Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхсайхан: Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил


Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар товч ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын гучин жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнгөрөгч хугацаанд ардчилал дахь бидний алдаа оноо юу байсан бэ?

-Алдаа оноо маш их бий. Гучин жилийн хугацаанд болж өнгөрсөн эдгээр олон асуудлуудыг ярина гэдэг маш их цаг хугацаа орохуйц ажил. Хамгийн гол нь энэ гучин жилд бид эрх чөлөөгөө олж авсан. Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил. Бид тэр хариуцлагаа хаясан.

-Хариуцлагаа яаж хаясан юм бэ?

-Бид эрх чөлөө, хүний эрх гэдгийг хариуцлагаасаа түрүүнд ярьсан. Харин хариуцлагын тухай ер ярьдаггүй байлаа. Энэ нь бидний өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа байсан болов уу.

-Ололт нь юу байв?

-Ололт амжилт их бий. Ямар ч байсан өнгөрсөн 30 жилтэйгээ харьцуулбал манай улсын эдийн засаг арав гаруй дахин өсчихжээ. Цаашаа бүр ч их өсөж, дэвжих ирээдүй харагдаж байгаа.

-Манай улсыг дарангуйлал руу шилжиж байна гэж үзэх хүмүүс байна л даа. Үнэхээр ийм зүг рүү Монгол Улс яваад байна уу?

-Ардчилал өөрийнхөө үнэ цэнэ, эрх чөлөөт байдлыг үргэлж хамгаалж байх ёстой. Хэрвээ энэ үүргээсээ няцвал Монголын нийгэмд юу ч болж болохыг үгүйсгэх аргагүй юм. Манай улсын түүхэнд болоод бусад улсын түүхэнд ч ардчиллаасаа ухарсан гашуун түүхэн цаг үе, үйл явдлууд байдаг. Тийм учраас ардчилал гэдэг өдөр тутмын ажил байх ёстой.

-Ихэнх хүмүүсийн хувьд ардчиллын ганц бамбайг Ардчилсан нам гэж хардаг шүү дээ. Ардчилсан намын хувьд ардчиллыг хамгаалах бамбай болох үүргээ хэр биелүүлж чадаж байна вэ?

-Ардчиллыг аль нэг нам нь өмчлөөд хэрэггүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь бүх намууд ардчиллыг үнэлж, ардчилсан үнэлэмжтэй байх ёстой. Ардчилсан хувьсгалаас хойш гучин жил өнгөрсөн байна. Энэ хугацааг харахаар бүхэл бүтэн нэг үе эрх чөлөөний мэдрэмж дээр өссөн гэсэн үг. Тиймээс энэ эрх чөлөөний мэдрэмж дээр цааш алхахад илүү сайхан болчихсон байгаа. Хэн нэгэн энэ мэдрэмжийг өмчлөөд хэрэггүй.

-2020 оны сонгуулийг та хэрхэн харж байна. Ямар нэг таамаглал бий юү?

-2020 оны сонгуулиар цэцэг шиг олон шинэ үеийнхэн Улсын их хуралд орж ирээсэй гэж хүсэж байна. Польшийн парламентын дэд дарга буюу Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн илтгэлийг сонсохын тулд би Польшийн парламентын сонгуулийн үр дүнг харсан. Польшийн парламентад хориод нам байна.

Тэгтэл манайд хоёр нам л бий шүү дээ. Тэгэхээр парламентад цөөхөн нам биш маш олон намын төлөөлөл ороод ирэхээр нийгэм гэдэг цэцэг шиг өнгө алагласан, үзэл бодолтой болдог байх. Түүнчлэн олон нам төрд гарснаараа том намуудыг илүү хариуцлагажуулахад хэрэгтэй байж магадгүй. Тиймээс Монголын парламентыг олон намын төлөөлөлтэй өнгө алагласан үзэл бодолтой %олоосой гэж бодож байна даа.

-Та Ерөнхий сайд байсан хүн. Өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Янз янзаар л ярьж болно. Одоо сонгууль ойртчихсон учраас хүмүүс элдвээр л хэлэх байх. Миний хувьд гүйцэтгэх засаглалыг эдийн засгаар л үнэлнэ. Эдийн засаг дээшилж байна уу, ард иргэдийн амьдрал дээшилж байна уу гэдэг дээр л асуудлыг хэмжинэ байх.

Одоо болж буй үзэгдлүүдийг ярья. Сүүлийн үед манай улс олон улсын тавцанд шахагдаад, саарал жагсаалтад орчихсон байгаа шүү дээ. Энэ мэтчилэнгийн асуудлуудыг харахаар тааруухан үзүүлэлт болчихоод байна л даа.

Саарал жагсаалт гэдэг бол Монголбанканд өгч байгаа үнэлгээ биш. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яаманд егч байгаа ч үнэлгээ биш. Энэ бол Монголд өгч байгаа үнэлгээ шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Амархүү давж заалдах гомдол гаргажээ

Дуучин Б.Амархүү давж заалдах гомдлоо энэ сарын 2-ны өдөр өгчээ. Шүүгч гомдлыг хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хэлэлцүүлэх хуулийн хугацаатай байдаг. Энэ хугацаанд шүүгч хэргийн материалтай танилцдаг тул одоогоор давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй байна.

Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож шүүхээс хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд Фэйсбүүк корпорацтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Менло Парк хот дахь Фэйсбүүк корпорацын тѳв оффист ажиллалаа. Фэйсбүүк корпорацын олон улсын бодлогын айлчлал хариуцсан захирал, хатагтай Стина Трейно, бусад албаны тѳлѳѳлѳгчид болон Фейсбүүк корпорацид ажиллаж буй монгол залуустай уулзалт хийв.

Уулзалтаар Ё.Баатарбилэг сайд Фэйсбүүк корпорацын Хамрагдах интернетийн индексийн 2018 оны судалгаагаар Монгол Улс Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10 дугаар бичигдэж байна. Үүнийг дагаад ерөнхий боловсролын сурагчдын дунд цахимаар гадуурхах асуудал гарч байгаатай холбогдуулан хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Ази-Номхон далайн бүс хариуцсан Фэйсбүүк корпорацын төлөөлөгчдийн хамтарсан уулзалт 2018 онд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтаар цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндөж, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг таслан зогсооход чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр зарчмын хувьд тохиролцсоныг дахин дурдаж, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, туршлага судлуулах, дээрх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар холбогдох газруудад уламжилж, ажил хэрэг болгохыг хүсэв.

Фэйсбүүк корпорац тавьсан санал, хүсэлтийг судлан үзэж, холбогдох удирдлагуудад хандан ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдэж, өөрсдийн шинэ дэвшилтэт VR технологийг боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар танилцуулга хийв.

Фейсбүүк корпорацд ажиллаж байгаа монгол ажилтнуудын хувьд өөрсдийн ажлын байрны тухай, цахим мэдээллийг зөв зохистой хэрэглэх талаар санал солилцож, цахим боловсрол олгох контент боловсруулах шаардлагатайг онцолж байлаа.



Categories
мэдээ нийгэм

Мисс М.Цэвэлмаа гоо сайхны номинацид шилдэг 10-т оржээ

Мисс М.Цэвэлмаа Английн Лондон хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй. Авьяасын шалгаруулалтад Монголын мисс “The Hu” хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэрийг үзүүлснээр манайх шилдэг 20 орны тоонд багтсан. Тэгвэл тэрээр “Дэлхийн мисс 2019” тэмцээний зорилго бүхий гоо сайхны номинацийн шалгаруулалтад шилдэг 10-т оржээ. Мөн “Head to head challenge” буюу ярилцлагын шалгаруулалтад багийнхаа ялагч болж, шилдэг 20-д шалгарсан байна. Монгол Улс www.missworld.com сайтын олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсаад байгаа юм.

Хэрвээ энэ шалгуурт түрүүлбэл топ 30-д орж чадна. Тиймээс арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл буюу гурван өдрийн турш мисс М.Цэвэлмааг дэмжиж, саналаа өгөх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгуудын нутгаар явган шуурга шуурна

МАЛЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ:

Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

2019 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2019 ОНЫ АРВАНДУГААР САРЫН 12-НООС АРВАНХОЁРДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Арванхоёрдугаар сарын 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Бямбадорж: Манай улс эдийн засгийн баталгааг бүрдүүлж хүний эрхийг хангах шаардлагатай


Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-Манай улсын хүний эрхийн төлөв байдал ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье. Олон улстай харьцуулахад бид ямар үзүүлэлтээр хоцрогдож явна вэ?

-НҮБ байгуулагдсаны дараа Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх олон улсад бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд баталсан юм. Улмаар 1950 оноос энэ өдрийг Хүний эрхийн дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Манай комисс “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар цаг ямагт хүн бүрт” гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж байна. Ерөнхийд нь үзвэл Монгол Улс Ази тивдээ хүний эрх, эрх чөлөөг хангах тал дээр доогуур орохгүй. Ямар ч байсан ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон. Хүний эрхийн гурван баталгаа бий. Энэ нь улс төр, хууль зүй, эдийн засгийн баталгаа юм. Улс төрийн баталгааны хувьд манай улс төрийн систем ардчилсан. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Ямар ч хүчин Монгол Улсын Үндсэн хуулийн гадуур засгийн эрхийг авч хүний эрхийг зөрчих боломжгүй. Тиймээс улс төрийн баталгаа бүрдсэн гэсэн үг. Хууль зүйн баталгааны хувьд эрхбиш 30 шахам жил бий болгож байна. Гэхдээ хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын гэрээ хэлэлцээртэй нийцүүлэх гээд ажил бий. Бидний хувьд олон улсад гологддог зүйл нь эдийн засгийн баталгаа юм. 2015 онд НҮБ-ын гишүүн орнуудын удирдагчид оролцсон ерөнхий ассамблейн хурлын ээлжит чуулганаас Тогтвортой хөгжлийн зорилтууд гэсэн баримт бичиг баталсан.

Уг баримт бичгийг баталснаас хойш дөрвөн жил нь өнгөрчихлөө. Үүгээр юу гэж тохирсон гэвэл НҮБ байгуулагдаад 70 жил болжээ. Энэ хугацаанд дэлхийн хүн төрөлхтний хөгжил өндөр түвшинд хүрсэн байна. Гэвч хүн бүр ижил эрх эдэлж чадахгүй байна. НҮБ-ын Түгээмэл тунхаглалд заасан хүн бүр айх аюулгүй, гачигдах зовлонгүй байна гэсэн зорилтоо хэрэгжүүлж чадсангүй гэж дүгнэсэн. Шалтгаан нь дайн байлдаан, улс төрийн тогтолцоо, хөрөнгө санхүүгийн хүнд байдал зэрэг шалтагууд тоочсон. Тэгвэл одоо ингэхээ больё, 2030 он гэхэд 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг ямар ч төрийн тогтолцоотой, үймээн самуунтай байж, байгалийн гамшиг тохиолдож, эдийн засаг нь хүнд байсан ч хэрэгжүүлье гэсэн зорилт тавьсан. Тийм ч учраас дэлхийн улс орнуудад бие биенээсээ хамааралтай, нэгэндээ тусалдаг, илүү гарсанаа бусдад өгдөг систем үйлчилж байна шүү дээ.

-Ер нь эдийн засгийн баталгаа хангагдаагүйгээс болж хүний эрх олон талаар зөрчигдөж байна. энэ тухайд тодруулахгүй юу?

-Хүний эрх гэж хүн нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хэлж байгаа юм. Хүн ганцаардмал, хязгаарлагдмал орчинд байвал аз жаргалтай байж чаддаггүй. Тийм учраас хүнийг аль болох нийгэмд нь байлга. Хөгжлийн бэрхшээлтэй байсан ч нийгэмд нь байлга. Хүүхдийг нийгэмшүүл, битгий ялгаварлан гадуурх гэдэг. Мөн би боломж нөхцөл гэж хэллээ. Энэ боломж нөхцөлийг хүн өөрөө ч бүрдүүлнэ. Төр ч бүрдүүлэх үүрэгтэй. Манай нийгэмд ядуурал их байна. Зайлшгүй зарлага нь орлогоосоо даваад гарчихдаг. Ингээд ирэхээр нөгөө боломж алдагдаж байгаа юм. Тиймээс эдийн засгийн баталгааг бий болгоход төрөөс анхаарах ёстой. Мэдээж иргэдийн хичээл зүтгэл чухал үүрэгтэйг дээр хэлсэн. Би Кувейтэд очиж байсан. Энэ улсын хүн ард биднээс долоон дор амьдралтай байсан боловч газрын баялгаа үр өгөөжтэй ашигласнаар хөгжсөн. Боловсролын салбарт асар их хөрөнгө оруулалт хийдэг. Хүүхэд бүрт тэтгэмжийн мөнгө өгч байна. Өөрөөр хэлбэл, үр хойчоо эрүүл саруул бойжуулах, боловсрол мэдлэгтэй болгох, дэлхий ертөнцтэй холбох баталгааг байгалийн баялгийн өгөөжөөр зэрэгцүүлээд хийчихэж байгаа юм.

Тэгвэл Филлипин байна. Би бас очиж байсан. Газар нутаг нь тэр чигтээ байгалийн баялаг. Дэлхийн бүх том уул уурхайн компани орсон. Гэтэл орон нутгаар явахад иргэдийнх нь амьдрал гундуу харагдаж байсан. Улс төрийн тогтолцоонд нь асуудал байна. Тэгэхээр байгалийн баялгийг зөв зарцуулж чадвал улс орны амьдрал дээшилж хүний эрх хангагддаг. Чадахгүй бол хэчнээн баялагтай байгаад цөөн хүний идэш болоод дуусдаг. Манай улсын хувьд улсын төсөв хэд дахин нэмэгдэж бүтээн байгуулалт өрнүүлж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ эргээд өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт бага хийсэн юм болов уу гэж харагддаг. Хүмүүсийнхээ амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй. Эдийн засгийн баталгааг бүрдүүлэхийн тулд бид өөрсдөө бас арчаатай байх хэрэгтэй. Бидний хувьд зах зээлийн харилцаанд орох хэрэглэгч багатай, үүнийг дагаад үйлдвэрлэл явуулахад худалдан авагч цөөн гэсэн зовлон бий. Гэвч гадаад зах зээл рүү гарах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тухайлбал, би АНУ-д хоёр төрлийн үнэтэй мах байхыг харсан. Нэг нь 1.9-3 ам.долларын хооронд үнэтэй байсан. Өөр дэлгүүрт кг нь 39 ам.долларын үнэтэй мах байгаа юм. Үнэтэй байгаа мах нь өвс тэжээлээр бордож тэжээсэн малынх юм билээ. Хямдхан нь тариа хийгээд таргалуулсан генийн өөрчлөлттэй хүнс байсан. Гэтэл манай малын мах тэр 39 ам.доллараас ч үнэтэй байх боломжтой санагдсан. Яагаад гэвэл 100 хувь бэлчээрийн мал аж ахуй юм. Манай эрдэмтдийн тооцоолсноор 750-1500 төрлийн витаминт ургамал иддэг гэсэн. Тэгвэл мөнгөтэй, сайн хоол идэх хүсэлтэй дэлхийн хүмүүст тусгай зориулалтаар, зохих шаардлагыг нь хангаад гаргавал өндөр ашиг олох боломжтой. Энэ мэтээр бид эдийн засгийн баталгаагаа өөрсдөө бүрдүүлэх шаардлагатай байна. Дан шүүмжлээд суугаад байж болохгүй.

Нөгөөтэйгүүр, өнөөдөр хамгийн хүндрэлтэй зүйл гэвэл манай улсад эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудал хүнд байна. Анхан шатны буюу өрхийн болон сумын эмнэлэг дээрээс дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжихэд ачаалал асар их байна. Үүнтэй холбоотой маш их хэл ам гардаг. Ингэхээр нөгөө эрүүл байх боломж нөхцөл дахин тавигдаж байна. Мэдээж хувь хүнээс шалтгаалсан зүйл бий. Бид эрүүл амьдрах нөхцөлөө өөрсдөө бүрдүүлэх ёстой. Хүүхдээ бага балчраас нь эрүүл саруул өсгөх, том болоод эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болгох шаардлагатай. Ингээд өөрөөс давсан хүчин зүйл үйлчилж эмнэлэгт хандах тохиолдолд шаардлагатай эмчилгээг улс үзүүлдэг байх учиртай. Техник технологи, мэргэжил чадварын хувьд бүрэн бэлтгэгдсэн байх ёстой. Гэвч манайд ийм боломж бүрдээгүй байна. Манай эмч нарын чадвар өндөр. Харамсалтай нь багаж зэвсэг, технологи зэрэг нь хүрэлцээгүйгээс болоод хавдартай хүмүүс гадны орныг зорьж байх жишээтэй. Тэгэхээр улс эрүүл мэндийн салбарт анхаарах, нөгөө талд хувь хүн эрүүл мэндээ хамгаалах дадалд суралцах шаардлагатай.

-Манай улсад шүүхийн байгууллага аливаа хэргийг үнэн шударга шийдэж байгаа эсэхэд итгэх итгэл сул байна. Ялангуяа, 17 шүүгчтэй холбоотой хэрэг мандсанаас хойш энэ байдал улам лавширлаа. Шүүх хүний эрхийг хамгаалах чухал оролцогч. Та энэ байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монголчуудын онцлог, түүнд тохирсон нийгмийн харилцааны зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг салбар, шат бүрт авч хэрэгжүүлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл монголчууд цөөхөн. Бие биенээ танина. Социализмын үед арын хаалга гэж ярьдаг байсан. Урд хаалгаар хүмүүс ордог бол арын хаалгаар танил тал нь нэвтэрнэ. Ерөөсөө монголчуудын сэтгэлгээнд нэг асуудал болохоор үүнийг хэнээр яриулах уу, хэнтэй уулзах уу гэж боддог, хайдаг. Энэ онцлогийг мэдэж эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Тэгж чадахгүй байна. Олны үг ортой гэж үг бий. Таны хэлсэн жишээгээр батлагдаж байна шүү дээ. Үүн дээр хүн бүрийн дургүйцлийг хүргээд байгаа зүйл гэвэл жирийн иргэнийг дорхноо алх цохиод шийтгээд явчихдаг. Тодорхой өндөр албан тушаалтнуудын хэргийг байлгаад байдаг. Мөнгөтэй нь аргалаад гарчихдаг гэсэн хардлага төрүүлээд байна. Энэ бол шүүхийн ил тод байдал муу байна гэсэн үг. Шүүхийн хараат бус байдлыг сайжруулж, шүүгчид тавих шаардлагыг маш өндөр болгох хэрэгтэй. Уг нь манайх 1992 оны Үндсэн хуульд ийм байдлаар хийсэн шүү дээ. Удлаа гэхэд нэг ерөнхийлөгч найман жил л болно. Энэ хугацаанд олон шүүгч томилоод байх боломж гарахгүй. Тийм учраас шүүгч хараат бус байх боломжтой гэж л хийсэн юм. Харамсалтай нь энэ байдал алдагдсан.

-Энэ жил С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн эсэх, мөн мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байхдаа авлига авсан Б.Баярсайханы бичлэгийг олон нийтэд үзүүлсэн нь хүний эрх талаас зөв эсэх зэрэг асуудлууд яригдсан. бүхэнд хариулт өгөхгүй юу?

-Чимгээ, Содномдаржаа нарын хувьд гэм буруутай гээд шүүхийн шийдвэр гарсан. Сүүлд Төв аймгийн цагдан хорих байранд авчраад цагдан хорьж байсан бичлэг телевизээр цацагдлаа шүү дээ. Энэ бол гарцаа байхгүй эрүү шүүлт юм. Тэр бүү хэл энэ бол харгислал. Эрүү шүүлт гэхээр манайхан есөн эрүү шүүлт мэтээр ойлгоод байдаг. Гэтэл өмгөөлөгчгүй байцаалт авах нь хүртэл эрүүл шүүлт болох боломжтой. Дан дээрх үйл явцаар яваад шийтгэсэн бол энэ хүмүүсийг суллах ёстой.

Мөн гэмт хэрэг хийсэн, тэр нь нотлогдсон тохиолдолд тухайн хүний нэрийг зарлахгүйгээр, эсвэл царайг нь халхалж бусдад сургамж болох үүднээс зарим жишээг гаргаж тавьж байх нь зүйтэй. Ер нь харж байхад ингэнэ гэж мэдээгүй, санамсаргүй гэмт хэрэг хийчихлээ гэсэн залуус байдаг. Тэдэнд сургамж болгох үүднээс бичлэг цацах нь зөв. Гэхдээ хүний эрхийг дээдлэх ёстой.

Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд гэмт хэрэгт хохирсон хүмүүсийн эрхийн асуудал байна. Энэ хүмүүс нийгэмд буцаад амьдрана шүү дээ. Ялангуяа, насанд хүрээгүй охид, хүүхдүүдийн амьдрах нөхцөлийг хаасан тохиолдлууд байна. Бид энэ талаар зөвлөмж ч гаргасан. Тийм аймгийн, сумын Д.Б гэж охиныг хүчирхийлжээ гэсэн мэдээлэл гардаг. Гэтэл цөөн хүн амтай манайд хэн болох нь тодорхой байдаг. Ингээд тэр хүмүүс орон нутагтаа ажиллаж, амьдрах боломж нь хэцүүдээд ирдэг.

Тухайлбал, бидэнд ирсэн нэг жишээг хэлье. Гурван охиныг нь хүчирхийлсэн байгаа юм. Энэ тухай мэдээллийг сумынхан нь мэдсэнээс болж тэр айл аргаа бараад аймгаасаа нүүсэн байсан. Энэ юуг хэлээд байна гэвэл хохирсон дээрээ давхар хохирох явдал байна. Үүнд хэн хүнгүй онцгой анхаарах хэрэгтэй.

-Мөн цахим орчинд хүний эрхийг зөрчих асуудал их байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ бол орон даяар ярихгүй бол болохгүй болсон асуудал. Цахим сүлжээгээр тодорхой хаяггүйгээр нэгнийгээ доромжилдог, нэр төрийг нь гутаадаг байдал хэрээс хэтэрсэн. Төрийн албан тушаалтнууд нь дөжирсөн юм шиг байна. Харин хүүхэд, тэр дундаа охид энэ халдлагад өртсөнөөс болж цөөхөн хүнтэй Монгол оронд амьдрах итгэлийг нь алдагдуулахад хүрч байна. Мөн эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав ээж нь гэмгүй байж давхар доромжлуулдаг. Тийм учраас цахим ертөнцөөр хүний нэр төрийг зохиомлоор, зохион байгуулалттайгаар гутаадаг, гүтгэдэг, гэр бүлийнхнийг нь давхар хохироодог асуудлыг шийдэх цаг болсон. Одоо юу юуны туханд хүрэлгүй хулигаанууд нэгнээ зодоод байдагаа больчихсон. Харин хамгийн аюултай хулигаанчлал цахим ертөнцөд болж байна. Эргээд залруулж болдоггүй. Нөгөөтэйгүүр энэ байдлаас болж хоморгонд нь сэтгүүл зүйн нэр хүнд унахад хүрч байна. Гэтэл сэтгүүл зүй гэдэг нийгмийн бузар булай бүрийг илчилж, авлигач нарыг зарлаж, нийгмийг цэвэрлэж байдаг чухал салбар. Энэ үйлсийг нь цахим орчин дахь увайгүй байдал бүдэгрүүлэхэд хүрч байна.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид уг нь шударга байсан юм аа

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Ерэн оны залуучууд бид өөрсөндөө эрх мэдэл, эд хөрөнгө хүсээгүй юм шүү. Ердөө л дэлхий даяар өрнөж буй шинэчлэл, ил тод байдал, өөрчлөн байгуулалтыг Монгол орондоо хэрэгжүүлэхийг хүсэж байсан. Тэр утгаараа Горбачёвын хүүхдүүд байлаа. Социализм буруу замаар явсан гэж Горбачёв зарлаад үүнийг засна гэж тунхагласан. Бидний тэмцэл социализмыг сайжруулан, жинхэнэ утга руу нь оруулахын төлөө байсан. Улс орныг удирддаг Улс төрийн товчооны хөгшчүүл тусгай хангамжинд амьдарч ард түмнийг ядууруулан мөлжиж байна гэж ойлгож байсан. Тэднийг өөрчлөн шинэ залуу жинхэнэ коммунистуудад эрх мэдлийг шилжүүлбэл бүх юм зөв тийш эргэнэ гэж горьдож байлаа. Тиймээс ч Ленин багшийн нас барсан өдрийг дурсан нийтээрээ өвлийн хүйтэнд малгайгаа аван хүндэтгэл үзүүлж байв шүү. Бид социализмын төлөө байлаа. Тиймээс улс орныг удирдан хөтөлж буй одоогийн Улс төрийн товчоог огцруулж оронд нь шинэ залуу жинхэнэ коммунистуудыг гаргаж ирэн МАХН-ынхаа удирдлагын дор улс орноо жинхэнэ ёсоор удирдан социализмыг жинхэнээр нь байгуулахыг шаардан өлсгөлөн зарлаж байв.

Гучаад оны үед дэндүү олон хүн алсан, дал наяад оны үед зогсонги байдалд орсон гэж Горбачёв зарласан. Зөвлөлтийн бүх юмыг хуулбарлаж байсан манайд асуудал бүр ч хүнд байсныг бид ойлгосон. Зөвлөлт холбоот улсын нийт хүн амын нэг хувь нь социализмд таарахгүй байна гэж буудуулсан бол монгол эрчүүдийн 20 хувь нь алуулсныг бид тэгэхэд мэдсэн. Бидний амьдралын түвшинг шуудхан гурав дахин нэмэгдүүлнэ гэж сурталчилж байсан Эрдэнэт үйлдвэр Монголыг маань дааж давагдашгүй өрөнд оруулсныг бид анх удаа сонссон. Монгол хонь хил давахдаа зургаан рублиэр үнэлэгдэж гараад хүүхдийн тоглоомын эрзээнэн хонь болж эргэж орж ирдэгийг бид мэдсэн. Монголд суурьшсан 100 мянган зөвлөлт цэрэг монгол хүүхнүүдийг тэмбүүтэй гэж сонссон учир сургуулийн охид хүчинддэг, тэрийг нь КГБ орос дэлгүүрийн пороомсогоор аргалж өнгөрөөдгийг бид дуулж мэдсэн. Чухам иймээс бидний шүүмжлэлийн бай Зөвлөлтийн колончилолын эсрэг эргэн үндэсний үзэл рүү хэлбийсэн юм. Огт социалист коммунист замаар замнаагүй мөртөө биднээс хавьгүй дор байсан орнууд хамаагүй түрүүлээд давхичихсаныг гэнэт мэдлээ. Чухам ийм юм сонссон болохоор хар аяндаа зөвлөлт маягийн социализмаас татгалзаж эхэлсэн.

Өнөө харж үзсээр сармагчин монголчуудыг хүн болгосон зөвлөлтүүд гэнэт бидний асар их өртэйг дуулгаж 9,8 тэрбум шилжих рубль буюу 17 тэрбум доллар нэхэх нь тэр. Монголыг Хятадад, Зүүн Германыг Баруун Германд нь үнэ хүргэж худалдаад Зөвлөлт гүрнээ босгоё гэсэн дуу хоолой ч хүчтэй сонсогдож эхэллээ. Ерэн оны цуглаан жагсаал тэр чигээрээ зөвлөлтийн эсрэг чиглэх нь тэр. Жагсаал цуглаан болгон өдөр бүр “бид өргүй” гэсэн уриан дор болох болов. Сүүлийн зуун жилд Монголын нийгэмд анх удаа үндэсний үзэл сэргэсэн юм. Үй олон цэрэг нутаг дээр маань байрлуулсны шанд таван жил тутамд гурван тэрбум рубль зээлдүүлдэг, тэр хэрээрээ бүрэн хараанд нь амьдарч байгаагаа бид ойлгов. Коммунизм задран бутрахын хэрээр Зөвлөлт гүрэн туйлдан бидэнд зээл олгохоо болиут бид шууд л гачигдалд орон хоол хүнсээ ч картаар олгох болсон юм.

Бидний тэмцэл, шахалт шаардлагыг улс орныг толгойлж байсан МАХН-ын удирдлага шууд дэмжсэн. Тэр даруй Монголын ард түмэн нийтээр дэмжсэн. Бидэнд өөрсдөд маань хуулийн хүрээнд ямар ч эрх мэдэл байгаагүй. Олж авсан ганц эрх чөлөө маань гудамжинд жагсах, цуглаан хийх л байлаа. Бид тэр зэвсгээ л хэрэглэсэн. Бидний шахалтын үр дүнд МАХН өөр дотроо өөрчлөлт хийж, улс орныг нам биш төр удирдах явдлыг даруй хуульчилсан. Ингэж нам, төр хоёрыг салгаж үүрэг ролийг нь тусгааралсан. Улс орныг МАХН монопольчлон удирдаж социализм байгуулна гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасаж, олон намын тогтолцоог зөвшөөрч, үүнээ ард түмний шууд сонгуулиар шийдэн засаг төрөө байгуулна гэж тогтсон өөрчлөлтийг МАХН, түүний гишүүдээс бүрдсэн Ардын их хурал шийдвэрлэсэн юм. Ийм том өөрчлөлт хийн шийдвэр гаргахад тэдний дотор бидний ганц ч төлөөлөгч багтаагүй. Иймээс улс орноо цоо шинэ тогтолцоонд оруулахыг тухайн үеийн МАХН шийдвэрлэж ардчилсан хүчнийхэн уухайлж, Монголын нийт ард түмэн дэмжсэн билээ.

1990 оны тавдугаар сард адил тэгш эрхтэй улс төрийн таван нам төрдөө бүртгүүлж хууль ёсоор оршин тогтнох эрхээ олж авсны нэг нь 70 жилийн турш хэнд ч бүртгүүлээгүй хууль бусаар эрх мэдэл атгасан байсан МАХН багтсан юм. Долдугаар сард Монголд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болж иргэдийн 94 хувь нь оролцон олон нам, олон хүмүүсээс өөрийн үзэмжээр сонгон саналаа өгсөн. Үр дүнд нь төрийн дээд эрх барих Ардын их хурлын нийт суудлын 80 гаруй хувийг МАХН-ын төлөөлөгчид авсан юм. Анх удаа байгуулагдсан парламентийн нийт суудлын 60 гаруй хувь нь мөн энэ намд ноогдсон. Бүхэл бүтэн нийгмийн тогтолцоогоо шинэчлэн өөрчилсөн энэ аугаа шилжилтийг монголчууд бид тайван замаар нийтийн зөвшилцлөөр амжилттай гүйцэтгэсэн болохоор бүгд сэтгэл хангалуун байсан.

Тухайн үед бидний хэн нь ч албан тушаал хөөцөлдөж байгаагүй. Шадар сайд болох хүн олдохгүй тойрч татгалзаад нэгнийгээ дургүйцээд байхад нь хүчээр түлхэн сайд болгож гомдоож байлаа.

Оройлогчдын нэгийн хувьд нийгмийн өмнө ил тод байж шударгаараа үлгэрлэж байх ёстой гэсэн үзэлтэй байсан.

Парламентын гишүүний цалинг 1200 төгрөгөөр тогтооход ийм өндөр цалин авах гэж ардчилсан хувьсгалд оролцоогүй гэж татгалзаж байсан. 20 дугаар тогтоол гарсны дараа бидний нэг нь бусдаас мянган төгрөг зээлж аваад магнетофон дэлгүүрээс худалдаж авсан нь илэрмэгц өөрсдөө санаачлаад мань эрийг парламентаас хөөж гудамжинд гаргаж байв. Японы Ерөнхий сайд айлчлахдаа сайд, хурлын дарга, байнгын хороон дарга нарт зургийн аппарат бэлэглэхэд тэрийг нь үнэлж хурааж аваад цалингаас илүү гарсных нь үнийг төлүүлж байв.

Нийгмийн үнэт зүйлээ монголчууд бид хамтдаа цогцлоосон. Нээлттэй нийгэм, ардчилсан тогтолцоо бол монголчууд бидний хамтын бүтээл. Эрх чөлөөгөө бид хамтдаа олж авсан.

Одоо байгаагаа хар даа. Хулгайч, худалч, хуйвалдаанч, луйварчин, алуурчин, дээрэмчин, хахуульчин, жидүүчин, тонуулчин, шамшигдуулагчин, тоглоомчин, мэхчин гохчин, попчин, авлигач нараар удирдуулсан эх орноо хар даа.

Эх орныхоо өөрчлөлт шинэчлэлд итгэж, ёс суртахуунд хөтлөгдсөн шударга нийгэм байгуулж байна гэдэгтээ мянгаараа, түмээрээ бумаараа өндийн сэргэсэн хүмүүсийн итгэл зүтгэлийг хогийн саванд хийгээд үрэн таран болгож байна. Тунхаглан зарласан үнэт зүйлс маань шил архины үнэд хүрэхээ больжээ. Бид бүгд нийгмийн өмнө, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэх боловч “илүү тэгш эрхтэй” гахай сүргээрээ бий болон үе удмаа үлдээх боллоо. Эрх чөлөө маань ердийн наймааны хэрэгслэл болжээ. Тэртээ гучин жилийн өмнө ардчилсан тогтолцоог дэмжиж, тэмцэж явсан үй олон монголчууд өнөөдөр гомдож гасалж сууна. Улам бузартаж буй нийгмээсээ эрүүл саруул хүмүүс, ялангуяа залуус дөлөн зайгаа барьж үл оролцогч, үл сонсогч, үл ажиглагч болсоор. Бүр мянгаараа түмээрээ, бумаараа шүү. Үлдсэн хэдийг нь мөнөөх улс төрийн луйварчид хуураад хулхидаад худалдаж аван өөрийн дэмжигч болгоно. Үүнийгээ тэд “тойргоо услах” гэж нэрлэдэг юм. Одоо тэд улигт дуугаа дуулж, босгоно бүтээнэ, харж үзнэ, тэжээнэ тэтгэнэ гэж ам уралдан орилолдсоор. Тэд ч хуурч дуусахгүй, манай ард түмэн ч хууртаж ханахгүй. Тэд усалж дуусахгүй, манай ард түмэн норж ханахгүй.

Алив нээлттэй ардчилсан нийгэмд улс төрийн нам гэдэг нь ард түмэн өөрийн төр засгаа байгуулахад олон түмний идэвхийг сэргээдэг хүчин зүйлийн үүрэгтэй болохоос хэд гурваарааа хуйвалдан эд мөнгө эрх тушаалын төлөө зодоон хийж төрийг зайдалдаг мафийн бүлэг биш юмсан. 1990 онд байгуулагдсан, дээр дурдсан улс төрийн намуудын арга механизм шинэ зуун гэхэд барагдаж тамираа барсан. Үүгээр тэдний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг роль дуусгавар болсон. Шилжилтийн эхэн үеийн бэрхийг туулахад тэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь үнэн боловч гавьяа нь ингэж барагдаж гай дагуулсан он жилүүдээ эхлүүлсэн. Ирж буй шинэ цагийнханд эрх мэдлээ шилжүүлж өөрснөө хэмхэрч эвдрэн хог дээр хаяхаар болсон муухай бүтцээ тараах цаг болжээ. Нийгмийн аль л шаар шавхруунуудын орогнодог газар, идэж ууж шамшигдуулж хулгайлах нэн таатай оромж болсон энэ байр савыг засаж янзлаад бүтэхгүй, улам л дордуулна. Яг л 1989-90 оны өвлийн хүйтэнд тухайн үеийн залуус нийгэм удирдаж буй үеэ өнгөрөөж муудсан аппаратыг зайлуулж шинэ тутам урган соёолж буй шинэ цагийн иргэдэд эрх мэдлийг шилжүүлэхийг шаардаж байсан шиг. Бүр яг тэрэн шиг.

2019.12.9

Categories
мэдээ цаг-үе

Г.Тэмүүлэн: Иргэд “Буух эзэн, буцах хаяггүй” гишүүдийг битгий бий болгоорой гэж хүсч байсан

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Эрх баригчдын зүгээс хэсэгчлэн хүлээж авах шийдвэр гаргалаа. Энэ нь хэр оновчтой шийдвэр вэ. Та санал нийлж байгаа юу?

-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ирж буй ачааллыг багасгана гэдэг утгаараа нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх хуульд хориг тавьж байгааг зөв гэж үзэж байгаа. Энэ өнцгөөс бүлэг хоригийг хэсэгчлэн хүлээн авах шийдвэр гаргасан. Ер нь хуулиараа нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр хувиар тус тус нэмсэн. Аж ахуйн нэгж, иргэн нийтдээ 26.5 хувийг төлж байгаа гэсэн үг. Ажил хөдөлмөр эрхлэгч 14 хувь, ажил олгогч нь 12.5 хувийг төлөх юм. Та нэг сая төгрөгийн цалинтай бол 265 мянган төгрөгийг суутгуулна. Дээрээс нь хувь хүний орлогын албан татвар хасагдаж таарна. Ингэвэл таны цалингаас 300 мянган төгрөгөөс илүүг суутгах байх. Тиймдээ ч залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс тухайн мөнгөө банкинд хадгалуулсан нь илүү үр өгөөжтэй гэж ярьж байна. Ер нь бид нийгмийн даатгалын тогтолцоонд том шинэчлэл хийх хэрэгтэй.

Төсөв талаасаа хүндрэлүүдийг ярьж байгаа ч иргэдийн нуруун дээрх ачаа илүү хүнд болсон. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн шалтгааныг судлахаар Нийгмийн даатгалын сан нь тэтгэврээ тавьж чадахаа больсонтой холбоотой байгаа юм. Энэ жил улсын төсвөөс нийтдээ 600 орчим тэрбум төгрөгийн татаас авсан. Ирэх жил нэг их наяд төгрөгийн татаас өгөхийг ч үгүйсгэхгүй. Энэ нь нийгмийн даатгалын тогтолцоонд гажуудал үүссэнийг харуулж байгаа юм.

-Тэгэхээр Нийгмийн даатгалын сан хангалттай хуримтлал үүсгэж чадахгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Иймд бид Нийгмийн даатгалын сангийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, иргэдийг НДШ-ээ идэвхтэй төлүүлдэг болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл энэ боломжийг олж харахгүйгээр НДШ-ээ төлж буй цөөн хэдхэн ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдэдээ ачаа дарамт учруулж байна.

Тэд энэ ачааллыг даахгүй сөхөрч унах нь байна. Үүнтэй холбоотойгоор би Ерөнхийлөгчийн тавьж буй хоригийг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч гурван асуудлаар хэсэгчилж хориг тавьсан. Үүний нэг нь сая дурдсан Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж буй тухайд юм.

Гэхдээ НДШ-тэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригт ороогүй, гишүүд анзаараагүй өнгөрсөн, Засгийн газар анхаарал тавихгүй байгаа нэг асуудал бий. Малчид болон хувиараа бизнес эрхлэгчдэд 2020 ондоо багтаан НДШ-ээ нөхөн төлөх бололцоог олгож буй. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд төлж чадаагүй НДШ-ээ нөхөн төлөх боломжтой болж байна гэсэн үг. Энэ нь зарчмын хувьд нийгмийн даатгалын сан, бааз бүрдүүлэх, НДШ төлөгчдийг нэмэгдүүлэх зөв шийдвэр. Учир нь өнөөдөр нийт малчдын 20-хон хувь нь л НДШ төлдөг. Харин нийт хувиараа бизнес эрхлэгчдийн 30 хувь нь л НДШ төлж байна. Үлдсэн хүмүүс нь тэтгэвэрт гарч чадахгүй нөхцөл байдалтай байна. Тэр утгаараа төрөөс нэг удаагийн боломж олгож байгаа нь зөв. Гэхдээ бодлого нь ч зөв байх хэрэгтэй. НДШ огт төлж байгаагүй энэ иргэд өнгөрсөн хугацаанд санхүүгийн хүндрэлтэй, зээлээс зээлийн хооронд байсан болов уу. Гэсэн ч Засгийн газар НДШ-ийг нөхөн төлөх итгэлцүүрийг нь буруу тооцоолсон. Нөхөн төлж байгаа хүмүүс нэг сарын НДШ-д 43 мянган төгрөг төлөхөөр байна. Дийлэнх нь 10-аас дээш жил НДШ төлөөгүй хүмүүс байгаа. 10 жил төлөөгүй гэж үзэхэд таван сая төгрөг болгож нөхөн төлнө гэсэн үг. Тэгэхээр бэлэн таван сая төгрөг гаргаад төлнө гэдэг тун хүндрэлтэй. Ядаж он оных нь итгэлцүүрээр бодох юм бол арван жилийн НДШ-ийн нөхөн төлбөрт гурван сая төгрөг төлөх юм. Иргэдэд энэ боломжийг нь олгох хэрэгтэй. Энэ мөнгийг ах, дүү хамаатан саднаасаа зээлээд, тэтгэврийн мөнгөнөөсөө өгчих боломжтой. Ингэж Нийгмийн даатгалын сангийн бааз сууриа нэмэгдүүлэх нь чухал байна.

-Ямартаа ч Нийгмийн даатгалын шимтгэл нэмж буй асуудлыг Их хурал дахин авч үзэхээр боллоо.

-УИХ-аар авч хэлэлцэх ёстой. Нийгмийн хүлээлт ийм байна. Би саяхан тойргоороо яваад ирлээ. Сумын төвийн иргэдтэй уулзахад НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэж байна. Тиймээс бид зайлшгүй энэ асуудлыг эргэн харж, авч үзэх ёстой юм.

-Сонгуулийн тогтолцоог 50:26 болгох эсэхийг УИХ одоо хэлэлцэж эхлээд байна. Та дэмжиж байгаа юу?

-Бид УИХ-ын долоон сонгууль хийж, тэр бүртээ сонгуулийн тогтолцоог өөрчилсөн. Одоо найм дахь удаагаа өөрчлөх эсэхийг шийдэх гэж байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа учир шалтгааныг нь аваад үзэхээр дандаа улс төрийн намаас болж байгаа юм.

Улс төрийн нам хүчнүүд ирэх жилийн сонгуульдаа яаж ялалт байгуулах вэ, ямар тогтолцоогоор оролцвол манай нэр дэвшигчид олон санал авах вэ гэдгээ л хардаг. Эсвэл тухайн улс төрийн нам доторх эрх мэдэлтнүүд яавал бид эргэн сонгогдох вэ гэдгээ л бодож байгаа. Ийм л тогтолцооны болоод хандлагын гажуудал байна. Энэ хүрээнд л бид сонгуулийн хуулийг өөрчилж ирсэн. Гэвч ард түмэн энэ сонгуулийн хуулиа өөрчил, бидний эрх ашиг хөндөгдөж байна гэж огтхон ч ярьж байгаагүй. Харин нэг удаа буюу 2016 оны сонгуулийн өмнө ард нийт энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн. Сонгуулийн сурталчилгаа хийж байх үед “Жагсаалт гэх зүйлээ дахин битгий гаргаж ирээрэй” гэж иргэд захиж байсан. Жагсаалт нэрийн дор тухайн намын эрх бүхий албан тушаалтанд ойрхон, хамааралтай байдаг, гишүүн болох мөрөөдөлтэй ч төрд байх ёс зүйгүй хүмүүс магадгүй мөнгө төлж орж ирэх боломжтой гэдгийг хэлж байсан. “Буух эзэн, буцах хаяггүй” гишүүдийг битгий бий болгоорой, сонгуулийн хуулиараа хааж өгөөрэй гэсэн хүсэлтийг тавьж байсан. Бид Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа бол нийтлэг эрх ашгийнхаа хүрээнд Монгол Улсын сайн сайхан, ард түмний хүсэлт хүлээлтийн төлөө байх ёстой. Улс төрийн намыг хүчтэй байлгадаг улс төрийн намд үйлчилдэг тогтолцоо 27 жилийн хугацаанд хэрэгжлээ. Бид үүнийг өөрчлөхийг хүсч л байгаа бол шударга, ардчилсан сонгодог зарчмыг л тусгах хэрэгтэй. Энэ нь 2016 оны сонгуулийн тогтолцоо болох жижиг 76 тойрог юм. Иргэд өөрсдийнхөө оролцоотойгоор төлөөлөгчөө сонгодог, түүгээрээ дамжуулж санал бодлоо илэрхийлдэг тогтолцоог шударга гэж үзэж байгаа.

-Тэгэхээр таны хувьд 50:26-гаар явуулахыг дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?

-26 хүнийг жагсаана гэдэг тухайн улс төрийн нам дахиад хүчтэй болно. Жагсаалтад орох нэгнийг хувь хүмүүс шийднэ. Эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүмүүс нь сонгогдох нөхцөл бий болно. Нөгөө талаараа залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогдох боломж тэр хэрээр багасна. Жагсаалтад орууллаа гэхэд магадгүй 15-аас хойш эрэмбэлж, бэлгэ тэмдэг төдий л орох болов уу гэж харж байна. Зарчмын хувьд бид сонгуулийн нэг тогтолцоотой байх ёстой. Үүнээсээ хэлбийлгүйгээр 10-20 жил мөрддөг байх учиртай.

Онцгой нөхцөлд, ард нийтийн хүсэл эрмэлзэл дээр үндэслэж өөрчилдөг байх хуулийн төслийг хийх хэрэгтэй. Дээрээс нь жижиглэсэн тогтолцоо нь өргөн дэлгэр нутаг, цөөн хүн амтай Монгол Улсад зохимжтой юм. Сөрөг талыг нь төсөвтэй холбож тайлбарладаг. Жижиг тойргуудад төсвийн мөнгийг үрэн таран хуваарилж, улсын хөгжлийн том бодлого хэрэгжихэд тээг саад болж байна гэж шүүмжилдэг нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг Төсвийн тухай хууль, санхүүгийн сахилга батыг сайжруулах хүрээнд шийдэж болно. Зөвхөн төсвийн хуваарилалтаас болж сонгуулийн хуулийг өөрчилж, улсынхаа онцлогийг буруушаах нь оновчгүй.

Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. Учир нь 2016 онд сонгуулийн тогтолцоон дээр Цэц бүрэн шийдвэрээ гаргачихсан. Иргэд өөрсдөө сонгох эрхээ бүрэн, шууд эдэлдэг, иргэдээс сонгогдсон хүмүүс нь гишүүн болдог байх асуудлаар Цэц шийдвэрээ гаргасан. Техник технологи талаасаа ч боломжгүй. Монгол Улсад бүртгэлтэй 34 нам байна. Тэд тус бүр 26 хүн нэр дэвшүүлэхэд 800 гаруй болно. Иргэдийн хувьд 800 хүний нэрийг нэг бүрчлэн уншиж танилцана гэдэг боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, бичиг үсэг тайлагдаагүй хүмүүст энэ нь тун бэрхшээлтэй. Тэр ч утгаараа энэ нь сонгогчийн эрхийг зөрчиж байгаа асуудал юм.

-Нэг тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдийг хувь тэнцүүлсэн байдлаар жагсаах нь хэр шударга юм бэ?

-Хамгийн өндөр санал авсан хүн тухайн жагсаалтад байгаа намынхаа хүнийг оруулж ирнэ гэж байгаа юм. Энэ нь тун буруу. 500 мянган санал авсан хүн 500 хүний саналтай хүнийг чирээд гишүүн болгоно гэдэг шударга бус. Энэ тохиолдолд 50 мянган саналтай хүн гишүүн болж чадахгүй нөхцөл үүснэ. Ёстой оймс, бүсэнд хавчуулагдсан нэгэн гэх нэр томьёо гарч ирж таарна. Тиймээс ард иргэдээс ямар санал авна тэр хувь хэмжээгээр жагсаад гарч ирэх ёстой гэж үзэж байна.


Categories
мэдээ нийгэм

Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг урлагийн сэтгэл засал эмчилгээний өрөөтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. Дэлхийн олон оронд эрчимтэй хөгжиж байгаа Art therapy нь ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн практикт анхлан нэвтэрч байгаараа онцлог юм.

Art therapy эмчилгээг:
•Сэтгэл санаа тайван бус, айдас, түгшүүртэй жирэмсэн эхчүүд
• Үргүйдэлтэй эмэгтэйчүүд
• Төрсний дараах сэтгэл гутрал
• Сөрөг зан төлөв, сөрөг хандлагатай хүмүүс
• Амьдралын аливаа бэрхшээлээс болж сэтгэл тавгүй, тайван бус байдалд орсон хүмүүс
• Ажлын ачааллаас үүдэн стрессд орсон байгууллагын ажилчид, удирдах ажилтан өөрийн хийсэн бүтээл дээрээ дүгнэлт хийж өөрийгөө ойлгон танин мэдэж , стресс бухимдал, өвчин шаналгаа, сэтгэл санааны зовуураас ангижруулан , амьдралыг сайн сайхнаар харах, амьдралд улам илүү итгэл үнэмшилтэй болж, аз жаргалтай амьдрах хүсэл эрмэлзэл төрж сэтгэл зүйгээ анагаах ач холбогдолтой ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Хаш-Эрдэнэ: Бидний эрх мэдэл, нөлөөг нэмэх сонирхол хоёр хөршид байхгүй учраас хийн хоолой Монголыг тойроод байна

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Орос, Хятадыг холбосон хийн хоолой, хурдны зам гэх мэт ложистикийн том шийдлүүдийг Монголоор дайруулах тухай асуудал олон жилийн өмнөөс яригдсан ч хоёр хөрш маань биднийг тойрсоор өнөөг хүрсэн. Сая гэхэд л манайхыг тойруулж хийн хоолой тавьснаа нээлээ. Монголоор дайруулахгүй байгаа нь цаанаа ямар шалтгаантай гэж та харж байна вэ?

-Хоёр хөрш манайхаар дамжуулж хийн хоолой тавибал мэдээж бидэнд асар их ашигтай. Хийн хоолой бол ложистикийн нэг том зам. Хийн хоолойноос гадна Замын-Үүд Алтанбулагийг холбосон олон улсын шинж чанартай хурдны зам барина гэж олон жил ярьсан. Хэрвээ энэ замыг баривал мөн л ложистикийн том шугам болно. Хийн хоолойн хувьд манайхыг тойруулж тавиад байна л даа. Нэг талаас нь харвал бид өөрсдөө идэвхтэй ажиллаагүй байх магадлал бий. Гэхдээ манай зүгээс аль болох хөнгөлөлттэй нөхцөл санал болгож, урамшуулал үзүүлээд нутаг дэвсгэртээ тавиулах сонирхол өндөр яваа нь хэтэрхий тодорхой асуудал. Учир нь хийн хоолойгоор дамжих хийг дундаас нь авч ашиглах боломж нээгдэнэ. Тэр хийгээр байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэртэй болох гарц ч бий. Манай улсын дундуур яагаад хийн хоолой тавихгүй байна вэ гэсэн асуулт тавиад харахаар нэг зүйл тун тодорхой харагддаг. Улс төрийн шинж чанартай шийдвэрүүд л голчилж нөлөөлдөг байх.

-Улс төрийн шинж чанартай шийдвэрүүд гэдгээ тодруулаач?

-Хэрвээ Монголын нутаг дэвсгэр дээгүүр хийн хоолой тавигдчих юм бол монголчуудын эрх мэдэл нэмэгдэж таарна аа даа. Манай эрх мэдэл нэмэгдвэл хамгийн түрүүнд юунд нөлөөлөх вэ гэж ухаж харъя. Орос, Хятадтай хийх хэлэлцээрт нөлөөлнө. Эрх мэдэл, нөлөө хүч нь нэмэгдсэн улс ямар нэгэн хэлэлцээрт арай өөр түвшнээс хандаж оролцох нь тодорхой. Тийм учраас бидний эрх мэдлийг нэмэх сонирхол хоёр талд байхгүй болов уу. Ийм шалтгаанаар манайхыг тойруулаад яваа байх.

-Эдийн засгийн чигийн асуудал ч байгаа юм биш үү, жишээ нь бид шатахуунаа бараг 100 хувь хойт хөршөөс худалдаж авдаг…?

-Тийм тал ч бий. Хийн хоолой тавигдвал манай улсын хувьд маш өндөр орлогын эх үүсвэр бий болно. Таны сая хэлсэнчлэн бид оросуудаас шатахуунаа худалдаж авдаг. Шатахууны хэрэглээгээрээ бараг 100 хувь хойт хөршөөс хамааралтай. Хэрвээ хийн хоолой тавьчихвал бид тэднээс хий дамжуулсны төлбөр гэж их хэмжээний мөнгө авах болно.

-Хятад, ОХУ биднийг давж гар бариад яваа нь урд хөршийн том банкны салбарыг оруулж ирэхгүй хааж боож суугаагаас боллоо гэх мэт шалтгаанууд дуулддаг. Жишээ нь, урд хөрш нүүрсний импортоо түр зогсоосныг хоёр улсын харилцаатай холбож харах хүн цөөнгүй байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Тодорхой зарим бодлогын хүрээнд үзүүлсэн реакци гэх мэт асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ том зургаар нь харвал хятадуудын бодлого бидний эсрэг чиглэсэн зүйл байхгүй. Жишээ нь, Хятадын тал өмнө нь хэзээ ч “Бид импортыг дэмжинэ” гэж ярьдаггүй байсан. Гэтэл саяхан, жил хүрэхгүй хугацааны өмнө Хятадын дарга “БНХАУ импортыг дэмжих болно” гээд зарлачихсан. Бидний хувьд маш том боломж нээгдэж байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд бид өөр хоорондоо хэрэлдээд боломжоо ашиглаж чадахгүй суугаа. Түүнээс биш хятадууд бидний эсрэг явсан зүйл байхгүй, Монголын ард түмэн ч хятадуудын эсрэг зогсоогүй. Товчхондоо дотооддоо ойлголцоод урагшлах л том асуудал болоод байна. Хятадын даргын мэдэгдэлд би хувьдаа их олзуурхсан. Америкууд хүртэл Хятад гэж аварга зах зээлийг сонирхож байна шүү дээ. Маш том хэрэглээний зах зээл учраас дэлхийн улс бүр Хятад руу гарахыг хүсдэг. Хятадад бараа бүтээгдэхүүнээ зарахаар тэмүүлдэг. Тэр том зах зээл рүү орох боломж өндөртэй улс бол яах аргагүй бид. Хажуу бөөрөнд нь байгаа учраас Хятад гэж аварга зах зээл рүү орох асуудал биш. Хамгийн гол нь яаж, ямар бодлоготойгоор орох вэ гэдгээ л тодорхойлох учиртай.

-Сүүлийн үед Америк, Хятадын хооронд өрнөж буй үйл явдлыг анзаарахаар худалдааны дайн мөддөө намжихгүй нь гэсэн гаргалгааг төвөггүй хийчихэж болохоор байна. Таныхаар урд хөрш, Америкийн зөрчил хэр хугацаанд үргэлжлэх зураг харагдаж байна?

-Америк, Хятадын худалдааны зөрчил бараг хоёр жил орчим үргэлжилж байна. Энэ хугацаанд арав гаруй удаа уулзаж, хэлэлцээ хийж, зарим нэг үр дүнд хүрээд явж байгаа ч яг эцсийн тохиролцоонд хүрсэн зүйл алга. Юуны өмнө энэ зөрчилдөөн яагаад үүсэв гэдэг шалтгааныг нь ухаж харах хэрэгтэй. Тэгж байж худалдааны дайн хэр удах, хэдий хугацаагаар үргэлжлэх, яг хэзээ зогсох тухай асуудал яригдах байх. Америк, Хятадын зөрчлийг харахаар нэг нь дэлхийн эдийн засгийн тогтолцоонд эзэлж буй байр сууриа хадгалах гэж оролдож байна. Нөгөө нь өнөөхийнхөө байр суурийг эзэлж авахыг хүсч эрчтэй үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн. Хоёр талын ийм зөрчилдөөн дэлхийн худалдааны дайн гэх ойлголтыг бий болгосон юм. Гол шалтгаан нь энэ гээд харахаар хоёр улсын зөрчил цаашид ч үргэлжилнэ. Америк дэлхийн эдийн засагт эзэлж яваа байр сууриа тавьж өгөхийг хүсэхгүй. Дэлхийн тэргүүлэгч гүрэн хэвээр оршихыг хүснэ. Хятадын тухайд төрөл бүрийн санхүүгийн зах зээлд эзэлж буй байр суурь нь асар хүчирхэгжсэн. Дэлхийн хэмжээнд эргэлддэг мөнгө, зээлд эзэлж буй орон зай нь мэдрэгдэхүйцээр томорсон. Ингээд харахаар Хятад улс сүүлийн хориод жилд яалт ч үгүй цойлсон. Тэр утгаараа дэлхийн маш том эдийн засаг болчихсон. Хятад улс тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө шийдэл гаргаж, бодлого хэрэгжүүлж яваагийн наад захын жишээ гэхэд л юанийг дэлхийн хэмжээнд зөвшөөрөөд байгаа. Хятад улс юаниа ОУВС-гийн нөөц валют болгоод авлаа. Ингээд ч зогсоогүй. Ази, Африкийн маш олон оронд асар их мөнгөн дүнгээр яригдах зээл өгч улс төр, эдийн засгийнхаа байр суурийг нэмэгдүүлж яваа. Хятадын байр суурь ингэж тэлээд ирэхээр АНУ эсрэг арга хэмжээ авахаас аргагүйд хүрсний нэг илрэл нь худалдааны дайн. Цаана нь ийм шалтгаанууд бий учраас худалдааны дайн хурдан намжихгүй болов уу.

-Эдийн засагчид худалдааны дайныг нэг талаас эрсдэл ч нөгөө талаас зарим улс оронд боломж олгож эхэлсэн гэж онцолж байгаа. Жишээ нь, ямар улс Америк, Хятадын зөрчлөөс ашиг, боломж хүртэж байна вэ?

-Таны хөндсөн өнцөг зөв л дөө. Худалдааны дайн хэзээ намжих бол гэж хүлээж суухаас илүү энэ цаг үеийг яаж ашиглах вэ гэдэгт л анхаармаар байгаа юм. Худалдааны дайнаас хамгийн их ашиг хүртэж суугаа улсын нэг нь Вьетнам. Хятадад үйл ажиллагаагаа явуулж байсан том үйлдвэрүүдийн ихэнх нь Вьетнам руу шилжчихлээ. Ийм шилжилт явагдсаныг урд хөршийн эдийн засгийн сүүлийн үеийн тоон мэдээллүүдээс харчихаж болно. Вьетнамын тухайд ажиллах хүчин хангалттай, хөдөлмөрийн нөөц ихтэй орон. Хөдөлмөрийн зардал бага гэсэн давуу тал бий. Хятадтай ойролцоо нөхцөлтэй учраас үйлдвэрүүд тийш шилжээд байна.

-Манай улсын хувьд Вьетнамтай адил хөдөлмөрийн нөөц бага гэх мэт давуу талгүй. Тэгвэл бидэнд ямар боломж байна?

-Европ болон Америкийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.

-Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг үргээгээд яваа улсад тэд хөрөнгө оруулах уу?

-Хэд хэдэн том шалтгаан бий. АНУ-ын тухайд худалдааны дайн үүсэх нэг шалтгааныг оюуны өмчийн хулгай гэж онцолж байгаа. Хятадууд сүүлийн үед мэдээллийн технологи, хиймэл оюуны ухааны салбарт хүч түрж, хөгжлийн өндөр түвшинд хүрчихсэн. Дэлхийн эдийн засгийн дараагийн чиг хандлага бол үйлдвэрлэл биш. Оюуны хөгжил, мэдээллийн технологийн салбар л дэлхийн эдийн засгийг тодорхойлно. Ингээд харахаар хиймэл оюуны хөгжил, мэдээллийн технологийн салбараараа цойлсон улс л ирээдүйд хүчирхэг нөлөөтэй оршино. Хятадууд энэ байр суурийг эзлээд авчихаар бөөрөнд нь аж төрж яваа бидэнд ч боломж нээгдэж, давуу тал үүснэ. Бүр тодруулж хэлбэл, бид мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан ашиглаж хөгждөг салбарт Америкаас хөрөнгө оруулалт татах боломжтой. Учир нь манай бүс нутгийг бүхэлд нь Хятадын гарт өгөх сонирхол тэдэнд байхгүй.

-Яагаад?

-Хэрвээ тэд биднийг орхивол орос, хятадууд энэ бүс нутгийг бүхэлд нь хянах нөхцөл үүснэ. Хятад, Оросыг хянахын тулд бидэнд туслах, дэмжих, хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг тэд мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

-Бүсдээ ардчиллын баян бүрд гэсэн тодотгол маань тэдэнд чухал гэж үү?

-Яг тийм. Ардчилсан засаглалтай Монгол гэдэг улс Орос, Хятадын дунд дажгүй оршиж, аж төрөх нь АНУ-д ашигтай.

-Таны хэлсэн шалтгаан бодитой сонсогдож байна. Нөгөө талаас нь харвал хүн ам цөөн, ажиллах хүч багатай манай улсад хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн салбар хөгжих боломж илүү өндөр байх, эдийн засаг талаасаа…?

-Санал нэг байна. Манай улс хүн ам цөөнтэй учраас хөдөлмөрийн оролцоо ихтэй үйлдвэрлэлийг хэзээ ч хөгжүүлж чадахгүй. Энэ талаараа Хятадтай өрсөлдөж хүчрэхгүй. Харин оюуны потенциал сайтай гэсэн давуу талаа ашиглаад урагшилбал илүү үр дүнд хүрнэ. Ер нь Монголын хувьд хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи хөгжих давуу тал ихтэй. Манай бүс нутаг мэдээллийн технологийн хувьд Хятад, Орос гэдэг улсын бүрэн мэдэлд орчих гээд байгаа. Энэ хоёр улсад мэдээллийн технологиор цуглуулагдаж байгаа маш их дата мэдээлэл бий. Гэтэл нөгөө талд энэ хоёр улсыг мэдээллийн технологиор хянах сонирхол Америкт байна. Манай улс цаг агаарын хувьд сэрүүн уур амьсгалтай. Дата мэдээллүүдийн баазыг цуглуулж хадгалах цаг уурын, нөхцөл байдлын, газар зүйн хувьд тохиромжтой газарт оршдог. Тэгэхээр бид дата мэдээллүүдийг цуглуулдаг, хадгалдаг HUB болж хөгжих боломжтой. Энэ зүгт гаднын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гээд байгаа нь цаанаа ийм шалтгаантай юм.

-Америкт ийм сонирхол үнэхээр бий эсэхийг баталсан бодитой жишээ юу байна?

-Америкийн конгрессоор Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал хуулийн төслийн хэмжээнд яригдаж яваа нь тохиолдлын хэрэг биш гэж би хувьдаа харж байгаа. Манайд хөрөнгө оруулах, бидэнтэй ажиллах сонирхол америкчуудад байгаагийн нэг илрэл болов уу. Тэгэхээр улс төр, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг ашиглаж аль болох их хэмжээний хөрөнгө оруулалт татах тал дээр ажиллах хэрэгтэй. Давтаад хэлэхэд гаднаас хөрөнгө оруулалт татах замаар хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи гэх мэт уламжлалт бус салбарын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх боломж бидэнд байна. Америк, Хятадын худалдааны дайны зөрчлийн үр дагавар нь тун тодорхой. Худалдааны дайн сунжрах хэрээр энэ хоёр улсын эдийн засгийн өсөлт саарна. Эдийн засгийн өсөлт нь саараад ирэхээр хятадуудын биднээс авдаг түүхий эд, материалын худалдан авах хэмжээ багасна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авах хэмжээ багасна гэсэн үг.

-Ийм эрсдэлийг хохирол багатай туулах бэлтгэлээ бид хийж эхэлсэн үү?

-Одоогоор хийж эхэлсэн зүйл алга. Уг нь яг өдийд бид “Хятад улс уул уурхайн бүтээгдэхүүн авахаа багасаад эхэлбэл өөр юугаар худалдаа хийж орлого олох боломжтой вэ” гэсэн асуултын хариуг олчихсон байх учиртай. Эрсдэлийг урьдчилж хараад бэлдчихсэн байх учиртай. Жишээ нь, бид хувийн хэвшлээ дэмжиж, бэлдэж, чиглүүлээд явж байх ёстой. Харамсалтай нь тэгэхгүй байна л даа. Наад зах нь ЖДҮ-ийнхээ санхүүжилтийг яг хэрэгцээтэй гэсэн салбар руу чиглүүлсэн зүйл харагдахгүй байх жишээний. Иймэрхүү байдлаар урьдчилж бэлдэж байж дэлхийд өрнөж буй энэ тоглоомд тэсч үлдэх байх.