Categories
мэдээ спорт

Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойн барилдаан болно

Image result for Заалны барилдаан

Монголд Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны товыг зарлалаа. Энэхүү барилдаан 12 дугаар сарын 7-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Түүхт 30 жилийн ойн барилдааны түрүү бөхөд 8 сая, үзүүрлэсэн бөхөд 5 сая, их шөвгийн бөхчүүдэд 2 сая төгрөгийн бай шагнал гардуулах юм байна. Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 05, 06- нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 5.7 дахин нэмэгдүүлэхээр боллоо

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 5.7 дахин нэмэгдүүлэхээр боллоо. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталж, Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн юм. Ингэснээр авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс авч эхлэхээр болоод байна. Төлбөрийн хэмжээ тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамааран харилцан адилгүй байна. Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

​Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 406 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 380-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртжээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр, мөргөлдөх хэлбэрээр хоёр осол тус тус гарчээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд, хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тухай хуулийн зүйл заалтын дагуу хотын шуудын 2019 оны төсвийн нийт орлого, зарлагын дунд өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 6,0 хувиар тооцсон байна. Нийслэлийн 2020 оны төсвийн хэлэлцүүлгийг иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлж гарсан саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсвийн төсөлд мөн тусгасан байна.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж тогтоолд тусгажээ.

Ийнхүү нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг дэмжье гэдгээр санал хураахад 75,68 хувиар тогтоол батлагдлаа. Хуралдааныг хааж НИТХ-ын Р.Дагва хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдыг шат шатандаа хариуцсан ажилдаа хариуцлагатай байж, санаачилгатай ажиллахыг санууллаа. Тэрбээр “2020 оны төсвийг батлахдаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийг баримталж төсвийн хуваарилалтыг хийсэн. Өнгөрсөн аравдугаар сард нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийг хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэж, 2020 онд нийгэм эдийн засгаа хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталсан. Энэхүү үндсэн чиглэлд тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлээ дэмжиж хамтран ажиллах ёстой.

Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувийг хот байгуулалт дэд бүтэц, 30 хувийг авто замын салбарт, 12 хувийг нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр баталлаа. Ирэх 2020 он хэдийгээр сонгуулийн жил боловч иргэдийнхээ ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын хөгжлийн төлөө ажиллах хангалттай хугацаа бий гэдгийг хэлье. Иргэдийн хүлээлгэсэн итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой гэдгийг өдөр бүр санах ёстой. Зүтгэл гэдэг бол санаачилга, итгэл хоёрын нэгдэл гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил бүрт сэтгэл гаргаж санаачилгатай ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Хурлын өмнөөс хүсье” хэмээн хуралдааныг өндөрлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны шат цөмөрч, нэг хүн гэмтжээ

Орон сууцны орцны шат цөмөрч хүн даруулсан тохиолдол Дархан-Уул аймагт гарчээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны дөрөвдүгээр орцны нэгдүгээр давхарт шатны марш доош цөмөрч нэг хүн дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу очиход тус байрны оршин суугч 34 настай эмэгтэй Т нь гэрээсээ гарч явахад шатны марш цөмөрч барилгын хийцэд дарагдсан байсныг Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Шинэшагай, дэд ахлагч Б.Даваажаргал нар гаргаж, эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Тухайн иргэний биеийн байдал хэвийн, бүсэлхий, хөл хэсгээрээ хөнгөн зулгарсан байдалтай байна гэсэн мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газар шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар тус байрны зоорийн давхарт алдагдсан ус, чийгний улмаас шатны бэхэлгээний хэсэг чанар байдлаа алдаж шатны хэсэг нурсан байж болзошгүй байгаа юм.

Нуралтын үед тус байрны бохирын хуванцар хоолойд гэмтэл гарсныг засварлаж, тухайн орцонд төмөр хийцийн түр шат буюу тавцанг хийжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк: Он гарсаар 14.4 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2019 оны эхний 11 сард 14.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 18.9 тонн үнэт металл худалдан авснаас 4.5 тонноор бага буюу 24%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 11 дүгээр сард 1.5 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 11.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 19.4 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тонн үнэт металл худалдан авч байснаас 0.3 тонноор өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны 11 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,002.45 төгрөг байлаа.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит XXIX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ

НИТХ-ын ээлжит XXIX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”, “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Хуралдааны эхэнд орон нутгийн төсвийн тайланг хэлэлцэхтэй холбогдуулан нийслэл дэх Төрийн аудитын газраас санал, дүгнэлтээ танилцуулав. Нийслэл дэх Төрийн аудитын газраас нийслэлийн төсвийн орлогыг гүйцэт төвлөрүүлэхийн тулд автомашин эзэмшигчийн торгуулийн орлогыг хуримтлуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн 2020 онд үр ашиггүй урсгал зардал нэмэгдсэн байна гээд буруулах зөвлөмж өгөв. Үүнээс гадна зарим аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын санхүүжилтийг хасах саналтай байна гэв.

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа танилцуулав. Танилцуулгад хэлэлцэж буй асуудлыг дэмжих нь зүйтэй гэжээ. Харин нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх, зарим эд хөрөнгө, хуулийн этгээдийг өмчлөхийг эсэргүүцэв. Тус бүлгийн дарга, төлөөлөгч Ц.Баатархүү санал, дүгнэлтийг уншиж танилцуулсан бөгөөд “Багш, эмч нарын урамшуулал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон Ахмадын орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэх” зэрэг таван санал гаргав.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан хороодын санал, дүгнэлтээр үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байна

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ.

Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасантай холбогдуулан Цэргийн гавьяаны одон гардуулах ёслол өнөөдөр тус ангийн жагсаалын талбайд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн гавьяаны одонг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байлдааны туганд зүүж, одоо үүрэг гүйцэтгэж байгаа болон өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн үг хэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм офицер, ахлагчид аа,

Үе үеийн ахмадууд аа,

Зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийхээ төлөө “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Та бүхэнд халуун баяр хүргэе.

1935 оны 08 дугаар сарын 29-ны өдөр БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын З21 дүгээр тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа” нэртэйгээр байгуулагдсан Дотоодын цэргийн 805 дугаар анги нь 1945 оны 428 дугаар тушаалаар япон цэргийн олзлогдогсдыг “Хамгаалах хороо” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж байжээ.

Тусгай хороо, батальоныг НАХЯ-ны Сайдын 1988 оны Б/323 дугаар тушаалаар нэгтгэж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар тусгай хороо болгон өргөтгөгдсөн бөгөөд 1992 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын 145 дугаар тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги” болгон өөрчилжээ.

Хожим 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, “Хамгаалалтын гуравдугаар газар” болгосон. Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийг дахин эмхэтгэн байгуулсан билээ.

Монголын төр Цэргийн гавьяаны одонгоор шагнаж байгаа нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийлэл юм.

Цаашид ололт амжилтаа бататган, Төрийн хуулийг чанд мөрдөж, үндэсний аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагч, ахмад ажилтан, Та бүхэнд чин сэтгэлийн халуун баярыг дахин хүргэж, амжилт хүсэхийн ялдамд албаныхаа нэрийг үргэлж өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь мандан бадраг” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийж байна

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК жил бүр нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн өвлийн өндөр ачаалын үеийн горим тохируулга, хэрэглэгчдийн техник тоноглолын үйл ажиллагаанд хийгддэг “Ерөнхий инженер”-ийн үзлэг шалгалтаа 2019 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд байна.

2019-2020 оны халаалтын улиралд дулааны төв магистраль шугам, тоноглол, насос станцуудын тоноглолын ажиллагаа болон хэрэглэгчийн төхөөрөмж, тохируулах хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангаж, ашиглалтын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг засч хэвийн болгох арга хэмжээг авах, болзошгүй гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү үзлэг шалгалтыг зохион байгуулдаг.

Ерөнхий инженерийн үзлэгээр:

  1. Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ
  2. Дамжуулах сүлжээний цахилгаан тоноглол

Шуурхай ажиллагаа, горим тохируулга:

  1. Аж ахуй үйлчилгээний алба, тоолуурын лабораторийн үйл ажиллагаа
  2. Хэрэглэгчийн үйлчилгээний албаны хэрэглэгчдийн шугам тоноглол, засвар үйлчилгээ
  3. Шинээр дулаанд холбогдсон хэрэглэгчдийн дулаанаар хангах ажлуудыг үзүүлэлт тус бүрээр нь шалгаж дүгнэх юм. Ерөнхий инженерийн үзлэг шалгалт нэг сарын хугацаанд үргэлжилнэ.