Categories
мэдээ нийгэм

“Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Дэлхийн хөрс судлалын холбоо” НҮБ-ын ХХААБайгууллага /FAO/-аас 2012 оноос эхлэн “Дэлхийн хөрсний өдрийг” жил бүрийн 12 сард тэмдэглэх болсонтой холбогдуулан “Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2019.12.05/ зохион байгуулж байна.

Дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл үзэл, чиг хандлагаас улс орны эдийн засгийн тогтвортой байдал нь хөрсний үржил шим, түүнийг хэр зэрэг хамгаалж оновчтой ашиглахаас улам бүр хамааралтай болох нь ажиглагдаж байна. Учир нь дэлхийн хэмжээнд нийт хуурай газар 13.0 тэрбум /га байдгаас эдэлбэр газар 1.4 тэрбум/ га, бэлчээр 3.5 тэрбум/ га, ой 4.2 тэрбум га тус тус эзэлдэг бөгөөд нийт тариалангийн талбайн 11 % үржил шимтэй хөрс, 40 % элэгдэл, эвдрэлд өртсөн хөрс байдаг нь тогтоогдсон талаар хурлын үеэр хөрс судлаачид танилцуулж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Г.Нямдаваа эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол орны хөрсөн бүрхүүл нь ялзмагт үе давхарга нимгэн, үржил шимээр ядуу, нэгж талбайгаас бий болох бүтээгдэхүүний хэмжээ бага, хөрс-уур амьсгалын чадавхи хязгаарлагдмал, хөрсний нөөцийг зохистой ашиглан, хамгаалах эрхзүйн орчин төгөлдөршөөгүй, ашиглагч, эзэмшигчдийн экологийн боловсрол, сэтгэлгээ тааруухан зэргээс шалтгаалан хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол эрчимтэй явагдаж, хөрсний нөөцийн зүй зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой асуудал хуримтлагдсаар эцэст нь шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хөрс элэгдэж эвдрэх, үржил шим буурах, физик-химийн бохирдол манай орны байгалийн бүх бүслүүрийг хамарч газар ашиглалтын төрөл бүрд ихээхэн илэрч байгаа нь хөрсний нөөцийг ашиглаж буй арга хэлбэр, амьдралын хэв загвар болон аж ахуй эрхлэх үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах хэрэгтэйг илтгэж байна.

Газрын бодлогын хүрээлэнгийн судалгаанд нийт (1992 онд) 1206.4 мян.га талбай хамрагдсанаас 561.5мян.га нь элэгдсэн, үүний дотор 12.9 % нь хүчтэй элэгдсэн байсан бол УГТСЭШ–нийхүрээлэнгийн судалгаагаар (2010 онд ) нийт 579.3 мян. га хамрагдсанаас 100 хувь элэгдсэн ба 60.6 % нь хүчтэй элэгдсэн байгаа гэсэн судлаачдын дүнгээс үзэхэд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тариалангийн хөрсний үржил шимийн бууралт нь гамшгийн хэмжээнд хүрч болохоор байгааг хэллээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний манай орны хөрс судлалын шинжлэх ухааны түвшин, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрсний үржил шим, тариалангийн хөрсний элэгдэл эвдрэлийн судалгаа, хот орчмын хөрсний бохирдол, шинжилгээний үр дүн, хөрс сайжруулах, хамгаалах асуудлыг хэлэлцэж, эрдэмтэд судалгааны арга зүй, үр дүн, туршлага солилцох, судалгааны үр дүнг сурталчилах болон зарим тулгамдсан асуудлын шийдвэр тусгуулах талаар хэлэлцэж байна.

БОАЖЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ГХГЗЗГ, Нийслэлийн байгаль орчны газар, ХААИС, МУИС, ШУТИС, Дархан хот УГТХ, ГЗГЭХ, НЭМХ, Гацуурт ХХК, Оюу толгой ХХK зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд хуралд оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Тогтохсүрэн: Үзэгчдийг чанартай контентоор хангах чиглэлд энэ хууль чиглэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. Гишүүд энэ хуулийн төсөл батлагдсанаар телевизүүдийн эздийг зарлах эсэх, хүний нэр төрд халдсан бол ямар арга хэмжээ авах талаар асууж, тодруулж байв. Хэн нэгнийг гүтгэж, гүжирдсэн мэдээлэл гаргавал тухайн редакцийн эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах заалт уг хуулийн төсөлд тусгагджээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсны дараагаар Өргөн нэвтрүүлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Хэрэглэгчдэд үнийн дарамт ирэхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Хэрэглэгч дээр ямар нэг үнийн дарамт очих уу? Төрөөс нэмэлт санхүүжилт гаргах уу? Контентуудыг яах вэ?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаар хэрэглэгчдэд үнийн ямар нэг дарамт ирэхгүй. Хэрвээ сан байгуулагдвал контентийг төр дэмжинэ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Контент бэлтгэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад орлогоос нь хуваарилж өгнө гэж ойлгосон. Гэхдээ олон суваг дамжуулах дөрвөн компанийн хооронд маргаантай, үл ойлголцох олон асуудал байгаа гэж харж байна. Үл ойлголцох зүйл арилсан уу?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Энэ хуулиар холбогдох байгууллагын харилцааг зохицуулж байгаа. Үндэсний танин мэдэхүй, хүүхдэд чиглэсэн контентууд байна. Үл ойлголцол арилсан. Үзэгчдийг чанартай контентоор хангах чиглэлд энэ хууль чиглэгдсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-“Монгол контент”-ийг дэмжих асуудал хөтөлбөрт тусгасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт 80 гаруй телевизүүд үйл ажиллага явуулж байна. Монгол бүтээлүүдийг дэмжих зорилготой.

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

“Чингисийн цом” “MGL-1 Fighting Championship” тэмцээн энэ сарын 6-нд болно

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны 10 жилийн ойд зориулсан “Чингисийн цом” “MGL-1 Fighting Championship” тэмцээний 13-р дугаар цуврал тэмцээн энэ сарын 6-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн холимог тулааны тэмцээнд Монгол, Өвөрмонгол, Халимаг, Буриад , Тува гэсэн Монгол туургатны дунд зохион байгуулагдана. “MGL-1 Fighting Championship” 13-р цуврал тэмцээнд оролцох чансаа ахиулах болон “Чингисийн цом”, бүсний төлөөх оноолт.

  • 57 кг жинд:

Г. Золжаргал (Их засаг Чанар брэнд Ширэн бээлий клуб)-Б.Мөнхдэлгэр ( Теам Тунгаа Шандас ММА)

Ц.Отгонбаяр (Ширэн бээлий клуб)-Г. Сайханбилэг (Наадам центр Ко клуб)

  • 66 кг жинд:

Ө. Баярмандах (Эрч клуб)-А. Намуунгэрэл (ЦЕГ-ын Сүлд чуулга Ирээдүй ММА)

Ө.Даваажамц (Ard Capital Ширэн бээлий One team)-Х.Төрбаяр (Эрдэнэт хот Бэхээ дожо)

  • 70 кг жинд:

Б.Түмэнхүсэл (ДХИС Цагдаагийн сургууль)-Н.Цацрал (Хилийн цэргийн 0303 тусгай салбар)

  • 57 кг жинд “Чингисийн цом”-ын төлөө

Зургаадай Дэлгэр (Өвөрмонгол ММА аварга)-Бадмацырен Доржиев (Буриад ММА аварга)

  • 66 кг жинд “Чингисийн цом”-ын төлөө

Б. Энх-Оргил (Монгол Шандас клуб)-Саая Соланг (Тува Kick box дэлхийн аварга)

  • 61 кг жин “Чингисийн цом”-ын төлөө

Б. Азжавхлан (Монгол Ширэн бээлий клуб One team Power nutrition)-Васильев Денис Александрович (Халимаг MMA аварга)

  • 70 кг жинд “Чингисийн цом”-ын төлөө

Б. Бүрэнзориг (Монгол Зэвсэгт хүчний 084-р анги Team fighter)-Кю Хайлин (Өвөрмонгол Хянган аймаг)

MGL-1 fighting championship 13-р тэмцээнийг тасалбарыг Ticket.mn болон 19001800, 95959577 гэсэн дугааруудаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгоно

Татварын багц хуулиар ирэх оноос эхлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болсон байна. Үүнтэй холбоотой төлбөрийн баримт олголтод ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

Ингэснээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгоно гэсэн үг. Мөн төлбөрийн баримтыг бүртгүүлэхэд интернет орчин шаардлагагүй болжээ

Categories
мэдээ улс-төр

УДШ-ийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Улсын дээд шүүх /УДШ/-ийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаарх бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.

Болдын Амарбаясгалан 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991-1995 онд МУИС-д хуулийн бакалавр, 1999 онд Батлах хамгаалахын их сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд тус сургуулийн багш, 2007-2013 онд ахлах багш, 2013-2017 онд Сургалтын албаны дарга, 2017 оноос дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ. УДШ-ийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилох Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Нэр дэвшигч нь их дээд сургуульд 10 жил ажилласан, хуульд заасан нөхцөлийг хангасан байгааг тодотгов. Мөн тэрээр, Т.Чимгээ, Б.Содномдаржааг эрүүдэн шүүсэн гэх, Салхитын мөнгөний ордтой холбоотой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэргийг Улсын дээд шүүх дорвитой хөдөлгөхгүй байгааг шүүмжилж, нэр дэвшигчийг шүүгчийн дээд ёс зүйг баримталж, эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллахыг захив. Мөн гишүүдээс улс төрчдийн нөлөөнд орохгүй, хуулинд захирагдаж, шударга ажиллахыг сануулж байв.

Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Анхан болон давах шатны 17 шүүгчийг Асгатын мөнгөний ордтой холбоотой асуудлаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн нь шүүх засаглалын нэр хүндийг маш ихээр унагасан гэлээ. Тиймээс шүүх засаглалын нэр хүндийг үүнээс доош унагахгүй, иргэний шүүхэд итгэх итгэлийг сэргээхэд анхаарч ажиллахыг захив. Мөн Улсын дээд шүүхийн нэг бүрэлдэхүүн байхгүй байгаа нь иргэдийн олон тэрбум төгрөгийн эд хөрөнгийн маргааныг шийдэж чадахгүй байгааг тодотгоод, энэ салбарыг хариуцсан Ерөнхийлөгч, Засгийн газар, ШЕЗ зэрэг байгууллагууд дээрх асуудалд анхаарах хэрэгтэйг онцолсон. Ингэхдээ, хууль, эрхзүйн орчныг сайжруулах замаар асуудлыг шийдэх боломжийг судлах хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын даргад тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч УДШ-ийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томилох бичгийг хүлээн авснаар, батламжлан зарлиг гаргаж, түүнийг үүрэгт ажилд нь томилох юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон байна.

Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метр газрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болоод байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой юм.

Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн 1.2 м гүнтэй, 1380.5 ам метр усан мандлын талбайтай, 10500 шоо метр эзэлхүүнтэй хөв /хиймэл нуур/ байгуулах ажлыг нийслэлийн төсвийн 147 сая төгрөгийн хөрөнгөөр анх удаа гүйцэтгүүллээ. Хөв байгуулснаар дээр дурдсан ач холбогдолтойгоос гадна тухайн орчны биологийн төрөл зүйл нэмэгдэх, амьдрах таатай орчин бүрдэх зэрэг давуу талуудтай. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гурван байршилд хөв шинээр байгуулахаар тусгагдсан.

Усны тухай хуульд заасны дагуу бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг тухайн шатны Засаг дарга, сав газрын захиргаатай хамтран дэмжих зохицуулалттай байдаг тул гадаргын ус хуримтлуулах, ашиглах төсөл бүхий иргэд, байгууллагуудыг Нийслэлийн Байгаль орчны газарт хандаж, хамтран ажиллахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Тээврийн салбарын дээд сургуулиудад жил бүр 85 оюутан тэтгэлгээр суралцана

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн яамны Нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Ингэснээр жил бүр ОХУ-ын Тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэдэг дээд сургуулиудад 85 хүртэлх тооны Монгол Улсын иргэдийг төмөр замын чиглэлээр, ОХУ-ын бүрэн тэтгэлгээр суралцуулахаар болов. Өдгөө Монгол Улсад хэрэгжиж буй Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Гашуун сухайт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Зүүнбаян-Ханги, мөн хэвтээ тэнхлэгийн Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан, Сайншанд-Хөөт-Бичигт, Сайншанд-Хөөт-Сүмбэр-Рашаант зэрэг зүүн бүсийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд төмөр замын нарийн мэргэжлийн 5 мянган боловсон хүчин шаардагдах учир дээрх хэлэлцээр онцгой ач холбогдолтой юм.

Өнгөрөгч 11 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, айчлалын хүрээнд тохиролцсон зарим яриа хэлцлүүд ийнхүү албажиж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​С.Тамжид: САА-н даргаар ажиллаж байхдаа хавар, намартаа унтах эрхгүй л хөдөлмөрлөдөг байлаа


Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан С.Тамжидтай ярилцлаа.


-Та Төв аймгийн Атрын сангийн аж ахуйн даргаар олон жил ажилласан. Хэдэн оны үед Атрын САА-н анхны даргаар очиж байв?

-1976 оны 11 дүгээр сарын Намын төв хорооны Бүгд хурал хуралдаж, Монгол Улсын хэмжээнд Атрын II аяныг зарласан. 1977 оны хоёрдугаар сард шинээр 10 САА байгуулахаар Төв хороо шийдвэрлэсэн. Ингээд 1977 оны хоёрдугаар сарын 25-нд Төв хорооноос “Шинээр байгуулах 10 САА-н аль нэгнийх нь даргаар очих уу” гэж асуухаар “Атрын САА-д очъё” гэлээ. Тэр үед намын хэлсэн үгнээс ухарч, гарч ирдэг хүн байдаггүй байлаа. Чадна, чадахгүй гэж хэлэх эрх байхгүй. 1977 оны гуравдугаар сарын 18-нд Цэргийн баяр болдог өдөр Атрын САА-н шавыг тавьж, өөрийнхөө удирдах САА-г хүлээж авсан. Тэнд Зөвлөлтийн мэргэжилтэн Орломов гэж нөхөр Атрын САА-н геодезийн зургийг гаргасан. Тэр хүнд надад зургаа зааж, хүлээлгэж өгсөн. Ингээд л Атрын САА-н ажил эхэлсэн дээ.

-Одооны хүүхэд, залуус САА-н талаар бараг мэдэхгүй болов уу. Тухайн үед Атрын САА ямар ямар аж ахуй эрхэлдэг байв, хичнээн хүн амтай, хэдэн машин техниктэйгээр ажилладаг байсан бэ?

-САА-г байгуулахаар болоод ямар ямар салбар байна вэ, тэр чиглэлүүдээ хүнээр яаж хангах вэ гэдгээ бодсон. Түүнээс биш дуртай юмаа байгуулаад, дуртай хүнээ ажилд авахгүй. Эхлээд үр тариа тарих 22 мянган га газар хүлээж авлаа. Тэр газарт ажиллах тракторын жолооч, комбайнч хэрэгтэй. Ээ дээ, мөн ч их ажил даа. Тэрийг бүрдүүлэх ажлыг хамгийн эхэлж хийсэн. Атрын САА-г байгуулаад ид ажиллаж байх үед 120 гаруй гинжит, дугуйт трактор, 50 гаруй комбайн, 60 автомат машин байлаа. Тэр бүгдийг эзэнтэй болгож, ажиллуулсан даа. Дараа нь тэнд ажиллаж байгаа олон арван ажилтныг хоолтой болгох ёстой. Ингээд малтай боллоо. Хөдөө аж ахуйн яамнаас шийдвэр гаргуулаад Архангайн Төвшрүүлэхийн САА-н 8000 хонь, Дорноговийн Сүмбэрийн САА-н 400 үхэр, Хөвсгөлийн Тариалангийн САА-гаас 500 адуу авсан. Малтай болохоор малчдаа бүрдүүлэх хэрэгтэй боллоо. Бүх малаа эзэнтэй болгоодохлоо. Ингэж л техник, мал хоёроо юуны өмнө хариуцах эзэнтэй болгож аваад л ажил эхэлсэн дээ. Тэр бүхний хажуугаар туслах аж ахуй байх хэрэгтэй. Талхан цехтэй боллоо. Хөөрхөн жижигхэн цех. Хоёр ажилчинтай. Өдөртөө САА-н бүх хүнийг талхаар хангана. Жижигхэн гурилын үйлдвэртэй боллоо. Энэ мэт олон янзын үйлдвэрлэл эрхэлдэг байлаа. Малтай болчихоор хадлан хадах шаардлагатай болно. Малдаа тэжээл, хадлан бэлдэхгүй бол өвөл юугаа өгөх билээ. Тийм болохоор жилдээ арваад мянган тонн өвс байнга бэлдэнэ. Хадлан бригад 30-аад трактортой, 40-өөд хүнтэй. Хадланд гарахад мэргэжлийн хүн хэрэгтэй. Тракторчин нь мэргэжлийнх байх ёстой. Преслэгч буюу пресчний оронд хүссэн хүн болгоныг ажиллуулахгүй шүү. Нэлээд дадлага, туршлагатай хүн ажиллуулна. Өвсөө сайхан преслэнэ, тэрийг нь аятайхан нуруулдана, ачна, тээвэрлэнэ. Ингэж л өвс хадлантай болно доо.

Атрын САА-н төвд байгаа хүн амаа сүү цагаан идээгээр хангах ёстой. Улаанбаатарыг ч сүү цагаагаар хангах ёстой болоод сементал үүлдрийн 400 үнээний ферм байгуулсан. Ингэхээр аж ахуйн гол нуруу босоод ирж байгаа биз. За, тэгээд үр тариагаа тарина. Төмс хүнсний ногоо бүгдийг тарина. Ургацаараа улсаа хангана, САА-н иргэдээ ч хангана. Хамгийн гол нь Атарт ирсэн залуучуудыг тогтвор суурьшилтай сайхан ажиллуулах ёстой. Тийм учраас орон байр, байшингаар хангана. Улсаас гэр авч өгнө. САА-г байгуулахад улсаас надад 50 гэр өгч байлаа. Юу ч үгүй цагаан тал дээр САА-г байгуулсан юм чинь хонтоор (контор.сурв), сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь бүгд нэг нэг гэртэй. Илүү гарсан гэрээ ажилчдаа өгөөд л тэгээд таарсан даа. Атрын САА-н төв дээр 20 айлын орон сууц барилаа. Тэр байранд трактор, комбайны жолооч нараа орууллаа. Одоо тэр хүмүүсээс ганц нэг нь Атрын төв дээрээ амьдарч л байх шиг байна даа. Олон ч жил боллоо. 43 жил болчихов уу даа. Би 37 настайдаа очоод 60 нас хүрээд тэтгэвэртээ гараад ажлаа өгчихөөд ирсэн. 16 жил САА-н дарга хийсэн, долоон жил Сумын Засаг дарга хийсэн. 23 жил тэр суманд тасралтгүй ажилласан даа.

-Тэр өргөн уудам газрыг хөдөлмөр буцалсан талбар болгохын тулд САА-н дарга нойр хоолгүй зүтгэж байсан байх даа. Та ид ажлын үед өглөө хэдэн цагаас босдог байв?

-Өөрт чинь шууд хэлэхэд, САА-н дарга гэдэг хүн хавар, намар хоёрт унтах эрхгүй. Тэгж хөдөлмөрлөдөг. Зун, өвөлдөө арай гайгүй. Гуравдугаар сар гараад л хаврын ажил эхэлнэ. Талбайгаа боловсруулна, үрээ татна, цэвэрлэнэ гээд бөөн ажилтай. Хүнд үүрэг болгож үлдээгээд хаядаг ажил биш. Байнга хянана. Намар ургац хураалт эхэлнэ. Есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл гэртээ ч бараг ирэхгүй дээ. Талбай дээр хононо шүү. Комбайнуудыг шахна, шаардана. Цас орох гээд байдаг. Амжуулах хэрэгтэй. Олон жил САА-н дарга байхдаа зун, намар амарч үзээгүй. Арванхоёрдугаар сарын 1-нд бүх ажлаа дуусгаад тэгээд нэг амралтад явна. Тэгж олон жил явлаа гээд муу юм алга, бие гайгүй байна. 82 нас хүрлээ. Давгүй л байна.

-Хөдөлмөр эрхлэх нь хувь хүний эх орондоо оруулж буй том хувь нэмэр байдаг. Тухайн үед та олон мянган залуусыг ажилтай болгож, хөдөлмөр хийлгэж, хөдөлмөрч болгож, эх орондоо хэрэгтэй хүн байх зорилгыг нь биелүүлж өгдөг байжээ гэж харагдлаа?

-Хүн багаасаа л хөдөлмөрлөж сурах хэрэгтэй. Эцэг эхийн хүмүүжил их хэрэгтэй шүү. Эцэг эх нь их хөдөлмөр хийдэг, ажилсаг бол үр хүүхэд нь ажилсаг. Эцэг эх нь ажилд муу, залхуудуухан бол хүүхдүүд нь яг тийм залхуу, үүрэг өгөхөөр тэгэс ингэсхийгээд л хаячихаад алга болоод өгнө. Хүн эцэг эхээс их хөдөлмөрч уламжлал авах хэрэгтэй. Хамгийн гол онцлог бол өөр өөрийгөө удирдах хэрэгтэй. “Би ч том болж байна”, “Хүн болж байна”, “Улсдаа ажил хийж эхэллээ. Одоо юм хийнэ шүү” гэсэн тийм сэтгэл толгойд нь хураагдах хэрэгтэй. Өөрийгөө удирдаад л өглөө ажлынхаа цагаас өмнө босоод унд цайгаа уугаад ажил дээрээ очоод л юмаа хийж байх ёстой. Энэ л гол. Одооны залуус өөрийгөө удирдах тал дээрээ дутагдалтай байгаа юм уу гэж бодогдоод байна. Бэлэн юм хараад л байдаг. Бэлэн юм хэрхэвч харж болохгүй. Ажил хийж байхад сайхан юм таарна, муу юм таарна. Зовно, зүдэрнэ. Тэр бүгдээс шантарч ухарч болохгүй. Биеэ сайн бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр ажил нь бүтээгүй бол сэтгэлээр уналгүй гэртээ очоод хоол идчихээд эртхэн амрах хэрэгтэй. Унтаад өг. Өглөө нь босоод “За даа, би өчигдөр ийм юмыг чадаагүй. Өнөөдөр чамтай нэг үзнэ дээ” гээд очоод үзчих хэрэгтэй. Бараг л бөх барилдах гэж байгаа юм шиг оч. Очиход бие бэлэн, гар бэлэн, сэтгэл бэлэн болчихсон байна. Тэгээд л хийнэ дээ. Ажил бүтэхээр сэтгэл санаа сайхан болно. Цаашдаа ажил хийх дур, урамшил орно. Цалин аваад эхнэр хүүхдэдээ өгчихөөр бүр гоё болно. Хүн чинь хөдөлмөрлөхөөр л болдог юм байна даа гээд ойлгоод эхэлдэг. Энэ бол гол юм байхгүй юу даа.

-Танай Сангийн аж ахуй бусад САА-нуудаасаа юугаар онцлог байв?

-Намайг 1977 онд Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр ороход 10 САА-н нэр хэлсэн. Төв аймагт дөрөв, Сэлэнгэд дөрөв, Хэнтийд нэг, Булганд нэг. Бүгдийнх нь нэрийг сонсчихоод ингэж бодлоо. “Би чинь Завхан аймгийн хүн. Нутаг чигийн САА-д очсон нь зүгээр юм даа. Хэнтийд очвол Улаанбаатараар дайрч байж нутаг явах болох нь” гэж бодоод зам дагуу юм даа гээд “Атрын САА-д очъё” гэсэн юм. Тэгээд л батлаад очсон нь тэр. Атрын 10 САА-н анхны дарга нараас одоо хоёрхон хүн л амьд сэрүүн байна даа. Нөхөрлөлийн САА-н Дамирансүрэн бид хоёр байна. Нэг газраа хамгийн удаан ажилласан САА-н дарга нь би л дээ. Тийм болохоор саяхан надад гавьяат цол өгч байгаа юм болов уу даа. Дамирансүрэнд уг нь өгвөл өгчих ёстой. Гэхдээ дундуур нь Орос явж дэд эрдэмтэн цол хамгаалаад Хөдөө аж ахуйн дээдэд багшаар очсон. Тийм болохоор надад энэ цолыг өгсөн юм болов уу даа гэж бодсон.

Манай сангийн аж ахуй бусад САА-г бодвол зам харилцаа сайтай. Өндөр хүчдэлд ойр, цахилгаанд амархан холбогдоно, Улаанбаатарын дэргэд байгаа юм чинь. Тал талаас хүн цуглах дуртай. Амьдарч болно. Тийм болохоор хүмүүс Атрын САА-д дуртай юм уу даа гэж хардаг.

-САА-г удирдаж явахад олон л сайхан мөч, хүнд цаг үетэй нүүр тулж байсан байх. Эргээд бодоход санаанд тань ойр ямар зүйл явдал бодогдож байна вэ?

-Байлгүй яахав. Газраа сайхан боловсруулаад үрийн хугацаагаа маш нарийн баримтлаад ажиллахаар тариа хачин сайхан ургадаг явдал бий. УАЗ 469-тэй очиход бараг чацуу хэмжээний тийм өндөр ургана. Явган явахад цээжээр татна. Тэр бол үнэхээр сайхан. Тийм зураглалыг харахад, тийм тариан талбайн дэргэд очих сайхан байдаг юм даа.

-Та Атрын САА-н даргаар очихоосоо өмнө хаана ажиллаж байсан бэ?

-1970 онд Булган аймгаас ЗХУ-ын Москва хотод Эдийн засгийн дээд сургуульд явсан. Дөрвөн жил сураад 1974 онд буцаж иртэл Төв хороо намайг Архангай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн даргаар томилсон. Архангай, төрсөн нутагтай минь ч ойрхон. Тийм болохоор Архангайн Үйлдвэрчний зөвлөлийг их сайхан болгосон. Тэгээд байж байтал л Төв хороо дуудаад Атрын САА-н дарга болгосон. “Нэгдүгээрт, эдийн засагч мэргэжилтэй юм байна. Хоёрдугаарт, дээд сургууль төгссөн байна. Гуравдугаарт, удирдах ажил нэлээд хийжээ. Булганы Үйлдвэрчний эвлэлийн нэгдүгээр дарга, Архангайн Үйлдвэрчний эвлэлийн дарга. Ийм хүн аж ахуйг удирдаж чадна” гэцгээсэн. Би эхлээд Архангайдаа үлдэх гээд янз бүрийн шалтаг хэлж үзсэн л дээ. Намын төв хорооны Боловсон хүчний хэлтсийн дарга Ламжав гуай “Өөрийг чинь Төв хороо нэгэнт сонгож авсан учраас ярих юм байхгүй” гэсэн. Тэгээд л би Атрын САА-д зүтгэсэн дээ.

-САА-н даргаар томилогдож Атарт очоод юу ч байхгүй хоосон тал хараад юу бодсон бэ?

-Ерөөсөө л тал хөндийд очсон. Очоод буусан чинь хойд энгэрт малтай айл байсан. Лүнгийн малчин байсан. Өөр юу ч байхгүй. Эргэн тойрноо нэлээд харлаа. Газар нь сайхан юм шиг харагдсан. Уулан дээр тариа тарих биш. Талд тарина. Энэ талтай ч ноцолдох юм байна даа гэж бодож билээ. Тэгээд л ноцолдсон доо.

-Дээхнэ үеийн нэгдэл, САА-н дарга нараас хүмүүс машид эмээдэг, барааг нь хараад л зугтдаг байлаа. Хүндэлсэндээ тэгдэг байжээ гэж боддог шүү. Дарга нар нь ч хүндэтгэл хүлээсэн хүмүүс байжээ?

-Хүндлэл юм. Бас тэр хүн нь хөдөлмөрч, айхавтар зарчимч. Тэр бүгдийг нь хараад хүн сүрдэж айдаг байхгүй юу.

САА-н даргаар очихоосоо өмнө би Хөдөө аж ахуйн яаман дээр сар гаран хонтоорлосон (конторлосон.сурв) юм. Надад хонтор гаргаж өгсөн. Хонтортоо Архангайн Хөдөлмөрийн баатар Минжүүр гуай, Говь-Алтайн Хөдөлмөрийн баатар Лодойхүү гуай хамт суусан. Тэр хоёроор ажиллах, хөдөлмөрлөх бүх юмыг яриулсан. Хэрэг дээрээ Хөдөө аж ахуйг удирдах дээд сургууль төгссөн хэмжээний юм сонслоо шүү дээ. Тэр хоёр хүний ярьж байгааг би чагнаад сууна. Тархиа нэлээд сайн цэнэглэж аваад л тэгээд Атрын сангийн аж ахуй руу гарсан даа.

Дараа нь арваад Хөдөлмөрийн баатрыг САА-даа аваачиж ард олонтой уулзуулсан. Гол нь залуучуудтай уулзуулж өгсөн. Хүн хөдөлмөрлөж байж л юманд хүрдэг юм байна гэдгийг залуучууд маань ойлгосон доо. Зүгээр л “Та нар тэр баатар шиг ажилла” гэж шаардаад хэрэггүй. Залуучууд маань гэртээ хариад “Хөдөлмөрийн баатар гэдэг чинь ёстой зүтгэдэг хүмүүс байдаг юм байна” гэж ярьцгаасан байсан. Олон сайхан залуус гарсан даа, манай САА-гаас. Одоо тэд маань жаран нас гарцгаачихлаа. Хорьтой залуус очицгоосон. Саяхан Атрын сангийн аж ахуйдаа очиход трактор, комбайны 130-аад жолооч нар цугласан.

-Та залуу хүмүүсийг яаж хөдөлгөдөг байсан бэ. Ямар түлхүүр тааруулдаг байв?

-Би 17 настайдаа Завхан аймгийн Эвлэлийн хорооны дарга болсон. Эвлэл хүнд их юм сургана. Эвлэлд мөнгө байхгүй. Хөрөнгө байхгүй. Хүнийг ажиллуулж байж юм олдог байгууллага байлаа. Дараа нь Санхүүгийн техникиум төгсөөд Санхүүгийн Эвлэлийн хорооны дарга болсон. Дан залуучуудтай ажилласан. Дараа нь Улсын барилгын зөвлөлийн Эвлэлийн хороонд Нэгдүгээр дарга болсон. Бас л хүнтэй ажиллана. Дараа нь Булган аймгийн Эвлэлийн хорооны даргаар долоон жил ажилласан. Дандаа хүнтэй ажиллаж ирсэн. Залуучуудад ажлыг нь маш зөв хуваарилаад удирдаж чадвал ажил хийнэ. Ажил хийх хуваарийг зөв хийх хэрэгтэй. Хамаагүй, өөрийнх нь чадахгүй юм уу, бүтэхгүй ажил өгч болохгүй. Тэгвэл очиж ажиллаж чадахаа байгаад зориг нь мохоод шантраад тэгээд хаяад зугтана. Яг өөрийнх нь зорьсон, хүссэн зүйл рүү нь зүтгүүлээд хийвэл сайхан даа. Тэгж хөдөлгөхөөр залуу хүн ажил хийнэ. Миний залуучуудын байгууллагад ажилласан явдал САА-н даргаар ажиллахад маш их хэрэг болсон. Хүнийг хаалгаар ороод ирэхэд царайг нь хараад л хүнийг юу бодож байгааг, ямархуу байгааг нь удирдах хүн мэдэх хэрэгтэй. Энэ хүн ажил хийх санаатай байна уу, гутарч явна уу. Ер нь ажил хийх идэвхи зүтгэлтэй, удирдаад өгвөл урагшаа зүтгэх эрмэлзлэл байна уу гэдгийг харах хэрэгтэй. Өөрийнх нь сонирхол, хүслийг дагуулж ажил өгвөл бүтнэ дээ. Хүнтэй ер нь ажиллах хэрэгтэй дээ. Би хүнийг ерөөсөө гомдоож бараг үзээгүй. Загнана, уурлана. Өө их юм болно. Тэгсэн мөртлөө дараа нь заавал баяр хүргэнэ. “Чи тэгсэн шүү дээ. Гэхдээ чи сайн хийсэн байна. Чамд баярлаж байна” гээд гар барихад тэр хүн өөдөөс чинь нэг ч үг дуугарахгүй. Зарим нь хүн загнаад л. Ер нь дарга хүн хийж байгаа ажлаа байнга шалгаж байх хэрэгтэй. Залхууралгүй эргэж тойрч шалгах хэрэгтэй. Огт шалгахгүй байж байгаад гэнэт очоод таалагдахгүй байна нураа гэхээр хүний урам зориг гутдаг байхгүй юу. Өнгөрсөн хойно нь очоод хийсэн ажлыг нь буулгуулдаг дарга бий. Тийм хүн байдаг, би мэдэж байна. “Наадхаа буулга” гээд зад буулгуулдаг. Ерөөсөө тэгж болохгүй.

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой боллоо. Би хоёр дахь аяны хүн. Сая төр засгаасаа Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүлээж авлаа. Их баярлаж байна. Иймээс энэ сайхан хөдөө аж ахуйд ажиллаж байгаа бүх залуучууд, мэргэжилтнүүд ухаан гаргаж сайн ажиллах хэрэгтэй. Залуучуудад хэлэхэд, миний үед ажиллаж байсан техникүүд машинаар яривал 69 машин шүү. Та нарынх Тоёота машин шиг болжээ. Трактор, комбайн нь ямар гоё юм, яасан хүчтэй юм. Нас залуу бол энэ үед залуустайгаа мөр зэрэгцээд үзэх юм даа гэж бодож сууна (инээв). Даанч нас наян хоёр хүрчихлээ. Чадахгүй боллоо л доо. Ерөнхий сайд аягүй бол ирэх хавраас Атрын IV аяныг зарлах гээд байна шүү. Түүн дээр залуучууд маань хүч гаргаж, Монгол орноо хүнс тэжээлээр хангахад дээд зэргээр зүтгээрэй гэж хүсье.


Categories
мэдээ нийгэм улс-төр

Ч.Сайханбилэгтэй холбогдох хэргийн шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ

Image result for сайханбилэг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дархан монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох хэргийн шийдвэртэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

“ДМНН” ТББ нь нийтийн өмчийг хамгаалах зорилгоор нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхэд Монголын Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандаж Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Уг шийдвэрийг тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал танилцууллаа.

Тэрбээр, “Нэхэмжлэгч “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 93, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 19, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123-р захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоох тухай Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.

Маргаан бүхий дөрвөн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг удирдамжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, захирамжаар гарын үсэг зурах эрх олгогдсон этгээд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан зэргээр дөрвөн захирамжийн зохицуулалтын үйлчилгээ дуусгавар болсон, маргаан бүхий захирамжууд биелэгдсэн учир шүүхээс эдгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлд заасан нийтийн өмчийн эрх буюу хууль ёсны ашиг сонирхол нь шууд сэргээгдэхгүй.

Мөн эдгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор эдгээрийн эрх зүйн үр дагавраас үүссэн бусад харилцаа буюу түүний дотор Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гэж нэрлэгдэх хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй.

Учир нь маргаан бүхий захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн эрх зүйн бусад харилцаа нь тусдаа өөр төрлийн харилцаа ба эрх зүйн өөр актад хамаарч байх тул бусад харилцаа ялангуяа Оюу толгой компанийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй гэдгийг албан ёсоор баталгаажууллаа” гэв.

Түүнчлэн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй, хариуцагч энэ талаар маргаагүй тул

  • нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болохыг,
  • хэргийн оролцогчдын маргааныг асуудлаар шүүх дүгнэлт хийх, шийдвэр гаргаж болохгүйг үндэслэн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний бүх оролцогчийг гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй гэж үзсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш тав дахь удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол улсын архитектор, инженерүүд боловсруулж Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж, Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Хот байгуулалт, хөгжлийн газар боловсруулаад байна.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ, СУУРЬ СУДАЛГАА”, “КОНЦЕПЦ”, “ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” гэсэн гурван үе шаттай хийж гүйцэтгэж байгаа бөгөөд эхний үе шат “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”-г 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн.

Хоёр дахь үе шат “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны есдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд тус асуудалтай холбогдуулан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, НИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахыг үүрэг болгосон.

Тус ажлын хэсэг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдөөс санал авах, Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг хийж санал, зөвлөмж авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Төлөөлөгчдөөс ирүүлсэн болон Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-д шинээр нэмж тусгах асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны арвандүгээр сарын 22-ны өдрийн Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар, 2019 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдлээ.

Гурав дахь үе шат Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн батлуулж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Барилга хот байгуулалтын яамтай хамтран боловсруулна.