Categories
мэдээ энтертаймент-ертөнц

О.Нацагдорж багшийн үзэсгэлэн ба Хүүхдийн зургийн галерейг Монголоос нэхэх нь

Номин ногоон тал дундуур урсахголын эрэг дээр хоёр морьтон зогсожбайна. Ойр хавьд нь адуу мал бэлчиж, хулсан уурга суналзуулсан байхыг бодоход адуучид бололтой. Харин хачирхалтай нь тэд голоос загас уургалж байх юм…

Хүүхдийнзургийн үзэсгэлэнгээс хамгийн анх анзаарсан зураг ийм дүрслэлтэй. Энэ зургийг 40 шахам жилийн өмнө 10 настай хүү зурж байжээ. Хүүхдийн сэтгэлгээ гэдэг чинь л энэ. Ийм чөлөөтэй, талын салхи шиг дэндүү эрх задгай хийсвэрлэл, юунд ч баригдаагүй илэрхийлэл.

Ардчилсан нийгэмд шилжсэн 30 шахам жил хүүхдийн зургийн үзэсгэлэн нээгдлээ гэж сонсож байсангүй. Харин МУБИС-ийнБагшийн сургуулийн багш О.Нацагдоржийн удирддаг “Уран бийр” хүүхдийн уран зургийн дугуйлангийн сурагчдын ““ЕРТӨНЦИЙГ ХҮҮХДИЙН НҮДЭЭР” үзэсгэлэнУлаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвд нээгдсэнийг ихэд олзуурхан сонирхов.

Энд 70 гаруй хүүхдийн 200 орчим зураг бүтээл тавигджээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ардын уран зохиолч Т.Галсан, Ц.Байды тэргүүтэй Монгол Улсын гавьяат цолтой 11 эрхмээс гаднаОХУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга доктор Т.Ч.Будаева,эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид оролцсон ньцар хэмжээ, ач холбогдлыг нь илэрхийлсэн явдал байв.

Боловсролын салбарынхны дунд “Хүүхдийн зургийн таван ноён оргил”хэмээн яригддаг гарын таван хуруу шиг эрхэм бий. Тэд бол 48 дугаар сургуулийн гавьяат багш Ч.Бизъяа, Дундговийн О.Нацагдорж, Хэнтийн Ч.Даваажав, З.Баярмагнай, Говь-Алтайн Д.Цэдэн-Иш нар. Хүүхдийн зургийг уран бүтээлийн хэмжээнд аваачиж, монгол хүүхдүүдийн бүтээлийг дэлхийд таниулсан ачтанууд гэвэл энэ тавыг нэрлэнэ.

Таван ноён оргилын нэг О.Нацагдоржийншавь нарын үзэсгэлэннээгдээд буй нь энэ. Салбарынхан нь Дундговийн Нацагдорж хэмээн тодотгодог ч МУБИС-ийн Багшийн сургуулийн багш. Удирдаж байсан дугуйлангаас нь 20 гаруймэргэжлийн уран бүтээлчид төрөн гарснаас одоо Австралид амьдарч байгааБ.Одонуяа нэр цуутай калиграфич болсон. Ерөнхийлөгчийн сэнтийг урласан Б.Баатарсүрэн “Арга билиг” урлангийн захирлаар ажиллаж байгаа гэхчлэн дурдаж болно. Харин хамгийн ахмад шавь нь телевизээр“Би чадна” нэвтрүүлэг хөтөлдөг шог зураач А.Бат-Эрдэнэ.

О.Нацагдорж багшДундговь аймгийн Дэрэн, Өндөршил, Мандалговь суманд багшилж байхдаа “Уран бийр” дугуйлангаа хичээллүүлж хожим нь Говьсүмбэр аймаг, Улаанбаатар хотод үргэлжлүүлжээ. Одоо цагт хүүхдүүдийн авьяас сонирхлыг нь хөгжүүлэхийнтөлөө ингэж цаг заваа хумсалж яваа багш нар өдрийн од шиг болсон гэдэгтэй мөрийцсөнч яахав.

О.Нацагдорж багшийн зохиосон дүрслэх урлагийн 10 гаруй сурах бичигБСШУС-ын яамнаас зарласан сурах бичгийн тендерт шалгарч, одоо ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэгдэж байгаа юм. Мөн түүнийбагш оюутан, суралцагчдад зориулан зохиосон 20 гаруй ном гарын авлага зөвлөмжөөсМонголын урлагийн зөвлөл, Английн хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр“Дүрслэх урлагийнболовсрол” ном,цэцэрлэгийн хүүхдийн“Дүрслэх урлагийнхичээлийн багц үзүүлэн” ньулсын бүх сургуулиудад үнэ төлбөргүй тараагданашиглагдаж байна.

“Уран бийр”-ийнхэн 30-40 жилийн өмнө туурвьж байсан бүтээлүүдээ энэ үзэсгэлэнгээс олж харах боломжтойгоос гадна мэргэжлийн уран бүтээлчийнхэмжээнд хүрсэн зарим шавь нарынх нь одоогийн бүтээл мөнхамт дэлгэгдсэн байна билээ.

Үзэсгэлэнгийн үеэр О.Нацагдорж багштай товч хөөрөлдлөө.


-Үзэсгэлэн нээсэнд баяр хүргэе. “Уран бийр” дугуйлан хэдэн оноос хичээллэж байна вэ?

– Баярлалаа. Манай дугуйлан 1973 оноос эхлэн хичээллэсэн, одоо 46 дахь жилдээ үргэлжилж байна.

-“Уран бийр”-ийнхэн энэ хугацаанд ямар амжилт үзүүлж байв?

-Монгол хүүхдүүдийн бүтээлийг дэлхий дахинд таниулах, хүүхдийн зураг, сэтгэлгээгээр дамжуулж эх орноосурталчлах нэг боломж нь олон улсын хүүхдийн зургийн уралдаан байдаг.Манай хүүхдүүдийн уран бүтээл дэлхийн наадмаас ганзага хоосон ирж байсан удаагүй.

-Тухайлбал…

-Японы Канагава, Энэтхэгийн Шанкар, Чехийн Ледиц гээд дэлхийн хүүхдийн зургийн томоохон үзэсгэлэнгээс манай хүүхдүүд Гран-При болон тэргүүн байрын медиалууд авсан. Мөн Вьетнам, Польш, ОХУ-д болсон олон улсын үзэсгэлэнгийн тэргүүн байрыг “Уран бийр”-ийн хүүхдүүд эх орондоо авчирч байлаа.

-Олон медаль авч байжээ…

-Олон улсын хүүхдийн зургийн үзэсгэлэнгээс нийт дүнгээрээ 100 гаруй медаль, харин дотоодод болсон уралдаан үзэсгэлэнгээс 200 орчим медаль авсан байдаг юм.

-“Ертөнцийг хүүхдийн нүдээр” үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-Ирэх сарын 7 хүртэл үргэлжилнэ гэв.

“Ертөнцийг хүүхдийн нүдээр” үзэсгэлэнд Монголын хүүхдийн зургийн “Таван ноён оргил” хэмээн нэрлэгддэгтаван багшаас дөрөв нь хүрэлцэн иржээ. Монгол Улсын гавьяат багш Ч.Бизъяа: “Бид нарзалуу, бие биеэ танихгүй. Гэхдээ бие биеийнхээ тухай сонсоод л явдаг байлаа. Би Улаанбаатарт ажиллаж байсан болохоор мэдээлэлд арай илүү ойр байсан. Хожим энэ нөхөдтэйгээ танилцаж хүүхдийн зургийн чиглэлээр санаа оноогоо ярилцдаг болсон. Бидтав өөр өөрийн гэсэн арга барилтай. Манай Нацагдорж багшийн хувьд хүүхдүүдээрээ уран бүтээл хийлгэж, түүнийг нь 30-40 жил хадгалж байгаад одоо дэлгэн үзүүлж байна. Энэ зургийн эзэдийм олон жилийн хойно эргээд хүүхэд настайгаа учирч байгаа гэж итгэж байна” хэмээсэн юм.

Гавьяат багш,ХэнтийнН.Даваажав зорилго нэгтэй багшийнхаа тухай “ Манай Нацагдорж бага ангийн багш бэлтгэхийн зэрэгцээ зургийн багш бэлтгэдэг” хэмээн тодорхойлсон юм.

Тэрбээр хүүхдийн зураг бол сэдэв агуулга нь өргөн, ямар нэгэн зүйлд баригдаагүй байдаг гэдгийг онцолсон. Гэхдээ зураг бүхэн бүтээл биш бөгөөдхүлээн зөвшөөрөгдөж, үзэсгэлэн уралдаанд оролцсоны эцэст сая бүтээл гэж нэрлэгдэх эрхтэй болдогийгДаваажав багш хэлсэн. Үүнээс улбаалан “Ертөнцийг хүүхдийн нүдээр” үзэсгэлэндтавигдсан 200 гаруй зургийг уран бүтээл хэмээннэрлэх нь илүү зохимжтой юм шиг санагдлаа. Бидний сайн мэдэх Гүржээс эхлээд дэлхийн цөөнгүй орон хүүхдийн зургийн галерейтэй байдаг гэсэн. Монгол ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэхбодол үзэсгэлэнгийн танхимд үе үе өндөлзөж байв.

“Сургууль бол авьяастны өлгий” хэмээн Волков хэмээх сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн үг бий. Энэ өлгийг задалж, хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлж яваа хөтөчийн нэг нь О.Нацагдорж багш ажгуу. Хойч үеийнхний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа ийм хүмүүсийн буян дэлгэрэг ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд 800 хятад иргэн орогнож байсны цаад учир юу вэ?

-“ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД АЛБАДАН ГАРГАСАН ХҮМҮҮСИЙН ДУНД БАЙСАН” ГЭВЭЛ ЯАХ ВЭ-


Харь улсын 800 орчим иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүгэж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан дуулиант хэрэг мандлаа. Хэрэг мандаад дөрөв хонов уу, үгүй юу тэднийг манай хууль, хяналтынхан нутаг буцаачихлаа. Ард нь гурван сая монголчууд ийм олон хятад иргэн Монголд юу хийж байв гэдэг асуултын тэмдэгтэй л үлдлээ. Учир нь өнөө хэр энэ талаарх мэдээлэл бүрхэг хэвээр байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл “БНХАУ-ын иргэдтэй холбоотой үүссэн энэ асуудал мөнгө угаах хэмжээнд яригдаж байна. Мөнгө угаах гэдэгт тоглоом ч байж болно, бусад хэлбэрээр ч байж болно” гэсэн өөх ч биш, булчирхай ч биш энэ тайлбар олон нийтийг төөрөгдөлд оруулж буй. Тийм ч учраас хятадууд хэдэн зуугаараа Монголд орогносон шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа юм.

Хамгийн эхнийх нь Монгол Улс руу чиглэсэн цахим халдлага. Цахим халдлагын тухайд манай улс руу чиглэж гаднаас хэдэн мянган халдлага ирдэг гэлцдэг. Халдлагад өртөөд сүр дуулиан болдоггүйг бодоход манай улсын олон улсад эзлэх байр суурь жинтэй биш учраас тэгсхийгээд зогсдог гэх юм билээ. Түүнээс биш манайхан өөрсдөө тэр олон халдлагаас хамгаалдаг мундаг чадвартайдаа биш. Цахим халдлага, цахим гэмт хэрэг гээч нь дэлхийн аль ч өнцгөөс хандаж болдгоороо онцлог. Тиймээс манай улсад олон зуугаараа суурьшиж байгаад дотроосоо халдана гэдэг ойлголт өнөө үед өрөөсгөл. Тэр олон хакеруудыг унаа, хоол, байр, буудал гээд зардал өндөр гарна. Цахим халдлага хийхдээ тулбал 800 хятад биш, 10 чадвартай хакер байхад л хангалттай хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна.

Өөрөөр бидэнд бас нэг танил үндэслэл бол цахим орчинд худлаа мэдээлэл тараах тухай юм. Сошиал сүлжээ хөгжсөн сүүлийн дөрөв, таван жил манай улсад худлаа мэдээллийг яаж үнэн болтол нь хувиргаж чаддаг технологийг монголчууд бүрэн эзэмшээд төгсөж байна гэж хэлж болохоор байгаа. Гэтэл саяын 800 хятадыг энэ, тэр намын хөлсний бичээчид гэж ирээд цуурлаа. Монгол хэлээр хуурамч мэдээлэл түгээдэг хятад ч гэж юу байх вэ. Монголчууд өөрсдөө үүнийг өлхөн хийчих хүмүүс. Тиймээс өөр л асуудал байж таараа.

Сүүлийн үед эх газрын Хятад руу чиглэсэн цахим луйврын үйл ажиллагаа хүчээ авсан гэгддэг. 2016 онд Фижи улсын цагдаагийн байгууллага онлайн луйвар хийсэн хэргээр нэг дор 77 хятад иргэнийг баривчилж байжээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Филиппиний цагдаа нар бас л томоохон баривчилгааг хийжээ. Тус улсын Манила хотын дүүргүүдэд бүгээд байсан 542 хятад иргэнийг баривчилсны дотор нь 400 гаруй нь БНХАУ-ын иргэд байжээ.

Тэдний баригдсан газраас өндөр хүчин чадалтай компьютер, гар утас олноор гарсан гэдэг. Тэднийг интернэт орчинд луйвар хийдэг гэж буруутгасан юм. Үүнээс гурван сарын дараа Камбожид дээрхтэй ижил үндэслэлээр 235 хятад иргэнийг саатуулсан тохиолдол гарсан байна.

Хятадад сүүлийн жилүүдэд онлайн худалдааны платформуудад review, comment бичдэг үйлчилгээ дэлгэрч, энэ төрлийн бизнес хүчээ авсан гэнэ. Тиймээс Хятадын дотоод хяналтаас зугтаж хилийн чанадаас хийдэг бүлэглэл бий болсон гэж үздэг аж. Нөгөө талаар лайк дарж мөнгө олдог Click Farm, Pay-per-like гэх шинэ төрлийн бизнес ч байдаг юм байна. Үүнийг Монголоос хийлээ гэхэд бас л зардал мөнгөний асуудал яригдана. Зүүн Өмнөд Азийн орнуудад үүнийг хийх боломжийн нөхцөлтэй газрууд байдаг гэлцэх.

Баригдсан иргэдийг харахад Бээжингээс өмнөд хэсгийн хятадууд гэдэг нь шууд харагдана лээ. Хамгийн сүүлчийн хувилбар нь Хонконгийг дэмжигчид Монголд үүрлэсэн гэх үндэслэл. Энэ цаг үед БНХАУ, Хонконг хоёрын хооронд үүссэн асуудал дэлхийн анхаарлын төвд буй. Үүнтэй холбон тайлбарлах үндэслэл ч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хонконгийн үймээн самууныг Хятадын хилийн гаднаас дэмжих зорилгоор нийгмийн сүлжээнд дэмжлэг олох гэсэн оролдлого байж болох талтай. Улаанбаатарын томоохон зочид буудлуудаас баригдсан 800 орчим иргэний 300 нь хонконг иргэд байсан гэх мэдээлэл дуулдаад байгаа. Хонконгийг дэмжигчид Монголд үүрлэснийг Хятадын аюулаас хамгаалах байгууллага мэдээлж, манай талд дуулгасан гэх албан бус мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Хятадаас ирүүлсэн мэдээллээр хонконгчуудыг баривчилсан гэгдэж байна. Баривчилгаа хийгдэж эхэлсэн даруйд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гарган “Монголын хууль хүчний байгууллагыг дэмжин, бат нягт хамтран ажиллана” гэж мэдэгдсэн шүү дээ. Түүнээс биш манай хууль хяналтынхан өөрсдийнхөө ур чадвараар илрүүлсэн гэхэд үнэмшил багатай л сонсогдоод байгаа юм. Хэдэн жилийн өмнө онгоцны сэлбэг хил давуулах гэж байсан үйлдлийг манай хууль хяналтынхан бус хил дамнан олон улсын байгууллагаас мэдэгдэж зогсоож байсан жишээ бий. Тиймээс энэ бол хамгийн бодит тайлбар ч байж мэдэх.

Цахим халдлага, цахим луйвар, худлаа мэдээлэл тараах ажиллагаа, Хонконгийн жагсагчдыг дэмжих ажиллагаа аль нь ч бай 800 хятад иргэн нэг зорилгоор нэг дор ажиллаж байсан нь Монгол Улсын хувьд аварга том тоо. Тагнуул, цагдаа, хил, гааль, иргэн харьяат гээд холбогдож болох бүхий л байгууллагын хувьд онцгой нөхцөл байдал мөнөөсөө мөн. 800 хятад иргэн Монгол Улсад баригдаж байна гэдэг Филиппин, Камбож, Фижи зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудад баригдаж байсан хятадуудаас хавь илүү тоотой байгаа нь анхаарал татна. Тийм ч учраас Монгол Улсын хууль хүчний байгууллагад том дохио боллоо. Бас тэд ямар сул, арчаагүй гэдгээ харууллаа. Улс орны аюулгүй байдал тэг заасныг мэдэгдлээ. Монгол Улс эзэнгүй орон болсныг баталж орхив.

Хууль хүчнийхэн эдгээр хятадуудыг өнгөрсөн наймдугаар сараас хойш ажигласан, хяналтдаа авсан гэж мэдэгдээд байгаа. Үнэндээ энэ бол тийм ч үнэмшихээр тайлбар биш. 80 хятадаас 800 болтлоо нэмэгдээд юу хийж байсныг хоёр сарын дараа ч бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй байгааг харахад л ойлгогдоно. Хятадуудыг баривчилсны дараа л Засгийн газар хаалттай хурал зарлаад хууль хүчнийхнээс тайлбар сонсч буй нь Монголын төр ч, хууль хүчнийхэн ч бэлтгэлгүй, мэдээгүй байсны тайлал бус уу.

Дээр нь энэ улсын тусгаар тогтнолын манаачид болох тагнуул, цагдаа, хил, гааль, иргэний харьяатын үйл ажиллагаа ямархан явагддагийг ёстой нэг ард түмэнд илчилж өглөө. Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн бага хурал зарлан “Манайд 130 гаруй улсын 28 мянган орчим иргэд оршин сууж байгаа. Тэдний 13 мянга орчим нь БНХАУ-ын иргэд байна. Эдгээр бүх иргэд Монгол Улсын хууль хяналтын байгууллагын бүртгэлгүйгээр, хяналтгүйгээр оршин суух боломжгүй” гээд ам бардам ярьж суусан сан. Гэтэл нэг дороос хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 800 хятад иргэний баривчилгаа юу болж таарав. Нэг удаагийн баривчилгаагаар ингэж хэдэн зуугаараа гарч ирж байгаа юм чинь дахиад ухвал хэчнээн бүртгэлгүй, хууль бус хятад иргэд байгаа бол. Ялангуяа холын аймгуудад бүр ноцтой тоо гарч мэдэхээр нөхцөл байдал бий болсныг орон нутгийнхан байсхийгээд л гомдоллодог.

“Визний наймаа ви-чатаар л явагддаг ш дээ” гэх дипломат асны яриа хуучраагүй байх энэ үед хийгдсэн 800 хятадын баривчилгаа үнэхээр л манай улс руу нэвтрэх виз олголт хяналтгүй, авлигаар явагддаг нь тодорхой болж орхилоо. Ялангуяа Эрээн, Хөх хотын Консулын газарт энэ асуудал хамгийн их хамаатай.

Аль ч улсад зочид буудлууд хууль, хяналтынхны байнгын хараанд байдаг. Болж бүтэхгүй болгон зочид буудалд өрнөдөг болохоор тэр. Энэ удаа ч тэглээ. Улаанбаатар хотын томоохонд тооцогддог таван буудлаас хятадуудыг саатуулсан билээ. Тэгвэл тэдгээр буудлын зарим нь хятад эзэдтэй гэх мэдээлэл гарсан юм. Зарим нь сар гаруйн өмнөөс буудлынхаа гадна хашаагаа өндөрсгөж, хаалттай болгон, хөл хорио тогтоосон гэх юм билээ. Үнэхээр ч тийм болж таарлаа. Түүнээс биш олон зуун хятад иргэн төвхнөөд, учир битүүлэг үйл ажиллагаа хийж байгааг харсан монгол нөхөр эрх биш дуугүй явмааргүй юм. Үүрэн холбооныхон ч тэр. 10,000 сим худалдаж аваад л, интернэт сүлжээгээ өргөтгөөд байгааг үндэсний гэгддэг утасны компаниуд ажиглаа болов уу. Эсвэл тэдэнд ашиг л чухал байв уу. Дээр нь тэр олон гар утас, 1000 орчим компьютерийг хил гаалиар оруулж ирээд, утасны төвүүдээс цуглуулж байхад монгол хүний гар оролцсон л байж таараа. Тэд бүгд эх орноосоо урважээ.

Ингээд эцэст нь тэдгээр хятад иргэдийг хүчний байгууллагаас саатууллаа. Саатуулсан ч гэж дээ, байрлаж байсан зочид буудалд нь хамгаалж байсан гэвэл илүү тохирно. Үүнийгээ манай хууль, хяналтынхан “Баривчилж хорих байр савны хүрэлцээ муу” гэж тайлбарласан юм. Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-нд монгол залуусаа мянгаар нь “Дэнжийн 1000”-д хорьж байсан удаатай юмсан, уг нь. Монголчуудыг барьж хорих нүх сав хаана ч олддог, хятадуудад олддоггүй, тансаг зочид буудалд тааваар нь хэвтүүлж байгаад явуулсан сонин л явдал боллоо доо.

Гэхдээ юмыг хэтэрхий харлуулсан гэж ойлгох вий. Хоёр талтай авч үзэх зарчмынхаа хүрээнд эдгээр 800 орчим иргэн Монгол Улсад ямар үр өгөөж өгөв гэдгийг тооцох гээд үзье. Тодорхой зүйл нь буудлын хөлс, хоол ундны зардал, үүрэн холбооны компаниас 10,000 сим худалдаж авсан орлого, интернэт ашигласан төлбөр мэтхэн л байх болов уу даа.

Ийнхүү монголчууд 800 хятад иргэн баригдлаа гэсэн сүр дуулиантай өгүүлбэрээс цааш гараагүй байтал дуулианы эзэд нутаг буцчихлаа. Тэднийг ямар ч хэрэгт буруутгасангүй, шүүхээр ч оруулсангүй. Дэлгүүрээс талх хулгайлсан, машин мөргөсөн хэнбугайг ч манай цагдаа нар шалгаж байна гээд уяж чаддаг. Шүүхээр оруулдаг, ял оноодог улс. Гэтэл цахим гэмт хэрэг өдүүлж олон улсын онц ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан хятад иргэд ямар ч шийтгэлгүй гэртээ харьчихдаг нь шударга явдал мөн үү. Тэднээс 14 хятадыг хоёр монголтой нь барьж үлдсэн гэж байгаа. “Гол зохион байгуулагч албадан гаргасан хүмүүсийн дунд байсан” гэвэл яах вэ. Энэ мэтчилэн ээдрээтэй, бүрхэг, бүр гайхмаар үйл явдал өнгөрсөн хэдхэн хоногт болж өнгөрлөө.

Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн хууль зөрчин олон улсад хориотой гэмт хэрэг үйлдэж байсанд холбогдох байгууллагын албан тушаалтнууд одоо хариуцлага хүлээх ёстой. Гэтэл эсрэгээр нь гавьяа байгуулсан юм шиг таахалзах боллоо. Хууль бус үйл ажиллагаа явуулах зорилго агуулан нэг биш, хоёр биш, бүхэл бүтэн 800 хүн хилээр орж ирээд тусгаар тогтносон улсын нийслэлд төвхнөөд хоёр сар орчим болохдоо юу хийсэн нь өнөөдөр хүртэл тодорхойгүй байна. Маш эрсдэлтэй хоёр сарын хугацаа өнгөрснийг монголчууд ухаарах ёстой. Бидний дэргэд, хууль хяналтынхны хамар дор технологийн өндөр мэдлэгтэй залуус гэмт хэрэг үйлдэж байж. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн хил, гааль, гадаадын иргэн харьяат, цагдаа, тагнуулаас хариуцлага хүлээх ёстой бус уу, сайд, дарга нар аа.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд тогонд цохиулж нас баржээ

Сонгинохайрхан дүүрэгт эцэг эх, асран хамгаалагчийн болгоомжгүйн улмаас бага насны хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт шургуулж, улмаар цахилгаанд цохиулж нас баржээ.

Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дах Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд, эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.04-ний өдөр нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 260-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэнээс 1 хүүхэд гэмтсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, 2019.11.04-ны өдрийн 18:00 цагийн орчимд БЗД-ийн 4 дүгээр хороо Доржийн гудамж “97-р” сургуулийн зүүн замд Тoyota Land-Cruiser маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 5 настай А-г гарцгүй газраар ахын хамт зам хөндлөн гарах үедээ мөргүүлж гэмтжээ.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-д болсон шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэргүүн байр, Б.Пүрэвдорж 5-р байр эзэлжээ

ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн аравдугаар сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ.

ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг найман орны парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо 5-р байр эзэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн байна.

Тэмцээнд Их мастер цолтон, Европын цомын аварга, ОХУ-ын багийн болон клубийн тэмцээний аварга зэрэг өндөр зэрэглэлийн шатарчид оролцжээ.

Парламентын гишүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон гишүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар уулзаж, баяр хүргэсэн байна. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын хууль тогтоогчидтой оюуны спортын төрлөөр өрсөлдөж өндөр амжилт гаргасан Та бүхэнд талархал илэрхийлье. Монголын парламентад шатрын спортоор хичээллэгч гишүүд цөөнгүй бий. Цаашид тус тэмцээнд бэлтгэж, тогтмол оролцож байх нь чухал юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн Засаг дарга Туулын задгайд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туулын задгайд нийт 50 гаруй өрх 250 орчим хүн амтайгаар туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй бүсэд оршин суудаг.

2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу бямба гарагт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус байршилд оршин суудаг өрхүүдийн бодит нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Туулын задгайд үерийн ус зайлуулах шугам, хоолой байдаг ч ус урссан үед аюултай нөхцөл байдал үүсдэг. Жилийн жилд ордог борооноор хог, лаг шавар тунаж, ус зайлуулах хоолойны бараг талыг нь бөглөчихнө. Эдгээр зөвшөөрөлгүй буусан айлуудыг аюултай бүсээс нүүлгээд өөр газарт шилжүүлэх боломж, нөхцөл одоогоор алга бөгөөд олон жил оршин суусан учраас газрын зөвшөөрлийг авах хүсэлтэй байгаагаа иргэд уламжлав. Дээрх айл өрхүүдийн дийлэнх олонх нь хууль бусаар суурьшсан бөгөөд барилгын хог, дайрга шороо асган тэгшилж, буусан хавар, зуны улиралд үерийн аюултай нөхцөлд амьдардаг.

Иймд дүүргийн Засаг дарга голын дагуу зөвшөөрөлгүй буусан айлуудын төлөөлөлд хандан та бүгдийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орж болзошгүй тухайг анхааруулж, голын ай сав дагуу газар эзэмших боломжгүй хэмээлээ. Цаашид айл өрхүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллах тухай холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч ажиллалаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Halloween-ийг хориглож, Дүйцсэн өдрийг хуульчлах нь цаг үеэ олсонгүй

Христийн шашны том баяр Halloween-ий баяр энэ сарын 31-нд болно. Монголын хүүхэд залуусын хүсэн хүлээдэг баярын нэг нь энэ болсон. Гэвч энэ баярыг тэмдэглэхийг хориглосон БСШУС-ын сайдын тушаал өнгөрсөн жил гарсныг хүчинтэй хэвээр хэмээн өнөөдөр зарлаж байна. Төрийн болон хувийн хэвшлийн бүх сургуулийн удирдлагуудад хандан “Тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тус баяр байхгүй шүү…” гэдгийг сануулж зөрчвөл хуулийн хариуцлага хүлээхийг мэдэгджээ.

Энэхүү Halloween-ий буюу сүнсний баярын түүх домгийг дэлхийгээрээ мэднэ. 2000 жилийн өмнөөс эхтэй. Өвөл эхлэхийн өмнө муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирж тэнүүчилдэг тул зайлуулахын тулд аравдугаар сарын 31-ний өдөр галын наадам хийж, элдэв баг зүүсгэл өмсөн ёслол үйлддэг. Хүүхдүүд гартаа уут бариад хөрш айлуудаар хэснэ. Айлууд тэдэнд амттан шимттэн өгдөг. Ингэснээр муу ёрын сүнснүүд дахиж айлуудаар эргэлдэхгүй гэсэн үг юм. Мөн хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу “юм” болж мэднэ гэсэн мухар сүсэг, манайхаар бол дом л юм даа. Сүүлийн үед хүүхдүүдийг баярлуулах сайхан үйл явдал гэж цөөнгүй хүмүүс харах болсон юм.

Монголчуудад бас иймэрхүү дом байдаг. Цагаан сараар могой цайлна гэсэн домыг хөдөөний ихэнх айлууд хийдэг. Хавар ичигсэд хөдлөхөөр могой “Өвөл унтаж байхдаа ороогүй юм зун нь яаж орох билээ” гээд гэрт ордоггүй юм гэсэн. Үүн шиг чөтгөрийг дайлж цайлчихаар дахиж ирэхгүй гэсэн Христийн шашинтнуудын дом байх л даа. За энэ дом ч яахав, ер нь үүсэл зохицол нь ийм юм. Halloween-ий баяраар манай хүүхэд багачуул бэлэг авдаг, хөөрч догдолдог, ер нь нийгэмд гэгээлэг сайхан уур амьсгал бүрдүүлсэн баяр яах аргагүй мөн болжээ. Нийгэмд ийм нөлөөтэй баярыг муухай, муу ёр гээд, тэмдэглэсэн сургуулийн захирлуудыг орон шоронд явуулна гэж араа шүдээ хавируулаад байгаа нь хуучны цөвүүн цагийг санагдуулаад байх юм. Их зохиолч Д.Нацагдорж Христийн мэндэлсэн өдрийг Монголд тэмдэглээд шоронд орсон юм шүү дээ. Сургуулийн захирлуудад тийм хэрэг явдал тохоогдох гээд байгаа юм уу.

Энэхүү шашны баяртай давхцуулан Бурхан багшийн их дүйцсэн өдрийг амралтын өдөр болгохоор хуульчлан оруулсан нь цаг үеэ олоогүй хэрэг боллоо. Дэлхийн 100 гаруй улсад өөр өөрийнхөө өнгөөр тэмдэглэдэг баяр юм. Гэтэл энэ баярт хүндэтгэлтэй ханддаг орон үндэстэн бүрийн эсрэг сөрж байгаа юм шиг үйлдлийг манай дарга нар хийж байна. Өнөөдрийн төр засгийг удирдаж байгаа хүмүүсийн нүүр царайг харуулсан үйлдэл юм даа. Монголын төрд байгаа хүмүүс ямар ч бодлогогүй, нийгмийн уур амьсгалыг мэдэрдэггүй, аливаа юмны наадах цаадахыг гадарладаггүй, унтаж босож ирээд нэг л өглөө гэнэтийн шийдвэр бариад ухасхийдэг, хэрсүү бус байдлыг харуулсан үйл явдал болж байна. Өнөөгийн дэлхий ертөнц хил хязгааргүй шахуу болсон ийм цаг үед жижигхэн Монголын удирдагчид маш ухаалаг байх ёстой. Аливааг олон талаас нь харах, цаг үеэ үргэлж анзаардаг байхыг тэднээс нийгэм шаардаж байна даа. Мэдээж монголчуудад Дүйцсэн өдрийг тэмдэглэх өч төчнөөн шалтгаан бий. Дүйцсэн өдөр нь тэмдэглэх ёстой баяр мөн. Дэлхийн олон улс орон өөрсдийн шүтдэг шашны баяраа тэмдэглэдэг. Үүнээс бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс байдгаас ес нь албан ёсны амралтын өдөртэй юм билээ. Христийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 160 орон байдаг гэсэн. Дэлхий нийтэд ард иргэдээ амраадаг баярын хоног дунджаар 30 байдаг аж. Монголд энэ өдөр бага. Тэглээ ч тэмдэглэдэг баяруудаасаа нэгийг нь хасаж байгаад Бурхан багшийн дүйцсэн өдрийг амралтын өдөр болгох, монголчууд энэ өдөр архи тамхи, муу бүхнээс хол, буян хийж өнгөрөөе гэсэн зорилгоор энэ хуулийг санаачилсан гэж хууль санаачлагч гишүүд ярьж байна лээ. Нэг их буруу сонсогдохгүй, үндэслэл нь ч үнэмшилтэй байгаа юм.

Тэгвэл үүнтэй адилаар Halloween-ий баярыг тэмдэглэх өч төчнөөн шалтгаан байгаа. Нийгмийн уур амьсгал талаасаа ч тэр, улс төр талаасаа ч тэр. Ер нь бол аль нэг улсад, аль нэг шашин болон шашны урсгалыг онцгойлж үзвэл шашин хоорондын эв эвдрэх эхлэл, аюул тэр болдог дэлхийн практик байна. Яагаад гэвэл дэлхийн бүх шашны урсгал нийгмийн оюун санааг удирдаж, нэгтгэж, зохион байгуулж байдаг. Хамгийн хүчтэй хэрэгсэл. Тийм болохоор бид үүн дээр их ухаалаг бодлого барих хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд шууд хориглох, хаах шийдвэр нь хүчтэй сөрөг үр дагавар дагуулдаг боллоо. Тийм учраас сүүлийн үед хөгжсөн орны төрийн бодлого “Зөөлөн хүчний бодлого” гэсэн албан ёсны нэр томьёонд шилжсэн. Хөгжсөн, хөгжиж буй аль ч улс орнуудад “Шууд хориглолоо” гэсэн хууль, тушаал захирамжаас аль болох зайлсхийх болсон.

Саяхан манай их хамба Чойжамц гуай “Бурхан багшийн их дүйцсэн өдрийг шашнуудын эв эеийн өдөр болгон тэмдэглэмээр байна” гэж айлдсан нь их зөв юм. Шашнуудын эв эеийг хангахын тулд шашнуудын баярыг алагчлалгүй тэмдэглэе. Тэр Исламын шашны рамадан баярт нь ч хүндэтгэлтэй хандъя. Halloween-ий баяр шиг хориг тээг тавьдаггүй, тэмдэглэх хүмүүс нь тэмдэглээд яваг. Монголын эрх баригчдын Halloween-ий баярыг хориглосон шийдвэрийг дэлхий анзаарсан шүү дээ. Мэдээллийн томоохон агентлагууд мэдээлсэн. Тухайлбал Ройтерс агентлаг тэр дор нь Монголд “Halloween”-ий баярыг тэмдэглэхийг хориглосон талаар онцлон мэдээлсэн юм. Мэдээний утга нь “Монголын ерөнхий боловсролын сургуулиудад “Halloween” буюу сүнсний баяр тэмдэглэхийг хориглосон байна. Энэ нь далайд гарцгүй тус улсын буддын шашны уламжлалыг үгүйсгэхэд нөлөөлж болзошгүй хэмээн эмээж буй явдал юм. Хүүхдүүд сүнсний баярын хувцсанд зориулж бэлтгэл хийн эцэг, эхээсээ мөнгө татсан талаарх гомдлыг яаманд илгээсэн бөгөөд үүний дагуу бүх сургууль руу удирдамж явуулсан аж. Сүнсний баяр албан ёсоор тэмдэглэлт баярт ордоггүй ч өргөн тэмдэглэдэг бөгөөд харин энэ жил бүх ерөнхий боловсролын сургуулийг хориглосон байна…” гэхчлэн дэлхийд зарласан.

Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг хичээж яваа. Тэрний нэг нь яах аргагүй шашин. Дэлхийн хөгжсөн, хөгжиж буй, хөгжих гэж зовж буй, нийтдээ 160 гаруй улс орон шашны бүх урсгалд хүндэтгэлтэй хандаж, нээлттэй байх болсон. Монгол Улс тэднээс сондгойрч, дэлхийгээр нэг тэмдэглэдэг шашны уламжлалт зан үйлд алагчилж хандаад яахав. Тэртэй тэргүй Монгол Улсын 15 наснаас дээш хүн амын 56 хувь нь буддын шашинтай гэсэн судалгаа бий. Энэ бол стандарт үзэгдэл. Тийм болохоор “Halloween”-ий баяраа ч тэмдэглэг, Бурхан багшийн их дүйцсэн өдрөө ч тэмдэглэг. Харин эдгээрт төр засаг оролцдоггүй байя.


Categories
мэдээ нийгэм

11 дүгээр сарын 5-нд болох үйл явдлын тойм

09.30 цагт Санхүүгийн зохицуулах хороонд тус хорооны дарга С.Даваасүрэн мэдэгдэл хийнэ. Утас: 80881000

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгт “Газком компани болон Японы “Риннай”, “Кусакава Когёо” компанийн удирдлагууд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн“Хийн шийдэл” төслөө танилцуулна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Нарны хүү, сарны охин” компанид байр захиалаад хохирсон иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт “Урангүй Монгол” хөдөлгөөнөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт Их танхимд “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” нэгдсэн хуралдаан эхэлнэ.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ улс-төр

Б.Баттөмөр: Мөнгө угаахтай тэмцэх ажлыг үндэсний хэмжээний үйл ажиллагаа болгосноор үр дүнд хүрнэ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та 2007 онд “Мөнгө угаах гэж юу вэ” гэх ном бичиж байсан. Ер нь мөнгө угаах гэдгийг энгийнээр тайлбарлавал?

-Хамгийн энгийнээр тайлбарлахад мөнгө угаах гэдэг нь хууль бус, бохир аргаар олсон мөнгөө хууль ёсны мэт харагдуулах арга гэж хэлж болно. Мөнгө угаахдаа зэвсгийн хууль бус худалдаа барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины хууль бус эргэлт, биеэ үнэлэх, хүний наймаа зэргийг ашигладаг гэж үздэг. Мөнгө угаах үйл ажиллагаа төрөл бүрийн гэмт хэргийг араасаа дагуулдаг. Мөнгө угаах гэдэгт татварын луйвар, хууль бус бүх худалдаа үйлдвэрлэл, терроризм, болон бусад гэмт хэргээс олсон бохир мөнгө мөн хамаарна. Түүнчлэн төрийн мөнгийг шамшигдуулах, ашиглах, албан тушаалын гэмт хэрэг, авлига хээл хахууль, компьютерээр дамжих луйвар зэрэг нь их орлогыг хуримтлуулах учир түүнийг угаах шаардлага заавал гарна. Ийм мөнгийг угаахын тулд хууль дүрэм нь хэрэгждэггүй, татвараас зайлсхийх боломжтой газрыг сонгодог.

-Мөнгө угаах гэмт хэргийн талаар та өөрийн байр сууриа илэрхийлээч?

-НҮБ-ын Хар тамхи болон гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг (UNODC)–ийн үзэж байгаагаар мөнгө угаагчид хар тамхины хууль бус худалдаа болон зохион байгуулалттай гэмт хэргээс асар их орлого олж, ойролцоогоор дэлхийн ДНБ-ий 3.6 хувьтай тэнцэх мөнгө буюу 1.6 их наяд ам.долларыг жилдээ угааж байна. Сүүлийн жилүүдэд мөнгө угаах гэмт хэрэг олон улсын шинжтэй болж, санхүүгийн гэмт хэрэг үйлдэхэд технологийн дэвшлийг ашиглах болсны дээр олон улсын гэмт хэрэг олон талт асуудлыг үүсгэх боллоо.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмтхэрэг, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, хар тамхи хууль бус худалдаатай тэмцэхийн тулд улс орнууд хүчээ нэгтгэн харилцан бие биедээ туслах, мэдээлэл солилцох, санхүүгийн гэмт хэргийг илрүүлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Саяхан манай улсад 800 орчим хятад иргэд компьютер, гар утас, ашиглан хийж байсан ажил нь мөнгө угаах чиглэлээр хийгдсэн байх өндөр магадлалтай. Хууль хяналтын байгууллага шалгаж шийдэх байх.

-Дэлхий дахинд анх хэн, хэзээ, хаана мөнгө угааж эхэлсэн юм бол?

-Ер нь мөнгө угаахын товч түүх нь төрөөс олсон мөнгөө нуух, тухайлбал хураан авахаас болон татвар ногдуулахаас зугтаах зорилгоор нууж ирсэн байдаг. Хэзээ мөнгө угааж эхэлснийг тодорхой тогтоогоогүй хэдий ч 2000 жилийн тэртээгээс Хятадын худалдаачид мөнгө хөрөнгөө нуух, бөглүү тосгонд аваачиж хөрөнгө оруулах өөр улс оронд гаргах зэрэг арга хэрэглэдэг байжээ. Ийм маягаар оффшорын бизнес үүсч, татвараас зугтаах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг. Хэдэн мянган жилийн туршид хүмүүс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө угаахдаа гол төлөв засгийн хараанд орохоос сэргийлж зугтаалгах аргыг түгээмэл хэрэглэдэг байсан. 1980-аад оноос олон улсын хэмжээнд мөнгө угаахыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж эхэлсэн. 1989 онд FATF(Financial Task Ac­tion Force)байгуулагдсан. 1990 онд гаргасан анхны тайландаа энэ байгууллага мөнгө угаах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж хуульчлахыг зөвлөмж болгосон.

-Мөнгийг хэн угаадаг вэ?

-Нийгмийн бүх давхаргын төлөөлөгчид санаатай болон санаандгүй байдлаар энэ гэмт хэрэгт холбогддог. Хэн нэгэн хүн гэмт хэрэгтний хууль бусаар олсон мөнгийг угаахад оролцсон бол мөнгө угаагч болно гэсэн үг л дээ. Мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг эдийн засгийн гэмт хэрэг гэдэг. Энэ нь голдуу амар хялбар аргаар богино хугцаанд баяжих хүсэлдээ автагдан мөнгө угаадаг. Гэмт хэрэгтнүүд олсон мөнгөө дараагийн гэмт хэргээ санхүүжүүлэх, хаа нэг газар нуун дарагдуулж байгаад ашиглах, эсхүл шууд ашигладаг.

-Мөнгө угаах үе шатууд гэж байх уу?

-Мөнгө угаах хэд хэдэн үе шат бий. Хууль бус орлогоо эхлээд санхүүгийн байгууллага руу оруулж ирэхийг хичээдэг. Банкны данс руу оруулж ирэхдээ хэд хэд хувааж, багасгах замаар оруулдаг. Нэгэнт оруулсан мөнгөө буцааж гаргахын тулд мөнгө угаагч худалдан авсан барааны үнэ төлөх, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгох, үйлчилгээний төлбөр болгох гэх мэтээр банкнаас банкны хооронд шилжүүлж эхэлнэ.Ингэхдээ мөнгө угаахын эсрэг арга хэмжээг сайн хэрэгжүүлдэггүй, ФАТФ-ын шаардлагыг биелүүлдэггүй, биелүүлсэн ч хагас дутуу биелүүлдэг орныг сонгож авдаг. Хэд хэдэн удаа ийш тийш дамжуулан шилжүүлж байгаад дараа нь хууль ёсны эх үүсвэр болгоод буцаад анх шилжүүлсэн орондоо байршуулна. Мөнгийг угаах явцад оффшор санхүүгийн, бүс нутгийн санхүүгийн, дэлхийн хэмжээний банкны төвүүдийг ашигладаг. Зарим тохиолдолд мөнгө хаана байж байгаад хаашаа шилжсэн нь тодорхойгүй, үндсэндээ мөрөө баллуурдах замаар гүйлгээ хийдэг.

-Олон улсын хэмжээнд мөнгийг хаана байршуулдаг, ямар аргаар цэвэршүүлдэг талаар мэдээлэл хэр нээлттэй байдаг вэ?

-Мөнгө угаахдаа эхлээд гэмт үйл ажиллагаанаас олсон орлогыг байршуулна. Дараа нь ямар замаар хаанаас орж ирсэнийг далдлах зорилгоор ийш тийш шилжүүлэх үйл ажиллагаа явуулна. Эцэст нь хууль ёсны болгож авдаг. Өөр нэг арга нь бэлэн мөнгөний урсгалыг хянахад төвөгтэй бизнес эрхэлж, бага багаар хөрөнгө оруулж, түүндээ татвар төлөх явдал юм. Дансаар дамжуулан байршуулах аргыг өргөн хэрэглэдэг. Гадаадын хадгаламж авагч байгууллагуудад зориулан данс нээхдээ санхүүгийн байгууллагуудад хянуур хандвал зохилтой. Яагаад гэвэл гадны болон дотоодын банк нь мэдээгүй байхад үйлчлүүлэгч нартай чекээр үйлчлэх данс нээх үзэгдэл түгээмэл байдаг.

-Дэлхийд болон Монгол Улсад мөнгө угаах үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа гол шалт-гааныг та юу гэж харж байна вэ?

-Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд гол бэрхшээл үүсгэж байгаа нэг зүйл нь дэлхийн өнцөг булан бүрээс өдөрт хэдэн саяаараа дамжиж байгаа банкны гуйвуулгын тоо хэмжээ юм. Банкаар дамжуулан мөнгө угаахаас гадна гэмт бүлэглэлүүд хөрөнгийн биржийн арилжаа, санхүүгийн байгууллага, шуудан харилцааны газрууд, казино, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, болон банк бус санхүүгийн байгууллага, зээлийн хоршоогоор дамжуулан мөнгийг угааж байна. Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд үүсдэг гол бэрхшээл нь улс орнуудын хувьд уг асуудлыг хэрхэн авч үзэж байгаа,түүнтэй хэрхэн тэмцэж байгаа арга хэрэгсэлтэй холбоотой. Зарим оронд мөнгө угаах арга ажиллагааг гэм хэрэг гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхад зарим оронд үүнийг хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас гэмт хэрэгтнүүд буруу замаар олсон орлогоо гагцхүү тэдгээр орнуудад очиж угаах сонирхолтой байдаг.

Хэрэв их хэмжээний хууль бус орлогоо эргэлтэд амжилттай оруулж чадсан бол мөнгө угаагчдын үйл ажиллагааг илрүүлэхэд бэрх болдог. Нуун далдлах үе шат гэдэг нь гадна талаас нь харахад хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа дүр үзүүлэх боловч мөн чанартаа мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Зарим улс орнуудад валют солих диллерийн үйл ажиллагаанд бараг хяналт тавьдаггүй учраас бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн тухай нарийн дүн бүртгэл хөтлөхийг шаарддаггүй. Мөнгө угаагч нь мөнгөө гадаад валютын чек болгоод гадаадын дансанд чекээ оруулдаг. Эсхүл гадаадаас бараа худалдан авахад түүгээрээ төлбөрийн тооцоо хийдэг. Түүнчлэн валют солих сүлжээгээр өөрийн орон руу мөнгөө шилжүүлдэг.

-Мөнгө угаах гэмт хэргийн хор уршиг маш их байна. Тэдгээрээс хамгийн ноцтой аюултай нь юу вэ?

-Мөнгө угаах нь гэмт хэрэг бөгөөд улс орны нийгэм, эдийн засагт асар их хор хохиролтой. Мөнгө угаах бизнес нь хар тамхины наймаачид, контрабанд үйлдэгч нар болон бусад гэмт хэрэгтнийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд түлхдэг. Мөнгө угаах нь хууль сахиулах байгууллага, эрүүл мэндийн үйлчилгээний өртөг зардлыг нэмэгдүүлж, санхүүгийн байгууллагын хүчин чадлыг доройтуулдаг. Мөн хууль бусаар олсон их хэмжээний бэлэн мөнгийг эргэлдүүлдэг учраас авлигыг цэцэглүүлэх гол суурь болдогоороо маш хохиролтой. Мөнгө угааснаар улсын төсөвт орох орлого буурч, татвараа шударгаар төлөгч иргэдийг хохироож, ажлын байр шинээр бий болох боломжуудыг бууруулдаг.Мөн иргэдийн амьдралын чанарыг доройтуулж, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ.

-Банк санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаах тохиолдол их байдаг уу?

Мөнгө угаах нь хамгийн түрүүнд банк, санхүүгийн байгууллагуудын үйчилгээний зах зээлд сөргөөр нөлөөлж, ёс зүй, бизнесийн хэм хэмжээг доройтуулна. Санхүүгийн байгууллагын нэр хүнд, ёс зүй асар өндөр байж олны итгэлийг хүлээж, мөнгийг нь байршуулж, өөрсдөө оршин тогтнож, ашиг орлого олдог. Мөнгө угаалтад өртсөн санхүүгийн байгууллага, банк дотооддоо болон гадаадын харилцагч, дамжуулагч банкуудаа алдаж, гүйлгээ хийх боломжоо хумих аюултай. Мөнгө угаахтай холбогдож бизнесийн нэр хүндээ алдах нь банк, санхүүгийн байгууллагын хувьд дампуурах нөхцөлөө бүрдүүлсэнтэй адил сөрөг нөлөө үзүүлнэ. Ийм учраас дэлхий дээрх бүх банк, санхүүгийн байгууллага мөнгө угаахын эсрэг арга хэмжээгээ чангатгаж байна. Макро эдийн засгийн түвшинд мөнгө угаах явдал ихээхэн хэмжээний сөрөг нөлөөг үзүүлэх бөгөөд мөнгөний хомсдол үүсэх, хууль ёсны санхүүгийн гүйлгээнд хортойгоор нөлөөлөх, гадаадын капиталын урсгалд өөрчлөлт орох, валютын ханш өсөх, хил дамнасан хөрөнгийн гадагшлах урсгал гэнэт нэмэгдэх зэргээр илэрнэ. Мөн авлига нэмэгдэж, нийгмийн ёс суртахуун, шударга байдлыг дээдлэхэд сөргөөр нөлөөлж, хуулийн засаглал болон ардчиллын үнэт зүйлсийг хэврэг болгоно.

-Гэмт хэрэгтнүүд угаасан мөнгөө ер нь хаана нуун дарагдуулж болох вэ?

-Мөнгө угаагч хууль бус орлогоо нуухын тулд мөнгө угаасан орны банкнаас кредит карт авч түүнийгээ албан болон хувийн зорилгод ашигладаг. Мөн даатгалын компани ашиглах, хууль бус орлого олсон орон болон гадагш гаргах орны хооронд худалдааны хэлцэл хийж, барааны захиалга өгөх, бараа үйлчилгээний үнийг хэт өсгөж угаасан мөнгөө хавчуулах, эсхүл бүр эхнээсээ хуурамч үнийн нэхэмжлэл явуулж мөнгөө угаадаг.Мөнгийг банкаар дамжуулан угааснаар орлого нь хууль ёсных хэмээн тооцогдож мөнгө эргэлтэд орох боломжийг бүрдүүлдэг. Гадаад улсын дансанд хууль бусаар орлогоо хадгалж буй мөнгө угаагч нь хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол юуны түрүүнд хууль ёсны орлогоосоо урьдчилгаа хийгээд үлдсэн мөнгөө төлөхдөө хууль бус орлогоо хадгалж буй гадаадын банкнаас зээл авдаг. Авсан зээлээ хууль бус орлогоосоо төлдөг. Ингээд хөрөнгө оруулалтаас буцаж ирсэн мөнгө нь угаагдсан мөнгө байдаг. Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшилийг ашиглан мөнгө угаах нь эрс өссөн бөгөөд маш хурдтай олон удаагийн давтамжтай, хил хязгааргүйгээр их хэмжээний мөнгийг угааж байна.

-Олон улсын хэмжээнд ямар арга, хэрэгслүүд ашиглан мөнгийг угааж байна вэ?

-Оффшор бүсээр дамжуулан, цахимаар, худалдаагаар дамжуулан, санхүүгийн бүтээгдэхүүн маягаар, халхавч компаниар дамжуулах, цахим сүлжээн дэхь луйвар, картын луйвар, банкаар дамжуулан, мөнгөн гуйвуулгын албан бус сувгаар, терроризмыг санхүүжүүлэх, алтны болон эрдэс баялгийн худалдаа, хар тамхины хууль бус наймаа хийх гэх мэт мөнгө угаах олон арга байна. Олон улсын хэмжээнд нийтлэг аргын нэг болох оффшор бүсүүдэд мөнгө угаахдаа гол төлөв оффшор төвүүд, татваргүй бүсүүдэд очиж ажил үйлчилгээ эрхлэх нь хялбар. Яагаад гэвэл гадны хүмүүс бизнес эрхлэхэд ямар нэгэн хориг хязгаар байхгүй, оффшорын банкууд хэнээс ч хамаагүй мөнгийг авч хадгалдаг. Сүүлийн жилүүдэд татвараас зугтаах хуулиас гадуур бизнес эрхлэх хүсэлтэй гадныханы хувьд байгалийн баялаг нь хомсдоод гадаад валютын нөөц нь багассан, эдийн засгийн хөгжлийн төлөв нь бүдгэрсэн улс орнууд мөнгө угаах таатай орчин бүхий газар болж хувирсан. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд маш доогуур буюу огт татвар ногдуулахгүй учраас компаниуд жирийн иргэд хүртэл татварын ачааллаа хөнгөлөхөөр тийшээ зүглэдэг болсон. Татвараас зугтаахын тулд өөр оронд байрлахыг гэмт хэрэг гэж үздэггүй учир учраас тэд ийнхүү хөрөнгөө байршуулдаг бөгөөд зөвхөн гадныханд ийм хөнгөлөлт үзүүлдэг. Хамгийн гол нь бусад орны хуулиар олгогдоогүй эрхийг тэдэнд санал болгодог ба банкны нууцлалын тухай хууль нь хөрөнгөө нууцлахад тус болдог.

-Техник технологийн дэвшил нь мөнгө угаах гэмт хэрэгт нөлөөлж байна гэж үзэж болох уу?

-Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, ухаалаг картын нэвтрэлт, электрон банкны үйлчилгээ, бизнес гарч ирснээр сүлжээгээр мөнгө угаах явдал их гарч байна. Орчин үеийн санхүүгийн систем сая сая долларыг хувийн компьютер, сансрын хиймэл дагуулыг ашиглан нүд ирмэх зуур шилжүүлж байна. Санхүүгийн системд сүлжээний бизнес өргөжсөнөөр бэлэн мөнгө буюу и-мөнгийг ухаалаг картаар болон интернэтээр шилжүүлдэг болсон. И мөнгө нь нүдэнд харагдахгүй ч яг л цаасан мөнгөний үүрэг гүйцэтгэж чадах ба эрсдэл багатай, шилжүүлэх, авч явах, захиран зарцуулах, хамгаалахад төвөггүй, харин ч цаасан мөнгөнөөс илүү хялбар учраас мөнгө угаагчдын анхаарлыг татдаг. И мөнгийг шилжүүлэхэд цаг хугацаа орохгүй нүд ирмэх зуур улс орнуудын хил хязгаарыг даван туулж, чөлөөтэй хязгааргүй орчинд шилжих боломжтой.Мөнгө гуйвуулгын хувьд хууль ёсны болон хууль бус шилжүүлгийн систем үйлчилдэг бөгөөд үүнийг зэрэгцээ /паралел/ банк гэдэг. Мөнгө шилжүүлгийн хууль ёсны систем нь хувийн хэрэглэгчид, электрон банкны болон компанийн харилцагчдын хүрээнд олон улсын хэмжээнд бол томоохон төлбөрийг хийдэг swift эсхүл target-аар дамждаг. Харин хууль бус шилжүүлэг нь “Хавала” маягийн системээр дамждаг. Энэ систем нь банкны албан ёсны данс ашиглалгүйгээр албан бус, итгэлцлийн холбоон дээр оршин тогтнодог.

-Гадаадын улс орнуудад казинод мөнгө угаадаг гэсэн мэдээлэл байдаг. Энэ хэр үнэн бодитой вэ?

-Казино нь мөрийтэй тоглоомоос гадна санхүүгийн олон төрлийн үйлчилгээ буюу хадгаламж, зээлийн данс нээх, хөрөнгө мөнгийг шилжүүлэх, чекийг бэлэн мөнгө болгох, валют солих зэрэг үйлчилгээг санал болгодгоороо хадгаламжийн болон санхүүгийн бусад байгууллагаас ялгарахгүй. Энд бэлэн мөнгө их хэмжээгээр эргэлддэг учраас мөнгө угаах болон санхүүгийн бусад гэмт хэрэг үйлдэгдэх бас нэг газар болдог. Гэмт хэрэгтнүүд казинод хуурамч мөнгө, бүхэл дэвсгэртүүдийг угаадаг.Учир нь тэдгээрийг бусад газарт хууль ёсны мөнгө болгох нь маш эрсдэлтэй байдаг.

-Ямар улс орнууд мөнгө угаахад хамгийн өртөмтгий байгаа вэ?

-Банкны эрх зүйн зохицуулалтын дүрэм, журамгүй банкыг үр ашигтай удирдах менежмэнтийн зарчмыг баримталдаггүй, мэргэжилтэй боловсон хүчин хомс газрууд юуны өмнө өртөх магадлалтай. Мөнгө угаах гэдэг бол дэлхийн хэмжээний асуудал болоод байгаагийн дээр улс орнууд хүчээ нэгтгэн хамтран тэмцэж байж л амжилтад хүрэх нөхцөл бүрдээд байна.

-Манай улс саарал жагсаалтад орсны нэг шалтгаан мөнгө угаах гэмт хэрэг гэж байгаа. Монгол Улсын хувьд мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Олон улсын хэмжээнд НҮБ-ын мөнгө угаахтай тэмцэх хөтөлбөр, санхүүгийн хяналтын байгууллагын (FATF) зөвлөмжүүдийг дагаж мөрдөх зэргээр мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлж тэмцэж байна. Санхүүгийн гэмт хэрэг даяаршилтай холбогдон ихээхэн өсөн нэмэгдэж байгаа учраас үндэстэн дамнасан гэмт хэргүүд, терроризмтой тэмцэх үүрэг бүхий олон улсын хэмжээний санхүүгийн хяналтын алба буюу санхүүгийн тагнуулын үүрэг роль ихээхэн нэмэгдэж байна. Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлхийн эсрэг зарчимуудыг мөрдөн ажиллахын зэрэгцээ комиссоос батлан гаргасан 40 зөвлөмжийн хүрээнд дэлхийн улс орнууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байна. Мөнгө угаах явдлыг хязгаарлах, түүнтэй тэмцэх ажил нь, эрх зүйн, зохион байгуулалтын, арга ажиллагааны гэсэн гурван хүрээнд явагдвал зохилтой.

Эрх зүйн хүрээнд зохицуулалтын арга хэмжээг үндэсний болон олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үндэсний хууль тогтоомжийн хувьд олон стандарт, тухайлбал мөнгө угаахтай тэмцэх тусгай комиссын гаргасан зөвлөмжүүд, электрон банкны эрсдэлийн менежмэнтийн зарчмууд зэрэг баримт бичигт мөнгө угаах болон сэжигтэй үйлдлийг илрүүлэх бодит арга хэмжээг зааж өгсөн байдаг. Манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа олон улсын туршлагаас суралцах, хөгжингүй орнуудаас техникийн туслалцаа авах, НҮБ, олон улсын санхүүгийн хяналтын комисс, ФАТФ, бүс нутгийн байгууллага, дэлхийн гаалийн байгууллагаас туслалцаа авах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулахад онцгой анхаарах хэрэгтэй.

Мөнгө угаахтай тэмцэх ажлыг үндэсний хэмжээний үйл ажиллагаа болгосноор үр дүнд хүрнэ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Оюунтуяа: Давтан үзүүлээгүйн улмаас хүндрэлийн шинжүүд илэрч болно

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Б.Оюунтуяатай ярилцлаа.


-Томуугийн идэвхжил эхэлж байна. Томуу, томуу төст өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Томуу, томуу төст өвчний эмнэлзүйн үндсэн хэлбэр нь гурван янз байдаг. Амьсгалын дээд замын халууралтгүй хөнгөн хэлбэр, халууралттай томуу, томуу төст өвчин, хүнд ба хүндрэлтэй томуу гэсэн гурван үндсэн хэв шинжээр илэрч байдаг. Амьсгалын дээд замын халууралтгүй хөнгөн хэлбэр нь халуурах, нус гоожих, ханиалгах, хоолой сөөх зэрэг амьсгалын дээд замын шинжүүд илэрнэ. Халууралттай томуу, томуу төст өвчний үед хүүхэд өндөр халуурна. Хүнд ба хүндрэлтэй томуу нь түргэн даамжрах явцдаа уушгины үрэвсэл амьсгалын цочмог дутагдлын хам шинж, хүчил олон эрхтний дутмагшил зэрэг шинж тэмдгүүдээр хүндэрч, илэрч байдаг. Бусад хүндрэл нь нянгийн хоёрдогч халдвар бөөрний дутмагшил, амьсгалын замын архаг өвчин сэдрэх зэрэг шинж тэмдгүүдтэй. Өвчин хүндэрч байгааг илтгэх шинжүүд нь хүчилтөрөгч хангамж муудаад зүрх, уушгины дутмагшлын шинжүүд, төв мэдрэлийн тогтолцооны шинжүүд буюу хүүхэд ухаан алдах, толгой эргэх, татах зэрэг шинж тэмдгүүд илэрч байдаг. Хоёрдогч нянгийн халдвар усгүйжих, хүнд усгүйжих буюу шээсний гарц багасах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Аль үед нь гэрээр эмчилж болох, аль үед нь эмчид хандах ёстой вэ?

-Халууралтгүй хөнгөн хэлбэрийн үед түүнийг гэрээр эмчилж болно. Эхлээд өрхийн эмчдээ үзүүлээд эмчийн заавраар бичиж өгсөн эм эмчилгээг хийж болно. Харин хүнд болон хүндрэлтэй томууны үед хоёрдогч нянгийн халдвар илрэх үед эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх нь зүйтэй.

-Гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

-Шингэн зүйл маш сайн уулгах хэрэгтэй. Томуугийн халдвар тусахаас сэргийлэх ганц найдвартай арга бол вакцин. Ялангуяа 2-5 нас хүртэлх хүүхдүүд, 65-аас дээш настай хүмүүс, жирэмсэн эхчүүд томуугаар хүндрэх эрсдэл өндөр. Тэгэхээр томуугийн вакциныг хийлгэвэл сайн. Амны хаалтыг заавал зүүж байх шаардлагатай. Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар явахдаа байнга масктай байх. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой идэвхжил нэмэгдэх магадлалтай. Тиймээс олон нийтийн газраар хүүхдээ явуулахгүй байх, ханиаж найтаахдаа амны цаас, алчуур заавал хэрэглэх, гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Мөн спиртэн суурьтай ариутгагчийг хэрэглэж байж болно. Улиралдаа тохируулан дулаахан хувцаслах нь зүйтэй. А, С амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх, сайн унтаж амрах, гэр ажлын өрөө тасалгаандаа зориулалтын агаар шүүгч хэрэглэж хэвших, чийгтэй цэвэрлэгээг ойр ойрхон хийж байх нь зүйтэй.

-Эцэг, эхчүүд хүүхдээ эмчид үзүүлээд эмч эмчилгээ бичиж өгөөд тэд хоногийн дараа давтан үзүүлээрэй гэдэг. Зарим эцэг, эхчүүд давтан үзлэгт хүүхдээ үзүүлдэггүй. Үүнээс болоод үүсэх эрсдэл нь юу вэ?

-Ерөнхийдөө эмч нар эмчилгээ бичиж өгөөд 3-5 хоногийн дараа давтан үзүүлээрэй гэдэг. Давтан үзлэгт сайн хамрагддаг. Гэхдээ зарим нэгэн эцэг эх ажил төрлийн байдлаас шалтгаалаад үзүүлж чаддаггүй. Томуу, томуу төст өвчний үед 3-5 хоногийн дараа давтан үзүүлэх ёстой байдаг. Давтан үзүүлээгүйн улмаас дээр хэлсэн хүндрэлийн шинжүүд илэрч байж болно. Хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой. Өвчин эхэлснээс хойш долоо хоног цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй тусгаарлах ёстой. Амьсгалын замын өвчлөл гэдэг утгаараа нэг хүүхэд цэцэрлэгт өвчтэй очиход бусад бүх хүүхэд өвчлөх гээд байдаг. Тийм болохоор заавал тусгаарлаж эмчилнэ.

-Сүүлийн долоо хоногт Сүхбаатар дүүргийн хэмжээнд хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэж байна уу?

-Сүүлийн долоо хоногт томуу, томуу төст өвчний идэвхжил 4.2 хувьтай байна. Хүүхдийн кабинетээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 45 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлж байна. Хүүхдийн нэг эмчид ноогдох ачаалал 26-30 хүүхэд. Энэ бол ердийн хэмжээ гэж үзэж болно.