БНСУ-д очсон монгол иргэнээс шинэ коронавирус илэрсэн. Тэгвэл 35 настай иргэн О өнөөдөр нас барсан гэх мэдээлэл тараад байна. Тэрээр энэ сарын 12-нд БНСУ руу элэг шилжүүлэн суулгуулхаар очсон аж. Иргэн О өнөөдөр өглөө нас барсан гэх мэдээллийг Засгийн газраас өгсөн. Гэвч Солонгосын талаас нас барсан гэх мэдээллийг залруулсан бөгөөд ЭМЯ-наас “Нас бараагүй. Гэхдээ биеийн байдал нь маш хүнд байна” гэв.
Month: February 2020
Гараа савандаж сайтар угаах учир нь гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ.
– Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
-Халуун, бүлээн шингэн ихээр уух
– Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хамар, хоолойг зайлах
– Түүхий ус уухгүй байх
– Олон хүн цугларсан газраар явахгүй байх
– Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
– Амны хаалт хэрэглэх
– Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
– Нус цэрээ ил задгай хаяхгүй байх
– Гадуур явахдаа бээлий өмсөх
– Бухимдахгүй тайван байх
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: “БНСУ-д байсан 35 настай монгол иргэнээс коронавирус илэрсэн нь үнэн. Тухайн иргэн элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очсон.
Тэгээд тэнд очсоныхоо дараа шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож. Тухайн иргэн БНСУ-д очсоныхоо дараа халдвар авсан байх өндөр магадлалтай. Түүний эхнэр, эгчийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан тул тусгаарлагдаагүй” гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Хоёрдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман тохиолдлоос коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Солонгосоос ирсэн таван хүн, Орхон аймгаас ирсэн нэг хүн нийт зургаан тохиолдол тусгаарлагдан, ажиглалтад байна. Коронавирусийн халдвар улс орнуудад маш хурдан тархаж байна. Дэлхийн улс орнууд голомтыг хязгаарлахын тулд чармайн ажиллаж байна. Монгол Улсын хувьд коронавирусийн бүртгэгдээгүй, орж ирээгүй гэдгийг дахин сануулъя. Хүн болгон сэрэмжтэй байж улс орноо, гэр бүлээ хамгаалах хэрэгтэй байна. Хэрвээ энэ вирус манай улсад орж ирвэл эдийн засгийн хувьд хүчрэхгүй гэдгийг дахин сануулъя. Нэг хүний алдааг давтахгүй байхыг сануулж байна. Төр засгаас гаргаж буй сэрэмжлүүлгийг чандлан сахих хэрэгтэй байна. Нэг хүнийг тусгаарлахын төлөө 8-9 хүнийг бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, хөрөнгө мөнгө зарцуулагдаж байна.
ДЭМБ-ийн ажилтан О.Ариунтуяа: ДЭМБ-аас одоогоор Covid-19 нь цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байна. БНХАУ-аас гадна хэд хэдэн улсад голомтлон халдварлаж байна. ДЭМБ болзошгүй цар тахлын бэлэн байдлын хангаж, ажиллахыг уриалж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Хоёрдугаар сарын 25, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгаар цас, ялангуяа өнөө шөнө Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.
2020 оны хоёрдугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи их төлөв баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 21-26 градус, нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
2020 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26, 28-нд ихэнх нутгаар, 27, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26, 28-нд хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
2014 онд “Непко” хэвлэлийн газраас “Азгүй суутнууд” хэмээх нэгэн сонирхолтой номыг хэвлэн гаргасан юм. Номын өмнөх үгэнд “Суутнууд болгон алдаршиж, баяжаад байдаггүй. Харин хүмүүст адлагдан ганцаардмал ядуу амьдрал дунд хорвоог орхисон нь цөөнгүй. Зарим шинэ нээлт, гайхалтай уран бүтээлүүд цаг хугацаа орон зайгаа олоогүйгээс эс үнэлэгдэн гээгдэж, ойлгогдолгүй мартагдан нээлт хийгсэд нь биш, ухаалаг өрсөлдөгчид нь тухайн уран бүтээл шинэ санаанаас нь асар их ашиг олсон тохиолдол цөөнгүй байдаг.” гэжээ. Үнэхээр ч тийм. Та бүхэнд сонирхуулж байгаа уг ном бүхэлдээ яг л ийм, хийсэн бүтээсэн, нээсэн нээлтийнхээ үр шимийг хэзээ ч хүртэж чадаагүй, азгүй суутнуудын тухай өгүүлдэг.
Дэлхийн хамгийн алдартай “Сoca Cola” хэмээх хийжүүлсэн ундааг ууж үзээгүй хүн байхгүйтэй адил. Тэгвэл энэ ундааны анхны жорыг эмийн санч Жон Пэмбертон гэгч гарган авсан аж. Гэвч тэрээр мөнгөний гачаалаас болж зохиогчийн эрхээ Аса Гандлер гэгчид 2300 доллараар заржээ. Харин Гандлер нь туйлын ухаалаг байж энэ ундааг дэлхийн брэнд болгож чадсан юм.Пембертон хийсэн, нээж олсон гайхамшигт ундаагаа мандан бадрахыг харж чадаагүй. Хамаг эрхээ зарснаасаа хойш ганцхан жил л амьдарчээ. Сонирхуулахад, хүрэн өнгөтэй байсан Санта Клаусын хувцас чухамдаа кока кола ундааны сурталчилгаанаас болж улаан өнгөтэй болсон байх юм. Бидний өдөр тутмын хэрэгцээ болсон компьютерийн эцэг нь Германы эрдэмтэн Конрад Цүкэ гэгч. Тэрбээр анх 1941 онд релейний техник дээр суурилсан программын удирдлагаар ажиллах чадвартай “Z-3” гэх бүтээлээ танилцуулсан ч түүнд зохиогчийн эрх өгсөнгүй. Ингээд тэрээр хэзээ ч нээлтийнхээ үр шимийг хүртээгүй бөгөөд түүний эзэмших ёстой алдар сууг өөр хүмүүс хүртсэн нь харамсалтай.
Дэлхий нийтийг хэрсэн фэйсбүүк гэх олон нийтийн сүлжээг хамгийн их ашигладаг гэдгээрээ монголчууд тивдээ тэргүүлдэг. Тэгвэл энэ сүлжээний анхны санааг Кэмерон болон Винкдевосс гэх ихэр ах дүүс олсон. Цукербергийг ч ах дүүс анх ажилд авч төсөл дээрээ ажиллуулж байж. Гэтэл мань хүн үндсэн төслөөс нь нууцаар огт өөр зүйлийг хөгжүүлж байсан нь өнөөгийн фэйсбүүк юм. Нэг ёсондоо ажил олгогчдынхоо олон нийтийн интернэт сүлжээ байгуулах санааг сэмхээн гэгч нь луйвардаад авчихсан гэхэд болно. Ихрүүд санааг нь хулгайлсан гэж Цукербергтэй шүүхдэлцэн 65 сая ам.долларыг авахаар тохиролцон, 20 саяыг нь бэлнээр бусдыг хувьцаа хэлбэрээр авчээ. Энэ номыг гарч байх үед тэдний хувьцаа 150 сая орчим ам.долларын үнэлгээтэй байлаа. Азгүй гэхэд азгүй бас нэгэн бүтээлийн эзэд мөн л ах дүүс МакДоналд юм. Тэд өөрсдийн гаргасан “арай л тэнэгдүү” шийдвэрээсээ болж олон удаа амаа барьсан биз. Тэд өөрсдийн бий болгосон түргэн хоолны сүлжээний бүх эрхээ мөн л хамтрагч болох Рей Крокт хоёр сая 700 мянган доллараар зарж орхисон юм. Крок ч тэр маркетингийн тун чадварлаг менежер байж уг түргэн хоолны газрыг дэлхийн брэнд болгож дөнгөсөн билээ.
Хүүхэд багачуудын үзэх дуртай Микки маус гэхээр л хамгийн түрүүнд Уолт Дисней гуай л зурсан гэж буух нь дамжиггүй. Гэвч яг үнэндээ Диснейн зураач Аб Айверкс зурсан байх юм. Гэвч тэрээр Диснейн сүүдэрт үүрд үлдсэн юм. Өнөөгийн ухаалаг гэх төхөөрөмжүүд, компьютер гээд бүгд л ямар нэгэн программын тусламжтай ажилладаг. Тэгвэл хүн төрөлхтний түүхэнд анхны программчлалын хэлийг Ада Лаулес гэгч Британи эмэгтэй зохиосон. 1979 онд шинэ хэлбэрийн программчлалын хэлийг “Ада” хэмээн нэрлэж түүнийг түүхэнд мөнхөлсөн ажгуу. Энэ номноос өөр олон сонирхолтой нээлт, бүтээл хийгсэд хэрхэн яагаад алдрын хуудсанд анхдагч болж үлдээгүй, эсвэл мартагдсан талаар тунчиг арвин түүхийг уншиж болно. Уншиж байгаа хүнээ огтхон ч уйдаахгүй номыг танд санал болгоход таатай байна.
Шаравын Батжаргал Говь-Алтай аймгийн Алтай сумын Дөрөлж хэмээх өтгөн өвөлжөөнд мэндэлсэн. Уулын өндөр, усны тунгалаг, ургамлын сортой нутгийн хүү уран бүтээлээ тавдугаар ангид сурч байхуйдаа “Зүсэр бороо” шүлэг бичсэнээр эхэлсэн. Тэрбээр, “Цасны манан”, “Бидний цоморлин” түүх намтарчилсан роман, “Сүүдэргүй гэгээ” тууж, “Хурдан хээр” өгүүллэг,“Тоглоомууд минь эвлэрцгээ”, “Шоргоолжны үүр, хүүхдийн шүлэг, өгүүллэгийн зэрэг гучин дөрвөн ном бичиж хэвлүүлсэн.
Тэрбээр “Монгол” хэмээх найраглалын номоо бүтээж уншигч түмэндээ хүргэх гэж байна.Энэ ном Монгол эх орны үзэсгэлэнт байгаль, ан амьтан, нүүдэлчин түмний амьдрал хийгээд давтагдшгүй ахуй байдал, язгуур зан заншил зэргийг мэдрэн бичиглэн буулгахыг хичээснээрээ онцлогтой гэж зохиогч өөрөө хэллээ. “Монгол”хэмээх найраглалыг нь монголчууд хаврын тэргүүн сартайгаа золгох гэж буй цаг хугацааны босгонд толилуулъя.
МОНГОЛ
/Найраглал/
Тулганд нь гал бадарч
Тогооноос нь сүүний гэгээ цацарч
Унь тооно нь зүмбэрлэж
Утаа нь тэнгэрт боргилсон
МОНГОЛ…МОНГОЛ
Сүүн дээрээ ус хийж цайгаа чанадаггүй
Саалийн хувингаа хөмөрч орхидоггүй
Аарцны чулуугаа байн, байн сольдоггүй
Аргал хомоолоо тарааж буулгадаггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Сүүн цацлаа тэнгэртээ өргөдөг
Сүргийнхээ захаар тойрч гардаг
Эмээлээ заавал баруун шуундаа өргөдөг
Эрэлээ заавал мухарлаж байж харьдаг
МОНГОЛ, МОНГОЛ…
Гутлын өлмийгөөрөө цэцэг хөнддөггүй
Гишигсэн мөрөө эргэж хараад гутардаггүй
Мориныхоо цулбуур дээгүүр алхаж гардаггүй
Мэндлэхдээ санаа алдаж зовхио буулгадаггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Хүүхдээ араг түшиж төрүүлдэг
Хөдсөн өлгийд тосож өлгийддөг
Уураг сүүл хөхөж торнидог
Ураг удмаа мэдэж өсдөг
МОНГОЛ, МОНГОЛ…
Гурамсан чөдрөө газарт шидэж үлдээдэггүй
Гүүн зэлэн дээгүүрээ алхаж гардаггүй
Уяан дээрээс мордоод тоос босгон давхидаггүй
Уурган дээгүүрээ алхдаггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Хазаар ногтоо тоонолжиж эвхдэг
Хурдан морины хусуураа хадгаар чимдэг
Морио түрүүлэхэд баярлаж уйлдаг
Мичид, марал, долоон бурханд мөргөдөг
МОНГОЛ, МОНГОЛ…
Айлд ороод сөхөрч суудаггүй
Аягандаа цай үлдээж гардаггүй
Багана түшиж зогсдоггүй
Босгон дээр улаараа гишгэдэггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Унага тамгалахдаа найр хийдэг
Уртын дуугаа ард түмнээрээ дуулдаг
Бэлгэдлийн үгээр ярилцдаг
Байгальтайгаа эхэлж сар шинэлдэг
МОНГОЛ, МОНГОЛ…
Хараалын үгийг барагтай хэлдэггүй
Хилэнц нүглийг ихэнхдээ үйлддэггүй
Харанхуй шөнө сүү өргөж сүсэлдэггүй
Харгуй замд хар ус ууж морддоггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Бүрэнхийг төөрүүлж хүүхдээ хөөгөөр халзалдаг
Буурлуудын сургаалыг багачууд нь сонсож өсдөг
Шилбүүрээ унаж гуяа ташуурдан давхидаг
Шидтэй энэ хүслээрээ хурдан морь унадаг
МОНГОЛ, МОНГОЛ…
Хутганыхаа үзүүрийг нь харуулж хүнд өгдөггүй
Хайчныхаа амыг ангайлгаж тавьдаггүй
Ханцуйгаа шамлаатай цай барьдаггүй
Хос баганаан тэвэрч зогсдоггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Одод эрхэсийн тохилоор төөргөө зурдаг
Оюун билэг ухаантныг биширдэг
Найтаахад “Дархи өршөө” хэмээн төлрүүлдэг
Наран мандахад сүүгээ өргөж угтдаг
МОНГОЛ, МОНГОЛ…
Сүүний савыг хоосон өгдөггүй
Сүрэг малаа үргээж цочоодоггүй
Галын бурханаа гундаадаггүй
Гэрийнхээ хаалганы босгон дээр гишгэдэггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Цай, идээгээ өрхийн тэргүүндээ дээжилдэг
Цал буурал өвгөдийнхөө үлгэрийг үдшээр сонсдог
Баярлахыгаа магнай тэнийлгэнэ гэж төлөөлүүлэн хэлдэг
Бусдынд зочлохоо бууж мордоод ирье гэж адилтган яридаг
МОНГОЛ, МОНГОЛ…
Мал сүргээ зүхэж хараадаггүй
Мориныхоо толгой руу ташуурддаггүй
Тэрлэгээ сугалдаргалж айлд ордоггүй
Тэнзэн ташуураа газарт тавьдаггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Морин хуураа хоймортоо залсан
Монгол бичгээ түүхэндээ мөнхөлсөн
Уртын дуу хойморт нь шуранхайлсан
Утга төгөлдөр ерөөл гэр дүүрэн түгсэн
МОНГОЛ, МОНГОЛ…
Үржиж төлжих амьтныг намнадаггүй
Үндэст үрт ургамлыг тасалдаггүй
Тэнгэр өөдөө шагайж бууддаггүй
Тэргэл сарны гэрэл рүү ус цацдаггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Хүүхдийнхээ хүйг хадганд боож хадгалдаг
Хөдсөн бойтогт нь хонх зүүж аюулаас авардаг домтой
Унаган сэвлэгийг нь хотлоороо найрлаж үргээдэг
Урт насалж удаан жаргахыг ерөөдөг уламжлалтай
МОНГОЛ, МОНГОЛ…
Эсгийг айл саахалтаараа цуглан хамжиж хийдэг
Эмнэг сургахдаа залуучуудын суудал ухааныг шалгадаг
Эмээлээ зааны яс, мөнгөн тоногоор чимж, сураар бөхөлдөг
Эмгэн буурлууд ээрүүлээ нар зөв эргүүлж утас нэгтгэдэг
МОНГОЛ, МОНГОЛ…
Нярайлсан бүсгүйг горьдоодоггүй
Нялхсын бойтгийг хээр гадаа хаядаггүй
Эр хүний малгай, бүсийг доор тавьдаггүй
Эм хүний хөлийн авдрыг эр хүн уудалдаггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Ханынхаа эрээсээр ноос сувин эрчилж дээс томдог
Хониныхоо ноосоор эсгий хийж гэрээ бүрдэг
Чанасан аарцныхаа усанд үхрийн ширээ дэвтээдэг, тэгээд зүсдэг
Чандмалсан гурван мод босгож зүссэн ширээ сур болгон элддэг
МОНГОЛ, МОНГОЛ…
Уулсын орой дахь овоонд хог хаяж буртгалдаггүй
Усны тунгалагт бузар оруулж булингартуулдаггүй
Хад чулуу хясаагаа хамаагүй нураадаггүй
Хөрс шороогоо хэн бүхэн хөнддөггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Эр зориг баатарлаг түүх шастираараа бахархдаг
Эмээлээ дэрлээд, гөлмөө дэвсээд хээр хонодог
Боохойг анчид харуулдаж, үргээж, отож намнадаг
Бид Бөртө чонын удам гэж өөрсдийгөө бэлгэддэг
МОНГОЛ, МОНГОЛ…
Сэтгэл сэвтэнэ гээд хэдийд аян замд гарахаа хүнд хэлдэггүй
Саад тохиолдоно гэж хүрэх газраа товлож тохирдоггүй
Халбага шанага тогоонд угсраатай орхиод хол явахаар гардаггүй
Хүн өгснийг булааж, шүүрч, угзарч авдаггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Нүүдлийг гэрийн эзэгтэй цай, тавагтай идээ барин тосдог
Нүүж ирсэн айлыг цайлж дайлж өдөржин хөөрөлддөг
Хонь ямаа мөргөлдөхөд зочин ирэх нь гэж таадаг
Хишиг буянаа өгдөг эр малаа сэтэрлэж онголдог
МОНГОЛ, МОНГОЛ…
Гараараа газар тулж суудаггүй
Хөлөөрөө буянт малаа өшгөлдөггүй
Шанаагаа тулж бодлогширдоггүй
Шивнэж хоорондоо ярьдаггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Тоононыхоо чагтагыг унжуулж орхидоггүй
Баганыхаа боодлыг сул үлдээдэггүй
Гал руугаа ус оруулдаггүй
Галынхаа хайчин дээр гишгэдэггүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Төрийн сүлдэндээ адуугаа залдаг
Төрийн далбаанаас нь гал бадардаг
Төрийн дуулал нь “Дархан манай тусгаар улс” гэж эхэлдэг
Төрийн есөн цагаан хөлт тугаа Үндэсний их баяраараа залдаг
МОНГОЛ, МОНГОЛ…
Төрийн тамгаа алдаж үзээгүй
Тайван амгалан төрхөө солиогүй
Таван хошуу малынхаа төрлийг хувиргаагүй
Тэнгэрээ шүтэж, газраа бишрэхээ гээгээгүй
МОНГОЛ, МОНГОЛ…
Гэрээ буулгаж тэмээгээ ачаад нүүдэг
Морио эмээллээд, нохойгоо дагуулаад сүргээ туудаг
Үхэрээ тэргэнд хөллөөд бас нүүдэг
Үүлсийг дагаж нүүдэг, сөрж нүүдэг, нүүсээр л байдаг
МОНГОЛ, МОНГОЛ…
2019 .11.21
БНСУ-д өнөөрийн байдлаар шин коронавирусийн халдвараар дахин 60 хүн халдварласан болох нь тогтоогдож, нийт халдвар авсан хүн 894 болж өслөө. Дэгү хотоос 16 хүн, Кёнбук аймгаас 33 хүн, Кёнги аймгаас 5, Бусан хотоос гурав, Сөүл хотоос хоёр, Кённам аймгаас нэг хүн тус тус халдвар авсан гэдэг нь батлагдсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНСУ-ын Намьяанжү хотод уг вирусийн анхны тохиолдол илэрсэн нь энэ сарын 20-нд Монгол Улсаас очсон 35 настай эрэгтэй гэж тус улсын мэдээллийн сайтуудаар мэдээлсэн байна. Монгол Улсын иргэн уг өвчнөөр өвдсөн эсэхийг тодруулахаар Сөүл дэх ЭСЯ руу яаралтай хүсэлт явуулжээ.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтохтой ярилцлаа.
-“Токио-2020” олимпийн наадам эхлэхэд 160 хоног үлдээд байна. Монголын шигшээ багаас хичнээн тамирчин олимпийн эрх авах төлөвтэй байгаа вэ?
-Коронавирусийн халдвартай холбоотойгоор олимпийн эрх олгох тэмцээнүүд хойшлогдож байгаа тохиолдол нэлээд байна. Тухайлбал, Уханьд болох хуваарьтай байсан олимпийн эрх олгох боксын тэмцээн хойшлогдсон. Энэ нь шигшээ багийн санхүүгийн төлөвлөгөөнд хүндрэл учруулж байгаа. Энэ тэмцээн Йорданд зохион байгуулагдахаар болсон учраас тамирчдын замын зардал нэмэгдсэн. Одоогийн байдлаар, Монголын шигшээ багаас олимпийн эрх авсан арваад тамирчид байгаа. Тавдугаар сард олимпод оролцох тамирчдын нэрс бүрэн тодорхой болно. Нийтдээ найм орчим спортын төрөлд дөчөөд тамирчин олимпийн эрх авах боломжтой байгаа. Жүдогийн төрлөөр хамгийн олон тамирчин олимпод оролцоно байх хэмээн таамаглаж байна.
-Олимпийн эрх авсан болон эрх авах боломжтой тамирчдын хувьд бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ?
-Монгол Улсын шигшээ баг олимпод оролцох тамирчдаа дөрвөн жилээр төлөвлөгөө гаргаад бэлддэг. Одоогоор сүүлийн жилийнхээ бэлтгэлийн хөтөлбөрт шилжээд ажиллаж байна. Тамирчдын гол бэлтгэл 2017, 2018 онуудад явагдсан. Харин одоогоор сэтгэл зүйн бэлтгэл болоод өндөр ачаалалтай холбогдсон бэлтгэлүүдийг түлхүү хийж байгаа. Тамирчин болгоны сэтгэл зүй өөр байдаг. Тиймээс тамирчин тус бүрийн сэтгэл зүйг судалж, ямагт тогтвортой байлгах сэтгэл зүйн баг ажиллаж байгаа.
-Олимпийн эрх авсан болон эрх авах боломжтой тамирчдын санхүүгийн асуудалд ямар шийдлийг гарган ажиллаж байна вэ?
-Олимпод оролцох эрхээ авсан тамирчид болон дасгалжуулагчдад нэмэгдэл цалин олгож байгаа. Мөн олимпоос медаль авах найдлагатай тамирчдад нэмэгдэл цалинг олгодог. Тамирчид маань ямартаа ч санхүүгийн асуудалд санаа зовохооргүй цалинтай болж байгаа.
-Таны хувьд олимпоос медаль авах гол найдлага, таамгийг ямар спортын төрөлд тавьж байгаа вэ?
-Гол найдварыг топ дөрвөн спортын төрөлдөө хүлээлгэж байгаа. Боксын спортод Б.Чинзориг, Э.Цэндбаатар хоёртоо найдвар тавьж байна. Энэ хоёр тамирчин сүүлийн жилүүдэд амжилтаа тогтмол өндөр түвшинд барьж байгаа. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид болоод буудлагын тамирчдаасаа ихээхэн найдварыг хүлээж байна. Мөн жүдогийн тамирчид маань нэлээд хэдэн медаль авна байх аа хэмээн найдаж байна.
-Саяхан жүдо бөхийн Парисийн их дуулга тэмцээн болж өндөрлөлөө. Та жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан хүний хувьд энэ тэмцээнд оролцсон жүдогийн тамирчдадаа ямар дүгнэлтийг хийсэн бэ?
-ДАШТ-ий дараа орох өндөр чансаатай хоёр том тэмцээн байдаг. Энэ бол Парисийн их дуулга болон Токиогийн их дуулга юм. Эдгээр тэмцээнд дэлхийн бүх шилдэг жүдочид өрсөлддөг. Энэ хоёр тэмцээнээс медаль авсан тамирчид олимп, ДАШТ-ээс медаль авдаг болох нь надад ажиглагдсан. Тиймээс би жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсны хувьд дүгнэн хэлэхэд, жүдочид маань “Токио-2020” олимпоос нэлээд хэдэн медаль авчих байх аа хэмээн бодож байна. Сая болсон Парисийн их дуулга их өрсөлдөөнтэй бас чанга тэмцээн боллоо. Олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга тамирчныг Цогтбаатар ялж хүрэл медаль авсан. Мөн сүүлийн арван жилд ялагдаагүй байсан Тэддиг Японы тамирчин яллаа. Тэгэхээр Парисийн их дуулга бол чансаа өндөр, том тэмцээн гэдэг нь харагдаж байна.
-Та жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албаны ажлаа өгсөндөө харамсаж байгаа юу?
-Надад харамсах сэтгэл байхгүй ээ. 2019 оны ДАШТ-д муу оролцсон гээд тухайн үеийн жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан байгаа. Удалгүй надтай хамт ажиллаж байсан бүрэлдэхүүнийг дахин томилсон. Х.Болдбаатар, Нямлхагва нар надтай хамт ажиллаж байсан, асар их туршлагатай, сайн дасгалжуулагчид байгаа. Эдгээр дасгалжуулагчид буухиаг маань таслахгүй байх аа гэж бодож байна.
-Таныг жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байх хугацаанд сургалт дасгалжуулалтын систем таны төлөвлөсөн түвшинд хүртэл сайн ажиллаж чадсан гэж үздэг үү?
-Миний тамирчдаа бэлдэж байсан сургалт дасгалжуулалтын систем одоо ч яг л өмнөх шигээ хэрэгжиж байна. Би олимп, дэлхийн аваргыг төрүүлж байсан өөрийн системдээ бүрэн итгэлтэй байдаг. Тиймээс би зөв системээр тамирчдаа бэлдэж байсан л гэж бодож, өөртөө сэтгэл хангалуун явдаг даа.
-Сүүлийн жилүүдэд Олимп, ДАШТ-д найдвар тавьж хүлээдэг байсан тамирчдын маань нас одоо гуч хүрчихлээ. Тэгэхээр тэдний буухиаг үргэлжлүүлэх дараагийн үеийн залуучуудыг бэлдэж чадсан юм болов уу?
-Жүдо бөх Монголд өргөн дэлгэр хөгжиж, маш олон жүдогийн клуб хичээллэж байгаа. Монголд хамгийн олон хүн хичээллэж байгаа спортын төрөл шүү дээ. Улсын чанартай өсвөрийн тэмцээнд мянга орчим хүүхэд оролцдог. Тиймээс жүдо бөх буухиа тасрахгүй хөгжинө.М.Уранцэцэг, Г.Одбаяр, Д.Сумъяа, О.Ууганбаатар нар гуч хүрчихлээ. Үнэндээ сүүлийн дөрөв, таван жилд арав гаруй настай өсвөрийн залуучууд сайн бэлтгэгдээгүй. Би маш том алдаа гаргаж, тэднийг бэлдээгүйдээ харамсдаг. Тиймээс одоогийн шигшээ багтай хамт дараагийн олимпод оролцох залуучуудын багийг бэлдэх бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Жүдогийн спорт өндөр хөгжсөн улс орнууд нас насны шигшээ багуудыг хамтад нь бэлддэг. Түүнчлэн бүх насны шигшээ багийн тамирчид нь цалинтай, тэмцээн уралдааных нь зардлыг улсаас шийдэж өгөх системтэйгээр ажилладаг.
-Өсвөрийн тамирчдыг зөв дасгал, сургуулилтын системээр бэлдэхэд мэргэжлийн дасгалжуулагчийн хомсдол бий. Уг нь Монголд байгаа бүх Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нарыг мэргэшүүлээд, дасгалжуулагчаар бэлдчихвэл 800 гаруй мэргэжлийн дасгалжуулагч бий болох боломж байна шүү дээ?
-Санал нэг байна. 2000-аад оны эхэн үед Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дэргэд биеийн тамирын багш болон дасгалжуулагчийн анги гэж байдаг байсан. Харин одоо дасгалжуулагчийн анги нь байхгүй болчихсон байна лээ. Спортын мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудад “Дасгалжуулагчийн төрөлжсөн анги” гэж байх ёстой. Мэргэшсэн спортын төрлөөр мэргэжлийн дасгалжуулагчдыг бэлдэх гарцаагүй шаардлага бий. Тийм учраас, БСШУСЯ энэ асуудалд анхаарал хандуулж, дасгалжуулагчийн ангийг дахин бий болгох шаардлагатай. Тэгэхгүй бол шигшээ багт байсан тамирчин, эсвэл сумын заан цолтой бөх сайн дураараа дугуйлан удирдаад ажиллаж байна. Тэр тамирчин хүүхдүүдийнхээ бие махбодын онцлог болоод сэтгэл зүйн онцлогийг судлаагүй байж тухайн хүүхдийг дасгалжуулна гэдэг маш том алдаатай бодлого шүү дээ. Тэр байтугай спортод дуртай өөр мэргэжил эзэмшсэн хүн, хүүхдийн дугуйлан хичээллүүлж байна. Энэ бол ёс зүйд нийцэхгүй асуудал. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.
-Хүүхдүүдтэй ажиллахад практикаас гадна онол маш чухал байдаг. Гэвч Монголд спортын клуб, дугуйлан хичээллүүлж буй ихэнх дасгалжуулагчид сургалт, дасгалжуулалтын системд онолын мэдлэгийг ойшоож үзэхээ больчихсон мэт санагддаг?
-Тийм. 1980, 1990-ээд оны үед дандаа Орост сургуульд төгссөн дасгалжуулагчид шигшээ багийг удирддаг байлаа. Тиймээс, тухайн үед хэдийгээр материаллаг бааз муу байсан ч сургалт дасгалжуулалтын зөв системээр өнөөгийн Монголын спортын хөгжлийн суурийг тавьсан юм. Харин одоо үед Орост сурч байгаа мэргэжилтэн байхгүй болсон.
-Сургалт дасгалжуулалтын нэг чухал үзүүлэлт нь тамирчинд барилдааных нь бичлэгийг үзүүлж, алдааг нь ярилцах арга байдаг. Та жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ энэ аргыг хэр их ашигладаг байсан бэ?
-Манай гэрт тав, зургаан зуу гаруй барилдааны бичлэг бүхий кассет байдаг. Тэр бол маш чухал зүйл.
-Японы шигшээ баг жүдо бөхийн спортоор энэ цаг үед дэлхийд ноёрхож байна.Тэдний өндөр түвшний амжилтаа ийм удаан хугацаанд хадгалж байгаа шалтгааныг юу гэж та боддог вэ?
-Нэгдүгээрт, жүдо бол Японы үндэсний спорт. Мөн Японд хүүхдийг дөрөв, таван настайгаас нь эхэлж жүдогоор хичээллүүлдэг. Хамгийн гол нь барилдааны техникийг яг л стандартынх нь дагуу эзэмшүүлдэг. Японы шигшээ багаас хорин тамирчин тэмцээнд оролцсон тохиолдолд арван судлаач тэднийг дагаж явдаг. Тэд судалгааны ажлаараа гойд сайн. Манай шигшээ багийнхан ч гэсэн судалгааг сайн хийдэг баймаар байгаа юм. Одоо манай шигшээ багт судалгааны таван баг ажиллаж байгаа. Уг нь арван жилийн өмнө л судалгааны багийг ажиллуулж эхлэх байсан юм даа.
У.ЧИНЗОРИГ
Хоёрдугаар сарын 24-ны өдөр, шинийн нэгэнд ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 67 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал хоёрдугаар сарын 24-ны 21.10 цагийн орчимд Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд улсын дугаар тодорхойгүй марк автомашины жолооч нь явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж, гэмтээн, хэргийн газрыг орхин явжээ. Улмаар явган зорчигч О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан аж. Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд хэргийг газрыг орхиж явсан жолоочийг олж тогтоосон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг хариуцлага тооцсон бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгджээ.Ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй гэдэгт бид итгэж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Miracle эмнэлгийн шүдний эмч Б.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Шүдний цооролт ямар шалтгаанаар үүсдэг вэ?
-Амны хөндийн ариун цэвэр муу сахиснаас шүдний цооролт үүсдэг. Түүнчлэн шүдийг буруу угааснаас шүдэнд өнгөр тогтон, цооролт бий болно. Бага насны хүүхдүүд шөнө мөөмөө хөхөж унтахад сүү нь хүчиллэг учраас хүүхдийн шүдний пааланг сийрэгжүүлж, цооролт үүснэ.
-Зарим хүний шүд нь жаахан өвдөж байгаад намдчих тохиолдолд эмчид үзүүлдэггүй, тоохгүй яваад л байдаг. Энэ нь тухайн хүнд ямар нэгэн сөрөг нөлөөг бий болгодог уу?
-Шүд цооролтын дунд үед хоол ундны үлдэгдэл цооролттой шүдний завсар ороход өвдөөд угаахад өвдөлт нь намддаг. Энэ үед нь эмчлүүлэхгүй бол цаашдаа сувгийн эмчилгээнд орох нөхцөл бий болно. Өөрөөр хэлбэл, шүднийхээ мэдрэлийг авахуулж, ломбодуулна гэсэн үг. Хэрэв шүд өвдөж байгаа л бол цооролт үүсч байна гэж ойлгох хэрэгтэй. Шүд түр хугацаанд өвдөөд, намдаад байна гэдэг чинь цоорчихсон байгаа хэрэг л дээ.
-Зарим хүмүүс шүд өвдсөн тохиолдолд өвчин намдаах эм зуугаад байдаг. Энэ ямар нөлөөтэй вэ?
-Эм зуух нь буруу л даа. Шүдний паалангийн хатуулаг чанарыг бууруулж, шүдний паалан үйрч унах нөхцөл эмний нөлөөгөөр үүсдэг. Шүдний паалан үйрч унаад байгаа нөхцөлд ломбодож, хэрэв ломбодоод ч тогтохгүй тохиолдолд шүдийг авах шаардлагатай болно.
-Шүд хорхойтсон тохиолдолд хэл ярианд өөрчлөлт ордог уу?
-Хэрэв үүдэн шүдэнд цооролт үүсэх буюу гэмтсэн тохиолдолд хэл ярианд өөрчлөлт орох тохиолдол бий. Харин араа шүдний тухайд, төдийлөн хэл ярианд өөрчлөлт ороод байдаггүй.
-Хүмүүс хүүхдэдээ ааруул идүүлбэл сайн гэх хэвшмэл ойлголттой байдаг. Хатуу зүйл идүүлэх нь шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүүхдийн сүүн шүд нь байгалийн шүдээр солигдох явцад хатуу юм идүүлбэл дараагийн гарч ирэх том шүдний зай тавигддаг. Тэгэхээр цагаан идээ идүүлэх нь хүүхдэд маш тустай. Ер нь шүд цоороогүй ч гэсэн гурваас зургаан сардаа эмчид үзүүлээд, зөвлөгөө авч урьдчилан сэргийлж байх нь чухал.
-Хүмүүсийн байнгын дадал зуршил нь шүдэнд сөрөг нөлөөллийг бий болгодог болов уу?
-Байнгын гурил, гурилан бүтээгдэхүүн, чихэр идээд амаа угаахгүй бол шүдэнд цооролт бий болно. Мөн кофе их ууж, тамхи их татдаг хүмүүсийн шүдэнд өнгөр тогтдог.
-Давсны хэт их хэрэглээ шүдэнд нөлөөлдөг үү?
-Давс их хэрэглэхэд шүдний паалан өнгөө алдаж, шүдний хатуулаг байдал алдагддаг. Тэгэхээр хатуу юм хазсан тохиолдолд шүд үйрч унана.
У.ЧИНЗОРИГ