Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зориулалтын бусаар тээвэрлэсэн 118 бялууг хураажээ

Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хяналт шалгалтын явцад 532 зөрчил илрүүлж, 348-ыг нь арилгуулсан байна. Сүхбаатар дүүрэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нарийн боов үйлдвэрлэж байсныг зогсоосон. Мөн 5 АНН, 12 иргэнийг 11 сая 450 мянган төгрөгөөр торгож, 6 ААН-д албан даалгавар хүргүүлсэн байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн тухайд:

  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг хураан авсан.
  • “Жүр Үр” ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан.

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжил ба үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

“Тогтвортой хөгжил ба үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар ШУА-ийн Философийн хүрээлэнд хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, үр дүн” (2019-2020) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил ба Үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн уялдаа холбоо, хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ, үр дүнгээр тодорхой санал, дүгнэлт дэвшүүлэхэд оршиж байгаа юм.

Эрдэм шинжилгээний бага хурлаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

– Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн агуулгад харьцуулсан шинжилгээ хийх арга зүй, аргачлал

– Үндсэн хуулийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа холбоо, харилцан хамаарал

– Үндсэн хууль ба Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлт

– Үндсэн хууль ба Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн уялдаа холбоо, харилцан хамаарлын асуудлууд

– Үндсэн хуулийн үзэл баримтлалыг төсөл боловсруулах, батлах үйл явцын эх бичвэрт тулгуурлан судлах нь

– Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг шинэчлэх боловсруулах уялдаа холбоог хангах асуудал нөлөөлөл

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ҮНДСЭН ХУУЛЬ

Эрдэм шинжилгээний бага хурал

Хөтөлбөр

ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ ᠬᠥᠭᠵᠢᠯ ᠪᠠ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ Нээлт
1000 – 1005 ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
1005 – 1010 Дурсгалын зураг татуулах
Хурал даргалагч:

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн

1010 – 1030 Монгол Улсын Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах асуудалд
МУИС-ийн Эмерит профессор, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн зөвлөх,

академич С.Нарангэрэл

1030 – 1045 Төрийн байгуулал, түүний тогтолцооны талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал
Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч,

доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар

1045 – 1105 Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын тогтвортой байдал
ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор П.Амаржаргал
1105 – 1125 Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ба Засгийн газрын тогтвортой байдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор (Ph.D), профессор О.Мөнхсайхан
1125 – 1140 Асуулт, хариулт
1140 – 1150 Цайны завсарлага
1150 – 1210 Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал
Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга,

доктор (Ph.D), дэд профессор А.Мөнхболд

1210 – 1230 Тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд нөлөөлж буй субъектив хүчин зүйлс
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША, доктор (Ph.D), профессор Д.Батмөнх
1230 – 1250 Монгол дахь улс төрийн намын төлөвшил ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт
Стратеги академийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Мөнхцэцэг
1250 – 1300 Асуулт, хариулт
1300 – 1330 Хэлэлцүүлэг
Хаалт
1330 – 1335 ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
Categories
мэдээ нийгэм

Дэлхийн миссийн тэмцээнийг Монголын гоо бүсгүйн танилцуулгаар эхлүүлнэ

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 14-нд Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээн Их Британи улсын Лондон хотноо болно.

Тэмцээний сүүлийн шатны арга хэмжээг Монгол эх орноо төлөөлөн оролцож буй М.Цэвэлмаагийн танилцуулга бичлэгийн хэсгээр нээхээр болжээ. М.Цэвэлмаа энэ тухайгаа “Дэлхийн миссийн тэмцээнийг эмчийн цагаан нөмрөгөөрөө гоёсон бичлэгээр нээнэ гэдэг маш том нэр төрийн хэрэг” хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Түүний хүмүүнлэгийн төсөл Монгол улсын түүхэнд анх удаа Дэлхийн мисс тэмцээний “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн шилдэг аравт шалгарсан юм.

Categories
мэдээ нийгэм

ЖДҮ эрхлэгчдийг дэмжих 40.7 тэрбум төгрөгийн төслийг АНУ-ын Засгийн газар эхлүүллээ

Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Засгийн газар таван жилийн хугацаатай 40.7 тэрбум төгрөг буюу 15 сая долларын шинэ төсөл хэрэгжүүлж эхэлж буйгаа зарлалаа.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(ОУХА)-ийн санхүүжилттэй ”Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” төслийг Хөгжлийн шийдэл ТББ хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олж авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж, сургалтаар хангах юм байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески энэ талаар “Жижиг, дунд бизнес эрхлэгчид нь Монгол Улсын эдийн засгийг олон талт болгох, ажлын байр бий болгоход чухал үүрэгтэй” гэдгийг онцлоод “Энэтхэг-Номхон Далайн бүсийн гол түнш улсын хувьд АНУ нь хувийн секторт түшиглэсэн чөлөөт ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд таатай байх болно” гэжээ.

АНУ-ын ОУХА нь санхүүжилт, компаний засаглал, ил тод байдал, хариуцлагын чадавх болон мөнгөн дэмжлэг зэрэг жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжсэн орчин нөхцөлүүдийг бүрдүүлж ажиллахад төрийн болон хувийн секторын түншлэгч байгуулагуудтай хамтран ажиллах юм. 2016 оноос хойш хугацаанд тус агентлагийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлсэн дэмжлэгийн тусламжтайгаар банк, санхүүгийн байгууллагуудад 750 зээлийг зуучилснаас гадна 600 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

АНУ-ын Засгийн газар Монгол Улсын ардчиллын хөгжил, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих, тусгаар, бие даасан байдалд хүрэх замыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газар, хувийн сектор болон төрийн бус байгууллагуудтай ОУХА-аар дамжуулан хамтран ажилласаар ирсэн билээ.

Тэгвэл энэ оны аравдугаар сард хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж сайн засаглал, хуулийн тэгш эрх, найдвартай, үр дүнтэй эрчим хүч ашиглах болон хувийн секторт түшиглэсэн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зорилготой 17 тэрбум төгрөг буюу 6.4 сая ам.долларын гэрээг хоёр улсын Засгийн газар байгуулаад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Отгонцэцэг: Д.Одбаярын зохисгүй үйлдлээс шалтгаалж хоёр иргэн ажлаасаа халагдсан


“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдлийн зохицуулагч Л.Отгонцэцэгтэй ярилцлаа.


-Цэцийн дарга асан Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед халдсан, өгзгөнд нь хүрсэн гэх шуугиан одоо хэр нь намжаагүй байна. Энэ шуугиан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдэд яаж нөлөөлж байна вэ?

-БНСУ-д 50 гаруй мянган иргэн албан ёсоор болон хараар ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Зарим хүмүүст дээрх шуугиантай холбоотойгоор асуудлууд үүсэж эхлээд байна.

Жишээ татахад банканд карт захиалахад л өдөртөө гаргадаг байсан бол Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь чирэгдэл учруулж бичиг баримтыг нь 3-5 хоногийн дараа гаргаж өгдөг болсон гэсэн. Үйлчилгээний газруудаар явахад нь ч Монгол иргэдийг дорд үзэж, доог тохуу хийж харьцдаг болсон байна.

-Дээрх шуугиантай холбоотойгоор иргэдэд учирсан бодит хохирол байна уу. Үүнээс шалтгаалж ажлаасаа халагдсан тохиолдол бий юу?

-Ялангуяа үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд, оюутан бүсгүйчүүдэд тодорхой хэмжээний асуудлууд тулгараад байгаа. Монгол эмэгтэйчүүд сэтгэлийн хаттай, хэр баргийн бэлгийн дарамтыг даагаад гарчихдаг, бэлгийн дарамтад ач холбогдол өгдөггүй гэсэн хандлага гаргадаг болсон юм билээ.

Монголд хүнээ хамгаалсан хууль байдаггүй учраас Солонгосчууд тоомжиргүй харьцах хандлагууд гарч байсан талаар, мөн үүнээс шалтгаалж хоёр эмэгтэй ажлаасаа халагдсан мэдээлэл ирсэн.

-БНСУ-д ажиллаж буй монгол иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Наад захын үйлчилгээ авахад монгол хүн гэдэг утгаараа ялгаварлан гадуурхуулж байна. Ялгаварлан гадуурхагдаж байгаа асуудал бол БНСУ-д амьдарч байгаа дийлэнх монголчуудад тулгарч байна. Дийлэнхэд нь асуудал тулгарч байгаа учраас тэдгээр иргэдийн эрх ашгийг Монгол Улс, монголын хууль хамгаалах ёстой гэж үзэж байна.

Гэхдээ тухайн иргэн БНСУ-д ажиллаж байгаа 50 гаруй мянган иргэнийг төлөөлж чадахгүй. Тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын дийлэнх иргэдэд ийм асуудал тулгараад байгаа. Тэр иргэдийн эрх ашгийг Монгол Улс, монголын хууль хамгаалах ёстой. Монгол Улсын иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас иргэнээ хамгаалахаар “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдэл дуу хоолойгоо нийлүүлж БНСУ-ын төрийн бус байгууллагатай хамтарч дуу хоолойгоо нэгтгэн хамтарч ажиллаж байна.

-“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” жагсаалыг Үндсэн хуулийн Цэцийн байрны өмнө зохион байгууллаа. Жагсаалын зорилго юу вэ?

-Төрийн эрх мэдэлтэй хэн нэг хүн ёс зүйн алдаатай үйлдэл гаргасан бол хариуцлагаа бүрэн хүлээдэг системтэй болъё. Өөрийнхөө саналаар ажлаа егдөг байя. Мөн хэн нэг хүн хариуцлага алдах юм бол ард түмнээсээ болон бусад шаардлагатай хүмүүсээс уучлал гуйж суръя.

Гол зүйл нь ажлын байрны бэлгийн дарамтыг эргүүлж хуулийн төсөлд нь оруулах зорилготойгоор энэ ажлыг эхлүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

З.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өнөөдөр батлан даалтад гарчээ. Энэ тухайгаа тэрээр “Би нь эргээд ирлээ ккк. Санаа тавьсан нүүр номын найзууддаа баярлалаа. Би нь бууж өгөхгүй ээ” хэмээн бичиж жиргэсэн байна.

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэх үеэр хэдийгээр шүүх хурал нь хойшилсон ч, шүүхээс, шүүгчээс, өмгөөлөгчөөс гурвуулангаас татгалзсан гэх үндэслэлээр түүнийг анх аравдугаар сарын 21-нд 461-р анги руу аваачиж хорьсон билээ. Дараачийн хурлын товыг арваннэгдүгээр сарын 28 хүртэл хойшлуулсан байдаг. Товлосон цагтаа шүүх хурал болсон боловч З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорьсон. Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгасан. Ингээд хоригдож байх хугацаанд төрсөн дүү нь нас барсан ч түүнийг гаргаагүй юм. Мөн батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй билээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Махбалыг өнөөдөр шүүнэ

Хүний амь насыг хохироосон хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж байсан. Улмаар нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Уг хурал энэ оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарчээ.

Эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн бусдын гарт амь насаа алдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг “Осельтамивир” эмийг эмнэлгүүдэд хуваариллаа

Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-д хүсэлт тавьсны дагуу 5000 хайрцаг Осельтамивир эмийг хүлээн авч өвчлөл өндөр байгаа нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/555 дугаар тушаалаар хуваарилсныг өчигдөр хүлээлгэн өглөө.

Осельтамивир эмийг анх манай улсад 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Уг эм нь ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон, томуу, томуу төст өвчний эмнэлзүйн удирдамжид заагдсан вирусийн эсрэг үйлчилгээтэй эм юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар манай улсад дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажилладаг бөгөөд Осельтамивир эмийг хуваарилснаар томуу, томуу төст өвчний үед тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Categories
мэдээ нийгэм

Жүдочид Чиндаогаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн “Чиндао Мастерс-2019” тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо пүрэв гарагт эхэлж, Монголын 10 жүдоч гарч барилдсанаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн К.Дистрияд базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болов. Эрэгтэй 66 кг-д Монголоос 2 бөх гарч барилдаж, хоёулаа медаль хүртэв.

Энэ жилийн дэлхийн аваргаар томчуудыг давж, шуугиулж чадсан Ё.Басхүү хүрэл медалийн төлөөИзраил улсын Брауч Шмайловыг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялж, хүрэл медалийн тавцанд зогсов.

Харин Г.Хэрлэн эрч хүчтэй барилдаж, мөнгөн медалийн эзэн болов.Тэрбээр 2017 онд мастеруудын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Энэ удаад аваргын төлөө Италийн Мануэль Ломбардотай барилдаж, цэвэр ялагдсанаар мөнгөн медаль зүүлээ.

Энэ өдрийн барилдаанд дэлхийн аварга Д.Сумъяа, М.Уранцэцэг нар медальгүй хоцров. Өнөөөдөр Монголын 6 жүдоч татамид гарч барилдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Унтаад босоход л нэг татвар нэмэгдчихсэн байх юм

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх парламентын үед сул гишүүн байхдаа Ардчилсан намынхныг их л баалдаг байж билээ. “Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмдэг бодлого дэлхийн хаана ч байхгүй. Татвар нэмнэ гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжийн халааснаас авна л гэсэн үг” гэж ирээд хуралдаан дээр загнаж харагддаг байв. Одоо тэгээд эдийн засаг хямраагүйдээ саарал жагсаалтад багтаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаа юу. Одоо тэгээд ард түмний халааснаас энэ олон татварын нэмэгдэл гарахгүй болоо юу. Нэг амаар хоёр өөр юм ярьж, ам ажил зөрдгийн тод жишээ энэ бизээ. Өөр нам эрх барих үед дээрх үгийг хэлж суусан Сангийн сайд өөрийн намыг эрх барих үед төсөв бүрдүүлэхийн тулд хичнээн төрлийн татвар нэмж, ард түмний халааснаас энэ бүхэн гарч байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. МАН-ын генсек Д.Амарбаясгалан ч мөн адил 2016 онд “Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй” гэж хэлж байж. Гэвч МАН сонгуульд ялалт байгуулж засаг барьж эхэлснээс хойш байнга татвар нэмлээ. Хамгийн сүүлд авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдлээ. Үүний өмнө есөн төрлийн татвар нэмсэн байдаг. Газар худалдаалах, Ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн, архи, тамхи, импортын шатахууны онцгой албан татваруудыг ээлж дараалан нэмсэн.

2016 оноос хойш эрх баригчид нийт арван төрлийн татварыг нэмсэн байх юм. Татвар нэмлээ гэж шүүмжлэхээр ганц л хариулттай. “Олон улсын валютын сан ингэ” гэсэн л гэдэг. Үнэн хэрэгтээ заавал татвараа нэмж, ард түмнийхээ халаасыг суйл гэж зөвлөдөг ч гэж юу байхав. Арга чарга ол л гэсэн зөвлөмж өгсөн болохоос татвар нэм гэж бүхэл бүтэн улс оронд зааж, тулгаагүй байлтай. Хэрэв тулгалт хийлгэтлээ дор орсон бол эрх баригчдын өөрсдийнх нь л буруу. 1996 онд Ардчилсан хүчнийхэн эрх барьж байх үед мөн л Олон улсын валютын сангийнхантай тулгарсан. Өнөөдүүл зөвлөмж өгсөн. Гэхдээ тэдний зөвлөмжийг эрх баригчид шууд хүлээж аваагүй байдаг. Учир шалтгаанаа ойлгуулж, бид тийм ч ядарчихсан улс биш, өөр гарц боломж хайя гэж үзэж тардаг байсан юм билээ. Тэр үед манай эдийн засаг одоогийнхтой харьцуулахад ямар байсныг эрхбиш мэдэж байгаа биз. Олон улсын валютын сан ч бас нөхцөл байдлыг сонсч тулгалт хийгээд байдаггүй байж. Тэр үед Р.Амаржаргал, Баабар нар “Бид Кени, Конго биш дээ” гэж ирээд л өөрсдийгөө ойлгуулж, тайлбарлаж чадаж. Нөгөө талаасаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан Монголыг сонсчих юмсан, асуудлыг нь цэгцэлчих юмсан гэдэг яриа хөөрөө өрнөөд ойлголцлын түвшинд хүрч байжээ. АН-ыг засаг барьсны дараа МАН засаг авахдаа яаран мэдэгдэл хийж, эдийн засаг доройтож хүнд байна, данс улайлаа гэсэн улс төр хийж байгаад Олон улсын валютын санг оруулаад ирсэн. Угтаа Олон улсын валютын сангийн тусламжийг аргаа барсан улс авдаг. Улс орнууд болж өгвөл авахгүй юмсан гэж өөр гарц хайдаг. Яагаад гэвэл хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн чөлөөтэй бодлого явуулах боломжгүй болгоод нэг хашаанд хашаад, үгээр нь явахаас өөр гарцгүй болгодог. Олон улсын валютын сангаас тусламж хүссэнээр эдийн засаг тэлнэ гэж байдаггүй, яаж сэхээнээс энгийн тасагт шилжих вэ гэдэг л нөхцөл үүсдэг. Одоо үнэхээр ингэж тулгаад байгаа бол Монголд хандах олон улсын байгууллагын хандлага өөрчлөгдсөн, эсвэл тэдэнтэй ойлголцлын түвшинд ярих хэмжээний хүн эрх баригчдад байгаагүй юм байлгүй.

Ямартай ч мөнгө дутаад ирэхээр л ард түмнийхээ халаасыг суйлдаг муу зан сурчихлаа, энэ МАН-ынхан. Жирийн иргэд бид ч унтаад сэрэхдээ айдаг боллоо. Өглөө босоод ирэхэд ямар гээч татвар нэмсэн байгаа бол гэж бодох болов. Ямар даргад нь юу дутаад юугаа нэмэх бол гэж айх боллоо. Үндэсний телевизээр чуулганы хуралдаан харахаас эмээдэг боллоо. Айл болгон татвараа төлж үздэг телевизээрээ байнга татвар нэмсэн тухай үзэх ч бас амаргүй юм. Энэ нам сонгуульд амласныхаа эсрэг юм хийдгийг татвар яаж нэмж байгаагаас харж болно. Угтаа МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүх юм эсрэгээрээ байгаа. Татварын талаар бүхэл бүтэн бүлэг бий. Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэж тодоос тод биччихсэн. Тэр ч бүү хэл зарим төрлийн татварыг бууруулах бодлого баримтална гэж тэд амалсан. Булзах аргагүй. Ингэж ард түмнийг хуурч худал хэлж, Засгийн эрх авсан намыг шүүхэд өгч татан буулгах цаг болж. Хуулинд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархах тухайд заалт бий. Ард түмэнд худлаа амладаг намыг хууль бусаар төрийн эрх авах гэсэн зүйл ангид хамааруулдаг болмоор байна. Ингэж хариуцлага тооцдог болъё. Сонгуулиас сонгуульд худлаа амлалт өгч гарч ирсэн хойноо яг тэрнийхээ эсрэг үйлдэл хийгээд байвал энэ улс орон яаж өөдлөх билээ. Ард түмний сонгуулиар өгсөн санал ямар үнэ цэнтэй болох билээ.

Намуудыг хариуцлагатай болгоё. Хар ярианы хэлээр худал ярихыг “чихэн дээр цэцэг ургуулах” гэдэг. Тэд бидний чихэн дээр цэцэг ургуулж, бид тэрэнд нь итгэж олон жил боллоо. Юу амлах, юу амлахгүйгээ намууд мэддэг болж, худал амлахгүй болгохын тулд хуулинд тусгамаар байна. Сонгуульд оролцохдоо МАН-ын удирдлага “Мөрийн хөтөлбөрийн үг, өгүүлбэр бүхэн үнэн бодитой, зорилго, зорилт цэгцтэй, үр дүн өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг болсон” гэж байлаа. Харамсалтай нь үнэн бодитойг нь олж харсангүй. Засгийн газраа дангаар бүрдүүлж, УИХ-д 65-уулаа суух боломжийг ард түмэн тэдэнд олгосон ч тэд итгэлийг минь хөсөрдүүллээ. Хоорондоо талцаж, засгаа татан унагааж, татвар нэмэхээс өөр шийдэл үгүй эрх баригч МАН-ыг эхний ээлжинд шүүхэд өгөх хэрэгтэй.

Америк, Хятад хоёр улс 25 хувийн импортын татвараас болж худалдааны дайндаа тулж, одоо ч үргэлжилж байна. Харин манай ард түмэн эрх баригчдынхаа явуургүй, дээрэнгүй бодлогыг хүлцэнгүй тэвчсээр, 20-200 гаруй хувь нэмэгдсэн татварынхаа дороос өндийх тэнхэлгүй хүлцэнгүй байх юм. Унтаад сэрэхдээ айдаг айдсаасаа салахын төлөө худал амлагч, ЖДҮ-ийн хулгайч, хүчирхийлэгч, 60 тэрбумын хуйвалдаанчдын эсрэг 2020 оны сонгуулиар эрх баригчдад дүнгээ тавьцгаая.