Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагчаар томилогдон ирсэн Тапан Мишраныг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд азийн орнуудад НҮБ-ыг төлөөлөн ажилласан арвин туршлагатай хүн томилогдсонд олзуурхаж буйгаа илэрхийлж, амжилт хүсээд, бидний харилцаа, үйл ажиллагаанд ажлын туршлага арга барил тань чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэв.

НҮБ нь сүүлийн жилүүдэд бодлогын шинэчлэлийг шат дараатай явуулж буй. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэгт уялдсан бодлогыг хэрхэн хэрэгжүүүлэх вэ гэдэгт анхаарч байна гэдгээ НҮБ-ын суурин зохицуулагч тэмдэглэв. Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа тулгуурлан зорилтот түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж ажиллаж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад маш сайн байгаа учир урт хугацааны төлөвлөлтдөө тусган ажиллахад бүх талаар дэмжинэ гэв. Хоёрдугаарт тулгамдсан асуудлаа оновчтой тодорхойлж, сайн дурын тайланг НҮБ-ын индрээс дэлхийн улс орнуудад сонордуулсан нь чухал. Цаашид Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, боловсруулах үйлдвэрийг олноор барьж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тодорхой зорилтод дэмжлэг үзүүлж ажиллах сонирхолтой байна гэв.

НҮБ-аас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилт нь оновчтой бодлого. Монгол Улс газарзүй, хүн амзүй, улстөрийн бодлогын хувьд онцлогтой улс. Эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал. Иймд уул уурхайгаас гадна уламжлалт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, нэмүү өртөг шингээн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах сонирхол, зорилго байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраас явуулж буй бодлогоо товч танилцуулав

Categories
мэдээ нийгэм

Залуу инженерүүд Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулна

Залуу инженерүүд Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд болж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, дижитал шилжилтийн үетэй хөл нийлэн алхах боломж, бололцоог эрэлхийлж, залуу инженерүүдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор НАМЗХ зохион байгуулж байна.

Чуулганд оролцож байгаа 1000 гаруй залуус Мэдээлэл технологи, харилцаа холбоо, Уул уурхай, Барилга, Эрчим хүч, Зам тээврийн салбарын өнөө ба ирээдүйн талаар үндсэн илтгэл сонсож, хэлэлцэх юм. Тухайлбал стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад залуу инженерүүдийн оролцоо, салбар бүрийн дижитал шилжилт, Аж үйлдвэрийн IV хувьсгалд залуусын оруулах хувь нэмэр зэргийг хэлэлцэнэ.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон залуу инженерүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсэв. Нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан, хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзэлж байгаа нь манай улсын жинхэнэ баялаг, тэр дундаа инженерүүд гэдгийг тэрээр тодотгов.

Монгол Улсын Засгийн газар гарааны бизнес, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, дундын ашиглалтын дэд бүтэц бий болгох, өндөр технологи нэвтрүүлэх, нутагшуулах, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд чиглэсэн тусгай сангууд байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих, урамшуулах, хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэсэн инновацийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019”-өөс “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах, залуу инженерүүдийн бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах төрөл бүрийн ажил хэрэгжүүлэх, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хязгааргүй мөрөөдөл” төслийн хүрээнд Монголын хүүхдийн ордонтой хамтран ажиллана

ХХБанк хүүхэд багачуудын хүсэл сонирхолд тулгуурлан тэдний авьяас, оюун билгийг нээх, хөгжүүлэх, үндэсний урлаг соёлын өвийг өвлүүлэх зорилгоор Монголын хүүхдийн ордонтой урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.

ХХБанк Монголын хүүхдийн ордны 100 гаруй багш ажилтан, 4500 гаруй сурагч хүүхдүүдийн боловсрол мэдлэгт хувь нэмэр оруулах зорилготой уншлагын танхимыг тохижуулан албан ёсоор хүлээлгэн өглөө. Мөн хүүхдийн ордонд суралцаж буй багачууддаа ХХБанкны нэрэмжит санхүүгийн анги тохижуулан өгөх, авьяаслаг сурагчдадаа сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох гэх мэт санхүүгийн боловсролын чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах болсон билээ.

Энэ нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй, зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Хязгааргүй мөрөөдөл” төслийн хүрээнд явагдаж байна.

Мөрөөдөл бүхний эхлэлийг хамтдаа бүтээе
Худалдаа хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ улс-төр

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудал шийдэгдсэн үү. Хоёр өрөө байртай, зурагттай, машинтай айлын хүүхэд авч чадаж байна уу?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт гаргана гэсэн шийдвэр гаргасан учраас холбогдох яамд тооцооллоо гаргасан. Ирэх жилийн төсөвт мөнгө нь суусан. Хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө олгоно.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Түүх, дурсгалын зүйлсийг хамгаалахаар музейд энэ жилийн төсөвт их мөнгө төсөвлөсөн. Гэхдээ барилгыг нураах нь буруу. Өмнөх загвараар нь барилгыг хүчитгэх хэрэгтэй. ҮХЦ хориг тавилаа. Энэ нь төсөвт нөлөөлнө. Энэ нөлөөллөөр ЕТГ-ын даргын байр суурь, Сангийн сайдын байр суурь өөр өөрөөр яваад байна. ЖДҮС-г Тариаланг дэмжих, Мал хамгааллын сантай нэгтгэжээ. Яагаад тус тусад нь байлгахгүй, нэгтгэсэн бэ? Энэ бол буруу. Хөрөнгө оруулалт тэгш бус, бодлогогүй орж ирсэн. Үүн дээр ямар нэг өөрчлөлт орох юм уу?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт:

-Бид “саарал жагсаалт”, гадаад худалдааны тэнцэл, өвөлжилт зэргийг тооцож үзээд төслөө боловсруулсан. АМНАТ-ийн тухайд 2020 онд 1.3 их наяд төгрөгийн төлбөр төвлөрүүлэхээр тооцсон. Сангуудад шалгалт оруулаад нэлээд зөрчлийг ил гаргаж тавьсан. Энэ гурван сан бүгдээрээ зээл олгосон.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Түүх, соёлын дурсгалтай газруудыг энэ Засгийн газар үнэлж байгаа нь үнэн. Өнгөрсөн 27 жилд бид соёл урлагаа орхигдуулжээ. Контент үйлдвэрлэгчдээ дэмжихээр шийдсэн. Ажлын хэсэг байгуулагдаад сэргээгдэх болон сэргээгдэхгүй барилгуудын судалгаа гаргасан. Өөр шийдэл байхгүй учраас шийдэж байна.

Их эзэн Чингис хаантай холбоотой музей барих, төрсөн газарт нь цогцолбор барих асуудал маргаан дагуулж байгаа. 108 га-д бүтээн байгуулалт хийнэ. Түүхэн дурсгал газруудыг хамгаалахаар үе үеийн Засгийн газар ярьж байсан. Хийгээд оруулаад ирэхээр шүүмжлээд байх юм.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч, 2020 оны улсын төсвийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх дүгнэлтийг чуулганы хуралдаанд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын ажиллагаа боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд амжилттай хэрэгжүүлж, хаалтын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Хошууч генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Төслийг хэрэгжүүлэхэд байгууллага, хоорондын уялдаа, холбоог сайжруулах, төслийн үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах үүднээс Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудаас бүрдсэн Хамтарсан зохицуулах хороо, төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах 3 үндсэн хэсгийн 10 дэд ажлын хэсгийг байгуулж, Японы талаас 18 мэргэжилтэн, Монголын талаас 6 байгууллагын 47 ажилтан, албан хаагч хамтран ажилласан байна. Мөн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, газар орон дээр танилцах, туршлага судлах, мэдлэг, ойлголт өгөх зорилгоор Япон Улсад 4 удаагийн сургалт зохион байгуулж, 44 хүн, 10 дэд ажлын хэсгээс Онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах алба, төрийн захиргааны байгууллага, боловсролын байгууллагын ажилтан албан хаагчдад нийт 35 удаагийн сургалт зохион байгуулж, 1065 хүнийг хамрууллаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад ажлын хэсгийн гишүүд та бүхний мэдлэг, чадвар, туршлага нэмэгдэхийн зэрэгцээ төслийн үр дүнг цаашид өөрийн салбартаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх итгэл, сэтгэл дүүрэн байгаа гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.

Харин Хидэаки Мацүмото “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүллээ. Энэ хугацаанд Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үндэс суурийг тавьж, цаашдын хөгжилд нь ихээхэн хувь нэмэр оруулсан болов уу гэж бодож байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн болон төрийн захиргаанаас гамшгаас хамгаалах төлөвлөгөө, газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээний аргачлал, гамшгийн мэдээллийн систем, гамшгаас хамгаалах боловсрол сургалт, Нийслэлийн иргэдийн гамшгийн сургалт, аргазүйн төвийн сургалтын материал зэрэг Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг цаашид хөгжүүлэх арга хэрэгслүүдийг уг төслөөр боловсруулсан зэргийг онцлон дурдмаар байна” гэлээ.

Төслийн хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн үед байгууллага хоорондын хамтын ажиллагаа, үүрэг, оролцоог хангах, мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр 8 заавар, дүрэм журам боловсруулж, 11 байгууллагатай санамж бичгийг байгуулсан байна. Мөн Монгол Улс анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг Монгол-Англи хэл дээр гаргаж олны хүртээл болгосон.


Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулж, гамшгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн.

Барилга болон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний газар хөдлөлт тэсвэрлэлийн үнэлэх, барилгыг хүчитгэх аргачлал, дүрмийг боловсруулж батлуулж, өрөгт болон цутгамал төмөр бетон, угсармал барилгыг хүчитгэлийн зураг төслийг боловсруулсан юм.

Мөн хүүхэд багачуудад гамшгаас хамгаалах боловсрол олгох зорилгоор “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулан сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтын хөтөлбөрт оруулж, 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж эхлээд байна.

Түүнчлэн Олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын дээшлүүлэх “Бэлэн бай” сургалтын багц, “Хэн, хэзээ ч, хаана, бэлэн” буухай тэмцээний гарын авлагыг боловсрууллаа. Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны багийг байгуулж, гамшгаас хамгаалах сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан юм.

Төслийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих 5 нэр төрлийн 5 багц багаж, тоног төхөөрөмж, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд түүхий нүүрс түлсэн иргэнийг 300 мянга хүртэлх төгрөгөөр торгоно

Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ. Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаар дуулгалаа.

Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох аж.

Categories
мэдээ нийгэм

Хар шороо олборлохыг хориглосон талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглосон шийдвэрийг иргэд олон нийт, мэргэжлийн байгууллагуудад сурталчлан таниулах уулзалтыг 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгууллаа.

Улаанбаатар хотын гудамж талбай, цэцэрлэгийн хөрс ерөнхийдөө үржил шимгүй, хөрсний бохирдолд их хэмжээгээр өртсөн байгаа учраас жил бүрийн ногоон байгууламжийн зориулалтаар шинээр мод, сөөг, зүлэг тарихдаа үндсэн хөрсийг заавал үржил шимтэй хар шороон хөрсөөр солих, нэмж хөрсөөр хучих, тарилтын өмнө ба дараа нь нэмэгдэл шим бордоо хийх гэсэн уламжлалт тариалалтын аргыг хэрэгжүүлж ирсэн бол цаашид их хэмжээний хар шороон хөрсийг дэвсэх технологийг өөрчилж, хог хаягдал, органик зүйлээс гарган авсан хиймэл хөрс, бордоог ашиглах шаардлага үүсч байна.

Хар шороог ногоон байгууламжид ашиглагч байгууллагуудын зүгээс хар шороог хориглосноор түүнийг орлох бүтээгдэхүүний нөөц нь Улаанбаатар хотын ногоон байгууламжид цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтэд хүрэлцэх эсэх талаар тодруулж байсан бол, хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас бордоо гаргагч аж ахуйн нэгжүүдийн зүгээс тухайн бүтээгдэхүүнийг ашиглагчид маш цөөн, бүтээгдэхүүнийг худалдан авагч байхгүй учраас нийт ажиллах хүчин чадлынхаа 10 хувь хувиар л ажиллаж байгаа талаар дурьдаж цаашид экологид ээлтэй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний хүрээнд үндэсний бордоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, зах зээлийн орчинг уян хатан болгоход анхаарч ажиллах шаардлагатай талаар санал хэллээ.

Төрийн байгууллагаас худалдан авах ажиллагаа, сонгон шалгаруулалтад оролцоход хүндрэлтэй, импортын хямд үнэтэй бордоонд дарагдаж, зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг бөгөөд уулзалтад оролцогч аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн байгууллагууд олон жилийн судалгаа шинжилгээнд тулгуурлан органик гаралтай бордоо үйлдвэрлэн ажиллаж байгааг дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг дэмжиж, бодлогын хувьд тодорхой шийдвэр гаргавал бордоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд жил бүр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэрэгцээнд нийцэхүйц 10000 м.куб орчим бордоо, хөрсийг үйлдвэрлэж гаргах боломжтой юм.

Арга хэмжээнд бордоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл төв цэвэрлэхийн лагаас бордоо гаргаж авах, туршилт судалгааны үр дүн хийсэн ажлын талаар “Эко тайхи” ХХК мэдээлэл хийж 2019 оны есдүгээр сард ДЦС-IV ТӨХК-ийн үнсэн далангийн доор 200 м.кв талбайг лагийн бордоогоор хучиж, зүлэгжүүлэх ажлыг туршилтын хугацаанд амжилттай хэрэгжүүлж, гарсан үр дүнг танилцууллаа.

Тус уулзалтад Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Монгол экологийн бордоо” ХХК, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар туршилт, судалгаа хийж буй “Эко тайхи” ХХК, “МБОИЗ” ТББ, “Хот тохижилтын газар” ОНӨТҮГ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, дүүргийн байгаль орчны мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцон үүсч болох хүндрэл эрсдэлийн талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Ахтайгаа хамт зам гарч явсан таван настай хүүхэд машинд мөргүүлжээ

Өчигдөр бага насны хүүхэд гарцгүй газраар зам хөндлөн гарах үедээ машинд мөргүүлж гэмтжээ.

Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 4-ний 18:00 цагийн орчимд БЗД-ийн 97 дугаар сургуулийн зүүн замд Тoyota Land-Cruiser маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 5 настай А-г гарцгүй газраар ахын хамт зам хөндлөн гарах үед мөргөж гэмтээжээ.

Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа өндөрсгөх, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг анхаарууллаа.
Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгүүдийг байгуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулав.

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдоор, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатараар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн эрх олгов

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын Ерөнхий байцаагч Ч.Хүрэлбаатарын тушаалаар ХШҮДАГ-ын захирал Б.Баярсайханд Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын ахлах байцаагч, мөн газрын дэд захирал Л.Эрдэнэдаваа, мэргэжилтэн Д.Лхагвасүрэн нарт Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагчийн эрх олгосон үнэмлэх, тэмдэг гардуулан өгөв.

Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагч нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан төрийн санхүүгийн хяналт, шалгалтын талаарх бүрэн эрхийг эдэлж, салбарын санхүүгийн зөрчлийн асуудлаар хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтанд тооцогддог байна.

Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнуудад Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагчийн эрхийг анх удаа олгож буй ажээ.