Categories
мэдээ нийгэм

Нус, шүлс, хогоо хаясан бол бичлэгээр баримтжуулна

Image result for хотын гудамж

Нийтийн эзэмшлийн талбайд нус, цэр, шүлсээ хаясан зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулах захирамжийн дагуу мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцож байгаа. Цагдаагийн байгууллагаас нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлс, хогоо хаясан иргэний бичлэгийг гар утсаараа хийн баримтжуулахыг олон нийтэд уриаллаа. Хэрэв зөрчил гаргасан иргэний бичлэгийг цагдаагийн албан ёсны пэйж хуудсаар илгээсэн тохиолдолд гомдлын дагуу хариуцлага тооцох юм байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасны дагуу цагдаагийн байгууллагаас иргэдэд хариуцлага тооцох бөгөөд, Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу зөрчил гаргасан иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хүртэл мөнгөн дүнгээр торгоно.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллана

Сар шинийн өдрүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу томилогдсон ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүд /2020.02.21/-ний өдрийн 18:00 цагаас /2020.02.27/-ны өдрийн 09:00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллаж, шуурхай мэдээллийг хүлээн авна.

Дээрх өдрүүдэд шуурхай мэдээллийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 7777-1965, Шуурхай штабын 83120466 дугаарын утсанд болон нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой.

Мөн дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд нийслэлийн агентлаг, газруудын болон дүүргийн нийт 700 гаруй албан хаагч ажиллаж байна.

Эргүүлээр ажиллах албан хаагчид нь бүсчилсэн хуваарийн дагуу хотын гудамж талбайд, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газрууд, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч байна.

Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цас болон орчны 50 м газраа цэвэрлэх үүрэг даалгаврыг давхар өгч байна.

Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалан, бусдыг хүндэтгэн амны хаалтаа хэрэглэж байгаа иргэд, эргүүлүүдийн тавьсан шаардлагыг эерэгээр хүлээн авч буй байгууллага, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье!

“Эргүүл” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Автозамын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр маргаашнаас хэрэгжинэ

Image result for Замын Постууд

Өнгөрсөн пүрэв гаригт Улсын онцгой комиссын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-27-н хүртэл зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, “13 аймгийн Онцгой комиссын даргаас ирсэн саналыг үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна” гэсэн. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байх сэрэмжлүүлэг бий. Иргэд батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхын анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч, иргэдийн анхааралд…

Улсын онцгой комиссын тавдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл /Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарам/-ийн байнгын хяналтын цэгүүдэд хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавина.

Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн алслагдсан хэсэг болох Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361 гарам зэрэг рүү орж гарахад жолооч нарын тэнд оршин суудаг болохыг тодорхойлсон иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаяг, албан байгууллагад ажилладаг болохыг нотолсон ажлын үнэмлэх, ажлын томилолт зэргийг биедээ авч явж, хяналт тавьж буй алба хаагчдад танилцуулж шийдвэрлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Бурхан Халдун, Ононгийн халуун рашааны чиглэлийн хөдөлгөөнийг хоригложээ

Шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт сумын удирдлагууд хуралдаж, Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашааны чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо. Уг шийдвэр өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэл үргэлжлэх аж. Төв аймгийн Мөнгөморьт суманд байрлах Цагаан арал болон Хориудын постод Хэнтийн Өмнөдэлгэр сумаас байгаль хамгаалагчдаар хүч нэмэгдүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ: БНCУ-аас ирсэн 6 оюутнаас коронавирусийн халдвар илрээгүй

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар дэлхийн 29 оронд бүртгэгдээд байна. БНХАУ 31 муждаа хяналт тавьж, арга хэмжээ авч байгаа ч дэлхийн бусад улс оронд эрсдэл үүссээр байгааг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Ялангуяа, бидний хамгийн их зорчиж, холбоотой байдаг Япон, Солонгос улс байна.

Мөн өнөөдөр нэмэгдээд Иран улсад байдал хүндэрч, өвчлөл нэмэгдэж байгаа. Израиль улсад шинэ коронавирус шинээр бүртгэгдэж, батлагдсан мэдээлэлтэй байна.

Ялангуяа, БНСУ-д өчигдөр 156 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр 284 тохиолдол болж албан ёсоор бүртгэгдлээ. Гол бүртгэгдэж байгаа тохиолдол нь дөрвөн хот, зургаан мужид байгаа бөгөөд Дэгү хотод тархалт эрчимтэй байна. Тархалтын уурхайг бид өмнө нь мэдээлж байсан, сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй халдвар тараасан гэж. Гэтэл тэр эмэгтэй Динам гэдэг эмнэлэгт үйлчлүүлсэн байгаа. Тиймээс тэр эмнэлгийн ажилчид, тухайн үед үйлчлүүлсэн хүмүүс өвдөж халдвар тархсан. Тиймээс нэг хүнээс маш олон хүнд халдвар тархах боломжтойг энэ жишээ харуулж байна.

Манай эрдэмтэн судлаачид шинэ коронавирусийн нэг халдвартай хүн цаашаа таван хүнд нэг дор тараах боломжтой гэж үзэж байгаа. Тэр таван хүн цааш тарааж, таван мөчлөгийн хугацаанд буюу таван үе дамжихад нэг хүн 384 хүнд халдвар тараах боломжтой” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр ХӨСҮТ-д БНСУ-аас ирсэн зургаан оюутанг ажиглалтад авч, шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, шинэ кроновирусын халдвар илрээгүй. ДЭМБаас ХӨСҮТ-д нийлүүлэгдэж байгаа 3000 оношлуурийг өнөөдөр хүлээн авна. ХӨСҮТ-д найман хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн шуурхай багийг ээлжийн хуваариар ажиллуулж байна. Мөн 24 цагийн утас ажиллаж байна” гэлээ.

Олон хүний төвлөрөл үүсгэхгүй байх нь урьдчилан сэргийлэх маш чухал алхам гэдгийг олон улсад ч зөвлөж байгаа тул иргэд гэр гэртээ байж, ялангуяа баярын өдрүүдээр айл хэсэхгүй байхыг дахин дахин анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Дашхүүгийн Галбаяр: Аав минь хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжиж хамтдаа зүтгэдэг байсан

Жүжигчин, найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дашхүүгийн Галбаяртай ярилцлаа.


-Багадаа спортоор хичээллэдэг байсан гэсэн, кино урлаг руу хэзээнээс орсон юм бэ?

-Бага байхад найруулагч, жүжигчин болъё гэдэг бодол ерөөсөө байгаагүй л дээ. Спорт хөөгөөд л тамирчин байлаа. Намайг 13 настай байхад анх сэдэл өгөх нэг явдал болсон нь Нямгаваа найруулагч Дарамын Батбаяр гуайн зохиолоор “Цахилж яваа гөрөөс” гэдэг кино хийгээд түүний дүрийг сонгон шалгаруулах ажил явагдсан юм. Аав минь “Миний хүү очоод нэг проб өгчих” гэхээр нь пробонд ороод тэнцсэн. Тэгж анх “Цахилж яваа гөрөөс” киноны гол дүрд тоглохоор болоод Өлзийхүү эгчийн хүүгийн дүрд тоглосон. Тэндээс анх кино гэж юу вэ, зураг авалт гэж ямар юм байдаг, кино урлаг ямар амттай зүйл гэдгийг мэдэрсэн. Киноны нээлт болоход арван жилийн ангийнхан маань бөөнөөрөө үзэцгээгээд, бэлэг өгөөд л маш гоё мэдрэмжийг авч түүнээс л анх кино урлагт орох сэдэл үүссэн гэж боддог юм.

-Спортоо хөөгөөд явсан бол одоо ямархуу байх байсан бол. Төсөөлж байв уу?

-Спортоороо хорин нас хүртлээ явсан. 12 настайгаасаа найман жил хичээллэж, тэр хугацаанд үзүүлсэн амжилт минь багагүй л дээ. Одоо гэрт минь 26 медаль байдаг юм. Түүний 23 нь алт, хоёр нь мөнгө, нэг хүрэл медаль бий. Тэгэхээр тэр үедээ үзүүлж байсан амжилт минь багагүй шүү. Хорин нас хүрээд мэргэжлээ сонгох шаардлага тулгарсан. Яг спортоороо дагнаад явах уу гэдэг асуулттай тулсан. Түүн дээр аав минь зөвлөсөн л дөө. “Чи спорт хөөж байна. Тэр дундаа тулааны спорт. Тулааны спорт гэдэг залуу насны л ажил. Тэгэхээр миний хүү сайн бодоод үзэхгүй юу. Аав нь чамд заавал ингэ тэг гэж нөлөөлөхгүй. Тулгаад байхгүй. Чи өөрөө сайн бод. Магадгүй чи зодооны спортоор явж байгаад бэртэж гэмтвэл яахуу. Тэгээд л чиний ирээдүй карьер чинь дасгалжуулагч л болох сонголт үлдэнэ. Тэгэхээр чи өөрөөр амьдралаа яаж харж болох вэ гэдгийг сайн бодохгүй юу” гэж хэлсэн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрөөд байж байтал аав нэг өдөр “Соёл урлагийн их сургууль руу очоод Лхасүрэн ахтайгаа уулзаадах” гэлээ. Лхасүрэн ах гэж “Гарын таван хуруу” киноны Шагдар л даа. Тэгээд Лхасүрэн ах руу намайг явууллаа. Соёл урлагийн их сургуулийн үүдээр ороод л миний байх ёстой газар шиг санагдсан. Ихэнх хүмүүс “Соёл урлагийн их сургууль руу орохоор галзуугийн эмнэлэгт орсон юм шиг сангаддаг” гэдэг. Надад бол тэгж санагдаагүй. Миний байх ёстой орчин шиг л санагдсан. Тэгээд л би Лхасүрэн ахтай уулзаад л тэр газраас гармааргүй санагдсан. Соёл урлагийн их сургуульд яаж ийж байгаад заавал орно гэдэг зорилт тавьсан. Зорьсондоо ч хүрсэн. Түүнээс хойш ний нуугүй үнэнийг хэлэхэд эргээд таэквондогийнхоо заал руу очоогүй.

-Таны аав хүүхдүүдийнхээ хүсэл зорилгыг дэмждэг, тулган шаарддаггүй хүн байж дээ?

-Тэгэлгүй яахав. Аав минь хүүхдүүдийнхээ хүсэл зорилго тэмүүллийг их дэмждэг байсан. Намайг таэквондогийн тамирчин байхад аав минь “Миний хүү амжилт гаргаасай, миний хүү ялна” гэж их дэмждэг байлаа. 1990-ээд оны хэцүү цаг үед театр нь уран бүтээл хийхгүй зогсонги байдалд орчихсон, уран бүтээлчдийн амьдрал маш хүнд хэцүү байх цаг үед би таэквондогийн тамирчин байсан юм. Ийш тийшээ тэмцээн уралдаанд явна. 1997 онд Хонконгод зохиогдсон ДАШТ-д есөн тамирчин явах байснаас ганцхан миний зардал байхгүй. Маргааш өглөө нь вагоноор явна гэхэд би явж чадахгүй нь гээд гоншигноод уйлаад байж байхад шөнө нь хүн амьтан руу залгаж зээлэхээс нь зээлээд гуйхаас нь гуйгаад зардал мөнгийг нь олж өгөөд өглөө нь би билетнийхээ мөнгийг барьчихсан вагоны буудал дээр зогсож байсан үе ч бий. Тэр бүхнээс харахад аав минь хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжиж хамтдаа зүтгэдэг байсан.

-Хүүхэд насны дурсамжид үлдсэн аав тань ямар хүн байв. Аав хүнийхээ хувьд ямаршуу зан чанартай хүн бэ?

-Аав минь ард түмэндээ бол инээдмийн жүжигчин. Элдэв зургийн эзэн, Хэцүү даалгаврын бүтэлгүй инженер нөхрөөр л төсөөлөгддөг байх. Намайг бага байхад ч гэсэн хүмүүс асуудаг л байсан. “Аав чинь гэртээ жүжиглэдэг үү” гэж. Ер нь л хошин урлагийн жүжигчдийг ихэнхдээ тэгж төсөөлдөг юм шиг байна лээ. Бараг л гэртээ жүжиглээд байж байдаг гэж. Манай аав бол гэртээ маш дуугүй, даруу хүн байсан л даа. Ихэнхдээ ном уншаад сууж байдаг ч юмуу, төлөв байдалтай л байдаг хүн байлаа.

-Таны найруулсан, тоглосон кинонууд ихэнх нь инээдмийн кино байдаг шүү дээ. Аав тань инээдмийн жүжигчин болохоор нөлөөлсөн үү?

-Мэдээж нөлөө байлгүй яахав. Манай орцонд гэхэд л жүжигчин Жанчивдорж гуайнх таван давхарт. Манайх хоёр давхарт. Хүүхэд залуучуудын театрынхан манай байранд байдаг байлаа. Хүүхэд залуучуудын театр гэхээр хошин урлагийн мастерууд бүгд л байсан. Одончимэг эгч, Туяа эгч, Батзаяа ах гээд. Сүүлийн үеийн жүжигчид гэхэд Хүрэлхүү ах гэх мэт олон хошин урлагийн жүжигчид дунд миний бага нас өнгөрсөн. Миний хүүхэд нас Хүүхэд залуучуудын театрын ард гүйж өнгөрсөн. Тэр тайзны ард л тоглож өссөн. Тийм болохоор өссөн орчин инээдмийн урлагт дурлах шалтгаан болсон байх. Тиймээс миний кинонууд ихэвчлэн инээдмийн кинонууд байдаг. Одоогоор арван кино хийснээс нэг нь сэтгэхүйн драм. Нэг нь нийгмийн драм хэлбэрийн кино. “Миний нууц”, “ТҮЦ-ний охид”-оос бусад нь инээдмийн кино. Гэхдээ би өөрийгөө инээдмийн киногоор хайрцаглаад байхыг бодохгүй. Цаашдаа төлөвлөсөн өөр төрөл жанрын кинонууд бий.

-Сүүлийн үед таны “Киносутра” кино үзэгчдийн дунд их яригдаж байна. Анх энэ киног хийх санаа хэзээ төрсөн бэ?

-Киносутра нэг жижигхэн зүйлээс ихтэй л дээ. Миний туслахаар ажиллаж байсан Пүрэвням гэж залуу байдаг юм. Пүрэвням СУИС төгссөн. Тэр “Манай ангийнхан жижиг жижиг контент хийгээд сошиалд оруулаад байх юм. Дүү нь бас нэг юм хийх гэсэн юм. Юу хийвэл болох вэ” гэхээр нь би бодож байгаад “Ах нь зүгээр чамайг загнана. Тэгээд хүмүүс чамайг өрөвдөнө. Хоёулаа найруулагч туслах хоёроор бичлэгүүд хийгээд цацъя” гэсэн. Тэгсэн эхэндээ Пүрэвням гайхаад, эхнийхээ бичлэгийг хийгээд цацсан. Нэг их удалгүй 300 мянга, 400 мянган хүн үзчихсэн байсан. Хандалт нь их өндөр байсан. Түүнийг үзсэн хүмүүс намайг нэг хэсэг загнасан л даа. “Жаахан хүүхэд загналаа. Чи өөрөө хийгээч” гээд л. Ойлгоогүй хүмүүс эхэндээ тэгсэн. Тэгээд л Оранжи энтертайнменттэй хамтраад контент хийх болсон. Зургаан залуугийн адал явдалтай кино хийнэ гээд бид туршилтын дугаараа хийгээд цацаж үзсэн юм. Туршилтын дугаараа хийтэл контент минь цаашаа явахгүй, хөврөхгүй ч юм шиг санагдаад, найман ангит зохиол бичиж дуусаад цаашаа хөврөх юм хийе гээд больсон. Тэгтэл Оранжи энтертайнментийн захирал “Чиний хийсэн туслахаа загнаад байсан бичлэгийг үргэлжлүүлээд найруулагчийн амьдралаар хийвэл яасан юм бэ” гэдэг санал гаргаж, түүнийг нь би дэмжсэн юм.

-“Гэр дүүрэн охид” гэж дөрвөн охинтой ганц бие аавын тухай өгүүлэх кинонд гол дүрийг бүтээсэн шүү дээ. Энэ киноны гол дүрийг бүтээх болсон тухайгаа яриач?

-Аливаа уран бүтээлч хүн ямарваа нэгэн уран бүтээл хийхэд сонголт хийх шаардлагатай болдог. Ямар дүрд тоглох уу, юу хийвэл зүгээр вэ гээд. Юм болгонд оролцоод, ороод яваад байхыг би хүсдэггүй л дээ. Тухайн контент ямар зохиолтой юм. Ямар баг ажиллаж байгаа юм. Цаашдаа хэрхэн хөврөх юм гэдэг талаас нь нэлээд хардаг л даа. NTV телевизээс над руу залгаад “Хорин ангит кино байгаа. Гол дүрийг санал болгож байна” гэсэн. Би эхлээд зохиолоо уншъя гэсэн. Зохиолоо уншиж дуусаад л шийдвэрээ гаргачихсан. Би тоглох ёстой юм байна. Контентод оролцох ёстой юм байна гээд л дуун дээр нь шууд хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл тэр бол олон охинтой аав. Дээрээс нь маш сонирхолтой. Хүүхдүүдтэй оролцож байгаа учраас зохиол надад маш их таалагдсан. Тэгээд л шууд зөвшөөрч тоглосон юм.

-Одоо ажиллаж байгаа шинэ кино, контент бий юү. Энэ жилийн төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Одоохондоо бид нэг томоохон төсөл дээр ажиллаж байгаа. 2019 оноос хойш түүхэн том уран бүтээл хийх гээд арван ангит зохиол бичээд дуусгачихсан. Энэ жил бүх ажлууд хийгдэнэ гэж төлөвлөсөн. Хэрвээ продюсер компаниудын боломж бололцоо бүрдэх юм бол зураг авалт зун найман сараас эхэлнэ. Одоохондоо жаахан нууцлах маягтай байгаа юм.

-Найруулаад өөрөө гол дүрд нь тоглоно гэдэг маш их ур чадвар, хүч энерги шаарддаг байх даа?

-Яг үнэндээ маш түвэгтэй ажил. Сайн хоёрдугаар найруулагч байж хажуу талаас нь хэлж, тусалж, зөвлөж байхгүй бол найруулагч өөрөө тэр усан онгоцыг залж байгаа ахмад нь шүү дээ. Өөрөө өөртөө шийд гаргаад, өөрөө өөртөө бүх зүйлээ хийгээд явна гэсэн үг л дээ. Миний хувьд өөр дээрээ нэлээд ачаалал үүсгэж, өөрийгөө нэлээд шавхъя, залуу хүн учраас өөрийгөө олон талаас нь шавхаж үзүүлье гэдэг үүднээс найруулангаа гол дүрд нь тоглосон хоёр уран бүтээл бий. Нэг нь “Шуугиан таригч”, нөгөө нь Киносутра.

-Та анх 13 настайдаа кинонд гол дүр бүтээжээ. Одоо өөрөө найруулж, өөрөө тоглодог боллоо. Энэ хугацаанд үзэгчдийн боловсрол хэр дээшилсэн байна. Үзэгчдийн аливаа уран бүтээлд хандах хандлага хэр өөрчлөгдсөн бэ?

-Кино бүтээлээр үзэгчдийн боловсрол дүгнэгдэхгүй байх аа. Бид бүхэн киног яах гэж үздэг билээ. Тэр гоё кино байна. Энэ гоё кино болж үзье гэдэг. Ам дамжиж үзэцгээдэг. Магадгүй чөлөөт цагаараа гоё кино үзчихье гээд үзэцгээдэг. Түүнээс ухаарал авъя гэж боддоггүй байх. Өнөөдөр театр орж нэг кино үзээд ухаарал авъя гэж кино үздэг үзэгч байхгүй байх. Магадгүй дуу дүрсний гайхамшгийг мэдрэхээр Марвел, Диснейн гоё гоё дүрслэл график дизайныг үзэж хоёр цагийн хугацаанд кайф авахаар л үздэг. Өнөөдөр бол манай үзэгчдийн түвшин маш өндөр ахисан. Холливуд, солонгос кинонуудыг байнга үзэж байна. Дээрээс нь түгээлтийн флатформууд маш их болчихсон. Жишээ нь, заавал театрт очилгүй IP TV-гээр үзэж байна. Look tv, скай медиа гээд янз бүрийн эх сурвалжаар үзэж байна. Тэр бүү хэл өнөөдөр хүн өөрийнхөө энтертайнмент хэрэгцээг хангахаар тик ток хийгээд өөрийгөө хараад баясаж байгаа юм. Заавал намайг театрт очиж үзээд баясаад байх шаардлага байхгүй. Ийм хурдацтай хөгжиж байгаа нийгмийн үе дээр бол миний бодлоор уран бүтээлчид илүү хичээх хэрэгтэй. Тэгэхгүй хуучнаа яриад хийгээд байвал хэн ч сонирхохгүй. Өмнөх далан жил гэдэг том систем. Улсаараа авч явж байсан урлаг байхгүй юу. Улс нь өөрөө киногоо продюсерлаад авч явж байсан. Яг өөрсдөө хар толгойгоо даагаад кино хийж байгаа нь 30 жилийн л түүхтэй. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл. Бид бол залуу байхгүй юу. Яг үнэндээ 1990 онд кино урлагийн боловсон хүчин, киноны бүх зүйлүүд тасраад Монголкино үйлдвэр хувьчлагдаад байхгүй болчихсон. Тэгээд л хувь уран бүтээлчдийн нуруун дээр авчирчихсан. Бид бол алдаж оноод л явж байгаа. Биднийг алдаж оноод явж байхад үзэгчид маань биднээс хамаагүй түрүүлээд явчихсан байхгүй юу. Кино үзэгчдийн боловсрол Монголын кино урлагийнхнаас хамаагүй түрүүлээд явчихсан.


Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн сэжигтэй олон газраар явсан гэх Баян-Өлгийн иргэн Х.Ганболдын аав Ө.Харилбай: Хүү маань Хятадаас ирэх ёстой маршрутаараа л явж ирсэн

Коронавирусийн сэжигтэй тохиолдол манай улсад нэлээд олон аймагт бүртгэгдсэн билээ. Тэдгээрийн олонх нь коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдоод байна. Тэгвэл аймгууд дотроос Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын эзэнтэй холбоотой мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтийн дунд ихээхэн дуулиан болов. “Баян-Өлгий аймгийн уугуул Г гэх залуу Эрээн-Бээжин-Замын-Үүд-Улаанбаатар-Булган-Ховд-Баян-Өлгий гэсэн маршруттай явж ирээд халуурч, ханиалган тусгаарлагдсан”, “Зориудаар маш олон газарт явж хүмүүст халдвар тараасан байж болзошгүй”, “Эрсдэлтэй газруудаар явснаа нуусан, зугтаасан” зэрэг мэдээлэл гарсан. Түүнийг олон нийтийн сүлжээнд Монголын “Марко поло” хэмээн нэрийдээд амжив. Шинжилгээгээр Г нь коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон хэдий ч үргэлжлүүлэн 72 цагийн карентинд байгаа аж. Г-ийн аав Ө.Харилбайтай ярилцлаа.


-БНХАУ-д шинэ төрлийн халдварт өвчин дэгдэж, улс орон бүр онцгой нөхцөл байдалтай байна. Хүү тань өвчний голомтоос ирэхдээ маш олон газраар дамжсан, түүнийгээ эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй гэсэн мэдээллүүд гараад байна. Болсон явдлыг тодруулахгүй юу?

-Юуны өмнө бодит мэдээллийг эрэлхийлж бидэнтэй холбогдсон танай сонины хамт олонд баярлалаа. Би Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын албыг хашдаг хүн. Хүүг маань Ганболд гэдэг. Оюутан. Одоогоор нэг жилийн чөлөөтэй байгаа. Хүү маань 2019 оны арванхоёрдугаар сарын 14-нд хэсэг найзуудынхаа хамтаар БНХАУ-д хэл сурахаар явсан юм. Тэр газар нь Ухань хотоос хол байдаг. Нэгдүгээр 10-нд тэр газраасаа Эрээнд ирээд тамгаа даруулаад буцсан. Тухайн үед бол БНХАУ-д коронавирусийн халдвар гараагүй байсан үе. Ингээд нэгдүгээр сарын 24-нд БНХАУ-д өвчин гарлаа гэж олон улсад зарласан. Тиймээс хүү маань найз нөхөдтэйгөө Монгол руу буцахаар болсон. Хоёрдугаар сарын 2-нд Эрээн хотод автобусаар ирсэн байгаа юм. Тэгэхэд Эрээн хотын холбогдох албаны хүмүүс нь “Та нарыг хилээр гаргах боломжгүй. Хууль журам гарсан байгаа. Бээжин хотод очиж олон улсын галт тэргээр ирээрэй” гээд явуулсан байна. Түүнийх нь дагуу хүү маань найз нөхөдтэйгөө хамт Бээжин хотод очоод орон нутгийн галт тэргэнд сууж Эрээнд хоёрдугаар сарын 5-нд ирсэн байдаг. Мэдээж Бээжин, Эрээн аль, алинд нь очиход монголчуудын халууныг хэмжиж, биеийн байдлыг нь тандаж, ариутгал хийсэн байдаг.

-Эрээний талаас тавьсан шаардлагыг л биелүүлж нааш, цааш явсан байна шүү дээ?

-Тийм ээ. Ингээд Эрээнээс Замын-Үүдээр нэвтэрсэн. Тэндээсээ Улаанбаатар ирж хоёр хоносон. Залуу хүүхэд хойно найз нөхөдтэйгөө уулзсан байгаа юм. Түүнийг нь бид буруутгах аргагүй шүү дээ. Ингээд 8-ндаа Улаанбаатар-Ховд аймгийн хот хоорондын автобусанд суугаад Ховдод ирсэн. Замдаа мэдээж зорчигчидтойгоо хамт хооллосон байж таарна шүү дээ. Ховд аймагт 9-ний орой ирсэн учраас дахиад хоноглох хэрэгтэй болсон гэсэн. Хоёрдугаар сарын 11-нд жижиг машинд суугаад гэртээ ирсэн хүүхэд.

-Сэжигтэй байдал хэзээ илэрсэн бэ. Хүүг тань ханиалгаж, халуурч байсан учраас тусгаарласан гэж албаныхан мэдээлсэн?

-Жаахан халуурч байснаас өөр зүйл байгаагүй. Гэртээ ирэнгүүтээ усанд орсон. Хоол, цай ч сайн идэж чадаагүй байхад би эмнэлэг аваад явсан юм. Тэр үед орой 20:00 цаг болж байсан байх. Үнэндээ би л хүүгээ тийм байдалд оруулсан хүн. Би өөрөө төрийн албан хаагч учир энэ айхавтар өвчний талаар мэдээлэл тогтмол авч байгаа. Гадна, дотноос ирсэн хүмүүс нутаг орондоо үзүүлэх ёстой гэхээр нь хүүгээ ирэнгүүт цай хоол ч сайн өгөхгүйгээр эмнэлэгт аваад очсон. Эмнэлэгт очоод эмчтэй нь энэ тухай маш нухацтай ярилцсан. Тэр үед хүү маань ч эмчид “Эрээнээс Бээжинд очоод галт тэргээр ирсэн. Олон газраар урт замд явсан учраас толгой жаахан өвдөж байна. Мөн олон хоног мах идээгүй болохоор Эрээнд ирэхдээ мах идсэн” гэдгээ хэлсэн. Тухайн үед эмч болон миний гаргасан алдаа бол хүүгээ яг хаагуур, хаагуур явсан гэдгийг нарийн сайн асууж тодруулаагүй л явдал юм билээ. Бид энэ айхавтар өвчний талаар л яриад өнгөрсөн. Ингээд би хүүгээ эмнэлэгт орхиод 21:00 цагийн үед хоол авч ирэхээр гэр лүүгээ явсан юм. Гэртээ иртэл хамаатан садан, найз нөхөд, ажлын хүмүүс утсаар яриад “Танай хүүгээс коронавирус илэрсэн хэрэг үү” гээд л сүйд болсон. Хүүхдүүд хүртэл “Аав аа, интернэтэд ийм мэдээлэл гарчихаж” гээд үзүүлсэн. Хартал “Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ”, “Ганболд гэх нөхөр ямар ч хяналтгүй олон газраар явсан байна” гэсэн утгатай хүүгийн маань нэр устайг нь зарлачихсан мэдээлэл гарчихсан байсан. Бид маш их шоконд орсон.

-Хүү тань хаагуур яаж явснаа нарийн сайн тайлбарлаагүй, зугтаасан. Өөр олон хүмүүсээс асууж сураглаж байж хаагуур явсныг мэдсэн гэсэн шүү дээ?

-Урт замд яваад ядарч ирсэн хүнийг хэл амгүйгээр шууд аваачаад хорьчихоор хүү маань битгий хэл би шоконд орсон. Тэгээд л нарийн тодорхой зүйл асуухад хэлээгүй юм билээ. Уг нь бол анх эмчдээ өөрийнхөө талаар тайлбарласан шүү дээ. Зугтаасан зүйл байхгүй. Хүнийг сэтгэл санааны дарамтад тэгж шууд оруулж болохгүй. Дэргэд нь би байсан. Надаас хэрэгтэй мэдээллүүдээ эмч нар асууж болох байсан. Тэгээгүй. Ингээд хүүг маань 72 цаг тусгаарлаж, манай гэрийнхнийг ч гэрийн хорионд оруулахаар болсон. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд маш их цочирдмоор мэдээллүүд гарч байсан. Түүнд л их харамсаж байна.

-Хүү тань юу гэж байх юм. Уулзсан уу?

-Хүүтэйгээ нэг удаа ярьсан. Надад уурласан. “Та яаж байгаа юм бэ. Би өөрийнхөө биеийг мэднэ. Тэр өвчний талаар ч мэдэж байгаа. Халуун газарт явж байгаад Монголд, хүйтэн газарт ирэхээр халуун, хүйтэн харшиж бие эвгүйрхэж байгаа. Гэтэл та намайг Монгол даяар, нутаг орон, найз нөхдийн дунд эвгүй байдалд оруулчихлаа” гээд уурласан. Би өөдөөс нь “За яах вэ, эрүүл байвал болно. Тайван бай” гэсэн дээ.

-Коронавирус илрээгүй болох нь батлагдчихлаа. Хүү тань гэртээ гарсан уу?

-Гараагүй байна. “Коронавирусийн тохиолдол биш байна, та тайван бай. Хүү тань ч гомдож уурлаж байгаа байх. Гэхдээ Улсын онцгой комиссын журмаар дахин 72 цаг хянах хэрэгтэй” байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдэгдсэн. Тэр хугацаа нь ирэх даваа /өнөөдөр/ гаригт дуусна. Гэрийн хорио бол өчигдөр /өнгөрсөн баасан гаригт/ тавигдсан. Энэ үйл явдал манай гэр бүлийн хувьд маш хүнд туслаа. Эмнэлэгт хүн яваад очиход хамгийн түрүүнд анхны тусламж үзүүлдэг. Гэтэл хүүг маань тусгаарлаад 30 цаг өнгөрөхөд ямар ч арга хэмжээ аваагүй. 30 цагийн дараа л эмч нар яаралтай хуралдаж арга хэмжээ авч эхэлсэн. Бид очиж асууж тодруулж байж сая нэг эмч нар анхаарал тавьж, эмчилгээ хийж хэлсэн байгаа юм. Хэрэв өөр суурь өвчтэй хүн байсан бол ийм урт хугацаанд бие нь яаж ч муудах эрсдэлтэй байсан.

-Танай нутагт коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ хэр авагдаж байна вэ?

-Хүүг маань анх эмнэлгийн хүлээн авахын нэг өрөөнд тусгаарласан. Түүнээс биш яг энэ өвчний сэжигтэй үед тусгаарлах тусгай өрөө бэлдээгүй байсан. Ингээд бодохоор маш хангалтгүй нь харагдаж байгаа болов уу. Ганц хүүгийн маань асуудал биш, өөр ямар ч төрлийн халдварт өвчин дэгдэхэд тусгаарлах өрөө тасалгаа, эмчилгээ бэлэн байх ёстой. Гэтэл хүүг маань зориулалтын бус газарт тусгаарлаж, 72 цаг өнгөрч байхад сая нэг тусгаарлах өрөө засч янзалж байсан. Буруу ташаа мэдээлэл богино хугацаанд цацдаг хүмүүс өөрсдөө ямар ч бэлтгэлгүй байсан нь их эмзэглэмээр зүйл.

-Олон нийтийн сүлжээнд хүүгийн тань талаар янз бүрийн мэдээлэл гарч байсан. Та уншсан уу?

-Харалгүй яах вэ. Маш хүнд тусахаар мэдээллүүд байна лээ. Миний хүүхэд зориуд тэр хотод очоод вирус аваад Монголоор нэг тараасан утгатай мэдээлэл дийлэнх байсан. Ах дүү, нутаг орны хүмүүст буруу ойлголт өгсөн мэдээлэл маш их байсан. Үнэнийг мэдэж байгаа тулдаа бид тайван байна. Өөр хүмүүс бол амиа хорлож ч мэдэхээр мэдээллүүд байсан. Хамт яваад үзсэн юм шиг л бичсэн байна лээ. Албаны хүмүүс ч тэр, маш хариуцлагагүй хандсан. Ард түмний сэтгэл санааг үймүүлэх, буруу ташаа ойлголт өгөх мэдээллийг цацах ёсгүй. Ховд аймгийн Засаг дарга гэхэд энэ талаар мэдээлэл олон нийтэд өгөхдөө “Ховд аймгийн “Цамбагарав” зочид буудалд Баян-Өлгий аймгийн монгол нэртэй Ганболд гэх казах залуу хоёр хоноод явсан. Буудалд хөл хорио тогтоогоод байна” гэж ярьж байсан. Тэр хүн уг нь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга хүн. Хүнийг нэр төр, алдар хүнд, яс үндсээр ялгаварлахыг Үндсэн хуулиар хориглодог. Ядаж хүүгийн маань нэрийг нь бүтэн хэлэхгүйгээр мэдээлэл өгч болно оо доо.

Би хүүхдээ өмөөрч төр засаг, ард түмнийг муулах гэсэндээ биш. Ганц манай хүү Монгол даяар сэжигтэй илэрсэн хэрэг биш. Олон аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байна. Дээр нь БНХАУ-аас Монголд 430 хүн өвчин гарснаас хойш орж ирсэн гэж байна. Яагаад тэр хүмүүсийг шалгаж шинжилгээ авч тогтоохгүй байгаа хэрнээ ганц миний хүүг ийм байдлаар олон нийт, нутаг оронд, Монгол даяар муухай харагдуулахаар юм хийчихэв. Үүнд л харамсаж байна даа, ах нь. Цаашдаа ийм байдлыг аль аль талдаа анхаараасай. Би хэдийгээр эцэг нь ч гэсэн хүүгээ өмөөрсөн хэрэг биш. Бодит явдлыг л хэллээ.

-Ганболд танай хэд дэх хүүхэд вэ?

-Манай том хүү. Манайх гурван хүүтэй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Монголын ард түмнээс минь энэ айхавтар өвчин холуур өнгөрөөсэй. Өвчний халдвар манайд битгий орж ирээсэй. Монголчууд бид чинь ухаалаг ард түмэн шүү дээ. Энэ дашрамд, Баян-Өлгий аймгийн уидридлагууд, Онцгой комиссын гишүүд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар болон бидэнд дэмжиж тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхтуяа: Би хорт хавдрыг хоёр удаа ялаад л гарсан. Гурав дахиа ч ялна


Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй баатарлаг эмэгтэй Б.Мөнхтуяатай ярилцлаа. Тэрээр “Хорт хавдар нуруу нугасанд үсэрхийлж мэдрэл дарснаас үүдэн ташаанаас доош мэдээгүй болсон” оноштойгоор Солонгос улсад хорт хавдрын эмчилгээнд орох гэж буй юм. Б.Мөнхтуяагийн бичсэн “Шидэт хуудас” номны эхний хэвлэлт нь борлуулагдан дуусч, уншигчдын дунд эрэлтийг бий болгоод байгаа билээ.


-Таны эмчилгээ ямар шатандаа явж байна вэ?

-Солонгост ирээд эхний шатныхаа шинжилгээнүүдийг өгч байна. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт анх удаа эмчтэйгээ уулзсан. Уг нь тэр өдөр эмнэлэгтээ хэвтэх байсан боловч ор сулраагүй. Тиймээс гормоны тариа хийлгээд гэр лүүгээ явсан. Харин лхагва гаригт өглөөнөөс эхэлж гурван шинжилгээ өгөөд эмчлүүлэх тасагтаа хэвтээд байна. Нарийвчлан шинжилсний дараа эмчилгээг маань эхэлнэ гэсэн. Лхагва гаригт эмч надад “Туяаны болон биохимийн эмчилгээ, химийн эмчилгээ, гормоны эмчилгээ, мөн зовиур намсгаж нугас дарсан байгаа хавдрыг барих эмчилгээ хийж, хөдөлгөж мэдээ оруулах гэх мэт эмчилгээг шат дараалалтайгаар хийнэ” хэмээн хэлсэн.

-PET CT гэдэг шинжилгээ өгч байгаа гэсэн. Энэ ямар учиртай шинжилгээ байдаг вэ?

-Энэ шинжилгээ Монголд хийгддэггүй. Хөлийн улаас толгойн үзүүр хүртэл бүтэн биеийг шинжлээд тухайн агшинд хавдрын эс байгаа хэсгийг тогтоодог.

-Таны эмчилгээний зардалд шаардлагатай мөнгөнөөс одоогийн байдлаар хичнээн төгрөг цуглаад байгаа вэ?

-Урьдчилсан байдлаар, шинжилгээ болоод эхний курс эмчилгээний төлбөр нь ойролцоогоор 150-иас 170 сая вон болно байх хэмээн таамаглаж байна. Нэмж ямар эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй байгаа учраас эмнэлгээс урьдчилсан байдлаар хэлсэн дүнгээр нь багцаалж хандив цуглуулж байгаа. Одоогоор Монгол мөнгөөр 100 гаруй сая төгрөг цуглаад байна. Хүмүүсийн сэтгэлийн хандиваас гадна “Шидэт хуудас” ном маань маш сайн борлуулагдаж байгаа. Айл болгон хүүхдэдээ номыг маань авч өгвөл номын цагаан буян ивээж эмчилгээний зардалд минь том нэмэр болно.

-“Шидэт хуудас” номыг бичих сэдэл хэрхэн төрсөн бэ?

-Найзууд болоод дүү нарынхаа хүүхдүүдийг ажиглаж байгаад ихэнхдээ гадаадын баатруудтай ном уншдаг болохыг нь мэдсэн. Тухайн үед Монгол ардын үлгэрийн баатрууд мартагдсан юм уу даа гэх бодол төрсөн л дөө. Хуучин цагийн Монгол ардын үлгэрүүдийг өнөө цагийн хүүхдүүд сонирхохгүй болчихсон мэт санагдсан. Тэгээд л өнөө цагийн хүүхдүүдийн сонирхдог гурван дүрийг бүтээгээд эдгээр дүрүүдээрээ өртөөлөн багачуудыг үлгэрийн ертөнцөөр аялуулж, тэд үлгэрийн баатруудтай хамт шинэ адал явдлуудыг бүтээж байхаар “Шидэт хуудас” номоо баринтагласан. Хүүхдүүд миний номыг уншаад цаашид гарах үйл явдлыг нь өөрөө үргэлжлүүлэн бичих сэдэл төрдөг байхаар төлөвлөсөн л дөө. “Шидэт хуудас” номоороо дэлхийн хэмжээний том контент бүтээх санаа, төлөвлөгөө надад бий. Уг номныхоо дараагийн цувралыг нь бичээд дуусчихсан байгаа. “Шидэт хуудас” номны маань дараагийн цуврал зургадугаар сарын 1-нд уншигчдынхаа гарт очно.

-Хүүхдийн ном бүтээнэ гэдэг хүүхдийг сайн мэдэрдэг хүний л ажил л даа. Хамгийн шударга, үнэн үнэлгээг хүүхэд л өгдөг шүү дээ?

-Тийм шүү. Намайг хүүхэд төрүүлэхээс өмнө дүү нарын маань хүүхдүүд байнга тойрон хүрээлж байдаг байлаа. Надад ер нь л хүүхдүүд их сайн байсан даа. Би өөрөө охинтой, тиймдээ ч хүүхдэд их хайртай. Мөн би хүүхэд сэтгэлгээнээс гарах дургүй. Байнга л хүүхэлдэйн кино үзэж, хүүхдийн ном уншдаг. Багадаа Орос үлгэрийн номнуудыг уншаад “Би яг ийм ном бичнэ” гэж гэрийнхэндээ ярьдаг байсан гэсэн. Нүдээ аниад хэвтэхээрээ янз бүрийн зүйлс төсөөөлж үлгэрийн ертөнцөөр аялдаг. Тэгж аялахдаа өөрөө гол дүрүүдийнх нь нэг болно. Аливаа зүйлийг ургуулан бодоход сэтгэхүйн чадвар болоод төсөөлөн бодох чадвар сайжирдаг.

-Таны номны бяцхан уншигчид эхнээсээ сэтгэгдлээ илгээж байгаа байх аа. Тэд танд ямар үнэлгээг өгч, хэр их урам зоригийг бэлэглэж байгаа вэ?

-Маш олон сэтгэгдлүүд ирж байгаа. Уншигчид маань өөрсдийн зургаа аав ээжээрээ илгээлгэж байна. Тэд “Шидэт хуудас” номыг уншлаа. Дараагийн цувралыг тань тэсэн ядан хүлээж байна. Орой болгон унтахынхаа өмнө “Шидэт хуудас” номон доторх нэг сэдвийг нь уншихаар шөнөжингөө зүүдэлдэг. Гол дүрийн гурван хүүхдийн тус бүрийнх нь цувралыг хүлээж байгаа шүү” гэсэн сэтгэгдлүүдийг ирүүлсэн. Уншигчдаас маань ирсэн эдгээр үгс надад маш их урам өгч байна. Би заавал хөл дээрээ босох ёстой гэсэн итгэлийг надад төрүүлж байгаа.

-Та сэтгэлийн тэнхээгээ юугаар цэнэглэж байна вэ?

-Би сэтгэлийн тэнхээгээ бодлоороо, итгэл найдвараараа, өөрийнхөө охиноор, хүсэл мөрөөдлөөрөө, хайртай хүмүүсээрээ, Монголынхоо ард түмний намайг гэсэн сэтгэлээр, миний төлөө залбирч буй зүрх болгоноор цэнэглэж байна.

-Та аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?

-Надад тохиолдож буй хором бүрээс мэдэрдэг. Хүмүүс маш том өндөрлөгөөс аз жаргалыг хайгаад байдаг. Гэвч бидний алхам тутамд аз жаргал оршдог. Өчүүхэн жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч болно. Өглөө босоод наранд залбирахдаа түүний цацрагаас аз жаргалыг мэдэрдэг. Тэнд агуу их аз жаргал бий. Өглөөнийхөө цайг чанахдаа нөхөр, охин хоёрынхоо инээмсэглэл, надаар бахархсан харцнаас би аз жаргалыг мэдэрдэг. Хүмүүстэй уулзахдаа тэдний хандлага, хэлж буй үгнээс аз жаргалыг мэдэрдэг.

-Таны амьдралын төлөө хийж буй тэмцэл маш олон хүмүүст урам зориг өгч, тэдэнд амьдралын үнэ цэнийг мэдрүүлж байгаа шүү дээ. Та амьдралын үнэ цэнийг хэзээ хамгийн ихээр мэдэрдэг вэ?

-Яг үнэндээ, би амьдралын үнэ цэнийг ямар нэгэн саад бэрхшээлтэй тулгарахдаа л мэдэрдэг. Үхэлтэй ойртоод ирэх үедээ илүү ихээр мэдэрсэн.

-Та эмчилгээгээ дуусахаар юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Эмчилгээ дуусахаар маш олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байгаа. Хамгийн түрүүнд хөл дээрээ босоод онгоцны буудал дээр очиж маш олон хүнийг баярлуулмаар байна. Намайг хүлээж буй хүүхдүүдийн оюун ухааныг нь мялаах, өмнө нь зориулж чадаагүй цаг хугацаагаа охин, нөхөр хоёртоо гаргах, ээждээ очиж үнсүүлэх гэхчлэн зөндөө л зүйлс бодогдож байна.

-“Амьд явбал Улсын наадам үзнэ” хэмээн Их зохиолч Д.Нацагдорж шүлэглэсэн байдаг. Амьдрал гэдэг тэмцэхийн нэр юм даа?

-Тийм шүү. Их зохиолч маань их гоёор хэлсэн байдаг. Ёстой л ирэх жилийнхээ Улсын наадмыг үзнэ дээ. Амьд явахад учир байна, амьд явахад хийх зүйл маш их байна. Амьдрал үнэхээр амттай юм аа.

-Та охинтойгоо хэр их утсаар ярьж байгаа вэ?

-Би хүүхэдтэйгээ өдөрт хоёроос гурван удаа ярьж байгаа. Намайг утасны цаанаас үнсээд л, тэврээд л хөөрхөн шүү дээ миний охин. Охинтойгоо ярихад маш их хүч авч байгаа.

-Хүнд хэцүү үеэ даван туулахад тань юу тулах цэг болдог вэ?

-Итгэл найдвар минь тулах цэг болдог. Харин хүсэл мөрөөдөл минь тэмүүлэл, эрч хүч болдог доо. Хорт хавдрыг хүнд тулгарч болох бэрхшээл гэж үзээд зоригтойгоор нүүр тулах хэрэгтэй санагдсан. Түүнчлэн бууж өгөлгүй, тэмцэх сэтгэл зүйг өөртөө бий болговол илүү хүчирхэгждэг юм шиг. Үнэнтэй нүүр тулснаас хойш гарцыг нь олох хүч бидэнд байгаа гэж итгэх хэрэгтэй. Би хорт хавдрыг хоёр удаа ялаад л гарсан. Гурав дахиа ч ялна.

-Таныг сайн үйлсийн аян олон удаа зохион байгуулж байсан гэсэн. Одоогийн байдлаар сайн үйлсийн ямар ажлуудыг хийгээд байна вэ?

-ХӨСҮТ-д хамаатны маань долоон сартай хүүхэд улаанбурхан тусаад хэвтчихсэн байхад нь очиж эргэсэн юм. ХӨСҮТ дээр очоод улаанбурхнаар олон хүүхэд нас барж байгаа тухай эцэг эхчүүдийнх нь амнаас сонссон. Улсын эмнэлэгт тоног төхөөрөмж болон ариутгалын зүйлсээс эхлээд амьсгалын болон утлагын аппарат, гуурс гэхчлэн маш олон зүйлс дутуу байсан. Тэгээд шаардлагатай зүйлсийг нь шат дараатайгаар авч өгч байсан. “Бидний гар-Бяцхан зүрхэнд” хэмээх аян эхлүүлээд Солонгост анагаах ухааны чиглэлээр сурдаг найзтайгаа тухайн үед танилцаж байлаа. Тэр найз маань Солонгост байгаа монголчуудаас хандив босгож, бид хамтдаа 18 сая төгрөгийн багаж ХӨСҮТ-д авч өгсөн. Мөн хавдартай хүүхдүүдэд шинэ жилээр бэлэг өгч тэднийг баярлуулан, хүсэл мөрөөдлийг нь ярилцаж урам зориг өгсөн ажлуудыг хийж байлаа. Хүүхэд баярлуулах гоё байдаг. Хорт хавдартай хүүхдүүдийг жаахан ч гэсэн баярлуулахад хэсэгхэн хугацаанд ч болов өвчнөө мартдаг байх аа гэж би боддог. Хоёрдугаар сарын 8-нд “Мөөм” эвент хийхээр төлөвлөсөн байсан ч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түр хугацаагаар хойшлогдоод байгаа. Corporate зочид буудлын 350 хүний багтаамжтай танхимд ХӨСҮТ-ийн цээжний хөндийн бүх залуу эмч нар 100 эмэгтэйг хөхний үзлэгт үнэгүй хамруулж, тухайн өдрөө хүмүүсийн өвчнөө ялан дийлсэн түүх яриулах, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөх гэхчлэн үйл ажиллагаанууд бүхий эвент зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хэдийгээр би Монголд байхгүй ч гэсэн “Мөөм” эвент маань явагдана.

Эрхэм уншигч та бүхэн гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяагийн эмчилгээний зардалд сэтгэлийн хандив өгөх бол түүний төрсөн дүү Б.Мөнхчимэгийн 5133099922 тоот данс руу шилжүүлээрэй. Мөн түүний бичсэн “Шидэт хуудас” номыг 88024457, 88018046, 99800668 утас руу залгаж худалдан авах боломжтой. Таны худалдан авсан ном бүрийн үнэ Б.Мөнхтуяагийн эмчилгээний зардалд бүрэн зарцуулагдана.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэсийн эд эрхтэн худалдан борлуулахыг завджээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 19-ний өдөр цоохор ирвэсийн эд эрхтэн худалдан борлуулах гэж байсан этгээдийг илрүүлжээ. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номин” супермаркетын хойд талын автомашины зогсоол дээр иргэн А нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон Цоохор ирвэсийн түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёоны хамт худалдан борлуулах гэж байх үед нь илрүүлсэн байна.