Categories
мэдээ нийгэм

Ташаа мэдээлэл тараахгүй байхыг Үндэсний статистикийн хорооноос анхааруулж байна

Сүүлийн өдрүүдэд нийгмийн цахим сүлжээгээр “Үндэсний статистикийн хорооноос 5000₮ нэгжтэй гурван минутын судалгаа. Нийт 60 асуулттай” гэх үндэслэлгүй, ташаа мэдээлэл тархаад байна.

Үндэсний статистикийн хорооноос энэхүү судалгааг ЗОХИОН БАЙГУУЛААГҮЙ бөгөөд одоогоор Улаанбаатар хотод Байшин, орон сууцны тооллого, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, Цаг ашиглалтын судалгааг явуулж байна.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс 15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Тус тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

Монгол Улсын иргэн Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төмөр зэвсгийн түрүү үед хамаарах түүхийн хосгүй үнэт, дурсгалт зүйл байж болзошгүй хүрэл тогоонуудыг хууль бусаар худалдан борлуулахыг завдсан үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлэн, үйлдэл дээр нь таслан зогсоож соёлын биет өвийг хууль бусаар хилээр гарах, бусдад худалдагдахаас урьдчилан сэргийлж, тус хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Тухайн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульчилсан. Дашрамд дурдахад, эртний үеийн соёлын биет өв болох хүрэл тогоо нь бүтнээрээ олдож байсан тохиолдол урьд өмнө байгаагүй бөгөөд дээрх олдвор нь төмөр зэвсгийн түрүү үеийн судалгаанд нэн чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолжээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, ажлын хэсгүүдийг байгууллаа

Image result for ЭЗБХ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.04) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгтбэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга,хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хувилбарыг тараасан гэдгийг дурдав.

Хуралдаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар хадгаламжийн хүү хэт өндөр байгаа нь эргээд зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нөхцөл болж байгааг тодотгоод, зээлийн хүү болон хадгаламжийн хүүг бууруулах асуудалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан.

Ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүгийн өндөр байгаа гол шалтгаан нь хуримтлалын төвлөрөл, хадгаламжийн хүү хэт өндөр байгаатай холбоотой гэж байлаа. Түүнчлэн Монголбанкнаас өнгөрсөн 07 дугаар сарын 01-нээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн журмуудыг шинэчлээд арилжааны банкуудын эх үүсвэрийн төвлөрөлд хязгаарлалтууд тавьжээ. Ингэснээртөвлөрлийн эрсдэл буурч зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ гэж байлаа. Мөн Монголбанкны бодлого, хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлсэн. Банкны эрсдэл даах чадвар, өөрийн хөрөнгө нь нэмэгдэхээр эргээд зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ мэтчилэн Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудалд цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг хариултдаа дурдсан.

Ингээд тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийгУлсын Их Хурлын гишүүнЖ.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч төсөл санаачлагч гишүүн гадаадад албан томилолттой яваа тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаар төсөл санаачлагч гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүсгэн байгуулагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгосноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцлов.

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан бүтээгдэхүүн болох хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц ажиллагаа юм. Гэтэл хот суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаадрдлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, орчныг бохирдуулан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаанд 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй м3 бохир ус байгальд шууд хаягдаж байна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усны багагүй хэсгийн төлбөр тооцоог хариуцах эзэн олдохгүй байгаа нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулж байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Тэрбишдагва нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлахаар болсон.

ТүүнчлэнДагуул хот хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухайасуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарыг томилж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва нарыг ажлуулахаар тогтов. Ингээд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

Тэргэнцэртэй иргэд лифттэй автобустай боллоо

Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог.

Энэ өдөр Зам, тээврийн хөгжлийн яам тэргэнцэртэй хүнд зориулан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд: “Монголд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулсан. Тиймээс бид энэхүү машиныг маш идэвхтэй ашиглана. Хэрэгцээ шаардлагатай хүмүүст нь хүргэж ажиллахыг хичээнэ. Их эрэлт, хэрэгцээтэй байсан зүйлийг олж харж, хийсэн Зам, тээврийн хөгжлийн яамныхандаа маш их баярлалаа” гэсэн юм.

“MXM Монгол хүн мандтугай” компанийн захирал Д.Майнбаяр: “Зам, тээврийн хөгжлийн яам нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан машиныг тоноглон өгч байна. Нүдээ олсон ажил болж байна гэж бид дүгнэж байгаа. Манай “MXM Монгол хүн мандугай” компани тоноглох ажлыг АНУ-ын стандартаар хийсэн. Тэргэнцэртэй иргэдэд үзвэр үйлчилгээ үзүүлэх, аялал зугаалгаар явуулах зэрэг нийгмийн оролцооны шаардлагад нийцүүлэн лифт болон тоноглолыг хийж өгсөн. Лифт 12 вольтоор ажилладаг. Машин маань 6 хүний багтаамжтай” гэсэн юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр эм зүйн мэргэжлээр элсэлт авч, онлайн сургалт зохион байгуулжээ

“Глобал удирдагч” дээд сургууль нь “хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” гэх зөрчлийн шинжтэй гомдолд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

Шалгалтаар тус сургууль нь “эм зүй”-н мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байхад 2018-2019 оны хичээлийн жилд тухайн мэргэжлээр сургуулийн захирлын тушаалгүйгээр элсэлт авч, онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулсан нь илэрсэн. Энэхүү сургалтад 50 гаруй иргэд хамрагдаж сургуулийн дансанд сургалтын төлбөр гэж тус бүр 2.500.0 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тушаасан, БСШУСЯ-ны “Боловсролын мэдээллийн систем”-д бүртгэгдээгүй байжээ.

Эдгээр иргэдээс 30 иргэнд гурван хичээлийн жилээр “Оюутны сурлагын дэвтэр”-ийг нээн хөтөлж, “Оюутны дүнгийн хуудас”-ыг тус бүрт нэгэн ижил хичээлийг сонгон судалснаар бөглөж баталгаажуулжээ. Сургуулийн захирлын 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 57 тоот “Оюутан шилжүүлэх тухай” тушаалаар дээрх 30 иргэнийг “эм зүй”-н мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий “Энэрэл” дээд сургуульд шилжүүлсэн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн харъяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын талуудын 25 дугаар бага хурал эхэллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хурал Испанийн Вант Улсын Мадрид хотноо эхэллээ. Бага хуралд Чили Улсын Ерөнхийлөгч Себастьен Пиньера, Испани улсын Ерөнхийлөгч Педро Санчез, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррас, Талуудын 24 дүгээр бага хурлын дарга Майкл Куртика, Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (IPCC)-ны тэргүүн Хоесүнг Ли нар үг хэлэв.

Энэ удаагийн талуудын хурлын гол зорилго нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах улс орнуудын тодрхойлоод байгаа зорилтуудыг ахиулж, бодит хэрэгжилтийг түргэтгэх, 2020 оноос хэрэгжиж эхлэх Парисын хэлэлцээрийн үлдсэн гол асуудлуудыг шийдвэрлэхэд оршиж байна.

Хуралд оролцогчид уур амьсгал өөрчлөлт гэхээс илүү уур амьсгалын онц байдал зарлах түвшинд байгааг онцолж байна. Дэлхийн дулаарал улам бүр нэмэгдэхийн хирээр байгалийн гамшгийн давтамж улам эрчимжиж, үүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн гарз хохирол ганц нэг улс орон бус бүхэл бүтэн тивийг улмаар дэлхий нийтийг хамарсан гамшигт үзэгдэл болоод байгаа билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга улс орнууд, нэн ялангуяа хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулагч орнууд, хүлэмжийн хийн ялгарлаа даруй бууруулах арга хэмжээ авч, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтээ тэнцүүлсэн байх шаардлагатай гэдгийг онцолж үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудаа тэдгээр улсууд зоригтой, ахиулан тодорхойлох нь ирэх арван жилийн төгсгөлд бидний ирээдүй аюулгүй байж чадах эсэхийг шийдвэрлэнэ хэмээн анхааруулав.

Энэхүү хуралд Монгол Улсаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан төлөөлөгчид оролцож, Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ТЕГ-ын дарга асан, Хошууч генерал Б.Хурц, түүний өмгөөлөгч Б.Санчирбалын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байна.

Энэ долоо хоногийн эхэнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуагийн даргалсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Батын Хурц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Санчирбатын нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Батзанданг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцсэн байна. Шүүх хуралдаанд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцжээ.


Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст даалгажээ.

Categories
мэдээ улс-төр

БХБ-ын сайд Х.Баделхан: Ус зохицуулах зөвлөлд байгаа зарим мэргэжилтнүүдэд усны улсын байцаагчийн эрх олгоё

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хот суурин газрын бохир усыг цэвэрлэх техник технологи муудаж, байгальд шууд хаяж, хүнд амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд 130 гаруй цэвэрлэх байгууламж байгаагаас ихэнх нь эвдрэлтэй. Цэвэрлэх байгууламжийн доголдлоос жилд 120 сая тонн шоо метр бохир усыг хаяж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хот суурины усан хангамж, ариутгалын асуудал чухал. Гэр хорооллын усан сангаас судалгаа хийхэд микроорганизм маш их байдаг. Гэр хорооллын айлууд нэг литр нь нэг төгрөг. Тонн ус авахад 1000 төгрөг. Тээвэрлэхээр 10 мянган төгрөг. Уснаасаа тээвэрлэлт н өндөр байгаа. Тиймээс цаашдаа гэр хороололд дэд бүтэц авчрах шаардлагатай. Гэр хороолол гэж байгаа ч ихэнх нь байшин болчихсон. Дотор нь халуун, хүйтэн усны дэд бүтэц шийдвэл хөрсний бохирдол, утааны асуудал багасана.

БХБ-ын сайд Х.Баделхан:

-Энэ хуулийн төслийг дэмжиж өгөөч гэж УИХ-ын гишүүдээс хүсч байна. Үүн дээр ямар нэг нэмэгдэл зардал гарахгүй. Барилгын мэргэжлийн хяналтын байцаагч ус хангамжийн асуудлыг хариуцдаг. Тиймээс Ус зохицуулах зөвлөлд байгаа зарим мэргэжилтнүүдэд усны улсын байцаагчийн эрх олгоё.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Хот байгуулалтыг анхнаас нь зөв төлөвлөх хэрэгтэй байлаа. Төр нь хот байгуулахдаа дэд бүтцээ тавьж байна. Дэд бүтцээ зөв тавиад, үүнийхээ дагуу байшин барьж, дагуул хотоо хийдэг. Үүн дээр бид анхаарах ёстой хэмээв.

Ийнхүү гишүүд байр сууриа хэлсний дараагаар санал хураалт явуулав. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн болон ИТХ-ын сонгуулийн тухай хуулиудын төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 1993.02.15-ны өдөр батлагдаж, мөн онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон билээ. Гэвч тус тусын онцлогтой сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хувьд нэлээд хүндрэл үүсгэсэн юм.

Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл 11 бүлэг, 81 зүйлтэй.

2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль анх 1996 онд батлагдаж, 2007 онд Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, 2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль гэх мэтээр өөрчлөгдөж ирсэн бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт нэг хуулиар зохицуулагдах болсон билээ.

Өөр өөрийн онцлогтой сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулахад тодорхой хүндрэл, ойлгомжгүй байдал үүсэж байсан тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгож, дагнасан хуулиар зохицуулах шаардлагад үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд:

– Сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх;

– Дахин сонгуулийг тухайн шатны Сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор товлон зарлах;

– Нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоох;

– Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, нам эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байх;

– Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5-р сарын 1-нээс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх;

– Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх;

– Нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хийсэн Аудитын дүгнэлт нь нийтэд ил тод, нээлттэй, мэдээлэл авах боломжтой байх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал хуралдлаа

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр болон Орон сууц хувьчлах товчооны нарийн бичгийн дарга В.Одонтунгалаг, Мэргэжилтэн Д.Нямсүрэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2019 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн хурлаар Орон сууц эзэмших эрх бүхий хавсралтад дурдсан 25 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай, Магадлан шинжлэх хэсгийн 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар, 2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтүүдийг үндэслэн орон сууц эзэмших эрх олгогдсон “0” тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн гурван иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.