Categories
мэдээ цаг-үе

Д.Данзан: Төрөөс халамж, тэтгэвэр, тусламж шаарддаг шигээ эргээд эх орондоо туслах ёстой

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор, Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.


-Нийгмийн гэгээрлийн холбоо хэзээ байгуулагдсан бэ. Гэгээрлийн холбоо гэхээр сонирхол татаж байна. Манай нийгэмд нэн хэрэгтэй зүйл бол гэгээрэл?

-Р.Нямдорж бид хоёр МҮБХ-г удирдаад 28 жил ажиллалаа. 2006 онд ажлаа өгнө гэсэн тооцоотой байсан л даа. Ажлаа өгчихөөд нийгмийн гэгээрлийн чиглэлээр ажиллана гэж төлөвлөчихсөн байсан. Тэгээд тэр ондоо “Нийгмийн гэгээрлийн сан” байгуулж, “Жин” сэтгүүлээ гаргасан. Зургаа, долоон дугаар хэвлэгдсэн. Тэр сэтгүүлийн уриа нь “Нийгмийн гэгээрлийн төлөө” гэсэн уриатай байлаа. Гэгээрэлтэй холбоотой, хүний зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэлтэй болоход чиглэгдсэн нийтлэлүүдтэй байсан. Тэр үед Р.Нямдорж маань “Яаж жаргах вэ”, “Амьдрал таньсан хүний үг” номнуудаа бичсэн. Миний бие “Мөнгөнөөс үнэ цэнэтэй зүйл байдаг”, “Сэтгэлээс илүү хүчтэн үгүй”, “Өглөгөөс илүү буян үгүй”, “Тусаас илүү сайн үйлс үгүй”, “Ажиллахаас илүү жаргал үгүй” гэсэн номуудаа тэр он жилүүдэд гаргаж байлаа. Бид угаас хоёр ажлыг зэрэг хийж чаддаггүй улс байгаа юм. Төр засгийнхан хоёр, гурван ажлыг зэрэг хийгээд байгааг гайхдаг юм. Хоногт 24 цагтай. Түүнээс 6-7 цагт нь амраад бусад цагт нь ажиллана гэж үзвэл УИХ-ын гишүүний ажил, Засгийн газрын гишүүний ажлыг хийнэ, хажуугаар нь намын ажил хийнэ. Бас дээрээс нь ямар нэг спортын байгууллагыг даргална, хувийн компаниа удирдана. Энэ бүх ажлыг яаж амжуулдаг юм бол. Энэ бол зүгээр л гайхамшиг. Давхар сэтэртэй хүмүүс нэг бол дэлхийд хосгүй чадвартай хүн байх, эсвэл хоёр сэтэртэй бол тавь, тавин хувь, дөрвөн сэтэртэй бол 25, 25 хувийн л ажил хийсэн болж оромддог байх. Жигжид гэж олон мутартай бурхан байдаг. Тэр бурхан олон гартай байгаа нь олон юманд хүрэлцэнэ гэсэн бэлгэдэлтэй гэж байгаа юм. Тэр хүмүүст тийм л авьяас чадвар байгалиас заяачихсан байдаг юм байлгүй. Тэгтэл бид бөхийн холбооны ажлын хажуугаар энэ ажлаа хийх гэж 2006 оноос оролдсон. Ном, сэтгүүл гаргаж, нийгмийн гэгээрлийн чиглэлээр ажилласан ч чадаагүй. Зэрэгцүүлж хийж чадахгүй юм билээ. Хоёр ажлыг зэрэг хийнэ гэхээр нэгийг нь заавал оромдож таарна. Тэгж оромдохгүй гээд л бөхийнхөө ажлыг үргэлжлүүлсэн. Хурал хийж байж явах ёстой. Зүгээр хаяад явж болохгүй. Хурлаа хийж болохгүй байсаар 2018 оны гуравдугаар сарын 24-нд “Их эе”-ийг хуралдуулаад Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхчүүд сонгоод дөрөвдүгээр сарын 4-нд ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн юм. Хадаг, тамгаа, байсан 200 гаруй сая төгрөгтэйгөө өгсөн дөө. Хоёр сар орчим амарсан ч гэх үү, нэг тийм байдалтай байлаа. Тэгээд сангаа өргөжүүлье, холбоо болгоё гээд энэ холбоогоо байгуулж, дүрмээ боловсруулаад наймдугаар сараас нь үндсэндээ ажиллаж эхэлсэн.

-Гэгээрлийн холбоо нийгмийг гэгээрүүлэхийн тулд ямар ямар ажил хийх вэ?

-Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийг хүмүүст төлөвшүүлэхийн төлөө дөрвөн чиглэлээр ажиллана.

Нэгдүгээрт, хэд хэдэн телевизээр хэд хэдэн цуврал нэвтрүүлэг хийх юм. Түрүүчийн нэвтрүүлгүүд эхлээд жил тойрч байна. Эхнийх нь “Эрдэмт хүн улсын баялаг” нэвтрүүлгийг TV9 телевизээр явуулахаар шийдсэн. Тэд маань дэмжсэн, хүлээж авсан. ШУА-ийн 16 академичийг сонгоод ярилцлага хийсэн. Өөрсдөө хөтөлсөн. Эрдэмтдээр эрдэмтний ажлынх нь тухай яриулаагүй. Эрдмийн ажлыг нь яриулбал жирийн хүмүүс ойлгох нь бага. Тэр хүмүүс биднийг бодвол нийгэм, төр, хэл, соёл, шинжлэх ухааныг судалсан улсууд шүү дээ. Сэтгэлгээ нь задарсан хүмүүс. Академичид гэхээр тэднийхээ оройд гарсан хүмүүс юм. Тийм учраас академичдаасаа “Та амьдралдаа олон сайхан хүмүүстэй уулзаж явсан даа. Таны амьдралд тааралдсан их ухаантай, зөв бодолтой, зөв төлөвшсөн хүний тухай дурсаач гэвэл та хэнийг онцлох вэ”, “Таныг амжилт гаргахад болон амьдрахад ач тусаа өгсөн ямар зан чанарууд танд байдаг гэж та боддог вэ”, “Хүний амьдралын утга учрыг юу гэж ойлгох вэ”, “Хүн яаж амьдарсныг зөв амьдарсан гэх вэ”, “”Та мөнгийг юу гэж үнэлдэг вэ”, “Хүний ямар зан чанарыг үнэлж хүндэтгэдэг вэ?”, “Ямар зан чанарт дургүй вэ” гэсэн ийм амьдралын асуултууд асуудаг. Нийгмийн гэгээрэл холбооны ажлын зорилтот бүлэг бол хүүхэд, залуус. Тэдэнд ийм ухаантай хүмүүсээр үг хэлүүлж байна. Манайх эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсдоггүй. Хүмүүс ч тэр, төр нь ч тэр үгийг нь тусгаж авдаггүй, тэднийгээ таньдаггүй. Гэтэл эд нарыгаа танилцуулъя, үгийг нь сонсгоё гэсэн. Тухайлбал, ШУА-ийн академич Ц.Баатар гэж хүн бий. Физикч хүн. Эгэл даруугийн туйл болсон хүн. Тэр хүнээс дэлхийн эрдэмтэд 6500 гаруй эшлэл авсан байна. Тэрийг нь бид мэдэхгүй байсан. Дэлхийн эрдэмтэд 6500 эшлэл авна гэдэг гайхамшиг. Тэр хүн хэдийнэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том эрдэмтэн байна шүү дээ. Тэгтэл тэр хүнээ монголчууд огт мэдэхгүй, танихгүй байна.

-“Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу” гэгчээр их л даруу хүн байдаг гэж сонсож байсан юм байна?

-Сонирхуулахад Физикийн хүрээлэнгийн жижүүр солигдсон юм байна. Академич Ц.Баатар гуай ажилдаа хамгийн эрт ирдэг байж.Ажилдаа иртэл нэг залуу “Та юун хүн бэ” гээд оруулаагүй гэнэ. Ц.Баатар гуай “Намайг таньдаг хүмүүс ирэх байх аа” гээд ойролцоо нь суусан гэсэн. Тэгтэл хүмүүс эхнээсээ ирээд “Наад хүн чинь академич Баатар гэж хүн” гээд л сандарцгаагаад бөөн юм болж ажил руу нь оруулсан гэдэг. Хэрвээ өөр хүн түүний оронд байсан бол янз бүрийн л юм болох байх. Эрдэмт хүн даруу гэдэг чинь энэ. Бид тийм л хүмүүсийг бий болгох юмсан. Тийм хүмүүсийн үгийг хүмүүст хүргэх юмсан гэж энэ нэвтрүүлгүүдийг хийсэн л дээ.

-Танай ажлын бусад чиглэл юу байгаа билээ?

-Дээрх нэвтрүүлгийг 12 жил явуулж, 64 академичийг оролцуулна. Мөн залгамж үеийн эрдэмтэд, сэтгэл зүйчид, гавж гэвш нар оролцсон цувралууд хийнэ. Нийтдээ “Эрдэмт хүн улсын баялаг” нэрийн дор 240 цуврал дугаарыг хүмүүст хүргэнэ.

Бас ардын болон гавьяат багш нар, нэрт сурган хүмүүжүүлэгч нар оролцсон 96 цуврал, “Эх орондоо тусалъя” цуврал 72, “Ойлголт зөв бол үйлдэл зөв” цуврал 72 дугаарыг 12 жилд ТВ5-аар нэвтрүүлнэ.

Хоёрдугаарт, “Ухаарахуйн ном” 6 цуврал гаргана. Эхнийхийг нь “Амьдрал таньсан хүнээс суралцах бичиг” нэртэй гаргаад байна.

Гуравдугаарт, “Монгол хүн” 32 ангит кино бүтээнэ.

Дөрөвдүгээрт, гэгээрлийн цуврал лекц унших ажлыг зохион байгуулна.

-Яг одоо ийм нөхцөл байдалд манай нийгмийг гэгээрүүлнэ гэж ярих нь…

-Чухал сэдэв мөн биз.

-Чухал мөртлөө хүнд сэдэв. Гадагшаа гараад л эхэлж таарсан хүний харц, хэлж ярьж, харьцаж буй байдал, монголчуудын хоорондох харилцааг ажиглахад тэднийг гэгээрүүлнэ гэхээр бууж өгөхгүй байна. Манай нийгмийг гэгээрүүлэхэд хүндрэлтэй биш үү?

-Манайхан аливаа ажлыг төр л хийх ёстой гээд төрөөс шаардаад байдаг. Төр хийх юмаа хийлгүй яахав. Гэхдээ бид ч өөрсдөө бас хийх ёстой. Нэг жишээ хэлье. Бид Бөхийн өргөө барина гээд тав, зургаан жил зүтгэж байгаад барив аа даа. Монголд спортын дөрвөн том цогцолбор байгаа юм.

1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр Хятадын Засгийн газрын тусламжтайгаар Төв цэнгэлдэх хүрээлэнг барьсан. Мөн Хятадын Засгийн газрын тусламжтайгаар Спортын төв ордныг босгосон. Буянт-Ухаад босгосон Спортын ордныг мөн л Хятадын Засгийн газрын тусламжтайгаар байгуулсан. Харин монголчууд өөрсдөө санаачлаад, менежмэнтийг нь хийгээд, мөнгөө, тоосгоо цуглуулаад, монгол инженер зургийг нь зурж, тооцоог нь хийгээд монгол барилгачин барьсан спортын барилга бол Монгол бөхийн өргөө юм.

Тухайн үед “Монголд бөх гэж сайхан спорт байна. Ийм сайхан өв соёл байна. Үүнийг хөгжүүлмээр байна. Ингэхийн тулд ордон, өргөө хэрэгтэй байна” гээд л сайхан гоё юм бичээд төрөөс шаардаад, гомдоллоод л яваад байсан бол өнөөдөр Бөхийн өргөө гэж ордон байхгүй л байх байлаа. Тэр ажлыг зориглож хийчихээд 20 гаруй жил ажиллуулаад байж байна. Бөхийн өргөө хотын А бүсэд дан ганц бөх барилдуулахгүй, урлаг, спортын өдөр болгоны тасралтгүй ажилтай урлаг соёлын төв байна шүү дээ. Олон дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч амьдралаа энэ өргөөнөөс дээшлүүлсэн. Эрс дээшлүүлсэн шүү. Машингүй нь машинтай болсон. Байргүй нь байртай болсон. Бие биедээ тусалъя гэхэд тусалдаг төв нь, цугладаг газар нь Бөхийн өргөө л байна. Хандивын маш олон тоглолт болдог газар. Түрээсийн бодлого нь уян хатан, хүнлэг. Ашиг орлого бодож явцуураагүй. Ард түмний юм аа, ард түмэнд нь үйлчилье гэсэн бодлого барьж ажиллацгаадаг байлаа.

Эндээс “Төр хийх ёстой, бусад хүн хийх ёстой” гэж бодоод явахын оронд зөв санаа орвол оролдоод эхлэх хэрэгтэй юм байна” гэдгийг хүмүүс ойлгосон гэж боддог. Аливаа зөв ажлыг зориглоод эхэлбэл, олны дэмжлэг аваад жижигхэн горхиуд нийлээд том гол болдогтой адил хүчээ авна, их үйлсийг бүтээж болно.

-Та сая дурдлаа, хүмүүс төрөөс их юм хүсдэг гэж?

-Хүмүүс эх орноороо туслуулахыг шаарддаг. Халамж, тэтгэвэр, тусламж шаардаад л байдаг. Гэтэл бид эргээд эх орондоо туслах ёстой. Тийм үүрэг иргэн хүнд байх ёстой. Түүнийг зохион байгуулах хэрэгтэй. Тэрийг ухаандаа бид эхлүүлж байгаа юм байна. Хүн яаж эх орондоо туслах ёстой юм бэ гэхээр хүн болгонд төрсөн сум, хороо, дүүрэг гэж байгаа. Өссөн нутаг гэж бас бий. Ховдын Дарвид төрөөд Булган аймагт өссөн хүний хувьд өссөн нутаг нь Булган аймаг болж таарна. Төгссөн сургууль гэж бий. Төгссөн ерөнхий боловсролын сургууль, өссөн газар, төрсөн сум, дүүрэгтээ хүн болгон туслах сэтгэлтэй байх ёстой. Энэ гуравт тусламж үргэлж хэрэгтэй байдаг. Энэ гуравтаа хүн амин холбоотой байх ёстой гэсэн санаа.Туслахын тулд энэ зүгт таван зүйлээ үүнд зориулмаар байгаа юм. Нэгдүгээрт, тусалъя гэсэн сэтгэл. Сэтгэл бүхнийг удирддаг учраас сэтгэлээ зориулах. “Би Ховд аймгийн Дарви суманд төрж, өссөн хүн шүү дээ. Тэндхийн дөрвөн жилийн сургуулийг төгссөн. Тиймээс энэ сумандаа яаж туслах вэ” гэж бодож сэтгэлдээ уях хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийнхөө мэдлэг ухааныг зарцуулах ёстой. Хичнээн сэтгэлтэй байгаад мэдлэг ухаанаа зарцуулахгүй юу ч бүтэхгүй, юуг ч бүтээхгүй. “Би юу мэддэг билээ, би юу чаддаг билээ, надад ямар ухаарал бий билээ” гэж бодоход юм гардаг. Тэрнийгээ нутаг руугаа чиглүүлнэ. Миний хувьд тэгж чиглүүлсэн ажил бий. Гуравдугаарт, ажил алба, мэргэжлийнхээ давуу байдлыг зориулах ёстой. Дөрөвдүгээрт, цаг зарцуулах ёстой. Сумынхаа тухай, сургуулийнхаа тухай долоо хоног болгон, өдөр болгон 30 минут бодчихдог байх хэрэгтэй. Сум, сургууль, төрсөн газартай холбоотой уулзалт цуглаан болох гэж байна гэвэл оччихдог байх хэрэгтэй. Яагаад ч болов очих хэрэгтэй. Нутгийн зөвлөлийн хурал, уулзалт хийе гэхээр “Би ажилтай, завгүй байна” гээд ирэхгүй, ирчихээд “Би хуралтай” гээд гараад явчихдаг байж болохгүй. Цагаа зохицуулах хэрэгтэй. Тавдугаарт, бэл бэнчин. Юуг өөрөөсөө илүүчилж болох вэ гэж бодоод илүүчлэх юмгүй бол өөрөөсөө дутаагаад тийшээ өгөх сайхан. Би тэтгэврийн хүн. Тэтгэврээсээ 50 мянган төгрөгийг сар тутам сумынхаа дансанд хийхэд болно оо доо. 50 мянган төгрөгтэй ч болно, 50 мянган төгрөггүй ч болно. 50 мянган төгрөгөөр гурван хүн нэг удаа кофе уучихдаг юм байна лээ. Тэр кофег нь уухаа байчихъя. Тэгээд л сар болгоны 15-ны өдөр миний данснаас тэр 50 мянган төгрөг нутгийн данс руу орчихож л байна биз. Далайд дусал нэмэр биз дээ. Хүн бүр ийм бодол, сэтгэлтэй бол асар том бололцоо гарч ирнэ. Сургууль, сум, өссөн газар гэсэн энэ амин гурав руугаа эдгээр таван зүйлээ зориулчихаар бид эх орондоо тусалж чадна.

Үүний тодорхой нэг жишээ байна. “Эх орондоо тусалъя” гэдэг нэвтрүүлгээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Нутгийн зөвлөлийн ажлыг цувралаар үзүүлж байгаа. Эдний сум бол гайхамшигтай ажилладаг. Сумын дарга нь Нутгийн зөвлөлийн даргатайгаа өдөр болгон утсаар ярина. Залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага нь сум руугаа очоод ажил зохиодог болсон. Тэр сумын Нутгийн зөвлөлийн дарга бол миний найз Р.Нямдорж. Үүнийг харуулъя гээд цуврал нэвтрүүлэг хийж байгаа. Зарим хүмүүс Р.Нямдорж, Д.Данзан хоёр бие биенээ магтаж байна гэж хардаг л юм шиг байгаа юм. Үнэхээрийн нутгийнхаа төлөө ингэж ажиллаж байгаа сум харагдахгүй байна. Эдний сумын ажлын туршлагыг Монголын 330 сум аваад л хэрэглээд явчихвал сум, сургууль, өссөн газартаа тусалсан шиг тусалчихна.

-Чандмань сумын Нутгийн зөвлөл сумандаа хэрхэн ажилладаг гэж?

-Хэдэн километр үргэлжилсэн ойн зурвас байгуулчихаж байна. Цэцэрлэгт гудамж талбай, хөшөө дурсгал, амралт, спортын талбай байгуулчихаж байна. Нуур байгуулчихаж байна. Сумынхаа сургуулийг Улаанбаатарын сургуулийн түвшинд тоноглочихож байна. Нэг уриан дор бүгд нэгдээд л ийм амжилт гаргаж байгаа юм. Энэ сум “Чандмань-100” гэдэг хөтөлбөр бий болгоод бид ажиллаж байна. Монголын ихэнх сум 2023, 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Манай сумын 100 жилийн ой болж байгаа юм аа гээд гадаадын найзаа дагуулаад очихын арга байхгүй. Хэцүү шүү дээ. Хэдэн навсайсан байшин, хэдэн сарайсан хашаа. Тэгээд л өмхий жорлон. Энэ 100 жилийн ойгоо угтаад сумууд Чандманий жишээ, туршлагаар сумандаа дэд бүтцийг нь хийж өгч, боловсон бие засах газартай болгоод, мод тариад, нуур цөөрөм байгуулаад, сургууль, эмнэлэг, цэцэрлэгээ тохижуулаад өгч болно оо доо. Ингэж ажиллахыг уриалж байгаа юм, үүнийг л эх орондоо туслах гээд байгаа юм.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Бид уг нь шударга байсан юм аа” нийтлэл хэвлэгдлээ


Өдрийн сонины лхагва гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн уншигчдадаа хүрж байна.

Ерөнхийлөгч асан
Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг нэг, хоёр, тавдугаар нүүрнээс уншиж сонирхоорой. Мөн Ерөнхий сайд асан
М.Энхсайхантай цаг үеийн
асуудлаар товч ярилцлаа. Нэг болон 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогоыг тодорхойлж байдаг гуравдугаарнүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Бид уг нь шударга байсан юм аа” нийтлэл хэвлэгдлээ.

Хүний эрхийн үндэсний
комиссын гомдол хяналт
шалгалтын хэлтсийн
дарга Т.Ихтамиртай хийсэн ярилцлагыг долдугаар нүүрнээс унших боломжтой.

Цагдаагийн ерөнхий газрын
дэд дарга бөгөөд Нийслэлийн
Цагдаагийн удирдах газрын
дарга цагдаагийн хурандаа
Д.Ядамдоржтой нийслэл
хотын гэмт хэргийн нөхцөл
байдал, үйл ажиллагаандаа
хэрэгжүүлж байгаа зарим
бодлого чиглэлийн талаар
ярилцлаа. Нэг, найм, есдүгээр нүүрүүдээс уншиж сонирхоорой.

“Хийн хоолойг Монголоор дайруулахад Орос “толгой дохилоо”, харин Хятад яах бол?” нийтлэл 13 болон 15 дугаар нүүрэнд нийтлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад оюун билиг хурц болно

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 11, Буд гариг. Билгийн тооллын 14, хар морь өдөр. Өдрийн наран 08:30 цагт мандан 16:59 цагт жаргана. Энэ өдөр нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, (нөхөр сэлт), хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах зэрэгт сайн. Байшин сууц тохижуулах, морь худалдах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад оюун билиг хурц болно.

Categories
мэдээ нийгэм

“ТРТ-Олон улсын баримтат кино уралдаан”-ы шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно

Туркийн Олон нийтийн радио, телевиз “ТРТ”-ийн захиргаанаас баримтат кино сонирхогчид болон мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, орон орны өндөр хэмжээний бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох зорилгоор 2009 оноос хойш “ТРТ-Олон улсын баримтат кино уралдаан”-ыг зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ жил 12 дахь удаагаа зохиогдож буй тус арга хэмжээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдана.

Тус тэмцээний бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.trtdoc.com цахим хаягаар авах боломжтой. Уралдааны талаархи англи хэл дээрх зарлалыг хавсаргав.

Бүртгэл 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 2020 оны 2 дугаар сарын 7-ныг дуустал дээрх цахим хаягаар явагдана.

Олон улсын ангиллын тэмцээний шагналууд:

Шилдэг уран бүтээл: 10.000 Евро

Тусгай шагнал: 7.500 Евро

Тусгай шагнал: 5.000 Евро

Categories
мэдээ нийгэм

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жил болон Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын санаачилгаар зохион байгууллаа. Зөвлөгөөний гол зорилго нь Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж нэгдсэн зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэхэд оршиж байна.

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөнийг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү “Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын нэгдсэн мэдээлэл” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Өнөөдрийн зөвлөгөөнөөр анх удаа яамнаас санаачилж төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарч ажиллах, та бүгдийн мэдлэг туршлагыг хамтын ажилд оролцуулахаар сайдын шийдвэрээр зөвлөгөөнийг хийж байна. 1997 оны 1 дүгээр сарын 31-нд Монгол Улсын их хурал “Төрийн бус байгууллагын хууль”-ийг батлан гаргасан. Энэ хуулийн дагуу төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1463 төрийн бус байгууллагууд бүртгэгдсэн байна. Үүнээс эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 31 төрийн бус байгууллага өнөөдрийн үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлсэн байна” гэлээ.

Мөн зөвлөгөөний үеэр геологийн болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар “Өнөөдөр Эрдэс баялагийн салбарын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын зөвлөлийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байна. Энэ нь ямар зорилготой вэ?гэвэл төр хувийн хэвшлийн түншлэлийг ямар хэмжээнд явуулах ёстой. Мэргэжлийн холбоодын өмнө нь ямар асуудал тулгараад байна. Ямар чиглэлд хамтран ажиллаж уул уурхай, геологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой вэ? гэдэг талаар ярилцахаар анх удаа зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөс үнэтэй санал санаачилга гарч байна. Тухайлбал геологийн холбооны төлөөлөл хамтарч ажиллах санал гаргалаа. Орон нутагт салбараа сурталчилах гэсэн санал ч гаргалаа. Ер нь цаашдаа салбараа сурталчилах чиглэл дээр төрийн, төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Орон нутагт маш их саад бэрхшээлтэй тулгардаг үүнийг шийдвэрлэхэд зайлшгүй хамтарч ажиллах шаардлага байна. УУХҮЯ өмнө нь төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад ирсэн. Цаашид ч бас энэ ажил маань үргэлжлээд явна. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх гээд төрийн том зорилт байдаг. Энэ хүрээнд тодорхой хэмжээндээ хамтарч гүйцэтгэх болон шилжүүлэх ажлууд хийгдээд явна. Салбараа сурталчлахын тулд төрийн бус байгууллагуудтай цаашид хамтарч ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУ-ын судалгааны төвийн захирагчдын II хурлын бэлтгэл уулзалт болов

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн Хоёрдугаар хурлын бэлтгэл уулзалт Нью-Йорк хотноо 2019 оны 12 дугаар сарын 7-нд болов.

Уулзалтад Казахстан Улсын Худалдаа, интеграцийн дэд сайд Кайрат Торебаев болон судалгааны төвийн захирагчдын зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн дарга, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн илгээлтийг уншиж танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ж. Бум-Эрдэнэ нарын албаны хүмүүс байлцав.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг дурдаад цаашид Варшав хоттой хамтын ажиллагааг боловсрол, бизнесийн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн ирэх онд болох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн зүгээс Варшав хотоос сонгогдсон парламентын гишүүний хувьд Улаанбаатар, Варшав хотын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллах болно хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ-наас гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандахыг зөвлөлөө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт зааснаар суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах олон хэлбэр байдаг болно.

2020 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн хэрэг гарч байгаа тохиолдол байна.

Тухайлбал, манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна. Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг болно.

Мөн манай яамнаас зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл гарч байсан. Одоогийн байдлаар тус яамнаас зуучлалын зөвшөөрөл олгогдоогүй болно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

А.Баттүшиг: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь зөв

“Страто” ХХК-ын Гүйцэтгэх захирал А.Баттүшигтэй ярилцлаа.


-Өнгөрсөн 11-р сарын 22-нд УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэ нь танай компанийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэхээр байна

-Газрын доорх баялаг, Монгол Улсын нийт ашигт малтмал бол ард түмний өмч мөн гэдэгтэй би санал нэг байдаг. Үндсэн хуулиараа ч үүнийг тодорхой заагаад өгчихсөн. Үүнийг хэн нэгэн, аль нэг компани олборлож л байгаа бол рояалти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) улсад төлөх ёстой. АМНАТ төлснөөр ордоос гаргаж авсан баялаг нь тухайн компанийн өмч болдог. Ийнхүү олборлосон баялагаа тэр компани экспортлоно уу, өөрсдөө ашиглана уу, өөр компанид зарна уу бусдад хамаагүй болдог зарчимтай. “Страто” компанийн хувьд АМНАТ-аа төлчихсөн, олборлолтын зардлаа шингээсэн, ашгаа нэмсэн зах зээлийн үнээр “Эрдэнэс Таван толгой” компаниас түүхий нүүрс дуудлага худалдаагаар худалдаж аваад дотооддоо баяжуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг. Баяжуулахдаа 400 километр тээвэрлүүлэж үйлдвэртээ авч ирдэг. Бид нэг тонн нүүрс дотоодын үйлдвэрт баяжуулаад зах зээлд гаргаж зарахад ямар зардал гарч, зам туулж байгаа процессийг зургадугаар сарын үнийн жишээгээр товч тооцоолон ярья.

Манайх “Эрдэнэс Таван толгой” компаниас нэг тонн нүүрсийг 72 ам.доллараар худалдаж аваад үйлдвэр рүүгээ тээврийн компаниудтай гэрээлэн тээвэрлүүлж авчирдаг. Яг энэ дамжлага дээр л гэхэд 500 ажлын байр шинээр бий болсон. Ингээд үйлдвэртээ угааж, баяжуулахад Говьсүмбэр аймагт 80 хүний ажлын байр шинээр бий болсон. Ингээд Эрдэнэс Таван толгойгоос нэг тонн нүүрсийг аваад баяжуулж нэмүү өртөг шингээгээд манай компани нэг тонн нүүрснээс ойролцоогоор 5 ам.долларын ашиг олж болох тооцоотой байлаа. Худалдан авч байгаа нүүрсний чанар, үйлдвэрийн угаах гарц бас тогтмол байдаггүй. Хятадын зэх зээл дэх үнийн хэлбэлзэл, эрэлт хэрэгцээ гэх мэт олон зүйлээс манай компанийн ашиг хамаардаг байсан бол шинээр баталсан хуулийн өөрчлөлтөөр АМНАТ гэх цоо шинэ төлөвлөөгүй хүчин зүйл ороод ирлээ, үүний дагуу манай компани яг одоогийн байдлаар нэг тонн нүүрс болгон дээр 2 ам.долларын алдагдал хүлээхээр болчлоо.

-Сая АМНАТ-тай холбоотой асуудал Үндсэн хуулийн Цэц дээр хэлэлцэгдээд УИХ үйлдвэрүүдээс давхар АМНАТ авахгүй байх шинэ, сайн хууль баталсан юм биш үү?

-Үгүй ээ. Сангийн яамны тайлбараар сэтгүүлч та бүхний авсан ойлголт батлагдсан хуулиасаа яг эсрэгээрээ байгаа. Нэг ёсондоо нийгэмд өгч байгаа ойлголт батлагдсан хууль хоёр нэг юмны хоёр тал шиг ч биш бүр хол зөрүүтэй байна. Улаан өнгөтэй зүйлийг хар өнгөтэй гэж тайлбарлаад байгаа хэрэг. Үүнийг нь нээрээ хар өнгөтэй байна гээд хүлээн зөвшөөрч болохгүй биз дээ. Цэц бол Үндсэн хуульд бусад хуулийг нийцүүлэх ажлыг л хийдэг шүү дээ. УИХ-ын баталсан хууль Үндсэн хуулийг зөрчсөн байвал засч сайжруулаад Үндсэн хуульд нийцүүлэх үүргийг өгдөг. Энгийн жишээ авахад аль нэг компани бусдаар байшин бариулж байна гэж үзвэл захиалагч нь Цэц, тоосго өрөгч нь УИХ. Гэтэл тоосго өрөгч ханаа далий өрсөн байж. Үүнийгээ зас гэдэг шаардлагыг захиалагч компани буюу Цэц шийдээд тэр ханыг нураасантай ижил үйл явдал болсон. Гэтэл далий хана өрсөн өрөгч буюу УИХ маань “Үгүй ээ. Энэ хана тэгшхэн байна” гээд яг хуучнаар нь буцаагаад далий өрчихлөө.

Хууль тогтоогчдын энэ буруу шийдвэрээс болж манай компанитай нийлээд 39 үйлдвэр хаалгаа барих хэмжээнд хүрлээ. Яагаад гэвэл Цэцийн хүчингүй болгосон заалтуудын зөвхөн хэлбэрийг нь өөрчилж Үндсэн хууль зөрчсөн хүчингүй болсон зүйл заалтуудыг нь агуулгаар нь бүр тодруулж өгөөд УИХ баталчихлаа. Энэ хуулиар баяжуулсан нүүрсийг борлуулах үнээс 5 хувийн төлбөр төлөхөөр зүйлчлэгдсэн байна.

Ашигт матмалын хуулийн 47 дугаар зүйлд АМНАТ-ыг нэгдүгээрт хэн төлөх вэ, хоёрдугаарт ямар суурь үнээс бодож төлөх вэ, тэр суурь үнээс хэд хэдэн хувиар бодож авах вэ гэдэг үндсэн гурван асуудлыг зохицуулж байдаг. Гуравдугаар сарын 26-наас өмнө зөвхөн ашигт малтмалын ашиглалтын буюу А лицензтэй хүмүүс АМНАТөлбөрийг төлдөг байсан. Өнгөрсөн хавар энэ хуулийг өөрчлөхдөө хамрах хүрээг нь нэмээд ашиглаж байгаа этгээд шат дамжлаг бүртээ давхардуулан АМНАТ төлөхөөр болгосон юм. Цэцийн шийдвэрийн гол агуулга нь АМНАТ-ыг зөвхөн А лицензтэй хүмүүс төлөх нь зөв байна харин ашигласан, дамжуулан худалдсан хүмүүс шат дамжлаг бүртээ АМНАТ төлөхөөр зохицуулсан нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж дотоодын үйлдвэрлэл хөгжих боломжийг хаасан бөгөөд энэ нь Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг үүсгэсэн байна гэж үзсэн.

Ямар суурь үнээс, хэдэн хувиар бодож АМНАТ авах вэ гэдэг асуудлаа хуулиараа тусгайлан зохицуулах нь зөв, авах ч ёстой. Ганцхан хэнээс авах вэ гэдэг нь л чухал. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй баяжуулах боловсруулах үйлдвэрүүд нэгдээд хуульч Цэцэд гомдол гаргасан. Одоо энэ хуулиар Таван толгой түлш ХХК, цахилгаан станциуд, алт мөнгөний дархан, үнэт чулуугаар хөөрөг хийдэг хүмүүс хүртэл АМНАТ төлөхөөр болчихож байгаа юм. Яаж тэр уран дархануудаас АМНАТ-ын төлбөрөө авах юм. Бүх алт мөнгөний дарханаас энэ АМНАТ-аа авч чадах юм уу. Сайжруулсан түлшийг зарж, борлуулж байгаа хүмүүсээс АМНАТ авч чадах юм уу. Ингээд сууриараа бүх зүйлд сөргөөр нөлөөлөхөөр болгосон. Эндээс харахад энэ хууль бүх шатанд хүндрэл бий болгохоор байна. Татварынхан болон Сангийн яамныхан маань давхардаагүй гээд байдаг. Гэтэл гурван удаа авч байгаа. Эхнийх нүүрс худалдан авахад 2.5 хувийн АМНАТ. Үүнийг худалдан авах үнэдээ шингээн бид төлдөг. Дараа нь баяжуулаад бусдад худалдахадаа борлуулалтын үнээс 5 хувийн АМНАТ-ыг төлж байгаа. Ингэхдээ түүхий нүүрс худалдан авах үеийн 2.5 хувийн АМНАТ-ыг хасаж тооцно гэсэн. Түүхийгээр нь авах болон боловсруулаад зарахын хооронд үнийн асар их зөрүү бий. Дээрээс нь өсөн нэмэгдэх АМНАТ гэж бий. Тэрийг бас авч байгаа.

Бүр ойлгомжтойгоор ярихад улаан буудайг авахад нэг дэх, гурил болгоход хоёр дахь тэгээд талх үйлдвэрлэхэд гурав дахь татвараа тус бүр борлуулалтын үнээс авч байгаагаас ялгаагүй зохицуулалт. Будаанаас нь, гурилаас нь, талхнаас нь тус бүр авч байгаагаа буудайнаас, гурилнаас бид хоёр татвар аваагүй, талхнаас ч хоёр удаа татвар аваагүй гэж тайлбарлаад байгаа. Нэг бүтээгдэхүүнээс ингэж гурван удаа АМНАТ авч байгааг давхардсан гэж үзэхээс өөр юу гэх юм бэ. Давхардуулаагүй гэж тэдний ярьж байгаа нь нэг бүтээгдэхүүнийг дамжуулж боловсруулсан гурван өөр субъектээс тус бүр дээр нь АМНАТ тавьчихаар нэг байгууллага дээр давхар оногдоогүй гэж тайлбарлаад байгаа юм. Гэвч ашигт малтмалд ордог нүүрс гэх нэг бүтээгдэхүүнээс бол яалт ч байхгүй гурван удаа АМНАТ авч байгаа.

Энэ хуулийн гороор өөрийн уурхайгүй олон арван үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилчдаа цомхотгож, үйл ажиллагаагаа зогсоож байна. Энэ хууль үнэхээр Үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг боомилсон, тэдний эсрэг хууль болсон. Тухайлбал, манай компани энэ хуулиас болж дараагийн төлөвлөгөөгөө бүрэн зогсоолоо. Монгол Улсыг коксын үйлдвэртэй болгох төлөвлөгөө байсан юм шүү дээ. Одоо явуулж байгаа нүүрс баяжуулах үйлдвэрлэлээ ч зогсоож, нийт 104 ажилчнаас 76 хүнийг ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлээд байна. Эрдэнэс Таван толгойгоос үйлдвэр рүү хүргэх нүүрс тээвэрлэлтээ зогсоож үүнийг дагаад 500 орчим хүн ажлын байргүй боллоо. Ингэж олон мянган хүнийг ажилгүй болгож, олон арван үйлдвэрүүдийн хаалгыг барьж байгаа хууль сайн хууль мөн үү. Хууль тогтоогчдоос ийм л асуулт асуумаар байна.

-Танай кампани сүүлийн үед ихээхэн хэл ам дагуулаад байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой нийлж АМНАТ-ыг Цэцээр хүчингүй болгуулсан юм уу?

-Олон асуудал ярьж байна. Нэг бүрчлэн няцаалт өгөхгүй бол болохгүй бололтой. Дуугуй байх тусам худал цуурхал нь үнэн мэтээр олон нийтэд ойлгогдоод байх шиг. Нэгдүгээрт манай компанийг З.Энхболдынх гэж гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Манай компанийн 50 хувь нь гадны хөрөнгө оруулалттай. Монголын талаас гурван хувьцаа эзэмшигчтэй. Би өөрөө 37 хувийг нь эзэмшдэг. Ийм олон тал, ийм олон бизнесмэнүүд хөрөнгө оруулж, хоёр жил гаруйн хугацаанд үйлдвэрээ барьж босгосон. Манайхан амжилттай яваа бизнесүүдийг татаж унагахдаа, улстөржүүлж харлуулахдаа үнэхээр гаргууд юм. Энэ үйлдвэрийн ард нуугдаж байгаа үнэн гэвэл би Германы хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө босгож, Хятадын талаас мөнгө зээлсэн. Страто компани хэнийх вэ гэдэг асуултын хариулт ийм л байна.

Мөн манай компанийг Үндсэн хуулийн Цэцийг лоббидсон, шийдвэрт нь нөлөөлсөн гэх мэтээр гүтгэж байна. АМНАТ-ыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцсэн тухайд гэвэл үйлдвэрлэгч нарын эрх ашгийг хамгаалж хуульч Цэцэд гомдол гаргасан нь үнэн. Яагаад гэвэл өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр орд эзэмшдэггүй, уул уурхайн олборлолт явуулдаггүй боловсруулах үйлдвэрүүд энэ хуулийн дор оршин тогтнох боломжгүй болсон тул бидний эрх ашиг шууд сөргөөр хөндөгдөж эхэлсэн. Үүнийг л буруу байна гэж Цэцэд гомдол гаргасан юм. Энэ асуудал дан ганц манай компанийн асуудал биш өөрийн гэсэн ордгүй түүхий эдээ худалдаж авдаг бүх үйлдвэрүүдийн асуудал.

Ингээд гүтгэлэг зогсоогүй. Зарим хүмүүс манай компаний танилцуулгыг барьчихаад гадуур нууц төлөвлөгөө олсон мэт сенсацилаад байхыг ойлгохгүй байна. Тэр танилцуулга бол Монгол, Англи, Хятад хэл дээр гурван мянган хувь хэвлэгдэн тараагдсан байдаг. Бид угаасан нүүрсээ дахин боловсруулаад гангийн үйлдвэрт гол түүхий эдийн нэг болдог кокс үйлдвэрлэнэ, дээрээс нь гарч байгаа уураас цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн давхар амбиц тээж байсан. Энэ төлөвлөгөө маань ерөөсөө нууц биш. Бас Бороо гоулдынх шиг тогтвортой байдлын гэрээг нууцаар хийсэн гэж хэсэг шуугисан. Үндэсний хөгжлийн газар манай үйлдвэрийн нээлтэд ирж Тогтворжуулах гэрчилгээ олгосон нь үнэн. Энэ үйл явдал 300 гаруй хүний нүдэн дээр, 20 орчим хэвлэлийн камерийн өмнө болсон явдал. Уг тогтворжуулах нөхцөлөөр дөрвөн төрлийн татвар, төлбөр тогтворжсон болохоос Бороо гоулдынх шиг чөлөөлөгдсөн, хөнгөлөгдсөн асуудал нэг ч байхгүй. Гурван жилийн хугацаанд 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр энэ гэрчилгээ олгогдсон. Дараа жил энэ нөхцөл нь биелэгдэхгүй бол уг Тогтворжуулах гэрчилгээ хураагдана гэсэн үг.

-Танайд зориулж төмөр зам барьж байгаа гэдэг мэдээлэл ч гадуур байна?

-Би дахин хэлье. Манайх шиг жилдээ нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрт зориулж төр олон зуун тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байхгүй. Төр хаана хөрөнгө оруулах нь улсын бодлогын асуудал. Цаашид Монгол Улсад үр өгөөжтэй учраас энэ бүтээн байгуулалтыг хийж байгаа байх.

-Танайх Цэцэд гомдол гаргаснаар Страто компани биш Монгол Улс орлогоороо хохироод байгаа юм биш үү. Гадуур Төсвийн орлого тасалдаж 100 тэрбум төгрөг сох дутахаар болчихоод байгаа гэдэг яриа байна.

-Ингэж ярьж байгаа хүмүүсийн зорилго нь тодорхой. Мундаг эдийн засагч, улстөрч хүмүүс ийм тайлбар хийгээд байгаа. Хууль дүрмийг нь харвал маш ойлгомжтой. Аравдугаар сарын АМНАТ-ын тайланг арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөр тайлан өгдөг. Тайлан дээр тусгагдсан хэмжээгээрээ төлбөрөө төлөөд явдаг. Тэгэхээр Цэц аравдугаар сарын 30-нд шийдвэрээ гаргаж ажлын 15 хоногийн дотор янзал гэсэн үүргийг УИХ-д өгсөн. Энэ хугацандаа УИХ хуулийг өөрчөлсөн байх. Асуудал үүсэхээргүй. Яагаад гэвэл асуудал үүссэн гэх арваннэгдүгээр сарын АМНАТ-ын тайланг одоо буюу энэ сарын 20-ны өдөр явуулна. Явуулсан тайлангаараа АМНАТ-аа төлнө шүү дээ. Үнэхээр энэ асуудлыг ойлгоё гэсэн бол Цэцийн шийдвэр, УИХурлын Дэгийн тухай хууль, АМНАТ-ын заалт, Ашигт матмалын хуулийн өөрчлөлтийг дагаж гарсан журмыг олоод харчихад бүх зүйл ойлгомжтой байгаа.

Мөн манай компани экспортлож байгаа нүүрсээ төмөр замаар Хятад руу гаргаж байгаа. Хэдэн тонн нүүрс, хэдэн сард, ямар үнээр гаргасан нь нууц биш. Хууль үйлчлэхгүй хугацаанд АМНАТ-аас ашиг олж сонгуулийн санхүүжилт босгож байгаа гэж манай компанийг гүтгэх нь бүүр ойлгомжгүй байна. Ийм зүйлийг албаар гуйвуулж тайлбарлаж байгаа хүмүүс бол өөрийн нэр хүнд, эзэмшсэн мэргэжлээ улс төрийн зорилгоор ашиглаж байгаа хэлбэр. Ийм ойлгомжтой зүйлийг ялгаж харж чаддаггүй эдийн засагчид, хуульчид байна гэдэгт би хувьдаа итгэхгүй байна.

-Татварын Ерөнхий газар, Сангийн яамнаас Страто компани 3.2 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалт авах нь гэдэг шуугиан бас гарсан?

-Энэ асуудлыг НӨАТ-ын тухай хуулиар зохицуулдаг. АМНАТ-тай хольж хутгах нь өрөөсгөл. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байгаа бүх компаниуд НӨАТ-ын буцаан олголт авдаг. Зарим компаниуд хэдэн арван тэрбум төгрөгийн буцаан авалт хийдэг. Төсвөөс татаас аваад байгаа юм огт биш НӨАТатвар гэж нэмж төлсөн мөнгөө л төлсөн мөнгөө л буцааж авч байгаа асуудал. Энэ нь муу гэсэн үг биш харин ч сайн зүйл. Яагаад гэвэл тэр хэмжээгээрээ улсын сан хөмрөг, төсөвт орлого оруулсан байна гэсэн үг юм.

-Тэгвэл та нар яагаад ийм эрсдэл ихтэй, ашиг багатай бизнест хөрөнгө оруулалт хийсэн юм бэ?

-Бид энэ бизнесийг 2017 оны намар эхлүүлэх шийдвэрийг гаргаж хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед манай хамтрагчид үйлдвэрээ хилийн цаана баръя гэхэд нь “Үгүй ээ Монголд ажлын байр, хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэсээр байгаад дотооддоо эхлүүлтэл ийм зүйл болчихлоо. Манай хөрөнгө оруулагчдын зөв байжээ. Монголын бодлого тодорхой бус тогтворгүй гэхэд нь зөрөөд хийсэн нь буруу боллоо. Үйлдвэрээ босгож, ашиглалтад оруулахаас нэг сарын өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын сүүлээр энэ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж батлагдсан. Нэгэнт ийм асуудал үүссэн учраас гомдол гаргаж Цэцэд хандсан юм. Энэ бизнесийг эхлэхэд ийм хууль байсан бол хэзээ ч Монголд хөрөнгө оруулахгүй байсан.

-Одоо уул уурхайн үндэсний үйлдвэрлэгчид яах вэ?

-Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулж, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх зам хаагдлаа. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг шиг нэгэнт хүчирхэгжиж, хөгжиж, солонгорсон эдийн засагтай Австралийн жишээг дуурайж монголчууд үндэсний үйлдвэрлэлээ сөхрүүллээ. Жишээлбэл, Австрали улс дэлхийн төмрийн хүдрийн худалдааны 53 хувь, гангийн экспортын 0.4 хувь, нүүрсний экспортын 32 хувь, коксын үйлдвэрлэлийн 0.4 хувийг эзэлдэг. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл Моргентаугийн төлөвлөгөө шиг хэсэг бүлэг хүмүүсийн нарийн зохион байгуулалттайгаар Монгол Улсыг аж үйлдвэржүйлэхгүй, түүхий эдийн бааз хэвээр байлгах сонирхол байна гэж хардахаас өөр арга алга. Энэ их улстөржилт, хэсэг бүлэг хүмүүсийн дайралтаас болж манай руу орж ирэх хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал ч зогслоо. Нэг л жишээг өгүүлэхэд бидний босгох коксын үйлдвэрт хөрөнгө оруулж, хамтарч ажиллах байсан хоёр ч хөрөнгө оруулагч маань татгалзсан хариу сүүлийн хэдэн хоногт өглөө. Асуудал үүгээр дуусахгүй. Надад итгэж Монголд хөрөнгө оруулсан түншүүдтэйгээ цаашид хэвийн харилцаж, хамтран ажиллахад ч бэрх болж байна.

Эцэст нь хэлэхэд АМНАТ авах нь зөв, ард түмний өмчийн байгалийн баялгийг ухаж гаргаж ирсэн хуулийн этгээдүүд л төлөх ёстой. Өөрөө ашигт малтмал олборлоод гаргаж байгаа хүмүүст өөрчлөгдсөн хуулиар шинээр ямар ч дарамт ирэхгүй. Олборлосныг нь худалдаж аваад бүтээгдэхүүн болгодог компаниудад л ихээхэн хүнд цохилт болсон. Монгол Улсад цаашдаа А лицензгүй л бол үйлдвэрлэл эрхлэх ёсгүй. Уул уурхайн бизнест оролцохыг хүсвэл түүхийгээр нь аваад гадагш нь гарга гэдэг ийм л логиктой хууль хийчихлээ. Үндсэн хуулийн Цэц ийм ялгаварлан гадуурхсан байдлыг буруу гэж үзсэн. Одоо Цэц өөрөө энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдэх хуулийн зохицуулалттай юм билээ. Энэ ажлаа хийх байх гэж найдаж байгаа.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“МСиЭс холдинг”​-т банк байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг Монголбанканд даалгав

Image result for М Си Эс холдинг

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанканд холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцжээ.

Нэхэмжлэгч “М Си Эс холдинг” ХХК нь нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид буюу Монголбанканд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Харин өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. “М Си Эс холдинг”-т банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Монголбанканд даалгасан байна.