Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нар Москва хотноо өчигдөр үдээс хойш уулзаж хэлэлцээ хийсэн билээ. Үүний дараа хоёр тал 12 баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Үүнд:

1.“Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак нар гарын үсэг зурлаа.

2.“Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2020, 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гарын үсэг зурлаа.

3.“Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Зам тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар гарын үcэг зурлаа.

4.“Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд М.А.Топилин нар гарын үсэг зурлаа.

5.“Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам болон ОХУ-ын Хууль зүйн яам хооронд 2020, 2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов нар гарын үсэг зурлаа.

6.“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурлаа.

7.“Геологи геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр”, ОХУ-ын “Зарубежгеология” ХН-ийн хоорондын гэрээ”-нд Монголын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Росгеология” хувьцаат нийгэмлэгийн удирдлагын дарга, ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа.

8.“Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын шугам барих, ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмэг болон “РЖД Интернешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хязгаарлагдмал хувьцаат нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич нар гарын үсэг зурлаа.

9.“Монголын “Эрдэнэс Монгол” ХХК ба ОХУ-ын “УЗТМ КАРТЭКС” ХХК-ийн стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”-т Монгол Улсын “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “УЗТМ КАРТЭКС” ХХК-ийн ерөнхий захирал Я.В.Центер нар гарын үсэг зурлаа.

10. “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК болон ОХУ-ын “Русская кожа” нийгэмлэг хоорондын санамж бичиг”-т Монголын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, “Русская кожа” нийгэмлэгийн захирал А.А.Низов нар гарын үсэг зурлаа.

11. “Хамтын ажиллагаа хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банк ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ ОХУ-ын Оросын экспортын төвийн гүйцэтгэх захирал А.Слепнев нар гарын үсэг зурлаа.

12. “Очир гэгээн сүндэр” ХХК болон “Алс Дорнодын Арктикийн хөгжлийн сан” нийгэмлэг хоорондын харилцан ойлголцоын санамж бичиг”-т Монгол Улсын “Очир гэгээн сүндэр” ХХК-ийн ерөнхий захирал Г.Очир, “Алс Дорнод Арктикийн хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.О.Чекунков нар тус тус гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ улс-төр

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОХУ болон Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслол хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хооронд хийсэн хэлэлцээний дараа болжээ.

Түүнчлэн ОХУ-ын Тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны хооронд Монголын иргэдийг төмөр замын мэргэжлээр сургах хэлэлцээр байгуулсан байна. Мөн ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Оросын экспортын төв”, Монголын Худалдаа хөгжлийн банк хооронд Орос-Монголын худалдааг дэмжих чиглэлээр гэрээ байгуулсан бол “Зарубежгеология” хувьцаат нийгэмлэг болон “Эрдэнэт үйлдвэр” геологи-геофизик, инженер-геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болж байна.

Түүнчлэн “УЗТМ-КАРТЭКС” хязгаарлагдмал хариуцлагатай удирдлагын компани “Эрдэнэс-Монгол” ХХК-тай стратегийн түншлэлийн санамж бичиг, “Оросын арьс шир” ХК Монголын “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-тай арьс ширэн түүхий эдийг худалдах, нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Р. Баттогтоход “Мандах нар” одонгийн зэрэглэлийн одон гардуулав

Япон улсын Элчин сайдын өргөөнд Япон Улсын Хэргийг түр хамаарагч Ш. Хаяаши “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Монгол улсын иргэн Р. Баттогтоход гардууллаа.

Р. Баттогтох нь 1977 онд Монгол улсад анх удаа хэрэгжсэн Японы Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар ажиллаж байв. Улмаар Монгол улсын их сургууль, Их монгол дээд сургуульд Япон хэлний багшаар он удаан жил ажиллах хугацаандаа Япон хэлийг заан сургах, Монгол дахь Япон хэлний боловсролыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр “Монголын эзэнт гүрний мандал, буурал”, “Монголын түүх” зэрэг ном зохиолуудыг япон хэлнээс монгол хэлэнд хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгохын зэрэгцээ олон тооны толь бичиг, япон хэлний дүрмийн сурах бичиг, гарын авлага, судалгааны бусад ажлуудыг туурвин хэвлүүлжээ.

Ийнхүү Япон, Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, Монгол улсад Япон хэлний боловсролыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Япон улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрийн дагуу Р.Баттогтохыг “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнахаар болсон билээ. Япон улсын хэргийг түр хамаарагч Ш. Хаяаши мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ “Монголд анх байгуулагдсан МУИС-ын япон хэлний курсийг дүүргэсэн даруй “Говь ноолуурын үйлдвэр барих” төслийн япон хэлний орчуулагчаар ажлынхаа гарааг эхэлж, их сургуульд заагаагүй мэргэжлийн хэцүү үг хэллэгийн орчуулгатай өдөр тутам тулгарч байсан ч огт түүртэлгүйгээр монгол ажилтнуудын хэн нь ч ойлгохоор орчуулаад зогсохгүй монгол хэлэнд шинэ үг хэллэгүүдийг нэвтрүүлж чадсан билээ. Улмаар эдгээр мэргэжлийн үг хэллэгүүд нь толь бичиг болон хэвлэгдэж, өнөөдөр ч коосэн сургуулийн төсөлд ихээхэн үр дүнтэй
ашиглагдаж байгаа”-г онцлон тэмдэглэв.

Р. Баттогтох ажил амьдралынхаа талаар товч дурсан ярьж, хөдөлмөр бүтээлийг нь өндөрөөр үнэлсэн Япон улсын Засгийн газар, Япон улсын Элчин сайдын яаманд гүн талархал илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг хэлэлцэнэ

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Дагуул хот хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 3 гишүүн 2018.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах;
  • “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэпкогийн шинэ шилээвэр номнууд

Нэпко хэвлэлийн газар жилийн дунджаар тооцохоор долоо хоногт хоёр ном худалдаанд гаргадаг. Харин яагаад ч юм энэ өнгөрч буй 11 дүгээр сард хорь гаруй ном бараг зэрэг шахам хэвлэлтээс гаргалаа. Гэхдээ дандаа шилээвэр. Ийм тохиолдол ховор л доо. Эдгээр номуудаа танилцуулахын ялдамд гайхуулах гэсэн юм.


АЛТАНГЭРЭЛТ СУДАР

Энэ судар нь махаяана буюу Их хөлгөнийхний хамгийн гол библи. Анх Энэтхэгт самгард хэлээр бичигдсэн боловч VII зууны үеэс гадагшаа олон хэлээр орчуулагдаж алдаршсан ба Зүүн Азийн буддистуудын эрхэмлэх судар болжээ. Самгард эхээрээ ямар урт нэртэй гэж санана, Su­varnaprabhasottamasutrendrarajah гэж толь бичигт галигласан байна билээ.

Анх уйгарууд эртний уйгар хэлээр Алтун Яриг гэж нэрлэснээр цааш ийм нэрээр дэлгэрсэн гэнэ. Англи орчуулга нь хүртэл Golden Light Sutra. Японд энэ судрыг туйлын дээдэлдэг шалтгаан нь Дөрвөн тэнгэрийн хаан улс орныг нь аюул ослоос хамгаалдаг гэсэн домгоос улбаалан шүтэж айл болгон гэртээ хүндэтгэн залдаг гэнэ. Монголд шарын шашин дэлгэрч байх XVII зууны үед Бодь мөрийн зэрэг, Молом тойны үлгэр, Мялын намтар, Дармапад, Хутагт Алтангэрэлт судар гэсэн буддизмын гол сургаал бүтээлүүдийг анхлан монгол хэлнээ орчуулсан байдаг. Хутагт дээд Алтангэрэлт хэмээх сударт гэгээрэл нирваанд хүрэх арга замыг үзүүлсэн төдийгүй энэ насны элдэв аюул, цаг бусын үхэл зэргээс аврах ялангуяа эдийг хэрхэн бүтээх аргыг дэлгэрэнгүй номлосон байдаг. Тиймээс энэ судрыг “эдийн тэнгэр Алтангэрэлт судар” гэж нэрлэх нь бий. Судар нь холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл гэрт хишиг буян далладаг увдистай тул айл бүр хоймортоо залбаас гай барцадыг гэтэлж элбэг амар аж төрнө гэж лам нар номолдог. Энэ НЭПКО-ын үг биш шүү. Уг нь хүн бүр унших ёстой гэдэг юм билээ. Мэдээж манайд мухар сүсэг тал нь дийлээд судраараа даллан гай барцад хөөж байсан нь их. Лав л манай эмээ ширүүн бороо орохоор аянга зайлуулж байгаа нь энэ гээд гадаа гараад номоороо далладаг байсан.

НЭПКО-оос эрхлэн арван жилийн өмнө Зонховын Бодь мөрийн зэрэг бүтээлийг орчин цагийн монгол хэлнээ буулгасан. Учир нь 1639 онд орчуулсан нь өнөөгийн монгол хэлтнүүдэд тэр бүр ойлгогдох аргагүй болжээ. Хэл хөгждөг, өөрчлөгддөг, хувьсдаг. Алтангэрэлт судрыг молекул гэгдэх Батжаргалын Батбаяр буян үйлдэж өнөөгийн монгол хэлнээ найруулан хөрвүүлжээ. Энэ нь түүний гурван жилийн хөдөлмөр. Нямсамбуу гавж редакторлосон гэхээр дажгүй болсон гэж ойлгогдох байх. Урьд бичиг үсэгтэй хүн ч ховор байж, сүүлд нь шашныг хориглосон, бараг зуун жил үргэлжилсэн, иймээс уншдаг нь цөөн, ойлгодог нь бүр цөөн байсан байх. Алтангэрэлтийг хүн бүр уншиж гэгээр гэх юм билээ. Ингээд өнөөгийн бидний ярьж ойлгодог хэлнээ хөрвүүлсэн Артангэрэлт судал оршвой.


ГАДААДАД ХЭВЛҮҮЛСЭН НОМУУД

Уран бүтээлчид-амьдрал бүтээл. Дэлхийг өөрчилсөн аугаа тулалдаанууд гэсэн гурван том зурагт ном бол Английн ДК хэвлэлийн газрын бүтээл. Урьд нь НЭПКО Дэлхийн шилдэг уран зургууд гэсэн ДК ном гаргаж байсан. Тэнд алдартай уран зургуудыг детальчлан тайлбарлаж, уг зургийн гоё сайхан, өгүүлэмж, түүхийг маш дэлгэрэнгүй тайлбарласан. Харин энэ удаагийн Уран бүтээлчид-амьдрал бүтээл-д 350 уран зураач, барималчдын амьдрал бүтээлийг өгүүлснээс нэг зуу орчмынх нь амьдрал болон голлох бүтээлийг нь онцлон маш тодорхой үзүүлжээ Европ, Америкийн төдийгүй Хятад, Япон, Солонгосын уран бүтээлчид ч энд багтсан байна. Сэргэн мандалтын үеийнхнээс эхлээд хамгийн орчин үеийн пост модернистуудыг хамарсан аж.

Дэлхийн түүхэн товчоо маш өвөрмөц сонирхолтой ном. Дэлхийн бүх цадигийг динозаврын үеэс эхлээд интернэт, орчин үеийн залуусын соёл хүртэлх түүхийг тус болгоныг нь ганц хоёр нүүрэнд багтаагаад зургаар илэрхийлсэн аж. Эртний Энэтхэгийн эзэнт улс, Тагнуулын түүх, Загалмайтны дайн, Археологи Мэдээ түгээсэн нь, Гэрэл зургийн түүх, Биологийн шинжлэх ухаан гэх мэтээр хамраагүй сэдэв алга. Ухаан нь Бүжгийн түүх, гэхэд л МЭӨ 200 онд Брахма бурхны домгоос сэдэвлэсэн энэтхэг бүжгээс эхлээд 1960 оны твист, 1972 оны брэйк, 2000 оны болливүүд бүжиг хүртэлхийг зураг товч тайлбартай нь хоёр нүүрэнд багтаасан байх жишээтэй. Тэнд Монголын эзэнт гүрэн гэсэн хэсэгт 1162 онд Тэмүүжин төрснөөс 1368 онд Юань гүрэн мөхсөн хүртэлх түүх маш товч мөртөө зурагтай бичигдсэн байна.


Дээрх хоёр номыг Хонконгт хэвэлсэн бол Дэлхийг өөрчилсөн аугаа тулалдаанууд номыг Дубайд хэвлүүллээ. Хүний түүх бол дайны түүх. Гэвч үүн дотор хүн төрлөхтний цаашдын хувь заяаг өөрчилсөн, шийдвэрлэсэн аугаа тулалдаанууд бас байна аа. Том далайцтай гэдэг утгаараа биш л дээ. Ухаан нь тэнд Лигницийн тулалдаан оржээ. Бат хааны цэрэг Лигницэд Европын нэгдсэн хүчнийг цохиод цаашлах гэтэл Монголд Өгөөдэй хаан нас барж монголчуудын цааших тэлэлт зогссон. Хэрэв энэ хоёр явдал давхцаагүй бол Европын түүх хааш эргэх байв? Айн Жалутын тулалдааныг энд багтаасан байна. Мөн л төстэй явдал болж Монголд Мөнх хаан нас барсан учир Хүлүгүгийн гол хүчин гэртээ харьжээ. Яг тэрийг тохиолдуулан мамлюкууд Багдадад үлдсэн цөөн цэрэгтэй Монгол армийг довтолж ялсан. Чухам үүнээс болоод монголчуудын лалын ертөнцөд зарласан дайн төгсгөл болж, тэд цаашлан Африк руу цөмөрч чадаагүй юм. Дэлхийг өөрчилсөн аугаа тулалдаанууд-д Дэлхийн хоёрдугаар дайныг нэг талд нь шийдвэрлэсэн Сталинградын тулалдаан, Наполеоны аян дайныг цэглэсэн Ватэрлоогийн тулалдаан гээд 60 орчим аугаа мөргөлдөөнийг зурагжуулан, болсон явдлыг маш товчоор ойлгомжтой тайлбарлажээ.

Канадын Кю Ай хэвлэлийн газрын олон хэлний зурагт толийг энэ удаа Англи-Монгол хувилбарыг нь уйгаржин монгол үсэг бүхийгээр Малайзад хэвлэн гаргалаа. Урьд нь Британника монгол хэлний зурагт тайлбар толь гэсэн нэлээд том овортой бүтээл хэвлэж байснаас гадна Таван хэлний зурагт толь, Англи-Монгол, Солонгос-Монгол, Орос-Монгол, Хятад-Монгол зурагт толь хэвлэж байсан нь уншигчдаас их л сайшаал хүртсэн дээ.


ТУН ТОВЧХОН ТАЙЛБАР

Оксфордын хэвлэлийн газраас Very Short Introduction буюу Тун товчхон тайлбар гэсэн цуврал хэдэн жилийн өмнөөс хэвлээд эхэлсэн нь өдгөө 600 гаруй ном болон өргөжжээ. Хүмүүнлэгийн ухаан, Шинжлэх ухаан, Нийгмийн ухаан гэсэн гурван ерөнхий хүрээг хамарсан эдгээр номнууд үнэхээр маш товч, тус болгондоо ердөө нэг зуу орчим хуудастай. Сая НЭПКО-оос Төрийн захиргаа, Их өгөгдөл, Улс төр, Логик, Засаглал, Библи, Будда гэсэн долоон цувралыг орчуулан хэвлэж гаргалаа. Ойлгомжтой байхын үүднээс эдгээрээс хоёрыг нь танилцуулъя.

Буддизм судлалаар тэргүүлэх эрдэмтэнд тооцогддог Майкл Карритэрс Будда хэмээх төсөр боршуур бичжээ. Намтрыг нь бичих гэхээр тэр хүний амьдралын цэдэг тун бүдэг гэнэ. Түүний тухай олон ном зохиол байдаг ч хүнийг нь гэхээсээ сургаалыг нь бичиж үлдээсэн аж. Тухайн үед Энэтхэгт хэрмэл бадарчид маш олноор хэсүүчлэн явж сургаал номоо айлдаж, хоорондоо маргалдан цэц булаацалддаг байжээ. Сиддарта тэдний нэг байв. Хэрмэл бадарчид Энэтхэгт нийгмийн тусгай давхрага болтлоо олширсон байлаа. Сиддартагийн сургаал нь тэдгээр олон хэрмэлүүдээс авсан маш олон онол байдгаас гадна, тэднээс зээлдсэнийгээ өөрийн хувилбараар шинэчилсэн, засаж өргөтгөсөн байдаг ба өөрөө ч орчлонгийн хүрдээс гарч мөнхийн амгаланд хүрэх сургаалаа боловсруулжээ. Хүн үхэж, дахин дахин эргэж төрдөг онол энэтхэгчүүдийн хувьд угаасаа байсан ойлголт, харин энэхүү дахин дахин төрдөг эргүүлгээс гарах арга гэдгийг Будда Сиддарта санаачлан боловсруулсан гэх. Сиддарта Энэтхэгийн олон ханлигийн нэгний удам гэдэг ч эхнэр хүүхдээ орхиод бадарчилсан гэдэг нь баталгаа нотолгоогүй аж. Юутай ч Будда өнөөгийн Балба улсын Лүмбини хэмээх хотод төрсөн. Насан өндөр болсон хойноо хамгийн сүүлчийн аянаа тахал дэлгэрсэн умар зүг рүү алхаж замдаа хоолны хордлогоор насан өөд болсон аж. Дагалдагч Ананд нь уйлахад “Бүү уйл, бид бүгд нэгэн цагт хайртай бүхнээсээ салдаг, бүх зүйл түр зуурынх гэж би чамд хэлээ биз дээ” гэжээ. Буддагийн зохиол сургаалыг ном болгон бичгээр үлдээсэн хүмүүсийн дотор нэг ч амьд гэрч байгаагүй, ам дамжсан зүйл нь түүнийг хальснаас олон жилийн дараа сургааль болон үлджээ.

Библийн Хуучин гэрээ одоогоос олон мянган жилийн өмнөөс зохиогдон гурван мянган жилийн турш үргэлжлүүлэн бичигджээ. Ингэхээр зохиогч маш олонтой байж таарна. Энэ хэрээрээ дотроо асар их зөрчилтэй гэж Библи судлаач Жон Ричэс бичжээ. Библийг жүүд шүтэгчид нэг янзаар уншиж байхад жүүд биш шүтэгчид шал өөр өнцгөөр ойлгодог гэнэ. Хуучин гэрээний Бурхан маш хатуу шалгууртай нь Абрахамыг шалгахын тулд хайртай ганц үрийнхээ толгойг таслаад авч ир гэж тушаадаг, завхайрал нь хэтэрсэн Садом Гомри хотыг галаар тургин сөнөөдөг зэргээс харагдана. Гэвч үүнийг жүүд шүтэгчид хэрхэн тайлбарладгийг зохиогч тодорхой харуулсан байна. Шинэ гэрээ-ний хувьд эхний хэсгүүд болох Поол, Матэй зэрэг нь Есүсийг мэддэг амьд гэрч нар байжээ. Үүнээс хойших нь янз бүрийн үед янз бүрийн хүмүүс нэмж бичсэн хоорондоо их зөрчилтэй хэсгүүд гэнэ. Ер нь Библи нь хэн яаж уншиж юу гэж ойлгосноос хамаараад янз бүрээр тайлбарлагддаг судар аж. Үүнд хэнийг нь ч буруу ойлголоо гэх аргагүй гэж Ричэс дүгнэжээ.

Оксфорд хэвлэлийн газартай гэрээ хийж тэдний энэ олон ботиос өөрсдийн үзэмжээр жилд 10 ном шилж орчуулан хэвлэж байхаар гэрээ хийхэд тэд “Тэгвэл одоо байгааг нь 60 жилийн дараа дуусгах нь” гэж шоглосон. Манайд зарим номыг нь хэвэлсэн байна гээд өөр газар эрх өгсөн эсэхийг лавлахад “Танайхаас өөр хэнтэй ч гэрээ хийгээгүй. Хэрэв зөвшөөрөлгүй орчуулж хэвлэсэн бол энэ нь хулгайн гэмт хэрэг” гэж хэлсэн дээ.


БИОЛОГИ АНАГААХЫН УХААН

Мүхэржи Сиддарта хэмээх сүүлийн үед их л моодонд ороод байгаа эрдэмтний Хорлолын хаан, Ген гэсэн хоёр номыг орчуулан худалдаанд гаргалаа. Зохиогч энэ бүтээлээрээ Пулицэрийн шагнал авч ном нь бэстсэллэр болсон. Хорлолын хаан гэдэг нь Хорт хавдар, тэрэнтэй тэмцсэн түүх. Гэхдээ маш энгийн хэлээр тун сонирхолтойгоор тайлбарласан байна. Эдгэшгүй гэж олон үеийн турш оношилсоор ирсэн энэ өвчний цаад шалтгаан, анагаах ухаан олон жилийн турш судалсан тэмцсэн туршсан түүх энд бичигдсэн. Анагаах ухаан энэ өвчинтэй тэмцсээр өнөөдөр ямар түвшинд хүрээд байгаа, ер нь өвчин юунаас болдог, хэрхэн оношлогддог зэргийг эмч, эрдэмтэн, авьяаслаг зохиолч хүний хувьд Сиддарта сайхан тайлбарлажээ. Юу юугүй л бүх юмыг хорт хавдар гэж оношилдог, юуг ч хамаагүй хорт хавдар үүсгэдэг гэж мэдэмхийрдэг, энэ өвчнийг эдгээх арга олчихлоо гэж бүлтрэн Засгийн газраасаа олон сая төгрөгөөр шагнуулдаг манай өнөөгийн түвшний хүмүүс Хорт хавдар гэж үнэхээр юу болох, одоогийн анагаах ухаан ямар амжилт олсон ба юу нь дийлдэхгүй байгаа талаар тодорхой ойлголттой болмоор байна. Энэ номыг дэлхий даяар уншиж байна. Ардчилсан ардчилаагүй аль ч орны уншигчид уг өвчин ардчиллаас болдог биш юм байна гэдгийг ойлгочоод явж байна, цаана чинь.

Мүхэржи Сиддартагийн бас нэг бэстсэллэр нь Ген хэмээх ном. Хорт хавдар ч генийн угшил шалтгаантай. Өнөөгийн дундаж иргэн гений тухай тун ч тааруухан ойлголттой, тэгсэн мөртөө ген ярих маш дуртай. Ген гэж юм байдаг гэж сэжиглэж эхлээд 150 жил, үнэхээр байдгийг нь бодитоор батлаад 70 жил болж байна. Генийг бүрдүүлэгч дизоксирибонуклэйний хүчил хэмээх аварга молекулын бүтцийг нээсэн Ватсоны маш сонирхолтой дурсамж номыг өнгөрсөн жил НЭПКО орчуулж хэвлэн гаргасан. Сонгуулиар манай нэг нэр дэвшигч өөрийнхөө тухай “Уураг сайтай ген юм, Удам сайтай унага юм” гэсэн шүлэг зохиолгуулан уншсаар яваад дивтаат болж байсан. Шинжлэх ухааны хувьд ген нь иймэрхүү ойлголтоос их л ангид юм билээ шүү.


Орчин үеийн биологи-анагаах ухааны сэдвээрх эдгээр цувралд Карл Циммэрийн Вирусын ертөнц гэдэг номын бас орууллаа. “Чухамдаа вирус л зөвшөөрсөн учраас манай дэлхий дээр амьдрал оршин тогтнож байна” гэсэн алдартай афоризм ч байдаг. Зөвхөн РНХ, ДНХ-аас тогтсон энэ биет ер нь амьдрал мөн үү биш үү гэдэг нь хэдийнэ философийн асуулт болсон. Уг нь Фридрих Энгельс “уурагт биеийг амьдрал гэнэ” гэж хэлсэн, тэр ч яахав шинжлэх ухаан дорой байх үед мэргэжлийн бус хүний амнаас гарсан үг. Мартсанаас Энгельс гэснээс түүний Байгалийн диалектик гэсэн зуун тавин жилийн өмнө бичсэн ном, ялангуяа Хөдөлмөр хүнийг буй болгосон тухайг нь заавал уншиж шалгалт өг гэж өнөөгийн Монголд дээд сургуулиуд (лав л МУИС) оюутан сурагчдаас шаарддаг нь хэвээр гэнэ.

Одоо Хойд Солонгос, Кубад л оюутанд ийм шаардлага тавьдаг хэвээр байх, коммунизм сөнөнгүүт бусад оронд больсон. Энгельсийн энэ таамаглал бүтээл шинжлэх ухаанаар нотлогдоогүй.

Сармагчин хөдөлмөр хийж хөлсөө гартал ажилласаар байгаа Хомо сапиэнс хэмээх орчин үеийн хүн болон хувирсан гэдэг нь арай ч дэндүү бүдүүлэг тайлбар.

Шинжлэх ухааны эсрэг, үзэл суртлын номлол. Саяхан монгол хэлнээ орчуулагдан гарсан Ювал Хараригийн Sapiens гэдэг номыг хүүхдийг унш гэж гэж шахахаа байг гэхэд өөрснөө ядахнаа гарчиглачихаасай, тэр хоцрогдлын туйлууд.

Циммэрийн номын утгыг тоймлохын тулд зөвхөн бүлгийн гарчигнуудыг нь жагсаая: “Халдвартай амьд шингэн”, “Бидний дайсны дайсан”, “Гамшиг тарьсан шинэхэн халдвар”, “Харь гаригийн вирус”.


БАС НЭГ БЭСТСЭЛЛЭР

Швейцарийн зохиолч, бизнесмэн Ролф Добэлли Цэгцтэй сэтгэх урлаг гэсэн ном бичээдэхсэн чинь тэр дороо дэлхий даяар бэстсэллэр болчихдог байгаа.

Яах тухай биш, яахгүй байх тухай энэ сонирхрлтой номыг НЭПКО өнгөрсөн жил орчуулаад гаргасан чинь Монголд бас бэстсэллэр болж богино хугацаанд гурав дахин хэвлэгдсэн. Хоорондоо шууд холбоогүй учраас хаанаас нь ч уншиж болдог энэ номд тавь гаруй “яахгүй байх тухай” зөвлөгөө бий.

Зөвлөгөө болгон нь ердөө л ганц хоёрхон хуудас. Жорлондоо тавьчихаад бага багаар уншаад байж болох авч маш сонирхолтой учир ихэнх хүн нэг амьсгаагаар уншчихдаг аж. НЭПКО-ын дизайнер Бямбацогт номын хавтсыг хийхдээ Цэгцтэй сэтгэх урлаг гэсэн гарчигийн СЭТГЭХ гэдэг үгийг нь зориуд доош нь харуулаад биччихсэн чинь хэвлэх үйлдвэрийнхэн алдаа байна гэж ойлгоод дээш нь харуулаад засчихсан бас нэг цэгцтэй явдал болж байлаа.

Өнгөрсөн сард Добэллигийн дараагийн ном Сайхан амьдрах урлаг монгол хэлээр хэвлэгдлээ. Дэлгүүрийн талх шиг шажигнаж байна, цаана чинь. “Аз жаргал, эд баялаг, амжилтад хүргэх 52 зөвлөмж” гэсэн давхар нэртэй. Гэхдээ яавал жаргах тухай биш, яахгүй байвал амжилтанд хүрэх тухай. Харвард, Бэрклэй, Оксфорд тийм ч мундаг сургууль биш гэнээ. Нэр суу нь алдаршчихсан болохоор хамгийн чадалтай залуучуудыг өндөр оноотой шалгалтаар элсүүлдэгт нууц нь бий. Тийм л мундаг юм бол дундаж оюутнууд цуглуулаад тэргүүлэх мэргэжилтнүүд бэлтгэх нь яасан юм? Цаг хэмнэх гэхээр үнэндээ цаг үрдэг, жижиг гуйлт том харуусалд хүргэдэг, чамд дэлхийг аврах үүрэг байхгүй, өөрийгөө бусдын оронд тавиач, аугаа гэгдэх хүний онолд битгий хуурт, өнгөрсөн юмны араас битгий гунихар гэх мэтийн олон санааг маш хөөрхөн жишээгээр чимэглэсэн байна.


БУСАД

Одоо үеийн монголчууд философи их сонирхдог болжээ гэж бодогдлоо. Философийн ном болгон гүйлгээтэй байна. НЭПКО Жонатан Волф-ын Улс төрийн Философи, Мэл Томпсоны Философи гэсэн Оксфордын номнуудыг дахин хэвлэн гаргалаа. Хүний түүх бол дайны түүх, харин хүний сэтгэлгээний түүх бол философи. Энэ болгоныг нэгтгэн түүхчилж сурах бичиг маягтай болгохоор цэгцтэй сэтгэхэд хэрэгтэй байх. Нэлээд зоригтой, эсвэл галзуувтар хүн л өөрийгөө философич гэж зарладаг юм шиг билээ. Хүн болгон өөрөө өөртөө философич л доо. Гэхдээ гүн ухааны утгаараа шинэ гаргалгаа, шинэ санаа, шинэ ажиглалт, шинэ тайлбар гаргасан хэдийгээ философич гэх ба бусдыг нь философийн багш, философи сонирхогч гэх ба доошлоод ирэхээрээ өөрийгөө философич гээд ойлгочихсон шизо гэх нь ч бий. “Эхлээд хүн шиг амиа аваад яв, дараа нь философид” гэсэн латин мэргэн үгийг эртний ромчууд баримталдаг байж.

Монголын харилцаа холбоо гэсэн номыг “Нэйшнэл Жографик” хэвлэлийн газрын зөвшөөрлөөр тэдний лого болон дизайнаар хэвлэн гаргалаа. Монголын харилцаа холбоо үүссэний ойг мөн л 1921 он гэж тэмдэглэн одон медаль тараадаг. Уг нь Чингисийн үед өртөө үүссэнээр тооцохоо байг гэхэд XIX зууны эцсээр Монголоор дайруулж Бээжин Москваг холбосон холбооны шугам татсанаас эхэлсэн гэж үзмээр. Дани улсын компани шугам таталтыг гүйцэтгэсэн ба монголчууд шонг нь хөрөөдөж аваад түлш болгодог, төмөр утсыг нь ачаа бараа баглахад хэрэглэдэг байсан тухай Ларсон гүнгийн дурсамжинд бий. Зуун жил өнгөрөхөд ерээд оны үед харилцаа холбооны зэс утсыг хуу татаад зарчихдаг байсан гэхээр нэг их өөрчлөгдсөн юм байна уу?

DHL хэмээх шуудангийн компани дэлхийн хамгийн том нь. 1987 онд уг компани бүх дэлхийг бүрхсэнийхээ баярыг Лондон хотод тэмдэглэжээ. Захирал нь үг хэлж, улс төрийн шалтгаанаар зөвхөн Хойд Солонгос, Куба гэсэн газрын зураг дээр цэг шиг харагддаг хоёр жижиг улсаас бусдад нь манай компани илгээмжийг Антрактидад ч хүргэдэг боллоо хэмээн бахаджээ. Гэтэл нэг сүрхий эр DHL шуудангаа хүргэж чаддаггүй асар том газар нутагтай тусгаар улсыг мэднэ гэж маргаад мөрийцсөн байна. Сая таван зуун мянган ам км нутагтай Монгол хэмээх тусгаар улсад уг компани салбаргүйгээ мэдэхгүй явсан захирал мөрийгөө алдсан гэдэг. Тэр дор нь Монголд салбараа нээсэн. Тус компанийн Монгол дахь салбарын үүсэл хөгжлийн тухай бас нэг ном сая НЭПКО гаргалаа.

Балба бол дэлхийн хамгийн ядуу улс. Сайн тал нь Энэтхэг, Хятад гэсэн хоёр аварга зах зээлтэй хөршилдөг. Гэтэл тэд тэрбумтантай болжээ. Бинод Чаудари гэх эр гоймонгийн бизнес эрхэлж том зах зээлийн томчуудтай өрсөлдсөөр байгаад дэлхийн тэргүүлэх баячуудын нэг болж. Мань эр азтай, гол нь ядуу орны ядарсан засаг төр нь түүнд элдэв саад тотгор болсонгүй. Ер нь хүн нь сүйхээтэй сэргэлэн ахул төр засгийн хамгийн том дэмжлэг бол бизнест нь гай болохгүй байхад л хангалттай юм. Бинод Чаудари-гийн Зангарагатай хөдөл дурсамжийн ном бас хэвлэгдэн гарлаа.

2019.12.02

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Манай нам олон суудал авахаа чухалчилсан бол жижиг мажоритараараа явах байсан

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуулийг өргөн барихаар болжээ. Ирэх 2020 оны сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар тогтчихов уу?

-Энэ долоо хоногт Сонгуулийн хуулийн ажлын хэсгүүд нь ажиллана. Уг хуулийг арванхоёрдугаар сарын 25-наас өмнө батлах хуультай. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх болсон хэд хэдэн шалтгаан бий. Иргэд, холбогдох албан байгууллагуудаас уг хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн, парламентын, орон нутгийн сонгуулийг тус тусад нь явуулах нь зүйтэй гэх саналыг ирүүлсэн. Энэ нь Сонгуулийн хуулийг өөрчлөх зайлшгүй нэг шалтгаан. Хоёрдугаарт, жижиг мажоритар байх нь зөв гэж нэг хэсэг нь хэлж буй. Тиймдээ ч Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоо мажоритар байна гээд заачихсан. Тэр ч утгаараа 50:26 байх нь хууль зөрчих юм биш үү гэдгийг зарим гишүүд хэлж байна лээ.

-Ингэж холимог байлгахаар шийдсэн нь ямар учиртай юм бэ?

– Ерөнхийлөгч, Ардчилсан нам, МАН-ын зарим гишүүдийн зүгээс ч энэ саналыг дэмжиж байгаа. Бүгд жижиг тойрогт хуваагдчихаар төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үед жалга довны үзэл ихээр гарч байна гэдгийг хэлж байгаа юм. 50-хан хүнтэй суманд 500 хүүхдийн цэцэрлэг, сургууль барих зэргээр шаардлагагүй хөрөнгө оруулалт хийж байгаа нь ч шүүмжлэл дагуулдаг. Гэтэл Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээ хомс байх жишээтэй. Энэ мэт санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлого талаасаа алдаа, завхрал гарч байгаа юм. 50:26-гаас гадна 60:16 гэж ч ярьж байгаа. Нэг хэсэг нь улс орны хэмжээний томоохон төсөл хөтөлбөр, бодлогод анхаардаг байх. Тойргоос сонгогдсон гишүүд нь тойрогтоо анхаарлаа хандуулахаас гадна улс орны алсыг харсан бодлогод ч санаа тавих учиртай. Ингэхгүй бол улс орны хөгжилд дэмтэй том бодлого хэрэгжихгүй нь гэдгийг бид хаана хаанаа харлаа шүү дээ. Энэ агуулгаар энэхүү тогтолцоог санал болгож байгаа.

Энэхүү тогтолцоог холимог мажоритар гээд байгаа юм. Намын нэрээр бус хүн дугуйлдаг байна. Үүнд болохгүй гэх зүйл байхгүй.

Тойргоос сонгогдсон гишүүний хувьд би амласан амлалтуудаа биелүүлж, тултал нь сайн ажиллаж байгаа. Манай тойрог Чингэлтэй тойргийн гэр хороололд байдаг. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол, нийгмийн эмзэг асуудал тэнд байгаа учраас асуудлыг нь шийдэх зайлшгүй шаардлагатай. Дэд бүтэц бий болгож, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Ямартаа ч хийсэн ажлын дүнд хүүхдийн өвчлөл буурч, сургуулиуд гурван ээлжгүй болж, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. Энэ утгаараа тойрогт өрсөлдөхөд бэлэн. Үүнээс болгоомжлоод айгаад байх зүйл байхгүй. Гэхдээ бид улс орноо бодох ёстой. Бид нэг л улсад амьдарч байгаа. Бидэнд цэвэрлэх байгууламжаа шийдэх, агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг байшин хороолол болгох, дэд бүтэц татах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн цогц асуудлыг шийдэх шаардлага зайлшгүй байгаа юм.

-Сонгуульд өрсөлдөж байгаа нам бүр 26 нэр дэвшүүлэх юм уу. Сонгогчдод тэр олон нэрээс сонгоход хүндрэлтэй байдал үүсэх юм биш үү?

-Хүмүүс ч тэр талаар хэлж байгаа. Сонгогчид өөрсдийнхөө талаар сайн мэдээлэл, тайлбар өгөхгүй бол хэцүү л дээ. МАН-ын 26 байлаа гэхэд нэгийг эсвэл гурвыг дугуйлах эсэх талаар Удирдах зөвлөл, МАН-ын бүлгийн хурал дээр ч ярьсан. Энэхүү тоон дээр хүртэл маргаантай асуудлууд гарсан. Тиймээс ажлын хэсэг дээр мэргэжлийн хүмүүс сууж ярилцан тодорхой болгох юм. Эхлээд дүрмээ тодорхой болгоод дараа нь бүлэгээрээ энэ асуудлыг оруулж, 50:26, эсвэл 76 мажоритараараа явахаа шийдье гэж байгаа. Гэхдээ хуулиа өргөн барихдаа 50:26 гэдгээрээ өргөн барья гэж бүлгийн гишүүдийн олонх нь үзсэн. Үүнийг маш тодорхой болгох хэрэгтэй. Дээрээс нь жижиг намууд хэрхэн авч үзэх вэ гэдэг нь сонин. Энэ мэт маргаантай асуудлууд бий. Үнэхээр улс орны бодлогыг авч явах туршлагатай хүмүүс байх уу, эсвэл нөгөө л намын нэр ард нуугдан олон жил УИХ-д гарсан хэрнээ хийсэн бүтээсэн хомс хүмүүс байх юм уу гэдэг дээр ч ярьж байна. Болгоомжлол байна. Би ч үүн дээр байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс ёс зүйтэй, хариуцлагатай, бодлогын асуудлаа аваад явж чадах, нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэдэгээ хэлж байгаа юм.

-Эрх баригчдад тоглоомын дүрмээ сонгох боломж бий. Тэр утгаараа энэхүү тогтолцоо нь эрх баригчдад ямар ашигтай байна вэ?

-Намын ялалтаа урдаа барьж бид ирэх сонгуульд эрх баригч болчих юмсан гэх хүслээ нэн тэргүүнд тавихгүй байх гэж бодож байна. Өнөөдөр баян, хоосны ялгаа маш их болсныг хэн хүнгүй ярьж байгаа. Цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд байгалийн баялаг нь байдаг, иргэдийн 50-иас доош хувь нь амьжиргааны дунджаас доош түвшинд орчихсон. Олон жил ярьсан газрын тос боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж нь ажил хэрэг болоогүй. Агаар, хөрсний бохирдол ихтэй, эмнэлэг, сургуулийн хүртээмж нь муу, гэсэн хэрнээ авлигын хэргүүд ар араасаа гардаг. Бид энэ бүхнийг зоригтой гаргаж тавьж, нийгмээ цэвэршүүлээд цааш явах ёстой. Ингэхийн тулд бид намын эрх ашиг гэхээсээ илүү улсын эрх ашгийг харах хэрэгтэй юм. Энэ утгаар нь хандаж байгаа гэдгийг ч Ерөнхий сайд хэлж байсан. Би ч үүнтэй санал нэг байгаа.

Манай нам олон суудал авахаа чухалчилсан бол жижиг мажоритараараа явах байсан. Энэ нь илүү боломжтой байсан. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө оруулалт сайн байж, гишүүд сайн ажилласан гэдгээ хэлж байгаа юм. 50:26 гэх энэхүү холимог мажоритар нь “савахад” амархан шүү дээ гэдгийг ч зарим нь хэлж байгаа. Нөгөө талаасаа Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд Их хуралд суудалтай намууд оролцох ёстой. Жишээ нь, Ардчилсан намын зүгээс өөрийн байр сууриа илэрхийлж оролцох ёстой шүү дээ. Харин тус намаас холимог тогтолцоог оруулбал л дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа. Тиймээс маш сайн тунгааж, хуулийн дагуу Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байх гэж бодож байна.

-Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө “Капитал”-ын дампуурлаас болж ор сураггүй алга болсон гэгдэж буй. Банк дампуурлаа ч нэн тэргүүнд төрийн мөнгийг гаргаж өгөх ёстой. Энэ удаад энэ жишиг алдагдчихав уу. Тэрхүү хөрөнгийг хэрхэн олж авах вэ?

-Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол ард түмний мөнгө шүү дээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж байгаагаар 2013-2016 оны хоорондох НДС, ЭМДС-гийн 300-гаад тэрбум төгрөгийн асуудал байгаа юм билээ. Энэ мөнгийг эргүүлж төлүүлж, НДС-д нь буцаах ёстой гэдгийг бид хатуу хэлж байгаа. Ялангуяа Өргөдлийн байнгын хорооноос үүнд хатуу байр суурьтай байгаа юм. Иргэдээс ч хүсэлт ирсэн. Энэ асуудал хууль хяналтын байгууллагад ч шилжсэн. Сангийн сайд ч өөрөө энэ тухай ярьж байсан. Тиймээс энэ асуудал дээр ажиллаж байгаа байх гэж бодож байна. Мэдээж энэ санг хоосолчихоод иргэдийн цалин, тэтгэврийг тавихгүй байна гэж байхгүй. Ажил явдгаараа явж байгаа. Цаашид энэ мэт төрийн мөнгийг байршуулахдаа Монголбанкнаас гаргасан арилжааны банкуудын шалгуурыг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ талаар ч бид Нийгмийн бодлого, Өргөдлийн байнгын хорооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт ч үүрэг өгчихсөн.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч 2020 оны төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйг мэдэгдлээ.

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТҮҮНИЙГ ДАГАЛДАН БАТЛАГДСАН ЗАРИМ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон алсын хараатай нэгдмэл бодлого, эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой төрийн чухал бодлого мөн гэдгийг өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэгдэх үеэр Улсын Их Хуралд тусгайлан сануулж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрээгүй болно.

Түүнчлэн уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, уламжлалт хөдөө аж ахуйдаа тулгуурлан мал аж ахуйн гаралтай баялаг, түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг барьж байгуулах нь ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулах, улс орны эдийн засагт үсрэнгүй хөгжил авч ирэх онцгой ач холбогдолтойг сануулж, тодорхой санал, санаачилга гаргасан боловч эрх баригчдаас улсын төсөвт тодорхой бодлого, арга хэмжээг тусган хэрэгжүүлэх эрмэлзэл, хичээл зүтгэл огт гарсангүй.

Монгол Улсын 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай, хэт үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилсан, зураг төсөлгүй олон барилга, байгууламжийг барихаар тусгасан зэрэг алдаа дутагдал ихтэй, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн байдалтайгаар батлагдсан бөгөөд үр дүн нь Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо хэдэн сургууль, цэцэрлэг барьснаа сайрхаж, сурталдахаас цааш хэтрээгүй гэж хэлж болно.

Энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, өмнөх жилийн алдаа, завхрал улам төгөлдөржиж, дахин давтагдсан байдалтай байна. Тухайлбал, Улсын Их Хурлаар батлагдаад байгаа 2020 оны төсвийг сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, тухайн зарлагадаа тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон, төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж улам нэмэгдүүлсэн зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах олон дутагдалтай, алдаа ихтэй, эрсдэл бүхий төсөв болсон гэж дүгнэж болохоор байна.

Хэдийгээр улсын төсвийг батлах нь Улсын Их Хурлын бүрэн эрх мөн боловч хувь хүний ухамсар, ёс зүй болон албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тодорхой хязгаарлалтууд тогтсон байдгийг гишүүн бүр анхаарвал зохино. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасан байдаг.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам “Иргэдээ ядуурлаас аварна” гэх уриатай сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж, төсвийн алдагдал 1 их наяд төгрөг давах болсныг шүүмжлэн “үр ашиггүй зардлуудыг танаж хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна, татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн тодорхой амлалтуудыг ард түмэнд өгч, сонголт дэмжлэгийг нь татсанаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа, зохицуулалтын дагуу төрийн эрх барих эрхийг олж авсан бол тухайн намаас нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах нэн хариуцлагатай үүргийг хүлээсэн болно.

Үндсэн хуульд тусгалаа олж, бусад хуулиар баталгаажсан ийм тодорхой болзлоор ард түмний мэдэлд буй засгийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх эрх олж авсан намын, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хий хоосон уриа, лоозон байж таарахгүй. Харамсалтай нь эрх баригчид ард түмэнд өгсөн дээрх болон “эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэх мэт гоё сайхан амлалтуудаа бүрэн умартаж, татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар ачааны хүндийг ард иргэдэд үүрүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал 2017 оноос хойш хадгаламжийн хүүгийн, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхины, согтууруулах ундааны, суудлын авто машины, шатахууны зэрэг 7 төрлийн татварыг нэмэгдүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг 3 хувиар өсгөөд байгаа бол 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл дахин 2 хувиар өсөж, ард иргэдийн амьдралд учирч байгаа хүндрэл, дарамтыг улам нэмэгдүүлэн, бүрэн туйлдуулах нөхцөл бүрдээд байна.

Төсвийн үрэлгэн зардлуудыг танах, төрийн байгууллага, албан тушаалтнуудын тансаглалыг зогсоох, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд эргэлт, өөрчлөлт авч ирэх үр өгөөжтэй, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх ажил хэрэгч санал, шаардлагуудыг үл хэрэгсдэг атлаа татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар нэг гараараа иргэдийнхээ халаасыг тэмтрэн, нөгөө гараараа тойргийнхоо иргэдийг халамжилдаг эрх баригчдын энэ харалган, сонгуульд чиглэсэн явцуу бодлого улс орны амьдрал, хөгжилд гол түшиг болдог дундаж давхаргыг үгүйрүүлэх нэн таагүй үр дүнд хөтөлж, засаж залруулахад туйлын төвөгтэй, хүнд нөхцөл байдалд хүргэж байна.

Тиймээс Монгол Ардын нам, түүнээс нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд үүрэг хариуцлагаа ухамсарлах, ард түмэнд өгсөн амлалт болон авч хэрэгжүүлсэн бодлого, шийдлээ эргэн харах, алдаатай зарим бодлогоо энэ удаагийн төсвөөр засаж, залруулах боломжийг олгох үүднээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчилсэн байдлаар хориг тавих нь зүйтэй гэж үзлээ.

  1. Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж байна.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчдын төлөөлөлтэй байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйлд тусгагдсан “…нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрийг нийгмийн түншлэлийн талууд судалж, санал боловсруулан Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэсэн тохиролцлоо үл хайхран, зөрчсөн байдалтайгаар 2020 оны төсвийг боловсруулж, батлуулсныг хэлэлцээрийн талууд илт буруушаан, эсэргүүцэж байгааг мөн анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой болно.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна.

  1. Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, мөн зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчиж байна.

Ард иргэдийн амьдралд асар их дарамт, хүндрэл учруулж байгаа татвар, төсвийн бодлогоо анзаарч, хэт үрэлгэн зардлаа танаж засахын оронд урьд өмнө байгаагүй хэмжээний алдагдалтай төсвийг жил дараалан баталж, алдагдлыг улам нэмэгдүүлсээр байгаа нь улс орны эрх ашигт огт нийцэхгүй юм.

Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн дараагаас өнөөг хүртэл төрийн эрхийг барихдаа төсвийн нийт алдагдлыг 9 гаруй их наяд төгрөгт хүргэж, 2016 онд хүлээж авсан 1.2 хувийн инфляцыг 9 хувьд хүргэн, ард иргэдийн амьжиргааг 8 пунктээр ядууруулсан хүнд нөхцөл бий болголоо. Өөрөөр хэлбэл эрх баригчдын хариуцлагагүй бодлого, үйл ажиллагаанаас үүдэлтэй инфляцын нэмэлт зардлыг халааснаасаа төлөх замаар төсвийн тэлэлт, төсвийн алдагдлын хор уршгийг зөвхөн иргэд нуруун дээрээ үүрч байна.

Түүнчлэн инфляцын түвшин 8-9 хувьд хүрэхийг гипер инфляц буюу хямралд тулсан босго үзүүлэлт гэж үздэг. Ийм эрсдэлтэй нөхцөлд эрх баригчид дүгнэлт хийж, инфляцыг бууруулах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь улам алдагдалтай төсөв батлах замаар инфляцын одоогийн байгаа өндөр түвшинг ирэх 3 жилд ч буулгаж чадахааргүй, өөрсдийн явцуу эрх ашгийг өнөөдөр гүйцэлдүүлж байвал улс орны маргаашийн амьдрал, ирээдүй огт хамаагүй мэт бодлого явуулж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.

Тиймээс Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай байна.

  1. Монгол Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хууль нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилго бүхий онцгой ач холбогдолтой, бодлого, зарчмынх нь дагуу цаг алдахгүйгээр хэрэгжүүлбэл зохих хууль мөн.

Гэтэл Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэл сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ, “Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпорац хэрэгжүүлнэ” гэсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болсноор дагаж мөрдөнө” гэсэн утга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байх бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгож, баялгаа зүй зохистой, тэнцвэртэй, ард иргэддээ хүртээмжтэй ашиглах гэсэн Монгол төрийн нэг чухал бодлогыг тасалдуулахад хүргэж байна.

Тухайлбал, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх, Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэ хуульд зааснаар шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даасан байх” зэрэг зарчим болон эдгээрийн хүрээнд хэрэгжих ёстой хуулийн бусад зохицуулалтууд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хуулиар мөн чанараа бүрэн алдаж, хэрэгжих ямар ч бололцоогүй болж байна.

Монгол Ардын нам төрийн эрхийг авч, улс орныг удирдсанаас хойш 4 дэх жилээ үзэх гэж байна. Энэ хугацаанд төсвийн болон бусад бодлогоо оновчтой, үр ашигтай болгох чиглэлд анхаарч, ард түмэнд өгөөжтэй, улс оронд хэрэгтэй ийм хуулийг амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх бус хугацаагүйгээр зогсоох буюу гацаах бодлого оруулж ирж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй болгож байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн:

  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,
  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн,
  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьж байна.

Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Гэртээ гар дээрээ суниаж, гэдэсний таталт хийвэл үр дүнтэй

“Cardio MMA” фитнессийн багш дасгалжуулагч, Монголын Шинкиокушин каратэгийн улсын аварга А.Энхбаясгалантай ярилцлаа.


-Сүүлийн үед залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мөн бие бялдраа хөгжүүлэх зорилгоор спортоор хичээллэх нь түгээмэл болжээ. Мөн ихэнх хүний хувьд жингийн илүүдлээсээ салахын тулд фитнессийг зорьж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Аль ч спортоор хичээллэсэн хүнд эрч хүч өгч, бие бялдраа өв тэгш хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, стрессээс ангижрах зэрэг олон талын ач холбогдолтой. Ажиглаж байхад, офиссын ажилтай залуус спортоор хичээллээд ирэхээр эрч хүчтэй болж, амьдралын хэвшил, зан харилцаа, гадаад үзэмж зэрэг бүхий л зүйлдээ анхаарч өөрийгөө өөрчлөөд эхэлдэг. Мөн хорт зуршлуудаа хаяж байгаа нь том өөрчлөлт юм. Ер нь хичээллэхийн өмнө фитнесс, кардио, бокс зэрэг өөрт таалагдаж байгаа төрлөө сонгох хэрэгтэй. Аль ч төрлөөр хичээллэсэн хүний бие хэт өөхөлж таргалахгүй, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх, мөн цусны эргэлт сайжирдаг. Мөн биеийнхээ аль нэг хэсгийг хүссэнээрээ өөрчилж чадна гэсэн үг. Кардио, кикбоксоор хичээллэснээр техник хөдөлгөөний эвсэлтэй болохоос гадна жингээ илүү хасаж чаддаг. Иймээс залуусыг энэ төрлийн спортыг сонирхож хичээллэж үзээсэй гэж хүсдэг. Гол нь тууштай, зүтгэлтэй л байх хэрэгтэй. Зарим хүн цөөхөн хоног яваад хаячихдаг. Ийм туйлбаргүй байдлаас болж маш сайхан, олон боломжоо алддаг.

-Зарим хүн турж байна гээд хоолоо сойчихдог. Энэ нь хэр зөв бэ?

-Мэдээж жингийн илүүдлээс салахын тулд спортоор хичээллэхээс гадна хоол хүнсэндээ анхаарч эхэлнэ. Хооллолтын хувьд гурван цагаан хор болох тос, давс, чихэрийг маш багаар хэрэглэх ёстой. Мөн байгалийн цэвэр бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрийн сүү, цагаан идээ, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж дуртай хоолноосоо татгалзана гэсэн үг биш. Харин хоол хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэснээр түүгээр дамжуулж таатай мэдрэмж, эрч хүч авдаг. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхэлнэ. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, тэр дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг давамгайлан хэрэглэж хэвшээрэй. Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй. Мөн төрөл бүрийн жим жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү хэрэглэ. Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэгт кальци ихээр агуулагддаг. Ус сайн уух шаардлагатай. Таны хэлсэнчлэн, зарим хүн турна гээд гэнэт хэт ихээр хоол хүнсээ хасаж, өлсөж эхэлдэг. Энэ нь эрүүл мэндэд хортой. Аажим аажимаар хоолоо хасаж, зохистой хооллолтыг хэвшүүлэх хэрэгтэй.

-Зарим залуус цаг завгүй байдлаасаа хамаарч фитнесст тэр бүр явж чадахгүй байна. Гэрийн нөхцөлд биеэ хөгжүүлэх энгийн дасгалууд зааж өгөөч?

-Ер нь фитнессийн зааланд дасгал сургуулилтаа хийвэл илүү үр дүнтэй. Бас сонирхолтой байдаг. Гэхдээ гэртээ дасгал хийсэн ч болно. Энгийн дасгал гэвэл гар дээрээ суниах, гэдэсний таталтууд хийх хэрэгтэй. Үүнд янз бүрийн төхөөрөмж шаардлагагүй. Гол нь давтамж чухал. Анхлан хийж байгаа хүмүүс 15 суниагаад 30 секунд амрах зэргээр гурван удаагийн давтамжтай хийж болно. Улмаар бие дасч, дасгалуудаа хүндрүүлнэ. Ихэнх хүний хувьд богино хугацаанд үр дүн хараад байдаг. Дэлгүүрээс юм худалдаж авч байгаа биш тул өнөөдөр дасгал хийгээд хэдхэн хоногийн дараа булчинтай болчихгүй. Тасралтгүй хийснээр бага багаар ахиц гарна. Гол нь эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг бодож явах хэрэгтэй.

-Та каратэгийн спортоор хичээллэдэг юм билээ. Уг спортын давуу тал юу вэ?

-Хүүхдүүддээ аливаа спортын суурийг тавиулах гэж байгаа бол каратэ нэн тохиромжтой. Илүү амьдралтай спорт гэж хэлж болно. Уян хатан болж, тэсвэр хатуужил суудаг. Хөл, гарын өшиглөлт сурна. Энэ нь биеэ хамгаалахаас гадна төлөвшилд онцгой нөлөө үзүүлдэг. Ер нь каратэ хүндлэлээр эхлээд хүндлэлээр дуусдаг спорт шүү дээ. Ялагдсан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчөө хүндэлдэг. Иймд залуустаа хандаж хэлэхэд өнөөдрөөр битгий амьдралыг дүгнээсэй. Ирээдүйгээ харж, маргаашийнхаа боломжийг бүрдүүлж спортоор хичээллэх хэрэгтэй. Туйлбаргүй зүтгэлийн хүчинд зорьсон үр дүндээ хүрэх маш сайхан, бахархалтай байдаг юм шүү.

Д.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

“Los AngeLes Auto show 2019” авто шоун дээр танилцуулсан автомашины шинэ загварууд

Лос-Анжелесын олон улсын автомашины үзэсгэлэн тус хотын “Сonvention Center”-т өнгөрсөн баасан гаригт эхэлжээ. 1907 оноос хойш зохион байгуулж ирсэн тус үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 1 хүртэл олон нийтэд нээлттэй байх юм. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд зах зээлд нийлүүлэх шинэ загварын автомашинуудаа олон нийтэд танилцуулж байна. Үзэсгэлэнд 1000 орчим машин оролцож байгаа агаад одоо болон ирээдүйд автомашины өнгө төрхийг тодорхойлох загварууд юм. Тэдгээрийн зарим нь энэ оны сүүлээр зах зээлд нийлүүлэгдэх бол үлдсэн нь 2021 он хүртэл тодорхой цаг хугацаануудад хэрэглэгчдийн гар дээр очих аж. Ингээд 2019 оны Лос Анжелесын авто шоу үзэсгэлэнгээр толилуулсан топ загваруудыг танилцуулъя.


Ford компани

MUSTANG MACH-E SUV

Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, арын дугуй хөтлөгчтэй горимд нэг бүрэн цэнэглэлтээр 480 км зам туулах чадвартай. “All-wheel-drive” горимд 332 морины хүч гаргах чадалтай. Энгийн Mach-E хувилбар 43 мянга 895 ам.доллараас эхлэх бол өндөр үзүүлэлттэй нь 60 мянган ам.доллараас давна. 2021 онд Mus­tang Mach-E загварын хоёр “perfor­mance” хувилбар зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа аж. Тэдгээр нь 459 морины хүчтэй байх гэнэ. Шинэ автомашины дотор талд Фордын өөрийнх нь хөгжүүлсэн 15.5 инчийн хурууны даралт мэдрэгч дэлгэцтэй SYNC инфотайнмент системийг суурилуулсан аж. Ямар ч түлхүүргүй Mustang Mach-E нь эзнийхээ гар утсыг Bluetooth технологийн тусламжтай таньж, хаалгаа нээх, асах гэнэ. Мөн урд хамар доороо 136 литрийн багтаамж бүхий ачааны хэсэгтэй нь Mustang Mach-E загварын нэг онцлог. 2020 оны сүүлээр худалдаанд гарах уг бүтээгдэхүүний онлайн захиалгыг 500 ам.долларын урьдчилан төлөх нөхцөлтэйгөөр нээжээ. 1964 онд анх зах зээлд гарч байсан Mustang брэнд ийнхүү цахилгаан автомашины өрсөлдөөнд хөл тавьж буй нь энэ.


Tesla компани

CYBERTRUCK АВТОМАШИН

Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй пикап загвар. Өвөрмөц хэлбэртэй уламжлалыг эвдсэн тус загвар нь зургаан хүний суудалтай. Нэг хөдөлгүүртэй, арын дугуй хөтлөгчтэй хувилбарын доод үнэ нь 39 мянга 900 ам.доллараас эхлэх бол бүх дугуй нь хөтлөгчтэй хувилбар нь 69 мянга 900 ам.доллар хүрэх аж. Бас автомат жолоодлогын систем нэмбэл долоон мянган ам.доллар нэмж төлөх юм байна. Дээрх хоёр хувилбарын дунд бүх дугуй хөтлөгчтэй, хос хөдөлгүүртэй хувилбар бас байгаа аж. Өөрөөр хэлбэл, бүрэн цэнэгээр 400, 480, 800 километр зам туулах чадалтай гурван хувилбартай юм байна. Мөн гурван хөдөлгүүртэй хувилбар нь 2.0 секундэд 100 км/цаг хурд авах чадалтай аж. Машины эх бие “ultra hard” стэйнлес ган хийцтэй бол шил нь хуяглагдсан тусгай шил аж. Бууны сум нэвтрэхгүй, сэв тогтохгүй, зэврэхгүй бат бэх хийцтэй. Cybertruck нь 2800 литрийн багтаамжтай ачааны хэсэгтэй. Ачааны хэсгийн хаалт нь хүн зогсоход даахуйц бат бэх материалтай.

Эх биеийг 10 см-ээр өндөрсгөх, намсгах “adaptive air suspension” системтэй. Cybertruck-ийг 2021 оны сүүлээс эхлэн угсарна. Урьдчилсан захиалгыг tesla.com/cybertruck хуудсаар өгч болно. Хүч чадлын хувьд Ford F150 загвартай дүйцэх бол хурдаар Porsche 911 загвартай өрсөлдөх гэнэ. Түүнчлэн зөвхөн Cybertruck-ийг дагалдах Cyberquad нэртэй цахилгаан ATV-ийг нэмэлтээр худалдаж авах боломжтой юм байна.


Karma locomotive

SC2 CONCEPT

Хятадын брэнд болох Карма компанийн шинэ загвар.

Цахилгаан хөдөлгүүртэй, 1100 морины хүчин чадалтай. Бүрэн цэнэглэхэд 563 км туулна. 1,9 секундэд 97 км/ц хурд авах чадалтай. Хоёр хаалгатай, хаалга нь дээш өргөгдөн онгойдог. Дугуй хөтлөгчтэй. 110 мянган ам.доллараас эхэлнэ.


Боллинжер Моторс компани

BOLLINGER B1 SUV

Bollinger B1 SUV ба Bollinger B2 crew cab pickup гэсэн хоёр хувилбар. Хос хөдөлгүүртэй, 623 морины хүчин чадалтай. Цэнэгийн багтаамж нь 120 кВт/ц. 915 мм гүн хүртэлх усан саадыг даван туулах чадалтай. 125 мянган ам.доллараас эхэлнэ.


Toyota компани

TOYOTA RAV4 PRIME

-Хос хөдөлгүүртэй, 2.0 трубомотортой, 305 морины хүчин чадалтай, 5.8 секундэд 100 км/ц-ийн хурд авна. Бүрэн цэнэглэлтээр 60 км замыг туулна. 100 км/ц-т 2.6 литр бензин зарцуулна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан амин дэм, хэрэгцээт эм бэлдмэлийг гардуулан өглөө

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан олон төрлийн амин дэм, эм бэлдмэл, гарын авлага, тэргэнцэр зэргийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-нд гардуулан өглөө. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

2018 оны хүн ам зүйн үзүүлэлтээр Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 33 хувь нь нийслэл хотод амьдарч байгаа бөгөөд үүнээс 3653 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” нийслэлийн дэд хөтөлбөрийн баталсан. Мөн Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийг ажиллуулж, жил бүр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй хүүхдийг зуны улиралд чийрэгжүүлэх, сэргээн засах эмчилгээнд хамруулжээ. Энэ жил нийслэлийн Боловсролын газрын харьяалалд байсан Хүүхдийн клиник 4, 40, 41 дүгээр сувилал нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяалалд шилжиж ирсэн бөгөөд эдгээр сувилалд суурь өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилгаа, сэргээн засах эмчилгээг хийх бүрэн боломжтой болсон байна.

Түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн дэмжих сарын аян”-ыг өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрууллаа. Мөн дээрх аяны хүрээнд Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дархлааг сайжруулах, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Өгөх өдөр” арга хэмжээг зохион байгуулсан юм.

“Өгөх өдөр”-т нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангууд хамтран оролцож, өөрийн үйлчлэх хүрээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд амин дэм, асаргааны хэрэгсэл болох живх, биеийн тос зэргийг өгсөн бол, өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-нд амин дэм, гарын авлага, тэргэнцэр зэргийг гардуулан өгч байна.