Categories
мэдээ цаг-үе

Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевска: Монголтой хийж буй худалдаагаар Польш нь Европын холбоон дотроо хоёрдугаарт ордог

Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн Монгол Улсад хийх албан айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Түүний Монголд хийж буй айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан зохиож буй “Монгол дахь Польшийн жил” гэсэн арга хэмжээг нээж байгаа болно.


-Эрхэм хатагтай таны энэ удаагийн Монгол дахь айлчлал ямар зорилготой вэ?

-Польш-Монголын харилцааг цаашид эрчимжүүлэх шаардлага байна. Уг нь Польш улс нь Монголыг Европтой холбох хаалга, Монгол нь Польшийг Азитай холбох гүүр болж болох байсан бололцоог аль аль тал алдсан. Энэ алдаагаа засах хэрэгтэй. Хойтон жил манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ ойг тохиолдуулан Польш улс олон арга хэмжээ явуулахаар төлөвлөж байна. Польшийн парламентын дэд даргын хувьд хоёр орны парламентын хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх үүрэг надад ноогдож байна. Өнөөдөр Монголын УИХ-д Монгол Польшийн бүлэг идэвхтэй ажиллаж байна, Польшийн Сеймд ч Польш Монголын бүлэг олон жилийн турш байсаар ирлээ.

Улаанбаатар дахь айлчлалын үеэрээ би парламент болон Гадаад харилцааны яам хийгээд бусад байгууллагынхантай уулзах болно. Монголд ардчилсан өөрчлөлт эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан хойшдын хамтын ажиллагааныхаа тухай ярилцах болно. ХХ зууны наяад оны үед Польшийн Эв санааны нэгдэл нь Монгол дахь ардчилсан өөрчлөлтийг дэмжин тусалж байсныг дурсахад сайхан байна. Монголын ардчилсан хүчний олон төлөөлөгч 1989 оноос хойш Польшид ирж туршлага судлан, Монгол дахь ардчилсан өөрчлөлтөд дэмжлэг хайж байлаа. Ийнхүү Монгол нь ардчилсан тогтоцтой Азийн цөөхөн орны нэг болсон юм.

Өдгөө Польш нь коммунист тогтолцооноос үлдсэн уламжлалыг даван туулж, аж ахуйн хувьд маш хурдтай хөгжиж буй ардчилсан орон болсон ба Европын холбоо болон НАТО-ын гишүүн, АНУ-ын ойрын холбоотон болчихоод байна.

Бид Монголын сүүлийн 30 жилд олсон их ололт болон ухаалаг гадаад харилцааг нь биширэхийн зэрэгцээ Иракт байдал тогтворжуулах олон улсын ажиллагаанд манай цэргүүд хамтран ажилласанд ихэд талархдаг юм.

-Хатагтай маршал аа, Польш Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа ямархуу түвшинд явна?

-Одоо Польшид 200 монгол оюутан суралцаж байгаа. Польш улс жилд 20 монгол оюутны зардлыг даадаг. Үүнд би маш баяртай байгаа.

Монгол Улсын Их сургууль польш хэлний сургалттай төдийгүй тэд Лодзын Их сургууль, Краковын Ягеллоны их сургууль, Катовиц дахь Селезийн Их сургуультай холбоо тогтоон хамтарч ажиллаад олон жил болж байна. 2019 онд МУИС-ийн ректор Я.Төмөрбаатар Варшавт айлчлахдаа МУИС, Варшавын Их сургууль хоёрын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан явдалд би хувьдаа их баярладаг юм. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан шинжлэх ухааны хамтарсан бага хурлыг дээрх хоёр Их сургууль зохион байгуулахаар тохирсон. Эхнийх нь 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт, дараагийнх нь мөн оны арваннэгдүгээр сард Варшав хотноо болох юм.

Миний хувьд надтай дотно хамтарч ажиллаж байсан манай ерөнхийлөгч асан Лех Качински 2010 онд Смоленскт онгоцны ослоор харамсалтайгаар нас барсан. Түүнийг 2008 онд Монголд зочлоход нь МУИС хүндэт доктор цол олгосон нь тун таатай сэтгэгдэл төрүүлсэн юм.

-Танаас Польш Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар асуумаар байна…

-Манай хоёр орны худалдааны эргэлт 2018 оны байдлаар 60 сая доллар орчимд байгаа. 2019 оны эхний найман сарын бадлаас үзэхэд харилцан худалдаа өсөх хандлагатай байна. Гэхдээ манай харилцаа бололцоот түвшиндээ хүрэхгүй байгааг зориуд тэмдэглэе. Гэвч Монголтой хийж буй худалдаагаар Польш нь Европын холбоон дотроо хоёрдугаарт ордог юм шүү. Польшийн хөрөнгө оруулалт худалдааны агентлагийн гадаад товчоог 2019 оны долдугаар сард Улаанбаатарт нээсэн явдал нь цаашдын хамтын ажиллагаанд тус дөхөм болно гэж бодож байна. Манай хоёр орны эдийн засгийн харилцаа тун удахгүй 100 сая еврогийн түвшинд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Польш улс Монголд 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор 2017 онд шийдсэн нь дажгүй дэмжлэг болох буй за.

– Польш Монголын цэргийн хамтын ажиллагааны талаар хэдэн үг хэлээч…

-Монгол цэргүүд Польшид их нэр хүндтэй шүү. 2004 онд Ирак дахь Чарли цэргийн баазад террористууд халдлага үйлдэх гэж байхад нь монгол цэргийн эрэлхэг үйлдлийн хүчээр түүнийг таслан зогсоосон, хэрэв эс зогсоосон бол олон польш цэрэг амь насаа алдах байсан юм. Үүнийг бид бүгд мэднэ, их ч талархдаг. Монголтой хамтарч ажиллахыг манай цэргийн байгууллагууд болон цэргийн үйлдвэрүүд сонирхсон хэвээр. Зөвлөлтийн хуучин зэвсэгийг шинэчлэх засах талаар польшууд сүрхийд тооцогдоно. Монголын арми тийм зэвсэгтэй байсаар байгаа шүү дээ. Бид орчин үеийн зэвсэг ч бас үйлдвэрлэдэг. Манай Цэргийн академийн 2019-1920 оны сургалтад монголчууд дахин хамрагдах болсонд бид их баяртай байгаа.

С.ГИЙХ

Categories
мэдээ нийгэм

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчдыг бэлтгэнэ

Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт бэлтгэж буй мэргэжлүүдээс гагнуурын чиглэлээр анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий сургалтыг явуулах боломжийг бүрдүүлэх нэгэн шинэ төсөл өнөөдөр /2019-12-06/ нээлтээ хийлээ.

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих developpp.de хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Хасу Мегаватт” ХХК болон ХБНГУ-ын Шахтбау Нордхаусэн ХХК, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлэх “Төр, хувийн хэвшил стратегийн түншлэл гагнуурын мэргэжлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх” төслийн нээлтэд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ёорн Розенберг, Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлйин боловсрол, сургалт” төслийн удирдагч Беате Диппмар, “Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш нарын төр болон хувийн хэвшил, хамтран ажиллагч олон улсын донор байгууллагын төлөөлөл оролцлоо.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Монгол Улсын мэрэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй ХБНГУ-д талархал илэрхийлээд шинээр хэрэгжиж эхлэх гэж буй төслийн талаар “Төсөл хэрэгжсэнээр гагнуурын мэргэжлийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандарт бүхий мэргэжлийн боловсрол, сургалтыг бий болгож, Монгол Улсын хэмжээнд бэлтгэгдэж буй гагнуурын мэргэжлийн дадлага, сургалтын чанар, агуулга, үнэлгээ, аттестатчиллын системийг төгөлдөржүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх өндөр ур чадвартай гагнуурчны эрэлт хэрэгцээг хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын мэргэжлийн анхан болон ахисан шатны боловсрол эзэмшүүлэх сургалтын тогтолцоог үе шаттайгаар хөгжүүлэх боломж бүрдэж буй юм. Үүний үр дүнд ажилгүйдлийн түвшинг бууруулж, дундаж орлогыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн.

2021 оны аравдугаар сар хүртэл хэрэжих уг төслийн хүрээнд гагнуурын олон улсын стандарт болох ISO 9606 ff – г Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж, багш, үнэлгээний ажилтныг бэлтгэж, цаашлаад ISO-гаар баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй монгол гагнуурчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд “Хасу Мегаватт” ХХК-ийн харьяа Герман-Монголын МСҮТ болон “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн гагнуурын дадлагын газар, cургалтын цехүүдийг тохижуулан тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Мөн хүлээн зөвшөөрөгдсөн тестийн журмыг Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв болон Германы гагнуурын холбоотой хамтран бий болгох юм байна.

Төсөлд мөн Өмнөговь политехник коллеж хамрагдах бөгөөд тус коллеж ХБНГУ, Австралийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Өмнөговь аймаг дахь Политехник коллежид хэрэгжиж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд гагнуурын мэргэжлээр төрөлжиж буй юм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Уул уурхайд Таван толгойгоос өөр хөрөнгө оруулалт татах төсөл алга

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, “ДАТ консалтинг” компанийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.


-УИХ Засгийн газарт Оюу толгойтой хэлэлцээр хийх эрхийг нь өгөөд удаагүй байна. Хоёр талын хийсэн гэрээг сайжруул, чадахгүй бол цуцал гэсэн утгатай чиглэл өгчихлөө. Гэрээ цуцлах асуудал яригдлаа гэхэд ямар нөхцөл байдал үүсэх вэ. Наад зах нь хөрөнгө оруулагч тал арбитрт хандаж таарна…?

-Наад захын энгийн жишээ гэхэд л энэ төсөл зогсвол бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Монголын 600 компани бизнесээ алдана. Монголын компаниуд дотор жижиг дунд компаниудаас гадна далд уурхайн нэвтрэлт, бүтээн байгуулалтад оролцож яваа компани ч бий. далд уурхайн нэвтрэлт дээр гадны компанитай хамтарч ажиллаж байгаа хэсгийн хувьд төсөл зогслоо гэхэд гадагшаа гараад ажиллах хэмжээний чадвар суучихсан. оюу толгойн монголчуудад өгч байгаа маш том давуу тал гэвэл энэ. Англи хэлээр, олон улсын стандартаар ажлаа явуулдаг учраас далд уурхайн бүтээн байгуулалтад оролцож яваа монголчууд дэлхийн хаана ч очоод ажиллаж чадна. Харин Монголын эдийн засагт юу ч үлдэхгүй гэсэн том эрсдэл бий. Гэрээ хэлцлийг цуцаллаа гэхэд хамгийн түрүүнд зарга эхэлнэ. Монголын Засгийн газрын тухайд Арбитрын шүүх дээр очоод унах нь тодорхой.

Арбитрын шүүхээс эцсийн шийд гарахад хугацаа орно. Тэр хооронд манай эдийн засаг элгээрээ хэвтэх нь бодитой үнэн. Заргалдаад явчихвал “Рио тинто” эргэж ирэхгүй нь ойлгомжтой. За тэгээд “Рио тинто” Монголын Засгийн газраас мөнгөө нэхэмжлээд заргаа авлаа гэж бодъё. Гэрээ нь цуцлагдлаа гэхэд лиценз нь цуцлагдахгүй. Гэрээ цуцлагдвал Оюу толгой оруулсан хөрөнгөө Арбитрын шүүхэд хандаж нэхэмжлээд авна. Тэгээд лицензтэйгээ үлдэнэ. Лиценз цуцлах асуудал яриагүй учраас лицензээ худалдаж таарна аа даа. Би танаас нэг зүйл асууя. Тэд лицензээ хэнд худалдах вэ?

-Хятад л хамгийн боломжит хувилбар байх даа.

-Харин тийм. Өрнөдийнхнөөс хэн ч авахгүй. Донр орнууд ямар үйл ажиллагаа явуулах юм бүү мэд. Бүгд нүүр буруулах байх. Тэгэхээр Орос, Хятад хоёр тунаж үлдэж таарна. Оюу толгойн зэсийн баяжмалын гол зах зээл нь Хятад. Тэгэхээр оросууд худалдаж авна гэдэг юу л бол. Оросууд авлаа гэхэд Хятадад зарах байлгүй дээ. Оросууд өөрсдөө хэрэгжүүллээ гэхэд баахан орос орж ирж ажиллах байх.

Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орох үед 90 хувь нь орос байсан юм. Арван жилийн дараа 70 хувь нь орос хэвээрээ л байсан. 2010-аад онд гучин хувь нь оросууд ажиллаж явсан санагдаж байна. Өөрөөр хэлбэл 30 жилийн дараа л сая нэг монголчууд дийлэнх боллоо. Гэтэл өнөөдөр Оюу толгойн нийт ажилчдын 95 хувь нь монголчууд. Орос, Хятад энэ төсөлд ороод ирвэл монголчуудыг ингэж их хувиар ажилд авахгүй. “Рио тинто”-гийн хувьд лицензээ Орост зарахгүй нь ойлгомжтой.

-Яагаад?

-Орос барууны хоригт байгаа шүү дээ. “Рио тинто”-гийн нэгтгэлд Австрали, Англи, Америк, Канад бий. Тэд зөвшөөрөхгүй. Тэгэхээр Хятадад зарах магадлал илүү өндөр.

-Хятадад лицензээ зарлаа гэхэд Оюу толгой төслийн хэрэгжилт цаашид яаж үргэлжлэх бол?

-Оюу толгойн лицензийг Хятадууд авлаа гэхэд менежмэнтийг нь “Рио тинто” хийх магадлал хамгийн бодитой хувилбар гэж бодож байна. Энэ тохиолдолд байдал өнөөдрийнхөөс нэг их өөрчлөгдөхгүй. Гэхдээ асуудал иймдээ тултлаа маш их хугацаа орно. Эцсийн шийд гарах хүртэл дөрөв, таван жил зарцуулбал Монголын эдийн засаг яах вэ гэдэг хамгийн том асуулт. Оюу толгойгүй дөрөв, таван жил болвол эдийн засаг элгээрээ хэвтэнэ.

-Таван толгойн IPO-г он гараад хийнэ гэж ярьж байгаа. Оюу толгойн асуудал он гарсаны дараа шийдлээ олохгүй удвал юун IPO болох байх, тийм үү?

-Оюу толгой гол индикатор болох нь ойлгомжтой. Таван толгойн IPO-гийн хувьд Хонконг хамгийн бололцоотой хувилбар. Хонконгт гарахын тулд хийх ёстой хэдэн алхам бий. Нягтлан бодох бүртгэл тунгалаг байх ёстой. Компанийн засаглал сайжрах учиртай. Улс төрөөс хараат бус, мерит зарчим дээр үндэслэсэн уул уурхайн менежмэнт явагдах ёстой болчихож байгаа юм. Хонконгийн зах зээл дээр очлоо гэхэд хувьцааны үнэ гэж чухал зүйл байна. Дэлхийн улсуудад мөрддөг стандарт жишгээр Таван толгойн хувьцааг үнэлбэл маш бага тоо гарна. Бүх эрсдэлийг тооцсоны эцэст гарсан үнийн дүн нь хувьцааны ханш болно. Засгийн газрын тогтоосон 50 цент тэг зууны, тэг мянганы төчнөөн цент гэж буурч үнэлэгдэх өндөр эрсдэлтэй.

-Таван толгойн хувьцаа олон улсын зах зээл дээр дэлхийн жишгээр үнэлэгдвэл тун бага ханшаар арилжаалагдана гэж та сая ярилаа. Ашигт малтмалыг үл хөдлөх хөрөнгө шиг яг таг үнэлдэг жишиг лав л Австралид байдаг гэж сонссон. Дэлхий даяар хэрэглэдэг жишиг үү, эсвэл ганц Австралид хэрэгжиж байна уу?

-Үнэлгээний хувьд гэж яривал бизнесийг үнэлдэг, үл хөдлөх хөрөнгийг үнэлдэг. Ашигт малтмалын нөөц, ордыг яг хөрөнгө шиг үнэлдэг стандарт манайд өнөөхөндөө хэвшээгүй. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа газарт лиценз шилжүүлэхээс эхлээд татвар төлөх хүртэл маш олон харилцаа өрнөдөг. Ашигт малтмалын лиценз, ордын тухайд худалдаж авах ч юм уу үнэлүүлэх гэж байгаа, хэрэг маргааны шатанд яваа гэх мэт асуудал гардаг. Энэ тохиолдолд чөлөөт зах зээлийн бодит үнэд дөхүүлж үнэлдэг стандарт дэлхийд бий. Тэр нь таны асуусанчлан Австралид хэрэгждэг. Канад, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад ч хэрэгждэг. Сүүлд Америк бас ийм үнэлгээ хийж байгаа. Яг үүнтэй төстэй стандарт маягийн зүйл бусад улсад мөн бий.

-Манайд лиценз шилжүүлэлт их байдаг. Лиценз шилжихтэй холбоотойгоор татвараа бага төллөө гэх мэт маргаан бараг хэвшил болчихсон. Таны яриад байгаа үнэлгээг нэвтрүүлчихвэл энэ асуудал шийдэгдэх нь ээ?

-Тэгнэ. Лиценз шилжүүлсэн тохиолдолд татварынхан татвар авахын тулд хэдээр худалдсан бэ гэж мөрддөг л дөө. Өндөр үнээр худалдчихаад татвараа бага төлж байна гэх мэт асуудал үүсдэг. Үүнийг нь үнэлдэг арга, кодексийг дэлхийн улс орнууд бий болгочихсон гэсэн үг. Энэ кодексийг нэвтрүүлэх эрэлт манайд их бий. Наад зах нь хөрөнгийн бирж дээр геологи уул уурхайн компаниуд хувьцаат компани болж гарахад зайлшгүй хэрэгтэй. Нийтэд зориулж худалдах хувьцааны үнэ та бид хоёрын ярьж суугаа энэ үнэлгээгээр тогтоогдох юм. Урт нэртэй хууль гарсаны дараахь процесс байна. Нөхөн олговор олгож чадахгүй асуудал үүссэн. Компаниуд гаргасан зардлаа гээд баахан тоо бичээд өгчихсөн. Засгийн газар хариуд нь хэлэлцээрт орох ямар ч боломжгүй нөхцөлд орсон л доо.

-Компаниудын нэхсэн мөнгөний хэмжээг бодитоор үнэлж чадахгүй байсан болохоор уу?

-Яг тийм. Компаниудын нэхсэн мөнгөний хэмжээ хэр үнэн болох, бодит өртөг зардал нь яг хэд гэдгийг үнэлж мэдэхгүй байсан учраас асуудал үүссэн. “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааны үнэлгээ ч бодитой биш. Засгийн газар 1072 хувьцааг 900 гаруй төгрөгөөр үнэлээд компанийн балансад биччихсэн. Худлаа үнэ шүү дээ. Түүнийг нь үнэлдэг арга сая миний онцолж хэлсэн стандарт байх жишээний. Уул уурхайн салбарт 2000-2011 он хүртэл лицензийн шилжилт их хийгдсэн. Ялангуяа хайгуулын лиценз. Энэ тохиолдолд мэдээллээ худалдсан үнээс татвар авна гэдэг. Тэгэхээр мэдээлэл нь ямар үнэтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Гаргасан зардал, хүрсэн мэдээллээр нь хэмжиж таарна. Зардлыг нь тодорхой, бодитой гаргаж ирэх боломж мөн л сая ярьсан үнэлгээнд бий.

-Таны ярихыг сонсох нь ээ, манайд маш хэрэгтэй арга санагдлаа. Дэлхийд жишиг болсон энэ үнэлгээг манай улс хэр сонирхож байгаа юм бол?

-СЗХ, Монголын компаниуд 2012 оноос нэлээд судалсан юм билээ. Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоотой хамтраад дэлхийд жишиг болсон гурван стандартын дагуу кодекс бий болгох гэж оролдож байгаа. Гадны олон төслийн дэмжлэг ч орж ирэх байх.

-Хайгуулын анхан шатанд яваа ордыг үнэлж болох уу?

-Болно. Үйлдвэр ажиллах явцад, үйлдвэрлэл эхлэхээс өмнө ч үнэлэх боломжтой.

-Лицензийн маргаан гараад үнэлгээ хийлгэлээ гэж бодъё. Тооцож гаргаад ирсэн үнэ нь зохиомол байх эрсдэл бий юү?

-Тийм зүйл байхгүй. Жинхэнэ чөлөөт зах зээлийн үнээр үнэлгээг нь хийнэ. Нэг жишээ хэлье. “Сентерра” Монголоос гарахдаа Гацууртын ордыг Бороотой нь хамт бараг 35 сая ам.доллараар худалдчих шиг боллоо. 60 гаруй тонн алттай орд шүү дээ. 35 сая гэдэг нь зах зээлийн үнэ. Худалдаж авсан нөхөр “Бороо гоулд” шиг асуудал бэрхшээлийг туулна. Ашиглахад бэлэн болсон хэрнээ яг ашиглах хүртлээ зургаа, долоон жилийг алдах эрсдэл байна. Нэгдүгээрт гадаадын хөрөнгө оруулалттай, стратегийн ач холбогдолтой орд учраас Засгийн газарт хувиа тохирох хүндрэлтэй байсан болов уу. Хоёрдугаарт нь Ноён уул тойрсон иргэний хөдөлгөөний эсэргүүцэл байна. Өөрөөр хэлбэл энэ ордын хувьд зах зээлийн үнэ нь хөрсөн доорх алт биш. Тэр ордод хөрөнгө оруулаад борлуулахад хэр хэмжээний эрсдэл туулж, ямар цаг хугацаа зарж ашиглах чадахгүй удах вэ гэдэг л үнэлгээ буурах гол шалтгаан болдог.

-Тэгэхээр улс төрийн эрсдэл үнэлгээний том шалгуур болдог байх нь…?

-Тэгж ойлгож болно. Ер нь бүх нөхцөл байдлыг харгалзаж байж үнэлдэг. Таны хэлсэн улс төрийн нөхцөлөөс гадна уул геологийн нөхцөл, татварын орчин гэх мэт бүгдийг тооцож үздэг. Ашиглахад тээг болж мэдэх бүх нөхцөлийг судалж, тооцдог гэсэн үг. Тэр бүгдийг нь үнэлдэг стандарт л даа. Монгол 2011 оноос хойш хайгуулын лиценз бараг л олгохгүй, ер нь их удаан олгож байна.

Монголд хөрөнгө оруулалтыг хайгуулын салбар л татаж байсныг өнгөрсөн түүхээс харж болно. 100 хувь эрсдэлтэй мөнгийг гаднаас хайгуулын салбар босгосоор ирсэн нь бодитой үнэн. Австрали, Торонтогийн гэх мэт хөрөнгийн биржээс гадны хөрөнгө оруулагчдаас босгосон мөнгө Монголд зарцуулагдсан. Хайгуул хийх хэрээр мэдээлэл нь илүү тодорхой болж, нөөцийн боломж нь ихэсч, тэр хэрээр босгох мөнгө нь томорч байсан. Хайгуул ер нь ийм зарчмаар явдаг. Оюу толгойн хөрөнгө оруулалтаас бусад том мөнгө дан хайгуулаар дамжиж орж ирсэн. Хайгуулыг дагаад шатахуун нийлүүлэлт, хоолны үйлчилгээ гэх мэт олон салбарын бизнес цэцэглэдэг онцлогтой.

Монголд хайгуул идэвхжих үед эдийн засаг энэ мэтээр тэлж, тэтгэгдэж байсан. Харин одоо тийм зүйл байхгүй. Хөрөнгө оруулах боломжтой уул уурхайн төсөл гэвэл Таван толгой л байна. Таван толгойгоос өөр хөрөнгө татах төсөл өнөөхөндөө алга. Хайгуул байхгүй учраас тэр л дээ. Хайгуул хөгжиж байж л уул уурхайн дараагийн том төслүүд хэрэгжих үүд нээгдэнэ. Одоо хэрэгжиж яваа том төсөл гэвэл Оюу толгой л байна. Асгат гэж том төсөл бий гэж ярьж байна. Асгатын хувьд олборлох нөхцөл хүнд. Ордын эрсийн бүтэц нь маш нийлмэл. Алт, мөнгө, зэсийн алиных нь орд болох, яг юу ялгаж авах нь тодорхой бус.

-Асгат “Эрдэнэс Монгол”-д очсон. Ашиглана, том төсөл болгож хөдөлгөнө, ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулна гээд байгаа шүү дээ. Тийм боломж байхгүй хэрэг үү?

-Ямар ч боломж байхгүй. Хэн хөрөнгө оруулах юм бэ. Асгатын мөнгөний ордыг саяын үнэлгээний стандартаар үнэлбэл өчүүхэн тоо гарна. Бүх эрсдэлийг тооцоод үзвэл маш багаар үнэлэгдэнэ.

-Лиценз олголт ямархуу янзтай байна вэ?

-Энэ парламент бүрдсэн эхний жил буюу 2016 оны өвөл төсөв хэлэлцэж байхад өргөдлөөр өгдөг байсныг болиулчихсан. Одоо зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа. Сонгон шалгаруулалтаар олгож байгаа гэдэг ч лиценз олголт хэвийн үргэлжилж яваа гэхэд хэцүү. Жилд нэг хоёр удаа олгох гэж оролдож байна. Шалгаруулалт зарлана, зарлахаар нь орон нутгийн удирдлага нь татгалзана. Орон нутгаас санал авах гэхээр уул уурхайгүй аймаг болно гэх мэтээр гэдийчихдэг.

Энэ тохиолдолд лиценз олгогдох боломжгүй. Товчхондоо манайх холбооны улс шиг болчихоод байна л даа. Гэтэл засгийн зарласан лицензийн талбай хуулиараа орон нутгийн иргэдийн өмч биш. Нийтийн өмч. Монголын нийт ард түмний өмч. Зүй нь нийтийн өмчийн нэг хэсгийг төр мэдэх ёстой. Холбооны улс биш учраас төр л мэдэж шийдвэр гаргах учиртай. Хоёрдугаарт сонгон шалгаруулалтаар олгодог журам нь мөнгөн дээр суурилсан байна. Аль өндөр үнэ өгсөн нь авч байна. Нэг үгээр хэлбэл лиценз олголт зогсоогүй ч маш удааширсан.

-Энэ янзаараа явбал хайгуулын лиценз гэсэн ойлголт байхгүй болж мэдэх нь ээ?

-Санал нэг байна. 2010-аад онд дөрөв, таван мянган хайгуулын лиценз, мянга гаруй ашиглалтын лиценз байсан юм. Гэтэл өнөөдөр 1200 хайгуулын лиценз, 1600 ашиглалтын лиценз байна. Дөрөв дахин их байсан хайгуулын лицензийн тоо ашиглалтын лицензээсээ доогуур орчихсон гэсэн үг. 1600 ашиглалтын лицензийн тухайд бүгдэд нь үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлэхэд хэцүү. Нүүрс, хайрга, дайрга, жонш гэх мэт бүх ашигт малтмалаа оруулаад тооцвол 400 хүрэхтэй үгүйтэй үйлдвэр байж магадгүй. Бодит байдал ийм л байна. 2006 оны хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хугацаа 12 жил болсон. Дахиж сонгогдохгүйгээр дуусгавар болно гэсэн үг. Ингээд тооцохоор 2004 оны лиценз хуулийн дагуу дуусгавар болчихсон. 2004 оноос хойших гээд харахаар гурав, дөрвөн жилийн дараа хайгуулын тусгай зөвшөөрлийн тал хувь нь алга болохоор байна.

Categories
мэдээ цаг-үе

Э.Энхбилэг: Өрхийн эмчийн гол үүрэг нь урьдчилан сэргийлэх. Гэтэл бид өвчтөнтэйгөө л ноцолдоод таардаг

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны “Цэц До” өрхийн эмнэлгийн эмч Э.Энхбилэгтэй ярилцлаа.


-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Хэзээнээс өрхийн эмчээр ажиллаж эхэлсэн бэ?

-Би 2014 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 2015-2017 оныг хүртэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны өрхийн эмчээр ажиллаж байгаад энэ оны тавдугаар сараас Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны өрхийн эмчээр ирсэн. Хуучин сургуулиа төгсөхөд хуваарилдаг байсан. Одоо бол өөрсдөө сонголтоо хийгээд ажилладаг болсон. Би хотод амьдардаг болохоор хотдоо ажиллахаар шийдсэн л дээ.

-Анагаах ухааныг заасан багш нарынхаа тухай ярихгүй юу?

-Намайг төгсөхөөс өмнө манайх дээд сургууль байсан. Төгссөний дараа их сургууль болж өөрчлөгдсөн. Ангийн багш маань зүрхний Баасанжав гээд сайн багш байсан. Зүрхээр дагнасан маш сайн эмч. Манайх чанга хатуу дэглэмтэй. Нэг л хичээл дээр унавал шууд улирна. Манай ангиас 2-3 хүүхэд улирсан. Нэг ангийг цөөхөн хүүхэд төгсдөг. Манайх 15 оюутантай төгссөн. Сургалт сайтай. Олон сайн багштай. Хүүхдийн Сарантуяа, эх барих, эмэгтэйчүүдийн Лхагвасүрэн багш. Одоо Өргөө амаржих газрын зөвлөх эмч хийдэг гэх зэргээр маш олон сайн багш нартай.

-Өрхийн эмч байхын давуу тал нь юу вэ?

-Маш өргөн хүрээний мэдлэгтэй болдог. Ганц өвчнөөр дагнахгүй. Дотор, хүүхэд, насанд хүрэгчид, чих хамар хоолой гээд бүхий л өвчнийг үзнэ. Маш их зүйл сурч мэдэх боломжтой. Мэдлэгийн хүрээ их тэлнэ. Анагаах сургуульд онол, онол гэж явж байгаад өрх дээр ажиллахаар практик дээр гардан ажиллаж сурна.

-Эсрэгээрээ бас сул тал байдаг байх даа?

-Мэдээж байлгүй яахав. Бид нарийн мэргэжил эзэмшээгүй. Хүүхдэд үзлэг хийлээ гэхэд анагаахын сургуулийг төгсчихөөд хоёр жил нэмж сурч хүүхдийн мэргэжлийн эмч болдог. Илүү өргөн хүрээний мэдлэг шаардана. Анхны тусламж үзүүлэх л үүрэгтэй шүү дээ бид. Анхны тусламж үзүүлж, үзлэг хийгээд цаашдаа ямар чиглэлээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх вэ гэдгийг дамжуулах л үүрэгтэй. Гэтэл хүмүүс хүүхдээ үзүүлээд тийшээ очоод нарийн үзүүл гэхээр “Та нар эмчлэх ёстой. Өрхийн эмч нар юу ч мэддэггүй” гээд байдаг. Гэтэл бидний өргөн хүрээний үзлэг хийдэг, бүх өвчлөлийг үздэг гэдгийг ерөөсөө ойлгодоггүй.

-Сүүлийн үед утаа багаслаа гэж яриад байгаа. Энэ нь өрхийн эмнэлэгт хэр мэдэгдэж байна. Өмнөх жилийн өдий үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлэх өвчтөний тоо хэр байна вэ?

-Есдүгээр сард сургууль, цэцэрлэг цуглаад аравдугаар сарын эхэн үеэс ханиад томууны өвчлөлийн үе эхэлдэг. Энэ жилийн хувьд аравдугаар сар дулаахан байсантай холбоотой юу энэ төрлийн өвчлөл бага байлаа. Арваннэгдүгээр сараас өвчлөл нэмэгдэж байгаа нь мэдэгдэж байна. Халуурал, ханиалгатай, бөөлжиж гүйлгэх тохиолдол нэмэгдэж байгаа. Өмнө нь ганц хоёр хоног халуураад шууд хатгаа болдог ханиад элбэг байсан. Одоо бол халуурах нь бага, шууд хатгаа болохгүй вирусийн гаралтай ханиад их байна. Нянгийн гаралтай үрэвсэл гэхээс илүү. Тэгэхээр чиглэлийнх нь дагуу вирусийн гаралтай эмчилгээ хийчихвэл 2-3 хоногтоо гайгүй болж байгаа. Өнгөрсөн баасан гаригаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг том хүн авахгүй, хүүхэд их байна. Хүүхэд эрс ихэсчихлээ гэж байсан. Арваннэгдүгээр сарын 26-наас хойш том хүн авахгүй гэсэн. Тэгэхээр хүүхдийн тасгийн ачаалал их байгаа байх.

-Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо шинэ суурьшлын бүс болчихсон. Хүн ам маш ихээр нэмэгдэж байгаа онцлогтой. Үүнийг дагаад өрхийн эмнэлгийн ачаалал бас нэмэгдэж байгаа юу?

-Ачаалал маш их байна. Үндсэн оршин суугч нь 14 мянга гаруй байдаг юм байна лээ. Түр оршин суугч нь бараг 10 мянга. Замын урд талд маш их шинэ барилгууд баригдсан. Тэгээд хүмүүсээс “Яагаад та нар хаягандаа шилжиж ирэхгүй байгаа юм бэ” гэхээр “Ордер нь гараагүй” гэдэг. Яагаад ордер нь гардаггүйг асуухаар авто замын урд талын хэсэг Богд хан уулын дархан цаазат газарт ордог. Дархан цаазат газарт барилга барьсан болохоор ордер нь гардаггүй. Тэгээд түр оршин суугчаар бүртгүүлдэг юм байна лээ. Вива ситид түрээсийн оршин суугчид маш ихтэй. Ихэнх нь түр оршин суугч. Манай өрхийн эмнэлэг магадлан итгэмжлэхэд ороогүй. Тэгэхээр түр оршин суугч ч байсан үздэг. Хэрэв магадлан итгэмжлэхэд орчих юм бол тухайн харьяаллынхаа хүний тоогоор санхүүжилт орж ирдэг. Тиймээс үндсэн хаягтай иргэддээ л үйлчилнэ.

-Өрхийн эмнэлэг хэдэн эмч, сувилагчтай вэ. Бүх иргэддээ хүрэлцдэг үү?

-Манайх зургаан эмчтэй. Гурван сувилагчтай. Уг нь нэг эмчид нэг сувилагч ногдох ёстой. Гэтэл хоёр эмчид нэг сувилагчтай. Анх ирээд би “Яагаад гуравхан сувилагчтай байгаа юм бэ” гэхэд “Манайх гурван сувилагчийн орон тоотой л анх байгуулагдсан” гэсэн. Гэхдээ зар тавиад сувилагч авъя гэхээр ирдэггүй. Ямар сайндаа бид тэтгэвэртээ гарсан сувилагчаа гуйж ажиллуулж байна. Ачаалал их, хүмүүсийн хэл ам их байдаг гээд өрхийн сувилагчаар ажиллах сонирхол бага байдаг бололтой.

-Дуудлагаар хэр явдаг вэ?

-Дуудлагаар их явна. Манайх байр ихтэй болохоор нярай хүүхэд их байдаг. Нярай ихтэй болохоор ачаалал их. Өдөрт нэг эмч дуудлагаа хариуцаад явдаг. Долоо хоногтоо нэг удаадаа заавал дуудлагаа хариуцаж явна. Яг миний хариуцаж байгаа хэсэгт найман хэвтрийн хүн бий. Тэднийгээ дуудлагаар явах замдаа эргээд үзчихдэг юм.

-Өрхийн эмчийн гол зорилго нь юу байдаг вэ. Хүмүүс үүнийг нь сайн мэддэггүй санагдах юм?

-Уг нь бол өрхийн эмчийн гол үүрэг нь урьдчилан сэргийлэх. Олон улсад тэгж л явдаг. Гэтэл манай улсад өрхийн эмч урьдчилан сэргийлэх ажлаа хийж чаддаггүй. Өвчтөнтэйгөө л ноцолдоод байж байдаг. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлаа хийж чадахгүй өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа бүх хүмүүс өвчтэй хүмүүс л ирдэг. Цахим жороор хөнгөлөлттэй эм бичих болсноос хойш маш их ачаалал үүсэх болсон. Хөнгөлөлттэй эмний программ нь болдоггүй. Урьд нь цаасан дээр бичээд л гаргачихдаг байсан. Улс даяараа ганц эмийн программтай. Сарын эхэнд бүх орон нутаг, аймаг сум, дүүрэг ганц программаараа уншуулна. Тэгэхээр ачааллаа дийлэхгүй маш удаан уншдаг. Программын компанид нь хандахаар бид ажиллаж байна л гэдэг. Гэтэл хүмүүс “Танай өрхийн компьютер муу, сүлжээ интернэт нь тасардаг” гээд байдаг. Программ гэдэг юмыг ойлгохгүй биднийг л буруутгаад байдаг. Урьд нь нэг өвчтөнд программ уншуулаад эм бичиж өгөхөд 15 минут болдог байсан. Одоо таван минут болсон. Бас харьцангуй сайжраад байгаа.

Дээд түвшний хүмүүс нь программаар эм бичдэг болсон дэвшилтэт технологи гээд сайхан зүйл ярьдаг. Яг цэг дээр нь ажиллахаар маш их цаг орно. Гацна, заримдаа уншихгүй буцаана. Юу болж байгааг мэддэггүй. Тэр бүрт нь хүмүүс уурлана, зарим нь загнана. Хүмүүс чинь бас эм бичүүлэхээр орж ирэхдээ ээждээ, аавдаа, өөртөө, нөхөртөө гээд хэд хэдэн эрүүл мэндийн даатгал бариад ороод ирнэ. Тэр бүрт нь таван минут гэхээр хүмүүс ойлгохгүй. Байн байн хаалгаар шагайна. Ямар удаан үздэг юм бэ гээд хэл ам хийнэ. Эрүүл мэндийн яамнаас нэг хүнийг 15 минут үзэх ёстой гээд цаг гаргачихсан. Минутаараа бодвол өдөрт өрхийн эмч 32 хүн үзэх ёстой. Гэтэл өнөөдөр ганцхан би л гэхэд 56 хүн үзчихсэн байна. Өнгөрсөн баасан гаригт 67 хүн үзсэн байх жишээтэй. Нэг хүн үзэхэд хөнгөлөлттэй эмийн хамт 15 минутад үзэж амждаггүй. Миний бодлоор минутгүй болчихвол амар санагддаг. Хүмүүс цагаа хараад л 15 минут болчихлоо гээд хаалга онгойлгоод байдаг. Дээрээс нь дүүргийн нарийн мэргэжлийн эмч нар нь үзчихээд өрхийн эмчээрээ хөнгөлөлтөө бичүүл гээд явуулчихдаг. Тэр нь бас бидэнд ачаалал нэмнэ.

-Хүмүүс өөрсдөө урьдчилан сэргийлье, жилдээ нэг удаагийн үзлэгтээ хамрагдъя гээд ирэх хүмүүс байдаг уу?

-Байхгүй. Өвдсөн хойноо л өвдчихлөө гэж ирнэ. Ер нь бол өвчин тусаад удсан хойноо ирдэг. Жишээ нь, халуураад гурав хоносны дараа ирнэ. Хүндэрсэн хойноо л ирнэ үү гэхээс урьдчилан сэргийлэх үзлэгт оръё гэж ер ирдэггүй.

-Өрхийн эмч нарт сургалт ордог уу?

-Сургалт маш сайн орно. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс, Өрхийн эмч нарын холбооноос сургалт сайн явуулдаг. Нэг өрхийн эмч жилдээ зургаан багц цагийн сургалтад суусан байх ёстой гэдэг шаардлага цаанаасаа тавьдаг. Түүний дагуу сургалт сайн орно. Урьдчилан сэргийлэх үзлэг хагас сард нэг удаа дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирж хийдэг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Иргэний хөдөлгөөний алуурчид” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа. Нэг, 13 дугаар нүүрнээс уншаарай.

Ерөнхий сайд авто зам ашигласны хураамж нэмснийг эргэж харахыг хотын даргад үүрэг болголоо. Нэг, зургадугаар нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Иргэний хөдөлгөөний алуурчид” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тавдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй хийсэн ярилцлагыг хоёр, тавдугаар нүүрнээс, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч О.Солонготой хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

““Барьж идэж” мэдэх барын зулзага” нийтлэлийг дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.

Хиймэл оюун ухаан нь өөрийгөө хөгжүүлдэг программ хангамжийн төгс хувилбар бөгөөд ирээдүйд хүний сэтгэхүйгээс ч давж гарах нь тодорхой болчихоод байгаа билээ. Энэ талаар нийтлэлийг 15 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Түүнчлэн “Завханы мэдээ”, “Энэ өдөр” булангуудаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хүчин дэлгэрнэ

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 10, Ангараг гариг. Билгийн тооллын 13, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 08:29 цагт мандан 16:59 цагт жаргана. Энэ өдөр мал гадагш гаргах, газар лусын зан үйл, тахил үйлдэх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авахад сайн. Мод таслах, эм найруулах, үхэгсдийн үйл, усыг хааж бөглөх, бэр өгөх, худалдаа хийх, заргалдах, замд явах, нүүдэл суудал хийх зэрэгт тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хүчин дэлгэрнэ.

Categories
мэдээ нийгэм

“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан чуулганы үеэр хэлсэн үгэндээ “”Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганд оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ оролцоонд тулгуурласан бодлого шийдвэрийг гаргая гэж зорьж ажиллаж байна. Мөн жендэрийн тэгш оролцоог хангасан бодлого шийдвэрийг гаргах нь чухал. Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлагдсанаар нийслэл Улаанбаатар хот жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй анх удаа болох бөгөөд дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөрийг дэмжих байдлаар нягт уялдаатай ажиллаж, холбогдох хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой. 2019 онд нийслэлийн хэмжээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үр дүн гарч эхэлсэн. Цаашид аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа урт хугацаанд өгөх үр ашгийг нь сайн тооцоолж байна. Хотын хөгжилд хүн бүхний оролцоо, хамтын шийдвэр чухал гэдгийг энд онцолж хэлмээр байна” хэмээн ярилаа.

Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ болон есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг өнгөрсөн жилээс хийж, тус судалгаанд үндэслэн “Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэхүү дэд хөтөлбөрийн зорилго нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр үе шаттайгаар 2020-2025 онд хэрэгжих юм байна. Чуулганы үеэр “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн төсөлд санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендэр бол дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хөгжлийн чухал шалгуур үзүүлэлт төдийгүй хөгжилд хүрэх хүмүүнлэг арга зам гэж би ойлгодог. Тийм ч учраас жендэрийн асуудалд нухацтай хандах учиртай. Нийгэм, эдийн засгийн бодлогыг оновчтой тодорхойлж, тууштай баримталж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд жендэрийн мэдрэмжтэй шийдэл маш чухал. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдээс л бүрддэг. Харин тэрхүү хүмүүсийн хүйсийн ялгаатай байдлаас үл хамааран эрх, тэгш амьдрах орчныг нь бүрдүүлэх, нийгмийн баялгийг зүй зохистой хуваарилахад жендэрийн мөн чанар оршдог гэж ойлгодог. Тийм ч учраас ажлаа авсан даруйдаа жендэрийн нөхцөл байдлын судалгааг нийслэлийн хэмжээнд нарийвчлан гаргуулах тал дээр анхаарал хандуулсан. Бидний хийсэн судалгааны дүнгээс харахад 2019 оны байдлаар дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дунджаар дөрвөн жил байдаг бол Монгол Улсад есөн жил, үүнээс нийслэлд сүүлийн хоёр жилийн байдлаар 8.2 жил байгаа нь хэт зөрөөтэй тоо юм. Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг өвчлөлийн болон өвчлөлийн бус гэж ангилж байна. Өвчлөлийн бус шалтгааны нэгдүгээрт амиа хорлолт, хоёрдугаарт спиртэд санамсаргүй хордох хоёр шалтгаан дийлэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Иймээс жендэрийн бодлого эрэгтэйчүүд рүү илүү их чиглэх хэрэгцээ, шаардлага үүсээд байна. Хотын зүгээс эдгээр асуудалд анхаарал хандуулж, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.


Мөн энэ үеэр “Жендэрийн мэдрэмжтэй хотын шийдэл ба олон улсын туршлага” илтгэлийг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, “Төрөөс жендэрийн тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа” илтгэлийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” илтгэлийг Жендэрийн үндэсний шинжээч, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр боловсруулах багийн зөвлөх Ш.Солонго, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн төсөл, хэрэгжүүлэх арга хэмжээний төслийн танилцуулга” илтгэлийг ЖҮХ-ны дэргэдэх ЖҮШБ-ийн ахлагч, жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор нар тус тус хүргэж, оролцогчдоор хэлэлцүүлэв.

Түүнчлэн “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганы үеэр нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон нийслэлийн Төр, захиргааны байгууллагуудын жендэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нь үнэлэн, жендэрийн мэдрэмжтэй шийдэл бүхий сайн туршлагыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шилдэг байгууллагуудыг шалгарууллаа.

  • Жендэрийн мэдрэмжтэй дүүргээр – Чингэлтэй дүүрэг
  • Жендэрийн мэдрэмжтэй хороогоор – Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо
  • Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллагаар – Монгол Улсын Үндэсний статистикийн хороо
  • Жендэрийн мэдрэмжтэй олон улсын байгууллагаар – Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
  • Жендэрийн мэдрэмжтэй аж ахуйн нэгжээр – Нийслэлийн Соёлын төв өргөө
  • Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээллийн байгууллагаар – Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз
  • Жендэрийн мэдрэмжтэй бүтээн байгуулалтаар – Бүтээлч 100 төслийн “Нүхэн гарцын тохижилт”
  • Жендэрийн мэдрэмжтэй үйлдвэрлэгчээр – ТЭСО корпораци
  • Жендэрийн мэдрэмжтэй инновацын шийдлээр – “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв тус тус шалгарч, өргөмжлөл хүртлээ.

“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганы төгсгөлд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нийслэл Улаанбаатар хотын бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээнд нэвтрүүлэх нь иргэдэд ээлтэй хотыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй тул чуулганаас арван заалт бүхий зөвлөмжийг гаргалаа.


Categories
мэдээ нийгэм

Хүний наймаа, терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа тэлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид үндэстэн дамнасан аюул заналхийлэл, тэр дундаа терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа тэлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр аюулгүй байдлыг хангахад залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс “Peacebook форум” зохион байгуулснаа дурдаж, энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүсчээ.

Хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер тэмдэглэж, цаашид сайн засаглалыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгох, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр Монгол Улсад бодит дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Эмчилгээний дараах хяналтын төвтэй боллоо

ХСҮТ-ийн телемедицин дээр суурилсан “Эмчилгээний дараах хяналтын төв”-ийн нээлт өнгөрсөн пүрэв гарагт боллоо.

Монгол Улсын ЭМЯ болон БНСУ-ын ЭМЯ-д хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Эдгээрийн нэг нь хоёр улсын эмнэлгийн байгууллагын эмч мэргэжилтнүүд цахим сүлжээгээр дамжуулан өвчтний асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөгөө өгөх боломжийг улам өргөжүүлэхэд чиглэсэн дээрх төсөл юм.

Арга хэмжээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Д.Золзаяа, Уламжлалт АУ-ны хэлтсийн дарга С.Жаргалсайхан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа, БНСУ-ын ЭМХА-ийн дарга Han Dong-Woo, багийн ахлагч Pak Hyo Rim, судлаач Lee Ji-Soo болон ХСҮТ-ийн удирдлагууд оролцов. Арга хэмжээний үеэр БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн агентлаг болон ХСҮТ хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсны зэрэгцээ “Эмчилгээний дараах хяналт”ын анхны зөвлөгөөнийг хийлээ.

Анхны зөвлөгөөнд БНСУ-ын Мёнжи эмнэлэгт хавдрын мэс засал хийлгэсэн эмчлүүлэгч, ХСҮТ-ийн хими эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Алтанцэцэг болон Мёнжи эмнэлгийн эмч оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Угаартах эрсдэл өндөртэй 167 өрхийн ханан пийшин, янданг засварлажээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар санаачлан дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас ажиллуулж эхэлсэн.

Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарчээ. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг тогтоож, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээг газар дээр нь буюу гэрт нь очиж засварлан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар засварын багийнхан угаартах эрсдэл өндөртэй 167 өрхийн ханан пийшин, янданг засварлаж өгсөн бөгөөд галлагааны улирал дуустал ажиллаж, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах юм. Ингэснээр шахмал түлш хэрэглэдэг Хан-Уул дүүргийн айл өрхүүдийн зуух, яндангийн ан цав үүссэн нөхцлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй болж байна.