Categories
мэдээ цаг-үе

​Хүүхдийг багад нь зөв хүмүүжүүлэх хэрэгтэй

Япон улсад гурван жил ажиллаж амьдарч байгаа зээ дүү маань гэр бүлтэйгээ өнгөрөгч зун амрах гээд ирлээ. Тэднийх нэг хүүтэй. Нялх байхад нь залуу аав ээж нь завгүй гээд Налайхад амьдардаг эмээ өвөө дээр нь орхиж тэнд өссөн овоо гайгүй эрх танхил золиг байсан юм. Оройхон тийшээ шороо, нүүрс үнэртүүлсэн нөхөр гэрт орж ирээд буулгаж өгдөг, эмээ, өвөөг нь анзаараагүй байх завсар жаахан шоглочихмоор дүрсгүй зээнцэр Япон явж билээ. Тэнд эхлээд цэцэрлэгт, дараа нь бага сургуульд орж суралцаж байгаад гурван жилийн дараа Монголдоо эргэн ирсэн наймхан настай хүүхэд танигдахын аргагүй өөрчлөгдчихөж. Үеийнхээ хүүхдүүдтэй тоглож наадах нь яг хүүхэд хэвээрээ ч гэлээ эцэг, эхтэйгээ харьцаж буй нь шал өөр. Хоол идчихээд аяга, тавгаа шууд угаачихна, хувцсаа эвхэж тавиад унтана, баярлалаа, баяртай гээд нөгөө дүрсгүй нөхрөөс юу ч үлдээгүй байна лээ. Тэгээд эцэг эхээс нь “Танай Налайхын нус” яаж ингэж хүмүүжив ээ гэхэд “Цэцэрлэг, сургуулийн буян” гэж хариулсан юм.

Түүнчлэн хүүхдэд эрдэм ном заахаасаа илүүтэй ахмад үе, синпайгаа зөв хүндэл, хүмүүстэй эелдэг харьц гэдэг соёлыг багш, хүмүүжүүлэгч нь тогтмол зааж сургадаг юм гэж билээ. Тэгээд бодлоо. Хүүхдийг элит энээ тэрээ гээд үнэтэй цайтай сургуульд хамгаа шавхан сургахаасаа илүүтэй зөв хүмүүжил суулгаж чадахуйц сургуулийг эцэг эхчүүд хайгаасай гэж. Өтөлсөн хойно тэдний хайр халамж хөрөнгө мөнгөнөөс илүүтэй хэрэг болох юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

​Дэлхийн улсууд ухаалаг хэмнэлттэй хэрэглээнд шилжээд байгаа шүү дээ​

Сүүлийн үед эрчим хүчний үнэ нэмэгдээд байна, их мөнгө төлөөд байна гэсэн гомдол хаа сайгүй үзэгдэх болсон. Айл өрхийн хувьд үнэхээр л төлж байснаасаа илүү төлдөг болоод тодорхой хугацаа өнгөрч байгаа. Угаасаа үе шаттайгаар эрчим хүчний үнийг нэмсэн. Мэргэжлийн хүмүүс харин Монголд хамгийн хямд эрчим хүч хэрэглэдэг гэдэг. Харин одоогийн нөхцөлд хэрэглэгч аль болох хэмнэлт хийвэл цахилгааны төлбөртөө бага мөнгө өгөөд байж болохоор санагддаг. Хамгийн наад зах нь эрчим хүчинд хэмнэлттэй гэрлийн чийдэн хэрэглэх хэрэгтэй байна л даа. Бидний хэрэглэж заншсан улайсдаг чийдэн гэхэд ашигтай үйлийн коэффициент тун бага. Цахилгаан их зарцуулахаас гадна амархан шатдаг гээд өндөр зардалтай. Харин сүүлийн үеийн гэрлийн чийдэнгүүд эрчим хүчинд тун хэмнэлттэй. Энгийн улайсдаг чийдэнгээс бараг арав дахин бага цахилгаан зарцуулна, дахиад төдий хэмжээний удаан эдэлгээтэй. Бас илүү тод, хурц гэрэлтэй.

Орон сууцанд амьдардаг нэг айлд дунджаар зургаагаас найман чийдэн байдаг гэж үзвэл бараг нэг улайсдаг чийдэнгийн зарцуулдаг цахилгаанаар гэрээ тэр чигээр нь гэрэлтүүлэх нь. Айл өрхүүд гэлтгүй СӨХ-нууд ч энэ тал дээр анхаараад үзэхэд гэмгүй. Дээрээс нь байнга шахуу асаалттай байдаг телевизор, хөргөгч, плиткээ эрчим хүчний хэмнэлттэйг сонговол танай өрхийн төсвөөс багагүй мөнгө хэмнэгдэнэ. За тэгээд өнжөөд нэг угаалгын машинаа ажиллуулаад байвал цахилгаан тэр хэрээр л гүйнэ. Үнэхээр их мөнгө төллөө гээд харамсаад байгаа бол энгийн өдөр тутмын хэрэглээгээ багахаан хянаад, дээрээс нь ухаалгаар хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглээд байвал асуудал шийдэгдчихэж болох л юм. Дэлхийн улс орнууд тэр чигээрээ ухаалаг хэмнэлттэй хэрэглээнд шилжээд байгаа шүү дээ.

Я.БАЯРБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Дасгал хөдөлгөөн хийхэд ч учиртай

Эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйн хэрэг. Гэвч зөв цагт, зөв дасгал хөдөлгөөн хийхгүй бол эрүүл мэндэд сөрөг үр дагавартайг эмч нар зөвлөж байна. Мэдээж өдрийн аль цагт ямар дасгал хийх вэ гэдэг дээр хүн бүр өөр өөрийн хүсэл сонирхол, тааллаар хандах нь ойлгомжтой. Гэхдээ та хэт өглөөний хүн биш л бол үүрийн таван цагт босч дасгал хийхээр өөрийгөө хүчлэх нь тийм ч сайн зүйл биш гэнэ. Өөртөө тохирсон буюу таарсан хөдөлгөөн, дасгалыг сонгож хийх нь чухал аж.

Америкийн Зүрхний холбооноос долоо хоногт доод тал нь 150 минутын дунд хэмжээний эрчимтэй дасгал эсхүл 75 минутын өндөр эрчимтэй аэробикийн дасгал хийхийг санал болгожээ.

Мөн маш олон дасгал хөдөлгөөнийг заавал нэг дор хийх албагүй гэнэ. Өдрийн турш бага багаар хийсэн ч болох юм. Их хийх тусмаа сайн, гэхдээ дунд зэргийн дасгал хөдөлгөөн ч гэсэн огт хөдөлгөөнгүй байхаас хамаагүй дээр гэж эмч нар зөвлөж байна.

Дасгал гэж яг юу вэ. Энэ нь зүрхний цохилтыг доод тал нь 10 минутын турш нэмэгдүүлдэг ямар ч төрлийн биеийн хөдөлгөөнийг хэлэх аж. Тиймээс өөртөө таардаг, тохирдог тэр цаг мөчдөө дасгал хөдөлгөөн хийцгээе.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурлаар чуулган, байнгын хороо, намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн хуралдааны арванхоёрдугаар сарын 09-13-ыг хүртлэх хуваарийн баталжээ.

Арванхоёрдугаар сарын 09-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Арванхоёрдугаар сарын 09-ний Даваа гарагт:

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Нээлттэй сонсголын” танхимд;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 350 тоот өрөөнд.

Арванхоёрдугаар сарын 10-ны Мягмар гарагт:

  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Нээлттэй сонсголын” танхимд;
  • Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүнээс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

Арванхоёрдугаар сарын 11-ний Лхагва гарагт:

  • Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

Арванхоёрдугаар сарын 12-ны Пүрэв гарагт:

  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Арванхоёрдугаар сарын 13-ны Баасан гарагт:

  • Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдах цуврал хэлэлцүүлэг-1.“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 08.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Арванхоёрдугаар сарын 10-ны Мягмар гарагт:

1.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр /Засгийн газар 2019.12.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар”

Хэлэлцэх асуудал:

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Арванхоёрдугаар сарын 11-ний Лхагва гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр /Засгийн газар 2019.12.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр /Засгийн газар 2019.12.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Бусад.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Арванхоёрдугаар сарын 12, 13-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 12 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Хаалттай/;
  • Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Шадар сайдад хандан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

​Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргажээ. Учир нь цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч, болзошгүй байгаа аж.

Тус яам гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй гэдгээ анхааруулж байна.

Иймд цахим орчинд энэ мэт төрийн байгууллага болон нэр бүхий албан тушаалтны нэрийг барьж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр иргэдийг залилж болзошгүй тул мөнгө, төгрөг, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллийг илгээхгүй байж харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойн барилдаан 14:00 цагт эхэлнэ

Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Түүхт Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхөд 8 сая, үзүүрлэсэн бөхөд 5 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд 2 сая төгрөгийн бай шагнал гардуулах юм байна.

Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан намаас Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд 2019-2020 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог ХХААХҮЯ-аас аймаг, орон нутгийн мэдээлэл, судалгаанд тулгуурлан гаргасан юм. Судалгааны дүнгээр өнгөрөгч есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 сая малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ.

Тиймээс төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 5-20-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм. Махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаална.

Хэдийгээр салбарын яамны зүгээс зах зээлийн үнийн тухайд оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гарч байна. Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Мал тооллого эхэллээ

Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого өнөөдөр орон даяар эхэлж байна. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа ажээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Тэжээвэр амьтдыг тооллогод хамруулах талаар сургалт зохион байгууллаа

Жил бүрийн 12 дугаар сарын 07-ны өглөө Улс орон даяар нэгэн зэрэг эхэлдэг жилийн эцсийн “Мал, тэжээвэр амьтдын 2019 оны тооллого” эхлэх гэж байгаатай холбогдуулан өчигдөр тус хэлтсээс хороодын салбар Ажлын хэсгийн ажилтнуудад тооллогын зохион байгуулалт, маягтыг хэрхэн үнэн зөв бөглөх, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/458 дугаар захирамж гарч, хороодод салбар Ажлын хэсэг байгуулагдсан.

Тус дүүргийн хувьд мал аж ахуй эрхлэхийг хориглосон хотын ногоон бүс тул зөвхөн ашиг шимээ өгдөг тэжээвэр амьтдыг тооллогод хамруулах, үүнтэй зэрэгцэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам”-ын дагуу 2019 оны тэжээвэр нохой, муурны бүртгэлийг шинэчлэн гаргах ажил хийгдэх юм.

Сургалтын үеэр салбар Ажлын хэсгүүдэд тооллогын маягт, бал, утасны нэгж, тоолох үе шатанд шаардагдах тээврийн зардал зэргийг олгож, ажиллах нөхцөлийг бүрдүүлэв.

Тус дүүргийн хувьд тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 07-ноос 15-ны өдрүүдэд явагдах тул иргэд тооллогодоо идэвхтэй оролцож, үнэн бодит мэдээллээ өгөх нь чухал юм.

Categories
мэдээ нийгэм

“Эко алтан заамар” компанид осол гарч нэг хүн амиа алджээ

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд осол гарч нэг ажилтан амиа алджээ. Тодруулбал, өнөөдөр 13 цагийн орчимд экскаватор угсрахаар кранаар өргөх явцад трос тасарч тус компанийн ажилтан 26 настай залуугийн дээр унасан байна. Улмаар 26 настай залуу газар дээрээ амиа алдсан харамсалтай осол гарчээ.

Өмнө нь энэ оны хоёрдугаар сарын 28-нд уурхайн карьерийн хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон техник, тоног төхөөрөмж дарагдсан. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд дөрвөн ажилтан шороонд дарагдаж амь насаа алдаж байсан юм.