Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Би З.Энхболдоос илүү заргач хүн


УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуулийг өргөн барихаар болжээ. Ирэх 2020 оны сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар ярилцаж байх шиг байна. Энэ тогтолцоо хэнүүст ашигтай юм бэ?

-Улстөрчид нь дээр гарангуутаа хэрхэн парламентад үлдэх вэ гэдгээ л ярьдаг. Энийг ойлгодоггүй юм. УИХ-ын гишүүн л биш бол амьдрахгүй юм шиг хандаж болохгүй ээ. Гэмт хэрэг хийсэн бол гишүүний халдашгүй байдал гээд тус болж магадгүй л юм. Тэрнээс ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж ажилласан бол ямар ч гишүүнийг ард түмэн хайрлаад л гаргачихна. Худлаа яриад байгаа болохоор чинь л ард иргэд та нарыг солих гээд байгаа. Хуулийг нь харах юм бол Үндсэн хуулийг шууд зөрчиж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн иргэн сонгуульд оролцох эрхтэй, 18 насанд хүрсэн иргэн сонгох эрхтэй гэж байгаа. Сонго гэдэг үг нь хэдэн хүнээр сонгогдсон нь хамаагүй юм. Харин аль олон санал авсан хүн нь л сонгогдоно гэсэн үг. Өнөөдрийн энэ хуулиар 26 хүнийг Монгол Улсын хэмжээнд Ерөнхийлөгч шиг сонгуулаад 1-26 гээд эрэмбэлчихвэл энэ хууль хуулийн дагуу. Харин эхний хүний авсан хувь дараагийн хүний авсан хувийг үгүйсгээд огт сонгоогүй хүмүүсийг дотор нь оруулна гэвэл энэ нь хууль зөрчиж байгаа үйлдэл.

-Та зарим хүмүүсийг худалч хулгайч л гэх юм. АТГ-т хэн нэгнийг шалгуулсан уу?

-Би шалгуулахаар өгсөн. 49 ЖДҮ-чдийн асуудал, 12 Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн асуудал, Оффшор, Эрдэнэтийн 49 хувь, 51 хувь, Oсеоn partners-ийн хэрэг, Жастын хэрэг гээд бүгдийг нь тагнуул, цагдаад өгдөг. Нааштай хариу ирүүлэхгүй байгаа. Би адилхан их хурлын гишүүн байж нэр хэлээд яахав. Гэхдээ хэвлэл мэдээллээр хэнийг вэ гэдэг тодорхой гарч байгаа. Ийм хүмүүс төрийн ордонд суугаад УИХ-ын гишүүн болоод хөөн хэлэлцэх хугацааныхаа хугацааг хүлээх гэж улайраад байна шүү дээ. Ийм зовлонтой байгаа учраас Сонгуулийн тухай хуулийг ард түмэнд ашиггүй гэж байгаа юм.

-Таныг Л.Болд гишүүн шүүхэд өгсөн гэх мэдээлэл яваад байх юм…

-Л.Болд бүх хүнийг шүүхэд өгч байгаа гэж ойлгосон. Hэн хэнийг шүүхэд өгч байгааг мэдэхгүй. Надад одоо зургаахан сар байна. Хэн нэгний шүүхийн асуудлын араас яваад тайлбарлах шаардлага алга.

-Та сая Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүний өрөөнөөс гарч ирсэн. Юу ярилцсан бэ?

-Хөөн хэлэлцэх хугацааг буцааж сэргээгээч ээ гэж Х.Нямбаатар гишүүнтэй уулзсан. Буцааж сэргээх боломж байвал хоёулаа хамтран ажиллая гэж хэллээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс өөрийгөө шударга гээд ойлгочихож. Би үүнийг л шүүмжилж байгаа. Тухайлбал, Салхитын мөнгөний ордны лиценз дээр анх гарын үсэг зурсан хүн хэн юм. Тэрийг өгөөгүй байсан бол тэр хүн өөр хүмүүст зарах байсан уу. Тэр өөр хүнд зарсан хүн нь дахиад өөр хүнд зараад хөрөнгө оруулалт нэрээр хоорондоо хэрүүл уруул хийх байсан уу. Тэрнээс болоод хэн нэгэн авлига аваад амиа хорлоод, хүн амьтан шаналан зовоох байсан уу. Гэр бүлээрээ гадаад руу зугтах байсан уу. Хэн нэгний эс үйлдлээрээ хийсэн алдаа нь ийм олон уршгийг араасаа дагуулдаг байхгүй юу. Эцэст нь хамгийн зөв шийдвэр улсын тусгай хэрэгцээнд авах байсан. Энэ мэтчилэн улстөрч хүний хувьд би хүмүүсийг шүүмжилнэ ээ.

Зургаан сарын дараа сонгууль дуусна. Би ялахгүй ч байж магадгүй. Ямар ч тохиолдолд би намайг гүтгэсэн, миний гэр бүлээр оролдсон, өөрийгөө шударга гэж худлаа ярьсан, захиалгат алуурчдын гар хөл болж байгаа бүх хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж, жижгээс том хүртэл бүгдийнх нь эцсийг үзнэ. Би Зандаахүүгийн Энхболдоос бараг илүү заргач хүн. Гэхдээ үлдсэн багахан цагийг хэрүүлд өгмөөргүй байна. Намайг шүүхэд өгвөл баярлана. Хурдан өгөөсэй гэж хүсч байна. Цаг хугацаагаа тооцож байгаад жинхэнэ хариуг нь өгнө. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг өгчихсөн байгаа. Нарийн зүйлс байгаа шүү.

-Ямар бичиг өгөв…

-Маш нарийн юмнууд байгаа. Энэ асуудал удахгүй тодорхой болно.

-Таны гэр бүлээр оролдсон гэсэн үү?

-Зөндөө юм байгаа. Тагнуулд өгсөн зүйлс ч бий. Эхнэрийг минь ална, хядна гэсэн дарамт ч ирсэн. Гэхдээ энэ үйлдлийг Л.Болдын талаас биш байх гэж найдаж байна. Гэхдээ мэдэхгүй. Яагаад гэвэл бүх юм ардаа эзэнтэй байдаг. Тэр эздийг нь олно. Би УИХ-ын гишүүн хүн. Хамгаалдаг хууль байгаа. Бүх юм хуулиар явна. Хүнийг гурван янзаар унагаадаг. Нэгдүгээрт, ажил албан тушаалаа өгөөд эрх мэдлээр барьцаалах гэж оролддог. Хоёрдугаарт, эхнэр, хүүхэд, өөр дээр нь эрүүгийн хэрэг үүсгээд хонгил дотор түгжих гэж оролддог. Гуравдугаарт, шившгийн хөндийгөөр хөтлөөд нэр ус, гарал үүсэл, эрүүл мэндээр нь гутаан доромжлох гэж оролддог юм. Тийм хүмүүс хүссэнээ хийж байг. Би тэр хүмүүсийн араас явна аа. Долдугаар сарын 1 гэхэд тэдгээр хүмүүсийн нэрийг А-Я хүртэл зарлаж байгаад гишүүн болсон ч эс болсон ч тултлаа эд нарын араас явна. Намайг яаж явдаг вэ гэдгийг манай үеийнхэн, найз нөхөд гээд олон хүмүүс мэдэж байгаа.

-Хар тамхины хуулийг чангатгах талаар яригдаж байна. Өнгөрсөн мягмар гаригт хэлэлцүүлэг боллоо. Та ямар байр суурьтай байна вэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг оруулж ирэх цаг болжээ. Монгол Улс гурван сая хүн амтай. Хар тахал гэж нэрлэгддэг энэ аймшиг Монголд бодит болж. Энд хууль, хүчний байгууллага оролцчихсон байна. Насанд хүрээгүй хүүхдээс эхлүүлээд Тусгай албад ч оролцчихжээ. Үүнийг үндсээр нь арилгая гэвэл хорт хавдрыг тасдаж хаяж, далд сурталчилгаа явуулж байгаа, илээр зарж байгаа тэдгээр хүмүүсийг ангилаад зохион байгуулсан, бүлэглэл үүсгэсэн, шинээр зохион байгуулалттай гишүүн элсүүлсэн нөхдүүдийг төрийн хүнд цааз ялаар буюу 20-иос дээш жилийн ял өгөх ёстой.

-Хэлэлцүүлгээр бүх насаар нь хорих талаар яригдсан. Энэ тухайд?

-Тийм санал яриад байгаа. Гэхдээ ангилах нь зүйтэй. Мэдсээр байж хийж байгаа хүнийг давхар ялал, мэдэхгүй байж байгаад хэрэгт орсон хүнд тодорхой хэмжээнд боломж өг. Гэхдээ хэзээ ч хар тамхины хэрэг дээр уучлал, өршөөлийн хууль орох ёсгүй. Хууль цааз гэдэг үг хатуу, чанд эрхийг нь хориглох, өрөвдөн хайрлахгүйгээр шийтгэл өгдөг гэх айдсыг мэдрүүлдэг байх ёстой. Тэгж байж л гэмт хэргийг хазаарлана.

-Танийг Эрүүгийн хууль дээр санал оруулах гэж байгаа гэсэн. Үнэн үү?

-Гэр бүлээсээ салаад үр хүүхдийн тэтгэмж өгөхгүй байгаа этгээдүүдэд хатуу шийтгэл оногдуулах хууль оруулах гэж байгаа. Би өөрөө эр хүн. Та үр хүүхэдтэй болсон бол үр хүүхдийнхээ өмнө заавал үүрэг хүлээ. Үүнийг л хатуу хуульчилъя. Үүргээсээ зугтаах юм бол хатуу шийтгэж, нийгмийн завхралаас салмаар байна. Түүнчлэн би одонтой ээжүүдийн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгомоор байна. Энэ бол попорч буй хэлбэр биш. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэй найман жил ажиллахгүй. Энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр нийгмийн даатгал төлөгдөнө. Зарим нь нийгмийн даатгалаа тасалчихдаг. Ингэхээрээ хамгийн доод тэтгэвэр аваад байна. Энэ хуулийн төслийг оруулж ирэх гэхээр ганцаардаад байна. Тиймээс эмэгтэй гишүүддээ санал болгоод би төслийг нь биччихсэн, саналаа гаргачихсан та бүхэн өргөн бариачээ гэж хэлэх гэж байгаа.

-Ирэх онд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх дээр Ерөнхийлөгч хориг тавилаа. Энэ зөв үү?

-Ерөнхийлөгчийн хориг маш зөв. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг хуримтлалын мөнгийг төсөвтэй нийлүүлж болохгүй. Дэлхийн бүх орон үүнийг ашигтай хөрөнгө оруулалт байдлаар хөгжүүлдэг болохоос банканд өгөөд алдаж болохгүй. Энэ алдааг эхлээд засъя. Ард түмнээсээ мөнгө авах эсэхээ бид Олон улсын валютын сангаар заалгахгүй.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Туваан: Эрх чөлөө гэх үгэн дээр ардчилал тодорхойлогддог

Ардчилсан намын генесек Ц.Туваантай ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой болох гэж байна. Ойн талаар ярилцлагаа эхэлье…

-Ардчилсан намын хувьд энэ өдрүүдэд түүхэн тэгш ой тохиож байна. 30 жилийн өмнөх өвлийн хүйтэн өдрүүдэд тухайн үеийн нийгмийн сэхээтэн, оюутан залуучууд түүчээлж, Ардчилсан хувьсгалыг анх Монголд өрнүүлж байлаа. 30 жилийн хугацаа гэдэг хүний амьдралд урт хугацаа боловч нийгэм болоод намын хувьд тийм ч урт хугацаа биш. Дэлхий даяар арванхоёрдугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ хүний эрхийн өдөр Улаанбаатар хотноо анх Ардчилсан хувьсгалын эхлэл тавигдсан гэж үзэж, тэмдэглэдэг. Энэ өдрөөс өмнө тухайлбал, Ховд, Хөвсгөл аймаг, Эрдэнэт хот гээд олон газарт Ардчилал гэх тухайн үедээ шинэлэг оюутан, залуусын хөдөлгөөн үүсч байсан түүхэн баримтууд байдаг.

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад Ардчилал хэр хөгжиж чадсан бэ?

-Монгол төдийгүй Азийн ард түмэн хугацааг жарнаар хэмждэг. 30 жил нь хагас жаран гэсэн үг. Энэ хугацаанд монголчууд бид бүтэн 360 градус эргэсэн өөр улс болж чадсан. Дэлхий ч биднийг ингэж харж байгаа. Ард иргэд, тэр дундаа дунд эргэм насны хүмүүс үүнийг сайн мэддэг. Улс болон, хувь хүний амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, эрх чөлөө гээд олон зүйл дээр огцом, маш томоохон өөрчлөлтүүд гарч ийнхүү ардчилалтай хамт өнгөрөөсөн бидний 30 жил өнгөрч байна. Дараагийн 30 жилийг зөвхөн баяр тэмдэглээд өнгөрөөх биш, нэг жарны хугацаанд юу хийхээ ярьж төлөвлөж, дүгнэлт хийж байна даа.

-Ардчиллыг түүчээлж байсан партизанууд ардчиллыг бий болгохын тулд ямар саад бэрхшээлүүдийг туулж байв?

-Мэдээж өнөөдөртэй харьцуулах юм бол тэнгэр газар шиг зөрүүтэй. Тухайн үед манай нийгэмд үзэл суртал гэдэг зүйл байлаа.

Мөн нэг нам дангаараа ноёрхож, намынх нь гишүүд өөр улсаар асуудлуудаа шийдүүлдэг баригдмал хүлэгдмэл нийгэмтэй байсан. Ийм нийгмийг цоо шинэ Ардчилсан нийгэм болгох үйл явц тухайн үед маш хүнд байсан. Бидний ахмад партизан ах нар өглөө жагсаалд оролцчихоод орой ямар газар, хаана ямар хэрэг, ял тулгагдахаа мэдэхгүй их хяналт, цагдалт дор айдас хүйдэс дунд Ардчилсан хувьсгалыг өрнүүлж байсан. Энэ үйл явцыг бид ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг. Энэ хувьсгалд оролцсон анхдагч ах, эгч нарыг бид Ардчилсан хувьсгалын партизанууд, баатрууд гэж үздэг.

-Ардчиллын үнэ цэнэ юун дээр тогтдог юм бэ?

-Маш олон зүйл бий. Гэхдээ эрх чөлөө гэх үгэн дээр л ардчиллын үндсэн тодорхойлолт явдаг болов уу гэж боддог. Эрх чөлөө олон төрөл шүү дээ. Хувь хүн, хууль ёс, шударга ёс, эдийн засаг, үндэсний эрх чөлөө гээд олон төрлийн эрх чөлөөтэй. Би “Ардчилсан тогтолцоог эдгээр олон эрх чөлөөнүүдийн нийлбэр” гэж хэлнэ.

-30 жилийн хугацаанд бид эдгээр олон эрх чөлөөг бүрэн дүүрэн эдэлж чадахаар хэмжээний Ардчилалд хүрч чадсан уу?

-Эрх чөлөөгөө бид эдэлж байгаа. Монгол Улс эрх чөлөөний индексээрээ дэлхийд дээгүүрт ордог. Ардчилсан хувьсгал Монголд ирснээр бидэнд ирсэн үндсэн эрх чөлөө бол хүн ёсны, үгээ чөлөөтэй хэлэх, жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Гэхдээ ганц Монгол гэлтгүй дэлхийн ардчилал популист гэж ярьдаг поп амлалтуудад гүйцэгдэх үзэгдлүүд гарсаар байна.

Мөн бусад улс төрийн хүчнүүд буюу МАН-ын зүгээс хуучин нийгмийг сайн сайхан байсан мэтээр сурталчлах, тэр үед амьдрал сайхан байсан гэж итгүүлэх үзэл суртлын зүйлс явуулах, аливаа асуудлыг ардчиллын зарчмаар бус шийдэх гэсэн сорилтууд бидэнд тулгарч байгаа. Гэхдээ төв Азийн цээжинд буй Монгол орон тоталитар дэглэмтэй дэлхийн хоёр том гүрний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзагатай адил байрлалтай оршдог ч ардчилал хангалттай хөгжиж байгаа гэж үзэж байна.

-Хуучин нийгмийг сайн сайхан байсан мэтээр сурталчилж байна гэлээ. Нийгмийн хандлага дарангуйллын нийгмийг нэлээд дэмжих болсон. Ялангуяа сошиал орчинд. Энд таны байр суурь ямар байдаг вэ?

-Монголчууд бид агуу их түүхтэй, дэлхийн талыг эзэлж явсан нүүдэлчин ард түмэн. Бид баригдмал, барьцаагдмал зүйлд угаас дургүй. Монголчууд онгон зэрлэг тал шигээ задгай сэтгэдэг, баригдмал бус эрх чөлөөтэй байхыг дээдэлдэг. Ийм хүмүүсийг Манж дарлалдаа 220 орчим жил, ЗХУ 70 жилийн хугацаанд Москвагаас хамааралтай социалист нийгэмд байлгасан. Энэ хоёр дарамт унаж монголчууд бид өөрсдийн толгойг дааж, сайхан амьдрах уу, үгүй юү, өлсөх үү, цангах уу гэдгээ өөрсдөө шийддэг болсон нь Ардчиллын 30 жилийн үнэ цэнэ. Хуучин нийгмийг сайхан, муухай байсныг 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд огт мэдэхгүй. Тэрний өмнө байсан бид нар болон биднээс дээш насны хүмүүс ямар хэцүү байсныг мэднэ. 2008 оны долдугаар сарын 1-нд нэгхэн телевиз эфирээ цацаж, гадаа гудамжинд буутай цэрэг цагдаа зогсч, хэвлэл мэдээлэл зогссон тэр гурав дөрөвхөн хоногт л ардчиллын үнэ цэнэ гэдэг зүйлийг бид мэдэрсэн шүү дээ. Тэгтэл өмнөх нийгмийг сайн сайхан байсан мэтээр кино, суртал ухуулгаар тарааж байгаа явдал буруу. Энэ бол худал суртал ухуулга. Энэ зүйлд ард түмэн итгэхгүй ээ, монголчууд ардчилал, эрх чөлөөндөө хайртай. Ардчиллын үр өгөөжийг ганцхан Ардчилсан нам хүртээгүй. Монголын бүх ард түмэн хүртсэн. Ялангуяа МАН-ын толгойд сууж байгаа эх баригчид бусдаас 1000 дахин илүү хүртсэн.

-Ардчилсан намын зүгээс ардчиллын 30 жилийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?

-Нэгдүгээрт, ардчиллын партизануудаа бид хэзээ ч мартаж болохгүй. Тэр хүмүүсээ алдаршуулах, шагнах ажиллагаануудыг жил бүр хийнэ. Тэрнээс хойш дунд, залуу үеийнхэн бидэнд Ардчилсан намын нэр хүндийг унагахгүй, өдөр бүр өнгөлж тордох үүрэг ногдсон. Мөн 30 жилийн хугацаанд бид юу хийв. Ардчиллын 30 жил бидэнд юу авчирсан юм. Алдаа, оноо нь юу байв гэдгийг дүгнэж байгаа. Ардчилал бол ганцхан Ардчилсан намын өмч биш.

Монголын гурван сая 300 мянган хүний амьдралд тусгалаа олсон зүйл. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Жишээ нь, Дэлхийгээр аялагчид гэх фэйсбүүк групп 610-аад мянган гишүүнтэй. Энэ группээс харахад монголчуудын очиж үзээгүй улс орон газар, өнцөг үлдсэнгүй шүү дээ. Явсан газар орнынхоо сонин хачныг энэ групп дээр ярилцаж байна. Энэ бол нөгөө л газар оронд визгүй зорчих, визтэй бол хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих энэ боломжийн үр юм. Үүний баталгаа нь зөвхөн сошиал орчинд ингэж харагдаж байна. Жижигхэн жишээ шүү дээ. Хоёрдугаарт, дараагийн гучин жил яах вэ. Монгол Улсыг хааш нь залж явах, бид ардчиллаа яаж хамгаалахав, хэрхэн ард түмнээ сайхан амьдруулах вэ, авлига хээл хахуулийг яаж устгах вэ гээд ирээдүйн 30 жилийн хөгжлийг ямар төлөвлөгөөгөөр харж хөгжүүлэх вэ гэдэг зүйлийг ярилцаж байгаа. Үүнийг цаашдаа ч ярина.

-Ойн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Ойн баярыг бид долоо хоногийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ардчилсан хувьсгалтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын партизануудад зориулсан гар зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг арван арванаар нь гаргасан ардчиллын таван боть ном, ардчилсан хувьсгалдаа зориулсан урлаг спортын наадмын финаль, гала тоглолтууд, уламжлал ёсоор мөн энэ сарын 7-ны өдөр ардчиллын хүний эрхийн өдөрт зориулсан барилдаан энэ сарын 8-нд, 9-нд эмэгтэйчүүдийн холбоонынхон маань цэнгүүн зохион байгуулна. Энэ сарын 10-ны өдөр Цогтсайхан агснынхаа хөшөөнд цэцэг өргөх энэ үйл ажиллагаанууд явагдсанаар баярын үйл ажиллагаа өндөрлөнө. Мөн таван нам нэгдсэн ой энэ өдрүүдэд давхцдаг. Энэ хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулна.

-Ардчиллын 30 жилийн ойн медалийг хуулиар баталлаа. Энэ талаар ярихгүй юу?

-Ардчилсан хувьсгалыг ямар чухал вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч үнэлээд зарлиг гаргаж ардчилалд зүтгэж буй, зүтгэж байсан хүмүүсээ төрийн одон медалиар шагнасан. Энэ хүрээнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг УИХ-аар батлаад Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох гэж байна. Манай нам болоод Монгол Улсын хувьд чухал ой учраас шагнал ч гэсэн партизанууд, зүтгэлтнүүдэд хүрнэ. Энэ сайхан нийгмийг бидэнд авчирсан ах нартаа өнөөдөр ч, цаашид ч талархаж явах ёстой.


Categories
мэдээ улс-төр

В.Путин: Евразийн эдийн засгийн холбоотой яриа хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна

ОХУ болон Монгол Улсад гуравдагч орнуудын оролцоотой эрчим хүчний хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сайхан боломжууд бий гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахдаа мэдэгджээ.

“Эрчим хүчний хувьд бидэнд хөгжих сайхан боломж, тэр дундаа гуравдагч орнуудын оролцоотой хөгжих боломж бий. Мөн мэдээж хэрэг, хүндэт ноён Ерөнхий сайд аа, бид Монгол Улсыг Евразийн эдийн засгийн холбоотой яриа хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Манай монгол найз нөхөд ийм хамтын ажиллагааг сонирхож байгааг бид мэднэ” гэж В.Путин хэлсэн байна.

Түүний хэлснээр, Орос-Монголын бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн онд 21 хувиар өссөн бол энэ оны эхний найман сард 15 хувиар өсжээ.

“Газпром байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлж эхэллээ. Роснефть нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Мөн эрчим хүч нийлүүлж байгаа. Хөдөө аж ахуй бараа эргэлтэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч нэмж хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12 дугаар сарын 3-нд Москва хотноо ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй үр өгөөжтэй хэлэлцээ хийж, чухал асуудлуудын талаар санал нэгдсэн болохыг онцлон дурдав. “Бид эрчим хүчний салбарын болон нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр манай хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг, хийн хоолой барих, мөн хоёр талын харилцааны стратегийн бусад чиглэлийг хэлэлцлээ” гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн байна. Тэрбээр хоёр улсыг амжилттай хөгжиж буй уламжлалт найрсаг харилцаа холбодог гэж цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд нарын уулзалтад шадар сайд Алексей Гордеев, ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин, “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин нар оролцсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт, гавьяат, доктор, профессоруудаараа гоёсон ангийнхан

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВИЙН 10 ЖИЛИЙН ДУНД СУРГУУЛИЙГ 1955 ОНД ТӨГСӨГЧДИЙН 65 ЖИЛИЙН ОЙД


Урд эгнээнд зүүнээс: Н. Нямшир, Ц. Дэмчигдорж, Г. Гайтав Арын эгнээнд зүүнээс: В. Мишиг, Ц. Базарцэрэн, С. Лодой, Ж. Раднаабазар

Арвайн тал цэцэг ногоогоор дүүрэн халиурсан зуны эхэн сар буюу 1955 оны долдугаар сард одоогоос 65 жилийн тэртээ Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн бүрэн дунд сургуультай болсны дөрөвдүгээр төгсөлтийг 13 сурагч төгсжээ. Сурагчид бид эхэлсэн хичээл, шинэ ирсэн багш нарын зан араншинг хоорондоо ярилцан, сургуулийн байшингийн урд хичээлийн завсарлагаар цуглан элдвийг ярьж, зарим нь аав, ээж, ах дүүгээ санан алсыг ширтэн санаа алдана.Тэр үед аймгийн төв хойд талын хийдийн тууринаас хамгийн урд манай сургууль хүртэл алхахад долоон минут, зүүн эмнэлгийн дэнжээс баруун зах хүрэхэд найм орчим минут явна. Аймгийн төвд 200 хүрэхгүй өрх айл 1000 орчим хүн амьдарна. Өвөл сургуулийн хүүхдүүд ирж 2000 орчим хүнтэй болох ч аймгийн төв маш тайван, хэрэг төвөг, зодоон цохион огт гарахгүй, бас архи уудаг хүн огт байхгүй. 1952 онд манай 10 жилийн сургуульд улсын их сургууль төгссөн тоо физикийн багш Л.Лхагвасүрэн, хэл бичгийн багш Ж.Насантогтох, багшийн дээд сургууль дүүргэсэн хоёр багш томилогдон ирж ажиллаж билээ. Ж.Насантогтох багш манай ангийг даан 10 дугаар анги төгстөл гурван жил биднийг хүмүүжүүлсэн юм. Насантогтох багш биднийг хүмүүжин төлөвшихөд нэн их хөдөлмөр хүчээ зарцуулсан билээ. Биднийг 4-5 дугаар ангид алдарт сурган хүмүүжүүлэгч хүүхдүүдийн нэрлэснээр ижий багш Ж.Лувсанмаа дааж долдугаар ангид шилжүүлэн өгсөн билээ.

1953 онд наймдугаар ангид 1. Раднаабазар Жанчивын 2. Хайдав Сангидоржийн 3. Лодой Соотонгийн 4. Дашдорж Ширбазарын 5. Гайтав Гүнтэвийн 6. Дорж Ёндонловдонгийн 7.Базарцэрэн Цэвэлийн 8.Нямшир Нацагнямын 9.Лодойдамба Цэрэндоржийн 10.Дэмчигдорж Чимэдцэрэнгийн 11.Цоодол Шоовдорын 12.Цэвэлмаа Жагваралын 13.Мишиг Ванданхайдавын нар суралцажээ. 1955 онд 10 жилийн дунд сургуулийн дөрөвдүгээр төгсөлтөөс сурагч Ж. Раднаабазар нэг анги алгасан есөн жил дараалан онцсайн дүнтэй суралцан онц сурлагатны тусгай аттестаттай төгссөн юм. Тус ангиас 1955 онд Монгол Улсын их сургуулийн анагаахын салбарт Ж.Раднаабазар, Г.Гайтав, мал эмнэлгийн ангид Ц.Базарцэрэн, Ч.Дэмчигдорж, Н.Нямшир, биологийн ангид В.Мишиг, багшийн дээд сургуулийн тоо физикийн ангид Ё.Дорж, орос хэлний ангид Ш.Цоодол, газарзүйн ангид Ж.Цэвэлмаа, химийн ангид Ц.Лодойдамба, цэргийн дээд сургуульд Ш.Дашдорж, ЗХУ-д С.Лодой нар суралцсан билээ. Бид тавдугаар ангид гурван анги 100 гаруй сурагчид элсэн суралцсан бөгөөд наймдугаар ангид үүнээс 13 хүүхэд дэвшин суралцаж, бусад нь Улаанбаатар хотын техникумуудад суралцжээ. Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг байгуулагдан бэхжихэд Рабфак-ийн гурав Жогийн Лувсанмаа (монгол хэл, тоо), Б.Доржцэрэг (орос хэл), Довдонгийн Лондон (орос хэл) нар үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Өвөрхангай аймагт Р.Гэлэгпил, Ч.Мачийжамба, Ж.Панигаа, Л.Лхагвасүрэн, Г.Сайнням, Г.Шовдор, А.Лувсандаш (хими) нарын алдартай сурган хүмүүжүүлэгч нар ажиллаж байсан алтан үеийг дурсан санахад таатай байна аа. Бид 13 л гадаад хэл сонирхож есдүгээр ангид байхдаа орос багш Дусягаар хэл заалгаж орос, зөвлөлтийн утга зохиолтой анх танилцсан юм. Манай ангийн сурагчид гадаад хэл сурах сүрхий авьяастай, Ё.Дорж орос герман, Н.Нямшир орос франц, Ц.Дэмчигдорж орос төвд, Ж.Раднаабазар хэд хэдэн улсын хэлээр ярьдаг, бичдэг билээ. Өвөрхангай аймгийн 10 жилийг 1955 онд төгссөн 13 сурагчдаас их орныхоо өмнө хийсэн бүтээсэн зүйлийг товч дурдъя. Хүний их эмч Ж.Раднаабазар, Г.Гайтав нар эрүүлийг хамгаалах салбарт олон жил ажиллажээ.

Их эмч Г.Гайтав 30 гаруй жил ажиллахдаа 23 жил сайд нарын зөвлөлийн тусгай эмнэлэгт ерөнхий сайд, ерөнхийлөгчийн эмчийн ажлыг 23 жил хийжээ. Их эмч Г.Гайтав шиг төр засгийн удирдагч нарын эмчийн ажлыг олон жил хийсэн эмч одоогоор гараагүй байна. Г.Гайтав сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнхийн эрүүл мэндийг 10 гаруй жил, 1990 оноос эхлэн Ерөнхийлөгч П. Очирбат, Н.Багабанди нарын эрүүл мэндийг хариуцан ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Зүүнээс: Ш. Дашдорж, Ж. Цэвэлмаа, Ж. Раднаабазар 1954 он

Профессор Ж.Раднаабазар 1955 онд МУИС-ийн анагаах ухааны салбарт 200 гаруй оюутан элсэн суралцсанаас таван жилийн 10 улирлын шалгалтаар ангиасаа ганцаараа онцсайн дүнтэй суралцан маршал Чойбалсангийн нэрэмжит цалинтай төгсжээ. Профессор Ж. Раднаабазар 1960 оноос эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын ажлыг 60 дахь жилдээ хийж байна. Тэрээр 1970 онд ЗХУ-д гурван жил асперантурт суралцан дэд эрдэмтэн, 1999 онд Колумбын нээлттэй их сургуульд анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг англи хэлээр хамгаалжээ. Профессор Ж.Раднаабазар хэд хэдэн судлаачийн эрдэм шинжилгээний ажлыг удирдан, докторын зэрэг хамгаалуулан, 20 шахам гадаад дотоодын эмч нарын шинжлэх ухааны магистрын ажлыг удирджээ. Анагаах ухааны сурах бичиг, нэг сэдэвт зохиолууд, анагаах ухааны Англи-орос-монгол, Орос-англи-монгол, Герман-орос-монгол, Франц-орос-монгол толь зэрэг 38 ном хэвлэн, 20 гаруй ном англи орос хэлнээс орчуулан нийтлүүлжээ. Мөн эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэл нийтлүүлснээс 20 гаруй бүтээл нь (Ланцет)American journal of hu­man genetics, British jour­nal of human genetics зэрэг дэлхийн алдартай сэтгүүлд Энэтхэг, АНУ, Иx Британи, Хятад, Япон, Солонгос, Тайланд зэрэг олон оронд нийтлэгджээ. Профессор Ж.Раднаабазарын 15 бүтээл орос хэлээр Орос ба Европын орнуудад нийтлэгдсэн байна. Мөн анх удаа Монголд анагаах ухааны сурах бичгийг англи хэлнээс орчуулан 40 гаруй жилийн өмнө хэвлүүлсэн ба Монголын анагаахын эрдэмтдээс англи хэлээр Энэтхэгийн “Pediatrics” сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн анхдагч юм. Профессор Ж.Раднаабазар ДЭМБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийн хороонд Монголоос анх эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон зургаан жил ажиллажээ. Профессор Раднаабазар Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд дэлхийн гэр бүлийн нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүсийн хорооны тэргүүлэгч гишүүнээр 13 жил сонгогдон ажиллажээ. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг Монголоос НҮБ-ын батламж авсан төрийн бус анхны байгууллага болжээ. Профессор Ж.Раднаабазар Америкийн хүн судлалын нийгэмлэгээс жил бүр дэлхийн 2000 онцгой хүн шалгаруулан нийтэлдэг номонд 2008 онд Монгол Улсаас бичигдэн нийтлэгджээ. Профессор Ж. Раднаабазар Монголын нэрийг дэлхийд алдаршуулсан 17 эрдэмтний тоонд орсон билээ. Түүний бүтээлээс дэлхийн 1000 гаруй эрдэмтэд өөрсдийн бүтээлд ишлэл татжээ. Профессор Ж.Раднаабазарын ажил бүтээлийн тухай АНУ, Англи, Япон, Солонгос, БНХАУ, Тайланд, Энэтхэг, Малайз зэрэг орнуудад 15 удаа Монгол Улсад 60 гаруй удаа хэвлэлд нийтлэгдэж Монголд түүний тухай телевизийн богино хэмжээний кино дөрөв бүтээгджээ. Профессор Ж.Раднаабазар одоо Америкийн газарзүйн нийгэмлэг, Америкийн бүх сувилагчдын нийгэмлэгийн жинхэнэ гишүүнээр ажилладаг. Профессор Ж.Раднаабазарын эрдэм шинжилгээний бүтээл-ном хоёр удаа Монголын шинжлэх ухааны тэргүүн бүтээлээр шалгарч, мөн Монголын оюуны чадамж (IQ 130- с дээш) өндөртэй хүнээр 2010 онд бүртгэгджээ. Профессор Ж.Раднаабазар, профессор Р.Эрдэнэтунгалагийн хамт төрөлхийн удамшлын дүлий өвчний үед гардаг гурван шинэ хувьсамж (мутаци) нээж Америкийн HumanGenetics сэтгүүлд нийтлэн патент авчээ.

Профессор Ц. Базарцэрэн 1960 онд ХААДС-ийг төгсөөд мал эмнэлгийн салбарт тасралтгүй 60 шахам жил ажилласан юм. Профессор Ц.Базарцэрэн мал аж ахуйд ихээхэн хохирол учруулж байсан (үхрийн нүдний цийлэг), (үхрийн дэлэнгийн өмрөө) өвчнийг шинээр оношлон тэмцэх арга хэмжээг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үхэр сүргийг эрүүлжүүлсний үр дүнд улсад жил бүр олон сая төгрөгийн ашиг оруулсаар байна. 10 аймгийн 40 гаруй САА-д үржүүлж байсан зургаан төрлийн үүлдрийн 40 гаруй мянган үхэр лейкозоор халдварласныг тогтоож эрлийз үхэр уг өвчнөөр өвчилдгийг анх удаа оношилжээ. Профессор Ц.Базарцэрэн өөрийн судалгааны ажлын үндсэн дээр үхрийн лейкозыг оношлох бэлдмэл зохион бүтээж өөрийн орны хэрэгцээг бүрэн хангаж байгаа ба үхрийг лейкозоос эрүүлжүүлэх арга бий болгожээ. Түүний судалгааны ажлын үр дүн нь бэлчээрийн монгол малын лейкозын судалгаанд шинэлэг ажил болсон бөгөөд сарлаг, хайнаг тэмээний лейкозыг тогтоосон нь дэлхийд анхдагч болжээ. Түүнчлэн 1986 онд үхрийн дэлэнгийн өмрөөг оношлох сэргийлэх арга боловсруулсан нь (сэдвээр) Мал эмнэлгийн ухааны доктор, 1999 онд арвин ашигт шимт үүлдрийн үхрийн лейкозын эпизотын байдал түүнтэй тэмцэх арга боловсруулсан сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Профессор Ц.Базарцэрэн биет бүтээгдэхүүн тавыг зохион бүтээж долоон ном сурах хамтран бичжээ. Мал амьтдын вируст өвчин цуврал ном нь 20 дугаар зууны шилдэг бүтээлээр өргөмжлөгдөн төрийн шагнал хүртжээ. Мөн эрдэм шинжилгээний 60 гаруй өгүүлэл нийтлүүлсэн ба гадаадын Journal of virological methods, Nature сэтгүүлд тус бүр нэг өгүүлэл хэвлүүлжээ.

Профессор Н.Нямшир 1960 оноос мал эмнэлгийн салбарт ажиллаж, 1963-1965 онд ХААДС-д багш, 1965-1994 онд МЭЭШ Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, бруцеллоз судлалын лабораторийн эрхлэгчээр, 1979-1980 онд ЭЗХТ зөвлөлийн гишүүн орнуудын шугамаар Африк тивийн Ангол улсад мал эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх экспедицэд Монголоос анх ажилласан малын эмч юм аа. Профессор Н.Нямшир Казахстаны Алма Ата хотын зоо мал эмнэлгийн дээд сургуульд аспирантурт суралцан тахианы сүрьеэ өвчин сэдвээр мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Профессор Н.Нямшир эрдэм шинжилгээний өгүүлэл ном гарын авлага заавар зөвлөмж зэрэг 118 бүтээл хэвлүүлжээ.

Профессор С. Лодой 40 гаруй жил МУИС-д багшилж Монгол Улсын санхүүгийн зарим асуудал сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тус ангийн Ш.Цоодол, Ж.Цэвэлмаа, Ц.Лодойдамба, Ё. Дорж, С. Хайдав нар ардын боловсролын салбарт олон жил ажиллажээ. Ш.Цоодол, С.Хайдав нар Өвөрхангай аймгийн олон суманд сургуулийн захирлын ажлыг хийжээ.

Хурандаа Ш.Дашдорж 1958 оноос нисэх албанд ажиллан АН-24 онгоцны дарга нисгэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Сургагч нисгэгч Ш.Дашдорж 1970 оны сүүлчээр Монголын үйлдвэрчний эвлэлийн их хуралд оролцсон Өвөрхангай аймгийн төлөөлөгчдийг тээвэрлэж явсан АН-24 онгоцны дугуй гацаж осол гарсан тул уул онгоцыг өехийгөөр нь дугуйгүй гулсуулан буулгасан анхны онгоцны нисгэгч дарга билээ.

Малын их эмч Ц.Дэмчигдорж орон нутагт нэгдлийн дарга зэрэг ажлыг 30 гаруй жил гүйцэтгэжээ. Биологч В.Мишиг их сургуулийн биологийн салбарыг гэр бүлийн хамт дүүргэж бүх насаараа МОНЦАМЭ агентлагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Тус ангийн хамт олон нэг сэдэвт зохиол, ном сурах бичиг 50 орчмыг бичин хэвлүүлж, мөн эрдэм шинжилгээ болон нийтийн боловсролд зориулсан гэгээрүүлэх өгүүлэл 700 гаруйг нийтлүүлжээ. Монголын нэр төрийг дэлхийд өргөх Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх ажилд тус ангийнхан үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 1955 онд 10 жилийн дунд сургуулийг төгссөн 13 сурагчаас хүний гавьяат эмч, төрийн шагналтан тус бүр нэг, шинжлэх ухааны доктор-2, доктор-2, профессор-4 цолтон төржээ. Монголын нэрийг дэлхийд өргөх, Монголын ард түмнийг соён гэгээрүүлэхэд тус ангийнхан үнэтэй хувь нэмэр оруулсан юм.Төгсөгчдийн дундаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дөрөв, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор хоёр, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр сурагч тус тус шагнуулжээ. Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг 1955 онд төгссөн 13 сурагчаас эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг тус сургуулийн биднийг залгамжлан төгсөж байгаа дүү нартаа өвлүүлэхийн сацуу Өвөрхангай аймгийн хөдөлмөрсөг олон түмэнд зориулан 1935 оны гахай жилтэн бид гурван ангийнхаа хамт олны тухай энэхүү дурсамжийг бичиглэв.

Утас:99666888

E-mail:jaradnaabazar@yahoo.com

Проф. Ж. Раднаабазар, Проф. Ц. Базарцэрэн, Проф. Н. Нямшир

2019 оны 11-р сарын 11-ны өдөр Улаанбаатар хот.

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад зүс царай сайжирна

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 6, Сугар гариг. Билгийн тооллын 10, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:25 цагт мандан 17:00 цагт жаргана. Энэ өдөр мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих зэрэг үйлд сайн. Урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөхөд сөрөг муу нөлөөтэй.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад зүс царай сайжирна.

Categories
мэдээ улс-төр

Улсын дээд шүүхийн шүүгчтэй танилцаж, хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.12.05) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул Байнгын хорооны саналаар санал хураалтыг явуулав. Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасан.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа

Үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ”, 41.2-т “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Болдын Амарбаясгалан нэр дэвшүүлснийг танилцууллаа. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

Б.Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ.

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, О.Баасанхүү, Х.Нямбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс Үндсэн хууль хэрэгжих үед шүүхийн тухай холбогдох хуулиудыг шинэчлэн боловсруулах тул энэ асуудалд анхаарлаа хандуулах, шүүх, хуулийн байгууллага шударга бус ажиллаж байгааг таслан зогсоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, шүүхийн шийдвэрийг ил тод болгоход онцгойлон анхаарах шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, улс төрийн нөлөөнд автахгүй, хууль зүйн ухааны докторын хувьд дээд шүүхийн үүрэг болох эрх зүйн хөгжүүлэлтэд анхаарч ажиллахыг захиж байв.

Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан талаар Монгол Улсад Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэхээр тогтов.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажиллуулах Ажлын дэд хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын дэд хэсэг нийт найман удаа, ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хороонд оруулсан. Байнгын хорооны хуралдаанд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх саналыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдсан.

Хуралдаанд харилцаа холбоо зохицуулах хороо, Монголын телевизүүдийн холбоо болон олон суваг дамжуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Л.Болд, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хууль батлагдсанаар эцсийн хэрэглэгч болсон үзэгчдийн телевизийн хураамж нэмэгдэх эсэх, олон нийтийн радио, телевизийн бэлтгэн дамжуулж байгаа зохисгүй мэдээлэлд хязгаар, хориг байгаа эсэхийг илүүтэй тодруулахын зэрэгцээ сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариултдаа, Олон сувгийн дамжуулалт эрхэлдэг бизнес эрхлэгчид үзэгчдийн хураамжныхаа 15-аас доошгүй хувийг үндэсний түүх, уламжлал, хүүхэд, танин мэдэхүй зэрэг таван чиглэлээр контент бэлтгэхэд зарцуулахаар тохирсон. Нөгөө талаас өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн бүтээл нь чанартай байх шаардлага тавигдана. Үзэгчдэд ямар нэгэн төлбөрийн дарамт учруулахгүй. Үүн дээр талуудад ямар нэгэн үл ойлголцол байхгүй гэдгийг дурдав.

Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний контентыг дэмжих гэсэн заалт орсон. Хууль батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн бие даасан 80 гаруй телевиз, радиогийн оюуны өмчийг дэмжинэ гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн.

Хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид эзэмшигчээ ил болгох, 25 дугаар зүйлд редакци хариуцлагатай байж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөх үүргийг оруулсан бол 27 дугаар зүйлд олон нийт, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахын тулд хориглосон агуулгатай тодорхой заалтуудыг тусгасан гэдгийг Ажлын хэсгийнхэн хариултдаа онцлов. Мөн сангийн хөрөнгийг зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд олгох бус үндэсний бүтээл хийдэг нөхцөл шаардлага хангасан бүх үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна гэж байлаа.

Ингээд хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “4.1.1.“өргөн нэвтрүүлэг” гэж радио, телевизийн хөтөлбөр бэлтгэх, тэдгээрийг нэгтгэн харилцаа холбооны сүлжээ, төхөөрөмжөөр нэг цэгээс олон нийтэд нэгэн зэрэг хүргэхийг;” гэж, төслийн 4 дүгээр зүйлийн “4.1.3.“радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ” гэж радио давтамж ашиглан сүлжээ байгуулж, хэрэглэгч хүлээн авах төхөөрөмж ашиглан радио, телевизийн үйлчилгээг тодорхой хамрах хүрээнд үнэ төлбөргүй хүлээн авах боломжоор хангах үйлчилгээг;” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлд “4.1.20.“бүтээл” гэж зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг;”, 4.1.21 .“өргөн нэвтрүүлгийн радио, телевиз” гэж олон талт хөтөлбөртэй энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан үйлчилгээний сүлжээгээр заавал дамжих арилжааны радио, телевизийн үйлчилгээг; 4.1.22.“төлбөртэй радио, телевиз” гэж хэрэглэгч тухайн сувгийг сонгон, олон суваг дамжуулах үйлчилгээгээр дамжуулан төлбөр төлснөөр идэвхижих радио, телевизийн үйлчилгээг;” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “6.1.5.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ;”, “6.1.6 төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ.” гэж, төслийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “7.4.5.энэ хуулийн 6.1.6-д зааснаас бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах;”, “7.4.6. гадаадын хөрөнгө оруулагч бүхий хуулийн этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох.” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн төслийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг “Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна” гэж, төслийн 23 дугаар зүйлийн 26.6.5 дахь хэсгийг “өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг” гэж өөрчлөн найруулахаар болов. Радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавих, радио, телевиз эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглох саналыг дэмжлээ.

Мөн төслийн 24 дүгээр зүйлд “24.6.Төлбөртэй радио, телевиз болон теле-худалдааны чиглэлээр төрөлжсөн радио, телевизээр зар сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглоно.” гэсэн хэсэг нэмэх, төслийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “29.1.5.Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг сонгох шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагыг батлах, сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих;” гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарыг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүргийг зохицуулсан 31 дүгээр зүйлийг шинээр нэмж тусгахаар болж, уг хуулийн төслийг “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” дагаж мөрдөхөөр өөрчилснийг тус тус дэмжлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан найруулгын саналууд болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Ингээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр үдийн цайны завсарлага болсон тул чуулганы хуралдаан завсарлалаа

Categories
мэдээ улс-төр

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг батлав.

Тогтоолын төслийн 2 дахь заалтад “зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох”, “ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх”, ”санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, зохицуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох хэрэгцээ, шаардлагыг судалж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн 6, 7, 8 дахь дэд заалт нэмэхээр төсөлд тусгажээ.

Мөн тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хяналтаас 2020 онд багтаан гарах” гэж, тогтоолын хавсралтын 2.2 дахь заалтыг “Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, системийн нөлөө бүхий банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар банкуудыг хугацаатай үүрэгжүүлэх арга хэмжээг авна” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ хэр байгаа талаар тодруулж асуусан. Мөн тэрбээр монгол төгрөгийн ханш унаж буйг дурдаад монгол төгрөгийн өгөөж бий эсэхийг лавласан.

Монголбанкны ерөнхийлөгч болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13-15 хувь байгаа нь гадаад валютын хадгаламжаас өндөр байгаа бөгөөд энэ нь төгрөгийн өгөөж валютынхаас өндөр буйг харуулж буй үзүүлэлт аж. Банкны систем дэх чанаргүй зээл 10 хувь байгаа гэлээ. Чанаргүй зээлийн хэмжээ 2016 онд 12 хувь, өнгөрсөн онд 11 хувь байсан бөгөөд энэ үзүүлэлт бага багаар буурч байгаа ч төдийлөн хангалттай хамжээнд хүрэхгүй байгааг Ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн. Зээлийн эргэн төлөлттэй холбоотой маргаан үүсч, шүүхийн шатанд зээл төлүүлэх ажиллагаа 5-7 жилээр үргэлжилдэг гээд энэ бүхэн хууль эрх зүйн орчинтой ч холбоотой гэдгийг дурдсан.

Ингээд тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг эцэслэн баталлаа.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан бүтээгдэхүүн болох хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц үйл ажиллагаа юм. Гэтэл хот, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, байгаль орчныг бохирдуулан, энэ нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдсан. Тухайлбал, 2017 оны тоогоор улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж бүртгэгдсэнээс хэвийн ажиллагаатай 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй м бохир ус байгальд шууд хаягдаж байгаль орчныг бохирдуулдаг байна.

Түүнчлэн цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усны багагүй хэсгийн төлбөр тооцоог хариуцах эзэн олдохгүй байгаа нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулж байгаа аж. Тухайлбал, УСУГ хоногт 150-160 мянган м ус олборлон түгээж, 160,0-180,0 мянган м бохир ус татан зайлуулдаг бол хур тунадас ихтэй зун, намрын улиралд 230 орчим мянган м ус цэвэрлэдэг бөгөөд үүний зөрүү төлбөрийг хариуцах эзэнгүй үлдэхийн зэрэгцээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг байна.

Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлага бий болжээ.

Дээрх хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ус хангамж, ариутгах татуургын хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг хэрэгжүүлэх замаар хариуцлагыг дээшлүүлэх зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нийслэлээс гадна зарим аймаг, сумдын иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй ус хэрэглэн, эрүүл мэндээр хохирч байгаа талаар онцолж байлаа.

Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, экологийн цэвэр усаар иргэдээ хангахын тулд хяналтын механизмыг сайжруулах, энэ чиглэлээр улсын байцаагч ажиллуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэлээ. Мөн хариуцлага тооцохтой холбоотой зохицуулалтуудыг бусад хуульд тусган шийдвэрлэх боломж бий гэдгийг мөн тодруулан хэлсэн.

Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.

Тэрбээр, Үндэсний их баяр наадам нь Монгол Упсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт зан заншил, соёл, урлаг, спорт, үндэсний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой тэмдэглэлт баяр юм. Монгол Улсын Их Хурал 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталсан цагаас хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад тулгардаг аливаа хүндрэлийг зохицуулах талаар 2007 оноос хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна гэлээ.

Тиймээс монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасч, олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан бөгөөд хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамдаа түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх талаар хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, хурдан морины уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор уралдааны замд дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг оруулжээ.

Хаврын морин уралдаан зохион байгуулж ирсэн түүхэн уламжлал болон өнөөгийн нөхцөлд хурдан морь уяж, уралдуулах нь малчдыг орон нутагтаа тогтвор суурьшилтай оршин суухад түлхэц үзүүлэх нэгэн төрлийн ажлын байр болсон зэргийг харгалзан үзэж, ил ба далд хэлбэрээр явагддаг олон арван уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор хаврын уралдааныг орон даяар нэг удаа зохион байгуулж, бусад цагт хуулиар хориглох, хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12 ба түүнээс дээш настай байх нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ улс-төр

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 55 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.

Эхлээд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын дээрх төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар үг хэлэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ дагуу, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь уг саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх юм байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Содбилэг нар асуулт асууж, хариулт авсан юм. Өр, зээлийн талаарх тодруулсан гишүүдийн асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариулт өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Засгийн газрын нийт өр 22.7 их наяд бөгөөд үүний 11.6 их наяд орчим нь олон төрлийн эх үүсвэрээс орж ирсэн хөнгөлөлттэй зээлүүд байгаа аж. Өрийн хязгаар хуулиараа 75 хувь байх зохицуулалттай бөгөөд Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлвэл 53.6 хувь буюу хуулийн хүрээнд байгаа. Засгийн газрын зүгээс өр, зээлийг нэмэгдүүлэхгүй байх бодлогын хүрээнд ажиллаж байгаа гэлээ. Нийгмийн салбарын бүтээн байгуулалтуудын санхүүгийн зарим эх үүсвэрийг олон улсын хөгжлийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр 2-оос бага хувийн хүүтэй, 20-25 жил буюу урт хугацаатай, 3-5 жил нь хүүгийн төлбөрөөс чөлөөлөгддөг хөнгөлөлттэй зээлүүдээр бүрдүүлдэг. Энэ төрлийн зээлүүдийг арилжааны чиглэлээр ашиглах боломжгүй, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт болгох нь зохистой байдаг. Монгол Улсын хувьд эрүүл мэнд, боловсролын салбарт шаардлагатай хэмээн үзэж дээрх хөтөлбөрийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг дэд сайд тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд зээлийг зориулалтынх нь дагуу ашиглаж, зорилтот бүлгийн иргэдэд үр ашгийг хүргэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив. Иймд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Хуралдааны үеэр Байнгын хорооны даргын зүгээс Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн яамнаас буцаан татаж, богино хугацаанд бүрдлийг ханган дахин өргөн мэдүүлэхийг үүрэг болгов. Энэ тохиолдолд Байнгын хороо яаралтай горимоор хэлэлцэн, шийдвэрлэх болно гэдгийг хэлсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолтын төслийг хэлэлцэхээр товлосон бөгөөд хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм

Categories
мэдээ нийгэм

Олон тооны хятад иргэдийн гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулж ирснийг илрүүлэв

Гаалийн ерөнхий газраас ноцтой зөрчил илэрсэн тухай мэдээллээ.

Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч намын бүлэг, зөвлөл болон гишүүдэд хуулийн төсөлтэй танилцаж уншиж судлах боломж олгох үүднээс гишүүдээс гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлуулаад байв.

Ингээд төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцуулав.

Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв. Хамгийн сүүлд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан бөгөөд уг хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хуулийн дагуу Улсын Их Хурлын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг явуулах явцад хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, сонгуульд оролцогч нам, эвслээс илэрхийлж байсан байна.

Дээрх 3 төрлийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинж чанартай бөгөөд тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг цөөнгүй хүндрэлд хүргэж байсан гэж төслийн үзэл баримтлалд дурджээ.

Иймээс Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр тусгажээ. Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.

Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 195 дугаар захирамжаар байгуулагдсан намуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах явцдаа улс төрийн 26 нам, сонгууль зохион байгуулахад оролцдог төрийн 8 байгууллага, мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулсан. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу төслийг вэб сайтад байршуулан олон нийтийн саналыг цахимаар болон бичгээр авах ажлыг зохион байгуулж ажилласан. Түүнчлэн хуулийн төслийг улс төрийн намууд болон сонгууль зохион байгуулж явуулахад төрийн үүрэгтэй оролцдог байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийтдээ 410 гаруй санал ирүүлснээс 320 гаруй саналыг нь гурван хуульд тусгасан. Мөн Засгийн газраас ирүүлсэн 10 саналаас 9-ийг нь төсөлд тусгаад байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Д.Хаянхярваа нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм.

Хууль санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн төсөл нь аль нэг улс төрийн намд зориулагдаагүй, сонгуулийн тогтолцоонд реформ хийхэд чиглэж байгаа. Иргэд сонгогчид болон улс төрийн намууд одоогийн жижиг мажоритар тогтолцоог ихээхэн шүүмжилдэг. Иймээс Улсын Их Хурлын сонгууль нь олонхийн буюу мажоритар тогтолцоотой байх бөгөөд 26 гишүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болж сонгох, харин 50 гишүүнийг жижиг тойргоос шууд сонгохоор тусгасан. Тиймээс энэ нь улс орны хөгжлийн бодлоготой уялдуулж хийж байгаа шинэ зохицуулалт гэж үзэж болно.

Сонгуулийн тогтолцоог сонгохдоо бусад улсын туршлагыг судалж, өөрийн орны онцлог нөхцөлийг харгалзан үзэж зохицуулахыг хичээсэн. Бусад орны жишиг туршлагаас харахад мажоритар нь дотроо улсаараа нэг тойрог болдог, тойргийг бүсчилж тогтоодог, аймаг нэг тойрог болдог, одоогийн манай улс шиг жижиг тойргууд, мөн одоогийн холимог маягийн тогтолцоо гэсэн таван хэлбэртэй байдаг. Түүнчлэн судалгаа хийж үзэхэд хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль хийдэг 76 улсын 37 улс нь намын хаалттай систем хэрэглэдэг бол 39 улс нь бидний санал болгож буй энэ хувилбараар сонгуулиа явуулдаг юм байна.

Тиймээс хуулийн төсөлд сонгогч нь тухайн намаас улсын хэмжээнд буюу том тойрогт нэр дэвшигч 26 хүнээс зөвхөн нэг нэр дэвшигчийг, жижиг тойргоос бас нэг нэр дэвшигчийг дугуйлж саналаа өгөхөөр зохицуулсан. Энэ нь сонгогч намыг биш нэр дэвшигчийг сонгож саналаа шууд өгч байгаа учраас Үндсэн хуульд харшлахгүй гэж үзэж буйгаа хэллээ. Мөн сонгуулийн сурталчилгаа, зардал, түүнд тавих хяналт, сонгуулийн сурталчилгаанд цахим орчныг ашиглахтай холбогдсон шинэ зохицуулалтын талаар гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуулийн төсөлд тусгагдсан сонгуулийн тогтолцоотой холбогдуулан туршилтын саналын хуудас хийж сонгуулийн санал тоолох машиныг шалгаад боломжтой гэж үзсэн. Гэхдээ энэ хувилбараар сонгууль явуулахад саналын хуудасны тоо нэмэгдэхээр байгаа, одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 35 нам улсын хэмжээний тойрогт 26 хүнийг нэр дэвшүүлбэл 4 саналын хуудас болно. Гэтэл төсөвт сонгуулийн зардлыг нэг саналын хуудсаар тооцож баталсан учраас нэмж 3 саналын хуудасны зардал яригдана гэдгийг хэлж байв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.