Categories
мэдээ нийгэм

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг үзвэр, үйлчилгээ, фитнес клуб, цанын бааз, йогийн газруудын үйл ажиллагааг III сарын 30-ныг хүртэл хязгаарлалаа

Image result for нийслэлийн онцгой комисс

Нийслэлийн онцгой комисс яг одоо хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байх,
  • Баар, цэнгээний газруудыг 22:00 цагт хүртэл ажиллуулах,
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үзвэр, үйлчилгээ, фитнес клуб, цанын бааз, йогийн газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хязгаарлалаа.
  • Мөн энэ хугацаанд аль ч шашны сүм, хийдийн үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг гаргалаа.

Мөн Улсын Онцгой комисс хуралдаж, зарим шийдвэр гаргасан. Шинийн гуравныг дуустал нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийн хугацааг сунгаж, энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан байсан. Гэвч нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үеэр үйлчлэхээр шийд гаргалаа. Харин амралтын өдрүүдээр нийтийн тээвэр үйлчлэхгүй.

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл: Коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдээгүй ч бид бэлэн байдлаа хангах ёстой

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд эрүүл мэндийн салбар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвар гарсан орны тоо нэмэгдсээр байна. Хэдийгээр манай улсад бүртгэгдээгүй ч бид бэлэн байдлаа хангах ёстой. Засгийн газар нөөц хөрөнгө болон ЭМЯ-ны шугамаар Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж авах боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн бэлэн байдлыг хангах, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар эм тариа, эмнэлгийн хэрэгслийн нэмэлт нөөцийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР

Image result for Онцгой комисс

Улсын Онцгой Комисс өнөөдөр хуралдаж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

1. Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоох хугацааг 2 сарын 27-ны 08:00 цагаас 3 сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа. Мөн Нийслэл хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөн дээрх хугацаанд зогсоно.

2. БНСУ-Монгол Улс хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг 2 сарын 27-ны өдрөөс 3 сарын 11-нийг дуустал зогсоолоо.

3. Япон улс-Монгол Улсын хоорондын нийслэгийг 2 сарын 28-наас 3 сарын 11-нийг дуустал түр зогсоолоо.

4. Төрийн албан хаагчдын гадаад орон руу албан томилолтоор зорчихыг 2 сарын 27-ны өдрөөс 3 сарын 30-ны өдрийг дуустал зогсоолоо.

5. БНСУ болон тус улсаар дамжин ирж байгаа гадаад дотоодын иргэдийг хилийн боомтуудаар 2 сарын 27-ны өдрөөс 3 сарын 30-ны өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.

Коронавирусийн халдварт өвчний талаар цахим сүлжээ болон ХМХ-ээр санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл түгээсэн, коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн газраас ирсэн болон аялалын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

БНСУ-ын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор тус улсад байсан иргэд бусад улсаар дамжих ирсэн тохиолдолд тухайн иргэдийг заавал 14 хоногийн тусгаарлалтад байлгах болно.

Маргааш Засгийн газар эдийн засгийн хүндрэлүүдийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах талаар салбарын сайд, агентлагийн дарга нартай хуралдана.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн наадмыг цуцлах эсэхийг тавдугаар сард шийднэ

ОУОХ-ны гишүүн Ричард Паунд хэлэхдээ тавдугаар сар хүртэл коронавирусийн халдвар намжихгүй бол Токио хотод зохиогдох зуны олимпийн наадмыг түтгэлзүүлэх асуудал босж магадгүй гэлээ. “Мэдээж ирэх хоёр сар тун чухал. Харин тавдугаар сараас эхлээд Их наадмын бэлтгэл ажил буцах боломжгүй хэсэг рүүгээ шилжинэ. Хамгаалалт хөлслөгдөж, хоол хүнс зөөгдөөд, олимпийн тосгонд тоног төхөөрөмж байрлуулах ажлууд шуудрана шүү дээ. Тиймээс ийм ажлууд эхлэх үед ямар нэг ноцтой аюул хадгаладсан хэвээр байх ахул Олимпиадыг цуцлах асуудал босч л таараа. Гэхдээ одоохондоо бол тэвдэх шаардлага байхгүй, тамирчид тайван аажуу бэлтгэлээ базаагаад байж болно. ОУОХ та бүхнийг эрүүл, цэвэр нөхцөлд тэмцэлдэх бүх нөхцөлийг хангана гэдэгт итгээрэй” гэж Паунт хэллээ.

Токиогийн зуны олимпийн наадам долдугаар сарын 24-ноос наймдугаар сарын есэн хүртэл Япон улсад үргэлжилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Хатанбаатар: Монголчууд Цагаан сараар баян тарганаа гайхуулж байгаа нь хулгайч нарт өгөөш болж байна

Сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд хулгай, тэр дундаа орон байрны хулгайн гэмт хэрэг их гардаг аж. Иргэд их бага гарын мөнгөн аяга, өндөр үнэ бүхий хөөрөг, гоёлын алт, мөнгөн эдлэлийнхээ зургийг хувийн фэйсбүүк, инстаграм хуудаснаа байршуулж бусдаас илүү бийлэгжүү болохоо гайхуулдаг зан нь хулгайч нарт сэдэл төрүүлж, өгөөш болдог талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэр бүлээрээ хөдөө орон нутагт яваагаа фэйсбүүк хаягаараа нийтэд зарлах нь хулгайч нарт боломж олгодог. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Х.Хатанбаатартай ярилцлаа.


-Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Жилийн энэ үед гол төлөв ямар гэмт хэрэг их үйлдэгдэж байна вэ?

-Дээрэм, танхай, залилан мэхлэх зэрэг олон гэмт хэрэг байдаг. Энэ дундаас хулгайн гэмт хэрэг өвлийн улиралд идэвхэждэг. Иргэдийн өвлийн идэш бэлтгэдэг цагаар малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ үеэр иргэд анхаарч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ялангуяа өөрсдөө хотод аж төрдөг, туслах малчинтай улс онцгой анхаарах шаардлагатай байдаг.

Мөн халаасны хулгай гол төлөв автобус болон томоохон зах худалдааны төв болох Нарантуул, Хархорин зэрэг газруудад гардаг. Өдөрт гурваас долоон хэрэг бүртгэгдэж байна.

Хэдийгээр олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглож, Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхийг хязгаарласан ч иргэд гэр бүлийн хүрээнд баяр тэмдэглэхээр зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ их хэмжээний бэлэн мөнгөтэй явж худалдан авалт хийдэг. Энэ үед иргэд бэлэн мөнгө, түрийвч, худалдан авсан эд зүйлсээ хулгайд алдахаас хамгаалах, сэрэмжлэх хэрэгтэй байна.

-Сар шинийн баярын үеэр орон байрны хулгайн гэмт хэрэг олон тоогоор үйлдэгдэж байгаа нь юутай холбоотой вэ?

-Хулгайчдын арга хэлбэр нарийсч, судалгаа их хийдэг болсон нь гэмт үйлдлүүдээс харагддаг. Манайхан Сар шинийн баярын үеэр хувийн цахим хаягтаа баян чинээлэг гэдгээ харуулах зорилготойгоор зураг нийтэлдэг. Үнэтэй хөөрөг, алт мөнгөн аяганаас авахуулаад үнэт эдлэлийнхээ дэргэд зураг даруулаад л пост хийчихдэг болсон. Энэ нь хулгайчдад сэдэл төрүүлж байгаа юм. Ингээд л хулгайчид алт, мөнгөн эдлэлийн эзнийг судалж эхэлнэ шүү дээ. Хэзээ гэрээсээ гардаг, хөдөө орон нутаг явах нь уу гээд л хий зайг нь хүлээнэ. Энэ үед нь өнөөх баян чинээлэг нөхөр маань гэр бүлээрээ хөдөө орон нутагт ах, дүү нартайгаа золгож яваа зургаа дахиад л “Сайхан шинэлж байна уу” гээд цахим хаягтаа нийтэлчихдэг.

Ингээд чинээлэг харагдахаар зураг нийтэлсэн нөхрийн гэр нь эзгүйг мэдсэн хулгайч хамаг үнэт эдлэлийг нь аваад явчихаж байгаа юм. Үнэт эдлэлийнхээ зургийг фэйсбүүк, инстаграм, твитер хуудаснаа нийтэлж баярхах нь таныг хулгайн гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлд оруулж байдгийг анхааруулъя. Баяр ёслолын үеэр монголчуудын баян тарганаа гайхуулсан дон нь гэмт хэрэгтнүүдийн өгөөш болж байна.

Дан ганц Цагаан сараар ч биш, амралтын өдрүүдээр гэр бүлээрээ салхинд гарч байгаагаа фэйсбүүк хаягаараа мэдээлэх ч таныг эрсдэлд оруулдаг.

-Удахгүй Сар шинийн баяр болно. Хөдөө орон нутгийг зорихоор төлөвлөсөн иргэд мэдээж байгаа. Цагдаагийн байгууллагаас орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажиллагаа явуулж байна вэ?

-Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, ухуулга нөлөөллийн ажил явуулж байна. Хулгайн гэмт хэргийн үйлдлийг харуулсан, сэрэмжлүүлсэн постер, богино хэмжээний шторкуудыг бэлтгэж цахимаар цацаж байна. Иргэд гэрээ эзэнгүй орхиж байгаа бол хөршдөө захиж үлдээх хэрэгтэй. Таны хажуугийн айлаас хэн нэгэн сэжигтэй этгээд цахилгаан бараа үнэт эдлэл аваад гарч байх юм бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь зөв. Орон байрны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хөршийн холбоо чухал ач холбогдолтой.

-Зарим айл өрхүүд ч ууц, өвчүү чанана гээд махны хэрэгцээ гарах л байх. Үүнийг ашиглаж амар хялбар аргаар мөнгө олохыг санаархаж буй хүмүүс ч байгаа байлгүй. Малын хулгайн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас мах, махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг зах, худалдааны төв, үйлдвэр, цех, мал нядалгааны газрын үйл ажиллагаанд шалгалт явуулж, худалдан борлуулж байгаа мал, махны гарал үүсэл, тухайн объектуудын хөдөлгөөнд тавих хяналтыг дээшлүүлэх, гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг төлбөртэй авч ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Сүүлийн үед ахуйн хулгай их гарч байх шиг. Тэр дундаа тээврийн хэрэгслийнхээ шил, толь, дугуй, яндан зэргийг хулгайд алдах тохиолдол их байна. Ямар шалтгаан байна вэ?

-Автомашины эд ангийг хулгайд алдаж байгаа нь иргэд хараа хяналтгүй газар удаан хугацаагаар тээврийн хэрэгслээ үлдээж байгаатай холбоотой. Нөгөө талаараа иргэд хуурамч зарын нөлөөнд автаж бусдын тээврийн хэрэгслийн эд ангийг хулгайлж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сар, энэ оны нэгдүгээр сард приус машины яндан хулгайд алдагдсан тохиолдол олон бүртгэгдсэн. Энэ нь “Приус машины катлизар янданд цагаан алт байдаг” гэсэн худал зар, мэдээлэл цахимд гарсантай холбоотой. Энэ худал мэдээлэлд итгэсэн нэг нь “Приусын катлизар яндан их хэмжээгээр авна “ гэсэн зар тараачихаж байгаа юм. Ингээд л нөхдүүд хараа хяналтгүй газар байршуулсан приус авто машины яндангуудыг хулгайлж эхэлсэн.

Үнэндээ янданд цагаан алтны зөвхөн нэг төрлийн химийн бодис буюу урвал нь л байдаг. Ийм эх сурвалжгүй худал мэдээлэлд автаж хулгайн гэмт хэрэг хийдэг хүмүүс байна.

-Цагдаагийн байгууллагаас хулгайн эд зүйлс худалдаж авч байгаа ченж нарт ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Одоо хэрэгжиж байгаа хуульд гар дээрээс худалдаа эрхлээд, хулгайн эд зүйлс худалдаж аваад байгаа хүмүүст шаардлага тавьж тараах эрх зүйн зохицуулалт байхгүй л дээ.

Бид Чингэлтэй дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Теди” болон “Монител” худалдааны төвийн гадна гар дээрээс утас худалдаалдаг, гар утас худалдаж авдаг иргэдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ ажлын үр дүн ч сайн гарсан.

Цаашид нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж гар дээрээс худалдаа эрхэлж автомашины сэлбэг, гар утас зэрэг зүйлсийг худалдаалдаг иргэдэд хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн байгаа. Бид тухайн аж ахуйн нэгжүүдтэй нь хамтарч ажиллаж хулгайн эд зүйлс худалдаж авсан нь тогтоогдсон түрээслэгчид гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг болохоор төлөвлөөд ажиллаж байна. Хулгайн эд зүйлс худалдаж авсан ченж нарт хариуцлага тооцоод аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг нь цуцлаад лангууг нь хураах хүртэл арга хэмжээ авахад буруу гарын эд зүйлс авах нь зогсон гэж үзэж байгаа. Энэ ажлыг Да Хүрээ зэрэг томоохон захууд дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Хулгайн гэмт хэргийн хуулийн зохицуулалтын талаар тодруулахгүй юу. Буурахгүй байгаа нь юутай холбоотой гэж та харж байна вэ?

Хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн гурван зүйлд хуульчилсан бөгөөд “Хүн хулгайлах”, “Хулгайлах”, “Мал хулгайлах” гэж томьёолсон байдаг.

Түгээмэл үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, эсхүл байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол зургаан сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Мөн бусдын мал хулгайлсан, эсхүл олон тооны мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол зургаан сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сарын үеэр л юм даг

Монголын нэрт нийтлэлч Жамбалын Гангаагийн “Цагаан сарын үеэр л юм даг” нийтлэлийг хүргэе. Энэхүү бүтээлээрээ 2011 онд Монголын сэтгүүл зүйн дээд шагнал Балдорж шагналын Гран Приг хүртэж байсан түүхтэй.


Одоогоос хорин жилийн өмнө “Багш нарын өдөр”-ийн дараа “Малчдын сайн өдөр” гэсэн ажил мэргэжлийн чигийн бололтой даруухан ёслолыг нам засгаас албан ёсоор мэдээлдэг байв. Тэр даруухан өдрийг бүх шатандаа анхааран хяналт шалгалтыг эрчимжүүлж, цэрэг, сургууль, албан байгууллагын чөлөө олголтыг зогсоон, эмнэлгийн актны бичигт хүртэл хяналт тавиад эхэлдэг сэн. Энэ бол цагаан сарын үе эхэлж буйн шинж. Ард түмнээс цагаан сарыг нь салгаж хаяхын тулд Зөвлөлт Оросын нөлөөнд хэт автсан манай коммунистууд ингэж олон жил дайсагнасан. Хөөрхий нас дээр гарсан эцэг эх дээрээ жилдээ ганцхан удаа очоод золгох эрхгүй тийм эх оронд бид амьдардаг байж дээ.

Дараа нь сайн цаг ирж цагаан сараа өргөн олноороо тэмдэглэдэг эрх чөлөөтэй боллоо. Гэвч сайн нэрийг бас л дуулсангүй. Цагаан сар дөхөхөөр юмны үнэ нэмэгдлээ, арай хавтгайрсан олон баярын дэргэд энэ бас юу вэ?, ууцгүй, хэвийн боовгүй, нэгэндээ бэлэг гээд Эрээний хулхи бараа солилцолгүй тэмдэглэдэг болцгооё. Айл хэсэж ханиад тарааж байна. Нэгэндээ баянаа гайхуулж ядарсан бусдыг хөлдөө чирч байна. Хуучин цагт буюу манайхаас өөр оронд ийм балай баяр хийдэггүй байсан гэх мэт ухаалаг санаачилгууд энд тэндээс гарч, цагаан сарын хар талыг олж нээх явдал бүр Д.Нацагдоржийн үеэс үүдэлтэй. Хүмүүс цагаан сараа хийнэ үү, байна уу, хүн дуурайж хөөрөөд дараа нь гэрээ ломбарданд тавина уу яана ямар хамаа байна. Цагаан сараар яахыг нь хүртэл заадаг тэр солиотой нийгмийн үед ч иймэрхүү номлогчдын өөдөөс “Түй май чи” гэдэг байсан. Бүх нийтээрээ давлагаалж байгаа үйл явдлын өөдөөс ганцаараа гараа алдлаад зогсож болдоггүй юм. Газар нутаг, цаг агаар, бидний өнөөгийн амьдралын онцлогт яг тохирсон баяр бол цагаан сар ба цагаан сарын үе гэж бодогддог. Дэлхий дээр болдог бусад улс үндэстнүүдийн баяр бүжиг танц, дуу хуур, жагсаал цуглаан, уралдаан наадгай, салюттай болдог байхад манайх шаал өөр. Зориуд өвөрмөц болгох гэж тийм хөтөлбөрүүдийг хасаагүй, угаасаа амьдрал нь өөрөө тэгж наргих орон зай гаргадаггүй. Социализмын үед цагаан сарыг устгах зорилгоор шинийн нэгэнд нийтийн бүжиг хийх гэж яаж ч оролдоод бараагүй юмдаг.

Юмс элбэгшиж улам амарчлагдах тусам амьдрал яахав сайхан л болж байна. Амьдрах хэтэрхий амархан болчихоор амт, үнэр, хөлс болон өөр гоё наргиантай драмууд алга болчих нь нэн уйтгартай. Одооны цагаан сард ийм байдал харагдаад байгаа юм. Мөнгө нь байвал сар шинийн баяр зүдэх юмгүй бэлэн. Мөнгө нь байхгүй бол бүүр амархан. Хийхээ л больчихно биз. Эцсийн эцэст цагаан сар хийсэн ч утгагүй, хийгээгүй ч утгагүй болох тийм гунигтай цаг үе рүү шилжих гээд байна. Энэ том утгаараа амьдралыг өөрийг нь баясал сонирхолгүй болгочих вий дээ. Хаашаа юм. Бид зөвхөн ажил хийх зориулалтаар төрсөн улс арай ч биш байх. Тийм байлаа ч гэсэн хахир өвлийн урт шөнүүдэд Монгол нутагт хийх ямар ажил байдаг юм. Заримдаа сайхан амарч, дулаан гэр орондоо алхайн хэвтэхээс өөр ажилгүй болох үе ч бас бий. Хаваржаандаа гарч, малаа төллүүлэн, тариа ногоогоо тарьцгаан цөм завгүй болохын өмнөх хүлээлтийн хэсэг хугацааг цагаан сар гэж явсаар байгаад нэг мэдэхэд өнгөрөөсөн байдаг. Амьдралын уламжлалт ийм хэв маяг орчин цагт их өөр болсон ч өвлийн улирал, цаг агаар хоёрыг өөрчилж чадаагүйгээс хойш хуучинтай ялгаа юун. Үлгэрийг өвөөгөөс биш интернэтээс сонсож буй нь тийм гайхамшигтай хөгжил, өөрчлөлт биш.

Цагаан сар нь талбай, жин, цаг хугацааны хязгаар байхгүй хүч үздэг үндэсний бөхийн барилдаан шигээ урт удаан үргэлжилдэг цогц баяр юм.

Гадаадын жуулчинд тайлбарлаж байгаа юм шиг ингэж бичих нь уг нь илүү үг л дээ.

Бидний багад цагаан сар дөхсөний анхны дохио бол бууз баншаа хийх зар түгдэгсэн. Ёстой гоё. Тэднийх орой ирж гурил элдэж өгөөрэй гэвэл бөөн баяр. Цагаан сарын бууз баншийг шөнө хийж хөлдөөх ба голлох үүргийг олон хүүхдийн хүчээр нугалдаг. Ингээд байсхийгээд л нэгнийдээ цугларан галын дэргэд чөтгөр шуламсаас өгсүүлээд од гариг ертөнцийн тухай хүртэлх эцэс төгсгөлгүй яриаг ах эгч нарынхаа амнаас сонсон суух нэн жаргалтай.

Бууз чимхэлтийн үеэр хөөрхөн хөөрхөн ёс заншлууд болно оо. Анхны жигнүүр буузнаас мөнгө, торго, будаа энэ тэр таарвал азтай. Залуу гэр бүлийн ах нар онгирон хүүхдүүдэд эцэг эхээс далд байгаа дээр нь нууж бараашиг аягална. Хүүхэд байхдаа яадаг байснаа дурсан ярьж хөхрөлдөцгөөнө.

Дараа нь удалгүй хэвийн боовоо хийх ажлан баяр залгана. Аль эрт хоршооноос аваад жоорлосон цав цагаан гурил оруулж ирээд зуурна даа. Аавыгаа гал тогооны ажилд ямар мундгийг анх удаа хараад гайхаж билээ. Амьдралдаа ганц гамбир ч хайрч байгаагүй мань эр бүх юмыг ухаалаг, төгс төгөлдөр хийж гүйцэтгэх нь гайхалтай. Энэ нэр хүндтэй ажилд ээж бол шууд гологдоно. Ажаа маань гарч орж ирэх тоолондоо гараа нямбай гэгч нь угаагаад л, орц поорцыг нь жин тан тааруулж, хэвэнд цутгасан юм шиг адилхан бэмбийнүүд таслан гар гарт бариулаад нухуулна.

Авдраа ухан хадганд ороолт-той нандин хэв, өөр бас хоёр саваа мод гаргаж ирээд эхний боовыг хэвлэн падхийтэл алгадан нэг сунгаад л тавина. Тогоотой тос халан дотор нь хийсэн боовон могой, самар нэг ил гарч нэг далд орон шожигнон буцална. Боов хийдэг өдөр гэр төдийгүй хашаа нэлдээ “Талх чихэр” компанийн хажуугаар яваа юм шиг гоё боовны үнэр ханхлаад арааны шүлс асгаруулна.

Шөнө дундаас эхэлсэн боов оппераци тэр өдрийнхөө үдээс хойш сая өндөрлөдөг. Энэ удаад хүүхэд цөөн, томцуул зонхилсон бүрэлдэхүүн оролцдог. Бас л сайхан яриа хөөрөө, гэрийн халуун, хоолон дээр задалсан “ганц юм” хоёр нийлээд хүмүүсийг улаа бутруулан улам сайхан ааштай болгоно. За хө, тэгье хө, ингэе ээ хө л гэсэн хүмүүс. Зүгээр архидаад дуу дуулаад орилолдож байгаа улс биш, маш чухал ажил хийж байгаа болохоор ингээд тарахгүй суугаад байгаасай гэмээр. Цагаан сарын боов, бууз баншны ажилд дуудагдах нь томоохон нэр хүндийн асуудал. Муу энергитэй хүнээр ажлаа туслуулбал боов түүхийрэхээс эхлээд муу ёрууд салахгүй.

Авгай хүүхнүүдийн дунд дээл хувцас оёхдоо хорших нөр ажлууд бас явагдана. Тэнд бас өөрийн гэсэн дэс дараалал, баяр гуниг өрнөдөг нь тодорхой. Баярт зориулж нэгнийдээ хамтын бүтээл туурвих нь “Цагаан сар ба хар нулимс” биш, баярын өмнөх баяр л болдог байсан ш дээ.. Монголчууд идэр гурван есийн урт шөнийг ийн өнгөрүүлцгээнэ.

За тэгээд битүүний ууц чанах, идээ тавгаа засах зэргийг ярих ч юм биш. Битүүний урд өдөр айлууд гаднаа адуугаа хурааж ирнэ. Намар гүү тавьснаас хойш барааг нь хараагүй морьдын зүс танигдахын аргагүй өөрчлөгдөн эргээд зэрлэг амьтан болчихоо юу гэмээр тачигналдан хашаа хороо нураана. Сараар унах гэж барьсан морьд энд тэндгүй уяан дээр тогтож ядан эргэлдэн цавчилж, хангинатал янцгаалдах нь цагаан сарын шинийн нэгэн тэнгэр бурхнаас айсуй гэлтэй. Цасан дээгүүр хөөцөлдөн өд-рийг барах банхар маань хүртэл нэг үйл явдал бо-лох гээд байгааг гадарлан баяртайгаар зөөлөн гасалж хов хүргэнэ.

Аливаа баяр дараа өдрөөс хуучирдаг бол цагаан сарын золголт манайд хэн ирнэ тэр тоолонд ёслолоо эхнээс нь үргэлжлүүлэх эцэс төгсгөлгүй. Айл гэр л болсон хойно аав ээж хоёр хэг ёг хийгээд сууж байхад нь золгохоор гаднаас хүн ирэхэд уур уцаараа хойш тавихгүй гээд яахав. Тэгээд харилцан бэлгэ дэмбэрлийн үг хэлэлцсээр байгаад түүндээ уусан дорхноо уярна. Гэрийн доторх эд хогшил хүртэл өнгө орох мэт тунгалагшина. Түрүүхэн “Түлээ оруулаад ир гэж хэд хэлүүлдэг лүд вэ чи” гэж байсан ээж зочноо дагаад боловсорчихсон “Миний хүү, ижийдээ нэг завандаа түлээ дөхүүлчихээрэй хөө…” гэх жишээтэй.

Гэхдээ амьдрал тарчиг үед сар шинэдээ бэлдэх нь харзны хүйтэн ус руу өвлөөр нүцгэн үсрэх гэж буй мэт олон айл халгадаг байсаан. Нэгэнт золгуут эхэлсний дараагаас хойш хүүхдээсээ томцуул нь бүр илүү хөөрөн догдолж ойрд уулзаагүй садан төрлөө өссөн өндөр сайхан болсныг нь, өтлөөгүй ануухнаараа байгааг нь гайхацгаан жинхэнээсээ баярлацгаана. Олны сайхан ерөөлд байгаль дэлхий хүртэл уярдаг ч юмуу, санаа дагаад тэр үү, удтал хүлээсэн хаврын тогтуун налгар өдөр шинийн нэгний өглөө босоход хүрээд ирчихсэн байдаг даа. Тэр өдрүүдэд ер барагддаггүй хөдөөний бахь идээ ажлуудыг хэн нэгэн нь хийгээд өгчихсөн мэт сул чөлөөтэй болцгоон аз жаргал амтагдана. Шинийн гурванд тавгаа хураах үед жаахан гуниг төрж тэрнээс цааш цагаан өвлийн цагаан сар оочин цоочин цоохортсоор зургаан сарын бантан гэхэд аль хэдийнэ сураг алдарна. Өвөл, жавар, цас гурвыг амжилттай даван туулж ард хоцорсныг амбаарт байгаа бууз гэсэн наалдаж, хураасан битүүлэгнээс шүүс дусах урин дулаан цаг хэлж өгнө. Одоо гэрийн мухар сахин хоцрох, гал түлж бууз чимхэх сонирхолтой биш болж цөм гадаа гарцгаана. Өдөр гэрт ороход тас харанхуйлж өөдөөс чийг даана.

Бөмбөрцгийн энэ хэсэг дайдад өвөл эхлэхээс өмнө шувууд дайжин зугтаж, амьтас хөрсөнд ичиж шурган, хөр цас, хүйтэн жавар дор монгол хүн, морь хоёр л торойн нутгаа сахин хо-цорсон байлаа. Мянга мянган жил ийм л байсан, байсан юм чинь байж л таараа. Адуу туурайгаараа цас малтан хойд энгэрт тургилна. Хүмүүс шувуудын араас нисээгүй, баавгайны хойноос газрын гав руу шургаагүй. Дулаан цаг ирэхийг хүлээн гадаа ажлаа зогсоож гэр зуураа. Энэ үед өдөр хоногуудыг хурдан бөгөөд сайхан өнгөрөөхийн тулд цагаан сарыг зохиосон болов уу. Харин дараа нь залгуулаад “Март”-лах зав ч гарахгүй, бэл ч дууссан байна.

Шувууд ирж, ичигсэд хөдлөхөд хээр талд адуу унагална, бид намар орхисон ажил дээрээ эргэж ирцгээнэ. Одоо баяр хэрэггүй. Наргиж болсон. Сайхан байлаа.

Цагаан сарын үеэр л юмдаг… хэмээн эхлэх монгол эр хүний дуртгалууд тийм нэг гэгээн явдлыг хүүрнэсэн байх нь дандаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын дарга С.Эрдэнэ: Нэгэн жарны эхлэл болсон хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна

-МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БИЛГИЙГ ЭРХЭМЛЭДЭГ. БИД ЭНЭ БҮХ СОРИЛТЫГ АЖРАЛГҮЙ ДАВНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА-

“Хотол төгс” хэмээгч хулгана жил гарах гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй товч ярилцлаа. Тэрээр урд хөршид халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг уриалсан юм.


-Удахгүй Сар шинийн баяр тохиох гэж байна. Энэ жилийн хувьд өмнөх шигээ өргөн дэлгэр тэмдэглэхгүй нь тодорхой боллоо?

-Ер нь Цагаан сар бол Монголын ард түмний эрхэмлэн дээдэлдэг уламжлалт баярын нэг. энэ утгаараа олон зууны өмнөөс өргөн дэлгэр тэмдэглэж, айл хотлоороо учран золгодог уламжлалтай. Тэрчлэн хахир хатуу өвлийг даван туулж, урин цагтай энх золгосны баяр ч гэж үздэг. байгаль цаг уурын амаргүй нөхцөлд амьдардаг, жилийн дөрвөн улиралтай монголчуудын хувьд урин цагтай золгоно гэдэг бол байгалийн шалгарлыг даван туулсны, нас нэмсний баяр юм. Өөрөөр хэлбэл, хүндлэлийн баяр гэж ойлгодог доо. энэ утгаараа бид дор бүрнээ шинэ цаг тоолол эхэлж, урин цаг ирснийг бэлгэдэж, өтгөс дээдэстэйгээ золгохыг хүсч л байгаа. Харамсалтай нь, бид бүгдээс хамаарахгүй зүйл гэж бий. Өнөөдөр дэлхий ертөнц даяарчлагдаж, улс үндэстнүүд улам бүр бие биенээсээ хамааралтай болж байна. эдийн засаг, соёлын нийтлэг хамаарал гэх мэт зүйлээс шалтгаалж нэг улсад тохиолдсон гамшигт үзэгдэл бусад улсуудад ч нөлөөлж байгааг бид харж байна. Сар орчмын өмнө ази даяараа шахуу Цагаан сарын баяраа тэмдэглэсэн.

Өмнөд хөршид маань ч өргөн дэлгэр болсон байх.

Энэ үеэр титэмт вирусийн дэгдэлт гарч таарсан нь өнөөдөр олон улсад хөл хорио тогтоох, цар тахлын аюулын харанга дэлдэх хэмжээний эрсдэлд хүргэсэн. Тиймээс бид энэ алдааг давтаж болохгүй. Тодорхой хүрээнд цомхон ёслоод өнгөрөх нь зөв. Бид иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

-Таны хувьд хэрхэн шинэлэхээр төлөвлөж байна вэ?

-Гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэнэ дээ. Ээждээ золгоно, үр хүүхдүүд, ач зээ нар маань ирнэ. Тэгээд л болох байх. Үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулж, төр нь иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө болгоомжтой, сонор сэрэмжтэй хандах ёстой. Иргэд нь ч хариуцлагатай хандах хэрэгтэй. Титэмт вирус бол тоглоом биш. Агаар дуслаар халдварладаг аюултай өвчин. Тиймээс олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хувийн ариун цэврээ дээд зэргээр сахиж, сахилга баттай байх нь чухал. Мэргэжлийн байгууллагын анхааруулга, сануулгыг дагаж мөрдөх нь хүн бүрийн үүрэг.

-“Хотол төгс” хэмээгч хулгана жил гарч, нэгэн жаран эхэлж байна. Энэ жилийн өнгийг та хэрхэн харж байна вэ?

-Хулгана жил он тооллын эхлэл гэдэг утгаараа онцлогтой. Эртнээс өвөг дээдэс маань хулгана жилийн онцлогийг шинжиж хэлж ирсэн байдаг. Түүгээр бол дэлхий дахинаа мөргөлдөөн зөрчил гарах эрсдэл их өндөр байдаг юм байна. нөгөө талаар эрдэм мэдлэг, эрх мэдэл, эд хөрөнгө ч их цуглуулдаг гэнэ. Энэ утгаараа бэлгэшээж, нөгөө талаас болгоомжилж байгаа хүмүүс ч байна. Миний хувьд бол монгол хүн амны билгээс ашдын билгэ гэдэг өвгөдийнхөө сургаалыг дагаж, энэ бүх сорилт бэрхшээлийг монгол түмэн маань ажралгүй давна, сайн цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас нэгэн жарны эхлэл болсон хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна. хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас сайн сайхныг бодож, дор бүрнээ хууль журмыг чандлан сахиж, эв эеийг хичээж, шинэ гарч буй жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.

Categories
мэдээ цаг-үе

Цас шиг цагаан царайтай цэрэг эрсийн гоо сайхны нууц

Цэрэг халагдах үеэр Сүхбаатарын Эрдэнэцагааны отряд дээр очиж таарлаа. Цэвцийсэн цагаан царайтай халагдах цэргүүд эгнэн жагссан байх юм. Өмнө нь ирэхэд гандаж борлосон хилийн цэргүүд хөшилдөж байсан санаанд орлоо. Заставын даргаас нь “Энэ жилийн халагдах цэргүүд чинь хилээ манаж, хээрээр яваагүй юм уу. Хотын ганган цагаан залуусаас хол илүү цагаан бүгээн, цэвэрхэн царайтай харагдаад байх юм” гэлээ. Заставын дарга залуу жуумалзаад “Халагдахаас нь 14 хоногийн өмнө цэргүүдээ гоо сайханд оруулдаг юм аа” гэж байна. “Хаана, аймгийн төвд үү” гэлээ. “Үгүй ээ, энд” гэх юм. “Яаж” гэсэн чинь ярьж өглөө, тэр офицер. Бүтэн жил хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн, улсынхаа дархан хилийг өдөр шөнөгүй манасан цэргүүдээ халагдах дөхөөд ирэхээр нь нэг сарын өмнөөс эхлэн унтахынх нь өмнө нүүрэнд нь үхрийн шингэн баас түрхдэг юм байна. Нэг цаг болгоод угаагаад амраадаг аж. Өглөө боссон даруйд нь дахиад үхрийн халуун, шингэн баасыг нүүр, хүзүү, гарт нь сайтар нялгадаж, зузаан түрхэж хатаагаад 30 минутын дараа бүлээн усаар угаадаг ажээ. Энэ гоо заслыг тасралтгүй, тогтмол цагт 14 хоног хийхэд хүрэн бор цэрэг эрс маань цас шиг цагаан царайтай, арьс нь булбарай зөөлөн, гэрэлтсэн тунгалаг хацартай болдгийг шинжлэх ухаанаар биш ч, пролетарийн аргаар хилийн цэргийн дарга нар аль хэдийнэ олж тогтоожээ. Үүнийг харин Монголын гоо засалчид, мисс, загвар өмсөгч, од шод хүүхнүүд анзаараагүй яваа нь харамсалтай. Зүс царайндаа сэтгэл дундуур яваа зарим нэг сайхан бүсгүйчүүд байгаа бол энэхүү гоо заслын шалгарсан арга ухааныг амьдралдаа бүтээлчээр хэргжүүлж, зүс царайгаа тунгалаг болгооч ээ. Монгол үхрийн баас ертөнцийн гоо сайхныг аврах цаг ойрхон болсон байна шүү.

Categories
мэдээ цаг-үе

Цахим золголт бол монголчуудын хувьд шинэ юм биш

Цахим золголтыг монголчууд гайхсан маягтай хүлээн авч байгаа харагдах юм. Яаж настай хүн рүү утсаар яриад “Сар шинэ сайхан уу” гэж асуух юм бэ хэмээн нэрэлхэцгээж байна. Үнэндээ монголчууд цахим золголтыг анх удаа, 2020 онд хийх гэж байгаа юм биш.

Гар утас Монголд нэвтэрсэн цагаас л шинийн нэгний өглөө алсад суугаа ахан дүүстэйгээ мэнд мэдэлцсээр ирсэн. Газрын хол, уулын мухарт суугаа ах, эгч, азай буурлуудтайгаа золгохын тулд Цагаан сарын баярын хэдхэн хоногт машинаар давхиулаад ч очиж амжихааргүй тохиолдолд гар утсаараа ярьж, video call хийдэг болчихсон. Үүнийг холын аймгийнхан, хил дагуу амьдран суугаа иргэд илүү мэднэ дээ. Гадаадад амьдардаг монголчууд битүүнд Skype-аар гэрийнхэнтэйгээ хамт битүүрч, өглөө нь мөн л цахимаар золгодог. Ах дүүстэйгээ цахимаар золгож байгаа энэ үйлдлийг хэн ч хүндэтгэлгүй явдал боллоо гэдэггүй. Газрын хол, замын бартаатайд үүн шиг сайхан золголт үгүй. Харин ч тийм технологи бий болсонд нь талархмаар. Дүрсээ хараад, дуу хоолойгоо харилцан сонсолцож байна гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний технологийн дэвшлийг ашиглаад Монголын хязгаар нутагт суугаа эгэл жирийн малчин төв газарт суурьшсан хамаатантайгаа төвөггүй, шууд холбогдож байгаа таатай үйл явдал гэж ойлговол зохино. Тийм болохоор хөл хорионы үед Ерөнхийлөгч хүртэл уриалаад байгаа “Цахим золголт” бол монголчуудын хувьд шинэ юм биш шүү. Нэрэлхээд хэрэггүй.


Categories
мэдээ цаг-үе

Амжилтад хүрэх түлхүүр тууштай зүтгэл билээ

Аливаа зүйлд тууштай хандах нь ямар ч хүнийг амжилтад хүргэдэг нь маргаангүй зүйл л дээ. Тухайлсан нэг ажлаа олон жилийн туршид сэтгэл гаргаж хийгээд байвал үр өгөөжөө заавал өгдөг. Угаасаа дэлхийн хэмжээний тэрбумтнуудын өгдөг гол зөвлөгөө нь ч гэсэн нэг ажилдаа л төвлөрч сэтгэл гаргаж хий гэдэг. Харин нэгэнт өндөр амжилтад хүрсэн бол хөрөнгө оруулалтаа нэг салбарт, нэг зүйл дээр бариад байх биш, аль болох олон салбарт оруулах хэрэгтэй гэсэн санаа их явдаг. Бас нэг ажилдаа тууштай байна аа гээд дороо эргээд байж болохгүй. Би ганц энийг л хийж чаддаг. Гэхдээ энэндээ тууштай байна гээд дороо хий эргээд эхэлбэл амжилт алсардаг. Хийж буй ажилдаа аль болох шинэ санаа оруулж, түүнийгээ хөгжүүлж байж амжилтын өндөрлөгт гарах нь мэдээж юм.

Нэгэн дотны танил маань их л олон юм хийх гэж оролдож, унаж босож явсан юм даг. Магадгүй түүний алдаа нь онооноосоо их байсан байх. Тэгж тэгж яг л өөрийн хийж чадах ажлыг олж авсан тэрээр өнөөдөр амжилтын оргилд гарч дөнгөсөн юм. Өөрийг нь амжилтад хүргэсэн ажлаа лав л сүүлийн 12 жил тасралтгүй хийж байна. Саявтар тааралдаад хэдэн үг солиход тэрээр “Найз нь өмнө нь юм юм л хийх гэж ийш тийшээ үсчиж байсныг чи мэднэ дээ. Одоо бодоход туйлбаргүй, нэг ажилдаа тууштай ханддаггүй байж. Харин энэ ажлаа барьж авснаас хойш хэдэн жил бүхнээ зориулсны дүнд ямар ч гэсэн амжилтад хүрлээ. Ямар ч ажилд сэтгэл гаргаж тууштай байвал юунд ч хүрч болохоор юм гэдгийг сая л ойлгож байна даа” гээд инээмсэглэсэн. Дотроо найзаараа бахархаж “Нээрээ л ажилдаа тууштай байлаа гээд амжилт л олох болохоос уруудах нь юу л бол” гэсэн бодол төрсөн юмдаг. Эзэн хичээвэл заяа нь дагаад хичээдэг гэдэг дээ.