Categories
мэдээ спорт

Монголын жюү жицүгийн холбооны “Golden Garudа” ёслол болно

Амжилт, ялалтаар шинэ оноо угтаж байгаа Монголын жюү жицүгийн холбоо /МЖЖХ/-ны хамт олон 2019 оны шилдгийг тодруулдаг “Golden Garudа” ёслолыг 12 дугаар сарын 24-нд зохион байгуулна.

Монголын жюү жицүгийн баг тамирчид 2019 онд ДАШТ, Ази тив, Гранд слам болон олон улсын тэмцээн уралдаанаас нийтдээ 420 гаруй медалийг хүртсэн байна.

АНЭУ-ын Абу Даби хотод 11 дүгээр сарын 21-нд болсон Азийн жюү жицүгийн холбооны IV Их хурлаар МЖЖХ-ны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар Азийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, мөн Монголоос хүн тус холбооны салбар хороодын гишүүдээр 2019-2023 оны хооронд ажиллахаар сонгогдсон юм. Иймд өөрийн улсдаа төдийгүй Ази тивдээ жюү жицүгийн спортыг өндөр түвшинд хөгжүүлж түгээн дэлгэрүүлэхийн төлөө МЖЖХ-ноос анхааран ажиллах зорилт дэвшүүлээд байгаа аж.

Монголын жюү жицүгийн холбоо 12 жилийн өмнө манай улсад анхны шаваа тавьж байгуулагдсан спорт холбооны хамт олон жюү жицүгийн спортоор дамжуулан Монгол Улсын нэрийг хилийн чанадад таниулсаар байгаа билээ. Тухайлбал, 2019 оны 7 дугаар сард жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч амжилттай зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн илүү хичээнгүй хариуцлагатай ажилладгийг онцлов

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй Ирээдүй 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөг боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах зорилготой энэхүү өдөрлөгт ажил хайгч иргэд болон ажил олгогч 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцож өөрсдийн боломжийг танилцууллаа.

Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр манай улсад 105 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 30 хувь буюу 30 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлдэг ч тогтвортой ажлын байртай иргэдийг авч үзвэл үүнээс бага тоо гарна. Учир нь тэдгээр иргэдийн дийлэнх нь тодорхой хугацаанд үргэлжлэх төсөл эсвэл өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг: “Өнгөрсөн жил хөдөлмөр зуучлалын өдөрлөгийг зохион байгуулснаас хойш 200 гаруй ААН хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр санал болгож хандсан. Үүний үр дүнд бид нэг жилийн дотор 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд зуучилсан. Тухайн иргэнийг зөвхөн ажлын байранд зуучлах бус ажлын байр, хамт олныхоо дунд орж өөрийн байр сууриа эзлэхэд нь мөн дэмжлэг үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 6 сарын хугацаанд сургагч багш ажлын байранд дадалжуулдаг олон улсын сайн туршлага бий. Манай улс ч энэ туршлагыг нэвтрүүлэн тодорхой үр дүнд хүрч байна” гэв.

Энэ үеэр Таванбогд Фүүдс ХХК-ийн KFC түргэн хоолны ресторанд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах боломжийг танилцуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ердийн ажилтантай харьцуулахад илүү хичээнгүй, хариуцлагатай байдгийг Таванбогд Фүүдс ХХК-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ө.Отгонтуяа онцлов.

“KFC түргэн хоолны газрын Улаанбаатар хот дахь 12 салбарт 600 гаруй ажилтан ажиллаж байгаагийн 32 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Өөрөөр хэлбэл салбар бүрт 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна гэсэн үг. Цаашид нэг салбарт 4 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах боломжтой гэж бид үзэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн илүү хичээнгүй хариуцлагатай ажилладаг. Хамгийн гол нь тэдэнд тохирсон хөдөлмөр эрхэлэхэд аюулгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Сингапурын орон сууцжуулалтын хөтөлбөртэй танилцлаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон иргэдийг орон сууцжуулах ажлыг хариуцаж буй холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Бүгд найрамдах Сингапур улсад ажиллав.

Монгол Улсад өнөөдөр тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал бол утаа, агаарын бохирдол, эдгээрийн суурь шалтгаан болсон гэр хороолол, цаашлаад суурин газруудаа орон сууцжуулах явдал. Өөрөөр хэлбэл хүн бүрийн хэрэгцээ, шаардлагыг хангасан ухаалаг хот сууринг төлөвлөж, орон сууцаар иргэдээ хүртээмжтэй хангах, чинээлэг дундаж давхаргыг бий болгох төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг боловсруулахаар Засгийн газар ажиллаж буй.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны /1-5 жилийн/ төлөвлөгөөг боловсруулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан нэлээд өргөн хүрээтэй ажлын хэсгийг өнгөрсөн 04 дүгээр сард байгуулсан. Энэ дагуу тус ажлын хэсгийнхэн Монгол Улсын бүх салбарыг хамруулсан судалгаа, шинжилгээг хийж, нийгмийн бүхий л давхаргын санал бодлыг сонссоны эцэст “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулсан бөгөөд одоо дуусах шатандаа ороод байгаа юм. Тиймээс Сингапур шиг хөгжилтэй орнуудын туулж өнгөрүүлсэн сайн туршлагыг судлан энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогод тусгуулах нь ихээхэн ач холбогдолтой.

Сингапур бол арлын жижигхэн хот улс. Хүн амынхаа 84 хувийг төрийн тогтвортой бодлогоор буюу Орон сууц, хөгжлийн зөвлөлөөрөө дамжуулж орон сууцжуулж чадсан, эдгээрийн 94 хувь нь орон сууцаа моргейжийн зээлээр өмчилж авсан, үлдсэн 6 хувийг нь түрээсийн орон сууцанд хамруулсан гэдэг үзүүлэлтээрээ эдүгээ дэлхийд хамгийн шилдэгт тооцогдож буй. Ялангуяа манай улс шиг гэр хорооллоо багасгах, үүгээр дамжуулж утаа, орчны бохирдлоо бууруулах, өрхийн болон хувийн санхүүгээ хэрхэн зөв удирдах вэ гэдэг мэдлэгийг иргэддээ хамгийн хялбараар ойлгуулах чухал шаардлагатай байгаа ийм эгзэгтэй үед тус улсын туулж өнгөрүүлсэн бодит жишээ бидний хувьд чухал юм.

Сингапурын орон сууцжуулах хөтөлбөрийн загвар, газар чөлөөлөлт, хотхон төлөвлөлт, барилгын ажил, менежмент ба засвар үйлчилгээ, санхүүгийн схем, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин зэрэгтэй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан төлөөлөгчид газар дээр нь дэлгэрэнгүй танилцсан юм. Монгол Улсад орон сууцжуулалтыг хариуцаж гүйцэтгэдэг төрийн яам, агентлагуудын удирдагууд нэг бүрэлдэхүүнд багтаж тус улсаас туршлага судалсан бараг анхны тохиолдол байв. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэл тус тусдаа явж ирсэн яам, агентлагуудын бодлого, эрх зүйн зохицуулалтуудыг тал бүрээс нь тус улстай харьцуулах байдлаар дүгнэж, нэгдсэн ойлголтонд хүрсэн нь гол үр дүн байлаа. ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, НДЕГ-ын дарга Д.Зоригт, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, БХБЯ-ны Газрын дарга Ц.Баярбат, Сангийн яамны хэлтсийн дарга Л.Сонор, ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм. Төлөөлөгчид Сингапур улсад орон сууцжуулалтыг гардан хэрэгжүүлдэг төрийн байгууллагууд болох Ерөнхий сайдын харъяа Ухаалаг орон, дижитал Засгийн газар /SNDGG/-ын үйл ажиллагаатай танилцсанаас гадна тус улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл /HDB/, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага /SCE/, Сингапурын хуримтлалын төв сан /CPF/-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон бөгөөд нийгмийн даатгалын тогтолцоо, цалин, орлогын хуримтлал, хуваарилалт, хот төлөвлөлт зэрэг хэд хэдэн чухал асуудлаар талууд цаашид хамтран ажиллахаар болсон юм. Мөн тус улсын иргэдээ орон сууцаар хангах цогц бодлого, нийгмийн даатгал, хуримтлалын тогтолцоо болон иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай хүргэх чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад тулгамдсан сорилт, шийдлүүд, хүрсэн үр дүн, мөн эдгээр байгууллагуудын цаашдын бодлого, чиг хандлагыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ердөө 60 жилийн өмнө буурай хөгжилтэй, иргэд нь ажил, орлогогүй, дээр нь байгалийн баялаггүй, ундны цэвэр усгүй, тариачны суурин төдий байсан Сингапурын хувьд 1964 оноос эхэлж иргэдээ нэгдсэн бодлогоор орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлжээ. Эхний 10 гаруй жилд өнөөдрийн манай улсад үүсээд байгаатай адил олон бэрхшээл, хүндрэл тэдэнд ч мөн тулгарсан байна. Тус улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл хэмээх төрийн байгууллага эхэндээ иргэддээ бага хүүтэй, 15 жилийн хугацаатай орон сууцны зээлийг олгосон ч тус хөтөлбөр олигтой өргөжөөгүй аж. Иргэд нь орон сууцны үнийн урьдчилгаа 20 хувийг төлж чадахгүй байж. Гэсэн ч уг хөтөлбөрийг зогсоолгүй харин ч үе шаттай, тодорхой төлөвлөлттэй, хоорондоо нягт холбоотой арга хэмжээнүүдийг авсан байна.

Иргэд нь цалин болон бусад орлогоосоо сар бүр Тэтгэврийн сан, Эрүүл мэндийн сан, Хуримтлалын сан гэсэн 3 санд төвлөрүүлж байгаа хуримтлалаасаа орон сууцны зээлийн урьдчилгаа, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулж болдог санхүүгийн схемийг хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсэн байна. Гэхдээ Тэтгэврийн санд төвлөрүүлсэн хуримтлалаа тэтгэвэрт гарах хүртлээ зарцуулах эрхгүй, харин Эрүүл мэндийн сан, Хуримтлалын санд төвлөрүүлсэн хуримтлалаа буцаагаад өөртөө зарцууулж болдог. Иргэд нь сар бүр цалин, орлогынхоо 37 хувийг дээрх 3 санд хувааж хуримтлуулдаг. Үүний 20 хувийг өөрөө, 17 хувийг нь ажил олгогчоос төлдөг байна. Өөрөөр хэлбэл авч буй цалингийнх нь 80 хувь өөрт нь сар бүр үлдэнэ. Хуримтлалын санд төлсөн мөнгөн дүнгээ тухайн иргэн байнга хянадаг, орон сууц авахдаа ч юм уу захиран зарцуулах эрх нь нээлттэй гэсэн үг. Энэхүү санхүүгийн схемийг тус улс үе шаттай боловсронгуй болгосоор өнөөдрийн үр дүнд хүрчээ. Үүнээс гадна орон сууц худалдах, худалдаж авах, өмчлүүлэх, түрээслүүлэх бүхий л үйл явц нь төрийн байгууллагуудаар дамжиж хэрэгждэг бөгөөд иргэддээ нэг удаагийн буцалтгүй тусламж, олон төрлийн хөнгөлөлтийг төрөөс нь олгож байна. Хамгийн гол нь энэ бүхнийг зөвхөн төр дангаараа хийхгүй бөгөөд иргэдийнх нь дэмжлэг, оролцоо их чухал аж. Тийм учраас урт настай, төрийн нэгдсэн том хөтөлбөр болон хэрэгжиж буй аж.

Ер нь иргэдийг орон сууцжуулна гэдэг бол зөвхөн байшин, барилга барих тухай ойлголт биш, төрийн бодлогыг хэрэгжүүлдэг олон байгууллага, нөгөө талаас иргэдийн оролцоо, санхүүгийн маш том цогц схем аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

С.Чинзориг: “Капитал” банкинд нь байршиж байсан мөнгийг буцаан авах талаар ярьж байна

Image result for чинзориг сайд

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. “Капитал” банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнд эрсдэл учирсан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дөрвөн тэрбум төгрөг хууль зөрчин аж ахуйн нэгжид олгогдсон зэрэг нь хэр бодитой тухай асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Нийгмийн даатгалын сангийн 79 тэрбум төгрөг намайг сайдаар томилогдохоос өмнө буюу 2017 он хүртэл жилийн 15 хувийн хүүтэй “Капитал” банкны хадгаламжинд нь байршиж байгаад хугацаа нь дуусч, харилцах дансанд шилжихэд хүү нь 5 хувь болж буурсан байдаг юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ асуудалтай танилцаад Засгийн газарт гэрээг нь сунга гэдэг чиглэл өгсөн. Сунгасан гэрээ 2018 оны арванхоёрдугаар сард дахин дууссан. Тиймээс “Капитал”-тай гэрээ байгуулахгүй, мөнгөө татаж ав гэдэг чиглэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газартаа өгөөд хоёр талдаа ярилцаж байтал Монголбанкнаас “Капитал”-ыг татан буулгах шийдвэр гаргасан.

Энэ мөнгийг буцаан авах асуудлыг төв банктай ярьж байна. Монголбанкны зүгээс “Капитал”-ын үндсэн хөрөнгөөр хохирлыг барагдуулж авах боломжтой гэсэн. Гэхдээ тус банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас хөрөнгө нь битүүмжлэгдсэн юм байна. Прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай.” гэлээ. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор дөрвөн тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс бичиг ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж, гишүүд нь нэгдмэл байр суурь гаргаагүй байхад хуурамч бичиг хөтөлсөн тул агентлагийн даргыг чөлөөлөх шаардлагатай гэсэн, чөлөөлсөн. Агентлагийг дэд даргаар нь удирдуулж байна. Өмнөх сайдын үед орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд аймаг болгонд 200 сая төгрөгийн зээлийг хүүгүйгээр олгоно гээд тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан. 2017 онд 4 тэрбум төгрөгийг орон нутгуудад хоёр жилийн хугацаатай хүүгүй олгох тендер зарлаад, ажлын хэсэг нь байгуулагдаад, тухайн үеийн сайдын тушаалаар 4 тэрбум төгрөг олгосон асуудал юм билээ” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хятадын тал АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч буйгаа зарлажээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын хоёр танхимаар дэмжигдсэн “Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай” хуулийн төслийг баталгаажуулахаар тус улсын төрийн тэргүүн Д.Трамп гарын үсэг зурсан билээ. Хятадын тал энэ талаар байр сууриа илэрхийлэн АНУ нь улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг зад шүүмжилсэн. Тус улсын эрх баригчид АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээгээ зогсоох болсноо мэдэгджээ.

АНУ болон Хятадын хооронд худалдааны маргаан өрнөөд жил гаруй болж байгаа ч дорвитой шийдэлд хүрч чадаагүй. Талуудын маргаан ч дэлхийн зах зээлд нөлөөлөх болсон тул тэдний харилцан буулт болон шийдвэр нь олны анхаарлыг татсаар байгаа. Хоёр улсын хооронд худалдааны дайн өрнөх болсон гол шалтгаан АНУ-ын зүгээс Хятадын талыг оюуны өмч, технологи хулгайлсан гэж буруутгаснаас үүдэлтэй. Өнгөрсөн тавдугаар сард талууд импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг харилцан нэмэх болсноо зарлаж байв. Дэлхийн хоёр том эдийн засаг худалдааны энэхүү дайнд цэг тавихаар сүүлийн саруудад идэвх санаачилгатай ажиллаж байгаа ч Хонконгт үүссэн нөхцөл байдал ийнхүү талуудын харилцаанд дахин сэв суулгав. Хятадын эрх баригчид Хонконг дахь хүний эрх, ардчиллын тухай хуулийг АНУ эцэслэн баталсан нь “нэг улс хоёр систем” зарчмыг үл хүндлэн, Хятадын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцлоо гэж буруутгасан билээ. Дашрамд хэлэхэд, 1992 оноос хойш Хонконгийн талаар баримталж буй АНУ-ын бодлогын тухай хуульд засвар оруулсан нь энэ юм. Хонконгтой хийж буй худалдааны харилцааг өөртөө засах эрхийнх нь байдлаас шалтгаалан жил бүр хянах, мөн Вашингтоны үзэж буйгаар хүний эрх зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой хүмүүст хориг арга хэмжээ авах талаар хуульд тусгасан юм байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын эрх баригчид Хонконгтой холбоотой хууль баталсны хариуд Хятадын тал Америкийн байлдааны хөлөг онгоцууд болон нисэх онгоцуудыг Хонконгт нэвтрүүлэх хүсэлтийг хэлэлцэхээ түр зогсоожээ. Мөн хүний эрхийг хамгаалах “Human Rigths Watch” байгууллагад хориг арга хэмжээ авсан талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин өнгөрсөн даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн аж. “Дээрх хүсэлтийг дахин хэлэлцэх хугацааг хэдийд сэргээх нь АНУ-ын дараагийн алхмуудаас шууд шалтгаалах болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Сануулахад, Хонконгт олон сар өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас эдийн засгийн байдал дордож байгаатай холбоотойгоор Хонконг энэ оны санхүүгийн жилд төсвийн алдагдал хүлээж магадгүй байгаа талаарх мэдээлэл хөвөрч байна. Энэ талаар Хонконгийн Сангийн сайд Пол Чан хууль тогтоох зөвлөлд үг хэлэх үедээ онцолжээ. Тэрбээр “Ийм зүйл сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа тохиолдож болзошгүй байна. Бид төсвийн орлого зардлаасаа давна гэж төлөвлөж байсан боловч эдийн засаг суларсны улмаас татварын орлого буурсан” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүний төлөө” медалиар шагналаа

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, нойр хоолоо умартан ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хүний төлөө” медалиар шагнаж, нэг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.

Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлсэн бахархам гавьяаг байгуулсан билээ.

Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04:30 цагт БЗД-ийн 12 дугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар долоон минутын дотор тус газарт очжээ.

Энэ үедээ галын аюулд өртсөн айлын гэрээс 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, түргэн тусламжийн машиндаа зөөж оруулж дуусахтай зэрэгцэн гэр шатаж нурсан байна.

Эмч, жолооч хоёр аварсан хүүхдүүдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт, 56 настай эмэгтэйг Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгчээ.

Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байна.

Жолооч Т.Гүнтэвсүрэн нь тус төвд 2003 оноос хойш ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллах хугацаандаа нийт 17 мянга орчим дуудлаганд явсан туршлагатай ажилтан юм.

Categories
мэдээ нийгэм

Амьд хачигтай 9.2 тонн алимыг устгалд оруулжээ

Нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор арваннэгдүгээр сарын 24-ний өдөр импортолсон 9.2 тонн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, шүлхий хачиг амьд, их хэмжээгээр илэрчээ.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх алимыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, экспортлогч оронд нь буцаах шийдвэр гаргасан хэдий ч экспортлогч, импортлогч компаниуд буцаах боломжгүй гэсэн тул Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлтэй хамтран устгалд оруулсан байна.

Мөн импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авжээ.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп Их Британийг зорьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Их Британийг зорьжээ.

“АНУ НАТО-д хэтэрхий ихийг төлж байна. Энэ бол шударга бус нөхцөл байдал” хэмээн тэрбээр өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч тэрбээр НАТО-гийн бусад гишүүн орон батлан хамгаалахын нийт зардлыг 100 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэрт сэтгэл хангалуун байгаа аж. Үүнийг тэрбээр дипломат ололт амжилтынх нь нэг гэж үзэж магадгүй байна.

Хятадтай холбоотой асуудлыг хэлэлцэхийг Д.Трампын засаг захиргааны өндөр дээд албан тушаалтан НАТО-гийн удирдагчдад санал болгожээ. АНУ тав дахь үеийн 5G сүлжээтэй холбоотой Хятадын бараа бүтээгдэхүүнүүдээс татгалзахыг НАТО-гийн бусад гишүүнээс хүсэх төлөвтэй байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхмандах: Монголын цементийг ОХУ-д экспортлох боломж байгааг сайн хөршийн хувиар айлын талд зөвөөр ойлгуулах нь л чухал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал энэ сарын 3-6-ны өдрүүдэд товлогдсон. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээр хийнэ. Ерөнхий сайд нарын хэлэлцээгээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газар, УИХ-ын гишүүд, яам тамгын газрын сайд, удирдлагууд болон Монголын томоохон аж ахуйн нэгж компаниудын төлөөлөл, бизнесийн салбарын эрхмүүд дагалдан явахаар багтжээ. Тэгвэл энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бизнесийн салбарын төлөөлөл болгон Монголын Алт” (МАК) ХХК-ын дэд Ерөнхийлөгч Б.Энхмандахаас айлчлалд оролцож буй зорилго, дэвшүүлэх саналынх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.


-Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын үеэр манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр ач холбогдол бүхий Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголын тал нутгаар дайруулан тавих, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг томоохон хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр зэхэж байна. Танай компанийн хувьд энэхүү айлчлалд ямар зорилготой оролцож байна вэ?

-Хоёр улсын харилцаанд онцгой үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайдын Албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдах бизнесийн арга хэмжээнд оролцох болсонд таатай байна. Сүүлийн 2-3 жилд идэвхжих хандлага ажиглагдаж байгаа Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн харилцааны хамгийн анхаарал татаж байгаа гол сэдэв бол хийн хоолойн асуудал яах аргагүй мөн. Үүнээс ч дутахгүй нэг чухал сэдэв бол ОХУ болон тус улсаар дамжуулан манай улс гурав дахь хөршүүд рүүгээ өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортлох асуудал байнга яригддаг. Ер нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хоёр хөрштэйгөө харилцах харилцаа, идэвхтэй хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Тиймдээ ч хөрш гурван улсын худалдаа, эдийн засгийн хүрээнд явуулж буй бодлого, баримталдаг зарчмуудыг бизнесийн салбарынхан тэр дундаа уул, уурхай, барилгын материал үйлдвэрлэгчид бид анхааралтай ажиглан, түүнд нь нийцсэн бодлого, төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү айлчлалд манай компанийн хувьд барилгын гол түүхий эд болох цементийг ОХУ- руу экспортлох боломжийг нэмэгдүүлэх, Оросын худалдан авагчдын сонирхлыг татах зорилготой оролцож байна. Айлчлалын хоёр дахь өдөр буюу 12-р сарын 4-ний өдөр Москва хотноо “Монгол-Орос, Евро Азийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт Бизнес Чуулган болох юм. Энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн ч гарна. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр бид өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулан, сурталчлахын зэрэгцээ, хамтран ажиллах нөхцөл боломжуудаа түншүүдтэйгээ ярилцаж, тохиролцохоор төлөвлөж байгаа.

-Монгол Улсын хувьд барилгын материалын бүтээгдэхүүн экспортлох боломж, түүнд тавигдах шаардлага нөхцөлүүд нь хэр хүндрэлтэй байдаг юм бол. Тухайлбал, цемент экспортлох боломж юу байна. Мэдээж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байж гадагшаа экспортолно шүү дээ…?

-Тэгэлгүй яахав. Цемент үйлдвэрлэгч компани өнөөдөр Монголд цөөнгүй бий болсон. Монголчууд өндөр үнэтэй импортын цемент хүлээн, барилгын ажлын ид өрнөлийн үед хэдэн өдрөөр ажлаа алддаг байсан үе манай барилгынханд байсан. Өнөөдөр манай барилгын компаниуд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн цементээр барилгаа барьдаг болсон. Манай компанийн “МАК Евроцемент” үйлдвэрээс гадна “Монцемент”, “Хөтөл цемент” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид жилд 3-4 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалд хүрээд байна. Шинээр үйлдвэр барьж, цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах бодлогыг амжилттай хэрэгжүүлсний үр дүн энэ. Барилгын салбар өсөлттэй үед дотоодын хэрэгцээ 2.5 сая тоннд хүрдэг. Тэгэхээр 1.5-2 сая тонн, түүнээс ч их цемент экспортлох боломж манай улсын хувьд харагдаж байгаа юм. Ийм хэмжээний цемент экспортлоход манай улсын эдийн засагт жилдээ 175-200 сая ам.долларын орлого орох тооцоог үйлдвэрлэгчид гаргасан байдаг. Энэ бол чамлахааргүй тоо шүү.

Хамгийн гол нь ОХУ болон Монгол Улсын хоорондын худалдааны эргэлт 2018 онд 1 тэрбум 630 орчим сая ам.долларт хүрсэн ч энэхүү гадаад худалдаанд Монгол Улсын хүлээж буй алдагдал 90 орчим хувьд хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл манай экспортод жонш, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл зонхилж, экспортын хэмжээ 100 сая ам.доллараас дээш дорвитой нэмэгдэхгүй байна. Тиймээс Монголоос экспортлох бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, шинэ төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх, тэдгээрийн хэмжээг нэмэгдүүлэх бодит шаардлага байсаар байна. Цемент бол хоёр орны худалдаанд Монголын экспортын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх нэг арга зам байж болох юм.

-Үүнээс харахад экспортлох боломж бололцоо манай улсын хувьд байгаа юм байна. Харин экспортлоход тавигдах шаардлага, хүндрэлтэй асуудал юу байдаг вэ?

-Жишээлбэл, ОХУ-д цемент экспортлох гаалийн бүрдүүлэлт хийхэд 19 төрлийн бичиг баримт шаарддаг байгаа. Мөн тэднийх гадаадаас импортолдог материалд тохирлын гэрчилгээ олгодог журамтай. Гэрчилгээ нь нэг жил хүчинтэй байдаг. Тиймээс цемент экспортлох урт хугацааны бизнесийн орчин бүрдэхгүй байгаа нь бизнес эрхлэгчдийн гол зовлон болж байна. Тохирлын гэрчилгээ авах хүсэлтийг үйлдвэрлэгчийг төлөөлөн ОХУ-д бүртгэлтэй хуулийн этгээд гаргана. Түүний худалдан авах цементэд мэргэжлийн хяналт, шинжилгээ хийх лаборатори, байгууллагыг томилогдоно. Уг лабораторийн чанарын шинжилгээ хийх шинжээчид нь Монголд ирж ажиллаж, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, дүгнэлт гарган, бүтээгдэхүүний дээж авна. Эргэж очоод авсан дээж дээрээ бүх талын шинжилгээ, туршилтуудыг хийнэ. Энэ мэтээр бичиг баримт бүрдүүлэх, гэрчилгээ авах үйл явц, аудиторын шалгалт нийлээд зургаа, долоон сар үргэлжилнэ. Гэрчилгээ авсны дараа экспорт хийхэд гурав дөрөвхөн сарын хугацаа үлдэнэ. ОХУ-д маш олон төрлийн бичиг баримт шаарддагаас гадна материалын тохирлын гэрчилгээ нь өндөр үнэтэй. Гэрчилгээг цементийн төрөл бүрээр тус тусад нь авах шаардлага үүсдэг. Гэрчилгээ тутамд жилийн хугацаанд хоёр сая орчим рубль төлөхөөр болдог. Экспорт хийж амжаагүй байтал гэрчилгээний хүчинтэй хугацаа нь дууссан тохиолдол ч гарсан.

– Манай цемент ОХУ-ын стандарт шаардлагыг хангахгүй учраас ийм шаардлага тавьдаг юм уу? Тэр яриад байгаа тохирлын гэрчилгээнийхээ талаар дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

– Цементийн чанар, стандартын шаардлагын хувьд монгол цемент ОХУ-д үйлдвэрлэж буй цементээс дутах зүйл огтхон ч байхгүй гэж боддог. Манай “МАК Евроцемент” үйлдвэр гэхэд л хамгийн сүүлийн үеийн хуурай аргаар бүрэн автоматжисан үйлдвэрлэлийн дамжлагаар цемент үйлдвэрлэдэг. Цементийн технологиор тэргүүлэгч Дани улсын “ФЛСмидт” (FLScmith) компанийн зураг төсөл, техник, технологиор баригдсан энэ үйлдвэрт зууханд орж буй эрдэс, түүхий эдийн орцоос эхлээд гарч буй эцсийн бүтээгдэхүүнийг робот лаборатори хянаж байдаг учир цементийн чанарт сөргөөр нөлөөлөх хүний хүчин зүйлийн нөлөөлөл огт байхгүй гэж хэлж болно. Тус үйлдвэрийн үйлдвэрлэж буй PPC 32.5 /ПЦ М400Д20/, ОРС 42.5 /ПЦ М500Д20/, РС 52.5 /ПЦ М600/, РС 62.5 /ПЦ М700/ цемент, усанд тэсвэртэй WRC болон шүлтэд тэсвэртэй SRC төрлийн цементүүд бол Монголын төдийгүй, олон улсын стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүнд байдаг. Манай үйлдвэрийн хувьд одоогоор дотоодынхоо цементийн хэрэгцээний 50 гаруй хувийг хангаж байна. Энэ бол бидний хувьд томоохон үзүүлэлт гэж ойлгож болно. Үндэсний бусад үйлдвэрлэгчдийн хувьд ч бас чанар, стандартдаа анхаарч ажилладаг гэж ойлгож байгаа. ОХУ-ын тохирлын гэрчилгээний хувьд цементийн зах зээлээ гадаадын үйлдвэрлэгчдээс хамгаалахад чиглэгдсэн татварын бус аргаар хийж буй эрх зүйн зохицуулалт гэж үзэж болно л доо. ОХУ-ын цементийн жилийн хэрэгцээ ойролцоогоор 70 орчим сая тонн байдаг. Энэ хэрэглээ нь жил бүр 3-5 орчим хувиар өсөн нэмэгдэж байгаа гэсэн судалгаа байдаг. Тиймээс уг нь хөрш жижиг Монгол улсаас жилд 1-1,5 сая тонн цемент экспортлоход ОХУ-ын тэр том зах зээлд онц аюул учруулахгүй л байгаа юм. Монголын цементийг ОХУ-д экспортлох боломж байгааг сайн хөршийн хувиар айлын талд зөвөөр ойлгуулах нь л чухал гэж бодож байна.

-Танай компанийн хувьд энэхүү айлчлалаас хүлээж буй үр дүн юу байна вэ?

– Миний хувьд хоёр орны бизнесийн Чуулганд оролцож “О возможностях экспорта цемента из Монголии в Российскую Федерацию и другим странам ЕвроАзиатского Экономического Союза” гэсэн сэдвээр үг хэлнэ. Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Оросын талын дарга, ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний Орлогч Алексей Васильевич Гордеев болон холбогдох Яам, газрын төлөөлөгчид, бизнесийнхэн оролцох юм билээ. Дээр ярьсан асуудлуудад тэдний анхаарлыг хандуулж, нөхцөл байдлыг ч тайлбарлаж ярина гэж бодож байгаа. Түүнчлэн цементийн тохирлын Гэрчилгээг олгодог журамдаа өөрчлөлт оруулж, зарим хэт хүнд сурталтай заалт, хаалтуудыг хялбаршуулах, гэрчилгээний хугацааг сунгаж өгөх санал хүсэлтээ танилцуулна. Сонсож, хүлээн авах байх гэж найдаж байна. Журмын ийм өөрчлөлтийг зөвхөн манай Монголын цемент нийлүүлэх бүс нутагт, тухайлбал, ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын Мужууд, Бүгд Найрамдах Буриад болон Тува улсуудтай хийх худалдаандаа хэрэглэх байдлаар шийдэх өвөрмөц гарц ч ОХУ-ын талд байж болох талтай шүү дээ. Олон арван жил найрамдал, нөхөрлөлөөр гагнагдсан Монгол-ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нэг шинэ гарц, алхам хийгдэх байх гэж Монголын цемент үйлдвэрлэгчид бид найдаж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

За баярлалаа

Categories
мэдээ спорт

Монголын эрэгтэй найман тамирчин Владикавказыг зорив

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн энэ сарын 6-8-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно.

Кавказын дэвжээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор манай улсаас найман тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.

Багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д спортын мастер А.Эрдэнэсайхан, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, З.Сумъяабазар, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзнэ. Тэмцээнийг олон улсын шүүгч Б.Жаргалсайхан дэнслэх юм.

Гурав дахь удаагаа болох шагналын сан өндөртэй тус тэмцээнд түрүүлсэн тамирчин 5000, мөнгө 2000, хүрэл медальтан болон түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1000 ам.долларын шагнал хүртэх аж.