Categories
мэдээ нийгэм

Томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед Эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байна

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орны зохицуулалтын төлөвлөгөөг шинэчлэн гаргасан.

2019-2020 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1033 орыг ашиглах бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1001 ороор нэмэгдүүлэх төлөвлөлтийг хийсэн юм.

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын ажлыг 2019 оны 10-аас 11 дүгээр сард зохион байгуулж эрсдэлт бүлгийн 13.619 хүн, цэцэрлэг болон асрамжийн төвийн 72.199 хүүхэд, гэртээ байдаг буюу эрсдэлт бүлгийн 7452 хүүхэд зэрэг нийт 79.651 хүүхэд, эрүүл мэндийн 5750 ажилтан, сайн дурын дархлаажуулалтад 989 хүн буюу нийт 104.140 хүнийг хамруулаад байна. Мөн 0-3 хүртэлх насны 13.765 хүүхдийг 2 тунгаар дархлаажуулжээ.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ”Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зарим зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/486 дугаар тушаалын дагуу дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орны ачаалалыг зохицуулан ажиллаж байна. Тухайлбал:

  • 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8, 13, 14, 16, 23 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт,
  • Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт 100 орыг “Ачтан” эмнэлэгт,
  • Сонгинохайрхан дүүргийн 1,3,13,14,15,19,27,31 дүгээр хороодын насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг “Мөнгөн гүүр” эмнэлэгт,
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд,
  • 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.
  • Түүнчлэн 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.

Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн зөвлөгөө өгөх утас”-ыг нээж, “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байгаа ба бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүндрэл ихэсч байгаатай холбогдуулан НЭМГ–ын даргын 2019 оны А/490 дүгээр тушаалын дагуу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 17:30-19:00, ням гаригт 10:00-16:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг ажлын өдөр 16:00-22:00, бямба гаригт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллуулж байна.

Мөн НЭМГ–аас баталсан хуваарийн дагуу удирдлагын баг дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЮнионПэй буцаан олголтын урамшуулал

Харилцагч Та бүхэн ХХБанкны ЮнионПэй /UnionPay/ картаа ашиглан гадаадын улс орнуудад хийсэн ГҮЙЛГЭЭ БҮРЭЭСЭЭ 10%-н буцаан олголтыг авах боломжтой.

Нэг харилцагчид олгох урамшууллын дээд хэмжээ 300,000₮. Буцаан олголт нь худалдан авалтын гүйлгээ хийгдсэний дараагийн 7 хоногийн Даваа гарагт Таны картын данс руу орох болно.

Хэрэв Та ЮнионПэй карт хараахан захиалж амжаагүй бол өөрт ойр байрлах ХХБанкны дурын салбарт хандан захиалахаас гадна, Ти Ди Би Онлайн аппликейшн-аар хүссэн газраасаа картаа захиалан урамшуулалт аянд хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна.

Карт захиалах дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tdbm.mn/mn/2/c?m24&mc=93 холбоосоор авна уу.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчдын амралт ирэх даваа гаригт эхэлнэ

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт 12 дугаар сарын 23-ны Даваа гарагаас эхлэх гэж байна. Сурагчид 2020 оны 1 дүгээр сарын 10-ныг дуустал нийт 3 долоо хоног амрах юм.

Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан 12 дугаар сарын 30-наас эхлэн 2020 оны 1 дүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга “Гал түймэр унтраах аврах ажиллагаа” сэдэвт олон улсын сургалтад оролцлоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Иргэний хамгаалалтын академиас зохион байгуулсан “Гал түймэр унтраах аврах ажиллагаа” сэдэвт олон улсын сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр оролцлоо.

Тус сургалтад 10 орны 12 гал түймэр унтраах чиглэлийн удирдах албан тушаалтнууд оролцсон юм.

Сургалтаар “Гал түймэр унтраах эрэн хайх аврах үйл ажиллагааны тогтолцоо”, “Шатдаг хийн барилга байгууламжид гал түймэр унтраах эрэн хайх аврах ажиллагаа явуулах арга”, “Барилга байгууламжын бүтэц нуралтын төрлүүд”, “Тээврийн хэрэгсэлд гарсан гал түймэр, нүхэн гарц зэрэг томоохон хонгилын байгууламжид гарсан гал түймрийг унтраах арга зүй”, “Нэрвэгдсэн хүмүүсийг аврах арга, багаж хэрэгсэл”, “Ослын үеийн удирдлагын систем”, “Хорт хий утаанаас хамгаалах багтай ажиллах” зэрэг танхим болон дадлага сургуулиуд явагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аппликейшнийг ЕБС-ийн сурагчдад танилцууллаа

Хойч үе болсон өсвөр насныхныг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд сургах зорилготой ухаалаг гар утсанд суурилсан Ногоон паспорт аппликейшний нээлтийг Ногоон паспорт эзэмшигч сурагчдад зориулан зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн, аймгийн 150 орчим сурагч хүрэлцэн ирсэн бөгөөд сугалаагаар “Фаро” сургалтын төвд суралцах эрхийн бичгээр хоёр азтан , Найрамдал ОУ-ын зусланд амрах эрхийн азтанаар нэг сурагчийг тодруулан мөн 2019 онд Ногоон паспорт аянд идэвхтэй оролцсон шилдэг сурагчдад талархлын бичиг гардуулсан байна.

Тус аппликейшнд байгаль орчны танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, зөвлөгөө, уралдаан тэмцээн, урамшууллын зар зэрэг багтсанаас гадна шинээр Дижитал Ой цэс багтаж байгаа бөгөөд аппликейшнийг ашиглан байгальд ээлтэй үйлдлүүд хийснээр оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо 18 төрлийн модноос сонголт хийж нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт байгуулагдсан “Ногоон паспорт-Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнд мэргэжлийн байгууллагаар модоо суулгуулах, арчлуулах мөн тарьсан модон дээрээ өөрийн нэр бүхий пайзыг байрлуулах боломжтой болох юм.

“Ногоон паспорт” аппликейшнийг өдөр тутамдаа ашигласнаар хог хаягдлаа ангилан ялгах, ус, эрчим хүчийг хэмнэх, нүүрс хүчлийн хийг дор бүрнээ бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах энгийн аргад суралцахаас гадна 2030 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 тонн хүлэмжийн хийг ялгарах байсныг урьдчилан сэргийлж, 2027 оноос жил бүр 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гарахаас сэргийлж чадна гэсэн тооцоолол гарсан байдаг.

2018 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн тус аян одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 120 мянга орчим ЕБС-ийн сурагчдад хүрээд байна.

Categories
мэдээ нийгэм

2018 онд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.12.16) Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов.

Төрийн албаны шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор холбогдох хууль, журмуудыг өөрчлөн шинэчлэх ажлууд хийгдэж байгаа.

Төрийн албаны зөвлөлөөс 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарлаж, 10 үр дүнд хүрэх зорилтыг дэвшүүлжээ.

Төрийн албаны шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрөгч 11 дүгээр сард анхны төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулсан. Цахимаар бүртгэл явуулж, нийт 8894 хүн бүртгүүлсэн бөгөөд эхний шатны шалгаруулалтад 1588 хүн, хоёр дахь шатны шалгаруулалтад 1443 хүн тэнцсэн. Үүнээс эцсийн шатны шалгаруулалтаар 1116 хүн тэнцэж төрийн албаны нөөцөд багтсан байна.

Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлж төрийн албаны чадахуйн зарчмыг баримталж байгаагийн зэрэгцээ ёс зүйн ур чадварыг чухалчилж үзснээ Төрийн албаны зөвлөлөөс танилцуулж байлаа.

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн 11 сарын хугацаанд төрийн захиргааны 14 байгууллагад хяналт шалгалт хийжээ. Дээрх байгууллагуудад нийтлэгээр төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг томилсон, төрийн жинхэнэ албан тушаалд гэрээгээр ажиллуулах, Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаарыг хэтрүүлэх, төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэх, сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хууль журмыг зөрчиж ногдуулах, төрийн албан хаагчдад хуульд заагаагүй нэмэгдэл олгох зэрэг зөрчил илэрчээ.

Мөн шүүхээс ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан багагүй албан хаагчид байгаа аж. Төрд учруулсан хохирол их хэмжээтэй байгаад анхаарах шаардлагатай байгааг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун танилцуулгадаа онцолсон юм. Тухайлбал, зөвхөн 2018 онд гэхэд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ.

Иймд цаашид төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хуульчлах, зарим хуульд байгаа зөрчлүүдийг арилгах, төрийн албаны холбоотой маргааны хугацааг наашлуулах, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг мөн хэлж байсан юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов.

Тэрбээр үгийнхээ эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэж байгааг онцоллоо.

Мөн төрийн албанд танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр, ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг ажиллуулж, хууль журмаа чандлан мөрдөж ажиллахыг төрийн байгууллагуудад үүрэг чиглэл болгосон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2017 оноос хойш Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг сүүлийн гурван жилийн турш Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсруулсан байна.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгээд ирэх долоо хоногоос УИХ-аар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Эрдэм мэдлэг, ёс зүйтэй хүн төрийн албанд ажиллах ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатарын Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

2019.12.16 Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс улс орон даяар дагаж мөрдөнө. Энэ нэмэлт, өөрчлөлт гурван үндсэн асуудлыг өөрчлөхөд чиглэсэн гэж болно.

Нэгдүгээрт, Монголын төр, “төр” шиг байх. Уламжлал болон орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлагыг хослуулсан өөрчлөлт, шинэчлэлийн эхлэлийг тавьсан.

Хоёрдугаарт, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болж, баялгийн үр өгөөжийг ард иргэд тэгш хүртэх боломжийг бүрдүүлсэн.

Гуравдугаарт, дээрх хоёр өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд Монгол хүнийг сайхан амьдруулах, иргэн төвтэй төрийн үйлчилгээтэй болж, Монгол Улсын хөгжлийг хурдасгахад чиглэж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжихтэй холбогдуулаад 30 гаруй хууль, тогтоомжид өөрчлөлт орох шаардлагатай. Өнөөдөр Та бүхэнтэй уулзаж байгаа гол зорилго бол төрийн албаны шинэчлэлтэй холбоотой асуудал юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тунхаг, нийгмийн зөвшилцлийн гэрээ төдий биш. Үүнийг бид хэлбэрэлтгүй дагаж мөрдөж, өөрчлөлт, шинэчлэлтийг ард иргэдийн амьдралд хүргэх учиртай.

Монголын төр “Төр” шиг байхын үндэс нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэнэ. Үүнд хоёр зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна.

Монгол төрт ёсны уламжлал 2000 гаруй жилийн түүхтэй. Уламжлал, шинэчлэл дээр тулгуурласан төрийн албаны шинэчлэлийг хот, хөдөөгийн төрийн бүх байгууллага дээр хэлбэрэлтгүй томоохон реформыг хийх шаардлагыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт шаардаж байгаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн алба төрлийн алба болж, улс төрийн шалтгаанаар халаа сэлгээ хийдэг, авлига хээл хахуульд идэгдсэн гэх шүүмжлэл байнга дагуулах болсон. Үүнээс улбаалаад төрийн албан хаагчдыг үндсэндээ таван хэсэгт ангилж болохоор болжээ.

1.Зомби буюу “амьд үхдэл”. Манай төрийн албаныхны судалгааны дүнгээр гарсан байгаа. Төрийн албанд гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хэсэг хүмүүс бий болсон.

2.Хорлон сүйтгэгчид. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын асуудал хариуцсан гишүүдийн хэлснээр 2018 онд 810 сая төгрөгийн хохирол төрд учруулсан байна. Саяхан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албан хаагчид авлигаас болж 2 их наяд төгрөгийн хохирол учруулсан талаар мэдээлсэн. Хувийн болон албан тушаалын ашиг сонирхлоор улс орны хөгжлийг хойш нь чангаагч ийм нэг хэсэг төрийн албанд байна.

3. Муу гүйцэтгэгчид. Ажлыг хийдэг боловч хагас дутуу, чанаргүй, сэтгэлгүй хийдэг.

4. Сайн гүйцэтгэгчид. Үнэн хэрэгтээ өгсөн үүрэг даалгавар, ажлыг сэтгэлээсээ, чанартай, бодитой хэрэгжүүлдэг сайн гүйцэтгэгчид бага хувийг эзэлж байна.

5. Ялагчид. Маш бага хувийг эзэлдэг.

Зомби болон хорлон сүйтгэгчид их байх тусам улс орон, байгууллага, ажил сүйтгэгдэж, нурдаг. Ялагч нар аливаа ажлыг сэтгэл гаргаж, санаачилгатай ажилладаг. Тэд зөвхөн өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэх бус шинийг эрэлхийлж, өөрийн санаачилгаар төр улсынхаа төлөө зүтгэдэг.

Төрийн албаны шинэчлэлийн гол зорилго бол төрийн албан хаагчид, удирдлагуудыг дээр, дооргүй “ялагч” байлгах юм. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч шаардаж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн таван сарын хугацаанд уламжлалыг чухалд авч үзсэн. Хан төрийн долоон эрдэнийн хамгийн чухал “Түшмэл” эрдэнэ байдаг. Эзэн Богд Чингис хаан ч төрийн түшээдээ сонгож томилохдоо ах дүү, ураг төрлөө гэхээсээ илүүтэй үнэнч шударга, чинхүү сэтгэлтэй шадаруудаасаа сонгож, дэлхийн талыг эзэлсэн түүхтэй.

1923 оны Ардын засгийн Түр дүрэмт ч энэ уламжлалыг харгалзан үзсэн. Нутгийн захиргааны дүрэмд төрийн албан хаагчдад арван гэрийн даргаас эхлээд улсын засгийн тэргүүн хүртэл сонгосон, томилогдсон бүх төрийн албан хаагчдад дөрвөн зүйлийн шаардлага тавигдсан байдаг. Тодруулбал,

– Баячууд, эрх мэдэлтнүүдэд “нүүрчлэхгүй” байх. Ямбатнуудын нүүрийг хараад тал засдаг, ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн үг.

– Ховдог шунахай байхыг хориглосон.

– Өөрийн хариуцсан хэрэг явдлыг магадаар бүтээж чадах.

– Бичиг үсэгт боловсронгуй байх талаар заасан байдаг.

Энэ нь Азийн төрт ёсны уламжлалд ч шингэсэн бөгөөд Япон, Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсуудын хөгжлийн нууц нь төрийн алба, түшмэл эрдэнийг дээдлэх зарчимд байдаг. Тухайлбал, БНХАУ-д төрийн албанд орох хүн Күнзийн ёс зүйн номыг цээжээрээ мэддэг байх жишээтэй. Үүгээрээ ёс зүйн өндөр түвшинд байгаагаа нотолдог. Япон, Солонгост тухайн айлын хамгийн чадвартай нэг хүүхдээ төрийн албанд бэлтгэдэг. НҮБ-ын хөгжлийн судалгаагаар Азийн бар улсуудын хөгжлийн нэг гол нууц нь төрийн тогтвортой, чадварлаг албандаа байна гэж дүгнэсэн. Японы Төлөвлөөний комисс буюу Олон улсын худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн яам 59 жилийн турш нэр болон дотоод бүтэц, орон тоогоо өөрчлөөгүй ирсэн байдаг. Хамгийн шилдгүүдийг авч ажиллуулдаг учраас “тархины ангуучид” гэж нэрлэгддэг. Ийм бодлого явуулсны хүчинд Япон улс дэлхийн хүчирхэг, өндөр хөгжилтэй улсын нэг болж чадсан.

Энэ мэтчилэн Монголын болон Азийн төрт ёсны уламжлалаа дагах хэрэгтэй. Төрийн албаны шалгаруулалтыг хийхдээ танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр, нүүрчлэхгүй, авлигажихгүйгээр ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг авдаг байдлыг Төрийн албаны зөвлөл, цаашлаад төрийн бүх байгууллагууд хэрэгжүүлж чадвал Монгол Улс хөгжинө.

Түүнчлэн дэлхий нийтийн чиг хандлага эрс өөрчлөгдөж байна. Өнөөдөр байгаа төрийн албаны боловсон хүчний 50 хувийг цомхотгох боломжийг хиймэл оюун ухаан, icloud, их өгөгдөл, эд юмсын интернет олгож байна. Дэлхийн эдийн засгийн форум, Бостон консалтинг судалгааны байгууллагуудын дүгнэлтээр АНУ, Англи, Япон зэрэг улсад ойрын 20 жилд хиймэл оюун ухааны тусламжтайгаар нийт ажлын байрны 50 хувийг орлоно гэсэн байна. Одоо нэвтрээд эхэлсэн байгаа төрийн албаны icloud систем буюу хамгийн чадвартай хүмүүсийг онлайнаар ажиллуулдаг болсон. Интернет онлайн орчинд гэрээсээ бие бус байдлаар ажил үүргээ гүйцэтгэх нь цаг хугацаа, зардал хэмнэх бололцоотой болж байгаа юм.

Иймд Төрийн албаны зөвлөл болон төрийн байгууллагуудын дараагийн нэг том зорилт нь дижитал өөрчлөлт байх ёстой.

Эстони улсад л гэхэд тендер, тусгай зөвшөөрлийн эрхийг интернетээр олгож, хоёр минутын дотор паспорт олгодог болсон. Гүржид төрийн бүх үйлчилгээг 10 минутын дотор нэг дороос авч байна. Төрийн хүнд сурталтай холбоотой бүх асуудлыг backoffice буюу арын албандаа төвлөрүүлээд иргэн төвтэй онлайн төрийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой. Төрийн бүх байгууллагууд ийм стандартыг нэгдсэн байдлаар хийх хэрэгтэй.

Энэ бүх реформыг хийхийн тулд Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт хийдэг тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Шалгалтын даалгаврыг эрдэмтэн судлаачдаар орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж шинэчлэн боловсруулах шаардлагатай. Сонгон шалгаруулалтын даалгаварт хэн ч тааварлахгүй асуултууд байдаг талаар шүүмжлэл гардаг. Байгаль орчны чиглэлийн байгууллагад ажиллахгүй хүнд “Монгол Улс хэдэн гол, мөрөнтэй вэ?” гэдэг асуулт асуудаг. Харин ёс зүйн дүрэм, , жендэрийн тэгш байдал, ажил албаны сахилга хариуцлагын талаарх баримт бичгийг сайн судлуулж, шалгаруулалтын голлох даалгавар болгох ёстой.

Энэ бүхэнтэй уялдуулаад Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран сүүлийн гурван жилийн турш хамтран боловсруулсан. Өнөөдөр Та бүхнээр хэлэлцүүлж байна.

Япон, Герман, Солонгос зэрэг улсын Төрийн албаны тухай хуулиудад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хэрхэн тусгасныг судалсан. Тус улсуудад ёс зүйг хуульчилсан учраас ёс зүйн зөрчил гаргасан бол нэмэгдэл, урамшууллыг нь олгохгүй болохоос эхлүүлээд нарийвчилсан зохицуулалтыг оруулсан байна.

Энэ хуулийг ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж хийгдэх хууль эрх зүйн хувьсгал, өөрчлөлтийг хийнэ. Энэ хүрээнд Төрийн албаны тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Шүүхийн тухай зэрэг хуулиудад нэн тэргүүнд өөрчлөлт орно.

Хууль эрх зүйн өөрчлөлтүүдээр төрийн албанд “ирлээ, явлаа” гэдэг хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг таслан зогсооно. Иймд төрийн албан хаагч тогтвортой ажиллана. Энэ сэтгэлгээний өөрчлөлтийг хийж чадвал Монгол Улсад авлига хээл хахууль арилж, төрт ёсонд шинэчлэл авчирна.

Өнөөдрийн хэлж ярьсан бүгд энгийн нэг тунхаг, мэдэгдэл төдий зүйл биш гэдгийг дахин хэлье. Энэ бол Та бүгдэд тавьж буй албан ажлын шаардлага. Төрийн албан хаагчид,

– ард түмэндээ үйлчлэх,

– мэргэшсэн, тогтвортой байх;

– улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;

– Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;

– төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;

– ил тод байх;

– ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

– захирах, захирагдах ёсыг баримтлах.

зэрэг зарчмууд дээр үндэслэн томилогдож байхыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан заасан. Хууль журмаа чандлан сахиж, төрийн албаны үйл хэргийг тууштай хэрэгжүүлэхийг Төрийн албаны зөвлөл, төрийн нийт байгууллагууд түүний дотор хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгжүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна.

Үүнээс цааш Монголын төрд хоноцын сэтгэлээр ханддаг зомби, хорлон сүйтгэгч нар гишгэх газар байхгүй.

Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жилийн түүх эхэлж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол хууль эрх зүйн хувьсгал өөрчлөлтийг хийхийг тулд чиглэсэн гэдгийг дахин сануулъя.

Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэчлэлийг тууштай, хариуцлагатай, зарчимтай, ил тод хэрэгжүүлэхийг үүрэг, чиглэл болгож байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр гарсан саналуудыг нэгтгээд ирэх долоо хоногоос УИХ-аар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжиж эхэлсэн эхний алхам болно.

Та бүхний ажилд амжилт хүсье.

Төр төвшин, түмэн олон амгалан байх, Монголын ард түмний төрдөө итгэх итгэл сэргэж баталгаажих нь төрийн албан хаагчдаас хамаарна гэдгийг хатуу чанд санаж байхыг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Ан хийж явсан иргэд сум алдаж, нэгнийхээ аминд хүрчээ

Увс аймгийн нутагт ан хийж явсан иргэд сум алдаж, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ. Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт буудуулж, нас барсан хүнийг хүргэж иржээ.

Шалгалтын явцад амь хохирогч нь Улаангом сумын харьяат, 56 настай С болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач баруун даландаа буудуулсны улмаас амь насаа алдсан байна. Хэрэг гарах үед талийгаач нь мөн сумын харьяат 39 настай Б-тай хамт ан хийж явсан ба үргээлгэ хийж байхдаа сум алдаж, санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн гэх мэдээлэл байна.

Хэргийг Увс аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Малчны хотонд галзуу чоно орж иржээ

Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн малчин Э-гийн хотонд чоно орж ирж, аргамжаатай морь руу нь ноцож, нохойтой нь ноцолдсон тул буудаж алсан байна. Энэ тухай мэдээлэл арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 20.20 цагийн үед тус аймгийн Зоонозын төв болон Мал эмнэлгийн газарт иржээ. Малчин Э-гийн гарт чоно хүрсэн тул өдгөө сумын эмнэлэгт вакцин болон шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа аж.

Үхсэн чонын дээжийг энэ сарын 14-ний оройн 23.00 цагийн үед Архангай аймгийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд өгөхөд урьдчилсан байдлаар галзуугийн шинж тэмдэг илэрч, улсын лабораторийн шинжилгээнд баталгаажуулахаар явуулжээ.

Тариат сумын ажлын хэсэг, Архангай аймгийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн малчны хотонд очиж, шархадсан мал, нохойг устгах, малыг вакцинжуулах ажил хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Авто зам ашигласны төлбөр шинэчлэх шийдвэр хүчингүй боллоо

НИТХ-ын хуралдаанаар 12 дугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Улмаар “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах юм.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өгсний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг хуучин буюу 2013 онд баталсан хэвээр үлдэхээр тооцоолол хийж, төсөвт өөрчлөлт оруулахаар төлөвлөн асуудлыг нийслэлийн ИТХ-д өргөн барьсан байдаг.

Авто зам ашигласны төлбөр, хураамжийг хэвээр үлдээснээр газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалаас олох орлогыг нэмэгдүүлж, зарим урсгал зардлыг хэмнэж тэнцвэржүүлэхээр тооцсон байна. Улмаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг өнөөдөр /2019.12.16/ 11.00 цагт хуралдуулахаар тогтсон ч ердөө 30 минутын өмнө эхэллээ. Хурлаар нийслэлийн ИТХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай, мөн өдрийн “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Сургууль, цэцэрлэгийн засварын зардал, явган хүний замын тохижилт зэргийг хасч 13 тэрбум төгрөгийг, үлдсэн 45 тэрбум төгрөгийг өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа гэх зүйлсээс бүрдүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” гэв.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Автозамын төлбөрийг нэмнэ гэдэг нь өдөртөө 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замаар зорчиж болно гэсэн логик ойлголт. Хамгийн гол нь энэ саналыг дэвшүүлсэн нь эрүүл үзэгдэл гэж харж байна. Манай иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Нэг жилийн настай автозам тавимааргүй байна. Явган замыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилд 27 км дугуйн зам барьсан. Тиймээс 2020 оны төсөвт 100 км явган хүний зам, 100 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ мэт зүйлээс шалтгаалж замын хураамжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Нийслэлийн автомашин ашигласны төлбөрийг нэмж, автозамыг сайжруулахаар шийдвэрлэсэн. Хэрэв өнгөрсөн жил энэ санал дэвшээд явсан бол хэн ч эсэргүүцэхгүй байсан. 6-7 сарын дараа сонгууль болох учраас нийслэлээс санаачилсан ажлыг таслан зогсоож байна л гэж харж байна. Энэ бол цэвэр улс төржилт” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Хоёр долоо хоногийн өмнө ИТХ хуралдаж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмж, хотын төсвийг 50 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрийг гаргаж байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс 2020 оны төсвийг 14 хоногийн өмнө хэлэлцэхэд оролцоогүй. Үүний нэг гол шалтгаан нь авто зам ашигласны хураамжийг тав дахин өсгөх байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр юмны үнэ өсч, хүн амын бодит орлого буурсан энэ үед татварыг нэмэх нь тохиромжгүй гэж үзээд хурлыг хаяж гарч байсан удаатай. Нийслэлээс иргэдийнхээ халаас руу гар дүрэхгүй байх боломж бий. Өнөөдрийн хотын удирдлага сайн ажиллаж чадахгүй байгаа учраас хотын төсвөөс 300 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаахаар шийдсэн. Хотод бий болсон хөрөнгийг улсад тушаачхаад, хотын иргэдээс татвараар нэмж мөнгө авна гэдэг бүр шударга бус” гэв