Categories
мэдээ нийгэм

Талийгаач О-той хамт зорчсон Монгол Улсын 48 иргэнтэй холбоо тогтоон эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах хэлтсийн дарга П.Эрдэнэбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссийн шийдвэрийн дагуу улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод шалган нэвтрүүлэх 20 цэг, 21 аймагт хяналтын 285 цэг, сумдад хяналтын 672 цэгийг байгуулж, мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд авто замуудыг бүрэн хяналтад авсан.

Хязгаарлалт тогтоосноос хойш орон нутгийн хэмжээнд шалган нэвтрүүлэх цэгээр 1,876 тээврийн хэрэгслээр 4,804 зорчигч орж, 2,495 тээврийн хэрэгслээр 5,853 зорчигч гарсан байна. Харин 1,890 тээврийн хэрэгсэлтэй 3,200 зорчигч нь зорчих зөвшөөрөлгүй байсан тул нэвтрүүлэлгүй буцаасан.

Нийслэлийн хэмжээнд шалган нэвтрүүлэх чиглэлээр гадагшаа чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээнд 1,913 тээврийн хэрэгслээр зорчиж байсан 4,006 зорчигчийг шалгаж, эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, буцаах арга хэмжээг авсан” гэлээ.

Түүнчлэн өчигдөр БНСУ-д нас барсан Монгол Улсын иргэн О-той хамт ОМ-301 нислэгээр БНСУ руу зорчсон 147 хүнээс Монгол Улсын 48 иргэн энэ сарын 13-наас 24-нд Монгол Улсад буцаж ирсэн байгаа аж. Цагдаагийн байгууллагаас тэдний хаягийг олж,

  • Улаанбаатар хотод 40,
  • Дархан-Уул аймагт дөрөв,
  • Архангай аймагт хоёр,
  • Төв болон Баянхонгор аймагт тус бүр нэг иргэнтэй холбоо тогтоосноор 19 иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдсан бол 26 иргэнийг цагдаагийн алба хаагчид эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Categories
мэдээ улс-төр

“COVID-19”-ын эрсдлээс урьдчилан сэргийлж 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт төслийг батлав

Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов.

Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. Уг санхүүжилтийг эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис, худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад кононавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр, тархах эрсдэл өндөр гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тэдний 400.000 нь ахмад настан, 350.000 нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 4000, хорт хавдартай 16.000, бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 1000, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524, ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол 7 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонссон даруйдаа зарим үүрэг даалгаврыг өгөв. Баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж, Монгол Японы хоорондох агаарын тээврийн зорчих урсгалыг хаах талаар судалж шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст үүрэг болгов.

Categories
мэдээ улс-төр

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг ирэх сарын 2 хүртэл хязгаарлана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БНСУ-тай хийх нислэгүүдийг цуцалсан бол Япон улстай хийх нислэгүүдийг цуцалхаар яригдаж, санал дэвшүүлээд байна. Улсын Онцгой комисс үргэлжлүүлэн хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Мөн нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах буюу орон нутгийн замыг 3 дугаар сарын 2 хүртэл үргэлжлүүлэн хаах шийдвэр гарлаа.

Сар шинийн өдрүүдэд 9000 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иймд төрийн бодлого шийдвэрийг дагаж, эрсдэл гаргахгүй байхыг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

Гараа савандаж сайтар угаах нь коронавируст халдвар болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
  • Халуун, бүлээн шингэн ихээр уух
  • Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хамар, хоолойг зайлах
  • Түүхий ус уухгүй байх
  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Амны хаалт хэрэглэх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Бухимдахгүй тайван байх

Гараа хэзээ угаах вэ?
• Гаднаас орж ирээд
• Хоол хийхийн өмнө
• Хоол идэхийн өмнө
• Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
• Хүүхдээ хуурайлсны дараа
• Бие зассаны дараа
• Амьтанд хүрсний дараа
• Нусаа нийсний дараа
• Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
• Бохирдох бүрт

Гараа хэрхэн угаах вэ?
• Гараа усаар норгож, савандах
• Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
• Усаар сайтар зайлах
• Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
• Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх

Categories
мэдээ нийгэм

Маргааш өглөөнөөс эхлэн шалган нэвтрүүлэх 6 товчоогоор нийслэл рүү нэвтрэх, гарах иргэдээс асуумж авна

Дэлхийн 37 орны 80 гаруй мянган хүнд халдварлагдаад байгаа шинэ коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, салбарын яамд, Улсын Онцгой комисс, Нийслэлийн ЗДТГ, НОК-өөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа билээ.

Мөн Засгийн газар, салбарын яам, НОК-оос Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотруу орох, хотоос гарах автомашин болон зорчигчийн хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх товчоодод 2 сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийн /шинийн дөрвөн/ өглөөний 08:00 цаг хүртэл хязгаарласан.

Иргэд ч аюулт өвчих тархахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч байгаа төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа гэдгийг шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны 6,000 орчим албан хаагч тус тусын үүрэгт ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ гудамж талбайд эргүүлээр ажиллаж, Covid19-ийн халдвараас урьдчилсан сэргийлэх зориглгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг ханган анхаарч байгаа.

НЗДТГ, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага хамтран Хот хоорондын замыг нээх өдөр буюу 2 сарын 27-ны Пүрэв гарагийн 08:00 цагаас эхлэн нийслэл руу орох, нийслэлээс гарах чиглэлд 6 шалган нэвтрүүлэх товчоод дээр хэрэгжүүлж эхлэх бөгөөд төслийн ажилтнуудын зүгээс жолооч болон зорчигчдоос ХААНААС ИРЖ БАЙГАА, ХААНА ОЧИХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ асуумж хэлбэрээр авч, авто машин тус бүрт зорчигчийн тооноос хамаарч 10-30 секундэд багтаан асуумжаа авах аж.

Улмаар эдгээр мэргэжилтгүүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой.

Уг асуумж-аргачлал нь иргэдийн болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой тул зорчигч та бүхэн цааргалгүйгээр, бусдад төвөг учруулахгүйгээр тухайн асуумжийн асуултанд идэвхтэй, үнэн зөв хариулахыг холбогдох газруудаас газруудаас уламжилж байна.

Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг 2020 оны 3 дугаар сарын 8-ныг хүртэл хэрэгжүүлэхээр НЗДТГ-аас НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд коронавирусийн тархалтын нөхцөл байдлаас хамааран цаашид үргэлжлүүлэн сунгагдах магадлалтай юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт нэг монгол, дөрвөн вьетнам иргэнийг тусгаарлажээ

2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт “Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцоор ирсэн Монгол Улсын нэг, Вьетнам улсын дөрвөн иргэнийг тусгаарлалаа.

Энэ тухай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Онцгой комиссын гишүүн Т.Серикжанаас тодруулахад “Онгоцонд 27 зорчигч байсан. Вьетнам улсаас дөрвөн жуулчин, БНСУ-д суралцдаг тус аймгийн нэг оюутан өнөөдрийн онгоцоор Өлгий хотод 16 цаг 44 минутад газардсан байна. Зорчигчдыг онгоц газардахаас өмнө онгоцны үйлчлэгч нь биеийн халууныг хэмжихэд Вьетнам улсын нэг иргэн 37.7 халуунтай байна гэсэн мэдээллийг орон нутгийн цагаар 16:31 минутад нислэгийн удирдагч аймгийн шуурхай штабт мэдэгдсэний дагуу аймгийн мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн тухай газарт ажиллаж, Монгол Улсын нэг, Вьетнам улсын дөрвөн иргэнийг тусгаарлаад байна. Харин оюутны хувьд коронавирусний дэгдэлт ихсэж буй БНСУ-аас энэ сарын 23-нд эх орондоо ирсэн учир дээрх таван иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, хамт зорчиж ирсэн 23 иргэнийг бас хяналтад авсан. Зорчигчдыг тээвэрлэж ирсэн агаарын хөлөгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Одоогоор сэжиг бүхий Вьетнам улсын иргэний халуун нь буусан, биеийн байдал нь хэвийн байгаа. Шинжилгээний дээжийг авч, маргааш өглөө онгоцоор ХӨСҮТ-д хүргэхээр ажиллаж байна. Хариу нь 27-ны өдөр тодорхой болно. Тийм учраас шинжилгээний хариу гараагүй байхад үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс коронавируст халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Такэши Касайгаас Монгол Улсад хандан ирүүлсэн ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (COVID-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол Улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ.

БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон гарч, тооцоолж байснаас илүү хурдтайгаар халдвар тархаж болзошгүй байна. Энэ нь Монгол Улс эсвэл өөр нэг газар халдвар хялбар тархана гэсэн үг биш. Тархахгүй ч байж болно. Улс орнууд голомтыг хязгаарлахад бүхий л хүч, нөөцөө дайчилж байгаа ч хүн амын дунд тархаад эхэлсэн үед бэлэн байдлаа хангах чиглэл рүү шилжих шаардлага тулгарч байна. Энэ цаг хугацаа шаардсан арга хэмжээг улс орны өнцөг булан бүрт хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр эхлэхгүй бол оройтно.

Халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд нэн түрүүнд эрсдэлт бүлэгт чиглэсэн, эрүүл мэнд, нийгмийн үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг голчлон хэрэгжүүлнэ. Бид одоо бэлэн байдлаа хангахгүй бол дээрх арга хэмжээг хэрэгцээтэй үед нь идэвхжүүлэх боломжгүй болно.

Жишээ нь, халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд, эрүүл мэндийн байгууллага эрсдэлтэй бүлэг, хүнд өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээнд анхаарах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд халдвар авсан тохиолдол бүрийг тусгаарлах, хөл хорио тогтоохын оронд хөнгөн явцтай өвчтөнүүдийг гэрт нь эмчлэх чиглэл барина. Түүнчлэн эмнэлэг үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтанд халдвар тараах эх уурхай болохоос сэргийлсэн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Мөн сэжигтэй бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр оношлох, хавьтлын судалгаа хийх ажлыг зогсоож, лабораторийн оношилгоог тандалтын буюу газар зүйн тархалт, чиг хандлагыг хянах зорилгоор хийж, энэ мэдээллийг хариу арга хэмжээний шийдвэр гаргахад ашиглах шаардлагатай байна.

Энэ шинэ өвчний талаар олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа тул хүмүүс санаа зовох нь аргагүй юм. Бэлэн байдлаа хангах бол бидний хийх хамгийн чухал зүйл. Засгийн газраас авч буй арга хэмжээнээс гадна өөрийгөө болон гэр бүл, ялангуяа эрсдэлтэй бүлгийн хүн амыг хамгаалах хамтын хариуцлагыг бид хүлээж байна.

Гараа ойр ойрхон савандаж угаая. Ханиаж найтаахдаа ам, хамраа амны цаасаар эсвэл шууны дотор талаар халхалъя. Халдварын шинж тэмдэгтэй хүнээс дор хаяж 1 метрийн зай барья. Хэрэв та өвчтэй бол бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ байх хэрэгтэй. Хэрэв амьсгалахад хүндрэлтэй шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай. Түүнчлэн найз нөхөд, гэр бүлдээ болон цахим сүлжээгээр цуурхал, буруу ташаа мэдээлэл битгий тараагаарай. Буруу мэдээлэл нь өөрт болон бусдад хохиролтой шийдвэр гаргах эрсдэл дагуулдаг.

ДЭМБ халдварын тархалт, хүндрэлийн зэргийг нарийвчлан хянаж байна. Одоогийн байдлаар БНХАУ-д гарсан тохиолдлын 2% нь нас барсан. Хубэй мужаас бусад газар нас баралт 0.4% байна.

Үүний зэрэгцээ улс орнуудыг бэлэн байдлаа хангахыг уриалж байна. COVID-19 халдварын дэгдэлтийн үед дээр дурдсан арга хэмжээнд шилжих шаардлага гарахгүй байж болох хэдий ч үүнд зориулсан цаг хугацаа, хүчин чармайлт нь ямагт үр дүнтэй байна. Учир нь бид ирээдүйд хэзээ нэгэн цагт гарч болзошгүй өвчин, дэгдэлтэд илүү бэлтгэлтэй болж байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орны бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажилласаар байх болно. Одоо гарч буй энэ дэгдэлт бол бидний бэлэн байдлыг шалгаж буй сорилт юм. Зөвхөн өнөөдөр тулгарч буй асуудлыг шийдэхээс гадна болзошгүй эрсдэлд бэлтгэж, бүх түвшинд арга хэмжээг хэрэгжүүлснээр ирээдүйд учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бид хамтдаа багасгаж чадна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас хүргэх зөвлөмж

Кувейт Улсад хоёрдугаар сарын 24-ний өдөр шинэ коронавирусний халдвар авсан анхны тохиолдол илэрснээс хойш халдвар авсан хүний тоо өсч өнөөдрийн байдлаар нийт 9 тохиолдол бүртгэгдээд байгаатай холбогдуулан Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

– Кувейт Улсын Эрүүл мэндийн яамнаас нийт иргэдэд хандаж эрүүл мэндийн зөвлөмжийг сайн мөрдөж, албан ёсны мэдээллийн сувгийг ашиглах;

– Халдварын голомт бүхий дүүрэгт аль болох зорчихоос зайлсхийх, онцгой шаардлагагүй бол эмнэлгүүдээр явахгүй байх;

– Кувейт Улсын Эрүүл мэндийн яамнаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэх. Үүнд:

  • Олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх;
  • Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих;
  • Амны хаалт /маск/тогтмол зүүх;
  • Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш сайн угаах;
  • Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх;
  • Бохир гараар нүүр, нүд, ам, хамарт хүрэхгүй байх;
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж байх;
  • Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
  • Шувуу зэрэг ан амьтнаас хол байх зэрэг болно.

Хэрэв танд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл түргэн тусламжийн 112 (24 цагаар ажиллаж буй), өөрийн оршин сууж буй дүүргийн эмнэлгийн шуурхай дугааруудад болон Элчин сайдын яамтай шуурхай холбогдож санал, хүсэлтээ өгч, мэдээлэл авна уу.

Элчин сайдын яамны 24 цаг ажиллах утасны дугаар: +96599064541, +96599105197.

Мөн иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia to the State of Kuwait” фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авахыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд хөдөлгөөн хязгаарласныг сунгах санал оруулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Уг хурлаар шинэ коронавирус халдварын (COVID-19) нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.

Харин Засгийн газрын хуралдааны дараа Улсын Онцгой комисс мөн хуралдана.

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл Ерөнхий сайд өгөв.

Мөн цаг алдалгүй шийдэх бусад асуудлуудыг ярилцаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гараа зөв, тогтмол угаах нь халдвараас сэргийлнэ

Гараа савандаж сайтар угаах нь коронавируст халдвар болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ.

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг.

Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Гараа хэзээ угаах вэ?

  • Гаднаас орж ирээд
  • Хоол идэхийн өмнө
  • Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
  • Хүүхдээ хуурайлсны дараа
  • Бие зассаны дараа
  • Амьтанд хүрсний дараа
  • Нусаа нийсний дараа
  • Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
  • Бохирдох бүрт

Гараа хэрхэн угаах вэ?

  • Гараа усаар норгож, савандах
  • Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
  • Усаар сайтар зайлах
  • Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
  • Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх гэж ЭМЯ-наас мэдээлэв.