Categories
мэдээ нийгэм

“Үр дүнд суурилсан боловсрол” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС, ТТДС хамтран “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” сэдэвт эрдэм шинжилгээний 5 дахь удаагийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Дэлхийн улс орнууд дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, сургалтын арга зүй, үнэлгээний систем, чанарын баталгаажуулалтын чиглэлээр хийж байгаа өөрчлөлтийн ихэнх нь “Outcome Based Education” буюу /ҮДСБ/-ын үзэл баримтлалыг ашиглаж байна. Манай улс дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны онцлог, бусад хүчин зүйлийн нөлөөг тооцож, тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, үзэл баримтлалаа шинээр тодорхойлон үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна.

Тус хуралд үр дүнд суурилсан боловсролын арга зүй, технологийг сургалтад нэвтрүүлэх, арга зүйг шинэчлэх, хөгжүүлэх, сайжруулах, тогтворжуулах чиглэлээр дээд боловсролын чанар, сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжил, сургалтад идэвхтэй сургалтын арга зүйг нэвтрүүлэх, суралцагчийн ур чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, хичээлийн үнэлгээг сайжруулах чиглэлээр их дээд сургууль, хүрээлэнгийн багш судлаачдын 34 илтгэл хэлэлцэгдэж, “Үр дүнд суурилсан боловсрол 2019-CDIO” эмхтгэлийн 5 дахь дугаарт хэвлэгдэн гарах юм. Жил бүр зохион байгуулдаг тус хурлын зорилго нь их дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудын багш судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан мэдээлэл түгээх, туршлага судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг. Өнөөдрийн хурлаас шилдэг илтгэлүүдийг шалгаруулж мөнгөн шагнал, олон улсын хуралд оролцох эрхээр урамшуулах юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь 2020 оны 4 сард Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй “Азийн бүсийн CDIO 2020 чуулга уулзалт”-ын угтал болж буйгаар онцлог юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт амжилттай боллоо

“Forbes Mongolia”, “Forbes Mongolia Women” сэтгүүл болон Блүүмбэрг телевизийн эдийн засагчдын клубүүд хамтран “Forbes Mongolia Women’s Summit буюу Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвтэй арга хэмжээг 2019 оны 12-р сарын 5-ны өдөр буюу өнөөдөр амжилттай зохион байгууллаа

Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах, манлайллыг дэмжихэд чиглэж буй уг арга хэмжээнд нийгэм, бизнес, улс төрийн салбаруудад удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүд мөн эдийн засагчид, бие даасан шинжээчид оролцож Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдлөө. Худалдаа, хөгжлийн банк нь бизнес эрхлэгч эмэгтэй харилцагчдаа дэмжин ажиллах урт хугацааны бодлогын хүрээнд өнөөдрийн арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, дэмжин оролцлоо.

“Forbes Mongolia Women’s Summit буюу Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” арга хэмжээгээр:

“Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал”

“Хөрөнгө оруулалтын орчин ба Эмэгтэйчүүд”

“Хөдөлмөр эрхлэлт ба Эмэгтэйчүүд”

“Эмэгтэйчүүдийн оролцоо ба Манлайлал” гэсэн 4-н үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг хөндөж, боломж болоод шийдлийн талаар мэдээлэл солилцлоо.

Хөгжил дэвшилд хамтдаа
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ-ны нэрийг барин БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна

Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иймд цахим орчинд энэ мэт төрийн байгууллага болон нэр бүхий албан тушаалтны нэрийг барьж виз гаргаж өгнө гэх нэрийдлээр иргэдийг залилж болзошгүй тул мөнгө, төгрөг, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллийг илгээхгүй байж харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсийг дахин боловсруулж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар сайжруулсан шахмал түлш түлж байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарч байгаа үнсийг дахин боловсруулалтад оруулж ашиглах боломжийг судлах, зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Барилгын материал үйлдвэрлэгч компаниудтай хамтран явган хүний замын зориулалтын хавтан, бродюр, эко хавтанг гэр хорооллын айл өрхөөс гарсан үнсийг ашиглан хийж туршилт хийлээ.

Өнөөдөр ажлын хэсэгт туршилтын бүтээгдэхүүнийг танилцууах бөгөөд Барилгын материалын лабораторийн шинжилгээнд хүргүүлж цаашид ашиглах боломжтой үр дүн гарсны дараа хотын гудамж, талбайн тохижилтын ажилд ашиглах юм.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.

Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж буй хэрэг юм.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

Categories
мэдээ нийгэм

Одоогоор Монгол улс Хятадаас 1,7 их наяд төгрөгийн эрчим хүч импортложээ

БНХАУ-аас Ганц мод хилийн боомтоор дамжуулан Монгол улс руу энэ оны нэгдүгээр сараас 10 дугаар сарыг дуустал хугацаанд нийлүүлсэн эрчим хүчний хэмжээ 7,485 тэрбум квт/цагт хүрсэн талаар орон нутгийн гаалийн байгууллага мэдээлснийг Синхуа агентлаг дамжууллаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хугацаанд цахилгаан эрчим хүчний худалдааны хэмжээ 4,68 тэрбум юань /монгол мөнгөөр 1,7 их наяд төгрөг орчим/ -д хүрсэн байна.

Зэсийн хүдрийн орд газрын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг Оюу толгой орд газрын бүс нутгийн уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс Өвөр Монголын Өөртөө Засах Орны Guohe Electric Power компани 2012 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол улс руу цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлжээ.

Хятадын гаалийн алба Монгол улстай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүднээс эрчим хүчний салбар дахь гаалийн бүрдүүлэлтийн журмыг хялбаршуулсан хэмээн Синхуа онцолсон байна.

Categories
мэдээ спорт

Ази тивийн АШТ-д оролцож байгаа мастерууд 14 медаль хүртээд байна

Малайз улсад үргэлжилж байгаа хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнд хурд, хүчээ сорьж буй манай тамирчид 6 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна.

Азийн 29 орны 3000 орчим тамирчин оролцож буй тус тэмцээний эхний өдрүүдэд 85 настай Ц.Раднаа дөрвөн алтан медаль хүртсэн юм. Тэрбээр өөрийн насны ангиллын 400 метрийн зайд 81.82 секундийн амжилтаар түрүүлж, Азийн аварга, дээд амжилтын эзэн болсон бөгөөд дахин гурван төрөлд /200 метр, 80 метрийн саадтай гүйлт, гурвын харайлт/ түрүүлсэн.

Мөн Г.Наранцэцэг /бөөрөнцөг түлхэлт/, Ж.Түмэнжаргал /зээрэнцэг шидэлт/, Д.Ариунжаргал /5000 метр/, Д.Дамдинжав /5000 метр/, А.Цогзолмаа нар мөнгө, Д.Одончимэг /бөөрөнцөг түлхэлт/, Э.Хүүхнээ /өндрийн харайлт/, Ц.Нэргүйбаатар /зээрэнцэг шидэлт/ тус тус хүрэл медалиар энгэрээ мялаав.

Харин гавьяат тамирчин, 82 настай Т.Цэрэндолгор жад шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд түрүүлж, тивийн аварга болсон төдийгүй хоёуланд нь Ази тивийн дээд амжилтыг шинэчилсэн байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.12.05) Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд хэлсэн үг

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын санаачлагаар Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцогч Та бүхэнд болон Та бүхнээр уламжлан тус аймгийн нийт малчдад Улсын Их Хурлын өмнөөс энэ өдрийн мэнд хүргэж мэндчилж байна.

Монголын өв уламжлал, ёс заншил нүүдлийн соёл иргэншлийг уламжлан авч яваа Арын хангайн нутгийн малчин Та бүхэнтэйгээ уулзаж халуун дулаан сэтгэл, шинэ эрч хүч мэдэрч байгаадаа баяртай байна.

Монголын үндэсний баялаг бол монгол малчин, монгол мал гэдэгт итгэдэг. Миний аав 1992 оны Үндсэн хуулийг батлахад “Мал сүрэг бол төрийн хамгаалалтад байна” гэдэг үаалтыг тухайн үеийн хоршоологчдын бүлгэм буюу нэгдлийн дарга нар, малчдын төлөөлөлтэй хамтарч оруулсан. Тэр үед мал эмнэлэг, эрүүл мэнд, нүүдлийн мал аж ахуй бол Монголын шилжилтийн хамаг хүнд бэрхшээлийг дааж гарсан. Ийм учраас Улсын Их Хурал, гишүүд манлайлж малчдынхаа төлөө, мал аж ахуйг хөгжүүлэх олон хуулийг санаачлан баталж байна.

Төр хүнд, ёс чанга байсан үеийг бодвол төр шилэн болж, нийгэм ардчилж Улсын Их Хурлын үйл ажиллагаа нээлттэй, ил тод болсноор алдаа оноо, шүүмж, магтаал аль алиныг нь дагуулдаг. Гэхдээ нэг хоёр хүний засаглалыг бодвол парламент олонхоороо хэлэлцэж, “Бүгдээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг зарчмаар ярилцаад ард түмнийхээ төлөө шийдвэрийг гаргаж чаддаг.

Үүний нэг том нотолгоо нь саяхан хийсэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Энэ бол ард иргэдийнхээ төлөө “Дээрээ суудлаа олж, доороо гүйдлээ олох” том өөрчлөлт болсон. Ирэх 30 жилийн улсаа хөгжүүлэх шинэ чиг хандлага, зам мөрийг гаргасан чухал өөрчлөлтийг Улсын Их Хурал хийж чадсан. Ингэснээр аймаг, сум орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж, сум хот, тосгон болж хөгжих, аймгийн төв хот болж хөгжих эрх зүйн үндэс тавигдсан. Хөдөө орон нутагтаа сайхан амьдрах боломж бүрдсэн.

Хөдөөгийн иргэд, малчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар Улсын Их Хурал олон чухал хуулийг батлан гаргаж, санаачлагатай ажиллаж байгааг энд дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. Үүнээс зөвхөн аравхан жишээг онцлон танилцуулъя.

Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар наашлууллаа. Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж, мөрдөж байна.

Хоёрдугаарт, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж тэтгэвэр авах боломжтой болно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.

Гуравдугаарт, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Улсын бага хурлаас 1990 оны 11 дүгээр сард “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль”-ийг баталсан бөгөөд энэхүү шинэчлэлийн нэг өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсад олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан явдал байв. Гэвч хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа.

Дөрөвдүгээрт, 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цалин тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалингийн санг 8 хувиар нэмэгдүүлнэ. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ.

Тавдугаарт, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ хуулиар манай орны хүн амын дунд элбэг байгаа хорт хавдар өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа. Хэн ч байсан өвдсөн хойноо эмчлүүлэх бус, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж эрүүл мэнддээ анхаарч байхыг зөвлөж байна.

Зургаадугаарт, Малчдын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих хүрээнд хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэг, урамшууллын арга хэмжээг зохион байгуулж байна. Малчдын бэлтгэсэн ноос, арьс шир, сүүний урамшуулалд 2019 онд 37.4 тэрбум төгрөг олгоно. Эдгээр урамшуулал 2020 онд ч үргэлжилнэ.

Долоодугаарт, Сүүлийн жилүүдэд малын шүлхий өвчин гарч, хүн, малын хөдөлгөөнийг хорьж, улсад ч, малчдад ч ихээхэн бэрхшээл, хохирол учруулж байлаа. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталж, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог бие даалган зохион байгуулсан. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд улсын төсвөөс олгодог зардлыг нэмэгдүүлж, аж ахуй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээ авсан. Үүний үр дүнд шүлхий өвчнөөс сэргийлж чадлаа. Бидний бага залуу үед хийдэг байсан малын хамуу, паразит өвчнөөс сэргийлж мал угаалгын ажил мартагдаад байсан ажил Архангай аймагт эрч хүчтэй сэргэж байна. Энэ нь малд ч, малчдад ямар ач холбогдолтойг Та бүхэн мэднэ.

Наймдугаарт, Малын тооны хойноос хөөцөлдөж, чанарыг анхаарахгүй байсан цаг саяхан. Малын генетик нөөцийн тухай хууль баталсан. Хөдөөгүүр явж байхад малын чанарыг сайжруулах чиглэлээр малчид анхаарч эхэлсэн байгаа нь ажиглагдаж байна. Малын чанарыг сайжруулна гэдэг нь малын чанарын үзүүлэлт, нэг малаас ашиглах мах, сүү, түүхий эдийн хэмжээ, үржлийн ажлын бүртгэлээс эхэлнэ. Ингэж байж чанар сайтай цөөн малаас малчдын олох орлого нэмэгдэнэ. Мөн өндөр ашиг шимт малыг хот суурин газрын ойролцоо, тариалангийн бүс нутагт хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна.

Есдүгээрт, Сүүлийн 3 жилд сумдад ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, эмнэлэг, соёлын төвүүдийн барилгыг барьж байгуулах, засварлаж тохижуулахад онцгой анхаарч ажиллалаа. Энэ ажил 2020 онд ч үргэлжилнэ. “Сумын төвийн шинэчлэл”-ийн бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлж, бүс тус бүрээс нэг сумыг хамруулна.

Аравдугаарт, Малын тоо өссөн нь бэлчээр талхлагдах, цөлжих сөрөг үр дагаварыг бий болгож байна. Бэлчээр ашиглах, хамгаалах талаар хуулийн төсөл боловсруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байгаа ч нэг мөр улсын хэмжээнд энэ асуудлыг цэгцлэхэд хүндрэл учирсаар байна. Бэлчээрийн тухай хуулийг ойрын үед Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авна. Бэлчээрээ зөв хуваарилдаг, мал малладаг айлын мал хулгайд алдагддаггүй.

Уул уурхайн технологийн бус, хууль бус үйлдвэрлэл, үйлдэлтэй тэмцэх талаар Засгийн газраас олон талт арга хэмжээ авч, илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байна. Энэ нь байгаль орчныг хамгаалах, бэлчээрийг нэмэгдүүлэх талаар малчдаас гаргасан гомдол саналыг барагдуулах нэг ажил болж байна.

Арваннэгдүгээрт, Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг төсөлд “Хулгайлах” гэмт хэрэгт “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тусгасан. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын зарим гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэж малчдын өмнө тулгарсан малын хулгайтай тэмцэх эрх зүйн орчинг чангатгах болно. Өнчин ишиг хулгайлсан ч ял ногдуулдаг болно.

Аравхоёрдугаарт, Малчдын хөдөлмөр нь өрхийн, гэр бүлийн, ах дүүсийн зэрэг олон хэлбэртэй. Үүний зэрэгцээ малчид хөдөлмөрөө хорших замаар хоршоо байгуулж ажиллах нь илүү зохимжтой байгаа юм. Манайд нэгдэл гэж байсан нь малыг нийгэмчилж малаа төрөлжүүлэн малладаг хоршооллын удирдлагын хэлбэртэй систем байлаа. Малчид хөдөлмөр, зохион байгуулалтаа хоршооны зарчимд шилжүүлж ажиллавал хүн хүч шаардсан бүхий л ажлаа хоршин хэрэгжүүлнэ. Мөн мал, мах, ноос түүхий эд, сүү цагаан идээгээ хоршин хоршоогоор дамжуулан гэрээгээр худалдаалдаг, нийлүүдэг болж болно. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байна. Хоршооны үндсэн зарчим бол малчид сайн дураараа нэгдэн хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөдөлмөр, орлогоо хувь тэнцүүлэн хуваах бөгөөд ашгийн бус байгууллага юм. Хоршоог дээрээс захиргааны аргаар байгуулж болдоггүй. “Цуварч явсан бараас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг ардын үг байдаг даа.

Танай зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэж, Та бүхэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Үүний үр дүнд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага үндсэндээ байхгүй болж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд угаарын хийн дуудлага багасаж байгаа нь иргэд ахуйн хэрэглээндээ сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сурч байгаатай холбоотой гэж үзэж байна. Олон хүний ажлын үр дүнд гэр хорооллын яндантай тэмцэх ажилд тодорхой үр дүн гарлаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт дөрвөн өрхийн есөн хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авснаас нэг хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Товчоодоор орж ирж байгаа түүхий нүүрсэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллаж байна. Иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд нийт 24 ирлээ. Энэ зөрчлүүдэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн дүгнэлт гарган ажиллаж байна. Сүүлийн үед товчоодоор сайжруулсан шахмал түлш гадагшаа гарахыг завдсан зөрчлүүд илэрч байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран гаргасан шаардлагыг сайжруулсан түлш худалдаалж байгаа цэгүүдэд хүргүүлсэн” гэлээ.

Сайжруулсан шахмал түлш борлуулагч нь иргэдэд хяналтын сайн картаар, тогтоосон тоо хэмжээгээр борлуулах ёстой аж. Харин бэлэн мөнгөөр болон тогтоосон тоо хэмжээнээс илүү худалдан борлуулж болохгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

10-12 насны таван хүүхэд машин жолоодон хотын төвийн хөдөлгөөнд оролцож байгаад баригдлаа

Хотын төвд өсвөр насны хүүхдүүд машин жолоодчихсон замын хөдөлгөөнд оролцож яваад баригджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Өнөөдөр/2019.12.05/ 14:00 цаг өнгөрч байх үед 10-аас 12 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, хотын төвийн хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг манай алба хаагч илрүүллээ.

Тээврийн хэрэгслийг журамлаж, таван хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө” гэсэн мэдээллийг өглөө.

Сэрэмжлүүлэг

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тээврийн хэрэгслийг хэдэн настайгаас жолоодож болох талаар болон осол гарвал ямар хор хөнөөлтэйг хэлж өгч, ойлгуулж байхыг зөвлөж байна.