Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм.

Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд халуун усны болон ахуйн үйлчилгээний цэг, ажиллах хүчний тоо нэмэгдэнэ. Тухайлбал 2018 онд 9019 байсан халуун усны төв, ахуйн үйлчилгээний цэг, салбарын тоо 2024 он гэхэд 10 мянгад хүрэх юм байна. Энэ салбарт ажиллаж байгаа 22 мянган хүний тоо 2024 онд 32 мянга болж өсөх юм. Хөтөлбөрийн хүрээнд явуулын ахуйн үйлчилгээнд сум, дүүргийн иргэдийг хамруулж, энэ салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.

2018 оны байдлаар ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9000 гаруй аж ахуйн нэгж, иргэн бүртгэгдсэн байна. Эдгээрийн 8.2 хувь нь нийтийн халуун ус, 25.2 хувь нь үсчин, гоо сайхан, 20.2 хувь нь хувцас захиалга, засвар, 7.1 хувь нь гэрэл зураг, 1.5 хувь нь хими цэвэрлэгээ, 3.0 хувь нь электрон, цахилгаан хэрэгсэл засвар, 9.2 хувь нь гутал захиалга, засвар, 11.6 хувь нь гэр ахуйн модон эдлэл, захиалга, засвар, 2.2 хувь нь алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, 11.9 хувь нь бусад чиглэлээр ажилладаг гэсэн судалгаа гарчээ.

Товч мэдээ

-Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2017-2018 онд олгоогүй болон 2019 онд дутагдаж байгаа хөрөнгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зардлаас санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбатад даалгав.

-Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 оны 01 дүгээр сарын 09-16-ны өдөр орон даяар зэрэг явуулахаар болов. Тооллогын бэлтгэлээ бүрэн хангахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо. Тооллогыг 10 жил тутам явуулдаг юм.

– Дорнод аймгийн Халх гол сумын шинэ төвийн төсвийн байгууллагуудын тохижилт, сумын Ахмадын хорооны ажлыг дэмжихэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. “Шинэ сум” төслийн хүрээнд тус суманд Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн суудалтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэргийг барьж ашиглалтад оруулаад байна.

-Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүний амь нас үрэгдэж, эд материалын их хэмжээний хохирол учраад байна. Үүнтэй холбогдуулан 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Тус улсад Монгол Улсын 7000 гаруй иргэн сурч, амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг юм. Монгол иргэд 4000 гаруй австрали долларын хандив цуглуулж Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөөр болжээ.

-БНАСАУ-ын Пёньян хотноо Монголын үлэг гүрвэлийн олдвороор тусгай үзэсгэлэн гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Үзэсгэлэнд 16 багц олдворыг толилуулах бөгөөд үүний нэг багц нь /Завролоф үлэг гүрвэлийн хэлхээ яс/ нь түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон байна. Мөн “Ноцолдож байгаа хоёр үлэг гүрвэл”, “Эвэрт үлэг гүрвэлийн үүрэндээ байгаа 15 зулзага” олдворын хуулбар болон бусад эх олдворыг дэлгэн үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Берлин хотноо Чойжин ламын сүм музейн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд монголын түүх, өв уламжлал, шашин соёлыг хөгжлийг сурталчлан таниулах, хоёр орны соёлын харилцаа хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Чойжин ламын сүм музейн түүхэн гэрэл зургийг харуулсан “Мандала – нууц тарнийн сүм” үзэсгэлэнг Берлин хот дахь Германы Үндэсний номын санд нээж, “Богд хаант Монгол Улсын үеийн шашин, соёлын хөгжлийн асуудалд” сэдэвт монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чойжин ламын сүм музей, Берлиний Үндэсний номын сан хамтран зохион байгуулжээ.

Монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Элчин сайд Д.Ганбат, Үндэсний номын сангийн Зүүн Азийн газрын захирал М.Каун нар мэндчилгээ дэвшүүлсний дараа Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд болон Чойжин ламын сүм музейн удирдлага, Үндэсний номын сангийн Зүүн Азийн газраас илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тус бага хуралд нэрт монгол судлаач проф.др. Удо Баркманн болон монгол судлалын чиглэлээр суралцаж буй герман оюутнууд, залуу эрдэмтэд судлаачид мөн Монголын сонирхдог герман иргэд Берлин, Бонн, Лайпциг, Тюбинген зэрэг хотоос ирж оролцов.

Үзэсгэлэнг энэ оныг дуустал олон нийтэд нээлттэй толилуулна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Засгийн газраас Австрали улсад 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Австрали улсад түймэр гарсантай холбогдуулан 45 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.

Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүний амь нас үрэгдэж, эд материалын их хэмжээний хохирол учраад байна.

Тус улсад Монгол Улсын 7,000 гаруй иргэн сурч, амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг байна. Монгол иргэд 4,000 гаруй австрали долларын хандив цуглуулж Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөөр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Алслагдсан дүүрэг, хороодод “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг эхлүүлээд байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранчимэг, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар мэдээлэл хийлээ.

“Би нар” төслийн хүрээнд Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн зургаан төрлийн /морин хуур, драм, дуулаач, бүжиг, уран зураг, хайчилбар/ дугуйлан, секцэд эрсдэлт бүлгийн алслагдсан дүүрэг, хороодын нийт 2400 хүүхдийг хамруулахаар судалгаа авч ажилласан гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул мэдээлэв.

Төслийн үйл ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2020 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд зургаан дүүргийн 18 бүсийн хорооны иргэний танхимуудад сургалт хичээллэх аж.

Categories
мэдээ нийгэм

“Гоёл” наадам 32 дахь удаагаа зохион байгуулагдана

Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийг алдаршуулах зорилго бүхий “Гоёл” наадам 32 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Тус наадмыг угтаж зохион байгуулдаг загварын долоо хоног “Блью Скай” зочид буудалд эхлэсэн бөгөөд шилдгийн шилдгүүд энэ сарын 30-нд тодрох юм.

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг уг наадмаар оны “Топ” модель, шилдэг загвар зохион бүтээгч, үсчин, нүүр будагчдыг шалгаруулдаг уламжлалтай.

“Гоёл-2019” наадмын Топ моделиор Н.Сарнай шалгарч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Маргааш 11:00-11:10 цагийн хооронд хотын гол уулзваруудыг хаана

ТЦА-аас улаан өнгийн постер нийтийн түгээж эхэлсэн. Тоологдож эхэлсэн өдрүүдийг олон нийт янз бүрээр тайлбарлаж байсан юм. Тэгвэл өнөөдөр Тээврийн цагдаагийн албанаас энэ өдрийн тухай мэдээлэл өглөө. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн осолгүй “Хичээх өдөр” болгон зарласан бөгөөд энэ жилийн “Хичээх өдөр” маргааш тохиож байна. Энэ өдөр зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх, осол хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Манай улсад жилд дунджаар 600 орчим хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна. Энэ нь хоногт зам тээврийн ослоор 15-20 хүн гэмтдэг бол нэг хоногт 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг гэсэн үг юм. Маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-ний 11:00-11:10 цагийн хооронд Улаанбаатар хотын гол уулзваруудыг хаах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг руу шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаж байна

Сэлэнгэ аймаг руу бага оврын агаарын хөлгөөр шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Энэхүү ажлын хүрээнд ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, Нисэх буудлуудын удирдах газрын Дотоод хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн И.Амарсанаа нар Сэлэнгэ аймагт ажиллаж, Засаг дарга Ш.Оргил болон ЗДТГ-ын албаны хүмүүст Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Уулзалтаар ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас, хашаа хамгаалалт барьж байгуулах, нисэхийн мэдээллийн ажилтан бэлтгэхээс гадна бусад шаардлагатай хөрөнгийг тухайн аймаг, орон нутгийн төсөвт суулгахаар харилцан тохиролцлоо. Мөн хөөрч, буух зурвас дагуу хашаа хамгаалалт барих ажилд газар дээр нь очиж мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-тай хамтран ажиллажээ.

Сэлэнгэ аймагт бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгуулагдсанаар эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах нислэгийн үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүл, зорчигч, ачаа, шуудан тээврийн нислэгийг эхлүүлэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг мах боловсруулах иж бүрэн үйлдвэртэй боллоо

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Оюу толгой” компани, “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” хамтран санхүүжүүлсэн Мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо.

Энэхүү үйлдвэр нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон төсөл төдийгүй үйлдвэр ашиглалтад орсноор шинээр арван ажлын байр бий болж байгаа юм.

Өдөрт 100 бог, 20 бод мал нядлах хүчин чадалтай, 200 тонн багтаамжтай бүрэн тоноглогдсон гүн хөлдөөх агуулахтай, микробиологи болон химийн лаборатори бүхий иж бүрэн мах боловсруулах тус үйлдвэр ашиглалтад орсноор эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд малыг төхөөрч, олон улсын чанарын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болж байна.
Categories
мэдээ нийгэм

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж өснө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран дээрх шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмсэнээр амьжиргааны доод түвшин ч дагаад өсөх аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг цагт 2500 төгрөг буюу сард 420 мянга байхаар шинэчлэн тогтоожээ. Энэ нь одоогийн мөрдөж буй хэмжээг 33.3-75 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоож байх хуультай байдаг.

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багассан

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 12 өрхийн 35 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авсан. Өмнөх амралтын өдрүүдийг бодвол угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багасаж байна.

Гэр хорооллын цахилгааны тарифыг арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны ачаалал обьектын гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тийм учраас иргэд шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелийг хэрэглэж, өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэв.

Мөн хүйтний эрч чангарч галлагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан шахмал түлшний галлагааг зөв хийхийг иргэд, олон нийтэд онцгойлон анхаарууллаа.