Categories
мэдээ нийгэм спорт

Зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал түрүүллээ

Азидаа анх удаа 6 өдөр, 6 шөнө тасралтгүй үргэлжилдэг олон өдрийн гүйлтийн тэмцээн зохион байгуулагджээ. Тэмцээн БНХАУ-ын Шямин хотноо өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд болсон байна. Тус тэмцээнд Монгол Улсын тамирчин, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн хошой аварга Б.Буджаргал түрүүлжээ.

Тэрээр олон өдрийн уралдаанд хамгийн өндөр амжилт гаргаж байгаа монгол тамирчдын нэг юм. Б.Буджаргал энэ жил АНУ-д болсон олон улсын тэмцээний 10 өдрийн гүйлтийн төрөлд хурд сорихдоо 1221.8 км замыг туулж түрүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гачууртын аманд баавгай орж иржээ

Гачууртын Шар хоолойн аманд энэ сарын 6-нд баавгай үзэгджээ. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудын зарим суманд баавгай уулнаас бууж, хүн, малд халдсан тохиолдол ихээр гарах болсон. Тэгвэл өчигдөр хотын ойролцоо баавгай орж ирсэн тохиолдол ийнхүү гарлаа.

Тиймээс иргэдийг хотын ойгоор аялал, зугаалга хийхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Z үеийнхэн: Сайныг өвлөж саарыг өөрчлөх нь

16-20 насныханд буюу Z үеийнхэнд хаягласан энэ номын зохиогч нь эдийн засагч Ч.Отгочулуу. Зохиогч “Германд анх сурах гэж очиход эхний хэдэн семистр мэргэжлийн хичээл гэхээс илүү түүх, философи түлхүү судлуулахаар нь гайхаж байлаа. Ер нь баруунд аливааг судлуулахдаа ул, сууриас нь хардаг онцлогтой. Жишээ нь, хувийн өмч яагаад чухал гэдгийг тухайн үзэл санаа гарч ирснээс хойшхи бүхнийг багцалж судлуулж ойлгуулдаг. Шинэ цагт дэлхийн иргэн байхын тулд юу мэдэж, ухаарсан байх ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Энэ асуултад хариу болохоор ном бичье гэж зориод эхний алхмаа хийлээ. Миний номын тухайд наад зах нь л баруунд сурахаар явах гэж байгаа хүүхдүүдэд гарын авлага болохоор агуулгатай” гэж сонирхууллаа. Түүний Z үеийнхэнд хандсан гурван боть номын эхний боть хэвлэгдээд байгаа нь энэ. Хүн төрөлхтний түүхэнд нөлөөлсөн философич, улстөр-эдийн засгийн онолчдын намтрыг харьцуулалттайгаар гаргасан нь хэнийг ч анхаарлыг татахаар юм.

“Готамагийн ангижрал ба Кантын гэгээрэл” гэсэн хэсгийг нь сонирхуулъя.Гуч ч хүрээгүй Сиддхарта тансаг ордон, гэр бүлээ орхиж гараад гэгээрсэн түүхийг бүгд мэднэ. Түүний тухай зохиогч “Сиддхарта эхлээд тухайн үед түгээмэл байсан бясалгал, өлсгөлөн зэрэг аргуудыг ашиглан гэгээрэх гэж үзсэн ч амжилтанд хүрсэнгүй. Иймд шашин ба сүсгийн туйлшралгүйгээр өөрийн гэсэн шинэ арга замыг нээх нь зүйтэй гэж үзээд бадарчлах буюу ямар ч өмч хөрөнгө эд хогшилгүйгээр аялах, хялбаршуулсан бясалгал хоёрыг хослуулж үүнийгээ дундын зам мөр гэж нэрийджээ. Буддын сургаал нь танин мэдэх, бясалгах замаар зовлонгийн үндэс болсон шунал, үл мэдэхүй, атаархал зэргээс ангижрах замаар гэгээрэлд хүрч сэтгэлийн амгаланг олно гэж үздэг” гэсэн бол Буддагаас хойш 1200 жилийн дараа Европт мэндэлсэн Иммануел Кантыг “Түүний үзсэнээр бидний танин мэдэж чадах ахуй байдаг. Мөн бидний мэдлэгийн хязгаарын цаадахь төсөөллийн ертөнц гэж бий. Өөрөөр хэлбэл бидэнд мэдэж чадах зүйл бий, бас хэзээ ч мэдэж чадахгүй зүйлс ч байгаа гэсэн үг. Тэр өөр өөр сэдвээр олон бүтээл нийтлүүлсэн ч түүний хамгийн чухал сэдэв нь гэгээрэл байв. Түүнийхээр гэгээрэл гэдэг нь өөрийн буруугаас үүдэлтэй ухаангүй мунхаг байдлаасаа өөрийгөө татан гаргаж буй хүний ухамсарт үйлдэл. Ийм учраас тэр гэгээрэгтүн гэсэн алдарт үгээ хэлсэн юм” хэмээн бичжээ. Номын зохиогч Будда, Кант хоёрыг “Хүн гэдэг амьтан бодож, бясалгаж, сэтгэж байж өөрийн гэсэн амар амгалан, мэдлэгийн эрх чөлөөнд хүрдэг гэж сургаснаараа ижил” гэж харснаа Z үеийнхэнтэй хуваалцжээ.

“Хубилай хааны эрэлд буюу Колумбын төөрөлдсөн нээлт” гэсэн хэсэг сонирхол татсан дүгнэлт олонтой юм. Америк тивийг нээсэн итали далайчин Колумб бүр анх Ази тивийн боомтуудад хүрэх далайн замыг олох гэж замд гарсан, Энэтхэг, Хятадаас халуун ногоо, торго зэрэг бараа авдаг европчуудын хуурай газрын замыг Османы эзэнт гүрэн халхлан саад учруулах болсон нь итали далайчныг замд гаргахад хүргэсэн, Колумбын ширээний номын нэг нь Марко Пологийн тухай бичсэн “Дэлхийн гайхамшиг” хэмээх ном, Хубилайн байгуулсан Юань гүрэн тухайн цагтаа дэлхийн хүчирхэг эдийн засаг байсан, Монголын гэсэн тодотголтой XIII зуун даяарчлалыг эхлүүлж дэлхийн түүхийг өөрчилсөн гэх мэт түүхэн үйл явдлын учир шалтгааныг ганц хуудсанд багтаажээ. Зохиогч энэ хэсгийг “Хубилай хааны тухай ном үлдээсэн Марко Пологийн адилаар Монголын эзэнт гүрэнд хүрч худалдааны шинэ зам нээх гэсэн Колумбын хүсэл мөрөөдөл Америк хэмээх цоо шинэ тивийг нээхэд хүргэсэн ч итали далайчин өөрийгөө Энэтхэгт ирчихлээ гэж эндүүрч байж. Зөвхөн газар зүйн шинэ нээлтүүд төдийгүй ер нь шинжлэх ухааны түүх иймэрхүү шинэ төөрөгдлүүдээр дүүрэн байдаг” гэсэн дүгнэлтээр төгсгөсөн байна лээ.

За тэгээд “Гитлерийн эсрэг нөхөрлөл: Майский Черчиль хоёр”, “Кейнсийн онол ба дэлхийн хоёрдугаар дайн”, “Хямралын үе дэх төр: Рузвельт ба Сталин”, “Прагматик төв үзэлтнүүд: Эрхард ба Сяопин” гэх мэт гарчигнаасаа л сонирхол татахаар бичвэрүүд энэ номын хуудас бүрт байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байгалийн түүхийн музейг нураахыг хориглосон шүүхийн шийдвэрийг үл тоох ашиг сонирхол хэнд байна вэ

Байгалийн түүхийн музейг нураах ажил үргэлжилж, өчигдөр нүүрэн хэсэг, музейн өмнөх чулуун арсланг буулгаж эхэллээ. Ингэснээр Монгол орны түүхийн үнэт өв болсон музей газрын хөрснөөс бүрэн арчигдахаар боллоо.

Байгалийн түүхийн музейтэй холбоотой асуудал өнгөрсөн саруудад олны анхаарлын төвд байж ирсэн. 95 жилийн түүхтэй эл музейг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн 2013 оноос үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Харин өнгөрсөн долдугаар сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг нурааж, оронд нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг гаргасан юм. Өнгөрсөн аравдугаар сараас уг ажлыг эрчимжүүлэх болсноо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэж, бүр газар дээр нь очиж хэвлэлийнхнийг дуудаж “Нураахаас аргагүй болсон” гэж байв.

Засгийн газар, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны шийдвэр, алхмыг соёлын өв хамгаалагчид удаа дараа эсэргүүцэж ирэв. Тэд жагсаал цуглаан зохион байгуулж, хэвлэлийн хурал ч хэдэнтээ хийсэн. Иргэд, соёлын өвийг хамгаалагчид музейг өнгөрсөн жилүүдэд арчилж тордож чадаагүй, зориудаар ашиглах боломжгүйд хүргэсэн хэмээн буруушааж байгаа юм. Хамгийн гол нь түүх, соёлын дурсгал болсон барилга байгууламжийг нураах бус сэргээх ажлыг хийх ёстойг тэд онцолж байгаа. Байгалийн түүхийн музейн хувьд нураахгүйгээр сэргээх олон шийдэл байгааг мэргэжлийн хүмүүс сануулсаар байсан. Бүр гадны экспертүүд урьж авчраад шинжлүүлчихье гэсэн санал ч гарч байлаа.

Хамгийн наад захын, олон улсад ашиглагддаг жишиг бол түүх, соёлын барилга байгууламжийн нүүрэн хэсгийг яг хэвээр нь үлдээж, бусад хэсэгт нь засвар шинэчлэлийг хийдэг. Ингэснээр түүх соёлын дурсгал хэдэн зуун жил өнгөрсөн ч хэвээрээ хадгалагддаг, үнэ цэнэтэй байдаг, үнэн бодит түүх өгүүлдэг гэж үздэг аж. Харин манай энэ тохиолдолд нураах шийдвэр гаргасан эрх бүхий хүмүүс энэ тухай ган хийх битгий хэл эсрэгээр нь “Нураана” гэж дайрсаар байгаад хүслээ гүйцэлдүүлсэн нь хачирхалтай. Олон нийтийн эсэргүүцлийг үл тоон дараагийн барилгыг барих тендерийг зарлаад компанийг нь хүртэл сонгочихоод байгаа.

Харин үүний эсрэг иргэдийн төлөөллийн “Эрх зүйн соёл” НҮТББ-аас Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.

Захиргааны хэргийн шүүх 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгахаар шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоолын заалтыг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн юм. Шүүхийн шийдвэрийг дэлгэрэнгүй хүргэвэл “Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-т “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт “Чингис хаан” музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах” гэж заасан хэсгээс эхний хэсэг болох “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж” гэх хэсгийг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “АЯА” ХХК нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан захиргааны гэрээг тус тус уг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв” гэжээ. Өөрөөр хэлбэл, Байгалийн түүхийн музейг нураахтай холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдэгдтэл музейтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа зогсох ёстой гэсэн үг. Шүүхийн шийдвэр үүгээр тогтохгүй. “…Мөн урьдчилсан хэлэлцүүлгээр эрх бүхий байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулж, барилгыг шинэчлэн засварлах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээч томилсон болно” гэсэн байгаа юм. Нэг үгээр, Байгалийн түүхийн музейг нураах Засгийн газрын шийдвэрийг хэрэг шийдэгдтэл түдгэлзүүлж, музейн барилгыг шинэчлэн засварлах боломжийг судлахаар болсон байдаг.

Захиргааны шүүхийн захирамжид хариуцагч тал гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх хянаж үзээд Засгийн газар, БСШУСЯ-ны гомдлыг хэрэгсэхгүй болгосныг шүүхийн эх сурвалж хэллээ.

Шүүхийн шийдвэрийг хэнбугай ч дагаж мөрдөх учиртай. Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн хүртлээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэдэг, хүлээж авдаг. Ялангуяа, хууль сахиулагч Засгийн газрын хувьд энэ асуудал хамгийн их хамаатай. Тэд шүүхийн шийдвэрийг биелүүлж гэмээнэ, ард иргэд шүүхдээ хүндэтгэлтэй хандах хандлага улам нэмэгдэнэ. Гэтэл шүүхээс “Асуудлыг шийдвэрлэтэл музейг нураах шийдвэрийг түдгэлзүүллээ” хэмээн цагаан дээр хараар бичин шүүгчийн алх цохин шийдвэрлээд байхад музейн барилгыг нураачихлаа. Шүүхээсээ давсан ямар их эр зориг, ашиг сонирхол вэ. Засгийн газар, бодлогын яам нь шүүхийн шийдвэрийг үл тоовол энэ улсад хууль ёс яаж хэрэгжих вэ.

Одоогийн нөхцөл байдлаас Байгалийн түүхийн музейг аврах гэхээс илүү тус музейн газар хамгийн үнэ цэнэтэй болж харагдаад байна. Музейн газар дээр Чингис хааны музей байгуулах шийдвэр гарч, бүр зураг төсөл нь ч гэрлийн хурдаар бэлэн болж, гүйцэтгэгчийн тендерийг зарлачихсан гэж байгаа. Тиймээс Чингис хааны музей барихыг санаачилсан, шийдвэрлэсэн хүмүүсийн ашиг сонирхол 95 жилийн түүхтэй, Монгол орны байгалийн хосгүй үнэт бүтээлүүдтэй, Монгол Улсын түүх соёлын цөөхөн дурсгалын нэг болсон түүхэн музейг нураахад хүргэлээ.

Энгийн хүн харахад л ойлгомжтой, нэг музейгээ нурааж нүүлгээд, оронд нь өөр музей барих ямар шаардлага байна вэ. Энэ цаг үед Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей энэ тэнцүү л үнэ цэнэтэй. Магадгүй Байгалийн түүхийн музей 95 жилийн түүхтэй, түүх соёлын дурсгал болсон үзэмжит барилгатай, зөөж тээвэрлэх боломжгүй дурсгалуудтайгаараа өөрийн газар дээрээ байх нь илүү үнэ цэнэтэй байж мэдэх байсан. Харин тэр Их тэнгэрийн амандаа Байгалийн түүхийн музейг биш Чингис хааны музейг байгуулах нь байрлалын хувьд илүү зохимжтой, төсөв мөнгө ч хэмнэсэн ажил болох байлаа. Гэвч үүнийг үл тоон хотын төвийн байрлалд шунасан, хувийн бизнес болгох гэсэн санаархал л үүний цаана харагдаад байна. Харин эзэд нь хэн бэ?

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Э.Бямба-Эрдэнэ: Тээврийн хэрэгсэлдээ дохиолол тавих нь гэмт халдлагаас сэргийлж өгнө

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Э.Бямба-Эрдэнэтэй ярилцлаа.


-Нийслэлд хамгийн их үйлдэгддэг гэмт хэрэг бол хулгай. Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 19222 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Үүний 6274 буюу 32.6 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ нь урд оны мөн үеийнхтэй харьцуулахад 2779 буюу 30 орчим хувиар буурсан үзүүлэлт. Хулгайлах гэмт хэргийн дийлэнхийг буюу 90 орчим хувийг өмчийн хулгай эзэлдэг. Үүний хоёр хувийг тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа. Он гарснаас хойш 127 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэг бүртгэгдсэн.

-Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж байгаа шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ. Иргэд сонор сэрэмжгүй байна уу?

-Иргэд тээврийн хэрэгслээ камерийн хяналтгүй газар орхиж явах, хаа тааралдсан зогсоолд нь үлдээж удаан хугацаагаар орхиж явах зэрэг нь хулгайчдад боломж олгож байна. Манайхан ч хэнэггүй. Тээврийн хэрэгслээ асаалттай нь орхиод дэлгүүр орчихно. Энэ мэт хайхрамжгүй үйлдлүүд нь гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байгаа юм. Мөн он хуучин тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулж хулгайлсан тохиолдол бүртгэгдсэн. Архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ хаана байрлуулснаа мартчихаад “хулгайд алдлаа” гэж дуудлага мэдээлэл өгөх тохиолдол байдаг. Мөн банк бус санхүүгийн байгууллага болон авто ломбардуудад тээврийн хэрэгсэл барьцаалагдсан байж байгаад гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас эзэмшигчид мэдэгдэлгүйгээр ачиж явах асуудал гардаг.

-Насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдүүдийн насны ангиллаар авч үзвэл дийлэнх хувийг насанд хүрээгүй хүүхдүүд эзэлж байна. Өсвөр насныхан зарж борлуулах зорилгогүйгээр, машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгай хийсэн байдаг. Тээврийн хэрэгсэл унаж яваад шатахуун нь дууссан газар орхиж явах тохиолдол байдаг. Мөн зам тээврийн осол гаргаад хаяж зугтаасан хэрэг гарсан.

-Гол төлөв ямар маркийн авто машин хулгайд алдагдаж байна вэ?

-Приус маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдах тохиолдол их байна. Гурвалжин шилийг хагалаад л чип тааруулаад хулгайлаад явчихаж байгаа юм. Приус машины сэлбэг эрэлт хэрэгцээтэй байдаг нь үүнтэй холбоотой. Гэмт этгээдүүд хулгайлсан тээврийн хэрэгслээ задалж зарах, арлын дугаарыг нь сольж цааш зарж борлуулсан байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг 22:00-09:00 цагийн хооронд үйлдэгддэг. Өвлийн цагт, автомашины толь, хучлага яндан зэрэг зүйлс хулгайд алдагддаг. Иргэд гэрэлтүүлэгтэй давхар хяналтын камертай газар тээврийн хэрэгслээ байрлуулах хэрэгтэй. Гэмт этгээдүүд үзэгдэх орчин хязгаарлагдмал булан тохойд тавигдсан тээврийн хэрэгслийг тонодог. Мөн тээврийн хэрэгсэлдээ дохиолол тавьж өгөх нь энэ төрлийн гэмт хэргээс сэргийлж өгнө.

-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт ямар байна вэ?

-127 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хулгайд алдагдсан 19 тээврийн хэрэгсэл олдоогүй, хэргийг шалгаад явж байна. Нийт 24 гэмт хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа. Бусад тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргийн эзэн холбогдогчийг нь олж тогтоосон.

-Орон байрны хулгай их гарч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлсэн байна лээ?

-Нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийн тал хувийг орон байрны хулгай эзэлдэг. Хулгайч нар гол төлөв, зурагт, зөөврийн компьютер, алт мөнгөн эдлэл авдаг. Хулгайчид тээврийн хэрэгсэл ашиглаж бөөнөөрөө явж зохион байгуулалттайгаар хулгай хийдэг болсон байна. Хулгайлдаг хүмүүс нь тусдаа, зарж борлуулдаг хүмүүс нь тусдаа байдаг болсон.

-Орон байрны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар арга зам байна?

-Хөршийн харилцаа холбоо хэрэгтэй. Хажуу, ойролцоо айлдаа захиж үлдээх нь чухал. Хулгайн гэмт хэрэгтэй айл хөршөөрөө, гудамжаараа нийлж тэмцэх хэрэгтэй. Ингэсэн цагт та орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломжтой. Өнөөдөр хажуу хөрш айлаа таньдаг хүн ховор болсон байна. Хажуу айлаас нь гараад компьютер тэврээд явж байхад цагдаагийн байгууллагад мэдэгдэх сэтгэлтэй хөрш цөөн болсон байна. “Миний юмыг хулгайлсан юм биш, надад хамаагүй” гэсэн хар амиа бодсон сэтгэхүйтэй болчихож. Хулгайн гэмт хэрэгтэй олуулаа тэмцье гэсэн ухамсар алга байна. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн хэргээс нь шалтгаалаад мэдээллээр хангасан иргэнийг урамшуулж өгдөг. Мэдээллийн нууцыг хадгална. Мөн амралт зугаалга эхэлж, хүний хөл татарсан үед машины эд анги хулгайлах гэмт хэрэг олон үйлдэгдэж байна.

-Урьдчилан сэргийлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар албан хаагчид айл өрх бүрээр л орж анхааруулдаг. Цагдаа нарын үгийг тоож сонсож байгаа хүн цөөхөн шүү дээ. Улиг болсон юмаа ярьж явна уу эд нар гэсэн байдлаар хүлээж авна. Харин хулгайд эд зүйлсээ алдчихсан хойноо бол “Одоо олж өг” гээд л хашгираад орж ирнэ. Хэргийн мөрөөр нь орж хөрш айлуудаас нь мэдүүлэг авахад “Нэг хүн хашаагаар нь ороод зурагт тэврээд гарч байх шиг байсан. Өөрсдөө юм болов уу гэж санасан. Би мэдэхгүй” гэх тайлбар хэлж байгаа юм. Ингээд илрүүлэлт удааширна. Өнөө хулгайчид нь аль хэдийнэ хувийн машиндаа ачаад, эсвэл такси бариад явчихсан, борлуулчихсан байдаг. Цагдаад хэр шуурхай мэдэгдэнэ, төдий хэмжээгээр түргэн илрүүлнэ. Иргэний үүрэг гэж байгаа шүү дээ. Саахалт айлаас нь эд хогшил тэврээд гарч байхад хэл чимээ өгч, цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэх хэрэгтэй. Орон байрны хулгайн гэмт хэрэг нийслэлд үйлдэгдэж буй хэргийн 60 гаруй хувийг эзэлдэг. Хамтраад үүнтэй тэмцвэл гэмт хэргийн тоо статистик буурах гээд байна шүү дээ. Цагдаагийн ерөнхий газраас мөн барьцаалан зээлдүүлэх газруудтай хамтарч, хяналт тавьж ажиллаж байгаа.

-Хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдсэн хэрнээ худалдаж аваад байдаг хүмүүс бий. Энэ иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хулгайчидтай удаа дараа хамтарч ажиллаж эд зүйлсийг нь худалдаж авсан бол Эрүүгийн хуулийн 18.6 буюу мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага тооцдог. Хулгайн эд зүйлсийг удаа дараа худалдаж авсан бол амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалт бий. Зах зээл байгаа учраас л хулгайчид өдөр тутам айл ухаад байна шүү дээ. Бид ченж гэх улсуудтай тэмцэж шинэ Эрүүгийн хуулинд заалт оруулж өгсөн. Өмнө нь бол торгоод өнгөрдөг байсан. Одоо тийм зүйл байхгүй.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Н.Амгалан: Богд Зонховын 600 жилийн ойгоор Монгол туургатнууд цуглана

Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэхээр болоод байна. Өчигдөр энэ талаар Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хэвлэлийн хурал хийсэн юм. Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн, Тэргүүн лам нарын зөвлөл хамтран Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолыг энэ сарын 7, 8-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ арга хэмжээнд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг болон Алтайн урианхайн лам, Хөх нуурын монголчуудын төлөөлөл болсон лам хуваргууд, сүсэгтэн олон хүрэлцэн ирж оролцохоор болжээ. Маргааш Тэргүүн их Хамба лам нийт монголчуудад Богд ламын намтар, Бурханы шашны тухай зарим ойлголт зэргийг тайлбарлан таниулж, Мэгзэмийн лүн хүртээх бөгөөд 17 цагаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд цугласан лам, хуваргууд нийт монголчууд болоод даян дэлхийн энх амгалангийн төлөө маргааш өглөөний нар мандтал Мэгзэм унших юм байна. Түүний дараа 8-ны өдрийн 09 цагаас Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн нээлтийн ёслол болох аж. Энэ үеэр оюутан, залуусын дунд зарласан “Бурханы шашин ба монголчууд” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна. Мөн Богд Зонховын нандин өв соёлын эд зүйлүүдийг үзэсгэлэн байдлаар сүсэгтэн олонд дэлгэх юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалантай ярилцлаа.


-Богд Зонховын намтар, түүхээс товч яривал?

-Богд Зонхов 1357 онд Их Юань гүрний үед буюу Тогоонтөмөр хааныг хаан ширээнд сууж байхад одоогийн Хөхнуурын Сонгины ам гэдэг газарт мэндэлсэн. Богд Зонховын аав нь монгол хүн байсан гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Богд Зонховын аав Юань улсын үеийн ноён хүн байсан. Ийм хүний гэрт мэндэлсэн. 1360 онд гурван настай байхад нь Юань гүрний Төрийн багш байсан түүнд гэнэн сахил өгсөн байдаг. Өөрийнх нь намтарт ч энэ тухай гардаг. Юань улсын Төрийн багшийн явж байсан замыг тосон сахил авсан гэж. Богд Зонховын дэлхийд алдартай бүтээл болох “Бодь мөрийн зэрэг”-ийг бурхан шашинтан даяараа судалдаг. Дэлхийн маш олон хэл дээр орчуулагдсан, маш их судлагдсан ном юм. “Бодь мөрийн зэрэг”-ийг судлаагүй газар гэж байхгүй. Хоёрдугаар Бурхан багш хэмээн алдаршиж, Бурхан багшийн сургаалийг дахин шинэтгэл хийж олонд танилцуулж чадсан хүн бол Богд Зонхов. Тэгэхээр бурхан шашинтан бүгд “Бодь мөрийн зэрэг”, “Тарнийн мөрийн зэрэг” гэсэн алдартай номуудыг байнга уншиж, судалдаг. Гэгээрэлд хүрэхүйн гол номлолыг заасан. Богд Зонховын номлолын гэгээрэлд хүрэх арга зам нь тодорхой. Маш их философи, гүн ухаан, тарнийн ёс зэрэг өндөр хэтийдсэн мэдлэгээрээ Богд Зонховын номын ёс үлэмж ялгаатай учраас бидний өвөг дээдэс, монголчууд маань Богд Зонховын номын ёсыг дэлгэрүүлж авч, сонгож судалж ирсэн түүхтэй.

-Богд Зонховын шашин монгол даяар дэлгэрсэн гэдэг. Энэ шашин дэлгэрснээр ямар эерэг өөрчлөлтүүд бий болсон бэ?

-Бид бол бурханы шашинтнууд. Бурхан шашинтнууд дотроо Богд Зонховын номын ёсыг баруун, зүүн гэлтгүй бүх монголчууд дэлгэрүүлснээрээ онцлогтой.. Өвөр Монголын хаана ч очсон, Харчин, Хорчин, Түмэд, Цахар, Дээд Монголд очиход ч тэр. Хойшоо Буриад, Тува, Халимагт очлоо гэхэд бүгд Богд Зонховын номын ёстой байхгүй юу. Тийм учраас монгол туургатнууд маань Богд Зонховын 600 жилийн ойгоор нэг дороо цуглаж Богд Зонховын шашны өнөөгийн байдлын талаар ярилцана.

Бурханы шашин гэж юуг хэлэх вэ, бурхны шашинтан гэж ямар онцлогтой байх вэ. Бурханы шашин дэлгэрсэн орон ямар онцлогтой байдаг вэ. Нийгэм нь ямар амар амгалантай байдаг вэ. Дэлхий даяар яригдаад байгаа ёс суртахууны боловсролыг бид хаанаас авах ёстой юм. Яаж хүнлэг, энэрэнгүй болох вэ гэдгийг хэлэлцэнэ. Улсын маань зорилго ч тэр, хүнлэг, энэрэнгүй, Ардчилсан нийгмийг бий болгоно гэдэг. Тэгвэл бурханы шашинтан бид нар оролцъё. Бид нийгэмдээ юуг өгч чадах вэ гэхээр ёс суртахууны боловсролыг өгөхийн төлөө л хичээх хэрэгтэй. Улс хоёр хуулиар зохицуулагддаг. Гадна талдаа төрийн хуулиараа, дотор талдаа хүний итгэл үнэмшил, номын ёсоор. Хүмүүжил, ёс суртахууны боловсролтой, хариуцлагатай байхыг шашинаараа дамжуулж авдаг. Аль ч улсад тэгдэг. 1990-ээд оноос хойш Монголын Бурханы шашны хөгжил арай өөр хэмжээнд хүрч байна. Энэтхэгт сурсан лам нар, дотооддоо суралцаж төгссөн лам нар бурхны шашнаа таниулж, ойлгуулахуйц хэмжээнд хөгжөөд ирлээ.

-Богд Зонховыг Бурханы шашныг шинэтгэгч, Гэлүгвагийн ёсыг үндэслэгч гэдэг. Гэлүгвагийн ёс гэдэг нь ямар ёс вэ. Үүнийг та тайлбарлаж өгнө үү?

-Бурханы шашны Их хөлгөний уламжлал, Бага хөлгөний уламжлал гэсэн хоёр том уламжлал байна. Ялангуяа Зүүн өмнөд Азийнхан Бага хөлгөний уламжлалтай. Гималайн бүс Балба, Төвд, Монгол зэрэг Их хөлгөний уламжлалттай орнууд байна. Бурханы шашны уламжлал дэлгэрсэн эдгээр орнуудад Бурханы шашин Бурхан багшийг байх үеийнх шиг өндөр хэмжээнд номлож чадсан, номлол дэлгэрсэн нь Богд Зонховын номын ёс байгаа юм. Богд Зонховын шашныг зарим газарт Шар малгайтны шашин ч гэж нэрлэдэг. Зарим газарт Шинэ Гаадамбын ёсны шашин гэж нэрлэсэн нь бий. Ерөнхийдөө нэрлэж буй нь Гэлүгвагийн ёс буюу Буяны ёстон. Төвдөд Бурханы шашин VII зууны үед дэлгэрээд Х зууны үед ид хөгжлийнхөө үед байсан. XI, XII зууны үед Монголын Эзэнт Гүрний хаадууд тухайн үеийн Төвдийн Бурханы шашны Сажава, Гармава гэсэн урсгалуудыг дэмжиж, монголчууд оюун санааны итгэл үнэмшлээ болгож авч байсан. Юань улсын үед Хубилай хаанаас Тогоонтөмөр хаан хүртэл төрийн багшаар суусан бүх үеийн багш нар дандаа Төвдөөс ирж байсан. XIV зууны сүүл, XV зууны эхэн үед Төвдөд дэлгэрч байсан Бурханы шашинд олон ёс дэлгэрч дотроо доройтож эхэлсэн. Ялангуяа Сажава, Гармавагийн ёс доройтож ирсэн. XV зууны сүүл үеэс Төвдөд Бурханы шашны шинэ чиглэл гарч ирсэн нь Гэлүгвагийн ёс буюу Богд Зонховын номын ёс. Богд Зонховын номын ёс нь бууран доройтож байсан Бурханы шашны олон номын ёс дотроос философи, бясалгал, бүтээл зэрэг хамгийн шимтэй зүйлүүдийг нь авсан. Бурхан багшийн үед дэлгэрч байсан Гаадамбын ёсны Бурханы шашны гол суурь болсон гүн ухааны номууд, тарнийн гүн ухааны номуудыг голлосон Богд Зонховын шашин 1400-аад оны үед дэлгэрсэн. Бурхан шашны дэлгэрэлт XIV зуун сүүлээр Төвд даяар асар өндөрт хүрсэн. Энэ бол Бурханы шашны төгөлдөршил, дахин сэргэлтийн хөгжил болж ирсэн.

-Төвдөд монгол хүн Бурханы шашныг шинэтгэн дэлгэрүүлж буйг мэдсэн Монгол хаад нэгдэж, Богд Зонховын шашны ёсыг дэлгэрүүлэх талаар хэлэлцсэн гэдэг. Энэ талаар түүхэн сурвалжуудад хэрхэн тэмдэглэсэн байдаг вэ?

-XV зууны сүүл үеэс монголчууд үүнд хэрхэн хандсан бэ гэхээр Бурханы шашны шинэтгэл урсгал гараад иржээ. Ялангуяа тэр урсгалыг үндэслэгч нь Монгол аавтай лам юм байна. Аав нь даргач Лхүмбэ гэж хүн байсан. Тэр хүн Юань улсын алба хааж байсан ноён. Ийм хүний хүүхэд байж. Ээж нь төвд хүн. Ийм аав ээжтэй монгол хүний дэлгэрүүлсэн шашин Төвд даяараа өндөр хэмжээнд хөгжиж байсан учир XV зууны сүүл үеэс Түмэдийн Алтан хаан, Дээд Монголын Хутагтай Хунтайж, Халхаас Абтай сайн хаан гээд тухайн үеийнхээ нөлөө бүхий хаад, ноёд “Бидний итгэл үнэмшил, монголчуудын оюун санаа доройтож байна. Дайн байлдаан, дотоодын үймээн самууны хөлд ард түмэн их сөхөрчээ” гэж дүгнэсэн. Хүний оюун санааны хөгжил, үзэл бодол доройтоод ирэхээр нийгэм самуурдаг гэж үздэг. Тийм ч учраас тэрийг засан залруулахын тулд бид эргээд Бурханы шашнаа дэлгэрүүлье, ялангуяа Төвдөд хөгжингүй байгаа Бурханы шашны шинэ урсгалыг дэлгэрүүлье гээд Монгол хаад, ноёд нийлж бодлого гаргасан. Монголчууд аль ч цагт тухайн нийгмийн шилмэл, шилдэг гэсэн зүйлүүдийг сонгодог. Одоо ч ялгаагүй, гадны орнуудаас аль л хөгжилтэй гэсэн болгоныг авч байна. Түүн шиг XIV, XV зууны үед бидний өвөг дээдэс яг тийм байсан. Тухайн үед Төвдөд Бурханы шашин хамгийн хөгжингүй болж, үндэстэн, нийт ард түмэндээ ойлгомжтой болж эхлээд тэрнийгээ дагасан эрдэмтэн, сэхээтэн олноор төрөн гарч, тэр нь бусад оронд үлгэр жишээ болж ирсэн. Тэгэнгүүт үүнийг нь Монголын хаад нутагтаа бодлогоор дэлгэрүүлсэн. Энэ нь Монголд Бурханы шашныг шинээр дэлгэрүүлсэн гэсэн ойлголт биш юм. Бурханы шашны шинэ урсгалын хөгжингүйг нь авсан хэрэг.

-Ингэхэд, монголчууд Бурханы шашныг хэддүгээр зууны үед анх авсан юм бэ?

-Монголын түүхийг харахад, I, II зууны үед Энэтхэгээс улбаатай Дундад Ази, Торгоны зам дамжсан Бурханы шашныг авсан. IV зуун буюу Нирун улсын үед Энэтхэг, Дундад Азийн эрдэмтэд Монголын Нирун улсын төрийн багш нар байсан. VII, VIII зууны үед Энэтхэгт байсан Бурханы шашин доройтож ирсэн. Ингээд Кидан гүрний үе буюу X, XI зууны үед Бурханы шашин эргээд асар өндөр хөгжсөн. XIII, XIV зуун үед Монголын Эзэнт гүрэн, Их Юань улсын үед Энэтхэгт байсан Бурханы шашин Төвдөд дэлгэрч эхэлсэн. Тэгэнгүүт Төвдөд байсан аль л сэхээтэн том багш нарыг Монголд улсын багш, хааны багш хэмээх албаар томилж, тухайн цаг үеийнхээ оюун санааны лидерүүд, мэргэн зөвлөгчдөөр тухайн үеийн сэхээтнүүд, болох лам нарыг сонгодог байсан. Энэ уламжлалыг монголчууд хэзээ ч алдаж байгаагүй, барьж ирсэн. Эзэнт гүрэн, Их Юань улс задран унаж Бага хаадын үед ирэхэд “Бурханы шашин хаана хөгжингүй байна вэ” гэж харахад Төвдөд Богд Зонховын ёс буюу Гэлүгвагийн ёс асар өндөр түвшинд хүрчихсэн байсан. Ингээд дээр миний өгүүлсэн Түмэдийн Алтан хаан, Дээд Монголын Хутагтай Хунтайж, Халхаас Абтай сайн хаан санаа нийлж Богд Зонховын шашныг дэлгэрүүлэхээр болсон түүхтэй. Абтай сайн хаан эндээс явахдаа өөрийн дүү Түмэнхэний Сайн ноёнтой хамт явсан байдаг. 1580 онд эд нар Хөх хотод Их зуу сүмийг байгуулсан. Халхад 1586 онд Эрдэнэзуу хийдийг байгуулсан. Тэгж байтал IV Далай лам Монголд төрсөн, Баруун Монгол Ойрдын Зая бандид Намхайжамц гэж алдартай эрдэмтэн гарч ирсэн. Баруун монголчуудын оройн дээд лам болсон. Тод үсэг зохиосон, Бурханы шашны 360-370 гаруй номыг Монгол хэл дээр орчуулсан мундаг эрдэмтэй, сэхээтэн лам байсан. Халхад Өндөр гэгээн Занабазар гэж томоохон хутагт, хувилгаан гараад ирсэн. Мөн Ойрдод Нэйж тойн Богд Авид гэж том лам гарч ирсэн. Буриадад Зая хамба Дамбадаржаа гэж алдартай лам төрөн гарсан. Энэ мэтээр Монголд том том үндэсний сэхээтнүүд, боловсролтой лам нар гарч ирсэн. Оюун санааны удирдагчид төрөн гарсан. Тийм ч учраас хаан ширээний төлөөх дотоодын тэмцэл амирлаад, үймээн самууны хөлд ядарчихсан байсан ард түмэн амар амгалан болж эхэлсэн. Үүнээс улбаалж Бурханы шашинд итгэх ард түмний итгэл сэргэсэн. Тиймээс XVII, XVIII зуун бол Монголын Бурханы шашны хамгийн хөгжингүй үе юм. Үсрэнгүй хөгжлийн үе гэгдэх болсон. Энэ үед үзэмчин, барга, цахар, дээд монгол, торгууд, Алтайн урианхай гээд Монголын хаана ч очиход шүтдэг шашин нь Богд Зонховын номын ёс байсан.


Categories
мэдээ цаг-үе

Цэнхэр тэнгисийн диваажин маргад ногоон Карибын арлуудаас

Майамигаас гарсан онгоц Антигау ба Барбуда дөхөж ирэхэд, би цонхоор шагайлаа. Тэртээ доор нүд алдам гүн цэнхэр Карибын тэнгист цайран харагдах хөлөг онгоцууд дун цагаан лавай мэт хачин гоё үзэсгэлэнтэйгээр цайвалзана. Тэнгэр тэнгисийн дунд маргад ногоон өнгө гялбуулан тодоос тод харагдах 700 гаруй Карибын арлуудыг диваажин гэж дуу алдахаас өөр үг амнаас үл унана. Диваажин гэж байдаг бол хараа булаан ногоорох тэр арлууд л диваажин байх.

Мексикийн булан, Хойд Атлантын далайгаар хүрээлүүлж, хоёр Америк тивийн дунд орших Карибын арал 13 тусгаар тогтносон улс, 17 хараат нутаг, 43 сая хүнтэй. Хамгийн сонин нь Карибын улсуудын ижил төстэй нэрс зарим хүнийг хөөрхөн будилуулж орхино. Жишээ нь “Доминиканы Бүгд Найрамдах Улс”, “Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улс” гэх хоёр өөр орныг нэг улс гэж ойлгох нь энүүхэнд. Барбодос улсыг Барбудатай хольж сольдог хүнтэй мэр сэр таарч л явлаа.

1493 оны есдүгээр сарын 24-ний өдөр алдарт Кристофер Колумб хоёр дахь их аялалдаа гарахдаа санваартан лам, цэрэг, фермерүүд нийлсэн 1200 хүн, 17 усан онгоцтой явсан гэдэг. Тэд арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн ням гаригт шинэ арлаар дайран өнгөрөхдөө “Доминика буюу Ням гариг” гэдэг нэр өгөөд байж. Эдгээр арлуудад “Сент Мартин”, “Сент Маартин” гэх мэтчилэн сент гэдэг нэртэй тав, зургаан жижиг улс бий. Сент гэдэг нь христосын шашны хувьд ариун хутагт гэсэн утгатай үг. К.Колумб санваартан лам нартай явж байсан учраас ийм нэр төрсөн байх аа магадгүй.

Антигау ба Барбуда орох онгоцонд ганган гэхэд “дэндүү ганган” эр зэргэлдээх суудалд суусан юм. Тэр эр зузаан хүрэн уруулынхаа цаанаас үе үе алтан шүдээ гялбуулан инээмсэглэж, чихэндээ зүүсэн том хар чихэвчээ хоёр алгаараа дарж, цээжээ этгээд сонин хөдөлгөн суудалдаа бүжиглэсэн шигээ явах нь хэний ч анхаарал, сонирхлыг татахаар. Мань эр бусдын анхаарлыг татаж байгаадаа тун чиг сэтгэл ханамжтай суугаа нь илт. Буржгар өтгөн хар үсээ бөндийтөл, олон жижиг хэсэгт хувааж тус бүрийг нь тод өнгийн боолтоор ороожээ. Хүзүүндээ зузаан зүүлт, гартаа бүдүүн алтан гинж давхарлан ороосон харагдана. Залуугийн энэ чимэг гоёл хар арьсанд нь зохицсон гэж жигтэйхэн. Хүнд төвөг болохгүй ч янз донжтой хөдөлгөөн нь нүдний үзүүрт байнга өртөж анхаарал өөрийн эрхгүй өнөө залуугийн зүг хулжаастай. Олны анхааралд аль хэдийнэ орчихсон түүний хажуугаар онгоцны үйчлэгч бүсгүйчүүд инээмсэглэн өнгөрнө.

Гурван цагийн нислэг өндөрлөж Сент Жонс хотноо газардахад, алтан шүдэт өнөө дэгжин эр нүд гялбатал дахин нэг инээгээд “Карибид тавтай морил, сайхан аялаарай” гэж эрхий хуруугаа гозойлгоод цээжээ хөдөлгөсөөр олны дунд уусан одов. Онгоцны буудал дүүрэн нарийхан бэлхүүс, хотгор нуруугаа тас барьсан сиймгэр нимгэн, нэвт гэрэлтсэн торон хувцсандаа том том өнгийн шигтгээтэй, алаг нүдэн хөөрхөн хүүхнүүд өдөн далавч мөрөвчилсөн байх нь эгээ л тэнгэрээс буусан дагинас, тэнгисээс гарсан лусын охид гэлтэй. Сайхан охидын арын ханан дээр тусгайлан байрлуулсан хүрэн модон сийлбэр өөрийн эрхгүй хараа булаасан юм. Тэр хананд хүзүүндээ дөнгөтэй, гар нь гинжээр гавлуулсан боолчуудын үхэн үхтэлээ ажиллах үйлийн үрт тавилан, чихрийн нишингэ боловсруулдаг хуучны салхин тээрэм, эздийнхээ гарт зарагдаж үрэгдэж байсан түүхээс өгүүлжээ. Өнөөгийн диваажингийн “тамын түүх” сэтгэлийг минь өөрчилж аяллынхаа замаас бага зэрэг хазайлаа.

Сэйнт Жонс хотын хөөрхөн хийцтэй улаан, ногоон, цэнхэр шоо мэт өнгө булаалдах байшингууд дундуур сүлжиж, далдуу модтой гудамж уруудан явсаар хуучин гэгдэх сүрлэг цагаан чулуун байранд ороод авав. Музейн тайлбарлагч бахь биетэй, хар залуу том том цагаан шүдээ яралзтал инээн угтаж, хаанаас ирэв, усан онгоцоор явна уу, эсвэл нисэж ирсэн үү гэх нь ихэд яриа байрын хүн болохыг төвөггүй илтгэнэ. Тэгж байснаа Монголия гэснийг Анголия гэж сонсоод цочин үсэрч бөөн инээд ханиад болов. Бас ч үгүй алиа эр бололтой. Өнөө эр өөрийгөө Валентино гэж танилцуулаад л тайлбарлаж гарах нь тэр. “Валентина гэж хэлбэл эмэгтэй хүний нэр болно. Эрүүл чийрэг хүчтэй гэсэн утгатай латин үгээс нэр минь гаралтай” хэмээн цэвэр англи аялгуугаар хэлж байна. Валентино дэл сул яриагаа ашгүй нэг орхиж музейгаа тайлбарлаж эхлэв. Би ч сонирхсон бүхнээ асуугаад Валентино мэдэх бүхнээ сонирхуулж гарлаа.

“Хуучин Шүүх” нь байрлаж байсан энэхүү барилгыг боолын эзэд хөрөнгө гаргаж Петер Харрисан гэдэг Английн архиктекторч бариулжээ. Хожим хойно 1985 онд түүх, археологийн нийгэмлэг нь уг байрыг музей болгосон байна. Америк тивийн нээлт нь түүхийн шинэ үе, өөрчлөлт колоничлол боолын худалдаагаар асар том “нүүлгэн шилжүүлэлт” хийжээ. Унасан бүхэн ургаж, ургасан болгон цэцэглэх үржил шимт, бурхны орон гэмээр байгаль цаг ууртай, өргөн уудам Америкт чихрийн нишингэ, цагаан будаа, навчин тамхи, хөвөн, кофе тариалах, алт, мөнгөний уурхай ажиллуулах, зам тавих, мод дүнз татах гэх мэт хүнд хүчир салбарт, ажиллах хүч асар ихээр шаардагдаж эхэлжээ. Хамгийн анх португальчууд 1526 онд Анголоос олзолсон хүмүүсийг Бразилд авчирсанд, англи, франц, нидерланчууд “Атлантын боолын худалдаанд” уралдан орцгоосон түүхтэй. Түүхийн шарласан хуудсанд 1526 -1867 оны хооронд Африкаас 12.5 сая боолыг усан онгоцоор зөөхөд 10.7 сая нь амь гарсан тухай Америкийн түүхч Стивэн Минц судлагаандаа бичсэн юм. Төв Африкийн Конго, Чад, Габоноос олзолсон боолчуудын 90 хувь нь “Атлантыг дайран өнгөрөх боолын худалдаа” буюу Карибид газардаж Хойд Америкаар тархсан аж. Зөвхөн Их Британи дангаараа 3.1 сая боол зарсан түүх бий. 25 нас орчим насны цэл залуухан эрс хамгийн их үнэ хүрч 25–30 ам.доллараар арилжигддаг байсан бол 1860-аад оны үед үнэ нь огцом өссөн байна. Олзлон авсан африк боолчуудыг морь үзэж буй мэт амыг нь ангайлгаж шүдийг нь шинжиж, зориуд хамгийн эрүүл чийрэг өсгөлүүн залуучуудыг шилэн олзолж, хүн багтах зай бүрт чигжин дүүргэнэ. Оргож зугтаах, эсэргүүцэх тул гар хөлийг нь шалтай холбон гинжилж 1-2 сарын турш далайгаар аялдаг байлаа.

Далайн шуурга, шатам халуунаар төөнөх наран дор хувцас ядмаг, хоол ус тарчиг, бохир орчинд зарагдахаар явж байгаа боолууд өвдөж шаналах энүүхэнд. Өвчилсөн, үхсэн хүмүүсийг далайд шидэн зогсолтгүй урагшилж явсан хөлөг онгоцнуудын гашуун аяллыг өнөөгийн хүн төрөлхтөн түүхийн шарласан хуудаснаас санаа алдан уншицгаадаг. Тухайн үед 50-100, түүнээс дээш боолтой хүнийг баянд тооцдог байж. Боолын эзэд боолоо сонинд зар тавьж зараад мөнгө болгодог төдийгүй зугтсан боолыг нь олж өгсөн хүнд шагнал өгөхөө хүртэл олонд зарладаг байжээ. Америкчуудын хувьд 1704 онд анх Массачусетс мужийн “Бостоны мэдээ – захиа” нэртэй, сардаа нэг удаа гардаг сонинд, газар, үхэр мал зарах гэдэг ангиллын тусгай хуудсанд, худалдаачин Жон Колмэн гэгч эр хүн зарах боол худалдах зарыг оруулж байсан юм билээ.

Боолын хөдөлмөр нь амьд хүнд тамын шийтгэл байсан учир олон зуун хүний тэсвэр тэвчээр алдарч 1736 онд Принц Клаас хэмээх залуу боолчлолын эсрэг тэмцэлд уриалан боссон юм. Валентино Антигау ба Барбуда улсын үндэсний баатрынхаа түүхийг сэтгэл хөдлөл, бахдлаа барьж ядсан өнгөөр ярина. Тайлбарлагч залуугийн хүүрнэсэн өнгөрсөн цагийн гашуун түүхийг толгой дохин, бодолд автан сонсч дуусахад Валентино ихэд дотночлон “ Чөтгөрийн гүүр” гэдэг газар заавал очоорой. Түүх нь өрөвдмөөр ч маш үзэсгэлэнт газар гэв. Хатуу бэрх амьдралд туйлдсан боолчууд эх нутагтаа очъё хэмээн Атлантын ширүүн урсгалт далайд “биеэ өргөдөг” байж. Энэ тухай ярихад нь сэтгэл минь жихүү даасан мэдрэмжид эзлүүлж орхив.

Антигау ба Барбуда нь нутаг дэвсгэрийн хувьд манай Улаанбаатар хоттой ойролцоо 440км, хоёр жаахан арал хэрнээ өнгөрсөн жил сая гаруй жуулчин хүлээн авснаа тэмдэглэж байв. Карибын арлынхан жуулчдад үзүүлэх боломжтой бүхнийг гайхтал нь харуулаад, халаасыг нь хоосортол гөвдөг улс юм билээ. Зарим нь бүр хэт шунасандаа чих хатуу, хараа муу бүр мартамхай будилуу болж жүжиглэн илүү төлбөр бичих нь хэвийн үзэгдэл тул авсан юмныхаа үнийг шалгаж байх нь зүйтэй. Та андуурсан бололтой гээд илүү үнэ бичсэнийг хэлэхэд сайхан инээгээд дор нь засаад өгөх жишээтэй.

Антигау Барбуда нь торгон сайхан элстэй 365 далайн эрэг хөвөөтөй тул эрэг болгон дээр нэг хоноход жил болно гэж “ Карибын сэтгүүл” дээр хошигносон байв. Өөр өөрийн өвөрмөц үзэсгэлэнтэй, байгалийн гоо бүрдсэн далай эргүүдээс “Хавирган сар” гэдэг газар нүд унам, жигтэйхэн чамин. Эх газрын ногоон арлыг хагас дугуйлан түрэн орж ирсэн цагаан элсэн эмжээртэй цэнхэр далай үнэхээр л хагас сар мэт хачин гоё. Амьсгалын хоолойвчтой усан дор аялж далай гэх ертөнцөнд бүрэн татагдсан хүнд жаргалын орон. Карибын тэнгисээр усан онгоцоор хөвж явахад, өнөөх алдарт оффшор бүсэд хамаарагдах орнууд Антигау ба Барбуда эхлэн Британийн Вержиний арлууд, Барбадос, Бахамийн арлууд, Белиз улс, Ангель, Грнад зэрэг улсуудаар дайран гарах сайхан боломжтой. Давс, салхи, ус үнэртэх далайн усаар дарвуулт онгоц дүүрсэн үзэсгэлэнт Антигау Барбудагаас явах минь болсон тул, жижигхэн онгоцонд сууж аваад дараагийн орон Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улсыг зорин нисэв.

Д.АЗЗАЯА

Categories
мэдээ нийгэм

“Ган үзэг 2019” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг оны шилдгүүдийг шалгаруулах “ГАН ҮЗЭГ 2019” оны тэргүүн наадам өчигдөр “CROCUS EVENT HALL”-д боллоо.

“ГАН ҮЗЭГ 2019” оны тэргүүн наадмыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нээж хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүл зүйн салбар 2019 онд чамгүй олон ажлыг амжууллаа. МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Бага хурал, Хяналтын зөвлөлийн гишүүддээ хандан 2019 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье. Өнгөрсөн жил энэ тайзан дээрээс 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарлаж байв. 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарласнаар гадаад харилцаатай орнуудын тоог 30-д хүргэж чадсан. Беларусь, Украйн, Польш гээд олон оронтой сайн харилцааг эхлүүллээ. Гадаад харилцаагаа хөгжүүлж чадсанаар олон оронтой контент солилцох, туршлага хуваалцах өргөн бломжтой болж байна. Мөн гадаад харилцаанаас гадна хууль эрхзүйн орчнуудыг сайжруулах талд олон ахицтай ажил хийлээ” хэмээн онцолсон юм.

“ГАН ҮЗЭГ 2019” наадамд нэр дэвшүүлж, бүтээлээ ирүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхнаас “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийн шилдгийг шалгарууллаа. Уралдааныг мэргэжлийн экспертүүд болон мэргэжлийн холбоод, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал дүгнэлтээр дүгнэжээ.

“ГАН ҮЗЭГ 2019” НААДМЫН ШИЛДГҮҮД

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ

1.Сайтын шилдэг сэтгүүлч

24tsag.mn

С.Гандөл

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлчээр 24 цаг.мн сайтын сэтгүүлч Гандөл өөрийн өнгө төрх бүхий нийтлэл, сонгосон сэдэв, хөндсөн асуудлуудаараа ийнхүү шилдгээр шалгарч байна. Тэрбээр энэхүү 2019 онд “Мона Лизагийн харцнаас тодрох Монгол”, Бидний сэтгэхүйд ухамсрын шанаа л хэрэгтэй”, “Хүүхдээ үхэл рүү нь түлхдэг хэнэггүй монгол зан” зэрэг шилдэг нийтлэлүүдийг уншигчдад хүргэсэн юм.

2.Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч

Гранд сэтгүүл

Л.Номин-Эрдэнэ

Сэтгүүл зүйн Гэрэл зургийн сурвалжлагын төрлөөр мэргэшиж буй залуу сэтгүүлч Номин-Эрдэнэ “Гранд” сэтгүүлийн өнгөт хуудсуудыг чимдэг фото зургуудаараа өрсөлдөж шилдгийн шагналыг авлаа. Тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Гранд сэтгүүлд оюутан байхаасаа гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж эхэлснээс хойш 4 дэх жилдээ ажиллаж байгаа залуу сэтгүүлч юм.

3.Сонины шилдэг сэтгүүлч

Зууны мэдээ сонин

Ч.Үл-Олдох

Сонины шилдэг сэтгүүлчийн төлөөх галтай өрсөлдөөн дундаас цойлон гарсан “Зууны мэдээ” сонины сэтгүүл Чанцалын Үл-Олдох 2019 онд “Аварга Тосонгоос аврал эрэх хэрэггүй”, “Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе”, “Сүхбаатарт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү”, Жанжны нутаг сүйрлийг ирмэгт” зэрэг сурвалжлага, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг уншигчдадаа хүргэжээ.

4.Радиогийн шилдэг сэтгүүлч

Гэр бүлийн радио 104,5

Н.Амарсанаа

Сэтгүүлч Амарсанаа нь “Хос урлаг” нэвтрүүлгээрээ гэр бүлийн боловсрол, төлөвшил, монгол гэр бүлийн орчин, бие хүн болон гэр бүлийн сэтгэл зүйн мэдлэг, боловсрол зэрэг нийгмийн тулгамдсан асуудал, хүний амьдралын нандин сэдвийг нэгэн зэрэг хөндөж, радиогийн төрөл зүйлийн амьд чанарыг сэтгүүл зүйн бүтээлд тусгаж чадсаныг үнэлэн энэхүү шагналыг олгож байна.

5.Телевизийн шилдэг сэтгүүлч

ТВ5 Телевиз

Ч.Доржбат

“Монгол Улсаа хөгжүүлье” уриатай ТВ 5 телевизийн сэтгүүлч, “Шинэ хөдөө” төслийн зорилтот нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Доржбат “Эрүүгийн хуулиар 7 үхэр, 23 хонь хулгайлахыг зөвшөөрчээ” сурвалжлагаараа энэхүү шагналыг хүртэж байна. Түүний хөндсөн сэдэв, дэвшүүлсэн асуудлын мөрөөр Эрүүгийн хуулийн алдаатай заалтыг залруулахаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд мал хулгайлсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад байгаа юм.

6.Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч

Намсрайжавын Сүхбат.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Налайх салбар зөвлөлийн гишүүн Намсрайжавын Сүхбат шалгарч байна. Тэрбээр 2019 оны аяллын гэрэл зургийн цувралуудаараа энэхүү шагналыг хүртэж байна. Гэрэл зургийн дурантайгаа хамт 2019 онд эх орныхоо зүүнээс баруун, өмнөөс хойд дөрвөн зүгт үзэсгэлэнт нутгуудаар жилийн дөрвөн улирлын турш нийтдээ 32 мянга 820 км аялж, Хархираа Түргэний уулс, Отгонтэнгэр хайрханд авиралт хийж, байгалийн үзэсгэлэн, хөдөөгийн амьдрал, хүмүүсийн хөрөг зургуудыг хальснаа гайхамшигтай яруу тодоор буулган авч үлдээжээ.

7.Шилдэг судлаач

МУСГЗ Л.Норовсүрэн

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Норовсүрэн 30 жилийн судалгааны шинжилгээний ажлын үр дүн болсон 21 боть зохиолоо хэвлэн гаргасан нь энэ оны хамгийн шилдэг бүтээлийн нэгдүгээрт зүй ёсоор нэрлэгдэж байна. Энэ нь сэтгүүл зүйн онол, түүх, арга зүйн асуудлуудыг бүрэн хамарсан цогцолбор ажил юм. Тухайлбал, Монголын нийтлэлийн түүхэн туршлагыг 13-р зуунаас эхлэн 800 жилээр, сэтгүүл зүйн түүхийг 1913 оноос эхлэн 100 гаруй жилээр, Монголын сэтгүүлчдийн арга туршлага, бүтээл туурвилын тоймыг 600 гаруй шилдэг сэтгүүлчийн үйл ажиллагаагаар төлөөлүүлэн судалж, эдгээрт нийт 8 ботийг зориулжээ. 21 боть зохиолын дотор сэтгүүл зүйн онол, арга зүйн асуудалд зориулсан нэг сэдэвт бүтээлүүд зонхилж байгаа бөгөөд Үүнд: “Хянан найруулах ухаан”, “Иргэний сэтгүүл зүй”, “Телевизийн сэтгүүл зүй”, “Радио сэтгүүл зүй”, “Фото сэтгүүл зүй”, “Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйл” зэрэг бүтээл багтаж байгаа юм.
Энэхүү цогцолбор бүтээлд Монголын сэтгүүл зүйн түүхэн хөгжил, онол туршлагыг иж бүрнээр шинжилж урьд өмнө судалгааны эргэлтэнд ороогүй сурвалжуудыг ашиглан олон чухал дүгнэлтийг хийжээ.

2. ОРОН НУТАГ

8. Орон нутгийн шилдэг сайт

ETZONE.MN

Орхон аймаг

Эрдэнэт хотын мэдээ, мэдээллийн etzone.mn сайт 2016 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2019 онд etzone.mn сайт “Улстөрчдийн тоглолт үйлчлэгч нарын амьдралаар тоглож үргэлжлэв үү” асуудал дэвшүүлсэн мэдээллийн үр дүнд Хот тохижуулах газрын 4 үйлчлэгч ажилдаа эргэн орсон. “Албан тушаалын хэнээрхэл буюу Эрдэнэтийн эмгэнэл” гарчигтай Барилга захиалагчийн албаны 11 инженер мөн ажлаас халагдсан мэдээ олон нийтэд хүрсний дараа шүүх хяналтын байгууллагаар асуудал шийдэгдэж, зарим нь ажилдаа эргэн орсон. Түүнчлэн Баянцагаан багийн иргэн Ж.Батцолмонгийн эмчилгээний зардлын хандивын аяныг уриалан явуулсан ба гэр бүл нь 10 сая төгрөг цугласанд баяр талархлаа илэрхийлсэн байна. Орон нутгийн төдийгүй улс орны хэмжээнд асуудал, сэдвийг сөхөн гаргаж, нөлөөлөл, манлайллын бий болгон ажилласан etzone.mn сайт орн нутгийн шилдэг мэдээллийн сайтаар ийнхүү зүй ёсоор нэрлэгдэж байна.

9. Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл

Дундговийн амьдрал сонин

Дундговь аймаг

Дундговь аймгийн хэмжээнд тогтмол гарч байгаа цор ганц хэвлэл-долоо хоног тутмын “Дундговийн амьдрал” сониныг ахмад сэтгүүл Сандагдоржийн Пүрэвсүрэн эрхлэн гаргаж байна. 71 жилийн түүхтэй энэхүү сониныг зуун, мянган дамжуулан галыг нь таслалгүй сүүлийн 21 жил залгамжлан авч явв билээ. Сүүлийн долоон жилд нь эрхлэн гаргажээ. “Дундговийн амьдрал” сонин нь аймгийн хэмжээний нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал, үйл явдлын мэдээллийн толь бөгөөд нийтлэлийн бодлогын хувьд цуурхал, хов жив, дуулиан шуугианаас ангид үнэн бодит мэдээллийн индэр болж байгааг сонины дугаар бүрээс харж болно.

10.Орон нутгийн шилдэг радио

Бизнес радио 106.5 Хос төв нэгдэл

Дархан-Уул аймаг

Бизнес радио нь 10 жил тасралтгүй ажиллахдаа нэг талаас уншигч, сонсогчдынхоо, нөгөө талаас харилцагчдынхаа итгэл хүлээсэн мэдээллийн хэрэгсэл болжээ. Өнгөрсөн хугацаанд 150 гаруй аж ахйн нэгжтэй тасралтгүй хамтран ажиллаж, 3000 гаруй радиогийн реклам сурталчилгааг бэлтгэн хүргэсэн байна. Хоногийн 21 цагийн турш мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгүүд бэлтгэн сонсогчдодоо хүргэдгээс “Рокд би дуртай”, “Залуус”, “Ретро носталги”, “Ам дамжсан аялгуу” хөгжмийн хөтөлбөрүүдээс гадна “Танд дуулгах сонин” мэдээллийн хөтөлбөр, “Өдрийн зочин” ярилцлагын нэвтрүүлэг, “Нууц биш нууц” ток шоу нэвтрүүлгүүд нь байнгын сонсогчтой брэнд болжээ.

11.Орон нутгийн шилдэг телевиз

Хас телевиз

Өвөрхангай аймаг

ХАС телевиз нь 2011 онд байгуулагдсанаас хойш нэг ч удаа эфирээ таслалгүйгээр үйл ажиллагаа явуулахдаа аль нэгэн нам, төрийн албан тушаалтнаас ангид ажиллаж, аливаа хууль бус үйлдэл, хүнд суртал, хээл хахууль гээд орон нутгийн асуудлуудыг хөндөн олон нийтийн эрх ашгийн төлөө шударга үнэний дуу хоолой болох үүргээ бодлогынхоо чиглэл болгон хэрэгжүүлж ирсэн юм. Мөн баримтат кино, кино концерт, хүүхэд танин мэдэхүй, спорт, соёл урлаг, зан заншил шашны гүн ухааны нэвтрүүлгүүдийг сэтгүүл зүйн мэргэжлийн түвшинд чанартай бэлтгэн үзэгчдэд хүргэж ирсэн юм. Шударга үнэний төлөө асуудлуудыг хөндөн гаргах, иргэдийн дуу хоолойг аймаг, орн нутгийн удирдлагуудад хүргэх, гүүр болон ажиллах үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийн түвшинд ажиллаж байгааг үнэлэн энэхүү шагналыг олгож байна.

12.Орон нутгийн сайтын шилдэг сэтгүүлч

Х.Эрдэнэбулган

Dornogovipost.mn

Дорноговь аймаг

Сэтгүүлч Хасааноовын Эрдэнэбулган 2019 онд “Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү” цуврал сурвалжлагууд, “З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан” цуврал ярилцлага, “Б.Үлэмжсаруул: Би хүний сайн хүү байх тавилантай биш” ярилцлага”, “Зүүнбаянгийн дурсамж буюу Нефтийн үйлдвэрийн залуус” нийтлэл зэргээрээ Орон нутгийн сайтын шилдэг сэтгүүл шагналыг хүртэж байна. Үүнээс гадна 2019 онд сард дунджаар 50, жилийн турш нийт 600 орчим цаг үеийн мэдээ, тодруулга бичиж montsame.mn, dornogovi.mn сайтад нийтэлсэн байна. Эрдэнэбулган нь сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажиллаж, гол төлөв байгаль дэлхий, нийгэм, хөдөө аж ахуй, хүн зоны амьдралын чиглэлээр бичиж нийтэлдэг, ажлын анхны гараагаа өдөр тутмын “Өнөөдөр” сонины сэтгүүлчээс эхэлж байжээ.

13.Орон нутгийн сонин, сэтгүүлийн шилдэг сэтгүүлч

Д.Улаанхүүхэн

Сүхбаатарын өнгө сонин

Сүхбаатар аймаг

Сэтгүүлч Дугарсүрэнгийн Улаанхүүхэн сэтгүүлчээр 17 дахь жилдэ ажиллаж байгаагаас сүүлийн хоёр жилд нь “Сүхбаатарын өнгө” сониныг эрхлэн гаргаж байна. Сүүлийн 20 жил үйл ажиллагаа нь тасраад байсан тус сониныг сэргээн гаргаж, захиалагчдын тоог энэ хугацаанд 2000 орчимд хүргэж, нийтдээ 80 мянган ширхэг сониныг хэвлэн уншигчдынхаа гарт хүргээд байна. Цаашид орон нутагт тогтмол хэвлэлийн орон зайг тэлэх, сонины захиалагчдын тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг өсгөх, шинэ боловсон хүчнүүдийг чадавхжуулахад өөрийн туршлага, мэдлэг чадвараа зориулан ажилласныг үнэлэн энэхүү шагналыг хүртээж байна.

14.Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүлч

Р.Төмөрчөдөр

Миний нутаг телевиз

Сэтгүүлч Р.Төмөрчөдөр нь Говь-Алтай аймагт анхны хувийн “Миний нутаг” телевиз үүсэн байгуулагдахад сэтгүүлч, сурвалжлагаар ажлын гараагаа эхэлж өнөөг хүртэл ажиллаж байна. Цаг үеийн мэдээ, мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй, түргэн шуурхай дамжуулахаас гадна жилд шинээр 2-3 контент санаачлан иргэдэд хүргэдэг. Түүний 2019 онд санаачлан эхлүүлсэн “Алсарч буй өв” цуврал бүтээл нь орон нутгийн сувгуудаас гадна МҮОНТ-ээр цацагдаж малчдын амин чухал асуудлыг хөндсөнөөрөө тэдний дэмжлэг, талархлыг нэгэн зэрэг хүлээсэн юм. Нүүдлийн соёл иргэншил ба суурин соёл иргэншлийн заагт амьдарч буй хөдөөгийн малчдын хүүхдүүдэд бага, дунд боловсролыг олгохдоо онцлогийг нь харгалзсан зохицуулалтыг хийхгүй бол малчдад нэг бол хүүхдээ боловсролгүй болгох, эсвэл үндэсний өв соёл, мал аж ахуйгаа орхих хоёр сонголт тулгарч байгааг Төмөрчөдөр цуврал нэвтрүүлгээрээ хөндөн тавьсан юм.

15.Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүлч

Н.Таванцэцэг

Ховд телевиз

Ховд телевизийн сэтгүүлч Наранхүүгийн Таванцэцэг “Сум хөгжүүлэх сангийн суунагласан манан” цуврал нэвтрүүлгээрээ Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа. Сум хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрдэггүй, хэн нэгэн дарга, албан тушаалтны ах дүү, хамаатан саданд олгогддог, эсвэо эрх мэдэлтэн, албан тушаалтнууд өөрсдөө уг зээлийг авч шамшигдуулдаг, зориулалтын бусаар ашигладаг, зээл хугацаандаа барагдуулдаггүй, сум хөгжүүлэх сангийн хууь журмыг зөрчдөг зэрэг адармаатай асуудлуудын араас явж, олон баримт, эх сурвалжийг ил гарган ирж олон нийтэд хүргэснээр хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч, улмаар холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т шалгаж эхлээд байна. Аймаг сумынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах, ард иргэдийг ажлын байртай болгох байсан жижиг, дунд үйлдвэрлэгчид үүнээс хохирсон асуудлыг ч мөн хөнджээ. Сэтгүүлзүйн эрэн сурвалжлах төрөлд хөдөө, орон нутгаас ийнхүү хүч түрэн орж ирж буйд баяр хүргэе.

16.Орон нутгийн радиогийн шилдэг сэтгүүлч

Т.Болдбаатар

Говьсүмбэр аймаг

МОҮНР-ийн Говьсүмбэр аймаг дахь сурвалжлагч Төмөрийн Болдбаатар нь орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж, бусдад үлгэр дуурайлал үзүүлж яваа хөдөлмөрийн жирийн хүмүүсийн тухай, тэрчлэн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, ажил үйлсийг төв, орон нутгийн хэвлэл сонин, мэдээллийн хэрэгслээр сурталчилж ирсэн юм. Төмөрийн Болдбаатар нь 1983 сэтгүүл зүйн салбарт ажиллаж эхэлснээс ойш орон нутгийн болон төвийн хэвлэл, долооо хоногийн болон өдөр тутмын сонинуудад зуутын орноор тоологдох нийтлэл, сурвалжлага, хөрөг, ярилцлагыг нийтлүүлж, хоёр ч номоо хэвлүүлээд байгаагаас гадна бие даасан уран бүтээлээ тоглолтоо хийгээд уран бүтээлч юм. Тэрбээр 2019 онд аймгийнхаа дуу бүжгийн Боржигон чуулгын морин хуурч хөөмийч Б.Мөнхжаргалын тухай “Монгол хүү”, мөн чуулгын дуучин Ш.Энхбаярын тухай “Эрхэмсэг” нийтлэлүүд нь өдөр тутмын “Үндэсний мэдээ” сонинд, уран сайхны удирдаач, гоцлол бүжигчин О.Цэрэнжаргалын тухай “Тайзны буян” радио нэвтрүүлэг нь сонгогчдын хүртээл болсон.

3. ШИЛДЭГ РЕДАКТОР

17.Мэдээллийн сайтын шилдэг редактор

Н.Пунцагболд – ZALUU.COM

Нийтийн эрх ашгийн төлөөх дуу хоолой, нөлөөллийг бий болгож, цаг үеийн мэдрэмжтэй, үнэ цэнтэй сэдвүүдийг сэтгүүл зүйн бүтээлд тусгаж чадсан “Жинхэнэ ЖДҮ”, “Улсын төсөв 10 их наяд бол авлигчдын учруулсан хохирол 11.9 их наяд” зэрэг цуврал ярилцлага, нийтлэлүүдээрээ онцгойрсон Залуу.сом сайтын редактор Пунцагболдод энэхүү шагналыг олгож байна.

18.Сэтгүүлийн шилдэг редактор

Ц.Оюунчимэг – Зиндаа сэтгүүл

“Эрхэт Монгол” медиа группийн эрхлэн гаргадаг “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Цэдэвдамбын Оюунчимэг улирал тутамд 250-280 нүүрээр хэвлэгдэн гардаг оюунлаг, соён гэгээрүүлэх, өргөн цар хүрээ бүхий мэдээллийг багтаасан тус сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, сэтгүүлд нийтлэгдэж буй бүтээл туурвилуудыг хянан тохиолдуулах, сэтгүүлчдийн баг, уран бүтээлчидтэй хамтран ажиллах үүргийг амжилттай гүйцэтгэж буй манлайлагч юм. Тэрбээр 2019 онд “Зиндаа” сэтгүүлийн “Эрхэм Зиндаа” булангаараа дамжуулан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Тордайн Ганболдын ярилцлагыг уншигчдадаа хүргэсэн. Сайн редактор байхын хамгийн гол үндэс нь суралцах явдал хэмээн тэр үздэг тэрбээр өнөөдөр “Зиндаа” редакцийн залуу сэтгүүлчид, оюутан залуусаас сонгон дадлагажуулж, тэдэнд чиглэл, зөвлөгөө өгөх, бүтээж туурвих урам зориг нэмэх зэргээр идэвхтэй хамтран ажилладаг билээ.

19.Сонины шилдэг редактор

П.Хашчулуун

Өдрийн сонин

“Өдрийн сонин”-ы албаны дарга, сэтгүүлч, нийтлэлч Пүрэвийн Хашчулуун нь авьяаслаг сэтгүүлчээс гадна шилдэг редактор юм. Тэрбээр 2002 оноос сонины редактороор ажиллаж, өдгөө ч сэтгүүлчдээ сургах, бичсэн материалд нь заавар зөвлөгөө өгөх, засах, хянан тохиолдуулах ажлыг тасралтгүй хийсээр байна. П.Хашчулуун “Өдрийн сонин”-ы долоо хоногийн нэг өдрийн дугаарыг удирдахад 20 гаруй сэтүүлчийн нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээллийг нэг бүрчлэн уншиж, засаж найруулан хэвлэдэг. Түүний нэг онцлог нь сэтгүүлч бүртэй тулж ажиллан бичиж буй материалаа хэрхэн уншууртай, сонирхолтой болгох талаар зааж зөвлөн дараа нь засаж найруулснаа тайлбарлаж өгдөг. Мөн гарчгийг маш оновчтой олж өгдгөөрөө алдартай.

20.Радиогийн шилдэг редактор

О.Цэнд-Аюуш

MҮОНР

Редактор О.Цэнд-Аюуш нь Халхголын ялалтын 80 жилийн ойд зориулсан радио цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн урьд өмнө хэвлэлээр цацагдаж байгаагүй шинэ баримт, түүхүүдийг сөхөн гаргаж, түүхэн үйл явдлын үнэ цэнийг уран сайхны аргаар Монголын ард түмэнд хүргэж, уран бүтээлчийн авьяас чадвар, радиогийн бүтээлийн онцлогийг мэргэжлийн болон урлагийн түвшинд илэрхийлэн гаргаж чадсан хэмээн үнэлж энэхүү шагналыг олгож байна.

21.Телевизийн шилдэг редактор

П.Алтанцэцэг – МҮОНТ

МҮОНТ-ийн сэтгүүлч Пэрэнлэй Алтанцэцэг уран бүтээлийн гараагаа Завхан аймгийн Туяа сонины хянагчийн ажлаар эхэлж, Үнэн сонин, Монголын радиогийн агентлагт сурвалжлагч, Соёл эрдэнэ студид редактор, R and TV мэдээ сонинд редактороор тус тус ажиллаж байгаад одоо МҮОНРТ-д редактороор ажиллаж байна. Радио телевиз, сонин хэвлэлийн бүхий л жанраар бичих чадвартай, уран бүтээлийн арвин туршлагатай шилдэг редактор юм. Тэрбээр 2019 онд “Би монгол хүн” нэвтрүүлгийн 9 дугаар, “ТӨЛ ТАВАН ЭРДЭНЭ” нэвтрүүлгийн 30 гаруй дугаарыг эх орныхоо 18 аймгаар 22 мянган км зам туулан бэлтгэж, үзэгчдэдээ хүргэжээ.

22.Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер

С.Насанжаргал

ТВ6 телевиз

Саранчулууны Насанжаргал ТВ 6 телевизийн Ерөнхий захирал. ТВ 6 телевизийн дэлгэцээр үзэгчдэд хүрч, байнгын үзэгч, дэмжигчтэй болсон “Дэлхийн өнгө” нэвтрүүлэг, “Улаан бал” ярилцлага, “Улаан бал” тойм, “Өдөр бүр өөр”, “Хаа сайгүй” сурвалжлага нэвтрүүлэг, “Дээдсийн өлгий” аяллын нэвтрүүлгийн ерөнхий продюсер, ерөнхий менежерээр, мөн Монгол Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд Туркийн уран бүтээлчидтэй хамтарч буй дэлгэцийн шинэ бүтээл “Хар сувдны нууц-2- уран сайхны киноны ерөнхий продюсер, ерөнхий менежерээр ажиллан Монголын урлагийн салбарт шинэ жим гаргаж байгаа билээ

ТВ 6 телевизийн мэдээний албаны бэлтгэн хүргэсэн мэдээ, мэдээлэл нь нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийг бий болгож чадсан юм. 33 дугаар сургуулийн сурагч Ундралын эмчилгээний зардалд 30 сая төгрөгийг хандиваар босгож, Даш-Өлзий охины эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулан 25 сая төгрөг, мөн жүжигчин Нурбуланы хүнд өвчний талаарх сурвалжлагыг бэлтгэн хүргэснээр эмчилгээний зардалд 17 сая төгрөгийн хандивыг цуглуулан тусалж, сэтгүүл зүйн нөлөөлөх, манлайлах үүргийг нотлон харуулсан юм.

4. ШИЛДЭГ БҮТЭЭЛ

23.Мэдээллийн сайтын шилдэг бүтээл

Б.Алтанхуяг

MONTSAME.MN

Мэдээллийн сайтын шилдэг бүтээлийн шагналыг МОНЦАМЭ агентлагийн дотоод мэдээллийн нэгдсэн редакцийн тоймчийн албаны тоймч Балдоржийн Алтанхуяг “Хилийн зурвасыг цаг хугацаанаас нь ангид тольдохуй” цуврал тэмдэглэл, “Эх хэлний энэ цагийн түүчээ” уран зохиолын цуврал ярилцлага, “Ой санамж ба түүний эзэд” цуврал нийтлэлээрээ хүртэж байна.

24.Сэтгүүлийн шилдэг бүтээл

BUSINESS.MN сэтгүүл

Сэтгүүлийн зах зээл хумигдаж буй цаг үед шинээр мэндэлсэн Бизнес.мн сэтгүүл 2018 оны 12 дугаар сард анхны дугаараа гаргаснаас хойш сар тутам тасралтгүй шинэ дугаарыг уншигчдадаа хүргээд байна. Сар тутмын тус сэтгүүл нь бизнес эрхлэгчдэд туршлага, мэдээлэл хуваалцах талбар платформ болох зорилготой ажиллаж, илийн хугацаанд онлайн, дижитал хувилбарыг хөгжүүлсний зэрэгцээ дэргэдээ “Бизнес цэнэг” сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээг тогтмолжуулан эдийн засаг, бизнесийн салбарт орон зай, нөлөөллөө бий болгосныг үнэлэн Сэтгүүлийн шилдэг бүтээл номинацид тодруулж байна.

25.Радиогийн шилдэг бүтээл

“Эмчийн өрөө” нэвтрүүлэг

Эрүүл мэндийн радио фм-104 радио

Радиогийн шилдэг бүтээлд Жаргалан фм 104.5 радиогийн “Эмчийн өрөө” нэвтрүүлгийг шалгарууллаа. Уг контентийг радиогийн эфирээр болон дэлхийн хаанаас ч цахим орчинд хүлээн авч үзэж, өөрт тулгамдаж буй асуудлаар эмчээс хариулт авах боломжтой. “Эмчийн өрөө” нэвтрүүлгийн нэг дугаарыг цахим орчинд дунджаар 80 мянга орчим хүн үздэг. 2019 онд 30 шинэ дугаарыг бэлтгэн хүргэснийг давтагдсан тоогоор 2 сая 400 мянган үзэгч, сонсогч хүлээн авч, анагаах ухаан, клиникийн доктор, түүнээс дээш зэрэгтэй эмч нараас эрүүл мэндийн мэдлэг, зөвлөгөөг хүлээн авсан байна. Радиогийн тархах хүрээг соошл орчныг ашиглан тэлсэн явдал нь нэвтрүүлгийн үр нөлөөг улам бүр нэмэгдүүлж чадсан хэмээн үнэлж энэхүү шагналыг олгож байна.

26.Сонины шилдэг бүтээл

Х.Уянга

Үндэсний шуудан сонин

Үндэсний шуудан сонины орлогч эрхлэгч Хайдавын Уянгын “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна” цуврал сурвалжилга, нийтлэл нь эрэн сурвалжлах төдийгүй сурвалжилгын төрөл зүйлийн өнгө төрхийг шинэ түвшинд гаргасан юм. Эрэн сурвалжилж, нийтэд дэлгэсэн баримт, мэдээлэл, дэвшүүлсэн таамаглал орон нутгийн зарим удирдах албан тушаалтан, шийдвэр гаргагчдын булхайг илчлэн улмаар төр, захиргааны байгууллагууд тэр бүхнийг эргэн харж, хууль ёсонд нийцсэн шийдвэрийг гаргахад хүргэснээрээ сэтгүүл зүйн нөлөөлөл, үнэ цэнийг өндөрт өргөсөн бүтээл байлаа.

27.Телевизийн шилдэг бүтээл

Бүрэн зураглал хөтөлбөр

Eagle news телевиз

Монголын медиа корпорацийн Eagle news телевиз БҮРЭН ЗУРАГЛАЛ брэндийн “Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойн хүрээнд бэлтгэсэн дугаарыг оны шилдэг бүтээлд зүй ёсоор нэрлэгдэж байна. Тухайн үеийн нийгэмд тэсрэлт болсон энэхүү уран бүтээлийг 30 жилийн дараах үзэгчдэд сануулж, кино бүтсэн түүх, цаг үеийн зураглалыг бүрэн илэрхийлсэн онцгой контент байж чадлаа.

5. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА

28.Шилдэг мэдээллийн сайт

LIVETV.MN

Монголын сэтгүүл зүйн цахим орчинд шинэ өнгө тодорхойлж, “Мэргэжлийн анхны онлайн телевиз”-ийг мэргэжлийн түвшинд хөгжүүлж буй LIVETV.MN вэбсайт нь 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд платформын хувьд зах зээлд цор ганц гэдгээрээ юуны өмнө онцгойрч байна. Үүний зэрэгцээ эрэн сурважлах FACT CHEK нэвтрүүлэг, сэтгүүл зүйн мэргэжлийн түвшний мэдээ мэдээллээрээ ялгарч, сүүлийн долоон сарын турш хандалтын тоогоор Алекса комын тандалтаар мэдээллийн сайтуудын эхний 10-т тогтмол жагсч байна. Эдгээр үзүүлэлтээрээ оны шилдэг сайтын шагналыг хүртэж байна.

29.Шилдэг сэтгүүл

ГЭРЭГ сэтгүүл

Залуу сэтгүүлч, уран бүтээлчдийн баг болох “Unlimited media group”-ээс эрхлэн гаргадаг “Гэрэгэ” сэтгүүл нь 2019 онд дэлхийн хамгийн олон уншигчтай, тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллага болох Нью-Йорк Таймстай хамтран WOMAN TODAY дугаарыг гаргасан нь дэлхийн жишигт нийцсэн агуулга, өнгө дизайнаар бүтээгдсэн хэмээн үнэлэгдсэн нь Монголын сэтгүүлзүйн түүхийг шинэ хуудас, өнгө төрхөөр чимсэн үйл явдал байлаа. Үүнийг үндэслэн Гэрэгэ сэтгүүлд оны шилдгийг шагналыг олгож байгаа билээ.

30.Шилдэг радио

MNB Монголын дуу хоолой

Монголын үндэсний олон нийтийн радиогийн хоёрдугаар суваг “Монголын дуу хоолой радио 1964 онд “Улаанбаатараас ярьж байна” нэртэйгээр анхны нэврүүлгээ монгол, орос, хятад хэлээр цацаж, 1963 оноос англи, 1989 оноос японы хэлний редакциудыг нээснээс хойш өдгөө 55 дахь жилдээ Монгол орныы гадаадын сонсогчдод сурталчилж байна. Монгол Улсад болж буй өдөр тутмын үйл явдал, цаг үеийн мэдээ мэдээлэл, гадаад харилцаа, нийгэм, эдийн засаг, түүх, ёс заншил, соёл урлагийн нэвтрүүлгийг олон хэлээр өдөр бүр 30 минутаар бэлтгэн хүргэдэг. “Монголын дуу хоолой” радио 840 цагийн шинэ, давталттайгаар 1680 цагийн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэжээ. 2019 онд долоо хоногийн тутмын “Гадаад харилцаа”, “Сонирхолтой Монгол”, “Монголд үйлдвэрлэв”, “Монгол аялал”, “Монгол судлал” зэрэг тогтмол нэвтрүүлгээс гадна олон улсын болон үндэсний хэмжээний чуулга уулзалт, арга хэмжээний тусгай нэвтрүүлэг, сурвалжлагууд, Монголын соёлыг сурталчлах “Монгол дархан” 10 цуврал, “Монгол хөгжмийн зэмсэг” 10 цуврал нэвтрүүлэг, Халхголын ялалтын 80 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлгүүд, Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан цуврал нэвтрүүлгүүдийг тус тус бэлтгэн хүргэсэн амжилтаар энэ шагналыг зүй ёсоор хүртэж байна.

31.Шилдэг сонин

Өнөөдөр сонин

Монголд шинэ үеийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсийн манлайлагч өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин 23 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа хэзээ ямагт шилдгийн тавцангаас буугаагүйг өнөөдөр дахин нотолж энэ оны шилдэг сониноор нэрлэж байна. 2019 онд Өнөөдөр сонины дэвшүүлсэн асуудлууд төр, засгийн бодлогод нөлөөлсний нэг нь тэмбүү өвчний тархалттай тэмцэх, халдварын зогсооход Эрүүл мэндийн яам анхааран ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан явдал байлаа. Түүнчлэн сэтгүүлч биш мэргэжлийн хүмүүсээр сурвалжлага хийлгэх “Уншигч-сурвалжлагч”, сөрөг хүчний байр суурийг уншигчдадаа хүргэх “Сөрөг хүчин”, “Хоймор”, “Дэлхийн хүн”, “Мэдрэмжийн шоок”, Дугаарын онцох сэдэв”, “Нэг өдөр”, “Найзууд”, “Удам залгамж”, “Нэр нэгтийн чих нэг”, “Дуулианы эргэн тойронд” зэрэг шинэ болон тогтмол булангуудаараа уншигчдынхаа талархлыг хүлээн ажилласан юм. Захиалагчдийнхаа тоог тогтмол өндөр хэмжээнд барьж, реклам сурталчилгааны захиалгадаа дарагдаж, орчин үеийн хэвлэлийн дизайн, макет дэглэлтийн арга барил, дэлхийн хэвлэмэл сонин, сэтгүүлд өргөнөөр ашигладаг хэв загварыг нэвтрүүлэн хөгжүүлсэний зэрэгцээ амралтын өдрийн дугаартай, англи хэлээр хувилбартай, хамгийн олон нүүртэй, хамгийн олон дугаартай, бүхий л талаараа хамгийн шилдэг нь байсныг онцлон тодотгоё.

32.Шилдэг телевиз

25 дугаар суваг телевиз

Монголын анхны чөлөөт, ардчилсан “25 дугаар суваг телевиз” үндэсний контент, брэнд үйлдвэрлэгч гэдгээ 2019 онд дахин нотолж, “25 цаг мэдээллийн хөтөлбөр”, “Ам нээвэл…”, “Шинэ өдөр” ярилцлагын нэвтрүүлгүүд, “Танайд хоноё”, “Би” нэвтрүүлгүүд, “NON STOP” амралтын өдрийн цэнгээнт хөтөлбөр, “Мартагдсан билгэдлүүд”, “Жангарын жимээр аялсан нь”, “Ижий минь” соён гэгээрүүлэх танин мэдэхүй, баримтат цуврал нэвтрүүлгүүд, хүүхдэд зориулсан танин мэдэхүйн “Сонин хачин” нэвтрүүлэг, түүнчлэн үндэсний контентууд болох “21 мянга”, “Нэг удаа”, “Сэрэлт”, “Оюутан цэрэг” цувралуудаараа үзэгчдийн сэтгэлд хүрч, мэргэжлийн байр суурь, ёс зүй, ур чадвар, менежмент зэрэг олон шалгуураар ШИЛДГЭЭ нотолсны учир энэхүү өргөмжлөл, хүндэтгэлийг хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалаар олгогдог хөнгөлөлттэй эмийн асуудлаар уулзалт боллоо

ЭМЯ болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 12-р тогтоолын хэрэгжүүлэх талаар эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас гаргах саналыг судлан, шийдвэрлэх шаарлагатай гэж үзсэн.

Үүний дагуу энэ сарын 5-ны өдөр холбогдох байгууллагуудын саналыг сонсох уулзалт боллоо. Уулзалтад ЭМДҮЗ-ийн дэд дарга Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Эм үйлдвэрлэл технологийн газар болон ЭМДЕГ-ын төлөөлөл, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны тэргүүн Д.Энхжаргал, тус холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, Эм хангамжийн холбооны тэргүүн Д.Цэндээхүү болон бусад эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар

  • “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох 12-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох тооцох арга аргачлал боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.
Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.