Categories
гадаад мэдээ нийгэм спорт

Лионель Месси “Алтан бөмбөг”-ийг зургаа дахь удаагаа хүртэв

Аргентины хөлбөмбөгчин, Испанийн “Барселона” клубын довтлогч Лионель Месси “Алтан бөмбөг”-ийн эзнээр 6 дахь удаагаа тодорч, дээд амжилт тогтоожээ.

Тэрээр Парис хотын Шатле театрт болсон шагнал гардуулах ёслолын үеэр “Алтан бөмбөг” шагналыг анх удаа авснаас хойш 10 жил өнгөрчээ. Тэр үед би 22 настай байсан. Туулж өнгөрүүлсэн бүх зүйл миний хувьд төсөөлшгүй байсан” хэмээн ярьжээ.

Сонирхуулахад, Месси нь өнгөрсөн есдүгээр сард ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шагнал гардуулах ёслолд оны шилдэг тоглогчоор тодорч, дараа сард нь Аваргуудын лигийн 15 улирал дараалан оноо авсан анхны тамирчин болж байв. Мөн тэрбээр “Алтан пүүз”-ний эзнээр болон Аваргуудын лиг, Испанийн аваргын шилдэг довтлогчоор зургаан удаа тодорч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоцрогдлын онцлог, эрт илрүүлэг, асаргаа сувилгаа” сургалт болж байна

Хөгжлийн хоцрогдлын илт эрсдэлтэй хүүхдэд цаг алдалгүй хөгжлийн дэмжлэг үзүүлэх, чадвар алдалтыг багасгах, эцэг эхийн оролцоог сайжруулахад эрт илрүүлэх тогтолцоо зайлшгүй шаардлагын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоцрогдлын онцлог, эрт илрүүлэг, асаргаа сувилгаа” сэдэвт сургалтыг дүүргийн нийгмийн ажилтнууд болон сургуулийн эмч, багш нарт хоёр өдрийн хугацаанд явуулж байна.

Үндэсний статискийн хорооны 2017 оны албан ёсны тайланд дурдсанаар Монгол Улсын хүн амын 3.2 хувь нь /103630/ ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй, тэдгээрийн 11 орчим хувийг /11453/ 0-17 насны хүүхэд эзэлж байна.


Эдгээр хүүхдийн 11.1 хувь нь харааны, 7.4 хувь нь хэл ярианы, 7.4 хувь нь сонсголын, 17.4 хувь нь сэтгэцийн бэрхшээлтэй, 22.4 хувь нь хөдөлгөөний, 23.6 хувь нь хавсарсан бэрхшээлтэй байдаг байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ё.Баатарбилэг БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайдтай уулзав

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыгантай уулзалт хийв.

Уулзалтаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, шинжлэх ухааны паркийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтарч ажиллах, хоёр орны судлаачдын хамтын судалгааг өргөжүүлэх, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, гарааны компаниудыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар хэлэлцэв.

Мөн 2015 онд Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори байгуулагдаж, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны сангийн хооронд 2017 онд байгуулагдсан санамж бичгийн хүрээнд тодорхой төслүүд болон сургалтын үйл ажиллагаанууд 2019 оноос эхэлж байгаад талархал илэрхийллээ. Молекул биологийн хэрэглээний лаборатори нь БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтын ажиллагааны тусгай төлөвлөгөөний шаардлагад нийцэж шалгарсан 14 лабораторийн нэг билээ.

Монгол оронд бүс нутгийн хувьд цөлжилт, экологийн доройтол тулгамдсан асуудал болж байгаа учраас энэ байдлаас сэргийлэх чиглэлээр хамтарсан лаборатори байгуулах, мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн.

Түүнчлэн 2019 онд археологийн салбарт хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу археологийн салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэхээр санал солилцов.

БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыган дэлхийн технологийн хөгжлийн хүрээнд хоёр улсын инноваци болон технологи хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх, эрдэмтдийн хамтарсан төслийг дэмжих талаар санал солилцож, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тавьсан тодорхой санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Алт худалдан авалт 24 хувиар буурчээ

Монголбанк оны эхний арваннэгдүгээр сард 14.4 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 18.9 тонн үнэт металл худалдан авснаас 4.5 тонноор бага буюу 24%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Арваннэгдүгээр сард 1.5 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 11.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 19.4 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тонн үнэт металл худалдан авч байснаас 0.3 тонноор өссөн үзүүлэлт.

2019 оны арваннэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,002.45 төгрөг байлаа.

Categories
мэдээ цаг-үе

С.Жаргал: Тоглолт зохион байгуулагч нь Олон улсын хөлбөмбөгийн холбоог төлөөлдөг элчин сайд юм

Монголын хөлбөмбөгийн холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргалтай ярилцлаа.


Иран эмэгтэйчүүд 40 жилийн дараа цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөг үзсэн түүхэн тоглолтын зохион байгуулагчаар нь та ажилласан. Тоглолтын өмнөх томоохон үйл явдлууд сэтгэл нэлээн түгшээж байсан шүү дээ. Хоёулаа энэ талаар яриагаа эхлэх үү?

Эмэгтэй хүн хөлбөмбөг үзэхийг хориглодог дэлхийн сүүлийн улс Иран байлаа. Өмнө нь Саудын Арабад мөн эмэгтэйчүүдийг хөлбөмбөг үзэхийг хориглодог байсан ч 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаас эхэлж зөвшөөрсөн. Энэ оны гуравдугаар сард Азийн Аваргуудын лигийн хүрээнд явагдсан Эстеглалболон Аль-Айн ФС багуудын тоглолтын үеэр Сахар Ходаяари хэмээх эмэгтэй тоглолтыг нууцаар үзэх гэж байгаад хамгаалалтын албаныханд баригдаж Исламын хатуу шүүхээр орохдоо өөрийгөө шүүхийн өмнө шатаасан хэрэг гарсан. Энэ нь олон нийтийг цочроосон үйлдэл болж Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн хөлбөмбөг үзэх эрхийг сэргээхийн тулд Иранд ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн юм. Ингээд Ираны Хөлбөмбөгийн холбоотой хамтран өөрчлөлтийн шинэ эхлэлийг тавихын тулд ихэд хичээн ажилласан байдаг. Ираны хөлбөмбөгийн холбоо “Засгийн газарэмэгтэйчүүдийн хөлбөмбөг үзэх эрхийг сэргээх асуудлыг дэмжиж байгаа” хэмээн мэдэгдсэн. Хамгийн гол нь Ираны иргэд, ялангуяа эрэгтэйчүүд энэхүү өөрчлөлтийг хэрхэн хүлээж авах бол гэдэг асуудал байлаа. Энэ тоглолтонд ОУХБХ-оос удирдах албан тушаалтай таван ажиглагч оролцсон. Мөн Азийн Хөлбөмбөгийн холбооны Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн тухайн тоглолтыг ирж үзсэн.

2022 оны ДАШТ болон 2020 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд явагдсан Иран болон Камбожийн тоглолтыг 4600 эмэгтэй хөгжөөн дэмжигч үзсэн. Тэднийг аюулгүй тоглолт үзүүлэхийн тулд ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

Зөвхөн эмэгтэй хөгжөөн дэмжигчдэд зориулан 5-10 дугаар секторыг тусад нь бэлдэж, 4600 тасалбарыг тэдэнд зориулж онлайнаар худалдаалсан. Тоглолт болохоос хоёр өдрийн өмнө цагдаа болон армийнхантай уулзахад цагдаагийн дарга нь өөрийн биеэр хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар тохиролцсон юм. Тоглолтын өдөр 4600 эмэгтэйг зохион байгуулалттайгаар цэнгэлдэхэд авчрах асуудал гарсан л даа. Хүн болгон өөрийн хувийн унаатай стадионд ирж буй учраас эмэгтэйчүүдэд нь тусдаа зогсоол гаргаж өгсөн. Эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэх рүү явах замд нь эрчүүд дайрах магадлал өндөр байсан юм. Тиймээс машины зогсоолоос авахуулаад цэнгэлдэхийн хаалга хүртэл хамгаалалт гаргаж, тус бүр нь дөчин хүний суудалтай 80 ширхэг автобусаар үйлчилсэн. Арван минут тутамд автобус байнга явж, эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг стадионд аюулгүй авчрах ажлыг гүйцэтгэж байлаа. Эмэгтэйчүүдийн сектор дотор 100 эмэгтэй цагдааг тусгайлан байрлуулсан. Мөн тэдний секторт Олон улсын хөлбөмбөгийн холбооны таван эмэгтэй, Азийн хөлбөмбөгийн холбооны нэг эмэгтэй ажиглагч Ираны хувцас өмсөн үзэгчдийн дунд орж ажиглалт хийсэн байгаа.

Иран эрчүүд, эмэгтэй хүн 40 жилийн дараа цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөг үзэж буй түүхэн үйл явдлыг хэрхэн хүлээж авсан бэ?

Тухайн тоглолтыг 15823 хүн үзсэн. Үүнээс арван нэг мянга гаруй нь эрэгтэйчүүд байлаа. Тэд түүхэн өөрчлөлтийг эерэгээр хүлээж авсан төдийгүй зарим нь уйлж байсан. Эмэгтэйчүүдийн эсрэг янз бүрийн дуу авиа, хараалын үгс хашгирах байх хэмээн тоглолтын зохион байгуулагчид таамаглаж байсан хэдий ч ер тийм зүйл болоогүй. Энэ тоглолтын дараа Ираны хөлбөмбөгийн холбоо цаашид эмэгтэй хөгжөөн дэмжигчдэд худалдаалах тасалбарын тоогоо бага багаар нэмэгдүүлэх дүгнэлтэд хүрсэн.

Тоглолтын зохион байгуулагчдын зүгээс хоёр багийн тоглогчдод цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгалыг эерэг болгох ямар нэгэн зөвлөмжийг өгсөн үү?

Үгүй, тэгээгүй. Харин Ираны Хөлбөмбөгийн холбооноос тоглогчдодоо зөвлөгөө өгсөн ньтоглолтын өмнөх бие халаалтаа эхлэхдээ эмэгтэйчүүдийн секторт очиж тэдэнд тусгайлан баяр хүргэсэн мөн тоглолтын дараа эмэгтэй хөгжөөн дэмжигчдийнхээ секторт очин баяр хүргэсэн зэргээс харагдсан л даа. Тоглолт дуусаад хүмүүс бүгд явсны дараа эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг стадионоос гаргасан.

Иранд хөлбөмбөгөөс бусад спортын тэмцээнүүдийг эмэгтэй хүн үзэж болдог юм билээ. Яагаад ганц хөлбөмбөгийг л эмэгтэй хүн үзэх хориотой байсан юм бол?

Иранд бусад спортын тэмцээнүүдийг эхнэр нөхөр хоёр хамтдаа явж үздэг гэсэн. Ганцхан хөлбөмбөгт л “Эмэгтэй хүн үзэх эрхгүй. Хөмбөмбөг бол зөвхөн эрчүүдийн спорт” гэсэн нийтлэг тогтсон ойлголт байдаг юм билээ. Ираны эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 71 дүгээр байрт (Олон улсын Хөлбөмбөгийн холбоо хамгийн сүүлд 2019 оны есдүгээр сарын 27-нд дэлхийн чансааг шинэчлэн танилцуулсан юм) эрэмбэлэгдэж байна. Футзалны хөлбөмбөгийн эмэгтэй шигтээ баг нь 2015, 2018 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. ДАШТ-д гурван удаа оролцохдоо 2013 онд тавдугаар байрт, 2012, 2015 онуудад долоодугаар байрт шалгарч байсан шүү дээ.

Иран 14:0 Камбожийн тоглолт таны зохион байгуулсан олон улсын 119 дэх тоглолт байлаа. Эдгээр тоглолтуудад ямар ч асуудалгүй тоглолт ер нь байв уу?

Асуудалгүй тоглолт байгаагүй. Тоглолт зохион байгуулагч хүн бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоог төлөөлдөг Элчин сайд юм. Тоглолт зохион байгуулагчийн гол үүрэг нь тааварлашгүй, болзошгүй ямарваа нэгэн асуудал гарахаас урьдчилан сэргийлэх, хэрвээ асуудал гарсан тохиолдолд дүрэм журмын хүрээнд яаж зохицуулах вэ гэдэг дээр л тулгуурладаг. Хөлбөмбөгт ихэвчлэн дүрмийн бус асуудал гардаг онцлогтой. Дүрэм дээр байхгүй асуудал зөндөө гарна. Тухайн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь тоглолт зохион байгуулагчаас ур чадвар, мэдрэмж шаарддаг. Хэрвээ дүрмийн асуудал гарвал түүнд заасны дагуу шийднэ, харин дүрмийн бус асуудал гарсан тохиолдолд тухайн нөхцөл байдалд нь тохирсон арга хэмжээг авах ёстой. Гэхдээ ямар нэгэн байдлаар заавал тоглолтоо явуулах л үүрэгтэй.

Ямар тэмцээний үеэр хамгийн төвөгтэй асуудлуудтай тулгардаг бэ?

Азийн наадам болон Зүүн Азийн наадмын нэг онцлог нь тухайн улсын хөлбөмбөгийн холбоо бус Засгийн газар нь зохион байгуулдаг болохоор төсөвтөө баригдаад маш их хязгаарлалт хийдэг. Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмэнд тэмцээнд оролцож буй нэг тоглогч өдөрт зургаан литр ус, зургаан хувцасаа угаалгах эрхтэй байдаг ч Засгийн газраас зохион байгуулж буй тэмцээнүүдэд энэ тоог хязгаарлаж нэг тоглогчид хоёр литр ус, дөрвөн хувцас угаалгах эрх өгөх жишэээний олон асуудлууд тулгардаг юм. Иймэрхүү тохиолдол бүрт тоглолт зохион байгуулагчид л тэмцээний зохион байгуулагчидтай нь уулзаж энэ тоог нэмэх асуудлыг тохиролцдог. Баг бүрт заавал нэг том автобус гаргаж өгөх ёстой. Автобусыг нь дагаж ачааны машин явах шаардлагатай байдаг ч ихэнх тэмцээнүүдэд энэ журам зөрчигддөг. Албаны хүмүүст заавал машин гаргаж өгөхөөр дүрмэнд заасан ч мөрддөггүй гэх зэрэг олон асуудал бий.

Таныг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ихэвчлэн “Улаан” ангилалтай тоглолтуудад томилдог. Энэ талаараа сонирхуулаач?

Олон улсын хөлбөмбөгийн холбоо улаан, шар, ногоон гэсэн гурван төрлөөр тоглолтуудаа ангилдаг. Иран болон Камбож, хоёр Солонгосын хоорондох тоглолт гэх мэт шашин шүтлэг, улс төртэй холбоотой асуудал гарах магадлал өндөр, аюултай тоглолтуудыг улаан ангилалд багтаадаг юм. Япон, Монголын тоглолт шар ангилалд багтаж байсан. Учир нь тоглолт явагдсан Сайтама цэнгэлдэх хүрээлэн нь Урава клубын талбай юм. Энэ багийн хөгжөөн дэмжигчид Азийн Аваргуудын лигийн тоглолтуудад дандаа асуудал гаргадаг, Урава клуб ч хөгжөөн дэмжигчдээсээ болж олон удаа торгуулж байсан. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос намайг ихэвчлэн улаан ангилалтай тоглолтонд томилдог. “Миний үнэлгээ яагаад сайн байдаг вэ” гэж хааяа боддог л юм. Монгол хүний онцлог нь хар ухаанаар аливаа асуудлыг хурдан шийддэг. Харин гадаад хүмүүс асуудал гарахад “энэ асуудал дүрмийн яг хаахна байна вэ” гэж бодоод хязгаарлагдмал орчинд сэтгэдэг юм шиг байналээ. Үүнтэй л холбоотойгоор намайг улаан ангиллын тэмцээнд хуваарилдаг байх.

2022 оны Дэлхийн АШТ болон 2020 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд явагдах хуваарьтай байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан Шри Ланк болон Макаогийн шигшээ багуудын тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар та томилогдож байсан. Шри Ланкад таны байрлах гэж байсан буудалд бөмбөг дэлбэрсэн гэсэн. Улмаар тоглолт явагдах хугацааг хойшлуулж гурван сарын дараа дахин товлосон ч Макаогийн шигшээ баг тухайн тоглолтонд очоогүй шүү дээ?

Би Хойд Солонгост хоёр удаа очиж байсан. Гэхдээ Шри Ланкийн тоглолт хамгийн аюултай нь байлаа. Шри Ланкад намайг онгоцноос буухад л хоёр машин дүүрэн цагдаа тосож авсан. Мөн хоёр хамгаалагч байнга дагадаг байлаа. Хоол идэхэд хүртэл нэг хамгаалагч хажууд суудаг байсан. Учир нь намайг очихоос гурван сарын өмнө Олон улсын хөлбөмбөгийн холбооноос томилогдсон Шри Ланк болон Макаогийн тоглолтыг зохион байгуулагчид байрлах ёстой байсан буудалд бөмбөг дэлбэрчихсэн байлаа. Тиймээс биднийг цагдаагийн ерөнхий газрын хажуугийн буудалд байрлуулсан. Миний гол үүрэг бол тоглолтын өмнө очоод тоглолт зохион байгуулахад шаардлагатай аюулгүй байдлыг хариуцах байсан юм. Би Шри Ланкад очоод Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоо руу “Энэ тоглолтыг явуулахад зохион байгуулалтын хувьд ямар нэгэн асуудалгүй. Мөн тухайн тоглолтыг ямар ч үзэгчгүй зохион байгуулахаар Шри Ланктай тохиролцсон. Тасалбар худалдаалахгүй, зөвхөн урилгаар үзэх зочдыг цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрүүлэхээр ярилцсан” хэмээн бичиж маш том тайланг явуулсан. Тухайн тоглолтыг зохион байгуулахын тулд бэлтгэл ажлыг сайтар хангаж өгсөн хэдий ч харамсалтай нь Макаогийн шигшээ баг ирээгүй. Улмаар тэр тоглолт цуцлагдаж, Макао техникийн хожигдол хүлээсэн (Хоёр багийн эхний тоглолтонд Макао талбайдаа 1:0 гэсэн үр дүнгээр хожоод байсан ч хариу тоглолт цуцлагдсан тул Макао техникийн хожигдол буюу 3:0-ээр хожигдсонд тооцогдож, улмаар Шри Ланк нийлбэр дүн 3:1 харьцаатайгаар ялалт байгуулан дараагийн шатанд тоглох эрхээ авсан юм).

Таны ажлын хамгийн том үнэт зүйл юу вэ?

Тамирчин хүн эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлснээр улсынхаа нэрийг алдаршуулдаг. Үүнтэй адилхан олон улсын тоглолтонд зохион байгуулагчаар ажиллаж байх үед Жаргал биш Монгол гэсэн нэр л гарч байдаг. Энэ л миний үнэт зүйл юм. Мөн монгол хүн хувийн үнэлгээгээрээ Зүүн Азид нэгт бичигдэж буйгаараа бахархдаг. Маш цөөхөн ази хүн Клубуудын ДАШТ-д тоглолт зохион байгуулагчаар ажилласан байдаг юм. Би тэдний нэг нь байснаараа бахархдаг. Ази хүний зохион байгуулах боломжтой тэмцээнүүдээс хоёр л тэмцээн надад үлдээд байлаа. Гэвч 12 дугаар сарын 10-18-нд Өмнөд Солонгосын Бусан хотноо явагдах Зүүн Азийн АШТ-ий финалын тоглолтуудад ажиллах урилга саяхан ирсэн.Одоо ДАШТ-д ажиллах л дутуу байна даа.

Та анх хэрхэн хөлбөмбөгтэй холбогдож байсан бэ?

Намайг Польшид сурч байхад манай дунд сургууль биднийг Чөлөөт бөх, волейбол, хөлбөмбөгөөр дагнан хичээллүүлдэг байсан.Би энэ гурван төрлөөр хэсэг хичээллэж байгаад волейбол, чөлөөт бөхөө орхиж харин хөлбөмбөгөөр довтлогчийн байрлалд тоглодог байлаа. Дараа нь би Ирландад очоод хөлбөмбөгийн баг байгуулсан. Манай баг сонирхогчдын хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд нэлээд олон жил оролцсон доо. Тухайн үедээ Ирландад ганцхан манай баг л ивээн тэтгэгч болон хөгжөөн дэмжигчидтэй сонирхогчийн хөлбөмбөгийн баг байлаа.

Таны үндсэн мэргэжил юу вэ?

Би Польшид дунд сургуулиа дүүргээд тэндээ Хүнсний технологийн дээд сургуульд сурч, төгссөн. Миний диплом Европын холбооны лицензтэй. Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүн мах шүү дээ. Хоёрдугаарт Польш махны экспортоороо дэлхийд хоёрт ордог. Тиймээс энэ мэргэжлийг сонгосон юм.

Ирландад сурч байсан уу?

Ирландад Олон улсын бизнесийн менежмент болон төслийн менежмент гэсэн мэргэжлүүдээр хоёр сургууль төгссөн. Харин Монголдоо ирээд Олон улсын гадаад харилцааны чиглэлээр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурч, төгссөн.

Таныг Малайзад нэг жил амьдарсан гэж сонссон. Тэнд юу хийж байв?

Малайзад нэг жил байхдаа англи хэлээ сайжруулсан. Тухайн үед нэг юм уу хоёр жил Малайзад англи хэлээ сайжруулаад дараа нь мэргэжлээ сонгож аль нэг улс руу явж сурдаг хөтөлбөр байсан. Миний хувьд тэнд нэг жил болохдоо эхнэртэйгээ танилцаад бид хоёр хамтдаа Ирланд явсан.

Эхнэр тань ямар мэргэжилтэй вэ?

Манай эхнэр Англи-Орос-Монгол хэлний техникийн орчуулагч мэргэжилтэй. Барилгын чиглэлийн хүн л дээ.

Одоогийн Монголын хөлбөмбөгийн хөгжил таныг анх ажилдаж эхэлсэн үеийнхээс ямар ахиц дэвшилд хүрсэн гэж та дүгнэх вэ?

Би 2011 оны 12 дугаар сард Монголын хөлбөмбөгийн холбоонд ажилд орсон. Намайг анх ажилд орох үед Дээд лиг найман багтай нэг сар л үргэлжилдэг байлаа. Нэгдүгээр лиг болон хоёрдугаар лиг гэж байгаагүй. Хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнүүд л гэхэд 13 наснаас дээш насныхан дунд зохиогддог байсан. Тухайн үед тэмцээн зохион байгуулахтай холбоотой таван л журам байлаа. Харин өнөөдөр маш олон журамтай болсон. Монголын хөлбөмбөгийн холбоо жилд 48 тэмцээн зохион байгуулж байна. Өмнө нь хөлбөмбөгчид тэмцээн байхгүй байна гэж гомдоллодог байсан бол одоо ачаалал ихдээд байна, тэмцээнийхээ тоог багасгаач гэж гуйдаг болсон. Таван жилийн өмнө Дээд лигт түрүүлсэн баг найман сая, хоёрт орсон баг таван сая, гуравт орсон баг гурван сая төгрөгийн шагнал авдаг байлаа. Харин одоо түрүүлсэн баг дөчин сая, хоёрдугаар байрт шалгарсан баг 30 сая, гуравдугаар байрт шалгарсан баг хорин сая төгрөг авдаг болж шагналын хэмжээ нэмэгдсэн.

Хөлбөмбөг сонирхогчид Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмийг Монголын хөлбөмбөгийн холбоо хэрэгжүүлэхгүй байна гэх шүүмжлэлтэй байдаг. Энэ талаар?

Хүмүүс биднийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны дүрмийг шууд хэрэгжүүлэхгүй байна гэх буруушаасан ойлголттой байдаг. Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны дүрэмд “Тухайн гишүүн холбоо нь Олон Улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны дүрмийг мөрдлөг болгох ёстой” хэмээн заасан байдаг. Энэ нь тухайн гишүүн холбоо нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны бүх дүрмийг өөрийн дотоод дүрэмдээ тусгасан байх ёстой боловч зарим заалтуудыг өөрийн улсын онцлогтоо тохируулан өөрчлөх боломжтой гэсэн үг юм. Хэрвээ бид Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны дүрмийг анхнаасаа л шууд хэрэгжүүлсэн бол дотоодын бүх тэмцээн дээр зөвхөн “А” болон “В” зэрэглэлтэй дасгалжуулагч л ажиллах ёстой байсан. Гэвч манайд ийм зэрэглэлтэй дасгалжуулагч байгаагүй шүү дээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд айлчлах үеэрээ “ОУХБХ-ноос Монголд жил бүр 1.5 сая ам.долларын санхүүжилт хийдэг” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. МХБХ энэхүү санхүүжилтийг хэрхэн зарцуулдаг вэ?

ОУХБХ-ноос жил бүр 1,5 сая ам.долларын санхүүжилт өгдөг нь үнэн. Гэхдээ энэ мөнгөний 70-80 хувь нь төсөл хэлбэрээр орж ирдэг. Төв аймагт болон Яармагт баригдсан талбай гэх мэт төслөөр бүтээсэн байгууламжуудыг хэн ч очоод харсан нээлттэй. Мөн Монголын хөлбөмбөгийн холбооны ажилчдын цалин, унаж буй машин, цахилгаан хэрэглээ гэх зэрэг урсгал зардал болоод бүх тэмцээний шагналын сан, шүүгчдийн цалин, тоглолт зохион байгуулагчдын цалинд ОУХБХ-ы санхүүжилт зарцуулагддаг. МХБХ-нд ажиллаж буй хүмүүс сайн дурын ажилчид биш шүү дээ.

Андууд Сити болон ФС Улаанбаатар клубууд тоглогчдынхоо цалинг өгөхгүй байгаа гэсэн асуудал нэлээд шуугиан дэгдээгээд байна. Саяхан Андууд Ситигийн тоглогчид Улаанбаатар Сити клубтэй таарсан тоглолтын үеэр сүүлийн таван сарын хугацаанд цалингаа өгөөгүй багийн удирдлагуудаа эсэргүүцэн талбай дээр суулт зарласан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Монголын хөлбөмбөгийн холбоо хэрхэн оролцож байгаа вэ?

Ихэнх клубууд тоглогчдынхоо цалинг тогтсон хугацаандаа өгөөд байж чаддаггүй. Гэхдээ л ямар нэгэн байдлаар өгдөг. Монголын хөлбөмбөгийн холбоо энэ асуудлаар клубуудэд ямарваа нэгэн шахалт, дарамтыг үзүүлээгүй. Эдгээр асуудал бол анхны тохиолдол. Холбооны зүгээс тухайн клубуудэд сануулга, зөвлөмж өгнө. Ийм төрлийн асуудал нь гэрээтэй холбоотой. Тэгэхээр тухайн гэрээнд заасны дагуу тоглогч болоод клуб хоорондын гэрээ нь цуцлагдах эрх зүйн орчин бүрдэж буй юм. Гэрээг цуцлах эрх нь Монголын хөлбөмбөгийн холбооны Тоглогчийн эрх зүйн байдлын хороонд байдаг. Би Андууд Сити клубын удирдлагууд болон тоглогчидтой уулзсан. Андууд Сити клуб зургаан эзэнтэй.Ямартай ч энэ улирлын лиг дуустал тэд тоглоно гэж тохиролцсон. Энэ тохиолдолд Монголын Хөлбөмбөгийн холбоо зуучлагчаар оролцож байгаа.

Спортыг хөгжүүлэхэд хамгийн чухал нь зөв систем юм шиг санагддаг?

Манай Дээд лигийн тоглогчдыг эхнээс нь зөв системээр хөгжүүлээгүй. Үүний нэг шалтгаан нь дасгалжуулагч маш цөөхөн байгаатай холбоотой л доо. Тиймээс ойрын хугацаанд бид дасгалжуулагчдын тоогоо нэмэх шаардлагатай. Монголд 800 гаруй дунд сургууль бий. Уг нь сургууль тус бүрт нэг багшийг бэлдээд ажиллуулахад ийм тооны хөлбөмбөгийн клубтэй болох боломжтой.

Ярилцсанд баярлалаа.

А.Мөнхзул

У.Чинзориг

Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм

08.30 цагт НҮБ-ын байранд “Монгол Улсын боловсролын бодлогын тойм шинжилгээний тайлан”-г баталгаажуулах хэлэлцүүлэг болно. Утас: 70105652

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд хөгжийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах “Саreer Expo-2019” болно. Утас: 99931551

09.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд “Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал” хэлэлцүүлэг болно.

10.30 цагт ЦССҮТ-д “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” болно.

11.00 цагт НЗДТГ-д “Ард түмний штаб”-аас НИТХ-ын даргад шаардлага хүргүүлнэ. Утас: 99191388

11.00 цагт Монголын Театрын музейд туульч, цуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавын “Дэлхийд түгсэн Монгол өв соёл” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д инженерүүд “Мон-30” цахилгаан автобусны талаар мэдээлнэ.

11.30 цагт “Тэнгис” кино театрт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Бид тэгш эрхтэй” өдөрлөг зохион байгуулна. Утас: 88098294

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн АН-аас тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх” ерөнхий хяналтын сонсгол болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороо хуралдана.

“Шангри-Ла” зочид буудалд

09.30 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, Азийн хөгжлийн банк хамтран “Агаарын бохирдол -Орон сууцжуулалт” уулзалт зохион байгуулна.

10.00 цагт “Евроазийн Эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” олон улсын хурал болно. Утас: 99088034

Хангарди ордонд

11.00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн сард гал түймрийн аюулаас таван хүүхэд, хоёр насанд хүрсэн хүнийг аварсан Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвийн эмч нарт “Хүний төлөө” медаль гардуулна.

11.15 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоонд амин дэм, эм бэлдмэл гардуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттөмөр: Уул уурхайгаас авах татвараа улам боловсронгуй болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зогссоноор улсын төсөвт хүндрэл учирч магадгүй гэх асуудлыг УИХ-д тавьж байсан. Ямартай ч хуулийг баталж, нэг тийш нь болголоо. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ноогдуулан хуваах зарчим хангагдаж байна гэж үзэж байгаа шүү дээ…

-АМНАТ гэдэг их олон нэршилтэй. Эзэн хаантай улсуудад хааны татвар гэгддэг. Дэлхийн ихэнх орнууд ард түмний татвар гэдэг. Тиймээс АМНАТ-аас 1.3 их наяд төгрөгийг 2020 онд төсөвт төврөлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Монгол Улсын экспортын бараг 90 хувь нь түүхий эдээс хамаарч байна шүү дээ. Тэр хэмжээний түүхий эдийг гаргаад Монгол Улсад ямар татвар орж ирж байна вэ. Төлж байгаа татварын зөвхөн 24.8 хувийг Ашигт малтмалаас орж ирж байгаа шүү дээ. Нэгэнт ард түмний баялаг учраас ядаж тогтоогдсон байгаа АМНАТ-ын татвараа төлчих ёстой шүү дээ. Тиймээс уул уурхайгаас авах татвараа бид улам боловсронгуй болгох хэрэгтэй. Авж байгаагаасаа илүүг авах ёстой. Ашиглаж байгаа юм чинь төлөх ёстой. Эдийн засаг маань тогтворжоод олон тулгууртай болсон үед ашигт малтмалаас авах татвараа үе шаттайгаар бууруулж болно шүү дээ. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилд улс эх орныхоо үнэт зүйл болсон орд газрыг эзэмшсэн цөөн хэдэн хүн баяжаад, ард түмэн олон арваараа ядуурдаг. Ийм учраас цаашдаа бид ашигт малтмалын ордыг ашиглах менежментийг зөв болгох ёстой. Хоёрдугаарт, байгалийн баялгийг түүхийгээр нь бус аль болох дотооддоо нэмүү өртөг шингээж байж экспортлох хэрэгтэй. Ийм бодлогыг баримтлах нь төрийн үүрэг. Угаах, боловсруулах үйлдвэрүүдийг барих ёстой.

-АМНАТ-д ямар өөрчлөлтүүд орсон бэ. Олборлогчоос гадна, худалдагч, тээвэрлэгч, экспортлогчоос авж байсан. Үүнийг больсон гэж үзэж болох уу?

-Тийм зүйл анхнаасаа байхгүй байсан. Тээвэрлэгч, экспортлогчоос өмнө нь ч авж байгаагүй, одоо ч авахгүй. Иргэний гаргасан гомдол нь буруу байсан юм билээ. АМНАТ төлдөг аж ахуйн нэгжүүд хэзээ ч давхардуулж төлж байгаагүй. Цэцээс давхцуулж авсан гэдэг шийдвэр гарсан. “Страто” гээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан компанийн жишээн дээр тайлбарлая. Тавантолгойгоос 2.5 хувийн АМНАТ шингэсэн үнээр тэр компани ашигт малтмал авч байгаа шүү дээ. Гаргах даа 6.5 хувиар үнийн дүнгээс төлнө. 6.5 хувиас анхны 2.5 хувийг хасчихаар дөрвөн хувийн татвар төлж байгаа. Энэ татвар бол шууд л ард түмэн болоод Монгол Улсын төсөвт орж байгаа мөнгө. Үүнийг нь илүү тодотгоод ачуулсан, экспортод гаргасан гээд тухайн компанийн ямар төрлөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалж, тэрнээс нь авна. 47.7 дээр нь давхардуулж авахгүй ээ, суутгаж тооцно гээд маш тодорхой заачихсан. Тодруулбал, 47.1, 47.1.2, 47.1.3 гэсэн заалтууд байгаа. Урьд нь эдгээрийг үргэлжлүүлээд бичсэн таслалтай байсан бол одоо дээрээс нь доошоо үргэлжлүүлээд биччихсэн заалт орж ирж, баталлаа. УИХ-аас хэзээ ч давхцахааргүй тогтоол гаргалаа.

-Цэцийн шийдвэрээс болж 100 тэрбум төгрөг алдлаа гэх зүйл яригдаж байна…

-2020 онд Монгол Улсын нийт төсвийн орлого 12.9 их наяд шүү дээ. Үүний 1.3 их наяд төгрөг нь АМНАТ байгаа. Үүнийг 365 хоногт хуваагаад бодохоор өдөрт 4,9 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол аж ахуйн нэгжүүдийг хохироогоод, татвараар нь дээрэлхээд байгаа зүйл огт биш. Сарын хугацаанд ямар нэг компани АМНАТ-ийн татвараа төлөөгүйгээс төсөв алдчихсан зүйл байхгүй байна. Тоо хэмжээнд өөрчлөлт ороогүй учраас төлөх ёстой АМНАТ-өө аж ахуйн нэгж төлөөд явах ёстой. АМНАТ-ийн тасарсан орлогыг нөхөж татвар нь авагдаад явна. Нэг үгээр бол, ямар нэг өөрчлөлт байхгүй.

-Оюу толгойтой холбоотой тогтоолын төслийг УИХ баталлаа. Энэ дээр дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юү?

-Ямар нэгэн бизнест улстөрчид орохоороо л будилаан гаргачихдаг. Уг нь энэ чиглэлээр дэлхийд мэргэшсэн олон компани байдаг. Монголд ч тийм компаниуд бий. Эдгээр компаниуд ийм томоохон хэлцлийг хийдэг. Тэдний хийсэн хэлцлийг Засгийн газар зөвшөөрч байвал гарын үсэг зурж баталгаажуулдаг практик дэлхийд бий. Анхны гэрээ хийхдээ тийм компаниудаас туслалцаа аваагүй. 2009 онд байгуулсан хоёр гэрээ техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад хийгдчихсэн. 2010 онд техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн шүү дээ. Тэрнээс хойш хоёр зээлийн гэрээ, долоон Оюу толгойтой холбоотой гэрээ байгуулагдсан. Нийт есөн гэрээ. 2009 оны гэрээ гэхэд л УИХ-аас өгсөн удирдамжуудыг Засгийн газар биелүүлээгүй хийгдсэн. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал Оюу толгойн гэрээнүүдэд байсан. 2015 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж хийсэн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөө бас л хууль зөрчсөн үйл явдал болсон. Тухайн үед хийхдээ энэ төлөвлөгөө анхны гэрээний салшгүй хэсэг байна гээд заагдчихсан шүү дээ.

-Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхээс нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүй болгочихсон шүү дээ…

-Олон улсын гэрээ гээд арбитрийн шүүх дээр очоод хүндрэл үүсч болзошгүй байгаа. Тиймээс бид Оюу толгой компанитай энэ асуудлыг ярьж, сайжруулах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Анхбаяр: Хонконгийн тэмцэгчид аНУ, БНХаУ хоорондох худалдааны дайныг далимдуулж ардчиллын орон зайгаа өргөжүүлэх мөрий тавьж байна

– ХОНКОНГ НЭГ УЛС, ХОЁР СИСТЕМЭЭР ЯВАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ –

ШУТИС-ийн багш, Хятад судлаач Б.Анхбаяртай ярилцлаа.


-Хонконгийн жагсаалыг эхлүүлсэн оюутнуудын зорилго нь юу байв. Мөн тэрхүү зорилго нь өнөөдөр юу болж хувирчихав?

-Оюутнуудын гэхээсээ илүү Хонконгийн нийт ард иргэдийг хамарсан бослого, хөдөлгөөн болсон. Бослого, хөдөлгөөн 2018 онд болсон ялтан шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой. 2018 оны хоёрдугаар сард Хонконгийн хос Тайваньд аялаж явахдаа нэгнийхээ амийг бүрэлгэчихсэн. Тодруулбал, залуу нь найз бүсгүйнхээ амийг егүүтгэчихсэн. Хэрэг явдал Тайваньд гарсан учир Хонконгийн цагдаа тэрхүү залууг байцаах боломжгүй байсан. Үүнээс үүдэлтэйгээр тэрхүү залууг ял завших нь гэх яриа гарсан. Тайвань нь Хятадтай ялтан шилжүүлэх гэрээтэй. Хэрвээ Хонконг, Тайвань хоёр ялтан шилжүүлэх гэрээ хийчихвэл Хонконг автоматаар эх газартай гэрээ хийж таарна. Хонконгийн батлан хамгаалах, цэрэг зэвсэг, гадаад бодлого нь Хятадын эрх мэдэлд байдаг. Хууль, эдийн засгаа Хонконг өөрөө засагладаг. Энэ утгаараа ялтан шилжүүлэх гэрээ хийх нь Хонконгийн хууль эрхзүйн бие даасан байдалд халдсан явдал болно гэж ард иргэд үзсэн юм. Хонконгийн иргэдийн дунд нэг болгоомжлол байдаг. Тэр нь Бээжингийн эрх баригчдын зүгээс гэмт хэрэгтэн гэж үзсэн Хонконгийн иргэнийг Хятадын эх газар шилжүүлэн аваачиж шүүх вий гэх болгоомжлол юм. Тийм ч учраас энэхүү ялтан шилжүүлэх үйл ажиллагаан дээр олон нийтийг хамарсан томоохон хэмжээний эсэргүүцэл үүссэн юм. Энэхүү асуудлыг энэ оны гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл дотооддоо, парламентынхаа түвшинд хэлэлцсэн. Улмаар зургадугаар сарын 9, 15-нд албан ёсны томоохон жагсаалууд болсон. Энэ жагсаал анхандаа бүх насныхныг хамарсан үйл явц байв.Зургадугаар сарын 15-16-ны хооронд болсон жагсаалд хоёр сая хүн оролцсон.

-Энэ үед жагсагчдад ялтан шилжүүлэхээс өөр шаардлага байгаагүй хэрэг үү?

-Долдугаар сарын үед хэд хэдэн шаардлагыг нэмж тавьсан. Ялтан шилжүүлэхээ боль, бид хүч хэрэглээгүй учир самуун дэгдээгчид гэж битгий нэрлэ, цагдаа нар хэт их хүч хэрэглэж байгааг болиул, цагдаа нарыг шалга, баригдсан хүмүүст ял зэм өгөхгүйгээр сулла, чөлөөт сонгууль явуул гэж шаардсан. Чөлөөт сонгууль явуулахын тулд 70 гишүүнтэй Хонконгийн парламентыг тараана гэсэн үг. Энэ шаардлага нь 2014 онд Хонконгд өрнөсөн Шүхэрт хувьсгалын тавьсан шаардлага байсан. Тэд өөрсдийнхөө Засаг захиргааны тэргүүнийг чөлөөт сонгуулиар сонгоё гэж шаардаж байсан юм. 79 хоног үргэлжилсэн ч тэрхүү хувьсгал бүтэлгүйтэж, хонконгчууд санасандаа хүрч чадаагүй.

Ерөнхийдөө долдугаар сараас эхлээд энэ удаагийн жагсаал, цуглааны хууль ёсны шинж чанар алдагдаж эхэлсэн. Хонконгийн эрх чөлөөгөө илэрхийлж байгаа тайван жагсаал уу эсвэл үймээн самуун дэгдээх үйлдэл үү гэх асуулт гарч ирсэн. Үүнээс ч үүдэн жагсагчдын хоёр, гуравдугаар шаардлагууд урган гарч ирсэн хэрэг.Хонконгийн Засаг захиргаа дээрх шаардлагуудыг гарахын өмнө цуглааныг зогсоосон бол ингэтлээ даамжрахгүй байсан болов уу гэж хувь судлаачийн зүгээс харж байна. Бээжингийн болон Хонконгийн Засаг захиргаанаас тэдний нэгдүгээр шаардлагыг л хүлээж авах байх. Бусдыг нь хүлээж авах боломжгүй.

-Яагаад?

-Жагсаал, цуглааны үйл явц, шаардлагууд нь нэг улс, хоёр системээс давсан шинж чанартай болж ирсэн учраас тэр. Тиймдээ ч Хятадын, Хонконгийн Засаг захиргаа ямар нэгэн байдлаар буулт хийх үндэслэлгүй болчихсон.

-Дээрх шаардлагууд бол ил харагдаж байгаа зүйлс. Хонконгчуудыг ингэж нэгдэн жагсах цаад гол шалтгаан нь юу байв?

-Нэгдүгээрт, Хонконгийн дотоодод эдийн засаг, нийгмийн асуудал хүнд явж ирсэн. Тэнд байрны үнэ маш өндөр хэрнээ орлого маш бага. Хонконг доллар манайхаар 345 төгрөгтэй тэнцэж байна. 20-иод жилийн өмнө дөнгөж сургуулиа төгссөн залуу 25 мянган хонконг долларын цалин авч байсан бол энэ нь өнөөдөр 28 мянгад л хүрсэн. Гэтэл байрных нь үнэ сүүлийн 10 жил 207 хувиар өсчээ. 2017 оны судалгаагаар Хонконгийн нийтийн өрхийн 50 хүрэхгүй хувь нь л өөрийн гэсэн орон сууцтай гэсэн судалгаа байдаг. Хонконгт 40 мкв-аас доош хэмжээтэй байр 22 мянган ам.долларт хүрдэг. Жирийн цалинтай хүн тэр их үнэтэй байрыг авна гэдэг тун хүнд. Уг нь бол 40 мкв-аас доош хэмжээтэй байр нь иргэдийн байрны асуудлыг шийдэхэд тустай. Хэдий тийм ч Хонконгт газар хомс. Газрыг нь ихэвчлэн мөнгөтэй хүмүүснь худалдаж аван, түүндээ мкв томтой байр барьж өндөр үнээр зарахыг илүүд үздэг. Хонконгийн бизнес, улс төрийн бүлэглэлүүд газрыг залуус руугаа, нийгмийнхээ хэрэгцээнд чиглүүлээгүй учраас гол бухимдал нь тэнд хуримтлагдсан гэж харж болно. Хоёрдугаарт, эдийн засгийнх нь давуу чанар Хятадын эх газрын хөгжлөөс нэг их ялгарахааргүй болж байсан ч энэ байдал өөрчлөгдсөн. 1997 онд Хонконг Хятадын ДНБ-ий 18.4 хувийг эзэлж байсан бол энэ тоо өнөөдөр 2.7 хувьд хүрч буурсан. Хятад өөрөө хөгжиж байгаа учир Хонконгийн давуу чанар үгүй болж байгаа юм. Хонконг хүмүүсийн бид эх газраас илүү гэсэн давуу чанар байхгүй болж байна гэсэн үг. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даасан, ардчилсан шинж чанартай гэх давуу байдал л үлдсэн. Гэсэн ч энэ давуу талаа алдаж байна гэдэг айдас бие болоод байгаа. Дээрээс нь Ардчилсан Хонконг болон коммунист засаглалтай, нэг намтай Хятад хоёр хэрхэн уусах вэ гэдэг зөрчил орж ирж байгаа. Энэ бол зайлшгүй гарч ирэх ёстой нөхцөл юм.

-Олон улсад энэ үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-Долдугаар сарын сүүл хүртэл Хятадаас огт мэдэгдэл хийгээгүй, зөвхөн Хонконгийн Засаг захиргаа л оролцож байсан. Харин нэг улс, хоёр системээс хэт хальсан шаардлагууд гарч ирсэнтэй холбоотойгоор долдугаар сарын 29-нд Хятадын Засгийн газрын Хонконг, Макаог хариуцсан алба анхны мэдэгдлийг хийсэн.

Жагсагчид түргэний тэрэгт зам тавьж өгч байгаа бичлэг нь ч цахим ертөнцөд тарсныг та бүхэн харсан болов уу. Энэ үйлдлээрээ тэд “Бид тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байна” гэдгээ олон улсад харуулсан. Тиймдээ ч барууны хэвлэлүүдээр Хонконгчуудыг ардчилсан байдлаар, тайван замаар жагсаал цуглаан хийж байгаа хэмээн мэдээлж байсан юм. Харин Хятадын төв хэвлэл, бусад мэдээллийн хэрэгслүүдээр тэднийг үймээн самуун дэгдээгчид гэж мэдээлсэн. Энэ мэтчилэн барууны болоод Хятадын хэвлэлүүд дунд мэдээллийн дайн өрнөсөн гэхэд болно.

-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Хонконгийн ардчилал ба хүний эрхийг хамгаалах тухай”, мөн цагдаагийн тодорхой хэрэглэлийг Хонконгт нийлүүлэхийг хориглосон хуульд гарын үсэг зурсан. Энэ тухайд?

-Д.Трампын хувьд үүнд оролцохыг хүсээгүй юм. Зургадугаар сард АНУ, БНХАУ-ийн төрийн тэргүүнүүд уулзсан. Энэ үед Д.Трамп “Энэ бол Хятадын дотоодын асуудал. Би оролцохгүй” гэж байсан. Наймдугаар сард олон улсын шинж чанартай болоод ирэх үед нь “Хятад өөрөө зохицуулчих байх. Гэхдээ анхаарах хэрэгтэй” зэргээр байр сууриа илэрхийлж, оролцож эхэлсэн. Учир нь наймдугаар сарын 10, 11-ний үед Хятадын арми Хонконг дахь цэргээ сольсон. Энэ үед цэрэг оруулах нь гэх айдас гарч байсан ч, хятадуудын зүгээс цэрэг солих л үйл явц, битгий томруулж хар гэсэн. Харин жагсаал улам хурцадмал болоод ирэх үед АНУ-ийн конгресс, сенатаас Д.Трампыг шахаж эхэлсэн. Д.Трамп гарын үсэг зурахгүй байлаа ч сенат гуравны хоёроор дээрх хуулийг баталчих боломжтой л доо.

Энэ хуулийг дэмжсэнээр Хонконгийн хүний эрхийн ардчиллын акциар дамжуулж гаалийн тусгайлсан эрхтэй байх эсэхийг нь Хонконгийн хүний эрхийн нөхцөлийг зөрчиж байгаагаас нь хамаараад АНУ-ын Засгийн газарт хориг тавих эрхийг нь өгчихөж байгаа юм. Мөн Хууль эрх зүйг хамгаалах хуульд гарын үсэг зурсан. Энэхүү хууль нь нулимс асгаруулагч хийг экспортлох болон олон нийтийг хорьж саатуулах технологийг хязгаарлах хууль юм. Хонконгийн асуудалд АНУ, БНХАУ зөрүүтэй байр суурьтай байгаа ч хоёр их гүрний ерөнхий харилцаа үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ бол энэ хоёр гүрний ам муруйдаг зүйлсийн зөвхөн нэг хэсэг нь. Худалдааны хэлэлцээ, хоёр орны харилцаа цаашид явах замаараа л явна. Учир нь Д.Трамп улиран сонгогдохын тулд худалдааны хэлэлцээг хийхээс өөр гарцгүй.

-Хонконгт болсон дүүргийн зөвлөлийн сонгуульд ардчиллын төлөө тэмцэгчид 10 гаруй суудал авч чадсан. Ингэснээр тэд Хонконгийн эрх баригчдадаа нөлөөлж чадах уу. Энэ нөхцөл байдал тэдэнд юу авчрах вэ?

-Арваннэгдүгээр сарын 24-нд сонгууль болохыг жагсаалын өмнө, оны эхэнд шийдчихсэн байсан юм. Гэхдээ болж байгаа үйл явцтай холбогдож ирсэн л дээ. Үүнийг Хонконгийн ардчилагчид, АНУ-ийн Засаг захиргаа ардчиллын талаарх урьдчилан явагдсан бүх нийтийн санал асуулга гэж дүгнээд байгаа. Тус сонгуулиар ардчиллын төлөө тэмцэгчид Хонконгийн 18 дүүргийн 17-д нь ялалт байгуулсан. Гэхдээ энэ нь манайхаар тухайн хотхон, дүүргийн л төлөөлөгчийн сонгууль юм. Бүс нутгийн шинж чанартай, бодит эрх мэдэл байхгүй л сонгууль гэсэн үг.

-Энэ сонгуулийн үр дүн тэдэнд ардчиллыг авчирсан хэрэг биш байх нь ээ?

-Энэ сонгуулийн үр дүн тийм чухал нөлөөтэй биш. Сонгуулийн үр дүн Хонконгчуудыг ямар санал бодолтой байгааг харуулж байгаа ч тодорхой үр дүн авчирч чадахгүй. Хонконгийн засаглалд ямар ч нөлөө байхгүй. Ерөнхийдөө эцсийн дүндээ Хонконгийн эрх баригчид өөрсдөө хохирогч юм. Тэд АНУ, БНХАУ хоёрын хооронд өрнөж буй худалдааны дайнаар далимдуулж өөрсдийнхөө ардчиллын орон зайг өргөжүүлэх мөрий тавьж байгаа юм. Энэ мөрийгөө алдах юм бол тэд Хонконгийнхоо байр суурийг алдана. Хонконг олон улсын худалдааны төв гэсэн статусаа алдах юм бол Хятадын жирийн нэг хотоос ялгагдахааргүй болно.Тиймээс хонконгчууд хэт савнаас хальсан бодлого гаргах нь эрсдэлтэй. Нөгөө талаар сая АНУ-ийн зүгээс тавьж буй гаалийн тусгай бүсийг эргэж харах зэрэг нь Хонконгийн эдийн засаг зэрэгт сөргөөр нөлөөлөх юм. Хонконгийн тэргүүн баян “Засгийн газар нь залуучуудаа уучлаад, залуучууд нь ерөнхий нөхцөл байдлаа харъя. Бид ирээдүйгээ алдах гээд байна” гэж хэлсэн байна лээ. Тэртэй тэргүй Хонконг нэг улс, хоёр системээр явах нь ойлгомжтой. Жагсагч залуучууд энэ дүрэм өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгохгүй байна.

-Жагсагчдад энэ нөхцөл байдалтай нүүр тулахыг хүсэхгүй байгаа байх л даа?

-Жагсагч оюутан залуус нөхцөл байдалтай нүүр тулахгүй байгаа нь үнэн. Үүнийгээ ч тэд илэрхийлж байсан. 2014 онд болсон Шүхэрт хувьсгал амжилт олоогүйн нэг шалтгаан нь жагсагчид хоорондоо маргалдсан явдал байсан. Эвээр эсвэл хүчээр асуудлаа илэрхийлэх гэдэг дээр санал нийлээгүй гэсэн үг. Эвээр саналаа илэрхийлэгчид нь жагсаалд оролцохоо больсон учир аажимдаа тарсан. Одоогийн жагсаал анх массыг хамарч байсан. Хэдий дэмжиж байгаа ч одоо хүмүүс залхаж эхэлсэн. Одоо хэт экстремүүд нь л үлдсэн. Тиймээс энэ үйл явц зогсохоос өөр арга байхгүй.

-Хятадын зүгээс цаашид ямар арга хэмжээ авах бол. Та юу гэж харж байна вэ?

-Хятадын төв Засгийн газраас одоогийн Хонконгийн эрх баригчдыг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Арваннэгдүгээр сарын эхээр Си Зиньпин Хонконгийн Засаг захиргааны тэргүүнтэй уулзах үеэрээ ч энэ тухай мэдэгдсэн байдаг. Цаашид жагсаал цуглааныг юун түрүүнд намжаах алхмыг хийх болов уу. Хонконгийн эрх баригчид хотууддаа үүсээд байгаа эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллана. Мөн Хонконгийн ард иргэдийн дэмжлэгийг авсан ардчилсан хүчнүүдтэй зөвшилцөх үйл ажиллагаа явуулна байх гэж харж байна. Мэдээж энэ үйл ажиллагаа нэг улс, хоёр системийн хэм хэмжээнд, түүний хүрээнд явагдана. Нэг улс, хоёр системээс хальсан шаардлага тавьбал тэр нь биелэгдэх боломжгүй. Хятадын Засаг захиргаа өөрсдийн итгэл хүлээлгээд буй Хонконгийн Засаг захиргаа, эрх баригчдаар дамжуулж л үйл ажиллагаагаа явуулна байх. Хятадын Засгийн газрын зүгээс энэ үйл ажиллагаанд шууд оролцохгүй байх. Оролцвол олон улсад муухайгаар харагдах учир хятадууд ч үүнд анхаарна гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

У.Даш: Дорнод аймаг хөгжлийн боломжоо хангалттай ашиглаж чадахгүй байна

Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даштай ярилцлаа.


-Эдийн засагч хүний тань хувьд юун түрүүнд төсөв санхүүтэй холбоотой асуултаар яриагаа эхэлье. Саяхан УИХ-аар 2020 оны төсөв батлагдлаа. Дорнод аймгаас сонгогдсон гишүүд хангалттай хэмжээний төсөв суулгаж чадсан уу?

-Иргэд манай гишүүн аймагтаа тэдэн төгрөгийн төсөв тавиулжээ, энэ нь их, бага гэхчлэн ярьдаг. Үүнийг би хувь хүний зүгээс буруу ойлголт, буруу хандлага нэгэнт тогтсон байна гэж боддог. Өнөөдөр гишүүд сонгогдсон тойрогтоо улсын төсвөөс ахиухан санхүүжилт тавиулахын төлөө лобби хийдэг нь илэрхий. Гэтэл манайх чинь нэгдмэл улс шүү дээ. Холбооны улс шиг л аймаг бүсээрээ талцаад төсөв мөнгөө тойрог гэж хуваасаар байгаа нь сонгуулийн тогтолцоотой шууд холбоотой юм. Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөгөө, томоохон хөтөлбөр хэрэгжүүлж улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахад энэ байдал хамгийн их тээг болж байна. Сонгуулийн тойргоо малласан, дараагийн сонгуульд нэр дэвшихээ бодож тойргоо усалсан байдал дахиад л үргэлжлэхээр болж байгаа нь харамсалтай байна. 2020 оны төсөв улстөржилтийн, сонгуулийн төсөв болчихсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Манай аймаг УИХ-ын хоёр тойрогтой. Нийтийн жишгээр манай гишүүн тойрогтоо хичнээн төгрөгийн төсөв тавиулчихав гээд харах юм бол туйлын хангалтгүй л дээ. Нутаг залгаа Хэнтий аймагт л гэхэд манай төсвийг тав, зургаа нугалахаар хэмжээний төсөв тавигдсан. Том утгаар нь харвал барьцаад байх юм байхгүй. Хэнтий, их хааны өлгий нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох зорилгоор ийм их хэмжээний төсөв тавьсанд харин ч баярлах хэрэгтэй. Энэ чинь л хөгжлийн алсын хараа. Гэхдээ улс орноороо санхүү, эдийн засгийн хүндрэлтэй тулж байгаа энэ цаг үед зөв шийдвэр байсан уу гэдэг нь бодох асуудал.

Ерөнхийдөө улсын төсөв урьд байгаагүй хэмжээгээр алдагдалтай батлагдлаа. Улс төрийн эдийн засаг гэж тусдаа ойлголт бий. Энэ нь сонгодог эдийн засгаасаа тусдаа ойлголт. Улс төрийн эдийн засаг нь тухайн орны бизнесийн орчинд, макро орчинд төсөв, мөнгөний бодлогоороо дамжуулж ямар мэссэж өгөх вэ, тэр мессэжийг авсан гадаад дотоод орчин ямар хариу реакц үзүүлэх вэ? гэдгийг урьдчилан тооцож хэрэгжүүлэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улс төсөв батлахдаа хичнээн хэмжээний алдагдалтай батлав, ямар орлогууд давж орж ирнэ гэж үзэж тэрхүү төсвийг тавив гэдгээс шалтгаалж ирэх хоёроос гурван жилийн эдийн засаг, бизнесийн орчны хариу реакц харагдаж байдаг. Энэ урьдчилан тооцох боломжгүй хариу реакцийг төсвийн, сангийн бодлогоор тохируулдаг. Улс төрийн эдийн засгийн онолын үүднээс хөрөнгө оруулагчид эдийн засаг хямрах нь, их хэмжээний өр, төлбөр төлөх нь гэж харж байгаа. Гэтэл энэ хүлээлт дээр асар их хэмжээний алдагдалтай төсөв батална гэдэг бол “Гал дээр тос нэмсэн”-тэй адил болж байна. Гадаад орчны хүлээлт ийм байгаа үед аль болох төсвийн алдагдал бага байж, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” хэрэгтэй юм. Төсвийн алдагдал бага байснаараа ирэх жил төсөв, санхүүтэй холбоотой хүндрэлгүй, тодорхойгүй шийдвэр гаргалтууд үүсэхгүй нь гэж үзэж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид эерэгээр хүлээж авдаг.

-Дорнод аймагт сүүлийн 20-иод жилийн турш МАН эрх барьж ирсэн. Сөрөг хүчний намын даргын зүгээс орон нутагт үүсч буй асуудлуудын талаар дурдаач?

-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд баг, сумаасаа эхлээд л тэр аяараа хийрхсэн, талцсан улстөржилт л явж ирлээ. Нутаг орны хөгжил, үзэл баримтлал, үнэт зүйл гэхээсээ илүү эрх ашгаараа талцдаг. Энэ нь эргээд тухайн сум орон нутгийн хөгжилт чөдөр, тушаа болж байна. Улстөржилтөөс болж ганцхан Дорнод аймгийн гэлтгүй шүү, хөдөө орон нутаг, аймаг, сумын түвшинд нийтээрээ төрийн үйлчилгээний чанар суларч, нийгмийн амьдрал завхарч байгааг онцлох нь зүйтэй. Ойроос харж, зовинож байгаа хүний хувьд төрийн албыг улстөржүүлэх байдлыг л таслан зогсоож тогвортой, мэргэшсэн байлгах нь чухал гэж үздэг.

-Улстөржилтөөс болж ямар алдаа завхралууд гарч байгаа талаар тодруулаач?

-Наад зах нь суманд мэргэшсэн, чадвартай боловсон хүчнийг дэмжихийн оронд хамгийн олон хамаатан, садантай хүнийг л томилж байна. Яагаад гэвэл сонгуулиар даргад санал хэрэгтэй учраас шүү дээ. Энэ улстөржилтөөс үүдэлтэй завхрал биш үү. Аймгийн удирдлага, намын удирдлагад таалагдахгүй бол аль ч сумын засаг даргыг ээрч, тойруулж байгаад л огцруулчихдаг боллоо. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар, Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээ гэж зүйл үгүй болж байна. Сумын Иргэдийн нийтийн төлөөлөгчдийн хэдэн хүнийг ааглаж байгаад л сумыг бужигнуулдаг байдал хавтгайрч байна. Дарга нар өөрсдийгөө рекламдахын тулд намаржин наадам хийж, овоо хэссэний горыг иргэд амсаж байна. Эмнэлэг нь халаалтгүй, хөлдүү, их эмчгүй сум ч байна. Энэ бол бодлого алдагдсаны шинж.

-Дорнод аймагт нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал нь таныхаар юу байна вэ?

-Дорнод аймаг хөгжлийн боломжоо хангалттай сайн ашиглаж чадахгүй байна. Хөгжлийн боломж гэдэгт газар зүйн байрлал, дэд бүтэц зэрэг олон зүйл хамаарна. Дорнод аймаг БНХАУ, ОХУ-тай зэрэг хиллэдэг, хилийн олон боомттой. Худалдаа эдийн засаг, олон улсын тээвэр ложистикийн ач холбогдол бүхий байршилтай аймгийн хувьд хөгжлөө илүү түвшинд гаргах боломжтой юм. Ерөнхий утгаараа ийм. Бүр тодорхой ярих юм бол бид Чойбалсан хотыг худалдаа, эдийн засгийн, олон улсын тээвэр ложистикийн коридорт нэгдүүлэх бололцоо бий. Энэ боломжийг ашиглаж, санаачилга гаргаж, улс орны хэмжээнд асуудлыг тавьж чадахгүй байгаа нь аймаг, орон нутгийн удирдлагуудтай холбоотой. Мөн манай аймгаас сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн хөгжлийн бодлогыг харж байгаа өнцөг хэт явцуу, сэтгэл дутаж байгаатай холбоотой юм. Хоёрдугаарт, Дорнод аймаг дэд бүтцийн хувьд маш том давуу талтай. Эрчим хүчний эх үүсвэр байна. Станц одоо хүчин чадлаа 100 хувь ашиглаж байна. Станцын өргөтгөлийн санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан. Өмнөхүүд шиг тууз хайчилсан нээлт л битгий болчихоосой гэж хүсэх байна. Хэрэв ажил хэрэг болчихвол Дорнодын ард түмэн, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал нөлөөтэй юм. Дорнод аймагт адуун чулууны нүүрсний орд гэж бий. Энэ хүрэн нүүрсний ордыг түшиглэж манай цахилгаан станц байгуулагдсан. Адуунчулуун ХК олон нийтийн компани. Ардуунчулуун ХК-ийн талбайн нөөц дууссан, лицензийн маргаантай байна. Өөр хоёр компани лиценз эзэмшиж байгаагийн нэг нь “МАК”. Өөрөөр хэлбэл, Дорнодын Адуунчулууны орд МАК-ын мэдэлд байна. Зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэр нэг компаниас шууд хамааралтай болчихоод байна гэсэн үг. Үнэхээр стратегийн орд гэж байдаг бол Адуунчулууны орд яах араггүй стратегийн орд юм. Миний мэдэхээр стратегийн ашигт малтмал бүхий орд бол их байдаг. Бүс нутгийн хүн ам, эдийн засагт асар их нөлөөтэй ордын нэг бол Адуунчулууны хүрэн нүүрсний орд. Намайг хувийн өмчийг нийгэмчлэх тухай ярьж байна гэж битгий ойлгоорой. Энэ бол тэрнээс өөр асуудал.

Ер нь тэгээд шийдвэл зохих асуудал их байгаа ч хамгийн гол нь хөгжлийг томоор харж, алсын хараатай ажиллах шаардлагатай байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Монголын хөрөнгө мөнгөтэй хүмүүс дулаан арал худалдаж авах цаг болжээ​” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

МАН-ын бүлэг өчигдөр
хуралдаж, Сонгуулийн тухай
хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ тухай нэг хоёрдугаар нүүрнээс уншаарай. УИХ- ын гишүүн М.Оюунчимэгтэй хийсэн ярилцлагыг мөн нэг, хоёрдугаар нүүрэнд нийтэллээ.

Монголын уул уурхайн
үндэсний ассоциацийн
ерөнхийлөгч асан, “ДАТ
консалтинг” компанийн
гүйцэтгэх захирал
Н.Алгаатай ярилцлаа. нэг болон 11 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

Манйа сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Оюунтуяагийн “Монголын хөрөнгө мөнгөтэй хүмүүс
дулаан арал худалдаж авах цаг болжээ” нийтлэл хэвлэгдлээ.

Нийслэлийн агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ байх ёстой хэмжээнээс 6.6 дахин их байгаа нь агаарын чанарын индексээр харагдаж бауй. Хүхэрлэг хий гэж чухам юу болох талаар “Танин мэдэхүй”-н нүүрэндээ бэлтгэлээ. 12 дугаар нүүрнээс унших боломжтой.

Жижиг хувьцаа
эзэмшигчдийн төлөөлөл
О.Отгонбаярын ярилцлагыг нэг, 13 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ