Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрхэмбаяр: Хувьцаат компаниудад алдагдсан итгэлийг наашлуулахын төлөө ажиллана

Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор шагнагдсан “Түмэн шувуут” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Танд Монгол Улсын гавьяат мал зүйч болсонд баяр хүргэе. Энэ баярт мэдээг дуулсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баасан гаригийн орой ажил тарахын үед сонссон. Бүр их баярлаж хөөрөөгүй. Харин цаашдаа илүү ихийг хийх хэрэгтэй дээ гэсэн бодол төрсөн. Ер нь миний хувьд аливаа зүйлд хэт их догдлоод байх нь гайгүй л байдаг юм.(инээв)

-Та Архангай аймгийн харьяат байх аа.

-Би Архангай аймгийн Их Тамир сумын харьяат.

-Ээж, аавынхаа талаар ярихгүй юу. Эхээс хэдүүлээ билээ?

-Аав минь насаараа л нэгдэлд ажилласан. Манаач, сахиул, нярав, нягтлан, тоо бүртгэгч, трактор комбайны жолооч гээд л аавд минь хийж үзээгүй ажил гэж байхгүй дээ. 1950-иад онд трактор комбайны жолоочийн курс төгсөж байсан юм билээ. “Гэрэлт зам” нэгдлийн дарга Р.Минжүүр намайг долдугаар ангид байхад Хөдөлмөрийн баатар болсон юм. Аав тухайн үед нэгдэлд их л олон ажил хийдэг байсан. Идээний үйлдвэрийнх нь эрхлэгчээр ч ажиллаж байлаа. Тэр үед алдарт Тамирын цагаан ааруулыг хийдэг байсан санагдана.

Аав тун хөдөлмөрч хүн байсан. Үүнийг нь ч нутгийн зон олон дурсан ярьдаг. Ямар сайндаа л “Ломбо шиг арван хүнтэй бол юу ч хийж болно” гэсэн байхав. Миний аав “За гэвэл ёогүй” тийм л найдвартай хүн байсан. Аав дөрөвдүгээр анги төгссөн ч сүүлд оройгоор долдугаар анги хүртэл суралцсан юм. Хэдий тийм ч дөрвөн аргын тоо, сампинд гайхалтай сайн. Төрөлхийн цөлх, ухаалаг хүн байв даа. Ээж бол бага ангийн багш. Сайн ноён аймгийн Сэцэн Чин Вангийн хошууны хамгийн сүүлийн захирагч нь миний ээжийн элэнц өвөө юм гэдэг. Би эхээс наймуулаа, айлын хоёр дахь хүүхэд. Одоо бодоход таван ханатай гэр дотор найман хүүхэд, аав, ээжтэйгээ сайхан л байсан юмдаг. Ингэж л олуулаа бужигнаж өссөн дөө.

-Гавьяатын тэмдгээр энгэрээ мялааж гэр бүлийнхнийгээ баярлуулсан нь дамжиггүй. Ер нь ээж, аавыгаа санасандаа хүртэл баярлуулж байв уу?

-Аав минь намайг 46-тай байхад бурхан болсон юм. Аавыгаа тэгтэл нь их баярлуулж чадаагүй ээ, хөөрхий. Миний муу аав ажлын төлөө л хүн байсан даа. Ээж минь өдгөө 80 нас гарсан сайхан буурай бий. Хүүхдүүдтэйгээ сайхан л байна.

Хүүхдүүдээ зөв сайхан явж байгаад нь их баярлаж явдаг юм билээ. Ээж минь “Надад үнэтэй цайтай юу ч хэрэггүй. Та нар л эрүүл, зөв явахад болно” гэдэг Тиймдээ ч зөв явж л ээжийгээ баярлуулах юмсан гэж боддог юм. Баярлуулж байгаа ч гэж боддог. Ээж минь бизнес хийдэггүй хүүхдүүдээ их харж үзнэ. Хааяа надаас мөнгө авч цааш дамжуулна. Бүгдээрээ биш л дээ, ганц нэг дүүд тэгж мөнгө өгдөг. Би бол санаагаараа мөнгө өгч гялайлгахгүй, ээжээр л дамжуулна. Ээж цааш дамжуулахдаа тун сэтгэл ханамжтай байна. Тэр сэтгэл ханамжийг өгч, баярлуулах нь миний нэг үүрэг юм даа.

-Та өөрийн гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр бид хоёр ижил мэргэжилтэй, нэг ангийн хоёр юм. Гэр бүлээрээ “Уул шугамандаа зоотехникч юм”. (инээв) 30 гаруй жил сайхан ханилж байна. Өнөөдрийн энэ амжилтын 51 хувь нь хань Тунгалагтай маань холбоотой. 51-ээс дээш гаргаж болохгүй, доош нь оруулж болохгүй. (инээв). Би нэг охинтой.

-Та Зоотехникч гэх мэргэжлийг яагаад сонгох болсон юм бэ?

-Би дунд сургуулиа онц дүнтэй төгсөөд конкурс өгөлгүйгээр урилгаар их сургуульд орж, энэ мэргэжлээ сонгосон. Миний нагац ах сум дээр Үржил селекцийн станцт ажилладаг байлаа. Малын удам угсааг сайжруулах ажлыг хийдэг байв. Ер нь 1970-1980 оны үед малын удам угсааг сайжруулах ажил их хийгдсэн шүү. Нагац ахын минь ажил надад их сайхан санагдана. Орос мэргэжилтнүүд ч манай суманд байсан юм. Мотоцикль унаад, нүдний шил зүүчихсэн яваа зоотехникчид их гоё харагддаг байж билээ. Энэ бүхнийг хараад л зоотехникч болох хүсэл төрсөн.

-Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?

-Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1985 онд төгсөөд Архангай руугаа хуваарилагдсан. Очингуутаа өнөөх Үржил селекцийн станцуудынхаа орлогч дарга нь болсон. Дөнгөж сургуулиа төгсөөд ирж буй 23 настай хүүг том дарга болгочихсон хэрэг. Одоо тэр үеэ бодохоор инээд хүрдэг юм. Дарга дүрдээ бүр орчихсон, өөрөөсөө ахмад настай хүмүүстээ дарга нь юм чинь гэсэн байдлаар хандаад л. Харилцааны хувьд их л алдаж байсан юм шиг санагддаг. Тухайн үед алдаж байгаагаа мэдэхгүй. Одоо зарим залуучууд яг л миний тэр алдааг давтаж байгаа харагддаг. Тухайн үед сумдын зоотехникчдийн уулзалт хийлээ. Тэр уулзалт дээр би 30 минутын яриа хийж, дараа нь завсарласан юм. Уулзалтад оролцсон ахмад насны хоёр зоотехникч “Зүүнийхээ сүвэгчнээс гараагүй, номын дуунаас өөрийг мэдэхгүй энэ хүүхэд өөртөө их итгэлтэй байна. Ээ дээ даан ч болоогүй байна даа” гэх нь тэр. Тэр үг үнэхээр орой руу минь орсон. Орлогч даргын ажлыг нэг жил хийчихсэн байсан үе л дээ. Ингээд л ажлаа өгч, суманд очиж ажиллахаар шийдсэн. Тамир сумынхаа Цагаан нуур багт эхнэртэйгээ очиж гурван жил зоотехникчээр ажилласан. Надад маш их зүйлийг мэдрүүлсэн, ойлгуулсан он жилүүд болсон. Албан байгууллагын өрөөнд суух, хөдөө үйлдвэр дээр очоод ажиллах хоёр тэнгэр газар шиг ялгаатайг биеэр мэдэрсэн юм. Ингээд л 1990 онтой залгасан. Бусдын л адил ардчиллыг дэмжиж, басхүү Эрээн рүү ганзагын наймаанд явж байлаа.

-1990 оны ардчилсан хувьсгалд хэрхэн оролцож байв?

-Би нутагтаа, Цагааннуур баг дээрээ байсан. Тэндээ Монголын ардчилсан холбоо, Монголын социал демократ хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан. Өөрийнхөө байгаа орчинд л ардчиллыг дэмжиж оролцож байгаа хэрэг. Телевизгүй учир ардчиллын үйл явцыг зөвхөн радиогоор л сонсдог байж билээ.

-Ганзагын наймаа хийж, ардчиллыг дэмжигч байсан ч мэргэжлээсээ хол хөндийрөөгүй явж ирсний үр дүн өнөөдөр харагдаж байна. Ер нь шувууны аж ахуйг онцлон сонирхох болсон нь ямар шалтгаантай вэ?

-2004 онд шувууны аж ахуйг эхэлсэн. Үүн рүү орох хүсэл надад тун их байсан. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн тахианы аж ахуйн хичээл ордог Содномцэрэн гэж багш минь “Шувууны аж ахуй гэдэг эрчимжсэн мал аж ахуйн төгс хэлбэр. Шувууны өндөг хүн төрөлхтөнд бурхнаас өгсөн үнэт хүнс юм” гэж хэлж байсан. Энэ уг “Түмэн шувуут”-ыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Өндөгний 96 хувь нь шууд хүнд шим тэжээл болж, дөрөвхөн хувь нь шингэхгүй таны ялгадсаар гардаг. Ингэж хүнд ээнэгшиж шингэдэг хүнс одоогоор хорвоо дэлхий дээр байхгүй. Ийм үнэтэй хүнс юм. Тиймдээ ч олон улс оронд өндгийг стратегийн хүнс болгосон байдаг. Өглөөний цайг өндөгтэй ууна гэдэг дэлхийн соёлт хүн төрөлхтний жишиг, бичигдээгүй хууль болчихсон. Юуны тулд зоотехникч билээ ийм сайхан зүйлийн төлөө явна даа гэсэн бодол надад байсан. Ямартаа ч эхлүүлээд 15 жилийг үджээ. Мөн би махны үхрийн аж ахуй байгуулах юмсан гэж их хүсдэг байлаа. Түүнийгээ Дорнодод хийх гэж үзсэн ч цаг нь арай эрт байсан л даа. Дээрээс нь холдоод байсан учир 2010 оны үед “Мак” компанид зарчихсан юм.

-Хурдан хугацаанд амжилтад хүрэхэд тань юу нөлөөлөв?

-Өнөөдөр бид дэлхийн стандарт түвшинтэй эн зэрэгцэж байгаа. Энэ хэмжээнд хүрсэн тухайгаа бусад салбарынхан санаа аваасай гэдэг үүднээс ярих нь зүйтэй. Энэ салбарт анх орж ирэхэд маш их хоцрогдсон байсан. Тиймдээ ч би Хятадын шувууны аж ахуйн салбарын хамгийн шилдэг компанийн захирлаас “Та ямар ч хөрөнгө оруулахгүйгээр үүнээс олсон ашгийн 50 хувийг нь ав. Харин надад мэддэг бүх зүйлээ зааж өг” гэж аминчлан гуйсан. Бид гурван жилийн гэрээ байгуулсан юм. Надад бүх зүйлийг зааж өгсөн. Аливаа зүйлийг ганцаараа бүтээнэ гэдэг өрөөсгөл. Хамгийн шилдэг гэсэн хэсгийг түшиж, тэд нараас дэм авч ажиллах ёстой. “Түмэн шувуут” компани ингэж ажлаа эхлүүлж байсан юм шүү дээ. Дэлхийн жишиг болсон компанийн үйл ажиллагааг шууд хуулбарласан гэсэн үг. Өнөөх хятад хүн “Чи хэлсэн ярьсандаа байлаа. Одоо дангаараа энэ ажлаа үргэлжлүүл” гээд явж байлаа. Бид одоог хүртэл тэр хятад компанитай маш дотно харилцаатай байдаг. Дээрээс нь ОХУ, АНУ, Голланд, Францын компаниудтай байнгын холбоотой байна. Өнөөх хятад хүн л биднийг энэ бүгдтэй холбож өгсөн. Мөн Орос түншүүд маань ч олж өгсөн. Бие биетэйгээ сайн нөхөрлөнө гэдэг бизнест маш чухал. Хамгийн чухал нь бид дэлхийн тахианы аж ахуйн шинжлэх ухаан, тэжээл, арчилгаа, маллагаа, тоног төхөөрөмж тал дээр томоохон сүлжээнд багтсан. Тэдний заавраар бид явж байна гэж хэлж болно. Тахианы иддэг түүхий эдүүдийн дээжийг бүгдийг нь гадагшаа явуулдаг. Тахиа идэж болох түүхий эд, тэжээлүүдээс алинаас нь хэдэн хувиар хийх вэ, тэр тохиолдолд хэрхэх вэ гэдгийг хариуцаж байдаг бүхэл бүтэн институци бий. Дэлхий глобалчлагдсан учраас толгой институцийн өгөгдлөөр л үйл ажиллагаа явж болно. Цаашид ямар шинэ дэвшил, инноваци гарч байна тэр бүрийг л бид нэвтрүүлэхийн төлөө явна. Саяхан бид иод, омега, селений агууламж өндөртэй өндгүүд гаргачихлаа. Энэ 10 жилийн өмнө гарчихсан байсан зүйл. Бид сая үүнийг дэлхийн жишгээр нь нэвтрүүллээ. Энэ мөн л хамтын ажиллагааны хүч.

-“Түмэн шувуут” компани IPO зарласан. Яагаад IPO зарлахаар шийдсэн юм бэ?

-Бусад улс орнуудад IPO гэдэг амжилттай яваа компаниудын хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа өргөтгөдөг түгээмэл хэлбэрийн нэг шүү дээ. Амжилттай яваа, санхүүгийн хувьд сахилга хариуцлагатай, нээлттэй ил тод, бусад хүмүүс итгэхүйц байж IPO гаргах тухай ярина л даа. “Түмэн шувуут”-д хүмүүс итгэх байх гэсэн итгэл надад байсан. Амжилт гаргана, өгөөжтэй болно гэдэгт ч мэргэжлийн хүний хувьд найдаж байв. Тиймээс бид хийх ёстой, бид хийхгүй бол хэн хийхэв, үүнийг хийхийн төлөө явна л гэж бодож дайрсан. Орсныхоо дараа хариуцлагатай зүйл гэдгийг нь бүр их мэдэрсэн. Нийгэм, улс орон хөгжье, эдийн засагаа олон тулгууртай болгоё, хүмүүсийн орлогын тэгш байдлыг хангахын төлөө ажиллая гэвэл шудрага, сайн үйл ажиллагаатай хувьцаат компаниудыг бий болгох хэрэгтэй. Хүн урдах ажлаа хийгээд л явж байхдаа авсан хувьцаа нь өсч, ашиг орлого нь нэмэгдэж байх ёстой юм. Ийм л боломжийг олон хүнд өгөх ёстой. Дэлхийн нийт бизнес эргэлтийн 40 хувь нь ингэж явж байгаа. Гэтэл манайд хоёр, гуравхан хувьтай л байна. Үүнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулбал монгол хүн болж төрсний хэрэг бүтнэ. Аль болох олон хүний хөрөнгийг арвижуулж өгөх хэрэгтэй. Энэ чинь буян шүү дээ. Дээрээс нь 1990 оны өмч хувьчлалаар маш их хувьцаат компаниуд бий болсон. Тэд яг л хувийн компани шиг санхүү тайлан тооцоо нь нээлттэй бус, ашгийн өгөөж байхгүй, хувьцаа нь ч өсдөггүй. Үүнээс үүдэн ард түмэн хувьцаат компанид итгэхээ больсон. Үлгэр гэж бодох болсон. Угтаа энэ үлгэр биш юм. Энэ утгаараа бид алдагдсан итгэлийг наашлуулах, буцааж авчрах үйл хэргийн төлөө бид ажиллаж байгаа. Буцааж авчрах болно. Хүмүүс өөрт оногдсон ажлаа хийгээд хувьцааныхаа үр өгөөжийг тав, 10 жилийн дараа хүртэх боломжийг авчрахын төлөө “Түмэн шувуут” компани ажиллана. “Нэг толгойд нэг нүд хаваасаг” гэдэг шиг хувь хүн Эрхэмбаярт одоо байгаа боломж, цалин, хөрөнгө хангалттай, одоо болно. Харин эдийн засгийг бэхжүүлэх, хүмүүсийг орлоготой болгохын төлөө л ажиллах нь чухал байна. “Би хавчсан шиг хавчъя, чи харайсан шиг харай” гэдэг шиг бид харайсан шиг харайя, та бүхэн хавчсан шиг хавч. Хамтдаа л урагшаа явъя. Манай хувьцаа өдөр болгон арилжаалагдаж байна. “Хямд байхад нь авч, үнэтэй байхад нь зар” гэх маш энгийн теоромыг дэлхийн үнэт цаас, хөрөнгийн бирж, хувьцаа эзэмшигчдийн хамгийн шилдэг тоглогч Уоррен Баффет хэлсэн байдаг. Сайн компанийн хувьцааг хамгийн хямд, уналттай байх үед нь л авчих. Сайн компани гэдгийг энгийнээр хэлвэл таныг хулхидахгүй компани л гэсэн үг.

-Та эдийн засаг хямралтай үед бүх ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан. Энэ талаараа тодруулаач?

-Ярилцлагадаа хэлье гэж бодож байсан нэг гол санаа минь үүнтэй холбоотой. Хүн сайхан амьдрах гэж л ажилладаг. Тийм хүсэл мөрөөдөлтэй ажиллаж байх ёстой. Ганцхан хувиа бодож болохгүй. Бид өнөөдөр нэг сэтгэлгээг таягдан хаях хэрэгтэй байна. Хүнд та гар дээр нь 400 мянган төгрөг өгч байвал одоо болих хэрэгтэй. Өөрийгөө бизнес хийж байна ч гэж битгий бод. Би бол ийм филисофитой. Яавал нэг, хоёр сая төгрөгийн цалин өгөх вэ, яагаад солонгосчууд гурав, дөрвөн сая төгрөгийн цалин өгөөд байгаа юм бэ гэдгийг бид бүгдээрээ бодох ёстой. Товчхондоо, бид бүтээмжтэй ажиллахгүйгээр хүмүүстээ сайн цалин өгч, дэлхийтэй өрсөлдөж чадахгүй. Сүүлийн үеийн өндөр бүтээмжтэй, хоцрогдоогүй тоног төхөөрөмж, техник технологи, шинжлэх ухааныг ашиглах ёстой. Тэгж байж хүмүүсийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Саяхан би БНСУ яваад ирлээ. Ким гэж махны үхэр тэжээдэг өвгөнтэй уулзлаа. 600 үхэртэй хэрнээ гурвуулхнаа ажиллаж, жилдээ гурван тэрбум воны орлого олж байна. Тэнд ажиллахад хүн түүртээд байх зүйл алга. Техникүүд нь бидний л мэддэг зүйлүүд байх юм. Яаж хүн хэмнэх вэ гэдгээ маш сайн боджээ. Хүн хэмнэлээ гээд ажлын байр багасгаж байна гэж ойлгож болохгүй. Хүн хэмнэхийн цаана нь цалин нэмж байна л гэсэн үг.

-Таныг импортын тахианы махыг шахах зорилготой гэж сонссон. Энэ чиглэлд ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Бид импортын тахианы махыг орлох тахианы аж ахуйтай болъё гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Импортын тахиаг багасгах ажил руугаа орох уу, эсвэл үйлдвэрлэж байгаа өндөгнийхөө хэмжээг илүү нэмэх үү гэх сонголттой бид тулгарч байгаа.

-Та Ардчилсан намын генсек, Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Харин яагаад улс төрөөс гарчихав?

-Би Ардчилсан намын гишүүн хэвээрээ л байгаа шүү дээ. Хоёр удаа өрсөлдсөн, ялагдсан. Нэг нь 2008 оны долдугаар сарын 1 хавьцаа юм. Багахан будлиантай гэж хэлж болохоор. Нөгөөх нь сайд Д.Сумъяабазартай өрсөлдсөн. Улс төрийн тухайд нэг зүйл анзаарсан. Улс төрд их шулуухан, түс тас байдал халтай байдаг юм билээ. Заримдаа жаахан бөөрөнхий байх ёстой. Ялангуяа буруу хандлагатай зүйл ярьж байгаа сонгогч бүрийн урдаас инээгээд л “Та сайн хүн шүү” гэж хэлэх ёстой шиг байгаа юм. Би тэгж чадахгүй. Бэлэнчилсэн, буруу сэтгэлгээгээр ярьсан хүнд буруу, зөвийг нь хэлэх хэрэгтэй. Цаашдаа ч хэлэх болно. Аливаа зүйлийг зөв хандлага руу нь чиглүүлэх ёстой. Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяр “Монголчууд аа, өөрсдөө эхлээд авлига авахаа больчихъё” гэж байна лээ. Энэ үнэн. Сонгуулиар иргэд авлига авч байгаа шүү дээ. Ард түмнээрээ авлигачин болчихсон. Намууд нь улаан, цагаандаа гарчихсан. Улсаараа дөжирчихсөн энэ байдлаасаа салахгүй бол болохгүй ээ таминь. Ёс зүйн хувьд намууд нэгнээсээ илүү гарах юм алга. Бид оюун санаагаа цэвэрлэхгүй бол болохоо байлаа. Ер нь бол нохойны хулгайч зан хэзээ ч арилдаггүй. Эв нь таарвал хаяан доогуурх ууттай борцыг аваад л явчихдаг. Үүнтэй адил одоогийн төр засагт хулгайлаад сурчихсан, тийм арга барилтай хүмүүс их бий. Тэд хулгайчаа мэдэхгүй их гоё ярьдаг. Энэ хүмүүсийг бүгдийг нь цэвэрлэж залуусаар цус сэлбэж өөрчлөх нь зөв.

-Та ирэх сонгуульд нэр дэвших юм уу?

-Нэр дэвшихгүй. Би муухай ааштай учир сонгогчдоо загнаад хаячихна биз. (инээв). Би чинь нийгэмд их муухай ааштай хүн шүү дээ.

-Харин ч таныг зан харилцааны хувьд бусадтай нийцтэй хүн гэдэг юм билээ шүү дээ.

-Нийтлэг зүйл дээр зарчмаа барина л даа. Зарчимч хатуу, хүнд зөөлөн. Зарчим гээчээс хэзээ ч хазайж болохгүй.

-Бид ардчилалтай золгоод 30 жил болжээ. Ардчиллаа цаашид илүү сайнаар авч явахын тулд яах ёстой юм бэ?

-Ардчилал бол бидний сонгосон зам гэдгийг АН, МАН аль нь ч ялгаагүй хүлээн зөвшөөрч байгаа. Ардчиллыг аль нэг нам, хүн өмчлөх ёсгүй. Ардчиллынхаа хэм хэмжээг иргэддээ зөв ойлгуулах ёстой. Арчдилал эрхийг олгохыг сацуу үүргийг ч оноодог. Үүний жин бан нь таарах ёстой. Энэ зүйлийг иргэддээ ойлгуулах ёстой байдаг юм. Боловсролыг нэмэгдүүлж, хүнээ төлөвшүүлэхээс эхлэх ёстой. Мөн ёс зүйн хэм хэмжээнд өөрчлөлт хийх хэрэгтэй. Шударга бус үйлдэл, авлига газар авчихлаа. Тэр бүрт тухайн үед шийдвэр гаргах, гарын үсэг зурах түвшинд ажиллаж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Одоо завсарлацгаа, больцгоо гэсэн үг. Тэр нөхдүүд нэг их гавьяа байгуулчихсан мэт л хэвлэлээр ярих юм. Ямар ч гэмшсэн шинжгүй байгаа нь надад их сонин санагддаг. Ард түмэн нь ядуурч, авлига сүлжчихсэн, тэр нь ил тод болчихсон. Тийм хэрнээ л ялсан баатар шиг л байцгаах юм. Энэ бүхнийг иргэд маш сайн ойлгох нь чухал байна.

-Намууд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх нь анхаарлын төвд байна. Ардчилсан намын тухайд нэр дэвшигч 100 сая төгрөгийн хандив өгөх ёстой гээд зарлачихсан. Түүнийгээ дэмжигч хувь хүн, компаниудаас хандив байдлаар авч болно гэж байгаа. Харин таны хувьд ямар ч төрлийн хандив өгөхгүй гэдгээ цахим хаягтаа бичжээ. Ингэж хэлэх болсон шалтгаан нь юу байв?

-Бид боломжтой бол хандиваа хангалттай өгч байх ёстой. Бидний хувьд тэр хандиваа хангалттай, үнэнч шударгаар өгч байгаа. Манай компанид хоёр тайлан байхгүй. Цэвэр ашгаасаа татвараа ном журмаар нь улсдаа тушааж, бүх ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж байна. Хүмүүсийнхээ цалин орлогыг нэмэгдүүлийн төлөө ажиллаж байна. 200-гаад ажилчдынхаа нийгмийн асуудал дээр анхаарлаа хандуулж, найман хувийн зээлд орсон тохиолдолд гурваас таван жилийн турш зээлийнх нь хүүг дааж байгаа. Ажилчдынхаа өдрийн цай хоолд нь хамгийн чанартайг өгөхийг зорьж, жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Үүний хажуугаар бизнес хийхийн хүнд бэрх, хийсэн бизнесийнхээ хичнээн хувийг улсад тушааж байгааг мэдэхгүй хандив гуйж байгаа хүмүүс, байгууллага, төрийнхнийг би эгдүүцдэг юм. Чадахгүй гэдгээ ч хэлдэг. Үүнийгээ л бид тайлбарласан хэрэг. Бид нараас авсан татварыг улс зөв зүйтэй зарцуулж чадахгүй байна гэхээр л дотор талаас буцлах шиг болж байгаа юм. Төсөв 10 дахин нэмэгдчихээд байхад яагаад ажилчдын цалин нэмэгдэхгүй байгаа юм бэ. Ядаж тав дахин нэмчихэж болохгүй байгаа хэрэг үү. Тэгвэл юунд зарцуулагдаад байгаа юм бэ, тэр их мөнгө хаашаа гулгаж, урсаж орчихоод байна вэ. Тэгэхээр улс төрд орохоос аргагүй мэт. Төсөвт хяналт тавьж, зөв зарцуулж байгаа эсэхт нь оролцмоор санагддаг юм. Миний хувьд цаг нь болохоор улс төр лүү орох болно. Гэхдээ одоо бол биш.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хүн байх эрхгүй

(ДАЗАЙ ОСАМҮ)

Японы уран зохиолын нэрт төлөөлөгч Дазай Осамүгийн “No longer human” буюу “Хүн байх эрхгүй” зохиолыг та нартаа ярьж өгөхөөр сонголоо. Энэхүү намтарчилсан роман нь зохиолчийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай зохиол бөгөөд зохиогдсон цагаасаа хойш далаад жил өнгөрөөд байгаа боловч Япондоо дотоодын зохиолчдын дахин хэвлэгдсэн номын жагсаалтад үргэлж нэг, хоёрдугаар байранд эгнэдэг юм билээ. Дазай Осамүгийн хувийн амьдрал маш ээдрээтэй. Мөнхийн зөрчил, тэмцэл дунд, учраа олохгүй төөрч будилан явсаар архинд донтож, морфины хамааралд орж, амиа хорлохоор хэд хэдэн удаа завдаж байсан ч гэдэг. Ингэсээр хамаатан садан, найзууд нь аргаа барахдаа ч юм уу, түүнээс залхсандаа ч юм уу, хуйвалдаж байгаад сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж байжээ. Түүнийг 18 настайд, хувь хүний тухайд ч тэр, зохиолчийн тухайд ч тэр, үзэл бодол нь ид жигдэрч, төлөвших үед нь шүтэн биширдэг зохиолч Акүтагава нь амиа хорлосноос энэ бүх сэтгэлийн шаналал үүссэн гэдэг. Зохиолчийн жинхэнэ нэр нь Цүшима Шюүжи, тэр 39 хөн насандаа амиа егүүтгэсэн юм.

Романы гол баатар чинээлэг, сэхээтэн айлын хүү Ёочян өөрийн амьдралыг өсөхөөс авахуулаад төгсөх хүртэл ямар ч өнгөлөн далдлалтгүйгээр яг байгаагаар нь, байснаар нь ярьж өгдөг. Өөрөөр хэлбэл, роман би баатар хэлбэрээр бичигджээ. Тэр яг л нэгэнт өнгөрсөн амьдрал юм чинь одоо би та нарт бүгдийг ярьж өгөөд дуусъя гэж байгаа аятай бүх амьдралаа нэгд нэгэнгүй илчлэн дэлгэх болно. Өөрийгөө хамгийн муу муухай амьтан, нүгэл хилэнцээр дүүрсэн, азгүй, чадалгүй, сул дорой, хүний сүг хэмээн тодорхойлж, үйлдэл бүрээ буруушаана. Ёочян бол царайлаг сайхан залуу, охид хүүхнүүд түүний төлөө юу ч хийхээс буцахгүй, тийм ч учраас түүний амьдрал эмэгтэйчүүдээр дүүрэн, хаа явсан газар нь нэг эмэгтэй заавал түүнийг хайрлан тэтгэж байдаг. Хэтэрхий сайхан хүн болохоор нь ч тэр биш юм. Зүгээр л сул дорой болохоор амьдрах арга зам нь ийм хэрэг л дээ. Түүнийг тодорхойлбол, нэг талаасаа сул дорой, уян, эмзэг, хамгийн сайхан сэтгэлтэй нэгэн, нөгөө талаас нь харвал бүхнийг мэдэж байгаа ч юу ч хийхийг хүсдэггүй, болж байгаа юм бүгдийг шүүмжлэхээс өөрөөр хорвоотой харьцдаггүй арчаагүй, хувиа хичээсэн энгийн нэгэн бэртэгчин шиг харагдана. Аль ч талаас нь дүгнэсэн байлаа гэсэн, сайн муу ямар ч хүн байлаа гэсэн, (бид түүнийг дүгнэж тэртэй тэргүй чадахгүй шүү дээ) за тэгээд тэр ер нь хэн ч байлаа гэсэн өөр рүүгээ хайр найргүй давшилж, сэтгэлийн мухар дахь бугшсан идээ бээрээ шахаж, өөрөөсөө ч нуусан тэр түүхүүдийг дэлгэж, өөрийгөө биднээр чичлүүлэх бас хайрлуулах боломж олгож байгаагаараа тэр хамгийн зоригтой, бас хамгийн биширмээр хүн юм.

Түүний цор ганц бүр чин сэтгэлийн хүсэл нь ертөнцийг ойлгох. Яагаад хорвоогийн юм бүгд ийм хувьсамтгай, худал, хуурмаг байдаг, тэр дундаа хүмүүс яагаад үргэлж өөрчлөгдөж байдаг, нэг нэгнээсээ урвадаг, ахуйн өчүүхэн асуудлаас өөр юуг ч бодох сөгөөгүй байдаг юм бол хэмээн үргэлж гайхширна. Оршин байгаа юм бүхэн түүнээс өөр юм шиг, тэр ганцаархнаа гаж юм шиг, хүн бүхний эсрэг сөрж алхаад байгаа юм шиг санагдсаар сүүлдээ энэ эргэцүүллүүд нь даамжирч сэтгэхүйд нь нөлөөлдөг. Ингээд архи ууж, хүүхэн эргүүлж, эцэг эхээсээ зөрж, найз нөхөд ч байхгүй, тогтсон амьдрал ч үгүй, бүтэлгүйтэл, уналт дунд залуу насаа тарамдаад дуусч байгаа юм. Энэ романыг зохиолч өөрийн амьдралын түүхээс сэдэвлэн бичсэн гэдэг. Энд өгүүлсэн болгон үнэн биш боловч нэлээд хэсэг нь зохиолчийн амьдралд тохиолдсон зүйл, өөрийнх нь туулсан амьдрал. Осамү энэ зохиолоо бичиж дуусгаад сарын дараа амиа хорлосон юм. Ерөнхийдөө ийм төрлийн зохиолууд нь унших тусам эгог чинь нээж өгөх болохоор яах аргагүй классик санагддаг.

Та өмнө нь ганц удаа ч болов хүн байх эрхтэй эсэх талаараа бодож үзэж байсан уу. Хүн шиг хүн байна гэдэг ямар ойлголт юм бэ. Үргэлж бусдад сайн сайхныг түгээж, чин шударгаар хөдөлмөрлөж, юунд ч шуналгүй энгийн амьралаар замнахыг хэлдэг юм уу. Эсвэл эрдэм ном, эд баялгийн оргилд гарахыг хэлдэг юм уу. Энэ насаа дуустал бэдрэх ганц асуултын минь хариуг Осамү цэл залуудаа олчихоод, үүнийгээ өөрөөрөө дамжуулан хэлчихээд л явчихсан юм биш үү.

Түүнийг би “Дорнодын Достоевский” гэж бодно.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Хүхэрлэг хий буюу байгаль дээр бараг л байдаггүй SO2

Сүүлийн үед нийслэлийн агаар дахь хүхэрлэг хийн агууламж их байгаа талаар мэдээлж, ярих болсон. Үүнтэй холбоотойгоор хүхэрлэг хий гэж чухам юу болох бас хүний биед хэр хортой талаар багахан ойлголтыг уншигчдадаа хүргэхээр бэлтгэлээ.


ХҮХЭРЛЭГ ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ

Хүхэрлэг хий (SO2) нь нүдэнд үл үзэгдэх, хурц үнэртэй хий бөгөөд бусад бодисуудтай амархан урвалд орж хүхрийн хүчил, сульфатын тоосонцор зэрэг хортой нэгдлүүдийг үүсгэдэг. Агаар дахь хүхрийн давхар ислийн 99 орчим хувь нь хүнээс үүдэлтэй. Хүхэр агуулсан материалыг боловсруулдаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, жишээ нь хүхэр агуулсан нүүрс, газрын тос, хийнээс цахилгаан үйлдвэрлэхэд гардаг байна. Мөн агаар дахь хүхрийн давхар ислийн хамгийн их агууламж нь шатахуун боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрлэл, ашигт малтмалын хүдэр боловсруулах үйлдвэр, цахилгаан станцуудын ойролцоо байдаг. Зарим ашигт малтмалын хүдэр нь мөн хүхэр агуулдаг бөгөөд боловсруулахад хүхрийн давхар исэл ялгардаг. Байгалиас бол галт уулын дэлбэрэлтээс л агаарт гарах боломжтой аж. Гадаа агаарт биш байшин дотор энэ хий нь керосин дэнлүү, мод эсвэл нүүрсний зуухнаас дэгдэх боломжтой. Мөн гараашид тамхи татвал ийм хий үүснэ.

Сонирхуулахад, энэхүү хортой хийг хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа жимс, хүнсний ногоог ялзарч муудахаас сэргийлж, өнгийг нь хувиргахгүй байх зорилгоор маш бага хэмжээгээр ашигладаг гэнэ. Учир нь хүхрийн давхар исэл нь нянгийн эсрэг үйлчилгээтэй аж. Европт ийм төрлийн жимсийг Е220 (20) хэмээн нэрлэдэг байна. Мөн шар айраг, дарс хийхэд ашигладаг гэнэлээ.

Хүхэрлэг хий бол агаар бохирдуулдаг химийн элементүүд дотроос маш хортойд тооцогддог. Агаарын бохирдлоос болж озоны хомсдол үүсч эко систем доголдоод байгаа өнөө цагт хүхэрлэг хий нь яах аргагүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй томоохон асуудал болоод байгаа юм.

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ

Хүхрийн давхар исэл нь хамар, хоолой, амьсгалын замыг цочроодог. Хүхэрлэг хийтэй агаараар амьсгалахад ханиалгах, хамар, хоолой, уушги шатаж байгаа юм шиг мэдрэмж төрөх, амьсгал давчдах, цээжний эргэн тойронд хүчтэй өвдөх шинж тэмдэг мэдрэгдэнэ. Хүхрийн давхар ислийн нөлөө маш хурдан илэрдэг бөгөөд энэ хийгээр амьсгалаад 10-15 минутын дараа л хүний биед нөлөөлж эхэлдэг байна. Амьсгалын замын өвчтэй, эсвэл астматай хүмүүс илүүтэй өртдөг бөгөөд хүхэрлэг хийн 90 орчим хувь нь амьсгалын дээд замд шингэж гуурсан хоолойг үрэвслүүлнэ. Мөн ахмад настнууд болон бага насны хүүхдүүд хүхэрлэг хийнээс хордох магадлал өндөр байдаг гэнэ. Хүхэрлэг хий урт хугацааны туршид хүний биед аажмаар нөлөөлөхдөө толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдийг мэдрүүлнэ. Улмаар хүний биеийн уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. РМ 2.5 тоосонцортой хавсарсан тохиолдолд уушгины эдийг түлэх аюултай. Хорт хавдар үүсгэдэг эсэхийг дэлхий нийтээрээ судалж тогтоогоогүй байгаа аж.


ХҮХЭРЛЭГ ХИЙНЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

Өндөр агууламжтай хүхэрлэг хий нь хүний эрүүл мэндэд маш хортой гэдгийг дээр дурдсан. Дэлхийн улс орнууд хүхэрлэг хийг ялгаруулахгүй байх тал дээр анхааран, төрийн бодлогодоо тусган кампанит ажлууд өрнүүлдэг юм билээ. Харин манай улсын хувьд урьд өмнө нь ингэж онцлон ярьж, бичиж байсангүй. Улаанбаатар хотын утаа өмнөх жилүүдийг бодвол мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа боловч хүхэрлэг хийн агууламж өндөр гарах болсон нь иргэдийг түгшээгээд буй. Эрдэмтэд энэ бүхний шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ч хариу нь гарах болоогүй, дараа жил гэхэд л эхний хариу нь гарч эхэлнэ гэж байгаа. Гэсэн хэдий ч шахмал түлш их хэмжээний хүхрийн давхар исэл агуулж байна гэх хардлага нийгэмд бий болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын тайланд дурдсанаар Улаанбаатарын агаарын хүхэрлэг хий 65 хувиар өссөн байгаа юм. Энэ нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд агаарын чанарын стандартаас даруй 6,6 дахин их гэсэн үг. Үүнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа нэг кв.м-т 46 мкг хүхэрлэг хий оногдож байна, энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн. Мөн тэд хүхэрлэг хийн өсөлтийг шахмал түлшнээс болоогүй, чанар муутай бензин түлш, автомашины утаанаас болсон гэж тайлбарлаад байгаа билээ.

Гадны улсуудад бол агаарын чанарыг тогтмол шалгаж, хэрвээ хүхэрлэг хий өссөн үзүүлэлттэй гарвал тэр өдрүүдэд нь агаарын санамж гаргаж, хүмүүсийг гадуур гарахаас аль болох зайлсхийхийг зөвлөдөг байна. Мөн цэцэрлэг, сургуулиуд хаалгаа барьж, астма болон амьсгалын замын өвчтэй хүмүүстээ онцгойлон анхаарал хандуулдаг гэнэ. Үүнээс харахад хүхэрлэг хий маш хортой гэдэг нь тодорхой байгаа юм. 50 жилийн тэртээ Японы Ёккайчи мужид нээгдсэн үйлдвэрийн яндангаас ялгарах хүхэрлэг хийнээс болж маш олон хүн архаг бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин тусч эхэлсэн байдаг. Ард иргэдийн тэмцлээр засгийн газраас нь агаар цэвэршүүлэх ажил явуулснаар хүмүүсийн амь аврагдаж байсан гашуун түүх дэлхийд бий. Австралид л гэхэд шатахууны чанарын индекс тогтоожээ. Чанаргүй муу шатахуун хэрэглэхгүй байснаар агаар мандал дахь хүхэрлэг хийг бууруулахад маш том түлхэц болсон юм билээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Л.Сүх-очир: Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зориулалтын бусаар хайр гамгүй зарцуулсан тохиолдол байна

-САНГИЙН ХӨРӨНГӨӨС ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСТЭЭ МАШИН АВАХ, НАЙМАА ЭХЛҮҮЛЭХЭД НЬ ЗОРИУЛЖ ӨГЧЭЭ-

АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очиртой ярилцлаа.


-Авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэсэн үү. Ямар үндэслэл байна вэ?

АТГаас авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээж авдаг. Энэ асуудал дээр өргөдөл гомдол нэмэгдэж байгаа. Бид үүнийг хоёр талаас нь хүлээж авч байгаа. Нэг талдаа иргэдэд АТГт авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдлыг шалгадаг, асуудлыг авч үздэг гэсэн мэдээлэл цахимаар болон өөр бусад хэлбэрээр ойлголт авчихсан. Энэ үүднээс иргэд манай аймаг, орон нутаг, сум багт ийм авлига, ашиг сонирхлын зөрчил үүсээд байна гэдэг мэдээллийг өгөх боломжтой болсон. Нөгөө асуудал бол төрийн албан хаагчид хуулиа биелүүлэхгүй байх, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлаа гүйцэтгэхгүй байгаагаас болж авлига, ашиг сонирхлын хуулийг зөрчдөг. Тийм учраас тоон мэдээлэл нэмэгдэж байна гэсэн дүн шинжилгээ гараад байгаа юм.

-Тухайлбал, ямар төрлийн зөрчил давамгайлж байна вэ?

-Төрийн албан хаагчид энгийн үгээр хэлбэл, хүнд суртал, ёс зүйн зөрчил дутагдал гаргаад байдаг. Үүнийгээ анхаардаггүй, мэддэггүй. Ах, эгч, дүүдээ давуу байдал олгосон шийдвэр гаргадаг. Ийм байдлаас болж төрийн албан хаагчид авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдоод байгаа юм. Тухайлбал, “Төв авто зам засвар арчлалт” ТӨХКийн захирал өөрийнхөө эгчийнхээ хүүхдийг өөрийн компанид авахын тулд нэг жилийн турш компанийн зардлаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр сургуульд сургасан тохиолдол байна. Төгсөөд хүрээд ирэнгүүт нь компанидаа ажилд оруулсан. Гэтэл уг ажлын байранд ажилд орох 10 хүүхдийн боломжийг хаасан. АТГаас холбогдох тушаал шийдвэрийг нь хүчингүй болгож, арга хэмжээ авахуулсан. Түүнээс гадна Хэнтий аймгийн “Хан Хэнтий цогцолбор” сургуулийн захирал н.Түмэндэлгэр нь нөхрийнхөө төрсөн дүүгийн эхнэрийг гэрээ байгуулаад ажилд авсан байгаа юм. Үүн дээр энэ албан тушаалтан мэдэгдэл тайлбар гаргаад ажиллах ёстой байсан. “Би ах дүү хамаатан садныхаа асуудал шийдвэрлэх гэж байна. Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсээд байна. Би үүнийг шийдэх үү, шийдэхгүй юу” гэдгээ сумынхаа Засаг даргадаа мэдэгдээд шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлээгүй. Бас нэг кейс бол Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Солонго гэж хүн өөрийнхөө нөхрийн компанитай гэрээ байгуулаад ажилласан зөрчил байна. Дансанд нь мөнгө шилжүүлчихсэн. Бас мэдэгдэл тайлбар, хориглолт хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллаагүй. Энэ асуудлаасаа болоод албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, нөхрийнхөө төрсөн дүүгийн эхнэрийг сургуульдаа ажилд авсан н.Түмэндэлгэр албан тушаал бууруулах арга хэмжээ авагдсан. Жижиг гэлтгүй хууль хэрэгжүүлэхгүй бол дараа нь өөрөө ийм байдалд хүрнэ гэдгийг л албан тушаалтнууд мэдэх ёстой, ойлгох ёстой.

-Орон нутгийн иргэд сангуудтай холбоотой гомдол мэдээллийг ихээхэн гаргадаг. та бүхний шалгалтын явцад энэ байдалд хяналт шалгалт хийсэн үү?

Энэ үнэн. АТГаас хөдөө орон нутагт ажиллахдаа Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн мөнгө төгрөг хэрхэн зарцуулж байгааг тухайн аймаг орон нутгийн албан тушаалтантай хамтарч үзэж харсан, нягталсан. Энэ тохиолдолд сангаас ах дүү хамаатан садандаа мөнгө төгрөгийг зориулалтын бусаар гамгүй зарцуулсан. Энэ жилийн хяналт шалгалтаар сангуудаа эргэж үзлээ. Зарим нэг аймаг, суман дээр санд төвлөрөх хөрөнгө байхгүй байна. Эргээд өгье гэх ч мөнгө байхгүй. Нөгөө нөхдүүдтэйгээ шүүхдэлцэж байгаа асуудал ч байна. Мөнгө авсан хүмүүс нь мөнгөө өгөхгүй, хаяг дээрээ байхгүй. Гэхдээ бүгд биш. Сум хөгжүүлэх сангийн холбогдох ажилтнууд, сум орон нутгийн дарга нар өөрсдөө оролцож, өөрийнхөө ах дүү хамаатан садандаа машин худалдаж авах, наймаа хийх зориулалтаар өгчихсөн байх жишээтэй.

-Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгээд байгаа төрийн албан хаагчдад юуг сэрэмжлүүлэх вэ?

АТГаас сая “110” дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн. Энэ дугаараар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээлэл өгөх боломжтой болсон. Иргэд маань энэ талын мэдээллийг нэлээд сайн аваад байгаа. Авлигын эсрэг хууль гараад 12 жил, ХОМ гаргадаг болоод 10 гаруй жил болж байна.Ашиг сонирхлын зөрчлийн талаар 2012 онд хууль батлагдсан. Төрийн албан хаагч авлига ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хангахад мэдлэг нэлээд боломжийн хүлээж авсан байх ёстой. Төрийн албанд шинээр ажилд томилогдоход төрийн албаны шалгалтын тестэнд хуулийн зүйл заалт ордог болчихсон. Дээрээс нь 30 хоногийн дотор ХОМ-ээ гаргадаг. Энэ утгаараа төрийн албан хаагч нарт энэ хуулийг биелүүлэх ёстой. Мэдээгүй, энэ талаар ойлголт муу гэдэг асуудал байхгүй гэсэн үг. Буруутай албан хаагчид тухайн зөрчилд нь хуулийн үндэслэлийн дагуу арга хэмжээ авах байдал нэлээд бий болж байгаа.

-Нийт хичнээн зөрчилд арга хэмжээ авсан бэ?

-Урьдчилсан байдлаар энэ оны гуравдугаар улирлын байдлаар 37 албан тушаалтанд авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой арга хэмжээ тооцоод байна.

Б.ЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Засаг төрийн хэмжээнд альдсан луйвар оросуудыг бөмбөрцгийн спортоос тусгаарлах нь энэ гэж үү

“Сочи-2014” хэмээх өвлийн олимпийн асар том арга хэмжээ ОХУ-д тээр жил зохиогдсон. Таван жилийн өмнөх үйл явдал л даа. Гэрийн нохойн сүүл өөдөө гэдэг маруухан зүйрлэлтэй харьцуулаад хэлбэл хойд хөршийнхөн маань гайхалтай оролцож түүхэндээ байгаагүй дээд амжилт үзүүлэн медалийн тоо чанараараа нэгд бичигдэж байсныг хүмүүс бараг санаж байгаа байх. Амжилт нь хэр зэрэг суга үсэрсэн бэ гэдгийг жирийн жишээгээр толилуулахад дөрвөн жилийн өмнөх “Ванкувер-2010” өвлийн олимпиадад оросууд гурван алт ба нийт 15 медаль авч байсан бол бараг тэр бүрэлдэхүүнээрээ дөрвөн жилийн дараа 13 алт гээд нийт гуч гаран медаль хүртэж байжээ. Мэдээж нутагтаа зохиогдох тэмцээнд нэр төртэй оролцъё гээд дөрвөн жил шургуу хөдөлмөрлөсөн тамирчид бий гэдгийг үгүйсгэхгүй. Бас лидер, лоодорын хооронд хэдхэн секундын зөрүүгээр хэмжигддэг чарга, биатлон, тэшүүр гээд спортууд бий гэдгийг мартаж болохгүй. Тийм л газар нөгөө алдарт сэргээшийн тусламж гарч ирсэн бололтой. Бололтой гэж хэлэхгүй бол яг таг оросууд луйвардсан гэх барьж тавих найдвартай баталгааг Олон улсын сэргээшийн эсрэг төв (ВАДА) үзүүлдэггүй, гэхдээ оросуудад “но” бий гэдэг үйлдлүүд өнөөдөр хүртэл хөврөөд буй нь яалт ч үгүй үнэн билээ. Тэгэхээр оросууд булхайцсан байх магадлалтай явдлуудыг их холоос сөхөж харъя л даа.

“Сочи-2014” наадмын өмнө ба хойно Оросын сэргээшийн эсрэг агентлаг (Русада) болон Москвагийн сэргээшийн эсрэг төв хэмээх байгууллагууд өөрсдийнхөө тамирчдын цэвэр эсэхийг шалгаж ВАДА-гийн дүрэм горимын дагуу ажиллаж байсан. Харин олимп дууссаны дараа жил Германы ARD телевизийн дэлгэцнээ гарсан баримтат киног үндэслэн ВАДА-гаас тусгай комисс байгуулан Оросын сэргээшийн эсрэг төвүүдийг шалгасан байдаг. Тэд шалгалтын явцад Москвагийн сэргээшийн эсрэг төвийнхөн тамирчдын мянга гаруй сорьцыг устгасныг илрүүлжээ. Бас энэ шалгалтын дараахан “Сочи-2014” олимпийн үеэр Русада-г толгойлж байсан Камаев, Синев хэмээх хүмүүс нэгэнт нас барсан гэдгийг онцлохгүй байж боломгүй нь. Харин Москвагийн допингийн эсрэг төвийг ахалж байсан Родченков гэх хүн Америк руу зугтаж одоо тэндээс бүхнийг дэлгэн “ус булингартуулж” буй. 2016 оны нэгдүгээр сард АНУ руу дүрвэн гарсан Родченков юуны өмнө “амь насыг маань бүрэлгэнэ гэсэн заналхийллээс болж оргосон” гэж мэдүүлж байсан бөгөөд улмаар Оросын спорт тэр чигтээ луйвар, заль, хууран мэхлэлтээр дүүрэн гэдгийг “Икар” хэмээх баримтат кинонд өгүүллээ. Сочигийн олимпоос хамаагүй өмнө бүр “Лондон -2012” зуны олимпийн үед ч оросууд сэргээш хэрэглэж байсан, түүний лаборатори гурван төрлийн стерериодыг хольсон коктейль үйлдвэрлэж тамирчдадаа уулгадаг байсан, түүнийг нь хянах ёстой Русада нь тэмцээний өмнө сорьцыг цэврээр сольдог, тэр өөрөө “Сочи-2014”-ийн өмнө зуу гаруй “Б” сорьцыг цэврээр сольсон, энэ бүгд төрийн хэмжээнд хянаж зохицуулагдаж байсан гээд л хусч өгсөн дөө. Дараа нь оросууд “энэ Родченков тамирчдад сэргээш өгдөг, дараа нь мөнгө нэхэж дарамталдаг, сэргээшийн бодисын дамын наймаа эрхэлж байсан” зэргээр эрүү үүсгэжээ. Мэдээж утаагүй гал гэж юу байх билээ, Родченковын мэдэгдлийн дараа ВАДА тусгай комисс байгуулж түүнийг нь Канадын хуульч Ричард Маклеран хэмээх эрхэм удирдаад судалж эхэлсэн. Маклераны мөрдөлтийн гол зорилго нь үнэхээр оросууд төр, засгийн хэмжээнд булхайцаж байж уу үгүй юү гэдгийг баримт сэлттэй нотлоход оршиж байлаа. Ингээд жил гаран үргэлжилсэн мөрдөлтийн явцад Оросын спортын хороо, Русада, Москвагийн сэргээшийн эсрэг төв зэрэг бүх байгууллага нь тамирчдынхаа сорьцыг сольдог байсан, битүүмжлэгдсэн байх ёстой савны таг гэмтсэн, мянга орчим тамирчны сэргээшийн шинжилгээнд өгсөн сорьцууд солигдсон гээд Оросоос дүрвэн гарсан зарим нэг тамирчин, албаны хүмүүсийн мэдүүлэг зэрэгт үндэслэн Орос улсын заль бол төрийн хэмжээний туслалцаатай булхай мөн гэж дүгнэжээ. Түүнээс улбаалсан шийтгэлийг уншигч олон санаж буй биз ээ. Оросууд “Рио-2016” зуны олимп, Пёнчаны өвлийн наадмаас өгсүүлээд хөнгөн атлетикийн өнөө жилийн ДАШТ зэрэг томоохон наадмуудад төрийн дуулал, далбаа ч үгүй бие даасан тамирчид олимпийн туг дор жагсан оролцсоноос гадна өчнөөн тамирчны тэмцээнд оролцох эрх их бага хэмжээгээр цуцлагдсан бөлгөө. Нөгөө “Сочи-2014”-ийн тэмцээнээс 13 медалийг хураан авч оросууд албан ёсоор нэгдүгээр байраа дөрвөөр сольсон байх жишээтэй. Хугацаатай юм дуусч, хуйтай юм ургадаг хойно мэдээж оросуудын шийтгэл дуусах ёстой, ийм тийм болзлыг биелүүлбэл эрхийг нь сэргээнэ гэсэн тогтоол гарсан л даа. Энд л их сонин зүйлүүд гарна.

Хэрвээ оросууд буруугүй байсан юм бол олон улсын шүүхэд хандаад баахан эсэргүүцэх ёстой, гэвч тэгээгүй. Тэр шийтгэлийг хүлээж аваад тавьсан шаардлагыг нь биелүүлэх гээд зүтгэсэн. Юуны өмнө Русадаг төрийн мэдлээс салгаж бие даасан байдалтай ажиллахыг шаардсаны дагуу “өрх тусгаарлалаа”.

Энэ хэдэн жилийн хугацаанд Русада зохих хэмжээнд зөв ажиллаж байсны үр дүнд жилийн өмнө эрхээ сэргээлгээд овоо нааштай явж байлаа. Тэгээд ВАДА-гийн шаардлага дагуу 2012-2015 оны хооронд дахь сэргээшийн шинжилгээний дэлгэрэнгүй тайланг илгээхгүй юу.

Гэтэл 2019 оны нэгдүгээр сард Москвагийн лабораториос авсан баримтуудтай нөгөөх нь зөрөөд бас бус зүйл илрээд бүх зүйл орвонгоороо эргэсэн. Энгийнээр тайлбарлавал “оросууд огт гэмшээгүй, нөгөө л хуурчихъя гэдэг сэтгэлгээ хэвээрээ байна, одоо том шийтгэе” гэх ухагдахуунтай мэдэгдлийг ВАДА-гийн тусгай комисс арваад хоногийн өмнө гаргаж хороондоо өгчээ. Одоо арванхоёрдугаар сарын 9-нд хороо хуралдаж комиссын шийдвэрийг батлах уу үгүй юү гэдэг асуудал босоод байна.

Ерөнхийдөө бараг л батална гэж бичээд байгаа. Тэр шийтгэл “хууль” болчихвол оросуудыг олимпийн бүх төрлүүдэд оролцуулахгүй, мэргэжлийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн багууд нь Европ, дэлхийн тэмцээнд оролцох эрхгүй, Орос оронд дэлхий, тивийн чанартай ямар ч тэмцээн зохиохгүй гээд маш хүнд “лантуу” буух гээд байна. Тэгээд тэр шийтгэл нь дөрвөн жилийн урттай үргэлжилнэ гэж байгаа шүү дээ. Харамсмаар. Оросын тамирчин байхгүй дэлхийн хэмжээний тэмцээн гэж юу байх билээ. Тэд ямар ч спортод тэргүүлэгчдийн эгнээнд байж, ямар ч тэмцээнийг чимдэг хүмүүс шүү дээ. Хамгийн харамсмаар нь үнэнчээр хөлсөө дуслуулан зүтгэсэн залуучууд богинохон хугацаатай тамирчны насаа алдах гээд байна даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Анхцэцэг ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИНаар шалгарлаа

Related image

Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно 2019”-ын эзэд өнөөдөр тодорлоо. 2019 оны шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар тодорлоо.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) – ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Э.Цэндбаатар (Бокс) – ДАШТ-ий хүрэл медальт, “THAILAND OPEN” тэмцээний аварга.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Л.Отгонбаатар (Жүдо) – Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медальт.
  • Д.Дэлгэрням (3х3) – Жэжүд зохиогдсон Дэлхийн Гран При тэмцээний “хамгийн үнэ цэнтэй тоглогч”

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Жүдогийн ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг
  • Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг (Чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт. ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин

ШИЛДЭГ БАГ:

  • “Токио 2020” наадмын эрхээ авсан 3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

  • Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат
  • 3х3 шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга

ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН:

  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий алтан медальт Л.Сосорбарам

Шилдгээр тодорсон тамирчдыг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулжээ.

Түүнчлэн өнөөдөр Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл шилдэг ерөнхийлөгчөөр, Монголын морин спортын холбоо, Ширээний теннисний холбоо зэрэг 10 гаруй номинацийн шилдгүүд тодорсон юм.

Categories
мэдээ улс-төр

Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ

Related image

Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Гэвч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах тухай хүсэлтээ гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. ууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 08 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Энхболд, С.Эрдэнэ болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

Хууль зүйн байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 11, 12, 13-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар доорх санал, дүгнэлтийг гаргажээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
  • Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг оновчтой болгож, бусдад ял завшуулах нөхцөл бүрдүүлэхгүй байх;
  • хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авах, бусдад өгөх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулдаг болох;
  • биеэ үнэлэхийг зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
  • мөрийтэй тоглоом зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
  • илт худал мэдээлэл тарааж бусдын нэр төр, алдар хүндэд халддаг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг практикт хэрэглэхтэй холбогдуулан зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлэх;
  • гэмт хэргийн хохирол, хор уршгийн ойлголтын уялдаа холбоог хангах.
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
  • шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулах;
  • мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих эрхтэй байх;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх өөрчлөлтөд нийцүүлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зохицуулалтад өөрчлөлт оруулах;
  • Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотой зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

  • бусдад ажил, албан тушаал, нэр, төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны үйлдэл хийх сэдпээ илэрхийлсэн бол, мөн хүүхдийн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах;
  • энгийн хог хаягдлын торгуулийн хэмжээг багасгаж, аюултай хог хаягдлын торгуулийн хэмжээг нэмэх;
  • ФАТФ-ын шаардлагын хүрээнд Банк бус санхүүгийн тухай хууль, Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх асуудлын зөрчлийн торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан холбогдох зөрчлийг тусгах;
  • хүүхдийн эрхийг зөрчих асуудлыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон салбар хуулиудын зохицуулалттай уялдуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.

өрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

  • хуулийн 1.8 дугаар зүйийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан, шүүхийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын давхардал, хийдлийг арилгах;
  • шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодорхой тогтоох;
  • зөрчил үйлдсэн этгээдийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийх, шүүхээс албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргах журам болон хэрэгжүүлэх ажиллагаатай холбоотой журмыг нарийвчлан зохицуулах;
  • эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг зохицуулах;
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зөрчлийн харьяалан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтаны харьяаллыг өөрчлөх.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
  • төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой болгох;
  • тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэний эрх, үүргийг тодорхой болгох;
  • хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыгтүүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлдэг байх зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах зэрэг асуудлыг тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, гүтгэх хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар хөндөн, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн явуулж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахаар тогтон нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ соёл-урлаг

“Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть ном хэвлэгдлээ

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлэн өнөөдөр нээлтээ хийж байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, логистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл – шинжлэх ухаан – мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой юм.

Энэхүү цуврал бүтээлийг туурвихад Ерөнхий эрхлэгчээр академич П.Очирбат, Ерөнхий редактороор доктор (Ph.D), профессор Л.Пүрэв нар ажиллаж, боть бүрийг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн хариуцан эрхэлж, эрдэмтдийн баг хамтран бүтээсэн болно. Тухайлбал:
I. “Ил уурхайн технологи” I ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, доктор (Ph.D), дэд профессор Б.Батболд хариуцан редакторлож, 24 зохиогч хамтран бичсэн.
II. “Далд уурхайн технологи” II ботийг доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан эрхэлж, Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Лайхансүрэн хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн.
III. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” III ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, ШУТИС-ийн Хүндэт профессор П.Оюунсүрэн хариуцан редакторлож, 13 зохиогчийн хамтын бүтээл юм.
IV. “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” IV ботийг шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан редакторлож, 27 зохиогчтой хамтын бүтээл болсон.
V. “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” V ботийг доктор (Ph.D), дэд профессор Б.Эрдэнэцэцэг хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Ж.Цэвэгмид хариуцан редакторлож, 16 зохиогч хамтран бичсэн.
VI. “Геодези, зураг зүй” VI ботийг доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунцэцэг хариуцан эрхэлж, магистр Э.Ганзориг хариуцан редакторлож, 19 зохиогч хамтран бичсэн.
VII. “Геологи, ашигт малтмалын эрэл хайгуул” VII ботийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор О.Гэрэл хариуцан эрхэлж, доктор (Ph.D) Б.Алтанзул хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн.
Эдгээр цуврал бүтээлийн агуулга, бүтцээс үзвэл орчин үеийн уул уурхайн салбарын технологи, эдийн засаг, экологийн хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд онол практикийн чухал ач холбогдолтой болохын хувьд инженер техникийн ажилтан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болж байна.
Энэхүү бүтээл нь цаащдаа уул уурхайн олборлох-боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборууд өргөжин тэлж “Гангийн үйлдвэр”, “Өнгөт төмөрлөгийн үйлдвэр”, “Уул-химийн үйлдвэр”, “Кокс-химийн үйлдвэр”, “Нүүрс, занар боловсруулах үйлдвэр”, “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр”, “Эрдсийн гаралтай аж үйлдвэрийн түүхий эдийн үйлдвэр” зэрэг улс орны эдийн засагт чухал өгөөж бүхий үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологи, экологи-эдийн засгийн суурь болон хавсарга судалгааны шинэ салбарууд цаашид улам баяжигдаж, Дэлхий судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Цуврал ботийг хамтран бүтээж олонд хүргэхэд хүч хөдөлмөрөө зориулсан зохиогчид, хариуцсан эрхлэгч, редактор нар болон хэвлэлийн зардлыг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн болон нийт хамт олонд Доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат талархал илэрхийллээ.
Categories
мэдээ улс-төр

Санхүүгийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай гурван хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.12.13/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Санхүүгийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай гурван хуулийн төслийг өргөн барилаа.

1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл

Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллажээ.

Францын Төрийн сангаас 57,985,000 еврогийн зээлийг 30 жилийн хугацаатайгаар, жилийн 0.08 хувийн хүүтэйгээр авахаар төсөлд тусгасан байна. Харин үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөх юм байна.

Олон улсын валютын сангийн аргачлалаар тооцвол энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 60.3 хувьтай байгаа нь Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, хэрэгслийг стандартын түвшинд хүргэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед төрийн үйлчилгээг түргэн шуурхай, үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

2. “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүгийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын харилцан тохиролцсон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр” нь УИХ-аар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэргэжилтийг дэмжих, Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэсэн.

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ.

Хөтөлбөрийн 3 үе шатанд нийт 33 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс эхний шатанд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Хөтөлбөрийн 2 дахь шатны 10 бодлогын арга хэмжээг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлсэн.

Уг хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтийг авч байна. Санхүүгийн хэлэлцээр, Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хураалдаанаар хэлэлцэн дэмжжээ.

Хөтөлбөрийн хүрээнд авах 100 сая ам.долларын санхүүжилт нь төсвийн шууд дэмжлэг хэлбэрээр улсын төсөвт орох тул төсөв, санхүүгийн болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцоллоо.

3. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ.

Унгар Улсын Засгийн газраас олгох уг хүүгүй зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөх юм байна.

Төсөл батлагдсанаар Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютыг урсгалыг зогсоож, жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ. Мөн цаашид экспортлох боломжтой болно.

Ингэснээр манай орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилж нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурна.

Түүнчлэн хүн амын хүнсний баталгаат байдал хангагдах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг олон эерэг үр дүн гарна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.