Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн аминд хүрсэн Б.Энхбаяр нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг нь зогсоож шалгасан цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Б-г тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж засмал зам дээр унагааж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ.

Мөн Б.Энхбаяр нь 2013 оны 9 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд дангаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч залилж, нийт 472 гаруй сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энхбаярт хүн амины болон залилан мэхлэх гэмт хэрэгт нь 20 жил, Т.Лундаад хүн амины гэмт хэрэгт нь 13 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байсан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жил хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос гэмтсэн хүүхдийн тоо 62.5 хувиар буурчээ

Image result for Хужаа мотоцикл

Энэ сарын 9-12-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Ослын тухайд, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор багийн нутаг “Манхны өвөр” гэх газар шороон замд улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй нас барсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Явган зорчигч мөргөсөн 22, мөргөлдсөн 4, обьект мөргөсөн 1, онхолдсон 1 зөрчил тус тус бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 39 хувиар, гэмтсэн хүн 20 хувиар тус тус нэмэгдсэн бол гэмтсэн хүүхдийн тоо 62.5 хувиар буурсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн номны 30-60 хувийн хямдралтай худалдаа болж байна

“Эрүүл мэндийг хохироох хор бус Эрдэм оюуныг тэтгэх ном бэлэглэе” уриатайгаар хүүхдийн уран бүтээлч, зохиолч нар нэгэн дор чуулж байна. Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв болон Монголын хүүхдийн төв номын сан хамтран зохион байгуулж байгаа “Хүүхдийн зохиолчтой хамт” нэртэй энэхүү арга хэмжээ өнөөдөр Монголын хүүхдийн төв номын санд нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр номонд дуртай бяцхан уншигчид өөрсдийн ая дуугаар зохиолч ах эгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, Хүүхдийн төв номын сан “Ээжээ номын санд очъё” шинэ номын дээжээр уран бүтээлчдэд бэлэг барив.

Хүүхэд бүрийн дуртай шинэ жилийн баяраар эрүүл мэндэд хортой амттан биш харин оюун ухааныг нь тэлэх ном бэлэглэхийг эцэг эхчүүдэд уриалж буй өдөрлөг арга хэмжээ өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжилж уран бүтээлч зохиолчид номоо 30-60 хувь хямдруулан худалдаалж байна.

Мөн хүүхэд багачууд дуртай шүлэг, дуугаа уншиж, дуулж болох чөлөөт тайз, нээлттэй микрофон, өвлийн өвөөд илгээх захидлын уралдаан, зураг зурж, цаасаар урлаж болох “Уран бүтээлч” булан гээд олон сонирхолтой арга хэмжээг энэ үеэр зохион байгуулах юм. Бичсэн номынх нь талаар зохиолчтой нь ярилцаж, гарын үсгийг нь авах, хамт зураг даруулан “Амттай-ном” сугалааг бэлгэнд авч өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг хүүхдийн уран бүтээлч нар олгож байна.

Хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээний үеэр ээж аавуудад зориулсан “Хүүхдийн уншлагад эцэг эхийн оролцоо”, “Уншлагаар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нь” зэрэг сонирхолтой илтгэл, чөлөөт хэлэлцүүлэг хийж, зохиолч Б.Ганчимэг, Ш.Солонго нарын олон уран бүтээлчийн шинэ номын нээлт болно.
Categories
мэдээ нийгэм

ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 27 минутад эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Эдгээр хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 88 саналын томъёолол, найруулгын шинжтэй багцалсан 7 санал, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаарх 11 саналыг бэлтгэсэн юм. Хуралдаанаар эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 2, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 3, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 1 саналаар тус бүрд нь санал хураан шийдвэрлэлээ.

Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 23, найруулын 3 саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Мөн ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн өөрчлөн найруулахыг дэмжсэн. Стандартад нийцсэн утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машиныг замын хөдөлгөөнд оролцуулсан, эсхүл агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлэхээр авч явсан бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн төслийн 1 дүгээр зүйлийн 11 дэх заалтын 1 дэх хэсгийг дээр дурдсанаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол дэмжигдлээ. Ийнхүү Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хог хаягдлын тухай, Нийгмийн даатгалын тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг зөрчсөн тохиолдолд, мөн төрийн тусгай хамгаалалт тогтоосон бүсийн агаарын зайн дэглэм зөрчих, хүүхдийн эрхийг зөрчих гэх зэрэг асуудлаарх төсөл дэх зохицуулалтуудыг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх болон Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай ажлын хэсгийн саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.


Байнгын хорооны хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 10 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.

10/4.12 дугаар зүйлийн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 дахь хэсэг:

2. Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол, гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.

3. Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.

4. Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах талаар гаргасан оролцогчийн хүсэлтийг үндэслэн, тэдгээрийг хадгалах асуудлыг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн шийдвэрт тусгайлан зааж болно. 

5. Тусгай хадгалалт, хамгаалалт шаардлагатай хөрөнгө, орлого, эд зүйл, шинжилгээний обьектыг шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан, шинжилгээний байгууллагын шинжээчийн саналаар тухайн байгууллагаас өөр байгууллагад хадгалуулж болно.

6. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

7. 3өрчлийн хэргийг харьяаллын дагуу, эсхүл шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хамт хүргүүлнэ.

8. Зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд зүйлийн хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгг хавсаргана.

9. Эрх бүхий албан тушаалтны хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, шинжилгээний обьект нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл зөрчлийг шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан өгөх боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

10. Эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хүлээн авсан шүүх ажлын 2 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.

10.1. хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх;

10.2. хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;

10.3. худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах;

10.4. устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.

11. Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шийдвэр, эсхүл зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг буцаан олгохоор заасан боловч энэ зүйлийн 10.1, 10.3, 10.4 дэх заалтад заасны дагуу тухайн хөрөнгө, орлого, эд зүйлийг шилжүүлсэн, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө.

12.Эрх бүхий байгууллага нь энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан ажиллагааны тэмдэглэл, устгасан, шилжүүлсэн, худалдан борлуулсан хөрөнгө, орлого, эд зүйлийн жагсаалтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.

13.3өрчлийн хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх болон энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална.

14.Шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийн улмаас хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн талаар энэ зүйлийн 15 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана. 

15.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

15.1.эзэмшигчид нь буцаан олгох;

15.2.устгах;

15.3.улсын орлого болгох;

15.4.зөрчлийн хэрэгт хадгалах.

16.Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг буцаан олгох нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэлтэй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй, эсхүл хуулиар хориглосон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахаар бол эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 15.2, 15.3 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана.

17. Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хадгалах шаардлагатай бол энэ зүйлийн 15.4 дэх заалтад заасан шийдвэрийг гаргана.”

Мөн зөрчлийн холбогдогчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаараар эрх бүхий албан тушаалтан дуудан ирүүлэхтэй холбоотой зохицуулалтын талаарх төслийн 1 дүгээр зүйлийн 20, 21 дэх заалтыг мөн зүйлийн 12, 13 дахь заалт болгон шилжүүлж өөрчлөн найруулахыг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү дээрх төслийн талаарх зарчмын зөрүүтэй 9 санал, найруулгын 1 саналаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Дараа нь “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авлаа. Прокурорын байгууллагын 70, 80 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай шийдвэрийг Улсын Их Хурлын баталж ирсэн бөгөөд энэ дагуу 20 оны 08 дугаар сарын хоёр дахь 7 хоногт ойн өдрийг тэмдэглэх тухай шийдвэрлүүлэхээр төслийг өргөн мэдүүлсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжснээр энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан юм

Categories
мэдээ улс-төр

“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тэгвэл өнөөдөр эхний хэлэлцүүлгийг “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шуудан” ХК, зарим аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон төрийн бус байгууллага, хуульч судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Ирэх онд Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болно. Сонгууль бүрээр зөрчил, маргаан гардаг нь зохион байгуулагч байгууллагуудыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулдаг. Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгууль зохион байгуулахад оролцдог, тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж ажилладаг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад өнгөрөгч 10, 11 дүгээр саруудад очиж ажилласан. Энэ үеэр холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээс үзвэл сонгууль зохион байгуулахад сонгогч иргэдийн хаягийн асуудал хөндөгдөж, зарим ойлгомжгүй буюу зөвхөн нэг байгууллагаас шалтгаалахгүй хамтарч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа нь ажиглагдсан. Эдгээр асуудлыг шийдэх гарц, шийдлийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Учир нь хаягжилтын асуудал сонгуультай жил бүр асуудал дагуулдаг. Тухайлбал, Нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдлийг” бий болгодог. Үүнд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ цаг үед шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах бололцоо бий” хэмээн онцлон тэмдэглэлээ.


Хэлэлцүүлгийн эхэнд “Газар байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Монгол Улс дахь хаягжуулалтын өнөөгийн байдал” сэдвийн дор илтгэл тавив. Үүнд Эрх зүйн баримт бичиг, хаягжуулах аргачлал, Хаягжуулалтын өнөөгийн байдал, хийгдсэн ажил, Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

2013 онд Хаягжуулалтын тухай хуулийг баталсан. Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол, 2019 оны 325 дугаар тогтоолоор тус тус “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталсан байдаг. 2013-2017 онд 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23124 гэр хорооллын гудамж, 316199 хашаа, 23732 байшинг хаягжуулсан. Харин Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Энэ мэдээллийн санг үндэслэн аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдэж тэмдэгжүүлэх ёстой. Гэтэл энэ ажил учир дутагдалтай, эрээвэр хураавар болсон. Одоогоор 122 сум албан ёсоор хаягаа зоогоод тэмдэгжүүлсэн байгаа. 2019 онд 59 сум төсвөө иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулаад бэлтгэл ажлаа хангаад байна. Нийтдээ 172 сум байна. Одоогоор 159 сум хаягжуулах ажлаа хийгээгүй байгаа. Харин нийслэлийн хувьд мэдээллийн санг бүрэн үүсгэсэн. Сонгуулийн дараа албан ёсоор тэмдэгжүүлэх ажил эхэлнэ гэдгийг тэрбээр танилцуулав.

Нийслэл хотод хаяг олголтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Шинэчилсэн хаягийн гаднах тэмдэглэгээг хийхийн тулд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байгаа талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрынхан хэлж байна.

Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонгогчдын нэрийн жагсаалт гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэлт тавив. Тэрбээр, “Хаягжилтыг зөвхөн сонгуулийн асуудал мэтээр олйгох нь хэт өрөөсгөл юм. Хаягжилтыг зөв хөгжүүлэх нь улс орны хөгжлийн асуудал. Манай улсад хаягжуулалтын асуудлыг орхигдуулж ирснээр төрийн болон бизнесийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд хүндрэл үүсгэдэг. Учир нь обьект болон гудамж талбайн хаягжилт нь хоёр өөр хэлбэрээр хэрэглэгддэг. Тухайлбал, ногоон болон цэнхэр дэвсгэртэй хаяг орон нутаг, нийслэлд ашиглагдаж байна. Мөн гал команд, түргэн тусламжийн автотээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэхэд гэр хорооллын гудамж, хашааны хаяг нь тодорхой бус байдгаас цаг алддаг. Иймд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид бүгд нэгдсэн ойлголтод хүрч, тодорхой шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Манай улс нийт 3.336.994 хүн амтайгаас 50,8 хувь нь эмэгтэй, 49.2 хувь нь эрэгтэй. Үүнээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий насны 2.114.939 иргэн байна. Орон нутагт 1.137.879 иргэн, нийслэлд 977.060 иргэн бий. Гэхдээ сонгуулийн санал авах өдөр хүртэл 18 нас хүрч, сонгууль өгөх эрхтэй болох иргэдийн тоо, нас барах, иргэний харьяаллаа өөрчлөх зэрэг шалтгаанаас үүдэн дээрх тоонд өөрчлөлт орохыг холбогдох албаныхан хэллээ.

Дараа нь “Ээлжит сонгуулийн бэлтгэл ажил” сэдвээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас илтгэл тавьсан бол Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээлэл хийв.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн техникийн суурь шалгалт, засвар үйлчилгээг тогтмол хийж байгаа. Санал тоолох төхөөрөмжийг хадгалж буй агуулах болон серверийн аюулгүй байдлыг хангах ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байна гэв.

Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн төсөвт 20,5 тэрбум төгрөг, ороннутгийн сонгуульд 16,5 тэрбум төгрөг тус тус батлагдсан. УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдвал саналын хуудасны, техник худалдан авах болон гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зардал тус тус нэмэгдэхээр байгаа аж.

Илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжлэв. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хаягжилтын байдал өнөөдөр яагаад зөрчилтэй буй талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулав. Тухайлбал, 2013 онд Засгийн газраас баталсан 280-р тогтоолыг хүчингүй болгосон хэрнээ 325-р тогтоолыг яагаад түр зогсоосон, мөн орон нутаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт хэдэн хувьтай байгаа талаар тодруулж байв.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү хийсэн тайлбартаа, 280-р тогтоол хүчингүй болсон шалтгаан нь хаягийн зип код хаягдсан учир 2019 оны “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” тухай 325-р тогтоолыг гаргах шаардлага үүссэн. Харин энэ тогтоол 2021 оноос хэрэгжиж эхэлнэ. Иймд ажлын хэсгээс уг тогтоолын түр зогсоох шийдвэр гарсан гэв.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох бололцоотой. Иргэний хаяг дээр зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”-ийг арилгах зохицуулалтыг оруулах боломжтой. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Асуудал тулгарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгнө” хэмээгээд сонгуулиас өмнө хаягжуулалттай холбоотой ажлыг түргэн шуурхай шийдвэрлэж, батлагдан гарсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үүргийн хариуцлагатай, санаачилгатай гүйцэтгэхийг санууллаа.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Сонгууль бүрээр зөрчил, маргаан гардаг нь зохион байгуулагч байгууллагуудыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулдаг

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тэгвэл өнөөдөр эхний хэлэлцүүлгийг “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шуудан” ХК, зарим аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон төрийн бус байгууллага, хуульч судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Ирэх онд Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болно. Сонгууль бүрээр зөрчил, маргаан гардаг нь зохион байгуулагч байгууллагуудыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулдаг.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгууль зохион байгуулахад оролцдог, тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж ажилладаг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад өнгөрөгч 10, 11 дүгээр саруудад очиж ажилласан. Энэ үеэр холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээс үзвэл сонгууль зохион байгуулахад сонгогч иргэдийн хаягийн асуудал хөндөгдөж, зарим ойлгомжгүй буюу зөвхөн нэг байгууллагаас шалтгаалахгүй хамтарч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа нь ажиглагдсан.

Эдгээр асуудлыг шийдэх гарц, шийдлийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Учир нь хаягжилтын асуудал сонгуультай жил бүр асуудал дагуулдаг. Тухайлбал, Нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдлийг” бий болгодог. Үүнд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ цаг үед шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах бололцоо бий” хэмээн онцлон тэмдэглэлээ.

НИЙСЛЭЛ ХОТОД ХАЯГ ОЛГОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙГАА

Хэлэлцүүлгийн эхэнд “Газар байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Монгол Улс дахь хаягжуулалтын өнөөгийн байдал” сэдвийн дор илтгэл тавив. Үүнд Эрх зүйн баримт бичиг, хаягжуулах аргачлал, Хаягжуулалтын өнөөгийн байдал, хийгдсэн ажил, Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

2013 онд Хаягжуулалтын тухай хуулийг баталсан. Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол, 2019 оны 325 дугаар тогтоолоор тус тус “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталсан байдаг.

2013-2017 онд 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23,124 гэр хорооллын гудамж, 316,199 хашаа, 23,732 байшинг хаягжуулсан. Харин Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 10,071 гэр хорооллын гудамж, 280,332 хашаа, 89,188 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Энэ мэдээллийн санг үндэслэн аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдэж тэмдэгжүүлэх ёстой.

Гэтэл энэ ажил учир дутагдалтай, эрээвэр хураавар болсон. Одоогоор 122 сум албан ёсоор хаягаа зоогоод тэмдэгжүүлсэн байгаа. 2019 онд 59 сум төсвөө иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулаад бэлтгэл ажлаа хангаад байна. Нийтдээ 172 сум байна. Одоогоор 159 сум хаягжуулах ажлаа хийгээгүй байгаа. Харин нийслэлийн хувьд мэдээллийн санг бүрэн үүсгэсэн. Сонгуулийн дараа албан ёсоор тэмдэгжүүлэх ажил эхэлнэ гэдгийг тэрбээр танилцуулав.

Нийслэл хотод хаяг олголтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Шинэчилсэн хаягийн гаднах тэмдэглэгээг хийхийн тулд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байгаа талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрынхан хэлж байна.

“ХАЯГЖИЛТЫГ ЗӨВХӨН СОНГУУЛИЙН АСУУДАЛ МЭТЭЭР ОЙЛГОХ НЬ ХЭТ ӨРӨӨСГӨЛ”

Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонгогчдын нэрийн жагсаалт гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэлт тавив. Тэрбээр, “Хаягжилтыг зөвхөн сонгуулийн асуудал мэтээр ойлгох нь хэт өрөөсгөл юм. Хаягжилтыг зөв хөгжүүлэх нь улс орны хөгжлийн асуудал.

Манай улсад хаягжуулалтын асуудлыг орхигдуулж ирснээр төрийн болон бизнесийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд хүндрэл үүсгэдэг. Учир нь обьект болон гудамж талбайн хаягжилт нь хоёр өөр хэлбэрээр хэрэглэгддэг. Тухайлбал, ногоон болон цэнхэр дэвсгэртэй хаяг орон нутаг, нийслэлд ашиглагдаж байна. Мөн гал команд, түргэн тусламжийн автотээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэхэд гэр хорооллын гудамж, хашааны хаяг нь тодорхой бус байдгаас цаг алддаг. Иймд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид бүгд нэгдсэн ойлголтод хүрч, тодорхой шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Манай улс нийт 3,336,994 хүн амтайгаас 50.8 хувь нь эмэгтэй, 49.2 хувь нь эрэгтэй. Үүнээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий насны 2,114,939 иргэн байна. Орон нутагт 1,137,879 иргэн, нийслэлд 977,060 иргэн бий. Гэхдээ сонгуулийн санал авах өдөр хүртэл 18 нас хүрч, сонгууль өгөх эрхтэй болох иргэдийн тоо, нас барах, иргэний харьяаллаа өөрчлөх зэрэг шалтгаанаас үүдэн дээрх тоонд өөрчлөлт орохыг холбогдох албаныхан хэллээ.

Дараа нь “Ээлжит сонгуулийн бэлтгэл ажил” сэдвээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас илтгэл тавьсан бол Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээлэл хийв.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн техникийн суурь шалгалт, засвар үйлчилгээг тогтмол хийж байгаа. Санал тоолох төхөөрөмжийг хадгалж буй агуулах болон серверийн аюулгүй байдлыг хангах ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байна гэв.

Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн төсөвт 20.5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг тус тус батлагдсан. УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдвал саналын хуудасны, техник худалдан авах болон гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зардал тус тус нэмэгдэхээр байгаа аж.

Илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжлэв. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хаягжилтын байдал өнөөдөр яагаад зөрчилтэй буй талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулав.

Тэрбээр, “Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох бололцоотой.

Иргэний хаяг дээр зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”-ийг арилгах зохицуулалтыг оруулах боломжтой. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Асуудал тулгарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгнө” хэмээгээд сонгуулиас өмнө хаягжуулалттай холбоотой ажлыг түргэн шуурхай шийдвэрлэж, батлагдан гарсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үүргийн хариуцлагатай, санаачилгатай гүйцэтгэхийг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан этгээдэд найман жилийн хорих ял ногдууллаа

Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын иргэн “А” гадаадын тагнуулын алба, байгууллагатай хууль бусаар хамтарч, тэдгээрт дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг цуглуулж байсан үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тусгай албатай нууцаар хамтран ажиллаж байгааг нотлох баримтаар тогтоосон.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын иргэн “А”-гийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадын зүгээс манай улсын эсрэг явуулж буй тагнан турших болон бусад хууль бус үйл ажиллагаанд манай орны иргэдийг татан оролцуулах үйлдэл нэмэгдэж байна. Энэ нь Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдах гол шалтгаан болж байгаа тул цаашид онцгой анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж буй бөгөөд ард иргэдийг гадаадын тусгай албанд ашиглагдахаас сэрэмжлүүлж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академитай 2019 оны хамтын ажиллагаагаа дүгнэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн 41 жилийн ой, “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” жилийн хүрээнд үйлдвэрийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи хоорондын энэ оны хамтын ажиллагааг дүгнэх тайлангийн хурал амжилттай зохиогдлоо. Тайлангийн хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хөгжлийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Шинжлэх ухааны академийн судлаач, эрдэмтэн, инженерүүд оролцсон юм. 2019 онд хоёр байгууллага 8 чиглэлд хамтран ажиллахдаа бодит үр дүнд хүрснийг онцлон, хурлын үеэр судлаачдын хийсэн судалгааны ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэг, Шинжлэх ухааны академийн хамтран хэрэгжүүлсэн цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, инновацийн түвшний томоохон ажлын туршилт судалгааны үр дүн ирэх хавар харагдах юм. Мөн Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах, цагаан тоосны дэгдэлтийг багасгах зэрэг байгаль орчны чиглэлээр хийгдэж байгаа туршилт судалгааны ажлуудыг онцоллоо.

Шинжлэх ухааны академи, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд үйлдвэрийн газрын цех, нэгжүүдийн бүтээмжийн менежер, инженер техникийн ажилтнуудад “Оюуны өмчийн менежмент”, “Химийн хорт болон аюултай бодисын менежментийг сайжруулах”, “Хаягдлын далангийн сейсмик мониторинг хийх” сэдвээр сургалт явуулсан нь ажилтнуудыг чадавхижуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль дүрмийг биелүүлэхэд үр дүнгээ өгч байна. Уул уурхайн үйлдвэрлэл нь ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, үйлдвэрлэл, эрчим хүчний хангамж, дэд бүтэц, ложистик, эдийн засаг, менежмент, байгаль орчин, аюулгүй ажиллагаа гэсэн олон салбарыг хамарсан нарийн төлөвлөлт бүхий үйл ажиллагаатай. Эрдэнэт үйлдвэр 41 жилийн турш шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үндсэн дээр үйл ажиллагаагаа удирдан чиглүүлсээр ирсэн бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт хоёр тал итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

270 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах,Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг тарваганы тулам Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Монгол улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэсэн заалтыг зөрчсөн иргэн Б-ээс 270 ширхэг тарваганы туламыг түр хураан авч Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн байна.

Монгол тарвага нь “Монгол хөхтөн амьтны улаан данс”-д бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй хөхтөн амьтдын жагсаалтын нэг дүгээрт бичигдсэн байна.
Categories
мэдээ нийгэм

“Хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн систем” хэлэлцүүлэг боллоо

Эрчим хүчний яамны санаачилгаар “Хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн систем” хэлэлцүүлэг, семинарыг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг, семинарт Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, орон нутгийн хөгжлийн бодлогын газар, хэлтсийн төлөөлөл болон бусад холбогдох байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

Монгол Улсын дулаан хангамжийн системийг ухаалаг болгон хөгжүүлэх шаардлага, Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оролцоо, ойрын хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг танилцуулах, Монгол Улсад хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн системийг хөгжүүлэх боломж бололцоог хэлэлцэх, Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дулаан хангамжийг шийдвэрлэхэд санхүүжүүлэгч, хамтран ажиллах байгууллагын оролцоо боломжийн талаар нээлттэй хэлэлцэж, нэгдсэн бодлогод хүрэхэд гол зорилго оршиж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Эрчим хүчний салбарын бодлого, дулаан хангамжийн системийг сайжруулах”, “Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оролцоо, Хүлэмжийн хийн ялгарал багатай дулаан хангамжийн шийдэл”-ийн талаар нийт долоон илтгэл тавьсан юм.

Дулаан хангамжийн системүүдийн үр ашгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дулааны салбарын оруулах хувь нэмрийн талаар харилцан хэлэлцлээ.

Хэлэлцүүлгээр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах, хэрэглээнд суурилсан ухаалаг эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, түүний дотор дулаан хангамжийн системийг ухаалаг болгоход чиглэгдсэн сайн туршлагуудыг нэвтрүүлэх, төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн системүүдийг үр ашигтай хөгжүүлэх,дулаан хангамжийн системд шинэ эх үүсвэрийг ялангуяа нам потенциалын эх үүсвэрийг нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлон гаргалаа. Тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэнээр түүнийг шийдвэрлэхэд дөхөм болно гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн юм.