Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өсвөр насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн гэх менежер Б.Учралсайханыг ажлаас нь чөлөөлжээ

Одоогоос хэдхэн жилийн өмнө хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч М тэмцээнд авч явсан хүүхдүүдээ зодсон гэх хэрэг гарч байсан ч тэгж байгаад л чимээгүй болсон. Бага насны хүүхэд зодсон гэх дасгалжуулагч өнөөдөр зэрэглэл ахиж дээд лигийн баг дасгалжуулаад явж байгаа.

Бага насны хүүхдүүдийг, насанд хүрэгчдийн багийн удирдлагууд цалингаа өгдөггүй, легионер тамирчидтай байгуулсан гэрээгээ зөрчдөг гэх зэрэг асуудлууд Монголын хөлбөмбөгийн хүрээнд тасрахгүй байна.

Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд тухайн үед нь дорвитой арга хэмжээ аваагүй нь энэ асуудал улам гүнзгийрэхэд нөлөөлсөн бололтой.

Сүүлдээ багийн менежерийн сэнтийтэй нөхөр өсвөрийн шигшээ багийн охидыг зодсон, бэлгийн дарамт үзүүлсэн гэх шуугиан дэгдээд байна.

Монголын хөлбөмбөгийн U-16, U-19 шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Кавамото Наоко наймдугаар сарын 20-ны өдөр шигшээ багийн менежер Б.Учралсайхан охидод бэлгийн дарамт үзүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай захидлыг Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Хашбатын Азжаргалд хаяглаж ирүүлсэн байна.

“16 хүртэлх насны шигшээ багийн охид наймдугаар сарын 8-ны өдөр олон улсын тэмцээнд оролцож байсан. Энэ үеэр охид шөнийн 02:00 цагийн алдад амарч байхад шигшээ багийн менежер Б.Учралсайхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ерөө рүү дайрч орсон. Улмаар амарч байсан охидод гар хүрч заримыг нь цохиж авсан. Мөн бэлгийн дарамт учруулахыг завдсан. Энэ үеэр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны ажилтнууд түүнийг өрөөнөөс гаргасан” тухай Кавамото Наоко дасгалжуулагч захидалдаа дурджээ.

Тухайн үед тамирчин охидын гар утсыг хурааж авсан байсан тул болсон үйл явдлыг шигшээ багийн тамирчдын нэг нь тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээжээ. Тэмцээнд өндөрлөж өсвөрийн тамирчид эх орондоо ирэхэд таагүй мэдээ сонссон ар гэрийнхэн нь онгоцны буудал дээр багийн менежер Б.Учралсайханыг зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө зодсон гэх мэдээлэл байна.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос менежер Б.Учралсайханы гаргасан ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал “Монголын хөлбөмбөгийн холбооны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кавамото Наокогоос ирүүлсэн албан захидлын дагуу багийн менежер Б.Учралсайханд хариуцлага тооцож 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр албан ажлаас чөлөөлсөн. Цаашид хуулийн байгууллагад хандах нь зүйтэй” гэх мэдэгдлийг дээрх дуулиан өндрөө авсан хойно гаргасан.

Энэ үйлдэл нь өсвөрийн шигшээ багийн менежер Б.Учралсайхан охидод гар хүрсэн, бэлгийн дарамт учруулахыг завдсан үйлдлийг илтгээд өгчих шиг.

Монголын хөлбөмбөгийн холбоо нэгэнт асуудал өндрөө авсны дараа үг үсэг, найруулга, утга зүйн алдаатай мэдэгдэл гаргаж байгаа нь өсвөр насны охинд гар хүрсэн, бэлгийн дарамт учруулсан байж болох хэргийг дараад өнгөрөхөөр төлөвлөж байсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Б.Учралсайханыг наймдугаар сарын 26-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн гэж мэдэгдэж байгаа ч тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооноос салчихаагүй байгаа бололтой. Тэрбээр сүүлд лигийн тэмцээний үеэр азтан шалгаруулах үйл ажиллагааг хөтөлж байсан нь үүнийг гэрчилдэг.

Бид мэдээллийн тэнцвэрийг хадгалах үүднээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Б.Учралсайхантай холбогдож тодруулга авлаа.

-Таныг 16 хүртэлх насны шигшээ багийн тамирчдад гар хүрсэн, бэлгийн дарамт учруулсан талаарх захидлыг ахлах дасгалжуулагч Кавамото Наоко МХБХ-нд ирүүлжээ. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулга өгөхгүй юү?

-Ямар ч баримт нотолгоогүйгээр хүнийг ингэж гүтгэж харлуулж болохгүй. Шүүх цагдаа, хуулийн байгууллагаас шийдээгүй асуудалд манайхан их хөнгөн хандах юм. Би одоогоор хуулийн байгууллагад хандсан байгаа. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэсэн юм.

Зарчимч, тэр дундаа багш дасгалжуулагч хүн ор үндэслэлгүй зүйл яриад суухгүй биз. Багийн менежер, дасгалжуулагч нар тамирчин охидод гар хүрч, бэлгийн дарамт учруулсан гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл биш бололтой.

Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ талаар мэдээлэл авахаар хандсан ч эрс татгалзлаа.

Энэ нь дан ганц хөлбөмбөгийн спортод ч тохиолдож байгаа асуудал биш. Асуудлыг хөндөж ил гаргадаггүй л болохоос биш хөшигний ард болдог багш дасгалжуулагч нарын ёс зүйгүй үйлдлүүдийн тухай барьцгүй яриа явж л байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ спортоор хичээллүүлж, секц дугуйланд явуулдаг бол хараа хяналт тавих шаардлагатай байгааг япон дасгалжуулагч Кавамото Наокогийн захидал анхааруулаад өгчихлөө.

Categories
мэдээ нийгэм

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал баасан гарагт болно

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ болон Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд 14:30 цагт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна. Эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Ийн З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцсэн билээ.

Түүнчлэн .

Categories
мэдээ нийгэм

57 настай иргэн галд амиа алджээ

Гал түймэрт 57 настай иргэн угаартаж амиа алджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 16-ны өдрийн 17:03 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн найман аврагч хоёр автомашинтайгаар 7.5 км замыг туулан очиж иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшинд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Түймэрт 57 настай эрэгтэй өртөж нас барсан байна. Улмаар цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зорчих хэсэгт суудлын автомашин гэрэлтүүлгийн төмөр багана мөргөж, автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 05.38 цагт НОБГ хүлээн авчээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 5.5 км замыг туулан иргэн У-ийн жолоодож явсан Вингроад загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт 23 настай эмэгтэй Х хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэний хөдөлгөөний алуурчид

Иргэний хөдөлгөөн гэдэг иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж тэмцэх ёстой байгууллага юм. Тэд тэтгэврийн нас уртасгасны, НДШ нэмэхийн эсрэг, автомашины автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлсэн татварын эсрэг тэмцэж байх учиртай. Дэлхийн жишиг ч ийм байдаг. Францын иргэний хөдөлгөөнийхөн тэтгэврийн насыг уртасгасныг эсэргүүцэж 100 гаруй хотдоо жагслаа. Хонконгт ялтан шилжүүлэхийн эсрэг хэдэн сарын турш тэмцлээ. Тэд иргэдийнхээ төлөө, тэдний зөрчигдсөн эрх ашгийн төлөө нэгдэж байна. Харин манайд иргэний хөдөлгөөн гээч зүйл гажуудаад, зүг чигээ алдаад уджээ.

Үнэн хэрэг дээрээ манай иргэний хөдөлгөөнийхөн иргэдийнхээ бус улс төрчдийн төлөө л байдаг. Улс төрийн нэг бүлэглэлээс нөгөө бүлэглэлд нь эрх мэдэл өгөхийн төлөөх тэмцэлд л дэм болсоор ирж. Тэдний гар хөл, утсан хүүхэлдэй нь болдог гэсэн үг. Жагсаал цуглааны түүхүүдийг эргээд санацгаая л даа. “Ахмадын холбоо”-ны гэх иргэний хөдөлгөөний Г.Баасан гэж эмэгтэй байв. Тэрээр ордон руу дайрч, цагдаа балбаж, мөрдсийг нь хуулж явсан цаг саяхан. Хүмүүс төрөө ингэж ч болохгүй дээ гэж ч бодож байсан уу дурамжхан л байсан. Г.Баасангийн энэ “ширүүн” тэмцэл ямар үр дүнд хүргэсэн бол. Та юу гэж бодож сууна. Лав түүний жагсаал цуглаан ахмадуудад овойж оцойтол хэрэг болоогүй. Ахмадуудын нэрийг барьж дур зоргоороо аашилсан түүний энэ тэмцэл эцэстээ улс төрийн нөлөөтэй байсан нь ил болсон юмдаг. Миний санахаар тэр өөрөө л нийгэмд танигдаж, амьдрал нь нүдэн дээр дээшилж, алба хаших болсон.

“Фэнг Шү” С.Ганбаатар, Ж.Батзандан нарын тэмцлийг ч энд нэрлэж болно. Тэд Монгол Ардын намын байр руу дайрч эзэлж аван, тугийг нь урж байлаа. “Намын байрыг нь эзэлчихлээ. Одоо бид төр засгийг удирдах болно” гэцгээж албан тушаалаа цаасан дээр хуваарилцгааж байсныг бид мартаагүй ээ. “Чи чинь хэн билээ. Аа тэр мөн үү. За чи тэр албан тушаалд очно шүү” гэж шаагилдацгаасан нь ч бий. Тэд тэмцлийнхээ үр дүнд УИХ-ын гишүүд болж, Ерөнхийлөгчид нэр дэвшиж, өндөр дээд суудалд заларцгаагаад амжсан.

Үүний дараагийнх нь “Буутай тэмцэл” гэгддэг Ц.Мөнхбаяр нарын иргэний хөдөлгөөн. Төрийн ордон руу буугаа шагайж гэтсэн тэрээр “Бид хүссэн бол төрийн ордныг үнсэн товрог болгох байлаа” гэсэн удаатай. “Шударга” таван гишүүний тэмцэл байна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр төсвийн хөрөнгөөр жагсагчдыг цуглуулаад л, М.Энхболд огцорчихвол амьдрал сайхан болно гэцгээсэн. Түүнээс хойш амьдрал сайжирсан уу. Нэг хэсэг улс төрчид л хоолонд хүрцгээсэн. Хамгийн сүүлд “Монголын үндэсний фронт” гээч иргэний хөдөлгөөн гарч ирэв дээ. Хоорондоо ч учраа олж чадаагүй генерал, тоймч хоёр энэ хөдөлгөөнийг манлайлсан. Тоймч нь Төрийн ордныг нурааж эсгий гэр барьчихаад тойрон бүжиглэе гэсэн байх шүү. За тэгээд Оюу толгойн эсрэг байнга тэмцдэг Жагар, Таван толгойн үйлдвэрчний эвлэлийн дарга, өөрийгөө шатаадаг Эрдэнийн тэмцэл гээд цааш хөвөрнө л дөө.

Үнэн хэрэг дээрээ тэдний хүсэл зорилго юунд байв аа. Үр дүн нь хаана байна вэ. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын нэмэгдэл, тэтгэврийн насыг уртасгах шийдвэр, агаар, хөрсний бохирдол, түгжрэл, ажилгүйдэл, ам.долларын ханшны эсрэг лав тэд тэмцээгүй. Гагцхүү хувийн болоод улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө жагсаал хэмээх жүжиг тавьсан. Эргээд бодоод байхад хувийн эрх ашиг болоод улс төрийн нэг бүлэглэлийг дээш нь гаргахын төлөө л тэмцсээр ирж. Энэ олон жагсаал, тэмцэл, өлсгөлөн, өөрийгөө шатаалтын ачаар ард түмний амьдралд нэг ч гэрэлтэй өөрчлөлт гараагүй нь үүнийг нотлох биз ээ.

Угтаа манай улсад тэмцэхээр зүйлс мундахгүй их ээ. Зах зухаас нь ч дээр дурдлаа. Харамсалтай нь тэр бүрийд иргэд дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж чадахаа байчихжээ. Жүжиг тавьсан хэдэн нөхөд нь иргэний хөдөлгөөний нэрийг шавартай нь хутгачихсан учир иргэдийн урам хугараад тэмцэл хөдөлгөөн хийхээ больчихсон хэрэг. Жагсаал цуглаан ямар ч хэрэггүй, худал, хуурмаг, хэн нэгэн улс төрч, аливаа бүлэглэлийн эрх ашгийн төлөө байдаг юм гэх ойлголтыг гүн бат суулгачихаж. Иргэд “Тэрнийг гишүүн болгох гэж, түүний ажлыг бүтээхийн тулд би тэмцэх юм уу. Ёстой гонжийнжоо байлгүй” гэж бодох болсон байна. Ийм байдалд хүргэсэн хүмүүс бол дээрх нөхдүүд мөнөөс мөн. Жагсаал цуглааны үе үеийн “баатрууд” болсон тэд иргэдийн урам зоригийн ийнхүү мохоожээ. Тэд бол иргэний эрх ашгийн төлөө тэмцэх иргэний нийгмийн хөдөлгөөний алуурчид юм аа.

Хамгийн чухал нь энэ тэдний үнэн нүүр царайг 30 жил дагаж гүйж, жагсаж, тэмцэж, урам нь хугарч, хэрсүүжсэн ард түмэн мэдэхтэйгээ болжээ. Манай иргэний хөдөлгөөнийхөн жагсаал хийхдээ тэмцэл хэмээх жүжгээ үргэлж хэтрүүлэн тоглодог болохоор ард түмэн андахаа больсон байна. Ордныг нураана, гишүүдийг чирж гаргаж, баривчилна, ална хядна гэсэн хийрхэлүүд нь иргэний хөдөлгөөнийхний нэр хүндийг унагачихсан. Иргэдийн хөдөлгөөн гэдэг харгис зүйл гэж ойлгосон ард түмэн тэдэнтэй нэгдэн нийлэхээ больсон. Дэмжихээ байгаад ч удаж байна.

Ер нь ч иргэдийн аяган дотор боорцогны тоо нэмэгдэхгүй л бол ямар ч тэмцэл байгаад нэмэргүй л дээ. Угтаа иргэний хөдөлгөөн шиг хэрэгтэй зүйл хүмүүсийн нийгэмд байхгүй. Ардчилсан нийгэмд байх ёстой хамгийн чухал зүйл бол иргэний хөдөлгөөн. Хэдий дээрх “алуурчдаас” болж иргэний нийгмийн хөдөлгөөний нэр хүнд унасан ч жинхэнэ ёсоор нь бий болгож, улс төрийн бус иргэдийн эрх ашгийн төлөө тэмцдэг болмоор байна.

Өчигдөр авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмж байгааг эсэргүүцэж хэдэн жолооч жагслаа. Тэмцэл ийм л байх учиртай юм. Учир нь тэд улстөрчдийн бус иргэдийнхээ төлөө тэмцэж байгаа юм. Иргэдийн төлөөх ийм тэмцлийг хүмүүс үргэлж дэмжинэ. Улс төрийн өнгө аясгүй иргэдийн төлөө л байх юм бол жагсагч, дэмжигчид өдөр бүр нэмэгдэнэ.

Тэр ч утгаараа уг тэмцэл үр дүнгээ ч өгч магадгүй шинжтэй байна. Учир нь Ерөнхий сайд Хотын даргыг дуудаж уулзан энэ шийдвэрээ эргэн харах үүрэг өгөөтөхлөө. Ийм л үр дүн авчрах ёстой юм. Ингээд харахад иргэд улс төрийн төлөө бараг тэмцдэггүй юм байна шүү дээ. Ингээд харахад жирийн иргэд улс төрийн төлөө бараг тэмцдэггүй юм байна. Өөрсдийн эрх ашгийн төлөө, төр засгийн буруу шийдвэрийн эсрэг л тэмцдэг юм байна. Гэхдээ ард түмний эрх ашгийг зөрчсөн шийдвэрт нөлөөлөхийн тулд цахим ертөнцөд юу ч гэж яриад нэмэргүй гэдгийг саяын музейг нураасан явдал харууллаа. Шийдвэрт нөлөөлөхийн тулд дор хаяж өчигдрийн машинтай жагсагчдаас илүү гарсан, бүр цаашлаад талбайг дүүргэж цуглах хэрэгтэй. Ингэж байж л эрх баригчид буулт хийдэг юм байна. Ордон шатааж, дотор нь орж, цагдааг зодож, мөрдсийг нь хурааж, буу мөрлөхгүйгээр тайвнаар зөв зүйлийн төлөө нэгдэн нийлэхэд л үр дүнгээ өгч байна. Ард түмний эрх ашиг хохироосон буруу шийдвэрийг зөв болгох нь л чухал болохоос улс төрийн ямар хүчин төрд гарах нь хамаагүй шахуу юм.

Categories
мэдээ цаг-үе

З.Баянсэлэнгэ: Шударга ёсны төлөө шоронд 48 хоног суугаад гарах юу ч биш ээ


Барилга хот байгуулалтын сайд асан, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гараад байгаа юм.


-Таныг цагдан хоригдож байх хугацаанд дүү тань өөд болсон гэж дуулсан. Эмгэнэл илэрхийлье…

-Хүний амьдралд эмгэнэлтэй, хамгийн том гарз бол хүнээ алдах байдаг. Намайг цагдан хоригдож байх хугацаанд дүү маань зуурдаар өөд боллоо. Би дээрээ нэг ах, эгч хоёртой. Бид ам бүл цөөхүүлээ. Ганц эгч маань дүүгээ шоронд явуулчихаад, хамт амьдардаг том хүүгээ алдчихаар хүний амьдралд ямар л олигтой юм байв гэж. Их л хүнд хэцүү цаг хугацааг миний гэр бүл тууллаа. Дүүгийнхээ ажил явдлын үеэр чөлөө өгөөч гэж шүүхээс хүссэн ч хүсэлтийг маань хангаж өгөөгүй. Аав, ээж хоёр маань бас дараалаад өөд болцгоосон. Хүн зовлон үзээд ирэхээр хат суудаг юм байна. Тэр үүднээс хорих анги дотор чадахаараа маани мэгзим уншиж байлаа. Өнөөдөр 49 хоног нь болж байна. Цаг хугацаа ч хурдан юм.

-Сайд асан З.Баянсэлэнгэ албан тушаалын хэргээр шалгуулж байна гэсэн мэдээлэл гарсаар багагүй хугацаа өнгөрсөн. Хэрэг шүүх дээр хэлэлцэгдэх явцад гэнэт цагдан хоригдсон. Ер нь өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрөв. Та шүүхийн процесст саад учруулахаар юу хийчихсэн юм бэ?

-Намайг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх процессоос эхлээд нийгэмд АТГ-аас андуу ташаа мэдээлэл өгч эхэлсэн. З.Баянсэлэнгэ гэдэг хүн идэж уусан, авлигачин, түрээсийн орон сууцанд хүмүүс оруулаад дундаас нь ашиг хүртсэн юм шиг буруу мэдээлэл их өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг бол гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх ёстой. Гэмт хэргийн дөрвөн бүрэлдэхүүний шинж байхгүй тохиолдолд гэмт хэрэг биш гэж үздэг. Гэтэл миний тухайд гэмт хэргийн шинжүүдийг шууд зохиомлоор гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, бүлэглэж гээд л хамт ажиллаж ирсэн нөхдүүдийг минь надтай шалгаж эхэлсэн. Хохирол гэж гаргаж ирсэн. Засгийн газрын тогтоолоор “Бэрэн” группээс 15 тэрбум төгрөгт 223 айлын орон сууцыг худалдаж ав гэж тогтоол гаргаж, хэрэгжүүлсэн. Хохирлыг гаргасан гурван шинжээчийн хоёр нь үнэлгээний эрхгүй байхад үнэлгээ хийлгэж Засгийн газрын тогтоол буюу худалдан авалтын үнийн дүнгээр орон сууцыг үнэлж байгаа юм. Ингээд зөрүү гаргаж ирээд миний улсад учруулсан хохирол гэж шалгаж эхэлсэн. Энэ бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Гэвч энэ хэрэг гурван шатны шүүхээр ороод төрд ажиллах эрхийг минь хоёр жилээр хасч, торгууль оногдуулсан. Надад хийсэн хэрэг байхгүй, хувьдаа мөнгө төгрөг завшсан зүйл байхгүй учир би хүлээн зөвшөөрөөгүй. Гурван шатны шүүхээр ороод энэ хэрэг прокурорт буцсан. Гэвч манай яамны бичиг цаасан дээр ажилласан хэлтсийн нэг даргыг л шинээр нэмж оруулж ирснээс биш Дээд шүүхээс гаргасан хэрэг дахиж шалгах даалгаврыг хангаагүй.

-Төрийн банкныхны хэрэгт таны хэргийг нэгтгэсэн. Яагаад Төрийн банкны захирлуудын хэрэгт холбогдчихов?

-Би 2016 онд ажлаа өгсөн хүн. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан гэсэн 20 тэрбумын хэрэг буюу Төрийн банкныхны хэрэгтэй миний хэргийг нэгтгэчихсэн. Тэр хэрэг нь өөрөө төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан гэх хэрэг байсан учраас миний хэрэг нууцын зэрэглэлд хамаарчихаж байгаа юм. Тэгэхээр би олон нийтэд өөрийнхөө талаар үнэн зөв мэдээлэл өгөх ямар ч боломжгүй, хаалттай болсон. Ямар ч хамааралгүй хэрэгт нэгтгэснийг би шүүх дээр байнга хэлж байсан. Шүүхээс би хоёр л зүйлийг хүссэн. Гэрч нарыг хангалттай дуудаж оруулж ирээч гэж. Яагаад гэвэл АТГ-аас анх гэрч нарыг байцаахдаа айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлж, тэр хүмүүс хийсэн ажлаа хийгээгүй мэтээр тайлбарлахад хүргэж, түүнийг нь нотлох баримт болгож хавтаст хэрэгт хавсаргасан. Хоёрдугаарт, Төрийн банкныхны хэргээс миний хэргийг тусгаарлаж өгөөч. Миний эрх зүйн байдал дордлоо. З.Баянсэлэнгэ нарын 11 хүний хэрэг гээд би нийгэмд маш том сенсацитай хэрэгтэн болчихсон. Харамсалтай нь Чингэлтэй дүүргийн шүүхээс гэрч нарыг оролцуулах тал дээр ажиллаагүй. Бүр ямар ч гэрчгүйгээр анх удаа хурал хийх гэж үзсэн. Дээрээс нь шүүхээс хууль хэрэглээн дээрээ маш олон процессын алдаа гаргасан. Шүүгч болон нийт шүүхээс татгалзахад “татгалзлыг нийт зургаан шүүгч хэлэлцэх атал шүүх хуралдаан даргалагч татгалзлыг хүлээж авахгүй” гээд алх цохиж байх жишээтэй. Тиймээс өмгөөлөгч маань маргалдсан. “Би үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрхийг хамгаалж чадахгүй нь” гээд намайг өөрөө асуудлаа шийд гэсэн. Нэгэнт асуудал хүндрээд шүүгч ууртай, өмгөөлөгч миний эрх ашгийг хангаж чадахгүй байдалд ороход би гэдэг хүн дунд нь яах билээ. Ингээд өмгөөлөгчөөсөө татгалзахаас өөр аргагүй болсон. Уг нь би гурван жил ганц л өмгөөлөгчтэй явж ирсэн. Тэр өмгөөлөгчөөсөө татгалзах шаардлага надад ерөөсөө байхгүй. Эцсийн дүндээ би өмгөөлөгчөөсөө татгалзсан. Тэгэхэд намайг өмгөөлөгчөөсөө татгалзлаа гэж цагдан хорьсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зааснаар өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг минь маш ноцтой зөрчсөн. Өмгөөлөгчөөсөө татгалзаад өөр өмгөөлөгч авъя гэж хүсэлт гаргасны төлөө шүүх хуралдаанд “саад учрууллаа гэж намайг өмгөөлөх эрхээр чинь хангая, хувийн батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорилоо” гэж алх цохьсон. Ингээд би цагдан хорих 461 дүгээр ангид 48 хоног хоригдоод гарч ирлээ. Болсон процесс ерөөсөө энэ.

-Энэ хэрэг их ээдрээтэй. Засгийн газрын шийдвэр бол кабинетын хамтын шийдвэр. Тэр дундаас хэн нэгэн хариуцлага хүлээх бол бусад нь ч мөн хариуцлагад татагдах учиртай. Та юу гэж боддог вэ?

-Үе, үеийн Засгийн газар Засгийн газрынхаа хууль тогтоомжоор ажилладаг. Засгийн газрын шийдвэр бол хамтын шийдвэр байдаг. Хэрэвзээ Засгийн газар хууль зөрчсөн аливаа шийдвэр гаргах юм бол түүнийг УИХ л хүчингүй болгодог. Өнөөдрийн Засгийн газар ч хамтын шийдвэрээр олонхийн саналаар асуудлаа шийдээд явж байгаа. Гэтэл намайг олонхоороо шийдвэрлэсэн, ялангуяа 19 сайдын 16 нь 100 хувийн саналаар дэмжсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснийх нь төлөө тэр 16 сайдын оролцоог харахгүйгээр зөвхөн салбар хариуцсан сайд гэдгээр шалгаж буруутгасан. Хэзээ ч өмнө нь ийм практик байгаагүй. Надаас цааш маш олон хүнийг ийм байдлаар шүд сугалж шалгадаг хонгил үүсэх эрсдэлтэй болчихлоо. Энэ бол маш аюултай. Аливаа үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх юм бол эхэлсэн болон дууссан цаг хугацаа гэж байдаг. Миний хэргийг цаг хугацаагаар нь аваад гэмт хэрэг гэж үзээд байгаа хүмүүст ойлгогдохоор удаа дараа тайлбарласан. Би Сангийн яам, ТОСК, Барилгын яамныхаа мэргэжилтнүүд оролцож хийсэн 223 айлын түрээсийн орон сууцны төслийг Засгийн газарт танилцуулснаараа бурууддаг юм байж. Төсөл танилцуулагдаад Засгийн газрын хуралдаанд яаж ч өөрчлөгдөж болно. Тэр бол Засгийн газрын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Гэтэл Засгийн газрын тогтоолыг гаргуулсан, батлуулсан, хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй зүйлийг оруулж ирсэн гэж намайг буруутгасан. Би батлуулна, гаргуулна гэдэг 16 сайдад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж таарна биз дээ. Тийм учраас би тэр нөлөөллийг шалгуулж батлуулъя гэсэн. Түүнээс гадна би Засгийн газарт төсөл танилцуулснаараа хэргийн хугацаа эхэлсэн юм байж. Тэгвэл хэзээ дууссан бэ гэвэл 2016 оны шинэ УИХ 15 тэрбумыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаярын үед улсын төсөвт тусгасан байдаг. Тэгвэл түүгээр дуусгавар болно. Шинэ хуучин Засгийн газар орох нь байна. Бас дээр нь намайг тендер зарлаагүй гээд байгаа. Тендерийн хуулиар төсөвтэйгөө хэлэлцээд төсвөөрөө орж байгаад тухайн жилдээ ямар бараа ажил үйлчилгээг худалдаж авсныг тооцоолж яам, яаман дээрээ, эсвэл Худалдан авах ажиллагааны газар дээрээ тендер зарлаад явдаг. Түрээсийн орон сууц бол онцгой тохиолдол байсан. Улсын төсөвт тусгаагүй ажил байсан. Шууд худалдан авалт бол үе үеийн Засгийн газрын хийж л байсан ажил. Хэрэв тэр тогтоол гарчихсан байхад би тендер зарлавал “Бэрэн” компани намайг шүүхдэхгүй юу. Засгийн газрын тогтоол биелүүлээгүй гэж заргалдана биз дээ. Тэгээд ч төслийн санхүүжилт болох 15 тэрбум төгрөгийг өмнө нь Сангийн сайд Д.Болорын үед вексэлээр баталгаажуулж өгсөн байдаг. Түүнд би оролцохгүй шүү дээ. Тийм байхад л намайг хөрөнгө мөнгө захиран зарцуулж улсад хохирол учруулсан гээд байгаа нь ямар нэгэн ашиг сонирхол байгаа гэхээс аргагүй. Ийм утгагүй, хууль зүйн үндэслэлгүй зүйл болоод байсан учраас үнэн зөв, хар цагаан нь ялгараад олдоно гэж дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж шүүх хуулийн байгууллагын хаалгыг татаж явна.

Аавын хүүхдүүд алагтай цоогтой. Мэдээж энэ олон дунд шударга сайн хуульчид байгаа гэдэг итгэл найдвар минь хараахан бөхчихөөгүй байгаа. Миний 48 хоног суугаад гараад ирэх явдал бол үүний дэргэд юу ч биш. Миний хийсэн ажил бол хууль эрхийнээ хүрээнд танилцуулах ёстой зүйлээ Засгийн газарт танилцуулсан. Өөрөөр надад хийсэн хэрэг байхгүй. Би өнөөдөр ч энэ ажлыг хийсэндээ харамсдаггүй. Хэн нэгэн Засгийн газар, сайд дангаараа буруудах ёсгүй. Өнөөдөр түрээсийн орон сууцанд орсон хүмүүс түрээсээ төлөөд, тэр нь төсөвт орж эдийн засгийн эргэлтэд орж цалин тэтгэвэр тэтгэмж болж байгаа. Түүнээс биш З.Баянсэлэнгэ хувьдаа 223 айлын орон сууцнаас байр аваагүй, ашиг хүртээгүй. Үнэн гэж байдаг бол энэ үнэний цаад талд гарах юмсан гэж хичээж явна. 48 хоног саатуулагдах бол бие, сэтгэл санааны л асуудал. Хамгийн гол юм бол нэр хүнд. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Би УИХ-д орж, Байнгын хорооны дарга, Монгол төрийн сайд байсан хүнийхээ хувьд энэ албан тушаалуудаа нэр төртэйгөөр хашиж байсан гэж үздэг.

-Шүүх дээр Төрийн банкны захирлуудын хэргээс таны хэргийг тусгаарлахаар болсон. Одоо таны хэрэг ямар шатанд явна?

-Арваннэгдүгээр сарын 28-нд шүүх хурал болоход Баярсайхан нарт холбогдох хэргийн оролцогчид, өмгөөлөгчид нь ч тэр, миний зүгээс ч тэр энэ хэргийг тусгаарлаж өгөөч гэж анхнаасаа хэлж, ярьж байсан. Шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг хангаж миний хэргийг тусгаарлаж Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүллээ. Би Сонгинохайрхан дүүргийн шүүхийн захирамжаар хувийн батлан даалтад гарч ирээд байна. Тэнд хуулийнхаа хүрээнд шийдэгдэх байх. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний хэргийг шийдвэрлэж байсан учраас асуудалд бодитойгоор хандана гэж итгэж байгаа.

-Хорих ангийн нөхцөл байдлыг хамгийн сүүлд С.Зориг агсны эхнэр Б.Булганы хоригдож байснаар төсөөлөгддөг. Та уг нь УИХ-д байхдаа хорих ангиудаар явж байсан. Хоригдоод ирэхээр ямар нөхцөл байдалтай угтах юм?

-Анх цагдан хорих шийдвэр сонсоод цочирдсон. Хоригдоно ч гэж бодоогүй. Ард маань насанд хүрээгүй охин маань ганцаараа, хийхээр төлөвлөсөн ажлууд зөндөө байдаг. Эмэгтэй хүн, эх хүнийхээ хувьд гэнэт тийм явдалд ар гэртээ их санаа зовдог юм билээ. 461 дүгээр ангид нэг эмэгтэйтэй хамт нэг камерт байсан. Тэнд 40 гаруй эмэгтэй хоригдож байсан. Тэр эмэгтэйчүүд, албан хаагчдын зүгээс хоригдсон хамгийн анхны улстөрч эмэгтэй та байлаа гэж байсан. Би өмнө нь Байнгын хорооны дарга байхдаа 461 дүгээр ангийн албан хаагчдын нийгмийн хангамж, хөдөлмөрлөх нөхцөл байдал, хоригдогсдын эрүүл мэнд, хоол ундтай холбоотой асуудлаар явж ажилладаг байсан. Хүүхдийн хорих ангиудаар ч тэр. Ажил үүрэгтэй нь танилцах, дотор нь амьдрах хоёр тэс өөр юм билээ. Төмөр сараалжин камер дотор бүх үйлдэл нь хяналттай. 24 цагийн камерын дор, харуулын нүдэн дээр бие засаад сууж байна гэдэг тийм ч амар зүйл биш. Хоол ундны асуудал ч байсан. Дотор махан хоолтой. Хоригдохоос өмнөхөн ходоод маань өвдөөд дуран хийлгээд байсан юм. Тиймээс шарх маань сэдэрчих вий гэж эмээн эмчилгээний хоол идэж байсан. Боломжийн сайхан хоол унд идэж байсан. Гэхдээ л хоригдогсдын хоол унд гэхээр хэнд л олиг байв гэж.

-Тэнд юу хийж байв?

-Аль болох өөрийгөө стресстүүлэхгүйгээр, өвдөөд улам дордоод гараад ирэхгүйн тулд ном уншсан. Бүр ядаргаанд ортлоо уншсан. Би яахав цоожтой хаалганы ард байгаа хүн. Хамгийн гол нь хайртай бүхэн маань гадна миний төлөө шаналж байгаа. Хамтран зүтгэгчид маань ч зовж байсан. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, хоригдогсод ганц л зүйлийг ярьдаг. Тэндээс гарч ирээд олон нийтэд ярина гэж тэдэнд амласан. Тэд шударга нийгмийг хүсдэг. “Гэмт хэрэг хийсэн нь бидний буруу. Ялаа эдлээд гарахад яаж нийгэмших вэ. Ял эдэлж байсан гээд ажлын байр олдох уу, нийгэмд чөлөөтэй амьдрах боломж байна уу” гэж асуудаг байсан. Тэр битгий хэл, эмэгтэйчүүдийн хориход 10 гаруй жил суугаад гарсан эмэгтэй буцаад хорих анги дээр очиж байсан гэнэ. “Би наранд амьдарч чадахгүй нь. Би эндээ байя” гэж очсон байх жишээтэй. Тэд бас “Шударга бус нийгэмд шударга бус хариуцлагын тогтолцоо байна. ЖДҮ, 60 тэрбум гээд дээгүүрээ идэж уугаад л сууж байна. 80 мянган төгрөгийн хулгай хийгээд дөрвөн жилийн ял авч байна. Энэ хоёрын хооронд үнэн гэж байна уу. Ийм нийгмийн та өөрчилж өгөөрэй, тэмцээрэй” гэж намайг хурцалж зоригжуулж байсан. Энэ хугацаанд би маш их зүйлийг бодлоо. Асар их зүйлийг ойлгож, хүний мөс чанарыг таньж, хэн нь найз нөхөд, хэн нь дайсан бэ гэдгийг таньж ялгаж салгаж хар бараан нийгэмд яаж амьдрах тухай ч маш их эргэцүүлсэн. Хамгийн гол нь олуулаа байж шударга бус нийгмийг өөрчлөх ёстой гэдгийг бодож тунгааж эргэцүүлж байлаа.

-Ар гэрийнхэн хэр байж вэ. Хүү, охин хоёр л таныг хүлээж байв уу?

-Хүү маань намайг хоригдохоос өмнө гэр бүлээрээ Бельгид амьдрахаар явсан. Охинтойгоо хоёулаа байсан. Би гэр бүлийнхээ хүнээс тусдаа амьдардаг болоод удаж байна. Хүний нүдэн дээр сайхан амьдарч байгаа юм шиг дүр эсгэж явах нь хэн хэндээ хортой учир тусдаа амьдархаар шийдсэн. Охиндоо л их санаа зовж байлаа. Харин найзууд нь их сэтгэлийн дэм өгч байж. Миний хүүхдүүд намайг ямар хүн гэдгийг мэддэг. Тийм ч учраас миний ээж зоригтой байгаарай гэдэг байсан. Өмнө нь бас шударга ёсны төлөө тэмцэж яваад 14 хоног баривчлагдаж байлаа, зургаан хоног хуурай өлсгөлөн зарлаж байсан. Миний үзэх ёстой юм нэгээр нэмэгдэж, үзэх ёстой юмаа үзээд гарч ирлээ гэж бодож байлаа.

-Өмнөх парламентын үед эмэгтэй гишүүд хамгийн их коллективтой байсан. Тэднээс эргэж очсон уу?

-Би эмэгтэй гишүүдтэйгээ байнгын холбоотой байдаг. Бие биеийнхээ зовлон жаргалыг хуваалцаад өдийг хүртэл явж байгаа. Намайг хоригдсон хугацанд тэд маань санаа тавьж мөнгө төгрөг цуглуулж миний дансанд хийж байсан. Тийм учраас эмэгтэй гишүүддээ маш их баярлаж байгаа.

-Н.Энхбаяр дарга эргэж, тусалсан уу?

-Н.Энхбаяр дарга бол энэ зовлонг биеэрээ туулсан, хэлмэгдлийг мах цусаараа мэдэрсэн хүний хувьд намайг хоригдоход их эмзэг хүнд туссан гэж сонссон. Сүүлд намайг эргэж ирсэн. Эргэлт ирлээ гээд гарахад Н.Энхбаяр дарга зогсож байхад баярлах ч шиг, гайхах ч шиг болсон. Хамгийн гол нь намайг эргэж очоод биеийн байдлыг маань харж, урмын сайхан үг хайрлаад явсан. Би маш их баярласан.

-Та одоо юу хийж байна. Өмнө гэр хорооллын З.Баянсэлэнгэ гишүүн гэгдэж байсан. Байр сууцаа өөрчилсөн үү?

-Би чинь энгийн хүн, эгэл жирийн ардын дундаас аз түшсэн сайхан хувь тавилангаар УИХ-ын гишүүн болсон. Ард түмнийхээ дундаас гарсан учраас амьдралд илүү ойрхон зүйлийг ярьдаг байсан нь хүмүүст таалагддаг байсныг үгүйсгэхгүй. Хүн их сонин амьтан. Насаараа эцэг эхтэйгээ амьдрах юм шиг, ялангуяа хүнд өвчтэй аавтай мөртлөө, өндөр настай ээжтэй мөртлөө тэдэнтэйгээ хамт амьдрахаар сайхан байшин барьж орсон. Гэтэл зовлон хэлж ирэх биш, өвчтэй байсан аав маань өөд болсон. Хүүхдүүд сургууль соёл, цэрэг гээд явахаар тэр байшин маань бидэнд дэндүү томдоод ирсэн. Тиймээс ээжийгээ хүнд өвчтэй байхад хотын төв бараадсан. Одоо Хан-Уул дүүрэгт амьдарч байна даа.

Ажлын хувьд 2016 оны сонгуулиас хойш боловсролдоо нэлээд анхаарч ирсэн. Эрдмийн их сургуулийн докторант болсон. Судалгааны ажлаа хийж байгаа. Уг нь өнгөрсөн сард сэдвээ хамгаалах байсан ч тийм боломж олдсонгүй. Энэ ажлаа үргэлжлүүлнэ. Би МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн. СХД-ийн Түмтийн даргаар ажиллаж байгаа. МАХН-аас гаргасан “Өрх бүрт орон сууц” хөтөлбөртэй холбоотойгоор бас нэлээд том ажлуудыг эхлүүлээд байсан. Цагдан хоригдоод энэ ажил маань ч гацсан. Ирэх даваа гаригаас /өнөөдөр/ ажилдаа орно доо.

-Таны ярьснаар З.Баянсэлэнгэ гэдэг хүний тэмцэл үргэлжлэх нь ээ гэж ойлголоо. Зөв үү?

-Би үнэний төлөө явж байгаа. Үнэний араас явж байгаа хүний хувьд хэзээ нэгэн цагт үнэн байдаг юм байна гэдгийг мэдрэх байх гэж бодож байна. Нийгэмд шударга ёс тогтож хариуцлагагүй тогтолцоо арилах байх гэж найдаж байгаа. Ард түмэн сайн сайхан амьдраасай. Эцсийн дүндээ бид нарын тэмцэл, зорьж байгаа ажлуудын цаана Монгол Улсын иргэн хожих үүд хаалгыг нээж өгөхийн тулд явж байгаа учраас энэ ажлаа хэзээ ч зогсохгүй, үргэлжүүлнэ. Эрч хүчээ алдахгүй тэмцсээр байх болно гэдгийг хэлмээр байна.

Танай сониноор дамжуулж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт хандаж хэлэхэд танай Засгийн газар Засгийн газрынхаа хууль толгтоомжоор ажиллаж байгаа. Та бас миний шалгагдаж байгаа хэргийг мэдэж байгаа. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсний төлөө шалгагдаж байгаа учраас ийм зүйлийн хажууд шударга үнэн гэж байдаг бол ийм зүйлийг дараа дараагийн таны кабинетын сайд нарт учирч болзошгүй нөхцөл байдлыг та анхаараарай. Би биш юм гэхэд өөр хэн нэгэнд тохиолдож болох том хаалга нээгдэж байгаа учраас энэ үүд хаалгыг З.Баянсэлэнгэ гэж харахгүйгээр шударга зүйлийг таслан зогсоож чих тавиарай гэж хэлмээр байна. Ярилцлагын төгсгөлд намайг гэж сэтгэл тавьсан, миний төлөө асууж сурагласан, надтай хамт байсан хайртай дотны хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

П.БОЛОРМАА: Гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 2100 эмзэг цэгт “Хүүхэд хамгаалагч” ахмад ажилтнууд ажиллаж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаатай “Хүүхэд хамгаалагч” төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.


-Хүүхэд хамгаалагч” төсөл хэзээнээс эхлээд туршилтаар явж байгаа вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас санаачилсан “Хүүхэд хамгаалагч” төслийг МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжиж, ХНХ-ын сайдын 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн А/116 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг 2019 онд хэрэгжүүлэхээр батлагдсан. Энэхүү төсөл нь хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийг аливаа эрсдэлээс хамгаалах зорилготой юм. “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг нийслэлийн 152 хороонд тус бүр нэг хүүхэд хамгаалагч, 21 аймагт тус бүр хоёр хүүхэд хамгаалагч, улсын хэмжээнд нийтдээ 194 Хүүхэд хамгаалагч ажиллуулж,Хүүхэд хамгаалагч тус бүр сайн дурын 10 ажилтантай хамтарч ажиллах үүрэгтэйгээр ажиллаж байна.

-Хүүхэд хамгаалагч”-аар ямар хүмүүсийг сонгон ажиллуулж байгаа вэ?

-Уг төсөлд ахмад настны тухай хуульд заасан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан аймаг, дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон боловсролын байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан сайн дураар ажиллах хүсэлт гаргасан 65 хүртэлх насны ахмад настнуудыг хүүхэд хамгаалагчаар сонгосон. Сонгогдсон ахмадуудтай цагдаагийн байгууллага, ГБХЗГ, ХХҮХ дөрвөн талын гэрээг энэ оны тавдугаар сарын 01-ээс эхлэн байгуулан ажиллаж байна.

-Хүүхэд хамгаалагч” нар ямар байршлуудад ажиллаж, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа вэ?

-Улсын хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 2100 эмзэг цэгийн судалгааг гаргаж, “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн ажиллах цаг, эмзэг цэгт ажиллах чиглэлийг хороо, баг тус бүрээр нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан гаргасан. Хүүхэд хамгаалагч нар маань хороо, баг хариуцсан хэсгийн байцаагч, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын удирдлагад ажиллах чиглэлтэй. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас нийт 154 дунд сургуулийн 23200 сурагч, 10900 эцэг эх, 2400 багш, ажилчдад энэ чиглэлийн зөвлөмж мэдээлэл хүргүүлжээ.

Хүүхэд хамгаалагчид давхардсан тоогоор 550 чиглэлд ажлын өдөр тогтмол хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд шууд эрсдэж болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

-Цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгааллын жилд зориулан хэд хэдэн аян хийсэн санагдаж байна?

2019 оныг “Хүүхэд хамгаалал”-ын жил болгон зарласантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөв тусгал” хөдөлгөөнийг улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс нэг сарын хугацаатай зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд Дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж, 800 гаруй иргэнийг хамруулсан, “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” зөвлөгөөнийг зохион байгуулж 60 сэтгүүлчийг хамруулсан.

Зөвлөгөөнөөр хүүхэд хамгааллын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлаар эерэг, нөлөөллийн шинж чанартай мэдээ, мэдээлэл бэлтгэн нийгэмд хүргэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгийг авах хэрэгцээ шаардлага байгааг хэлэлцсэн. Цагдаагийн газар, хэлстүүдээс хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд зөв үлгэр дуурайл өгөх талаар эцэг эхийн төлөөлөлтэй 36 удаагийн уулзалт зохион байгуулж, 38 цагийн мэдээлэл хийж, үүн дундаа Хүүхэд хамгаалагч эргүүлийн үйл ажиллагааг танилцуулж ажилласан. Мөн цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсэн.

-Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжсэнээр ямар бодит эрсдэлүүдийг зогсоож байсан бэ?

-Хүүхэд хамгаалагч”-ын эргүүлээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхдийн мэдээллийг хамтарсан багт мэдээлж, төөрсөн 19 хүүхэд, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэж аав, ээж асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан РС тоглоомын газар, гудамжинд архидан согтуурсан зэрэг зөрчлийн 28 дуудлага мэдээллийг илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдээлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан гэх мэт 106 зөрчлийг таслан зогсоосон байдаг.

Түүнчлэн “Хүүхэд хамгаалагч” ахмад ажилтнуудаас хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан зарим тохиолдлыг дурдвал Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хүүхэд хамгаалагч Ү.Орхон 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа дөрвөн давхрын цонхоор унах гэж байсан дөрвөн настай О-ийн амь насыг аварч, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэж өгч, цаашид хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр биечлэн зөвлөгөө өгч ажилласан.

Мөн Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар, ДЗОУБ , Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хүүхдийн хүмүүжил”,”Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд”, “Хүүхэд хамгааллын хууль” сэдэвт сургалтад хүүхэд хамгаалагч ажилтнуудаа хамруулж, сургуулийн орчимд сурагч багштай маргаан үүсгэсэн гэх зөрчлийг хү-лээн авч шалгаж, албан шаардлага хүргүүлж, зөрчил гаргасан багшид сургуулийн захиргаанаас “Сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

-Хүүхэд хамгаалагч” төсөл ирэх жил үргэлжлэх үү?

Цаашид уг төслийг 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн санал, төсөв зардлын төслийг ХНХЯ-нд хүргүүлж танилцуулан, шийдвэрлүүлэх зорилготой байна. Хүүхдийн аюулгүй байдал, аливаа эрсдэлт хүчин зүйлээс хамгаалж буй бодит үр дүнтэй төсөл болсон талаар эцэг, эхчүүд, сургуулийн захиргаа, холбогдох байгууллагаас саналаа тогтмол ирүүлж байгаа.

Б.НЯМ

Categories
мэдээ цаг-үе

Хиймэл оюун ухаан дэлхийг хэрхэн өөрчлөх вэ

Бидний хайрлан дээдэлдэг соёл иргэншлийн бүх зүйл бол оюун ухааны бүтээмж билээ. Иймээс хүний оюун ухааныг хиймэл оюун ухаанаар баяжуулах нь технологийн дэвшлийг авчирч, энэ хэрээр соёл иргэншил урьд өмнө байгаагүйгээр цэцэглэн хөгжих юм.

“Future of Life” хүрээлэнгийн ерөнхийлөгч Макс Тегмарк

Хүний сэтгэхүй, оюун ухааныг компьютерийн программаар дуурайлган бүтээж, хүнтэй ижил түвшинд аваачин хөгжүүлэхийг хиймэл оюун ухаан буюу Artificial Intel­ligence /AI/ гэдэг. Математикч Алан Тюрин “Машинууд бодож чадах уу?” гэсэн энгийн асуултыг хүн төрөлхтний өмнө дэвшүүлэн тавьснаар дэлхийн хөгжлийг хурдасгаж, түүхийг өөрчилсөн гэдэг. 1950 онд Тюриний хийсэн “Тооцоолох машин ба оюун ухаан” бүтээл болон судалгаанууд нь хиймэл оюун ухааны үндсийг тавьжээ. Хиймэл оюун ухаан нь өөрийгөө хөгжүүлдэг программ хангамжийн төгс хувилбар бөгөөд ирээдүйд хүний сэтгэхүйгээс ч давж гарах нь тодорхой болчихоод байгаа билээ.

Хиймэл оюун ухаан гэхээр хамгийн түрүүнд робот санаанд тань орж байгаа байх. Шинжлэх ухааны уран зөгнөл бидэнд хиймэл оюун ухааныг хүн шиг бүтэцтэй төгс роботоор дүрсэлдэг боловч энэ нь Google-ийн хайлтаас авахуулаад цөмийн зэвсэг хүртэлх зүйлсийг багтаасан нэлээд өргөн хэмжээний шинжлэх ухаан юм. Яг өнөөдрийн байдлаар бол хиймэл оюун ухааныг хүний царай таних, хайлт хийх, тэгшитгэлийн хариуг олох, машин жолоодох гэх мэт жижиг даалгавруудыг гүйцэтгэхэд ашиглаж байгаа ч судлаачид яваандаа ерөнхий хиймэл оюун ухаан болгон хөгжүүлэх зорилготой. Ерөнхий хиймэл оюун ухаан гэж нэрлээд байгаа энэхүү салбарыг бүрэн хөгжүүлж чадвал танин мэдэхүйн бүх ажилд хүнээс илүү сэтгэж, илүү хөгжинө гэсэн үг.

Хэрвээ хүнээс илүү ухаантай “зүйл” бий болбол дайн дажин, өвчин зовлон, ядуурал үгүй болж, дэлхийд энх тайван тогтоно хэмээн хөгжүүлэгч, судлаачдын нэг хэсэг үздэг бол нөгөө хэсэг нь хэрвээ энэ хүчирхэг зүйлээ хүн төрөлхтний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн, хязгаартайгаар ашиглаж, сайтар хянаж удирдахгүй бол энэ судалгаа бидний хамгийн сүүлийн ажил байх болно гэж болгоомжилдог юм билээ. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд хиймэл оюун ухааныг хүнээс илүү ухаантай болгож хөгжүүлбэл эргээд өөрсдөө удирдаж чадахгүйд хүрнэ гэсэн айдас бөгөөд хүчтэй хиймэл оюуныг бий болгохын оронд хэт мэдрэг хиймэл оюуныг хөгжүүлэх нь арай эрсдэл багатай, удирдаж ажиллуулахад ч хялбар хэмээн мэтгэлцсээр байна.

Ихэнх судлаачид хэт хөгжсөн, өөрөөр хэлбэл хүнээс давсан хиймэл оюун ухааныг хүний байгалиас заяасан мэдрэмжүүд болох хайр, энэрэл, үзэн ядалт, гэх мэт сэтгэл хөдлөлийг үзүүлэх чадваргүй байх болно гэж үздэг. Мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг хүн төрөлхтөнд хэрхэн хор учруулж болохыг авч үзээд хамгийн их магадлалтай хоёр хувилбар дээр санал нэгджээ.

Эдгээр нь нэгдүгээрт, хиймэл оюун ухаан нь ямар нэг хор хөнөөлтэй зүйл хийхээр программчлагдах, хоёрдугаарт, сайн сайхан зүйл хийхээр программчлагдах. Эхний хувилбарын хамгийн сайн жишээ бол автомат зэвсэг. Хэрвээ алан хядагчдын гарт эдгээр автомат болон цөмийн зэвсгүүд орчихвол кинон дээр гардаг шиг аймшигтай зүйлс дэлхийд болох нь тодорхой. Ухаалаг зэвсгүүд нь мэдээж маш өндөр нууцлалтай, дайснаасаа хамгаалагдсан байх тул унтраах товчийг олоход хэцүү байх болно. Тиймээс маш олон хүний амь нас эрсдэх аюултай, ер нь юу болохыг хэн ч төсөөлж чадахгүй. Харин хоёрдугаар хувилбар уг нь сайхан сонсогдож байгаа боловч бас л сөрөг талтай, маш өндөр эрсдэлтэй гэнэ. Учир нь комманд авсан “зүйл” маань даалгавраа амжилттай биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэнэ. Жишээ нь, та нисэх онгоцны буудал руу хамгийн хурднаараа хүргэж өг гэдэг даалгаврыг жолоочгүй машиндаа өглөө гэхэд замдаа таарсан юуг ч дайраад л өнгөрч магадгүй. Тэдэнд эзний өгсөн даалгаврыг л биелүүлэх нь чухал болохоос замд ямар машинтай мөргөлдөх, донслох, түгжрэл үүсгэх энэ тэр бол ер хамаагүй шүү дээ. Мөн дээрээс нь хэт ухаалаг машинууд байгаль экологид ямар их хор нөлөө үзүүлэхийг төсөөлөхөөр хүний амь нас ярих нь наад захын асуудал болж байна.

Гэхдээ ийм айдсаас болж энэ гайхалтай нээлтийг үгүйсгэж, соёл иргэншлийн тэсрэлтээс ухарна гэдэг харин ч ухаангүй үйлдэл гэж үзэх хүмүүс байна. Үүнийг энгийнээр зүйрлэвэл усан цахилгаан станцын ногоон төсөл хариуцаж байгаа хүн шоргоолжнуудыг живэхээс айгаад төслөө цуцалж байна гэсэн үг юм. Хиймэл оюун ухаан нь ямар ч хүнээс илүү болох чадвартай тул хэрхэн зөв ажиллахаа одоохондоо бүрэн гүйцэд мэдчихсэн юмгүй, гэсэн хэдий ч өөрсдийн эрх ашигт нийцсэн л зүйл бүтээх нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн туйлын зорилго нь. Хүмүүс бид дэлхийг захирч байна. Бид хамгийн хүчтэй, хамгийн том нь биш ч хамгийн ухаантай амьтад. Гэтэл өөрсдийн ухаанаас илүүг бүтээчихвэл цаашид хэрхэх талаар бүдэг бадаг л ойлголттой амьдарч байгаа гэхэд болно. Санаатай, санамсаргүй янз бүрийн л аргаар хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд заналхийлэх нь дамжиггүй. Гэвч хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны хөгжилд саад болохгүй, харин үүнийг эрсдэлгүй удирдаж сурахуйд л анхаарах нь гол ажил болоод байгаа юм.

Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр дэлхийд өөр юу юу болох вэ, хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх юм бэ гэдэг дээр дахиад жаахан ярилцъя. Ямартаа ч технологи тултал хөгжиж, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь хиймэл оюун ухаанаар удирдана гэж байгаа. Шинэ нээлтүүдийг бүгдийг нь “тэр зүйл” хийж, соёл иргэншлийг бүтээж, түүхийг бичих болно. Хэдэн мянган, магадгүй хэдэн зууны дараа хүмүүс хүссэн зүйлээ ганцхан товч дараад л хэвлэж авдаг болно гээд байгаа. Унахыг хүссэн машинаа, идэхийг хүссэн хоолоо магадгүй байгалийг, хүнийг ч хэвлээд хажуудаа бүтээчих нь байна. Аж үйлдвэржилт үгүй болж, хүнд хийх юм бараг л үлдэхгүй. Эртний нийгэмд нээлт хийсэн, гайхалтай бүтээл туурвисан хүмүүсийг сод ухаантнууд, гоц авьяастнууд гэж нэрлэдэг байсан бол шинэ нийгэмд хиймэл оюун ухаан хөгжүүлдэг болон судалдаг хүмүүс, шинжлэх ухааны ажилчид нийгмийн хамгийн дээд давхаргад заларч, ерөнхийдөө тэд дэлхийг захирна гэсэн үг. Хүмүүсийн цөөн хэдэн хувь нь AI (хиймэл оюун ухааны) салбарт ажиллан, харин одоогийн бидний хийдэг ажлууд түрэгдэн алга болно. Үйлдвэржилт байхгүй болчихоор хүнд хийх юм олдохгүй. Гэхдээ барилга, уул уурхайн салбар төдийлөн өөрчлөгдөхгүй. Роботууд барилга барьж, уурхайд өрөмдлөг хийхгүй ч инженерчлэл хийнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр хүний мэдрэмжинд тулгуурласан мэргэжил, урлагийн салбар улам цэцэглэн хөгжих нигууртай. Сайхан дуу сонсож, сайхан ном уншиж, дуурь үзэж, галерейгээр зочлох нь техник технологийн цахим эринд амьдарч буй хүмүүст хамгийн хэрэгтэй эм болох нь дамжиггүй. Нэг төрлийн амсхийлт болох тул энэ төрлийн мэргэжлүүд тийм ч хурдан алга болчихгүй гэнэлээ. Ер нь ч бодоод үзэхэд хүмүүс бид байгалийн зөнг сэргээдэг, хүнийг хүнээр нь байлгадаг урлагаас ангид орших гэдэг хэцүү.

Цаашлаад хүн төрөлхтний үржил ч багасч, дэлхийн хүн ам цөөрнө гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлж буй.

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Сониноос бусад нь сантай боллоо​” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Улсын төсвийн хөрөнгөөр
гүйцэтгэж буй геологийн
судалгааны ажлын чанар
ба үр дүн” хэлэлцүүлэг
өчигдөр ШУТИС-ийн Номын
санд боллоо. Хэлэлцүүлгийн үеэр
УУХҮЯ-ны Геологийн,
уул уурхайн бодлогын
хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга
Б.Мөнхтөрөөс зарим
зүйлийг тодруулсан юм. Сурвалжлагыг нэг, дөрөвдүгээр нүүрнээс уншаарай.

МАН-ын бүлгийн
Удирдах зөвлөл өчигдөр
хуралдаж сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулах саналыг хэлэлцэн дэмжсэн юм. Хуралдааны тухай нэг, хоёрдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой хийсэн ярилцлагыг нэг, тавдугаар нүүрэнд нийтэллээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд “Сониноос бусад нь
сантай боллоо” нийтлэл хэвлэгдлээ.

Өсвөр насны охидод
бэлгийн дарамт үзүүлсэн гэх хөлбөмбөгийн шигшээ багийн менежер Б.Учралсайханыг
ажлаас нь чөлөөлжээ. Энэ тухай Баримт, үзэл явдлын зургадугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

“Босоо хөх Монгол” төрийн
бус байгууллагын тэргүүн
Г.Ганхуягтай хийсэн ярилцлагыг долдугаар нүүрэнд нийтэллээ. Тэрээр “УИХ-ын даргын өрөөний
үүдэн дээр Д.Дашийн халааснаас
тактикал тонгоргийг хурааж авсан” хэмээжээ.

Германы “Grun gold” хамтлагийн бүжигчин Н.Онондарьтай ярилцлаа. Тэрбээр сүүлийн хоёр жил
хамтлагтаа бүжиглэн,
ДАШТ-ий аварга болсон
билээ. Ярилцлагыг 13 дугаар нүүрэнд нийтэллээ.

“Танин мэдэхүй”-н буланд хорт хавдрыг устгах CAR-T вирусын тухай товчхон бэлтгэн уншигчдадаа хүргэлээ. Мөн тус нүүрнээс “Эмч” буланг уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Унгар улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Пакси Томашич, Унгарт суралцуулах тэтгэлгийн хорооны хэлтсийн дарга Габор Добос нартай уулзлаа.

Монгол Улс Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохионо. Уулзалтын эхэнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, манай хоёр улс өнгөрсөн хугацаанд ах дүүсийн харилцаатай, ялангуяа соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт нягт үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлоод 2018-2021 онуудад боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөр байгуулж жил бүр 200 монгол оюутан Унгарын Засгийн газар тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр монгол оюутнууд Унгар улсад хэрхэн суралцаж байгаа талаар мэдээлэл солилцсон юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Унгарын засгийн газраас олгосон оюутан суралцуулах квотыг бүрэн ашиглах тал дээр анхаарч, тэнцсэн хүүхдүүддээ хичээн суралцахыг захиж, чанартай боловсрол олж авахад нь тусалж байна.

Унгар Улсад суралцах хүсэлтэй оюутан залуусын тоо нэмэгдэх болсон. Тиймээс ирэх онд тохиох Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал уламжиллаа. Энэ асуудлыг дэмжиж, нааштайгаар шийдвэрлэхээ Унгарын тал илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Дипломат болон Консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахад дэмжихээ илэрхийлэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулж, өнөөдөр /2019.12.16/ Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзалт хийлээ.


Эхэнд нь, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан 2019 он дуусахад цөөхөн хэдхэн хоног үлдсэн энэ үед Улсын Их Хурлаас болон тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн тодорхой ажлын талаар мэдээлэл хүргэх зорилгоор уулзалтад урьсныг тэмдэглэв.

Тэрбээр дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарт Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын хяналтад орсонтой холбогдуулан хийж байгаа ажлын талаар болон Монгол Улсын үндсэн хуульд оруусан нэмэлт, өөрчлөлт, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын талаар мэдээлэл өгөв.

Мөн Улсын Их Хурлаар соёрхон баталж байгаа харилцааны хэлэлцээр, зээлийн хэлэлцээр, хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Мэдээлэл өгснийхөө дараа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын саналыг сонсож, харилцан санал солилцох энэ үеэрээ гаргасан саналын дагуу Байнгын хороо болон Улсын Их Хурал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсыг Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарахад дэмжиж ажиллана хэмээн саналаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар тодруулж, асуув.

Тухайлбал, шүүхийн хариуцлагын зөвлөл, байгалийн баялаг ашиглахтай холбоотой заалтын талаар сонирхосноос гадна Улсын Их Хурлын ирэх оны сонгуулийг ямар тогтолцоогоор хийхээр хуулийн төсөлд тусгаж байгаа зэрэг чиглэлээр асууж, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хариулт өглөө.