Categories
мэдээ нийгэм

29-ны ням гаригт урд хилийн боомтууд амарна

Image result for Боомтууд

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр 12 дугаар сарын 29-нд болно. “Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь ням гарагт таарч байгаа ч хоёр улсын хэлэлцээрийн дагуу БНХАУ-тай хиллэдэг хилийн авто замын боомтууд бүгд амрах юм байна. Харин хоёр улсын хооронд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц цагийн хуваарийн дагуу зорчино. Харин хойд хилийн боомтын хуваарь одоогоор тодорхойгүй байгаа аж.

БНХАУ-тай хиллэдэг дараах авто замын 12 боомт ирэх ням гарагт амарна.

  1. Замын-Үүд
  2. Гашуунсухайт
  3. Булган
  4. Байтаг
  5. Хавирга
  6. Бичигт
  7. Шивээхүрэн
  8. Ханги
  9. Бургастай
  10. Даян
  11. Баянхошуу
  12. Сүмбэр
Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэр гранпри шагналын эзэд боллоо

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр тухайн оны онцлох ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэхүү шалгаруулалтанд 17 дахь удаагаа шилдгээр, мөн “Энтрепренер 2019” шалгаруулалтын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарч байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олон улс, эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлд түүхэндээ хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийлээ. 2019 он үйлдвэрийн хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн жил байв. Техник технологио боловсронгуй болгоход нийт 410 гаруй тэрбум төгрөгийг зориулж уурхайчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажлыг хийж хэрэгжүүллээ.

Энэ онд хүдэр боловсруулалтын хэмжээг хамгийн өндөрт хүргэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 37 сая.тн хүдэр олборлож, 32 сая.тн хүдэр боловсруулж байна. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн дэх үйлдвэрлэлийн хамгийн дээд үзүүлэлт болж байна.

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болсон анхны жилдээ эдийн засгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 930 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэв. Энэ нь 900 хүүхдийн багтаамжтай 130 сургууль, 150 хүүхдийн багтаамжтай 30 цэцэрлэг байгуулахад хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон 1 хоногт 5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн буюу 1608.5 тонн зэсийн баяжмал, 13.9 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна. Улс орон нутгийн төсөв нэг хоногт 2.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна. 2019 оны эхний 11 дүгээр сарын байдлаар 1 их наяд 800 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн буюу 540 орчим тонн зэсийн баяжмал, 4758.8 тонн молибдены баяжмал үйлдвэрлэлээ.

Ажилчдынхаа нийгмийн хөгжилд жилд нийт зардлын 7 орчим хувийг төлөвлөн зарцуулж байна. 2017 онд 59.3 тэрбум төгрөг, 2018 онд 98.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 104.9 тэрбум төгрөг зарцуулаад байна. 2019 онд ажилтнуудын цалинг 20 хувиар нэмлээ. Мөн анхан шатны удирдах ажилтны манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалинг” шинээр бий болгож 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин олгодог болов. Тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн ажилчны нэмэгдэл олгож эхэллээ. Ажилтан бүртээ орон сууц худалдан авахад олгодог байсан 8 сая төгрөгийг нэмж 12.0 сая төгрөг буюу 50 хувиар нэмэгдүүлж, ажилчдын халуун хоолоор үйлчлэх зардлыг 49.3 хувиар нэмэгдүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн товчоодоор 184 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Нийслэл хотыг тойрсон авто тээврийн найман товчоонд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгойгийн хамтарсан эргүүл хяналтын ажилтнууд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Өнгөрөгч 6 сарын хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 162032 авто машиныг шалгаж нэвтрүүлжээ. Энэ хугацаанд угаасан нүүрс 114846 тн, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд 43740 тн нүүрсийг Улаанбаатар хотод оруулж, 23864 тн нүүрсийг нийслэл хотоор дамжин өнгөрүүлсэн.

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болоод нийслэлийн иргэд эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж амьдрахын төлөө үйлсэд хамтран ажиллаж утаагүй хотын төлөө нэгдэж байна. Гэвч зарим иргэд түүхий нүүрсийг хулгайгаар түлэх, хотруу оруулж ирэхийг завдах оролдлогууд гаргасаар. Тухайлбал Нийслэл хотруу түүхий нүүрс зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхээр завдсан 184т түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хураан авч, торгуулийн арга хэмжээ авч, Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн. Мөн Нийслэлийн 6 дүүрэгт 66 айл өрх, аж ахуй нэгж нүүрс түлж байсан зөрчлийг илрүүлж, 91,8т нүүрсийг Амгалангийн дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авлаа.

Иргэн та түүхий нүүрс түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгээрэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал: Залилагч нарт боломж олгохгүй байя

Ятгах тусам нягтал”

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалтай ярилцлаа.


Мөрдөн байцаах алба ямар үүрэг чиглэлтэй ажилладаг вэ. Бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулахгүй юу?

-БНМАУ-ын Дотоод явдлын яамны 1946 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 504 тоот тушаалаар Улсын Цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх 1 дүгээр хэлтсийн харьяанд Мөрдөн байцаах группийг байгуулснаар Мөрдөн байцаах албаны үндэс суурь тавигдаж өдгөө 73 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын хэмжээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Цагдаа, Тагнуул, Авлигатай тэмцэх байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас Тагнуулын байгууллага Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 төрлийн гэмт хэрэгт, Авлигатай тэмцэх байгууллага 11 төрлийн гэмт хэрэгт, Цагдаагийн байгууллага нь 12 төрлийн, хүнд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байна.

2019 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нийт 81037 хэрэг бүртгэгдэж, Тагнуулын байгууллага 0.2 хувь, Авлигатай тэмцэх газар 2.4 хувь, Цагдаагийн байгууллага 97.2 хувьд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас Мөрдөн байцаах албанд 35.4 хувь буюу 28759 хэрэг шалгагдсан тоон үзүүлэлт гарсан.

Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг шинэчлэн баталсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаар тушаалаар Мөрдөн байцаах газрыг Мөрдөн байцаах алба болгон өргөжүүлж, 2019 оны есдүгээр сарын 02-ны өдрийн А/195 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны бүтцийг зургаан хэлтэс, нэг тасаг, нэг хэсэгтэйгээр баталж өгсөн.

Тус албаны мөрдөн шалгах чиг үүрэгтэй хэлтсүүд нь Улсын ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/67 дугаар тушаалаар шалгах харьяалал тогтоосон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулж, аймаг, нийслэл, дүүрэгт байгаа мөрдөн шалгах чиг үүрэгтэй 50 гаруй нэгжийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг.

-Энэ онд хэдэн хэрэг шийдвэрлэв. Үр дүнгийн тухайд танилцуулахгүй юу?

Мөрдөн байцаах алба нь 2019 онд нийт 28759 хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 82.7 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2774 хэрэг буюу 15.1 хувиар, гэмт хэргийн илрүүлэлт албаны хэмжээнд 43.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 онд гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан 519 тэрбум 169 сая төгрөгийн хохирлын 240 тэрбум 492 сая төгрөг буюу 46.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 29 тэрбум 755 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж ажилласан ба хохирол нөхөн төлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 2.6 хувиар өссөн дүнтэй байна.

Цагдаагийн ерөнхий газраас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, гэмт хэргийн илрүүлэлт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны шийдвэрлэлтийн түвшинг ахиулах зорилгоор Мөрдөн байцаах албаны 2019 оны хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтийг баталж жилийн эцсээр Засгийн газраас тогтоосон журмын дагуу гүйцэтгэлийн үр дүнг тооцон ажиллахад 18 нэгж “Бүрэн хангалттай”, 34 нэгж “Хангалттай” гэсэн үнэлгээтэй дүгнэгдээд байна.

Тус албаны харьяа нэгжүүдээс гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, үйлдэгдсэн хэргийг илрүүлэх, иргэдэд эрх зүйн мэдээлэл, зөвлөмж өгөх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнд хүрсэн гэж үзэж байна.

-Мөрдөн байцаах алба хэдэн мөрдөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын ачааллын тухайд тодруулахгүй юу?

-Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн 90 гаруй хувийг мөрдөн шалгах үүрэг чиглэлийг улсын хэмжээнд хүлээж төв орон нутагт нийт 400 гаруй мөрдөгч нар үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд орон нутгаас нийслэлд шилжин ирэх иргэдийн хөдөлгөөн ихэсч, шинээр барилга байгууламж, үйлчилгээний төвүүд баригдаж, эдийн засгийн өөрчлөлттэй холбогдуулан ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх, шинэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх гэх мэт шалтгаан нөхцөлүүдээс үүдэлтэйгээр гэмт хэргийн тоо хот, суурин газарт өссөөр байна. Гэтэл Мөрдөн байцаах албанд ажиллах алба хаагчдын орон тоо нэмэгдээгүй, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан 2011 онд батлагдсан жишиг нормативын дагуу ажиллаж байгаа.

Манай албаны хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийг ажилласан мөрдөгч нартаа харьцуулахад нэг мөрдөгч сард дунджаар нийслэлд 98 хэрэг, орон нутагт 65 хэрэг тус тус шалгасан нь ажлын ачаалал ямар байгааг харуулж байна.

-Алба хаагчид ачаалалтай ажилладаг талаар та яриандаа дурдлаа. Ажлын ачааллыг бууруулах, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна. Ер нь алба хаагчид руу чиглэсэн ямар ажил хийж гүйцэтгэв?

-Мөрдөн байцаах албаны 1938 онд баригдан ашиглагдаж байсан гурван давхар байшингийн сууринд есөн давхар 6700 мКв талбайтай барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар албаны төв байранд шинээр иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж шийдэж өгсөн нь алба хаагчдын албан үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоог хангасан, урам зоригийг дээшлүүлсэн явдал болсон.

Албаны шинэ байрны зураг, төсөлд “Бялдаржуулах танхим” номын сангийн өрөө тасалгаа, түүний дотоод тохижилтыг тусгаж өгсөн. Үүндээ алба хаагчдын хандиваар нийт 514 ширхэг ном, сэтгүүл, хэвлэмэл маягт болон албаны үйл ажиллагаанд шаардагдах бусад материалуудыг бүрдүүлж, уншигчийн дэвтэр нээн үйл ажиллагаа явуулж байгаа нь алба хаагчдын чөлөөт цагаараа тав тухтай орчинд сонирхсон сэдвээр өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг гаргаж өгсөн.

Мөн Мөрдөн байцаах албанаас байгууллагын удирдлагын цогц систем /Able программ/-ыг хангалттай түвшинд ашиглан алба хаагч бүр ажлаа төлөвлөж, хариуцсан дарга нарын зүгээс ажлын цаг ашиглалт, хийсэн ажлын гүйцэтгэлд нь хяналт тавьж, алба хаагчид “Олон нийт” цэсэнд хэрэгцээтэй мэдээллүүдийг байршуулан хоорондоо мэдээлэл солилцон ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн систем “Од” программд хэрэг шалгах болон түүвэр төлөвлөгөөг хийснээр ажлын үр дүн дээшлэх, хэрэг бүрт түүвэр болон шалгах төлөвлөгөө хийх механик ажлын ачаалал буурч, мөрдөгч нар хэргийг шалгаж дуусах хугацаа болон цагдан хорих хугацаа, прокурорын даалгаврын хугацааг автоматаар анхааруулж, хэргийн хугацаа алдах явдал багассан үзүүлэлттэй гарсан.

Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан “Samsung X Cover” маркийн гар утсаар хөдөлгөөнт төхөөрөмжөөс ирж байгаа дүрст мэдээллийг удирдах албан тушаалтан болон мөрдөгч нар дэлгэцэд холбон ашиглаж, хэргийн газрын үзлэгийн явц байдалтай танилцан мэргэжлийн удирдлагаар хангах ажил 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа.

Мөн албанаас төрөн гарсан гавьяатуудын алдрыг мөнхлөх, түүхэн уламжлалт ёс, өнгөрсөн одоо, хойч үеийн залгамж халааг бий болгох тэдний ажлын арга, туршлага, сургамж, алдаа оноог бодитоор дүрсжүүлэх зорилгоор Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл, С.Дамдин нарыг урьж хэрэг шалгах сургамж алдаа оноо, ажиллах арга туршлагын талаар ярилцлага хийж, цахим архивын сан бүрдүүлэн ажиллахын зэрэгцээ Мөрдөн байцаах албаны ахмад ажилтнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч “Ахмадын танхим” өрөөг засч тохижуулан ахмад ажилтнууддаа хүлээлгэн өглөө.

Өнгөрсөн зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөрдөн байцаах тасгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан цагдаагийн бэлтгэл хурандаа Ц.Алтанцэцэг Монгол Улсын гавьяат хуульч цол тэмдгээр шагнагдсан.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион явуулж байгаа “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд мөрдөн байцаах албаны удирдлагын зүгээс уриалга гаргаснаар утаат тамхи татах хорт зуршлаас алба хаагч нар татгалзаж, 100 хувь тамхи хэрэглэдэггүй байгууллага болсон зэргийг энд онцолъё.

-Мөрдөгч нарынхаа ур чадварыг дээшлүүлэх, илүү мэргэшүүлэх тал дээр ямар ажил зохион байгуулж ажиллаж байна. Мөн залуу мөрдөгч нарыг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна уу?

-Алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийн түвшин, хууль хэрэглэх чадварыг сайжруулах зорилгоор шинээр батлагдан гарсан болон бусад хууль тогтоомж, дүрэм журмын холбогдох заалтаар тест боловсруулж сорилыг сар болгоны 30-ны өдөр www.testserver.police.gov\moo­dle цахим хаягаар, онлайн хэлбэрээр авч дүгнэн мэдлэг олгож байгаа нь алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийн түвшин ахиж, хууль хэрэглэх чадвар дээшилж үр дүнгээ өгч байна.

Мөн алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах зорилгоор АНУ-ын Чикаго хотын Иллинойс дахь үндэсний лабораторид зохион байгуулагдсан “Цөмийн цацраг идэвхт бодисын аюулгүй байдал” олон улсын семинарт нэг, Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын Цагдаагийн сургуульд зохион байгуулагдсан “Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт сургалтад тав, Тайландын Хаант улсын Бангкок хотод Олон Улсын хууль сахиулах академид “Зэрлэг ан амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад нэг, Бангкок хотод зохион байгуулагдсан “Хуурамч барааны худалдааны эсрэг хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалтад нэг, БНХАУ-ын худалдааны яамнаас Ляонин мужийн Шэнь-Ян хотод зохион байгуулсан “Хөгжиж байгаа орнуудын эрүүгийн мөрдөн шалгах ажилтнуудын семинар 2019” сэдэвт сургалтад хоёр, Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан “Зүүн өмнөд азийн хууль сахиулах салбарын эмэгтэй алба хаагчдын анхдугаар бага хурал”-д нэг, БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яам, Чун Цин хотын цагдаагийн газраас зохион байгуулсан “Ази номхон далайн орнуудын Интерполын хамтын ажиллагааг бэхжүүлэх” сэдэвт сургалтад нэг алба хаагч тус тус оролцсон.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн ерөнхий командлагч болон Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан ”Үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн удирдлага, багш нарын бүрэлдэхүүнтэйгээр сонсогч нарын дадлагын тайланг онлайн хэлбэрээр зохион байгуулж, сонсогч нарыг дадлага удирдсан мөрдөгч,тасгийн дарга нартай хамтад нь үнэлэлт дүгнэлт өгч, сайн удирдсан мөрдөгч , дарга нарыг тушаалаар урамшуулж, хангалтгүй удирдсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулж ажилласан байна.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу. Байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-2019 онд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 484 бүртгэгдэж, өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал 25 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Байгалиа хамгаалъя” аян, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу “Бодис-2019”, “Эко-2019” нэгдсэн арга хэмжээгтус тус зохион явуулснаар 2019 онд Мөрдөн байцаах албаны хэмжээнд шалгасан 165 хэргийн эзэн холбогдогчийг 100 хувь олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж 139 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар ашигт малтмал /алт/-ын олборлолт, тушаалтын байдал, энэ төрлийн гэмт хэргийн гаралт, нөхцөл байдалд таван сарын хугацаанд дүн шинжилгээ хийж, судалгааны ажлын үр дүн, цаашид үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах аргачлал” сэдэвт цагдаагийн байгууллагын алба хаагчдын албан хэрэгцээнд зориулсан гарын авлагыг боловсруулан тарааж үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэлжүүлэх зорилгоор “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж болзошгүй иргэн, аж ахуйн нэгж” нэртэй программ зохиолгож “Судалгаа, хяналт”-ын /Partol2.police.gov/ программ дээр байрлуулан ашиглаж байна.

-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээх үйл ажиллагаа гүйцэтгэх тал дээр хэр байна вэ. Уул ус сүйтгэлээ гэх гомдол тасардаггүй шүү дээ?

-Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 417-426 дугаартай шийдвэрээр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан байдалд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж, тухайн аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийж байгаа байдлыг шалгахад “Бат дөлгөөн мөрөн” компани нь 126.7 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 16.7 га талбайд нөхөн сэргээлт хийж 13 хувьтай, “Гурван хайрханы асар” компани нь 35 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 19 га талбайд нөхөн сэргээлт хийж 54.3 хувьтай, “Голден хаммер” компани нь 58.8 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 46.1 га талбайд нөхөн сэргээлт хийж 78.4 хувьтай, “БМНС” компани нь 292.1 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 201 га талбайд нөхөн сэргээлт хийж 68 хувьтай, “Алтай голд” компани нь 36.7 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 28.2 га талбайд нөхөн сэргээлт хийж 76 хувьтай, “Улз групп” компани нь 36.2 га талбайд олборлолт явуулан эвдрэлд оруулснаас 32.6 га талбайд нөхөн сэргээлт хийж 90 хувьтай байна. “Эрдэнэсийн хотхон” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд нөхөн сэргээлтийг бүрэн хийж орон нутагт хүлээлгэж өгсөн үйл явцтай байна.

-Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн онд хэрхэн ажиллав. Дуулиан тариад буй Б.Хурц нарын хэрэг танайхаар дамжсан. Мөрдөн байцаах албанд нийгэмд дуулиан болсон яг ямар ямар хэргүүд байна вэ. Учир нь энэ олон дуулиантай хэргүүдийн аль нь АТГ, аль нь цагдаа дээр шалгагдаж байгаа нь тодорхойгүй байна?

-Энэ онд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст дараахь олны анхаарал татсан хэргүүд шалгагдаж шийдвэрлэгдсэн. Үүнд:

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 /Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн/ зүйл хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан хэргийг Прокурорын газраас харьяалал тогтоож тус албанд ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж “Х” нарын есөн хүнд холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган энэ оны 06 дугаар сарын 19-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Түүнчлэн олны анхаарал татсан зарим нэг хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг тус албанаас шуурхай явуулсан.Тухайлбал,

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид “Б” нас барсан хэрэгт тус ангийн эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэгтэй хайнга хандсан гэх хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр,

2.Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, автомашинтай зугтах явцдаа унагаж амь насыг нь хохироосон “Л, Э” нарт холбогдох хэргийг 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр,

3.“Зам, тээврийн хөгжлийн яам”-ны гадна талбайд “Г”-ийн амь насыг хохироосон “М”-д холбогдох хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурорт хүргүүлэн шүүхэд шилжүүлээд байна.

-Энэ онд залилан мэхлэх гэмт хэргийн тоон үзүүлэлт өссөн үзүүлэлттэй гарсан байсан. Үүнд юу нөлөөлөв?

-Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 2017 онд 2996, 2018 онд 5372 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 7821гэмт хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилах хэрэг эзэлж байна.

Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь нийгмийн сөрөг байдал, ялангуяа ажилгүйдэл, ядууралтай шууд холбоотой боловч нөгөө талаас Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгож хуульчилсан нь Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа залилах төрлийн гэмт хэргийн тоо өсөх шалтгаан болж байгааг дурдах нь зүйтэй байх.

Мөн иргэд маань амар хялбар аргаар, богино хугацаанд мөнгөө өсгөх, мөнгөтэй болох, хэрэгцээт ажлаа хурдан бүтээх, төрийн үйлчилгээг буюу виз, тендерийг хялбар аргаар, өөрт ашигтай байдлаар авах гэх мэт хүсэл эрмэлзэл их байгаагаас нөлөөлж байна гэж үзэж болно.

-“Жи тайм”-ын сүлжээний гэх залилан мэхлэх гэмт хэрэг нийгэмд өндрөө авч байсан ч чимээгүй болчихлоо. Бүгд найрамдах Казахстан улсын иргэн, яллагдагч Маженов Марат нарт холбогдох хэрэг ямар шатанд явна вэ?

-Монгол Улсын 11.437 иргэнд 26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргээс “О”-д холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тусгаарлаж, мөрдөн шалгах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж дуусган 2019 оны долдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэсэн. Одоо уг хэрэг прокурорын хяналтын шатанд байгаа.

-Маженов Марат нь хаана явна вэ. Гараад зугтчихсан гэсэн. Хилийн хорио тавиагүй юм уу?

-БНКУ-ын иргэний харьяалалд М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татаж 2017 оны зургадугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хорьж шалгаж байсныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 569 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн яллагдагчид өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгасан.

Шүүгчийн захирамжийг биелүүлж яллагдагчид эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Монгол Улсын хилээр нэвтрэх эрхэд тавьсан хориг нь таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл болж түүнд Монгол Улсын хил нэвтрэх эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч уг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргон зайлсан.

Яллагдагчийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, бусад гадаад улсуудын Интерполын төв товчоонд саатуулах, баривчлах хүсэлтийг илгээн түүнийг Олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

-Олон хохирогчтой энэ хэргийн хохирлыг барагдуулах тал дээр залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хэрхэн ажиллав?

-Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тогтоолоор компанийн банкин дахь дансанд байсан 6.7 тэрбум төгрөг, 100.000 орчим мянган ам долларын орлого, зарлагын гүйлгээг хязгаарлан 954 хүнийг иргэний хариуцагчаар татан, тэдгээрийн өмчлөлд бүртгэлтэй автомашин, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч нийт 34 иргэний хариуцагчаас 67 сая төгрөгийг гаргуулан хураан авсан.

Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор тус компаниас 6.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн, шүүхээр шийдвэр гаргуулан хохирогч нарын хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна.

Мөн манай хэлтсийн албан хаагчид өнөөдрийн байдлаар “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдын хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Өмнөх жилүүдэд нийт үйлдэгдэж буй гэмт хэргийн ихээхэн хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байсан бол энэ онд залилан мэхлэх гэмт хэрэг огцом өссөн.

-Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, буруулах тал дээр танайхаас ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

“Залилах гэмт хэргийн оргодол, шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг хоёр удаа, “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг бүсчилсэн байдлаар явуулж, үр дүнг тооцсон.Тухайлбал, энэ төрлийн гэмт хэргийн гаралт, үйлдлийн арга, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өртөж хохирохгүй байх чиглэлээр 422 төрийн болон төрийн бус байгууллага, 145 аж ахуйн нэгжтэй хамтарч 25 хэлэлцүүлэг, 35 зөвлөгөөн, 18 удаа тэмцээн уралдаан, 302 удаа сургалт зохион явуулж, нэгж бүр хариуцсан нутаг дэвсгэрт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, 30.009 хүн хамруулж, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлийн 140 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, 82 хариу авч, 53 мэдэгдлийн мөрөөр зохион байгуулсан ажлыг газар дээр нь шалгаж ажилласан. Олон нийт, хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтарсан 74 нэвтрүүлэгт оролцож, 55 удаа радиод ярилцлага өгч, 35 сэтгүүл, вэб сайтуудад 617 төрлийн мэдээлэл байршуулж, богино хэмжээний 3 шторкийг олон нийтэд түгээж, 3387 гарын авлага, 4685 зурагт хуудас, 296.145 сэрэмжлүүлэг хуудас бэлтгэж, 36.034 хүнд тарааж ажиллалаа.

-Энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байгаатай холбоотойгоор “Ятгах тусам нягтал” аянг зохион байгуулж байгаа юм байна. Аяны хүрээнд ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна?

-Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Ятгах тусам нягтал” аяныг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү аяныг зохион байгуулах болсон үндсэн шаардлага нь “Залилах” гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтмол өссөн дүнтэй, 2012 онд энэ төрлийн гэмт хэрэг 688 бүртгэгдэж байсан бол 2019 оны эхний 11 сарын байдлаар 4950 гэмт хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Иймд бид залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгах, бууруулах, иргэд, олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, цахим орчинд сэрэмжлүүлэг, ухуулгын аргыг түлхүү явуулж, “Ятгах тусам нягтал” аяныг 2020 онд тогтмол зохион байгуулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Ярилцлагын төгсгөлд “Өдрийн сонин”-ы уншигчдад болон Мөрдөн байцаах албаны нийт мөрдөгч нартаа удахгүй гарах шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлав

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлч, нийтлэлч, иргэдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна.

ЗОРИЛГО: 1992 онд баталсан Ардчилсан, шинэ Үндсэн хууль болон 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдлыг уран сайхны нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд таниулах, сурталчлах, Үндсэн хуулиа сахин биелүүлэх, дагаж мөрдөх, дээдлэн хүндэтгэх үзэл санааг нийт нийгэм, иргэдэд түгээн дэлгэрүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

ҮНДСЭН ШАЛГУУР:

  1. Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаа, ач холбогдлыг зүйл, заалтад тулгуурлан зөв тайлбарлаж, Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан амьдралын баталгааг хангахад хэрхэн нөлөөлөхийг бодит жишээгээр батлан илэрхийлсэн байх;
  2. Үндсэн хуулиа дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, дээдлэх чиглэлээр иргэд, байгууллагаас зохион байгуулж болох үйл ажиллагааны талаар асуудал хөндөж, шинэлэг сэдэл, шийдэл дэвшүүлсэн байх;
  3. Нийтлэл, нэвтрүүлэг нь хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцэж,хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцэд нийцсэн, нэр томьёог зөв хэрэглэсэн байх

ТАВИХ ШААРДЛАГА:

  1. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь агуулга, хэл найруулгын болон зөв бичих, өгүүлэхүйн алдаагүй байх;
  2. Телевизийн бүтээл 15-20 минутад багтсан, өнгө дүрс, график дизайны шинэлэг технологийг ашигласан байх;
  3. Сонин, сайтын бүтээл нь Arial-12 үсгийн фонтоор бичсэн, А4 форматын 5 нүүрээс ихгүй байх;
  4. Бүтээл нь телевиз, сонин, сайтад нийтлэгдсэн байх бөгөөд телевизийн бүтээлийг DVD, VCD-д хувилж, сонин сайтын бүтээлийн эх хувийг, нийтлэгдсэн хувилбартай хамт авчирч өгөх
  5. Уралдаанд оролцогчид овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээлэл хавсарсгасан байх;

ХУГАЦАА:

  1. Уралдаан 2019.12.20-ноос 2020.01.10 хүртэл үргэлжилнэ.
  2. Бүтээлийг хүлээн авах сүүлийн хугацаа 2020.01.10-ны 17.30 цаг

ШАЛГАРУУЛАЛТ:

  1. Тусгай комисс бүтээлийг шалгаруулж, дүнг 2020.01.12-нд гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр буюу 2020.01.13-нд шагналыг гардуулна.

ШАГНАЛЫН САН:

Телевизийн бүтээл Сонин, сайтын бүтээл

I байр 1 3.000.000 төг I байр 1 2.000.000 төг

II байр 1 2.000.000 төг II байр 1 1.000.000 төг

III байр 1 1.000.000 төг III байр 1 500.000 төг

Тусгай байр 1 500.000 төг Тусгай байр 1 250.000 төг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Утас: 265841, 264427, 99051306, 91990295

Categories
мэдээ нийгэм

НӨАТ: Хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг татварын байгууллагаас анхааруулж байна

Image result for НӨАТ-ын урамшуулал

2019 оны НӨАТ-ын төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болно. Тухайн өдрийн 23:59:59 цаг хүртэл баримтыг бүртгэх бөгөөд 2019 онд худалдаа хийсэн ebarimt-ыг бүртгүүлэх хугацаа дуусахад 15 хоног үлдээд байна. 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд олгох бөгөөд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг татварын байгууллагаас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Баярхүү: Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэгт 9.5 их наяд төгрөгийн хохирол яригдаж байгаа

АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүтэй ярилцлаа.


-Авлигын гэмт хэргээс үүдэлтэй 11.9 их наяд төгрөгийн хохиролтойгоор он шувтарч байна уу даа. Энэ тоо бол Монгол Улсын төсвөөс давсан их хэмжээний хохирол. Энэ их хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой юу?

-АТГ-ын хуулиар хүлээсэн нэг чиг үүрэг бол авлигын гэмт хэрэгтэй тэмцэх. Энэ чиглэлээр тодорхой хэргүүд дээр, ялангуяа олны анхаарал татсан гэж яригдаад байгаа хэргүүд дээр нэлээд анхаарал хандуулж ирлээ.

Ялангуяа АТГ-ын дарга, дэд дарга хоёр өнгөрсөн тавдугаар сард шинээр томилогдон, Нийслэлийн прокурорын газартай хамтраад тодорхой хэргүүдийг шалгах ажлыг эрчимжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргасан байдаг. Энэ хүрээнд бид өнгөрсөн сард холбогдох мэдээллүүдийг өгсөн.

“Оюутолгой” төсөл, Нийслэлийн Засаг дарга асан, мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал нартай холбоотой хэрэг зэрэг олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдаж байсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Эдгээр хэргүүдийн хувьд нийт учирсан хохирлын хэмжээ 11.2 их наяд гэж байгаа. Сүүлд бараг 12 их наяд болсон.

Ер нь нийгэмд ч гэсэн улсын төсвөөс давсан хэмжээний хохирол гэсэн ойлголт яваад байгаа. Үүнээс хамгийн их буюу 9.5 их наяд төгрөг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дээр яригдаж байгаа. Үүн дээр нэг анхаарах зүйл бол 11.9 их наяд төгрөг алга болчихсон юм шиг ойлгоод байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлж байгаа. Дээрээс нь битүүмжлэн хамгаалж байгаа.

Манайд жишээ нь 136 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалчихсан. 7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалах асуудал яригдаж байна.

Эрдэнэтийн 49 хувийг төр өөрөө мэдэлдээ авчихсан байгаа. Тэгэхээр 9.5 их наяд төгрөгийн хохирол бол битүүмжлэн хамгаалагдсан гэдэг ойлголтод хамаарна. Бусад хэргүүдийн хувьд хохирлыг нөхөн төлүүлнэ.

-Авлигын томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Одоо ч бас олон хэрэг яригдаж байна. АТГ олон cap жил мөрдөн шалгаж буруутайг нь тогтоогоод шүүхэд шилжүүлж байгаа. Ийм атал хэрэгсэхгүй болж байгаа хэргүүдийн араас санаа тавих, санал гаргах хууль эрх зүйн боломж байдаггүй хэрэг үү?

-Авлигатай тэмцэх чиглэлээр, ялангуяа хэрэгт холбогдож байгаа этгээдүүд тодорхой хэмжээний эрх мэдэлтэй. Дээрээс нь асар өргөн хүрээтэй хуулийн баг ажиллуулдаг. Энэ хүмүүс хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ асуудлыг өөрт ашигтайгаар буруу зөрүү ашиглаад байгаа ойлголт юм.

Жишээлбэл, 30 өмгөөлөгч авч ирчихээд “Гурав нь ирээгүй байна. Шүүх хурлаа хойшлуулъя” гэдэг хүсэлт гаргадаг. Эсвэл шүүхийн шийдвэртэй холбогдуулан үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хождог. Шүүх дээрээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарчихаад байхад л найм, есөн сарын хугацаанд манай дээр ирэхгүй. Байшингаас байшингийн хооронд яваад байдаг асуудал бий. Үүнийг бид удаа дараа зарлаж байсан.

Уг нь хэрэг мөрдөн байцаалтад буцаахад долоо хоногийн дотор л бид ажиллагааг хийчихэж байгаа. Гэтэл нөгөө талд аль болох хэргийг удаашруулах сонирхол үйлчлээд байна. Үнэхээр өөрсдөө гэм буруугүй гэж үзэж байгаа бол шүүх дээр очоод гэм буруугийн асуудлаа тогтоолгочих хэрэгтэй.

Түүнээс биш шүүх руу оруулахгүй, зугтаалгах боломж хайгаад яваад байна гэдэг өөрсдөө ямар сонирхолтой вэ гэдгийг харуулаад байгаа нэг хэлбэр. Үүн дээр аль аль талдаа анхаараад процессын хувьд хурдан хугацаанд шийдвэрлээд нийгэмд ч гэсэн зөв ойлголт өгөх ёстой.

Асуудал шийдэгдэж нэг талдаа гарч байх учиртай. Шалгагдаж байгаа этгээд буруугүй гэж өөрийгөө үзээд байгаа юм бол шүүхээр гэм буруугүй эсэхээ тогтоолгоод явчихад өөрийнх нь нэр төрд цэвэр биз дээ.

-Хөөн хэлэлцэх хугацаагаар холбогдсон хүмүүс нь ялгүй өнгөрдөг юм байж. Харин улсад, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой гэж зарим хуульч тайлбарлах болсон. Үнэхээр тийм боломжтой юу?

-Энэ бол боломжтой асуудал. Манайхаас тухайн үед Зам тээврийн яамны газрын дарга асан О-той холбоотой хэрэг дээр хохирол нөхөн төлүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Тухайн хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай гэж шүүхээс тооцсон.

Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шүүхээс хэрэг нь хэрэгсэхгүй болгосон. Үүн дээр манайхаас удаа дараа прокурорын байгууллагад хүсэлт гаргасны хүчинд шүүхээр түүний 600 сая төгрөгийн орон сууцыг улсын орлого болгох шийдвэр гаргасан. Энэ мэтчилэн дараа дараагийн хэргүүд дээр ч хохирлыг нөхөн төлүүлэх асуудал тавина.

Хуульд зааснаар прокурор төрд учирсан хохирлыг төрийн өмнөөс нэхэмжлэх эрхтэй. Тиймээс Прокурорын байгууллага энэ чиглэлээр хэлтэс байгуулан ажиллаж байгаа. Нэг ёсондоо хохирол барагдуулах чиглэлээр прокурор манайх хоёр хамтарч ажиллаж байгаа.

-ХЭДС-тай холбоотой хэрэг танайд шалгагдаж байгаа. Хэргийн шалгалтын явц ямар шатанд явна вэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр АТГ хууль зөрчиж байгаа асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Энэ талаар танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?

-Одоо бол хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн ширийн асуудлыг ярих нь зохимжгүй. Хуулиар хориотой. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэвлэлийн хуралтай холбоотой асуудлууд дээр тайлбар өгье.

“АТГ 10 жилийн хүүхэд, оюутан залуусаас долоон дор ажиллаж байна”, “АТГ ичихгүй бол бүрэн эрхээс түдгэлзүүлэх бичиг аваад оруулаад ир”, “АТГ-ын дарга Дашдаваатай уулзах хүсэлт өгөөд найм хонолоо. Уулзаж болохгүй гэсэн хууль байхгүй” гэх мэтээр мэдээлэл хийсэн.

Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн долоогийн долдугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт гомдол гаргах эрхтэй. Мөн хуулийн 15-ын долдугаар зүйлийн нэг дэх хэсэгт оролцогч нь мөрдөгчийн шийдвэр ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр үйл ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргана гэж заасан.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байгаа бол мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг прокурорт, прокурортой холбоотой бол дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь нээлттэй.

Түүнээс биш АТГ-ын даргатай биечлэн уулзсанаар ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Хэргийн оролцогч нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалттай холбоотой гомдол хүсэлтээ тухайн хуульд заасан журмынхаа дагуу гаргаад явах ёстой. Учир нь УИХ-ын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д УИХ-ын гишүүн хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх, 37.1.8-д гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох шахалт үзүүлэхийг хориглоно гэдэг.

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээж байгаа нь АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байгаа оролдлого гэж харж байгаа.

-Уг хэрэгт төрийн өөр өндөр албан тушаалтнууд шалгагдаж байгаа юу?

-Одоогоор тийм юм байхгүй. Зарим нэг агентлагийн дарга, дэд дарга нартай холбоотой асуудал шалгагдаж байгаа.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд Монголд ирж, АТГ-т байцаалт егөх үүрэгтэй. Гэвч одоог хүртэл сураг алга?

-Тухайн үед хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан байсан. Надад байгаа мэдээллээр бол шүүхэд хүсэлт гаргаад хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр яваад ирнэ гэсэн хугацаанаасаа хоёр гурван удаа хугацаа нь хойшилсон.

Тийм учраас манай байгууллагын зүгээс оргон зайлсан гэж үзээд эрэн сурвалжилж, байгаа байршлыг нь тогтоох ажиллагаа хийгдсэн. Байршил нь тогтоогдсон. Тиймээс арванхоёрдугаар сарын 20-ны хавьд ирнэ гэсэн хугацаа хэлсэн боловч одоогоор ирээгүй байгаа. Хуульд заасан хугацаанд ирэхгүй бол албадан ирүүлэх дараагийн шатны арга хэмжээг авна.

-Авлига, албан тушаалын хэргийг шалгахад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ. Тухайлбал, ХОМ-тэй холбоотой хэрэг зөрчлийг шалгахад банкны гүйлгээг шалгах нь хуулиар хориотой гэдэг?

-Батлагдсан хуулиуд ийм тийм байна гээд гоншгоноод байх нь нэг талдаа зохимжгүй. Гэхдээ хууль эрх зүйн хувьд дордуулж байгаа асуудал бий. Тухайлбал, ХОМ-тэй холбоотой шалгалтын үйл ажиллагаа явуулахад таны хэлдэгчлэн банкны гүйлгээ шалгах асуудал байна.

Дээрээс нь АТГ-ын төсөв санхүүгийн хараат бус байдлыг хангахад гол дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг. Үүний тулд өмнөх төсвийг дараа онд бууруулан батлахыг хориглоно гэдэг хуулийн заалтыг 2015 онд хүчингүй болгочихсон. Дээрээс нь албан тушаалтнуудыг тухайн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэж байвал тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий субъект нь томилохоос татгалзана гэсэн хуулийн заалттай байлаа.

Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд энэ хуулийн заалт хүчингүй болсон. Энэ мэт тодорхой асуудлууд дээр ухарсан, өмнөхөөсөө дордсон зохицуулалт бий болоод байгаа. Гэхдээ тийм боллоо гээд үйл ажиллагаа уруудаад байгаа юм алга. Хуульд заасан чиг үүргээ биелүүлээд ажиллаж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ зөв галлах аргад сургаж, угаартах болон галын аюулаас сэрэмжлүүлэхийг анхааруулж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өчигдрөөс эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 13-н хүртэл 21 хоног үргэлжилнэ. Энэ үед хүүхдүүд гэртээ ганцаар үлдэх нь элбэг. Тиймээс галлагаатай байгаа эдгээр өдрүүдэд хүүхдүүд угаартах болон гал алдах эрсдэл хамгийн өндөр. Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ зөв галлах аргад сургаж, угаартах болон галын аюулаас сэрэмжлүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ 08 ЦАГААС 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НӨӨС 12 ДУГААР САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Хур тунадас: 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг, 25-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим, 27-нд нутгийн хойд, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар цас орно.

Салхи: 25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар 12-14м/с, 28-нд говь болон зүүн аймгуудын нутгаар 14-16м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол Улс “Тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь бүрдсэн” гэх үнэлгээ авжээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

НҮБ-д олон жил ажиллаж, тэр дундаа БНАСАУ-д алба хашсан, Зүүн Хойд Азийн бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдлэгтэй хүн Монгол Улсад томилогдон ирсэнд талархаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.

Мөн НҮБ нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг тууштай дэмжиж ирснийг тэмдэглэв.

НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэн 2019 онд “Үндэсний сайн дурын илтгэл”-ээ тайлагнаж, “Тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь бүрдсэн” гэсэн үнэлгээ авсныг хэлэв.

Монгол Улс нь хөгжлийн чадавх, нөөц, боломж сайтай орон гэж үздэгээ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра илэрхийлэв. “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ“ баримт бичиг хэрэгжүүлдэг.

“Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих, Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг нэмэгдүүлэх, Олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх” гэсэн үндсэн чиглэл бүхий, 79 сая ам.долларын төсөл, хөтөлбөрт үнэлгээ өгч, хөгжлийн шинэ баримт бичиг боловсруулахаар төлөвлөж байгааг хэлэв.

Цаашид харилцан уялдаатай, нэгдмэл, залгамж чанартай, тогтвортой байдлыг хангасан, сайжруулсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдлээ.

Уулзалтаар үер, ой, хээрийн түймэр, зуд, ган гачиг, малын гоц халдварт өвчин, газар хөдлөлт зэрэг гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.