Categories
мэдээ улс-төр

УИХ-ын сонгуулийн хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы (2019.12.06) өнөөдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, О.Батнасан, М.Билэгт, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийн хөрөнгийг эмнэлгийн байр засах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авахад зарцуулахаас гадна эмзэг бүлгийн иргэдийг эрт оношлогоо, эмчилгээнд хамруулах, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлсэн эсэхийг илүүтэй тодруулав. Түүнчлэн гишүүд судалгаанаас харахад 27422 өрх эрүүл мэндийн гэнэтийн зардлаас болоод ядуурсан судалгаа байгаагаас гадна эмзэг давхаргынхан хөнгөлөлтэй эмийг авахад орлогынхоо 95 хувийг зарцуулж байгааг тодотгов. Иймд эмзэг бүлгийн иргэдийн асуудлыг эрүүл мэндийн даатгалаар шийдэх, даатгалд хамрагдаагүй хүмүүсийн асуудлыг төслийн хүрээнд шийдвэрлэх, хөдөөгийн өрх, багийн эмнэлгийг эмч мэргэжилтнүүдээр хангах, тэдний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарвал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирна гэсэн саналуудыг хэлж байлаа.

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа зургаа дахь хөтөлбөр. Монгол Улсын эрүүл мэндийн хүртээмжийн талаар судалгаа хийхэд 63 хувьтай байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан хороололд зургаан жишиг өрхийн эмнэлэг, Хан -Уул, Чингэлтэй дүүрэг, Увс, Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, 10 аймгийн сумын эрүүл мэндийн төвийг байгуулна. Төслийн хүрээнд эрүүл мэндийн барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалт, хүний нөөцөө цогцоор нь шийддэгээрээ онцлогтой. Төслийн зорилго нь эмзэг бүлгийн болон алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж, нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад чиглэсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариултдаа онцолсон.

Иргэд шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ тус тусдаа эмнэлгүүдэд очиж хийлгэдгээс цаг хугацаа, зардал их шаарддаг. Сонгинохайрхан дүүрэгт удахгүй ашиглалтад орох нэгдсэн эмнэлэг нь хавдар, төрөх, нярайн оношлогоо гээд 7 төрлийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээр болсон. Монголд ийм цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг эмнэлэг байгаагүй. Төслийн хүрээнд ийм нэгдсэн эмнэлгийн нэмж байгуулахаар төлөвлөөд байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хариултдаа онцлов. Тэрбээр цаашлаад бусад дүүрэг, алслагдсан аймгийн сумдад ийм эмнэлгүүдийг байгуулснаар иргэд эрүүл мэндийн даатгалаараа харьяа ойрхон эмнэлэгтээ очиж нэг цэгээс шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ хийлгэх боломжтой болно гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь дэмжив.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Дараа нь “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав. Хуулийн төслийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг танилцуулгадаа онцоллоо.

Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан.

Төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр тусгажээ. Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 01-р сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгажээ.

Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 195 дугаар захирамжаар байгуулагдсан намуудын төлөөлөл бүхий Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах явцдаа улс төрийн 26 нам, сонгууль зохион байгуулахад оролцдог төрийн 8 байгууллага, мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулсан. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу төслийг вэб сайтад байршуулан олон нийтийн саналыг цахимаар болон бичгээр авах ажлыг зохион байгуулж ажилласан. Түүнчлэн хуулийн төслийг улс төрийн намууд болон сонгууль зохион байгуулж явуулахад төрийн үүрэгтэй оролцдог байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийтдээ 410 гаруй санал ирүүлснээс 320 гаруй саналыг нь гурван хуульд тусгасан. Мөн Засгийн газраас ирүүлсэн 10 саналаас 9-ийг нь төсөлд тусгаад байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд Улсын Их Хурлын 76 гишүүний 50 гишүүнийг Улсын Их Хурлаас тогтоосон тойргоос, 26 гишүүнийг улс нэг тойргоос сонгох сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбараар зохион байгуулах, сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах, цахим орчин дахь олон нийтийн сүлжээ ашиглахдаа хязгаартай байх талаар, сонгууль болон санал хураалтын төрөл, түүнийг зохион байгуулах үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах асуудлыг хуульчлахаар, сонгогчийн шилжилт хөдөлгөөнд тавигдах хязгаарлалтыг нарийвчлан зохицуулаагүйгээс сонгогчид сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөхүйц байдлаар зохион байгуулалттайгаар шилжиж байсныг зогсоох талаар, сонгуулийн мөрийн хөтөлбөрт Төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргах асуудлыг тодорхой болгож, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргах хугацаа, журмыг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгахаар боловсруулсан гэдгийг дурдав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төслөөр өмнөх хуулийн алдаа, зөрчлийг зассан эсэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулсан талаар тодруулж байлаа. Мөн 26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйлах шалтгааныг тодруулахын зэрэгцээ 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хугацаа, техникийн боломж бий эсэхийг илүүтэй лавлав.

Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө хязгаарласан боловч, хэн хэзээ шийдвэр гаргах нь тодорхой бус байсан. Харин энэ хуулийн төслийн 26.3-т Иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийг сэргээнэ гэж оруулахдаа энэ асуудлыг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ гэж тодорхой тусгасан гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хариулав.

Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хариултдаа, Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. 900 гаруй хүнээс 26-г сонгоно гэхээр өглөөний 07 цагаас үдшийн 22 цагийн хооронд 2.5 сая сонгогч санал өгч амжихгүй. Бид саналын хуудас дээр ажиллаж үзэхэд нэг хүнийг дугуйлах боломжтой гэж гарсан. Өөрөөр хэлбэл, 26 хүнийг саналын хуудсанд тэмдэглэхэд техник, цаг хугацааны хувьд ч боломжгүй гэдгийг онцлов.

Төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан хариултдаа, Сонгуулийн тухай хуульд тойргийг байгуулахдаа сонгогчийн тоог тодорхой болгож, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэс нь зэргэлдээх байхаар тусгаж өмнөх хуулийн алдааг зассан гэж байлаа. Түүнчлэн сонгуультай холбоотой маргааныг тухайн жилд нь шийдвэрлэх, энэ асуудалтай холбоотой хэрэг зөрчлийг Зөрчлийн тухайн хуулиар шийдвэрлэхээр тусгасан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуулийн хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг 25-аас доошгүй болгох, хэлэлцүүлгийн явцад тогтолцоотой холбоотой асуудлыг улс төрийн намууд сайн ярилцаж шийдвэрлэх, сонгуулийн санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү эсрэг саналтай байв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэв хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк “ШИЛДЭГ ТОС БАНК”-аар 3 дахь жилдээ шалгарлаа

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг ТоС Банк” уралдааныг Монголбанк, Монголын Тогтвортой санхүү (ТоС)-ийн Холбоо хамтран 2019 оны 3-р сарын 1-ээс 2019 оны 10-р сарын 31 хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Тус уралдаанд ХХБанк нь 2019 оны 12-р сарын 5-ны өдөр тус уралдааны бүх төрөлд нийлбэр дүнгээр 1 дүгээрт шалгарч “Шилдэг ТоС Банк”-аар 3 дахь удаагаа шалгарлаа.

ХХБанк нь 2012 оноос хойш “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн систем (БОНЭМС)” хэмээх цоо шинэ ойлголтыг Монгол Улсын хувьд цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн Монголын анхны арилжааны банк юм. 2019 оны хувьд ХХБанк өөрийн БОНЭМС-ийн бодлого, заавруудаа шинэчлэн баталж, Тогтвортой хөгжлийн зорилгуудын 5 дахь зорилго болох Жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд Жендерийн бодлогоо олон улсын жишигт нийцүүлэн шинэчилсэн бөгөөд эрчим хүч, нөөцийн хэмнэлт, хогны менежментийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэн, үйл ажиллагааны бүхий л түвшинд тогтвортой, байгаль орчин болон нийгэмд ээлтэй байдлаар үйл ажиллагаа явуулах зорилгын дор ажиллаа.

Монгол Улсын ууган, тэргүүлэгч арилжааны банкны хувьд ХХБанк бусад банкууддаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй банк байхыг зорин ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

Ногоон хөгжлийг дэмжигч
Худалдаа, хөгжлийн банк



Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.

ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, НШЭНТ-өөс хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм.
Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тэмцээний нэгдүгээр үе шатанд дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран тухайн харьяа дүүргийн ЕБС-иудын 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулжээ.

Хоёрдугаар шатанд буюу “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д есөн дүүргийн 25 сургуулиас нийт 25 баг буюу 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдөж байна.

Шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгийн бага ангийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд“ сургалтыг сурагч, тэдний эцэг, эх асран хамгаалагч нарт зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм. Энэхүү туршлагаар цаашид нийслэлийн бусад сургуулийн багш нарыг сурган, тэднээр дамжуулан бага ангийн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч нарт зөв мэдлэг, дадал хэвшил олгохоор зорьж буй юм.

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хамтран хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын гарын авлага боловсруулж хэвлүүлсэн.

Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь хот суурин газарт шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил нь өөрчлөгдсөн, нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаархи хүн амын мэдлэг, дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгааны нэг болж байна.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныханы дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэссэн төдийгүй 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарчээ.

Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтаан, мөн амьсгалын замын халдвараас гадна 200 гаруй халдварт өвчний суурь болдог ажээ.

Categories
мэдээ нийгэм

Мисс М.Цэвэлмаа шилдэг 10 авьяастны нэг боллоо

Дэлхийн миссийн авьяасын шалгаруулалтад Монголын мисс М.Цэвэлмаа шилдэг 10 авьяастны тоонд багтсан байна.Тэрээр Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа, Чингис хаан одонт “The Hu” хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлжээ.

Английн Лондон хотод болох 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд Мандахын Цэвэлмаа Монгол эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Түүний авьяасын үзүүлбэрт “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна.Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байрт, www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд явна.

Монголчууд 12 дугаар сарын 14-нийг хүртэл идэвхтэй саналаа өгч, миссдээ оноо нэмэхийг М.Цэвэлмаагийн багийнхан уриалж байна.

Categories
мэдээ спорт

Пауэрлифтингийн тивийн АШТ-ээс 7 медаль хүртжээ

Казахстан улсын Алматы хотноо энэ сарын 2-8-нд зохион байгуулж байгаа Ази тивийн классик пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээний 5 өдрийн дараах байдлаар 2 алт, 5 мөнгөн медаль хүртэв.

Тухайлбал, М3 ангиллын 59 кг-д 68 настай Ш.Пэрэнлэй 4 мөнгөн медалийн эзэн болж медалийн салхийг хагалсан байна. Улмаар М1 ангиллын 74 кг-д ОУХМ С.Энхбат аварга болж, Ази тивийн 3 удаагийн аварга болов. Харин эмэгтэй насанд хүрэгчдийн 63 кг-д СМ Б.Амарцэнгэл штанг таталтын төрөлд мөнгөн медаль, М2 ангиллын 74 кг-д Д.Баяржаргал алтан медаль хүртэж Азийн аварга болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон гэрэл, цагаан шугам-2019” тэмцээнд VI сургуулийн баг түрүүлэв

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл, цагаан шугам-2019’’ тэмцээн 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймагт боллоо.

Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой тус тэмцээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын гурван сургуулийн 3-5 дугаар ангийн 30 гаруй сурагч оролцов.

Тэд гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн таван төрлөөр өрсөлдөж, 10 гаруй даалгавар гүйцэтгэжээ.

Энэхүү тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал зуршилтай болно. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм болон анхны тусламжийн мэдлэгийг хүүхдүүдэд эзэмшүүлэх давуу талтай гэж албаныхан мэдээллээ.

“Ногоон гэрэл, цагаан шугам-2019’’ тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг , БСУГ, Улаан загалмайн хороо зэрэг байгууллага хамтран ажиллалаа. Мөн “Цаст тээлийн зам” ХХК-аас энэ удаагийн тэмцээнийг ивээн тэтгэж оролцсоноороо онцлогтой аж.

Тус тэмцээнд өнгөрсөн онд Жаргалант сумын ерөнхий боловсролын таван сургуулийн баг оролцож байсан бол энэ удаа гурван сургууль оролцсон нь хангалтгүй үзүүлэлт болохыг албаныхан онцлов. Улмаар цаашид тэмцээний цар хүрээг өргөжүүлэхэд зохион байгуулагчдын зүгээс анхаарч ажиллана гэлээ.

“Ногоон гэрэл, цагаан шугам-2019” тэмцээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын VI сургуулийн баг түрүүлж цом, алтан медаль, 300 мянган төгрөг гардан авав.

Мөн дэд байрт I сургуулийн баг шалгарч мөнгөн медаль, 250 мянга, гуравдугаар байрт III сургуулийн баг шалгарч хүрэл медаль, 200 мянган төгрөгийн эзэд боллоо.

Categories
мэдээ соёл-урлаг

“Moon dance” хамтлаг ДАШТ-д 6 дахь удаагаа оролцоно

Монгол Улсын 6 удаагийн “Латин формейшн” бүжгийн аварга “Moon dance” хамтлагийн бүжигчид Германд болох ДАШТ-д оролцохоор тус улсыг зорив.

Тэд дэлхийн цэнгээнт бүжгийн шилдгүүдтэй 6 дахь удаагаа өрсөлдөх гэж байгаа бөгөөд “Мөсөн хатан” бүжгээр Дэлхийн аваргын цомыг хоёр удаа хүртжээ. Мөн ДАШТ-ий шагналт тав, зургадугаар байрт шалгарч байсан юм. Маргааш буюу 12 дугаар сарын 7-нд эхлэх ДАШТ-д “Moon dance” хамтлагийнхан “Шонхор” бүжгээрээ өрсөлдөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийх албан ёсны айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисяныг энэ сарын 4-нд Москва хотноо хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын багийн III хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард амжилттай болсныг тэмдэглэж, энэ удаагийн айлчлалын үеэр, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс 2020-2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурж буйд баяртай байгаагаа талууд илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь Монгол Улсын тэргүүний зорилт болохыг онцлов. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь бодит нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүнийг хамтран судлах Ажлын баг гаргаж, эдийн засгийн үр ашгийг нарийвчлан тооцох санал дэвшүүлэв.

Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисян манай саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, ажил хэрэг болгоход Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тус бүрийн дэмжлэгийг авахын чухлыг тэмдэглэв.

Categories
мэдээ улс-төр

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оруулахгүй

ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-ШИНЭ нам сонгуулийн хуулийг судлах ажлын хэсэг гаргаж байна. Монгол улс нэг тойрог буюу 26-гийн асуудлыг судалж байна. Тойргоо томруулж, 26 гишүүнээ сонгох нь зөв болов уу гэж ШИНЭ нам гаргаж байна. Сонгуульд оруулахгүй байхын тулд сэтгэцийн өвчтэй, эрүүгийн хариуцлага татагдсан, эрүүгийн хэрэг үйлдсэн хүнийг сонгуульд оруулахгүй гэж заажээ. Сэтгэцийн өвчтэй хүн гэдгийг шар хадны эмнэлэг оношлох байх. Монгол Улсын түүхэнд Н.Энхбаяр гэдэг хүнийг сэтгэцийн өвчтэй гээд сонгууульд оролцуулж байгаагүй. Зөрчил гаргасан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж байна. 200 гаруй зөрчлийн заалт байдаг. Энэ асуудлыг анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монгол Улс нэг тойрог гэдэг хувилбар нь хөгжлийн бодлого явуулахад зөв гэж үзсэн. Бид жижиг 76 тойргоор сонгууль явуулахад жалга, довны үзэл гарч байна. Улс орны хэмжээнд хийдэг томоохон асуудлыг шийдэх хэрэгтэй. Бүсчлэх гэдэг хоёр дахь хувилбар, одоогийн байгаа жижиг дөрөв дэх хувилбар бий. Сонгуулийг зардал багатай явуулах зарчим барьж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Ард иргэд жагсаалтаар орж ирдэг тогтолцоог эсэргүүцэж байгаа. Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотоо нэмэх хэрэгтэй. Монголын хүн амын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Тиймээс сонгуулийн хуульдаа нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг оруулж өгөх хэрэгтэй байна.

Сонгогчдын шилжилт хөдөлгөөн тойрог жижигрэх тусам улам их гарч ирдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Сонгогчдыг бөөнөөр нь хоморголон шилжин суурьшилт хийлгэдгийг хуулиараа хатуу хориглох хэрэгтэй. Хориглоогүй болохоор зөвшөөрч байгаа хэрэг. Энэ хуулинд сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хориглох заалт тусгаж болох уу?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Сонгогчдын шилжилт хөдөлгөөн тойрог жижигрэх тусам улам их гарч ирдэг. Хэрвээ буцаад 76 жижиг тойрог руу шилжвэл сонгогчдын шилжилт хөдөлгөөн ихэснэ. Сонгууль хуульд санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө аливаа шилжилт хөдөлгөөнийг бүрэн хаахаар тусгасан байгаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

-Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэх заалт оруулна. Төрийн албан хаагч хууль зөрчвөл дахин төрийн албанд орохыг нь хориглосон хуулийн заалт байдаг.

УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслөөр УИХ-ын сонгуулийг 50:26 гэсэн холимог тогтолцоогоор явуулахаар тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд сонгуулийн холимог тогтолцоог тусгах санал гаргаад унасан. Өнөөдөр УИХ-ын сонгуулийн төслийг холимог тогтолцоогоор явуулахаар оруулж ирж байна. Энэ хуулийн 67 дугаар зүйл дээр “Улс нэг тойрог байна. Нийт мандатын тоо 26 байх ёстой. 26 мандаттай тойрог дээр 1 нэр дэвшигчийг дугуйлна гэжээ. 26 мандат байгаа бол 26 хүртэл нэрийг өөрийнхөө сонгох хүнийг дугуйлах ёстой. 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад 500-600 хүниий нэрсээс яаж хайх вэ? Сонгууль нэг өдөртөө багтаж явагдах уу? Техникийн ямар боломж байна вэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Бусад улс орнуудын мажоратори тогтолтцоог судалсан. 50 хувь нь пропорцианаль тогтолцоогоор тойрогт нэр дэвшинэ. 50:26 гэсэн холимог тогтолцоог бид судалгаа хийсний үндсэн дээр гаргаж ирсэн. 26 нэр дэвшигчээс нэгийг нь сонгоно. Жижиг тойргоос ч нэгийг л дугуйлдаг. Энэ аргачлалаараа явж байгаа гэсэн хариулт өгөв.

Өмнөх сонгуулиудад нэг саналын хуудсаар саналаа өгдөг байсан бол ирэх сонгуульд 4 саналын хуудас шаардагдах бөгөөд техникийн хувьд боломж байхгүй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарлалаа.

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Жилийн эцсийн мал тооллого маргааш эхэлнэ

Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого маргааш орон даяар эхлэх гэж байна. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа ажээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.