахгүй хорвоо дэлхий шударга бус байгаад гомдоллож, шударгаасаа болоод хохирсондоо халаглагсад бишгүй тааралдана.

Олон нийтийн санал асуулгад энэ үгийг зориуд оруулж үзлээ. Манай социалогичид а.Хууль биелүүлдэг, б.Хулгай хийдэггүй, в.Шударга гэж дэслээд, энэ гурвын аль нь хууль тогтоогчдод чухал болохыг асууж үзэв. Гэтэл ихэнх оролцогч, “бусад нь яах вэ, шударга нь хамаагүй дээр” гэж үзсэн байх юм. Голч үзүүлэлтээрээ л “шударга” байх юм бол хуулийг тааруулж зөрчөөд, хэр хэмжээг нь тааруулан хулгай хийгээд явж болно гэсэн үг үү? Тийм болоод л манай ЖДҮ-чид шударга л байгаа нь энэ юм болов уу?

Тийм ээ, Бусад нь яах вэ, шударга л чухал. Гэтэл Шударга гэдэг маань яг юү вэ? Энэ үгэнд дуртай байх ч амархан. Өөрснөө шударга байхыг хичээдэг бусдаас ч үүнийг шаарддаг. Гэвч энэ үг яг ямар ухагдахуун бэ?

Яруу найрагт “Аль байна, тэр диваажин, Алган дээр тавиад харуулаадах” гэлээ гэгчээр шударга гэдэг ухагдахуунд хэмжүүр шалгуур бий юү? Яг хаана шударга эхэлж, хаана дуусдаг вэ?

Ажигласнаар хүмүүс хоорондын зөрчлийн дүн гарахад аль аль тал нь шударга байсан болоод дуусдаг. Нөгөө талаас нь харвал аль алин нь шударга бус болж хоцордог. Хамгийн энгийн жишээ гэхэд шүүхэд очсон хоёр талын аль нэг нь бурууддаг авч ялсан тал нь “шүүх үнэхээр шударга байдаг юм” гэлцэж байхад ялагдсан тал “Хорвоод шударга юм байхаа больжээ” гэсэн гомдолтой гарна. НӨАТ-ын сугалаад хожсон хүн ба юу ч таараагүй үлдэгсэд ч тэр мэт.

Ингээд харахаар манай шударга гэдэг ойлголтын суурь нь тухайн нөхцөл байдалд тухайн хүнд таалагдах таалагдахгүйгээс хамаарч байх шиг байна. Төрийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагаа нь хуулийг сахих дээдлэх, хулгай худлаас ангид байхдаа биш, харин ямар нэг үйлдэл араншин сэтгэлд нь нийцээд явчих юм бол шударга болчихно. Жишээлэхэд, хэлэх юмсан гээд хэл загатнуулаад байсан нэг үгийг нь зурагтаар ярьчих юм бол шударгадаа багтаад явчих бололтой юм аа.

Эндээс бидний хамгийн зөв үнэлэмж, оновчтой дүгнэлтийг илэрхийлэх ямар ойлголт байна вэ?

Хүнийг зан төлөвийн хувьд сайшаасан олон монгол үг байх юм: Төлөв, нуруутай, сайн, гэмгүй, хоргүй, нямбай, даруу, чамбай, үнэнч, голч, зөв, ариун, чигч гэх мэт. Цаана нь ч өөр олон эерэг тодорхойлолт байгаа биз. Эдний алинд нь шударга хүн багтах вэ? Даруу гэсэн тодорхойлолттой нэгнийг сагсуу гэж дүгнээд байх хүн ховор талдаа. Нуруутай нэгнийг тодорхойлогчдын тэн хагас нь хулхи эр гэж маргаад байх нь элбэг биш. Энд шударга гэсэнтэй ижил тийм эрс тэс, шууд хоёр талдаа гарсан төлөв шинжийн үнэлгээ өөр алга. Хэн нэгнийг “шударга хүн”, ямар нэг үйлдлийг “шударга явдал” гэж нэрлэхэд шууд л хоёр талцаж хагас нь зөвшөөрдөггүй бол, харьцуулахад хэдийгээр нарийн тодорхойлсон шалгуур хэмжүүр байхгүй ч “төлөв”, “зөв”, “нуруутай” гэсэн үнэлгээнд ингэтлээ хоёр тийшээ савалж туйлширдаггүй. Үүний учир нь таньж мэдсэн хэн нэгнийхээ талаар хүмүүсийн ихэнх нь ам нийлдэгт байх аа. Өөрөөр хэлбэл голоор нь хэлсэн дүгнэлт.

Шударга гэсэн эрс тэс үнэлгээтэй, маш өргөн утгатай төстэй англи үг хайж толь бичиг баахан ухлаа. Truthful, Honest, Just, Fair, Scrupulous гэх мэт үг гараад ирж буй нь бидний нэрлээд байгаа шударгад таарах боловч хоорондоо нэлээд ялгаатай юм гээч! Truthful гэхээрээ худлаа хэлдэггүй хулгай хийдэггүй, honest гэхээрээ дүрэм журмыг дагадаг, худал хуурмагаас ангид нэгэн, Just гэвэл хуулийг үг үсэгчлэн даган биелүүлэгч (Justice гэдгийг философийн багш, орчуулөгч Батчулуун “шударга” гэлгүй “зөв” гэж орчуулдгийг зөв гэж бодож байна), Fair гэвэл тэнцвэр сахидаг найрамдалсаг талдаа (тэмцээнд шударгаар өрсөлдөх) боловч заавал just байх албагүй. Scrupu­lous бол нягт нямбайгаас гадна жишээ нь хүнээс мөнгө зээлсэн бол амласан цаг хугацаанд нь буцааж өгдөг хүн байх жишээтэй. Монгол толь бичигт бүгдийг нь нийлүүлээд “Шударга” гэсэн байх ба тэрийг буруу орчуулж гэх гээгүй шүү, үнэхээр ч орчин цагийн монгол хэлээр бүгд л шударгад багтах аж.

Шударга гэдэг үг шудрах гэсэн угшилтай. Уул санаа нь улайм цайм, цагаандаа гарсан, шийдчихсэн, огт ичихгүй, санаа зовдоггүй гэсэн утгатай байсан бололтой.

Шугуй замаар шудруулаад гардаг

Шодон сүүлтэй борлог морь

Шуудаар манийгаа захиран суудаг

Атаман хэргэмтэй Семёнов

хэмээсэн дуу байсан гэдгээс харахад, шугуйн мөчирт нүдээ хатгуулж сохлох барихаас айдаггүй нэг тийм тоомсог харагдаад байгаа биз дээ. Бас “Цаадах чинь найзыгаа шударчихсан гэнэ” гэвэл дотно нөхрийнхөө аминд хүрсэн этгээдийн тухай болоод явна. Түүнчлэн “Хүнд тавьсан тавагтай чихэрнээс асуулгүй шүүрээд авчихлаа, манай энэ банди мөн шударга гайхал шүү”, “Хурал дээр даргыгаа улаан нүүрэн дээр нь худалч, хүний үнэргүйгээр нь дуудчихлаа, мань хүн ч өөдгүй шударга эр дээ” гэх мэт өгүүлбэрт ороод ирэхээрээ шударгын жинхэнэ утга гараад ирдэг. Хэн нэгнийг, ер нь цаадах чинь шударга амьтан шүү гэвэл болгоомжлуулсан утга гарна. Шоронгийнхон дунд “шударга хулгайч” гэсэн нэршил байдаг, энэ нь нууж хулгайлах, ил дээрэмдэх хоёрын завсар сүүлд нь баригдахаасаа айхгүй хийдэг гэмт хэрэгтнийг хэлж байгаа юм. Гучаад оны үед бурхан тахил бузарладаг, лам ноёдыг хараадаг, сүм хийд нурааж явсан хувьсгалч хөөргөн залуусыг шударга гэдэг байжээ. Нэг талаас нам эвлэлээс магтаж ингэж нэрлэнэ, нөгөө талаас ардууд жигшиж ингэж дуудна. Шудрага гэдэг тодорхойлолт тэр үеэс л монгол хэлэнд үндсэн утгаа алдсан байх гэж боддог юм. Тэр үеийн хэвлэл ном харж байхад.

Орчин цагийн монгол хэлэнд энэ үг их олон салаа утгатай, заримдаа бүр эрээ цээргүй сонсдоно. Жишээлэхэд, “Авлига авч хулгай хийсэн нь хожиж, хулгай хийгээгүй шударгаар хөдөлмөрлөсөн нь хохирч байна”. Энэ өгүүлбэрийг өнөөгийнхөн энд тэндээс олонтаа сонссон биз. Хулгай хийгээгүй учраас шударгаасаа болоод хохироод байгаа биз. Зүй нь шударга бусаар хулгай хийгээд явсан бол ёс суртахууны хувьд зөвдөх байж! Хулгай хийх боломж гарсныг анзаараагүйн халаглал, эсвэл өөрт нь хулгайлах юм үлдээгээгүйн хойноос гаргасан тунирхал, бүүр байчихаад “дагуулж хулгай хийгээгүй”-н төлөөх гомдол уу?

Энэ бүхэн, за яахав, хэл шинжлэлийн асуудал байж. Үнэндээ философийн, моралийн, этикийн асуудал л даа. Гол нь манай шударга нийгэм дэх улс төрийн амьдралд энэ хачирхалтай ухагдахуун хэрхэн үйлчилдэг, нөлөөлдөг талаар ярих гэсэн юм.

Өнөөдрийн шударгаа зөв төсөөлөхийн тулд өчигдрийн шударгуудыг эргэн санах гээд үзье. Алтан ургийн удмынхан болон лам багш нарыг хуйгаар нь хүйс тэмтрэхэд “шударга засаг минь” л гэж нэрлэж байсан. Байгаа хөрөнгийг нь хуу хамж хураагаад аваад явчихад “шударга төр маань” л гэж байсан. Нөхдөө матан шорон орон руу илгээгчийг “шударга иргэн” л гэж байсан. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө цөлж хагацааж байхад “манай намын шударга шийдвэр” л гэж байсан. Энэ бүхэн өнгөрсөн явдал.

Тэгвэл одоо? Иргэд чөлөөтэйгөөр төрөө сонгож өөрийн үзэмжээр улсаа тохинуулах эрхтэй боллоо. Бүгд л шударга нэгнээ төрдөө зална гэж шуугилаа. Энэ уудам цэлгэр оронд маань шударга хүмүүсийн “бөглөрөл түгжрэл” үүслээ. Шударгууд биенээсээ илүү шударга болох гэж алийгаа алдав. Аминдаа өрсөлдөөд байгаа юм, хөөрхийс. Өрсөлдөгчөө шударга бус гэж зарлана, дайрна, буруутгана. Өнөөх нь ч хариуд нь түүнийг бүр илүү шударга бус болохыг нотлон хариу довтолно.

Ард түмэн болохоор хоёр янзаар үнэлнэ. Нэгд аль болох олон шударга бус юм олж харж бархирсныг нь шударгад тоолно. Өөрөөр хэлбэл, хамгийн цөөн нүд ухсан хэрээг бус, хамгийн чанга гуагласан хэрээг ариун жигүүртэн, огторгуйн гарьдаар үзнэ. Нөгөө талаар яаж олсон нь хамаагүй, олзноосоо хуваалцсан нэгэнд талархана. Хулгайчид хулгайн бараа байхаас биш, хэзээ ч хувийн баялаг байдаггүй. Ингээд өөрөөс нь хулгайлаад өөрт нь эргүүлээд шавхрууг нь хялайлгахад л шударгыг нь гайхна. Хоттой хониноос нь төхөөрчихөөд цувдайных нь шөлнөөс амсуулахад буянтай, булчинтайг нь шагширна.

Шударгууд улс орноо тонох тусам эрх мэдэлтэй болсон хойноо өөрснийхөө шударгаар гайхуулна. Үүнийг шударга ёс гэнэ. Товчхондоо шодоргос. Шодоргосын бидний ойлголт явж явж энэ. Аль аль талдаа шүү! Шодрого хүн, шодоргос бол орчин цагийн монгол хэлэнд хамгийн барьцгүй, баримжаагүй, үнэн зөв тодорхойлолтгүй үг болж таарч байна. Явж явж хамгийн өөдгүй хүнийг хэлдэг нэршил болчихсон юм биш үү? Шодоргоссон биднийг цаадуул чинь шодроод дууслаа.

Эцсийн дүнд бид өөрчлөгдөхгүй бол ТЭД хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэднээс салах гарц бол бид ойлголтоо, үнэлэмжээ, шалгуураа өөрчлөх зам. Шударга гэдэг үг нэгэн цагт тэнгэрлэг ариун утгатай байсан байж магадгүй. Харин өнөөдөр энэ үг, ийм ойлголт биднийг шудраад дууслаа. Шинэ хэмжүүр, шинэ ойлголтоо эрж олцгооё.

2020.2.16