Categories
мэдээ улс-төр

Төсвийн хуультай холбогдуулан тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээж авлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хэлэлцэв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухайн зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьжээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай, хуулийн зарим заалтыг зөрчиж байна. Тиймээс Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгосон учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгч хориг тавьсан.

Түүнчлэн Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай. Нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай хэмээн үзэж буйг танилцуулгадаа дурдав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой хэмээн Ерөнхийлөгч үзэж байгааг танилцуулсан юм.

Дараа нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Байнгын хороод Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан, мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн байна.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Г.Тэмүүлэн, С.Эрдэнэ, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж тодрууллаа. Гишүүдийн асуулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг олон нийтэд зөв ойлголт өгөх үүднээс зарим тайлбар, мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, одоо Нийгмийн даатгалын сан 1.1 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл сүүлийн хоёр жилд өсөж, одоогоор хоёр сарын нөөцтэй болсон. 2008 онд татварын шинэчлэлт нэрээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг 5 хувь болгож бууруулснаар 1.8 их наяд төгрөгийн орлого алдсан. Мөн улсад ажиллаагүй хүнийг ажилласнаар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүнийг шимтгэл төлсөнд тооцож тэтгэвэр олгох болсноос үүдэж Нийгмийн даатгалын сангийн зардал 700 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, ачаалал ихээхэн үүсгэсэн гэдгийг тэрбээр тайлбарлаад нийгмийн даатгалын шимтгэлийн орлогод тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжтой, харин зарлагыг хасах боломжгүй гэж үзэж буйгаа хэллээ. Мөн асуулт асууж тодруулсан гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхдээ биш тогтолцооны өөрчлөлт хийж зайлшгүй шаардлагатай болсон, тиймээс хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог төрөөс зохицуулж өгөх, мөн сангийн алдагдлыг багасгах, төр авсан мөнгөө санд буцааж төвлөрүүлэх чиглэлээр тодорхой бодлого, зорилт тавьж ажиллах шаардлагатайг хэлж байв.

Хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хоригийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр нар өнгөрсөн 30 жилд хүн рүүгээ, нийгэм рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийж чадаагүй явж ирсэн учраас ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх, эдийн засагт үр өгөөж өгөхөд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагын үүднээс төсвийн тухай хуулиудад тавьсан хоригийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан 2020 оноос эхэлж, 2021, 2022 онд дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828, 930.3 сая төгрөгийн санхүүжилтээс уг төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих нийт дүнг хасуулахаар хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үзэв. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс 2020 онд төвлөрүүлэхээр тооцогдсон 174.2 тэрбум төгрөгийн хувь хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүлээн авахаар тогтов. Гэвч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс 2020 онд төвлөрүүлж зарцуулагдахаар тооцогдсон 174.2 тэрбум төгрөгийн хувь хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссон юм. Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээн авсан тул холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж ирэх долоо хоногт багтаан хэлэлцүүлж шийдвэрлүүлэх чиглэлийг хуралдаан даргалагч өглөө.

Дараа нь Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, уг хуультай хамт батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаа боловч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй байна. Учир нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, онцлог бүхий, манай Хуульчдын холбооных шиг тогтолцоо хэдийгээр түгээмэл биш боловч шүүмжлэн буруутгах үндэслэл болохгүй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж.

Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүсэж буй хуульчид тодорхой болзол шалгуур тогтоох, шалгалт авах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон иргэдэд үйлчлэх нөхцөл, журмыг нь боловсронгуй болгох зэрэг хэрэгцээ шаардлага бий. Гэхдээ энэ бүхнийг Монголын хуульчдын холбооноос тусдаа боловч чиг үүрэг нь давхардмал, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх бас нэг холбоо байгуулж, түүгээр гүйцэтгүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байгаа нь нэн ойлгомжгүй байна. Нэн шаардлагатай гэж үзвэл Өмгөөллийн тухай хуульд заасан Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагын чиг үүргийг Монголын хуульчдын холбооны бүтцэд одоо ч ажиллаж байгаа Өмгөөлөгчдийн хороонд хариуцуулах замаар хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэхгүйгээр, мөн түүнчлэн шинээр баталсан Өмгөөллийн тухай хуулийнхаа суурь бүтцийг эвдэхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд Өмгөөллийн тухай хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн уялдуулж, хэрэгжиж байгаа болон шинэ зохицуулалтуудын давхардал, хийдлийг арилгах арга хэмжээг авч, зохих засвар, өөрчлөлтийг хийх боломжтой талаар хоригийн танилцуулгад дурджээ.

Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүхээс Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өмгөөлөгчдийн холбооны Их хурлыг зохион байгуулах, Монголын өмгөөлөгчдийн холбоо төрийн бус байгууллагын хөрөнгийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх” зэрэг зохицуулалтыг тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна.

Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй аль нэг саналтай огт холбогдолгүй бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн байна гэж Ерөнхийлөгч үзжээ.

Иймээс Монголын хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургадугаар бүлэг, Долдугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байна.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн дээрх хэсгүүдэд хэсэгчлэн тавьсан, мөн Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэж, Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно 2019” цомын эзэд маргааш тодорно

Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно 2019” цомын эзэд маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр тодорно. Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг тамирчид 2019 оны “Бөртэ Чоно” шагналын төлөө өрсөлдөж байгаа ажээ.

Шилдэг эрэгтэй тамирчин, Шилдэг эмэгтэй тамирчин, Шилдэг баг номинацуудад өрсөлдөж буй тамирчдыг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах юм.

“Бөртэ Чоно 2019” – Тэргүүн дээд шагналын номинацууд
– Шилдэг Олимпийн танхим
– Шилдэг Олимпийн зөвлөл
– Шилдэг Олимпийн зүтгэлтэн
– Шилдэг Спортын сэтгүүлч
– Шилдэг клуб нэг спортын төрлөөр
– Шилдэг баг
– Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо
– Шилдэг холбоо – 3
– Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга
– Шилдэг Ерөнхийлөгч
– Шилдэг Дасгалжуулагч – 2
– Шилдэг залуу тамирчин
– Шилдэг эрэгтэй тамирчин – 3
– Шилдэг эмэгтэй тамирчин – 3

НЭР ДЭВШИГЧИД:
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ

image

image

image

image

О.Гүндэгмаа (Буудлага спорт) – Азийн АШТ-ий мөнгөн медальт. Долоо дахь олимпдоо оролцох эрхээ авсан.

М.Уранцэцэг (Жүдо) – ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль.

М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) – ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга, Азийн аваргын Мөнгөн медаль.

Б.Болортуяа (Чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт.

Б.Шоовдор (Чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медаль.

С.Батцэцэг (Чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт. ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.

О.Есүгэн (Буудлага) – Азийн АШТ-ээс Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхээ авсан, Азийн АШТ-ий мөнгөн медальт

Д.Номин-Эрдэнэ (Шатар) – 19 настайдаа их мастерийн 3 дахь болзлыг хангасан Монголын анхны эмэгтэй шатарчин.

Б.Бат-Ундрал (Мотоспорт) – “Silk Way Rally 2019” Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон.

Ц.Анударь (Буудлага) – Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, буудлагын тамирчдаас Олимпийн наадамд оролцох анхны эрх авсан

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ

image

image

image

Ц.Цогтбаатар (Жүдо) – Азийн аварга, Парисийн Их Дуулгын мөнгөн медаль.

Д.Алтансүх (Самбо) – Дэлхийн аварга.

Д.Пүрэвдорж (Самбо) – Дэлхийн аварга.

Э.Цэндбаатар (Бокс) – ДАШТ-ий хүрэл медальт. “THAILAND OPEN” тэмцээний аварга.

Э.Даваахүү (Буудлага) – Дэлхийн цомын тэмцээнээс Олимпийн наадамд оролцох эрхээ авсан

Д. Дэлгэрням (3х3) – Жэжүд зохиогдсон Дэлхийн Гран При тэмцээний “хамгийн үнэ цэнтэй тоглогч”.

Л.Отгонбаатар (Жүдо) – Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медальт

О.Ууганбаатар (Жүдо) – Азийн аварга.

ШИЛДЭГ БАГ НОМИНАЦ

image

image

image

3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг – “Токио 2020” Олимпийн наадмын эрхээ авсан, Ази тивийн 4-р байр, Азийн клубуудын Аварга.

3х3 Сагсан бөмбөг эрэгтэй шигшээ баг – Жэжүгийн гранпри тэмцээний аварга – Хамгийн үнэ цэнэтэй тоглогч /Ази тивээс анх удаагаа/, Ази тивийн Мөнгөн медаль, Инжэ Дэлхийн гранпри Хүрэл медаль, Манила Дэлхийн гранпри Хүрэл медаль, Лос Анжелес Дэлхийн Их Дуулга Хүрэл медаль.

Шайбтай хоккейн шигшээ баг – Азийн цомын тэмцээний аварга

Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг – “Катар 2022” ДАШТ, Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд анх удаашалгарч, анхны ялалтаа байгуулсан.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлш үйлдвэрлэлийн хоёр нэмэлт шугам ашиглалтад оруулна

Тавантолгой түлш ХХК түлш үйлдвэрлэлийн нэмэлт хоёр шугамыг энэ сард багтаан ашиглалтад оруулахаар болжээ. Одоогоор тус үйлдвэрийн гурван шугам ажиллаж байгаа ч түлшний хүрэлцээ муу байна гэсэн гомдол сүүлийн үед нэмэгдээд буй.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй: “Галлагаа эхэлсэн 10 дугаар сартай харьцуулахад угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн нь иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сурч байгааг харуулж байна. Өнгөрсөн долоо хоногт нэг өрхийн 3 иргэн угаарын хийнд хөнгөн хордсон дуудлага ирсэн. Өнөөдрийн байдлаар угаарын хийд хордсон нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шахмал түлшийг иргэд бэлэн мөнгөөр бус сайн картаар худалдан авч байгаа. Борлуулалтын цэгүүдийн нөөц, сайн картын түгээлтийн хувь, түлш борлуулалтын байдал, түлш хүрээгүй цэгүүдэд бид байнгын хяналт тавьж ажиллаж байна” гэв.

Тавантолгой түлш ХХК гурван шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байгаа ч энэ сардаа багтаж дахин хоёр шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар албаны хүмүүс хэллээ.

Түүнчлэн нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор Багануурын нүүрсний эрхийн бичигтэй иргэн 12 тонн Налайхын нүүрс тээвэрлэж Амгалан ДЦС-д нийлүүлсэн хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгааг НМХГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан албан даалгавар гаргалаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” албан даалгавар гаргалаа. Уг даалгаварт:

Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цаг агаарын хоногийн дундаж температур 0 градусаас бага болж өвлийн нөхцөлд шилжсэнтэй холбогдуулан барилга байгууламжийн норм, нормативын шаардлагыг чанд сахиулж чанар, аюулгүй байдлыг хангаж, болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж ажиллах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нарт ДААЛГАХ НЬ:

1. Өвлийн улиралд барилгын ажил гүйцэтгэснээр барилгын даацын бүтээцийн бетон зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөлт үүсч барилга байгууламжийн зураг төсөлд заасан бат бэхд хүрэхгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын норм, дүрэм “Цутгамал бетон, төмөр бетон бүтээц” /БНбД 52-02-05/, “Бетон ба төмөр бетон цутгамал бүтээцүүдийн ажил” /БНбД 81-06-06/, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-03-04/ болон холбогдох стандартын шаардлагыг чанд мөрдөж ажиллаж байгаа эсэхэд байнгын хяналт тавих;

2. Барилгын ажлыг долоон сараас дээш хугацаагаар түр зогсоосон болон хүйтний улирал эхэлж байгаагаас хамаарч түр зогссон барилга байгууламжуудыг Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хамгаалалтын горимд оруулж, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах;

3. Өвлийн улиралд барилгын ажил нь түр хугацаагаар зогссон болон барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх үед аж ахуйн нэгж, байгууллагууд барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, барилгын ажлын талбайн орчны аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа болон болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж ажиллах;

4. Энэ албан даалгаврын 1, 2, 3 дахь заалтын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагатай хамтран 2020 оны 4 дүгээр сар хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан, илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгуулж, тайлан мэдээг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус яаманд ирүүлэх.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Н.Номтойбаяр: Хүний нэр төрд халдаж, гэмт хэрэгт гүтгэж байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2019.12.12/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3,9 тэрбум төгрөгийг олгосон гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотой тайлбар мэдээлэл болон Г.Батхүү агсантай холбоотой надтай холбоотой мэдээлэл их гарах болсон. Тиймээс тайлбар өгч байна гэдгийг тодотгосон юм.

“Намайг яллагдагчаар татсан тогтоолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Энэ тогтоол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна. Мөн төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хоёр жилийн хугацаатай эргэн төлөгдөх зохицуулалттай тогтоол бий. Энэ тогтоолын дагуу зээл олгогдоод, гэрээ байгуулаад зээл олгосон. Энэ төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг дурджээ. Түүнээс гадна Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Салбартай холбоотой олон санал ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлдэг. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна. АТГ өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Нэг бол АТГ-ын ур чадварын асуудал уу, эсвэл улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа тогтооно. Хүний нэр төрд халдаж, гэмт хэрэгт гүтгэж байна. Би өөрөө АТГ-ын удирдлагатай уулзаж, энэ бүх мэдээллээ өгнө гэж хэлсэн. Мөн намайг гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж байна гэсэн мэдээлэл бий, надтай уулз” гэв.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын ундны усны чанар, ариун цэврийн байгууламжуудыг сайжруулж байна

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сангаас БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-ийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн Зөвлөх хорооны хурал болж өнгөрлөө. Хурлаар төсөл эхэлснээс хойш хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, амжилт, сургамжийн талаар хэлэлцэж, 2020 оны ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулав.

Эрүүл мэндийн дэд сайд, Төслийн зөвлөх хорооны дарга Л. Бямбасүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, шинээр загвар, дизайныг нь боловсруулан барьж байгуулж байгаа ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн бүх байгууламжууд нь 2 нөхцөлийг хангасан байхыг энэ төслийн хүрээнд онцгойлон анхаарч байгаа. Үүнд: Шинэлэг загвар, дизайны шийдэлтэй байх-жишээ нь, Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, усны хэмнэлттэй г.м. мөн Бүх загвар, дизайн нь уур амьсгалын аливаа болзошгүй өөрчлөлтөд / тэсвэртэй байх-жишээ нь: үер, салхи шуурга, хүйтрэлт г.м. байгалийн эрсдэлт үзэгдэлд тэсвэртэй байх.

Тиймээс, тус төсөл сайн хэрэгжсэнээр, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг шууд үр дүнг нь хүртэхийн дээр тэргүүн туршлагыг нь бусад аймагт түгээн дэлгэрүүлэхийг Монгол улсын Засгийн газар, ялангуяа ЭМЯ, БСШУСЯ онцгойлон анхаарч байгааг хуралд оролцогчдод мэдээллээ.
Төслийн хүрээнд үр дүнтэй хэрэгжсэн нэг ажил бол алслагдсан сумдын сургуулийн дотуур байранд халуун усны байгууламж барьж, дотуур байрны сурагчдыг ариун цэвэр, эрүүл ахуйг сахих боломжоор хангаж өгсөн явдал юм. Энэ нь өвлийн улиралд хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг ханиад томуу болон томуу төст өвчний тохиолдлыг багасгах ач холбогдолтой.

Мөн иргэдийг аюулгүй ундны усаар хангах зорилготой суурин газрын Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах үе шаттай ажлууд сумдад хийгдэж байна.

Төслийн зөвлөх хорооны хурлаар ирэх онд сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэлэг технологи, нэмэлт инновац нэвтрүүлэн улам боловсронгуй болгох, аймаг, сум хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг удирдамж болгосон байна.

Categories
мэдээ улс-төр

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чууулганы нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбодуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдан гарна гэдэгт итгэлтэй байна. Арилжааны телевизүүд өнгөрсөн хугацаанд хуульгүй явж ирсэн. Одоо төрөөс дэмжиж байгаад талархалтай байна. Сайн контент хүргэх шаардлагатай. Телевизүүд хүний нэр төрд халдаж болохгүй. Тухайлбал, Миний бие тэр компанийг нь танихгүй, зээл авсныг нь мэдэхгүй байхад сэвээд байна. Үүний арилжааны телевизүүд анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Энэ хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллээр хуулийн байгууллага шалгах нөхцөл бүрдэж байна. Сайтууд сайн контент бэлтгэж байгаа. Цаашдаа телевизүүд ч сайн контент хүргэх хэрэгтэй гэдгийг хэлье хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:

-Телевизүүдийн хараат бус байдал, зар сурталчилгаа, контент дээр асуудал их байгаа. Хууль батлагдсанаар салбар тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Энэ хууль батлагдсанаар орон нутгийн телевизүүдэд ямар өөрчлөлт, шинэчлэлт гарах вэ? гэсэн асуултад “хуулийн төсөлд сан гэж тусгасан байгаа. Монгол Улсад өргөн нэвтрүүлгийн буюу радио, телевизэд нэг мөр үйлчилнэ. Үндэсний бүтээл, түүхийн нэвтрүүлгийг дэмжих чиглэлээр ажиллана” гэдгийг ажлын хэсэг хариулав.

Ийнхүү гишүүд үг хэлж, хариулт авсны дараагаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар Өргөн нэвтрүүлгийн тухай болон дагалдах хуулийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

75 шатахуун түгээх станцаас 208 зөрчлийг илрүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хяналтын байцаагчид “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг аж ахуй нэгж байгууллагад төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг энэ сарын 02-15-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 75 газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг шатахуун түгээх станц, газрын тосны бүтээгдэхүүний агуулахад галын аюулгүй байдлын тухай хууль, холбогдох галын аюулгүйн дүрэм, норм, стандартын шаардлагыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, шалгалтын явцад 208 зөрчлийг илрүүллээ.

Хяналт, шалгалтын явцад 45 зөрчлийг нь газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 58, мэдэгдэл 9-ийг тус тус бичиж, тухайн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан “Анхдагч илгээлтийн эздийн хөшөө”-нд цэцэг өргөлөө

Өнөөдөр XX дугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийг “Эрдэнэт хот-Эрдэнэтчүүдийн бахархал” уриатайгаар тэмдэглэж байна. Өглөө 9 цагаас Анхдагч, илгээлтийн эздэд зориулсан баярын хурал, урлагийн тоглолт “Хангарь” цогцолборт боллоо. Энэ үеэр зарим анхдагч, илгээлтийн эздийг аймгийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд урлагийн тоглолт зохион байгуулагдлаа. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн өмнөх талбайд байх “Анхдагч илгээлтийн эздийн хөшөө” болон Найрамдал өндөрлөгт аймаг сумын удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албан хаагчид, ахмадууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад 600 толгой үнээ бүхий хэд хэдэн сүүний кластер байгуулах төсөл хэрэгжинэ

Монгол Улсад сүүний кластер байгуулах чиглэлд хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын хэлэлцээрийг Минск хотноо байгууллаа.

Хэлэлцээрт Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн Беларусийн талаас тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Анатолий Хотько нар тус тус гарын үсэг зурсан юм.

Сүүлийн жилүүдэд манай улсын малын тоо толгой өсөн нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн даац хэтрэх цаашлаад газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд ургацын гарцад нөлөөлөх, хөрсний үржил шим алдагдаж доройтох зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2018 онд газар тариалангийн бүс нутгаа тодорхойлж, түүнийг түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого, зорилго тавин энэ оны нэгдүгээр сард “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг баталсан.

Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хөрөнгөөр Монгол Улсад 600 толгой үнээ бүхий хэд хэдэн сүүний кластер байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, хоёр талаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.