Categories
мэдээ нийгэм

“Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцэж, дэмжив

Image result for богд уул

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай”, “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай”, “Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдааныг товлон зарлах тухай” зэрэг найман асуудлыг хэлэлцэх товтой.

“Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцсэн юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр асуудлыг хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын хэрэгцээнд зориулан Сонгинохайрхан дүүргийн газраас 551, Төв аймгийн Аргалант сумын 12 031 ам метр талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Гэвч айл өрхүүд тухайн газар суурьшиж, газрын давхцал үүссэний улмаас цогцолборын төлөвлөлт хийхэд хүндрэлтэй болоод буй. Тиймээс Аргалант сум болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тусгай хэрэгцээнд авах талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ. Өнөөдрийн хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн 551 га газрыг оруулснаас дөрвөн га талбайг хасаж, 18.8 га-г нэмж нийтдээ 565.8 га талбай болгон өөрчлөх санал боловсруулжээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжиж, нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцэж, дэмжив. Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхалт хийж буй хүмүүс Ар Зайсан чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн санал удаа дараа ирүүлж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөж, хуралдаанаар хэлэлцүүлэв. Ингэснээр тухайн чиглэлд автобус өдөр бүр явах боломжтой болж буй. Хан-Уул дүүргийн XI хороонд нийтдээ 18 автозогсоол бий бөгөөд их багтаамжийн автобус эргэлт хийх боломжтой гэж нийслэлийн Нийтийн тээврийн газраас тооцсон байна. Улмаар ирэх онд автобусны эцсийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Эрүүл мэндийг сайжруулах үүндээс эмч нар иргэдийг ууланд алхахыг зөвлөдөг. Гэвч Богдхан ууланд алхахад автобус явдаггүй, иргэд хувийн автомашинаар зорчих зэрэг хүндрэлтэй асуудал гардаг. Тиймээс уг ажлыг нэн чухал гэж үзэж байна. Гэхдээ автобусыг энэ амралтын өдрүүдэд туршилтаар явуулж эхлэх хэрэгтэй. Мөн бие засах газрын асуудлыг шийдэх шаардлагатайг иргэд хэлж байгаа. Тиймээс уг асуудлыг шийдэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тэмдэглэлээр үүрэг өгье. Үүнээс гадна автобус явуулах цаг зэргийг нарийвчлан тооцож, төлөвлөлттэй явуулах хэрэгтэй. Цаашид Хонхор тосгон зэрэг газруудын энэ мэтээр автобус явуулахыг судлах хэрэгтэй ” гэв.

Categories
мэдээ нийгэм

​БНХАУ-ын ӨМӨЗО-руу зорчигчдын анхааралд

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт 2019 оны 11 сарын 12-24-ний өдрийн хооронд тус улсын 4 иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болохыг тогтоож, халдвар авсан иргэдийг бүрэн хяналтад авч, эмчлэн цаашид тархах эрсдэлийг бүрэн зогсоосон талаар БНХАУ-ын Гаалийн газрын Эрүүл мэндийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.

БНХАУ-ын хил дагуух орон нутагт тус төвөөс хийсэн тандалт судалгаагаар тарваган тахлын байгалийн голомт одоогоор намжмал байдалтай байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хил залгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдлыг хангуулж, халдвар тархахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.

Монгол улсын иргэд гадаадад зорчих тохиолдолд тухайн улс оронд тархаж буй мал, амьтнаас хүнд халдварлах өвчлөлийн мэдээллийг судалж, шаардлагатай тохиолдолд ЗӨСҮТ-өөс /Утас: 70282853/ урьдчилан сэргийлэх зөвлөмжийг авч байхыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монголын геологийн холбооны ерөнхийлөгчөөр Я.Бат-Ирээдүйг сонгожээ

Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна.

Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологичдод хандан уриалга гаргажээ.

Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.

Ингээд шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлаар геологич Я.Бат-Ирээдүйг Монголын Геологийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгожээ.

Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Я.Бат-Ирээдүй нь 1962 онд Баянхонгор аймагт төржээ. ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг геологич мэргэжлээр дүүргэсэн, геологийн салбарт 30 гаруй жил ажилласан бэлтгэгдсэн туршлагатай мэргэжилтэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисяныг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо хүлээн авч уулзав.

Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн III хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард амжилттай болж, энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж буй баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь манай улсын тэргүүний зорилт болохыг онцлоод энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Чөлөөт худалдааны хэлэлцээр бодит нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах Ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн үр ашгийн нарийвчилсан тооцоог гаргах саналыг дэвшүүлэв.

Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисян манай саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг саналыг ажил хэрэг болгохын тулд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тус бүрийн дэмжлэгийг авахын чухлыг тэмдэглэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гүнбилэг: Булган аймгаас 18-хан хувиар илүү хүн амтай Хэнтий гурав дахин илүү мандаттай байна

Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Та сонгуулийн тойргийг тогтоосон УИХ-ын тогтоолыг Цэцэд өгчээ. Уг тогтоол хэрхэн Үндсэн хуулийг зөрчив?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх ёс гэсэн зарчмууд бий. Үндсэн хуулийн 1,6-д сонгох, сонгогдох эрхийн тухай байдаг. 2016 оны УИХ-ын 41 дүгээр тогтоолоор УИХ-ын тойрог, мандатыг хуваарилсан.

2015 оны тоогоор Булган аймаг 60 мянган хүн амтай, Хэнтий 72 мянган хүн амтай. Булган Хэнтийгээс 18-хан хувиар л бага хүн амтай байгаа юм. Улаанбаатараас бас ижил зайд оршдог. Гэтэл дээрх тогтоолоор Хэнтий аймагт гурван тойрог өгчихсөн.

Булган аймгаас 18 хувиар л их хүн амтай Хэнтий гурав дахин илүү мандаттай болчихсон хэрэг. 130 мянган хүн амтай Хөвсгөл ч мөн гурван тойрогтой байгаа юм. Энэ утгаараа сонгох эрхийн тэгш байдал хангагдахгүй байна. Сонгуулийн тухай хууль дээр хүн ам, засаг захиргааны нэгжийг харгалзана гэх үг байгаа.

Тойрог хуваарилахдаа хүн ам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийг харгалзах ёстой байх нь. Ингээд бодохоор тэгш байдал хангагдаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Сонгуулийн тухай хууль дахь дээрх заалтыг тухайн үед хараагүй, тооцоогүй байна. Тиймээс УИХ-ын 41 дүгээр тогтоолыг Цэцэд өгч байна.

Энэ бол нэг удаагийн шинжтэй, ашиглаад өнгөрдөг тогтоол биш. УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байдаг тогтоол юм.

-Сонгуулийн тогтолцоог 50:26-аар явуулна гэж байна. Хэрэв энэ тогтолцоогоор явбал 50 жижиг тойргоо дахин хувааж таарна байх. Та үүнийг хэр зөв гэж үзэж байгаа вэ?

-Гурван янз байж болох нь гэж хараад байгаа юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хүн амын нягтаршил ихтэй газар болоод баруун, зүүн хязгаарын алслагдмал аймгууддаа хүн ам, газар зүйн байршлыг нь харгалзан үзэж тус бүр загварууд гаргах хэрэгтэй.

Төвийн болон хангайн бүсдээ ч ялгаагүй нэг загвар гаргана. Говийн бүсэд хүн амын нягтаршил бага, том газар нутагтай учир мөн нэг загвар гаргах нь зөв. Ингээд хүн амын нягтаршил нь тэдэн мянга байвал, мөн алслагдсан газар нутагт тийм хэмжээний хүн амтай бол нэг тойрог оногдоно гэх зэргээр шийдэж болно.

Миний сонссоноор Германд тойргуудын хүн ам зөрүүтэй байж болох боловч, тухайн хүн амын тооны ялгаа нь 20 хувиас ихгүй байх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр манай улс Сонгуулийн хуульдаа сонгуулийн тойргийг хуваарилахдаа ийм зарчим баримтална гэж арга зүйг нь тодорхойлж өгөх хэрэгтэй байгаа юм.

Ингэвэл шударга болно. Тэгэхгүйгээр УИХ сонгууль болохоос өмнө тойргоо зурчихдаг. Тогтоолоо гаргахдаа дураараа шийддэг. “Чингисийн төрсөн нутаг учраас Хэнтий гурван тойрогтой байна” гэх шог яриа хүртэл гарсан байна. Ийм маягаар асуудлыг шийдэж болохгүй л дээ.

Ямартаа ч Цэц асуудлаа шийднэ. Дээрээс нь Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа хүмүүс маань энэ асуудлыг тодорхой болгох ёстой. Тодорхой болгоод, зохицуулалтуудаа хийчих юм бол аль нэгэн нам, хүчин, хүчтэй улс төрчдийн лоббигоор дураараа тойрог зурахгүй. Нөгөө талаас нэг зүйлийг анхаарах ёстой. Одоо бол аймаг дотор тойрог зурж байгаа. Энэ нь маш буруу. Эхлээд тойргоо хийчихээд тэр дотор нь аймаг байхаар зохицуулж өгөх хэрэгтэй.

-Яагаад?

-Нэг аймгийн тойрог гэж байхгүй, харин нэг тойрог дотор зэргэлдээх аймгуудынх нь сум орж болохоор хийх хэрэгтэй юм. Ингэж гэмээнэ жалга довны үзэл арилна. Хүн амын бүтэц, газар зүйн байршлаа хараад тойргоо зурна гэсэн үг. Үүн дээрээ газар зүйч, социологич, математикчдыг оролцуулж, тэдний судалгааг үндэслэн тойргоо байгуулах юм.

Магадгүй хоёр, гурван аймгийн сумдыг нийлүүлээд нэг тойрог байгууллаа гэхэд сонгуулиа өгөхөд уул даваа давах бэрхшээл тулгарахыг үгүйсгэхгүй. Тэгвэл түүнийг нь харгалзан үзэж өөр тойрогт оруулахаар шийдэж болно. Тэгш байдлыг хангахад хамгийн хэрэгтэй юм. Зөвхөн хуульчид, улстөрчид дур мэдэн шийдэх нь өрөөсгөл.

Нөгөө талаас НҮБ-ын Иргэний ба улс төрийн эрхийн пактад Монгол Улс нэгдэж орсон. Хүний эрхийн тайлангуудад сонгох эрхийн тэгш байдал алдагдсан тухай дурдаж ирсэн байна. Бас тухайн конвенцийн тайлбарыг ч манай үе үеийн улс төрчид хэрэглэж байгаагүй.

-Сонгуулийн хуулийг арванхоёрдугаар сарын 25-аас өмнө батлах ёстой. Цэц УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо ч Сонгуулийн хуульдаа эргэн харж амжих юм уу?

-Одоо өөрсдөө л шийдэх байх даа. Гэхдээ арванхоёрдугаар сарын 25-наас өмнө энэ хуулиа хэлэлцэх ёстой гэх нэг хэсэг байхад зарим нь тийм хууль байхгүй гэж ч яриад байгаа. Тэр бол хамаагүй. 25-наасаа өмнө шийднэ гэж зориг гаргаж байгаа бол сайн л байна. Харин тойрог байгуулдаг УИХ-ын тогтоол бол хуулийн дараа хавар тулгаж байгаад гаргадаг муу дур зоргын жишигтэй.

-Улс нэг тойргоос 26 нэр дэвшигч сонгохыг та дэмжиж байгаа юу?

-Би тэр тоолох тал дээр сайн ойлгохгүй байгаа юм. Магадгүй миний ухаан хүрэхгүй байж болно л доо. Нам бүр 26 нэр дэвшигч дэвшүүлэх юм байна. Гарсан хүмүүсийг намын гишүүнчлэлээс нь харах нь. Хамгийн их санал авснаас нь эхлээд тухайн намын нэр дэвшигчдийг хувилна гэж байгаа юм.

Хүнээр нь сонгочихоод хувь тэнцүүлнэ гэсэн үг. Энэ нь ойлгомжгүй байна. Хамгийн их санал авсан 26 нэр дэвшигч гишүүн болох нь зөв юм болов уу гэж би харж байгаа. Харин хүнээрээ дамжуулж нам сонгоно гэж заваарч яах гээд байгаа юм гэж бодох.

-Хууль санаачлагчид бол нам биш хүн сонгоно гэж яриад байгаа.

-Тийм. Угтаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр шууд гэдгийг хүн дугуйлна гэж тайлбарласан шүүдээ. Цагаан зүйлийг хар гэж бодъё гэж бодсон боловч тэр нь цагаан л байгаа байхгүй юу. Тэгэхээр ядмаг гэж хэлж болохуйц, хуулийнхаа зохицуулалтаас зугтсан л зүйлийг ярьж байна л даа.

Хүн зураад, тэгээд намаар нь тоолно гэж байхаар шууд нам зураад хувилахгүй баахан цаас болгож, иргэдийн сонгох эрхийг зөрчиж, толгойг нь эргүүлж залхааж яах гээд байгаа юм. Тэр шууд гэж үгийг тойрч байгаа юм гээд байх шиг. Цагаан юмыг хар гэж хэчнээн тогтсон ч, цагаан хэвээрээ байна. Хуулийг агуулгаар нь тайлбарлана. Дан сонгосон үгээр биш.

-Энэ зохицуулалтыг хийвэл эрх баригчдад ашигтай байх юм уу?

-Эрх баригчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг, Л.Оюун-Эрдэнэ сайдыг хүмүүс дэмжинэ, энэ хоёр их санал авбал бусад нь орж чадна гэж харж байх шиг. Оймсонд хавчуулагдана гэдэг шиг ганц, нэг хүн ороод ирэх байх гэж бодоод байгаа.

Яг үнэндээ У.Хүрэлсүх сайд одоогийнх шигээ нэр хүндтэй байхуу. Цаана нь Н.Энхбаяр, С.Ганбаатар зэрэг хүмүүс гарч ирнэ. Энэ хүмүүс чинь өчнөөн санал зулгаана. Яг сонгуулийн үеэр хэтэрхий их нэр хүндтэй хүндээ өгдөггүй л байхгүй юу. Тэр утгаараа намын даргад олон хүн санал өгнө гэж тооцвол алдаа болно. Унах магадлалтай. Энэ бол хууль зүйн асуудал биш шүү дээ. Таамаг л яриа.

-Сөрөг хүчин гэгдэж буй Ардчилсан намаас холимог тогтолцоог оруулахыг дэмжиж байгаа. Үндсэн хуульд оруулахыг ч шаардаж байсан. Энэ утгаараа Сонгуулийн хуульд тусгаж өгч байна, угтаа жижиг мажоритараараа явбал бидэнд ашигтай гэж эрх баригчдын зүгээс хэлж байна л даа.

-Тэрэнд, энэнд ашигтай гэдгийг хэн ч тааж хэлдэггүй. Сонгууль бүрийн өмнө л өөрсдөдөө ашигтай хувилбараар тоо боддог шүү дээ. Гэсэн ч ашиггүй л зүйл хийсэн байдаг. Үүнд таамаг хийх боломж байхгүй.

Холимог тогтолцоо байх ёстой гэдгийг олон нийт бол хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ холимог тогтолцоог байлгана гээд цагаан зүйлийг хар гэж бодъё гэж болохгүй. Энэ хар нь угаасаа цагаан л юм чинь гэдэг рүүгээ хуулийн тайлбар явбал Цэц дээр хүмүүс мэдээлэл гаргахыг үгүйсгэхгүй. Цэц урьдны гаргаж байсан шийдвэрүүдээ хүчингүй болгох эрхтэй байдаг. Энэ тохиолдолд Цэц яаж шийдэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална.

Үндсэн хуулийн бус байна гэж үзэж урьдны асуудлуудыг шийдэж байсан. Тэр дундаа пропорционалийг оруулаад энэ Их хурлыг сонгочихжээ, энэ нь буруу байжээ гэсэн шийдвэр гаргасан байдаг. Энэ тохиолдолд тэр дөрвөн жил баталсан хууль, тогтоомжууд хүчингүй болох бодит аюултай. Ийм маргаан гардаг.

Хэрэв Сонгуулийн тухай хуульд оруулж буй дээрх тогтолцоогоор яваад, сүүлд нь Цэц дээр маргаан үүсээд эсвэл шийдэгдэхгүй байвал сонгуулиар хүлээн зөвшөөрөгдөж, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа сонгогдсон гишүүдийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй.

Categories
мэдээ нийгэм

АТГ өнгөрсөн сар 552 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 11 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 552 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 22 буюу шалгасан хэргийн 3.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 54 буюу шалгасан хэргийн 9.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 5 буюу шалгасан хэргийн 0.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгажээ.

Одоо 470 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 409 хэрэг, мөрдөн байцаалтын 61 хэрэг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ХХБанк “Оросын Экспортын Зээл, Хөрөнгө Оруулалтын Даатгалын Агентлагтай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 12-р сарын 3-наас 6-ны өдрүүдэд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар ОХУлсад албан ёсны айлчлал хийж байна.

Тус айлчлалын үеэр Худалдаа, хөгжлийн банк нь ОХУ-ын “Оросын Экспортын Зээл, Хөрөнгө Оруулалтын Даатгалын Агентлаг” (The Russian Agency for Export Credit and Investment Insurance)-тай “Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээг үзэглэснээр ОХУ-ын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай хийх хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, ОХУ-тай худалдаа эрхэлдэг Монголын аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, худалдааг санхүүжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Олон улсын нэр хүнд бүхий 200 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, найдвартай байдал, санхүүгийн чадамжаараа олон улсад үнэлэгддэг Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж, зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажилладаг билээ.

Таныг Дэлхийтэй холбох Санхүүгийн гүүр
Худалдаа хөгжлийн банк


Categories
мэдээ улс-төр

Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд энэ сарын 05-нд Сочи хотноо бараалхлаа.

Энэ үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа.

Хоёр улсын судалгааны ажлын багууд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

Сая УИХ хуралдаж Оюу толгойг хэлэлцлээ. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай гэсэн тодотголтой тогтоол гаргаж, ганц мега төслийнхөө хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх эрхийг засагт өгөв. Ингэснээр Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гардаж хийх нь тодорхой боллоо. Л.Оюун-Эрдэнэ улаан нүүрээрээ хэлэлцээрт орно, Ерөнхий сайд ч ялгаагүй Оюу толгойг урагшлуулах эсэх хэлэлцээрт ханцуй шамлан орж байна. Гишүүд тогтоол гаргахдаа мань хоёрт баахан захиас, сануулга дайж харагдсан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Гүний уурхайд хоёр тэрбум ам.доллар ороогүй. Айлын талд одоо алдах юм байхгүй. Анхны хөрөнгө оруулалтаа шууд эндээс авчихсан. Бид айлын талаас айж Оюу толгойн асуудлыг шийдэж болохгүй” гэж шахаж сануулах маягийн үг унагана лээ. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Оюу толгойн жилд өгч байгаа үр ашиг Эрдэнэт үйлдвэрээс ч бага байна. Уг нь асар их нөөц байгаа шүү дээ. Ард түмэн бухимдаж байна” гэсэн поп мэдэгдэл хийсэн бол Т.Аюурсайхан гишүүн “Оюу толгойн гэрээ Монголд хохиролтой болсон. С.Баярын Засгийн газар мэдлэг мэдээлэлгүй байсан. Засгийн газар мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй” хэмээн сүрдүүлсэн маягийн үгийг засагт дайсныг монголчууд бултаараа сонслоо. Л.Оюун-Эрдэнээс өөр хүн Оюу толгой компанийнхантай уулзаж болохгүй, Монгол Улс нэг цонхоор ажиллах ёстой гэсэн үг ч дуулдсан. Ямартаа ч засаг шууд хэлэлцээрт орж, Оюу толгой дээр шийдэл шийдвэрээ толгой дааж гаргах нь УИХ-ын тогтоолоор баталгаажаад байна.

УИХ өмнө нь С.Баяр, С.Баярцогт хоёрт ч яг ийм эрх өгөөд алхаа тогшиж байв. УИХ-ын 57, 40 дүгээр тогтоолоор Засгийн газар Оюу толгойтой гэрээ байгуулах хэлэлцээрт орж байсныг өнгөрсөн түүхээс харчихаж болно. УИХ-ын 40 дүгээр тогтоол “Оюу толгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж” гэсэн тодотголтой. Яг л өнөөдрийнх шиг энэ асуудалдаа ингэж анхаар, тэр асуудлаа тэгж хараарай гэсэн захиас маягийн тогтоол бий. Энэ тогтоолыг батлахыг 12 гишүүн татгалзаж, 38 нь зөвшөөрч байж. Засаг өөрөө мэд гэж толгой дохисон гишүүд дунд Л.Болд, Д.Загджав, Г.Занданшатар, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ нарын нэр лав харагдаж байна. Оюу толгойтой гэрээ байгуулах эрхийг уриалгахан өгсөн энэ хэд өнгөрсөн жилүүдэд энэ төслийг яаж муулж, хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн баалцгаасныг чуулганы протокол шүүгээд харчих боломжтой. Сонин хэвлэлд ч хангалттай ярьж, шүүмжилсэн дээ, “гүүгл”-дэхэд л гараад ирнэ. 57 дугаар тогтоол нь “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” гэсэн тодотголтой. Энэ тогтоолд төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоо, хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмших хувийг 50-иас доошгүй хувьд хүргэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай тохирч шийдээрэй, эднийгээ байгуулчихвал гэрээгээ яаж байгуулах нь та нарын хэрэг гэсэн утга агуулгатай заалтууд бий. 18 гишүүн татгалзаж 31 гишүүн зөвшөөрснөөр 57 дугаар тогтоол батлагдаж байж. Дэмжсэн гишүүдийн дунд Оюу толгойн гэрээг баалагч Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Загджав, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын нэр ирийж байх жишээний.

Та нар өөрсдөө мэдээд хэлэлцээрт орж шийдвэрээ гарга гэчихээд дараа нь яаж шүүмжилж, буруутгаж, попордгийг эндээс харчихаж болно. УИХ тогтоол гаргасан, С.Баярын засаг Оюу толгойтой гэрээ байгуулсан. Бүх зүйл дүрмийн дагуу, эрхэм гишүүд, эрх баригчдын таалал болгоолтоор өрнөсөн. Дараа нь яалаа. УИХ, эрх баригчид ийм шийдвэр гаргаж үүрэг өгөөгүй юм шиг аашилсан. С.Баяр, С.Баярцогт гэж хоёр нөхөр л өөрсдөө мэдээд гэрээ байгуулчихсан аятай аяглаж гарсан. Луйварчнаар нь дуудаж, тэрбум ам.долларын авлигын хэрэг зохиож хүртэл хардсан. Ингээд зогсоогүй, хоёуланг нь барьж хорьж сүрийг үзүүлсэн. Цаашдаа бас яаж буруутгахыг өнөөхөндөө тааж хэлэхэд эрт байна. Дубайн гэрээ гэгдэх шийдвэр байна. Далд уурхайн санхүүжилтийг үргэлжлүүлэх төлөвлөгөө бол Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний үргэлжлэл. Энэ хөтөлбөрийг улс төрийн шийдвэр гаргаж баталсан Ч.Сайханбилэгийг ч шоронд хорьсон. Түүн рүү чиглэсэн буруутгал хэр хугацаанд үргэлжлэхийг мөн л таашгүй.

Өнгөрсөн түүхийг сөхөхөд ийм л зураг харагддаг. УИХ-ын сая гаргасан шийдвэр ч өмнөх шийдвэрүүдээсээ ялгараад байх юмгүй. Бодит үнэн нь ийм байхад УИХ өмнөх үйлдлээ яг давтчихлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг С.Баяр, С.Баярцогт хоёрын залгамжлагч гээд байгаагийн цаад учир нь ердөө энэ. Оюу толгой ба Засаг хоёрын хэлэлцээ эцэстээ яаж төгсдөг нь тодорхой байхад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг залгамжлагчаар тодруулдаг нь ёстой юу вэ?

“Та нар чадна аа, хэлэлцээрээ хийх эрхийг чинь өгье” гэж дуугарсан гишүүд маргааш нь яадгийг монголчууд цугаараа харж байна. Гэрээг сайжрууллаа, засаг шийдэл оллоо гэж бодъё. Дараагийн УИХ бүрдэхэд л гэрээ хийсэн нөхдийг шүүмжлэгчид хэдэн арваараа гараад ирнэ. Шүүмжлэгчид үеийн үед цагийн цагт байж л байдаг. Шүүмжлэл дэврэхээр юу болдгийг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын түүхээс харчихаж болно. С.Баяр манай сонинд ярилцлага өгөхдөө 34 хувиар яах вэ, татвар рояалтигаа аваад явъя гэж УИХ-ын гишүүдэд өчнөөн тайлбарласнаа ярьж байсан. Тухайн үед “Наадахыг чинь хүлээн зөвшөөрөхгүй. 34 хувийг эзэмшинэ” гэж гэдийцгээсэн гишүүд өнөөдөр 34 хувь эзэмшсэнийхээ төлөө Монгол төрийн үүрэх хариуцлагыг ойлгохгүй попорч суугаа. Булзах аргагүй үнэн гэвэл энэ.

Тэгэхээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр С.Баяр, С.Баярцогтын замаар алхах нь тов тодорхой үнэн. Ер нь улс төрийн зоримог шийдвэр гаргасан, эдийн засагт түлхэц өгөхөөр том ажил хөдөлгөсөн улстөрч болгон буруудсаар ирсэн. Буруудаж ч яваа. Цаашид лав л хэдэн жилдээ энэ гажиг засагдахгүй гэж учир мэдэх улс хэлдэг.


Categories
мэдээ улс-төр

В.Путин хийн хоолойг гурван улсын оролцоотой тавих боломжийг судлах үүрэг өгчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын нутгаар дайруулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг гурван улсын оролцоотойгоор тавих боломжийг судлах үүрэг өгчээ. Энэ тухай ОХУ-ын шадар сайд Алексей Гордеев В.Путин, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын уулзалтын дараа мэдэгдсэн байна.

В.Путин Монголын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааг гуравдагч орнуудыг татан оролцуулан хөгжүүлэх сайхан боломжууд бий гэж мэдэгдсэн юм.

“Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин нар Оросын хийг Монголын нутгаар дамжуулан Хятадад нийлүүлэх боломжийн талаар хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт 12 дугаар сарын 5-нд гарын үсэг зуржээ.