Categories
мэдээ улс-төр

“Дижитал Монгол” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо

Засгийн газраас Монгол улсын 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж цахим засаглал буюу “Дижитал Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, ЗГ-ын гишүүд, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм. Тус хэлэлцүүлгийг Эстони Улсын Засгийн газар, Е-Засаглалын академитай хамтран зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Тэрбээр Монгол улс дижитал улс болох цаг болсон гэдгийг онцолсон.

Эстони улс нь европ төдийгүй дэлхийд цахим засаглал, төрийн үйлчилгээг Х-road системээр иргэдэд хүргэдэг үзүүлэлтээрээ тэргүүлдэг юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй харилцаа, холбооны салбарынхан саяхан тус улсад ажиллаж, цахим засаглалын туршлагатай газар дээр нь танилцаад ирсэн юм. Харин энэ удаа тус улсын И-Засаглалын академийн дэд захирал Ханнес Асток тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, цахим хөгжлийн явцтай танилцаж байна. Энэхүү хэлэлцүүлэгт урилгаар оролцсон бөгөөд ноён Ханнес Асток, “И-Эстони экосистем ба X-road архитектур”, “Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл”, “Зохицуулалт, хамтын ажиллагааны механизм” сэдвээр илтгэл тавьж оролцогчдоор хэлэлцүүлсэн юм.

Эстони улс анх иргэдийнхээ мэдээллийг цаасан архиваас хэрхэн цахим болгосон, мөн төр, хувийн хэвшил, иргэдийн гурвалсан харилцаа нь гэрлэлт батлуулах, гэрлэлт цуцлах, үл хөдлөх хөрөнгө худалдахаас бусад тохиолдолд аль нэг байгууллага, албан тушаалтан дээр очилгүйгээр гэрээсээ, гар утсаараа төрийн бүх үйлчилгээг авдаг болох хүртлээ ямар сорилтуудыг туулсан, иргэдийнхээ датаг хэрхэн бүрдүүлсэн, цахим үнэмлэхийг ямар үе шаттай нэвтрүүлсэн, кибер аюулгүй байдлаа яаж хангаж байгаа зэрэг Эстони, Монголын цахим хөгжлийн өнөөгийн харьцуулалтын хүрээнд оролцогчид ярилцсан юм.

Эстони улс өнөөдрийн байдлаар төрийн 3000 гаруй үйлчилгээг цахимжуулсан бөгөөд улс төрийн сонгуулиа хүртэл цахимаар явуулдаг бөгөөд цахим засаглалын хөгжлөөрөө Герман улсаас гэхэд 15 жилийн өмнө явж байгаа аж. Ер нь иргэндээ өдөр тутамд хэрэгтэй байгаа автомашин, сургууль, эмнэлэг, орон сууцнаас эхлээд бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, 24 цагийн туршид хаанаас ч үйлчилгээ авч болохуйцаар хөгжүүлжээ. Эстони улс 1,3 сая хүн амтай, газар нутгаараа Сэлэнгэ аймагтай адил бөгөөд өвөл нь цас их унадаг онцлогтой болохоориргэд нь интернэтийн ачаар гэрээсээ гарахгүйгэр төрийн бүх үйлчилгээг цахимаар авч, аз жаргалын индексээр бусад улс орнуудыг тэргүүлж байна. Тус улс 1997 онд “Е-Еstonia” хөтөлбөрийг эхлүүлсэн бол 2000 онд татвар-цахим систем, 2001 онд “Нэгдсэн систем”, 2002 онд “Дижитал ID”, 2005 онд Цахим сонгууль, 2008 онд “Цахим-Эрүүл мэнд”, 2014 онд Цахим иргэншил” хөтөлбөрүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Монгол улсад төрийн байгууллагууд болон банк, үүрэн холбооны операторууд зэрэг хувийн хэвшлийнхэн онлайн орчин бүрдүүлж, цахим үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа ч тус тусдаа байгаа нь учир дутагдалтай байна. Тиймээс иргэдийнхээ датаг аль болох нэгтгэх, үзүүлж буй үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлэх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл монголчууд түүхэндээ олон овог аймгийг нэгтгэж Их Монгол улсыг байгуулж байсан шиг одоо дижитал олон үйлчилгээг нэгтгэх цаг нь болсон гэдгийг ч зарим оролцогчид онцолж байлаа. Эстони улсын Засгийн газрын төлөөлөгчдийн зүгээс Монгол улс цахим засаглалыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тогтвортой байдал, шилжилтийн менежмент, төсөв, санхүү, улс төрийн хүсэл зориг нэн түрүүнд шаардлагатай хэмээн дүгнэв.

Ингээд хэлэлцүүлгийн үр дүнд “Дижитал Монгол” хөтөлбөрийг Эстони улсын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэхийг оролцогчид 100 хувь дэмжсэнээр хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж байгаа тул тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулахаар болсон юм. Мөн “Дижитал Монгол” хөтөлбөрийг аль нэг улс төрийн хүчин, эсвэл Засгийн газрын хийж байгаа ажил биш гэдгийг энэ үеэр үг хэлсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Тэрбээр, “2020 оны 01 дүгээр сарын 01 бол Монгол Улсын хувьд дараагийн шинэ 30 жилийн хөгжлийн эхлэл байх болно. Удахгүй 12 дугаар сарын 10 буюу Ардчиллын 30 жилийн ойн өдөр “Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг ажлын хэсгийнхэн Засгийн газарт өргөн барина. “Би”-гээс “Бид” гэдэг үзэл рүү Монгол улс шилжих цаг болсон. Иргэдэд үзүүлдэг 11,250 орчим үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлснээр иргэд цаг, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига эрс буурна. Энэ хөтөлбөр бол зөвхөн одоогийн Засгийн газрын, эсвэл хэн нэгэн улстөрчөөр овоглох ажил биш. Өмнө нь ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлж байсан Засгийн газруудын үед хэрэгжүүлж эхэлсэн олон ажил байгаа. Тийм учраас тэдэнд ч баяр хүргэх ёстой. Төр бол залгамж чанартай байх ёстой учраас энэ удаа Засгийн газар цахим засаглал, X-road системийг нэвтрүүлэх ажлыг Ерөнхийлөгч, УИХ, төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг гаргана. Аль нэг улстөрийн хүчин сонгуульд ялснаас үл хамаарч уг хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх тал дээр АН, МАН улс төрийн бусад намуудтай зөвшилцөх болно” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Японы Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коно Тарогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, талуудын батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд харилцан айлчлал хийх, БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр амжилттай хөгжиж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Цаашид батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэн, агуулгыг баяжуулан өргөжүүлэх асуудлаар харилцан санал нэгдсэн юм.

Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Ноён Т.Мотэги, Японы Парламент дахь Төлөөлөгчдийн танхимийн найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши нартай албан ёсны уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан байр сууриа илэрхийлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэн гүнзгийрүүлэх, талуудын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Син Хайминтай уулзлаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин үүрэгт ажлаа дуусгаж байгаатай холбогдуулан өнөөдөр ЭМЯ-нд хүлээн авч уулзлаа. Монгол, Хятад хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхэн уламжлалтай бөгөөд таныг Монгол Улсад ажиллах хугацаанд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалт, харилцан солилцоо, хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдлэг туршлага солилцох зэргээр томоохон ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

Тухайлбал, хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг 1991 оноос эхлэн 4 жилийн хугацаатайгаар тус тус байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2017 онд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулсан. Уг төлөвлөгөөний хүрээнд халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, телемедицин, цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн инноваци, технологи; уламжлалт анагаах ухаан, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн яаралтай үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, цусны аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгагдсан.

Мөн эмч мэргэжилтний сургалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр БНХАУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд тус улсын Худалдааны яамнаас зохион байгуулдаг 3 долоо хоногийн сургалтад жил бүр олон тооны Монгол эмч мэргэжилтнүүд хамрагдсан. Тухайлбал, 2015-2018 онд нийт 74 эмч мэргэжилтнүүд эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл, зүрх судасны эмгэг, сувилахуй, уламжлалт анагаах ухаан болон халдварт өвчний чиглэлээрх сургалтад хамрагджээ. Түүнчлэн 2019 онд сүрьеэгийн чиглэлээр 30, зүрх судасны эмгэг болон бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр тус тус 25 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллана

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрах нар мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

НИТХ-ын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд НЭМГ-аас 2017 онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн ажиллаж буй юм.

Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-нд зохион байгуулсан “Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтаар дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргасан юм.

Тиймээс энэхүү уулзалтаас гаргасан чиглэлийн дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулснаар 2020 онд тус дүүргийн иргэдэд үзүүлэх мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдэх боломжтой болж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

Гутлын бөөний худалдааны Ой Партнерс ХХК гутлын жижиглэн худалдааны бизнес эрхлэгч харилцагчдадаа Худалдаа, хөгжлийн банктай хамтран 2019 оны 11-р сарын 22-ны өдөр “ОЙ СИНЕРЖИ – 2019” харилцагчийн хүлээн авалтыг зохион байгуулж, бизнес хамтын ажиллагаа, гутлын худалдааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөв, технологийн боломжийн талаар ярилцлаа. Арга хэмжээгээр Ой Партнерс ХХК болон ХХБанкны хамтарсан кредит картыг гутлын худалдааны бизнес эрхлэгч эхний 50 харилцагчид бэлэглэн, эргэлтийн хөрөнгөө шийдэх боломжоор хангалаа. Мөн түүнчлэн хайлтын технологийн шинэ дэвшилд суурилсан Визуал хайлтын систем, Ой ухаалаг гар утасны аппликейшнаар дамжуулан гутал захиалах бизнес моделийн талаар бизнес эрхлэгчдэд танилцуулсан юм.

Ой Партнерс ХХК нь Монголын гутлын бөөний худалдааны зах зээлд дэвшил гаргаж, олон дамжлагат өндөр өртөг шингэсэн үнээр бус үйлдвэрийн анхдагч үнээр шууд үйлдвэрээс хэрэглэгчийн хүссэн загвараар, хамгийн бага тоо хэмжээгээр чанарын шаардлагад нийцсэн гутлыг нийлүүлэх боломжийг худалдаачдад олгож буй онцгой ач холбогдол бүхий технологийн компани юм.

Гутлын жижиглэн худалдаа эрхлэх сонирхолтой бизнес эрхлэгчдийн өмнө Ой Партнерс компанийн үүд хаалга нээлттэй бөгөөд хүссэн загвар дизайнаар шууд үйлдвэрлэгчээс захиалах боломжийг орчин үеийн технологи ашиглан, гар утасны ухаалаг аппликейшнээр дамжуулан олгож байна.

Хэрвээ та гутлын худалдааны бизнес шинээр эхлэх, өргөтгөх сонирхолтой байгаа бол Ой Партнерс ХХК -ийн 99980060, 99939333 утас руу холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Categories
мэдээ улс-төр

Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсгол боллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр (2019.12.03) Төрийн ордонд зохион байгууллаа.

Сонсголыг УИХ-ын гишүүн Н.Учрал даргалан явуулсан. Уг сонсголд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гаалийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагууд болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов.

УИХ-ын гишүүн Н.Учрал сонсголыг нээж хэлсэн үгэндээ, “”Цагаан тахал” болсон энэ асуудлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай олон талаас нь хэлэлцэж байна. Хар тамхитай тэмцэхэд зөвхөн ялын бодлогыг чангатгаад асуудал шийдэгдэхгүй. Мөн хууль хяналтын байгууллага дангаараа тэмцэж дийлэхгүй, олон нийтийн хамтын ажиллагаа чухал юм. Олон улсын жишиг ч ийм байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад урлаг соёл, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал. 1999 онд 1000 хүн тутмаас шинжилгээ авахад 16 орчим хүн л хэрэглэсэн байдаг байсан бол 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө шалгалт хийхэд зөвхөн нэг шөнийн цэнгээний газарт байсан 87 хүний 25 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байгааг илрүүлсэн. Иймээс энэ асуудлыг нэн даруй цэгцлэх шаардлагатай. Хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, асран хамгаалагчид хүүхдүүдээ анхаарч хяналт тавьж байхыг хүсэж байна. Нийгмээрээ хар тамхитай тэмцэхийг уриалж байна” гээд цаашид УИХ-аас зохион байгуулагдах ерөнхий хяналтын сонсголд иргэд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын идэвхтэй оролцож байхыг урив.

Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 19-35 насны залуус байгааг албаныхан хэлж байна. 2019 оны эхний 9 сарын байдлаар энэ төрлийн 169 гэмт хэрэг бүртгэгджээ. Жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж байна. Холбогдогч нь 31.1 хувиар өсжээ.

Тодруулбал, 2006 онд Хар тамхитай холбоотой 6 хэрэгт 33 иргэн холбогдож байсан бол 2019 оны байдлаар, 276 гэмт хэрэгт 415 иргэн холбогджээ. Жил ирэх тусам хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь нийгэмд хамгийн гол тулгамдсан асуудал болоод буйг хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаныхан хэлж байлаа. Үүний шалтгаан нь Нэгдүгээрт хүүхэд, залуучууд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар ойлголт муу, өөрийн бие махбод эрүүл мэндэд учирч болох эрсдэлийн талаар мэдлэггүйгээс болж энэ төрлийн бодисын хэрэглээ олширсон байна. Хоёрдугаарт, цагдаа, гааль зэрэг холбогдох байгууллагын үйл ажиллагаа энэ чиглэлд илүү эрчимжиж байгаатай ч холбож үзэж болох юм.

Тиймээс үүнд арга хэмжээ авахын тулд Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд хар тамхитай холбоотой гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн иргэнийг 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан байна. Тодруулбал, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалах, хадгалах, хэрэглэгчид орон байраар хангах, мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, бусдад дамжуулах зэрэг үйлдэлд оноох ял шийтгэл чангарч байгаа юм байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгоод өнгөрдөг. Тиймээс иргэдээс хар тамхи хэрэглэсэн иргэнд оноох хариуцлагыг Эрүүгийн хуульд оруулах саналыг ХЗДХЯ-нд ирүүлдэг байна. Гэвч Монгол Улс нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцын дагуу дээрх саналыг хүлээн авах боломжгүй аж. Учир нь олон улсад мансууруулах бодис хэрэглэгчийг өвчтөн гэж үздэг бөгөөд өвчтөнийг мансууруулах бодисын хамаарлаас гаргах эмчилгээний стандартыг илүү боловсронгуй болгох, нийгэмшүүлэхэд анхаарч буйг ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэллээ. Тэрбээр, “Сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр ХЗДХЯ-наас боловсруулж батлуулсан. Энэ хүрээнд хар тамхитай тэмцэх хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох ажлыг түлхүү хийж байна” гэлээ.

Дэлхийн 101 орны туршлагаас үзэхэд, мансуурах, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэж үздэг байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д таван жилийн өмнө 20 гаруй донтогч хяналтад ордог байсан бол сүүлийн хоёр жилд 50-60 иргэн хэвтэн эмчлүүлэх болсон талаар тус төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл хэллээ. Тэрбээр, “Хөгжингүй орнуудад ч эмчилгээний үр дүн сайн биш. Ихэнхдээ донтогчид орлуулах бодисоос буцаад сэтгэцэд нөлөөт бодист донтох магадлал их байдаг. Хамгийн гол анхаарах зүйл нь гол донтолтод өртөөд байгаа 19-35 насны залууст урьдчилан сэргийлэх ажил хийх шаардлагатай. Дэлхий нийтээрээ энэ төрлийн бодисыг өөр дээрээ туршиж хэрэглэхгүй байхыг чухалчилж байна. Гэтэл манай өсвөр үеийн хүүхдүүд сонирхон хэрэглээд дуртай үедээ больчихож болно гэж ойлгодог. Гэвч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь архинаас 60 дахин илүү донтуулах үйлчилгээтэй. Ингэснээр хүний бие сэтгэл тухайн бодисоо үгүйлэх, улмаар түүндээ бүх амьдралаа зориулдаг. Цаашлаад бүх бие эрхтэнд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээв.

Улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хэрэглэх орон байраар хангах, завших, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах 293 гэмт хэрэгт 461 хүн холбогдож ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 64,9 хувь нь 18-29 насны, 56.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульгүй иргэд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаанд дурдсан байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан хүний тоо урьд оноос 22 хувиар өссөн. Иймд энэ төрлийн эм, бодисыг хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох, Эрүүгийн хуульд заасан ялын бодлогыг чангатгах шаардлагатайг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн төрөл, хэмжээ, хор уршгаас хамааран ялыг бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг эцэслэн хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгтбэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга,хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хувилбарыг тараасан гэдгийг дурдав.

Хуралдаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар хадгаламжийн хүү хэт өндөр байгаа нь эргээд зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нөхцөл болж байгааг тодотгоод, зээлийн хүү болон хадгаламжийн хүүг бууруулах асуудалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан.


Ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүгийн өндөр байгаа гол шалтгаан нь хуримтлалын төвлөрөл, хадгаламжийн хүү хэт өндөр байгаатай холбоотой гэж байлаа. Түүнчлэн Монголбанкнаас өнгөрсөн 07 дугаар сарын 01-нээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн журмуудыг шинэчлээд арилжааны банкуудын эх үүсвэрийн төвлөрөлд хязгаарлалтууд тавьжээ. Ингэснээртөвлөрлийн эрсдэл буурч зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ гэж байлаа. Мөн Монголбанкны бодлого, хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлсэн. Банкны эрсдэл даах чадвар, өөрийн хөрөнгө нь нэмэгдэхээр эргээд зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ мэтчилэн Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудалд цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг хариултдаа дурдсан.

Ингээд тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийгУлсын Их Хурлын гишүүнЖ.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч төсөл санаачлагч гишүүн гадаадад албан томилолттой яваа тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлын хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Энэ талаар төсөл санаачлагч гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.


Тэрбээр танилцуулгадаа, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүсгэн байгуулагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгосноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцлов.

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан бүтээгдэхүүн болох хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц ажиллагаа юм. Гэтэл хот суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаадрдлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, орчныг бохирдуулан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаанд 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй м3 бохир ус байгальд шууд хаягдаж байна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усны багагүй хэсгийн төлбөр тооцоог хариуцах эзэн олдохгүй байгаа нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулж байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Тэрбишдагва нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлахаар болсон.

ТүүнчлэнДагуул хот хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухайасуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарыг томилж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва нарыг ажлуулахаар тогтов. Ингээд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Лүндээжанцан: Сонгуулийн хуулинд нягт нямбай хандах хэрэгтэй байна

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Сонгуулийн хуулийн хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргаж байна. Гурван нам УИХ-д суудалтай байгаа. Монгол Улс нэг тойрог, мажоратори гэж хэлж байгаа бол нэр дэвшигч Монгол Улсын хэмжээнд сонгогдох ёстой. Тэрнээс биш сонгогдсон хүний сүүдэр дор орж ирж болохгүй. Иймэрхүү байдлаар явбал Монгол Улс Үндсэн хуулиа дагадаггүй, хуулиа дээдэлдэггүй орон болно. Өнөөдөр АН-аас зохион байгуулж Үндсэн хуулийн яриа гэж орсон нэрээр сонгуулийн хуулийг хүчилж болохгүй шүү. Хэрвээ дэмжихгүй бол бид тэмцлийн хурц хэлбэр рүү орно шүү гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Бид хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталсан. Одоо зөвхөн дарааллыг ярьж байна гэлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Сонгуулийн хуулийг яаралтай батлах ёстой гэдэг дээр санал нэг байна. Гэхдээ өнөөдөр гишүүд дөнгөж хуулийн төслийг аваад одоо хэлэлцэнэ гэж болохгүй. Энэ хуулийн төслийг холбогдох байгууллагуудад танилцуулаад улс төрийн намуудын саналыг авах ёстой. Энэ хуулийг хэлэлцэх хугацааны хязгаар байхгүй. Гэхдээ ондоо багтааж гаргах дээр санал нэг байна. Тэгэхгүй бол улс төрийн маргаан гарна. Төрийн байгууллагуудын саналыг заавал авах ёстой. Үүнд Монголын улс төрийн эрх ашиг хөндөгдөнө. Бид ирэх долоо хоногоос хэлэлцэх ёстой. Түүхий зүйлийг олонхиороо түрж хэлэлцэх хэрэггүй.

Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан:

-Бид энэ хуулийн төсөл дээр хоёр жил ажилласан. Хуулийн хэлэлцүүлэг хийсэн, сайт дээр тавьсан, улс төрийн намын төлөөллүүдийн хэлэлцүүлэг хийсэн, төрийн үүрэгтэй оролцдог байгууллагуудын саналыг авсан. АН-ын саналыг авч тусгасан. Энэ хуулийн төсөл бол зөвхөн хэлэлцэх эсэх. Ажлын хэсэг дахиж орно. Өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдээд өгнө үү гэсэн саналтай байна.

УИХ-ын гишүүн М.Энхболд:

-Горимын санал гаргаж байгаа гишүүдийн саналыг харгалзаж үзэх ёстой. Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад улс төрийн дөрвөн намын төлөөлөл байгаа. МАХН-ын төлөөлөл хуралдаанд оролцох боломжгүй гэж гарч явж байна. АН-ын төлөөлөл хуулийн төсөлтэй танилцах боломж олгооч гэж байна. ШИНЭ намын дарга Ж.Батзандан дөнгөж сая хуулийн төслөө гардаж авлаа. Би үүнээс хоёр цагийн өмнө энэ хуулийн төслийг хүлээж авсан. 2015 онд бид сонгуулийн хууль өөрчлөхөд Үндсэний зөвшилцөл гэж бүх намын дарга нарыг уриад, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан хэлэлцүүлэг хийж байсан. Саналыг нь сонсоод хэлэлцээд явсан. Ядаж нэг өдөр хуралдаад, хуулийн төсөлтэй танилцах боломж олох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Энэ долоо хоногтоо хэлэлцэх эсэхийг нь шийдэх хэрэгтэй байна. Дараагаар нь ажлын хэсэг гаргах юм. Сонгуулийн хуулинд нягт нямбай хандах хэрэгтэй байна.

Ийнхүү Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Сонгуулийн хуулийн төслийг маргааш хэлэлцэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албаны ёсны айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:

– “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т – монголын талаас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн – оросын талаас Эрчим хүчний сайд А.В.Новак

– “Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – монголын талаас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин – оросын талаас “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дарга А.Б.Миллер

– “Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “НК “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – монголын талаас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин – оросын талаас “НК “Роснефть” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Д.Касимиро

– “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд – монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – оросын талаас ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов

– “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т – монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан – оросын талаас Тээврийн нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов

– “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”-т – монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – оросын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд М.А.Топилин

– “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”-т – монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар – оросын талаас Хууль зүйн сайд А.В.Коновалов

– “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”-т – монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан – оросын талаас Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар

II. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг зарлав

– Монгол Улсын Гадаад харилцааны сайд монголын талын ноот бичгийг оросын талд гардуулав. – 1957 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр – Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

– “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ”-нд – “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн – “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, ерөнхий захирал С.Н.Горьков

– “Зүүнбаян – Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд – монголын талаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа – оросын талаас “РЖД Интэрнешнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А. Столяров

-“Монгол Улсын “Эрдэнэс Монгол” ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”-т – монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү – оросын талаас “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Ерөнхий захирал Я.В.Центер

-“Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг”-т – монголын талаас “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар – оросын талаас “Русская кожа” ХК-ийн ерөнхий захирал А.А.Низов

-“Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – монголын талаас Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ – оросын талаас Оросын экспортын төвийн гүйцэтгэх захирал А.Слепнев

-“Очир Гэгээн Сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т – монголын талаас “Очир Гэгээн Сүндэр” ХХК-ийн ерөнхий захирал Ганбаатар ОЧИР – оросын талаас “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН-ийн Ерөнхий захирал А.О.Чекунков нар гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

Д.Баярсайхан нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 4 өдөр үргэлжилж шүүгдэгчдийг гэм буруутайд тооцов. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол барагдуулах 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан байна.

Шүүх уг саналыг үндэслэн шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Д.Баярсайхан нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.