Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албанд нийт 960 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэв. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

  • Хоёрдугаар сарын 19-ний 15.45 цагийн орчимд Ховд аймаг Аргалант багын нутаг Хондлой гэх газар сумын төвөөс баруун тийш 25 км-т Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч хоёр настай, эмэгтэй Я-ыг мөргөж, амь насыг хохироосон.
  • Хоёрдугаар сарын 20-ны 23.00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу салдаг уулзварт сумын төвөөс зүүн тийш 7 км-т асфальтан замд Toyota Prius маркийн автомашин замын хажуугийн цагдаагийн пост мөргөж, зорчигч 23 настай, эрэгтэй Т нас барсан хэргийг шалгаж байна.

Мөн тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08.00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08.00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж байна.

Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг анхааруулж байна. Мөн хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ганболд: Ерөнхийлөгч Баттулга ч өөрөө ахуй үйлчилгээний салбарын нэг эд эс

-УРТ ЦАГААНЧУУД БИД ОРХИГДСОН
ОРЧИН ЦАГИЙНХАН, ГАДУУРХАГДСАН ШИНЭ ҮЕИЙНХЭН-

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Жуулчны гудамжинд байрлах худалдаа үйлчилгээний “Урт цагаан” төвийн үйл ажиллагааг хаах шийдвэрийг Хотын захиргаанаас гаргаад байгаа юм. Тухайн шийд­вэрийг Урт цагаан худалдаа үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхлэгч түрээслэгч иргэд, аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж эхлээд байна. Энэ талаар “Урт цагаан–Шинэ эхлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Ганболдтой ярилцлаа.


-“Урт цагаан”-д хэчнээн түрээслэгч байдаг вэ. Энэ газраар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Юуны өмнө “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн талаар тодорхой ойлголт төрүүлэх үндсэн дээрээс тус төвийн тухай танилцуулъя.

Урт цагааны барилга нь 1958 онд тухайн үеийн үйлдвэр хоршооллын харьяа артелуудын хөрөнгөөр баригдсан. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгөөр баригдсан анхны үйлчилгээний төв юм. Улмаар Нийтийн ахуйн үйлчилгээний яаманд харьяалагдаж, 1990 онд татан буулгасны дараа Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж, Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газрын дансанд бүртгэсэн байдаг. Тухайн төвийн барилга нь 7666.19 кв.метр талбайтай. 28365.9 куб метр эзлэхүүнтэй. Барилгын хийцийн хувьд бетон суурь, тоосгон хана, модон хучилт, төмөр болон хар цаасан дээвэр, модон хамар ханатай. Төвлөрсөн системд холбогдсон хоёр болон гурван давхар барилга.

Тус төвийн барилга, байгууламжийг одоогоор Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газартай 30 иргэн, аж ахуйн нэгж түрээсийн гэрээ байгуулан эзэмшиж байгаа бөгөөд тэдгээр иргэд, аж ахуйн нэгж цаашаа 400 гаруй хүнд түрээсэлдэг. Улирлын сезоноос хамаараад өвлийн улиралд үслэг эдлэл засвар, савхи нэхий будах болон бусад төрлийн үйлчилгээ нэмэгдэж 500 гаруй түрээслэгч болж нэмэгддэг. Үйлчлүүлэгчдийн хувьд тухайн худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлээгүй хүмүүс Монголд ховор болов уу.

-Хотын захиргаанаас гаргасан шийдвэрийг та бүхэн юу гэж үзэж байгаа вэ?

-2016 оны ээлжит сонгуулиар Улаанбаатар хотыг удирдаж буй МАН-аас томилогдсон дарга нарын гаргасан энэ шийдвэр нь энэ төвд үйл ажиллагаа эрхэлдэг нийт түрээслэгчдийн хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн шийдвэр болсон. Тухайн шийдвэр нь ямар ч тооцоо судалгаагүй, үндэслэл муутай, түрээслэгчид цаашид хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар гаргасан төлөвлөгөөгүй байгаа нь хамгийн хохиролтой. Түүнээс эрх баригчид үндэслэл тооцоотой, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг тооцоолсон шийдвэр гаргасан бол бид эсэргүүцэх шаардлагагүй. Зөвхөн хотын хамгийн ашигтай бүсэд байгаа байршил болон цаашдын ирээдүйн ашгийг тооцоолсон бодлого нь байгаа нь харагдаад байна. Жуулчдын гудамжинд байрлах Урт цагаан төвийн барилга нь эдийн засгийн худалдааны эргэлт бүсэд байршиж байгаагаараа, хөрш зэргэлдээ валют арилжаа, эртний үнэт эдлэлийн худалдаа, эм ханган нийлүүлэх төв, Бөмбөгөр худалдааны төв, Улсын их дэлгүүр, Гандантэгчэнлин хийд гэх мэт Улаанбаатар хотын стратегийн түшиц газруудын дунд оршдгоороо тухайн төвийн газар нь бизнес эрхлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч бүх хүний анхаарлын төвд байдаг. Энэ раойнд Монголын бэлэн мөнгөний эргэлтийн бараг 60 орчим хувь нь эргэлддэг. Хийж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ Монголын 21 аймаг, есөн дүүргийн нийт ард иргэдэд тэгш хүртээмжтэй үйлчилдэг худалдааны чөлөөт эргэлтийн бүс юм. Энэ нь л эрх баригчдын арааны шүлсийг асгаруулж, Урт цагаан руу хандсан зохион байгуулалттай бодлого явуулахад хүргэж байна. Тийм учраас бид бүгд төрөөс гаргаж байгаа шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм.

-Энэ барилгыг шинэчлэх цаг болсон гэж ярьдаг шүү дээ?

-Тийм ээ. Хөндлөнгийн нүдээр харвал нээрээ л болохгүй, бүтэхгүй байгаа юм шиг харагдана. Гэсэн ч яг бодит байдал дээрээ энэ барилга маш чанартай баригдсан. 2005 оноос Хотын захиргаанаас засвар хийж болохгүй гэсэн шийдвэр гарсны улмаас өнөөдрийг хүртэл ямар ч засвар, үйлчилгээ хийгдээгүй. Тийм болохоор барилгын өнгө үзэмж муудсан, өнгөц талаасаа чанаргүй мэт харагдаад, түүнийг нь харсан ард иргэдэд нээрээ л болохгүй юм шиг ойлголт төрөөд байгаа юм. Бид бүгд ч гэсэн өнгө зүстэй, хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан зөв орчинд ажиллахыг хүсэлгүй яах вэ. Түрээслэгч бид засаад сайжруулаад ажиллая гэхээр зөвшөөрдөггүй. Цаанаасаа бодлого нь энэ төвийг үнэгүйдүүлэх, муухай харагдуулж байгаад буулгаж, нураах л зорилготой байгаа нь харагдаад байгаа юм.

-Та бүхний эсэргүүцэл, тэмцэл хэрхэн үргэлжлэх вэ?

-Юуны түрүүнд бид Урт цагаантай холбоотой эерэг зөв мэдээллийг иргэдэд түгээх нь зүйтэй. Урт цагаан бол ахуйн үйлчилгээг авч үлдсэн уламжлалт өв соёлыг тээх, түгээн дэлгэрүүлж байгаа түүхэн онцлогтой газар. Ардчилсан хувьсгал ялж хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн сүүлийн он жилүүдэд сул тал нь соёлын өв үнэт зүйлээ бид бүгд гадагшаа алдсан, нурааж үгүй болгосон. Дараагийн том золиос нь Урт цагааны түрээслэгч бид бүгд болчихоод байна. Ийм учраас зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахын тулд бид өөрсдийн эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу “Урт цагаан-шинэ эхлэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тухайн байгууллагаараа өөрсдийнхөө дуу хоолойг Монголын төр болон ард иргэдэдээ хүргэж байгаа юм.

Бидний тэмцэл цаашид төрөөс баримтлах ахуйн үйлчилгээний бодлогод Урт цагаантай холбоотой хөтөлбөр суулгах, төрийн хайр халамж, нийгмийн бодлогоос ангид үлдсэн энэ хэдэн түрээслэгчдэд ашигтай эрх зүйн зохицуулалтыг бий болгоход чиглэнэ. Улмаар өнөөдөр үүсээд байгаа хууль бус шийдвэрийг цуцлуулах зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид бүгд шат дараатай, зохион байгуулалттайгаар тэмцсээр байх болно.


-Урт цагаан төв нь зөвхөн худалдаа үйлчилгээ эрхэлдэг төв гэхээс гадна соёлын үнэт өв гэж та онцоллоо. Үүнийгээ дэлгэрүүлээч?

-Бидний монголчууд хэдэн мянганаар яригдах төрт ёс, түүхэн уламжлал бахархан дээдлэх ёс заншил, зан үйлтэй ард түмэн. Аливаа улс үндэстэн өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн соёл иргэншилтэй байдаг. Түүний дундаас монголчууд бид бүгдийн бахархан дээдлэх, эрхэмлэн нандигнах маш ховор соёлын өвүүдийг уламжлан авч ирсэн улс үндэстэн. Тухайн соёлын өвүүд дотроос уран дархны урлал, урлахуйн ухаан, утас зүү эрхшээх соёл нь ахуйн үйлчилгээнийсалбараар дамжин нийт монголчууд бид бүгдийн өдөр тутмын амьдралд тусгалаа олж явдаг. Урт цагаанчууд бид энэ л соёлын өвийг эрт эдүгээ одоо цаг доор уламжлан тээж түүчээлэн авчирсан алдар гавьяагүй гавьяатнууд юм.

Бидний талаар эрх баригчид ард иргэдэд дандаа худал мэдээлэл, болохгүй бүтэхгүй бүхий л муу муухай зүйлүүдийг зохион байгуулалттайгаар явуулсаар байгаад одоо нийтийн хандлага бид бүгдийг өрөөсгөл нүдээр харахад хүргэж байгаа юм. Түүнээс биш бидний дунд дэлхийд ховорхон гайхагддаг хосгүй үнэт бүтээл бүтээн туурвидаг, уран гартай хүмүүс зөндөө байдаг. Бидний үйлдвэрлэсэн, бүтээсэн, хийсэн зүйлүүд Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд олонтаа мөнхөлсөн. Ямар учраас төрийн нүүрийг тахлах дарга цэрэг нарын ганган тансаг хэрэглээ, тансаглалыг хийх болохоор урт цагаанчууд шиг хэрэгтэй хүмүүс байхгүй болдог. Ямар үед нь бид нар шиг хэрэггүй хүмүүс болчихдог нь ойлгомжгүй.

-Урт цагааныг зохион байгуулалттай муухай харагдуулдаг гэлээ. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Урт цагааныг муухай харагдуулаад байгаа гол хүчин зүйл нь миний дээр хэлсэнчлэн улс төр, бизнесийн ашиг сонирхол бүхий бүлэглэлүүдийн зохион байгуулалттайгаар явуулсан бодлогын үр дүнд өнөөдөр Урт цагаан шиг муухай газар байхгүй болж харагдаад байна. Түүнээс биш бид Урт цагаан худалдаа үйлчилгээний барилгыг орчин үеийн хөгжилд нийцсэн өнгө үзэмжтэй эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж чадсан сайхан орчин цагийн барилга болгож чадах чадвар бидэнд бий.

Газар хөдлөлтийн идэвхтэй бүс Япон улсад гэхэд 200 жилийн насжилттайөв уламжлалаа хадгалсан барилга олон бий. Гэтэл Урт цагааны барилга маань ердөө л 60 жил болж байгаа. Хүчитгээд цааш ашиглахад ахиад 100 жил ч ашиглаж болохоор барилга. Эрх баригч нарын онцлоод байгаа ганц зүйл нь нурах эрсдэлтэй, хүний амь нас эрсдэнэ, барилгын насжилт дууссан гэдэг шалтгааныг яриад байгаа. Бодит байдал дээр хоёр давхар барилга нурдаг, мөн Урт цагаан шиг сайн баригдсан барилга нурна гэсэн ойлголт байхгүй. Тийм ч учраас Монголын барилгачдын холбоо нь өөрөө Урт цагаанд байрлан маш олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Мэргэжлийн тэд дуугараагүй байхад мэргэжлийн бус, улс төрийн хүмүүс өөрөө өөрсдөө дүгнэлт гаргаад олон нийтэд буруу ойлголт өгөөд байгаа нь ёс зүйгүй асуудал.

Хамгийн гол нь эрх баригчдын амнаас зөвхөн болохгүй, бүтэхгүй, нураана гэсэн үг гарахаас биш яг төрийн бодлого, түүний дундаас хэрэгжүүлэх бодлого, түрээслэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хангах талаар нэг ч өгүүлбэр гарахгүй байгаа нь дээрх хардлагыг бид бүгдэд төрүүлж байгаа юм.

-Түрээслэгчид юу гэж ярьцгааж байна вэ?

-Энд хэдэн зуун хүний, бүр цаашилбал ашиглалтад орсноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн төвөөс аж амьдралаа бий болгож ирсэн олон мянган хүмүүс бий. Тэдгээрийн ар гэр, үр хүүхдийн асуудал юм. Мэдээж түрээслэгчид Монголын төрийг зөв шийдвэр гаргах байх, харлаган энэ бодлогоо зогсоох байх, бид бүгдтэй хэлэлцээрийн ширээний ард суух байх, ойлголцох байх гэсэн итгэл найдвартай байгаа. Та өөрөө ч бод. Жишээ татаад үзэхэд худалдааны үйлчилгээний төв болгоныг нураагаад газрыг нь аваад ард иргэдээ ажил, амьдралгүй болгоод байвал бид бүгд цаашид яаж амьдрах вэ. Энэ их өр зээлийн дарамт, амьжиргааны муу үзүүлэлтүүдийн ардаас яаж өндийх вэ. Бид төрөөс юу ч гуйгаагүй, юу ч хүсээгүй өнөөдрийг хүртэл чимээгүй хөдөлмөрлөж, бүтээж ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригч хүчин бидний, өөрөөр хэлбэл олон зуун хүний ажлын байрыг булаан дээрэмдэж гудамжинд гаргах гэж байгаа энэ үйлдэлд та бүгд тус тусынхаа хариултыг өгөх биз ээ. Бид ямар ч тохиолдолд ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө эцсээ хүртэл эвлэлдэн нэгдэж, эрслэн тэмцэнэ.

-Та нарын тэмцлийн үр дүн юу вэ?

-Бидний тэмцлийн үр дүн нь зөвхөн ажлын байраа л хадгалж үлдэх, аж амьдралаа хамгаалах зорилготой. Түүнээс биш бусадтай адилхан ажил албан тушаал эд хөрөнгө, алдар нэр, гавьяа шагнал горьдсон арга ажиллагаа биш. Нөгөө талаар эрх баригчдын гаргасан харалган бодлого нь эсрэгээрээ Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийг олон нийтийн анхаарлын төвд авчирснаараа бид бүгд өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдлөө нийт Монголын ард иргэдэд илэрхийлэх боломжийг олгож байх шиг байна. Төрөөс ахуйн үйлчилгээний салбарт баримтлах бодлогод Урт цагаан худалдаа үйлчилгээний төвд үйлчилгээ эрхлэгчдийнхээ талаар тусгуулбал нэн тустай. Урт цагаан худалдаа үйлчилгээний төв шиг ийм том сүлжээтэй, Монголын бүх ард иргэдэд тэгш хүртээмжтэй үйлчилдэг төв байхгүй. Шулуухан хэлэхэд Урт цагаан өөрөө брэнд юм. Энэ брэндийг устгаж алга болговол ахиж хэзээ ч үүсгэж чадахгүй.

-Та бүхэн төвийнхөө барилга байгууламжийг сайжруулаад ажиллах боломж байдаггүй хэрэг үү?

-Байлгүй яах вэ. Үүнийг л бид бүгд хүсч байна. Тийм ч учраас манай байгууллагын нэр “Урт цагаан-шинэ эхлэл”. Бидний туйлын хүсэл бол хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны орчин бүрдсэн, эрүүл, зөв орчинд ажиллахыг хүсч байгаа. Нөгөө талаасаа бид эвлэлдэн нэгдэж Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийнхөө барилгыг засч сайжруулахад бэлэн байна.

Учир нь бид үндэсний бичил баялаг бүтээгчид. Энэ уламжлал хэзээ ч тасрахгүй. Тийм учраас сайн сайхан орчинд ажиллаж амьдрахыг хүсэлгүй яах вэ. Харамсалтай нь түрээслэгчдийн энэ хүслийг бодлогоор боомилж байна. Цаашид эрх баригчдад хандаж хэлэхэд та бүгд энэ зүй бус, харалган ёсзүй, хууль бус, үндэслэл муутай шийдвэрээ зүтгүүлээд хүчиндээд нураана гэж бодож байвал, үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдвол бидний олон зуун хүний эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч, Тань-мэний талбайд Хятадын эрх баригчид оюутнуудаа хядаж байсан шиг та бүгд биднийг Урт цагааны барилгатай нь цуг тэгшилж байж санаархлаа гүйцээгээрэй. Бид бүхэн өөрсдийнхөө ажлын байрны төлөө тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгон, хэзээ ч ухрахгүйгээр, урвахгүйгээр, шарвахгүйгээ, айхгүйгээр тэмцэх болно. Та нар нэг ч ажлын байр бий болгохгүй мөртлөө өөрөө өөрсдийгөө болгоод явж байгаа нь бидний татвар төлөгчдийг, баялаг бүтээгчдийг тараана, устгана, сөнөөнө гэвэл ард түмний итгэл сэтгэл нэгдэж тэмцсэн тэмцэл юунд хүрдгийг харуулна. Нэгэнт Урт цагааныг нураахаар шийдсэн бол та бүгдийн байгуулсан олигархи засаглалыг бид бүгд нураан зогсоож Монголын ард түмний нуруун дээр байгаа ачааг хөнгөлөлцөж, улс төрийн тэмцэл, сонгуулийн зохион байгуулалтад орж та бүгдэд зохих хариуг чинь өгнө.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

​Ардчилал шинэчлэлийн намыг улсын бүртгэлд бүртгэв

Ардчилал шинэчлэлийн нам /АШН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Бямбацэрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцжээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Ардчилал шинэчлэлийн нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Ардчилал шинэчлэлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 36 дахь нам болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Шувууны аж ахуй эрхлэгчид гурван сарын хугацаанд өндөгнийхөө үнийг бууруулна гэж мэдэгдлээ

Шувууны аж ахуй эрхлэгчдийн зүгээс дараах мэдэгдлийг гаргалаа.

Кроновирусын цар тахалтай холбогдуулан бодит бус мэдээлэл нийтэд гарч хүнсний хомсдол үүснэ гэсэн мэдээлэл гарч байна. Үүний улмаас иргэд, хэрэглэгчид хүнс их хэмжээгээр нөөцлөх явдал ажиглагдаж байна.

Шувууны аж ахуй эрхлэгчид бид дараах мэдэгдлийг албан ёсоор гаргаж байна. Үүнд:

  1. Шувууны аж ахуйдын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд зах зээлд хомсдол үүсгэхгүй өндөг нийлүүлэх бүрэн боломжтой.
  2. Өндөгний үнэ зах зээлд нэмэгдэхгүй бөгөөд цаашид хямралын энэ үед өндөгнийхөө үнийг 3 сарын хугацаанд 20 төгрөгөөр бууруулан ажиллахаа мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг 23-наас 27-ны хооронд иргэдийн болон автотээврийн орж, гарах хөдөлгөөнийг зогсооно

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан шинэ төрлийн коронавирус /covid-19 / халдвараас урьдчилаөн сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг хязгаарлаж аймаг, сумын төвөөс гарах, орох, иргэдийн болон тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 23-ний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл түр хугацаагаар зосгоох тухай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01-А/71 дугаар захирамж гарлаа.

УОК-ын тавдугаар хуралдаанаас гарсан шийдвэр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааж, хязгаарлахаар болсон билээ.

21 аймаг, нийслэл хотоос гарч, орох автозамын гол уулзвар, гарц, баталгаат бус замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Нийт 51 цэгт цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийнэ.

Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд, жолооч та бүхэн баталгаагүй зам, замгүй газар, уул хадаар зорчиж өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг зөвлөж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг сэрэмжлүүлье.

Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх төр засгийн шийдвэр гарсан учраас өргөн дэлгэр золголт хийхгүй байх, уул хаданд гарахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ

Жүжигчин Ж.Баясгалан АН-д гишүүнээр элслээ. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ түүнд АН-ын гишүүний батлахыг гардуулсан юм.

АН-ын дарга С.Эрдэнэ: -АН-аас Хөгжлийн бэрхээлтэй иргэдийн талаар баримтлах бодлогыг боловсруулж байгаа. Үүнтэй холбогдуулан энэ чиглэлд хамтарч ажиллахаар шийдсэн гэлээ. Жүжигчин Ж.Баясгалан “АН-аас хөгжлийн бэрхшээлттэй иргэдийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахдаа өдөр бүр тухайн асуудалтай тулгарч байгаа иргэдээс санал авч байгаад баяртай байна. Энэ хуулийн батлагдана хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Амгалан амаржих газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа

Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран шинэ коронавирусний (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаа нь Нийслэлийн Амгалан амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой гарсан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар болон холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг танилцуулж, шинэ коронавирусний сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдал, зохион байгуулалт, хамгаалах хувцсыг зөв өмсөх, тайлах, халдварын үеийн ариутгал, халдваргүйтгэл хийх, мэдээллийг үнэн зөв, шуурхай дамжуулах ур чадварыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Үзүүлэх сургуулалтанд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл болон амаржих газрын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

​Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, шуурна

Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж шуурах төлөвтэй байна.

2020 оны 02 дугаар сарын 22-ноос 02 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байлаар:

  • 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэх тул эрхэм иргэд жолооч та бүхнийг замын хөдөлгөөн хаасан хориглолтын хугацаанд суурингаас гадна гарахгүй байхыг зөвлөж байна‼️

Өнөө шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг Авто тээврийн үндэсний төвөөс онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зудын эрсдэлийн тойм судалгаа хийжээ

Онцгой байдлын ерөнхий газраас ХХААЯ-ны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаарх мэдээлэл, Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээ, мэдээлэлд үндэслэн Монгол Улсын Шадар сайдын 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ган зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу 21 аймгийн зудын эрсдэлийн тойм судалгааг хийлээ. Зудын аюул хүн ам, нийгэм, эдийн засагт учруулах эрсдэлийг тодорхойлохдоо аюул, өртөнги, эмзэг байдал чадавхыг тодорхойлон 21 аймгийн сум тус бүрээр нь үнэлгээг хийсэн байна.

Тойм судалгаагаар Говь-Алтай аймаг 7.01 буюу “өндөр эрсдэлтэй”, Архангай, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Хэнтий, Ховд, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Увс, Орхон, Төв, Сэлэнгэ аймгууд “дунд эрсдэлтэй”, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгууд “бага эрсдэлтэй” гэж үнэлэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баталгаагүй зам, уул хадаар зорчиж гэр бүлдээ эрсдэл учруулахгүй байхыг анхаарууллаа

Image result for хөдөөний цастай  зам

Цагаан сараар цагдаагийн байгууллага хэрхэн ажиллах талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга П.Эрдэнэбат, “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, Засгийн газрын шийдвэр гарч, цагдаа дотоодын цэргийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааж, хязгаарлана. 51 цэгт цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийнэ. Зам хаах шийдвэртэй холбоотойгоор иргэд та бүхэн баталгаагүй зам, замгүй газар, уул хадаар зорчиж гэр бүлдээ эрсдэл учруулахгүй байхыг зөвлөж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг сэрэмжлүүлье. Өргөн дэлгэр золголт хийхгүй байх, уул хаданд гарахгүй байхыг анхааруулж байна” гэв.