Categories
мэдээ нийгэм

Машинтай жагсаал замбараагүй явагдсанаас замын хөдөлгөөн ихээхэн саатаж байна

Авто зам ашигласны төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэн Б.Цэгмид, “Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон “Үнэн ба зөв” намын гишүүд, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг ард түмэнд үүрүүлэх гэж байна гэсэн утга бүхий энэ жагсаал замбараагүй явагдаснаас үүдэлтэйгээр замын хөдөлгөөнд ихээхэн саад учирч байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Жагсаал, цуглаанд оролцогч нар Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж байна.

Тухайлбал, хоёр эгнээ замын 1,2 дугаар эгнээг хааж зогсох, санаатайгаар ард иргэдийг бухимдуулж, зохиомол түгжрэл саатал үүсгэх оролдлогыг автомашинтай жагсагчдын зүгээс гаргаж байна.

Мөн жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрлөөр тухайн авто замыг хаах эрхтэй гэх зэргээр иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн зорчиж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авч, урсгал чиглэлийг түр өөрчилснөөс бусад замд иргэд чөлөөтэй зорчих эрхтэй байдаг.

Мөн ажил, сургуулиасаа хоцорч байгаа иргэдээс гомдол санал тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл жагсаалыг нэг эгнээгээр явуулах шаардлагыг иргэд тавьж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхбаатар: “Амрыг эрье” гээд ёсолтол жолооны ард хүүхэд сууж байхыг хараад маш их гайхсан


Өнгөрсөн долоо хоногт 10-15 насны таван хүүхэд хулгайлсан автомашинаа жолоодоод хотын төвд явж байсан хэрэг гарсан билээ. Тэдгээр хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлсэн Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн Теле камер хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад М.Энхбаатартай ярилцлаа.


-Тухайн өдөр юу болсныг та ярихгүй юу?

-Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсээс зам тээврийн хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс долоо хоногт 1-2 удаа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулдаг.

Тухайн өдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр, 14 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг “Интер ном” дэлгүүрийн зүүн талын зам дээр шалгалт хийж байсан юм. Тэгтэл зам тээврийн осол хийсэн байж болзошгүй шинжтэй, мөнгөлөг саарал өнгийн “Toyota Ist” маркийн автомашин хөдөлгөөнд оролцож байхаар нь дохиж зогсоосон.

Тэгтэл тэр машинд дунд сургуулийн сурагчид буюу 11, 12 орчим насны таван хүүхэд суугаад нэг нь жолоо барьж явсан. Тэгэхээр нь “Энэ ямар учиртай, хэний машин бэ” гэж асуулаа. Тэгтэл жолоо барьж явсан хүүхэд “Аав сая дэлгүүр рүү орчихоор нь бид хөдөлгөчихлөө” гэсэн. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягийг нь олтол хоёр хүний нэр гарч ирсэн.

Тэмдэглүүлсэн хоёр дугаар руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь хэлтсийн даргадаа “Насанд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд машин бариад явж байна” гэж мэдэгдээд Тээврийн цагдаагийн Урьдчилан сэргийлэх албаны ахлагчтай даруй холбогдоод нөхцөл байдлыг танилцуулсан.

Хүүхдүүд тухайн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүрэгт гудамжинд асаалттай байхад нь хулгайлж унаад Телевизийн замаар уруудаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр рүү орж ирсэн гэж өөрсдөө ярьсан. “Манай аав машинаа орхиод явчихсан болохоор би хичээлээсээ хоцрох гээд байсан болохоор унаад яваад ирлээ” гэдэг зүйлийг эхний удаад ярьсан. Ингээд тэдгээр хүүхдүүдийг Тээврийн цагдаагийн Урьдчилсан сэргийлэх албанд унаж явсан машинтай нь хүлээлгэж өгсөн юм.

-Тэр хүүхдүүд ямар учиртай хүүхдүүд вэ. Сургуульд сурдаг хүүхдүүд биз дээ. Өмнө нь машин тэргэнд түлхүүр тааруулж хулгайлж байсан үйлдэлтэй гэх мэдээлэл яваад байгаа?

-Машин барьж явсан хүүхэд нь өөрийгөө “67 дугаар сургуульд сурдаг, зургаадугаар ангийн сурагч, Хөгжим бүжгийн коллежид үдээс хойш нь сурдаг” гэж хэлээд “Аав машинаа орхиод явчихсан болохоор унаад гараад ирсэн юм” гэж анх ярьснаасаа өөр юм хэлээд эхэлсэн. Хажууд нь хамт байсан хүүхдүүд “Үгүй ээ, тийм биш ээ.

Бид нар энэ машиныг Баянхошуунаас зөвшөөрөлгүй унаад гараад ирсэн юм аа. Бид PC тоглоом тоглочихоод, “Sky resort” орж гулгах зорилготой явж байгаа юм” гэсэн. Цагдаагийн байгууллагын тодруулснаар тэр таван хүүхдийн гурав нь өмнө нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 3-4 машиныг яг ийм маягаар хулгайлах буюу хүний машиныг зөвшөөрөлгүй унаж явж байсан нь тогтоогдоод шалгагдаж байсан юм билээ.

Шалгагдаж байх явцдаа зугтаачихсан хүүхдүүд юм байна лээ. Хүүхдүүдийг харьяаллаар нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжүүлээд шалгалтын ажил нь явагдаж байгаа.

-Машиныг хэдэн настай хүүхэд барьж явсан бэ?

-12 настай хүүхэд нь машин барьж явсан.

-Бие хаагаар ямаршуу юм?

-Жижигхэн биетэй хүүхэд. Манай замын хөдөлгөөний урсгал, эрчим их болсон. Тэр дундаас машин нэг бүрийг нарийн хараад байх боломжгүй. Бас хүүхэд шиг царайтай, овор багатай, жижиг биетэй залуус машин барьчихсан явдаг тохиолдол байдаг л даа.

-Цонх нь бууруулагч хальстай байсан уу?

-Хоёр талаараа бууруулагчтай байсан. Урдаа бууруулагчгүй. Машины хоёр талаар юм шүргэсэн, нидэрсэн байсан нь нүдэнд тусахаар нь зам тээврийн осол хийсэн байж болзошгүй гэж сэжиглээд л зогсоогоод хартал хүүхэд машин барьчихсан, бусад дөрвөн хүүхэд нь тамхи татаад сууж байсан.

Зам чөлөөлж зогсоогоод асуухад аав, ээжийнхээ нэр усыг хэлэхгүй байсан. Гурван утасны дугаар хэлсэн нь гурвуулаа ашиглалтад байхгүй дугаар байсан л даа.

-Та бүхэн өдөрт олон машин зогсоож шалгадаг. Хүүхдүүд машин бариад хотын төвөөр ингэж явж байсан тохиолдолтой өмнө нь таарч байв уу?

-Ийм тохиолдол бараг байхгүй. 17 настай ч юм уу, 18 нас хүрэхэд хэдхэн cap дутуу байхдаа шохоорхоод машин барьсан ганц хоёр тохиолдол байдаг болохоос биш тавын тавуулаа суучихаад ингээд хотын төвөөр давхиад явж байна гэдэг бол байж боломгүй асуудал л даа. Ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй.

Яг оргил цагаар буюу албан хаагчид уулзвар, зам дээр ажиллаж байх үеэр таарлаа л даа.

Манайхан хоёр ээлжээр бүх уулзвар, гарам, цэгүүдэд бүсийн офицер, цагдаа нар бүгд хамтарч ажиллаад хяналт шалгалт хийдэг. Ийм шалгалтын үр дүнгээр л энэ хэргийг илрүүллээ. Хэрвээ зогсоогоогүй бол зам тээврийн осол хийх, хүн дайрах, мөргөх зэргээр ноцтой үйлдэл гаргаж мэдэхээр байсан. Ямар ч байсан урьдчилан сэргийлж, зогсоож чадлаа.

-Энэ хүүхдүүдийг дахин ийм хэрэг хийлгэхгүйн тулд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авах бол?

-Цагдаагийн байгууллагын Олон нийттэй харилцах хэлтсүүд, сэтгэлзүйчид ажиллана. Цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдүүдийн ар гэр, асран хүмүүжүүлэгч, сургуулийн багш, захирлуудтай холбогдож уулзана. Дахин ийм хэрэгт оролцуулахгүйн тулд шат дараатай арга хэмжээ авна. Насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр эцэг эхчүүдэд нь хариуцлага хүлээлгэх байх.

-Дэлгүүрийн гадаа машинаа асаалттай орхих, хашаандаа машинаа түлхүүртэй нь үлдээх зэргээр манайхан машинаа асаалттай, түлхүүртэй нь үлдээх нь түгээмэл. Энэ нь эргээд хүүхдүүд хэрэг зөрчилд холбогдох шалтгаан болж байна гэж харж болох уу?

-Ялангуяа хүйтний улиралд жолооч нар машинаа халаахдаа, эсвэл ойрхон гүйж ороод мартсан юмаа авахдаа машинаа асаалттай нь орхидог. Ийм анхаарал сэрэмжгүй байдлаас тээврийн хэрэгслээ хулгайд алдах үзэгдэл их. Гэхдээ хүүхдүүд бүлэглээд ингэж машин хулгайлгаад явж байсан тохиолдол ховор.

-Та замын цагдаагаар ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-15 жил ажиллаж байна.

-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?

-Гурван хүүхэдтэй. Нэг нь оюутан. Нөгөө хоёр нь бага. Сургууль, цэцэрлэгийн насны.

-Тухайн үед тэр хүүхдүүдийг хараад эцэг хүний хувьд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Би “Амрыг эрье” гэж ёслоод хартал хүүхэд машин бариад явж байхаар нь гайхсан. Аав дэлгүүр рүү орчихсон гээд байдаг. Тэгтэл тэр машиныг замын хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоосон байдаг. Тухайн үед би тэр хүүхдүүдийн үгэнд итгээгүй, маш их гайхсан.

Дахин дахин лавласан. “Эцэг эхчүүд хайхрамжгүйгээсээ түлхүүрээ машиндаа үлдээдэг дээ. Эсвэл хүүхдээ өвөр дээрээ суулгаад жолоо бариулаад байдаг сан. Иймэрхүү байдаг болохоор аав нь хааяа хээр гадаа явж байхдаа ойр зуур машинаа хөдөлгүүлдэг байж мэдэх юм.

Тэгж барьсаар энэ хүүхэд машин унаад сурчихсан юм байх даа” гээд янз бүрээр бодсон л доо. “Сонирхоод л машин асаагаад хөдөлгөөд хотын төв рүү ороод ирж дээ” ч гэж бас бодсон. 12 настай хүүхэд Баянхошуунаас машин хулгайлгаад Сүхбаатарын талбай хүртэл ирчихсэн гэхээр гайхсан.

-Таныг ёслоод, зарим зүйлийг тодруулж асуухад тэдгээр хүүхдүүд ямар хариу үзүүлсэн бэ. Айх юм уу?

-Ерөөсөө айж цочицгоогоогүй. “Хүүхэд машин барьж болдоггүйг мэдэх үү” гэсэн “Мэднэ ээ, мэднэ” гээд л өөр өөр юм яриад байсан.

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл бол хүн болгонд хамаатай асуудал л даа. Таны бодлоор бид яавал түгжрэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой вэ?

-Ажил, сургуульдаа явахдаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хэрэгтэй. Замын хөдөлгөөний түгжрэл, саад юунаас үүдэлтэй вэ гэхээр тухайн жолоочийн соёлоос хамааралтай. Гэхдээ манай жолооч нар харьцангуй соёлтой болоод байгаа.

Гэхдээ манайхны хамгийн их гаргадаг соёлгүй зан бий. Үндсэн ногоон гэрэл асахад цаад уулзвар нь автомашинаа шингээж уусгах чадваргүй болчихсон байхад тэр уулзвар руу орчихдог. Үүнийгээ болих хэрэгтэй.

Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-т “Уулзвар, гарцаар нэвтрэх боломжгүй бол зогсоно” гэж заасан байдаг. Энэ дүрмээ биелүүлээд л түгжирчихсэн уулзвар руу орохгүй хүлээгээд зогсоход нөгөө талын уулзварын машинууд чөлөөтэй нэвтэрч байх боломжийг нь хангах ёстой.

Ингэдэггүйгээс л бөглөө түгжрээтэй уулзвар руугаа чихэж ороод үндсэн гэрэл унтарч, зүүн, баруун тийш эргэх машин нэвтрэхэд саад учруулаад уулзвараа чагталдаг. Энэ асуудлыг жолооч бүхэн ухамсарлаад замын хөдөлгөөндөө соёлтой оролцоод, их хотын соёлоо дагаад явбал замын хөдөлгөөний энэ түгжрэл гэдэг юм чинь уг нь гайгүй юм байгаа юм.

-Та бас теле камер хариуцсан зохицуулалт хийдэг юм байна?

-Камераа хянаад торгуулийг нь шууданд хийгээд гэрт нь хүргүүлдэг. Одоо утсанд мессеж ирдэг болсон. Цагдаа байхгүй юм чинь гээд дүрэм зөрчдөг үе өнгөрсөн. Замын хөдөлгөөнийг бүхэлд нь камераар хянадаг болсон.

Зориулалтын, зураг авдаг, хөдөлдөггүй камерууд бий. Улаанбаатар хотын Энх тайвны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэл чиглэлийн замд тээврийн хэрэгсэл, такси, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн автобус, цуваа, түргэн тусламж, гал команд, онцгой байдлын машин нэгдүгээр эгнээр зорчдог.

Бусад нь энэ эгнээгээр явахыг хориглочихоод байгаа шүү дээ, Тэгтэл энэ замаар зорчсон жолооч нар “Намайг торгочихлоо. Зураас даваад эргэхийн хооронд торгочихлоо” гээд байдаг. Энэ бол хүний оролцоогүйгээр, хөдөлгөдөггүй суурин камерт бүртгэгдсэн зөрчил юм шүү гэдгийг ойлгоорой.

-Та жолооч нар болон эцэг, эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монголын цагдаагийн байгууллага ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө 24 цагаар ажилладаг. Иргэд маань бусдыг хүндлээд замын хөдөлгөөндөө соёлтой оролцоод сурчихвал түгжирч бөглөрөөд байхгүй болов уу. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг юм яагаад байгаад байна вэ гэдэг чинь замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг л сануулаад байгаа юм. Дүрмээрээ яваад байхад түгжрэхгүй шүү.

Зам дээр зохицуулалт хийж байгаа, шалгалт хийж байгаа цагдаа нартай жолооч нар их соёлтой, хүндэтгэлтэй харьцдаг болоод байгаа. Өмнөхөө бодвол дүрэм зөрчих нь багасаж байгаа. Цаашдаа дүрэм зөрчих нь улам багасна гэж найддаг шүү.

Эцэг эхчүүд, багш нар хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй. Эцэг эхчүүд орой ажлаа тарж очоод үр хүүхдэдээ тодорхой цаг зав гаргаад гэр бүлээрээ яриад, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж сурах хэрэгтэй. Хүүхдээ хаагуур, юу хийж яваад нь анхаарал тавьж байхгүй бол хүүхэд бол маш гэнэн. Заавал энэ таван хүүхэд биш хүүхэд бол юм юм сонирхдог хүмүүс.

Тийшээ очиж PC тоглоё, цанын бааз явъя гэхэд ямар ч хүүхэд хамт явна. Тийм болохоор хүүхдүүдтэйгээ ярилцах, зөв ойлгох, зөв ойлгуулах нь нэн тэргүүний ажил. Мөн тээврийн хэрэгслийн түлхүүр, галт зэвсгийг хүүхдийн гар хүрэхгүй хол, далд газар хадгалах, түлхүүрийг хармаандаа юм уу, хүүхдийн гар хүрэхгүй газарт өлгөх, “Өөрөө унахгүй бол өрөөл бусдад автомашиныг хөдөлгөх бололцоогүй болгож тавина” гэсэн заалтын дагуу машинаа тавьж хэвшээрэй.

Categories
мэдээ нийгэм

С.Даваасүрэн “Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх хоногуудаас нэмэгдэж байна”

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн шөнө Баянзүрх, Чингэлтэй дүүргээс угаартлаа гэх хоёр дуудлага ирж, долоон хүн /хоёр том хүн, таван хүүхэд/ хөнгөн хэлбэрээр хордсон байсан. Сүүлийн үед Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөх хоногуудаас нэмэгдэж байна. Тиймээс түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд дахин хяналт тавихаар ажиллаж байна. Түүхий нүүрс ашиглаж буй аж ахуй нэгжүүд нь янданд утаа шүүгч тавих ёстой. Иргэдээс ирсэн мэдээллээр цахилгаанаа хэмнэх зорилгоор аж ахуйн нэгжүүд утаа шүүгчийг ажиллуулахгүй, утаа шүүгчийг нэр төдий ашиглаж байгаа зөрчлүүд илэрч байна. Тиймээс түүхий нүүрс түлж байгаа бүх аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж, шаардлага хүргүүлнэ. Зөрчил илэрвэл гурван сая төгрөгийн торгууль ногдуулж, шаардлагатай арга хэмжээ авна, зөрчлийг арилгах долоо хоногийн хугацаа өгнө. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй бол түүхий нүүрс ашиглах зөвшөөрлийг цуцлах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ” гэлээ.

Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 507 аж ахуйн нэгж байгаа ажээ.

Түүнчлэн агаарын бохирдол хэмжилтийн арванхоёрдугаар сарын 2-8-ныг хүртэлх мэдээллээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад азотын давхар исэл 30 хувиар өсч, PM10 хэмжээтэй тоосонцор 20 хувиар буурч, PM2.5 хэмжээтэй тоосонцор 15 хувиар буурч, угаарын болон азоны хийн агууламж өнгөрсөн жилийнхтэй адил байгаа аж.

Харин агаарын дундаж температур өнгөрсөн онд -23.2 хэм байсан бол энэ онд -14.3 хэм буюу 8.9 градусаар дулаан байна.

Улаанбаатар хотын гэр хорооллууд 1.2 сая тонн, аж ахуй нэгжүүдийг оролцуулбал зургаан сая тонн түүхий нүүрсийг ашигладаг бөгөөд өдий үед 350 мянган тонн түүхий нүүрсийг ашигласан байдаг аж. Харин одоогоор 120 мянган тонн сайжруулсан түлш ашиглаад байгаа аж

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид хээрийн дадлага сургуульд хамрагдлаа

Онцгой байдлын байгууллага 2019 онд “Цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулагдсан тус сургалтаар “Цэргийн хэргийн мэдлэг, бэлтгэл, бэлэн байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтаар

  • “Цэргийн алба хаагчийн ёс зүй”,
  • “Цэргийн нийтлэг дүрэм”,
  • “Цэргийн дүрэмт хувцас өмсөх хэрэглэх”,
  • “Цэргийн биеийн тамирын заавар” зэрэг онолын болон дадлага сургуулиуд явагдлаа.


Categories
мэдээ нийгэм

Словак Улс Улаанбаатарт ойрын хугацаанд ЭСЯ нээх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчак-тай уулзаж, “Хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар талууд ярилцаж, 2020 оны эхний хагаст зөвлөлдөх уулзалт, бизнес форум зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцлоо.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж их байгааг сайд М.Лайчак онцолж, Улаанбаатарт ЭСЯ-аа аль болох ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй байдгаа илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр төмбөгөр ёс ёмбогор гэдэгсэн дээ?

Нэгэн зүйл: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг “Монгол бахархлын өдөр” болгож төрт ёсны дээд хэмжээнд тэмдэглэдэг. Энэ өдөр Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд онцгой гавьяа байгуулсан эрхэм хүндтэй нэгэнд төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг ёс төртэйгөөр гардуулдаг уламжлалтай. 2005 онд Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат анхны шагналыг хүртэж байв. Зарим жил өнжиж байсан тохиолдол ч бий. Харин өнөө жил Монгол төрийн тэргүүн анх удаа хувь хүнд биш албан байгууллага, хамтлагт олгосон. Монголын их эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийнхаа дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хэмнэл, хөг аялгуунд нийцүүлэн “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж рок хөгжмийн “Хү” хамтлагийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан. Үнэндээ нүдээ олсон шагнал байлаа. Саяхан Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярын бөөр бөгсний шуугианы үеэр солонгосуудын сэтгэгдэл дээр “Чингис хаанаасаа өөр бахархах зүйл юу ч байхгүй үндэстэн” гэж монголчуудыг хэлсэн байсан. Гашуун боловч энэ үнэн үг. Харин яг ийм үед эзэн хаанаасаа хойш Монголынхоо өв соёлыг дэлхийд сурталчилж, Монгол гэдэг үндэстнийг дуурсгасан “Хү” хамтлагийг шагнасан нь бахархууштай. “Хү” хамтлагийн “Wolf To­tem” буюу “Чонон сүлд”, мөн “Yuve Yuve Yu” гэх хоёр дуу интернэтэд цацагдсанаас хойш дэлхийн 18 сая хүний хандалт аваад байгаа. “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody”дууг ардаа орхисон, Биллбоардын “Hard Rock” борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн, домогт Элтон Жон “Дэлхийн рок урсгалыг дахин нэг шат ахиулсан” хэмээн мэдэгдсэн гээд тус хамтлагийн нэр хүнд дэлхий дахинаа эрчимтэйгээр өсч байна. Ийм гавьяаг нь үнэлж Монголын төр дээд шагналаа соёрхлоо. Гэтэл тус хамтлагийн гишүүд шагналаа ирж аваагүй нь урам хугалав. “Хү” хамтлаг Монгол бахархлын өдрөөр төрийн тэргүүнээсээ төрийн ордондоо шагналаа гардан авсан бол сайхан байх байлаа. Тэртээ жаран таван онд Английн хатан хаан “Британийн нэр хүндийг дэлхий даяарт өсгөсний төлөө” хэмээн “Битлз” хамтлагт Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одонг гардуулж байсныг Ерөнхийлөгч онцолсон. “Битлз” хамтлаг шагналаа очиж аваагүй бол Английн хатан хаан шагналаа өгөхгүй хойшлуулах юм уу, эсвэл өгөхгүй байсан байх. Монголын төрт ёс Английн хаадаас дутахгүй эртний уламжлалтай. Төрийн ёс нь хүнд цааз нь хатуу гэж эртнээс ярьж ирсэн ийм ёс заншилтай орон. Хаадын зарлигийг битгий хэл хаадын зарлигийг тээж яваа элчийг газар хэвтэн өнгөрүүлдэг хууль ёстой орон. Тийм ч учраас хууль цааз, зарлигтаа “Айхтун, бишрэхтүн” гэж хэлдэг байсан биз. Энэ үг зүгээр нэг лоозон төдий дэмий хоосон үг биш. Төрт ёсны ийм уламжлалтай орны төрийн тэргүүнийхээ зарлигийг “Хү” хамтлаг зөрчлөө. Дээрээс нь ойрын хоёр жил Монголдоо лав тоглохгүй юм билээ. Төрөлх орондоо тоглодоггүй, төр түмнээ хүндэтгэдэггүй хамтлаг гэж байдаг юм болов уу. Хамгийн гол нь гадаадад мөнгө хийж яваа нэрээр хүндтэй шагналаа ирж аваагүй нь сэтгэл эмзэглүүлж байна.

“Чингис хаан” одон гардуулах өдөр тус хамтлаг Америкийн Небраска мужийн Омаха хотод тоглолт хийсэн. Омаха гэж 100 гаруй мянган хүн амтай жижигхэн хот байдаг. 100 мянган хүн гэдэг манай Сонгинохайрхан дүүргийн хүн амаас гурав дахин бага гэсэн үг. Сонгинохайрхан дүүрэг 320 гаруй мянган хүн амтай. Ийм л жижигхэн Омаха хотоос Монгол Улсын төр дор байна гэж бодохоор хаашаа ч юм бэ дээ. Хэрвээ тус хамтлагийн гишүүд шагналаа ирж авч чадахгүй гэдгийг нь мэдсэн юм бол хойшлуулчихаж болох байсан. Байхгүй хүмүүст өгч байхаар өнжчихөж ч болох шүү дээ.

Нэгэн зүйл: “Чингис хаан” одонг “Хү” хамтлагийн продюсер Б.Дашдондог ирж авсан. Төрт ёсны дээд шагнал авахдаа тэрээр тун зохимжгүй хувцасласан нь бас л сэтгэл эмзэглүүллээ. Хар ярианд Базила муурны шил гэж хоржоонтой нь аргагүй хэлэгддэг жижиг бөөрөнхий хар шил зүүж ирэв. Базила гэж Буратино хүүхэлдэйн киноны луйварчин муурыг хэлдгийг хүмүүс мэднэ. Өөрсдөө бол “Битлз”-ийн Жон Ленноны шил гэх байх. Жон Леннон бол ихэвчлэн шар хүрээтэй цагаан шил зүүдэг байсан, зургуудыг нь харахад. Дашдондог ийнхүү хар шил буюу хар саравчаар нүүрээ халхлаад зогссонгүй, жигтэйхэн том үс ноос болсон хар малгай өмсөж ирлээ. Хажууд нь төрийн тэргүүн толгой нүцгэн зогсож байдаг. Ер нь үүгээр далимдуулаад хэлэхэд төрийн дээд шагнал авч байгаа хүмүүсийн хувцаслалтад анхаарах цаг нь болжээ. Ерөнхийлөгчөөс илүү гял цал хувцас, үс ноос болсон малгай зэргийг өмсөж ирэхийг хориглодог баймаар байна. Төрт ёсны байтугай наад захын хүлээн авалтад хүртэл ceremonial clothes гээд бичсэн байдаг. Ерөнхийлөгч ёслолын хувцас буюу пиджак костьюм өмсөх

боллоо. Энгийн нэг даавуун дээл, орос цэргийн офицерийн нормын хромон гутал, хямд төсөр шляпан малгай зэрэг нь Монгол төрийн сүр сүлд, хийморь лундааг гутааж байна. Манай төрийн өндөрлөгүүд гудамжинд яваа юм шиг ийм хувцастай Японы эзэн хааны өндөр дээд хэмжээний хүлээн авалтад хүртэл орж байгаа харагдах юм. Монгол Улс Ерөнхийлөгчөө, Их хурлын даргаа, Ерөнхий сайдаа хувцаслаж чадахгүй л байв гэж дээ. Эцэг дээдсийн буян, дэлхий шиг газар нутаг, есөн эрдэнээр дүүрсэн хөрс шороо байна. Цул алтаар дээл хийгээд өгсөн ч чадна. Тэгэхээр төрийн хүнд ёслолд өмсдөг тусгай зэрэглэлийн хувцастай болмоор байна.

Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулга Ерөнхийлөгчийг “Алдсан адуугаа хайж яваа аймгийн заан шиг” гэж бичиж байсан. Тэр үед энэ нэршил зохиж байсан, ард түмэн ч дуртай байсан. Одоо бол зохихгүй байна. Зүгээр л ард түмэндээ таалагдах гэсэн, тэднээсээ ялгарахгүй гэсэн жүжиг шиг харагдаад байна. Одоо Х.Баттулга бол нэр дэвшигч биш, сайд биш, Их хурлын гишүүн биш, “Женко” группийн

торгон дээл хувцсыг хаан, хатан шиг гээд шүүмжилдэг байсан. Одоо эргээд харж байхад Багабандийн хувцас, Энхбаярын дээл, Элбэгдоржийн малгай зөв байсан юм байна. Монгол төрийн эрхэмсэг, төрийн өндөрлөг гэдэг бол дахин давтагдашгүй гэдгийг нь харуулж байсан юм байна. Тэдний тэргүүндээ залсан малгай нь захын нэг гар үйлдвэрлэгч крантны усаар ноосоо зуураад, дээгүүр нь гишгэлж гүйгээд хэвэнд оруулаад цохиод хийчихдэг шляпны хажууд өөр байжээ. Эртний уламжлалт Монгол Төрт ёс гэдгийг харуулж, дэлхий дахинд мэдрүүлж байжээ. Хэтэрхий энгийн байх нь улс үндэстнээ дэндүү дорой, ядуу харагдуулж байна. Тиймээс Монгол төрийн өндөрлөгүүд хувцаслалтдаа анхаарах хэрэгтэй байна. Төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг дэмий үг биш. Бүх юм цаанаа бодлоготой, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Ер нь тэгээд соёлжсон оронд төрийн хүнд ёс, ёслолоос бусад үед костьюм буюу ёслолын хувцастай байх нь зохимжтой гэдгийг дэлхийн хүн төрөлхтөн харуулж ирсэн.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Арванхоёрдугаар сарын 9-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 08-НЫ 20 ЦАГАА­С 12 ДУГААР САРЫН 09-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.

Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НААС 12 ДУГААР САРЫН 14-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

10-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2019.12.09/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалалтай танилцана уу.


УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Нээлттэй сонсголын” танхимд;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 350 тоот өрөөнд.

Categories
мэдээ цаг-үе

“Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай”-н эзэн Т.Насанбуянгийнх

Жар, далаад оныхны хит дуунуудын нэг яах аргагүй “Орь залуу нас”. Тэр үедээ л шинэ өнгө аяс, дуу хоолойны өөр ритмээрээ хөгжмийн хүрээнийхэн, үзэгч, сонсогчдын бухимдлыг төрүүлж баалуулж явсан дуучин М.Янжиндуламыг “өөр” нүдээр харж “Орь залуу нас”-аа яг тэр өнгө, ритмээр нь дуулуулах хүсэлд автсан хүн нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуян. Түүний бүтээлээ амилуулах хүсэл ч буруутаагүй, “Орь залуу нас” дуулагдсан даруйдаа хит болж, өнөө хэр нь М.Янжиндуламын бүдүүн хоолойгоор амилуулсан

“Тас хар огторгуй нойрсон тайваржаад

Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар

Орь залуу нас саран шиг туяа цацаад

Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ…” гэсэн мөртүүд аялгуутайгаа монголчуудын чихэнд үүрд хоногшжээ. Товуугийн Насанбуянгаар овоглодог хит дуу үүгээр тогтохгүй. Нисэгчдийн сүлд дуу, эдүгээ хагас зуун жилийг үдэж буй “Нисэгчийн дуу”, “Миний нийслэл”, “Мичид шүргэх Алтай” зэрэг уянгалаг сайхан бүтээлүүд бий. Тэрээр бас Монголын хөгжмийн урлагийн хагас зуун жилийн түүхийн амьд өв. Эл эрхэмтэй амьдрал, уран бүтээлийн яриа өрнүүлэхээр өнгөрсөн баасан гаригт гэрийг нь зорилоо. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороон дахь байрныхаа хаягийг зааж өгснөөр гэрт нь очиход бага хүүтэйгээ угтлаа. Алгаа хавсран ихэд хүндэтгэлтэйгээр “Та сайн байна уу” хэмээх нь урлагийн хүний мэндлэх ёсон ажгуу. 80 насны босго алхаж байгаа гэмээргүй загварлаг, өмссөн зүүсэн нь гял цал, жар далаад оны залуусын төрх шууд харагдах аж. Зочны өрөөний хойморт бурхан тахил өрөөстэй. Дэргэд нь ган тулга, тогоо хоёрыг залжээ. Өрөөний голын сервант дурсамж, өргөмжлөл, дурсгалын зүйлсээр баялаг аж. Ханан дээр Т.Насанбуян гуайн залуу насны хөрөг зургийг хэд, хэдэн төрлөөр жаазлан өлгөжээ. Тэрээр “Хөвсгөл Алтандуулга” компаниас дурсгав” гэсэн том хэмжээний хөрөг зургийг бэлгэшээдэг гэнэ. Хөвсгөл нутгаас төрсөн хөгжмийн зохиолчдыг алдаршуулах үеэр дурсгасан бүтээл аж. Хөгжимтэй холбоотой жижиг сувинер бүтээлүүд ч олон харагдана. Өрөөний урд хэсэгт цагаан өнгийн төгөлдөр хуур заларч байна. Хөгжмийн зохиолч хүний гол зэмсэг бас найз нь тэр байх нь гарцаагүй. Бага хүү, бэр хоёр нь хоол цай болж, бидний яриа ч эхлэв.

Эхнэр Ү.Энхсайханы хамт

Т.Насанбуян гуай Улаанбаатарын унаган хүүхэд. Аав Цогт нь Хөвсгөл аймгийн Хатгал сумын, ээж Товуу нь Бүрэнтогтохын гаралтай хүмүүс байж.

Аав нь нутагтаа анчин, малчин улаан малгайт Цогт гэдгээрээ нэртэй хүн байсан гэнэ. Т.Насанбуян гуай ээжтэйгээ өссөн учир аавынхаа тухай үүнээс илүүг хэлэхийг хүссэнгүй. Харин ээжийнх нь эгч Рагчаа гэж Монголын радиогийн анхны нэвтрүүлэгч, сайхан бүсгүй байсныг дурслаа.

Т.Насанбуян гуай 1941 онд мэндэлж, нийслэлийн гуравдугаар дунд сургуулийг дүүргэжээ. Урлагийн замд орсон түүх нь их сонин аж. Арван жилийн сургуулиа дүүргээд чихэр, боовны үйлдвэрт ажиллажээ. Гэтэл 1962 онд Улсын дуу бүжгийн ансамбль дуучин шалгаруулж авах зар тавьжээ. Хот, хөдөөгийн 120 орчим залуус өрсөлдөж, хоёр хүн тэнцсэний нэг нь манай зочин байж. Нөгөө хүн нь гавьяат жүжигчин Д.Цэрэндолгор гэнэ. Тэр үед Д.Цэрэндолгор гуай ч бас үйлдвэрт ажиллаж байжээ. Ингэж үйлдвэрийн хоёр ажилтан урлагийн замд орж, дагалдан жүжигчнээр ажиллах хувь тохиол эхэлжээ. Зочин маань урлагийн замд орсон түүхээ ихэд бэлгэшээдэг, амьдралынх нь алтан үе гэж тодотгон хэлэх дуртай аж. Урлагийн тухай, хөгжмийн тухай, багш нарын тухай ярих бүртээ тэдэндээ талархан, алгаа хавсран сайн, сайхан үгсээр бялхаах нь өөрт нь ихэд таатай харагдана. Улсын дуу бүжгийн ансамбльд дагалдан жүжигчнээр ороод удаагүй байтал 1964 онд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав Дуурийн академик театрын дэргэд дуулаачийн сургууль байгуулжээ. Тэр үедээ л шинэ тутам сургууль байж. Урлагийн салбарт ороод удаагүй залуу хүү шалгалт өгөхөд тэнцэж орхиж. Ингээд Дуулаачийн сургуулийн анхны 12 оюутны нэг болов. Тэдний ангийг Төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай дуурийн эмэгтэй дуучин Х.Уртнасан, нэрт сапрон хоолойт Д.Баадайжав, жанжин Сүхбаатарын дүрээр мөнхөрсөн Ц.Дашнамжил, гавьяат багш Ц.Ерөө зэрэг алдартнууд төгссөн юмсанж.

Т.Насанбуян гуайн зохиол бүтээл оюутан ахуй цагаас эхэлжээ. Түүний хамгийн анхны бүтээл нь “Миний жаргалан” хэмээх дуу. Харин хамгийн алдартай бүтээлийн нэг, эдүгээ нисэгчдийн сүлд дуу болох “Нисэгчийн дуу” юм. Зохиолч энэ дууныхаа ид шидээр, буянаар сайхан он жилүүдийг туулснаа ихэд бахархан ярих аж. Тэртээ 1966 онд Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд Ч.Лодойдамба гуайн тушаалаар Завхан аймагт монгол, гадаад оюутнуудын концерт зохион байгуулах үүрэг авч, үүргээ амжилттай биелүүлэн буцах замд нэгэн тохиол болж. Онгоцны үйлчлэгч бүсгүй залуу хөгжмийн зохиолч дээр ирэн “Таныг экипажийн дарга урьж байна” гэх нь тэр. Яваад очиход залуухан нисэгч З.Юра, Цэрэндорж хоёр угтаж хөгжмийн зохиолч, урлагийн хүмүүс онгоцонд нь явж байгаад талархан танилцаж, найз нөхөд болцгоожээ. Бас ч үгүй нисэгчийн тухай дуу бүтээх захиалга ч өгч. Хоёр жил орчим хугацаа өнгөрсний дараа л сая нэг хөгжмийн нот орж ирж, “Нисэгчийн дуу” хэмээх алдарт бүтээлийн хөгжмийг бичжээ. Тэр хүртэл нисэгчийн тухай, мөнгөн цагаан хөлгийн тухай ихэд бодож, шаналж явсан гэнэ. Эдүгээ хагас зуун жил дуулагдсан, нисэх байгууллагын сүлд дуу болсон бүтээлийнхээ буянаар онгоцонд тасалбар төлж үзээгүй, нислэг бүрт нь нисэх багийнхан хүндэтгэл үзүүлдгийг, энэ бүтээлийнхээ ачаар олон сайхан хүмүүстэй он удаан жилийн нөхөрлөл эхэлснийг гавьяат маань баяртай ярьж байсан юм.

Хөгжмийн зохиолчдын хамт

Ахиад зохиолч амьдралд нь гурван багш байсныг нэрлэсэн. Тэдний нэг нь Жамцын Бадраа гуай. Оюутан ахуйгаас нь өмчлөн авч, гэртээ амьдруулан урлагийн их тогоонд хөтлөн оруулсан эрхэм хүмүүн учраас тэр гэнэ. Тэд зөвхөн багш, шавийн барилдлагатай байгаад зогсохгүй жар, далаад оны нөгөө алдарт “Орь залуу нас” дууны үг, хөгжмийг бичсэн хоёр. Багш, шавь хоёр үгийн урлаг, хөгжмийн урлаг хоёрын барилдлагыг ямар гайхамшигтай олсныг, хэрхэн гар нийлдэг байсныг энэ дуу ганцаараа л гэрчилнэ. Харин М.Янжиндуламаар яаж дуулуулсан тухай асуухад “Их гоё асуулт байна. Анх энэ дууг М.Янжиндулам дуулаагүй юм шүү дээ. Би Увс аймгийн Хөгжимт драмын театрт найруулагчаар ажиллаж байхдаа театрын эмэгтэй найрал дуучдаар анх дуулуулж байлаа. Бас Тува улсын филармонийн дуулаачид ч энэ дууг маань амьдруулсан юм. Тэр үед М.Янжиндулам “Аавдаа” дуугаа дуулчихаад байсан үе. “Сүүмийн сүүмийх алс тэртээд” гэж ирээд л бүдүүн, этгээд хоолойгоор дуулдаг даа. Тэр жил Хөгжмийн зохиолчдын их хурал ч болсон. Хурлаар аймаг, хөдөөгийн бүх хүмүүс М.Янжиндуламын дууг шүүмжилсэн. Харамсалтай нь М.Янжиндуламыг маань тэр үед нийгэм ч их шүүмжилдэг байлаа шүү дээ. Үүргэвч үүрсэн хятад гэж ирээд л. Харин надад бол түүний дуу их л этгээд, сонирхолтой санагдсан. Тийм учраас би “Орь залуу нас”-аа дуулуулахаар болсон. М.Янжиндулам “Багш аа яасан айхтар дуу вэ” гэж ирээд л, ямартаа ч зааж өглөө. Дээд өнгө дээр жаахан өндөрсөж байсан. Гэсэн ч сайхан дуулсан” хэмээн дурслаа.

Гавьяат хөгжмийн зохиолчийн нэг онцлог нь бүтээлээ дуулуулах дуучнаа өөрөө хайж олдог юм байна. “Нисэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”-г амилуулсан Д.Дашням, “Орь залуу нас”-аа дуулуулсан М.Янжиндулам, “Миний нийслэл”-ийг цахилгаан хөгжмөөр амьдруулсан П.Адарсүрэн, К.Номинжин гээд л. Хөгжмийн зохиолч хүн өөрийнхөө зүрх сэтгэлээс гарч буй эгшиг хөгийг амьдруулах хүнээ өөрөө олох нь зөв гэж үздэг аж. Тиймээс одоогийн дуучид хөгжмийн зохиолчдыг “Нотоо өгчих” гэдэг болсонд шүүмжлэлтэй хандаж байна.

М.Насанбуян гуайн зохиол бүтээл зөвхөн эстрад дуугаар тогтдоггүй. Хүүхдийн найрал дууны хамгийн том төлөөлөгч яахын аргагүй энэ эрхэм мөн. Монголд хаана хүүхдийн найрал дуу тавигдана, түүний ард найруулж байдаг хүн нь М.Насанбуян гавьяат байсныг урлагийнхан андахгүй. Харин сүүлийн үед зөвхөн хүүхдийн найрал дуугаар тогтох томчуудын найрал дуу ч тасраад байгаад ихэд харамсч буйгаа илэрхийлсэн. Он гараад эрхэм зохиолч олон жил бодож явсан, амьдруулахыг, эргэн сэргээхийг хүсч ирсэн найрал дууны бие даасан тоглолт зохион байгуулахаар бэлтгэж байгаагаа дуулгасан билээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, ээж М.Товуугийн хамт

Тэртээ 1960-аад онд Дуурийн академик театрын Дуулаачийн ангийг дуулаач мэргэжлээр төгссөн залуу хожим хөгжмийн зохиолч, хормейстер болсон хувь тохиолтой. Ардын дуу бүжгийн чуулгад Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад, гавьяат жүжигчин Б.Лхамжав, Ц.Сэрээтэр, Г.Түмэндэмбэрэл, Д.Хоролсүрэн, Ж.Нансалмаа, Д.Банзрагч, Х.Сүглэгмаа нарын олон алдартнуудад хичээл зааж багшилж явснаа дурсаж байлаа. Бүр Н.Норовбанзад гуай бүч, алчуур хоёр бэлгэнд авч байсныгаа бэлгэшээж хадгалсаар ирсэн нь урлагийн алтан үеийнхний нэгнээ хүндлэх, бишрэх, хэзээ хойно ч амьд мэтээр сүслэн хайрлах агуу сэтгэлийн илрэл .

М.Насанбуян зохиолч хөгжим бичихээс гадна аймаг, орон нутгийн бүхий л соёлын ордон, Хөгжимт драмын театруудад ажиллаж, найрал дуучдыг бэлтгэж байж. Түүгээр зогсохгүй тэр үеийн ардын, оюутны, ажилтны урлагийн их наадмуудыг зохион байгуулагч, хормейстерээр ажиллажээ. Говь-Алтай аймгийн “Алтай” чуулга, Увс аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байсан үе нь амьдрал, уран бүтээлийн олз омог арвин жилүүд байсныг дурсаж байсан. “Алтай” чуулгад ажиллаж байхдаа “Мичид шүргэх Алтай”-гаа бичиж, Увс аймгийн Хөгжимт драмын театрын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан гавьяагаараа төрийнхөө “Алтан гадас” одонгоор шагнуулж байв.

Дээр дурдсанаар амьдралынх нь туршид нэр нь дуурсагдах гурван багшийн тухай дэлгэрүүлэх учиртай. Тэд бол Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Ц.Цогзолмаа, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав нар. Урлагт ороход анх хүүхэд шиг тосч авсан эрхэм Цооцоо багшийгаа нэрлэсэн юм. Ц.Цогзолмаа гэж өөрөөрөө, гэр бүлээрээ урлаг гэх агуу ертөнцийг амьдруулж, тэдний амьд төлөөлөл болон монгол түмэндээ үлгэр дуурайл болж явааг шавь нь хүндэтгэн биширч явдаг аж. Ардын урлагийн наадмуудаар дуулагддаг дуу нь голдуу “Нисэгчийн дуу”, “Орь залуу нас”, “Мичид шүргэх Алтай” байдаг болохоор нэг удаа Цооцоо багш нь “Насанбуяаан энэ наадам чиний дууны наадам болох нь ээ” хэмээн хошигнож байж. Харин Ж.Бадраа гуайтай оюутан ахуй үеэс багш шавийн барилдлагатай болж “Орь залуу нас”, “Төгсөх оюутны танго” зэрэг дууг хамтран бүтээжээ. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг шиг сүүлдээ би багшдаа заадаг, зарим зүйл дээр маргалддаг байсан гээч” хэмээн багшийгаа дурсана лээ. Харин уран бүтээлийн найзуудаасаа гавьяат багш Ц.Гүррагчаа, Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян нарыг нэрлэж байна.

Эрхэм зохиолчийн ярианд урлагийн бурхдаас гадна ээж бурхны тухай сайхан дурсамжууд хөврөх аж. М.Насанбуян гэдэг хүнийг бүтээж, урлагийн замд хөтөлсөн гавьяатан түүний ээж гэнэ. Товуу гуай оёдолчин нэгэн байж. 60, 70-аад оны моод гоголь малгайг хүүдээ оёж өгчээ. Түүгээр нь урлагийнхан М.Насанбуян гуайг “гоголь Насанбуян” гэж хочилдог байж. Амьдралын ухаанд ч ихэд сургадаг байсныг дурсаж байна. Тиймээс ээждээ зориулж 100 жил дуулах дууг зохиосон гэнэ.

Гавьяат 1970-аад оны эхээр залуухан сувилагч Ү.Энхсайхантай гэр бүл болж, хоёр сайхан хүүхдийн эцэг эх болжээ. Одоо тэд тусдаа амьдардаг ч охин, хүү хоёр аавыгаа ачилж энэрэн сууцгааж байна. Хэдий тэрээр Улаанбаатарын унаган хүүхэд ч ижий, аав нь Хөвсгөл нутгаас гаралтай учир Хөвсгөл нуураа шүтэж иржээ. Гэрийнхээ хойморьт Хөвсгөл нуурын чулууг нандигнан хадгалдаг юм байна. Түүнээсээ улбаалж “Хөвсгөл далайн чулуу миний гэрт бий” нэртэй дуу бичжээ.

Яруу найрагч Цоодолын Хулан түүнийг “Их романтик” хэмээн тодотгосон нь учиртай аж. Угаас хөг аялгуу зүрх, тархинд нь үргэлж эгшиглэж байдаг учраас тэр биз. “Тас харанхуй шөнө юу ч харагддаггүй гэж хүмүүс хэлдэг дээ. Үгүй. Тас харанхуйд ч амьдрал өрнөж байдаг юм. Тийм ч учраас миний “Орь залуу нас” дуунд “Тас хар огторгуй нойрсон тайваржаад Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар” гэдэг нь учиртай. Хүний нүдэнд харагдахгүй, гарт мэдрэгдэхгүй мөртлөө тэнд амьдрал өрнөж байдаг юм шүү дээ” гэсэн нь нэгийг бодогдуулна. Тэрээр бас “Хөгжмийг авьяасаар бичдэггүй, зүрх сэтгэлээр бичдэг. Хичнээн авьяастай байгаад сайхан дуулсан ч хүнд хүрэхгүй бол яах вэ. Харин зүрх сэтгэлээсээ дуулж, бүтээж чадвал хүнд хүрдэг юм. Тийм ч учраас би зохиол бүтээлээ бичсээр байна. Шинэ ондоо уран бүтээлийн тоглолтоо хийнэ. Шинэ бүтээлүүд гаргана, улам шинэ сайхан зүйлсийг бүтээнэ” гэсэн билээ.

Эрхэм зохиолчид эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Г.Сэвжидсүрэн: Литийн ионы товчин болон хуруу зайг эх орондоо үйлдвэрлэх боломж бий

Шинжлэх ухааны академийн 2019 оны “Шилдэг судлаач”, “Шилдэг залуу судлаач” тодорлоо. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Сэвжидсүрэн “Шилдэг судлаач”, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Золзаяа “Шилдэг залуу судлаач”-аар тус тус шалгарав.


Өнгөрсөн баасан гаригт ШУА-ийн хурлын танхимд шилдгээр шалгарсан судлаачид болоод төрийн дээд одон медаль хүртсэн шинжлэх ухааны ажилтнуудад шагнал гардуулах ёслол болсон юм.

Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: -“Шилдэг судлаач”, “Шилдэг залуу судлаач” шагналыг шинээр бий болгож энэ жилээс олгож эхэлж байна. Уг нь энэ шагналыг 2008 оныг хүртэл ШУА-ийн “Шилдэг бүтээлийн шагнал”, “Шилдэг залуу эрдэмтэн” гэсэн нэртэй өгч байсан. Тэр үеэс буюу 11 жил уг шагнал тасраад энэ жилээс “Шилдэг судлаач” гэдэг нэртэйгээр дахин сэргэж байгаа юм. Академийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд шийдвэр гарсан” гэж шагналын түүхийн талаар товч танилцуулсан юм. “Шилдэг судлаач” шагналыг нэг сая таван зуун мянган төгрөг, “Шилдэг залуу судлаач” шагналыг нэг сая төгрөг тус тус дагалддаг юм байна.

2019 оны “Шилдэг судлаач” шагналыг хүртсэн ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Сэвжидсүрэнтэй ярилцлаа.

-ШУА-ийн оны шилдэг судлаач болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Маш их баярлаж байна. ШУА-д 20 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн гурван жилд Суурь судалгааны төсөл, Цөм технологийн төсөл гэсэн хоёр ч төсөл удирдсан. Судалгааны багийн залуучуудтайгаа хамтдаа гаргасан амжилтыг маань үнэлж ийм шагналаар шагнасанд баяртай байна.

-Таны судалгааны гол чиглэл юу вэ. Та юуг голчлон судалдаг вэ?

-Би ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Материалын судлалын салбарын эрхлэгч. Манай салбар нь дотроо дөрвөн чиглэлээр ажилладаг. Миний ажилладаг чиглэл бол Электродын материалын бүтцийн чанар. Литийн ионы батарей, устөрөгчөөр ажилладаг эрчим хүчийг судалдаг. Устөрөгчийн машин, устөрөгчийн автобус гэж ярихаар хүмүүст их ойлгомжтой байдаг. Устөрөгчөөс цахилгааныг үйлдвэрлэж байна. Батарей бас цахилгааныг үйлдвэрлэж байна. Эрчим хүч үйлдвэрлэдэг ийм материал өөр дээрээ цахилгаан химийн урвал явуулаад электрон ялгаруулна. Тэр ялгарч буй электрон нь бидэнд эрчим хүч болж ирж байгаа шүү дээ. Ийм чиглэлээр манай судалгааны баг ажиллаж байгаа. Би энэ чиглэлээр 2007 оноос хойш судалгаагаа хийж эхэлсэн.

-Таны хийж буй ажлуудыг сонирхоход Литийн ионы батарей анхаарал татлаа. Одоо дэлхийн шинжлэх ухаан цахилгаан, эрчим хүч гаргах шинэ технологийн эрэлд гараад байна. Олон эх сурвалжтай эрчим хүч үйлдвэрлэх, байгальд хоргүй, бага зардлаар их эрчим хүч гаргах арга замыг эрэлхийлж, туршиж байна. Тэр дундаас литийн ионы батарей юугаараа онцлогтой вэ. Бусад батарейнаас ялгарах давуу тал нь юу вэ?

-Батарейн хөгжлийн дөрөвдүгээр үе гэж ярьдаг. Хамгийн анх аккумуляторын батарей гэж байсан. Хар тугалга, никель, кадмийн батарей, металийн гидридийн батарейн цахилгаан үйлдвэрлэж байгаа электродын материалыг ямар материалаар хийсэн юм бэ гэдгээс нь хамааруулаад үечилбэл Литийн ионы батерей бол дөрөвдүгээр үеийн батарей л даа. Батарейг бид анх зөөврийн телевизор асаагч, гар утас зэрэг зөөврийн тоног төхөөрөмжиндөө хэрэглэж байгаад сүүлдээ автомашины хэрэгцээнд нэвтэрч байна.

Нефтийн бүтээгдэхүүнээс хараат биш байх цахилгаан үүсгүүр юу байж болох юм бэ гээд батарей руу шилжээд гибрид маягийн эхний машинууд массын үйлдвэрлэлд шилжсэн нь бидний сайн мэддэг Prius машин.

Үүнээс үүдээд “Бид батарейгаар эрчим хүчийг орлуулж болох уу” гэж үзээд “Батарейнаас цахилгаан үйлдвэрлэх энэ технологийг түлхүү нэвтрүүлэх нь зүйтэй юм байна. Энэ бол байгаль орчинд хор хөнөөл харьцангуй багатай юм байна” гэсэн. Нефть, нүүрс олборлолт, түүнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалттай харьцуулахад аюул багатай, дэвшилтэт технологи юм л даа. Тийм учраас маш олон судалгааны баг энэ чиглэлд ажилладаг. Литийн оины батарей ямар учиртай батарей вэ гэхээр, энгийн хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлая л даа. Утсаа цэнэглэж байгаа, цэнэг алдаж байгаа. Энэ процессийн үр дүнд литийн ион зөөгдөж байгаа байхгүй юу. Литийн ион очиж цэнэглэнэ, эсвэл анодоос катод руугаа буцахдаа цэнэгээ алдана. Литийн ион нь өөрөө цэнэг зөөгч болоод байгаа учраас түүгээр нь нэрлэчихсэн. Тийм учраас литийн ионы батарей гэж нэрлэсэн. Хоёрдугаарт, литийн ионыг өөр дээрээ урвалд оруулж байгаа материал нь өөрөө литийн давснууд байхгүй юу. Тэгэхээр энэ батарейны цэнэг зөөгч нь яалт ч үгүй лити. Химийн урвал явуулж буй материал нь лити учраас лити ионы батарей гэсэн ерөнхий нэр авсан байдаг.

-“Цагаан түлш” гэгддэг литийн эрэлт 2025 онд дэлхийн хэмжээнд гурав дахин өснө гэсэн тооцоо байдаг юм билээ. Манай улсын литийн нөөц хэр вэ?

-Батарейны судалгааны чиглэлээр ажиллаж байгаа бид нар эх орныхоо түүхий эдээр ажилласан, литийн ордууд дээрээ түшиглэсэн үйлдвэрийг хөгжүүлэхийг мөрөөдөж явдаг. Одоогоор Ашигт, малтмалын газраас авсан мэдээллээр арваад илэрц байдаг юм билээ, Монгол Улсын хэмжээнд.

Нарийн мэдээллийг бид сайн мэдэхгүй. Бидний олж авсан мэдээллээр үүнээс 5-6 нь Х лиценз. Бусад нь зүгээр илэрц байдлаар илэрчихсэн. Х лицензтэй талбайнуудаас заримыг А лиценз болгоод ашиглах, олборлох, баяжуулах гэсэн сонирхолтой хувийн томоохон уул уурхайн компаниуд байдаг юм билээ.

-Литийн батарейг эх орондоо үйлдвэрлэх мөрөөдөлтэй гэлээ. Та бүхний хэтийн төлөвлөгөө, гэгээлэг төсөөлөлд литийн батерейн ирээдүй хэрхэн харагддаг вэ?

-Хамгийн эхэлж бид ахуйн хэрэглээний батарейн хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэчих юмсан. Батарейгүй өдөр тутмын амьдрал гэж байхаа больчихлоо шүү дээ. Гэртээ ороод хамгийн түрүүнд зурагтаа асаахад удирдлагаар нь асаана.

Бид том суурин эрчим хүчний хэрэглээ, машин үйлдвэрлэлд батерей үйлдвэрлээд “Тесла”-тай өрсөлдөх тухай тийм хэмжээнд ярьж чадахгүй. Ямар ч байсан эхний ээлжинд ахуйн хэрэглээнд байгаа товчин болон хуруу зайгаа өөрсдөө, өөрсдийнхөө түүхий эдээр бид биш юмаа гэхэд бидний судалгааны ажил дээр үндэслээд ямар нэгэн хөрөнгө оруулагчийн мөнгөөр ийм үйлдвэрлэл эхэлбэл боломж нь байна.

-Шинжлэх ухаанаа түшиглэж, урдаа барьж байж аливаа улс хөгждөг. Гэтэл манайд шинжлэх ухааны салбараа орхигдуулаад байдаг гэмтэй. Үүнд та энэ салбарт ажиллаж буй хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Шинжлэх ухаан бол үйлдвэрлэлээс өөр. Өнөөдөр мөнгөө авчихаад маргааш талх үйлдвэрлэдэг ч юм уу, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбар биш. Маш олон хүний олон жилийн оюуны хүнд хэцүү хөдөлмөр. Үүний нэгийг бид өнөөдөр харж байна. Литийн ионы ажлаар анхны ажлууд хийсэн хүмүүс 2019 оны Нобелийн шагналыг авлаа шүү дээ. Тэгэхээр арав, 20, 30, 40 жилийн дараа үйлдвэрлэлд, нийтэд танигддаг, масст хэрэглээ болж очдогоороо шинжлэх ухааны салбар онцлогтой гэж боддог. Нэг үеэ бодвол манай шинжлэх ухааны салбарыг дэмжиж байна, саяхан бид Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар хурлаа хийлээ. Тэрэнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарсан. Энэ мэтчилэнгийн ажил бол шинжлэх ухааны төлөө, эрдэмтдийнхээ төлөө авч хэрэгжүүлж буй ажил гэж хардаг. Мэдээж мөнгөний хувьд ярихад өнөөдөр хурлаа хийнгүүт маргааш нь мөнгөн дүн нь хоёр дахин нэмэгдчихгүй л дээ. Тийм болохоор бид бага мөнгөөр ашигтай, зөв менежменттэй, сайн ажиллах нь чухал.

Өнөөдрийн техник технологи, хүмүүсийн идэж ууж, өмсч зүүж хэрэглэж байгаа энэ бүхэн бол эцсийн эцэст шинжлэх ухаан дээр суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл явагдаж байгаа шүү дээ.

Түүнээс биш хэн нэгэн гэнэт бодож олоод үйлдвэрлэчихээгүй. Аль ч салбарт шинжлэх ухаанд суурилсан, эрдэмтдийн дуу хоолойг сонсож байж шийдвэр, тогтоолуудаа гаргаж байвал илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.