Categories
мэдээ нийгэм

Г.Ганжаргал ахлагчтай “Ирээдүй” баг Улсын аварга болов

Даамын спортын Монгол Улсын багийн аварга шалгаруулах тэмцээн 19 дэх жилдээ зохион байгуулж 13 баг өрсөлдсөн бөгөөд үндсэн төрөлд швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай “Ирээдүй” баг 11 оноогоор аварга болов.

Дэд байрт Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Г.Гэрэлболд ахлагчтай “Энэрэл-2” баг 10 оноогоор шалгарсан байна. Харин СМ Д.Чойжилсүрэн ахлагчтай “Сонгодог байрлал-1” баг 9 оноогоор хүрэл медалийн эзэд боллоо. Шагналт IV-V байрт тус бүр 9 оноо авсан СМ Г.Энхтуяа ахлагчтай “ББЖ мастер”, ДДХМ Д.Ганболд ахлагчтай “Энэрэл-1” багууд шалгарсан.

Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 2019 оны багийн УАШТ 12 дугаар сарын 6-8-нд Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуулийн байранд болсон юм. “Ирээдүй” багийн хувьд багийн улсын аварга цолыг хүртсэн найм дахь баг болсон байна.

Түргэн тоглолтын төрөлд мөн л “Ирээдүй”-гийн даамчид 12 оноогоор аваргалж, давхар цохилт хийсэн байна. Мөнгөн медалийг ОУИМ Р.Манлай ахлагчтай “Алтан хүү-1” баг 10, хүрэл медалийг ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг 10 оноогоор тус тус хүртсэн.

Уламжлал ёсоор ширээ бүрийн аваргуудыг тодруулсан бөгөөд хувийн дүнгээр I ширээнд ДДХМ Ц.Сүхбат /Хасу-Мегастарс/, II ширээнд СМ Д.Эрдэмбилэг /Ирээдүй/, III ширээнд СМ Л.Гансүх /ББЖ мастер/, IV ширээнд ДДХМ Б.Нандинцэцэг, V ширээнд ДДХМ Э.Хүслэн /Алтан хүү-1/ нар аваргалжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Отгонсүх: картаа цэнэглэх тал дээр илүү олон талын төлбөрийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна

Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон Улаанбаатар Смарт картын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтанд Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо.

Arslan.mn

Уулзалтын эхэнд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс гомдол, санал ирдэг. Тухайлбал автобусны цэвэрлэгээ, үйлчилгээ, автобуснууд буудал руугаа бүрэн орж зогсохгүй байх зэрэг асуудлуудыг тавьж байна. Мөн нийтийн тээврээр иргэд бэлэн мөнгөөр зорчих, карт цэнэглэх цэгүүд яг цагтаа онгойж ажиллахгүй асуудлууд шийдэгдэхгүй байна. Түүнчлэн картаа цэнэглэх тал дээр илүү олон талын төлбөрийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна. Тиймээс дээрх асуудлуудтай холбогдуулан дараах хэд хэдэн арга хэмжээг авч, эрчимжүүлэн ажиллана.

Үүнд нийтийн тээврийн газар, тээврийн цагдаагийн албатай хамтран нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээг хааж зогсдог, машинаа орхидог энэ байдалтай тэмцэж зохих хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах, Улаанбаатар смарт карт компаниас энэ ондоо багтаан карт цэнэглэх цэгээ нэмэгдүүлэх, одоо ажиллаж буй карт цэнэглэж 530 цэгүүд өглөө эрт яг цагтаа онгойж иргэдэд үйлчилдэг байх тал дээр хяналтаа сайжруулж ажиллах, нийтийн тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээн дээр НТҮГ-аас тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна. Миний бие салбар хариуцсан төслийн удирдагчийн хувьд дээрх санал гомдлын дагуу асуудлыг шийдэж ажиллаж байна уу гэдэг дээр тогтмол хяналтаа тавьж ажиллах болно. Мөн иргэд картаа цэнэглүүлж нийтийн тээврээр үйлчлүүлээд сугалааны дугаартай и-баримт авдаг болох асуудал удаа дараа яригдаж байна.

Энэ тал дээр Улаанбаатар смарт коампаниас сангийн яам, татварын алба руу хандаж шуурхайлах шаардлагатай. Түүнчлэн иргэд, зорчигчдод карт цэнэглэх, бусад холбогдох мэдээллийг сайн хүргэж ажилла. Нийтийн тээврээр бэлэн мөнгөөр зорчих асуудлыг бүх талын холбогдох байгууллагуудыг ажлуулж цэгцлэх болно. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хувьд ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ.

Arslan.mn

Уулзалтын үеэр Улаанбаатар смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү хэлэхдээ “манай байгууллагын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, гүйцэтгэл муу ажиллаж байгаа цэнэглэх цэгүүдтэй гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байна. Бүтэн нэг жилийн датаг харахад өглөө эрт онгойдог цэнэглэх цэг зургаадугаар сард гэхэд л 30-40 байсан бол өнөөдөр 80 болж нэмэгдсэн. Бид энэ сарын 20-оос өмнө поссын цэнэглэлтээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон. Төлбөрийн олон талт системийн хувьд одоо хаан, голомт банкны төлбөрийн картаар нийтийн тээвэрт зорчиж байгаа.

Харин бусад банкуудтай гэрээ хийсэн боловч шинэ төрлийн төлбөрийн карт гаргахад монголбанкнаас зөвшөөрөл өгдөг. Монголбанкнаас зөвшөөрөл өгөхгүй хүлээгдээд байгаа учраас энэ асуудал хүлээлтийн байдалд байна. Нийтийн тээврийн төлбөрийн системд и-баримт олгох системийн ажлыг манайхаас хийж дууссан. Гэвч татварын албанаас энэ системийг нэвтрүүлэхэд төсөв суугдаагүй, тэдний сервер ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн. Цаашид бид цэнэглэх цэгүүд дээрээ тавих хяналт, дотоод зохион байгуулалтаа сайжруулж ажиллана” гэлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ, соёл, зорчих хурдыг сайжруулахад НЗДТГ болон холбогдох албаныхан анхаарч, эрчимжүүлсэн шат дараатай ажлуудыг эхлүүлэхээр болжээ.

Arslan.mn

Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэв

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэв. Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа уг төслөөр гэр хорооллын иргэдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслээр хангах, Улаанбаатар хотын утааг бууруулах зорилготой 2012 оноос хэрэгжиж иржээ. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэг тоосонцрыг бууруулахад ахиц гарсан аж. Цар хүрээг өргөтгөх зорилгоор 19 аймагт хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилт олгох юм байна. Эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Гишүүн М.Оюунчимэг “Энэ төслийг дэмжиж байгаа. Энэ төслийн хүрээнд үр дүнд хүрсэн зүйл ч байгаа. Салхинд хийсгэсэн асуудал ч бий. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцуудыг бий болгох гэж байгаа. Гэр хорооллын иргэд хашаандаа байшин барих гэхээр банк зээл олгодоггүй, гэр хорооллыг дэмжинэ гэдэг ч иргэд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тиймээс энэ төслийн хүрээнд гэр хорооллыг дэмжиж, төлбөрийн чадварт нийцсэн стратеги чиглэл рүү нь явуулах уу?” гэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:

-Төсөл хэрэгжих хугацаанд 40 мянга гаруй айл өрхөд санхүүгийн дэмжлэг өгсөн. Сайжрууулсан зуух айл өрхүүдэд олгож, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг боловсруулсан. Эрчим хүчний хэмнэлттэй дулаан зуух, хямд өртөгтэй орлогод нийцсэн орон сууц төслийг АХБ-тай хамтран хэрэгжиж байгаа. Цаашид хямд өртөг бүхий орон сууцны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн хариулав. УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Энэ жил нийслэлчүүд агаарын бохирдол багатай өвөлжиж байна. Гэхдээ гэр хорооллын иргэдийн түлшний хэрэгцээн дээр анхаарах хэрэгтэй, гал алдуулж болохгүй. Энэ дотроо зуухны асуудал оруулж иржээ. Зуухаар агаарын бохирдол буураагүй. Шахмал түлшний шинэчлэл хийж байгаа, сервисцентр байгуулж байгаа, шөнийн халуур руугаа анхаарах хэрэгтэй байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:

-Нийтдээ 10 шугам үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр 3000 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэхээр хүрсэн. Зөвхөн өдрийн нь хүчин чадал хоёр өдрийн нөөц хангах бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ирэх жилүүдэд Улаанбаатар хот 100 хувь утаагүй болно биз дээ. Энэ жил алдаа оноо байгаа ч агаарын бохирдлыг бууруулах асуудалд амжилт гаргаж чадлаа. Станцуудын утаа л байна. Үүнийг яаж шийдэх вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавьсан. Бид түлшиндээ түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлшээр хангаж байгаа. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн байхгүй болж 100 хувь агаарын бохирдол арилна. 220 мянган гэр хорооллын айл өрх, автомашин ДЦС-ууд байгаа. Улаанбаатар хотын хөрс доройтолд орсон байгаа.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа уг зээлийн хэлэлцээрийг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалтын тов гарлаа

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

БҮРТГЭЛ:

2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд явагдана.

ШАЛГАЛТ:

2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулна.

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу орон даяар нэгэн зэрэг аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Categories
мэдээ спорт

М.Түмэнбаяр МОСХ-ны “Оны шилдгийн шилдэг тамирчин” болов

Монголын оюутны спортын холбооны 2019 оны шилдгийн шилдэг тамирчнаар таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Түмэнбаяр шалгарлаа.

Азийн наадмын 17 дугаар наадмын хүрэл медальт таеквондоч М.Түмэнбаяр 2019 онд Итали улсын Наполи хотноо болсон Дэлхийн Оюутны зуны спортын 30 дугаар универсиад наадмаас таеквондогийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн юм. Энэ нь 2019 оны онцлох амжилт төдийгүй Монголын таеквондогийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн түүхэн амжилт гэдгээрээ онцлогтой.

Энэ онд Монголын оюутны спортын холбооны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд өчигдөр /2019.12.10/ тус холбооны шинэ жилийн баярын үдэшлэг болж, М.Түмэнбаярт МОСХ-ны “Оны шилдгийн шилдэг тамирчин” шагналыг гардуулжээ.

Categories
гадаад мэдээ

Стокхолмд Нобелийн шагнал гардуулах ёслол болжээ

Шведийн хаан Карл XVI Густав хаан өнгөрсөн мягмар гарагт Стокхолмын филармонид анагаах ухаан, физик, хими, уран зохиол болон эдийн засгийн салбарт хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналыг гардуулжээ. Нобелийн шагналд тодорсон 14 хүн диплом болон алтан медаль гардан авсан байна.

Нобелийн сангийн дарга Карл-Хенрик Хелдин шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээн үг хэлэх үеэрээ шинжлэн ухааны аргуудыг хамгаалахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

“Альфред Нобель шинжлэх ухааны судалгааны ач холбогдолд бат итгэдэг байсан бөгөөд зөвхөн бодит байдлыг үндэслэн дэлхий дахин бодитой ахиц дэвшилд хүрэх боломжтой гэж үздэг байжээ. Харамсалтай нь түүний энэ өөдрөг үзэл өнөөдөр дэлхий дахинд эргэлзээ төрүүлж байна. Улс төрчид бодит байдлыг яаж няцааж байгааг бид харж байна” хэмээн тэрбээр ярьжээ.

Нобелийн шагналтнууд

Энэ оны физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздээр Америкийн эрдэмтэн Уильям Келин, Грегг Семенца, Их Британийн эрдэмтэн Петер Ратклифф нар тодорсон юм. Тэд амьд эд эсүүд бие махбодын хүчилтөрөгчийн түвшин өөрчлөгдөх үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг нээснийхээ төлөө уг нэр хүндтэй шагналыг хүртжээ.

Физикийн салбарт АНУ-ын судлаач Жеймс Пиблз “сансрын физикийн судлалд хийсэн онолын нээлтүүд”-ээрээ, Швейцарын эрдэмтэд болох Дидье Кело, Мишель Майор нар “нартай төстэй оддын тойрог замаас” нарны аймгийн гадна орших анхны гарагийг /51 Пегаса b/ олж илрүүлснийхээ төлөө энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болсон юм.

Америкийн эрдэмтэн Жон Гуденоф, Их Британийн эрдэмтэн Стэнлий Уиттинхэм, Японы эрдэмтэн Акира Ёшино нар “лити-ион цэнэг хураагуур бүтээснийхээ төлөө” энэ оны химийн салбарын Нобелийн шагнал авжээ.

Энэ удаагийн Нобелийн долоо хоног утга зохиолын салбарт хоёр шагналтны нэр тодорсноороо онцлог юм. 2018 оны Нобелийн шагналыг Польшийн яруу найрагч Ольга Токарчукт, 2019 оныхыг Австрийн зохиолч Петер Хандкед олгосон юм. “Токарчук “бүхнийг багтаасан хүсэл тэмүүллээр амьдралын хэлбэрийн хил хязгаарыг хэрхэн давахыг дүрсэлдэг утгачилсан дүрслэлээрээ, харин Хандке “хүний оршихуйн зах хязгаар болон өвөрмөц онцлогийг судалдаг ажилд нөлөөлснийхөө” төлөө энэхүү шагналыг хүртжээ.

Үүнээс гадна эдийн засгийн салбарт Энэтхэг гаралтай АНУ-ын судлаач Абхижит Банержи, Францын судлаач Эстер Дюфло, АНУ-ын эрдэмтэн Майкл Кремер нар “дэлхийн ядуурлыг бууруулах үр дүнтэй арга замыг нээснийхээ төлөө” Нобелийн шагналтан болсон юм.


Нобелийн медаль ба диплом

Нобелийн медалийг 18 каратын алтаар хийдэг бөгөөд нийт 175 граммын жинтэй байдаг аж. 1980 оноос өмнө уг медал 200 граммын жинтэй байсан бөгөөд 23 каратын алтаар хийдэг байжээ. Сонирхуулахад, эдийн засгийн салбарт шагнал хүртсэн хүмүүст арай илүү хүнд буюу 185 граммын жинтэй медаль гардуулдаг байна. Гэсэн хэдий ч Нобелийн медалийг дуудлага худалдаанд оруулах тохиолдолд жин бус хэн авч байснаас нь хамааран үнийг тогтоодог байна.

Нобелийн шагналын диплом нь 23×25 см-ийн хэмжээтэй гоёмсог хавтастай, өвөрмөц бичигтэй урлагийн бяцхан бүтээл байдаг аж. Физикийн салбарт шагнал хүртсэн хүмүүсийн диплом хөх, хими, физиологи, анагаахын салбар улаан, эдийн засгийн салбарыханд ногоон өнгийн диплом олгодог байна.

Categories
мэдээ спорт

Монголын сагсанбөмбөгчид B-One лигийн мөнгөн медаль хүртэв

БНХАУ-ын Аннин хотноо олон улсын /5х5/ сагсан бөмбөгийн B-One лигийн тэмцээн болж Монголын сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртжээ.

Энэ удаагийн тэмцээнд Тайланд, Энэтхэг, Япон, БНХАУ, Филиппин, Япон, Монгол Улсын баг тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Тэмцээний дүрмээр улс бүр нэг гадаад тоглогчийг багтаа оруулж тоглох эрхтэй. Үүний дагуу Монгол Улс АНУ-ын тамирчин Маркус Хаммондсоор багийнхаа хүчийг зузаатгасан юм.

Монголын сагсан бөмбөгчид аваргын төлөөх тоглолтод БНХАУ-ын багт хожигдож тус тэмцээний дэд аварга болж, 30 сая төгрөгийн шагнал хүртжээ.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, дасгалжуулагчаар Ш.Азжаргал, А.Алтан-Очир, багийн тамирчдаар О.Энхбаатар “Архангай Алтан Дорнодын Дайчид”, Т.Санчир “Архангай Алтан Дорнодын Дайчид”, Э.Дорж-Арилд “Ховд Шонхорууд”, Ц.Отгонжаргал “Ховд Шонхорууд”, С.Эрдэнэдалай “Сүхбаатар Дарьганга Альянс Тех”, Б.Дархантөгс “Сүхбаатар Дарьганга Альянс Тех”, Б.Батзолбоо “Сүхбаатар Дарьганга Альянс Тех”, А.Гансүх “Сүхбаатар Дарьганга Альянс Тех”, О.Доржзовд “Өвөрхангай Тэнүүн-Өлзий”, Марзус Хаммондс “Баянхонгор Мазаалай”, М.Өлзий-Орших, Х.Мөнхтөр /хоёул “Улаанбаатар” баг/ нар байв.

Categories
мэдээ нийгэм

ХОМ-ийн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтнуудын хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх чиглэлээр татварын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд мэдүүлэг гаргагчдын мэдүүлсэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь үнэн бодит эсэх, хувь эзэмшдэг хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд нь татварын байгууллагад тайлан, мэдээг үнэн зөв мэдүүлсэн эсэх, ХОМ-т мэдүүлсэн орлогууд нь татварын байгууллагад гаргаж өгсөн тайлан, мэдээтэй нийцэж байгаа, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгуулахаар Татварын ерөнхий газар, нийслэл, дүүргийн татварын хэлтэстэй хамтран ажилласнаар нэр бүхий 9 мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн татварын хэлтсийн иж бүрэн хяналт шалгалт явуулж компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтыг хянан шалгасан байна.

Шалгалтаар Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчлүүд илэрсэн төдийгүй нийт тэрбум 133 сая 194 мянга 100 төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт 3 иргэн, 4 аж ахуйн нэгж, байгууллагад 71 сая 43 мянга 400 төгрөгийн шийтгэлийн хуудсаар татварын улсын байцаагчийн зүгээс төлбөр ногдуулжээ.

Мөн уг хяналт шалгалтаар орлого, хөрөнгөө худал мэдүүлсэн 3 мэдүүлэг гаргагчид Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичгийг хүргүүлж, биелэлтийг ханган ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газар цаашид албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлсэн орлого нь үнэн бодит эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, орлого олсон бол тайлангаа хуулийн хугацаанд үнэн зөв тодорхойлон төлөх үүргийн хэрэгжилтийг хангуулах, цаашид хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх, татвараас зайлсхийсэн зөрчилд хариуцлага тооцуулах чиглэлээр татварын албадтай хамтран ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчид хоёр хүүхдийг галын аюулаас аварчээ

Байшингийн дээвэр шатаж, дотор байсан хоёр хүүхдийг галын аюулаас онцгой байдлын алба хаагчид аварсан байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XI дүгээр хороонд Н-ийн 4х2 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байгаа талаар дуудлага, мэдээлэл өчигдөр 05:32 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:37 цагт очиж, галыг унтраажээ. Гал түймрээс 10 настай охин А, 7 настай хүү Д нарыг авран хамгаалж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

​2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэнэ

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэхийг “Гааль татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-аас мэдээллээ.

Мөн энэ оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны 1-р улиралд олгохтой холбоотой ebarimt системийн хэрэглэгч та хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхийг шалгахыг анхаарууллаа.

Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол ebarimt системд дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай юм.