Гадаад зах зээлээс валют татах нэг арга хэрэгсэл болох своп хэлцэл болон өрийн дарамтын талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.
-Своп хэлцлийн тухайд ойлголт өгөхгүй юу?
-Своп гэдэг нь солилцох гэсэн үг л дээ. Чамаас нэг зүйл аваад оронд нь нэг юм өгч байна гэсэн үг. Зах зээл дээрээс мөнгө босгоход хэцүү болсон үед хоёр компани, эсвэл хоёр улсын засгийн газрууд хоорондоо ярилцаад мөнгөний нэгжээ солилцож хэрэгцээгээ хангах шаардлага гарна. Түгээмэл биш ч гэсэн хэрэгждэг.
Своп хэлцлийг нэг төрлийн зээл гэж ойлгож болно. Зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд своп хэлцлээр тодорхой нөхцөлүүдээ тохироод арай боломжийн нөхцөл, хүүтэй зээл авах юм.
Хэрхэн тохирохоос хамаарч мөнгөө хэзээ буцааж солилцох, ямар хүүтэй байх зэргийг гэрээнд тусгаж өгнө. Ихэнхдээ хүүтэй байдаг. Хүү байхгүй тохиолдол ч бий. Үндсэн төлбөрөөрөө солилцож болно.
-Хоёр талд хоёуланд нь хүү бодогдоно гэсэн үг үү?
-Хоёр талдаа бодогдож болно. Бодогдохгүй байж ч болно. Ямар нөхцөлөөр тохирохоос хамаарна.
-Манай улсын хувьд Хятадын Ардын банктай своп хэлцэл байгуулж, 2017 онд шинэчлэн баталсан. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юу?
-Манай улсын хувьд 2014 онд Монголбанк Хятадын Ардын банк буюу төв банктай хэлэлцээр хийж юань аваад оронд нь төгрөгөө өгсөн своп хэлцэл хийсэн. Миний санаж байгаагаар 15 тэрбум юань зээлж авсан. Гурван жилийн хугацаатай байсан. Ингээд 2017 оны наймдугаар сард буцааж егөхөөр болсон. Гэвч буцааж өгч чадаагүй. Тиймээс гурван жилийн хугацаатай сунгасан.
Тэгэхээр 2020 оны наймдугаар сард 15 тэрбум юаниа буцааж өгнө. Төгрөгөө буцааж авна гэсэн үг. Миний санаж байгаагаар 15 тэрбум юань дээр нэмж 5 тэрбумыг авсан санагдаж байна. Нийтдээ 20 тэрбум юанийн зээл своп хэлцлээр авчихсан гэсэн үг. Үүнтэй дүйх хэмжээний төгрөгийг Хятадад шилжүүлчихсэн байгаа. Манайх 5-6 их наяд төгрөг Хятадын Ардын банканд хадгалагдаж байна.
-Манай улсын хагас жилийн төсөвтэй дүйх хэмжээний мөнгө байна. Мэдээж юань манайд хэрэгтэй. Харин Хятадад төгрөг хэрэгтэй юу. Эдийн засгийн эргэлтэд оруулах эрх нь нээлттэй биз дээ?
-Яах вэ, Хятадын тал манайд тусалж своп хэлцэл хийсэн байж болно. Гэхдээ Хятадад төгрөг хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Манайх уул уурхайн асар их баялагтай байгаа үед Хятад төгрөгийг тодорхой төслийг хэрэгжүүлэх эрхийг авахад зарцуулж болно. Тэр их төгрөгийг хятадууд Монголд оруулж ирээд ашиглаж болно. Төгрөгийн ханш унасан ч дуртай зүйлээ худалдаж авах эрхтэй.
Хоёр орны төв банкны тохиролцоогоор солилцсон шүү дээ. Бид юанийг нь авчихаад ашиглаад байгаа биз дээ. Тэд ч бас 5-6 тэрбум төгрөгийг Монголын зах зээл рүү оруулж ирээд ашиглах боломжтой.
-Своп хэлцлийн дүнд хязгаар бий юу?
-Манай Засгийн газрын өрөнд орж явна. Өрийн таазыг хуулиар тогтоосон. Тэр хүрээнд хязгаарлагдах учиртай. Гэтэл Засгийн газрын өрөнд Монголбанкны өрийг оруулж тооцохгүй гэж яриад байна. Тэгж болохгүй. Ижилхэн л төрийн байгууллага шүү дээ.
-Своп хэлцэл ижилхэн өр юм байна. Тэгвэл үүнийг 2020 оны наймдугаар сард төлнө. Нэмээд бондын өр төлбөрүүд байгаа шүү дээ. Манай төр энэ их ачааллыг давж гарч чадах уу?
-Энэ ерийг манай эдийн засаг ирэх онд төлөх чадвар байхгүй. 2020 онд үндсэн төлбөр, нэмээд хүүг нь төлнө. Дээрээс нь 2021 онд 500 сая ам.долларын зээл байгаа. Тэрийгээ төлнө. 2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.долларын өрөө дарна. Үүнийг хэрхэн төлөхийг мэдэхгүй байна. Төв банк төлнө. Засгийн газарт хамаагүй гэж ярьж байна. Гэтэл Засгийн газар, төв банк хоёр манай төрийн нэг л байгууллага гэдгийг дахин хэлье.
-Өрөө дарж чадахгүй бол манайх дампуурна. Гэтэл та шийдэл байхгүй гэж байна. Дампуурлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?
-Монгол Улс ийм эдийн засгийн бүтэц, удирдлагатайгаар өрийг давж гарч чадахгүй. Дампуурна. Эдийн засагч хүний хувьд одоогийн өрийг эдийн засгийн өнөөгийн бүтэц, нөхцөл байдалтай уялдуулж харахад ирэх онуудад төлөх өрүүдийг барагдуулж, даваад гарах хүчин чадал манайд байхгүй.
Нэмж ер тавиад өрөө хойшлуулах тухай л яриад байна. Ганц шийдэл нь тэр бололтой.
Мөн ихэнх улстөрч, эдийн засагчид хуримтлал үүсгэнэ, экспортоо нэмэгдүүлж давж гарна гэж ярьж байна. Тэрэн шиг худал зүйл байхгүй. Экспортоо нэмэгдүүлж, хуримтлал үүсгээд өр төлбөрийн дарамтыг даваад гарах боломж ийм удирдлагатай, ийм эдийн засгийн бүтэцтэй үед боломжгүй. Би үүнийг хариуцлагатайгаар хэлж байна.
-Өрөө дарахад өөрийн эх үүсвэр хүрэлцэхгүй бол нэмж зээл авах асуудал яригдах байх. Өрийн дарамтууд улам л нэмэгдэх нь дээ?
-Сүүлийн таван жилийн хугацаанд 10-11 хувийн хүүтэй ам.долларын зээлийг олон улсын зах зээл дээрээс авч байгаа. Тэр зээлээр өмнөх өрөө төлөөд яваад байна шүү дээ. Одоо бол тэгж чадахгүй. 12-15 хувийн зээл л олдож магадгүй.
Хоёр дахь удаагаа саарал жагсаалтад орчихлоо. Өөрөөр хэлбэл, 11 хувийн хүүтэй зээлийг 15 хувийн хүүтэй зээл авч төлөх гээд байна. Ингэж ард түмнээ хуураад, ирээдүйгээсээ хулгай хийгээд явж байна. Энэ бол шийдэл биш. Хулгай юм.
-Та өрийн дарамтыг давж гарах шийдэл хэлэхийг хүсэхгүй байна уу?
-Байхгүй юмыг юу гэж хэлэх вэ дээ. Та заавал шийдэл асууж байгаа бол сүүлийн 30 жил Монголыг цөлмөж ирсэн энэ хүмүүс бүгд зайлах ёстой. Тэгвэл шийдэл гарна. Наана нь шийдэл ярих боломжгүй. Угаасаа ч шийдэл байхгүй.
Г.БАТЗОРИГ