Categories
мэдээ спорт

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спортын хороо, Говийн хүчтэн бөхийн дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харцага Б.Бат-Өлзийд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулан өгөв. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд:

  • 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.
  • 2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.
  • 2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.
  • 2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.
  • 2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.
  • 2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа.
  • 2017 оны барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэж байв.
  • 2018 оны барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэсэн байдаг.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөөн хэлэлцэх хугацаа хэмээх үлгэрээ ярьж бас л төөрөлдүүлж байна уу, цаг хожиж байна уу

Сүүлийн үед шуугиан тариад байгаа нэг асуудал бол Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацаа болоод байгаа. Анзаарахаас аргагүй сэдэв мөн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Раднаасэд ажиллаж байхдаа 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааг нааш нь татаж таван жил болгосон. Эрүүгийн хууль ингэж батлагдсанаар нийгмийн анхаарлын төвд байсан олон том хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болсон. Энэ процесс өнөөдөр ч үргэлжилсээр байгаа. Монголын нийгмийн сэтгэл зүйн нэг онцлог бол өнөөдрийн шуугиан маргаашийн сенсацидаа дарагдаад, мартагдаад явдаг байдал. Монголын ард түмний сэтгэл зүйн энэ үзэгдлийг эрх баригчид ашиглахыг оролдсон ч хөөн хэлэлцэх хугацаа сонгуулийн өмнө айхавтар дэвэрч, улстөржиж мэдэхээр болсон нь МАН-ынхан хөөн хэлэлцэх хугацааг эргэж харах, хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдсан хэргүүдийг эргэж харах гэсэн үлгэрийг зохиож эхлэхэд хүргэж байна. Ингэж үлгэр домог зохиож явсаар сонгуульд эсэн мэнд орохыг бодох нь аргагүй ч биз. Энэ суудалдаа суугаад л баймаар байгаа шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн тоо баримтыг хүргэе. Тэрбээр “Хөөн хэлэлцэх хугацаа арван жил байсныг таван жил болгосны үр дүнд маш их гэмт хэрэг хэрэгсэхгүй боллоо. Энэ оны аравдугаар сарын 20-ны байдлаар нийтдээ 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Үүний үр дүнд 1200 гаруй гэмт хэрэгтэн ямар ч ял зэм авахгүйгээр бидний дунд явж байгаа. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Оймсон дотроо 25 сая төгрөг нуусан, албан газар, гэрээс нь нэг тэрбум төгрөгийн авлига олдсон нөхөр өнөөдөр ялгүй явж байгаа. Би эдгээр тоо баримтыг шүүх, прокурорын байгууллагаас авсан. Түүнээс хойш 30 гаруй хоногийн дараа асуухад хэрэгсэхгүй болсон 629 гэмт хэргийн тоо 100-аар нэмэгдсэн байна. Тун удахгүй авлигын 11 гэмт хэрэг хэрэгсэхгүй болно. Энэ дотор алдарт Жастын Батхүүгийн хэрэг бий. Үүний хохирол 143 тэрбум төгрөг. МАН-ынхан өөрсдийнхөө хүмүүсийг ялаас чөлөөлөх ажлыг хангалттай хийлээ. Эдгээр гэмт хэргийн хохирол хоёр их наяд төгрөг. Авлига албан тушаалын хэрэг дандаа хожуу илэрдэг. Энэ гэмт хэргүүд хэрэгсэхгүй болох нөхцөл байдал руу орж байгаа. Тиймээс ажлын хэсгийн Х.Нямбаатар, Байнгын хороог удирдсан Ш.Раднаасэд нарын нөхдүүдэд ард түмэн хариуцлага тооцох ёстой. Өдөрт нэгээс хоёр гэмт хэрэг хэрэгсэхгүй болж байгаа. Цаашдаа энэ хуулийг баталсан ч хэрэгсэхгүй болно” гэсэн. Энэ бол айхавтар тоо баримт. Өнөөгийн эрх баригчдын нэр хүндэд хүндээр тусч, маш их сөргөөр нөлөөлөхүйц тоо баримт яах аргагүй мөн. Хөөн хэлэлцэх хугацааны хойноос хөөгөөд явбал МАН сонгуулийн наана босохгүй юм болно. Юун ЖДҮ, Капитал банкинд төрийн мөнгө дампуурсан… энэ тэр. Ийм айхавтар аюул занал, гал дүрэлзэхэд бэлэн байгаа учраас, үүнийгээ ард түмэнд залруулсан дүр эсгэхийн тулд Х.Нямбаатар нарын гишүүд нь хөөн хэлэлцэх хугацааг эргэж харна, ял завшсан нөхдийн хэргийг эргэн сэргээнэ гэсэн үлгэр ярьж эхэллээ. Энэ бол үлгэр. Үлгэр үлгэрдээ хуулиар ингэж зохицуулах ямар ч боломжгүй үлгэр. Үүнийг үлгэр гэдгийг учир мэдэх хүмүүс мэднэ. Дотроо ярьж, ямар ч боломжгүй шүү дээ гэдгийг Төрийн ордон дотор ярьцгаасаар байгаа нь чих дэлсэж байна.

Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг ямар байдлаар эргэж засна гэж үлгэр яриад байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарын хэлснээр хүргэе. Тэрбээр “Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагчаар татагдаад эрүүгийн хэрэг үүссэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Дахиж хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш тухайн гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөрдөн шалгах хугацааг тогтооё гэсэн зохицуулалт орж ирж байгаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдана. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам шинэчлэгдэж байгаатай холбогдуулж уг дагаж мөрдөх журмын тухай хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж, зогсоох юм. Хоёрдугаарт, яг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээх агуулга орж ирж байгаа” гэж.

Энэ сүүлийн ганц өгүүлбэрт нь маш том асуудал байгаа. Х.Нямбаатарын ярьж байгаагаар хууль батлагдлаа. Тэгвэл нэгэнт өмнө нь батлагдсан хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд хамрагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүст энэхүү шинэ заалт ямар ч хамаагүй. Тэдгээр хүмүүст УИХ-аар нэгэнт батлагдсан хууль үйлчилсэн. Хэрэвзээ хэрэгсэхгүй болсон хэргүүдийг эргэж сэргээнэ гэж байгаа бол Олон улсад яригддаг нэр томьёогоор “Хууль эргэж үйлчлэхгүй” гэсэн хуулийн маш том зарчим зөрчигдөнө. Маш том маргаан дагуулна. Бараг хэлмэгдэл болж хувирна. Бид бүгдээрэй мэднэ, дэлхийн практикт хууль эргэж үйлчилж байгаагүй. Эргэж үйлчлэхийг бүх улсад хориглодог. Яагаад гэвэл хууль эргэж үйлчлэх маш аюултай байдалд хүргэдэг. Тэр хэдэн хүнийг эргүүлж шийтгэснээсээ илүү нийгмийг самарна. Нийгмийг нийгэм биш болгож зэрлэг өрнөд гэгчээр юм болохыг судлаачид бичээд эхэллээ. Гарах муу үр дагаврын талаар жишээ баримт дурдан судлаачид ярьж байна л даа. Нэг судлаач “Гэмт хэрэг биш үйлдлийг гэмт хэрэг болгон зохиож ял тулгах аюултай. Жишээ нь, өмч хувьчлалыг гэмт хэрэг мөн байжээ гээд өнөөдөр хуульчилбал Монголын бүх малчид гэмт хэрэгтэн болох уу. Түүнийг хариуцаж байсан, одоо амьд сэрүүн байгаа нэгдлийн дарга өвгөчүүл бүгдээрээ дээлээ нөмрөх үү” гэж ирээд хууль эргэн үйлчилбэл Монгол Улсыг ямар аюултай байдалд хүргэж болох талаар сэрэмжлүүлж байна. Хууль бол практикаар явдаг. Манай улс бол их газрын хуультай. Зах зээлийн нийгэмд шилжсэнээсээ хойш Монголын хуулийн суурь дэвсгэр нь Германы хууль болж ирсэн. Ийм суурь дэвсгэртэй хууль эрх зүйтэй атлаа энэ цаг үед, энэ баригчдын үед дургүй хүндээ зориулж хуулийг эргэн сэргээж хэрэглэх гээд байна. Н.Энхбаяр бол “Өргөө” зочид буудлыг луйвардсан гээд өнөөдөр дахин сэргээж хуучин хуулиар яллах нь хүний эрх талаасаа ч, ардчилсан нийгмийн үнэт зүйл болох эрх зүйт төр талаасаа эрүүл үзэгдэл мөн үү. Ийм аюултай байдал руу энэхүү хөөн хэлэлцэх хугацааг эргэж харах, хэрэгсэхгүй болсон хэргүүдийг эргэж сэргээх тухай асуудал явж байна. Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг бол дуулиантай хэрэг. Тус банкны ерөнхий нягтлан бодох Чимэдцэрэн энэ мөнгөөр казино тоглосон гэдэг яриа л хүмүүсийн дунд үлдсэнээс биш яг ял авсан үндэслэлийн нэг хэсэг нь өнөөдрийн Ерөнхий сайд тухайн үед намын генсек байхдаа Чимэдцэрэнгээс фургон машин авсан хэргээр хоёр жилийн бүгд найрамдах уншуулж, найз Чимэдцэрэн нь ял үүрээд гарсныг төдийлөн санадаггүй. Энэ хэрэг хэзээ нэгэн цагт эргэн сэргэж, хууль эргэн үйлчлэх тийм хөрс суурь тавигдах гэж байна гэсэн үг. Одоо ярьж буй хөөн хэлэлцэх хугацаа гэдэг чинь.

Тэгэхээр энэхүү хөөн хэлэлцэх хугацааг эргэж харна гэдэг үнэндээ үлгэр юм аа. Өөрсдийнхөө халаасны хүмүүсийн гэм бурууг энэ хуулийн заалтаар хэдийнэ цайруулчихсан. Үүнийгээ ард түмэнд цайруулахын тулд сонгууль хүртэл шоу хийх арга нь энэ. Тэд муусайн ял завшсан байж магадгүй нь, тийм болохоор хөөн хэлэлцэх хугацааг эргэн харж, ял завшсан байх магадлалтай луйварчдын хэргийг эргэн сэргээж ясыг нь цайлгана… гэх шиг сүр сүр юм ярьсаар байгаад л сонгуультай залгана. Ард түмэн одоо хууртах нь их багассан. Эрх баригчдынхаа араншинг эхнэрийнхээ араншин шиг гадарлах болсон гэж найдаж байна.

Ер нь тэгээд ч хөөн хэлэлцэх хугацааг ярьж байгаа далимд хэлэхэд хуулийн практикт тухайн гэмт хэрэгт хоёр хууль үйлчлэхээр байвал хууль зөрчигчдөд аль ашигтай хувилбарыг нь сонгодог хуулийн заалт бүх газарт байдгийг хуульчид мэднэ. Хүний эрх талаасаа тэр. Ийм заалт дэлхийгээр нэг үйлчилж байхад, Монголд үйлчлэх хууль эрх зүйтэй байхад хэрэгсэхгүй болсон, цагаатгасан хүмүүсийг эргэж яллана гэдэг үлгэр. Үлгэр болохыг судлаачид, хуулийн шинжлэх ухааны докторууд, УИХ-д хэдэнтэй суусан хашир гишүүд ярьсаар байгаа юм.

Тийм болохоор энэхүү Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг эргэж харж, ингэж тэгж өөрчилнө гэсэн заль, хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээх агуулга хуульд орно барина гэсэн гишүүдийн ярианууд бол ард түмний сэтгэл зүйг төөрөлдүүлсэн, эрх баригчдын сонгууль хүргэх гэсэн арга мэх билээ.

Өөрсдийнхөө намын луйварчдыг эргэж харж шийтгэсэн дүр эсгэх гэсэн улс төрийн заль гэж нийгэм ойлгох хэрэгтэй. Саяхан Хууль зүйн сайд Ц.Нямдорж нэг үг хэлсэн нь “Хөөн хэлэлцэхтэй холбоотой улстөржсөн маргаан бүтэн жил явлаа. Би бүтэн жил тэвчиж үүнийг чинь сонслоо. Та нар санасан зоргоороо шийдвэрлэхийн тулд л будлиан хутгасан шүү” гэж. Энэ юу гэсэн үг болохыг нухацтай анзаарвал эрх баригчид ард түмнийг хэрхэн төөрөгдүүлж, үлгэр ярьж, цаг хугацаа хожиж байгааг нөхөр хэлчихсэн хэрэг шүү.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манжийн дарлал гэгчийн тухай

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

-1911 ОНЫ ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСЭН ХУВЬСГАЛЫН ОНЦЛОГИЙН ТУХАЙ БОДРОЛ-

1. Юун түрүүн түүхэн үнэлгээнд өдгөө өөрөөр хандмаар санагддаг. Одоо хэрэглэж байгаа дүгнэлт хандлага болгон нь СССР-ийн Шинжлэх ухааны академиас 1949 онд бичиж 1954 онд монгол хэлнээ орчуулагдсан тэр эхийг баримталж ирсэн юм. Хэт ангич марксист тайлбар хандлага нь түүхийн үнэнтэй нийцэхгүй төдийгүй монгол үндэстнийг гутаасан, түүхийн явцыг нь үндэсний бахархал, эх оронч үзэл санааных нь эсрэг хандуулсан агаад энэхүү зохиомол түүхийн инерци сүүдэр одоо болтол үргэлжилсээр буй.

2. “Манжийн дарлал”, “манжийн колончилол” гэх нэр томьёо 1950-иад оны үеэс буй болсон. Гадаад Монгол нь бүхий л шинжээрээ Манж Чин улстай вассалийн харилцаатай байсан. Феодлын ёст орнуудад ийм харилцаа дундад зууны үед элбэг байв. Тухайлбал, XIII зууны Монгол дахь аймаг угсаатнуудын ихэнх нь тухайн үеийн хүчирхэг Алтан улсын вассал байжээ. Манж Чин улсын үед Солонгос мөн вассал байсан авч өдгөө тэд өөрсдийгөө Манжийн дарлал колончлолд байсан гэдэггүй.

3. Өвөр Монгол, Гадаад Монголын түүхэн хувь заяа XVII зуунаас салсан. 1636 онд Өвөр Монголын 49 хошуу Манжийн төрд албан ёсоор дагаар орж нэг субьект болсон. Амбагай сэцэн хаан Хубилайн хасбуу тамгыг гартаа оруулсан учир нийт Монголыг төдийгүй нийт Хятадыг захирах хааны эрхтэй боллоо гэж зарласныг тэд хүлээн авсан юм. Харин энэ мэхэнд Халх, Ойрад автаагүй тусгаар хэвээр үлдсэн. Халх-Ойрадын дайн болсон учир Занабазар тэргүүтэй халхчууд урагш хөөгдөн очсон боловч 1696 онд Долоннуурт тохиролцоо байгуулан Манжийн вассал болсон. Энэ үеэс Дотоод Монгол буюу хятадаар “нэй монгу”, Гадаад Монгол буюу “вэй монгу” гэсэн нэршил үүссэн. Энэ нь “манай монгол”, “манай биш монгол” гэсэн утгыг илэрхийлж буй. Хууль эрх зүй, тухайн ба өнөөгийн олон улсын гэрээ эрхийн ойлголтоор дагаар орсон, гэрээгээр орсон, эзлэгдсэн зэрэг нь хоорондоо эрс ялгаатай.

4. Жүрчин угсааны нүүдэлчид нэн эртнээс өөрийн төр улсыг байгуулсан. VII зуунд байгуулагдсан Бохай бол тэдний анхны төрт улс. Бохай нь хятангуудад (Кидан) дарагдсан боловч тэд удалгүй ХI зуунд Алтан улсыг (манжаар Анчун гүрүн) байгуулаад зуун жилийн дараа монголчуудад эзлэгдсэн. XVI зуунаас гурав дахь удаагаа дахин сэргэж улсаа мөн л Алтан улс (хятадаар Жинь чао) гэж нэрлэжээ. Нурхач баатарын хүү Амбагай сэцэн жүрчин нарын нэрийг сольж “манж” гэх болсон ба үүнийг зарим эрдэмтэд маньжоу овгийнхны нэр гэж тайлдаг. Гэвч зарим тайлбараар Хубилай хааны хас тамгыг гартаа оруулсан Амбагай хаан монголчуудтай нийлж Хятад гүрнийг захирах эрхтэй боллоо хэмээн 1635 онд “манж”, “монгол” гэсэн хоёр нэрийг нийлүүлж “монжу” гэсэн шинэ нэр зохиосон ч гэдэг.

5. Манж нар 1644 онд Бээжинг эзэлж улмаар бүх Хятадыг захирах болсноор манж, монгол, хань хятад болон Хятадад хамаарч байсан олон үндэстнийг нийлүүлсэн их гүрнээ Чин буюу хятадаар Да Чин го гэх болсон ба үүнийг мөн монгол хэлний “дайчин гүрэн” (байлдаанч, дайнч?) гэсэн гэж үг гэж зарим нь тайлбарладаг. Олон үндэстний энэ улсад манж ба монгол гэсэн хоёр үндэстэн онцгой эрх эдэлж байв. Газар нутаг нь Хятадаас тусгаарлагдсан онцгой бүс, хүн ам нь татвараас гадуур төдийгүй хэргэм зэрэгтнүүд нь пүнлүү хэмээх сул цалин хүртдэг, төрийн ажилтнууд нь өндөр цалинтай, хариуцлага багатай. Цол хэргэм, албан тушаалын дээд эгнээнд зөвхөн энэ хоёр үндэстэн дэвших эрхтэй. Хоорондоо гэрлэж бараалахыг төрөөс дэмжин цол хэргэм олгож пүнлүүгээр тэтгэх мөртөө аль алиныг нь өөр үндэстэнтэй холилдохыг хуулиар хориглоно.

6. Монголчуудын нэгэн адил нүүдэлчин манж нар хүн ам олонтой хятадуудаас алсдаа айдаг байжээ. Иймээс цөөн монголчуудын эрх ашигийг хятадуудаас хамгаалах үүрэг өөртөө авсан. Харин дайн байлдаанд сайн монголчууд Манжийн хааныг аюулд орвол цэрэг цуухаар тусалж байх үүрэг өөртөө оногдуулжээ.

7. Манж хүн биеийн хөдөлмөр хийж болохгүй, зөвхөн удирдах албанд ажиллана гэсэн хуулийн дагуу цөөн хүн ам бүхий манж нар бараг бүгд дарга болсон боловч Хятадын төрийн уламжлалт нүсэр аппаратад тэд ердөө 16 хувь эзэлж байв. Иймээс эрс тэс амьсгалтай хүйтэн Монголын өндөрлөгт ирж ажиллах манж хүн барагтай бол олддоггүй. Тэд томилолт зарлигаар хамгийн их хойшиллоо гэхэд Хаалган, Хөххотод ирж ажиллана, тэрнээс умар тийш хаа нэгтэй шалгалтаар төлөөлөгч ирэх нь бий. Иймээс ялангуяа Гадаад Монголд төрийн алба, амбан төлөөлөгч, цэргийн удирдлагын ажлыг бараг үргэлж монгол хүн гүйцэтгэж байсан. Колончилол гэдэг нь эзэлсэн нутагтаа үй олноороо ирж суурьшихыг хэлдэг, гэтэл Манж Чин улсын үед монголчууд манж хүн нүдээр харсан нь ч бараг үгүй.

8. Манж Чин гүрнээс монголчуудыг дайн байлдаанд үргэлж ашиглаж байсан нь Долоннуурын тохиролцооны биелэл байх. Канси хаан өөрөө биечлэн толгойлж Халхад орж ирэн Галданг дутаасан тулалдаанд цэргийн бүрэлдэхүүн нь бараг дан ганц монголчуудаас бүрдэж байв. Ойрдыг цэрэглэн дарахад Найман тугийн цэргийн туг болгоны дарга нь монголчууд, тэр дундаа Хөх нуурын дөрвөдүүд байсан юм. Оросоос хилээ хамгаалах Хармөрний, Улиастайн, Илтарвагатайн гурван том цэргийн хурангийн хоёрыг нь дан монголчууд хариуцаж байлаа. Хар тамхины дайнд ч, Тайпингийн болон боксэрийн бослогын үед ч, хожим нь өрнөдийн орнууд Бээжинг эзэлсэн тулалдаанд ч монгол дайчид хороо удирдан байлдаж Манжийн хааныг хамгаалж нэр алдраа дуурсгаж явсан.

9. Ойрадыг эзэлсний дараа Халх Ойрад хоёр нэг гэрт орж нийлээд Гадаад Монгол болсон. Үүний дараа Манжийн төрөөс 1762 онд Монголд зориулсан хууль гаргасан нь “Монгол цааз хууль” нэртэй 11 дэвтрээр хэвлэгдсэн. Энд Долоннуурын гэрээг батжуулан хуульчилснаас гадна Гадаад Монголыг хятадуудаас тусгаарлах, хүн амыг нь холилдуулахгүй байх олон нэмэлт заалт оруулжээ.

10. 1907 онд Хятад нь үндсэн хуульт хаант улс болохоор шийдсэн учир урьд мөрдөж байсан Монголын талаарх хуулиудаа хүчингүй болгожээ. Үүнээс болж хятадууд Гадаад Монголд олноор ирж суурьших болсон байна. Мөн татвар төлдөггүй, манжийн хаанаас зөвхөн бэлэг пүнлүү авдаг байсан монголын феодлууд хуучин эрх ямбанаасаа өөрийн эрхгүй салсан байна. Ийм ийм шалтгаанаар ерөөс Манжийн хаанаас салж тусгаар улсаа байгуулах хөдөлгөөн феодал ноёдын дунд үүсчээ.

11. Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг Богд толгойлсон. Түүнээс өөр хүн толгойлох ямар ч бололцоо байгаагүй. Монголчуудыг нэгтгэж байсан хамгийн хүчирхэг хүчин зүйл нь шарын шашин байлаа. Хэдийгээр тусгаар Монголын хаан ширээнд Чингисийн удмынхан гарах ёстой гэсэн хэл ам гарч байсан боловч энэ нь нийт монголчууд байтугай халх дөрвөн аймгийг ч бутаргах аюултай байсан.

12. 1911 оны аравдугаар сард Манж Чин гүрнийг эсэргүүцсэн бослого Учуанд болоход гадаад монголчууд Манж Чингийн хаанд хандан мөнөөх Долоннуурын гэрээгээр цэрэг хөдөлгөх үүрэгтэй учир энэ талаар асуусан бичиг илгээж байсан нь Гадаад Монгол ба Манжийн хааны хооронд вассалын гэрээ байсныг давхар нотолдог. Ер нь аль 1636 онд өвөр монголчууд манжтай нийлэн вассалын тохиролцоонд хүрэхэд Амбагай сэцэн хаанаас “Хэзээ нэгэн цагт Манжийн төр мөхдөг юм гэхэд монголчууд тусгаарлан өөрсдийн бие даасан төр улсаа дахин байгуулах эрхтэй” гэж амлажээ.

13. Цинхай хувьсгалыг өнөөдөр хаант засгийг эсэргүүцэж бүгд найрамдах улс байгуулсан ганцхан талаас нь тайлбарладаг. Гэтэл тухайн үедээ энэ хувьсгалын удирдагч Сун Ятсэн харь Манжийн дарлалаас Хятадыг чөлөөлнө гэж гол зорилгоо томьёолж байсан. Харь Манжийн Чинг унагаж хятадуудын өөрийн Мин династийг байгуулна гэлцэж хувьсгалын ялалтын дараа он тооллоо шинээр эхэлдэг хятад уламжлалаар эртний домгийн хаан Хуандигаас тоолон 4609 оныг зарлаж байв.

14. Манжийн дарлалд байсан, хятадын колони байсан зэрэг тайлбар нь гадаад монголчууд 220 жилийн турш Хятадын нэг хэсэг байсан ба нэгэн өрх гэртээ эргэж нэгдэх тухай элдэв утгагүй хэл ярианы түүхийн баталгаа буй болгох гэсэн том шалтаг юм.

15. 1911 онд байгуулагдсан Монголын төр нь нэг талаас теократ хэмжээлшгүй эрхт хаант төр байсан боловч нөгөө талаас орчин үеийн төрийн тогтолцоог буй болгосон онцлогтой. Наполеоноос эхтэй энэхүү европ хэвшлийн төрийн тогтолцоо нь энэ үед нийт Европ, Хойд Өмнөд Америкт хэвшсэн байсан ба Азийн олон оронд бас нэвтрээд байсан юм. Төрийн яамдуудтай, сайд нарын танхимтай гэх мэт. Өрнө зүгийн хэв маягт сургууль эмнэлгийн хэлбэрүүд тэр үед үүссэн. Нэг үгэндээ бүх юм 1921 оноос эхтэй биш.

2011.12.12

Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 30-нд болох үйл явдлууд

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Зон олны намаас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

11.00 цагт “Пума Империал” зочид буудалд Тавантолгой-Гашуунсухайтын нүүрс тээврийн салбарын “Тээвэрчдийн хүндэтгэл” хүлээсэн байгууллага, хамт олныг шалгаруулах ёслол болно.

12.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлцгээе” өдөрлөг болно.

12.30 цагт “Интерном” номын их дэлгүүрт www.factcheck.mn цахим хуудасны нээлт болно. Утас: 70091199, 99089370

17.00 цагт “Чингис” зочид буудалд “Web Awards-2019” цахим салбарын тэргүүн наадам болно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэтуяа: Улс төрийн сэдэвтэй жиргээний саналаас шууд татгалздаг

Чөлөөт уран бүтээлч Б.Эрдэнэтуяатай ярилцлаа. Тэрбээр твиттерт Ээгийшка нэрээр жиргэдэг жиргээч нэгэн билээ.


-Сошиал орчинд та их идэвхтэй байдаг. Хэзээнээс твиттерт жиргэж эхлэв?

-Би твиттерт ороод есөн жил болж байна. Тухайн үед би HD Монгол телевизэд ажилладаг байлаа. Нэг өдөр манай ажлын дүү “Та твиттерт орооч. Зүгээр шүү дээ” гээд 2011 онд анх орсон. Эхэндээ идэвхтэй байж байгаад нэг хэсэг залхаад гурван жил твиттерээ цоожлоод сүүлийн хэдэн жил идэвхтэй жиргэх болсон.

-Хараад байхад таныг хүмүүс их таньдаг юм байна лээ. “Энэ хэн бэ” гээд таны зургийг тавьсан байх жишээтэй. Гудамжинд хэр их таньдаг хүнтэйгээ таардаг вэ?

-Гудамжинд зарим нэгэн жиргээч нар “Сайн уу. Ээгийшка байна” гээд таньсан нь мэндэлнэ. Миний хийдэг ажилтай бас холбоотой байх. Би жүжигчин мэргэжлээр төгссөн чөлөөт уран бүтээлч. Кинонд их ажиллана. Арын албанд нь илүү ажилладаг. Гадуур явж байхад “Чи тэнд явж байсан. Энд явж байсан” гээд миний зургийг аваад жиргэчихнэ. Тиймэрхүү тохиолдол нэлээд байдаг.

-Таны зургийг “Энэ хэн бэ” гээд жиргэчихсэн байхыг хараад ямар санагддаг вэ?

-Эхэндээ бол жаахан онцгүй гарсан зураг тавиад жиргэчихсэн байвал уур хүрдэг байлаа. Зурагтаар ч гэсэн хааяа олны хэсэгт тоглоод гарах хэдхэн секундын хооронд сонин зургийг дараад жиргэчихсэн байдаг. Эхэндээ уур хүрдэг байсан. Одоо бол тоохоо ч больсон.

-Одоогоор та 23 мянга гаруй дагагчтай шүү дээ. Дагагчдадаа зориулж жиргэдэг үү, эсвэл өөрийнхөө сэтгэгдлийг бичдэг үү. Сошиал орчныг ер нь ямар байгаасай гэж боддог вэ?

-Твиттерт хэрүүл хийгээд бухимдлаа гаргадаг хүмүүс байдаг л даа. Би тийм биш л дээ. Уг хүн нь их тайван. Энх-Амгалан хаан шиг гэдэг шиг амгалан хүн болохоор надад уурлаж бухимдаад хэрүүл хийгээд байх сонирхол байдаггүй. Би өөрөө улс төр сонирхдоггүй болохоор ч тэр үү, уурлаж бухимдаад байх зүйл ч гардаггүй. Хүмүүсийг сошиал орчинд зөв байгаасай, эерэг байгаасай, бие биенийгээ зөв зүйлд уриалаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа би твиттерээс танилцсан найзуудтайгаа нийлж, санаа нийлсэн хүмүүстэйгээ 2015, 2017 онд хоёр удаа сайн үйлс хийсэн.

Бидэнд өөрсдөд минь бол томоохон хэмжээний ажлын ард гарсан гэж бодоод байгаа. Хоёр жил дараалан сайн дурын ажил хийчихсэн. Бас би сайн дураараа цусаа өгдөг. Идэвхтэй донор. Түүнийгээ хүмүүст бас уриалдаг. Донорт нэгдээч ээ, донорт нэгдсэнээр та бүхэнд ийм ач холбогдолтой, бусдад тусалцгаая, таны цус гурван хүний амийг аварна. Гэх мэтээр уриалж их жиргэдэг.

-Таны уриалсан уриалгыг хүмүүс хэр хүлээж авдаг вэ. Тантай цуг явж өгье гэх хүмүүс байх уу?

-Байдаг. Донор хүн чинь гурав хоногийн өмнөөс идээ ундаа, явдал мөрөө хичээж эхэлнэ. Зөв хооллох, цагаан идээ хэрэглэж болохгүй, өөх тостой хоол идэхгүй, ангийн мах хэрэглэж болохгүй гэдэг ч юмуу, сахартай ундаа цусаа өгөхийн өмнө ууж болохгүй. “Би гурван хоногийн дараа цусаа өгөх гэж байна. Та бүхэн надтай хамт цусаа өгч болно шүү. Надтай нэгдээрэй, донорт нэгдээрэй, манайхаан. Та цусаа өгснөөр гурван хүнд амьдрал бэлэглэнэ” гээд л эхэлдэг. Гэмтлийн эмнэлэг, төрөх эмнэлгүүд, мэс ажилбаруудад цус байнга хэрэг болж байдаг. Донорын тоог нэмэгдүүлэх зорилгоор хүмүүсийг уриалдаг. Манай жиргээчид ч гэсэн түүнийг минь их дэмждэг. Зарим нь хамтдаа цусаа өгчихөөд сельфидэх зэргээр бусдыгаа уриалан дуудаж жиргэдэг. Зарим нь “Хамт явъя, гэхдээ Ээгий намайг явсан гэж битгий хэлээрэй” гэдэг. Өөрсдийгөө нууцлахыг хүсдэг ч юмуу, нээлттэй байхыг хүсдэггүй ч юмуу тийм хүмүүс байдаг.

-Твиттерт нэгдсэнээс хойш хамгийн их урам авдаг зүйл тань юу вэ?

-Надад хамгийн сайхан санагддаг зүйл нь хоёр удаа хийсэн сайн үйлсийн аян. Твиттерийн найзуудтайгаа нэгдээд 2015 онд хүүхдэд туслах сайн үйлсийн аяныг эхлүүлсэн. “1000 хүүхэд 1000 бэлэг” гэдэг нэр өгөөд эхлүүлж байсан. Эхлүүлчихээд бас өөрсдөдөө итгээгүй л дээ. Арай ч их юмуу. 100 хүүхэд байх уу, бидэнд мянга мянгаар нь бэлэг өгөх хүн байх уу гээд эргэлзэж, тухайн үедээ эхлэнгүүтээ бас айж байлаа. Гэтэл хүмүүс ээлжилж утасдаад хамгийн түрүүнд Green city компаниас “1000 ширхэг Ganar шоколад өгье” гэсэн. Түмэн шувуут компани 6000 өндөг, БОСА компаниас 1000 ширхэг резинэн чихэр, Таван богд компани нэг хүүхдэд 12, 24, 36 хуудастай гурван дэвтэр өгье, хувиараа үлгэрийн сиди хийдэг хоёр залуу утасдаад “Бид хүүхдийн үлгэр хийдэг юм. Та нарыг ийм аян эхлүүлж байгаа гэхээр чинь үзтэл 500 ширхэг сиди байна. Үүнийгээ өгье. Exclusive гээд монгол брэнд 0-3 насны хүүхдэд зориулсан 500 ширхэг шүлсэвч өгье” гээд л ээлжлээд өөрсдөө залгаж эхэлсэн. Тийм гоё үр дүнд хүрнэ гэж бодоогүй. Зүгээр л зоригоороо л эхлүүлчихсэн. За ямар ч байсан гоё зүйл хийе. Ард нь гарна. Сайн дурын ажил хийе гээд нэгдсэн. Гэтэл санаанд оромгүй амжилттай болсон. Үндэсний олон үйлдвэрлэгч, олон байгууллага биднийг дэмжээд маш амжилттай явсан. Хүүхдүүдэд дан бэлэг өгөхөөс гадна хүүхдийн концерт юмуу тоглолт үзүүлчих юмсан гэж бодсон л доо. Тэгтэл Асашёрюү аварга, Улсын циркийн захирал Золбоо гэж залуу бидэнтэй холбогдсон. “Манайх танай аяныг дэмжиж байна. 2015 оны шилдгийн шилдэг үзүүлбэрээ танай 1000 хүүхдэд зориулан тоглоё” гэж хэлэхээр нь бид нар бүр хөөрчихсөн. Хүүхдийн юм хийхэд аяндаа бүтчихдэг юм байна лээ. Тухайн үед твиттерээс нэгдсэн найман залуу л байсан шүү дээ. Аянаа бид сошиалаар твиттерээр л сурталчилсан. Гэтэл твиттер хүмүүст тэгж их хүрсэн. Бид тухайн үед телевиз, радиогоор ерөөсөө сурталчилаагүй. Зөвхөн твиттерээр л хүмүүстэйгээ холбогдоод аян маань эцсийн үр дүндээ хүрсэн. Тухайн үедээ твиттерийн буян их юм байна аа гээд өөрсдөө түүндээ урамшаад маш аз жаргалтай байсан.

-1000 хүүхдээ яаж сонгосон юм бэ?

-Бидний бэлгийг боломжтой айлын хүүхдүүд бол “Ямар гоё юм бэ” гэж үнэн сэтгэлээсээ хүлээж авахгүй байх гэж бодсон. Тэгээд Нийслэлийн боловсролын газар дээр очоод алслагдсан дүүргийн хүүхдүүдэд өгөхөөр болсон. Баянзүрх дүүргийн 68 дугаар сургууль, 51 дүгээр сургууль гэж нийслэлээс нэлээд алслагдмал сургууль байдаг юм байна лээ. Түүнийг сонгосон. Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль, Улаанчулуутын хогийн цэг дээр үйл ажиллагаа явуулдаг Нарны хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүд гэх мэтээр сонгосон. Тэгээд хүүхдүүддээ цирк үзүүлье гэтэл алслагдсан дүүргийн хүүхдүүд болохоор сургуулийн захиргаанаас явуулахгүй гэсэн. “Та нар өөрсдөө автобус унаагаар тээвэрлэхгүй бол энэ олон хүүхдийг үзээд ир гэж явуулж чадахгүй. Уг нь та бүхний санаа сайхан юм. Бид хүүхдүүддээ үзүүлмээр байна. Гэвч хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодохоор явуулж чадахгүй нь” гэсэн. Тэгээд зарим нэг сургуулийн хүүхдүүдэд цирк үзүүлж чадаагүй. Сургуулийнх нь шинэ жилийн үйл ажиллагаан дээр нь бэлгээ гардуулж байсан. Тэр үед зарим хүмүүс мөнгөн хандив өгөөд 1000 биш 1300 хүүхдэд бэлэг өгсөн. Эхний ажил минь олны буянаар, твиттерийн буянаар сайхан бүтсэн болохоор дараа жил нь түүндээ урамшаад дахин сайн үйлсийн аян хийхээр боллоо. Одоо арай бодитой зүйл хийе, юу байж болох уу гээд хоорондоо ярилцаж байтал твиттер дээр Амар гэдэг эмч өөрийнхөө машинаар дуудлаганд явдаг. Сум нь түргэний тэрэггүй. Өвөл болохоор яана даа гэсэн жиргээг олж уншсан. Дундговь аймгийн Баянжаргалан сум байсан. Түүнийг хараад бид яагаад бүхэл бүтэн сум түргэний машингүй байдаг юм бол гэж гайхаж хүлээж авсан. Бид өөрсдөө хотод байдаг болохоор анзаардаггүй юм байна лээ. Түүнийг нь хөөгөөд судлаад үзтэл улсын хэмжээнд 151 сум түргэний машингүй байдаг юм байна. Тухайн үедээ маш гайхсан. Тэгээд нэг суманд ч болтугай түргэний машин авч өгье гээд олныгоо уриалаад дараагийн ажлаа эхэлсэн. Тухайн үед улс орон эдийн засгийн хямралтай үе байсан л даа. Тиймээс хүмүүст ачаа үүрүүлэхгүйгээр нэг хүн 1000 төгрөг өгөхийг уриалсан. Тэр үедээ хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаад манайх ийм аян өрнүүлж байгаа, та бүхэн мэдээллээр ивээн тэтгээч гэж хүссэн. Үндэсний телевизийн Нинжцамц захирал биднийг таатай хүлээн авч телевизийн нэвтрүүлгээр ороод, өмнө нь биднийг дэмжиж байсан байгууллагуудаараа орсон. Байгууллагууд бол зарим нь тусалсан, зарим нь хүлээж аваагүй. Хүүхдийн юм хийсэн бол бид дэмжинэ ээ. Гэтэл хаа байсан Дундговь аймгийн Баянжаргалан сум. Та нар улсын хийх ажлыг өмнөөс нь хийгээд байна гээд ерөнхийдөө эелдэгээр татгалзсан л даа. Тэр хандив тийм ч амар цуглаагүй. Гэсэн ч хандвын хайрцгаа бариад их сургуулиудаар, Нарантуул захаар, худалдааны төвүүдээр явж байж арай гэж цуглуулсан. Нэгэнт эхэлсэн болохоор ард нь гарах л ёстой. Тэгээд л ямар ч байсан Дундговь аймгийн Баянжаргалан сумыг түргэний машинтай болгож чадсан.

-Сайн үйлсийн аян дахиж хийх бодол бий юү?

-Бидний хоёр сайн үйлсийн аян сайхан бүтсэн л дээ. Гэтэл хүмүүс маш ихээр бидэнд хандах болсон. Ийм өвчин зовлон тулгарлаа, эмчилгээний зардал олж өгөөч гээд маш ихээр хандсан. Бид чинь бас тус тусын ажилтай, ар гэртэй хүмүүс. Хүн болгонд туслаад явах цаг зав хэцүү шүү дээ. Гэсэн ч нэгэнд нь за тусалъя гээд нөгөөд нь татгалзах хэцүү. Тиймээс нэг ч саналыг хүлээж аваагүй. Сүүлийн үед хүмүүсийн хандлага ч өөр болж. Хандив цуглуулж залилан хийсэн гэх мэтээр янз бүрийн мэдээлэл ч гарах болж. Тэрэнд хүмүүст итгэл алдрах болсон байх. Тиймээс дахин сайн үйлсийн аян хийхэд хүмүүст ч таатай санагдахгүй байх. Сайн үйлсийн аян хиймээр байдаг л юм. Саяхан надад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нарын амралтын өрөөг тохижуулах гэсэн юм, та туслаач гэсэн санал орж ирсэн. Түүнийг нь би хүлээж аваад жиргээд туслахыг хүссэн. Гэхдээ тэр нэг их мөнгө цуглаагүй. Нэг сая гаруй төгрөгийн хандив цугласан. Түүнд нь таарч тохирох зүйлийг авч өгөөд хандив өгсөн хүмүүстээ тайлангаа гаргаж өгсөн. Зарим хүмүүс хандив цуглуулж өөрсдөө идэж уудаг. Амташсан хэрээ шиг гэгчээр гэж хэлэх тохиолдол бий. Азаар бид тайлан балансаа яг ёс журмаар нь гаргаж хандив өгсөн хүн бүртээ тайлангаа тавьдаг. Таны өгсөн мянган төгрөгийг бид ингэж зарцуулсан гээд өгтөл зарим хүмүүс гайхаж байсан л даа. Ямар нарийн чанд тайлан гаргасан юм баяр хүргэе залуучууд гэж сайхнаар хүлээн авдаг. Бид сайн үйлсийн аянаа эхлэхэд хүн бүр хэлж байсан. Хамгийн гол нь тайлан. Хүмүүс хийснээ эргээд тайлагнадаггүй. Тиймээс тайлангаа гаргаж өгөөрэй гэдэг. Бид бүх нарийн тайлангаа гаргаж байсан болохоор тэрнээс тэдэн төгрөг дутсан. Тэр тэдэн төгрөг илүү гаргасан гэдэг юм ерөөсөө байдаггүй. Одоо бол сайн үйлсийн аян хийе гэхээсээ илүү дор бүрнээ байгаа чадлаараа хүмүүсийг уриалж, өөрийнхөө хэмжээнд бусдыг зөв зүйлд уриалаад явж байя л гэж боддог болсон.

-Сайныг дагаж саар гэгчээр сошиалд идэвхтэй байгаад сайн үйлсийн ажил хийгээд байхаар сөрөг сэтгэгдлүүд бас их орж ирдэг байх. Түүнийг нь уншаад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Сайн муу нийлж сав дүүрдэг гэгчээр муусайн юмнууд худлаа хэлбэрдлээ. Нэр хүнд олох гэлээ гээд янз бүрээр хэлнэ ээ. Эд нар яах гэж байгаа бол. Дараа нь аягүй бол сонгуульд нэр дэвшинэ гээд л янз бүрээр хэлдэг. Намайг цусаа өглөө гээд хүртэл загнана шүү дээ. Уг нь хүмүүс чинь бие биедээ нөлөөлдөг. Бид нэг хүн 1000 төгрөг хандивын хайрцгаа бариад Барилгын хөгжлийн төв дээр очиход захирал нь манай найз Сүү ХК-ийн захирал танай аяныг дэмжсэн байна лээ. Тэгэхээр нь манайх бас оролцъё гэж бодоод гэсэн. Тэр чинь бие биедээ сайнаар нөлөөлсөн байгаа юм.

-Таны жиргээнүүдийг хараад байхад заримдаа реклам маягаар их жиргэх юм. Таныг олон дагагчтай болохоор ингээд жиргээд өгөөч гэж хүмүүс гуйдаг юм уу. Эсвэл үнэ төлбөр өгье гэдэг үү. Ер нь сошиал орчноос мөнгө босгох боломжтой юу?

-Ер нь бол боломжтой. Олон дагагчтай олны танил хүмүүс зөндөө хийж л байдаг шүү дээ. Миний хувьд мөнгө авах гэхээсээ илүү найз нөхдийнхөө хийж байгаа ажлыг дэмждэг. Надад олон сайхан хөдөлмөрч найзууд байна л даа. Мөн хамаатан садан, найз нөхөд, ах дүүсийн танил тал гээд хүмүүсийн гуйлгаар ихэнхдээ үйл ажиллагааг нь дэмжиж рекламдаж өгдөг. Жишээ нь, ахынхаа найзын шинэ эмнэлгийг сурталчлах, найз нөхдийнхөө бизнесийг дэмжих маягаар их жиргэнэ. Гэтэл хүмүүс Ээгийшка дандаа төлбөртэй жиргэдэг гэдэг. Би ер нь хүний тусыг мартдаггүй. Жишээ нь, Түмэн шувуут, Exclusive-ийн Маяа эгчийн юмыг би байнга жиргэдэг. Энэ хүмүүс урьд нь надад тусалж байсан. Би тэр хүмүүст эргээд сэтгэлийн өртэй байхгүй юу. Бидний эхлүүлсэн сайн үйлсийн аяныг сайхан сэтгэлээр дэмжиж байсан хүмүүст би бага ч гэсэн хариу барих үүднээс л жиргэдэг.

-Төлбөртэй жиргээ хийж байсан уу?

-Тийм санал орж ирдэг. Улс төрийн сэдэвтэй жиргээний санал ч ирдэг. Би өөрөө тийм улс төр сонирхдог хүн биш болохоор миний мэддэг зүйл биш байна гээд шууд татгалздаг. Хааяа нэг төлбөртэй жиргэх юм байдаг л даа.

-Таны найз нөхөд дунд ч юмуу, танилын хүрээнд төлбөртэй жиргээгээр дагнадаг хүн байдаг уу?

-Анзаараад байхад байдаг. ДМ групп бий. Түүн рүү ийм ажил орж ирлээ. Үүнийг авах нь Yes, No гэж бич гэх мэтээр санал асуудаг. Түүнээс өөрт таалагдсанаа авч болно. Түүнээс байнга биш. Хааяа нэг тиймэрхүү ажил орж ирдэг.

-Твиттер орчноос үлгэр дуурайл авдаг хүн бий юү?

-Байгаа. Жишээ нь, Бат инженер ахын жиргээнүүдийг унших дуртай. Нинжцамц эгч, Ичинхорлоо гээд “Бидний цөөхөн монголчууд” төслийн сэтгүүлчийн жиргээг үзэх дуртай. Унших дуртай олон гоё жиргээч нар бий, бий. Эерэг сайхан зүйл жиргэдэг, жиргээг нь уншаад эерэг энерги авдаг хүмүүс олон байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Өвлийн өвөө Б.Жаргалсайхан: Настан бууралд бэлгээ өгөөд, үнэрлэж “Өвөөгийнхөө насыг аваарай, урт удаан наслаарай” гэхэд хачин их баярладаг

Монгол түмэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй энэ үед МУГЖ, Өвлийн өвөө Б.Жаргалсайхныг урьж, ярилцлаа. Тэрбээр ойрын өдрүүдэд Өвлийн өвөөгийн ажлаа хийгээд тун завгүй байгаа аж.


-Та Г.Гомбосүрэн гуайн үйл хэргийг үргэлжлүүлж Өвлийн өвгөн болоод хэдэн жил болж байна вэ. Энэ жил ачаалал ихтэй байна уу?

-2004 оноос Г.Гомбосүрэн гуайн Монголын ард түмэнд үлдээсэн энэ сайхан өвийг өвлөн авч, Өвлийн өвгөн хэмээх гайхамшигтай дүрийг амилуулаад явж байна. Тэр цагаас хойш 16 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн шинэ жил их өргөн дэлгэр болж байна. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй албан байгууллага, хүмүүс шинэ жилийн баяраа амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэж байгаа нь сайхан. Очих газар, уулзах хүн олон байна даа.

-Жил бүр өвлийн өвгөний үгээ шинээр зохиож, ямар үгийг онцлон хүргэхээ шийддэг гэсэн. Энэ жилийн тухайд өвлийн өвөөгийн дүрээр очсон газар бүртээ юуг онцлон захиж, ерөөл өргөж байна вэ?

-Өнгөрч байгаа он улс оронд бүтээн байгуулалт, шинэчлэл өрнөсөн жил байлаа. Улаанбаатар хотоос дорвитой шийдвэрүүд гаргасан. Тухайлбал, нийслэлийг утаагүй болгох ажлын үр дүнд утаа ямар ч байсан 50 хувиар буурсан байх жишээтэй. Үүнтэй холбоотойгоор орчны бохирдлоос салах, цэвэр цэмцгэр байх тал дээр санал санаачилгууд гарч, амжилттай сайхан ажиллаж байгаа юм болов уу гэж анзаарсан. Энэ байдал ирэх онд ч мөн амжилттай үргэлжилж хүн бүр дор бүрнээ хичээнэ гэж бодож байна. Бидний сайн сайхан явах өөрсдөөс минь л шалтгаална. Тийм учраас хувь хувьдаа өөрсдийн эрхэм зорилгоо ойлгож ажиллах нь чухал гэсэн утгатай үгийг хэлж байгаа даа.

-Ер нь Өвлийн өвгөний үүрэг гэхээр хэрхэн тодорхойлох вэ. Зөвхөн хувцас өмсөж харагдах бус үг яриа, үйл хөдлөл, утга бэлгэдлээрээ бусдад нөлөөлөх хариуцлагатай ажил байх?

-Ер нь Өвлийн өвгөн гэдэг гаднах байдал, хувцас зэрэг бүх л байдлаар маш том агуулгыг илэрхийлж байдаг. Монголчууд цагаан өнгийг эхийн сүү шиг ариун хэмээн бэлгэшээдэг. Тэр утгаараа цагаан дээл өмсөж явна. Мөн монголчууд мөнх хөх тэнгэрээ шүтэж биширч явдаг. Энэ утгаараа улаан залаатай, цагаан цэнхэр өнгөтэй малгай өмсдөг. Бүх зүйл нь бэлгэдэл байдаг учир шинэ жил дээр очсон хүн болгон өвлийн өвгөний ерөнхий байдал, төрхийг хараад ажил амьдралтайгаа холбоотой ямар нэгэн зүйлийг ойлгон ухаарч, бэлгэшээж байдаг. Яагаад гэвэл бидэнд юу ч бичээгүй цагаан цаас шиг шинэ он жил ирж байна. Уг цагаан цаасан дээр амьдралаа хэрхэн зурах нь хувь хүнээс л шалтгаална. Ийм ч учраас шинэ ондоо эвтэй, ариун сайхан сэтгэлтэй байж, зорилгынхоо төлөө өөрийгөө дайчилж явах учиртай. Өнгөрч буй он жилийнхээ амжилтыг тэмдэглэж, ажил үйлсээрээ манлайлсан залуусаа урамшуулж буй албан газрын шинэ жилд Өвлийн өвөө саатаж бэлэг тараана гэдэг тухайн хүмүүст урам өгч, хойшдынх нь үйл хэрэгт эрч хүч ерөөж байгаа утга агуулгатай юм. Монголчууд бид бэлгэдэлд дуртай байдаг шүү дээ. Зуу насалж, зургаадай таяг тулаарай гэж ерөөдөг. Шинэ жилийн баяраар ахмад настай хүмүүс ирээд Өвлийн өвөөгөөс бэлэг авч байна. Өвлийн өвөө бэлгээ өгөөд, үнэрлэж үнсээд “Өвөөгийнхөө насыг аваарай, урт удаан наслаарай” гэж хэлэхэд хүн хачин их баярладаг. Өвөөгийнхөө энэ сайхан үгийг хүлээж авлаа, би урт насалж удаан жаргах юм байна гэж бэлгэшээдэг. Шинэ жилээр Өвлийн өвөөгөөс бэлэг авч байгаа хүмүүсийн нүүр царайнаас үл итгэсэн байдал харагддаггүй. Бүх зүйл нь чин сэтгэлээсээ, Өвлийн өвөө гэж байдаг юм байна шүү, Өвлийн өвөөгөөс бэлэг авна гэдэг үнэхээрийн том аз завшаан юм байна гэж хүлээж авдаг.

-Өвлийн өвөө болсноор өнгөрсөн 16 жилийн хугацаанд таны амьдралд ямар байдлаар нөлөөлсөн бэ?

-Гомбосүрэн гуайг залгамжлах санал ирж байхад би бас ч гэж залуу байлаа шүү дээ. 40 хүрч явлаа. Тиймээс “Арай ч Өвлийн өвгөн болох болоогүй байна шүү” гэсэн байдлаар хүлээн авч байсан. Ингээд орой нь гэр бүлийнхээ хүнд очоод хэлсэн чинь “Чи юу яриад байгаа юм, ийм сайхан агуу жүжигчний Монголын ард түмэнд үлдээсэн дүрийг залгамжлаад хойч ирээдүйдээ түүчээлж авч явна гэдэг том аз завшаан, ховор тохиолдол” гэж хэлсэн. Маргааш нь би зөвшөөрөхгүй байхын аргагүй байсан. Бодсон чинь үнэхээр тэр том агуу хүний үйл хэргийг үргэлжлүүлээд явна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг гэдгийг ухаарсан. Мөн надад маш том хариуцлага өгсөн. Өвлийн өвгөн болсноор амьдрал ахуйд ч их сайханаар нөлөөлж ирлээ. Сайн сайхан байх хэрэгтэй юм байна, бүх юмыг болж бүтэж байгаагаар харах жишээтэй. Ер нь их сайхан өвийг тээж яваа шүү дээ.

-31-ний оройг гэрийнхэнтэйгээ угталгүй удаж байна уу. Өвлийн өвөөгийн үүрэг шинэ он гартал тасрахгүй шүү дээ?

-Сүүлийн хэдэн жил 31-ний орой төв талбай дээр нийслэлчүүдтэйгээ хамтдаа шинэ оныг угтаж байгаа. Өвлийн өвөө ирлээ, шинэ он гарлаа гээд л зурагтаар намайг хараад сууж байдаг. Ингээд он гаргачихаад гэртээ ирээд үргэлжлүүлээд хань ижил, үр хүүхэдтэйгээ сайхан баярлаад, зурагтаар Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсоно. Хоорондоо өнгөрсөн жилийнхээ хийж бүтээсэн ажил үйлсээ ярилцана. Ирэх он жилийнхээ үйлс бүтээлийг төлөвлөн хэлэлцдэг. Энэ үйл явдлууд манай гэр бүлд бүр уламжлал болчихсон. Бусад айл өрхүүд ч мөн өнгөрч буй оныхоо амжилт бүтээлийг ярьж, ирж буй шинэ ондоо ихийг хийж бүтээнэ хэмээн бэлгэшээдэг шүү дээ.

-Таныг хүүхдүүд жинхэнэ өвлийн өвгөн мэтээр хүлээн авдаг уу. Таныг явж ороход ямар байдал гаргадаг вэ?

-Хүүхдүүд Өвлийн өвөө хэмээн үнэмшиж ямар ч эргэлзэх зүйлгүйгээр итгэлтэйгээр хүлээн авдаг. Тэр бүү хэл том хүмүүс ч гэсэн жинхэнэ Өвлийн өвгөн гэдэг утгаар нь хүлээн авдаг. Тийм учраас хүн бүхний, миний, чиний, хүүхдүүдийн зүрх сэтгэлд нь өөр өөрсдийн итгэж үнэмшдэг өвлийн өвгөн байдаг гэж ойлгодог. Ялангуяа, хүүхдүүд Өвлийн өвгөн гэж маш их итгэдэг. Өвлийн өвгөн болж яваад ороход ямар хөөрхөн байдаг гэж бодно оо. Хачин гоё хүлээж авна. Нүд нь томорч, гэрэлтээд л. Цаанаасаа хөөр баяраар бялхаж, догдолж байгаа нь шууд мэдрэгдэнэ. Байнга ширтэж, ажиглаастай. Өвөр дээр суугаад үс сахал барьж үзнэ, элдэв хөөрхөн зүйл асууна. Нууцаа хэлнэ, юу хүсч байгаагаа захина. Яг л жинхэнэ Өвлийн өвөөтэй уулзсан дээр нь хэлээд авъя гэсэн шиг харилцдаг. Өхөөрдмөөр хөөрхөн байдаг шүү. Тийм учраас миний хувьд ч Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэлтэй байдаг. Хүн бүрийн зүрх сэтгэл өөр өөрийн өвлийн өвгөн бий. Үүнд итгэн үнэмшиж, Өвлийн өвөөгийн хэлсэн ерөөлийг хүлээн авч ажил амьдралдаа тусгаад яваарай.

-Айлчлан ирж буй 2020 оныг та хэрхэн харж байна вэ. Монгол түмэндээ хандаад ерөөл өргөхгүй юү?

-Ер нь Монголын ард түмэн нэг зүйлийг их сайхан ойлгож байх шиг байна. Өнгөц харахад бухимдалтай, бүх зүйл болж бүтэхгүй байгаа юм шиг аливаад хандах хүн олон байх шиг. Хүмүүс ажлыг их голдог. Бэлэнчлэх сэтгэлгээ их байна уу даа гэж анзаарагддаг байлаа. Ажилд орлоо гэхэд цалин мөнгийг нь голдог ч юм уу, эсвэл идээшиж үр өгөөжийг нь үзэлгүй гарчихдаг. Тэгвэл залуус маань энэ байдлыг ойлгох болсон. Тийм учраас ирэх он бие биенийгээ ойлгосон, ажлын үнэ цэнийг мэдэрсэн жил байх биз ээ. Хүн ажиллаж хөдөлмөрлөж, бие биетэйгээ эвтэй, зөв харьцаж байж амьдрал ахуй дээшлэн дэвжинэ. Манай ард түмний амьдрал сайхан болж байна. Цаашид ч өөдлөн дэвших нь гарцаагүй юм. Хоорондоо эвтэй найртай байж, тус тусын ажлаа сайн хийгээд явбал бидэнд бүтээхгүй зүйл үгүй юм байна гэж боддог. Айлчлан ирж буй 2020 онд гутамшигт муу үйл үл учиралдаж, бадралт сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Л.Насанцэнгэл: Хэдэн сая хар тамхичинтай хоёр хөршийн дунд байгаа нь том эрсдэл

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор Л. Насанцэнгэлтэй хар тамхины хор хөнөөлийн талаар ярилцлаа.


-Хар тамхины хэрэглээ өндөр, үүнийг дагаад хамгийн өргөн цар хүрээтэй тэмцэж буй АНУ-д та ажиллаад ирсэн байсан. Ямар зорилгоор явсан бэ?

-Дэлхий дахинд өнгөрсөн зуунаас эхлэн хүмүүс мансууруулах эм бодисыг буруу зорилгоор хэрэглэх нь эрс ихэсч, түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хараат байдал, хүчирхийлэл улам ихээр гарах болсон. Одоогийн байдлаар дэлхий дээр мансууруулах бодис хэрэглэгч 234 сая хүн байгаагаас ихэнх нь каннабис хэрэглэдэг. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны тайланд Америк болон Баруун Европын улс орнуудад каннабисийн, Алс болон Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн улс орнуудад амфетамин, синтетик төрлийн хар тамхины хэрэглээ, үйлдвэрлэл ихээр нэмэгдэж, зах зээл өргөжиж байгаа талаар дурдсан байсан.

Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны удирдлагаар улс бүхэн мансуурлын асуудалд анхааран, олон үйл ажиллагаа явуулж байна. Манай улс 2005 онд дамжуулан өнгөрөгч орон байсан бол НҮБ-ын 2014 оны тайланд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч орон болсон. Иймээс мансууралтай тэмцэх үйл ажиллагаанд илүү анхааран, бусад улс орнуудаас сайн туршлагыг нь авч хэрэгжүүлэх нь манай улсад чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд би Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны сонголтоор АНУ-ын Төрийн Департаментаас хэрэгжүүлдэг “Хар тамхинд донтогчид болон опиодын хямралтай тэмцэх” олон улсын удирдагч нарын хөтөлбөрт хамрагдсан. Сургалтанд суухаас гадна Вашингтон, Клебеленд, Албукерку, Санте Фэ, Чикаго зэрэг таван хотын хар тамхи болон мансууралтай тэмцдэг төрийн болон төрийн бус байгууллагуудаар орлоо.

-АНУ-д хар тамхины хэрэглээ ямар байна вэ. Энэ хороос болж жилд хичнээн хүн амиа алдаж байна вэ?

-АНУ-д өнгөрсөн жил 70 мянга гаруй хүн мансуурах эм бодисын дозоо хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан. Энэ нь нэг өдөрт 192 хүн нас барж байна гэсэн үг. Нас баралтын шалтгааны 68 хувь нь опиод, геройноос шалтгаалсан байгаа юм. Гэхдээ АНУ-д мансуурах эм бодисын дозоо хэтрүүлсэн эсвэл амиа хорлосон гэсэн шалтгааныг тогтоох боломжгүй гэсэн судалгаа гарсан юм билээ. Нийгэмд үзүүлэх хор хохирлын тухайд гэмт хэрэг, хүчирхийллийг гааруулах зэргээр мөнгөн дүнгээр илэрхийлэхийн аргагүй асар их хөнөөл тарьж байна. Хар тамхинд донтсоноор ухаан санаагаа эзэмдүүлж, улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирох, мансуурахын төлөө юуч хийхээс буцахгүй байх, гэр бүл үр хүүхэд нь энэ бүхний хоморгонд хохирч үлдэж байгаа хэдэн мянган жишээ тус улсад байна. Ялангуяа, манайх шиг цөөн хүн амтай оронд хар тамхины хэрэглээ гаарвал улс орныг сүйрүүлж мэднэ. Манайх мансууруулах эм бодис хэрэглэгчдийн тоогоор анхаарал татсан хоёр улсын дунд оршиж байгаа нь эрсдэлд өртөх магадлалыг нэмэгдүүлж байна. БНХАУ-д жилд хар тамхитай холбоотой 770 мянга гаруй гэмт хэрэгт 910 мянган хүн холбогдож, 50 сая гаруй хэрэглэгч байдаг гэсэн судалгаа бий. ОХУ-д 1.5-3 сая судсаар хар тамхи хэрэглэгч байгаагийн 83 хувь нь ХДХВ-ийн халдвартай байна. Манай улсад хар тамхи хэрэглэгчдийн албан ёсны судалгааны дүн одоогоор байхгүй байна. Монгол Улсад мансууруулах бодисын хэрэглээний талаар тоо, мэдээлэл хангалтгүй, хүн амын дундах ойлголт, мэдээлэл бага байна.

-Тус улс, ер нь дэлхий нийт хар тамхины хэрэглээтэй хэрхэн тэмцэж байна вэ. Манай улс хаана нь явна вэ?

-Дэлхий дээр нийт 560 гаруй төрлийн мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодис байхад эмийн эмчилгээний хувьд зөвхөн ганц опиатын үед хордлого тайлахаар налтрексон, налаксоныг, тун бууруулах орлуулах эмчилгээ болох метадон, бупренорпин зэрэг эмүүдийг өндөр хөгжилтэй орнууд хэрэглэж байна. Үүнийг манай улс нэвтрүүлэх шаардлагатай. Үүнээс гадна орлуулах эмчилгээ болох метадон (диаморфин)-доо ахин нэмж донтох асуудал үүссээр байна. Ийм учраас опиатын дозыг хэтрүүлснээс болж амьсгалын хурц дутагдлаар нас барахаас сэргийлж, ийм донтолттой хүмүүст үнэгүйгээр Nalox­one 4mg бүхий “Narcon хэмээх хамрын цацлагатай яаралтай тусламжийн багц” – аар байнга хангадаг болжээ. Үүнийг манайх нэвтрүүлмээр байна.

Ер нь мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодисын донтолтыг бүрэн эмчлэх эм өнөөдрийн байдлаар дэлхийд байхгүй. Иймд сэтгэл зүйн сургалтыг л үндсэн эмчилгээ гэж үздэг. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас баталгаажуулсан хөтөлбөрөөр эмчилгээг явуулах ёстой байдаг. Баталгаажуулсан цөөхөн хөтөлбөрийн хамгийн гол хөтөлбөр нь манай улсад хэрэгжүүлж байгаа мансуурлын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн “Коломбо цогц хөтөлбөр” юм. Иймээс энэ хөтөлбөрийг боловсрол, нийгэм хамгааллын салбарт мөн хэрэгжүүлэх шаардлагатай гэж хардаг. Өөрөөр хэлбэл, бүх түвшинд хамтын ажиллагаа хамгийн чухал.

АНУ болон дэлхийн бусад улс орнуудад мансуурал, нас баралтыг бууруулахын тулд гэр бүл, нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээг чухалчилж байна. Мөн сүүлийн 15 жилд муж, хороо бүрийн нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтнууд сургууль дээр нь очоод мансуурлын эсрэг ойлголт өгч, хичээл заасан чинь асуудал нь бүр дордсон, үр дүн гараагүй гэж үзэж байгаа юм байна. Энэ асуудал дээр одоо ч маргаантай хэвээр байна. 2017 оны Үндэсний судалгаагаар сургуулийн хүүхдүүд нь тамхинаас илүү марихуан хэрэглээд, сүүлийн нэг сард 30 хувь нь архи уусан, 20 хувь нь марихуан хэрэглэсэн, 10 хувь нь тамхи татсан, 14 хувь нь жоргүйгээр эм хэрэглэсэн судалгаанууд гарчээ. Иймээс гэр бүлийн төлөвшил, хүүхдийн зан үйл, чөлөөт цагаа өнгөрөөхөд анхаарах нь ганц зөв зам гэж үзэж байна. Зөв зан үйл төлөвшсөн эсэхийг тестүүдээр тодорхойлоод зан үйлийн зөв төлөвшлийг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн, хүүхэд том хүнийг сонсдоггүй, хүүхэд хүүхдийнхээ үгэнд илүү их ордог. Тиймээс эцэг эхчүүд үүн дээр илүү их анхаарах ёстой гэж харагдаж байгаа. Урьдчилан сэргийлэхэд гол нь гэр бүл, сургууль, ажлын газар болон хамт олон, орчны нөлөө чухал. Өрхийн эмч, хүүхдийн эмчийг илүү мэргэшүүлэх шаардлагатай байна. Шийдвэр гаргагчдын мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллээр хангах, хүүхдэд наснаас нь хамаарч сургалт явуулах, фокус бүлэг дээр төвлөрч ажиллах, хүүхдийн хөгжил дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх нь их чухал гэсэн дүгнэлтүүдэд хүрчээ. Тухайлбал, “Surviv­ing Our Ultimate Loss” гэдэг ТББ–ыг хүүгээ алдсан аав байгуулаад дандаа хүүхдээ алдсан эцэг, эхчүүд энэ байгууллагын үйл ажиллагааг хамтран явуулж байгаа юм байна. Бүх нас барсан хүүхдийнхээ инээсэн маш гоё, том зургуудыг том ханын эвхдэг самбар дээр эгнүүлэн дүүртэл нь байрлуулж, “Та нартаа хайртай. Үргэлж дурсаж санах болно” гэж бичсэн байсан. Ийм сонин ч гаргадаг юм билээ. Энэ мэтээр чиглэл тус бүрээр ажиллаж байна.

Манай өсвөр насныхан болон залуучууд өөр дээрээ энэ төрлийн эм, бодисыг хэрэглэж туршихгүй байх, донтох эмгэг үүсдэггүй хүн гэж байдаггүй гэдгийг сайн ухаарах, донтсон хүн энэ эмгэгээсээ салахад маш хэцүү, сүүлдээ бүх эрхтэн нь гэмтэн өвчилж, цаашдаа амьдрах боломжгүй болдог гэдгийг илүү ойлгох хэрэгтэй юм. Эцэг, эхчүүд ч хүүхдэдээ илүү анхаарал тавих, хүүхдэдээ энэ талын ойлголтыг шаардлагатай бол өгөх, хүүхдээ зорилготой байлгах, зөв төлөвшилтэй байлгахад илүү анхаарах хэрэгтэй байна. Хүүхдүүд хэрэггүй зүйлийн өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаг, чөлөөт цагаа зөв зорилготой өнгөрүүлж байх хэрэгтэй юм.

Г.БАТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Баабарын “Манжийн дарлал гэгчийн тухай” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Даваа гараг бүр нийтлэгддэг “Танайд өнжье” булангаараа “Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана” дууны үгийг бичсэн Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч С.Оюун гуайнд өнжлөө. Нэг, 13 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн Тулгар мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргаж, Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Энэ тухай “Улс төр” нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын нүүрт Баабарын “Манжийн дарлал гэгчийн тухай” нийтлэл хэвлэгдлээ.

Э.Бат-Үүлийн “Ардчиллаа олигархиас аварч чадах уу!” нийтлэл нэг, хоёрдугаар нүүрт хэвлэгдлээ.

2020 оноос хэрэгжиж эхлэх татварын шинэчлэлийн талаар “Энэ тухай” нүүрнээс уншиж сонирхоорой.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан болон Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасантай томуугийн өвчлөл өндөр байгаа талаар хийсэн ярилцлага “Баримт, үйл явдал” нүүрт хэвлэгдлээ.

65 дугаар сургуулийн шүдний эмнэлгийн эмч Т.Ууган-Од “Хүүхдийн шүдийг дутуу, буруу угааснаар шүд цоорох эхний шалтгаан болдог” хэмээн “Эрүүл мэнд” нүүрт ярьжээ.

“Улсын харцага Б.Бат-Өлзий нэгийн даваанд өвдөглөсөн ч Ерөнхийлөгчийн цом хүртлээ” хэмээн “Цаг үе” нүүрт бичжээ.

Түүнчлэн “Дэлхийн мэдээ”, “Энэ өдөр” булангуудаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг монгол хүн бүрд сануулан хэлье


Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна.

ЧАНСАА ӨНДӨР 128 БӨХИЙН БАРИЛДААНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Монгол Улсын иргэд ээ,

Дэлхий даяарт тархан суурьшсан монголчууд аа,

Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнөөдрөөс яг 108 жилийн өмнөх энэ өдөр одоогийн Монгол Улсын Их Сургуулийн төв байр, тухайн үеийн Богдын Шар ордны өмнөх талбайд Чингис хааны алтан ургийн хан ноёд, ихэс дээдэс, лам, хар, Даяар Монголын төлөөлөл оролцсон төрийн их ёслол болжээ.

Энэ бол Хүннү гүрнээс эхтэй, хүчирхэг Их Монгол Улсын гал голомт сэргэж буй түүхэн үйл явдал байлаа. Энэ бол Их Эзэн Чингис хааны үр хойчис эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр байлаа.

Энэ өдөр Нийслэл Хүрээ баяр бахдалаар цалгиж, монгол хүн бүрийн магнай тэнийж, ядарсан монголчуудын царайд нар гийсэн гэдэг юм.

Түүх сөхвөөс Манжид 1636 онд Өмнөд Монгол нэгдсэнээс хойш, 1691 онд Халх Монгол нэгдсэнээс хойш, 1750-иад оны дунд Зүүн гар буюу Ойрад Монгол Манжид хүчээр эзлэгдсэнээс хойш багаар бодоход 150 гаруй жилийн турш, урагшлан бодвол 200 гаруй жилийн хугацаанд ил далд өрнүүлсэн үндэсний тэмцэл зорилгодоо хүрч, үндэсний эрх чөлөөгөө батжуулж, тусгаар тогтнолоо сэргээснээр монголчуудын түүхэнд шинэ эрин үе эхэлсэн юм.

1911 оны үндэсний хувьсгал нь Монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа, монгол үндэстний цаашид оршин байх үндсийг тавьснаараа, үндэсний уламжлал, зан заншил, түүх соёлыг бадруулах үндэс болсноороо 108 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн ухаалаг бодлого, шийдвэртэй алхмын хүчээр өнөөгийн Монголын үндсийг тавьсан билээ.

Өнөө жил 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагчид болох Богд хааны мэндэлсний 150 жилийн ой, Чин ван Ханддорж, Чагдаржав нарын 140 жилийн ой тохиож, ойг өвөг дээдсийнхээ түүхэн гавьяаг ямагт дурсан хүндэтгэж, хойч үедээ тусгаар тогтнолын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах эх оронч, үндэсний үзэл ухамсрыг төлөвшүүлэх агуулгатайгаар тэмдэглэн өнгөрүүлснийг дурдахад таатай байна.

Монголын түүх бол зөвхөн монголчуудын түүхээр хязгаарлагдахгүй дэлхийн энгээр бичигдсэн агуу их түүх хэдий ч омогшил бахархал, гэмшил ухаарлыг хослуулсан сургамжит их туульс гэдгийг энэ өдөр бид санаж сэрэх ёстой.

Тийм учраас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт төр улс маань Монголын үе үеийн мэргэд, эх орончид, өвөг дээдсийн холч мэргэн ухаан, эв санааны хүч, халуун амь, бүлээн цус, цэгнэшгүй үнээр залгамжлагдсаныг санаж эрхэмлэн хойч үедээ хиргүй ариун, буртаггүй цэврээр уламжлуулах, үүний тулд алсын хараа, ухааны цараатай, сонор соргог, эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг монгол хүн бүрд сануулан хэлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хүчирхэгжин мандах болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх ёслолд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Төрийн соёрхол хүртсэн Улсын филармоний “Баянмонгол” чуулгын болон “Харанга” хамтлагийн уран бүтээлчид, мөн өнөөдөр Төрийн шагнал хүртсэн эрхмүүдийн төлөөлөл оролцов.