Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяртай ярилцлаа.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлд тавьж буй хяналт шалгалтын тухай тодруулахгүй юу?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурор хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн заалт байдаг. Үүний дагуу Прокурорын байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлийг тодорхой тусгасан байдаг.
Өнөөдрийн байдлаар прокурор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хорих ял эдлүүлэх, хорихоос бусад тэнсэн албадлага, баривчлах саатуулах, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж байна. Өнгөрсөн жил тус хяналтын чиглэлээр олон зорилт тавьж, үр дүнд хүрч ажилласан. Тухайлбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаанд том ахиц гарсан. “Хохирлоо төлөөд гэртээ харья” сэдэвт аяныг хоёр удаа зохион байгууллаа. Ингэснээр аяны хүрээнд нийт 675 сая төгрөгийн хохирол төлүүлэв. Мөн хохирол нөхөн төлүүлэхээс гадна хоригдлуудыг ажлын байраар хангаж хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулсан.
Түүнчлэн, хохирогчийн эрх ашгийг хангах, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажлыг эрчимжүүлж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилтын хүрээнд олон ажил хийлээ. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны торгох ялын биелэлт 30 гаруй хувьтай байсан бол өнгөрсөн жил 90 хувьд хүрсэн. Гуравдугаарт, эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн хуульд заасан эрхүүдийг хангахад прокурорын хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд олон ажил хийсэн. Хэдийгээр эрх нь хязгаарлагдсан ч хуульд заасан тодорхой эрхээ эдлэх, үүрэг хүлээх ёстой.
-Өнгөрсөн жил эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал ихээхэн хөндөгдсөн. Эрүү шүүлт тулгасан асуудлаар хэвлэлийн хурал хийж байсан иргэд ч бий. Энэ нөхцөл байдлын тухайд тодруулахгүй юу?
-Эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал хурцаар тавигдсан. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн удаа шалгалт явууллаа. Шалгалтаар хэрэг хүлээлгэх гэж эрүүдэн шүүсэн гэхээс илүү албан хаагч зүй бус харьцсан, нөхцөлийн эрүү шүүлт үүсгэсэн, цохиж зодсон асуудлууд гарч ирсэн. Гэхдээ энэ асуудал харьцангуй багассан. Хорих ангид тусгай хайрцаг ажиллуулж, мэдээллийг нь прокурор шууд авч, холбогдох газарт нь шилжүүлж шалгуулж байгаа.
Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчих, эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлох зэргээр аливаа хэрэг, зөрчил гаргахгүй байх, энэ чиглэлээр тавих прокурорын хяналтыг сайжруулах үүднээс өнгөрсөн онд Улсын Ерөнхий прокурорын “Эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх тухай” 06 дугаартай албан даалгавар гарсан. Прокурорын байгууллагаас 2020 онд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
-Ял эдлүүлэх ажиллагаанд тавьж буй хяналт шалгалтын тухай тодруулахгүй юу?
-Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын баталсан заавар, журам бий. Энэ заавар журмыг саяхан бас шинэчилсэн байгаа. Өнгөрсөн жил прокурор 6000 гаруй хоригдолд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Мөн цагдан хорих байранд 6600 гаруй хүн хоригдсон. Давхардсан тоогоор хорих ангийн үйл ажиллагаатай 720 удаа танилцаж, 300 гаруй удаа шалгалт хийлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинээр батлагдсанаас хойш хорих ангийн дэглэм зэрэглэл өөрчлөгдсөн. Өмнө нь дөрвөн дэглэмд хувааж байсан бол одоо нээлттэй, хаалттай гэсэн дэглэм болж өөрчлөгдсөн. Түүнчлэн, насанд хүрээгүй хүүхдийн хорих анги гэж байсныг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага нэршилтэй болгосон. Мөн тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст болон саатуулах, цагдан хорих байранд хяналт тавьж байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр маш олон хэрэг шийдэгдэх болсон. Баривчлах байранд өдөрт дунджаар 300 гаруй хүн тогтмол байна. Үүнээс гадна архидан согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх СЭМҮТ зэрэг газарт хяналт тавьж байгаа.
Прокурорын хяналт, шалгалтын үр дүнд Цагдан хорих байрны камерын хяналт, орчин нөхцөл зэрэг бүгд сайжирснаас гадна баривчлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж 400 гаруй хүн хүлээж авах боломжтой болгосон.
-Өнгөрсөн жил иргэний хөдөлгөөний Б.Цэгмид саатуулах байрны нөхцөл маш хүнд, сургалт хүмүүжлийн ажил бараг хийгдэхгүй байгааг шүүмжилж, бөөнөөр хорих лагертай зүйрлэж байсан. Үүнд хяналт шалгалт хийж нөхцөл байдлыг хэрхэн дээшлүүлсэн бэ?
-Баривчлагдсан Б.Цэгмэд гэж хүний ярьсан зүйл үнэний ортой юм. Бид газар дээр нь шалгасан. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэн, цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан ажилтай холбоотойгоор баривчлах байрны даац хэтэрсэн байсан. Үүний дагуу бид холбогдох хүмүүст нь арга хэмжээ тооцуулж, шинээр баривчлах байрууд бий болгосон. Өнөөдрийн байдлаар баривчлах байрны багтаамж хүрэлцээтэй байна. Хоёрдугаарт, баривчлагдсан хүмүүст зориулсан сургалт хүмүүжлийн хоёр танхимтай болгосон.
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хичнээн хүн ял эдэлж байна вэ?
– Одоо 4000 гаруй хоригдол хорих ял эдэлж байна. Цагдан хорих байранд 1400 орчим хүн бий. Хорихоос бусад ялаар 3800, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2500, тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 2500 хүн байна. Ер нь прокурорын хяналт бүх чиглэл рүү хүрэх ёстой. Өнөөдрийн байдлаар хорих ангийн ахуй нөхцөл өмнөхөөс сайжирсан. Мэдээж цагдан хорих, баривчлах байрны асуудал дээр дахиж сайжруулах шаардлага байгаа нь үнэн. Нэн ялангуяа, баривчлах байрны нөхцөл зарим орон нутагт хүндрэлтэй байгаа.
-Ял эдэлж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн хорих байрны нөхцөл, сургалт хүмүүжлийн ажилд онцгойлон анхаарал хандуулдаг уу?
-Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 30 гаруй хүүхэд бий. Эдгээр хүүхэд нийгэмд гараад хөлөө олох ёстой. Тийм учраас гол үйл ажиллагаа нь сургалт хүмүүжлийн ажил руу чиглэж байна. Зарим хүүхэд тэндээс гараад Их, дээд сургуульд суралцаад явах тохиолдол байдаг. Энэ асуудлыг ШШГЕГ-аас зохих дээд шатны байгууллагуудад хандаж, шийдвэрлээд явж байна. Үүнээс гадна хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллага маань Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн ажиллагаа явуулж байдаг. Ер нь эрх нь хязгаарлагдсан хүүхдүүдийг мэргэжил боловсролтой болгож, нийгэмд гараад зөв амьдрах нөхцөлийг хангахад голлон анхаарах шаардлагатай юм.
Эмэгтэйчүүдийн хувьд 200 гаруй хүн хорих ял эдэлж байна. Тэд нээлттэй, хаалттай хориход байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар эмэгтэйчүүдийн хорих ангийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс шинэ байр барьж байна.
-Төрөөд удаагүй эмэгтэйчүүдийг хэрхдэг вэ?
-Нярай хүүхэдтэй хоригдол эхчүүд байгаа. Хүүхдүүд нь хоёр нас хүртэл эхтэйгээ хамт байдаг. Ингэхдээ тусгай байранд байлгана. Эх, үр хамт байх нөхцөлийг бүрдүүлж өгсөн байгаа.
-Хар тамхи хэрэглэсэн хэргээр тэнсэх ял авсан хүмүүс гадуур байх хугацаандаа дахин мансууруулах бодис хэрэглэх явдал түгээмэл байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн. Энэ нөхцөл байдлын тухай тодруулахгүй юу?
-Тийм ээ. Сүүлийн үед анхаарал татаад байгаа нэг асуудал бол тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүс хар тамхи дахин хэрэглэх явдал багагүй гарч байна. Ийм тохиолдолд прокурор хорих ялаар солиулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Давтан ялаар шийтгүүлэх тохиолдол ч их гарч байна. Хорих ял аваагүй, тэнсэж торгосон хүмүүст бид гэнэтийн шалгалт хийж байгаа. Ер нь тэнсээд торгууль аваад гарсан хүмүүс сар бүр бүртгүүлж байх үүрэгтэй. Үүний хажуугаар сорил тавьдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд прокуророос шалгалт хийхэд 81 хүн хамрагдсан. Ингэхэд 20 гаруй хүн дахин мансууруулах бодис хэрэглэсэн байсан. Зөвхөн нэг удаагийн шалгалт хийхэд л ийм байна.
-Ер нь мансууруулах бодис хадгалах, борлуулах, хэрэглэсэн хэргээр ял авч буй иргэд хэрхэн нэмэгдэж байна вэ?
– Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж байгаа хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь харамсалтай. Энэ асуудал нийгэмд тулгамдсан бэрхшээл болсон.
-Мансууруулах бодис хэрэглэсний улмаас тэнсэх ял авсан хүмүүс гадуур байх хугацаандаа эмчилгээнд хамрагддаг уу?
-Архидан согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх талаар хуульд заасан. Гэвч архидан согтуурах донтой хүнийг эмчилж байгаа боловч мансуурах донтой хүмүүсийг эмчлэх боломж муу байна. Гэхдээ прокурорын байгууллагаас эдгээр хүмүүсийг дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх, уг бодисын хор хөнөөлийг таниулах чиглэлээр яриа таниулга хийх, сургалт зохион байгуулах ажлыг хийж байгаа.
-Тэгэхээр мансуурах хорт зуршлаас салахад хувь хүнээс ихээхэн хамаарах нь ээ?
– Мэдээж хувь хүнээс маш их зүйл шалтгаална. Тийм ч учраас дээр өгүүлсэнчлэн сургалтуудыг тогтмол зохион байгуулж, хорт зуршлаас ангижрах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллахад анхаарч байгаа юм.
Г.БАТ