Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айдас төрүүлсэн “АРД ТҮМЭНЧ”, дарамт болсон “ЭХ ОРОНЧ”

Эх орон гэдэг үг ХХ зууны эхээр монгол хэлэнд нэвтэрчээ. Энэ үгийг “Монголын нууц товчоо”, “Богдын лүндэн” тэр ч байтугай 1921 оны Ардын намын анхны баримт бичгүүдээс олж харах нь юу л бол.

Тал нутгийн морьтон баатруудын улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг дээдлэх санаа нь овог аймгийн тэргүүндээ үнэнч байх, Чингис хаандаа зүтгэх, хожмоо Манжийн хааны хишигт мөргөх гэхчлэнгийн ойлголтоор илэрч байсан бололтой.

Энэхүү үнэнч байдал нь ёс суртахууны үнэт зүйл гэхээсээ илүүтэйгээр овог аймаг, амь насаа аварч үлдэх арга зам ажгуу. “Орондоо орох завгүй, Олзлолдон байлдаж” явсан он жилүүдэд хэн амиа аварсан нь, хэн отог омог, аймаг улсдаа сайн өмөг түшиг, авран хамгаалагч олж чадсан нь зөвдөж явсаар ХХ зуунтай золгожээ.

Харин энэ зуур хүн төрөлхтөн амиа авч үлдэхээс давсан “нэр төр” хэмээх эрх ашиг, отог овгоо хамгаалахаас хэтийдсэн үнэт зүйл болох “үзэл санаа”-тай болоод амжив. Амиа аврахын тулд нэр төрөө зарж, үзэл санаагаа сольдог байсан бол үзэл санаа, нэр төрөө амиараа хамгаалдаг болсон гэсэн үг.

ХХ зуунд монголчууд үндэстэн улс байхад нэн хэрэгтэй эрх ашгийн нийтлэг гаргаж ирсэн нь “Эх орон” хэмээх хэллэг ойлголт юм. Орос хэлний “Родина”, “родина-мать” (англиар Home­land юм уу даа) гэдэг үгийн монгол хуввилбар.

Ийм үг, үзэл санаа нь жалга жалгандаа, бууц бууцаараа эрх ашигтай нүүдэлчдийн хувьд маш том дэвшил байлаа. Танайх сайхан өвөлжихөөс давсан, манай хэдэн малтоо бүрэн онд мэнд орохоос хэтийдсэн нэг эрх ашиг чамд бас байна гэсэн үг л дээ. Амь амиа аргацаасан нүүдэлчдийн хувьд том дэвшил л дээ, уг нь.

Улмаар “Хамт олон” гэдэг шинэ ойлголт, шинэ үг гарч ирлээ. Энэ нь тодорхой бүлгийн эрх ашгийг илэрхийлнэ. “Сумын орон нутаг, байгууллага, ажлын газрын нэр хүндийг хамгаалах”, “Социалист хөдөлмөрийн бригадын нэр төрийг өндөрт өргөх” гэхчлэнгийн хэллэг ойлголт бий болов. Нийтээрээ нэр төртэй байх нь чиний хувийн нэр хүндээс давсан эрх ашиг болно гэсэн үг. Зэрвэс харахад, тал нутгийн нүүдэлчид эрх ашгийн нийтлэгтэй болж байгаа дэвшилт үзэгдэл.

Энгийн логикоор бол хүн жаргалтай амьдрах гэж төрдөг, харин жаргалтай амьдрахад сайхан гэр бүл хэрэгтэй, сайхан гэр бүл оршин тогтноход шударга засаглал, гарал үндэс ба шүтлэг уламжлалаараа гадуурхагдахгүй орчин хэрэгтэй. Энэ орчин бол эх орон. Хувь хүн аз жаргалаа бүтээх таатай орчин бол “Эх орон” бөгөөд хувийн аз жаргалын төлөө тэмцэл нь эх орны төлөө тэмцэл, эх орны төлөө үйлс нь эцсийн дүндээ хувийн аз жаргалынхаа төлөөх алхам болон уусч нэгддэг ийм л энгийн логиктой.

Гэтэл нүүдэлчид “эх оронжих” ба коммунизм байгуулах хоёр давхцав. Аль алин нь монголчуудын сонголт биш, хувь заяаны тулгалт байлаа. Коммунизм нь “нийтийн сайн сайхан”-ны төлөө хувь хүнийг золиосолсон тогтоц байв. Монгол хүн хувийнхаа эрх ашгийг илүү өргөн утгаар илэрхийлэх бас түүнийгээ үгүйсгэх хоёр давхацсан гэсэн үг. Ийнхүү амь амиа бодсон үзлээсээ салж эрх ашгийн нийтлэгтэй болох процесс нь хувь хүний эрх ашгийг үгүйсгэсэн коммунизм байгуулахтай давхцаад явчихлаа.

Коммунист нийгмийн ёс суртахууны дүрмээр бол “хүн жаргах гэж төрөөгүй” бөгөөд социалист үзэл санаа, социалист эх орныг л сайхан байлгах гэж бий болсон нэг субьект ажгуу.

Энэ дүрмийн дагуу жаргах гэж төрөөгүй болохоо бататган, эх орныхоо төлөө амиа өргөгсдийн олон арван домог бүтээгдэв. Малдаа явж байгаа осгож эндсэн хүнийг хүртэл “нийгмийн мал сүргийг хамгаалж яваад амиа алдсан баатар” болгон сурталчилна. Хэрвээ аминыхаа малыг, хувийн эд хөрөнгөө хамгаалсан бол “маанаг гайхал”, нийтийн дайсан болох учиртай. Жишээлэхэд, цасанд суусан машинаа гаргах гэж ухаж байгаад осгосон жолооч байлаа гэхэд улсын өмч болох машиныг аврах гэж амиа хайрлаагүй баатар болох юм. Тэрээр, зүгээр л машинаа цаснаас гаргаж аваад цааш явж, дулаан газар бараадан амиа аврах гэсэн байж таарахгүй.

Энэ дундаас “ард түмэн” хэмээх эзэн биегүй айхавтар юм гарч ирлээ. Энэ бол эрх баригчдаас ард түмнийг дарангуйлан барихад хэрэгтэй бороохой, айлгах мануухай. Эрх баригчид ард түмнийг төлөөлж байгаа учраас тэднийг гомдоох нь ард түмнийг гомдоохтой агаар нэг.

Ард түмэн бол би биш, чи ч биш, тэр ч биш, ерөөсөө хэн ч биш. Гэхдээ л энэ бороохойг гартаа атгасан нэгний өмнө би ч гөлөг, чи ч гөлөг, тэр ч гөлөг, хэн ч байсан гөлөг. Ард түмэн өдөр болгон хувь хүнийг үгүйсгэж, хувийн эрх чөлөөг үгүйсгэж оршино. Ард түмэн барьцгүй, нэн итгэлгүй. “Ард түмний өмнө чи хэн юм бэ”, “Чи бол ард түмний дайсан” хэмээн хувь хүнээс ял асууж явсан нэгэн өөрөө “Ард түмний дайсан” болоод ял асуулгах энүүхэнд.

Дарангуйлан захирагчид өөрсдийгөө “Ард түмний эцэг” хэмээн нэрлэж байлаа. Ард түмний эцэг нар өөрт нь дайсагнасны төлөө бус харин ард түмнийг нь гомдоосны төлөө яргалж, алж хороосон билээ.

Нүүдэлчин монголчуудын оршихуйн үнэт зүйл ийнхүү нэг хязгаараас үсрэн нөгөө хязгаарт гарлаа. Тэдэнд хувийнхаас, гэр бүлийнхээс, хот айлынхаас өөр эрх ашиг байгаагүй бол хувийн ч, гэр бүлийн ч, хот айлын ч эрх ашиггүй тийм ёс сурталд огцом шилжив.

Монгол хүн амьд явахын тулд “Ард түмэн” гуайгаас маш болгоомжилж, болж өгвөл гарт нь өртчихөлгүй, уурыг нь хүргэчихгүй байх хэрэгтэй болов. Улмаар, өөрөө жаргах, элбэг хангалуун амьдрах, гэр бүлээ жаргаахыг чухалд боддоггүй, харин ч тэрийгээ “ард түмэн”-д зориулахад бэлэн “Эх оронч” болсноо нотолж амьдрах учиртай.

Яг ийм нөхцөлд нүүдэлчдийн аргацаан өнгөрөөх төрөлх араншин сэргэсэн юм. Тэд “Ард түмнээс урвалгүй” бас “эх оронч” ч бололгүйгээр амьд үлдэхийг хичээсэн байна. Яг л цас зудыг цагаан баавгай шиг тундрын амьтан болчихолгүй, бас осгоод үхчихэлгүй даваад гардаг шигээ.

Ингэж явсаар 1990-ээд онтой золгожээ. Хүн өөрийнхөөрөө амьдрах, өөрийн эрх ашигтай байх боломж нээгдэв.

Шинэ Үндсэн хуулиараа , хувь хүний эрх ашгийг нэн тэргүүнд тавихаа тунхаглав. Ардчилсан Үндсэн хуулийн “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж…” гэсэн өгүүлбэр бол чи ард түмэнд “түймай” гэж хэлэх эрх юм. Үндэсний эв нэгдэл дөрөвдүгээрт, шударга ёс гуравдугаарт, эрх чөлөө хоёрдугаарт, хүний(хувь хүний шүү) эрх нэгдүгээрт байгаа биз? Чиний эрх зөрчигдөж байгаа бол Үндэсний эв нэгдэл биш, чиний эрхийг зөрчиж байгаа бол шударга ёс биш, таны эрхийг боож байгаа бол эрх чөлөө биш гэсэн үг.

Түүнчлэн, чи бол Үндэсний эв нэгдлийн золиос биш, шударга ёс тогтоохын төлөө үрэгдэх учиртай элемэнт ч биш гэсэн үг.

Гэхдээ, эргэцүүлээд уншвал, чиний эрхийн баталгаа нь эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл гэсэн үг. Энэ утгаараа чи өөрийн эрх ашгийг авч үлдэхийн тулд эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг тогтоолцож, үндэснийхээ эв нэгдлийг хамгаалахад тулна гэсэн логик. Өөрөөр хэлбэл жинхэнэ утгаараа эх оронч байх боломж ч гэж уншиж болно.

Социализмынхаас ялгаатай нь эх орныхоо төлөө, нийтийн сайн сайхны төлөө зүтгэх үүрэг чинь таны хувийнхаа эрх ашиг, эрх чөлөөг хамгаалах шалтгаанаас урган гарч байгааг тод тунхаглаж. Чи нэгдлийн малын төлөө үхэх үүрэгтэн бус, харин аминыхаа сүргийг амь өрсөн хамгаалах эрхтэй гэсэн үг. Мөн улсын өмчийг амиараа хамгаалахгүй хаявал таныг хэн ч буруутгахгүй гэсэн үг.

Гэхдээ энэ үг сайхан сонсдох мөртлөө, дагаж амьдрахад амаргүй аж. Монголчууд социализмыг сайхан аргалаад өнгөрөөсөн юм шиг атлаа гүн зузаан шархтай үлджээ.Хачирхалтай мөнөөх “аргацаан туулах” менежмэнтээсээ салж өгдөггүй. “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр нэг харамч эр зочноо архиар дайлангаа “Ингээд байхад л намайг харамч гээд байгаа юм даа” гэж суудаг шиг юм болов. Хувь хүнийг ард түмний гараас чөлөөлөөд, “эх оронч” болох хариуцлагаас мултраад байхад л “ард түмэн” түмэн гэдэг үгнээс цочиж, “Эх оронч” гэж өөрийгөө нэрлэсэн этгээдээс гөлөгнөх аж.

Эх орончдыг төрүүлсэн ХХ зууны суртлаар бол тэд (Эх орончид) их төлөв ард түмний төлөө үхсэн хүмүүс байх. Тэр үеийнхэн дайны хэдэн баатараас өөр амьд эх оронч хараагүй өсчээ. Дайны баатрууд ч гэсэн үхэлтэй улаан нүүрээрээ тулж үзсэн хүмүүс байв.

Гэтэл ардчиллын дараагаар амьд эх орончид олноороо төрөв. Эрх чөлөөний үзэл санаа нь ёс суртахуунжиж амжаагүй нүүдэлчид өөрсөндөө эрхэм дээд нэр цол өгөх нь түгээмэл боллоо. Уг нь “Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах нэрийг өөрөө олдог” гэж хэлэлцсээр ирсэн юм. Гэтэл дуурьсах нэрийг өөрөө бодож олох юмуу, зохиодог болов.

Нохойнд нэг удаа уруулсан хүн нохой хуцах чимээнээр огло үсэрдэг. Яг түүн шиг дарангуйлагч тогтоцын үзэл суртлын нохойнд зуулгаж бойжсон үндэстэн мөн ч цочимтгой, үсрэмтгий болж үлддэг юм байна. Эх оронч гэж өөрийгөө нэрлэсэн хүн, ард түмний өмнөөс ярьж байгаа этгээд “айлгахгүй ч гэсэн аягүй” гэгчээр хуучин айдсыг нь сэргээж, номхруулах бөлгөө.

Яг үүн дээр тоглолт хийдэг бүлэглэл гарч ирлээ. Эх орон, ард түмний нэрийг барьж сайхан гөлөгнүүлж, хэргээ бүтээгээд арилна. Улс төр, эдийн засгийн салбарт “эх оронч”, “Ард түмний талын хүн” гэсэн алдрыг өөртөө зүүсэн “самозванец” нар олноороо төрлөө. Тэд хуучин нийгмийн айдсын үлдэгдэл дээр амжилттай тоглолт хийж, алдар хүнд, ашгийн орлогын өндөрлөгт гарсаар ирж.

Сайн муу нь хамаагүй энэ бол факт, судалгааны сонирхолтой кэйс юм. Нөгөө талаасаа, нүүдэлчний онцлогтой социализм байгуулж яваад, тэрийгээ болиод жам ёсны хотшил, иргэншлийн замд орсон монголчуудын зайлшгүй даван туулах учиртай байсан даваа гүвээ ч байж мэднэ.

Өнөөдөр монголчууд Ардчилсан хувьсгал эхлүүлснийхээ 30 жилийн ойг тэмдэглэж байна. Үнэн хэрэгтээ, энэ үйл явц 1984 оны намар эхэлсэн юм. Зөвлөлтүүд өөрийн гараар бэлтгэсэн удирдагчаа сольсноос бүх юм эхэлсэн. Улмаар араас нь М.С.Горбачев “Өөрчлөн байгуулалт”аа тунхаглагласан нь Ардчилсан хувьсгалын угтал болсон билээ.

Харин үүнээс хойших гучаад жил бол монголчууд эрх ашгийн зөв дараалалтай болох, үндэстэн болж бодитойгоор ижилсэн нэгдэх гэж үзсэн, оролдсон, зүгширсэн, сургамж авсан, гайхширсан, өөрөөсөө ичсэн, бас найдлага төрсөн он жилүүд бөлгөө.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Зоригтбаатар: Хоёр сургалтыг зэрэг явуулдгаараа Спортын дунд сургууль бусад сургуулиас ялгаатай

Москвагийн Биеийн тамирын их сургуулийн хүндэт доктор болж буй нь

Спортын дунд сургуулийн захирал Ч.Зоригтбаатартай ярилцлаа.


– Нутаг ус ээж, аавынхаа тухай яриач. Та аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Манай аав, өвөө удмаараа Архангай аймгийн Их тамир сумын хүмүүс. Манайх дөрвөн буудалд байдаг байлаа. Тэнд Хэвлэх үйлдвэрийн хашаанд амьдардаг. Би 39 дүгээр сургуульд наймдугаар ангиа төгсөөд Тавдугаар сургуульд ерөнхий боловсролоо эзэмшсэн. Аав, ээж хоёр минь насаараа Улсын хэвлэх комбинатад ажилласан. Бид ах дүү есүүлээ, өнөр өтгөн айл. Миний ах Ч.Наранбаатар Монгол Улсын биеийн тамир спортын салбарыг найман жил удирдсан. Ахыг минь спортын хорооны дарга байх үед олимпийн аваргууд төрж, олимпоос нийт есөн медаль авсан сайхан түүхтэй.

-Та тэгэхээр ахыгаа дагаж спортод элэгтэй болжээ дээ?

-Би ахыгаа дагаж зургадугаар ангиасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж, улсын аваргаас медаль авч, улсынхаа хэмжээнд амжилт гаргасан л даа. 1979 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хуучнаар Улсын багшийн дээд сургууль Биеийн тамирын факултетэд шалгалт өгөөд тэнцсэн 30 хүүхдийн тоонд ороод нэг жил сурсан. Эхний курстээ онц сураад яамнаас гадаадад сургах чиглэл өгсөн. Түүнд нь шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд Эрхүүгийн улсын их сургуульд нэг жил орос хэлний бэлтгэлд суралцаад Москвагийн биеийн тамир спортын сургуульд сурсан. Зөвлөлт холбоот улсын 28 биеийн тамирын сургуулийн төв нь Москвагийн биеийн тамирын сургууль байсан. Энэ сургуулийн Хөнгөн атлетикийн багш дасгалжуулагчийн ангид орж суралцсан. Сургуулиа би улаан дипломтой төгсөж байлаа. Буцаж ирээд Биеийн тамир урлагийн факултетэд Хөнгөн атлетикийн багшаар дээд сургуульд нэг ажиллаад цэргийн албанд татагдсан. Тэр үед дээд боловсролтой хүмүүс нэг жил цэргийн алба хаадаг байв. Цэргийн албаа хаагаад буцаад ажлаа хийлээ. Дахин спирантурын шалгалт өгч тэнцээд нөгөө сургуульдаа эргээд докторантурт суралцаад жил гаруй байж байтал Засгийн газраас дуудаад Засгийн газрын дэргэдэх Залуучууд спортын хорооны даргаар томилогдон гурван жил ажилласан. Биеийн тамирын түүхэнд төрсөн ах дүү хоёр биеийн тамирын салбарыг удирдсан анхны тохиолдол юм байна лээ. Мөн ах минь доктор. Ах дүү хоёр доктор гэж явдаг.

-Таныг МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд ганц байдаг спортын сэтгүүлчийн ангийг санаачлан нээсэн хүмүүсийн нэг гэдэг. Санаачилгыг хэн гаргаж байв?

-Дээд боловсролтой боловсон хүчний улс өөрийнхөө хэмжээнд бэлтгэх асуудал чухал ач холбогдолтой. Зөвхөн багш, дасгалжуулагч бэлтгэх биш спортын сэтгүүлчийн ангийг нээж, ирээдүйтэй оюутнуудыг элсүүлэн авч Монголын спортын сэтгүүл зүйг хөгжүүлэх асуудал чухал хэмээн асуулга тавьсан. Спортын сэтгүүл зүйн ангийг нээхэд О.Уранчимэг багш маш их хүчин зүтгэл гаргасан. Аливаа нэгэн ажил хамт ажиллаж байгаа хүмүүстэй холбоотой байдаг. Тиймээс ч хамт олныхоо зүтгэлээр спортын сэтгүүлчийн ангийг нээн ажиллуулсан нь оновчтой явдал болсон гэж боддог.

-Таныг саяхан Москвагийн Биеийн тамирын их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэн гэж сонссон. Гадаадынханд доктор өгөх тохиолдлоос хоёр дахь нь. Өмнөх хүн нь Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах авч байсан гэнэ лээ. Энэ маш нэр хүндтэй шагнал байх. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Саяхан Москвагийн Биеийн тамирын их сургуульд очиж арав гаруй хөнгөн атлетикийн дасгалжуулагч мэргэжил дээшлүүллээ. Мөн арав гаруй хүн туршлага судлах олимпийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. Би Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичиг, Монгол олимпийн үндэсний академийн ерөнхийлөгч, Спортын дунд сургуулийн захирал гэдэг гурван албыг зэрэг хашиж байна. Сургуулийн хүндэт доктор гэдэг их нэр хүндтэй асуудал. Европт төдийгүй дэлхийд томоохон сургуулийн тоонд ордог улсын төв биеийн тамирын их сургуулийн доктор болно гэдэг маш том нэр хүнд. Зөвхөн энэ сургуулиас төгссөн 177 хүн олимпийн аварга болсон байдаг. 100 жилийн түүхтэй сургууль. Энэ сургуулийн хүндэт доктор болоход маш хатуу шалгууртай юм байна. Тэрхүү шалгууруудад нь тэнцээд гадаадын хоёр дахь хүндэт доктор боллоо. Хамтран ажилласан хүмүүс, Монгол Улсынхаа ард түмэн, спортын салбарынхан, олимпийн хөдөлгөөн, биеийн тамир спортын хөдөлгөөн, тамирчид, дасгалжуулагчид зүтгэлтнүүддээ баярлаж явна. Энэ хүмүүсийнхээ хөдөлмөр түүхэн замналыг үнэлж өгсөн зүйл гэж бодож байна. Үүнийгээ тэр бүх хүмүүстэй хуваалцах ёстой гэж бодож байна.

-Спортын гурван салбарыг зангидаад авч явна гэдэг маш том хариуцлага байх. Энэ бүх ажлыг яаж амжуулдаг вэ?

-Гурван ажил хариуцаад явахад их хүнд л дээ. Гэхдээ өөрийнхөө боломжийн хэрээр хичээгээд явж байна. Сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа. Биеийн тамирын дунд сургуулийг Биеийн тамир спортын хороонд эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж явахдаа Улаанбаатар хотод байгуулах асуудалд санаа зовж явдаг байсан. Үүнийхээ бүх бичиг баримтыг боловсруулаад Боловсролын яаманд танилцуулаад тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярт таницуулсан. 2008 оны олимпоос хоёр аварга төрөнгүүт эцэг эхчүүд хүүхдүүдээ спортоор хичээллүүлэх маш их хүсэл эрмэлзэлтэй болсон. Тэр намар нь доктор Г.Лхагвасүрэн, доктор Д.Жаргалсайхан нарын хамт Ерөнхийлөгчид хүсэлт тавиад энэ асуудалд Ерөнхийлөгч анхаарал хандуулж дэмжсэн. Тэр үеийн Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр тушаал гаргаад энэ сургуулиа байгуулж байсан юм. Сургуулийн гол онцлог нь ерөнхий эрдмийн хичээл спортын бэлтгэл сургуулилт нь нэг газраа төвлөрч байгаа. Хоёр сургалтыг зэрэг явуулдгаараа бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгаатай. Хоёрдугаарт, би Монголын хөнгөн атлетикийн холбоонд найм дахь жилдээ ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Хөнгөн атлетик гэдэг спортын хатан хаан 40 гаруй спортын төрлийг дотроо агуулдаг. Хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд манайд саад бэрхшээл их бий. Бодит шалтгаан олон. Жишээ нь, цаг агаарын онцлог, материаллаг бааз нөхцөл муутай. Зам талбай муу. Тэмцээн уралдаан хийх бааз суурь байхгүй. Монголд хөнгөн атлетикийн 24 төрлөөр тэмцээн уралдаан хийдэг. Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Болд ажилладаг. Энэ спортын төлөө маш их анхаарал тавьдаг. Бид олон улсын хөнгөн атлетикийн холбоонд хүсэлт тавьснаар олон улсын стандартад нийцсэн 400 метрийн хөнгөн атлетикийн тойрогтой зам талбайг байгуулж чадсан. Энэ талбай дээр олон улсын бүх төрлийн тэмцээн уралдааныг хийх боломжтой. Гуравдугаарт, Монгол Улсын олимпийн академи нь олимпийн хорооны харьяанд олимпийн боловсрол, соёл, хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх сургалт сурталчилгаа хийдэг байгууллага. Миний гол зорилго нь олимпизм болон олимпийн хөдөлгөөн гэдэг монголд байдаг хэвшмэл ойлголтыг эвдэх. Гол нь хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх нь чухал. Монголд одоо ч гэсэн тэр ойлголт хэвээрээ байгаа. Олимпийн хороо гэхээр олимпийн наадам санаанд нь ордог. Олимпийн хорооны хийх ажил нь ерөөсөө л олимпийн тэмцээн уралдаан, Азийн наадамд л явж байх учиртай гэж ойлгодог. Гэтэл үнэндээ үгүй. Олон улсын олимпийн харти гэж байгаа. Монголын үндэсний олимпийн хорооны дүрэм байгаа. Олимпийн тэмцээн уралдаан гэдэг зөвхөн олимпийн хорооны ажил биш. Олимпийн боловсрол, соёл, хүмүүжил, олимпийн үнэт зүйлсийг өсвөр үе залуучуудад түгээн дэлгэрүүлж, тэдний хүмүүжил боловсрол, мэдлэгт нь нөлөөлөх юм. Тэднийг аль болох энх тайванч үзэл санаагаар хүмүүжүүлэх, хамтын найз нөхөрлөлийн хэв шинжийг төлөвшүүлэх гэсэн өргөн хүрээнд бид авч үздэг. Тэр тал руугаа орох нь зүйтэй юмаа гээд олимпийн академийн хамтран ажиллагч нөхөд маань ажлаа хийж байна. Жишээлбэл, 2018 оноос Монголын бүхий л ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг зохион байгуулсан. Өргөн хүрээнд болж буй энэхүү ажилд бүхий л сургууль идэвхийлэн оролцож, дэмжлэг үзүүлсэн.

-Та гэр бүлээ танилцуулаач. Танайхан бүгд их спортод элэгтэй хүмүүс байдаг байх?

-Гэр бүлийн хүнийг маань Д.Буян гэдэг. Арван жилийн зургадугаар ангиасаа нэг ангид суралцан, сургуулиа төгсөөд амьдралаа зохиосон. Бид хоёр хүү, нэг охинтой. Хоёр хүү маань хоёулаа Биеийн тамирын сургууль төгссөн. Бага хүү минь одоо олимпийн хороонд ажиллаж байгаа. Гэр бүлээрээ спортод дуртай, хайртай ийм л жирийн нэгэн гэр бүл дээ.


Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлийн их уулс дунд

Сайхан чиг урт намар боллоо. Шаравын Сүрэнжав найрагч “Насандаа мартамгүй харсан юм” гэж “Ерэн баатрын дууль”-даа дуун алдсан шиг мартахын аргагүй магнаг хонгор намрыг үзэв. Ийм урт намраар эх нутгийн салхи ис тоосыг минь үргээж хийморь лундаа гээч нь сэргэдэг бол сэргэхээр л явлаа. Их газрын чулуунаас Алтайн өвөр говь Сэгс цагаан Богдын хаяа, өмнийн говийн алтан соёмбот багана Орвог гашууны бор толгойгоос Хорьдол сарьдагийн бадамласан цагаан салхитай Хөвсгөлийн их уулс хүртэл явлаа. Буурал Бадарч ахын минь “Алтай их хайрхны мөнх цаст оргилоос аварга халимны сэрвээ шиг Буйрын мөнгөн долгио хүртэл, аралт тэргэнд хотойсон Монгол шарын даваанаас алтан элс молцоглосон Овоон ингэний ус хүртэл” гэдэг шиг л туушиндлаа. Халуун элгэн нутгийнхаа уул усыг халиаж явах шиг жаргал үгүй сэн. Дэндэвийн Пүрэвдорж гуайн хэлсэнчлэн, уулын толгой будраасай гэхэд будрахгүй, усны шувууд буцаасай гэхэд буцахгүй, уртын дуу шиг уянгалсан урт намрын төгсгөлийг Ёндонпэрэнлэйн Баатарбилэг сайдын хамтаар Монголын шинжлэх ухааны оргил Базарын Ширэндэвийн нутаг Хөвсгөлийн уулс дунд үддэг юм байна. Аливаад бэлгэшээлийг боддог надад ерөөлтэй санагдалгүй яахав.

Дөрвөн уулынхаа дундаас үүр цүүрээр хөдөлсөн бид яах ийхийн зуургүй Лүнгийн сууринг огтолж хатан Туулынхаа гүүрээр гараад Хангайн давааг өгслөө. Цааш галигуулан Цогт хунтайжийн хар балгасны туурийн наахнуур чанх хойш эргээд Бүрэгхангайн уулс, тосон Заамарын хөндийг үйлийн хайч шиг эсгэн Орхон түшээ мөрөн юугаа гаталсан. Их хурлын гишүүн, төрийн сайдтай яваа гээд жаахан зэнзийрхэх маягтай байтал харин өөдөөс өнөө хэдийг минь ярьж сэтгэл уясуулаад орхив. “Өнөө хэд” гэж зохиолч, найрагчдаа хэлж байна л даа. Тэр жил “Болор цом” Архангайд болж Монголын утга зохиолын бурхад бүгд очсон байдаг. Ерэн хоёр настай Бөхийн Бааст гуай бүжин шиг “дэгдээд” очжээ. За тэгээд Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч, Шагдарын Дулмаа, Тангадын Галсан гээд бүгд заларсан байна. “Дэрэнгийн хар азарга” Цэндийн Чимиддорж найрагч хамгийн сүүлд шүлгээ уншсан алтан тайз Архангайн цом юм. Тэрхүү найргийн их чуулганыг ном эрдэнийн шүншигтэй Булган уулынхаа өвөрт зохион байгуулсан хүн Баатарбилэг сайд юм сан. Архангайн засаг ноён байхдаа хийсэн ажлынх нь нэг тэр юм гэнэ лээ.

“Яруу найргийн бурхдын яриаг өдөр шөнийн туршид сонссон. Нэгнээ цаашлуулж байгаа нь хүртэл гоё. Шүлгийнх нь мөрүүдийг хэлж үнэн зүрхнээсээ баярлана” хэмээгээд Лхагвасүрэн гуай “дэлдэн” Бадарчийнхаа Дандар баатарт зориулсан “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа” дууны “Цэрэг цамцны дөрвөлжин халаасанд цэцэгтэй алчуур нэвт гандсан” гэж гайхалтай хэлснийг нь дурссан. Эрхэм гишүүн, Лхагвасүрэн найрагч шиг толгойгоо үл ялиг сэжиж ирээд яг түүний хоолойн өнгөөр хэлсэн нь Лхагваа ах тамхиа баагиулан Бадарчаа магтаж суугаа нь нүдэнд харагдах шиг болсон сон. Ийм л яриа хөөрөөн дунд өргөн Сэлэнгийг гаталж Хатанбаатарын өлгий нутаг Хутаг-Өндөрийг дайран Хөвсгөлийн Тариалантай золгов. Энэхүү сум суурин Монголын яруу найргийн “Уянгын баатар цагаан хаан” гэгдэх Мишигийн Ширчинсүрэнгийн өлгий. Аав нь Хөвсгөлийн Зүлэгтийн гол Сэлэнгэд цутгах тохойд усан тээрэм байгуулан энгэр нь цул гурил өнжиж арваад настай Ширчинсүрэн тусад орсон ганц ахтайгаа модон анжсаар газар хагалж явсан гэдэг. “Өрөлт Сэлэнгэд түрсэн бяцхан тохой

Өглөө бүрийн наран дор үхрээ тууж гардаг байв аа би

Өнгө тунгалаг голын мөсөн дээр

Өөгүй цагаан чулуу хага мөргөлдүүлж явав аа би…,

“Шангийн хонхор дагаж их сажилсаан би

Шар цоохор хайнагийн дөр их хөтөлсөөн би…” хэмээн өгүүлсний нь учир тийм юм.

Түүнийг аймгийн сургуулийн тавдугаар анги төгсөөд ирэх хооронд хөөрхий ах нь мөнхийн аянд явчихсан байжээ. “Надаас хоёр хуруу өндөр, насаар хоёр нас ах

Ургахын нар шиг улаан царайтай, ухаантай ахтай байсан хүнээ би… гэж хожим харуусан бичсэн байдгийг санаж байна. “Цагаан костюм, цагаан шаахай, цагаан чулуун шилтэй тас хар үстэй Ширчинсүрэн шүлгээ цангинан уншиж байхыг харж жинхэнэ яруу найрагч л ийм сайхан төрдөг байх гэж анх бодсон” хэмээн Цоодол багш минь дурсдаг сан. Ширчинсүрэн гуайн “Шувуутай мод” шилдэг бүтээлийн чуулган Монголын уран зохиолын дээжис ботид хэвлэгдэхэд нь өмнөтгөлийг Цоодол багш бичсэн түүхтэй. Тэр гоё найрагчийг харах хувь надад дутсан ч гэсэн эл бүх учралыг би сэтгэлдээ хадгалж явдаг юм. Зүлэгтийн гол, Тариалангийн энэ уулс надад Ширчинсүрэн гуайн уянгын шүлэг шиг сайхан санагдаад байдаг юм.

Их уул гэж эрдэнийн алтан гилбэртэй юм шиг сонин содон уул. Тэр жил энэ уулын ар шилээр дархад Мийгаа ахтай хамт даваад Хөвсгөл далайн мөсний баярт явж байж билээ. Дархад Мийгаа гэдэг нь Баттөмөрийн Мягмаржав гэж “Болор цом”-ын эзэн аатай найрагч. Анхных нь яруу найргийн номноос “Доошлон буй хунгийн сүрэг шиг долоон сарын цас бударна” гэх мөрүүдийг олж үзэн дуу алдаж байсан сан. Яаж ингэж гоё хэлэв дээ хэмээн бодсон хэрэг. Мань хүн бол үнэндээ бодь нэгэн байсан даа. Ямар сайндаа идэр есийн жавар гялганаж байх цаг дор Монгол орны хамгийн хүйтэн цэгийн нэг Хатгал, Хөвсгөл далайд очихдоо хавар намрын даавуун цувтай тууж явахав. Тэгээд зогсохгүй толгой нүцгэн, хар саарал костюм, нимгэн шар цамцтай уур савсуулан далайн гялгар мөсөн дээр зогсож билээ. “Дархадын хүү даардаггүй юм” гээд огтоос тоож байгаа ч юм алга, түүний өмнөөс хүмүүс дагжаад байсан. Тэрхүү баярт Баатарбилэг сайд Энхбаяр Ерөнхийлөгчийн шадар байхдаа очсон. Мэдээж зам зуурт Мийгаагийнхаа шүлгийг уншиж, мөсний баярын паянг нь ярьж инээд наргиан болгон замын хачир хийж явлаа. Миний бие дээд сургуулийн ширээнээс дөнгөж салаад сонины гал тогоо бараадсан жулдрайхан ахуйдаа 2006 онд их эзэн хааныхаа Их Монгол Улсын түүхт 800 жилийн “Буурал түүхийн жимээр” аяллын бүрэлдэхүүнд багтсан сан. Тавдугаар сарын хорин хоёрны өглөө онгон дагшин Бурхан Халдуны төрийн тахилгад оролцож, Хан Хэнтийн уулсыг таширлан зогсох хийморьтой байж билээ. Тэгэхэд мөн л одоогийн эрхэм түшээ, төрийн сайдтай хамт явж байж шүү. Олон чиг удаа аяны дөрөө нийлсэн байх юм. Отгонтэнгэрээс буцаад алдарт Заг Байдрагийн Хүрэн талын бэлчирт үүх түүх хүүрнэн, хөшөө чулуудын бичээс тайлан зогссон зуны үдшийг санаж байна. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Хөвсгөл аймгийн багш нартай, өнөө салбарынхаа төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Тэрээр хорин нэгэн аймгаа тойрч боловсролын салбарын бодлогын асуудлыг нүүр тулан уулзан ярилцаж явна. Хөвсгөл нутаг Баатарбилэг сайдын очсон 19 дэх аймаг нь гэж байсан, цаана нь Увс гээд хоёр аймгийн нэр дуулдсан. Гэтэл саяхан оччихсон байна лээ. Үндсэндээ хорин нэгэн аймгаа бүтэн тойрчээ.

2019 он бол боловсрол, шинжлэх ухааны салбарт эргэлт авчирсан он жил байв. Сайдын албыг аваад өнгөрөгч дөрөвдүгээр сард Монголын багш нарын долдугаар их хурлын Ерөнхий сайдын ивээл дор төрийн ордонд хийсэн. Монголын бүх аймаг, сум, дүүргийн бүхий л сургуулийн багш гэх алдрыг хүртсэн эрхмүүд нэгэн дор чуулж зовлон жаргалаа ярьсан. 800 гаруй багш нар оролцсон тус хурлын хамгийн ахмад нь Намын төв хорооны нарийн бичгийн дарга асан, монгол төрийн зүтгэлтэн, гавьяат багш Цэрэнпилийн Балхаажав гуай байсан. Их хурлаас гарсан шийдвэр төр засгийн бодлогын хэмжээнд яригдсан. 23 жилийн дараа ийнхүү Монголын төр багш нарын долдугаар их хурлыг хийсэн байдаг. Тэгвэл өнгөрөгч намар есдүгээр сарын дундуур мөн л Ерөнхий сайдын ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг төрийн ордондоо зохион байгуулж, шинжлэх ухааны ололт амжилтыг хэлэлцсэн. Шинжлэх ухаан дээр суурилж улс орон хөгждөг гэдэг гарцаа эрдэмтэдтэйгээ нийлж аваад ярьсан. Бага ангийн багшийг алдаршуулан нийгэмд таниулж, тэдний үнэт зүйлийг мэдрүүлсэн “Би багш” телевизийн шоу нэвтрүүлгээс аваад олон бодит ажлыг хэлж болох. Дээрээс нь боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн ирэх оны төсөвт салбарынхаа бүтээн байгуулалтыг түлхүү суулгаж өгсөн, наад зах нь сурагчдын “Үдийн цай”-ны мөнгийг хоёр дахин нэмсэн гээд сайд бол нэлээн нүүр бардам уулзаж байна лээ. Хөвсгөл нутагт ирснийх Ширэндэв гуайнхаа гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэн сүсэллээ. Өнгөрсөн намар оройхон, Эрхүүгийн их сургуулийн 100 жилийн ойд оролцох хувь тохиосон юм. Дэлхийн шинжлэх ухааны гол төвүүдийн нэг гэгдэх тус сургуулийн ханан дээр “Монголын нэрт эрдэмтэн Базарын Ширэндэв энэ сургуулийг төгссөн” хэмээх бичээс бүхий алтан пайз хадаатай байсныг хараад өөрийн эрхгүй бахархаж билээ. Монгол Улсын их сургуулийг үүсгэн байгуулж анхных нь захирлаар ажиллаж байсан, шинжлэх ухааны академийн үндэс суурийг тавьж мөн л ерөнхийлөгчөөр нь он удаан жил ажилласан эрдэм оюуны буурал тив Ширэндэндэв гуайгаа нутгийнх нь тэнгэр дор дурсалгүй яахав. Хонгор намрын халиун шаргал өдрүүд үргэлжилж байгаа хэдий ч Хорьдол сарьдаг, Дэлгэрхааны гурвалжин цагаан оргил руу дөхөх тусам уулын орой ов товхон цастай харагдана.

Тэртээд Эрчимийн нурууны хөх халзан зоо нимгэн цагаан нөмрөгтэй. Энэ л нурууны тэлмэгэр магнайг харж, энтээх Шаарын дөрөлжөөр машины цуваа жирэлзэн өнгөрөхүйг харахуйд Монголын шинжлэх ухааны бас нэг оргил, ялангуяа түвд судлалын онцгой эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гуайн гуниггүй гэгээн мэлмий сэтгэлд урганам. Токиогийн гадаад судлалын сургуулийн профессор хэмээн наран улсад суух ахуйдаа тэрээр Доржийн Гомбожав багшаа зүрх алдан санаж, Мөрөнгийн цагаан шөнөө дурссан байдаг. Домогт Фүжи уул үүл манангаасаа салж тунгалагшсан намрын сард Тама голын уснаа хийсэх улаан навчсыг Дэлгэр мөрнийхөө алтан шаргал улиасны навчинд хувирган эх нутаг, эрдэмт багшаа санагалзсан нулимстай тэмдэглэлийг нь уншиж билээ. Гоголийн “Диканьки тосгоны орчин өнгөрүүлсэн нэг үдэш” тууж, Гүржийн их яруу найрагч Шота Руставелийн “Барсан хэвнэгт баатар” туульсын найраглал, Америкийн нэрт яруу найрагч Уолт Уйтмений “Өвсний навч” гээд дэлхийн сонгуудыг бидэнд орчуулж үлдээсэн Дарьгангын хүү Гомбожав Мөрөнгийн төвд хэсэгхэн хугацаанд багшлахдаа “Эсэруагийн эгшиг дуун”, “Огторгуйн цагаан гарьд” агуу их Хүрэлбаатарыг төрүүлсэн юм. Хүрлээ багшийн гэргий “Радиогийн зөөлөн дуут” Бямбажавын Энхтуяа найрагчийн “Он жилийн шилэн шаа хөшиг” шүлгийг Баатарбилэг сайд замын туршид уншиж явсан нь тийм нэг онцгой сэтгэгдэл төрүүлж байв. Молхи би тэртээ 2005 онд Хүрлээ багшаас ярилцлага авах санаатай гэрт нь яваад очлоо. Дэлхийн цараатай, дорно дахины тэр том эрдэмтэн шаврай намайг цаашаа гэлгүй хүлээн авч, оройн хоол хамтдаа идэж их утга зохиолын тухай ярьж суусан. Миний асуултуудыг эхнээс нь харснаа “Өө амархан үүнийг ингээд хариулчихна, энийг ингэчихнэ” гээд л байв, одоо бодох нь надад л үг хэлээд байж. “Сайхан бүсгүй гэж таныхаар хэн бэ” гэх утгатай асуулт байлаа, түүнийг уншихад нь би санаа зовж эрхгүй нүд дальдарсан. Тэгтэл “Охин үрээ хайрла” шүлэг нь олны дунд алдаршсан Энхтуяа найрагч цаанаас “Наадах чинь харин сонирхолтой асуулт байна. Би энэ хүнээс асуух гээд чаддаггүй юм” гэж дэмжлэг өгөв. Хүрлээ багш “Манай Урианхайн нэг шүлэг бий л дээ. Үнээ минь үстэй мисс минь” гэсэн гоо зүйн шүлэг, тэр шүлгийн мөрүүдээр би энэ асуултыг хариулчихна гэв. Тэр сайхан үдшийг миний бие Хөвсгөлийн их уулс, Дэлгэр мөрний хөвөө, Эрчимийн хөх халзан зоонд бодмоглож зогссон.

Эрээнцавын Нямсүрэн гэдэг шиг Алагцавын Майнбаяр гэж том найрагч энэ их уулсын дунд суудаг. Түүнтэй анх намайг “Шинэ нутаг” хэмээх бүтээлээр нь уулзуулсан хүн бол Хөвсгөлийн Арбулагийн хүү Уламбаярын Мэргэнбаяр анд минь юм. Намайг цом авсан жил Майнбаяр ах “Өвсний шувуу” номоороо яруу найргийн төрөлд “Алтан-Өд” гардсан сан. Бас нэг “Алтан-Өд” Хөвсгөлд байдаг нь “Цэцүүхэй” Ганболд зохиолч. Тэр хоёртойгоо уулзаж халуун дулаан яриа өрнүүлсэн нь мэдээж. Өглөө эртээ Мөрөнгөөс хөдлөхөд уулсын мөнгөлөг зоон дээгүүр нарны гэрэл гялбаж гулсаад үгээр хэлэхийн арга алга. Дархадын цэнхэр хотгороос Монголын төрд суусан эрхэм гишүүн Лхагваагийн Мөнхбаатартай удахгүй улаан тайга, Алаг шишгэдийн хөндий, дархад зоны нутаг Хорьдол сарьдагийн уулсаар явна гэж тохирсных ч болоод тэр үү, нэг л гоёхон. Тэр өглөөний мандаж буй нар шиг тунгалаг.

“Урт намрын сүүлчийн ганц навч шиг бодол

Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэвнэ

Уулсын өргөн бэлийг ороож урссан голоос

Уран бидэр шигшрэх нь ээмэгний чинь чимээ шиг” гэж Эрдэнэ-Очир ахын шүлгийн мөрүүд бий. Дэлгэр мөрний хөвөөг эмжээрлэн өнгөрөхүйд Уран мандал хайрхан ёстой нэг уран бидэр шигшрэх шиг харагдсан. Энэ намрын уянгын шигтгээ нь эрдэнийн мөнгөн талсттай Хөвсгөлийн уулс болчихов уу даа. Тэртээ хойно, Монголын минь хойморт Бүрэнхааны бадамласан цагаан оргил амьдрахуйн сайхныг шившин үлээж байх шиг.


Categories
мэдээ нийгэм

УИХ-ын тогтоолыг хүлээн авснаа Рио Тинто компани хүлээн авч буй талаараа мэдэгдэл гаргалаа

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан билээ.

Тэгвэл 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны Дубайн гэрээг сайжруулах чиглэлээр баталсан уг тогтоолын төслийг Рио Тинто компани санал нэгтэй хүлээн авч буй талаараа мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, УИХ тус тогтоолыг баталснаар Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, Туркойз Хилл Ресурс компаниудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын бүх гэрээ хүчин төгөлдөр болохыг дахин нотолж байгаа бөгөөд УИХ-аас томиллогдсон Ажлын хэсгийн 18 сарын турш хийсэн хяналтыг эцэслэсэн явдал байв гэдгийг тодотгожээ.

Мөн Рио Тинто группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Рио Тинто Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болохыг мөн хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа.

Талууд гэрээг дагаж мөрдөн ажиллах нь улс орны хувьд чухал бөгөөд төслийн хүрээнд 2010 оноос хойш нийт 10 орчим тэрбум ам.доллар зарцуулсан. Энэ нь Монгол Улсын иргэдэд ихээхэн ач тус авчирлаа. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлэх болно. “Оюу толгой” бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд хийх ажил их байгаа бөгөөд төслийн үр ашгийг хувьцаа эзэмшигчдэд хүртээх арга замыг эрэлхийлсээр байна” гэсэн байна.

УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газрын Оюутолгой дахь хувьцааг дахин судлах, нөөцийн тайланг дахин тодорхойлж, ТЭЗҮ, байгаль орчин, усны үнэлгээг шинэчлэх зэргийг тусгасан.

Тогтоолын төслийг өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор нийтэлсэн бөгөөд ЭНД дарж бүрэн эхээр нь үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Академич Б.Бямбаад 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал” олгохоор шийдвэрлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгав.
  • “Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хоёр улсын эрх ашгийг хөндсөн, хоёр улс, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээ, мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улстай байгуулсан хэлэлцээрийг баталлаа.
  • “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
  • Академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал” олгохоор шийдвэрлэв. Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрөв.
  • 2020 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд алба хаагчдаа оролцуулна. Монгол цэргүүд нэр бүхий долоон улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.
  • Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр болов. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилов.
Categories
мэдээ нийгэм

“Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбар болон бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол даргалж, нээж үг хэлэв.

Хэлсэн үгэндээ, “Манай улсад ХДХВ, ДОХ-ын нийт 281 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс 13 нь энэ онд бүртгэгдсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 42-45 хувь нь тэмбүү өвчин байгаа нь монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг устгахад эрүүл мэндийн салбараас гадна хувь хүний эрүүл мэндийн боловсрол, ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай.

Энэхүү хэлэлцүүлгээс халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмрээ оруулах үнэтэй санал, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дараа нь хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдлын талаар тоо баримт бүхий илтгэл танилцуулав.

Илтгэлдээ хүн амыг тэмбүү өвчний үзлэг шинжилгээнд хамруулж, шинэ тохиолдлуудыг илрүүлж буй болон төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрж байгаа талаар онцлов.

Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Батболд “Ажлын байранд ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, цаашид тавих зорилт” сэдвээр танилцуулсан илтгэлдээ бэлгийн замаар дамжих халдварыг хүн амын дунд даамжруулахгүй байхын тулд эрүүл мэндийн салбараас гадна салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

“ЗЭМТ” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж “ХДХВ-ийн өндөр эрсдэлт олон нийтийг ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр танилцуулсан илтгэлдээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг онцоллоо.

Тэрбээр шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг руу үйл ажиллагаа явуулах, шинжилгээний шинэлэг арга барил, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн арга хэмжээг нэвтрүүлэх, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлэх талаар санал хэллээ.

Илтгэлүүдийг танилцуулсны дараа илтгэл мэдээлэлтэй холбогдуулж оролцогчдын дунд асуулт, хариулт өрнөсөн.

Энэ үеэр оролцогчид бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, таслан зогсоохын тулд хэрхэн ажиллах талаар санал бодлоо өргөн хүрээнд илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа мөн илэрхийлсэн.

Төгсгөлд нь хэлэлцүүлгийг даргалагч, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх, хүн амаа хамгаалах үүднээс төр засгийн зүгээс онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах талаар Байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөж, уг тогтоолын төсөлд бичгээр санал ирүүлэхийг оролцогчдоос хүслээ.

Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байгаа. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэжээ.

Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү жилийн 1.25 хувь байх аж.

Мөн энэ асуудлыг хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Д.Лүндээжанцан, С.Батболд, Ж.Энхбаяр нар төслийн нэмэлт санхүүжилтийн хөрөнгийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх, хөрөнгийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой сонгоход хэрхэн анхаарсан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Төслийн эхний шат буюу 2013-2015 онуудад гэр хорооллын 40 813 айлд бүрэн шаталтат сайжруулсан зуух ашиглах санхүүгийн дэмжлэг үзүүлснээр энэ хугацаанд нарийн ширхэгт тоосонцрыг 20 орчим хувиар бууруулсан. Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр импортын зуухыг орлох боломжтой болж, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн хариултыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өгөв. Мөн 2016-2019 онуудад нийслэлийн зургаан дүүргийн есөн цэцэрлэгийн барилгыг дулаан алдагдлыг бууруулж, засвар шинэчлэлт хийсний зэрэгцээ гэр хорооллын 474 айл өрхийн байшин-сууцны дулаан алдагдал, түлшний хэрэглээг бууруулахад чиглэсэн “Дулаалга аян”-ыг зохион байгуулсан. Айл өрхийн байшин-сууцыг дулаалснаар өрхийн түлшний хэрэглээг дунджаар 50 хүртэл хувиар хэмнэсэн гэдгийг тэрбээр хэллээ.

Төслийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны зорилтот бүлгийн 5000 айл өрхийг шөнийн хөнгөлөлттэй тарифын үед дулааны хуримтлал үүсгэж халаалтын асуудлаа бүрэн шийдэх цахилгаан халаагуураар хангах, мөн төвийн дэд бүтцээс алслагдсан хэсгийн 200 айл өрхийн цэвэр, бохир ус, дулаанаар бүрэн хангах бие даасан дэд бүтцийн төвтэй болгох замаар дулааны асуудлыг нь бүрэн шийдэхээр урьдчилсан байдлаар тохироод байгаа аж. Ийм дэд бүтцийн анхны төвийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд энэ жил байгуулж, 300 шахам айлыг цэвэр, бохир ус, дулааны эх үүсвэр бүхий дэд бүтцээр хангасан байна.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан санал, байр суурийг харгалзан үзэж, төслийн нэмэлт санхүүжилтийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой шийдэж зорилтот газарт төвлөрүүлэх, төслийн нэгжийн зардлыг эргэж харах гэсэн тодорхой нөхцөлтэйгээр төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж буйгаа Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан эцэст нь хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.7 хувь нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.11) хуралдаан 15 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэв. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгож өөрчилжээ. Хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдээд байгаа аж.

Хэлэлцээрийн хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлт олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж. Одоогийн байдлаар хэлэлцээрт оролцогч улс орнууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10 мянга гаруй бараа, бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна.

Манай улс уг хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж ирсэн бөгөөд Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа, бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч үндэсний хөнгөлөлтийн жагсаалт гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг хуулл санаачлагч илтгэлдээ дурдав.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64,7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Иймээс уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд онцлов.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулж байна

БНСУ нь хууль журмын дагуу визний материалыг шалгадаг. “БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, танил Солонгос хүний тусламжтайгаар виз гаргаж өгнө” гэж хэлж байгаа хүн бол виз зуучлагч брокер юм.

Мөн БНСУ-ын ЭСЯ нь ямар ч тохиолдолд Монгол улсын иргэний паспортыг шуудан болон хүнээр дамжуулан хүлээн авдаггүй болно.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Засгийн газрын өнөөдрийн /2019.12.11/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Энэхүү хуулийн төсөл батлагдвал Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх юм.

Ингэснээр Онцгой байдлын байгууллага нисэх нэгж шинээр байгуулан, агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэж, нисдэг тэрэгний 12 нисэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж бэлтгэх юм.

Мөн төслийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, нефтийн бүтээгдэхүүн түүнийг хадгалдаг агуулах болон онц чухал обьектын гал түймэр унтраах 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинууд нийлүүлэгдэнэ.

Тус төслийг хэрэгжүүлэх санхүүгийн зээлийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлин нар гарын үсэг зурсан билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.